Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир:Тэд биш бид АН-ыг засгаас гаргах байсан юм


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намын харьяалалтай болгоны толгойн өвчин болсон, нэр дэвших эрхмүүдийн анхаарлыг татаж байгаа сэдвээр яриагаа эхэлье гэж бодлоо. Сонгуулийн жилийн эхэнд намын тань рейтинг ямар байгаа вэ. Та юу гэж бодож байна?
-Рейтинг тогтоох судалгааны тухайд миний хувьд хийсэн юм алга. Тэр талаар нэг их бодсонгүй. Тийм зав, боломж ч олдсонгүй. Тэгээд ч сонгуулийн хуулиар нэгдүгээр сарын 1 -нээс хойш иймэрхүү судалгаа энэ тэр хийж болохгүй гэсэн биз дээ. Ний нуугүй хэлэхэд, яг хууль батлагдсаны дараа "Хүүе, хаая юмаа хийж амжаагүй байна шүү дээ. За яахав тухайн үед нь хууль журмынх нь дагуу явъя" гээд л өнгөрсөн. Тэгэхээр надад албан ёсны судалгааны дүн, энэ тэр алга. Иргэдтэй уулзаж, яриа хөөрөөг нь сонсож байснаа дүгнээд хэлэхэд манай намын рейтинг харин ч гайгүй юм уу гэж харж байна. Миний хувьд ч тойрогтоо боломжийн нэр хүндтэй байгаа гэж бодож байгаа шүү /инээв/. Аливаа зүйлийн рейтинг юугаар тодорхойлогдох вэ гэдгийг өргөн далайцаар нь бодож үзэх хэрэгтэй гэж боддог. Энэ утгаар Ардын намын рейтинг гайгүй байгаа гэж харж байгаа юм. Хүмүүс манай намыг "Та нар төрийн ажлыг тулхтай, суурьтай явуулж байна" гэж ярьж байна. Мэдээж, хувь хүмүүстэй холбож байж болох юм. Тэр нь хэн, хэн гэдгийг яриагүй. Ямар ч байсан нэг талаас нь сайн гэж үнэлээд байх шиг.
Орон нутагт томилолтоор явж байхад, тойргийнхоо иргэдтэй санал солилцоход иймэрхүү зүйл ярьж байна лээ. Араас нь захиж хэлж байгаа үг зөндөө байна.
Та нар ийм зүйлийг анхаараарай, хүн ардынхаа төлөө хийх зүйлээ бодож хийгээрэй гэх мэтээр захиж байна. Ер нь янз бүрийн амлалтуудыг хязгаарлах хэрэгтэй гэж иргэд хэлсээр байгаа.Ард, иргэд биднийг "Тэнгэрийн хүмүүс"гэдэг болчихож. Тийм учраас "Жаахан доошоо буугаач", "Ард түмэндээ ойртооч" гэж байна. "Хаа хамаагүй ажлын байр бий болгож, бэлэн зэлэн юмаар угжих биш, төлөвлөгөөтэй ажиллах ёстой" гэж шүүмжилж байна. Өнөөдөр төр, засгаас сайн сайхан юм хийж байгаа гэж хэчнээн хэлж, зарлаад,тэр нь ард түмнийхээ амьдралыг өөд татаж чадахгүй бол хэрэггүй биз дээ. "Загас барьж өгөх бус яаж барих аргыг нь зааж өг" гэдэг үгийн үнэ цэнийг бид тунгааж үзэх хэрэгтэй юм. Гол нь хүнд, амьдралд нь хэрэг болох юм хийх хэрэгтэй байна. Өнөөдөр хэдэн мянгаар ажлын байр бий болголоо л гэнэ, Оюутолгой, Тавантолгойн сургалт гээд зөндөө ажил болж л байна. Гэхдээ хэн ч байсан хүн болж төрснийх ажил, хөдөлмөр эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртэж, энэ амьдралаас аз жаргалыг олж авч байх ёстой биз дээ. Төр, засгаас зарлаад байгаа олон үзүүлэлтийн цаана монгол хүн жаргаж байна уу гэдгийг харахаар хараахан биш байна. Эхлээд хүн ардаа ажлын байртай, гэр бүл бүхнийг цатгалан, хангалуун болгочихоод та нар улс оронтой холбоотой, бодитой юмаа ярь гэж иргэд хэлж байна. Ард иргэдийн амьдралынхаа төлөө ярьж, хэлж байгаа үг үнэн шүү дээ.
-Та намынхаа нэр хүндийг гайгүй байгаа гэж бодох нэг хэрэг. Өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар нэр дэвшлээ. "Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ" гэж олон нийтийн өмнө амлаж байсан хүн хариуцлагаас зайлсхийж, сайдын суудал руу зүтгэж байгаа нь намынх нь нэр хүнд муу, ирэх сонгуульд явцгүй болчихсон юм байна гэсэн ойлголт төрүүлж байгаа юм биш үү. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би тэгж харахгүй байгаа. Тэргүүн шадар сайд гэдэг чинь ажил хийх гэж очиж байгаа биз дээ. Ажлаараа зангидаж, манлайлах гэж байгаа юм болов уу гэж ойлгож байна.
-Хамтарсан засаг тарснаар ор гарсан сайд нарын суудалд МАН өөрийн гишүүдийг томилж байна. Таны нэр хүртэл сайдад яригдаж байсан байхаа?
-Миний нэр хэвлэлүүдэд  гарсныг харсан.
-Боловсон хүчний бодлого, хүний нөөцийн асуудлыг хуйвалдааны журмаар явуулж байна гэсэн шүүмжлэл багагүй гарсан. Сурснаар дулимаг, боловсрол нимгэн хүмүүс сайд болох нь гэсэн яриа ч дуулдаж байна. Энэ талаар ямар байр, суурьтай байна?
-Манай нам боловсон хүчний нөөц муутай биш шүү дээ. Харин томилгоо нь яаж явчихав гэдгийг ярих ёстой байх. Томилогдсон хүмүүсийн тухайд ярих учиртай. Гэхдээ хэн ч, юу ч ярьж байсан тухайн салбартаа очоод, ямар ажиллаж байгаагаа эхлээд харуулах хэрэгтэй. Дараа нь харин чаддаг, үгүйд нь үнэлгээ өгье. Түүнээс би шөнө өдөр тэр хүмүүсийг ажил хийж чадахгүй гэж хэн мэдэж хэлээд байгаа юм, чадна гэж бас хэн мэдээд байгаа юм. Мэдээж, олуулаа хэлэлцсэн юм чинь ямар нэгэн дүгнэлт гаргасан байж таарна. Олон хүн өрсөлдсөн. Тэр дотроос гарч ирж байгаа юм чинь чадна гэж бодож байгаа биз. Ер нь тэгээд нэр дэвшинэ гэдэг чинь өөрийгөө бүрэн болчихжээ, би чадна гэж бодсон хэрэг биз дээ. Түүнээс биш нэг хүн дэвшүүлчихээр "Намайг дэвшүүлчихсэн юм чинь би яахав дээ" гэх юм уу, "Дэвшүүлсэн учраас би азаа үзсэн юм аа" гэж байж болох уу. Өөрөө дуртай даа, чадна гэж бодсон учраас нэрээ татахгүй үлдсэн юм байгаа биз дээ.
-Та хэрэв Батлан  хамгаалахын сайд болсон бол өөртөө итгэлтэй байсан уу?
-Батлан хамгаалахын салбарыг яаж авч явах ёстой вэ гэсэн ойлголт надад бий.
-Сайд болчих юмсан гэж бодож байв уу?
-Болчихъё гэж бодоогүй.
-Яагаад?
-Батлан хамгаалах том салбар шүү дээ. Тэнд хийх ёстой бодлогын олон  зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Батлан хамгаалах гэхээр арми гэдэг үгээр өнгөц, богинохон ойлгож болохгүй. Улс орны зэвсэгт хүчний асуудал гэдэг амин чухал юм.
-Зарим хүн сайд болохоор ихээхэн зүтгэж мөнгө, төгрөг тараасан ч гэнэ үү, янз бүрийн юм сонсогдож байна?
-Өө тийм үү. Баян хүмүүс яахаа өөрсдөө мэдэх хэрэг шүү дээ.
-Та нэгэн пагт АН-ын сайд нарыг "Өөрсдөө дуртайдаа өвөрт гүйж орж ирчихээд, зайлцгаа" гэж хөөж байсан. Хөөгөөд байхад гараагүй хүмүүс өнөөдөр өөрсдийнхөө хүслээр засгийн хаалгыг хаачихлаа. Та алгаа ташиж байна уу, эсвэл амаа барьж байна уу?
-Би хэлдгээ хэлчихсэн шүү дээ. Тэдэнд хийх юм байсан. Түүнийгээ хийчихсэн. Тийм болохоор л гарч байгаа. Уг нь тэднээр хийлгэх шаардлагагүй л байхгүй юу. манайхан. Тэд биш бид АН-ныг Засгаас гаргах ёстой байсан юм. Даанч хугацаа алдчихлаа. Одоо АН-ынхан гарчихлаа, үлдсэн хугацаа богино. Улс төрийн сонгуульд орохоос өмнө юу хийж, амжуулахаа манайхан даруйхан шийдэж, хийх ёстой.
-Ирэх сонгуульд дахиад хамтарна гээд байх юм МАН,АН?
-АН тэгж горьдох хэрэггүй байх.
-2012 онд Булганаас нэр дэвших горилогчдын урт жагсаалт гарсан байна лээ. Та тэндээс нэр дэвших үү. Тойргоо солиогүй биз дээ?
-Нэг юм анзаарагдаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл, 2004 оноос хойш ер нь Их хурлын гишүүн болчихвол яадаг юм гэсэн хүн олон болчихсон. Тэгэхээр Их хурлын гишүүн гэдэг өөрөө хэн юм бэ гэсэн асуулт гарна. Их хуралд орно гэдэг уг нь хүн болгоны бодоод байгаагаас өөр ойлголт юм. Уг нь дуулдаг нь дуугаа дуулаад, барилддаг нь бөхөө барилдаад явмаар юм. Улстөрд бэлтгэгдсэн, шат шатанд ажиллаад үзчихсэн, хуулиуд нь амьдралд яаж буухыг ойлгочихсон хүмүүс УИХ-д ороосой гэж би хүсдэг. Гэтэл манайхан залуучуудаа дэмжье гээд л хөөрцөглөөд байдаг. Тэд өнөөдөр ажлаа хийх ёстой болохоос биш энэ төвшинд суух нас нь ч , туршлага нь ч болоогүй.
-Нэг асуулт байна. Та Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын хэвлэлээр болон ҮЗХ-ныхоо хурлаар илэрхийлсэн байр, суурийг харсан байх. Зам, барилга, бүтээн байгуулалтын салбарт хийх олон ажлыг шийдвэр гаргах төвшинд чөдөрлөсөн учраас урагшилсангүй гэж ярьж байгаа. Замын асуудлаар нэлээд ярьдаг, бүтээн байгуулалтын тухайд ч байр, сууриа илэрхийлдэг гишүүний хувьд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Би АН-ын ҮЗХ-ны шууд нэвтрүүлгийг телевизээр харсан. Х.Баттулгын яриад байгаа зүйлүүдийг би мэдэхгүй шүү дээ. Засгийн газар юм шийдэж өгөөгүй гэж байна лээ. Тэгэхээр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг би яаж мэдэх вэ. УИХ бол салбарын асуудлыг хангалттай шийдвэрлэж өгсөн. Мөнгө санхүү, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаа гээд зөндөө юм шийдэж өгсөн. Хотод зах зухаасаа хэрэгжиж байна. Удаашралтай байгаа нь үнэн. Тиймээс яаравчлах шаардлага бий. Ялангуяа нийслэлд орон тоо, бүтцийн хувьд нэмэгдсэн ч ажлынх нь хурд нэмэгдсэнгүй.
-Ардын нам генсекийн эрэлд мордсон гэх юм. Энэ үнэн үү?
-Эрэлд гараад яахав дээ, боловсон хүчин мянга, мянгаараа байхад.
-Дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох сураг байна?
-Магадлалтай.
-Тэгж үзэх үндэслэл нь юу вэ?
-Ер нь У.Хүрэлсүх даргын хийж байсан ажлыг дандаа л өвлөж авч байдаг хүний хувьд Содоог хамгийн магадлалтай гэж үзэж байна.
-АН-ын дарга Н.Алтанхуяг намаа удирдахын зэрэгцээ, Тэргүүн шадар сайдын албыг хашиж бай-сан. Танай намын дүрэмд юу гэж заасан байдаг вэ?
-Манай намын дүрмээр бол тийм боломж байхгүй. Гэхдээ хурлаар шийдэх байх. Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийчих хүн манай намд захаас аван бий. Гэхдээ тэр хүн сонгуульд менежерээр ордог учраас нам ямар нэгэн шийдэл заавал гаргах ёстой.
Нийтлэлч
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ

Э.Мөнх-Очир: Ц.Батбаярыг Засгийн газарт оруулчихвал бас л дүнхүү юм яриад эхэлнэ


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Ерөнхийлөгч МАН-ын сайдуудын томилгоон дээр улс төрийн өнцгөөс шүүмжлэлийн байр суурь баримталж байна. С.Батболдын Засгийн газар болохоос Ц.Элбэгдоржийн Засгийн газар биш шүү дээ?
-МАН-аас томилж байгаадаа биш ямар хүмүүс томилох гэж байна вэ гэдэг дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуультай юм чинь хэлэх нь зөв. Мэдээж, боломжгүй гэж үзэж, хаалт хориг тавих нь бүрэн эрхийнх нь асуудал. Гадуур уур амьсгал ямар байгаа вэ гэдгийг нам дотроо ярих нь бас өөр асуудал. Зөв хүнээ олж тавьсан уу гэдэг ч юмуу.
Зарим тохиолдолд шаардлагатай хүнээ шуудхан хэлээд, өрсөлдүүлэх нь зөв байдаг.
Энэ нь бол удирдлагын гаргах шийдвэр. Удирдлагын гаргасан шийдвэрийг Удирдах зөвлөл ч тэр, намын бүлэг ч санал хураалтаар тодорхойлчихсон шүү дээ. Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд болж байсан үйл явдлуудтай холбоотойгоор асуудлууд чинь шийдэгдсэн үү гэж л асуусан. Тэр нь ямар байдлаар бусдад туссаныг хэлж мэдэхгүй.
-Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн гэж үү. МАН-ын гишүүн гэхэд намын жанжин шугамаасаа гажсан хариулт өгөөд байна уу?
-Яагаад болохгүй гэж. Жишээ нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогдсон тойргийнхоо нэг сумынхны амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихөөсэй гэж бодоод хэлснийг зүйтэй гэж бодож байна. Түүнээс Засаг дарга нь тэнд цианит аваачаад хаячихсан юм байхгүй л дээ. Түүнийг нь хорьж, хаах ёстой байсан мэргэжлийн байгууллагууд нь юугаа хийж байсан юм бэ.
Засаг дарга нь мэдээж иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй.
Тэгэхээр асуудлыг их өргөн харах ёстой. Тухайн үеийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж ажилласан. Ямар сайндаа Эрүүл мэндийн сайд нь тэр чигээрээ бэлгийн замын халдвар авсан байна гэж хэлээд онигоонд орж байсныг мартаагүй. Тиймээс асуудлыг тэр үеийн сайд нартай ч ярих ёстой.
-Тийм болохоор Хонгорын асуудлыг Эрүүл мэндийн сайд асан С. Ламбаагаас асуух ёстой байсан юм биш үү. Хэтэрхий улстөржөөд?
-Ерөнхийлөгч Хонгор суманд асуудал байна гэдгийг гаргаж тавилаа. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа «Үгүй шүү дээ. Улсын дунджаар бараг өвчин байхгүй. Хүн үхэхгүй байгаа юм биш үү» гэж байнгын хорооны хурлын үеэр хэлж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн асуулт улстөртэй холбоогүй болов уу.
-Энэ тал дээр таны бодол ийм байдаг юм байна. Ингэхэд танай намын бүлэг дотор сайд болж чадаагүй хүмүүс нэлээд бухимдалтай, буцлаад яваа сурагтай?
-Буцлаад байгаа хүмүүс бий гэж сонссон. Буцалж л байг.
-Та ч сайдад нэр дэвшсэн. Бухимдаж, буцлахгүй байна уу?
-Ний нуугүй хэлэхэд сайд болъё гээд гүйсэн юм надад алга. Ер нь томилогдвол хийж чадна гэж хэлсэн. Тэгээд ч миний сонирхож, чадна гэсэн салбарын томилгоо яригдаагүй учраас чадна гэж хэлээгүй. Батлан хамгаалахын сайдад миний нэрийг салхиар хийчих шиг болсон. Бүлэг дээр найман хүний нэрийг уг албан тушаал дээр дэвшүүлж байна л гэсэн. Ер нь найман хүний нэрийг дэвшүүлдэг нь ч ямар учиртай юм. Энэ талаар юу гэж бодож байна гээд асуухаар би нэрээ татлаа л гэчихсэн. Болъё гэсэн хүсэлтэй хүмүүс нь өрсөлддөг юм байгаа биз. Сайд болъё гэж бодоогүй хүний нэрийг дэвшүүлчихдэг. Дараа нь нэрээ татахаар ийм хүмүүс дэвшээд больчихлоо гээд манай бүлгээс мэдээлж байдаг нь мангарын дээд мангар байхгүй юу.
-Бүлгийн дарга хариуцлагагүй мэдэгдэл хийчихсэн болж таарах гээд байна уу?
-Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Би дэвшинэ гээд санал хэлсэн биш. Тэр бүхнийгээ ч гадагшаа цацаж байх шаардлага ч байхгүй. Болъё гээд гаслаад, цовхчоод байгаа хүмүүс нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Дэвшсэн шүү, одоо гомдоод явж байгаа юм гээд хэлж болно. Нөхдийнхөө дэмжлэгийг аваагүй мөртлөө зохион байгуулалтад орсон гэж яриад явж байгаа хүн ч байна. Тэгвэл уучлаарай, зохион байгуулалтад орсон гэж яриад байгаа хүн өчигдөрхөн л зохион байгуулалтад ороод байнгын хорооны дарга болсон байж таарах уу. Удирдах зөвлөл байнгын хорооны дарга гэхээр зохион байгуулалтаар яваад болоод байдаг. Тийм юм гэж байдаггүй л байхгүй юу.
-Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайд болгоно гэж амалчихаад, Удирдах зөвлөлдөө битгий дэмжээрэй гэж хэлсэн юм уу. Намын дарга хүн ингэж хударгагүй загнаж болохгүй биз дээ. Тийм ч болохоор сайд болоогүй гомдогсдын арми танай нам дотор хүрээгээ тэлээд байгаа юм биш үү?
-Ерөнхий сайдыг тэгж үг хэлэх үед та хажууд нь үг байсан юм уу?
-Үгүй ээ. Гэхдээ танай намынхан дотор иймэрхүү яриа байгаа учраас танаас тодруулж байгаа юм?
-Хажууд нь байгаагүй л бол ор үндэслэлгүй зүйл бүү ярь. Тэгж яриад байгаа хүмүүс ч гэсэн Ерөнхий сайдын  хажууд нь байсан болж таарах гээд байна уу. Үгүй шүү дээ. Өнөөдөр УИХ-ын  гишүүн Ч.Улаанд С.Батболд дарга тэгж хэлснийг хэн  нотлох юм бэ. Би С.Батболд  даргатай зөндөө уулзаж, ярилцаж байсан. Ярьсандаа л байдаг хүн. Хэзээ ч тэгнэ, ингэнэ гэчихээд ар хударгаар  нь тэг гэж бусдад даалгавар  өгдөг хүн биш.
-Та намын даргаа хамгаалаад байна уу?
-Хамгаалсан юм алга. Тэгж хэлэхгүйг нь сайн мэдэж байна.
-Яагаад. Та түүнийг тийм сүрхий мэдэхээр ойр дотно нөхөрлөдөг гэж үү?
-Үгүй.
-Танай нам доторх «Элсний-13» сэргэж, С.Батболдын эсрэг фракц, бүлэглэл сайдуудын томилгооноос болоод бий боллоо. МАН дотроо хагаралтай байгаа учраас Ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүлэн зайлуулж байгаа гэдэг дээр ямар хариулт өгөх вэ?
-Би УИХ дахь намын бүлгийн хурал, Удирдах зөвлөл дээр хийсэн мэдээллийн дагуух зүйлийг л мэднэ. Тэнд юу яригдсан бэ гэж сонирхоод байвал хариулж болно шүү дээ. Маш тодорхой. Өөрөөр хэлбэл сонгууль ойртож байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийг" газартайгаа холбогдож ажиллана. Ажлаа уялдуулна. Цуг албан тушаал хашина гэсэн.
-МАН удахгүй хуралдах Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргынхаа томилгоог хийнэ гэгдэх болсон нь ямар учиртай юм бэ?
-Тийм зүйл ярихгүй. Харин шинэ хаших албан тушаалыг л ярих болов уу.
-Намын дүрэмдээ Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооных байна гэж заачихсан биз дээ?
-Дүрмэндээ орон тооных байна гэж заачихсан. Түүнийг нь яаж гаргах вэ гэдэг гаргалгааг нь гаргана. МАН-ын ээлжит Их хурал хуралдана. Их хурлаараа өөрчлөлт оруулж, орон тооны бус байж болох ч юм бил үү. Энэ сэдэв чинь үеийн үед яригддаг зүйл. Намын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдох бүрт яригддаг зүйлс л дээ.
-Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны нэрс яригдаад эхэлчихсэн нь ямар учиртай юм бэ?
-Өнөөдөр У.Хүрэлсүх гэж Ерөнхий нарийн бичгийн дарга байна. Сонгуулийг удирдана, хариуцлагыг хүлээнэ гээд хэлчихсэн. Яагаад тэр хүнийг солих гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Явж л байг гэж бодож байна. 2000-2001 онд манай аав нас бартлаа энэ албан тушаалыг хашиж л байсан биз дээ. Нэг жил байж болсон юм чинь тавхан сар хийчихэд яагаад болохгүй гэж.
-Ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүлэн зайлуулж байна гэдгийг юу гэж тайлбарлах вэ. Өөрөөр хэлбэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын даргаа унагах гэж нэр бүхий дөрвөн гишүүнээр гарын үсэг зуруулаад бүтээгүй шүү дээ. Одоо өөрөө тэр Засгийн газартаа орж ажиллах гэж байна?
-Тэр бүхнийг мэдэхгүй юм байна.
-Тийм болохоор л МАН-ын дарга С.Батболд түүнийг Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалаар дэвшүүлэн зайлуулж байгаа биш үү?
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг дэвшиж байна гэж харахгүй байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийн хүрээ Тэргүүн шадар сайд гэдэг «панаалтай» түр зуурын суудал хоёрын ялгаа шал өөр. Тэгэхээр дэвшээд байгаа юм алга.
-Ерөнхий сайд яагаад намын бодлого зангидагч хүнээ Тэргүүн шадар сайдаар томилж байгаа юм бэ?
-Сонгуульд ялахын тулд.
-Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагахгүй юм. Сайд нараа бүгдийг нь гаднаас бүрдүүлэх ёстой байсан юм биш үү?
-Зовлонтой шүү дээ. Чи ч гэсэн «Элсний-13» бий боллоо гэж яриад сууж байна. Тэр «Элсний-13» чинь бүгд л сайд болохыг хүсэж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн хэлснээр бүгдийг гаднаас авахаар «Элсний-13» биш «Элсний-44»  болох гээд байна.Тэр хүнд чинь зовлон байна. Ганцхан хүн албан тушаалын томилгоог шийдээд байгаа юм биш. Зовлонтой асуудлууд өч төчнөөнөөрөө бий.
-Хэдхэн сарын дотор сайд болохыг мөрөөдсөн хүмүүс танай нам дотор чамгүй олон байна. Зарим нэг нь дургүйцлээ ил тод илэрхийлж байна шүү дээ?
-Манай нам дотор мөрөөдсөн мөнгөн хонхнууд зөндөө л байна. Төрийн ордны хонгилоор дүүрэн хангинаад байгааг харж л байгаа биз дээ.
Шинээр сонгогдох хүмүүст сэтгэл ханамжтай байна уу?
-Болж чадах нь болог л дээ. Харин болж чадаагүй нь юу гэж далдаганаж, энэ тэрүүгээр гүйгээд байгаа юм бэ. Миний хувьд гаднаас орж ирж байгаа хүмүүст ярих юм алга. Гишүүн бай-гаа гурван хүнийг нь ямар хүн, хэн бэ гэдгийг ч бид шүүхгүй. Тэртэй тэргүй бусадтайгаа адилхан өрсөлдөөд гарч ирсэн. Чи тийм байсан уу гэж ярих ямар хэрэг байгаа юм бэ. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд ард түмнээс сонгогдоод ороод ирчихсэн учраас чадвартай, чадваргүй гэж шүүх эрх бидэнд байхгүй. Ерөнхий сайд нам доторх блансыг барья. Хүчний   тэнцвэрийг хангахын тулд өөртэй нь нэг танхимд ороод ажиллаж чадах хүмүүсээ сонгох нь ойлгомжтой. Тэр утгаараа сонголтоо хийсэн болов уу. Түүнээс зун, намаржингаа ажлыг нь хийлгээгүй нөхрийг танхимынхаа гишүүн болгох хэрэг байх уу. Нэг танхимд орчихоод л дүнхүү яриагаа ярина шүү дээ. Хэн тийм хүнтэй ажиллахыг бодох вэ дээ.
-Тийм учраас л УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд дэмжлэг аваагүй хэрэг үү?
-Огцруулъя гэж ярьж явчихаад сайд болъё гээд Ерөнхий сайд дээр орохоор гайхна биз дээ. Ерөнхий сайд ч гэсэн танхимдаа авахгүй нь ойлгомжтой. Хангалттай санал авсан ч шийдэх эрх нь намын Удирдах зөвлөл рүү явчихсан.
-Энэ мэтээр л Ерөнхий сайд өөрийнхөө эсрэг хүчнийг бага багаар бүрдүүлж эхэллээ. Сайдын томилгооноос болоод дахиад л Засгийн газрыг огцруулах асуудал тавигдахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Үеийн үед л намын даргынхаа эсрэг босдог байсан. Бүх түүхийн хугацаанд намын даргыг сольё гэдэг гурван хүн байсаар л ирсэн. Гагцхүү хоншоор нь хүрэх үү гэдэг асуудал бий.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин

Э.Мөнх-Очир:УИХ-ын гишүүдийн 1/3 нь хятад шүү дээ


Энэ булангийн анхны зочноор УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг урилаа.
“Танд хамаатай 10 асуулт” гэсэн булан шинээр нээж байна. Хэвлэлээр гарсан материалыг нь шүүж холбоотой арван асуулт бэлтгэв.
1. Х.Тэмүүжин гишүүн галт зэвсэгт оногдон амиа алдсан дөрвөн иргэний өмнөөс төр уучлал гуйх ёстой хэмээн тогтоолын төсөл оруулж ирэхэд З.Зоригт сайд, та хоёр эсэргүүцсэн. Та хэлэлцсэн болоод унагая гэж хэлжээ?
-Энэ тогтоолын төслийг хэлэлцээд олонхи дэмжихгүй гээд кноп дарсан учир унасныг нь та нар харж л байсан шүү дээ. Энэ тогтоолын төслийг санаачлаад батлуулчих гээд явж байсан болохоор Х.Тэмүүжин гишүүн бухимдана биз дээ. Тэгэхээр нь л би “Тэмка битгий бухимдаад бай. Буруутайг нь шалгаж тогтоогдсоны дараа төр нь үү, эсвэл буруу этгээд нь уучлалт гуйх ёстой юу гэдгийг шийдэх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Тэр буудуулсан дөрвөн хүн бүгд л амьдрахын төлөө зүтгэж явсан сайхан залуус. Үүнд би харамсдаг. Төр түрүүлээд уучлалт гуйчихвал “за буруутай нь тодорхой” гээд хэргийг замхруулж сарниулах вий гэж болгоомжилсон юм. Буудах тушаал өгсөн хүн нь хэн юм, түүнийг хэн гүйцэтгэсэн бэ гэдгийг нь илрүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
2. Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байхад та “тэгвэл хэвлэлүүдийг бүгдийг хаачихъя” гэсэн. Сонин, телевизгүй байвал “нүдгүй”, “чихгүй” юм шиг болно биз дээ?
-Би хэвлэлүүдийг бүгдийг нь хаая гэж хэлээгүй. Протокол нь байгаа. Очоод үзэж болно шүү. Өнөөдөр хүнийг гүтгэж доромжлоод буруу зөрүү зүйл бичсэн бол тэр хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Захиалгат сэтгүүл зүй хөгжиж байна. Тиймээс шүүхээр буруу, зөвийг тогтоогоод гүтгэсэн, захиалгаар бичиж нийтэлсэн бол тухайн хэвлэлийн байгууллагад нь өндөр хэмжээний торгууль ногдуулах нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Хэрэв ингэж хариуцлагыг чангатгавал дахиж худлаа бичихээ болино биз дээ. Би ийм утгаар ярьж байсан юм. Гэтэл З.Алтай гишүүн хожигдож орж ирээд миний ярьсныг бүрэн сонсоогүй байж л хэрүүл хийгээд байхаар нь “Та дуугүй байж бай” гэчихсэн. Тэгтэл чи миний амыг хорих эрхгүй, хэвлэлийнхнийг хааж боох гэж байна хараач ээ, дүрсийг нь ав гээд сүржигнэсэн л болохоос ноцтой зүйл болоогүй ш дээ.
3.Таныг хятадын эрлийз гэжээ. Яагаад ийм мэдээлэл гарах болсон юм бэ?
-Миний янз бүрийн гарсан зургийг тавьчихаад энэ яг хятад байгаа биз гээд доромжилсон байна лээ. Цэвэр хятадыг олж хэлэхгүй байж. Энэ төрийн ордноор дүүрэн хятадууд алхаж байна шүү дээ. Улайм цайм “хужаа” алхаж байхад чинь “Түүнийг энэ ёстой сайн хүн” гэдэг. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хятад байх шүү. Хар л даа.
4.Булган нэг мандаттай болсон. МАН-аас нэг л хүн нэр дэвшинэ. Таныг тойроггүй боллоо гэж бичсэн байна. Тийм үү?
- Нам дотроос нэр дэвшинэ гэдэг бяцхан сонгуультай адил үйл явц өрнөдөг юм. Тэнд хэн гарахыг өнөөдөр тааж хэлэхийн аргагүй. Булганы сонгогчдын итгэлийг хүлээгээд УИХ-д сонгогдсон хоёр хүн байгаа биз дээ. Бид хоёр эхлээд энэ дөрвөн жилд юу хийснээ тайлагнана. Ажлаа дүгнүүлнэ. Бид хоёрын нэг нь дэвших үү, дэвшихгүй юу гэдгээ шийднэ. Тэгж байж асуудал өрнөнө шүү.
5.Булганд МАН-аас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нэр дэвших гээд бэлтгэлээ базааж байна, Мөнх-Очир жийгдэж байна гэх юм?
-Тийм ч юм байхгүй ээ. Булганаа гэсэн сэтгэлтэй ямар ч хүн арга хэмжээ зохион байгуулаад тусламж дэмжлэг үзүүлээд явж болно шүү дээ. Булганд юм хийж байвал надад сайн. Яагаад гэвэл би Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Энэ нутгийн зөвлөл дөрвөн дэд даргатай. Боловсрол хариуцсан дэд дарга нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.
Нутгийн зөвлөлийн даалгавраар нутагтаа цэцэрлэг, сургуулийн нээлтэд оролцоод тууз хайчлахаар нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна гэж байхгүй юу даа. Би л нэр дэвшинэ. Өөр хэн дэвших гээд байгаа юм.
6. Таныг олон ч удаа хэвлэлд Туркд сургуулиа төгсөөгүй хөөгдөж ирсэн гэж бичлээ. Энэ үнэн юм уу?
-Миний төгсөөгүйг бүгд мэдэж байгаа. Би Туркт сургууль төгсөөгүй. Тэнд сурч байгаад тавдугаар курст орох жил дээ. Сэргэн мандалтын гэдэг Улаанбаатарын хөрөнгө оруулалтын газрын дарга Төмөр чулуун гээд нэг нөхөр байна аа даа, тэр намайг уран панаалдаад хоёулаа Монголд очиж арьс ширний аймаар үйлдвэр байгуулъя дараа нь чи ирээд сургуулиа төгсөөрэй, би чиний зардлын мөнгийг төлнө гээд намайг аваад ирсэн юм.
Тэгээд хоёр жил бизнес хийгээд пижигнүүлж байтал авгай аваад, хүүхэдтэй болоод юун буцаж сургууль явах. Тэгээд л төгсч чадаагүй, түүнээс хөөгдөөгүй юм шүү.
7. Та ихэр хүүхэдтэй болсон юм уу. Яагаад гэр бүлийнхээ талаар нууцалдаг юм бэ?
-Миний гэр бүлийн талаар хүмүүс мэдээд яах юм. Ихэр хүүхэдтэй болсон нь үнэн.
8. Таныг болохгүй бол нударгаар асуудлыг шийдэх гээд байдгаа больж томоожиж буурь сууж байгаа гэж бичсэн байна лээ.Та дүүргийн засаг дарга байхдаа ажил хийхгүй нөхдүүдийг шаанддаг байсан юм уу?
-Ажил хий гээд явуулж байхад хийхгүй, халъя гэхээр заргалдаад халуулахгүй тийм нөхдүүд зовлонтой ш дээ. Тэгэхээр бухимдана биз дээ. Иргэд, улс орондоо хэрэгтэй зүйл хийхийн төлөө залхуу нөхдүүдийн хамрыг нээсэн ч яадаг юм.Гүйцэтгэх албанд ухамсарын шанаагүй бол ажил явдаггүй юм шиг байна лээ. Би хүнийг шаандаж байгаагүй л дээ. Гэхдээ захиргаадалт хэрэгтэй. Нэг даргын нэрээр ажилд орчихоод өглөө ажилдаа цагтаа ирэхгүй. 10 цаг өнгөрөөж ирчихээд өдөр цайндаа орлоо гээд алга болчино.
Тэгж алга болчихоод гурван цагт орж ирнэ.
Тэгээд таван цаг өнгөрөөд гараад явчихна. Иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байх төрийн албанд ийм алхагар, даргын хүн гэж дархлагдсан хүмүүс олшрохоор ажил явдаггүй. Тэгээд хатуухан шаардаад шахахаар элдвээр хэвлэлээр бичүүлээд дүүргийнхнийг загналаа, зандчлаа, нударгаар шийдэж байна гээд худлаа яриа гаргадаг байхгүй юу даа. Мөн ч их захиалгаар бичүүлсэн хүн дээ би. Ажлаа хийхгүй бол яв гэсэн шаардлага тавьдаг байсан. Ингэж шаардлага тавьж ажиллаж байсны хүчинд Баянзүрх дүүргийн төрийн албыг нэлээд чадваржуулсан гэж боддог. Одоо намайг яагаад томоожив гэж бичээд байна гэхээр би гарын үсэг зурдаг алба хийхгүй байгаа учир тэр. Хэрэв намайг сайдад нэр дэвшсэн бол хүүхэн 24 цаг хүчинддэг гээд бичнэ шүү дээ. Муулах юм олдохгүй болохоор тийм хөгийн юмаар хөөцөлддөг байхгүй юу даа.
9.УИХ-ын чуулганы хуралдаан их тасалдаг гишүүдийн тоонд таны нэр орсон байна. Яагаад хурлаа таслаад байдаг юм бэ?
-Тасалдаг биш ээ. 5, 10 минут хоцроод орохоор л картыг нь сугалаад хаячихдаг. Тэгээд байхгүй байсан гээд биччихнэ. Ороод картаа хийхээр хоцорчихсон гээд бүртгэнэ. УИХ-ын гишүүн боллоо гээд өглөөний 9 цагаас оройн 6 цаг хүртэл танхимд сууж байх шаардлагагүй. Ажлын хэсэгт орж хуралдана. Иргэд уулзах хүсэлт тавихаар уулзана.
10.Та ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хуурай дүү нь юм уу?
-/Инээв/. Би Энхбаяр даргыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Гадаад, дотоодгүй хамт яваад үй зайгүй найз нөхөд, хуурай ах дүүс ч биш. УИХ-ын гишүүн болсны дараа даа. БНСУ-ын парламентын Солонгос-Монголын бүлгийн дарга нь урилга ирүүлэхэд Д.Дэмбэрэл “Монгол –Солонгосын бүлгийн даргын хувьд намайг яв” гээд томилолт өгсөн. Тэр үед бас Н.Энхбаяр дарга явж таараад нам, энэ тэр гээд яриа хөөрөө өрнүүлсэн. Би чинь нээлттэй хүн шүү дээ. Надаас ах хүн байвал ахаа л гэдэг. Тэрүүгээр Энхбаяр ах аа гээд хууч хөөрснийг харсан сэтгүүлч давслаад Мөнх-Очир Энхбаярын хуурай дүү, ах аа гэж саймширлаа энэ тэр гээд бичсэн л байна лээ.
Нийтлэлч
Ц.Баяр
Эх сурвалж
www.times.mn

Э.Мөнх-Очир:”Ард түмнээ сонсъё” аяны брэнд нэрийг өмчлөх эрх Н.Алтанхуягт байхгүй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог байнгын хороогоор хэлэлцэх үеэр АН-ынхан улстөрийн албан тушаалтнуудыг нэрсийг дэвшүүллээ гэж шүүмжилсэн. Харин та энэ үеэр тэдэнд тохирох хариултыг өгчихлөө. Аль аль нь ингэж улстөржих шаардлага байна уу?
-Хэн хэнд нь тодорхой баримтлах зарчим гэж байх ёстой. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд  улс төрч дэвшүүллээ гэж АН-ынхны ярьж байгаа нь УИХ-ын гишүүн асан Д.Одончимэд, АН-аас Б.Батбаяр хоёрыг хэлсэн бололтой. Мэдээж зөвхөн МАН-ынх гэж цоллохоос илүү үнэхээр тэгж харж байгаа бол. Хэн хэн нь УИХ-ын гишүүн байсан. Мөн төрд сайдаар ажилласан. Тэр утгаар нь АН-ынхны саналыг дэмжиж байна. УИХ-ын гишүүн байсан биз дээ гэдэг утгаар нь ярьсан.
-Түүнээс улстөрийн өнцгөөс нь хараагүй хэрэг үү?
-Намын харьяаллыг харж хэлээгүй. Нэгэнт л АН-ынхан тэгж үзэж байгаа бол бид ч гэсэн тодорхой хариулт өгөх нь зүйн хэрэг биз дээ. Тэгээд ч АН-ын шийдлийг зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл ийм зарчим барьж байгаа л бол бүгд түүнийгээ дагах ёстой. Үндсэн зарчмаараа явцгаая л даа. Улстөрчдийг оруулахгүй гэж байгаа бол оруулахгүй байх хэрэгтэй. Нэгэнт л төрийн бус байгууллага олон нийтийн байгууллага гэдэг юм чинь тэр энэ нам гэж улстөржилгүй, бүгдээрээ ойлголцоод дэвших ёстой хүмүүсийг нь оруулж ирэх нь зөв. Түүнээс АН-ынх болохоор Баабарыг дэвшүүлэхгүй гэсэн асуудал огт байхгүй.
-Энэ тэр гэж намын харьяалал ярихгүй ч АН-ынхан хэтэрхий улстөржих боллоо. Сүүлийн жишээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаагийн томилгоог мушгин гуйвуулж, мэдэгдэл хүртэл гаргасан. МАН төрийн албаны шал-галт аваагүй хүнийг шууд томилж байгаа нь буруу юм биш үү?
-Төрийн албаны шалгалт үеийн үед янз бүрийн томилгоонд байсаар ирсэн. Шалгалтаар тэнцсэн төрийн албан. хаагч нь тодорхой ажлуудад томилогддог хууль дүрэмтэй. Энэ удаагийн томилгоо ч хууль дүрмийн дагуу болсон. Эмзэглээд, улстөржөөд байх шаардлага алга. Гол нь хүндээ байна уу гэдэг талаас нь АН-ынхан харж, яриад байх шиг байна. Төрийн алба хашиж байсан чадварлаг боловсон хүчин. Өнөөдөр АН ч бай, өөр бусад нам ч бай олонх болсон тохиолдолд намынхаа хүнийг л төрийн албанд томилно.
-Гол нь Л.Амарсанаа гэдэг хүнийг томилсонд биш. МАН сонгуулийг будлиантуулах гэж намын нарийн бичгийн даргаа томилсон нь зохион байгуулалттай үйл ажиллагаа. Тэгэхээр сонгууль дөхсөн үед энэ томилгоо шуудхан улстөрийн өнцгөөс харагдаж байгаа бололтой?
-Харин ч Л.Амарсанаа даргыг энэ албыг цэгцлээд гайгүй болгох юм болов уу гэж харж байна. Яагаад гэвэл Л. Амарсанаа дарга асуудлыг улстөржүүлэхгүй, төрийн ноён нуруутай, аймаг орон нутагт Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тиймээс аль нэг нам гэж туйлшрахгүй төрийн хүн гэж үздэг. Тийм учраас төрийн ажлыг зөв тэнцвэртэй явуулна гэдэг үүднээс уг томилгоог хийсэн.
-Төрийн хүн гэж тодорхойллоо. Магадгүй МАН-ын сайн гишүүний хувиар энэ тодорхойлолтыг хэлээд байгаа юм биш үү. Түүнээс шалгарсан төрийн сайн ажилтан гэж хэлээгүй бололтой?
-Сайн ажиллаж чадах чадвар бий гэдэг талаас нь хэлж байна. Тэгээд ажлаа муу хийнэ гэж хэн шүүмжлээд байгаа юм бэ.
-АН-ынхан шүүмжилж байна. Намын Удирдах зөвлөлөөр яригдаад шуудхан томилгоо хийж болохгүй шүү дээ?
-АН-ынхан манай намын нарийн бичгийн даргыг шүүмжлэх нь дурын хэрэг. Бид ч гэсэн тэднийхнийг шүүмжилдэг л байсан. Энэ маргаан төгсөшгүй. Уг албанд хэн ч гарсан чичлүүлж л таарна.
-Ингэхэд МАН яагаад УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэх юм. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ингэж тохирчихоод одоо эргэж буцах ямар шаардлага байгаа юм бэ?
-Үүнийг олон сонгуульд орсон хүмүүс янз янзаар харж байгаа байх. Дийлэнх сонгуульд АН-ынхан ялагддаг учраас зохион байгуулалтаас болоод ялагдаад байна уу гэж байнга ярьдаг шүү дээ, хөөрхийс. Би орон нутгийн болон бусад сонгуулийн бас бус зохион байгуулалтад оролцож байсны хувьд маргаан их гардгийг мэднэ. Тийм болохоор манай намын яриад байгаа үндэслэлүүд бодитой болоод ирнэ.
Үнэхээр АН-ынхан тэгтлээ санаа зовж байгаа л бол орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцээд, болохгүй зүйлийг нь өөрчилье гэж ярих хэрэгтэй.
Нэгэнт өөрчлөлт хийе гэж байгаа бол шүү дээ. Түүнээс өнөөдөр хоёр сонгуулийг цуг явуулна, үгүй бол бид хуралдаа суухгүй гэх зэрэг асуудал гарахгүй байлгүй дээ. Өөрсдөө ч сайн ойлгож байгаа. Тийм л сүрхий юм бол яаж өөрчлөх юм бэ, тэрийгээ ярь л даа. Болохгүй бол салгахаас өөр арга байхгүй. Хамгийн наад захын жишээ хэлэхэд гадаадад сууж байгаа монголчуудаас яаж орон нутгийн сонгуулийн дүнг нэгэн зэрэг авах юм бэ. Өнөөдөр хаана бүртгэлтэй хэн гэдэг сонгогч гэж үзэх юм бэ. Гэх мэтчилэн зовлонтой асуудлууд бий. Бас цагийн ялгаа байна.
-Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаар танай намын хэсэг гишүүд намаасаа гарах тухайд яриа яригдсан юм уу?
-Тэр талаар сонсоогүй юм байна. Хэвлэлээс уншсан мэдээлэл төдийхөн байна даа.
-Тиймэрхүү зүйл яригдсан гэдгийг гишүүд өөр зуураа ярилцаж байна. Ер нь яагаад ийм байр суурийг танай намын тэр гишүүд илэрхийлэх болсон юм бол?
-Энэ асуултыг ярьсан гэж байгаа хүмүүсээс нь тодруулчих хэрэгтэй. Миний хувьд хэн нэгэнтэй ийм зүйл яриагүй, сонсоогүй байна. Мэдээгүй хүний өмнөөс бодоод, зөв буруу гэж тайлбарлах ямар шаардлага байгаа юм бэ.
-Танай нам дотроо хагаралдаантай байгаагийн нэг илэрхийлэл юм биш үү?
-Тэгж бодохгүй байна. Ер нь аливаа маргаан мэтгэлцээн бол тухайн нам эрүүл байгаагийн нэг илэрхийлэл. Манай нам аливаа шийдвэрийг гаргахдаа олонхоороо ярилцаж, мэтгэлцэж гаргадаг. Маргаан мэтгэлцээн байж л байдаг. Тэгээд ч бүх асуудал бүгдэд зэрэг таалагдана гэж байхгүй.
-Сүүлийн үед МАН хөгшчүүлээ дарах хандлагатай. Зарим хэсгийг нь ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэргээр дотооддоо зөрчилдөөнтэй асуудал байгаа юм биш үү?
-Хөгшчүүлийг шахна гэж юу хэлээд байгаа юм бэ. Өнөөдөр жишээ нь намайг нэр дэвшүүлэхгүй гэж ярьж л байна.
-Яагаад?
-Булган аймагт нэр дэвших магадлалтай 10 гаруй хүний нэр яригдахад миний нэр байхгүй байх жишээтэй. Тэгэхээр би өөрийн чинь хэлээд  байгаа шиг тийм хөгшин болчихоод шахагдаад байгаа хэрэг үү.
-Албан ёсны зохион байгуулалттай үйл ажиллагаа биш биз дээ?
-Ямар ч байсан сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчид гэдэг таамаглалд оруулаагүй байна билээ.
-Намын шийдвэр гэж үү. Ингэхэд танай намын үүр хуралдаагүй биз дээ?
-Намын шийдвэр хаана ч гараагүй. Үүрүүд ч хуралдаагүй. Хаа байсан юм бэ, болоогүй. Зай ч байна, лай ч байна.
-УИХ-ын гишүүн Р.Раш МАН-ыг МАХН-тай нэгдэх талаасаа ярилцвал ямар вэ гэж ярьж байсан. Нэгдэх сонирхол танай намын мэр сэр гишүүдэд байгаа бололтой?
-Мэдэхгүй. Би энэ асуудлыг харахдаа МАХН-ынхантай УИХ-ын гишүүн Р.Раш биш өөр хэсэг бүлэг хүмүүс очиж уулзаад байгаа юм биш үү.
-Өөр хүмүүс гэдэгт «Элсний-13» буюу экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжигчдийг хэлээд байна уу?
-Үгүй ээ. Удирдлагын хэмжээнд юм биш үү.
-Удирдлагын түвшинд гэдгээ тодотгохгүй юу?
-Магадгүй, нэг үзэл бодолтой, цуг явж байсан намууд яагаад сонгуульд эвсэж орж болохгүй гэж. Болно шүү дээ.
-Саяхан хуралдсан Бага хурлаараа танай нам хөгжлийн хөтөлбөр гэж ярилаа. Энэ бол биелшгүй үлгэр хэмээн АН-ынхан егөөдөөд байна. Хөгжлийн мод гэж ярьж байснаа төд удалгүй хүн төвтэй хөгжил гэж яриад эхэлсэн нь ард түмний тархийг угааж байна гэж шүүмжлэл, дагуулаад байна шүү дээ?
-Ард түмний тархийг угаахдаа биш. Монгол Улсын эдийн засаг өдөр ирэх тусам хөгжөөд байна. Тэр тооцоо судалгааг хийж байгаа хүмүүс аль талаас нь хараад шинжлэх ухааны дүн шинжилгээг, нарийн тооцоо судалгааг хийсэн л байж таарна. Гагцхүү хаана очих гээд байна вэ гэдгийг л гүйцэтгэх засаглалд байгаа сайд, дарга нар тооцоо хийж байгаа харж үзэж байгаа. Мэдээж яамдууд манай хөгжил тийм хэмжээнд очих юм гэдэг зүйл яриад байх шиг байна. Тэртэй тэргүй үүнийг хийх л болно. Нэг нам тийм бодлого гаргалаа. Тэр  нь  ингэлээ.  Үсрээд л мянгуужингиин үлгэр гэнэ биз. Яадаг юм бэ. Цагтаа манай аавыг Мянганы зам барина гэж санаачлаад ярьж байхад тухайн үед юу гэж байлаа. Мянгуужингийн үлгэр гэж хичнээн баалсан билээ дээ.
-Сонгуулийн шоу гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Сонгууль бүхэн шоу шүү дээ. Шоу бүхний цаана аливаа нэг бодлыг ард түмэнд зөв болгох гэж явдаг. Гагцхүү тэрийгээ хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг л чухал. МАН өдий хүртэл хэдэн арван жил ярьсан зүйлээ хэрэгжүүлээд явж ирснийг ард түмэн сайн мэднэ. Тэр утгаараа хөгжлийн хөтөлбөрийг МАН хийж чадна. Хийнэ гэж зорилтоо дэвшүүллээ. Дэвшүүлж байгаа байгаа зүйлсийг нь ард түмэн тунгааж шүүх хэрэгтэй. Тэгээд улс орныг ингэж хөгжүүлэхийг зорих нь зөв үү үгүй юу гэдэг шийдвэрт ард түмэн сонголтоо хийнэ. МАН-ыг энэ бүхнийг хийж хэрэгжүүлж чадна гээд дэмжих юм бол бид хүчээ нэгтгээд хийнэ шүү дээ.
-АН-ынхан МАН-ыг «Ард түмнээ сонсъё» аяныг өөрсдөөсөө хуулбарласан ч гэдэг. Өөрөөр хэлбэл МАН дандаа АН-ын хийж байгаа үйл ажиллагааг хуулбарлаж, нэрийг нь өөрчилдөг гэдгийг юу гэх үү?
-Харин хэн нь хуулбарладаг байж болох вэ. «Ард түмнээ сонсъё» гэдэг аяныг зохион байгуулж, 21 аймгаар уриалга гаргаад явж байхад ар хударгаар нь АН-ын дарга Н.Алтанхуяг Оюуны өмчийн газарт очоод «Ард түмнээ сонсох аян»-ыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлчихсэн явж байна. Тэгэхээр юу гэж ойлгож болох уу.
-Яагаад. Та түүнийг нь нотлох юм уу?
-Тийм баримт бий. Тэгэхээр хэн нь хуулаад хэн нь хэнийхээ араас яваад байгаа юм бол. Үүнийг ялгаж салгах л хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайд байсан хүн иргэний бүртгэл мэдээллийн газрыг хариуцаж байхдаа МАН-ын «Ард түмнээ сонсох аян»-ы брэнд нэрийг авсан байна шүү дээ. Хэн нь шударга, хэн нь шударга биш вэ гэж ярих нь сонин болж ирж байгаа биз.
-Тэгэхээр АН-ын ҮЗХ-ны гишүүдийн гаргасан мэдэгдлээр бол МАН сонгууль будлиантуулах биш АН-д боломж байсан байна шүү дээ?
-Байлгүй яах вэ.
-Танай намыг хардах утгагүй биз дээ?
-Тэртэй тэргүй энэ бол Засгийн газрын бүтцийн байгууллага. Хүссэн мэдээллээ авах боломж өч төчнөөн байж л байлаа. Гэнэтхэн өнөөдөр нойрноосоо сэрчихээд бахирч гарах юм. Инээдтэй л байхгүй юу. Харин ч тэгж их хардаад байгаа юм бол АН-ын дарга Н.Алтанхуягаас ямар учраас тэр нэрийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан юм бэ гэдгийг асуух хэрэгтэй.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин