Tuesday, 24 July 2012

Д.Батбаяр: Морин дэл дээр монгол бичгээр таталгаж дэлхийд гайхуулахыг хүсдэг

Калиграфич Д.Бат­баяртай ярилцлаа.

 
-Таныг га­даа­дад су­рал­цах хуваариа ал­гасч Дүрслэх урлагийн сур­гуу­лийг сонгосон гэдэг?

-Гадаадад суралцах хүсэлтэй үеийн нөхдөө бодоод, өөрөө ч урлагийн түүх, уран зураг сонирх­дог байсан болохоор тийм шийд­вэр гаргасан. 1980-аад оны үед ма­найхан гадаад л бол ямар ч хамаагүй хуваарь аваад явдаг байлаа. Би тэдний нэг болж яваагүйдээ одоо баярладаг. 1979 оны үед Ардын зураач Дагдангийн Амгалан гуай намайг Орос руу ур­ла­гийн сур­гуульд явуу­лах гэж хөөцөлдөж бай­сан ч бү­тээ­гүй юм. Тэгээд өөрийн сонирхлоороо Дүрс­лэх ур­лагийн дунд сур­­гуульд суралцаж чи­мэг­­­лэгч зу­раа­чаар төгс­сөн.

-Та Монголын хүүх­дийн ордны уран зур­гийн дугуйланг 20 гаруй жил удирдаж байна. Таныг харахад хүүхэд­тэй ажилладаг хүн хө­г­шир­дөггүй гэдэг үнэн юм шиг ээ? 

-Аав минь намайг багш болоход "Дэлхий дээрх хамгийн сайхан мэргэжил бол багш шүү" гээд монгол бичгээр бич­сэн ном өгсөн. Тэр ер нь миний амьдралдаа ав­сан томоохон бэлэгний нэг юм.

Хүүхдийг би өнгө өн­гийн цэцэг гэж хардаг. Цэцэг олон өнгөтэй бай­даг шиг хүүхэд бүр өөр өөрийн авьяастай. Энэ олон тансаг цэцгэн дунд байгаа хүн ядарна, хөг­ширнө гэж байдаггүй. Эг­дүү хүргэм зүйлс ярьж на­майг хөгжөөнө. Энэ бү­хэнд залуу нас эргээд л ирдэг. 

Хүүхдийн авьяас бил­гийг хөгжүүлнэ гэдэг гай­хам­шиг.

-Хүүхдүүдийн авьяасыг нээ­нэ гэдэг амаргүй. Жинхэнэ бэл­гийн мэлмий, зураачийн мэд­рэмж хэрэг болдог байх?

-Хүүхдүүдийн зурсан зургийг нь хараад "За энэ бол иймэрхүү чиглэлийн хүүхэд байна" гээд  ерөн­хийд нь гадарладаг бол­сон. Би зургийн номон­доо хүүхдүүдийн яриаг оруул­чих­сан чинь хүмүүс "Ийм жаахан мөртлөө ямар том зүйл ярьдаг юм. Яа­сан хэрсүү юм бэ" гэж гай­хаж байсан.

-Та хүүхдийн ха­рилц­­даг хэл бол уран зураг, зураг бол хүүх­дийн оюун ухаан гэж бичсэн байсан?

-Хүүхэд өөрийн таньж мэдсэнээ зургаар чө­лөө­тэй илэрхийлдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ зур­гийг ойлгож чадвал тэд­ний хүсэл мө­рөөд­лийг  цааш­лаад гомдол, тунирх­лыг нь ч олж харж бол­но. Өнгөцхөн харахад хүүх­дийн зураг зүгээр нэг хэлбэр дүрс мэт хараг­давч цаанаа гайхалтай логик сэт­гэл­гээтэй байдаг. Хүүхдийн сэт­гэл­гээний энэ онцлогийг зарим улс орон ашиглаж гацаанд орчихсон асууд­лаа ч шийд­­сэн түүх байдаг.

-"Зургийн авьяас" номыг тань профессор Л.Батчулуун гуай "Хүүх­­­дийн зургийн чиг­лэ­лийн судалгааны эх үндэс бол­лоо" гэж үнэл­сэн байсан?

-Тэр хүн сэтгэл, бо­ловс­рол, ухаанаараа дүг­нэ­сэн хэрэг. Бат­баяр ном бич­чих­лээ гэсэн ухаг­да­хуунаар бус Монголын хүүх­дүү­дийн авьяас би­лиг, оюун ухааныг би­ширч урамшуулж байгаа юм. Мон­голд ээж, аавууд хөрөнгө мөн­гө­тэй болж байгаа ч гэсэн хүүхдээ ойл­годоггүй байдал бай­саар л байна. Гэтэл ма­найхан хүүхэд насных нь тэр сайхан мэдрэмжийг үгүй хийчихсэн хойноо элдэв их, дээд сургууль хөөцөлддөг. Харам­сал­тай нь хүүхдийн тэр авьяас мэдрэмж хэзээ ч дахин сэргэдэггүй, хич­нээн их хөрөнгө зараад ч нэмэр­гүй байдаг юм. Хам­гийн гал цог­той үе болох 11-12 насан­даа авьяасаа нээ­чих­сэн хүүхэд цаашаа ямар ч саадгүй өөрийгөө хөгжүүлдэг.

-Авьяас гэж та­ныхаар яг юу вэ?

-Хүүхдүүд надаас "Баг­­­­шаа би авьяастай юу" гэж асуудаг. Тэгэ­хээр нь би "Хүүхэд болгон авьяас­тай, та нарт бүх юм бай­гаа" гэж хэлдэг. Авьяас гэж энгийн үгээр бол жаа­хан тордоход л сэргээд ирэх, тоохгүй ор­хи­чих­вол замхарчих тор­гон мэд­рэмж.

-Та хүүхдийн зур­гийн 100 гаруй үзэс­гэ­лэн гаргасан. Тэ­дэнд урам зориг хайрлах гэж үзэс­гэлэн гаргадаг хэ­мээн уран бүтээлчид ам сайтай байдаг...

-Тэгэлгүй яахав. Анх 1989 оноос эхэлж  одоог хүртэл 100 гаруй үзэс­гэлэн удирдаж гаргалаа. Би хүүхэд байхдаа үзэсгэ­лэн гар­гаж үзэх юмсан, шагнал авахсан гэж мө­рөөд­дөг байсан. Даанч мө­рөөд­лөө биелүүлж ча­даа­гүй. Ха­рин хожим нь өөрийн хүслээ бие­лүү­лэх үүднээс хүүхдийн үзэс­гэлэн гар­гах болсон. Хүүх­­дүүд их урамш­даг. Нийгэм маань л үнэлэхгүй бай­гаа болохоос асар их оюуны бая­лаг­тай шавь нар надад олон бий. 

-"Үлэг гүрвэлийн өнд­гөн до­тор бүгчим бай­даг юм билээ" гэж хэлсэн шавийн тань үг их сонирхол татлаа?

-Б.Бямбацогт гэж хүү бий. Үлэг гүрвэлийн зураг зурдаг юм. "Дино­завраа сайн зурахын тулд түүний амьдардаг орчинг сайн судлах шаардлага гар­даг. Хийсвэрээр зохиож зурж болохгүй" гэж ярьдаг хүү дээ. Жирийн хүү биш. Асар холын мэдрэмж тээ­сэн, эрт ба­лрын ертөн­цөөс хүйн холбоо тас­лаагүй гоц авьяастан гэж хэлж болно. Магадгүй хэдэн жилийн дараа дэл­хийд Монголыг танил­цуул­сан гайхамшигтай судлаач болчихоод явж байхад гайхах юмгүй л хүүхэд.

-Хүүхдүүдийн дэр­гэд хүүх­дээ­рээ байх шиг сайхан зүйл байдаг­гүй байх аа?

-Бид нэг ёсны нас ахисан хүүхдүүд шүү дээ. Пикассо бол хамгийн олон бүтээл хийсэн, хэн бүхний мэдэх алдартай зу­раач. Нэр алдрын өн­дөр­лөгт хүрснийх нь дараа нэгэн сэтгүүлч түү­нээс "Танд нэр алдар, өмч хөрөнгө гээд бүх юм бай­на. Одоо танд хэрэгтэй зүйл байна уу" гэхэд "Би хүүхэд шиг болмоор бай­на" гэж хариулсан байгаа юм. Алдарт зураач Анри Матес "Хүүхдийн нүдээр ертөнцийг харах хэ­рэг­тэй" гэж хэлсэн байх жи­шээтэй. Хүүхэд шиг бай­хыг хүснэ гэдэг оюун са­­наа­гаа элдэв бур­тагтай хут­­гахг­үй цэвэр тун­га­л­гаар нь байлгахын нэр юм.

-Хэзээнээс уран бич­лэгээр бичиж эхэлсэн бэ?

-1987 оноос судалгаа хийж, 1991 онд анхны үзэсгэлэнгээ гар­га­сан. Үүнээс хойш гадаад до­тоо­дод 20-иод үзэсгэлэн гаргажээ. Одоо уран бич­лэгийн түүхийн судалгаа, боловсруулалтууд хийж, гадаад хэл дээр ном гар­гахаар бэлдэж байна. Би­чиг үсэг уран зураг, яруу найраг гэдэг бол ур­ла­гийн сэтгэлгээний нэг цогц ер­төнц юм. Зураг ойл­го­дог хүн бичиг соёл, түүх, яруу найраг гээд аль руу нь ч орсон хөрс суурьтай байдаг. Урлаг гэдгийг ма­найхны ихэнх нь худал­даж авах, хувьдаа нэг юм хийлгэж авах л гэж ойл­гоод байна. Урлаг бол оюуны талх.

 -Монгол бичгийг нэг төрлийн урлаг гэж ойл­гож болох уу?

-Монгол бичиг бол хүн төрөлх­төнд мон­гол­чуу­дын бүтээж өгсөн оюуны асар том бүтээл юм. Урлаг болгож монголчууддаа төдийгүй дэлхийд та­ниу­ла­хад ухаан хэрэг­тэй.

-Таныг морьтой дав­хиж явах­даа монгол бич­­­­гээрээ төвөггүй бич­дэг  гэж сонссон. Үнэн үү?

-Монгол бичиг бол дэл­­­хий дээрх хамгийн хур­­дан бичдэг бичиг. Сти­ног­раф  гэж ярьдаг. Мон­гол бичгийг морин дээр сал­хи татуулан дав­хиж явах­даа бичдэг гэд­гийг дэл­хий нийтэд но­толж, гай­хуулж алмай­руу­лахыг хүс­дэг.

-Эх хэлнийхээ дарх­лааг сайж­­руулах та­лаар хааяа ганц нэг эр­дэм­­тэн дуугарч харагд­даг. Та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлдэг нэг нь байхад хэлдэггүй нэг нь ч бий. Өртөөлж ирсэн оюуны энэ өв хөрөнгийн эзэд нь мон­гол­чууд өөрсдөө юм. Б.Ренчин гуайн хэлний зүйн дөрвөн дэвтэрт л гэхэд монгол бичгийг олон талаас нь харуул­сан байдаг. Ингээд хэл­чих­сэн байхад яагаад ан­заар­даггүй юм бол гэж гайхдаг. Нэг бэрхшээл байгаа нь гадны соёл нэвтэрсэн. Тэр нь их нөлөөлөх юм. Үүнээс болж янз янзын шашин хөнгөн гоомой "изм"-үүдэд автаж төөрч будилж байна. Сүүлийн үед ха­рийн сургалтын системийг дэмжээд баяр­лаад бахархаад л байх бол­лоо. Магадгүй цө­мөө­рөө харьд гарц­гаах юм байлгүй.

Гэхдээ төөрсөөр тө­рөл­дөө гэгчээр гэртээ ирэх л байлгүй дээ.

-Д.Дагвадорж аварга  монгол бичгээр нэрээ бичиж чадахгүй будил­сан тухай яриа байдаг?

-Би аваргатай Японд таараад хотын даргад нь дурсгал өгөхөөр хамт оч­сон юм. Аварга маань японоор, хятад ханзаар нэрээ бичээд би хажууд нь монголоор бичсэн чинь японууд Дагваа авар­­гаас "Гарын үсгээ мон­­гол бичгээр зурж өгөөч, Чингэс хааны бич­гээр заавал бичүүлмээр байна" гээд шалчихсан. Ха­рам­­салтай нь аварга маань бичиж чадаагүй. Бичиж чаддагсан бол сай­хан л юм болох бай­сан. Хэдийгээр гадны юмыг сурсан ч өөрийнхөө юмыг мэддэг байхыг са­нуул­сан хэрэг болсон.

-Та кинонд бичээ­чийн дүрд тог­лоод амж­чих­­сан гэдэг байх аа?

-Бадар-Ууган агсан "Төрийн сүлд өршөө" кинон­­­доо намайг оруу­лах гэхэд нь би зугт­чих­сан юм. Хоёр  удаа бул­таад гурав дахь дээр  нь баригдсан. Чой­жин ла­мын сүм музейд сууж бай­гаад Богд хаан Жал­ханц хутагт Дам­дин­базар нарын бичээч болж тэд­ний хэлсэн үгийг тэм­дэг­лэж байгаагаар гардаг. Иймэрхүү зүйл дээр зү­гээр л бийр хөдөлгөөд    дандаа худлаа бичиж гаргадаг гэнэ л дээ. Ба­дар-Ууган "Жинхэнэ амь­даар нь оруулах хэрэгтэй бай­на" гээд намайг тог­луулж байсан. Одоо бо­до­ход айхтар алсын ха­раа­тай зүйл хийсэн бай­гаа юм. Тэр кинонд би­чээ­чийн хэсгээс гадна лам болж гардаг. Тэгэхэд Аме­рикт явах тухай бичсэн чинь хожим хойно Аме­рикт үзэсгэлэн гаргасан. Үүнд их бэлгэшээдэг юм.

-Монголын нууц тов­чоогоор 22 цуврал шү­лэг бичсэн байдаг. Ямар учиртай юм бэ?

-1992 онд Монголын нууц товчооны агуулгыг шүлгэнд нэгтгэж үзье гэж шийдээд"Алтан ар­гам­жаа" гээд  22 цуврал шү­лэг  гаргасан. Монгол хүн эх оронтойгоо алтаар аргамжаатай гэсэн са­наа­тай. Түүнд Н.Жанцан­норов ая хийсэн. МНТ-г уншсан хүн л сайн ойл­го­но. Мэдэхгүй хүн ойлгох­гүй байж магадгүй. Би нууц товчоог олон унш­сан. Тэгээд  нэг зүйлийг ухаарсан. Ном зохиолыг уншаад хураагаад ойл­гож болдог бол  МНТ-г унших тусам задардаг, ургуулж бодохыг шаард­даг тийм л хосгүй  сайхан хөлгөн судар юм байна гэдгийг ойлгосон. Чингэс хааны гэр тэргийг хөтөлж явдаг 22 шар байдаг гэнэ. О.Жамъян гуайн бичсэн түүхээр Бөртө чоноос Чин­­гэс хаан хүртэл 22 үе бол­­дог байна. Үүнийг бэл­гэ­дэж  22 цуврал шү­лэг бичсэн. 

-Монгол уран бич­лэгийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүрт­гүү­лэх гээд хөө­цөл­­дөж байгаа гэж сонс­сон. Тэр ажил  бү­тэж байна уу?

Их сайхан зүйл болж байгаа. Америк руу бүх материалаа явуулсан. Нааштай хариу ирсэн. Монголын соёлын өвийн төв гээд байгууллага их сэтгэл гаргаж ажилласан. Урамшаад жинхэнэ үзүүлж харуулах юм руу­гаа орж байна. Зүгээр нэг аар саархан зүйл яриад Монгол бичиг байна байх­гүй , хэрэгтэй  хэрэг­гүй гэж маргах нь  ар­чаа­гүй бодол. Ямар ч боловс­рол­гүй бүдүүлэг харанхуй хү­мүүс л тийм юм ярина. Ийм зүйл ярьж байгаа эрдэмтэд гэх хүмүүс ч байгаа нь үнэхээр өрөв­дөл­тэй хэрэг. Магадгүй яриануудыг нь цуг­луу­лаад ном гаргавал гар­га­хаар байна. Бүр гад­ныхан үзье гээд ирэхэд нь ма­най юм хэрэггүй гэж ярьдаг хүмүүс ч байна. Яваандаа тийм улсуудын тухай ч нэвтрүүлэг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Өөрсдийн юм аа эсэргүүцдэг үндэстэн дэл­хий дээр Mонголоос өөр байхгүй.

Гадныханд уусах бод­лого нь л гараад байдаг. Гадаадынхан ирж сурдаг сургууль олноор байгуул­маар байна. Сая Со­лон­гост очоод үндэсний тос­гоныг үзээд гайхаж л бай­лаа. Төр засгаас нь яасан ч сайхан дэмждэг юм. Гадныханд ямар ч сай­хан тайлбарладаг юм. Гэтэл намайг энэ ажлыг хөөцөлдөөд явж байхад эрх мэдэлтнүүд хөд­лөх­гүй юм. ЮНЕСКО-гийн соёлын өвийнхөн "Та бол яах вэ. Харин танай яам, Засгийн газар чинь яагаад чимээгүй байгаа юм" гэж гайхаад байна.

-Бүртгүүлэх гээд ба­римт ма­териал эм­хэлж байхад хүнд­рэл­тэй зүйл их гарсан уу?

Их асуудал гарсан. Хэр чадахаараа л янз янзын хэлбэрээр бичиж тордож сүйд болж байж л бүх материалаа ямар ч байсан өгсөн. 1993 онд Японд очиход Монголд уран бичлэг байдаг юм уу гэж дургүй хүргэж байсан. Тэгэхэд "Юун байдаг юм уу гэж. Дэлхийн түүхийг бичсэн ард түмэн яахаа­раа уран бичиггүй байдаг юм бэ" гэж бодоод их ундууцсан. Тэгээд л "Уран бичлэгийн түүх" номоо гаргасан. Гэтэл сүүлийн үед Солонгосоос хүмүүс ирээд Монголтой ха­рьцуул­сан судалгаа хий­нэ гэж байна. Одоо хоёр­да­хийг нь бэлтгэж байгаа. Хураангуйгаа анг­ли хэ­лээр гаргачихвал гад­ныхан монгол хэл суръя гэх байх.

Ер нь монголчууд бид  гадаадад юм аа танил­цуулахад үнэхээр өрөвд­мөөр юм. "Яагаад өөрс­дийн юм аа үгүйсгэж хэрэглэдэггүй  юм бол" гээд гадныхан хачирхаад байна. Ямар нэг аргаар бүртгүүлчих юм бол мон­гол­чууд маань хүчтэй сэр­гэх болов уу гэж найддаг. Энэ л үүднээс хүчин зүт­гэж байна.

Э.ЭНХБОЛД
Өдрийн сонин
2012/07/24

Monday, 23 July 2012

“Хүн төрөлхтөнд хөгжил биш аврал чухал болоод байна”

                    -Хүн үхэхдээ ч жаргалтай үхэж болох нэг агуу боломж бий.   
                      Энэ бол амьдралдаа маш олон хүнийг баярлуулах-

 
Яг 10 жилийн өмнө зохиолч Д.Урианхай гуайгаас ярилцлага авч билээ. Нийгмийн өөрчлөлт, хувьслыг дагаад хүний дотоод мөн чанарт ноцтой өөрчлөлт орж байгаатай эвлэрдэггүй том уран бүтээлчдийг төлөөлүүлэн энэ хүний санаа бодлыг олон нийтэд хүргэсэн хэрэг. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Нийгэм маань эдийн засгийн хөгжлийн хувьд, хүн ард маань соёл, боловсрол, сэтгэлгээний хувьд  хэр зэрэг өөрчлөгдөө бол? Монгол хүний оюун, санаа, сэтгэлээний түвшин 10 жилийн өмнөхөөс уруудаж байна уу, тийм бол учир шалтгаан нь юунд вэ гэдэг асуудлын хүрээнд Д.Урианхай гуайтай дахин ярилцахаар шийдсэн юм.


-Урианхай гуай, таны баахан цагийг үрэх ажил удахаар зорьж ирлээ. Онцгой зорилготой ч гэж хэлж болох юм. Юу гэвэл нийгэм, хүний амьдралын дотоод үйл явцуудын талаар гүн ухааны аястай ярилцлага хийхийг хүсч байна.

-Дотоод үйл явцаа?

-Тиймээ, миний хувьд тэгж л томьёолмоор санагдаад байна?


-Хүний далд ухамсар, парапсихилоги үйлдэл, сүсэг бишрэл гэх мэтийн талаар юм уу, эсвэл өөр чинад ахуй ертөнцийн нөлөөлөл, харилцаа руу чирэгдэх асуудал гараад ирэх үү? Хулчийж байна шүү.

-Надад бол тийм агуулгатай ярилцлага хийх л сонирхол байна. Магадгүй хүмүүст ч илүү сонин байх болно. Сэтгэлгээ нь илт хөгжчихсөн уншигчид цөөнгүй байгаа. Тийм болохоор би асуултаа “гадагшаа”ч “дотогшоо” ч мурийлгахаар төлөвлөж ирлээ.

-Олон хүн уншина гэдэгт итгэлтэй байна уу?

-Санаа зоволтгүй ээ. Унших хүмүүс байгаад, тэд харин надад “захиалга” өгч түлхээд гэх үү дээ. Тэгээд л би асуултаа боловсруулаад ирсэн хэрэг.


-Тэгвэл одоо яахав дээ. Хариулж чадахаар асуулт байвал үзээд л алдая. Эс чадахаар бол нүүрээ улайлгаад л өнгөрөё.

-Хүний амьдралыг бодоод байхаар бүр толгой эргэж гүйцэх юм. Утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг. Заримдаа бодоход зөв зүйл хийгээд зөв ч амьдраад байгаа юм шиг, заримдаа буруу юм хийгээд буруу ч амьдраад байгаа юм шиг. Ялангуяа, өнөө үед! Амьдралын өртөг өндөр, үнийн дарамт, улстөр, эдийн засгийн хямрал, нийгмийн харилцааны хэлбэлзэл, гэмт хэрэг гээд урьдчилж харах боломжгүй үзэгдлүүдээр дүүрчихсэн ахуй нөхцөлд залуучуудын бодол, ойлголт, хүмүүжил тогтвортой төлөвшиж өгөхгүй их савалгаатай байх шиг. Та өнөөгийн бидний, ер нь хүний амьдралын талаар янз бүрийн зүйл боддог, янз бүрийн л утга агуулгатай санаа, эргэцүүлэлтэй явдаг байх. Өвөрмөц, бусдад сонирхолтой бодол ч төрдөг л байлгүй. Хуваалцахгүй юу?

-Хүн бол бодит болон бодит бус хам ертөнцүүдийн л шүтэн барилдлагын нэг тийм “бүтээгдэхүүн” л дээ. Байгалийн ч аугаа хөдөлмөрийн “бүтээгдэхүүн”. Бурханы ч бодь хайрын аугаа бүтээл. Шинжлэх ухааны ойлголтоор хандвал, нэг талаасаа эволюци үйл явцын үр дүнгээр биологийн өндөр хөгжлийн түвшинд ухамсарт төлөвт оршиж буй уурагт бие, нөгөө талаар creation үйл явцын ч өндөр хөгжлийн дээд эрэмбэд орон зайгаа эзэлж буй нийлмэл, гоо сайхан (хэдийгээр төгс төгөлдөр биш ч) бүтэц. Хүний ч бай, адгуус амьтдын ч бай ялгаагүй, тэдний амьдрал гэдэг үзэгдэл бол уурагт бие бодисын солилцоо явуулж орон зай, цаг хугацааны тодорхой муж, мөчлөгт оршиж тогтнох хэлбэр. Миний хэлж байгаа энэ үг, ойлголт бол угтаа Германы их сэтгэгч, эдийн засагч эрдэмтэн Ф. Энгельсийн томьёолсон тодорхойлолт шүү. Харин хүний амьдрал биологийн бус утгаараа юу вэ, чухам юун дээр тогтдог вэ гэдэг тухайд бол бид хөгшин залуугүй дор дороо тун гүнзгий бодож, их зөв онол, ойлголттой болох ёстой цаг үед амьдарч эхэллээ. Зах зээлийн харилцаанд сохор мухраар шунаснаас хойших олон жилд монголчууд бид хүний амьдралын үнэмлэхүй зорилго, үр дүн, үнэ цэнийн талаар арай л гажуу, өөртөө хортой ойлголттой амьдардаг болчихлоо. Хүн юуны хүчээр амьдарч байна вэ гэхээр өнөөгийн өмч хөрөнгийн шүтлэгтнүүд болон либертари онол, сургаалийн үзэлтнүүдийн баримтлал шиг хувийн өмчийн ашиг, хуримтлалын ихээр бус, “Би”-гээ дээдлэх, өөрийнхөө төлөө амьдрах улангассан үйл үйл ажиллагааны үр шимээр бус, харин бусдыг өөр шигээ бодон өрөвдөх, энэрэн хайрлах, харилцан тус буян үйлдэх сэтгэлийнхээ идэвх, эрчимээр бусадтай шүтэн барилдаж ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэл, зарчимтай ажил хөдөлмөрийнхөө үр хишгээр л сайн сайхан амьдарч чадаж байгаа юм. Энэ бол хууль. Ямар ч нийгмийн харилцаа өөрчилж чадахгүй “үндсэн хууль” бол энэ. Хүн төрөлхтний өвөг анхны хүнийг газар дэлхийд үүсэхэд нь л цуг өгөгдсөн, тэнгэрээс өөр юу ч өөрчилж чадахгүй, тэнгэр өөрөө ч хэзээ ч өөрчлөхгүй мөнхийн хөдөлшгүй хууль! Хүн бүр дор дороо зөвхөн өөрийгөө л бодсон, зөвхөн өөртөө л хэрэгтэй үйл ажиллагаа эрхэлж явуулах юм бол хүмүүсийн нийгэмшил, нийгмийн харилцаа дорхноо задарна. Нийгэм хөгжих нь бүү хэл, нийгэм гэх хэлбэр утга чанараараа ч оршин тогтнох боломжгүйд хүрнэ. Нийгэм гэх ойлголт ч хүмүүсийн ухамсар сэтгэхүйд устана. Нийгэмших, иргэнших, соёлжих, гэгээрэх үйл явц ч зогсоно. Хүний амьдрал олон нийтийн харилцаан дээр л тогтдог. Харилцааны тогтолцоо уствал хувь хүн хэн байлаа ч, хэчнээн хүчтэй, хөрөнгөтэй, арга сүйхээтэй, бас хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч нэгэн өдрийн нар жаргах зуур л чоно, нохойн хоол болно шүү дээ. Нийгмийн харилцаа бол хүн юуны өмнө өөрийгөө бодох бус, өрөөл бусдыгаа түрүүлж бодох л нийлмэл “шүтэн барилдлагын” тогтолцоо юм. Нийгмийн тогтолцоо гэдэг маань хувь хүмүүс, иргэдийн харилцаа, амьдралынх нь хэв загвараас л бүрдэнэ шүү дээ. Хувь хүмүүс хүний амьдралын чинад утга, зорилгыг яаж ойлгож ухамсарлаж байгаатай шууд хамааралтайгаар нийгмийн харилцааны шинж чанар бүрдэнэ. Миний хувьд хүний амьдрал заримдаа  санхүүгийн баланс шиг санагддаг юм. Санхүүгийн баланс гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн газруудын орлого, зарлага, ашиг гурвын харьцаа, тэнцэтгэлийн тооцоо, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж хугацаан дахь үйл ажиллагааных нь үр дүнг тодорхойлох аргачлал юм. Амьдрал гэдэг хүний амьд явсан хугацааны “баланс” буюу үр дүн, үнэ цэнийн “рентген зураг” юм. Гагцхүү амьдрал-балансын “орлого”, “зарлага”-ын утга нь тун их өөр. Өөрөөр хэлбэл хүний амьдралын “орлого” тал нь “авлага” буюу бурханаас хүнд хайрласан бүх юм, ямар ч “хүү”-гүй олгосон урт, богино хугацааны “зээл” шүү дээ. Бурхан хүнд өгсөн урт богино хугацааны “зээл”-ээ тоглоом шоглоомоор л хүнээс нэхэж “төлүүлдэг” юм шиг байгаа юм. Тэгэхдээ харин өөртөө авах бус, өөрийнхөө “данс”-нд хийлгэх бус, төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхдээ өөр бусад олон хүний буян, тусад зарцуулахын тулд “зээл”-ээ төлүүлэхээр илгээдэг байх! Ингэхлээр хүний амьдрал-“баланс”-ын “зарлага” тал нь чухамдаа бол бурханд төлөх өр зээл ч бус хүмүүст өгөх өглөг, өргөлийн утгатай болоод явчихаж байгаа юм. Хүний бурханаас авсан авлага гэдэг нь бусдадаа өгөх ёстой өглөгийнх нь “эх үүсвэр”, “санхүүжилт” гэсэн үг. Товчхондоо, хүний амьдрал гэдэг бол нэг нэгэндээ өгөх өглөг, тэр өглөгөө бүтээхүйн үйл явц юм. Энэхүү бүтээхүйн хугацаа тодорхойгүй! Урт байж магадгүй, богинохон ч байж мэдэх үл мэдэгдэгч хэмжигдэхүүн! Харин юугаар тодорхойлогдох вэ гэвэл тухайн бодьгалын үйлдсэн үйлийн үр, буян, нүглийн харьцааны дэнсээр тодорхойлогдох нь магад юм. Миний дотроо бодож байгаагаар, хүнээс хүндээ өгөх өглөг, өргөл гэдэг юу вэ гэхээр бие биеэ баярлуулах тус, буян л юм. Хүнийг баярлуулах чинь өөрийгөө  давхар баярлуулж байгаа хэрэг  шүү дээ. Баярлаж байгаа “амьтныг” харах л хүний дээд баяр байдаг. Үнэн баяр л жинхэнэ жаргал юм. Сэтгэлдээ жаргал олохын тулд өөртөө баяр баясгаланг бүтээх хэрэгтэй. Өөртөө баяр, жаргал бүтээхүй нь бусдыг баяруулж буй явдал. Хүн үхэхдээ ч жаргалтай, баяртай үхэж болох нэг аугаа боломж бий. Тэр бол амьдралдаа маш олон хүнийг баярлуулах явдал юм.

-Таны ярианд дурдагдсан “үндсэн хууль” хаанаас өгөгдсөн байж таарах вэ? Хүн төрөлхтний өвөг анхны хүн үүсэхэд л ухамсарт нь суулттай байсан юм бол тэр “хууль”-ийг яагаад ч хүн өөрөө зохиосон ч юм уу, бодож боловсруулсан байх үндэсгүй санагдах юм?

-Эволюци үйл явцаар ч бай, бүтээх үйл явцаар ч бай, хүнийг буй болгосон тэр “хүч”-ний тогтоосон “хууль” байж таарна. Тэр “хүч” юу болохыг шинжлэх ухаанчаар яг танин мэдэх, тэр “хүч”-нээс ирж буй мэдээлэл, хөтөлбөрийг зөв тайлах, бас тэрхүү далд нууцлаг хүчний долгион, дохио, үйлчлэлтэй нарийн зохицож үйл ажиллагаагаа тун алдаа багатайгаар явуулах л цаашдаа хүн төрөлхтний оршихуйн үндэс байх болно. Өнөөдөр ч бай, ирээдүйд ч бай бидний хөөрхий хүн төрөлхтний оюун, сэтгэлгээ, улстөр-эдийн засгийн үйл ажиллагаа, үндсэндээ гагцхүү тэр “дээд хүч”-ний мөн чанар, зүй тогтолтой шүтэн барилдаж түүний нөлөөлөл, “захирамж”-ийг дагахад л чиглэгдэж байж сая хөгжлийн зөв загварыг олно. Өнөөдөр хүн төрөлхтний сэтгэлгээ тэр “хүч”-ийг янз бүрээр төсөөлж, янз бүрээр ойлгож, тодорхойлж, янз бүрээр л нэр оноож байх шиг байна. Тухайлбал, “Бурхан”, “Мөнх тэнгэр”, “God”, “Бог”, “Нөхцөл шалтгаан”, “Шүтэн барилдлага”, “Жам”, “Хувь тавилан” гэх мэтээр л ерөнхийлөн хүлээн авч байгаа. Миний хувьд ийм үзэгдлийг бясалгах, тайлбарлах, үнэн бодитой хариу өгөх гэгээрэлд хүрсэн хүн биш юм. Яахав, чааваас шинжлэх ухаанчаар ойлгох гэж хааяа хичээдэг л дээ. Тэгээд ч нэмэр алга, үр дүн гардаггүй юм.

-Хааяа хичээдэг гэхийг бодоход таны хичээл зүтгэл дандаа хоосон өнгөрөөгүй байлгүй дээ. Ямар нэгэн сэжүүр тэмтэрсэн л байх учиртай гэж бодож байна?


-Яахав, дуугүй өнгөрөхийн оронд юу боддогоо хэлэхэд, тэр “хүч” болон түүний үйлчлэл нь “Байгаа” эгшинтэй, “Байхгүй” рүү ч шилжиж хувирдаг эгшинтэй, гэхдээ тэр “хүч” өөрөө ч, үйлчлэл нь ч байнга байж байдаг тийм тогтмол хувьсагч, урвуугаар, хувьсагч тогтмолын чанартай оршдог болов уу. Хязгааргүй их багтаамжтай, өөрөөр хэлбэл орон зайтай, хэмжигдэшгүй бага буюу төгсгөлгүй бага, бараг орон зай нь устсан байхаар үнэмлэхүй их нягттай тийм үйл явц, мөн тийм үйл явцын тээгч болж орчих чадвартай ахуй байж ч болох юм. Тэгээд үр чанараар хоосон чанарт ч оршиж чадах, бодит чанарт ч шилжиж оршиж чадах орчлонгийн “Их нэгдэл”-ийн төлөв ч байж болох. Ямар нэг “Х” бүтэц болон хэмжигдэхүүн эгшин хоромд, бараг цаг хугацаа устах их хурдны нөлөөнд “У” бүтэц болон хэмжигдэхүүнд шилжих трансмутац хувиралдаа ямар нэг хосмог төлөвт түгэх, эсвэл ямар нэг гуравдагч, дөрөвдөгч, тэгээд төгсгөлгүй олонлог “Z” төлөвт ахуй оршихуйг үүсгэх “бодит-хийсвэр” үйл явцыг агуулсан учир шалтгааны нууцлалтай бүтэц ч байж болно. Тийм үү? Намайг 1959-1964 онд Москвагийн Улсын эдийн засгийн дээд сургуульд суралцаж байхад квант физикийн онол заадаг байсан юм. Тэндээс ойлгож үлдсэнээр бол, масс гэрлийн хурдын квадраттай тэнцүү хурдтай хөдлөхөөр масс чөлөөлөгдөж энергид шилжээд алив биет физик орчинд буй болж чадахгүй их хүчээр үйлчилж ажил гүйцэтгэдэг шиг, тэгээд зүгээр ч нэг механик үйлдэл, үйлчлэл үзүүлэх бус бодит ертөнцийг барьж байдаг өнөөх дөрвөн хүч нэг хам хүч болон нэгдэж, нэгдмэлээр үйлчилж буй “Их нэгдэл”-ийн интеграл хүч шиг үзэгдэл юм болов уу гэж ч боддог л юм.

-Эдгээр хийсвэр, хүний амьдралын бодит асуудлуудаас хол хөндий төсөөлөл, ойлголтуудыг нийгмийн амьдралын тодорхой хэлбэрт оруулахаар “Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ”, “Нийгмийн ардчилал”, “Хүний эрх, эрх чөлөө”, “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Ажлын байр”, Орон сууц”, “Цалин хөлс”, “Сонгууль”, “Үйлдвэр”, “Үйлчилгээ” гэх мэтийн олон бодит утга агуулгатай ойлголтууд болж хуваагдана биз дээ?

-Тийм л дээ. Нийгмийн амьдрал яалт ч үгүй эдийн засагтаа суурилна. Нийгэм дэх бүх үзэгдлүүд, үндсэндээ эдийн засгийн харилцааны л бүтээгдэхүүнүүд байдаг. Өнөөдөр Монголын эдийн засгийн харилцаа эерэгээсээ сөрөг үр дүн давамгайлсан шинж чанартай байна. Нийгмийн амьдралын суурь болж байгаа эдийн засгийн харилцаа сөрөг үр дүн ихтэй байгаагийн харгайгаар улстөрийн амьдрал ч будлиантай, нийгмийн гишүүдийнхээ сэтгэлзүйд эргэлзээ, гайхшрал төрүүлсэн дур зоргын үйл явдлуудаар дүүрэн өрнөнө. Ийм негатив үр дүнд хөтөлдөг чиг хандлагатай тогтолцоо үйлчилж буйн шалтгаанаар нийгмийн хөгжлийг гажуудуулагч үзэгдлүүдийн гинжин урвал нийгмийн бүх салбарын үйл явцыг эмх цэгцгүй, ухамсарын хяналтгүй, ихэнхдээ эцэст нь регресив шинж чанартай болгодог. Ийм үр дагавартай үйл явцыг системийн хямрал гэж нэрлэх бүрэн үндэстэй. Учир нь нийгмийн амьдралд байнга зөрчил, сөргөлдөөн, үл итгэлцэл, өмч хөрөнгийн ашиг сонирхолын талцал, антигонист уур амьсгалыг байнга үүсгэдэг. Бас цаашлаад нийгмийн хөгжлийн нийтлэг чиг хандлагыг саармагжуулаад зогсохгүй бөгөөд логик учирзүйн хэм хэмжээнээс хальсан нийгэмд харш нийгмийнхээ тогтолцоог тогтворгүй болгох, задлан бутаргах тийм урьдчилан харах боломжгүй “шинэ” үйл явцыг “эхлүүлэх” зүй тогтолтой нь түүхээс тодорхой болсон шүү дээ. Энэ бол хүн бүгдийн мэдэх зүй тогтол! Монголд өнөөдөр нийгмээ хямрал, хувьсгал руу хальтруулах далд, “сүүдрийн эдийн засаг”-ийн үзэгдлүүд энд тэндгүй бугшсаар байгаагаас үр нөлөө нь улстөрд хүчтэй шургалж ард иргэдийнхээ эгдүүцэл, дургүйцлийг хатгасаар байгаа нь нууц биш л байна. Нийгмийн тайван амьдралыг тун мөдхөн их эвгүйгээр эргүүлж болзошгүй энэ үйл явцын улам нягтарч битүүрч буй цагиргыг яаралтай задалчих боломж уг нь ил харагдаад л байгаа юм. Давын өмнө нефть боловсруулах, зэс, төмөр, цагаан тугалга, уран гэх мэт ховор металлаар эх орондоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, уул уурхайн  нэг гол түүхий эд нүүрсээ түүхийгээр нь шатааж утаа үйлдвэрлэх бус химийн үйлдвэрийн таваар болгох, цахилгаан дулааны шинэ эх үүсвэрээр ашиглах техник-технологид шилжих, мах, ноос, ноолуур, арьс шир, дэл хялгас боловсруулах хөнгөн үйлдвэрүүд байгуулж үйлдвэржилтийн хувьд ядаж социализмын үеийн хөгжлийн түвшинд хүрэх туршлагыг өнгөрсөн түүхээсээ сурах, гадаадын хөрөнгө оруулалт, төсөл, зээлийг эдийн засагт ашиглахдаа үр ашгийг нь тооцдог дэлхийн стандарт аргачлалыг хатуу баримталж гэрээ, хэлэлцээр хийдэг практикийг хэвшүүлж журамлах, төсөл, тендерт өрсөлдөх аж ахуйн газруудыг шалгаруулахдаа Засгийн газар бус харин тусгай итгэмжлэлт аудитын компаниудын нэгдсэн зөвлөл шалгаруулж, харин үнэлгээ, тооцоо, шийдвэрлэлтийг нь Засгийн газар хянаж батламжилдаг журам тогтоох зэрэг шаардлага амьдралаар үүсчихээд байна. Монголчууд бид “Төрийн төлөө оготно боож үхэх” гэж хөхрөлддөг. Хэдийгээр наанаа инээлдэж байгаа ч цаанаа бол төрийн төлөө хээрийн оготно боож үхэхдээ тулж байхад гэрийн хүн яаж амар амгалан амьдрах вэ, юу чадахаа хийх хэрэгтэй болж шүү гэж сануулсан шаардлагын философи санааг тоглоомгүй агуулж байгааг ойлгож л суудаг. Би ч ялгаагүй нэг “оготно” төрийнхөө буруу, зөрүү, алдаа дутагдалтай үйл ажиллагааны уршгаар боож үхэх нь тун холгүй байгаа “хүн-оготно” л юм. Сонин уншсан чинь Монгол Улсын гадаад өр гурван тэрбум гаруй ам. доллар болчихсон байх юм. 1990 оноос хойших 21 жилд шүү дээ. Социалист БНМАУ-ын гадаад өр, төлбөр 70 жилд хуримтлагдсан дүнгээрээ 11 тэрбум шилжих рубль болж байсан. Тэр өр ихэнхдээ БНМАУ-ыг үйлдвэржүүлэх, үйлдвэр-хөдөө аж ахуйн хөгжингүй орон болгох материал-техникийн баазыг цогцлуулахад зарцуулагдсан. Гэтэл 1990 оноос хойш гадаадаас оруулсан гурван тэрбум гаруй ам. долларын хөрөнгөөр Монгол Улсад мэдэгдэхүйц том ач тустай, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд шууд нөлөөтэй ямар үйлдвэр ашиглалтад оров? Хөгжлийг тогтвортой урагшлуулах ямар үсрэнгүй ахиц гарсан бэ? Нүдэнд ил харагдахаас ихэнхдээ л хувийн тансаг зочид буудал, ресторан, өмч хөрөнгийн эздийн орд шилтгээнүүд л байна. Өөр юманд зарсан юм бол юунд зарсан хэрэг вэ? Дэлхийн банкны журам, туршлагаар бол гадаад зээлийн өр нь ДНБ-ний 40 орчим хувиас давсан орныг өрийн дарамттай оронд тооцдог юм гэсэн. Тэгэхлээр Монголын Засгийн газар хэзээ Олон улсын шүүхэд дуудагддаг бол гэж санаа зовж л суух юм. Энэ түгшүүртэй асуулт “Урианхай-оготно”-ын толгойд байн байн эргэлддэг шүү.

-Монгол Улсаа бусадтай харьцуулаад дүгнэхээр сонин үзэгдэл харагдах юм. Дэлхийд манайх шиг зах зээлийн тогтолцоогоор замнаж байгаа улс орон 100 гаруй бий гэдэг. Харин  Монголыг хүн амынх нь хөгжлийн түвшин, амьдралынх нь хангамжаар жишихээр эдгээр олон улс орны сүүл мушгиж байх шиг. Гэхдээ  та хэдийгээр уран бүтээлч хүн боловч залуудаа эдийн засгийн онол судалж, мэргэжил эзэмшсэн. Энэ талаас нь асуухад өнөөдөр манай нийгмийн амьдралд дэвшил гарч байна уу, эсвэл уруудан доройтож байна уу?

-Амьдралаасаа харахад Монголын эдийн засаг байнга л хэлбэлзэлд өртөх юм байна шүү дээ. Бензин шатахууны үнийн зохиомол хөөрөгдөл, ам. долларын ханшийн өсөлтийн хуйвалдаан нь Монголын эдийн засгийг дуртай үедээ, дуртай зүг рүүгээ гуд татаж чадаж байна. Шалтгаан нь нууц биш, толгойтой бүгдэд ил. Монгол Улс газрын тосны багагүй нөөцтэй хэр нь тэр баялгаа дотооддоо боловсруулж ашиглах үйлдвэр барих бодлого хэрэгжүүлэхийн оронд Хятад руу түүхийгээр нь түүхий эдийн үнээр бэлэглэчихсэн. Монголоор дүүрэн цахилсан хуучирч муудсан машинуудынхаа түлш шатахууныг Оросын ганц хоёр компаниас гуйвраар нийлүүлдэг, тэгээд импортын үнийг нь дотооддоо үгсэн тогтоодог, хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг Эрээний захын хямд үнийн бараагаар хангадаг, тэдгээр барааны чанар, аюулгүй байдал ямар ч баталгаагүй, лангуунаас зарагддаг жижиглэнгийн үнэ нь дамын наймаачдын амны зоргоор, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэнэт гэнэт л тэнгэрт хадчихдаг, товчдоо нийгмийн харилцааны бүх үйл явц урсгал шинжтэй, тэр урсгалыг нь хар захын үнэ ханш, ченжүүдийн далд сүлжээ хүссэнээрээ удирддаг, төрд нь болохоор шинжлэх ухаанч бодлоготой идэвхтэй үйл ажиллагаа байхгүй, элдэв долоон намуудын улстөржсөн хэрүүл маргаанд л живж байдаг нь нийгмийн харилцааг дэвшилд бус ноцтой гажуудалд л оруулж байна шүү дээ. “Коммунизм Европоор хий үзэгдэл мэт тэнэж явна” гэдэг шиг Монголын эдийн засгийн өсөлтийн макро үзүүлэлтүүд чих дэлсээд байгаа ч микро загвартаа, ард иргэдийн бодит амьдралын түвшинд болохоор зах зээлийн харилцааны зөвийн болоод “давуу тал”, “үр дүн”-гийн “хий үзэгдэл” байхаас цаашгүй байна. Зах зээл, хувийн өмчийн “ирээдүйтэй”-г нотолдог, зөвтгөдөг онол Монголын эдийн засагт практикаар голдуу үгүйсгэгдэж байна. Үзэл сурталчид нь зөв гээд уухайлаад байгаа онол нь бодит амьдрал дээр дандаа сөрөг үр дүнтэй гарц байгаа нь надад хачин санагдаад янз бүрийн хариулт нэхсэн асуултууд тулгаад амраадаггүй юм.

Газрын баялаг ихээр нээгдэж, эдийн засгийн өсөлт хурдан нэмэгдэж, төсвийн орлого мэдэгдэхүйц тэллээ. Зарлага нь ч, ялангуяа үр ашиггүй “хообий” үйл ажиллагааны зардлын санхүүжилт орлогоосоо дутахааргүй харьцаатай өсөөд л байна. Нотолгоо нь хүн амын 40 хувьд нүүрлэчихээд байгаа ядуурлыг бууруулах, бүр арилгах гол зорилго шийдэгдэхгүй урьдын хэвээр үргэлжилж, харин ч эсрэгээр ядуу өрхийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийгмийн философид нийгмийн үзэгдлийг үнэлэхдээ уг үзэгдлийн үр дүнгийн эерэг сөрөг шинж чанараар үнэлдэг. Хэдийгээр үр дүнгийн хугацаа болон үр дүн өөрөө харьцангуй ч гэсэн тодорхой терминал хугацаанд үргэлжилсэн үзэгдэл, үйл явцын шинж чанарын үзүүлэлт нь мөнөөх харьцангүй үр дүн л байна. Өөр “толь” байхгүй! Улстөр, удирдлагын боловсон хүчний бүтцэд өөрчлөлт орсон ч шалгуур нь дэндүү муудлаа. Шалгуурт ардчилсан шинж чанартай шинэчлэл хийгдсэн мэт харагддаг ч энэ шинэчлэл хүмүүсийн мэдлэг, мэргэжил, туршлага, ёсзүйн өндөр шаардлагад тулгуурлаагүй, хөрөнгө бэл, хуурамч “хавтас”, намчирхалын хийрхэлд тулгуурласан тул эерэг үр дүн өгөхгүй байна. Нэмээд хэлэхэд, нийгэм жинхэнэ хүмүүнлэг Ёсзүйн хуульгүйгээс их задгайрч нийгмийн сэтгэлгээ дуртай дуртай “будаа”-руугаа амаа мэдэхгүй тоос хадаан таваргаж байна. Ёсзүйн хууль гэдэг бол дээд хууль! Үндсэн хуулийн дээр байх, Үндсэн хуульд үндэс суурь болж өндөрлөж өгөх хууль юм. Тийм хатуу, тэгэхдээ жинхэнэ хүнлэг ардчилсан “эцэг хууль” байхгүйгээс Үндсэн хууль маань эцэггүй охин шиг годгонуур бөгөөд дурын сээтгэнүүр эр уран арга, түргэн үгээр хөнжлийг нь сөхчихөж чаддаг хууль болчихсон юм шиг байгаа юм. Тиймээс нийгэмд хуулиуд нь ихэнх тохиолдолд хэрэгждэггүй, төр нь ч хэрэгжүүлж чадахгүй, үүрэг хариуцлагын тогтолцоо үйл ажиллагаанд нь хэвшихгүй байна гэж би боддог. Хэрэгжихгүй хуультай нийгэм бол хуульгүй нийгэмтэй л адил, аягүй бол тэрнээс ч доош унана шүү дээ. Би зөвхөн өөртөө боддогоо л илэн далангүй ярьж байна шүү. Ярьсаныг минь үнэмшихгүй бол харин би гайхахгүй. Үгүйсгэхэд ч гайхахгүй. Хүн хүний мөрөн дээр өөр өөр толгой залгаатай байгаа болохоор тэр олон толгойд өөр өөрөөр төрж байгаа зөв, буруу олон бодлын зөрчлийн нэгдлээс л үнэн олдоно.

-Өнөөдөр Д.Урианхай гуай үзэл бодлын хувьд яг хэн бэ гэж асуумаар санагдчихлаа. Олон жилийн та өөрийгөө “Марксизм-Буддизмын хавчуурга” гэж тодорхойлж байсан. Хэвээрээ юу, эсвэл өөрчлөгдсөн үү. Өөрчлөгдсөн бол ямар өөрчлөлт орсон бол?

-Үндсэндээ ноцтой өөрчлөлт ороогүй. Харин тэр олон жилийн өмнө хэрэглэсэн “хавчуурга” гэдэг үгийг синтез гэдэг үгээр солимоор сэтгэлгээний хөгжлийн өөрчлөлт орсон. Өмнөх үеийг Марксын формацийн онол дээр нэмэх нь “Хутагтын дөрвөн үнэн” гэж томьёолж болох байсан бол одоо Марксын формацын онол дээр нэмэх нь “Хутагтын дөрвөн үнэн”,  дээр нь нэмэх нь Нийгмийн харилцааны шүтэн барилдлага гэж томьёологдоно.

-Шинэ онол уу?
-Шинэ онол.(инээв) Үүнийгээ би Шүтэн барилдлагын социализм гэж нэрлэж байгаа. Үгүйсгэж болох, хүлээн зөвшөөрч ч болох нийгмийн априор сэтгэлгээний л ойлголт томьёоллууд байгаа. Хүний амьдралд үл үгүйсгэхдэхүйц нөлөөтэй бодит хүчин зүйлүүдийн утга агуулгыг багтаан харилцааны систем бодогдсон байгаа шүү! Гэхдээ үгүйсгэх, хүлээн зөвшөөрөх хоёрын аль алинд нь логик сэтгэлгээний өндөрлөгөөр дамжиж л хүрэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, философи сэтгэмж, оюун дүгнэлтийн зарчмаар гэсэн үг шүү дээ!

-Зах зээлийн хууль үйлчилж байгаа тогтолцоонд Марксист үзэлтэй байх боломжтой юу. Шаардлага байгаа юм у?


-Аль ч нийгмийн тогтолцоонд хуульзүйн шинжлэх ухааны мэдлэг, эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг хоёр заавал хэрэгтэй шүү дээ. Улстөр нь нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиараа үйл ажиллагаагаа явуулна, бодит ахуй амьдрал нь эдийн засгийн харилцаанд ноёрхож буй зүй тогтолдоо захирагдаж явна. Эдийн засгийн харилцааг удирдахын тулд заавал эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэжилтэй байж сая нийгмийнхээ хөгжлийн зөв бодлогыг боловсруулж оновчтой сайн шийдвэр гаргаж чадна. Маркс бол суут эдийн засагч эрдэмтэн, суут сэтгэгч!  Марксист байхын тулд Карл Марксын эдийн засгийн сэтгэлгээний хэдэн аугаа логик гаргалгааг сайтар ухаж ойлгох хэрэгтэй л дээ. Эдгээр гаргалгаа бол сэтгэлгээний хөгжил, гайхамшигт бодолтнуудын гоо сайхны илэрхийлэл юм. Нэгдүгээрт, формацын онол, хоёрдугаарт, нэмүү өртөгийн хууль, гуравдугаарт, хүн төрөлхтний түүхэнд өгсөн материалист тодорхойлолт!

-Та одоо ч Марксист хэвээр л байгаа юм байна. Урьд нь өөрийгөө “Би Монголын сүүлчийн Марксист” гэж хэлж байсан шигээ?


-“Юу сайхан дур сайхан” гэдэг үзэл сурталтай болсон өнөө үед өөрийгөө би үнэхээр тэгж боддог. Өөрийн үзэл бодол, нийгмийн хөгжлийн утга агуулгыг ойлгодог ойлголтоо Монголын нийгмийн өөрчлөлт, зах зээлийн тогтолцооны явцын шинж чанарыг манай “онолчид”-ын ойлгож буй ойлголт, тайлбарлаж буй тайлбар, тодорхойлолтуудтай харьцуулахад би бол 1990 оноос хойших “шинэ” Монголд амьд үлдчихээд байгаа ганц “хуучин хүү”.  Хааяа нэг ширээ сандлаасаа ховхрон нийслэлийн гудамжаар яаруухан алхахдаа “соёл”-ыг нь гайхаад л, утаанд нь уцаарлаад л, батгана шиг шавалдаж, жоом шиг тарсан машинуудаас нь үнхэлцэгээ хагартал айгаад л, над мэтийн “амьдралын ёроолынхон” хэзээ ч худалдан авч чадахгүй хэт үнэтэй гадаад бараа таваарт дарагдсан дэлгүүрүүдийнх нь илбэ, солонгонд толгой сэгсрээд л, баруунаа бөхийж ургасан мододтой ой ширэнгэнд ганцаараа зүүнээ бөхийж ургасан хөгшин хар мод болсон шиг л сэтгэгдэлтэй явдаг. Улстөрийн нэр томьёогоор бол Урианхай гэдэг өвгөн иргэн Монголын сүүлчийн ганц Марксист! К. Марксын нийгмийн онолд сэтгэлгээний дээд математик байдаг юм. “К. Марксын сургааль хүчтэй. Яагаад гэвэл үнэн сургааль юм” гэж В.И Ленин их зөв хэлжээ гэж бодоод л явдаг даа, би.

-Үнэнийг хэлэхэд таны үгийг би их хүндэлдэг. Гэхдээ хүндэтгэдэг гэдэг үг бол үг  бүрийг тань хүлээн зөвшөөрдөг гэсэн үг бишийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэглээ ч ярилцлага хийх завшаан олдсоных асуумаар санагдаад буй нэг асуултаа тавья. Монголын “сүүлчийн Марксист” таны нүдээр манай өнөөгийн эдийн засгийн негатив (таны хэлснээр) үзэгдлүүдийн далд, гол гол шалтгаануудыг аль болох цөөхөн үгээр тайлбарлана уу?

-(инээв) Аль болох товчхон хариулах асуулт биш, харин ч эсрэгээр, аль болох дэлгэрэнгүй, тал талаас нь нухацтай ярьмаар л асуулт байна шүү дээ.

-Уг нь тийм л дээ. Гэхдээ яарсандаа, өөрөөр хэлбэл цагийг тань их түрэмгийгээр үрж байгаадаа санаа зовоод гэх үү дээ. Та л цагаа харам санахгүй бол ярья гэснээ  ярь л даа. Уг нь дэлгэрэнгүй ярьвал надад ч, уншигчдад ч хэрэгтэй  байна.

-Эдийн засаг руугаа бодитой шагайвал их л тогтворгүй, элдэв эрсдэлд хямдхан өртчихөөр эмзэгдүү л загвар харагдах юм. Хөгжлийн гол тулгуур нь уул уурхайн олборлолт байдаг. Үр ашиг нь эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамааралтай, үргэлж “захиргаанд” нь ноёлогдож байдаг. Эдийн засгийн удирдлага, зохицуулалт нь Монголын төрд бус, гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн эрх мэдэлд атгаастай. Тэд хаашаа л зална тийшээ мурийдаг. Тийм үү? Инфляци гэдэг “хар шувуу” манай руу байн байн нүүдлээд ирчихдэг болсоор уджээ. Эд барааны үнэ, үйлчилгээний хөлс нь яг л хамхуул шиг. Хамхуулын үндэс цулгай болохоор салхи хөдлөхөөр л хөрснөөсөө мултраад хаашаа л бол хаашаа салхины аясаар нисээд явчихдаг шүү дээ. Яг л тэрэн шиг байна. Үнэ, тариф тогтоолт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй, хүн ёсны хийгээд хүмүүнлэг харилцааны хэм хэмжээ байхгүй! Тийм үү? Үнэ өсгөдөг, тэнгэр рүү хөөрөгдөг хавсрага шуурганых нь зүг чиг ч их гаж, шинж чанар нь ч их гажиг, юу гэвэл зөвхөн доороос нь дээшээ үлээдэг, тэгээд үнэ өртгийг нь үүлэнд тулгаж хаяад л сая нэг юм намждаг “хавсрага шуурга” байх юм. Зардлаасаа хэт давсан үнээр барааг борлуулах нь эзэддээ өнөөдөр  ашигтай ч маргааш нь ямар гай гамшиг дуудахыг тэд мэдэхгүй байна, хөөрхий. Ямар гай, ямар аюул дуудах вэ гэвэл нүгэл нүдээрээ гарах аюул л нүүрлэнэ. Эд нар нүгэлээсээ огт айдаггүй хүрэл зүрхтэн улс юм. Хэдийг бүү мэд, хэдхэн жил өнгөрсний хойно эдгээр хүрэл зүрхтэнүүд өтлөх нь жам, өвчин зооглох нь жам, үхэх нь жам! Үхсэн хойноо өнчин хөөрхий сүнсээ тамын галд шатаалгаж тарчлана шүү дээ, чааваас. Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй эрдэм шинжилгээний тусгай институт хүний сүнс судалж байна. Сүнс гэж байдгийг баримтаар нотлох нь бүү хэл, сүнс шилжүүлэн суулгах мэс засал хийж ололт, нээлтээ зарлаж байна шүү дээ. Хүний амьдрал ийм давхар давхар баринтагтай болохоор хүн энэ насандаа хүнлэг, шударга амьдарч чадахгүй юмаа гэхэд нүглээс айж амьдарч чадахгүй бол насныхаа эцэст газраар гүйж яваа өт, хорхойнд ч атаархахаар дорд муу хувь заяаны цаламд бөх гэгч ороогдоно. Тэр цалмыг юугаар ч тасалж чадахгүй. Уг нь бараа, үйлчилгээний үнэ, төлбөр зардалтайгаа харьцангүй байвал үнэтэй, чанартай бүтээгдэхүүний борлуулалт сайн, хөрөнгө мөнгөнийх нь эргэлт түргэн, тэгэхлээр үхэл дарагдмал нөөц хуримтлагдахгүй, мөнгөн орлогынх нь баяжилт хурдсах ашигтайг тооцох нь илүү зүйтэй “тооцоо” байгаа юм шүү дээ. Ер нь тэгээд өнөөгийн нийгэмд хүний ариун сайхан сэтгэлээр амьдрахаар зорьж яваа мань мэтэд гашуунаар мэгшин харуусмаар өдөр олон л давтагдах юм, эсэргүүцмээр үйлдэл, зөрчилдмөөр үзэгдэл олон л тохиолдох юм байна шүү дээ, хө! Тэр бүгдэд би жигтэйхэн залуу халуун сэтгэлээр эмзэглэх юм. Заримдаа ч бүр цамцаа ураад цээжээ маажмаар, заримдаа ч бүр хэнгэнэтлээ уйлмаар л “шизотоод” явчихна. Гэхдээ миний нулимсанд ач холбогдол өгөх хэрэггүй ээ! Өвгөрөөд нулимс султай болчихоод байгаа ч юм биш хар багын, идэр залуугийн л уйланхай амьтан! Социализмын үед ч олон уйлдаг  байсан. Нулимс элбэгтэй, бас султай минь надад ижий, аавын минь “өвлүүлсэн” олон дутагдлуудын зөвхөн нэг нь! Би баярлахдаа ч  уйлчихдаг, гомдохдоо ч  уйлчихдаг. Гол нь Монгол минь л намайг уйлуулдаг юм. Сайнд нь ч  уйлдаг, мууд нь ч уйлдаг. Монголоо даанч их хайрладагтаа  тэр шүү дээ. Тоодоггүй, хайрладаггүй байсансан бол юундаа тэгтлээ усан нүдлээд байв гэж. Санаа амар  унтаж босоод л, идэж уугаад л уйлахаасаа ярвайх нь олон байх байсан биз. За, болъё, долоон булчирхайгаа тоочин олонд шоолуулаад яахав.

-Тэгвэл өнөөдийн нөхцөл байдлын буруутан нь хэн бэ. Засаглалын бүтэц, хэлбэр, хуваарилалтын бурууд байна уу, эсвэл эдийн засгийн харилцааны согогтой үйл явцад байна уу?

-Мэдээж, аль алинд нь.  Эдийн засгийн харилцаагаа ч жинхэнэ энэрэнгүй, зөв, хуурмаг бус ардчилсан гольдролд оруулах хэрэгтэй! Гагцхүү хувийн өмч бус, өмчийн үр ашигтай олон хэлбэрүүдийг зэрэг хөгжүүлж тэдний хооронд бараа бүтээгдэхүүний чанарын болоод өртөг зардлын шинжлэх ухаанч хэмнэлт, үнийн бууралтын өрсөлдөөн буй болгох тогтолцоонд шилжих хэрэгтэй л байх шиг байна. Засаглалын хэлбэрт ч өөрчлөлт оруулж турших шаардлага амьдралаас ургаад байгаа харагдана. Энэ бүгд юу “хашгичаад” байна вэ гэвэл, Монголын улс төр-эдийн засгийн амьдрал нийгэмд олигархи бүлэглэл ажиллах, эсрэг талд нь ард олонхийн ядуурал, оюуны гуйланчлал, хүмүүсийн хүн чанар, ёс суртахууны  үхэшрэл туйлшрах үйл явц маш хурдтайгаар нийгмийг булингартуулах бодит нөхцлийг бүрдүүлээд удаж байгааг “тэнгэр дуугарах” мэт нүргээнтэйгээр хашгиран хэлээд байна. Иймд үүссэн нөхцлийг үтэр түргэн арилгах шинэ өөрчлөлтүүдийг яаралтай хийх шаардлага амьдралд тулгарчээ гэсэн дүгнэлт зайлшгүй хийхээс аргагүй болж!  Гэхдээ  эдгээр өөрчлөлтүүдийг хийхдээ ямар нэг ухаалаг, иргэний өндөр ухамсар, хариуцлагатай улс төрийн аргаар л хийх хэрэгтэй. Түүнээс биш өшрөл, хүчирхийллээр бус!

-Засаглалын хэлбэрийн талаар нийгэм судлаачид, улс төрчдийн хооронд санал зөрүүтэй, маргаантай байдаг. Зарим нь Парламентын засаглалыг, зарим нь Ерөнхийлөгчийн засаглал Монголын нөхцөлд илүү тохирно гэж үздэг. Таны хувьд?  
     
-Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг нэг туршаад үзмээр санагддаг. Дал гаруй “бирд”-ийг тэжээж байснаас ганц том “бодон” таргалуулвал эдийн засагт маань хэмнэлт гарч мэдэх юм. Нийгмийг зөв удирдах “эцэг” их үгүйлэгдэж байна шүү дээ! Ард иргэд биднийгээ бузгай чанга “алгаддаг” ч байг, хамаагүй. Эцэг хүний халуун хөлстэй алгаар уйлтал маань алгаддаг “төрсөн эцэг” нийгэмд өнөө  их чухал хэрэгтэй байна. Түүнээс биш өнөөгийн энэ олон “хойт эцэг”, “хадам эцэг”, хэл үг нь “гадаад”, элэг сэтгэл нь “харь” “эцгэнцэр”-үүдээс залхаж гүйцэж буй нь хот, хөдөөгийн үй түмэн эгэл жирийн иргэдийн амнаас мэдэгдэж байна. Надад л лав мэдрэгдэж байна. Та нарт яадгийг мэдэхгүй. Энд би “нийгмийг зөв удирдах” гэдэг үгийг зориуд онцолж хэлж байгаа юм. Яагаад гэвэл, Монгол гэдэг “жижигхэн загвар” дээр зах зээлийн харилцааны сонгодог хөгжилтэй “том загвар”-ын ихэнх онол ч, үйл ажиллагааных нь нийтлэг зарчим ч таарахгүй. Энэ хоёр засаглалын хэлбэрээс Монголчуудын амьдралын практикт голдуу сөргөөр үйлчилж зөрдөг прадокс үзэгдэл их харагдаж байна. Ер нь барууны ардчиллын загвар ч таарахгүй. Яагаад гэвэл барууны онол загвар нь Монголын өвөрмөц, ахуй амьдрал, уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх өв үзэл сургаалийг задлах, нийгмийг өөр соёл-иргэншлээр шоконд оруулах замаар төлөвшүүлэхээр уруу татах хандлагаараа эрс харшилж буй нь ч бодитой мэдрэгдээд л байна. Уг нь хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй юм нь хүний эрх, эрх чөлөө мөн нь гарцаагүй үнэн. Гэтэл өнөөгийн Монголын эдийн засгийн харилцааны нөхцөлд хүн амын маань олонхид хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал  гэдэг сайхан үгс зүгээр л тоглоом тохуутай хоосон үгс дуулдаж байна. Монголын шинэ Үндсэн хууль гэдэг хөгийн, хуулмал, хүнийг хүн биш болгох “чихэрлэг хор” нэвчээстэй бичиг баримтанд дурьдаастай “Үг хэлэх”, “Жагсах”, “Сонгох”, “Сонгогдох”, “Эрхээ хамгаалуулах” гэх мэтийн “золбин” эрхүүдээр чинь хүн яах юм бэ?  Эд бол хүний хөгжилд чухал хэрэг тустай хүчин зүйлүүд  чухамдаа биш шүү дээ. Хонийг цар нь хөдөлсөн тольтой төөрдөг байшинд оруулаад “Чи бол арслан! Дуртай цагтаа дурын амьтан руугаа хүрхэр!” гэж “ойлгуулаад” хашихтай л адил молиго үгс! Уг нь Үндсэн хуульд үнэхээр сайшаамаар өгүүлбэр бий нь бий. Тэр бол “Хүн амьд явах эрхтэй!” гэсэн өгүүлбэр. Гэтэл энэ аанай л хулхи өгүүлбэр аж. Яагаад гэвэл, Монголд өнөөдөр хүн амын тал хувиас илүү нь ядуу зүдүү амьдарч байгаа бөгөөд “амьд явах эрхтэй” бус үг дуугүй л “үхэх” “эрхтэй” байгаа.

-Өнөөдөр монголчуудын дунд, ялангуяа, жирийн ард иргэдийн дунд хамгийн их маргаан тарьж, санал хуваагдаж байгаа нэг гол асуудал бол цаазын ял. Энэ асуудлаар таны бодол, хандлагыг сонсохгүй өнгөрч болохгүй биз ээ?

-Уг нь цаазаар авах ялгүй болно гэдэг энэрэнгүй сайн үйл мөн. Дэлхийн хамгийн энэрэнгүй Бурханы шашин үндэснийх нь уламжлалт шашин шүтлэг болж буй Монголд хэзээ нэгэн цагт хэрэгжих ёстой л шийдвэр! Гэхдээ энэ шийдвэрт би нийгмийн материалист философи сэтгэлгээгээр хандаж байгаа! Юу гэвэл, хүний амьдрал дахь бүх үзэгдэл, юмс бүгд тодорхой  шалтгаан нөхцлийн үр дагавар болж гарч ирдэг, бас үгүй болдог. Үндсэн шалтгаан нөхцөл нь нийгмийн харилцааны шинж чанар, практик  үйл ажиллагааных нь бодит нөлөөнд оршиж байдаг. Эх оронд минь хүмүүн ёсны бус гэмт хэрэг үйлдэгсэд, зориудаар, урьдаас төлөвлөсөн зорилго, санаатай үйлдсэн харгис аймшигт аллага байн байн давтагдаад байгаа нь нийгмийн харилцаан дахь гажуудал, юуны  өмнө, эдийн засаг дахь сөрөг буруу үйл явцын шууд үр дагавар юм. Алив үзэгдэл юмс байх, эс байх нь ямагт болзолт шинж чанартай бөгөөд тухайн орон цагийн бодит байдлын нөхцлөөс хамаарах үр дагавараар тодорхойлогдоно. Тэрхүү нөхцөл үгүй болмогц түүнээс үүддэг үр дагавар үгүй болно, бодит байдлын нөхцөл шалтгаан боловсормогц түүнийг дагаад үр дагавар нь бүрэлдэж ил гарч ирнэ. Ингэхлээр, цаазаар авах ялыг халахын тулд эхлээд уг ялыг хэрэглэх тохиолдлуудыг буюу хүнд, ноцтой гэмт хэргүүдийг амьдралд байхгүй болгох нийгмийн нөхцөл, харилцааг бүрдүүлж өгөх ёстой. Бид хоёрын ярилцаж буй гэмт хэргийн тохиолдолд буюу хүн хүнээ санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн, хүмүүн бус сэтгэлээр  хээрийн араатан хотны хонийг тасчиж байгаагаас долоон дор яргалал, аллага амьдралд гарахгүй байх ахуй амжиргааны нөхцөлийг буй болгох ёстой гэсэн үг. Тийм эдийн засгийн тэгш хуваарилалттай, хүн бүр адил тэнцүү хэрэглээтэй, нэг нь нөгөөгөө асрахуй нигүүлсэхүй сэтгэлээр хайрладаг ёс суртахуунтай нийгмийн тогтолцоог л байгуулах ёстой юм. Нэг нь нөгөөдөө хонзогнох, жөтөөрхөх, дайсагнах эдийн засгийн шалтгаан нөхцөл арилмагц нийгмийн гэмт хэргүүд аандаа үгүй болно. Нийгмийн суурь харилцаанд тийм нөлөө, үйлчлэл ноёлмогц цаазаар авах ялыг хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг ч гаргах хэрэггүй, зүгээр л, би ч юмуу, чи ч юмуу хэн нэгэн эмгэн зурагтаар ч юмуу, радиогоор  “Хүн хүнээ егүүтгэх нь сүнсээ тамд шатаалгах нүгэл шүү!” гэж хэлээд л залбирчихад их буугаар буудсанаас ялгаагүй дуулдан айлгах учиртай юм.

- Үхэл гэдгийг та юу гэж ойлгодог бол?

-Үхлийг тийм ч аймшигтай, айхтар үйл явц болгон бодох нь буруу шүү. Би хувьдаа тийм л бодолтой явдаг. Үхлийг үйл явц талаас нь ухвал хүний бие махбодид бодисын солилцоо явагдахаа больж, хүний бие махбодийн эс, эд эрхтэнүүдийн физиологи үйл ажиллагаа зогсч байгаа үйл явц юм л даа. Гэтэл хүн маань бодит, физик биеэсээ гадна хийбодь биеүүдтэй энгийн нүдэнд үл харагдах, үл баригдах давхар олон бүтэцтэй бөгөөд энергийн нийлмэл үйл ажиллагаа, солилцооны үйлчлэлээр амьд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний биед бодисын солилцоо, үйлчлэлээс гадна хийн болоод энергийн солилцоо, цэнэгт орны үйлчлэл тасралтгүй явагддагаас хүн оюунлаг, сүнслэг давхар амьдралтай гэсэн үг. Бие махбодийн үйл ажиллагаа бүрэн зогсоход оюунлаг, сүнслэг, энергилэг ахуйн ажиллагаа үл зогсон цааш үргэлжлэн ажиллана. Шинжлэх ухаан хараахан тайлбарлаж хүчрэхгүй байгаа оргилд нэгдэн мөнх эргэлдэнэ. Тэгэхлээр үхлийг амьдрал биш гэдэг бидний ойлголтоор хатуу ойлгож дандаа гутрах ч юм уу, айх нь буруу гэж би  боддог. Хүний биеийн эрхтэнүүд, жишээ нь зүрх л гэхэд 200-250 жил ажиллаж чадах чадвартай. Гэтэл хүн яагаад 100 наслаагүй байхад зүрх нь зуурдаар зогсчихоод  байна вэ гэвэл гай барцдаар л тэр юм. Гай гэж хоёр төрлийн айхтар эрлэг байна. Энэ бол өвчин, осол. Хүн өвчин тусаад эдгэрч чадахгүй үхчихдэг, нэг бол осолд ороод эмчилгээ авахгүй байсаар нүд аньдаг!  Тэгвэл энэ хоёр гайны хамгийн хүчтэй, хамгийн найдвартай ерөндөг нь буян юм. Хүний насны хэмжил болоогүй байхад үхдэг нь үйл лай тохиосны буюу буяны үйл дутаж, нүглийн үр үржсэний гай юм.

-Ажаад байхад зах зээлийн харилцааны сэтгэлгээ, туршлага хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн олон үзүүрт үйл ажиллагааг дагалдан үүсч буй эерэг, сөрөг үр дүнг зөвхөн эдийн засгийн тогтсон утгаар нь дүгнэх бус, түүний зэрэгцээ хүний амьдралын гол үзүүлэлт, буян, нүглийн тухай шашин, ёс суртахууны ойлголт, үнэлэмжийг оруулж дүгнэвэл зохих юм шиг. Таны ярьсныг тэгж ойлголоо. Зөв үү?


-Зөв өө. Хүний амьдрах эрх чухамдаа хөрөнгө мөнгөний хатуу баталгаа, хүний өрсөлдөх чадвар дээр ч тогтож байгаа юм биш, хүний үйл ажиллагааны мөн чанарын үнэмлэхүй тодорхойлолт, үйлдсэн буян, нүглийнх нь харьцааны дэнсэн дээр л тогтож байгаа юм. Буян үйлдсэн  нь энэ дэнсэн дээр зонхилон дарж байвал амьдралынх нь эрх баталгаатай бөгөөд урт насалж удаан жаргана, хэрэв  үйлдсэн нүгэл нь дэнс дарж байвал тэр хөөрхий амьтны амьдрах эрх баталгаагүй, үйлийн үрийн төмөр хуулиар шийтгэгдэж богино наслана, их зовно. Нийгмийн харилцааны философи утга бол хүмүүс бие биетэйгээ нэгдэх, хамтран ажиллах, өөрөөр хэлбэл бие биеийнхээ сайхан амьдрах нөхцлийг хамтран бүрдүүлэх үзэл санаа, үйл ажиллагааны систем буюу шүтэн барилдлага юм. Хувь хүн нийгмийн харилцаанд оролцох эрх, үүрэг нь энэ шүтэн барилдлын шаардлагаар л тодорхойлогдоно. Энэ ойлголт нийгмийн харилцааны гол ойлголт, бүр хууль-ойлголт байх ёстой. Энэ хууль-ойлголт зах зээлийн харилцаанд ч ав адил үйлчилнэ. Хувь хүн бусадтай нэгдэх, нийгмийн харилцаанд орж иргэншихэд хамгийн гол нөхцөл нь, хүн өөрийнхөө бус юуны түрүүнд бусдын төлөө амьдрах, бусдын сайн сайхан амьдралд өөрийнхөө амьдралыг зориулах явдал юм. Хувь хүн бусдын амьдралын төлөө өөрийгөө зориулбал л  олон түмэн ч түүний төлөө өөрсдийнхөө амьдралыг зориулна. Дусал ус ширгэж хатахгүй байх ганц нөхцөл нь далайд нийлэх л байдаг. Түүнтэй адилхан гэсэн үг. Хүн амьд явахад уургийн хэрэгцээ, бодисын солилцооноос гадна баяр баясгалан зонхилох үүрэг нөлөөтэй байдаг. Баяр хөөр бол хүний амьдалд гол хэрэгтэй юмны нэг шүү дээ. Баяр баясгалангүй, сэтгэлийн амгалан жаргалгүй хүн 100 жилийн турш үрэлгэн зарахад хүрэлцээтэй хөрөнгө мөнгөтэй байлаа ч намрын голио шиг нэгэн улирлын эцэст л “амьдралын уул”-анд донгодохоо больж дуу нь тасрана. Иймд хүний амьдралын философи утга агуулганд оруулж бодох нэг чухал ойлголт байна. Энэ ойлголтоор бол хүн зөвхөн өөрийгөө л баярлуулбал өөрөө л ганцаараа баярлана. Энэ бол зөвхөн ганц хүний л баяр, зөвхөн ганц удаагийн л баяр, олон удаагийн байлаа ч бас л тэр ганц хүний л баяр! Тэр хүнд олон удаа, маш олон удаа баярлах нь хамгаас чухал, хамгийн их хэрэгцээтэй! Яагаад гэвэл олон удаа, маш олон удаа баярлах нь л тэр хүнд жаргалтай амьдралын сэтгэгдэл, сэтгэлийн ханамж төрүүлнэ. Олон удаа, маш олон удаа, олон дахин баярлах аргыг Бурхан багш алдаагүй заасан байгаа. Юу гэхээр бусдыг, маш олон дахин баярлуулах хэрэгтэй гэж. Хэдийчинээ олон хүнийг буюу бусад олныг баярлуулж тэдэнд буян болно, буян чинь төдийчинээ их  болж өснө. Хүний амьдралын баяр жаргал гэдэг үндсэндээ тэрхүү үйлдсэн буяны л хариу юм шүү дээ. Амьдралынхаа баяртай эгшин, жаргалтай үеүүдийг олон болгоё гэвэл, үржүүлье гэвэл, аль болох олон хүнд л буян үйлдэх хэрэгтэй! Буяны гол чанар нь үрждэг, үр нь шамшигддаггүй, буяны эзэн өөрөө л эдэлдэг, дээр нь бусадтай хуваалцаж болдог чанар нь юм. Тийм үрждэг чанар нүгэлд ч бас хамаатай, түүнийг тодорхойлогч чанар юм. Учир нь нүгэл ч мөн үржинэ, үр төлөөс нь бас шамшигдахгүй, нүгэл үйлдсэн хүнд өөрт нь үйлийн үр болж боловсордог. Хүн үйлдсэн нүглийнхээ үйлийн үрийг өөрөө л ганцаараа эдэлж гэтэлнэ. Өөр бусдад ацаглах юм уу, бусадтай хуваалцаж чаддаггүй. Үүгээрээ нүглийн үр, буяны үрээр хол ялгаатай. Өнөөгийн хүн төрөлхтний алдаа, эмгэнэлийн үндэс нь энэ үнэнийг мэддэггүйд оршиж байгаа юм шүү. Эцэст нь дахин давтан хэлэхэд хүний амьдралын эцсийн үнэмлэхүй зорилго бол баяр жаргалыг эдлэхэд л оршдог. Би хар залуугаасаа л ингэж итгэсээр насныхаа “Гималай”-д гарч явна даа. Тиймээс л  өнөөгийн либеритари, прагматист онол, үзэлтэй эрс зөрчилддөг юм.

-Таны яриа, сэтгэлгээний нүүдэл хүнийг хүн болгох арга, билигийн ухаан руу чиглэж хийгдэж байх шиг. Би л тэгж ойлгоод байна. Хүн гэдэг амьтан ямар хачин юм бэ гэмээр. Эхэндээ л хүн байгаад сүүлдээ хүн биш болчихдог юм уу, эсвэл эхнээсээ л хүн биш байгаад тэгээд энэ бичиг номын хүмүүс хүнийг хүн болгох тухай зуу зуун жилээр яриад байдаг юм уу, огт ойлгохгүй юм. Хүн бүр л энэ тухай ярьсан, ярьсаар л байгаа санагдах юм. Энэ үйл явц ер нь үр дүнд хүрдэг болов уу?

-Хүнийг хүн болгодог гурван том язгуур байна л даа. Язгуур гэмээргүй бол бүтэц ч гэж болохоор юм уу даа. Энэ бол бие, оюун, сэтгэл гурав. Бие бол бодисын солилцоо, цусны эргэлтийн бүтээл. Бие тун хязгаарлагдмал бололцоотой, хязгаарлагдмал хүчин чадалтай. Тиймээс тоотойхон цөөн юмыг маш зовлонтой бүтээх өгөгдөхүүн юм. Оюун санаа бол бодит ертөнцийн үйл явцын тусгал, хийсвэрлэл, өөрөө хийсвэрлэл хэрнээ бодит ертөнцийг өөрийнхөөрөө өөрөө л бүтээгч мөн чанартай үзэгдэл! Тиймээс оюун санаа бол тоймгүй хязгааргүй олныг, олонлогийг маш хялбараар огтын зовлонгүй, өөрийн дур хүслээр, өөрийн квант хуульзүйгээр бүтээнэ. Ямар нэгэн тоон болон логик сэтгэлгээний зарчимтай үзүүлэлтээр илэрхийлж болохын аргагүй төгс дээд, үл тайлагдах нууцтай энергийн оршихуй гэж хэлэхэд болох байх. Сэтгэл бол ертөнцийн бодитой, бодигүй зэрэгцээ чанарын нэгдэл, тэдний зөрчил-эвлэрэл, үгүйсгэлийн үгүйсгэлийн үгүйсгэл буюу үл няцаагдах үнэн, хамгийн төгс дээд оршихуйн үл баригдах, үл харагдах, үл оногдох төлвийн илэрхийлэл байх! Хүнийг “хүн болгоно” гэдгийг дотогш нь шурагдаж ойлговол, хүний дотоод ахуй-сансарыг гэрэлтүүлнэ, зай багтаамжийг нь асрахуй, нигүүлсэхүйн эрчимээр дүүргэн тэлнэ, хязгааргүй хөгжүүлнэ л гэсэн үг. Хүний хөгжилд дээрх гурван язгуур бүтцийг төгөлдөржүүлэх, цаг үргэлж эерэг, энэрэнгүй сайхан үр дүн гарч байх өндөрлөгт хүргэхээр зөв харьцаанд хадгалах, тэдний үйл ажиллагааны зүй тогтолыг шинжлэх ухаанчаар онож алдаа мадаггүй танин мэдэх, тэгээд тэрхүү зүй тогтолд нь үл харшлахаар зохицох буюу шүтэн барилдаж харилцах зам л жинхэнэ зөв зам!

-Яг өнөөгийн нийгмийн харилцааны үе шатанд Монголд хамгаас чухал нь юу байна вэ. Уул уурхай, нанотехнологи, шинжлэх ухааны илүү шинэ нээлт, аялал жуучлал, газар тариалан, жижиг дунд үйлдвэр... гээд л эдгээрийн аль чухал бол? Нөгөө талаас улстөрийн харилцааны утгаараа ардчилал уу, захиргаадалт уу, даяаршил уу, дангааршил уу? Инээдтэй асуулт тавьж байгаа бол уучлаарай.

-Инээдтэй ч асуулт биш байна. Харин ноцтой гээч. Ийм аймаар тодорхой мэргэжлийн асуултад чиний хүсч, бас өдөж байгаа шиг хангалттай хариулт өгч чадахгүй л дээ (инээв). Надад ямар ч судалгаа, тоо баримт, ямар нэг санаа дүгнэлт гаргах ч юм уу, шинжлэх ухааны экстраполяц хийчих бодитой хэрэглэгдэхүүн алга. Өөрийн нүдэнд өдөр бүр яалт ч үгүй харагддаг хар амьдралын хар зургаас өөр ямар ч материал байхгүй. Иймд би улстөрчид, эдийн засагчдын хэлээр бус, софи сэтгэлгээний хүний хэлээр, уран бүтээлч хүний үзэл бодлоороо хариулая. Нийгмийн харилцааны төгөлдөржилтэд эдийн засгийн бүтээмжийн чадвар суурь нь болж өгөх нь мэдээж. Гэхдээ маргавал ч маргаж, үгүйсгэвэл ч үгүйсгэж болох нөхцөл бий. Үзэгдэл хэрвээ үнэн бөгөөд бодитой бол өөрийнхөө үгүйсгэлийг өөр дотроо агуулж явах ёстой шүү дээ. Нийгэм олны ч бай, хувь бодьгалын ч бай, үйл ажиллагааных нь төрөл зүйл, хэлбэр, арга барил  ялгаатай ч бай үнэмлэхүй зорилго нь л нэгдмэл, зангидмал байх ёстой! Энэ үнэмлэхүй зорилго бол байгалийн болоод нийгмийн шалгарлаар түүхэнд үлдэх, үндэстнийхээ мөнх түүхийг бүтээх, өнгөрч буй цаг хугацааг бүтээн байгуулалтад ашиглах явдал юмаа. Ийм аварга зорилго гагцхүү ажил хөдөлмөрөөр, бүр нийгэмдээ буян үйлдэх ариун гэгээн сэтгэлийн шударга хөдөлмөрөөр л хэрэгжинэ. Харин буян үйлдэх гэдгийг шинжлэх ухаанчаар ойлгох хэрэгтэй. Буян үйлдэх гэдэг бол өөрийн шаргуу, бүтээлч үйл ажиллагаагаараа бүтээж буй болгосон хөрөнгө, хуримтлалаа хамгийн зөв зарцуулахыг хэлж байгаа юм. Хамгийн зөв юм гэж ямар зүйлийг хэлэх вэ гэвэл мөн чанараараа ариун, бурханлаг үйл ажиллагааг л хэлнэ. Буян үйлдэхийн тулд буяны хөрөнгөө хураах хэрэгтэй. Энэ хөрөнгө маш идэвхтэй ажил хөдөлмөр, оюун ухаан, чин үнэнч сэтгэлийн эрчим хүч нэхсэн хүнд хэцүү тэмцлээр буй болдог. Буян бол туйлын хүнлэг, бурханлаг, хамгийн хүчирхэг үйл ажиллагааны ялалт мөн. Ази, Европын хүчирхэг эдийн засагтай улс орнуудын дайн байлдаантай үеийнх нь болон энх тайван цагийн хөгжлийн түүхээс надад нэг бодол төрдөг юм. Энэ бодлоо би зөвхөн бодол ч бус теором гэж хэлсэн ч ичихгүй. Хараад байхад улс орнуудын хөгжилд явж явж ганц л нууц байна шүү дээ. Би яахав нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм. Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдрана гэсэн үг! Хил хязгаараа дархан, амгалан байлгах, бурханаас бүтээсэн гоо сайхан хэвээр нь хадгалах, хор урхаггүй ухаалгаар ашиглан амьдралынхаа жаргал болгох, ард түмнээ сайхан амьдруулах түүхэн дурсгалт гавьяа бүтээхийн тулд л хамаг насаа ухамсартайгаар зориулна гэсэн үг. Германы алдарт зохиолч Б. Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү! Айхтар үг шүү. Хэн нэгэн бусдынхаа тусын тулд л амьдарч баатар болно шүү дээ. Тийм биз? Нэг хүний ач тусын их багын хэмжээнээс үл хамааран хариуд нь түмэн хүний түмэн тус өглөг болж ирдэг юм. Зөвхөн өөрийгөө бөөцийлдөг хүн эцэстээ ганцаардал, гутрал, хорсол, бухимдал, үзэн ядалттайгаа амьдарсаар дуусдаг. Хамгийн дотно, хамгийн үнэнч хань нөхөр нь авс л болдог.

-Таны ярианд “шинжлэх ухаанчаар” гэдэг хэллэг байнга орох юм. Та “Хүний хөгжил” гэдгийг ойлгодог өөрийн ойлголтоо шинжлэх ухаанчаар, онолын тодорхойлолтын түвшинд товч томьёолохыг оролдохгүй юу?


-Болно. Бололгүй яах вэ, зөвхөн оролдох ч бус жинхэнэ онол эш болгон томьёолж тодорхойлолт өгөх ёстой. Гэхдээ чи одоо нэг нөхцлийг ойлго л доо. Юу гэвэл, би онолын өгүүлэл, трактат бичиж байгаа бус, хэвлэлд жирийн л аман ярилцлага өгч байна шүү дээ. Дээр сая ярьсан санаа бодлуудаа тун удахгүй онол эшийн зохиолын хэл найруулга, нийгэм-байгалийн шинжлэх ухааны нэр томьёогоор, философи сэтгэлгээний бүтээлийн хэлбэрээр илэрхийлж гаргана. Энэ миний нэг том зорилго.

-Нэг зүйлийг тодруулая, Урианхай гуай. Хүн төрөлхтөнд хөгжлийн шинэ онол, үзэл баримтлал хэрэгтэй гэсэн санаа таны улстөр-нийгмийн сэдэвтэй бүтээлүүдэд байнга эргэлддэг, би мэднэ. Одоо ч энэ ярилцлагын гол санаануудад зууралдаад л яригдаад байна. Тэгэхлээр чухам ямар тодорхой онол хэрэгтэй байна гэж та үзээд байна даа?

-Миний бодол бодролын үндсэн санаа гэвэл одоо хүн төрөлхтөнд хөгжил бус аврал чухал болчихлоо гэдэг санаа юм. Нэг аврал нь гэвэл одоо техникийн цаашдын хөгжил, ашиглалтаас шийдвэртэйгээр татгалзах нь амин чухал. Техник ашигладаггүй, гэхдээ хүний амьдралын хэрэгцээ, хэрэглээг хангадаг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээ өөрийн далд ухамсар, дотоод чинаддаа байгаа био эрчим хүч, самади төвлөрөл бясалгалын шид чадлаар “үйлдвэрлэж” бүтээдэг синергетик эх сурвалжийг хүн өөрийн бодит махбодиосоо болон бусад олон давхар бүтцэт бие, оюунлаг, сүнслэг, эрчимлэг, хий биеүүдийнхээ ид шидлэг нууц хүчээс олж гаргадаг үйл ажиллагаатай болох тийм хөгжлийн загвартай онолоор хөгжвөл л зөв болно. Тийм зам л нийгмийн хөгжлийн орь зөв зам!  Хүн төрөлхтөн цаашдаа тийм дотоод хөгжлийн далд руу аль болох түргэн эргэх хэрэгтэй болоод байна. Үүний тулд хүмүүс, нийт хүн төрөлхтөн гадагшаа хөгжих буюу материаллаг хэрэглээгээ нэмэгдүүлэх бус хасах, бараа таваарын үйлдвэрлэл үйлчилгээгээ хэт ухваргүй зэтгэрлэгээр галзууруулах бус эрүүлжүүлэх ухамсараар дотогшоо хөгжих, өөрийнхөө дотоод чинадад үйлчилж буй мөн чанарынхаа хөгжлийн хэрэгцээ, хэрэглээг хангахыг л эрхэм зорилгоо болгох ёстой юм гэж бодоод байгаа. Аливаа онол шинжлэх ухааны логик сэтгэлгээний бат нот, магадлал өндөртэй үндэслэлд суурилсан байх шаардлагатай. Онол эшийн бат нот үнэн нь юмс үзэгдлийн хувьсал, хөгжлийн шалтгааныг зөв олж таньсан, зүй тогтлыг нь нарийн судалж илрүүлсэн, алдаа мадаггүй тайлж тайлбарласан бодит үнэнд тулгуурласан байхад оршино. Би хувьдаа бодохдоо хүний нийгмийн хөгжил бол их олон юм хэрэглэхэд бус, бага цөөн юмыг ухаалаг, гоо сайхнаар хэрэглэх, хэрэглээндээ дээд зэргийн хэмнэлтийн зарчим баримтлах, тэр бага, ариун сайхан, хэрэглээнээсээ их аз жаргал, амар амгаланг олж хүний амьдралын үнэ цэнэ, баяр бахыг бүрэн мэдэрч чадах сэтгэл, оюуны чадварт хүрэх үйл явц л гэж бодоод явдаг.

-Одоо хоёрхон саваагүй гэмээр асуулт тавья. Зөвшөөрөх үү?


-Асуултыг чинь сонсоогүй байж яаж урьдчилан зөвшөөрөх вэ. Ямар ч асуулт юм билээ, мэдэхгүй байна.

-Зүгээр л энгийн саваагүй, санаандгүй марзан асуулт. Хариулахаас татгалзаж болно л доо, таны эрх.


-Тэгвэл сайн байна. Хариулахгүй байж болно гэж тохиролцлоо. Тохиролцоо гэдэг чинь хүмүүсийн харилцааны том соёл шүү!

-Хэрэв таныг Ерөнхийлөгч болговол хамгийн түрүүнд юу хийх вэ. Ажлаа юунаас эхлэх бол?

-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж чадахгүй шүү дээ. Тэр албанд тэнцэхгүй. Учир нь бусдыг удирдаж хэзээ ч чадахгүй.

-Гэхдээ ард түмэн танд зориуд даалгачихвал?

-Хэхэ, тэгвэл үү? (инээв) Марзан асуулт марзан хариулттай байна шүү дээ. Ойлгомжтой биз дээ? Тэгэхлээр хэрэв ард түмэн намайг тийм “буулга”-нд хөтөлчихвөл, хамгийн эхлээд эдийн засгийн эрс хувьсгал хийнэ дээ, дүүрсэн хэрэг. Тэгэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглал тогтооно. Эхний “хувьсгал” нь уул уурхайн болоод мал аж ахуйн түүхий эдийг түүхийгээр нь экспортлохыг хориглоно. Юу юуны түрүүнд газрын тос боловсруулах хоёр гурван жижиг том хүчин чадлын үйлдвэр яаралтай байгуулж гаднаас түлш шатахуун импортлох хэрэгцээг таслан зогсооно. Дотооддоо үйлдвэрлэж буй түлш шатахууныхаа хүрэлцээтэй харьцангуйгаар замын хөдөлгөөнд оролцох авто хөсгийн тоог хязгаарлаж үйлчилгээнд гаргана. Үүнээс илүүг хилээр оруулахыг хориглоно. Явган иргэдийн зөөвөр тээвэрт маш гоёмсог, тохилог сүйх тэрэг, унадаг дугуй үйлдвэрлэж хэрэглүүлнэ. Гадаад түншүүдийнхээ хөрөнгө оруулалтыг зөвхөн хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд л зориулна. Өөр зориулалтын хөрөнгө оруулалт, төсөл, тендер, санхүүжилтийн эх үүсвэрт хориг тавина. Хоёрдугаарт, маш хурдан хугацаанд лазерын зэвсэгтэй, цөмийн реактортой, бага оврын нано кибернетик байгууламжуудтай болно. Гуравдугаарт, НҮБ-д өргөдөл гаргаж дэлхийн бүх Монгол туургантнуудыг газар нутагтай нь Монголдоо нэгтгэнэ. Өөрөөр хэлбэл энх тайвны замаар, олон улсын дипломат хэлэлцээрийн ёс зарчмаар Өвөр монгол, Буриад, Тува, Халимагыг Монголын димаркац, де факто хилд багтаана. Газар нутаггүйг нь Монголдоо ирүүлж суурьшуулна. (инээв) Дөрөвдүгээрт, үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн өртөг, зардалтай нь харьцангуйгаар, дээр нь 10-15 хувийн ашиг нэмж тооцсон байхаар бодсон хатуу үнэ тогтооно. Эдийн засгийн аль ч салбарт ченжийн дамжлагыг даруй устгана. Тавдугаарт, сард ганцхан амралтын өдөртэй болгоно. Зургадугаарт, хөдөлмөрийн насны бүх хүнээ албан журмаар заавал ажил хөдөлмөр эрхэлдэг байх зарлиг гаргаж хэрэгжүүлнэ. Ажил хийхгүй амьдрахыг нийгмийн хэв журмын ноцтой зөрчилд, эсвэл бүр гэмт хэрэгт тооцож албадан ажиллуулах тогтолцоотой болгоно. Энэ бол ярианы эхэнд дурдагдсан Ёс суртахууны хууль гэдгийн дагуу шүү дээ (инээв). Хэрэв хүн эрүүл л байвал хэнийг ч гэсэн “албадан” хөдөлмөрлүүлнэ гэсэн үг шүү дээ. Бас баар, караоке, ресторан, зочин буудлуудын тоог эрс цөөлнө. Радио, зурагтаар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн алба л ажил ярьж мэдээлэл өгнө. Шашны мэргэд аг тарнийн ном айлдана. Нэвтрүүлгийн ихэнх цагт нь Монгол ардын дуу, сонгодог симфони, дэлхийн сонгодог уран зохиол  нэвтрүүлнэ. Хааяа нэг Ерөнхийлөгч шүлгээ өөрийн биеэр уншина (инээв). Өөр нэвтрүүлэг огт явахгүй, бүгд хаагдана.

-Та ёстой сүйдэлж өгөх юм байна. Энэ хүнийг Ерөнхийлөгч болговол өөрийгөө цусгүй алах юм байна гэж бодох хүн гарахаар хариуллаа?

-Мэдээж шүү дээ. Надаар Ерөнхийлөгч хийлгэе гэж бодох тэнэг хүн Монголд ганц ч байхгүй. Ард түмэн алддаг өдөртэй ч амьдралд гярхай нүдтэй, нарийн ухаантай, мэдрэмж нь айхтар чимхлүүр шүү дээ. Би сая нэг юм хэлэхээ мартчихаж. Нэмээд орхие, хүлээгээрэй. Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий гэдэг биз дээ? Тэгэхлээр юу гэхээр Ерөнхийлөгч болбол өнөөх баар, караоке энэ тэрээс орох орлогоор нь би иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээ оношлогоо, тэгээд дээр нь сургууль соёл, боловсролынх нь бүх зардлыг яг коммунист нийгэм шиг төр хариуцдаг болгох юм байна. Сайн сурлагатай оюутан, шилдэг мэргэжилтэнд сайдаас илүү цалин олгоно. Би өөрөө амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцүү цалингаар амьдрана. Ажилдаа сүйх тэргээр ирж, очино. Монголчуудын гол зарчим хэмнэлийн зарчим байх болно. Яагаад гэвэл, хэмнэлт, тэгш хэм, дотоод хадгалалтын зарчим бол орчлонгийн оршихуйн макротүвшиний үндсэн зарчмууд илүү дээ. За тэгээд, Монголын үйлдвэрүүд үр ашгаа өгөөд эхлэнгүүт нийслэлдээ дэлхийд байхгүй аварга том театр, номын сан барина даа (инээв)

-Ярилцлагын төгсгөлд сэдвээсээ хазайж хөнгөн асуудал хөндөе гэж бодсон минь оносон бололтой. Одоо харин нэлээд ажил хэрэгч асуулт тавья. Хотын утаанаас яаж салах вэ?

-Хоёрхон л арга байна даа. Нэг нь тун найдвартай арга, нөгөөх нь жаахан найдвар муутай баталгаа муутай арга! Нэгдүгээр арга нь, Улаанбаатарт суугаа сая гаруй иргэд бүгдээрээ утааны хордлогоор уушиг нь устаад үхэж дуусах, хоёрдугаар арга нь өөрсдөө Улаанбаатарын утаа угаараас дайжин өртөө, өртөө алсад том том харш шилтгээн барин тарвалзаж суудаг ноёд ихэстэйгээ утаа угаар дундаа амьдарч тэдний толгойд нийслэлээ утаагүй болгох сүв сэтгүүлэх. Ийм л хоёр арга санаанд орж байна даа. Өөр арга мэдээж бий л байх. Гэхдээ тэрийг чөтгөр л мэдэх биз!

Ярилцсан Дажсүрэнгийн ЛХАГВАДОРЖ

Sunday, 22 July 2012

Д.Дагвадорж: Би мөрөөдлийнхөө зам руу алхаж байна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой чөлөөт бөхийн олимпийн бэлтгэлийн төвийн нээлтийн ажиллагаа боллоо. МЧБХ “Лондон-2012” зуны олимпийн наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулахаар шаргуу ажиллаж буй. Үүний тод илрэл нь олимп болон цаашдын олон улсын тэмцээнд бэлтгэх, бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор байгуулсан зургаан дэвжээ бүхий бэлтгэлийн төв юм. Нээлтийн ажилгааний үеэр МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадоржтай ярилцлаа.
-Энэ төвийг байгуулах санаа хэдийд төрөв?
-Манай улсад бөхийн төрлийн спортын бэлтгэл хийх заал танхимын хүрэлцээ муу байдгийг та бүхэн мэдэж байгаа. Манайхан өдий болтол хоёрхон дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан. Тодорхой жишээ дурдвал манай жүдогийн тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлээ Нүхтийн амралтад базаасан. Тэгэхэд гол найдвар тавьж байсан Х.Цагаанбаатар жижиг талбайгаас болж давхралдан унаснаар хавиргаа хугалсан нь харамсалтай. Энэхүү бэлтгэлийн баазыг байгуулах санаачлагыг Д.Сумъяабазар ах маань гаргаж, бүтээн байгууллаа.
-Доторх орчин нь үнэхээр өөр юм аа?
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн жишигт нийцэхүйц зургаан дэвжээтэй. 50 хос, 100 тамирчин бэлтгэл хийсэн ч хангалттай талбай. “Sanyo” брэндийн агаарын вирус устгагч хоёр том төхөөрөмж байгаа та бүхэн харсан байх. Нийт 1500 метр талбай бүхийг заалны агаарын нян, вирусыг дор нь устгах чадалтай. Зааланд wireless систем тавигдсан, халуун, хүйтэн устай саун, душтэй. Заалны асуудал хүнд байх үед сонгуулийн их ажлын хажуугаар үүнийг сэтгэл гаргаж хийсэн Д.Сумъяабазар ахаараа их бахархаж байна. Бас хамтарч ажилласан галтай, цогтой залуустаа баярласнаа илэрхийлье.
-Энэ автобусыг их учиртай гэх юм?
-Тийм ээ. Харахад энгийн ч Монголд байхгүй явуулын эмнэлэг станцтай бүх төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай. Муу хэлээд яах вэ, гэмтэл бэртэл гэж хэцүү зүйл байдаг. Түүнийг дор нь оношилж, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан. Энэ бол “Асашёорюү” сангаас хийж буй ажил.
-Та бас Японоос хоёр илээч авчирсан байна. Тэдний тухай ярихгүй юу?
-Илээч гэж хэлж болохгүй юм. Спортын мэргэжлийн туслах. Монголын нийт баг тамирчидтай бариа засал, спортын анагаах ухааны тал дээр олимпийн наадам дуустал ажиллана. Би тэдэнд өндөр шаардлага тавьж байгаа. Зүгээр нэг уригдаж ирээд тусдаа хоол идэх биш. Нийт тамирчдын дунд орох. Тэд ч үүргээ сайн гүйцэтгэж байгааг хэлэх хэрэгтэй байх.
-Та тамирчидтайгаа цуг байгаа юм уу?
-Тийм ээ. Энд байрлаад байж байна.
-Хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Бэлтгэл сургуулилалт, хангалтын тал дээр онцын хүндрэл алга. Гайгүй байх. Осака хотоос өнөөдөр тамирчдын олимпийн наадамд өмсөх хувцас ирж байгаа. Бэлтгэлийн ор болон бусад зүйл ирсэн. Тамирчдын бэлтгэл хийх бүхий л нөхцөл хангагдсан гэж хэлж болно. Одоо бэлтгэлээ сайн хийж, олимпийн наадамдаа амжилттай оролцох л үлдлээ.
-Манай тамирчид Болгарт 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Та энэ хавар Болгарын чөлөөт бөхийн холбооны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо энэ ажлыг ярьж тохирсон байсан уу?
-Тийм ээ. Би нэгэн ярилцлагадаа “Би мөрөөдлийнхөө зам руу алхаж байна” гэж хэлсэн. Үүнийгээ биелүүлэх нэг дөхөм болж байгаа гэдэгт сэтгэл өндөр байна.
-Таны мөрөөдөл чөлөөт бөхийн төрлөөр олимпийн аварга болох байсан уу?
-Аль ч төрөл байж болно шүү дээ (инээв). Түүний төлөө л явж байна даа.
-Танд Монголын сүмо бөхийн холбоог удирдаад явах бодол бий юу?
-Сүмодоо хайртай байлгүй яах вэ. Гэхдээ би өөр хамт олны итгэл найдварыг хүлээгээд ажиллаж байна. Надад нэг зорьсон зүйл рүүгээ сайн зүтгэдэг сайн чанар байдаг. Монголын сүмо бөхийн холбоог хариуцаж байгаа хүмүүс байгаа. Тэднийг өдий зэрэгтэй авч яваасай гэж итгэж, найдаж байна.
shuud.mn
2012/07/23

Saturday, 21 July 2012

Ч.Содтуяа: Би хэзээ ч хайраар дутаагүй

Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. Зургаан жилийн өмнө “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй.
-Загвар өмсөгч, мисс Ч.Содтуяа гэхээр л хүмүүс даруухан, нуруулаг бүсгүйгээр төсөөлдөг. Ингэхэд загварын ертөнц таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бол?
-Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн юм. 17-хон настай байхдаа “Мисс Монголиа-2004” тэмцээнд оролцож, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон нь миний амьдралд тохиосон хамгийн том боломж байлаа. “Мисс Интернэшнл-2004” тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртсэнээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, өөрийгөө таниулж чадсан. Түүнээс хойш олон тэмцээн, уралдаанд оролцсон доо. Тийм болохоор цаг ямагт миссийн нэр хүнд, бүтээх үйлсийнхээ талаар анхаарч эхэлсэн шүү. Загвар өмсөгч болохоор шамдаж байсан тэр жаахан охин, өнөөгийн мисс бүсгүйн хооронд асар их ялгаа бий. Загварын ертөнц амьдралын минь салшгүй нэг хэсэг. Тиймээс мисс, загвар өмсөгч гэсэн энэ хоёр нэрэндээ би туйлын хайртай. Энэ ч утгаараа, олны итгэл хүндлэлийг дааж явахсан гэж үргэлж хичээдэг.
 -Хэдэн настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан билээ. Шавь нараа бэлтгэхийн сацуу мисс охидод ч багшилдаг бололтой?
-13 настайдаа “Ганга гоёл” компанийн Дунгаамаа эгч дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдсан. Загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 10-аад жил өнгөрчээ. Залгамж халааг минь авах авьяаслаг шавь олон бий. Загвар өмсч, миссийн тэмцээнд оролцож, олонд танигдаагүй хэрнээ биеэ гоё авч явдаг, царай зүс сайтай гоо охин зөндөө байна. Тэднийг загварын ертөнцөд хөл тавин өөрийгөө хөгжүүлж, гоо сайхан төдийгүй бусад байдлаараа ч үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, нийгэмд дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч явдаг юм. Тиймээс загвар өмсөгч болон мисс охидыг өөрийнхөө хэмжээнд дэмжиж, чадах бүхнээрээ тусалдаг. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гоо бүсгүй, чадварлаг загвар өмсөгчийг гаргаж ирэх нь миний хувьд хамгийн чухал.
-Манайхны зарим нь өндөр нуруутай болохоор ч юм уу аль эсвэл бусдын зөвлөгөөг дагаж загвар өмсч эхэлсэн гэж ярьдаг. Харин таны хувьд?
-Манай гэрийнхэн өндөр нуруутай. Аав бол надаас ч өндөр. Би нэг ахтай, айлын отгон хүүхэд. Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг байлаа. Энэ нь ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл минь болсон байх гэж боддог. Ээж минь  хөгжмийн багш учраас би бараг урлагийнхан дунд өссөн гэж хэлж болно. Тэр бүхэн миний хүсэл эрмэлзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.
-Отгон охин гэхээр нэлээд эрх өссөн байх, тийм үү?
-Мэдээж, эрхэлнэ. Ээж аав минь намайг хайраар дутааж өсгөөгүй. Үлгэрт л гардаг болов уу гэмээр үнэхээр их хайранд умбаж өссөн дөө, би. Ах маань Удирдлагын академид багшилдаг. Манай аав багш мэргэжилтэй, доктор профессор хүн. Ингээд бодохоор бүгд л эрдмийн талын улс байгаа биз (инээв).
 -Тэмцээн уралдаанд оролцож байхад ээж тань үргэлж хамт явдаг юм билээ. Таны хамгийн дотны туслагч гэмээр?
-Үнэн шүү. Өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, амьдралаа хүссэнээрээ зохиож, өдий зэрэгтэй явж байгаа минь ээжийн хүч хөдөлмөр. Зохиосон загвараа урлахад ч маш их тусалдаг. Сэтгэл санаагаар дэмжиж, өөртөө итгэлтэй өөдрөг явахад маань их дэмтэй. Охин хүүхдийн хувьд, хамгийн дотны туслагч нь ээж байдаг шүү дээ. Тэгэхээр бүх охидод ээж нь хамгийн сайн найз, имижмейкер, дотны зөвлөгч нь байдаг. Ер нь, эх хүний үүрэг маш их. Охиноо гоо сайхан байлгахын сацуу биеэ зөв авч явах, эрүүл байх тал дээр нь сайн анхаардаг. Би агентлагт суралцаж байгаа охидынхоо эцэг эхтэй их ойр дотно байхыг хичээдэг. Тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч, аль болох туслах санаатай.
 -Оёдол үйлэнд уран болсон тань ч үүнтэй холбоотой байх?
-Тэгэлгүй яахав. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан. Хүн болгонд өөрийн гэсэн дадал хэвшил бий. Түүн шиг оёдол үйлэнд уран, аливаад нягт нямбай хандах дуртай. Ээжээсээ авсан үлгэр дуурайлал ч их. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг шүү дээ. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн хэрэг.
 -Та ямар ч загварын хувцсыг өөрөө оёод өмсч чадах уу?
-Чадна аа. Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцас оёдог байсан. Өдөр шөнөгүй суугаад л өөрийнхөө бүтээлийг гаргах гээд чармайна. Харин сүүлийн үед тэгж суух завгүй л явна. Агентлагийн хүрээнд өөрийн гэсэн загварын хувцсаа багтаасан. Энд тэндхийн арга хэмжээнд оролцох юм уу гадаадад тоглолтоор явах үедээ авч явдаг юм. Тийм учраас загварын тал дээр туршлага ихтэй.
 “Содоогийн цаг” нэвтрүүлгээрээ дамжуулж ойр зуурын зүйлсээр гоёл чимэглэл хийх аргачлал заадаг байсан. Тэр нэвтрүүлгээ яагаад зогсоосон юм бэ?
-Охидод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бүтээлч хүмүүсээс их зүйлийг сурч мэдэх боломж олгох зорилгоор энэ нэвтрүүлгийг хийдэг байлаа. Нэвтрүүлэг маань “NTV”-гээр гарч байсан ч, жил гаруй хугацааны дараа зогссон. Одоо би “SBN” телевизийн “Сайхан” нэвтрүүлгийг хийж байгаа. Хэдийгээр төрөл жанр нь өөр ч гэсэн, хэнд уучин булангаа багтаах хүсэл бий. Үүний зэрэгцээ, “Содоогийн цаг” нэвтрүүлэгт заадаг байсан бүхнээ агентлагийнхаа сургалтад багтааж, шавь нартаа  зааж эхэлсэн. “Сайхан” нэвтрүүлгийн хувьд, салбартаа тэргүүлж буй авьяаслаг залуусыг урьж оролцуулдаг. Монгол орон маань жижигхэн шүү дээ. Тиймээс олны танил хүмүүсийг байнга уриад байх боломжгүй. Олны танил бус хэрнээ ажил амьдралдаа амжилт гаргаж яваа эрхмүүдийг ч урих бодолтой байна. Тухайн хүний амьдрал ямар байх нь ажилч хичээнгүй байдал, хөдөлмөр зүтгэлээс нь хамаарна. Арга ухаантай, боловсрол мэдлэгтэй байна гэдэг нь сайн хүний шинж. Боловсролтой хүн ухаалаг байж, аливаа зүйлийн арга эвийг олж чадна.
 -Загварын ертөнцөд нэр хүндтэй байсан ч та топ модель болохын төлөө нэг их шамдсангүй. Яагаад тэр вэ?
-Загвар зохион бүтээгчдийн ангид сурч байсантай минь холбоотой. Тиймээс загвар  зохион бүтээх нь загвар өмсөхөөс ч илүү сонирхолтой санагдсан. Хүний сонирхол наснаас нь хамаарч өөрчлөгддөг юм шиг байна. Одоо ямар багынх шигээ юм болгонд оролцоод дэгдэж гүйгээд байлтай биш. Тэгж явах цаг зав ч байхгүй болж. Дотроо тооцож, тодорхой хэмжээгээр оролцоно гэж товлосон арга хэмжээн дээр л  загвар өмсөнө. Өөрөө оролцохоос илүүтэй модель охидоо аятайхан тоглолтод  оролцуулж, нэр төртэй болгох юмсан гэж мөрөөдөж байна.
 -Гэхдээ загвар өмсөгч болгон “Топ модель” гэсэн алдрыг битүүхэндээ хүсэмжилдэг нь нууц биш шүү дээ?
-Манайд топ модель болоогүй ч гэсэн, сайн загвар өмсөгч олон байдаг шүү дээ. Д.Эрдэнэтуяа эгч л гэхэд олон жил загвар өмсч, шавь нараа бэлтгэлээ гээд топ болох гэж зүтгээгүй. Топ модель мөрөөдөх эсэх нь тухай хүний үзэл бодлоос хамаарна. Энэ чинь зөвхөн “Гоёл” наадмын нэг шалгаруулалт шүү дээ. Энэ наадамд оролцсон загвар өмсөгчид л шагнуулах боломжтой. Түүнээс биш, олон жилийн хөдөлмөр, туршлагаараа ялгарах аргагүй. Би “Гоёл-2004” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж байсан. Үүнээс хойш загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно” улайрч явсангүй.
-Загварынхан дундаа таныг их дуу цөөтэй хүн гэлцдэг юм билээ. Хувь хүний үзэл бодол, дотоод ертөнц тань тийм ч нээлттэй бус байдаг шүү дээ?
-Би загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг. Адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог сул тал бий. Үүнээс өөрөөр өөрийгөө юу гэж тодорхойлдог юм билээ, байз. Юутай ч, өнөөдөр хийж буй ажлаараа өсвөр үеийнхэндээ мэддэг бүхнээ зааж сургахын төлөө явж байна.
-Агентлагаа өргөжүүлж, гадаад харилцаандаа анхаарч байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Моделиуд маань сард хоёр удаа Азийн орнуудад зохиогдож байгаа томоохон  арга хэмжээнд оролцдог. Саяхан хэдэн загвар өмсөгч БНХАУ-ын Хайлаар руу  шинэ хотын нээлтэд орохоор явсан. Азийн загварын агентлагуудтай холбоо тогтоож, байнга хамтарч ажилладаг.
-Олны танил бүсгүйчүүд чинээлэг бизнесмэнтэй нэр холбогдох нь элбэг. Таны хувьд, шавь нартаа энэ талаар юу гэж сургадаг бол?
-Тухайн хүний боловсрол, амьдрах чадвараас шалтгаалах зүйл. Боловсрол муутай хүний амьдрах арга нь хүртэл өөр. Тиймээс би охиддоо “Боловсролдоо анхаарч,  хэнээс ч санхүүгийн хараат бус амьдрах хэрэгтэй. Ээж аавынхаа ивээлд байгаа дээрээ сайн боловсрол эзэмш” гэж захидаг. Гэхдээ сүүлийн үеийн охид тодорхой хэмжээний боловсролтой, оюунлаг болсон байна лээ.
-Ээж хүний үүрэг их гэдгийг та түрүүнд хэлж байсан. Ингэхэд охиндоо тэр их хайр халамжийг мэдрүүлж чадаж байна уу?
-Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед охинтойгоо хамт байх цаг зав гарсангүй. Ажил ихтэй байгаа учраас өглөө гараад л шөнө дөлөөр гэртээ орж байна. Гэхдээ миний  хайрыг эмээ өвөө нь маш сайн мэдрүүлж байгаа. Амралтын өдөр бол өөр шүү. Ямар ч ажлаа хойшлуулж, охиндоо зав гаргаж чаддаг. Түүнээс биш, их ажлын үеэр бусад ээж шиг охиндоо цаг зав гаргаж, хажууд нь өдөржин байж амжихгүй л дээ. Охин маань одоо хоёр ой өнгөрч байгаа.
 -Мэдээж хэрэг, гэртээ байхдаа мисс биш ээж Содтуяа болно. Яг л өөрийнхөөрөө байж, амарч тухалдаг байх?
-Тийм ээ. Ойр дотныхоо хүмүүстэй хамт байхдаа сэтгэл амар, амгалан тайвныг илүү их мэдэрнэ. Гэрийнхэн маань ийм сайхан халуун дулаан орчныг бүрдүүлж чаддаг. Эмээгийндээ тэр бүр очоод байдагүй учраас зав гарвал охиноо аваад тийшээ зүглэнэ дээ. Дашрамд нь салхинд гарчихна. Гэхдээ гадуур явахдаа ч тодорхой хэмжээгээр өөрийнхөө гадаад төрх, биеэ авч яваа байдалд анхаарах хэрэгтэй. Мисс, загвар өмсөгч гэсэн ийм том нэр хүндийг авч явж байгаа хүний хувьд, олны өмнө сайхан харагдах нь миний үүрэг. Тиймээс хэт их дураараа загнаж, хаана ч хамаагүй чөлөөтэй байж чаддаггүй. Биеэ авч яваа байдал,  үг хэл, хийж буй ажил минь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлбэл ийм сайхан цол өргөмжлөлийн эзэн гэж яваад яах билээ. Зүгээр нэг титэм зүүгээд өнгөрөх бус энэ нэр төрийг цаашид хэрхэн авч явах нь надаас шалтгаална.
 -Оёж шидэх, нэвтрүүлэг хөтлөх, ойр зуурын хэрэгслээр чимэглэл хийх гээд л таны хообий олон бий. Гэхдээ хүмүүст мэдэгдээгүй өөр ямар нэгэн хообий байгаа биз?
-Загварын сэтгүүл, сонирхолтой ном цуглуулах дуртай. Өөр нууцаа дэлгээд хэрэггүй байх (инээв).
 -Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
-Охиноо төрөх үед баярласандаа өөрийн эрхгүй уйлж байсан тэр аз жаргалтай агшныг л санаж байна. Түүнээс биш, би нэг их уйлаад байдаг хүн биш. Үүнээс өөр намайг уйлуулах ямар үйл явдал болсныг санадаггүй ээ.
 -Сарын орлого тань хэд вэ?
-Нууц. Ямар ч байсан, миний амьдралд хангалттай хүрэлцэнэ. Тодорхой хэмжээгээр ажил хийж байгаа учраас энэ тал дээр санаа зоволтгүй. Хүний шунал ямар барагдах биш. Гэхдээ хүссэн болгоноо авна гэж юу байх вэ. Хэрэглээнийхээ зардалд хязгаарлалт хийнэ. Би баруун солгойгүй мөнгө цацаж, юу дуртайгаа аваад явдаг тийм баян хүн биш.
 -Охиноо аавтай нь уулзуулдаг уу?
-Хувийн амьдрал, ялангуяа тэр хүний талаар нэг их яримааргүй байна. Угаасаа  хүн болгон л мэдэж байгаа биз. Бидний амьдралын тухай сонин, сэтгүүл болгоны хуудаснаас харж болохоор байна.
 -Таны хувьд, энэ талаар тоймтой зүйл ярьдаггүй. Харин гэр бүлийн тань хүн эсрэгээрээ байх шиг санагддаг?
-Харин тийм ээ. Би цаашид ч гэсэн, дуугүй л байх болно. Тэр хүн юу дуртайгаа яриад л явна биз. Гэхдээ охинтойгоо уулзах гэж огт ирдэггүй юм шүү дээ. Бидний дунд одоо ямар ч холбоо байхгүй болсон. Намайг хэнтэй үерхэж, хаана юу хийж явааг гэр бүл, найз нөхөд,  ажлын газрынхан маань хүртэл мэднэ. Одоохондоо би ээж, аав, охинтойгоо хамт амьдарч байгаа.
 -Гэхдээ ер нь цаашдын амьдралаа төсөөлж явдаг байх. Гэр бүлийн амьдралын талаархи үзэл бодол чинь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн болов уу?
-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Хамгийн том шагнал минь эрх чөлөө. Тиймээс хэнийг хайрлаж, хэнтэй суух нь хэнд ч хамаагүй асуудал. Хамгийн гол нь хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгох хэрэггүй гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр санагддаг. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хэнтэй ч суусан, яадаг юм бэ. Миний хувьд, эд хөрөнгөнөөс илүү хайр сэтгэлийг чухалчилна. Амьдралдаа хийсэн анхны алхам минь ч үүнийг харуулсан. Намайг маш баян хүнтэй суух байх, араас нь их олон эр гүйдэг гэж янз бүрээр л ярьдаг байсан. Гэтэл би тэр болгоныг нь тоогоогүй. Өөрийнхөө хайр сэтгэлийг дагаж, охиныхоо эцэгтэй суусан.
 -Та нөхөртэйгээ багагүй хугацаанд үерхэсний эцэст суусан. Анхны хайр тань байв уу, аль эсвэл?
-Анхны хайр мөн эсэхийг нь хэлж мэдэхгүй ээ. Энэ асуудлаа дэлгэхгүй.
Н.Бүжин
www.shuud.mn
2012/07/21

Friday, 20 July 2012

Г.Бадамсамбуу: Чингисийн онгон байх магадлалтай газруудыг төр хамгаалалтдаа авах хэрэгтэй

“Гараг” студийн захирал Г.Бадамсамбуутай ярилцлаа.

-Жилд хичнээн км замыг аяллын замд өнгөрөөдөг вэ?
-Жилд 40-60 мянган км аялж байгаа. Гэхдээ энэ бол онгоц, галт тэргээр явсан зам ороод шүү дээ. Зүгээр машинаар гэхэд 35-40 мянган км явж байгаа. Дэлхийн бүслүүрээр тойроход 40 мянган км байдаг байхгүй юу. Тэгэхээр жилд дэлхийг  нэг бүтэн хагас тойрох дайтай явдаг юм байна. Гэхдээ энэ тоо их юм шиг сонсогдож байгаа ч Европ руу нэг нисээд, буцаад ирэхэд л бараг 20 мянган км нь явчихна шүү дээ.

-Эдинбургын цайзын мухарт хоног төөрүүлж байсан гэдэг. Тэр үед юу бодогдож байсан бэ. Гадуур хонох тохиолдол их гарч байсан уу?
-Тийм тохиолдол гардаг шүү. Эдинбург байна, Шекспирийн төрсөн хотод сандал дээр хоног төөрүүлж байлаа. Цагдаа нар ирээд бүртгэж авдаг юм. Хаанахын ямар хүн унтаж байна вэ гээд. Ачаануудын хүсвэл галт тэрэгний тээш хадгалдаг хайрцаг юм уу, цагдаагийн газарт хадгалуулчихдаг юм. Монголд ч  гэсэн тийм шүү дээ. Аяллаа буруу төлөвлөснөөс, эсвэл бартаа саадаас болоод л хээр хононо шүү дээ. Тийм тохиолдол Хөвсгөлд, Хангайн нуруунд гарч байлаа.

-Монголд Таныг өнөөдөр танихгүй хүн үгүй болж, “Аяллын цаг”-ийн Бадамсамбуу гээд л…
-Уншигчдад хандаж хэлэхэд намайг их сүрхий аялагч гэж битгий бодоорой. Аялагч бүр өөр шүү дээ. TV аялагчид зөвхөн TV-дээ л зориулж аялдаг.
Халуун хүйтнийг туулаад хувиараа аялдаг хүмүүс байна. Надтай харьцуулахад амиа бодсон, хатуухан хэлэхэд бэртэгчин маягийн аялал байхгүй юу. Би бол үзсэн харснаа нийтийн хүртээл болгож байх хэрэгтэй гэж боддог. Видео бичлэг хийхгүй, зураг авахгүй, ном бичихгүй байж тэгж аялж байхын утгыг бий олдоггүй.

-Таныг Чингисийн онгоныг эрж хайх багт байдаг гэсэн. Чингисийн онгон олдох болов уу?
-Онолын хувьд олох магадлал нь их ойрхон. Монголчуудад хоёр санал байдаг юм. Нэг хэсэг хааны онгон, бол өвөг дээдсийн эртнээсээ нууцалсан зүйл учраас ерөөсөө нууц чигээр нь байлгая гэсэн бодол. Нөгөө хэсэг нь найман зуун жил өнгөрчихсөн. Гэтэл дэлхий ертөнцөд тиймэрхүү юмыг мэддэг, хайдаг, сонирхдог “зэвсэглэчихсэн“ хүмүүс хар мянга боллоо. Үүнээс гадна монголчуудын 13 дугаар зууны үеийн гайхамшигтай нээлтүүд алга. Тиймээс бид хааны онгоныг олж таниад, хадгалж хамгаалах хэрэгтэй. Магадгүй бусад хаадын онгоныг нээж дэлхийд гайхуулах хэрэгтэй. Нууцуудын тайлал хэрэгтэй. Нууцыг хааж явсаар байгаад нүүдэлчдийн соёлын олон зүйл алга болсон. Ийм маргаан байдаг. Энэ маргаанаас үл хамааран сүүлийн 200 жилд 100 гаруй экспедиц Чингисийн онгоныг хайхаар гарсан. Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн жил  Чингис хааны нууц бунхан гээд нэвтрүүлэг “Natinol Geogrаpic” сувгаар гарсан. Үүнийг хятад гаралтай  Сан Франциско хотын эрдэмтэн, түүний экспедицийнхэн хийсэн юм.
Би Чингис хааны онгоныг судлах багийн нэг гишүүн. Надад олон ч мэдээлэл бий. Би үүнийг судалж, их хаанд дөхөх хэрэгтэй гэж үздэг.Тэгэхгүй бол бид удаан хугацаанд явж ирсэн энэ соёл иргэншлээ нотлох том хэрэглэгдэхүүнүүдээ зүгээр хайхрахгүй байж байгаад алдах гээд байгаа юм шиг санагддаг. Одоо бидэнтэй зэрэгцээд Япон, АНУ-ын экспедиц явж байгаа. Хувиараа сонирхогчид жил бүр олноороо ирж байна. Бид сүүлийн жилүүдэд Чингисийн онгон байх магадлалтай газруудыг хамгаалалтдаа авахыг төр засгаас шаардаж байгаа ч одоо болтол хүссэндээ хүрч чадахгүй байна. Энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Юу ч хийгээгүй байна. Нэг ч бэлтгэлгүй байна. Тэгэхээр их хааныг үл тоомсорлогч, тийм хүмүүс энэ төр засагт байна. Гэтэл 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж, түүнийг зохион байгуулсан гол хүмүүс хэлмэгдэж байсан, Төмөр-Очир гуайгаас эхлээд. Гэтэл одоо сонгууль, мөнгө, уул уурхай, эрх мэдэл гэдэг юманд балайраад Чингис хааныг алдаршуулах, олон нийтэд таниулах талаар юу ч хийхгүй байна.

-Таны явж байсан газруудад экологийн сүйрэл хэрхэн мэдрэгдэж байсан бэ?
 -Дэлхий дээр одоо хоёрхон зүйл яриад байгаа. Нэг нь мөнгөний бодлого, нөгөө нь цаг уурын өөрчлөлт. Тэгэхээр экологийн сүйрэл болж байгаа орон олон байна. Өнгөрсөн жил бид Филиппинд явж байхад аж үйлдвэржсэн жижиг хотуудын дунд орших нэг том голыг харж байлаа. Дэлхийн хамгийн бохирдолтой гол гэж байгаа юм. Тэр голын хажууд нь очиход яг ОО-ийн өрөө шиг. Ил задгай ОО байдаг шүү дээ. Тийм үнэртэй, тас хар тугалаг шиг удаан хөдөлгөөнтэй юм урсч байгаа юм. Түүнийг хараад зарим нь бөөлжөөд бөөн юм болсон. Одоо тэр голыг цэвэрлэх гээд япончууд төсөл бичсэн гэж бидэнд танилцуулж байсан.
Тэнд хоёр гунигтай зүйл харагдсан. Нэг нь тэр голыг тийм болтол нь байлгаад байсан нь. Нөгөө нь тэр мужийг нэг л гэр бүл захирдаг, ардчилсан орон мөртлөө. Тэгээд тэр гэр бүлийн нэг хүү нь биднийг дагуулаад одоо үүнийг цэвэрлэх гэж байгаа гээд нэг их гавъяатай зүйл хийчихсэн юм шиг яриад.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг Бүгд найрамдах засаг байгуулснаас хойш 90-ээд жил өнгөрсөн гэхэд, одоо болтол бие даасан эдийн засагтай болгож чадаагүй байж бид хөгжүүлсэн гээд яриад байдаг хүмүүстэй яг адилхан санагдсан.

-Зарим газарт бичлэг хийж, зураг авахыг хориглосон байдаг шүү дээ. Та тийм газар бичлэг хийж байсан уу?
-Бий. Жишээ нь Изриалийн баруун эрэгт, ялангуяа палестинчуудын амьдардаг тосгонд зураг авахыг хориглодог. Хэдэн жилийн өмнө явж байхдаа Жерико гэдэг хотод нууцаар зураг авч байсан. Энэ бол 8000 жилийн тэртээх дэлхийн анхны хотуудын нэг.Тиймээс яаж эндээс хоосон буцах вэ дээ гээд нууцаар зураг авч, нэвтрүүлгээрээ цацаж байлаа. Гэхдээ тэр хотод зураг авч байхдаа баригдаагүй байж тэр хотоос гараад 10 км яваад Иордан голын баруун эргийн бүсээс гарчихлаа гэж бодоод уулын толгой дээр хясаа,  дунгийн үлдэгдэл түүгээд байж байсан чинь биднийг Израилийн хээрийн хяналтын  цэргүүд бүсэлсэн байсан. Их сонин зүйл болсон.

-Аялалд явж байхдаа чухал зүйлээ хаяж гээж байв уу ?
 -2000 оны Германы Ханайвор хотноо дэлхийн экспо үзэсгэлэн гарч байсан.  Тэнд бид Гулливер нэртэй Германы алдартай нийтийн тээврээр үйлчлүүлсэн юм. Ханайвороос Берлин руу явж байхдаа камераа мартаад буучихсан. Тэр даруйд нь хөтөчдөө хэлсэн чин “Санаа зоволтгүй. Энэ компани бол хамгийн найдвартай нь. Энэ автобусны жолооч үзэсгэлэнгийн үеэр зөвхөн та нарт зориулж үйлчилж байгаа учраас  манай л хүн гэсэн үг” гэсэн. Гэтэл байдаггүй. Жолоочийг нь шүүхэд өгсөн, манай элчингийнхэн ирсэн. Авч явсан компанийнхан очоод нэмэр байдаггүй. Би баруунд тэгж юмаа алдаж үзээгүй. Гэхдээ 2000 он гэдэг монголчуудын гэнэн үе шүү дээ. Баруунд хулгай байдаггүй гээд бодчихсон. Тэр камераа алдахад надад маш харамсалтай санагдаж байсан.

-Та хэдэн гадаад паспорт элээсэн бэ?
 -Цөөхөн. Одоо зургаа дахь паспортоо ашиглаж байна. Би олон паспорт элээж байна гэж бодоод байсан чинь үгүй юм билээ. Ганзагын наймаачид чинь олон паспорт дуусгадаг юм байна. Тэдний хувьд жилдээ нэгийг дуусгадаг юм шиг байна лээ.

 -Харь нутагт явж байхдаа сэтгэл хөдлөөд бичиж байсан шүлгийн мөртүүд олон бий биз. Дөрвөн мөрт уншиж сонирхуулаач
 -Олон байгаа ч бичсэн шүлгээ цээжидэггүй муу зантай. Дэвтрээ л харахгүй бол санахгүй байна. Ганга мөрний дээгүүр нисч байхдаа Гималайн оргилыг хараад бичиж байх жишээтэй. Миний бичдэг шүлэг чинь хүний санаад гялс гээд орчихдог зүйл биш. Учир битүүлэг, оньсого шиг, гүн ухааны ч гэмээр юм уу, эсвэл бүр тэнэг ч гэмээр шүлгүүд бий.

-Та Natinol Geogrаpic шиг сувагтай болохыг хүсдэг үү?
 -Хэдхэн хоногийн өмнө “Travel channel” гэсэн сувгийн нэрээ авчихсан хэсэг хүмүүс телевиз байгуулъя. Хамтарч ажиллая гээд надтай холбогдсон. Гэхдээ энэ чинь хүслээс шалтгаалдаг зүйл биш шүү дээ. Natinol Geogrаpic, Descover channel зэрэг сувгууд чинь маш том орны том зах зээл дээр, том бодлогуудаар дэмжигдэж байдаг. Natinol Geogrаpic хэдийгээр 20-30 жилийн дотор хэдэн зуун үзэгчийг бий болгож чадсан ч одоо оршин тогтноход хүндрэлтэй л байгаа. Уран сайхны кино хийдэг хүмүүст хэцүү байдаг. Жишээ нь Стивен Спилберг л гэхэд хэдэн зуун сая доллар авч байгаа ч гэсэн тэр хэрээрээ өндөр татвар төлдөг. Хэр хэмжээгээр нь амьдралын стандарт нь өндөр байх шаардлагатай байдаг. Дээр нь тэр хэрээр их хөрөнгө оруулалтай том бүтээгдэхүүн хийх шаардлага гардаг.
Тэгэхээр уран бүтээлч хүмүүс чөлөөтэй,  чинээлэг амьдарна гэдэг боломж багатай. Кино одууд сайхан л гэдэг үнэндээ тийм биш. Тэд өдөр шөнөгүй яг гэр оронгүй юм шиг явж, цаг хугацаа зарцуулж байж тэр их мөнийг олж байгаа. Тэгээд тэрийгээ зарж үрэхэд чөлөөт амьдралд орж чаддаггүй. Нийгэм өөрийг нь сонирхлын талбарт тавьчихаад хүрээлээд байдаг учраас яаж чөлөөтэй байх юм.  Тэгэхээр аз жаргалыг эдлэх гэдэг бол их мөнгө олж онцгойрохдоо биш.  Зүгээр л эрх чөлөөгөө хаана ч эдлэх боломжийг харах хэрэгтэй байгаа юм.
Тэгэхээр channel  суваг гэдэг Монголд боломжгүй. Бусад оронд ийм сувгийг бодлогоор дэмжиж байж явдаг.Тийм л дураараа суваг нээгээд байдаг юм бол Япон, Хятад, Солонгост тийм суваг байхгүй л байна шүү дээ.

-Та Увсын хүн. Таны нэвтрүүлгүүдэд хил залгаа Тува улсын тухай нэвтрүүлэг байдаг уу?
-Нэг хэсэг Тувад намайг таньдаггүй хүн байхгүй байлаа. Увсын сонинд ажиллаж байхдаа тувачуудыг би өмөөрч бичиж байсан. Тэгээд хотод ажиллахаар ирсэн хойно миний бичсэн өгүүллийг Орост гуйвуулж орчуулаад хэвлүүлсэн байсан. Тува даяараа Монголын Бадамсамбуу сэтгүүлч Туваг үзэн яддаг, биднийг доромжилдог хүн байна гэсэн шуугиан дэгдсэн. Тэгэхэд одоогийн энэ Шар суурийн застав байхаа, Завхан, Увсын хилийн боомт хаагдаж байсан юмдаг. Үнэн хэрэгтээ би тэднийг өмөөрч бичсэн байсан. Хожим нь учир мэдэх хүмүүс нь улс төрчид нь надаас уучлалт гуйсан. “Үнэн” сонинд намайг олон удаа бичсэн. Олон улсын найрамдалд сэв суулгалаа гээд л. Бодит байдал нь өөр байсан учир тэгээд л өнгөрсөн. Тувагийн Дээд зөвлөлд байсан хүмүүс одоо ч намайг Тувад урьдаг юм. Намайг эерэгээр ойлгодог. Манай тувачуудын хувь заяаны тухай бичсэн юм байна гээд. “Үнэн” сонинд намайг бичихдээ Салман Рушидийг санагдуулдаг. Тэр иран гаралтай англи зохиолч “Шулмын шүлгүүд“ нэртэй ном бичсэнээс болоод Ираны  Засгийн газраас цаазлах ял авч байсан. Ираны тагнуулууд Англид очиж түүнийг хөнөөх гэж их оролддог байсан. Одоо ч тийм байгаа. Тэрийг “Үнэн” сонин надад сануулж байсан. “Та Тувагийн ард түмнийг доромжиллоо. Салман Рушид гэж ямар хүн байдгийг санаж байгаа биз дээ. Та тувачуудын хувьд Салман Рушид” гэж бичиж байсан. Амьдралд тийм харгис хэрцгий үзэл байж байдаг юм билээ.
80-аад оны сүүлчээр дэлхийн шатрын аварга Гарри Каспаров “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Орос одоо жаргахад амархан байна. Зүүн Германыг баруун Германд нь. Монголыг Хятадад,  Хойд Солонгосыг Өмнөдөд нь зарчихъя. Тэгэхэд Орос орон босоод ирнэ” гэсэн байдаг. Тэр үед Монгол даяараа давалгаалж байлаа шүү дээ. Түүнээс болоод Гарри Каспаров их айж байсан. Тэр нь шиг тийм сонирхолтой зүйл миний сэтгүүл зүйн амьдралд гарч байсан юм.

-Та тэгээд Тувад очсон уу?
 -Явсан. Тувад их гоё юм бий. Сибирийн Швейцарь гэдэг чинь тэнд бий шүү дээ. Нууран дотор цайз байдаг гээд л.

-Хэдэн улсаар аялав гэхийн оронд хэдэн улсаар аялаагүй вэ гэж асуух нь оновчтой юм болов уу?
-Би олигтой аялаагүй шүү дээ. Хамгийн дээд тал нь нэг жилд 10 орноор явсан. Ихэвчлэн дунджаар жилд 2-4 орноор явсан. Тэгээд бодоход 40 гаруй орноор дамжин өнгөрсөн гээд бодвол 60 орчим улсад хөл тавьсан болов уу. Тэгэхээр 200 гаруй орны дөрөвний нэгээр нь явж. Гэхдээ тоо гүйцэхдээ гол нь биш.

ливаа аяллын амт нь юундаа байдаг вэ?
 -Янз янзын аялагч нар байгаа. Миний бодлооор маш гоё зураг авахад л аяллын амт оршдог. Гэхдээ уран бүтээлч хүн хэзээ ч сэтгэл ханадаггүй. Хичнээн гоё зураг авсан ч дахиад гоё зураг байгаа гээд л бодоод байдаг. Энэ бизнес хийгээд жолоодлогогүй мөнгөний араас явдаг хүмүүс яг миний гоё зураг авчихаад ханахгүй байгаатай адилхан гэж боддог.

 -Аялахад хамгийн тохиромжтой Монгол Улсын нэг л аймгийг нэрлээч гэвэл?
-Их  хэцүү асуулт байна. Завхан байж магадгүй. Тэнд байгалийн бүс бүслүүр их олон янз байдаг. Говь цөл, хээр тал, өндөр уул, тайга гээд. Мөн энэнтэй адил зүйлийг Өвөрхангай, Увсад үзэж болно. Бусад аймаг нь жаахан нэг тал руугаа хэвийсэн гэх үү дээ. Нэрд гарсан газруудыг улиг болсон гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм билээ. Үнэхээр нэрд гарсан газрууд заавал нэг сайхан юм байдаг юм.
Хөвсгөлд Швейцарийн нэгэн алдартай сэтгүүлийн гэрэл зурагчинтай хамт явж байхад тэр зурагчин нэг хоёр гэрэл зураг авсан. Яагаад та зураг авахгүй байна. Таалагдахгүй байна уу гэсэн чинь. Энэ зургийг авахад яг Швейцарьт байгаа шиг юм уу, эсвэл Канададын байгаль шиг байна. Тиймээс гэр оруулаад ч юм уу, Монгол гэж мэдэгдүүлсэн юм авахгүй бол Альпийн нуруунд явж байгаа юм шиг харагдах гээд байна гэсэн. Тэгэхээр тэр зурагчин яг онцлогийг нь харуулах гээд байгаа юм. Тиймээс аливаа юмыг сайн ойлгож үзэх хэрэгтэй.

-Таны аялал хэзээ эхлэв, хэзээ дуусах вэ?
-Төрсөн цагаасаа эхэлсэн. Өөрөө дуусахаар л аялал маань дуусах байх.

Д.Цэцэг