Tuesday, 21 June 2011

П.Алтангэрэл: Цөмийн хаягдлыг булшлах асуудал яригдаагүй гэдэгт итгэлтэй байна

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй уран тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа юм.

-Цөмийн энергийн хуулийг яаруу батлагдсан гэдгийг бүгд мэднэ. Үдийн өмнө анхны хэлэлцүүлгийг, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Та тухайн үед үүнийг эсэргүүцэж байсан. Яаруу батлах ямар шалтгаан байсан юм бэ?

-Манай улс энэ салбарт хамтран ажиллах санамж бичгийг олон оронтой үзэглэсэн. Хууль батлагдахаас өмнө Ерөнхий сайд С.Баяр Японд ажлын айлчлал хийхдээ энэ салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёстой байсан юм. Санамж бичгийг үзэглэхэд “Манай талаас хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн цөмийн энергийн салбарт манай улстай хэн ч хамтарч ажиллах боломжтой болсон” гэж хэлэх шаардлагатай болсон.

Үүнээс болж дээрх хуулийг УИХ яаравчлан баталсан.

-Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хуульд ямар өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ. Цөмийн энергийн салбар хуулийн цоорхой болон төрийн бодлогоос болж хөгжихгүй байна гэж шүүмжилдэг?

-Олон улсын практикт Цацрагийн хяналтын хууль, Цөмийн энергийн хууль, Ашигт малтмалын тухай хууль тус тусдаа байдаг. Гэтэл манай Цөмийн энергийн тухай хуульд энэ бүгдийг базаж оруулсан. Цацрагийн хяналт гэдэг нь зөвхөн уран биш шүү дээ. Иргэдийн өдөр бүр үйлчлүүлдэг эхо аппарат, рентген туяа нь цацраг юм. Мөн цацрагийг олон салбарт ахуйн хэрэглээнд ашигладаг. Үүнийг тусад нь хянах ёстой. Мөн хуульд лиценз олгох эрхийг хамааруулан хуульчилсан. Ингэж таарахгүй.

Ашигт малтмалын хуульд байх ёстой заалтуудыг оруулснаар бантан болсон. Тиймээс Ашигт малтмалын хуульд байх ёстой заалтыг тус хуулиас салгах хэрэгтэй гэж үзсэн. Цөмийн энергийн газар ашигт малтмалын лиценз олгодог жишиг дэлхийд байхгүй. Уран шар нунтаг гэдэг бүтээгдэхүүн хүртлээ нүүрс, алттай адил энгийн ашигт малтмал байдаг. Гэтэл үүнийг Цөмийн энергийн газар олгоно, хянах гэж байна. Уг нь цацрагийн хяналт нь Цөмийн энергийн хуулийн үндсэн агуулга юм шүү дээ. Үүнийг л ялгаж салгахын тулд хуулийн төсөл дээр ажиллаж байна. Одоогоор өргөн барих арай болоогүй байна.

-Яагаад өргөн барихгүй байгаа юм бэ?
-Энэ сарын 24-нд Австри улсад ОХУ, Хятад, АНУ зэрэг энэ салбарт жин дардаг улсуудын шинжээчдийн баг Японы АЦС-ын ослын газар дээр нь ажилласан дүгнэлтээ олон улсын хэмжээнд танилцуулах гэж байна. Үүний дараа энэ салбарын дэлхий нийтийн чиг хандлага хаашаа эргэх нь тодорхой болно. Японы АЦС-ын дэлбэрэлтээс болж дэлхийн ураны хэрэглээ буурч, үнэ хэлбэлзсэн асуудал байхгүй. Тэгэхээр том гүрнүүдийн баримтлах бодлоготой улсынхаа бодлогыг уялдуулах нь хамгийн зөв. Тиймээс одоохондоо хүлээзнэж байна.

-Таны боловсруулж байгаа хууль батлагдвал Монголын цөмийн энергийн салбарт шинэчлэл хийж чадах уу?
-Чадна.Гэхдээ Цөмийн энергийн талаар төрийн баримтлах бодлого,Цөмийн энергийн хуулиа эргэн харах шаардлага гарч магадгүй. Өндөр хөгжилтэй орнуудын байр суурь янз бүр болж өөрчлөгдөж байна. Жишээ нь, Герман улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцаас бүрэн татгалзана гэж зарлалаа.

-”Дорнод уран” компанийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Ерөнхийлөгч ОХУ-д хийсэн айлчлалаараа энэ салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярьсан байна лээ. Би ч эрчимжүүлмээр байна. Гэхдээ ажил уяж байгаа өөр шалтгаан байна.

-Ямар?
-”Дорнод уран” компани байгуулсантай холбоотой. Дорнодын ураны орд дээр хууль батлагдмагц лицензийг нь сунгана гэсэн нэрийн дор хурааж авсан. 58 хувь эзэмшдэг “Хан ресурс” компанийг шахаж гаргаад тус бүр 21 хувь эзэмшдэг Орос, Монголын тал “Дорнод уран” компани байгуулсан. Гэтэл нөгөө компани нь Монгол Улсыг Олон улсын арбитрын шүүхэд өгөөд л явж байна. “Хан ресурс” компанийг луйвар хийж байсныг бид илрүүлж чадаагүй. Тиймээс миний бодлоор нэгэнт ураны салбарт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн компанийг ядаж 10 хувь эзэмшүүлэх байсан юм. Майай ураны салбар руу хэн ч орж зориглохгүй байхад анх канадууд орж ирсэн. Оросууд энэ салбарыг хаяад явчихсан байхад хүртэл канадууд өөд нь татах гээд явж байсан.

-Бага ч гэсэн хувь эзэмшүүлсэн бол гацаанд орохгүй байсан гэж үү?
-Тийм. Тэгсэн бол одоо ч хэл амгүй “Дорнод уран” компани байгуулагдаад явж байх ёстой байсан. Олон улсын арбитрын шүүхэд маргаан үүссэн учраас “Дорнод уран”-ы хувь эзэмшигч Орос, Монголын тал хэчнээн тэмцээд ч компани байгуулагдахгүй. Олон улсын арбитрын шүүхэд очсон маргаан 2-3 жил болж шийдэгддэг. Тэгэхээр ураны салбарын ажил 2-3 жил хойшлох магадлалтай байна. Ер нь цаашид ордыг ашиглаж эхлэхэд үйлдвэр байгуулагдах эсэх нь эргэлзээтэй.

-Яагаад?
-Оросууд тус ордыг социа-лизмын үед ашиглаж дэд бүтцийг нь бий болгосон. Тухайн үед шууд шороогоор нь зөөгөөд хилийн цаана байрлах өөрийн ураны үйлдвэртээ боловсруулдаг байсан. Одоо тус үйлдвэр түүхий эдийн хомсдолд орсон учраас “Дорнод уран”-ыг оросууд эргээд сонирхож эхэлсэн гэж би ойлгож байгаа. Судалгаа хийж байна гээд 1-2 жил өнгөрсний дараа “Энд үйлдвэр байгуулахад ашиггүй юм байна. Тээвэрлэх төмөр зам нь байгаа юм чинь Оросын үйлдвэр рүү зөөе” гэвэл манай тал яах юм. Шууд л зөөнө шүү дээ. Ийм болгоомжлол бий. Тиймээс Оросын талтай яаж хамтрахаа тодорхой болгоосой гээд байгаа юм. Ураны салбарт явуулж байгаа манай төрийн бодлого “сонин” болоод байх энэ үед Японд газар хөдөлж, атомын цахилгаан станц их аюултай юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө.

Ийм үед манай ураны салбарын ажил тодорхой хугацаагаар хойшилно. Дээр нь энэ салбарын бодлогыг хариуцдаг Цөмийн энергийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл тус агентлагийн дарга нь төрийн ажлыг хийх үүрэгтэй хүн үү, иргэний хөдөлгөөний төлөөлөгч юм уу аль нь ч мэдэгдэхгүй байна. Тэр хүн “УИХ, Засгийн газрын гишүүд Хятадаас цалин аваад байх шиг байна. Лицензийг нь цуцалсан компаниуд болох олон улсын хөрөнгө оруулагчдыг луйварчид” гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаад сууж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг өрөөндөө дуудаж оруулаад хөөж тууж байгаа бодлого хэрэгжүүлдэг газрын даргатай улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм.

-Хөрөнгө оруулагчдыг хууль гарснаар түлхсэн гэж хэлэх гээд байна уу?
-Үнэн шүү дээ. Цөмийн энергийн хууль гарахаас өмнө манайд үйл ажиллагаа явуулж байсан гадны компаниуд эрчимтэй ажиллаж байсан. Гэтэл хууль ч гарч тэд идэвхтэй ажиллахаа больсон. Гэхдээ бүр зогсоогоогүй.

-Үйлдвэр байгуулахгүй байх сонирхлоос сэргийлэх арга байна уу?
-Гэрээгээ л сайн барих хэрэгтэй. Оросын тал Монголд үйлдвэр байгуулна гэсэн бол түүнийг нь л шаардах ёстой. Үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн ч манай тал байгуулсан гэрээнийхээ дагуу байр сууриндаа хатуу зогсох ёстой.

-Манай улсад үйлдвэр байгуулах боломж бүрдсэн үү?
-Ураны үйлдвэрлэл хэцүүд тооцогддог юм билээ. Эхлээд олборлоод шар нунтаг болгож, баяжуулж, хөрвүүлнэ. Үүний дараа эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог. Бүтэн цикл үйлдвэрлэл явуулдаг улс 2-3-хан байдаг. Гэтэл манайх бүтэн цикл үйлдвэрлэл байгуулна гэхээр инээд нь хүрэхгүй юү. Манайх энэ салбарт туршлагагүй. Харин зарим улсын мэргэжилтнүүд олборлох шар нунтаг болгоод хөрвүүлэх, баяжуулдаг үйлдвэртэй улсад аваачаад түлш болгох хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэндээсээ түлшээ худалдаж, түрээсэлж болно гэж хэлж байна лээ. Мөн түлшээ хадгалвал илүү ашигтай зэрэг олон санал тавьсан.

-Үйлдвэр байгууллаа гэхэд эрсдэл өндөр биз дээ?
-Хятад. Франц атомын цахилгаан станцтай. Тэдний найдвартай аюулгүй байдаг шалтгаан нь газар нутгийн байршилтай холбоотой. Тухайн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордоггүй. Япон улс далайн орон учраас Атомын цахилгаан станц нь цунамид өртлөө. Хэрэв цунами болоогүй байсан бол зүгээр л байх байсан.

-Дотооддоо биш гадны улсад үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ явуулах боломж бий гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ хэр оновчтой вэ?
-Тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай төрийн бодлогод ямар ч ашигт малтмалаа шороогоор нь зөөлгөхгүй гэсэн бодлоготой. Нэмүү өртөг шингээж экспортлох нь эдийн засагт тустай. Хялгар арга хайвал шууд шороогоор нь зөөж болно л доо. Гэхдээ бид үүний эсрэг байгаа.

-Дорнодын ураны ордоос олборлолт явуулж эхэллээ гэж бодъё. Ямар хугацаа шаардагдах вэ?
-Манай Дорнодын ураны орд бэлэн орд. “Дорнод уран” компани ажилдаа шуурхай орвол 1-2 жилийн дотор л ажил жигдрээд ирнэ. Үүнд их хугацаа орохгүй.

-Цөмийн хог хаягдлыг манай улсад булшлах байгууламж байгуулах талаар яриа, хэлэлцээ хийсэн гэсэн мэдээлэл дэлхийн хэмжээнд түгсэн. Японы хэвлэлийг ор үндэслэлгүй зүйл бичдэггүй гэж үздэг шүү дээ?
-Намайг УИХ-ын гишүүн болсноор албан ёсны түвшинд асуудал яригдаагүй гэдэгт бат итгэлтэй байна. Намайг орж ирэхээс өмнө ямар түвшинд юу яригдаж байсныг мэдэхгүй.

-Хэрэв булшлах байгууламж барих гэрээ байгуулсан бол байгаль орчны талаас нь ямар хохирол учрах вэ?
-Гэрээ байгуулсан гэсэн нотолгоо байхгүй.

-Гэрээг хэн хийх ёстой вэ?
-Энэ нь өөрөө олон улсын анхаарлын төвд байдаг асуудал учир дуртай нэг нь очиж гэрээ хийдэггүй. Консулын газар, ураны асуудал хариуцсан сайд, агентлагийн дарга очоод хийхгүй. Очоод гэрээ хийх боломж ч байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцэж шийднэ. Харин ийм санаархал бусад орнуудад байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай, эдийн засгийн хувьд буурай юм чинь цөмийн хаягдал булшлах байгууламж барьж болох юм гэсэн салбарын эрдэмтдийн санал байсан байж болно шүү дээ.

-Цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг Монголд барихыг хаасан заалт хуульд орж байгаа юу?
-Ороогүй. Хэлэлцүүлгийн шатанд оруулж болно.

Б.Мягмансанж
Эх сурвалж: “Нийгмийн толь”

С.Молор-Эрдэнэ: М.Энхсайхантай хамтрана гэхэд нь л Н.Энхбаяраас зайгаа барьсан

Философич С.Молор Эрдэнийг “Ярилцах танхим “-даа урилаа.

-Та гэнэт гарч ирсэн шигээ л гэнэт алга болчихсон. Энэ хугацаанд сахлаа ургуулчаад хаана “бүгсэн” юм бэ?
-Энэ хугацаанд нэлээд юм бодож, бараг гэртээ өнжсөн гэхэд болно. Тэгээд л сахлаа ургуулчихлаа.

-Юуг тэгж их бодсон гэж?

-Би сүүлийн үед нэг асуултыг өөртөө байнга тавих болсон. Харамсалтай нь хариулт олдохгүй л байна. Монгол Улсын өнөөгийн нийгэм яг ямар байдалд байгааг тодорхойлох санаатай байлаа. Улс төр, оюун ухаан, боловсрол, соёл өнөөдөр ямар түвшинд байгааг нь олохыг их хичээлээ. Энэ бүхнийг олчихвол л нийгэмд яагаад ингэж их бухимдал үүсээд байгаагийн оношийг олж, эмчилж чадна. Яг ийм түвшинд байгаа юм байна. Тэгэхээр үүнд ингэж жорыг нь тааруулж ажиллах хэрэгтэй юм байна гэж ярих ёстой байхгүй юу. Ингэж байж л юу хийхээ мэдэж, хэтийн төлвөө тодорхойлж, цаашид хаашаа алхахаа шийдэх боломжтой болох юм. Харин манайд ийм зүйл огт алга.

-Энэ асуултандаа хариулт авах зорилгоор та анх МАХН-ыг сонгож байсан шиг санагдах юм. Тэгэхээр асуултынхаа хариултыг тэндээсээ олж чадаагүй байх нь ээ?

-Тиймээ. Яг ийм л зорилгоор би МАХН-д нэгдсэн. Гэтэл тэндээс би асуудалд орсон хэсэг хүмүүсийн бөөгнөрлөөс өөр юу ч олж харж чадсангүй. Сая нэг хэсэг МАХН-ын Түр штабт ажиллаж, улс төрийн намуудын гишүүдтэй уулзаад Монголын улс төрийг ажиглаад явахад Монголд улс төрийн зиндаа доогуур гэдэг нь мэдрэгдсэн. Бид дэндүү доогуур зиндаанд улс төр хийж байна. Өөрсдийгөө улс төрч гэж нэрлэж байсан хүмүүс чинь улс төрийн ямар ч ойлголтгүй байна шүү дээ.

Зүгээр л өөрсдийнхөө мэдрэмж, таамаг, барагцаалал, хуучны арга барил болох барьдаг, дардаг, нухдаг, хуйвалддаг, буталдаг, задалдаг үйл ажиллагаа хийж байна. Хүмүүс үүнийг нь улс төр гэж бодоод улс тереес халгаагаад байна. Би улс төрийг ч, улстөрчийг ч хайгаад олсонгүй.

-Тийм учраас МАХН-ын Түр штабаас гарсан юм уу?

-Тэр ажлаас би хөндийрчихсөн. Албан ёсоор намынхаа нэрийг авч, ажилдаа ороогүй байхад би тэнд байгаад яах юм. Ер нь бол хөндийрсөн. Ямар ч ажилд нь оролцохгүй байгаа.

-Үнэн хэрэгтээ Н.Энхбаяр таныг М.Энхсайханаар сольчихсон ч юм биш үү?

-Тэр хоёр хүнийг хамтарч Ард түмний их хуралдайг хийх гэж байгааг мэдээд л би зайгаа барьж эхэлсэн. Н.Энхбаяр намайг М.Энхсайханаар сольсон уу, би түүнээс сайн дураараа холдсон уу гэдэг одоо чухал биш. Үүнийг тэр хүн өөрийнхөөрөө ойлгож болно. Харин би өөрийнхөөрөө л ойлгож байгаа. Харин одоо би тэдний үйл ажиллагааг ажиглаж байна. Монгол Улсын төрийг арван хэдэн жил удирдаж, Монголын ард түмний хувь заяаг атгаж явсан тэр хүнийг цаашид юу хийж чадахыг хөндлөнгөөс нь хармаар байна.

Нэг ёсондоо тэр хүний улс төрийн зиндааг ажиглаж байна гэх үү дээ. Яг ямар улс төр хийх гээд байгаа юм гэдэг нь сонин байна шүү дээ. Гэхдээ би нэг л юманд итгэлтэй байгаа. Цемент болсон хуучны улс төрчид Монголын улс төрийн ирээдүй биш. Ер нь хүн өөрийгөө мэдрээд одоо боллоо гэж хэлдэг байх хэрэгтэй. Тиймээс Н.Энхбаяр болон М.Энхсайхан хоёрыг би Монголын улс төрийн ирээдүй гэж харахгүй байгаа. Миний явах зам тэднийхээс өөр. Би тэр хоёр хүний хүсч байгаа улс төрийг биш өөр, өөрийнхөөрөө улс төр хиймээр байна. Би өөрийнхөө замаар л явна. Харин ноён нуруугаа хэзээ ч алдахгүй.

-Таныг МАХН-ын Түр штабт ажиллаж байхад Н.Энхбаярын зүгээс ямар хандлага ажиглагдаж байсан бэ?

-Н.Энхбаярыг Ардын намынхантай уулзаж байхыг нь хараагүй ч уулздаг гэдэг сураг гардаг байсан. Тэр хүмүүстэйгээ уулзаж, чухам юу ярьдгийг би мэдэхгүй. Гэхдээ өдий болтол МАХН гэдэг нэрийг яагаад авч чадахгүй байна вэ гээд олон асуултууд тухайн үед ургаж гарч ирж байсан. Гайхал ч төрж байсан. Би хүнийг хаана явна тэнд хуйлраад дагаад явж байдаг хамхуул биш. Мөн харанхуй өрөөнд тэмтэрч явдаг хүн ч биш. Аливаа нэг зүйл ил тод байх хэрэгтэй. Хоёр, гурван хүн нууцаар уулзаж болохгүй. Бүгд ил тод байх ёстой байсан учир л би тэндээс гарсан.

-Тэгэхээр та МАХН гэсэн нэрийг авч чадахгүй байгаа нь Н.Энхбаяртай холбоотой гэх гээд байна уу?

-Ямар ч баримтгүйгээр хардахгүй л дээ. Гэхдээ яагаад одоо болтол МАХН гэдэг нэрийг авахгүй ийм бүрхэг байдал үүсчихээд байгаа юм. Ямар ч хууль зөрчөөгүй байхад энэ нэрийг авч чадахгүй байна гэдэг нь тэр хүнээс л болж байна гэж ойлгож байгаа. Н.Энхбаяраас болоод л бид МАХН гэдэг нэрийг авч чадахгүй байна. Тэгэхээр тэр хүн ард түмэнд “Би ийм учир шалтгааны улмаас МАХН гэдэг нэрийг авч чадахгүй байгаа юм ” хэмээн зарлах хэрэгтэй л дээ.

-Та удаан бодсны эцэст Монголд улс төр гэж байхгүй гэсэн гаргалгаанд хүрсэн юм байна. Тэгвэл ийм улс төрд орох хэрэг байгаа юм уу?

-Энэ асуултыг ч өөртөө тавьж үзсэн. Ингэснээр би өөрөө өөртэйгөө нэлээд зөрчилдсөн. Улс төрд орохгүй амьдраад явах боломж надад байгаа. Олон улсын түвшинд лекц уншаад, мэргэжлээрээ ажиллаад явах чадвар надад бий. Өнөөдөр хүмүүс яах гэж улстөрч болж байна вэ гэхээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөө хамгаалах гэж л УИХ-д орж байна. Эсвэл УИХ-ын гишүүн гэсэн статус зүүхгүй л бол шоронд орчих гээд байна шүү дээ. Нэг ёсондоо УИХ хүмүүсийн амиа аргацаах гэж орогнодог газар болчихлоо.

Харин би ийм шалтгаантай хүн биш. Би яах гэж улс төрд орох гээд байна вэ гэвэл улс төр хийх л гэж байгаа юм. Миний хүмүүжил бол өмнөх ажлаа чанартай хий. Тиймээс би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг ч тэгдэг гэж бодож байсан. Харин үгүй юм байна билээ. Тиймээс өмнөх ажлаа яаж хийдгийг тэдэнд мэдрүүлмээр байгаа юм.

-Таныхаар улс төр хийх гэдэг нь юу юм бэ?
-Арчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, зүүний болон барууны үзэл хаана байна гэдгийг асуухаас эхэлнэ. Эд чинь бүгд улс төр. УИХ-д хүмүүс сонгогдчихоод энэ улс төрийг хийх гэж орж ирэхгүй байна.

-Энэ бүхнийг хийх боломж олдлоо гэхэд та ганцаардахгүй юу?

-Ганцаардалгүй яах вэ. Энэ бол маш хэцүү. Тийм учир УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл би багтай болох ёстой. Үүнийг бий болгохын тулд оролдож л байна. Түүнээс биш би баггүйгээр улс төрд хүч үзнэ гэж бодох тэнэг хүн биш.

-Багтай болохоор оролдож байгаа гэлээ. Таньд ямар нэгэн санал ирж байх юмуу. Нууц биш бол ямар хүмүүстэй энэ талаар ярьж байгаа вэ?

-Санал тавьж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ одоохондоо хэлээд яах вэ. Яагаад гэвэл гэрэл цохиулмааргүй байна. Цаг нь болохоор хэвлэлийн бага хурал хийгээд ч юм уу, ил болгоно.

-Танай баг хэдийгээр олны өмнө гарч ирэхэд бэлэн болох юм. Бэлтгэлээ хийж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Намар ёсдүгээр cap гэхэд багийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах хэмжээнд хүрэх байх гэж бодож байна. Бэлтгээд л явж байна гэхүү дээ.

-МАХН хэмээх багт та байж үзсэн. Энэ багийг маш том хүн удирдаад ч амжилтанд хүрч чадахгүй байна. Гэтэл та өрх тусгаарлана гээд байх юм. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намтай биш юм аа гэхэд хуучин багтайгаа өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагаа явуулж чадах уу. Танай шинэ баг?

-МАХН гэдэг баг миний байх ёстой газар биш байсан. Миний хувьд МАХН-тай өрсөлдөх гэж баг бүрдүүлж байгаа юм биш. Тэд нэрнээсээ болж маш их цаг алдаж байгаа. Нэр хүлээсэн л хүмүүс байна. Харин би дараагийн алхмаа хийж байна. Нийгэм үүнээс цаашлаад ганцхан дотоод улс төр биш гадаад улс төрийн асуудлыг цэгцлэхийг шаардаж байна. Энэ бүхэнд хариу өгөх ёстой. Би сонгуульд санаа зовохгүй байгаа. Харин сонгогдчихоод яах вэ гэдэг асуудал дээр л санаа зовж байгаа юм.

-Таны бүтээж байгаа багт МАХН-аас хүмүүс орж байгаа юу?

-Ганц хоёр хүн бий. Гэхдээ энэ нь МАХН-ынхан бүхэлдээ гэсэн үг биш.

-Уучлаарай. Та улс төр байхгүй гэж яриад л байдаг. Гэтэл улс төрийнхний хүрээнд таныг “Нэг шизотой нөхөр” гэдэг юм байна билээ?

-Намайг анх илтгэл тавьснаас хойш л тэгж нэрлэх болсон шүү дээ. Аргагүй ээ. Би тэдний үргэлж сонсдог, дассан доогуур түвшнийх нь яриаг ярихгүй. Гэнэт өөр мэдэхгүй зүйлийг нь яриад эхлэхээр нөгөө нөхдөөс иргэд асар их зүйл шаардаад эхэлж байгаа юм. Тиймээс тэд ингэхээс ч өөр аргагүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэрийг ойлгож байна. “Бидэнд мэдэхгүй зүйл их байна. Явж боловсорцгооё” гээд хэлчихсэн л биз дээ.

Харин одоо Ч.Сайханбилэг тэгж хэлэх хэрэгтэй байна. Ер нь УИХ-д суугаа залуу гишүүд энэ саналыг хүлээж аваад дэмжих нь зөв. Харин цемент шиг болсон нөхдүүд нь хэрэггүй. Харин тэд ямарваа зүйлд цэг тавьж чаддаг л байх нь зөв. УИХ-д 76 гишүүн ч ихдэнэ. Гэтэл хоёр танхимтай парламент байгуулж, гишүүдийн тоог нэмнэ гээд байх юм. Үнэн хэрэгтээ хэн ч танихгүй гишүүд Төрийн ордонд сууж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний хэрэг байхгүй л гэсэн үг байхгүй юу. Харин ч тоо бус чанарыг эрхэмлэсэн цөөхөн гишүүн бүхий УИХ-тай байж, хариуцлагыг өндөр түвшинд тооцдог байсан нь дээр.

-МАХН-д байх хугацаандаа та өөрийгөө гээх шахсан гэсэн. Харин чимээгүй байсан энэ хэсэг хугацаанд хуучин Молор-Эрдэнийг олж авч чадсан уу?

-Яг ч өөрийгөө алдсан зүйл болоогүй л дээ. Гэхдээ ямар нэгэн урсгалд автах ёсгүй гэдгийг ухаарсан. Харин завсарлага авсан хугацаандаа нэг ном бичиж дуусгалаа. Одоо хэвлэлтийнхээ шатанд явж байна. Өөрийгөө олсон ч Монголоо олж чадаагүй. Тиймээс “Орчин үе үгүйлэгдэнэ” гэж нэрлэсэн. Харин өнөөдөр моодыг орчин үе гэж яриад байх юм. Брэндийн хувцас, ганган гар утас төдийхнөөр л орчин үеийг ойлгож байна. Гэтэл бид бодол, боловсрол, улс төр, соёлоо шинэчилж, шинэ зам руу орох ёстой. Хамгийн түрүүнд шашин, боловсролыг шинэчлэх хэрэгтэй. Үүний эцэст л бид орчин үеийнх болох юм.

Тэгэхгүй бид өнеөдөр жинхэнэ “арга билэгдэж” байгаа байхгүй юу. Ямар сайндаа л Ерөнхийлөгч нь арван жилийн сургуулиудад арга билгийн хичээл заах зарлиг гаргаа биз дээ. “Түмний нэг” гэдэг кинон дээр гардаг шиг лам нараар хичээл заалгах юм уу. Манайхан хуучинтайгаа хэт зууралдаад буцаж алхаад байна шүү дээ.

-Харин ч орчин үеийнхэн маань өв уламжлалаа мартах аюулд өртөж байсныг дээрх маягаар шийдэхээр гарц олсон юм биш үү?

-Би үндэснийхээ өв соёлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ манайхан өнгөрсөн үе рүүгээ ухарч алхах гээд байна. “Тунгалаг тамир”-т Итгэлтийг Эрдэнэ бут цохиж гарч ирдэг. Гэтэл одоо Эрдэнийн оронд Итгэлтүүд гарч ирэх болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа


Б.Сарангоо

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

Т.Сайнжаргал: О.Магнайг гэмт хэрэг хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дар­га, цагдаагийн ху­рандаа Т.Сайнжаргал­тай ярилцлаа.

-2008 оны долду­гаар сарын 1-нээс хойш гурван жил өнгөрлөө. Үймээний үеэр цагдаа нар МАХН (МАН)-ын бай­рыг л хамгаалж байсан юм биш үү?

-Нэгдүгээрт, "Долду­гаар сарын 1"-ний үйл явдал болохоос өмнөх өдөр нь жагсаал, цуглаан хийнэ гэдгээ зарим иргэ­ний хөдөл­гөөнийхөн зар­лачихсан байсан. Тод­руулбал, иргэний хө­дөлгөө­нийхөн зургаду­гаар сарын 30-ны өдөр Төв шуудангийн урд талын "0" цэгт замын хөдөлгөөн хаах зэргээр тэмцлээ илэрхийлсэн. Үүнийг хууль бус гэдгийг цагдаагийн зүгээс олон нийтэд мэдэгдсэн. Хоёр­дугаарт, долду­гаар са­рын 1-нд хуулийн дагуу жагсаал, цуглаан болох юм байна гэсэн ойлголт­той байсан. Нийтийг ха­марсан эмх замбараагүй байдал даамжирна гэж төсөөлөөгүй.

Тэр өдөр иргэний хөдөлгөөний 100 гаруй хүн Сүхбаатарын тал­байд цуглаад МАХН-ын байр руу чиглэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Яг тэр үед МАХН-ын байрыг гэ­рээт хамгаалагчид хам­гаалж байсан болохоор цагдаагийн хам­гаа­лалт, хүч тавиагүй байсан.

-Хэдэн цагийн үед билээ?

-Үд дундын үед. Ул­маар жаг­сагчид шаард­ла­гаа өгөхөөр орох гэтэл оруулаагүй. Тиймээс ч тэд хүчээр нэвтэрч орсон байдаг. Тэр үед намын­хаа байранд Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уул­залт хийж байсан. Цаг­даагийн байгууллагад "МАХН-ын байр руу хү­мүүс дайрч байна. Хууль бус ажиллагаа яваг­даж байна" гэсэн мэдээлэл ирсний дагуу Сүхбаатар дүүрэг болон холбогдох хэлтсийнхнийг тэнд ажил­луулсан. Үүнээс эх­лээд л цагдаа нар ажил­лаж МАХН-ын байрны өмнө үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

-Цагдаа нар хээрийн хув­цас­тайгаа бэлэн байдалд байсан уу?

-Үгүй. Эхний үед цэн­хэр цамц­тайгаа байсан. Байдал хүндэрсэн үеэс байгаа бололцоогоороо зарим дүүргээс нэмэлт хүч ажил­луулсан. Тэр үед гав, бороохой төдийлөн хүрэлцээтэй байгаагүй. Ер нь "Долдугаар сарын 1"-нд цагдаа нар ямар байдалтай байс­ныг бүгд л харсан шүү дээ. Эргээд тэр өдрийн тухай гэхэд овоо бос­гож, үймээнийг турхирсан хүмүүс нь өөрс­дийнхөө бурууг цагдаагийн байгууллага руу чихээд, өөрсдий­гөө цэвэр мэтээр ярьж байна. Овоо босгоогүй бол шувуу хаанаас буух билээ. Өөрсдөө баахан хүнийг өдөөн турхирч дуудаж хууль бус үйл ажил­ла­гаанд орол­цуулж, эмх замбараагүй байдлыг бий бол­гочи­хоод хянал­таа алдсаны­хаа дараа хаяад явчих­сан шүү дээ.

-Та О.Магнай, Ж.Батзандан нарыг хэлээд байна уу?

-Тодорхой. Тэр үйл явдалтай холбоотой зарим хүнийг шалгаад, хэрэг нь хэрэгсэхгүй болж, зарим нь Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн. Эцэст нь хууль бус ажиллагаа ямар үр дагаварт хүр­д­гийг харуулсан том сургаал болсон. Таван хүн эрдэнэт амиа­раа хохирч, цагдаагийн 300 гаруй албан хаагч гэмтсэн.

-Цагдаа нарын хувцасны хан­гамж ямар байсныг харуул­сан. Толгойны хамгаалалт нь хүртэл чанаргүй байсныг гэрчилсэн байх?

-Түүнээс цагдаагийн хамгаа­лал­тын хэрэгсэл, тусгай хэрэгсэлд анхаарах ёстойг харуулж, хаана хаанаа дүгнэлт хийсэн. Ард түм­нийхээ амгалан тайван байдал, хэрэгцээг хангах үүднээс цагдаа нарт сургалт хийдэг болсон. Төс­вийнхөө хүрээнд хангамжийг сайж­руулахад анхаарч байна.

-Үймээний өдөр цагдаа нар хэдэн цагийн үеэс зодуулж эхэлсэн юм бэ?

-17.00 цагаас хойш байдал хүндэрч хяналтаас гарсан. Цагдаа нарыг барьж байшин барилгад оруулаад зодож байсан. Орой цагдаа нарыг хамгаалалтын бүсээс татчихсан.

-Эргээд шөнө нь цагдаа нар жагсагчдыг зодож хариугаа ав­сан. Бүр "Дэнжийн 1000"-д аваа­чиж эрүү шүүлт тулгасан гэдэг.

-Тухайн үед Хүний эрхийн үндэс­ний комиссынхон, УИХ-ын гишүүд "Дэнжийн 1000"-д очиж бодит байдалтай танилцсан. Тэнд 100 гаруй хүн саатуулах хүчин чадалтай байхад 300 орчим хүнийг түр хугацаанд саатуулж, хууль бус ажиллагаанд оролцсон хүмүүсийг ялгаж салгах ажиллагаа хийсэн. Харин зодсон гэх асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Энэ асууд­лыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Хүний эрхийн комиссынхон шал­гаж эцсийн шийдвэрээ гаргана. Үүнд би тайлбар хийх боломжгүй.

-Тэнд иргэдийг тамлаж, өшөөгөө авч байсан тухайгаа цагдаа нар ярьсан шүү дээ.

-Төр иргэнээ албадаж хяналтад авчихаад эрүү шүүлт тулгах эрх байхгүй, байж болохгүй. Өшөө хорслоо иргэдээс авсан хүн цаг­даагийн байгууллагад тэнцэхгүй гэсэн үг.

-"Дэнжийн 1000"-д ажиллаж байсан цагдаа нараа өнөөг хүртэл Ёс журмын албандаа дуудаж байцаадаг, хэлж ярих үгийг нь заадаг юм биш үү?

-Энэ тухай сонсоогүй юм байна.

-Та олон нийтийн хэрэгслээр "Цагдаа нарыг зодож байна" зэрэг мэдээлэл хийснээс үүдэж иргэн, цагдаагийн хоо­рондох тэмцэл хурцадсан гэж ярьдаг. Зарим хүний яриа­гаар ЦЕГ-ын албан хаагч худлаа мэдээлэл өгөөд байсан юм биш үү?

-Цагдаагийн байгууллагыг төлөөлж би яриа­гүй шүү дээ. Онц байдлын штаб телевизэд мэдээ­лэл өгөх үүрэг чигийг надад өгсөн. Сайнжаргал санаанаасаа худлаа, үнэн ярьсан асуудал байхгүй. Онц байдлын штабынхан ажиллаж мэдээллийн дүрс зэрэг бүх зүйлийг бэлтгэсний үндсэн дээр ярих, тайлбарлах үүргийг л надад өгсөн. Иргэний хөдөлгөөнийхөн өөрсдөө цагааныг хар болгочихоод бусдыг буруутгах асуудлыг ярих нь утгагүй. Бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг би яриулсан мэтээр ярьж байсан.

-Тэр Баярмагнай гэдэг залууг цагдаагийнхан л үг зааж яриул­сан биз дээ. Тэгээд ч Онц байд­лын үед МОНҮРТ-ээр тэр хүний яриа олон гарсан.

-Үгүй. 25 дугаар суваг телевиз тэр хүний яриаг анх олон нийтэд цацсан. Дараа нь Онц байдлын штабынхан тэр мэдээллийг нийтэд хүргэхээр болсон. Харин ярих, тайлбарлах үүрэг л надад өгсөн. Угаасаа ч Жагсаал цуглааны тухай хуулиар сэтгэл мэдрэлийн өвчтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг жагсаалд оролцуулахгүй байх үүргийг зохион байгуулагчид нь хүлээдэг. Гэтэл тэр үүргийг зохион байгуулагчид хэзээ ч биелүүлдэггүй. Хууль бус үйл ажиллагаа ямар эмгэнэлт байдалд хүргэв гэдгийг дахиад хэлье.

-Онц байдлын үед 25 дугаар суваг телевиз түр хаагдсан байсан биз дээ?

-Онц байдал зарлахаас өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж сурвалжлага хийгээд мэдээллээ цац­чихсан байсан. Би сэтгүүлчид нь "Чиний хийсэн мэдээллийн дүрсийг Онц байдлын штабынхан ашигласнаас болж үйлийг нь би үүрч байна" гэж тоглоомоор хэлдэг.

-Онц байдлын штаб таны үгийг зааж байсан юм уу?

-Зааж өгөх биш. Ийм дүрсэн дээр ийм мэдээлэл өгье, бодит байдал ийм байна л гэж хэлж байсан. Би болсон үйл явдлыг л ярьсан, түүнээс биш тийм гаж буруу зүйл мэдээлээгүй.

-Та "Жагсагчид цагдаагийн нүд сохолсон" гэх зэргээр мэдээлэл өгч, иргэдийг улам бүр турхирсан юм биш үү?

-Цагдаагийн нүд сохолсон гэж огт яриагүй. Цагдааг зодож, гэм­тээсэн асуудал байгаа шүү дээ. Онц байдал зарлахаас өмнө буюу МАХН-ын байрыг шатааж байхад "Ийгл"-ийн шууд нэвтрүүлэгт мэ­дээ­лэл өгч байсан. Дараа нь 25 дугаар суваг телевиз очиж мөн л шууд нэвтрүүлэгт орсон. Тэндээс МҮОНРТ-ийнхэн намайг байран­даа аваачиж ярилцлага авсан. Тэр бүрт тухайн нөхцөл байдлын бо­дит байдал ийм байна гэх мэ­дээл­лийг сэрэмжлүүлэх үүднээс өгсөн.

-Хэний ч зааваргүйгээр ярьсан гэсэн үг үү?

-Яг тийм. МҮОНРТ-д мэдээлэл өгчихөөд эфирээс буухад нэвт­рүүлэгч нь зөрөөд Онц байдал зарлаж байсан. Харин Онц байд­лын өдрүүдэд Онц байдлын штаб ажиллаж тийм мэдээллийг Сайн­жаргалаар өгүүлнэ гэх зэргээр шийдсэн.

-Гэхдээ таныг ЦЕГ-ын биш МАХН (МАН)-ын хэвлэлийн төлөөлөгч шиг ярьж байсан гэдэг.

-Үймээн МАХН-ын төв байрны ойролцоо болсон. Тэнд намын байр шатааж, бусдын эд хөрөнгө шатсан, үрэгдсэн асуудал гарсан. Тэгэхээр миний мэдээлэлд "МАХН-ын байрыг шатаасан, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн" зэрэг үг орохоор л ингэж дүгнэдэг юм. Надад намын харьяалал байхгүй. Тэгээд ч нэг намыг өмөөрөөд байсан асуудал байхгүй.

-Үнэндээ тэр үед МҮОНРТ-ийн эфирийн ихэнх цагт та мэ­дээлэл хийж байсан. Буу­дуул­сан хүмүүст тусламж үзүүлсэн эмч, хохирогчдыг яриулаагүй байж таны мэ­дээллийг олон давтаж бай­сан. Та яг бодит мэдээлэл өгч байсан уу?

-Онц байдлын үед би гурван удаа л мэдээлэл хийсэн. Тэгэхдээ хуулийн зүгээс эмх замбараагүй байдал үүссэн шалтгаан нөхцөл, бодит байдал ямар байсныг л тайлбарлаж ярьсан. Тэр мэдээл­лийг МҮОНРТ хэдэн удаа давт­саныг мэдэхгүй байна.

Шууд хэлье. Бодид байдлыг хуулийн хүрээнд ярьсан. О.Магнай нар хариуцлагаас бултахын тулд ийм яриа гаргадаг. Тэгээд ч тэд хариуцлагаас мултарч чадсан шүү дээ. О.Магнайг гэмт хэрэг хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй, ард түмэн хар­сан. Янз бүрийн аргаар хариуц­ла­гаас мултрах гээд байгаа нь ар­чаагүйн л шинж.

Гэхдээ миний өгч байгаа мэ­дээллийг хувь хүн яаж хүлээж авах нь тухайн хүний асуудал. Тухайн үед цагдаагийн байгууллага руу, над руу маш олон хүн утасдсан. Тэднээс улс оронд замбараагүй байдал бий болсонд харамссан, хүнд хэцүү үед цагдаагийн байгуул­лагыг дэмжиж байгаагаа илэр­хийлсэн нь олон байсан. Бас на­майг утсаар заналхийлж байсан нь ч бий. "Чи ингэж ярилаа" гэж айлгаж байсан нь ч бий, миний өгсөн мэдээлэлтэй санал нийлэхгүй хү­мүүс ч байсан. Гэхдээ би үүнд огт эмзэглээгүй. Хүмүүсийн үзэл бод­лоо илэрхийлэх эрхийг хүндэтгэл­гүй яахав.

-Онц байдлын үед олон аав, ээж хүүхдээ хайж байсан. Цагдаагийн байгууллагаас ч хүүхдээ сураглаад олохгүй байна гэсэн олон хүн манай сонинд хандаж байлаа.

-Хүүхдүүдээ асуусан цөөн хү­нийг албадан саатуулах байр зэрэг холбогдох байгууллагуудтай нь холбож өгч байлаа. Саатуулагдсан хүмүүс овог нэр, хаягаа буруу хэлж байсан нь бэрхшээлтэй байсан.

-"Дэнжийн 1000" дахь түр саатуулах байранд хэдэн зуун аав, ээж хүүхдээ хаана байгааг мэдэхгүй үймж байс­ныг манай сонин мэдээлсэн. Та эсвэл Онц байд­лын шта­бынхан тэнд юу болж байс­ныг очиж үзээгүй юү?

-Би очоогүй. МҮОНРТ очиж байд­лыг олон нийтэд харуулсан байх. Сониноос чиний ярьж байгаа мэдээллийг уншиж байсан. Гэхдээ тэнд саатуулагдсан хүмүүсийн нэрсийг тухай бүрт нь жагсаагаад гадаа нь хадаж байсан байх. Яг манайхан тэнд очоод байдлыг мэдээлсэн зүйл байхгүй.

-Үймээний үеэр таван хүн амиа алдсан тухай мэдээл­лийг хэзээнээс олон нийтэд өгсөн бэ?

-Хүн нас барсан асуудлыг цагдаагийн байгууллага гаргаж ирсэн. Онц байдал тогтоосны дараа хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллага хийсэн шүү дээ. Тэр үеэр буудуулсан хэд хэдэн хүн байгааг тогтоосон. Мөн Гэмтэл согог судлалын төвөөс буудуулсан хүний тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийнхан очсон зэрэг асуудал байгаа. Улмаар энэ тухай мэдээллийг холбогдох байгуул­лагуудад нь мэдээлж, шалгалт эхэлсэн.

-Мэдээллийн хэрэгслээр хэзээ нь мэдээлсэн юм бэ?

-Гурав хоногийн дараа мэдэгд­сэн. Онц байдлын штабаар энэ мэдээлэл дамжиж мэдээлээгүй. Тиймээс ч би энэ тухай яриагүй. Намайг ярьсан яриагүй сонинуу­даар мэдээлэгдчихсэн байсан.

-Та бодит байдлыг ярьсан гэж байсан. Тэр бодит байдалд чинь таван хүний амь ороогүй юу?

-Орсон. Эрнэдэт хүний амь нас хохирсон асуудалд харамсалтай байна. Энэ хэргийг шалгаж байна гэж Онц байдлын хоёр дахь өдөр мэдээлсэн. Дараа нь энэ хэрэгт хэн ч бай хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж хоёр ч удаа хэлсэн шүү дээ.

-Цагдаагийн байгууллага хэр­гийн газарт ажилласнаас болж нотлох баримтууд уст­сан. Улсын ерөнхий прокуро­рын дэргэдэх Мөрдөн бай­цаах алба хэргийн газар хам­гийн түрүүнд ажилласан бол буруутанг тогтоочих байсан гэх яриа байдаг.

-Анхан шатны шалгалтын бүх баримтыг Улсын ерөнхий прокуро­рын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн гэж ойлгодог. Гэхдээ нэгдүгээрт, би энэ хэргийг шалгаагүй. Хоёрдугаарт, шалгаж байгаа хэргийн талаар ярих бо­ломжгүй. Хэрвээ нотлох баримтыг устгаж, далдалсан бол албан тушаалын гэмт хэрэг болно.

-Та Онц байдлын үед эрдэнэт хүний амь эрсэдсэнд хэн ч бай хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл бу­руутныг тогтоогоогүй байна?

-Хэргийг шалгаж буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Тавын таван хүний амь. Хэн бугай ч бай хариуцлага хүлээх ёстой.

-Үймээний үеэр Улаанбаатар зочид буудалд таныг "Манай намын ялалт мандтугай" гээд виски тулгаж байсан гэдэг. Үнэн үү?

-Үүнийг А.Баатархуяг ярьсан байна лээ. Тэр өдөр би энгийн хувцастай хэд хэдэн телевизэд мэдээлэл өгч өнжсөн тухай ярьсан шүү дээ. О.Магнай бүр намайг АНУ руу явуулахгүй байх асуудал гарга­сан. Виз гаргахыг хориглох ёстой гэсэн 15 хүний олонхи нь О.Маг­найд холбогдох хэргийг шалгаж, хянаж байсан хүмүүс. Бүр шүүгч ч байгаа. Энэ бол өс хонзон шүү дээ. Ийм хүн эрх мэдлийн өндөрлөгт гарвал яаж ч мэднэ.

-Таныг МАН-ыг сайн хам­гаалс­ныхаа төлөө цагдаа­гийн хурандаа цолоор шаг­нуулсан гэх юм билээ?

-Надад хамгийн хэл амтай ирсэн цол бол хурандаа. Дэд хурандаагаас хурандаа болох хугацаа зургаан жил байдаг. Би цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа 20 гаруйд нь удирдах ажил хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал ч болсон, миний цол авах хугацаа ч болсон. Ерөөсөө л цаг хугацаа давхацсан хэрэг. Миний ажил үйлс, амьдралыг миний хамт олон, намайг таньдаг хүмүүс мэднэ дээ.

Намайг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийг тэргүүлэх үед нийгэмд хүнд хэцүү явдал их гарсан. Багануурт арав гаруй хүн архинд хордож амиа алдлаа, "Долдугаар сарын 1" боллоо. Ямар үеэр нь энэ албыг тэргүүлж байна вэ ч гэж боддог. Намайг бүр "муу мэдээ" гэж сонинд бичиж байлаа. Та нарын асуудаг нь гэмт хэрэг, хэв журмын зөрчил. Миний ярьдаг ч тийм юм байна. Т.Ганди сайд хүртэл "Чиний нэр чинь сайхан юм аа. Ярьдаг зүйлээс чинь болоод "муу мэдээ" гэдэг болчихсон байна" гэж байсан. Гэхдээ би аль болох муу зүйл ярихгүй байх юмсан гэдэж боддог.

-Хавар бүрт л жагсаал, тэм­цэл болдог. "Гал үндэстэн"-ийхэн хүртэл таныг "Машин­тай чинь хөмөрчихнө" гэж дарамталж байсан.

-Тийм хандлага мэдээж сайхан санагдахгүй. Хэрэг дээрээ "дол­дугаар сарын 1" битгий давтагдаа­сай л гэж хууль тайлбарлаж явдаг. Иргэний хувьд "Гал үндэстэн"-ийхний уул усаа гэсэн тэмцлийг дэмждэг. Жагсч, цуглаж байгааг нь хэзээ ч буруу гэхгүй. Гагцхүү хуу­лийн хүрээнд л тэмцээсэй. Тайван бус хүмүүс янз бүрийн ааш авир гар­гадаг. Тэр бүрт цагдаагийн албан хаагч тэвчээртэй байх ёстой.

-"Долдугаар сарын 1"-ээс хойш цагдаа нар үймээний үеэр яаж ажиллах талаар нууцаар бэлтгэл их хийдэг болсныг муу зүйл зөгнөлөө гэж дүгнэх хүн ч байна.

-Бэлтгэл, дадлага хийж байгаа нь үнэн. Дадлага, сургуультай байж аливаа асуудлыг хохирол багатай туулах болно. Иргэдээ амар тайван байлгахад цагдаагийн байгууллага бэлэн байх ёстой.

-Үймээний үеэр гэмтэж бэрт­сэн цагдаа нараа удирдла­гууд нь яагаад тоодоггүй юм бэ. Бүр ажлаа өг гэж дарам­талдаг гэсэн.

-Тоогоогүй гэж хэлж болохгүй. Боломжоороо тусалж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагч­даа хаяна гэж байхгүй. Гэхдээ цаг­даагийн байгууллагын тусгай шаардлага гэж бий. Эрүүл мэндийн хувьд тэнцэхээ боливол группт ороод бүрэн эдгэснийхээ дараа эргээд ажилдаа орох боломжтой шүү дээ. Сэтгэл байвч бие нь ажлаа дийлэхгүй бол хэцүү шүү дээ.

-Муугаар бодоход, "Долду­гаар сарын 1"-тэй адил үймээн боллоо гэхэд цаг­даагийн байгууллага бэлэн үү?

-Тийм явдал давтагдахгүй гэж боддог. Битгий давтагдаасай ч гэж олон хүн хүсч байгаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
С.НОМИН-ЭРДЭНЭ

Эх сурвалж "Өдрийн сонин"


Ж.Бадамжунай: Засгийн газар хэдхэн ам.доллараа нарийлж байгаад хайран залуусынхаа амийг сүйдэлчихсэн дээ

-БИЕИЙНХ НЬ ДООД ХЭСЭГ ТАСАРЧИХААД "НАМАЙГ ИНГЭЖ ҮХСЭН ГЭЖ АР ГЭРИЙНХЭНД МИНЬ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ" ГЭЖ ЗАХИАД АМИА АЛДСАН

Онцгой байдлын ерөнхий газар болон тус газрын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар 22-уулаа "МИ-8" нисдэг тэрэгтэй яваад осолдсон билээ. Дөрвөн жилийн өмнө болсон энэ харуусалтай үйл явдлаас долоон аврагч амьд гарч чадсан юм. Үхэл амьд­ралын зааг дээрээс мөр зэрэгцэн явсан нөхрөө алдаж, амь нь дээсэн дөрөөн дээр байсан ч шархадсан нэгэндээ туслахаар мөлхөж, балга­хан усаар хоолойгоо чийглэж явсан тэдний тэр цаг мөч түүх болон үлджээ. Энэ үйл явдал болоод дөрвөн хаврыг элээсэн ч тэдний хэн нь ч хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй юм. Иймд манай сонин "МИ-8" нисдэг тэрэгний ослоос амьд гарсан залуустай цуврал ярилцлага хийлээ. Энэ удаа тус ангийн шүхрийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайтай ярилцлаа.

-"МИ-8" нисдэг тэрэг юунаас болж осолдсон гэж боддог вэ?

-Онгоц осолдохоос сарын өмнө Хэнтий аймгийн Дадалд ОХУ-аас түймэр орж ирсэн.

Удаа ч үгүй энэ түймрийг тус аймгийнхан цурманд оруулсан гэж мэдээлсэн тул тухайн үед бид яваагүй. Гэтэл долоо хоногийн дараа тус сумынхан түймэрт ха­шигдчихсан. Аргаа бараад Хэнтий аймгийнхан Онцгой байдлын ерөн­хий газар руу хандаж тусламж гуйсан юм билээ. Энэ дагуу манай Аврах ангийнхан явсан. Биднийг очиход түймэр Норовлин сум руу ороход ойрхон. Байдал нэлээд хүндхэн байв. Нутгийн иргэд дайч­лагдсан, ядарсан, түймэр­тээ бүс­лэгдсэн байсан гэж хэлж болно. Тэнд түймрээ унтраах нь унтрааж аврах ажиллагаагаа ч хийсэн. Түймрийн урд хэсгийг унтраа­чихаад хойд талыг нь унтрааж бараагүй. "Хойд хэсгийг нь яах вэ" гэж биднийг асуухад "Өө нисдэг тэрэг байхгүй юм чинь яах ч арга­гүй" гээд биднийг удирдаж явсан нэг нь хэлсэн. Тэгээд 50 км гаруй хаалт хийгээд хойд хэсгийг нь хаясан. Тэр түймэр Минжийн хангай ой хөвч рүү орж бүрэн унтрахгүй явсаар сарын дараа дахин дэгдсэн.

-Та нарыг зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явах шалтгаан энэ түй­мэр байжээ дээ?

-Тийм. Тухайн үед нэг нисдэг тэрэг гаргаж өгөөд тэр түймрийг бүр­мөсөн унтраалгасан бол бид да­хиж тийшээ явахгүй. Мөр зэрэг­цэж явсан анд нар минь өнөөдөр амьд сэрүүн ажлаа хийж явах байв. Бүхэл бүтэн сарын турш Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнийг л их гайхдаг.

-Засгийн газрын буруугаас болж онгоц осолдсон гэж та үзэж байна уу?

-Богд ууланд түймэр гарвал Саарал ордныхон хараад л "Түй­мэр унтраагүй байна, унтраа" гээд л дээгүүрээ яриад манай бай­гууллага руу үүрэг өгдөг. Нүдэн дээр ил гарч буй түймэрт тэд ач холбогдол өгдөг мөртлөө орон нутгийн түймрийг яагаад анхаар­сангүй вэ гэж харамсдаг. Хөдөө орон нутгийн түймэр тэднээс хол аюул багатай болохоор тэр үү. Засгийн газар хэдхэн ам.доллар нарийлж байгаад 400 мянган ам.дол­ларын үнэтэй онгоцоо сүй­дэлчихсэн. Тэр онгоцноос илүү Монгол Улс нэгэн үеийн мундаг шүхэрчдээ алдсан. Одоо тэдний орон зай үгүйлэгдэж байна. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс сайн ойл­гохгүй байж болох юм. Мэргэжил нэгт нөхөд нь ямар авьяас чадалтай байсныг нь мэдэх учраас ийн ха­лаглаж суудаг юм.

-Нисдэг тэргээр түймэр унт­раахад хэр их мөнгө шаардагд­даг юм бэ?

-2500-2700 ам.доллар л шаар­даг­дана. Тэрэн дээрээ Засгийн газар гацсанаас хамаг хэрэг мандсан.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум руу та нар зургадугаар са­рын 14-ний өдрөө явсан байдаг билүү?

-14-ний өмнөх өдрийн орой намайг гэрээс дуудаад шүхрээ бэлд гэж төв дээр дуудсан. Би ч тэр даруй нь ирээд бэлтгэлээ базаа­гаад дараагийн тушаалаа хүлээ­гээд сууж байсан юм. Тэр өдөр Тэрэлжид түймэр гараад манай зарим ажилтан яваад ирсэн. Бид оройжин хүлээж байгаад тэр өдрөө яваагүй харьцгаасан юм. Тэгээд маргааш нь эрт цуглараад явцгаа­сан. "МИ-8" нисдэг тэргийг гавьяат нисгэгч Т.Сугар жолоодож явсан. Онцгой байдлын ерөнхий газрын албан тушаалтнууд Аврах тусгай ангийн ажилтан нийлээд 22-уулаа явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойролцоо буюу түймэр гарч байгаа газраа очсон боловч манан хөшиглөөд юу ч харагдахгүй байв. Дээгүүр нь тойрч нисээд манан дундуур нисдэг тэрэгтэйгээ хоёр ч удаа орсон. Ерөөсөө битүү манан. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Эцэст нь манангаас жаахан гарч хээр буудалласан. Хаагуур яаж буух талаараа нисгэгчтэй дарга нар хоорондоо зөвлөлдсөн. Сугар гуайд нисгэгчийн газрын зураг байсан юм. Бидний буудалласан газрын архан талд Халуун рашаан байсан юм билээ. 20 км зайтай. Халуун рашааны дэргэд буувал түймрийн голомт хажууханд нь байсан. Хээр буудаллаад бид хоёр цаг гаруй манан замхрахыг хүлээ­хээр шийдсэн. Тэр хооронд цай, цүү чанаж хэсэг зуур амарцгаасан. Гэтэл манан арилдаггүй. За өнөө­дөртөө нисэхгүй юм байлгүй гээд намайг хэсэг зүүрмэглээд сэрсэн чинь "явъя" гэцгээсэн. Тэгээд л онгоцондоо сууцгаасан. Арын уул даваад ниссэн. Нисээд таван минут орчим болсон байх. Тэгтэл "так" гээд л явчихсан. За болохоо бай­лаа даа гэж бодоод Сугар нисэгч рүү харсан. Царайд нь ямар нэгэн хувирал харагдсангүй. Дахиад л "так, так" гээд сэнс мод зүсч байгаа нь мэдэгдэж байгаа юм чинь. Он­гоцны таазнаас унжсан бариулаас гараа ороож бариад харсан чинь туслах нисгэгчийн урд талын шил хагарчихсан нүүр нь улаан нялга болчихсон харагдсан. Өнгөрлөө л гэж бодогддог юм билээ. Сэнсэнд хяргагдаж байгаа модны чимээтэй зэрэгцээд онгоцны цохилт онгоцон дотор "Юу болов, яав" гэх хүмүү­сийн айдас тэр хооронд юу эс бодогдох вэ. Туслах нисгэгч онгоц­ны бүх юмыг хаадаг араа шиг бариул байдаг юм. Тэрийг арагш нь хамаг тэнхээгээрээ татаж ха­рагд­сан. Ингээд л дүүрч гэсэн бодол орж ирсэн.

-Хэдэн цаг орчимд энэ явдал болсон бол, багцаалахад?

-За өглөөний 11 цаг л өнгөрч байсан байх даа. Миний дотор харанхуйлаад л явчихсан. Нэг мэдсэн газар унасан. Эргээд хара­хад онгоцны сэнс ойгоод яг миний ард унасан. Чихэнд юм шуугиад хүмүүсийн хашгираан ёолох чимээ сонсогдож сэрүүн, зүүдлээд байгаа аль нь болохоо мэдэхээ байсан. Ямар ч л байсан би амьд байгаагаа мэдсэн. Бусдыгаа юу болсныг олж харах гэж хичээсэн. Тухайн үед юу харагдаж байсан юм бүү мэд. Тэгээд л хэсэг унтаж байгаа мэд­рэмж төрсөн. Шоконд ороод ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэрсэн наранд нүд гялбаж байсныг санадаг. Тэгээд л эргэн тойрноо харах тэнхээтэй болж ирсэн. Өн­дийж л харна шүү дээ. Босч чадах­гүй. Нүдэнд туссан газар хүртлээ л харна. Хэвтэж байсан газрын ойролцоохон төмөр савтай олон тооны шатахуун, энд тэндгүй асгар­сан газар нь харлаж харагдаад. Шатахууны эхүүн үнэр хамар цор­гиод л. Тэгэхэд л мөр зэрэгцэж явсан нөхдөө амиа алдаж, зарим нь орь дуу тавьж байхыг харсан. Үнэхээр нүд хальтирмаар юм билээ. Нэг нөхрийн минь бөгсөн бие тасар­чихаад "Намайг гайгүй бэртсэн гэж ар гэрийнхэнд минь хэлээрэй" гээд амьсгал хураасан. Хариуд нь хүн юу гэж хэлэхээ мэддэггүй юм билээ. Дэмий л "Яалаа гэж дээ" л гэхээс өөр үг олдоогүй.

-Ослоор таны юу бэртсэн юм бэ?

-Нуруу, цээж авах юм байхгүй. Хүн ёолох чимээнээр бусдадаа аминдаа тусалчих санаатай мөл­хөнө. Сүйрсэн онгоцны цаад талд гарахын тулд бүтэн найман цаг болж байсан юм даг. Нас барсан хүмүүсийнхээ цогцсыг таарвал шүхрээр хучна. Бэртсэн хүмүүсийн бие шөнө их мууддаг юм билээ, хэцүү. Гурав дөрөв хонож бай­сан. Ус байхгүй. Онгоц сүйрснээс гурав хоногийн дараа бороо орж байж нэг юм бид устай золгосон.

-Борооны усыг юунд тосч байв?

-Шүхрээ дэлгэж тавиад тоссон. Арав гаруй литр устай болж байгаа юм. Усаа гамтай хэрэглэнэ, хайр­лана. Би өдөрт нэг балга ус л ууна. Биднийг мэдээж төр засгаас хайх ажил өрнүүлж байгаа. Гэхдээ тэд иртлээ хаа ч билээ. Таахын аргагүй шүү дээ. Дахиж бороо ороо ч уу. Тэгээд бид амьд л гарах гарц хайсан нь усаа гамнах. Нэгэнт л амьд гарсан юм чинь амьдрахыг л бодно шүү дээ. Тэр өдөр биднийг эрлийн багийнхан олоогүй байсан бол Т.Сугар нисгэгч, Цогоо хоёр тэсэхгүй өнгөрөх байсан.

-ЭРЛИЙН БАГИЙНХАНД ДОХИО ӨГӨХ НЭГ ШИРХЭГ УТАА ГАРГАГЧ БАГАЖ, ОНГОЦ ИРВЭЛ АГАА­РААС ХАРАГДАХ ТАЛЫГ НЬ БОДОЖ ТОД ӨНГИЙН ШҮХЭР МОДНЫ ОРОЙД ӨЛГӨХ ГЭХ МЭТ АЖЛУУДЫГ ЗАВСАР ЗУУР НЬ АМЖУУЛЧИХНА-

Дөрвөн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон "МИ-8" нисдэг тэрэгнээс амьд гарч чадсан долоон залууөнөөдөр амьд сэрүүн байна. Ослын гэрч болсон аврагч нараас манай сонин ярилцлага авснаа цувралаар нийтэлж байгаа билээ. Хэдийгээр тэд онгоцны осол гээч зүйлийг биеэрээ амссан ч тэнд амь үрэгдсэн 15 сайн нөхдөө дурсаж, албан үүргээ нэр төртэйгөөр үргэлжлүүлэн хашсаар явна. Өмнөх дугаартаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн шүхрийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайтай ярилцсан эхний хэсгээ толилуулсан билээ. Энэ удаа үргэлжлэлийг нь хүргэж байна.

-Цогоо гэдэг чинь хэн билээ?

-Манай Аврах тусгай ангийн аврагч П.Цогжар­гал. Онгоцны ослоор өрөө­сөн гаргүй болсон юм.

-Ослоос болж ба­руун гаргүй болсон за­луу юу?

-Тийм. Баруун гар нь онгоцны сэгэнд дарагд­чихсан. Хөдөлж ч чадах­гүй байсан. Түүний ойр орчимд талийгаачдын цогцос дүүрэн. Цогцсон дунд ганцаараа байгаа залуу хүн юу эсийг бодох вэ дээ. Эхний өдөр ус байхгүй. П.Цогжаргал (Цо­гоо) "Хоолой чийглэх юм өгөөч" хэмээн хаш­гирдаг. Сүйрсэн онгоцны ард хэсэгт унахдаа гараа даруулсан шиг байгаа юм. Гарыг нь гаргаж авах гээд бид бараагүй. Мо­доор хөшөөд ч дийлээгүй. Бидэн дунд тэнхээтэй ч хүн байгаагүй юм, тэр үед. Хожим нь эрлийн багийн­хан ирээд гаргаж авч дий­лээгүй. Хот руу тусгай багаж төхөөрөмж захиж авчруулж байж нэг юм гаргаж авсан.

Цогоог үе, үе чимээгүй болчихоор "Цогоо амьд уу,байна уу" гэж асууна. Цогоо хариуд нь сулхан "Байна аа" л гэж ха­риул­даг байсан. Тэгэхээр нь нэг юм санаа амардаг байлаа. Үхчих вий гэж маш их айж байсан. Би­дэн дунд Цогоо л илүү ус уух нормтой. "Ус ууя" гээд нэхнэ. Өгчихөөр хэ­сэг­тээ чимээгүй болчихно. Тэ­гээд л жаахан байж бай­гаад Цогоо ус нэхнэ. Түүнд хурдан ус аваа­чаад өгчих хүн байхгүй. Бүгд бэртэл­тэй юм чинь. Тэгэхээр Цогоо "Та нар намайг бүр хаяж байгаа юм байна л даа. Хаясан чигээрээ хаячихаарай.

Та нарыг харна аа" гээд л орилдог. Тэрүүхэн тэндээ биднийг дарамтлаад авчихна аа. Би усны нярав хийнэ. Г.Ганжигүүр (тэргүүн дэслэгч), Х.Сүхбаатар (тэргүүн түрүүч) хоёр хэн нэгэнд ус өг гэж хэлбэл л өгнө. "Өг" гээгүй бол өгөхгүй шүү дээ. Цогоогоос бусад нь өдөрт нэг балга ус ууна. Балга усаа шууд балгачихгүй. Амандаа байлгаж байгаад ууна. Сэрүү татаад ямар сайхан гэж санана. Ус чандмань эрдэнэ гэдгийг тэгэхэд л хүн ойлгодог юм билээ.

-Ерөнхийдөө Г.Ганжигүүр, Х.Сүхбаатар хоёр бусдадаа са­наа тавьж байсан юм аа даа?

-Тэр хоёр бусдадаа санаа тавьж байсан. Амьд үлдсэн хүмүүсээ эргэж тойрохоос өгсүүлээд хийх ажил нь мундахгүй.

-Та нар дундаа тэд арай гай­гүй бэртэлтэй байсан юм уу?

-Гайгүй юу байх вэ дээ. Залуу хүмүүс арай хүчтэй байсан биз. Тэр арай гайгүй бэртсэн гэж хэлэх арга байхгүй. Х.Сүхбаатар босох гэж 30 минут орилно. Түүний гар хөл нь хугарсан, нуруу нь түлэгдсэн бай­сан. Босох гэж орилоод л байна. Яс нь "нуд нуд" гэж дуугарч байгаа нь сонсогдоно. Тэгж байж нэг юм Х.Сүхбаатар босоод Г.Ганжигүү­рийг босгох гэж очно. Г.Ганжигүү­рийн бас цээж нь бэртэлттэй, хөл нь хугарсан. Тэр хоёр бие, биенээ татаж, чангааж босгох гэж байсаар 30 гаруй минут болно. "За одоо чи тэг, гарнаас, суганаас, хөлөө" гэх мэтээр хоорондоо ярьж байж нэг юм босно. Босох хооронд нь тэр хоёрын яс "нуд нуд" гэж уралдаж дуугарах нь сонсогддог байв. Г.Ган­жигүүр хаанаасаа олсон юм, суга­наасаа өндөр ацтай мод олоод тэрэндээ бараг өлгөгдөх шахуу нэг хөлөө чирээд явна. Нэг бос­чихвол тэд хоёр цаг гаруй явчихдаг бай­сан. Өөрсдийгөө болон бусды­гаа амьд гаргах бүхий л аргыг хайж байгаа юм. Онгоцны ачаа байсан хэсгийг олж эрлийн багийнхан ирвэл дохио өгөх нэг ширхэг утаа гаргагч багаж, онгоц ирвэл агаа­раас харагдах талыг нь бодож тод өнгийн шүхэр модны оройд өлгөх гэх мэт ажлуудыг завсар зуур нь амжуулчихна. Бусдыгаа эргэж тойрно. Г.Ганжигүүр нисэхийн өм­нө ачаа баглаж байсан боло­хоор хаана юу байгааг андахгүй. Ачаа олоод жаахан мах, тогоо энэ тэр олоод ирнэ. Бид "Юун мах олоод ирэв ээ" гэхэд "Жаахан мах ачаанд хийсэн юм аа" гэж байсан.

-Хээр бүгд л хүндхэн байсан юм чинь өнөө жаахан махаа яаж хүртээв?

-Т.Сугар нисгэгчийн бие хүнд байсан. Дээр нь настай хүн шүү дээ. Тэгээд бид өнөө олдсон жаахан махаараа шөл хийж өгөхөөр бол­сон. Би нэг модон хавтан олж аваад цээжин дээрээ махаа хэрчээд өгсөн. Нөгөөдүүл маань болгох ажлыг хийсэн. Эргэн тойронд гур­ван тонн түлш асгарчихсан. Ил гал түлбэл түймэр дэгдчих гээд. Иймд аяны тогоон дотроо гал түлээд хээрийн хоолны савны таганд хөшиглөсөн махаа хийж, ус хийсэн. Ус хийхдээ бас нөгөө хоёроосоо асууна. 100 гр хавьцаа хийгээд "Яахав багадах юм уу, дахиад хийх үү" гээд л. Нэмээд 200 гр орчим ус хийсэн байх. Тогоотой галныхаа дээрээс мах, ус хийсэн саваа ба­риад буцалгаж байсан. Буцалгах ч юу байхав дээ. Дөнгөж борлуулаад авч байсан байх. Т.Сугар нисгэгч юм идэж чадахгүй байсан боло­хоор шөлийг нь өгч бусад маань махыг нь хувааж идэцгээсэн. Ингэж бужигнаж байгаад Цогоогоо март­чихаж. Гэнэт санаад "Цогоо чи яачихав аа, амьд уу" гэлээ. Хэн нэг нь нөгөө махнаас өгсөн бололтой. "Мах зажилж байна аа" гэж дуу­гардаг байгаа. Тэгж нэг юм өл залгацгааж байсан.

-Гавьяат нисгэгчийн бие таа­руу байж байгаад хотод ирээд өнгөрсөн. Яг ямар бэртэл авсан байсан юм бэ?

-Талийгаачийн талаар нэг их юм яриад яах вэ. Гавьяат нисгэгч, мундаг хүн байсан гэдгийг л хэлж чадах байна.

-Хоёр, гурав хоноход онгоцны дуу хэр их сонсогдож байсан бол?

-Онгоц бидний дээгүүр яваад байгаа нь сонсогдож байсан. Тэгж байгаад л тойроод явчихна. Нэг бол дуу нь гарч байгаад чимээгүй бол­чихно. Хоёр дахь өдөр онгоц яг бидний дээгүүр явсан юм. Эрлийн­хэнд дохио өгөх ганцхан утаа гаргагч багажаа хайрлаад онгоц дөхөхөөр нь татах гээд хүлээгээд байлаа. Ашгүй нэг ойртов. Утаа гаргагчаа татаадахсан чинь мод­ноос дээгүүр утаа нь гарахгүй байгаа юм. Модны орой хэсгээр л уугиад өнгөрсөн.

-Бүтэн дөрвөн өдөр тэнд байсан хүмүүс өөрснийгөө аврах онгоц ирнэ гэдгийг хүлээж бай­сан нь мэдээж. Онгоц та нарыг оллоо гэдгийг мэдэхэд юу бодог­дож байв?

-Урьд нь онгоц тойроод нисч байсан болохоор олохгүй явчих вий гэдгээс л айж байсан. Дөрөв дэх хоног дээр онгоцны дуу би­дэнд их ойрхон сонсогдсон. Нэг онгоц гараад ирлээ. Бид олоод хараасай л гэж горьдож байгаа юм. Гэтэл өнөө онгоц цаашаа эргээд явчих шиг болов. Горьдлого ч талаар болж "Миний хоёр охин тэр онго­цыг дуудаад өгч чаддаггүй юм уу" гэж хашгираад газар шаагаад авсан. Тэгсэн ч өнөө онгоцноос хараагаа салгаж чадахгүй л байв. Азаар онгоц ч бидний зүг эргэлээ. Намайг тэгж хэлэх үед манай нэг аврагч С.Батдалай ард зогсож байснаа онгоц эргэхэд "Жунай ах аа, танай хоёр охинд баярлалаа" гэж байсан юм. Онгоц биднийг олсноо мэдэгдэж гурван удаа тойрч нисэхэд дахиад хүн үхэхгүй нь гэж бодогдож байсан. "Тэнгэрийн улаач" компанийн улаан онгоц дээгүүр эргэлдэж байгаа юм. Тэг­сэн Т.Сугар нисгэгч "Миний муу шавь Буянбадрах нисч байна даа" гээд хоолой нь чичирч байсан.

-Онгоц осолдож байгааг мэ­дэх үед хүнд янз бүрийн л юм бодогддог байх?

-Яаж би эхнэрээ аваад хамт нисээгүй юм бол гэж баярлаж бай­сан. Хүнд үр хүүхэд, хань ижил л хамгийн түрүүн бодогддог юм би­лээ. Хэрэв эхнэр минь явсан бол юу болоо ч билээ.

-Эхнэртэйгээ хамт ажилла­даг юм уу?

-Бид хамт ажилладаг. Үүрэг аваад нисэх гээд онгоцонд ортол эхнэр маань сууж байна. "Чи энд юу хийж байгаа юм бэ" гэсэн чинь "Би хамт явчихаад ирье л дээ" гэв. "Найр наадамд явж байгаа биш. Яах гээд байгаа юм бэ, буу. Энэ тоглоом наадам биш" гэж загнасан. Эхнэ­рээ аваад явсан бол онгоц осол­доход бас яаж байгаа бол гэж бодно. Туслах санаатай гүйнэ. Тэгж байгаад хамтдаа үхчихвэл яах вэ. Хоёр охин минь хэцүүднэ. Энэ мэтээр юу эсийг бодох вэ дээ, хүн чинь.

-Онгоц яг хаана осолдсон юм бэ?

-Сэлэнгэ аймгийн Мандал су­мын Шар шөвгөр уулын орой дээр онгоц осолдсон. Мод ихтэй газар. Зүүн талаасаа онгоц нисвэл бид­нийг олж харахаар, бусад талаасаа бол харагдахгүй.

-Эрлийнхэн та нарыг яаж олсон гэж байх юм?

-Модон дээр тохсон шүхрээр олсон юм билээ. Уг нь яг тэнд унасан гэдгийг нь мэдэж байсан учраас эрлийнхэн хоёр хоног бидний дээгүүр эргэлдсэн байгаа юм. Тэгээд олохгүй яваад байсан. Харин тэр үед Шадар сайд асан М.Энхсайхан нэг гавьяа байгуул­сан юм. Энэ хүн гадаадын нэгэн бай­гууллагад хандсан байдаг. Тэнд нь монгол залуу ажилладаг байж. Тэгээд тэр хүний тусламж­тайгаар бидний байгаа газарт металл илэрч буйг тогтоож өгсөн байдаг. Шар шөвгөр уул гэдэг чинь Монго­лын газрын зурган дээр тод тэм­дэглэгдсэн байдаг юм билээ. Энэ нь улсын нууцад хамаарч магадгүй тул тодорхой бичээд яах вэ.

-Онгоц та нарыг олчихоод шууд буусан уу?

-Үгүй. Биднийг оллоо гэсэн дохио өгчихөөд нисээд явсан. Уулын хормой хавьд буусан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад эрлийн багийнхан, эмч сувилагч нар ирж анхны түргэн тусламж үзүүлсэн. Тэдэнтэй хамт Тагнуулын ерөнхий газраас нэг хүн ирсэн байв. Нис­гэгчид эмнэлгийн тусламж үзүүлэ­хээс өмнө тэр хүн Т.Сугар гуайгаас байцаалт авч эхэлсэн. "Онгоц юунаас болж унасан. Юу болов" гээд л. Бид ч "Чи юу болоод байгаа. Наад хүн чинь шархадсан байна, байцаалт авахаа болиоч, зайл" гэсэн. Тэр ч байцаалтаа үргэлж­лүүлэхээ болиод годхийгээд бо­соод яваад өгсөн.

-Гэмтэл согог судлалын үн­дэсний төвд хэр сайн эмчлүүлж чадсан бэ?

-Тэнд сайн эмчлүүлснийхээ хүчинд бид өдий зэрэгтэй яваа гэж боддог. Эмчилгээний асуудалд төр засгаас анхаарал тавьсан. Тэр дундаа Эрүүл мэндийн яамныхан хяналтандаа авч хэрэгтэй бүх л эмчилгээг хийж байв. Бид нэг сараас хоёр сарын хооронд эмнэ­лэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэрүүхэн тэндээ тусгай хангамжинд байлаа. Биднийг эмнэлэгт байхад гал унт­рааж яваад нэг залуу дөрвөн давхраас унаж бэртсэн гээд хэвтэж эмчлүүлж байсан. Бидэнд эд эс сэргээх тариа хийж байсан. Их сайн, нэг удаа хийх тариа нь 50 мянган төгрөг гээд. Бид өнөө залууг өрөвдөөд өдөрт нэг удаагийн тариаг дундаасаа илүүчилдэг. "Та нар тариагаа хийлгэсэн үү" гэж сувилагчийг асуухаар "Хийлгэсээн" л гэдэг. Тэр тарианы үр дүнд за­луугийн бие ч сайжирсан. Одоо манай ерөнхий газарт жижүүр хийдэг. Хааяа таарахаараа "Сайн байна уу" гээд л нахилзаад байдаг юм. Үүнийг яриад байгаагийн гол нь шүхэрчин хүмүүс нөхөрсөг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, уужуу байдаг гэдгийг л хэлж байгаа юм. Тэгээд л наймуулаа хотод ирээд нэг нь эмнэлэгт байж бай­гаад өнгөрсөн дөө.

-Долоон аврагч амьд үлдсэн. Одоо бүгдээрээ Аврах тусгай ангидаа ажиллаж байгаа юу?

-Бүгд ангидаа ажиллаж байна. Х.Сүхбаатар одоохондоо гадаа­дад байгаа.

-Төр засгаас та нарт ямар нэгэн байдлаар тусламж, дэмж­лэг үзүүлсэн үү?

-Мөнгөн тусламж үзүүлсэн.

-Ослоос болж та нар бэртэж, үнэндээ тахир дутуу болц­гоо­сон. Гомдох сэтгэл төрөх үе гарч байв уу?

-Юундаа гомдох вэ. Бид эх орныхоо өмнө хүлээсэн тангараг­тай хүмүүс. Эрсдэлтэй мэргэжил. Би хийхгүй бол өөр хэн энэ ажлыг хийх вэ. Үүнийгээ мэдэж бид өнөөд­рийг хүртэл улаан галтай уралдан хүний амийг авардаг. Тийм байж бид төр засгаас мөнгө нэхээд, ингэсэнгүй, тэгсэнгүй гээд суух уу. Тэгэх ёсгүй төрийн тусгай албан хаагчид шүү дээ.

-Осолд орсны дараа ажлаа хийхэд хэцүү байв уу?

-Хэцүү байгаагүй. Шүхрээр буух дуртай. Хэдийгээр энэ ажлаа хийж явах зуураа олон удаа үхэлтэй тулгарч явсан ч шантрах үе гарч байгаагүй. Тэнгэрт ёслоод шүхрээр буух сайхан. Энэ мэдрэмжийг юугаар ч солих аргагүй.




Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Үргэлжлэл бий.


Эх сурвалж "Өдрийн сонин"

Уранаа: "Би босоо монгол бичгээ бодоод омогшиж явдаг"

Манай сонины Берлин дэх сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Өвөр Монголын нэрт дуучин Урнаатай Герман улсад болсон Дэлхийн соёлын багт наадмын үеэр уулзжээ.

Найруулагч Д.Бямбасүрэн "Чингэсийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингэсийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг.

Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм. Тэрбээр Германд ирээд 10 гаруй жил, Каир хотноо дөрвөн жил амьдарсан аж. Уг нь монголчуудтай ураг төрлийн холбоотой гэгддэг Туркт хэсэг хугацаанд байна гэж бодож байжээ. Гэвч яагаад ч юм Каирт үлдсэн гэнэ. Харин Берлин хотод нүүж ирээд хоёр жил болжээ. Энэ тухайгаа яриад "Жинхэнэ нүүдэлчин мөн байгаа биз" хэмээн инээж, Монголын тухай ярих болгонд өөрийн эрхгүй нулимс нь асгарч байлаа. Тэгснээ санаа алдаж "Монгол бичиг хүртэл босоо. Би чинь монгол бичгээ бодоод их омогшдог шүү" гэв. Урнаа удахгүй дахиад л тоглолтоор явах гэж байгаа. Энэ удаад Скандинавын орнуудыг зорих гэнэ.

-Тантай уулзсан болохоор "Чингэсийн хоёр загал" киноны тухай ярихгүй байж болохгүй байх. Германы үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Киног маань Германд маш сайхан хүлээж авсан. Нээлтийг Мюнхен хотноо 2010 оны зургадугаар сард хийсэн, Найруулагч Д.Бямбасүрэн гээд энэ киног хийхэд оролцсон бүх уран бүтээлчид ирсэн бөгөөд дараа нь үзэгчидтэйгээ асуулт хариулт маягаар ярилцсан. Их гүн агуулгатай асуултууд тавьж байсан. Киноны дуу, зураг авалт хоёр их сайхан болсон байна гэж байсан. Дараа нь олон захидал, и-мэйл хүлээж авсан. Очиж тоглолт хийсэн газруудад киног маань олон түмэндээ үзүүлэхийг хүсдэг.

-"Чингэсийн хоёр загал" киноны зургийг Ар Монголд авсан. Ар Монголд анх очоод ирсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?

-Монголд очоод ирсний дараахь сэтгэгдлийг хэдхэн үгээр хэлэхийн аргагүй. Улаанбаатарт бол маш завгүй байсан л даа. Хархорин хүрэх замдаа тал нутгаа харлаа. Сэтгэл их хөдөлсөн, олон ч юм бодогдсон. Бид чинь Ар Монголыг их мөрөөдөж санадаг шүү дээ. Нагай ээж маань бүр бага байхад үлгэр домгоор дамжуулан монгол үндэстний тухай олон сайхан юм ярьж ойлгуулсан. Тэр үеэс л Ар Монголтой цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэрсэн.

-Европын орнуудаар тоглолтоо хийдэг гэж сонссон?

-Америк, Европын орнууд, ОХУ, Тайвань гээд нийтдээ 40-өөд оронд очиж тоглосон.

-Таныхаар хаанахын үзэгчид монгол дууг илүү сайхан хүлээж авдаг вэ. Орон орны үзэгчид ялгаатай юу?

-Миний хувьд нэг их ялгаа байхгүй. Тайзан дээр гарч ирээд үзэгчид рүү харах болгонд их сайхан байдаг. Бээжинд тоглоход тоглолтын дараа хүмүүс ирээд Монголын тал нутаг үнэртлээ, морь үзэгдлээ гэдэг. Мароккод миний тоглолтыг хүүхдүүд их үздэг. Лалын шашинтай орнуудынхан гэхэд чиний дуугаар дамжаад Аллахтай харилцлаа гэдэг. Амьдралын хэмнэл хурдтай Европын үзэгчид тайвширч тархи амарлаа гэх жишээтэй. Азийн орнуудад бол үзэгчид тоглолтын дараа заавал гарын үсэг авч, сүүдэр татуулна. Нэг удаа Тайваньд тоглолт хийсний дараа хоёр цаг үзэгчдэд гарын үсэг зурж өгсөн. Өвөр Монголын Ууха хотод хийсэн тоглолт миний хувьд хамгийн их онцлог. Улс болгон өөр боловч тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдийн сэтгэл нь ариун болдгоороо нэг байдаг.

-Нэлээд хэдэн CD гаргасан гэсэн. Бүгд Германд гарсан уу?

-Нийтдээ би таван CD-тэй. Зарим нь Германд, зарим нь Тайваньд гарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд кинотой холбоотой ажилд нэлээд анхаарч ажилласан. Хамгийн сүүлд 2005 онд "Амилал" нэртэй CD гаргасан.

-Ар Монголд хэзээ очиж гэж байна?

-Урилга ирвэл очно. Очих хүсэл бол маш их байна.

Урнаа нулимс асгаруулан тал нутаг, Ордос нутгийн тухай ярихад "Чингэсийн хоёр загал" дууных нь үг өөрийн эрхгүй санаанд оров.

Эзэн богдын хоёр загал

Ижилдээ юундаа яарна вэ?

Уулын цас хайлбал

Улс ах дүү минь ойртоно

Э.ЗОРИГТ: 50 САЯ ТӨГРӨГТЭЙ Л БОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН Ч УИХ-Д НЭР ДЭВШИХ НЬ

ИЗ-НН-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригттой ярилцлаа.

-О.Бум-Ялагч, Д.Ба сандорж нар Ногоон нам хэвээрээ, ИЗН-тай ний лээгүй байгаа гэж үзсээр байна. Дахиад ч нэг Их хурал хийх сурагтай.

-Онц их хурал гэгчээ тэд өмнө нь хийсэн. Дахиад Их хурал хийх гэж байгаа бол бас л хууль бус болно гэсэн үг. Ямар ч нам дүрмийнхээ хүрээнд ажилладаг. Бид олонхиороо л асуудлаа шийдвэрлэсэн.

-Тэдэнтэйгээ учраа олж болохгүй байна уу?

-Олонхийнхоо шийдвэрийг дагаач, намдаа ирээч гэж бид олон удаа гуйсан, урьсан. Хэл амаа ололцохыг хүссэн. Ирэхгүй л байна. Хэдий болтол гуйх юм, бүү мэд. Тэднийг намаас хасаагүй . Одоо ч намдаа ирэх нь нээлттэй.

-УДШ-ийн намын жагсаалтын гуравт Ногоон нам бий. Энэ нь та нарын хагаралдах шалтгаан болсон уу. О.Бум-Ялагч, Д.Басандорж на рыг та нарын эсрэг турхирах нь Н.Энхбаярын сонирхол мэт зарим талаараа харагддаг. Шүүхэд хэд дүгээрт бүртгэлтэй байх нь сонгуулийн үеэр маш чухал хүчин зүйлд тооцогддог бололтой юм билээ.

-Наадах чинь улс төр сонирхогчдын таамаг юм болов уу. Саяхан их хурлаа хийж ИЗ-НН болчихоод эргээд буцна гэж байхгүй. Бидний хувьд экс Ерөнхийлөгч Энхбаяртай ямар ч холбоо байхгүй. Нөгөөдүүлийн хувьд мэдэхгүй юм. Ямар сонирхол, хэний хатгаасаар яваад байгааг нь таахын арга алга.

-Сонгуулийн тогтолцооны талаар ИЗ-НН-ын байр суурь тодорхой бол сон уу. Одоогийн нөхцөлөөр 24:52 гэсэн хувилбар буюу мажоритар да вам гайлсан холимог тогтолцоог хуульч лах ханд лагатай байна. Энэ нь сонгуулийн шинэчлэл болж чадах уу?

-Манай намын байр суурь маш тодорхой. Цэвэр про порциональ тогтолцооны төлөө байгаа. Гэсэн ч бидний хүссэнээр явахгүй бололтой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард чилал, хөгжлийн баталгаа нь сонгуулийн тогтолцоо шүү дээ.

Нам, насаараа парламентад суух хүсэлд автсан хэсэг хүн, бүлгийн хүсэл нь сонгууль биш. УИХ цэвэр пропорциональ тогтолцоог сонгож чадахгүй ч ИЗ-НН түүний төлөө байнга ажиллах болно. Энэ тогтолцоо сонгуулийг шударга явуулах, сонгогчийн санал гээгдэхгүй байх давуу талтай. Сонгогчийн эрхээ эдэлж чаддаггүй гадаадад байгаа монголчууд саналаа өгөх нь чөлөөтэй, нээлттэй болно.

Хувь хүнийг биш намыг сонгодог болохоор хилийн ча надад ажиллаж амьдарч буй мон голчууд сонгуулийн эрхээ бү рэн утгаар нь эдэлнэ гэсэн үг. Улс төрийн намууд бэхжиж, зөвхөн хөгжлийн тухай ярьдаг, өрсөлддөг болно. Сургууль, цэцэрлэгийн засвар, дээвэр бу дах тухай ярихаа болино. Гэх мэ тээр маш олон давуу талтай. На мын дотоод ардчиллыг бэх жүүлж чадвал зөвхөн мөн гө тэй бус шударга, эрдэм боловс ролтой хүн сонгуульд нэр дэвших зам нээгдэнэ.

-Цэвэр пропорциональ бол го чихоор зөвхөн намын даргаас ха мааралтай болно гэсэн сөрөг тайлба рыг нөгөө талаас өгөөд байгаа.

-Намын даргын утсан хүүхэлдэй, дохиур болж байгаа бол хохь нь шүү дээ. Дотоод ард чиллыг хүлээн зөвшөөрч ча дахгүй бол улс төрийн нам бай гаад хэрэггүй. Намын дарга, бү лэглэлд барьцаалагдсан, “богт логдсон” хүмүүс л ингэж ярьдаг юм. Пропорциональ тогтолцоог авснаар өнөө гомдол мэдүүлээд байдаг эмэгтэй чүүд чинь хууль тогтоох байгууллагад сонгогдох боломж нэмэгдэнэ. Мажо ритар байх тусам эмэгтэйчүүдийн улс төрд орох боломж хаалттай байсаар байх болно.

-Мажоритар давамгайлсан 24:52 гэсэн МАН-ын хувилбараар тогтолцоог хуульч лах байх. Түүнийгээ тог толцооны шинэчлэл, дэвшил хийж чадлаа гэж шоудах нь мэдээж. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна уу?

-Муухайгаар хэлбэл ард түмнээ доромжилж байгаа хэрэг шүү дээ. Таван хүний амь на сыг хохироосон “долдугаар сарын 1”-ний үймээнээс ямар ч сургамж, сэрэмж аваагүйн ил рэл. Ярьснаасаа дандаа буцдаг. Насаараа УИХ-д байх гэсэн цөөн тооны хэдэн хүн, бизнесмен үүдийн эрх ашигт нийц үүлсэн тогтолцооноосоо салж чадахгүй юм байна, МАН. Нийгмийн хүсэн хүлээсэн сонгуулийн шинэчлэлийг хийж чадахгүй бол ИЗ-НН гудамжны тэмцэл өрнүүлэхэд ч бэлэн.

Энэ үйл ажиллагаандаа УИХ-д суудалгүй нам, иргэний хө дөлг өөнүүд, залуучуудыг нэг дэхийг уриалж, хамтран тэмцэнэ. Бид энэ талаар ярилцаж байгаа. Сонгууль гэдэг чинь МАН, АН-ын хэдхэн хүний эд хөрөнгө, эрх мэд лээ баталгаажуулдаг эд биш. Мон гол Улсын ардчилал хөг жих, эс хөгжих тухай, уул уур хайгаас хэт хараат байх эсэх, хүн амын олонх нь ядуу өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөх эсэх тухай л асуудал шүү дээ.

-Тэгвэл АН-ын санал болгоод байгаа 50:26 буюу пропор циональ давамгайлсан хувилбарыг ИЗ-НН дэмжих үү. Батлуулж чадвал чам лахаарг үй амжилт биш үү?

-Одоогийн нөхцөлд болно. Цэвэр пропорциональ руу шилжих том алхам болоосой гэж хүсэж байна. Дэмжиж байна. Ха рамсалтай нь АН дотор 50:26 хувилбарын эсрэг байр суурьтай гишүүн цөөнгүй бий. АН нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг татаж эхэлсэн. Мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийг шахсан ардчиллын эсрэг бу руу бодлого гэж үзэн манай нам түүнд шүүмж лэлтэй хандаж байгаа. ИЗ-НН дун даасаа мөнгөө бос гоод сонгуульд орж ир сэн. Цаашид ч энэ зарчмаараа явах болно.

-Байх ёстой шалгуурын нэг юм биш үү. УИХ 76 суудалтай. Гэтэл АН-аас сонгуульд нэр дэвших хүн хэдэн зуугаараа байна. Мөнгөний босго тавьж байж энэ олон хүнээс 76-г шигшиж байгаа хэрэг байх.

-Наад шалгуур чинь буруу. Гишүүд дундаасаа нам нь мөнгө босгож болно. Үнэхээр шалгуур байх ёстой юм бол докторын зэрэгтэй, өндөр боловсролтой хүнийг дэвшүүлнэ гэсэн нөхцөл тавьчих л даа. 50 сая төгрөгтэй л бол эрдэм мэдлэг хамаагүй хэрэг үү. Мөнгө төлсөн нөхөр панзчин, луйварчин, гэмт этгээд байх нь ч хамаагүй юм байна л даа. Мөнгөний босго бол ингэж л харагдаж байна.

-ИЗ-НН-аас сонгуульд нэр дэвшиг чид багтаж ядлаа гэж саная. Хүссэн, хүсээгүй мөнгөний босго тавина даа.

-Бид хувь хүний итгэл үнэмшил, боловсрол, мэдлэгийг гол шалгуураа болгодог. Их хэмжээний мөнгө барьж ирээд танай намаас нэр дэвшье гэвэл хөөгөөд явуулна. Тийм хүмүүсийг ИЗ-НН-аар дамжуулан хэзээ ч улс төрд оруулахгүй. Ийм үзэл бодолтой хүмүүс ИЗНН- д тунаж үлдсэн.

Го.Энхтөр

Эх сурвалж "Өнөөдөр" сонин


С.ЦОГТБАЯР: ОГТ МӨНГӨГҮЙ Ч ГЭСЭН ОЛИГАРХИ ШИГ ЯВЖ СУР

Шог зураачдыг баруунд вакцин таригчид хэмээн нэрлэдэг. Нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжилж, хоёр нүүр гаргагчдыг уран аргаар илчилдэг учраас ийн нэрлэдэг аж. Тэгвэл зураач С.Цогтбаярыг салбарынхан нь “гайгүй сайн вакцин үйлдвэрлэгч” хэмээн үнэлдэг юм билээ. Зах зээлийн ороо бусгаа үед шог зургийн салбарт үнэнч үлдсэн цөөн хүний нэг нь тэр. Хэдийгээр аливаа зүйлсийн бараан талыг илчлэн харуулдаг ч тэрбээр юухнаас ч гэрэл гэгээтэй хэсгийг нь хамгийн түрүүнд олж хардаг хүн.
-Шог зураг өнөөдөр “тонших” үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Тоотой хэдэн сонинд улс төрийн сэдэвтэй зураг л хааяа гарах юм?
-Хүмүүс тэр дундаа хэвлэлийнхэн шог зургийг сэтгүүл зүйн нэг төрөл гэдгийг умартсантай л холбоотой болов уу. Тэрнээс биш шог зурагт дуртай, сонирхолтой залуус алга болчихоогүй юм. Нөгөө талаас үнэлэмж нь тун бага байдгийн улмаас залуус мөнгө ахиу олох салбар, чиглэл рүү орж байна. Энэ нь тэдний буруу биш, зах зээлийн хууль шүү дээ. Хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн хэсэг зураач шог зургаа зурж, гадаадын үзэсгэлэн, уралдаанд оролцсоор байна. Сүүлийн үед gogo. mn, sonin.mn, baabar.mn-д шог зураг нэлээд гарах болж.
-Болохгүй бүтэхгүйг шүүмжлэх нэг хэрэг. Тэрийг хошин шогоор харуулахад хурц ухаан, мэдрэмж чухал байх даа?
-Хөгжмийн зохиолч, яруу найрагч бол төрдөг юм. Үүнтэй адил шог зураачийг сургаж болдоггүй, энэ бол төрмөл авьяас гэж би боддог. Учир нь хошигнож зурахад нарийн ухаан, торгон мэдрэмж хэрэгтэй. Ихэнх хүн улс төрийн шог зургаар л энэхүү урлагийг хязгаарлаад байх шиг ээ. Улс төр, нийгэм, цаг үе, цагаан, хөрөг гээд дотроо уг нь олон төрөлтэй. Мөн барууны хэвлэлүүдэд тоймчийн шог зураг гэж бий. Улс төр, нийгмийн үйл явдлыг тоймлон шог хошноор зурдаг нь тэр. Шог зураг Пулитцерийн шагналын нэг төрөлд багтдаг нь ямар чухал салбар гэдгийг харуулж буй.
-Ингэхэд та хэдийнээс уран бүтээлчийн зам руу орсон бэ?
-Би багаасаа л зурах дуртай байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөж, 1980 онд ДУДС-д элссэн юм. Тэр үед “Тоншуул” 120000 уншигчтай, нэр нөлөөтэй сэтгүүл байлаа. Мөн тэр үед Данийн шог зураач Херлуф Бедструпийн бүтээлүүд бараг айл бүрт байна.
Шог зураг сонирхоход надад нөлөөлсөн зүйлс энэ. 1982 онд “Тоншуул”-д зургаа анх нийтлүүлсэн нь урам зориг өгч, шог зурагт эргэлт буцалтгүй орсон доо. Төрийн том хэвлэлд бүтээлээ нийтлүүлнэ гэдэг жирийн оюутан миний хувьд том боломж байлаа. Ц.Байды, Ц.Доржготов, В.Одгийв, А.Гүрсэд гээд тэр үеийн мундаг шог зураачдаас үлгэр дуурайл авдаг байв.
-Оюутан байхдаа зурсан зургаасаа болж дээрээс банга хүртэх, шийтгүүлэх тохиолдол гарч байв уу?
-Тухайн үед тийм зүйл гарсан л юм билээ. Байгаль хамгаалах сэдэвтэй зургийг маань Ю.Цэдэнбал даргатай адил болсон гээд нэлээд яриа болсон гэдэг. Гэхдээ би өөрөө сүүлд нь сонссон л доо. Залуу хүнийг мохоочих вий, шог зургаас хөндийрүүлчих байх гэсэндээ манайхан надад хэлээгүй байх.
-“Тоншуул” сэтгүүл сүүлийн үед гарахаа больжээ?
-Манайд чөлөөт хэвлэл хурдацтай хөгжиж байна. Чөлөөт хэвлэл тухайн нийгэмд вакцин нь байдаг. Тэрхүү орон зайд “Тоншуул” үгүйлэгдэж байгаа нь үнэн. Өндөр төвшний сайн сэтгүүл гаргахаар бид ажиллаж, бэлтгэлээ хийж байгаа. Би хугацаа товлох дургүй. Хэрвээ хугацаандаа багтахгүй бол худлаа ярьсан мэт эвгүй байдаг юм. Сонгууль дөхөхөөр ямар ч завгүй болно. Их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийх, гаднын үзэсгэлэн, уралдаанд оролцох ч хэрэг гарна. -Чөлөөт хэвлэл вакцин болж чадаж байгаа гэж үү. Ихэнх сонин нийгмийг эрүүлжүүлэхээс илүүтэй хов жив л хөөцөлддөг шүү дээ. Хүмүүс ч тэрнийг нь дуртайяа уншаад л.
-Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудад бус хүн төрөлхтөнд хамаатай юм. Хэн, ямар хэрэг хийв, хэнтэй явж байна, юу өмссөн гэдгийг мэдэхийг хүсэх нь хүний төрөлх араншин юм болов уу. Гадаадын сайт, сэтгүүлд бөөн хов жив л байгаа. Гэтэл зөвхөн монголчууд л хүний мууд дурладаг, бид л архичин, залхуу гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй. -Та өнөөдрийн нийгэм болон амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун гэвэл хангалуун байгаагийн жишээ олон. Хөгжиж, сайн сайхны зам руу орсон явдал зөндөө байна. Бид хориодхон жилийн дотор их өөрчлөгдөж, дэвшиж чадсан. Гэтэл манайхан гаднын том улсууд руу явж ирээд эх орноо харьцуулж боддог. Үнэн хэрэгтээ тэдгээр улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ёс төлөвшөөд хэдэн зууны нүүрийг үзчихсэн байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч голдуу хар бараан талын зүйл үзүүлнэ. Ард түмэнд тиймэрхүү дохио өгөх нь зарим улстөрчид ашигтай байх.
Тэрнээс биш бид сайн сайхан руу л явж байна шүү дээ. Өнөөдөр чи захын нэг дэлгүүрт ороод кока кола, 500 төгрөгөөр бохь аваад зажилна. Залуусын хувьд энэ бол байдаг л зүйл. Гэтэл социалист нийгмийн үед энэ нь бараг л мөрөөдөл байлаа шүү дээ.
Тэр цаг үеийг марталгүй санаж, дурсах нь өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, ирээдүйдээ итгэхийн нэг үндэс. Монгол хүн эх орондоо дуртай, хүссэн ажлаа хийж, сайхан амьдрах нөхцөл бүрдсэн гэж би боддог. Боломж 100 хувь таны өмнө бий. Тэрхүү боломжийг ашиглах эсэх нь таны л дур. Ургацын үрийг хавар нь цацаж, намар хурааж авдагтай адил ардчилал манайд зохих ёсоороо хөгжсөөр байна.
Харин ч илүү хурдацтай, зөв тийшээ хөгжиж байх шиг ээ. Монгол хүний дасан зохицох, хөрвөх чадвар үүнд ихээр нөлөөлж байгаа болов уу. Тиймээс би амьдарч буй нийгэм, цаг үедээ сэтгэл хангалуун байдаг. -Таныг эсрэгээр нь хариулах байх гэж бодсон шүү. Уг нь бурууд нүд хурц байж нийгмийг шүүмжилж, шогчилж зурна биз дээ? -Би өөдрөг үзэлтэй хүн болохоор юуг ч сайнаар харахыг хүсэж, хичээдэг.
Тэгээд ч заавал өө эрж, буруу хайгаагүй байхад л шог зургийн санаа гарч ирээд байна шүү дээ. Улс төрийн амьдралыг байгаа чигээр нь зурахад л сайхан шог зураг болох жишээтэй. Хүмүүс ч улс төрийн тиймэрхүү үзэгдэлд бүр дасчихаж. Зургийг маань үзсэн хүмүүс “Энэ юу нь шог зураг байгаа юм. Угаасаа ийм байдаг биз дээ” гэж хэлэх тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, улс төр-уран шог болж, би хуулаад л зурчихаж байна. Улс төр хошин шог байхаа больж, шог зураачид маш их хөдөлмөрлөж байж тэднийг зурах цаг удахгүй ирэх байх аа.
-Та эх оронч хүн үү?
-Монгол илүү хөгжихийг, монголчуудын амьдрал улам сайхан болохыг хүсдэг тул өөрийгөө эх орондоо хайртай хүн гэж хэлнэ. Хамгийн гол нь хүн бүр хийж буй ажлаа хамгийн сайнаар нь хийж чадаж байвал л хөгжинө шүү дээ. Тэрнээс биш “Эх орон” гэж чанга хашгирснаар энэхүү ойлголтыг хэмжиж болохгүй.
-Ном бол тархины фитнесс гэсэн.
-Ном хүний виртуал сэтгэлгээг сайн хөгжүүлдэг. Жишээ нь уран зохиолын ном уншихад гол баатруудыг тархиндаа зураглаж, үйл явдлыг нь ургуулан бодно. Киногоор бол найруулагч хийж байна гэсэн үг. Номын давуу тал энэ учраас технологи өндөр хөгжсөн өнөө үед алга бололгүй улам сайжирсаар уншигчдынхаа хүрээг тэлж байна. Хүүхдүүд ном уншихаа болилоо гэж ярьдагтай би санал нийлдэггүй. 1990 оны дундуур хүмүүс ном унших нь битгий хэл идэх ч хоолгүй явсан нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголд номын дэлгүүр олширч, хэвлэлийн компаниуд ч олон бүтээл хэвлэх болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Эдвард Радзинскийн “Сталин”-ыг саяхан уншлаа. Мөн сүүлийн үед блогоор их аялж байна. Ялангуяа Аанхаа, Артаньян, Гамп нар сонирхол татдаг юм. Тэдний блог монгол хэлний дүрэм, үгийн санг устгах нь гэхчилэн ярьдаг л даа. Мэдээж дутагдалтай зүйл байгаа. Гэхдээ энэ бол бичлэгийн шинэ хэлбэр, сэтгэлгээний хэв маяг гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь гаргаж буй санаа, илэрхийлсэн арга хэлбэр нь тун өвөрмөц.
-Дүн өвлийн хүйтнээр эсгий гутал өмсөж, үстэй дээлийнхээ энгэрт пянз хийчихээд солилцож, худалдахаар Дэнжийн 1000 руу явдаг байсан гэж та хэлсэн. Хүссэнээ интернэтээс олдог өнөөдрийн хүүхдүүдийн хувьд энэ нь яг үлгэр мэт сонсогдох байх?
-Барууны дуу хөгжим сонсохыг хориглодог байсан тэр цаг үед бид хөгжмийг тэгж л сонсдог байлаа. Арайхийн нэг пянз олбол тэрийгээ ямар удаан ухаж сонсоно гээч. Харин сүүлийн үед cd, dvd, blu-ray диск, интернэт гарч ирснээр технологийн хөгжлийг гүйцэж цуглуулах хэцүү болсон. Гэхдээ л пянз сонсох дуртай хүмүүс манайд байсаар байна. Хообий гэдэг нэг төрлийн дон шүү дээ. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг нэг төрлийн жаргал.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр.
-Тэд таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Дизайны мэргэжилтэй хүмүүс бий. Би анх хүүхдүүддээ ингэ тэг гээд их заадаг байлаа. Хүнийг хүчээр шахах нь үр дүнгүй ажил гэдгийг удалгүй ойлгосон. Тиймээс тэдэнд загас өгөх бус, загас барих аргыг зааж өгөхийг хичээсээр ирсэн. Одоо өвөө болсон болохоор хүүхдүүдээс илүүтэй ач нарын хүмүүжилд анхаарч байна даа. Эхнэр маань дулааны инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.
-30 орчим жил шог зураг зурснаас дүгнэхэд нийгмийн аль хэсэг элэглэлийг хамгийн эмзэг хүлээн авч байна вэ?
-Хэдэн жилийн өмнө UBS телевизээр явуулсан хөтөлбөрөөр рок попын эмэгтэй дуучдыг нөхөрсгөөр шогчилж зурсан юм. Дэмий юм билээ. Ер нь ямар ч төрлийн элэглэлд бүс гүйчүүд их эмзэглэдэг. Эмэг тэй хүн байгалиасаа л гоо сайхан байхаар заяагдсантай нь холбоотой болов уу.
-Таны амьдралыг бүхлээр нь өөрчилсөн үйл явдал, нөлөөлсөн хүмүүс байдаг уу?
-Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал миний төдийгүй бүх монгол хүний амьдралыг өөрчилсөн. Тэр чинээгээр ардчилал, эрх чөлөө миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Эрх чөлөөний үнэ цэнэ гэж юу вэ. Зарим нэг нь хүссэн бүхнээ хийх нь эрх чөлөө хэмээн ойлгож, бүр төрийн ордон руугаа нум сум тавьж байна.
-Хэрвээ манайхан эрх чөлөө хаагдмал улсад очвол өөрсдийгөө ямар сайхан газарт амьдарч байгаагаа ойлгох болов уу. Би саяхан БНАСАУ, ОХУ-ын Халимаг яваад ирлээ. Тэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэж байгааг мэдэрсэн. Монголын олон мянган хүний хүсэж мөрөөдөж эцсийг нь хараагүй тэр нийгэмд бид амьдарч байна. Манжийн дарлалын үед амьдарч байсан хүмүүс, Р.Чойном, Б.Ринчен нарын сэхээтэн, өдгөө дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол угсаатнуудтай харьцуулахад бид диваажинд амьдардаг гэж болно.
Хойд насандаа Монголд хүн биш юм гэхэд амьтан болж төрөхсөн хэмээн уйлан ярьдаг хүмүүс ч байна. Гэтэл Монголд ямар байна вэ? Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн ордон руугаа буу барих нь холгүй дайрч, нум сум харваж, тэрийгээ бүр ид хав, бахархал болгож байна.
Ардчиллын буянаар олдсон эрх чөлөөгөө дааж явах хэрэгтэй. Хөгшчүүл “Буян дааж явах” гэж ярьдаг даа. Бид ч өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёл хийгээд ард чиллын буяныг даах ёстой. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн хэлсэнчлэн “Хон гилын үзүүрт гэрэл асаж байна”. Монголын баялаг өдөр ирэх ту сам л нэмэгдэж бай на. Манай улсын төсөв хэдэн сая дотор эргэлддэг байлаа. Тэгвэл тэрбум, мил лиард болтлоо өссөн.
Энэ бол амжилт мөн. Хөгжиж буй ямар ч улс, аль ч нийгэмд бэрхшээл, зовлон байлгүй яах вэ. Америкт хүртэл асуудлууд байгаа. Хамгийн баянд тоо цогддог Арабын ул суудад гэхэд л эрх чөлөө боогдмол байх жишээтэй. Ингээд бодохоор энэ цаг үе бол монгол хүн хүссэн зүйлээ хийгээд амьдарч чадах эрх чөлөөтэй үе юм. Хэрвээ боломжийг ашиглаж чадахгүй бол уучлаарай, өөрийн чинь л буруу тэр.
-Та шашинд итгэдэг үү?
-Би бүх шашныг хүндэлдэг. Бурхны шашинд сүсэглэж явдаг. Зав, боломж гарвал тэр чиглэлийн ном уншиж, судлахыг хичээнэ ээ. Би мухар сохроор дагах бус утга учир, мөн чанарыг нь мэдэхийг эрмэлздэг. “Бодь мөрийн зэрэг”, “Агнистийн гэгээ” цувралыг уншсан. Шашин шүтдэггүй хүнээс айх хэрэгтэй гэж барууны оронд ярьдаг.
Учир нь шашныг дагаад тухайн хүнд итгэл бишрэл, үнэ цэнэ бий болдог юм. Үүнээс хамгийн чухал нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлээ амар амгалан болгож чадаагүй бол хэчнээн их хөрөнгө, мөнгө цуглуулсан ч чи зовсоор байх болно. Хамаг л муу муухай бүхнийг бодож, дотроо хураагаад байвал сэтгэл бохирдоно. “Огт мөнгөгүй мөртлөө олигархи шиг явж сур” гэж би хэлдэг юм.
-Үйлийн үрийг тоолууртай зүйрлэсэн тань их сонирхолтой юм билээ?
-Муу юм хийх, бодох тусам үйлийн үр хураагдаж, өөртөө зовлон тарина. Үйлийн үр гэдгийг би хүний толгой дээр байдаг тоолууртай зүйрлэдэг юм. Цахилгаан гүйх тусам тоолуур дээрх тооны хэмжээ өснө дөө. Үүнтэй адил муу юм бодоод, хийгээд л байвал толгой дээрх тоолуурын тоо гүйгээд байна. Цахилгааны тоолуурыг соронз тавин тоог нь багасгах зэргээр зальдагч этгээдүүд бий л дээ.
Тэгвэл толгой дээрх үл үзэгдэгч тоолуурыг яаж ч аргалж болохгүй. Бурхны шашны зураг, барималд араг яс, хохимой толгой их дүрсэлсэн байдаг. Хүн үхлийн тухай эргэцүүлэх тусам амьдралыг илүү танин мэдэж, утга учиртай амьдралд хүрч чадна гэсэн санаа тэр болов уу. Хүний амьдрал хэчнээн богинохон цаг нь болоход үхнэ гэдэг ямар амархан билээ. Тэгэхээр яг одоо амьдарч, амьсгалж буй хугацаандаа л сэтгэл хангалуун байж, амьдрал ямар сайхан болохыг мэдрээрэй.
-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та аль цаг үе рүү явах бол?
-Хэрвээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол би хамгийн түрүүнд сууна даа.

Б.Эгшиглэн
Эх сурвалж "Өнөөдөр" сонин"