Sunday, 21 October 2012

Ш.Гүрбазар: Дөчин жилийн өмнө бодсон мөрөөдлөө биелүүллээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүр­базартай ярилцлаа.


-"Бодоход
 инээдтэй шүү" тог­лол­­тоороота зүгээр нэг хо­шиг­нох гээгүй байх.Бодож бясал­­гасан сэдэл санаагааилэр­­хийлэх ухаанаа та олов уу?

-Энэ бол зохиолч хүний хийх ёстой ажлын нэг юм л даа. Ганц хүний ярианы энэ төрлийн тоглолтыг гадны орнуудад зохиол­чид нь хийдэг юм. Ямар нэг юмны тухай өөрийн юу бодож, юунд эмзэглэж, хэнд баярлаж яваагаа зохиолч илэн далангүй хүүрнэдэг ийм л урлаг шүү дээ. Тоглолт уян­гын ч бай, инээдмийн ч бай бүх санаа, өгүүлэмжээ тоглогч өөрөө зохиож, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Энэ утгаа­раа миний "Бодоход инээдтэй шүү" хошигнолын тоглолтод ямар ч мэр­гэж­лийн жүжигчин оролцоогүй. Ер нь би нэг ийм ганцаарчилсан тоглолт хийж үзье гэж олон жил бодсон. Энэ удаа хошигнолын өнгө аясыг барьж аваад нэлээн судалж, өөрөө архив цуглуулж, энэ төрлийн урлагаар дагнан уран бүтээл хийдэг ОХУ-ын жүжигчин, нэрт элэглэгч Михайл Задарновыг судалсан. Мөн түүний бүх кон­цер­туудыг үзэж, авах гээхийн ухаанаар энэ сэдэвт маань тохирох арга хэлбэрийг нь өөртөө наагаад л тоглолтоо эхэлж байна. Анх удаа хийж байгаа болохоор үзэгчээ татах үүднээс хошигнолын сэдвийг сонгосон юм. Зохиолч хүний ухаан бодлоос гарч байгаа хошигнол гэдэг бол бас нэг юмыг чимхсэн, егөөдсөн, нээрээ юу билээ гэж хүнд бодогдохоор тийм зүйлийг үзэгчд­эдээ сонсгоё гэж бодсон юм. Гэхдээ бүтэн хоёр цаг ганцаараа элдэв юм ярьж хошигноно гэдэг бол их төвөг­тэй юм л даа. Тиймээс зарим үед хөнгөхөн инээд хүргэсэн зүйл ярих, бас жаахан уянгын өнгө аяс оруу­лах шаардлага гарч байна билээ. 
 

-Та
 хошигнолуудаа хэд хэдэн бүлэг сэдэв болгон хуваасан байсан. Тэр сэдвүүдийг хэрхэн сонгож авсанюм бэ. Тухайлбал, нууц амрагийн тухай, эсвэл гар утастай холбоотой хошигнолууд гэх мэт?
-Тоглолтын дотоодод олон нарийн юм байна л даа. Тухайл­бал, чиний хэлсэн нууц амрагийн сэдэв гэхэд тоо томшгүй олон паянтай шүү дээ. Тэндээс зөвхөн нууц амрагийг хүмүүс юу гэж бод­до­­гийг асуусан тухай өгүүлэхэд л олон янзын баялаг санаа гарна. Нэг жи­­шээ хэлье. Нэг сэтгүүлч гудам­жинд явсан хүнээс "Уучлаарай... та нууц амрагийн тухай юу гэж боддог вэ" гэж асууж л дээ. Гэтэл цаадах нь "Шал дэмий юм хүнд санаг­дуул­чих юм. Өнөөдөр дахиад л харих­гүй байхаас" гээд буцаад явчихжээ. Энэ мэт олон ургальч үзэл санаа­нуу­­дыг нэгтгэн багцлаад хошигнож, цаад утгаараа хүнд ямар нэг сэдэл са­­наа шидэж болно. Тоглолтын төгс­­гөлд миний хамгийн их уншин су­­далж хийсэн сэдэв болох "Мон­гол­­­чууд бид дэлхийн түүхийг эх­лүүл­­­сэн юм биш үү" гэсэн хошиг­нол байгаа. Үзсэн хүмүүс мэдэх байх. Түүнийг би Монголын түүхээ ун­­шаад өөрт төрсөн үзэл бодол, сэт­­гэгдлээ задлан хошигносон. Бас нэг жишээ хэлье. Геометрийн ко­нус дүрсний  огтлолыг олдог то­мъёо, монгол гэрийн дээврийг эсгэх то­мъёо хоёр адилхан байдаг. Гэтэл мон­­голчууд аль дээр үеэсээ дээв­рийн эсгийгээ өөрсдөө урлаж ир­сэн. Тиймээс дэлхий дээр байгаа бүх огтлогдсон конус бүхий зүйл­сийн патентийг монголчууд авах ёс­той гэж хошигнох мэт. Энэ сэдэвт маань 30 гаруй баримт түшсэн хо­шиг­нол байгаа. Тэднийгээ би хам­гийн сайн болсон гэж бодож бай­гаа.

-Тоглолтыг
 Н.Наранбаатар найруулагч найруулсан. Най­руулагчийн шийдэл, таны хошиг­нолын тавилтхоёр хэр нийцэж байв?   
-Михайл Задарновын тог­лол­тын стилийг би хошигнолдоо барьж
 ажиллахыг хичээсэн. Хүмүү­сийн хэлж байгаагаар "Монголчууд бид дэлхийн түүхийг эхлүүлсэн юм биш үү" сэдэвт хошигнолын хэсэг За­дар­новын үндэсний үзэл санааг агуул­сан хошигнолуудад дөхөж очсон гэсэн. Зарим найз маань "Гүрээ чи зүгээр өөрт тохиолдсон чин сэтгэлийн хошигнолуудаа яриад бай" гэж байна билээ. Би ч гэсэн хөнгөхөн, цагаахан, гэнэхэн хөг­тэй явдлуудыг ярья гэж бодсон. Заа­вал хүмүүсийг ухааруулна, гэ­гээ­рүүлнэ гэж туйлширч болохгүй. Ер нь найруулагч бид хоёр ярьж бай­гаад тоглолтдоо хоёр чиг шугамыг баримталсан. Нэгдүгээрт хү­ний сэтгэхүйд юу билээ гэж бо­догдохоор мэргэжлийн хошиг­но­лын өнгө аясыг барих. Хоёр­ду­гаарт, чин сэтгэлийн надад болон бу­сад хүмүүст тохиолдсон явдлыг хо­­­шиг­нож ярих. "Бодоход л инээд­тэй шүү" хошигнолыг маань тав­гийн идээ гэж үзвэл, чихэр, жимс, ааруул, өрөм алагласан цагаан са­рын өнгөлөг идээ лүгээ байгаа­сай гэж би хүссэн. Бид жижиг­хэн юмыг тоодоггүй. Шал хэрэггүй юм байсан ч тэрэн дотор инээд, ухаа­рал, харуусал халаглал, хүний мөн ча­нар, орчлонгийн жам ёс юу ч байж болдог л байхгүй юу. Тиймээс эн­­гийн тэр нэг хоёр хүний үерхэл дунд болсон юмыг л хошигнох жи­шээ­­тэй. Надад нэг ийм юм то­хиолд­сон гээд яриад байгаа чинь яг үнэн­дээ надад тохиолдоогүй. Эргэн тойр­­ны амьдралаасаа харж, сэдэж бич­­сэн зохиолууд. Надад гэж яри­вал хүмүүст илүү хүрдэг юм байна. Түү­­­нээс биш тэр тэгжээ, нэг хүнд тийм юм болжээ гэхээр хов ярьж бай­­­­гаа юм шиг болчихдог юм бай­на.

-Бодоход
 инээдтэй зүйл амьдралд олон. Таны хэлснээр хүмүүс энгийн жижиг гэж үзээд анзаарахгүйөнгөрдөг зүйлүүд дотор олон хөгтэй явдал нуугдаж байгаа даа?
-Тэгэлгүй яахав. Нэг жишээ хэлье. Дуучин Сэрчмаа дөнгөж олны та­нил болж байх үедээ Бө­хийн өр­гөөнд дуулах болж  л дээ. Тог­лол­тоо­соо хоцрох гээд мань хүн такси ба­риад Бөхийн өргөө рүү явсан бай­­гаа юм. Тэгтэл таксины жолооч "за дүү охин Бөхийн өргөө орж тоглолт үзэх нь үү" гэхэд Сэрч­маа тоглолтод дуулах гэж бай­гаа­гаа хэлжээ. Гэтэл цаадах нь Сэрч­маа гэдэг дуучин мэдэхгүй юм байна гэжээ. Хариуд нь Сэрчмаа "Удахгүй мэддэг болно оо" гээд хаалгыг нь тас хаагаад буусан гэдэг. Төд удалгүй манай хүн олны танил болоод эхэлсэн байдаг. Энэ мэт юмыг өнгөц дүгнэх нь хэрэггүй юм л даа.

-Таны
 хошигнолыг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ. Тоглолт таны төсөөлөн бодсоноос өөр байв уу? 
-Би ер нь их баярласан шүү. Эхнээс нь аваад дуустал нь сайн хүлээж авсан. Ер манай үзэгчид оюунлаг болж байна. Би яагаад энэ төрлийн уран бүтээлийг оролдох болов гэвэл оюунлаг уран бүтээлчдээ энэ нэг хэсэг орон зайд өөрийн хүчийг үзээсэй гэж уриа­лаад байна шүү дээ. Надаас сайн, илүү чадварлаг хошигнож чадах хүмүүс олон бий. Хошигнолын үдэш гэдэг чинь оюунлаг уран бүтээлчийг сонсох л үдэш юм шүү дээ. Орост бол  Задарновын тоглол­туудыг концерт гэж нэрлэдэг. Гэтэл би "Бодоход  инээдтэй шүү"
 кон­церт гэчихвэл хүмүүс дуу хөгжим бодно. Тэгэхээр манайд энэ төр­лийн урлагийн орон зай хоосон байгаа нь харагдаж байгаа биз. Тэгэхээр би энэ төрлийн урлагаар олон хүн юм хийгээсэй гэж боддог. Би бол цаашид хошигнолоо төрөл­жүүлээд чиглэл чиглэлээр нь тог­лоно гэж бодож байгаа. Тухайлбал, Олон улсын эмэгтэйчүүдийн бая­раар гэхэд л "Эхийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй" нэрийн дор дан эх хүний тухай уянгын тоглолт хийж болж байна. Цэргийн баяраар бол эхнэрээсээ айдаг эрчүүдийн тухай ч юм уу төрөл төрлөөр нь хийж болох юм. Энэ бол манайд хөг­жөөгүй биш хөгжиж байсан урлаг. 

-Өмнө
 нь ямар хүмүүс энэ урлагийг хөгжүүлж байсан юм бэ?
-Бүх эх суурийг нь тавьсан хүмүүс бол алдарт жүжигчин Ла­тиф, Цэвээнравдан нар байна. Мөн ма­най Г.Равдан, Д.Сосорбарам нар тоглож байсан. Тэдний хийж байснаас миний тоглолт өөр болж байгаа нь би гагцхүү өөрийн­хөө юмыг л ярьж байгаад оршино. Манай Д.Сосорбарам Р.Чойномын уран бүтээлүүдийг сайн уншдаг шүү дээ. Тэгвэл миний тоглолтоос хүмүүс Ш.Гүрбазарыг л сонсоно. Би инээдтэй ч юм ярьж болно. Гунигтай ч юм ярьж болно. Бас хатуу ч юм хэлж болно шүү. Яагаад гэвэл энэ нь зохиолчийн үзэл бодлыг сонсох үдэш юм чинь.

-Та
 бас жүжгийн зохиол би­чиж байсан. Жүжгийн зохиол, уран бүтээлийн үдэшлэг хийж байснаасөөрийнхөө үзэл бод­лыг хошин эсвэл уянгын өнгө аясаар хүмүүст хүргэвэл илүү өр­гөн агуулгатай болохюм шиг?
-Өөрийгөө илэрхийлэхэд энэ төрлийн уран бүтээл нь илүү чө­лөөтэй. "Надаар тоглосон хайр" гэдэг жүжгийн зохиолыг бичлээ гэхэд миний үзэл бодол зөвхөн тэр жүжгийн агуулгаар л хэмжигдэнэ. Харин өөрийнхөө юу бодож санаж явдгаа хоёр цаг ярихад хамаагүй өргөн хүрээний юм ярина шүү дээ.

-Тэгэхээр
 та энэ боломжийг олж хараад ганцаарчилсан уран бүтээлийн төрөлд хүч үзэхээр шийджээ.Тийм үү?
-Яахав энэ бол нэгдүгээрт миний олон жил бодсон ажлын нэг юм. Хоёрдугаарт надад байж бо­лох нөхцөл юм даа. Би өөрөө зохиолч, сэтгүүлч хүн. Би чинь 16 нас­тай­гаа­саа хойш хөтлөгч хийлээ. Энэ нь л надад байж болох боломж юм шиг харагдаад, би чадах юм шиг санаг­даад л оролдож үзэж байгаа юм. Би өөрийгөө энэ урлагаар оролдож байна л гэж хэлье. На­даас сайн хийх хүмүүс олон бий.

-"Бодоход
 инээдтэй шүү" тоглолтоороо та үзэгчдэд ямар мессэж хүргэе гэж зорьсон бэ. Хүмүүс танытоглолтоос юу ойлгоод гараасай гэж бодож байна?
-Жижиг жижиг санаанууд бай­гаа. Хүний их бага гэж ялгахгүй байх тухай, эх оронч сэтгэлтэй байх тухай. Хэл соёлоо хадгалан хам­гаалж үлдэх тухай гэх мэт. Бүгдийг нь нийлүүлээд үзэгчид юу ойлгохыг би таашгүй. Хүн юу ч ойлгож болно. Ойлгохгүй ч байж болно. Таалаг­дахгүй  байж ч мэдэх юм. Ямар ч байсан би чин сэтгэлээсээ өөрийн­хөө үзэл бодлыг чөлөөтэй илэр­хийлж чадлаа. Хүмүүсийг яг тийм юм ойлгосон байх ёстой шүү гэж би тулгаж чадахгүй шүү дээ.

-Тоглолтод
 дэлгэцийн бич­лэг буюу өөрөө өөртэйгөө ярьдаг хэсэг гарч байна. Энэ санааг та тоглолтдооашигласан нь ямар нэгэн агуулгатай юу?
-Өөрөө өөртэйгөө ярина гэдэг ганц хүний урлагт нийцэж байгаа юм. Гэхдээ бас их төвөгтэй ам барих, дэлгэцэнд гарч байгаа дүрстэйгээ харилцан тоглолт хийх, ам барих гээд жүжигчин хүний мэргэжил рүү дөхсөн зүйл их бий. Гэхдээ би энэ тоглолтдоо жүжиг­лэе гэж ерөөсөө бодоогүй..
 

-Яагаад.
 Та хэд хэдэн кинонд тоглож байсан шүү дээ. Тиймээс жүжигчний ур чадвар хангалттай байгаагэж бодож байна? 
-Би жүжиглэхгүйг их хичээсэн шүү. Тэртэй тэргүй олон жүжигчин жүжиг тоглож байхад би тэдний дун­дуур орж жүжиглээд яах юм бэ. Жү­жиглэлт, хэтрүүлэг хэрэглээд жаа­хан хүчтэй тоглолт хийчихмээр үе гарч байсан ч би биеэ бариад бай­сан юм. Жүжиглэх л юм бол нөгөө чин сэтгэлийн гоё юм чинь алга болчих гээд байсан юм.
 Чин сэт­гэ­лээсээ олон түмэнтэйгээ ха­рил­цаж өөрийн үзэл бодлоо илэр­хийлэх нь надад илүү таатай бай­сан. 

-Та
 багадаа орос цэргийн ан­гиас мод хулгай хийж баригдаад хүүхдийн баяраар зарлалын самбар дээргарч байсан тухай ярьсан. Үнэхээр тийм болсон юм уу?
   -Үгүй. Энэ манай найзад то­хиолд­сон явдал. Би өөрийнхөө өнгөрсөн дээр энэ бүхнийг ярихаар хүн хүлээж авах нь илүү байгаа болохоор би гэж яриад байгаа юм. Надад тохиолдсон байна уу, най­зад маань тохиолдсон байна уу гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь хүүх­дийг бяцхан алдаа гаргасных нь төлөө хүүхдийн баяраар  олон нийтийн өмнө хулгайч хэмээн зар­лаж, залхаан  цээрлүүлэх хэрэг бай­сан юм уу гэсэн санааг олон нийтэд шидэж байгаа нь чухал. 
 

-Хүний
 сайн сайхан чанар бага наснаас өвлөгдөж, насан туршийн амьдралын зарчим бол­дог гэдэг. Таныбага нас амьд­ралд тан үлэмж нөлөө үзүүл­сэн гэдэгтэй та санал нийлэх үү? 
    -Би 1972 онд драмын теат­рынхаа энэ тайзнаас алдарт жү­жиг­чин Латифыг анх харж бай­лаа. Тэр цагаас энэ хүн шиг олон хүний өмнө ингээд үгээ хэлж зог­соно доо гэж мөрөөдсөн юм. Түү­нээс хойш олон үдэшлэг цэн­гүүн хөтөлж, драмын тайзан дээр олон удаа гарч байсан хэдий ч яг өөрийн­ үг, үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлж байгаа юм. Дөчин жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ шүү дээ. Хэрвээ би дөчин жилийн өмнө тэгж мөрөө­дөө­гүй бол өдийд ямар ч явах билээ, тийм биз дээ.
Г.ЛХАГВАДОРЖ
Өдрийн сонин

Thursday, 18 October 2012

Ж.Сүххуяг: Хүн ухаанаараа л амьдралаа зурдаг гэж боддог


Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг “Өглөөний зочин”-оор урилаа. Урлагт хайртай монголчуудын дийлэнх нь түүнийг гавьяат жүжигчин гэхээсээ илүү Батмөнх даян хаан гэдгээр нь л сайн мэддэг.
Түүний тавь хэвийсэн насных нь босгон дээрээс цэл залуухан сэтгэл зүрхнийх нь цэцэгт нуга руу хараа бэлчээж, эгэл даруухан амьдрал дунд нь түр саатав.


-Таныг “Соён гэгээ­рүү­лэгч” телевизэд орчуулгын кинонд дуу оруулагчаар ажил­лаж байгаа гэж сонс­лоо. Бүгдийн нүдний өмнө бай­даг хүн дэлгэцийн ард ор­чихоор хэр өөрчлөлт орж байна вэ?
-Хамгийн сүүлд Оросын олон ангит “Тээвэрчид” ки­нонд дуу орууллаа.
Адилхан л жүжигчний мэргэжил шүү дээ. Гэхдээ дэлгэцийн урлагаасаа бүр хөндийрчихөөгүй шүү. Хамгийн сүүлд Батхүү гэдэг нэгэн залуугийн дууны клипэнд тоглолоо. Төв аймгийн Эрдэнэ суманд зураг авалтаа хийсэн.
Мөн “Цахлай зөвхөн нисэхийг хүсдэг” 40 ангит кинонд тоглож байгаа. Надад нэг сайхан мөрдөн байцаагчийн дүр ногдсон. Өнгөрсөн хавар Кино урлагийн дээд сургуулийг төгссөн хэсэг залуус нэг кинонд нас тогтсон, сайхан эцэг хүний дүр бүтээх санал тавьсан. Зураг авалт нь хараахан эхлээгүй л байна.

-Эрэлт ихтэй байгаа юм байна даа?
-Ажлын баг бүрэлдэж байж л чанартай уран бүтээл төрдөг. Тиймээс санал тавьсан бүхэнд зөвшөөрөөд байхгүй л дээ. Аж­лын баг, зохиолын агуулга, өөрт оногдсон дүрээ харж байж тухайн кинонд тоглох эсэхээ шийддэг.

-Анх жүжигчний мэргэж­лийг сонгохдоо та юу мөрөөдөж байв. Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
-Жүжигчин, уран бүтээлч хүн ямар ч дүрийг голж, шил­дэггүй. Ерөөсөө тэгж ч болдоггүй хууль­тай. Дүрээ яаж үзэгчдэдээ хүрэх вэ гэдэг­тээ санаа тавих нь л чухал. Найруулагч “Чи л энэ дүрийг бүтээж чадна” гэсэн итгэл хүлээлгээд өгвөл яаж ийж байгаад бүтээх л хэрэгтэй.
Багш нар маань ч “Уран бү­тээлч хүн нийгмийн хөгжлөөс нэлээд хэдэн алхмаар түрүүлж явах ёстой” гэж сургадаг. Ур­лагийн буянаар бүтээсэн дүрүүд маань ард түмний сэтгэлд хүрч байгаа нь миний мөрөөдөл биелж байгаагийн илрэл гэж боддог. Сайн, муу аль ч дүрийг үзэгчдэд хүргэж чадах нь л миний мөрөөдөл шүү дээ.

-Хүн бүр таны бүтээсэн дү­рүүдээс аль нэгийг хайрладаг байх. Харин та ямар дүрээр ард түмнийхээ сэтгэлд мөнхрөхийг хүсдэг вэ?
-Би ямар ч дүрийг бүтээх үедээ “Энэ дүрээрээ л мөнхөрчих юмсан” гэж бодож байсангүй. “Чанартай сайн бүтээчих юмсан” л гэж боддог байлаа. Ардын жүжигчин А.Очирбат гуайг хү­мүүс Итгэлт баянаар төсөөлдөг шиг намайг Батмөнх даян хаан гэдэг. Тэгэхээр энэ дүр маань дүр ард түмэнд илүү хүрсэн юм болов уу. Чиний хэлснээр хүн бүр л намайг ямар нэгэн дүрээр минь хайрладаг байх. Харин миний хувьд бүтээсэн дүр бүрээ хайрладаг.

-Та хүний амьдралд то­хиол­дож болох бүхнийг л үзэж тууллаа. Өөрийгөө ер нь амьдралыг хэрхэн туулж яваа гэж боддог вэ?
-Хүн үргэлж магтуулж эсвэл муулуулж амьдарна гэж байхгүй шүү дээ. Алдаж, онож, сөхөрч, тэмцэж л байдаг. Би өөрийгөө амьдралын хуулиар л явсан гэж боддог. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад нэг их харамсаж, харуусаад байх зүйл байхгүй. Овойж товойтол магтан сайшааж, бахархан гайхуулаад байх зүйл ч ховорхон. Хүний амьдрал гэдэг чинь ороо бусгаа шүү дээ. Зарим хүн бурхны зурсан зургаар л явж байна гэж ярьдаг даа. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүн ухаанаараа л амьдралаа зурдаг гэж боддог.

-Алдар нэр, амгалан тайван байдал хоёр нэгэн дээвэр дор багтдаггүй гэдэг. Олны танил байх нь тээртэй ч юм шиг санагдах үе тохиолдож байв уу?
-Үгүй. Нэг кино, жүжигт тоглох нь амьдралын нэг дээд сургууль төгссөнтэй тэнцдэг гэдэг. Бүхнийг ухаанаараа л авч явахыг хичээдэг. Би зарим хүнтэй адил эд хөрөнгөнд шунаж явсангүй. Харин эзэмшсэн мэр­гэжилдээ л эзэн болж явах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

-Ажил болон амьдрал дээр гаргасан алдааныхаа төлөө өөрийгөө зэмлэдэг үү?
-Тоглосон дүрүүдээ эргээд харахад дүр бүхэнд л дутуу дули­маг зүйл анзаарагддаг. Гэвч нэгэнт хүмүүсийн сэтгэлд хүр­чихсэн дүрийн алдаа эндэгдлийг одоо сөхөж ярих нь илүүц биз.
Амьдралд зөрчил маргаан гаралгүй л яах вэ. Гэр бүлийн асуудлаа ажил албатайгаа хольж хутгаад байвал эгэл хүн амьдралын энэ их ачааллыг даахгүй шүү дээ. Театр хэмээх ариун сүм рүү амьдралын ачааллаа тээгээд орж болохгүй. Тэгвэл яаж дүрдээ орж, дүрээ үзэгчдэд хүргэх вэ дээ. Тиймээс театрын хаалганы гадна амьдралын зовлон бэрхшээл, элдэв асуудлаа орхих хэрэгтэй.

-Хүн бүр баримталдаг зар­чимтай байдаг ч амьдралын эрхээр зарчмаасаа хазайх үе тохиолддог. Та баримталдаг зарч­маасаа хэр хазайсан бол?
-Хазайх, бүдрэх, гуних, гутрах үе байсан. Гэвч хүн алдаан дээрээ дөрөөлөөд босч чаддаг байх ёстой. Тэгэхгүй, “Би өнгөрсөн хүн” гээд сэт­гэлээр уначихвал өндийж босч чадахгүй, амьдралд улам л дарлуулна шүү дээ.
Намайг бүдрэх үед ойр дотны хүмүүсийн маань надад өгсөн итгэл л үргэлж татаж босгож байсан. 1987 онд “Хайрыг хайрла” жүжигт тоглосныхоо дараа дөрвөн ч удаа хагалгаа хийлгэсэн. Түүний дараа үйлд­вэрчний хорооны даргаар ажиллаж байхдаа “Би ч эргээд тайзан дээр гарахгүй дээ” л гэж бодож явлаа. Гэтэл хамт олон маань намайг жилийн дараа урлагийн алтан тайзан дээр гаргасан.
“Мандухай сэцэн хатан” киноны дараа осолд орчихоод байхад Балжинням багш маань “Чилүгэнд тогло” гэж их урам, итгэл өгсөн. Тэр үед би жү­жигчнээс өөр ажил хийж чадахгүйгээ ойлгосон. Энэ л сайхан хүмүүс, ард түмний минь итгэл намайг өөрийгөө ялан дийлэхэд тусалсан даа.

-Өөрийгөө ялан дийлэх гэдгийг та яг ямар утгаар хэлэв?
-Ганцаардлыг даван туулснаа л өөрийгөө ялсан гэж ойлгодог. Ганцаардах үед өнгөрсөн амьд­­ралынхаа алдаа, оноог цэг­­нэж, ирээдүйгээ төсөөлөн бо­дож, төлөвлөгөө гаргадаг. Их ч ухаарлыг олж авдаг. Гэвч хамгийн аймшигтай зүйл нь ганцаардал. Тиймээс ч энэ бүх­нийг даван туулж, өөрийгөө ялж чадсандаа хязгааргүй их баярладаг.
Бодож төлөвлөсөн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж чадал­гүй зориг мохох үе ч гарч л байсан.Гэвч хүн ганцаараа бэрх­шээлийг даван туулж чадахгүй шүү дээ. Тэр дундаа жүжигчин гэдэг ганцхан авьяасаар бүтдэг ажил биш. Сайн хань, үр хүүхэд, үнэнч нөхөд, сайхан багш на­рынх тус дэмээр л өндийж босдог. Хамт олон л хүнийг засч хүмүүжүүлдэг юм билээ.

-Та дээр жүжигчнээс өөр ажил хийж чадахгүй гэж хэлсэн. Гэвч амьдрал хүнийг олон зүйлд сургадаг шүү дээ?
-Эр хүний хийдэг юм бүрийг л чадахыг хичээдэг. Гэхдээ алх дөш барьж, дархан мужааны ажил хийхдээ нэг л эв хавгүй шүү. Амьтны хамраас цус гар­гаж огт үзээгүй.
Уг нь би наймдугаар ангиа төгсчихөөд, сельсерь хийж байсан хүн. Одоо бол машин ч барьж чадахгүй шүү дээ. Бас жүжигчин болохоосоо өмнө зураач болохыг хүсдэг байлаа. Жүжигчин болсныхоо дараа дүрийн зургаа гаргачихдаг л байсан. Уран зурагт дуртай болохоор зураач найз ч олонтой. Ер нь ном л намайг жүжигчний мэргэжил рүү хөтөлсөн дөө. Жүжигчин хүн юм бүхнийг чаддаг байх ёстой болохоор ажил ажлын л захтай болсон гэж боддог юм.

-Залуу жүжигчдээс мөрөөд­лийн дүрийг нь асуухаар ямар нэгэн сайхан бүсгүй, баатар эрийг нэрлэдэг. Таны мөрөөдлийн дүр тэднийхээс арай өөр байх болов уу гэж бодлоо?
-Жүжигчид гэдэг хүн судлаачид шүү дээ. Тиймээс би жинхэнэ дүр бус хүнийг л бүтээхийг хичээдэг. Би тоглосон дүр бүрээс минь хүмүүс өөрийгөө олж хараасай гэж хүсдэг юм.

-Таныхаар жинхэнэ хүн ямар байх ёстой вэ?
-Хүн бурхны юм уу, хувь заяаны төөрөгт итгэх бус өөрийнхөө ухаанд найдаж амьдрах хэрэгтэй. Хүн өөрийгөө хэрхэн авч явж байгаагаар нь л хүн байж чадаж байгаа эсэхийг нь дүгнэдэг шүү дээ.

-Хүүхдүүд тань таны хүссэнээр хүмүүжсэн үү?
-Хүүхдүүдээ өөрийнхөө хүссэнээр байлгаж болохгүй л дээ. Учир нь, миний өссөн болоод өнөөгийн нийгэм хоёр тэс өөр. Хүн өөрөө л амьдарч буй орчиндоо хүн байж, өөрийгөө хүмүүжүүлэх ёстой юм болов уу гэж боддог. Азаар миний дөрвөн хүүхэд хулгай хийж, худал хэлэхгүй, түмэндээ тустай, мэргэжилдээ эзэн болоод л явж байна. Үүнээс илүү юу хүсэх вэ. Заавал алдар нэртэй болж, эсвэл аав шигээ жүжигчин бол гэж би шаардахгүй.

-Та олон сайхан багшийн тухай л ярих юм. Өөрт тань олон сайхан шавь бий биз?
-Би нэг ч удаа багшилж үзээгүй. Харин Д.Сэдэд багшийн­хаа отгон шавь. Багш маань Ц.Төмөрбаатараас эхлээд олон шавьтай. Гэхдээ л намайг сүүлчийн шавиа гэж хэлдэг байсан. Би багшаасаа их юм гуйдаг байлаа. Тайзан дээр гарчихаад “Багш аа, та өөрөө тоглоод үзүүлчих” гэхээр “Чи Сэдэдийн сармагчин болох гээ юү” гэдэгсэн. Тэгээд л би “Хүн өөрөөрөө л байх хэрэгтэй юм байна” гэдгийг ухаарсан даа. Тиймээс нэг ч удаа багшилж үзээгүй. Яах юм бэ. Сүххуягийн баахан сармагчин гараад ирэх ч юм бил үү.

-Та бол түүх бүтээсэн хүн шүү дээ. Магадгүй амьдралаас олж авсан ухаарал, сурсан зүйлсээ өрөөлтэй хуваалцах хэрэгтэй байх?
-Хүний амьдрал өөрөө түүх. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Энэ бол түүх бүтээсэн хэрэг биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.

Ц.Баттуяа
 
Өглөөний сонин