Wednesday, 30 January 2013

МИАТ-ын хэрэгт улс төрийн нөлөө оруулахгүй



УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МИАТ компанид мөнгө угаасан гэх хэргийн талаар Хууль зүйн сайд нь мэдээлэл хийснээс хойш арав хоног өнгөрчихлөө. Өмнө энэ хэмжээний том хэргийн талаар, ялангуяа хэргийн шалгалтын явцад салбарын сайд нь ингэж нээлттэй мэдээлж байсангүй. Түүнээс хойш ч энэ хэргийн нарийн ширийнийг зарим нэг сонин хэвлэлүүд дэлгээд эхэлчихлээ. Үүнээс үүдээд энэ хэргийн цаана ямар нэг улс төрийн захиалга байна уу гэдэг хард ч төрж болохоор. Мэдээлэл хаанаас гараад байна вэ, ер нь МИАТ-ын хэргийг яаравчлан нийтэд зарласан шалтгаан юу юм? Эсвэл хэргийн шалгалтад саад хийж болзошгүй нөлөөллөөс хамгаалахын тулд олон нийтэд зарласан юм уу?  
-Өмнө нь их хэмжээний мөнгөтэй холбоотой, нийгэмд нөлөө бүхий бүлэг, эсвэл эрх мэдэлтэй холбогдсон хэргүүдийг аль болох нам жим, нийгэмд хаалттай байдлаар шийдэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг таслан зогсоох, шүүхэд нөлөөлөх гэж оролддог, эцсийн дүндээ хуулийн байгууллагын ажилтнуудыг худалдаж авсанаар дуусдаг жишиг байсан. Тийм ч учраас Монголд авлига, албан тушаалтай холбоотой, зохион байгууллалттай томоохон хэргүүд илэрдэггүй, хов живийн байдлаар хэвлэл мэдээллээр шуугиж байгаад буцаад татагдчихдаг байсан. Энэ нь нэгдүгээрт мөрдөн шалгах үйл явц хэтэрхий далд явдагтай холбоотой. Хоёрдугаарт, тодорхой хэрэг дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг очдоггүйтэй холбоотой. Гуравдугаарт, хэргийн шалгалт хэтэрхий далд явагддаг учраас хуулийн байгуулага, хууль сахиулагчдыг худалдан авдаг, авлига, албан тушаал гэдэг асуудал зөвхөн улстөрчид болон захиргааны байгууллагуудыг худалдан авах бус хуулийн байгууллагуудын ч гэсэн худалдан авалт болоод хувирчихсан юм байна. Энэ хэрэг ч гэсэн тийм л зүйл рүү явж байсан. Тиймээс нэгдүгээрт, ийм хэмжээний хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажилагаа явж байгаа шүү гэдгийг олон нийтэд зарлах ёстой юм байна. Хоёрдугаарт, үүнд нь нөлөөлөх гэж оролдож байгаа тэр хэсэгт ч гэсэн тийм нөлөөлөл байхгүй шүү гэдгийг сануулах ёстой юм байна. Гуравдугаарт хуулийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь энэ хэргийн шалгалт дээр хяналт байгаа шүү, ямар нэг байдлаар худалдагдах юм уу, мэдээллийг задлах, өмнө нь байсан арга барилаараа ажиллах гэвэл та нарын асуудлыг бас давхар ярина гэдгийг сануулгыг өгөхөөс өөр аргагүй байсан.
Мэдээж хэргийн “гэдэс дотрыг” бол ярихгүй. Гэхдээ хэргийг мөрдөн шалгаж байна, харьцангуй баталгаа нотолгоотой зүйлүүдийг хууль сахиулах үйл ажиллагааны хүрээнд тодорхойлчихлоо. Тиймээс шүүн таслах ажиллагаанд гадны нөлөөлөл байх ёсгүй, хууль сахиулагчид хариуцлагатай ажиллана, хэргийн илрүүлэлт дээр улс төрийн дэмжлэг байгаа шүү гэдгийг зарлаж байгаа юм.

-Улс төрийн дэмжлэг гэхээр бас зарим хүмүүст буруугаар ойлгогдож магадгүй юм. А.Гансүх сайд ч гэсэн “засаг солигдсоны үр дүнд л энэ хэрэг илэрч байна шүү дээ” гэж хэлсэн байна лээ. Ардчилсан нам гарч ирээд, МАН-ын баахан хүмүүсийг шалгаад байгаа ч юм шиг...?
-Улс төрийн дэмжлэг гэдэг нь намаар талцаж хуваагдах тухай асуудал огт биш. Аль ч Засгийн газрын Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх тэр хүсэл эрмэлзэл нь улс төрийн дэмжлэгээр харагдах ёстой. Зүгээр хүсэх төдий биш, хийх ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Улс төр гэдэг чинь жинхэнэ утгаараа бол бодлогын дэмжлэг шүү дээ. Хууль зүйн сайдаас үзүүлэх улс төрийн дэмжлэг нь “Бид зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ ээ” л гэж байгаа юм. Жирийн гэмт хэрэгт хэн нэгэн хүн хохирогч болдог бол зохион байгуулалттай хэргээс болж хэсэг бүлэг, нийгмийн олонхи бүхэлдээ хохирох эрсдэлтэй. Учруулж байгаа хор хохирол нь мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй, нийгмийн оюун санаа, үндэсний аюулгүй байдлын зарчим руу хүртэл халддаг. Ийм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцсэнээр эдийн засагт учирч байгаа хохирлыг багасгахаасаа гадна алдагдсан мөнгүүдийг буцааж оруулж ирэх боломжуудыг олдог. МИАТ-ын асуудал дээр гэхэд арваад тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа. Хэргийн хүрээ нь тэлээд, энд тэндээс мөнгө гарч ирээд л байна. Одоо тогтоогдсон нь арван тэрбум төгрөг гэж байгаа ч хэргийн шалгалтын явцад энэ тоо яаж нэмэгдэхийг хэлэх арга алга.

-Оны өмнө та Хонгонг руу явахдаа Н.Энхбаярын угаасан мөнгийг эргүүлж авах асуудлаар явсан гэдгээ хэлсэн байсан. Тэр асуудал юу болж байна?
-Хууль зүйн сайдын Хонконгод хийсэн айлчлалын тодорхой хэсэг нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хоёр талаасаа хамтрах, Монголоос гарсан мөнгүүдийг буцааж оруулж ирэх талаар яриа хэлцэл хийх байсан. Эхний ажлууд хийгдэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тэр бололцоо нь бидний нэгдэн орсон конвенциор олгогдсон байгаа. Нарийвчилсан байдлаар, шууд мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах ёстой. Гэрээнийхээ саналыг бид өгчихсөн. Хятадтай бол гэрээгээ байгуулчихсан. Тус улсын тусгай бүс гэгддэг Хонконг, Макаотой энэ гэрээний тодотголуудыг хийх шаардлага байгаа.

-МИАТ-ын хэргээр Хууль зүйн сайд мэдээлэл хийснээс хойш цагдаагийнхан энэ хэргийн талаар огт дуугараагүй. Гэтэл хэвлэлээр бол хэргийн нарийн ширийнийг нэлээд дэлгэрэнгүй дэлгээд байдаг. Албан ёсны эх сурвалжгүй учраас хэн нэгний захиалгатай ч юм шиг. Хуулийн байгууллагууд өөрсдөө энэ хэргийн шалгалтын явцтай зэрэгцүүлээд мэдээллээ шуурхай өгөөд явах боломж байхгүй юу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөр бусад сувгаар явж байгаа мэдээллүүдийг бид “тэр нь тийм, энэ нь ийм” гэж хэлэхгүй. Албан ёсны мэдээлэл Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдын амнаас гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа манай мөрдөгчдийн хувьд одоогоор үүнээс илүүг илэрхийлэхгүй. Зохион байгуулалттай гэмт хэргийн нарийн мэдээллүүд гэмт хэрэг илрүүлэх чиглэлээрээ илүү чухал байдаг учраас тактик, стратегийн хувьд нууцлагдахаас өөр аргагүй. Бид хэргийн ерөнхий хүрээг зарласан болохоос биш дотоод нарийн юмыг нь зарлахгүй. Хэн холбогдсон, ямар түвшинд байгаа гэдэг мэдээлэл тодорхой хязгаартай байгаа.

-Хэргийн нарийн ширийн нь харин хэвлэлээр гараад л байгаа л даа. Үүнийг цагдаагаас гаргаад байна уу, өөрийн сонирхлын бүлэг байна уу гэдгийг л асууж байгаа юм?
-Мөрдөн шалгалтаар авагдсан мэдээллүүд бүгдээрээ ч гарчихаагүй байна л даа. Хоёр жилийн өмнө энэ хэргийг шалгаж байсан. Шалгаж байсан цагдаагийн албан хаагчдын зарим нь цагдаагаас гарсан. Тэндээс мэдээлэл задарч байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллага дээр авагдсан, дарагдсан мэдээллүүд хэргийн зарим холбогдогч руу хууль бусаар очсон гэх мэтчилэн хууль зөрчсөн асуудал ч бас байгаа юм шиг байна лээ. Тэр асуудлуудыг ч гэсэн давхар шалгаад явна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг өмнөх Засгийн газрын үед эрхэлсэн сайдаас нь бичиг явуулаад, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байсан. Гэвч хэргийн илрүүлэлт дээр улс төрийн дэмжлэг байхгүй, хэргийн хүрээ хязгаарлагдмал байснаас болоод ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр хэргийн илрүүлэлт хойргошсон, дарагдсан, зарим мэдээлэл алдагдсан юм байгаа. Тиймээс бид зөвхөн мөнгө угаасан хэргийг шалгаад зогсохгүй энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллага хэрхэн ажилласан бэ гэдгийг давхар шалгаж байна.

-Хэргийн талаар мэдээлэл өгөх эрхтэй нь зөвхөн прокурорын байгууллага уу?
-Гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хувьд прокурорын байгуулага, Хууль зүйн яам хоёулаа хамаарна. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй, зохион байгуулалтад орчихсон, эрх мэдэл болон бусад зүйлээр сүлбэлдчихсэн хэсгийн үйлдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг хууль сахиулагчдын хувьд ч эрсдэл ихтэй. Олон зүйлийг нууцлах шаардлагатайгаас гадна зарим зүйлийг нь нийтэд зарлаад олон нийтийн дэмжлэг болон хяналтад оруулах шаардлага ч байдаг. Үүнийг хийхийн тулд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг Мөрдөх албыг шинээр бий болгож байна. Хамгийн хэцүү нь хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах, эдийн засгийн болон экологийн эсрэг гэмт хэргүүд. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь улс дамнасан корпараци, банкны эзэд, илүү нарийн зохион байгуулалтад орсон гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа. Энэ гэмт хэргүүдийг дагаад олон дайвар хэргүүд үйлдэгддэг учраас үүнийгээ хаацайлах зорилгоор гэрч хохирогчдыг ямар ч түвшинд заналхийлэх, айлгах, амь насанд нь халдах бололцоотой. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхийн тулд бид эхлээд гэрч, хохирогчдоо хамгаалах, нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэж байгаа мөрдөгч нараа хамгаалах, нотлох баримтаа баталгаатай хадгалах хамгаалах, аюулгүй байдлыг хангасан байр савны шаардлага байна. Эдгээр баримтууд дахиад өөр зүйлээр батлагдахгүй, нотлогдохгүй байх эрсдэлтэй атал хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг нь хангасан байр сав алга. Улсын мөрдөн байцаах газрын нурах гэж байгаа байшинд хэдэн арван тэрбумын хэргийн нотлох баримтууд хадгалагдаж байна. Эрсдэлтэй байхгүй юу. Тэрнээс болоод эмнэлэг булаасан хэрэгт хүртэл ороод муу хэлүүлээд л явж байна. Гэтэл бид зохион байгуулалттай, эдийн засгийн гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадвал ийм хэмжээний 20-30 эмнэлэгтэй тэнцэх мөнгийг буцаагаад олоод л ирнэ.

-Хууль нь гараагүй, Мөрдөх алба нь ч бий болоогүй байхад ийм том хэргийг шууд аваад мөрдөх боломж, чадамж нь манай цагдаа нарт байна уу?

-Хуулиараа энэ төрлийн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллагад харьяалуулаад явж байгаа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд манай цагдаагийн байгууллага маш болхи арга хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн хүчээр энэ гэмт хэрэгтэй тэмцэх гэж оролдож байна. Зохион байгуулалттай гэмт хэргийг өвсөнд нуусан зүүтэй зүйрлэвэл манай цагдагийнхан зүүг олохын тулд ямар ч багаж хэрэгсэл, туслах бүтэцгүйгээр хар таамгаараа, нүцгэн гараараа тэмтрээд л явж байгаа байхгүй юу. Гэтэл бусад оронд бол ядаж нөгөө зүүгээ олохын тулд соронз хэрэглэнэ, ядаж лазераар харна. Гэтэл манайд гэмт хэрэгтнүүд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа байгууллагаасаа илүү тоног төхөөрөмж, зохион байгуулалт, мөнгө төгрөгтэй сууж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ нарийн зохион байгуулалтад орсон, эрх мэдэлтэй холбогдсон, авлига, албан тушаалаа ашиглаад төрийн шийдвэрийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн гаргаж чаддаг тэр гэмт хэргийн сүлжээ чинь Монгол Улсыг өөрийг нь улс биш болгож байна. Монгол Улсын эдийн засгийг иргэдэд ашигтай бус олигархиудад ашигтай эдийн засгийн бүтэц болгож байна. Төрийн шийдвэрүүд иргэд рүүгээ чиглэсэн байдлаар биш, зөвхөн мөнгийг нь төлсөн, эрх ашгаа захиалж чадсан тэр хэсгийн төлөө л гарна. Үүнийг шийдэхийн тулд зохион байнуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулах ёстой. Ний нуугүй хэдэхэд бид дөрвөн жилийн өмнө УМБГ-ыг Мөрдөх алба болгоод зохион байгуулчихсан байсан бол ганц МИАТ-ын хэрэг биш, бусад олон хэргийг хамгийн хурдтайгаар, зохистойгоор илрүүлээд, шалгаад, гэмт хэргийг таслан зогсоогоод, улсад учирсан хохирлыг нь нөхөн төлүүлээд, асуудлаа шийдээд явчихаж чадах л байсан.

-Өмнө нь МИАТ-ын хэргийг шалгаж байсан. Тэр нь яг хаана хүрээд, юунд тулаад зогссон юм?
-Одоогоор шалгалтын ажил явж байна. Нэлээн олон зүйлүүд тодорхой болсон ч нягтлах шаардлагатай зүйлүүд бас байна.

-Цагдаагийн удирдлагууд их залуужсан гэсэн, дундаас нь бүтэн нэг үеийг сугалчихсан гэж ярих юм билээ. Ингэснээр цагдаад байгаа албан тушаал, ашиг сонирхлын сүлжээ, гинжин хэлхээг бүрэн тасалж чадах уу?
-40-45 насныхан л байгаа, тийм ч их залуу биш ээ. Хуучин бол дандаа тэтгэврийнхэн л байсан шүү дээ. Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй, ер нь манай төрийн байгууллагууд нийтээрээ тэтгэврийн нас нь болчихсон хүмүүсийг тэгэвэрт нь гаргахгүй хууль зөрчөөд сунгаад ажиллуулчихдаг. Тэд нар нь бүх албан тушаал дээр ээлжилж, сэлгэж суугаад нэг ч бодлого өөрчлөгддөггүй, нэг ч ажил шинэчлэгддэггүй. Хуулийн байгууллагын удирдлага дээр удаан суусан хүмүүс бие биенээ сайн мэддэг учраас хоорондоо тохиролцоод зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх биш, өөрсдөө зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэмжээнд оччих эрсдэл тулгарчихсан байсан. Үүнийг нь таслан зогсоосон. МИАТ-ын хэрэг дээр ч гэсэн тийм хандлага гарч байна л даа. Урьд нь энэ хэргийг шалгаж байсан хүмүүстэй холбоотой зөрчлүүд үүсч, тэр нь илэрч, шалгагдаж байна.
Үндсэндээ цагдаа батлан хамгаалахаас ч илүү хурандааж байгууллага. Тиймээс цол зэргээр чадвар юм уу, хариуцлага, ёс зүйтэй байдлыг илэрхийлэх ямар ч боломжгүй болсон. Хууль сахиулах байгууллагын доторх цолны утга учир алдагдсан. Тийм учраас бид томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй, бүх түвшинд нь. Зөвхөн боловсон хүчин биш, тогтолцоо, цол зэрэг, гавьяа шагнал, чиг үүрэг, нийгмийн болоод эдийн засгийн баталгаа гээд бүхэлд нь өөрчлөлт хийнэ. Өмнө нь хийж байсан шинэчлэлүүдийг харахад өнгө будгийг нь л зассан болохоос биш дотоод бүтэц, араг ясандаа шинэтгэл хийж чадаагүй. Тийм учраас их том шинэтгэл рүү зорьж байна. Энэ хагас сайнд Засгийн газар луу орох хуулиуд энэ шинэтгэлийн гол цөм нь болно.

-Ямар хуулиуд вэ?
-Хууль сахиулгчдын эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай гэхчилэн эхний дөрвөн хууль Засгийн газар луу орох гэж байна.

-МИАТ-ын хэргийг яагаад дахин сөхсөн юм бэ? Өмнө нь шалгуулахаар өгч байсан сайд нараас дахиж хүсэлт гаргасан юм уу, эсвэл та санаачилгаараа эхлүүлсэн үү?
-Одоо мөрдөн шалгаж байгаа эдийн засгийн зохион багуулалттай хэргүүдээс сүүлийн саруудад богино хугацаанд хамгийн амжилттай баталгажуулж, хүрээг нь хумьж, эзэн хогбогдогч, үйл хөдлөлийг нь тодорхойлж чадсан хэрэг нь МИАТ-ын хэрэг. Тиймээс шалгалтын явцыг эрчимжүүл гэдэг үүрэг өгсөн. Хэрэг хаагдаагүй, шалгагдаж байсан. Гэхдээ зарим нэг төрлийн нотлох баримтыг дарагдуулсан, үйл ажиллагааг тасалдуулсан. Үүнд нь хуулийн байгууллагын оролцоо ч, улс төрчдийн оролцоо ч байгаа байх. Тэр зүүлийг нь давхар шалга, аюулгүй байдлыг нь ханга гэдэг үүрэг өгсөн. Хонконг явсантай холбоотойгоор зөвхөн Монголын биш олон улсын хамтын үйл ажиллагаа болоод хувирчихлаа. Улс дамнасан гэмт хэрэг учраас. Үүнээс гадна бас хэд хэдэн хэрэг шалгагдаад явж байгаа.

-Н.Энхбаяртай холбоотой “Эрдэнэт”-ийн ган бөмбөлгийн хэрэг юу болж байна вэ?
-Шалгагдаж байгаа.

-Хэвлэлээс харвал МИАТ-ын хэрэгт ихэнхдээ МАН-ын угшилтай, тэдний томилсон хүмүүсийн нэр  холбогдсон байна лээ. Танай намынхны оролцоо бий юу?
-Эдийн засгийн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх явцад нам гэдэг ойлголт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд гэдэг л ганц ойлголт байгаа. Үүнийг би Н.Энхбаярын хэрэг дээр ч гэсэн хэлж байсан. Аль нэг намын дарга, эсвэл Ерөнхийлөгч байсан гэдэг ялгаварлал байхгүй. Ялтан гэдэг нэг л ойлголт байгаа. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчим байгаа. Шалгаж байгаа гэмт хэргийн хүрээнд гэм буруутай, үйл ажиллагаагаараа холбогдож орж ирсэн хэнгуай нь ч байсан хуулийн өмнө асуудлаа шийдүүлээд хариуцлагаа хүлээгээд явдаг тийм тогтолцоо л бүрдэх ёстой. Тэнд нь Ардчилсан нам байна уу, МАН, МАХН байна уу сонин биш. Хууль юуг зөв, юуг буруу гэж хэлж байна вэ гэдгийг л олж харах хэрэгтэй. Ийм л зарчим, шаардлагыг би тавьж, дор ажиллаж байгаа хуулийн байгууллага, цагдаагийнхандаа ч ийм үүрэг даалгавар өгч байгаа. Гэмт хэрэг илрүүлэх, нотлох баримтаа цуглуулах, асуудлыг харахын тулд хуулийн хүрээнд ур чадвараа гаргаж ажилла. Гэхдээ арай шуурхай, арай сэтгэлтэй ажил л гэж хэлж байгаа.

-Хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэг дээр манайхан олон улсын анхаарлын төвд ороод байгаа. Эдгээр хэрэгтэй тэмцэх чадавхи манай цагдагийнханд байна уу?
-Үнэхээр зохион байгуулалттай, улс дамнаж үйлдэгддэг гэмт хэргийн хувьд бид энэ хэрэгтэй тэмцэж байгаа байгууллага, ажилтнуудаа шинэ шатанд гаргах хэрэгтэй. Хүн худалдаалах, хар тамхины хэргийг бол бид аль хэдийнээ тавиад туучихсан шүү дээ. Ямар ч хяналт байхгүй, оношлогоо тавьж чадахгүй байна. Нийгмээ эмчлэх, нийгэмдээ онош тавих тэр бүтцээ алдчихсан. Эрүүл мэндийн салбар хүнээ эмчлэх бодлогоо тавиад туучихсан шиг хуулийн салбар нийгмээ оношлох бодлогоо тавиад туучихсан байна. Монгол Улсад хар тамхи худалдаалах гэмт хэрэг ямар түвшинд, мөнгө угаах хэрэг ямар түвшинд очсон юм,. хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр шударгаар ажиллаад баяжаад байна уу, эсвэл мөнгө угаагаад, луйвардаад байна уу? Бага хэмжээний луйвар хийсэн нь залилан гээд шоронд ордог, их хэмжээгээр идсэнийг нь зүгээр л ил цагаан яриад, барьцаад суугаад байна шүү дээ. Үүнийгээ зөв ялгаж өгөхгүй бол шударгаар бизнес хийж байгаа хүмүүс нь сүүлдээ хардагдаж, нийгмээрээ мөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг болж байна. Энэ бүхнийг зөв оношилж, алийг нь хууль ёсны, алийг нь хууль бус гэх вэ гэдгийг зөв заж өгөхгүй бол сүүлдээ хэн нэг нь “Би шударга ёсыг тогтооно” гэж цээжээ дэлдээд, мөнгөтэй хүн болгон руу дайрдаг болох юм бол энэ нийгмийн чинь үнэ цэнэ алдагдана. Хууль зүйн салбар нь өөрөө нийгмээ зөв оношилж чадаагүйгээс болоод нийгмээрээ өвчлөөд, энэ өвчлөл дээр нь өвчтэй хүмүүс од болж гарч ирэх аюул бий болж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Эцсийн дүндээ Хууль зүйн сайд л хүлээх ёстой учраас хийхээс өөр арга байхгүй.

-МИАТ-ын хэргийн хамрах хүрээ хэр өргөн юм бэ? Гэрч, хохирогч нарыг нь оролцуулаад... 
-Одоогоор цагдан хоригдоод шалгагдаж байгаа найман хүн байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн хүрээ бол түүнээсээ арай өргөн. Эрэн сурвалжлагдаж, олдохгүй байсан хоёр хүнээ бариад хийчихсэн. Одоогоор хэргийн нарийн деталийг ярих боломжгүй. Цаашид асуудалтай холбоотой зарим нэг хүмүүсийн шалгаж тодруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ төрлийн хэргийг хэргийг шалгана, илрүүлнэ гэдэг бусдад нь ч гэсэн дохио өгч байна гэсэн үг. Цаашид хулгай хийх гэж байгаа, хулгай хийнэ дээ гэж бодож байгаа хүмүүст тийм боломж улам бүр хомсдож байна шүү, хэрэг илэрдэг юм байна шүү гэдгийг сануулах ёстой. Бид гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо бас гаргах ёстой шүү дээ.

-МАХН-аас Засгийн газарт орсон сайд нарын тухайд олон нийт болоод хэвлэл мэдээллийнхний зүгээс маш шүүмжлэлтгий хандаж байгаа. Энэ хүмүүс Н.Энхбаярын төлөө ажиллах гэж албан тушаал авсан уу, эсвэл Монгол Улсын 2,8 сая иргэдийн төлөө ажиллах ёстой юу гэж. Гэтэл Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хувь хүнтэй холбоотой асуудлаар над дээр нэг ч гомдол орж ирээгүй” гэж хариулсан билээ. Яагаад үүнийг хувь хүнтэй холбоотой асуудал гэж үзэх, хэн нэгэн гомдол гаргахыг хүлээх ёстой юм бэ. Та жишээ нь дэд сайдаа огцруулах саналыг өөрөө гаргах ёстой юу, Н.Удвал сайдын хувд ч гэсэн бас ёс зүйн асуудал яригдах ёстой биз дээ?

-Манай дэд сайдтай холбоотой асуудлыг бол би Засгийн газарт оруулах ёстой л байх. Одоогоор “Шүүн таслах үйл ажиллагаанд саад болсон” гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагааны эцсийн үр дүн гараагүй байхад урьдчилсан байдлаар хариуцлагын асуудал ярих боломжгүй. Эрүүгийнхээр уу, эрүүгийн бусаар явах уу гэдэг нь эцэслэгдээгүй байна. Н.Удвал сайдын хувьд Засгийн газар кабинет дотооддоо л асуудлаа ярих байх.

-Тэгвэл Эрү
үл мэндийн сайдын хувьд хохирол ярих ёстой этгээд нь хэн байх юм?
-Яг ял эдлүүлэх болон түүнтэй холбоотой асуудал хөндөгдвөл прокурорын байгууллагаас асуудал тавигдаж магадгүй. Хэрвээ албан тушаалаа буруугаар ашигласан байна гэж үзвэл. Зүгээр Засгийн газрын гишүүний хувьд ёс зүйн алдаа байна  гэж үзвэл Ерөнхий сайд л асуудал ярина шүү дээ. Олон нийтийн хувьд мэдээж улс төрийн өнцгөөрөө шүүмжлэлээ хэлэх байх. Хууль зүйн хүрээнд бол хор уршиг, хохирол ямар хэмжээнд байна вэ гэдгээр л асуудлыг ярина. Гэхдээ нэг юмыг зөвтгөхөөс өөр аргагүй. Хоригдол ч гэсэн хүн учраас эмнэлгийн үйлчилгээ авах ёстой гэдэг бол үндэслэл мөн. Тэр үндэслэлийг нь ч би олж хараад өнгөрсөн намар энэ журмыг өөрчилөх ёстой, өөрчлөхөөсөө өмнө эмнэлгийнхээ асуудлыг шийдэх ёстой гэж үзээд бодлогоо гаргасан. Тэгэхээр Н.Удвал сайдын гаргасан шийдвэрийн агуулгыг хууль бус гэж үзэх үндэсгүй. Харин тэр шийдвэрээ хэрэгжүүлж байгаа хэлбэрийн хувьд асуудал байна аа л гэж хэлж байгаа. Түүнийх нь хор уршиг болоод хохирлын нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой.

-МИАТ-ын хэргийг шалгаж байгаа нь яваандаа хувьчлалтай холбогдчих юм биш биз?

-Хэлж мэдэхгүй байна. Одоогоор энэ талаар урьдчилсан дүгнэлт хэлэх бололцоогүй. Хэргийн шалгалтын явцад ямар хэмжээний нотлох баримтууд цугларав, ямар хүрээнд татагдан оров гэдгээр л явна. Хэрэг ийм болно, тийм болно гэдэг дүгнэлтийг би хэлэхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгаж, ямар нэг нөлөөлөлгүйгээр шударга шүүхийн өмнө аваачина гэдэгээ бол харин хэлнэ. 

Б.СЭМҮҮН
http://politics.news.mn

“Нэвтрүүлгээ тасдахгүйн тулд цагдаа тонгорч байлаа”



Монголын утга зохиол, түүний доторх яруу найргийн амьд буурал оргилуудын нэг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавыг өдгөө Монголд танихгүй хүн үгүй биз ээ. Буурал болтлоо бичиж туурвихын төлөө зовлон жаргал эдэлж явна гэдэг тэр бүрий хүнд тохиох тавилан ч биш, түүнийг дааж явна гэдэг бүр ч хэцүү. Гагцхүү өөрийнх нь хэлсэн тэнгэрийн шивнээтэй аавын хүү л дааж явах томоохон тавилан гэлтэй. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Өдий нас, алдрын оргилоос харахад энэ утга зохиол, нийгмийн амьдрал ямар байдалтай харагдах юм бэ дээ?
-Юуны түрүүнд урьд үеэ үгүйсгээд юу ч бүтээхгүй. Тэдний уран бүтээл амьдралын замналыг туулж, тэднээс сонсож байж сая өдий зэрэгт хүрдэг. Урьд үеэ үгүйсгэх юм бол ямар ч үе байхгүй гэсэн үг. Түүнчлэн ирээдүй хойчоо ч үгйүсгэж бас болохгүй. Би үүний тухай 
“Халуу дүүгэж галд түлээ шаржигнан ноцохуй
Харваас модны үхэл, галын амьсгал
Хан хорвоод түүнийг бид
Дараах үеийн тулд ноцоож
Хаврын ногооны тулд намрын навч гандана” гэж шүлэглэсэн юм. Манай үеийн Ш.Дулмаа, Р.Чойном, П.Пүрэвсүрэн бидний өмнөх үе Д.Намдаг, С.Эрдэнэ, Б.Явуухулан нараас л суралцаж байлаа. Энэ цагийн өндөрлөгөөс харахад бидний амьдарч байсан цаг үеэс өөр болсон ч Монгол уран бүтээлчдийн сэтгэхүй асар их өөрчлөгдсөнгүй.Өөрчлөгдөх ч үгүй. Миний хувьд тэр изм мизмыг нэг их ойшоодоггүй. Үүнийг чинь авьяасгүй хүн түүнийгээ далдлах гэсэн нэгэн арга гэсэн шүү дээ. Хойч үед маань олон сайхан хүүхдүүд бичиж туурвиж байна. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш, ирээдүй гэрэлтэй байна гэх үү дээ. 
-Өнөөдрийн уран зохиол наадхи “изм”-ээс чинь болж хоёр хуваагдаад байна л даа?
-Миний болон бидний үеийнхэнээр зогсохгүй ихэнх хүмүүсийн айж байгаа зүйл нь даяаршлын эринд Монгол ахуйгаа үгүй хийчих вий гэсэн айдас тээдэг. Үүнд толгойгоо залгиулж магадгүй цаг үед бид амьдарч байна. Хамгийн гол асуудал үүндээ л байгаа юм. Түүнээс бус манай уран зохиол дэлхийд гологдоно гэж түүхэнд байхгүй. Бид гагцхүү уран зохиолоо дэлхийн хэмжээнд гаргаж тавьж чадахгүй байгаа юм. 
-Та ид залуудаа Монголын радиогийн томилолт аваад онгоцноос хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн тухай яриа бий. Энэ талаараа ярихгүй юу?
-Тэр чинь 1963 он. Миний анхны томилолт юм. Онгоцны билет авчихсан, анх удаа онгоцонд суух гэж байгааг хэлэх үү, тэр шувуу нисдэг тэнгэрт шувуудтай цуг нисвэл мөн ч сайхан онгод орно доо гэж залуугийн дэврүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 татах санаатай, Нисэхийн хавиар архины эрэлд мордсон юм. Тэр үед одоог бодоход дэлгүүр ховор архийг тэр болгон газарт зарахгүй. Тэгээд эрсний эцэст МОНЦАМЭ-гийн үнэмлэх үзүүлээд сүржигнэж байж 100 татаад иртэл миний суух ёстой онгоц нисчихсэн байсан. Тэр онгоц маань харин Отгонтэнгэрийг мөргөж олон хүн сүйдсэн дээ хөөрхий. Тэр үеэр намайг мэдэх бүх л хүмүүс гашуудаад, манай хөгшин уйлж унжаад сүйд болж байлаа.
-Таныг тэнгэр харав уу. Зөн совин чинь тэр онгоцонд суулгасангүй юу. Эсвэл архинд хөтлөгдөөд аз болов уу?
-Залуу бага байсан даа, юуны архинд хөтлөгдөх байхав дээ. Төв аймаг хот хоёрын хооронд л машин тэрэг хөлөглөхөөс биш онгоц гэдгийн бараа хараагүй залуу хүүхэд 100 татаад тэнгэрээр дүүлэхэд их сайхан гэсэн л зүйл бодогдохгүй юу. Тэгээд тэр өдөр ахин нэг нислэг таараад Завхан ниссэн дээ. Үүнийг би яруу найрагчийн зөн совин гэж боддог. Тэр л зөн намайг тэр онгоцонд суулгаагүй. Зөн совин, тэнгэр хийгээд яруу найрагч ямагт холбоотой юм шүү дээ. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм. Зул нь хүн юм. Харин яруу найрагч үүнийг зөн билгийн гэрлээр илүү нэвтэлж байдгаараа онцлог юм даа. Оросын их яруу найрагч Пастернак  “Яруу найрагчдаа та нар үхлийн тухай бүү дуулаач ээ, яагаад гэвэл та нар чинь дэндүү зөнч хүмүүс шүү” гэж хэлсэн нь бий. Дээрх явдлаас үүдээд би “Тэнгэрийн хүү” найраглалаа Москвад бичсэн юм. Бид ийм л нарийн зүйлээ яримаар байна. Сонин хэвлэлийнхээ хов живээс ангид байж ийм гэгээрэл рүү хөтөлбөл ирээдүй гэрэлтэй л байна.
-Та Монгол телевизийн анхдагчдын нэг. Нэг удаа нэвтрүүлэг хийх гэж яваад цагдаа тонгорсон гэдэг. Чухам яагаад цагдаа тонгорох болов оо?
-Тэр үед чинь одоогийнх шиг нэвтрүүлгээ бэлдээд цацна гэсэн ойлголт байхгүй байлаа. Тийм техник хэрэгсэл хөгжөөгүй байсан. Бүх зүйл шууд учраас би л байхгүй бол болохгүй байсан. Тэгээд л яарч яваад цагдаа тонгороод нэвтрүүлгээ явуулж байлаа.
-Зүгээр байхад чинь цагдаа хоргоохгүй дээ?
-Тэр үед миний нэг тууж “Цог” сэтгүүлд хэвлэгдээд 400 төгрөг авахгүй юу. Тэгээд л бөөн баяр харайж явтал “Монтекристо гүн”-г орчуулдаг Даш гэж шартсан амьтан таарлаа даа. Түүний шарыг тайлах санаатай  “Туул” ресторанд ганц юм уугаад гарах гэтэл цагдаа хоргоодог байна шүү. Нэвтрүүлгийн цаг болох гээд цагдаа явуулдаггүй барьчихаад, тэгэхээр нь гараа суга татаж аваад лавхан шиг тонгорчихсон юм. Цагдаа ч ширээний цаана ойчлоо. Тэгээд л ажил руугаа харайж очоод нэвтрүүлгээ хөтөлсөн дөө. Их том биетэй цагдаа байсан юм. Залуу ч байж, яарсан, омголон гээд юм юм л давхцахгүй юу. Үнэндээ нэвтрүүлгээ тасдахгүйн тулд л цагдаа тонгорсон хэрэг. 
-Цагдаа тонгорсон хүн зүгээр өнгөрөхгүй биз дээ?
-Яаж зүгээр өнгөрөх вэ. Хоёр хоногийн дараа цагдаад дуудагдаад төрийн хүн тонгорсон хэрэгтэй эрүү үүсэхдээ тулсан. Тэгээд харин гайгүй 200 төгрөгөөр торгуулж салсан даа. Гайгүй ч юу байхав. Тухайн үед 25 төгрөгөөс дээш торгууль байсангүй. Тэр үеийн 200 төгрөг ч мөнгө шүү. Одоо бол цагдаагийн малгайг Баасан авгай ч аваад дэвсч л байна. Замаа алдлаа даа. Цагдаа ч нэг үеэ бодвол соёлтой болж. Тэр жил Жамц арслан улсын наадамд түрүүлж, маргаж байсан юм. Тэгээд түүнд түрүү бөхийн бай гэж 500 төгрөг өгсөн юм. Харин би улсад түрүүлсэн бөх 500 төгрөг авдаг. Цагдаа тонгорсон найрагч 200 төгрөгөөр торгуулдаг гэсэн юм ярьж л байлаа. Бас мань Дамдин аварга Москвад нэг цагдаа тонгорсон гэдэг. Мань хүн зам хөндлөн гарах гэж явтал цагдаа хоргоогоод болдоггүй гэнэ. Тэгэхээр нь тонгороод замын голд шидчихсэн. Нөгөө цагдаа өөрөөс нь өндөр тонгойж хараад дурак гээд явуулж байсан гэдэг. Цагдаа тонгорсон ийм л хоёр түүх бий дээ.
-Миний өмнө таны Л.Цогзолмаа гуайд дурсгасан гарын үсэгтэй 2007 он гэсэн ном байна.Өдий хүртэл эзэндээ очмоор санагдах юм?
-Үүнийг хэвлэлтээс гарсан даруй л Цооцоод өгсөн л дөө. Харин сүүлдээ өөрт нэг ч хувь байхгүй болоод хэрэглэх гэж гуйж авсан юм. Буцааж өгнөө. 
-Цогзолмаа гуай цагтаа манай сайхан бүсгүйчүүдийн нэг байсан. Та ч энэ тухай их ярьдаг. Энэ талаар дурсамж хэлэхгүй юу?
-Түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгийг ард түмэн мэднэ. Бид их сургуульд цуг сурч байлаа. Тэр ажиллаж байгаад, би 10 дугаар ангиа төгсөөд орсон юм. Их сургуулийг ид оргил байх үед нь суралцаж байсан даа. Үдэшлэгт дуулаад хөтлөөд оюутан цагийн сайхан дурсамж байлгүй яахав. Залуугийн дэврүүн сэтгэл гээд бий. Бид чинь Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба,Л.Лувсанвандан гэсэн аваргуудаар хичээл заалгасан азтай улс. 
-Та залуудаа цагдаа тонгорсон, бөхийн тухай “Гарьд магнай” кино бичсэн, “Хэрлэнгийн барьяа” бөхийн тухай роман бичсэн гээд ажиглаж байхад залуудаа барилдаж явсан юм шиг санагддаг?
-Бөхөд их дуртай байсан. Барилдаад сүйд болоогүй ээ. Налайхын 10 жилд байхад Майн баяраар бөхийн барилдаан болсон юм. Тэр барилдаанд насаар арай ахмад нэг гавшгай залуу тааралдаад түүнийг нь хаячихсан даа. Тэгээд Эвлэлийн үүрийн дарга З.Сандагаа гэдэг хүн “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр спартакиадад барилдах хүүхэд хаялаа гээд намайг загнаж байлаа. Тэгэхэд намайг олноо “Урт гарт” гэж алдаршсан М.Лхагва арслан засч байсан юм. Бөхөд дуртай явсаных ард түмнийхээ мэдэх бөхийн тухай кино, нэг роман бичлээ дээ. 
-Ингэхэд уран бүтээлч хүний анхны шүлэг, анхны ном гээд сайхан дурсамж бий дээ. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1960 онд миний анхны шүлгийг Ц.Гайтав “Үнэн” сонинд тавьж өгсөн. Түүнээс хойш 1962 онд анхны номын уралдаан болж, одоогийн төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч П.Пүрэвсүрэн, Ж.Шагдарсүрэн бид гурвын бүтээл шалгарч хэвлэгдсэн юм. Тэгээд нэг л итгэж чадахгүй хэвлэлийн хашаанд шөнөөр очиж загнуулж байж сая сонины дардсан дээрээс нэрээ олж хараад үнэмшсэн. Энэ үеэр нэгэн үеийн нөхөр Р.Чойном дуудаад бид тэднийд очсон юм. Тэр орон дороос авдар архи гаргаад ирэхээр нь бид ихэд гайхаж билээ. Чойномынх одоогийн энэ дөрөвдүгээр дэлгүүрийн хавьд байсан юм. 
-Хоёулаа залуу цагийн дурсамж нэлээдгүй ярилаа. Тэгэхээр хоёр зохиолчдын байгууллага нийлэх асуудал ямар шатандаа байна вэ?
-Нийлнэ гэхэд хэцүү байна. Хүмүүс буруу ойлгоод янз бүрээр ярих юм. Сая гэхэд л П.Бадарч бид хоёр Монгол телевизээр ярилцлаганд орсон юм. Гэтэл миний яриаг монтажлаад Бадарчийн яриаг бүрэн эхээр нь гаргалаа. Энэ бүгдээс ард түмэн ойлгох ёстой атал хэргээр ингэж хасч байгаа нь буруу юм. Энэ бол цаанаасаа л хоёр Зохиолчдын байгууллагын талаарх миний дуу хоолойг ард түмэнд сонсгохгүй гэсэн арга шүү дээ. Энэ мэт дэндүү нэг талыг барьсан үзэл бодол яваад байх юм бол нийлнэ гэдэг хэцүү. Зохиолч, уран бүтээлчид нэгэн зорилготой байх хэрэгтэй. 
-Тэгээд цаашид нийлэх тухай шийдгүй гэсэн үг үү?
-Чөлөөт Зохиолчдын холбоог Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ш.Гаадамба, Ж.Бямбаа, О.Дашбалбар нар байгуулсан юм шүү. Гэтэл эд Зохиолчдын эвлэлийн үнэмлэхээ авна ч гэлүү. Нөгөө Молотав намаас хөөгдөөд Хуршев үнэмлэхийг нь хурааж авна гэхээр нь чамаас аваагүй ээ би Ленинээс авсан гэдэг. Үүн шиг надад С.Удвал гуайгаас авсан 100 тоот батлах бий. 

-Та өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад тийм зүйл хийж чадсангүй дээ гэж харамсах зүйл байдаг биз дээ?
-Би үүнийг ойлгохгүй байгаа юм. Нас дээр гарлаа гээд хүн туурвихаа болчихдог юм биш. Харин ухааны бяр сууж, бичих арга барил сайжирч, гэгээрч илүү ихийг хийх ёстой. Тиймдээ ч би өнөөдөр номоо бичиж хэвлүүлсээр байна. Одоо ч бичиж байна. 
-Таны олон алдартай сайхан бүтээл бий. Үүнээс “90 баатарын дууль”-ийг бичсэн тухай юу гэхсэн бол?
-Үүнийг би 1963 онд 25-тайдаа бичсэн юм. С.Удвал, Ц.Уламбаяр, Д.Цэдэнжав нартай хамт Халх гол орлоо. Дайн байлдаан болсон газрыг анх удаа үзэж байгаа нь тэр. Маш хурдан 30-хан минутад л бичсэн дээ. Дараа нь С.Удвал гуай чиний “90 баатар”-ыг сонсоод, уншаад нулимс гарсан шүү гэж билээ. Тухайн үед урамшуулж байна даа л гэж бодож байсан ч надад тэр 100 тоот баталахыг хурдан өгсөн дөө. Бидний үед тэр айлын босгоор давна гэдэг амаргүй зүйл байсан юм аа. 
С.Ууганбаяр
Эх сурвалж: www.mminfo.mn

А.Гансүх: М.Энхсайханд тайлбар өгье гэхээр геополитикийн бодлогыг дэлгэчих гээд байна



Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танай салбар дуу­лиа­ны талбар болоод байна. МИАТ-ээс эх­лээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг та­таж байна…
-Би нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүй­тэй юм байна. Харин гүт­гэх нь арай хэтэрч байна аа... 

-Юу нь гүтгэлэг гэж?
-Жишээлбэл, М.Энх­сай­­ханы ярьж байгаа, сэт­гүүлчдэд үзүүлсэн мате­риал дотор маш олон буруу зүйл байгаа. Зо­риуд төөрөлдүүлсэн  зүйл байна. 

-Тухайлбал…
-Нэгдүгээр сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд  30 гаруй хүн оролцсон.  30 гаруй гэрчтэй яриа гэ­сэн үг. Тэр үед М.Энх­сай­хан “Би Хятадын тө­мөр за­мын яамтай ху­вийн жур­маар холбоо тогтоо­сон. Хоёр  хоног яваад ирье. Дээд түв­шин­дээ асуудал ярья” гэсэн. Хам­гийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээ­вэр, барилга хот байгуу­лалтын яам бай­хаа­саа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад  гэхээр тэр олон хүн яри­хад про­то­кол хөтөлж ча­дах­гүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайл­­бар­ла­сан нь нэг ал­хаад л баригдана шүү дээ. 

-Youtube дээр тавьс­ныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгний­хээ ярьсныг олон ний­тэд хүргэж байгаа юм шиг санагдсан... 

-Энэ бол хууль зөрч­сөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэт­гүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгуулла­гын дүрмийн 50.1 гээд  нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвсгэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулаг­дана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энх­сайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүл­бэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шил­жүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон”  заалт байгаа байхгүй юу.  Тэгэхээр үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гар­гаж хэлээд байгаа. 

-Өөрөөр ойлгуулахын  тулд  үлдсэн хэсгийг нь  олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?
-2008 онд УИХ-ын 12 дугаар  тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малт­малын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновч­той төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа.  Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн  царигтай буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэж­лийн ямар ч хүн үүнийг нэг адил  цариг гэж ойлгоно.   Хэрвээ нарийн өргөн цариг тавибал  нэгдсэн сүл­жээ  гэж хэлэхгүй биз дээ.  2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр за­мын сүлжээг өргөжүүлэх страте­гийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн   царигтайгаар батлан гаргасан. 

-Одоо тэгээд өөрчлөгдөх бо­ломжгүй гэж үү?
- Ганц боломж бий.  Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээг­дэ­хүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бү­тээг­дэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд хол­богдохгүй буюу огтолцохгүй то­хиол­долд царигийн хэмжээг Зас­гийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэ­хээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна.  2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй.   Ерөнхий сайд  “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ. 

-М.Энхсайхантай ярилцаад  ажлаас нь халахгүйгээр ойл­голцож болоогүй юмуу?
-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай  хоёр  удаа ярьсан. Х.Бат­тулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.

-Ерөнхий сайд бол М.Энх­сайханыг ажилд томилохдоо  надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ. 
-Тийм ээ,  Ерөнхий сайдад хэлээгүй юм. 

-Өмнө нь бол хэлж байсан юмуу?
-Өмнө нь  маргаан үүсээд бай­гаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж,  хоёр  удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр  удаа ярьсан. Хүлээж аваа­гүй шүү дээ. 

-Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..
-Х.Баттулга сайд өөрөө М.Энх­сайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энх­сайханд өөрт нь  “Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ   учрыг өөрөө ол” гэсэн. 

-Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.
-Тийм. 

-М.Энхсайханы тайлбараар бол   нарийн цариг нь    зөв гэж хүмүүс ойлгочихоод байна. 
-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа.  Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шил­жүүлэн ачих өртөг  эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл бо­лоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий.  Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар  ямар нэг тоосжилт гарахгүй.  

-Бункерт шилжүүлэн ачих технологийг  одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?

-Хэрэглэж байгаа. 

-Бас нэг асуудал байна.  На­рийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..

-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа.  Одоо ямар маргаан байгаа юм. Их хур­лаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гар­гаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээв­рийн бодлогыг хэрэгжүүлэх шатан­даа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажил­даа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томил­сон. Зам тээврийн сайдаар  ахлуу­лаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон.  Тэгээд яам­даас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаа­дын иргэн, дотоодын хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөн­гө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шал­гуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд  явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замын­хантай  холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би  “Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн.  Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монго­лын төмөр замын Төлөөлөн удир­дах зөвлөлөөр удирдамжаа бат­луу­лаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн. 

-Цааш нь  юу болсон?
-Эсэргүүцээд  байсан. 

-Тэгээд явчихсан уу?
-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн. 

-Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?
-Төрийн өмчийн хороо. Би М.Энх­сайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг  зөвшөө­рөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түв­шинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энх­сайхан  өөрөөр тайлбар­лаад байгаа. 

-М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа  шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл  асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ.  
-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна. 

-Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл  яах юм? 
-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг  юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд  оруулах, хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геопо­литикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу  орохгүй

-Баттулга сайдыг мэтгэл­цээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..
-Мэтгэлцээнд оролцож болох­гүй шүү дээ.   Геополитикийн асууд­лаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил,  эдийн засгийн болон тусгаар тогтнол,  аюулгүй байдал яригдана.   Ямар зорилготойгоор төмөр замын бод­ло­гыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ. 

-Төмөр замын  ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?
-2010 онд төмөр замын бод­лого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барь­цаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо су­дал­гаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хий­гээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хий­сэн.  Тодорхой хэмжээнд цаг хо­жоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэ­лэх ёстой. 

-Яг хэзээ ашиглалтад оруу­лах вэ?
-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажил­даа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ. 

-Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъя.  Таны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?
-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуу­лагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад  гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээ­рээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр  МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаард­лага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан. 

-Сугар гуай юу?
- Тийм.

-Тухайн үедээ хууль, хянал­тын байгууллага  МИАТ-ийн асуу­дал­тай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүү­сээс шалгал­тын багт дэмжлэг үзүүлж туслуу­лахаар  Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ.. 
-Тэр үед шалгаад үр дүн га­рахгүй байсан.  Энэ асуудлыг чинь  бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм. 

-Мэдээгүй юм байна..
-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн. 

-Бид нар гэж хэн, хэн юм?
-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг  дуудаад “Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд  23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дараг­даж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж,  энэ хэрэг илэрч байна.

-Тэгвэл энэ хэргийг  дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ? 
-  Холбогдолгүй яадаг юм. 

-Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь   юу, юу байсан юм. 
-Дайны эрсдлийн сан. Ерөө­сөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд  шалгуулахаар   цагдаад өгсөн.     2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.

-Яасан юм?
-Энэ талаар асуухаар дуугар­даггүй шүү дээ. Зүгээр л гөлий­чихдөг байсан. Баттулга сайд бид нар  сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ. 

-Одоо дайны эрсдлийн сан­гийн мөнгөө авч л байгаа юу?  
-Дайны  эрсдлийн сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж  энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойл­гомж­той гэмт хэрэг байгаа биз.

-Тэгээд МИАТ-т  дайны эрсд­лийн сангийн мөнгө байгаа  юу?

-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс. 

-Аль хэдийнээ идээд дуус­гасан байлгүй дээ?

-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэ­рээр байна шүү дээ. 

-Сугар гуай “Би энд  ямар ч холбоогүй” гээд байсан... 

-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна.  Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шу­дар­га ажилласан. 

-Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?
-Тийм, би тэгж хэлнэ. 

-Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт  байгаа хуучин Төрийн өмчийн хорооны­хон үгэнд чинь орж байна уу?
-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алх­маа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаа­дад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж. 

-Сүлжээнээс гадуур гэдэг нь?
-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан ту­шаал­тан байна. Үүнийг одоо зог­соо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх ме­неж­мент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр  гэрээгээр хийлгээд нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.

-”Монголиан Эйрлайнес”-т  Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд  байх юм. 
-”Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Бат­тулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье. 

-Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой…
-Би чамд нэг  юм хэлэх үү? 

-За

-Би дэд сайдынхаа ажлыг өгс­ний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бич­сэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуул­сан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна”  гэсэн. 

-Та томоохон компаниудын  өмгөөллийг хийдэг байсан бай­хаа..  
-Тэгэлгүй яадаг юм.  Би бизне­сийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/ 

-Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?
-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан. 

-Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?
-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой. 

-Тухайн үедээ  хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануу­лаад хэлчих…
-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй. 

-Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?
-Ямар утгаар нь асууж байгаа юм…

-Улс төрийн утгаар….
-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан. 

-Та хоёрыг нөхөрлөөд хамт­ран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлд­гээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, заав­рыг нь дагадаг юм шиг...
-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэл­сэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн. 

-Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?
-Юу гэж дээ. Би яагаад Баттул­гатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүн­дэл­дэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын  нийгэмд хандсан  хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярь­даг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад   Баттулга сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөн­гөөр барьсан. Ялгаа байна уу.  Үүнийг л би хүндэтгэдэг.

-Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа. 
-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм. 

-Нээрээ ингэхэд Чингэс гэс­нээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа.. 
-Зургаан  аймгийг  авто замаар  холбоход 300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.

-Ажиллах хүчин чадал яах вэ?
-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компа­ниуд­тай хамтраад ажиллах байх.
 
-Хятад ажилчдыг хямд­чи­лаад  аваад ирдэг шүү дээ. 
-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа. 

- Хугацааны хувьд… 
-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд да­хиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна. 

-Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж бо­лоо­гүй юмуу?
-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй бай­дал, эдийн засаг, тусгаар тогт­нолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь  бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө он­гоц­ны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно. 

-Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг. 
-Ямар ч ялгаа байхгүй.

-Эдийн засгийн хувьд ялгаа­тай л гээд байгаа даа...
-Ганцхан ялгаа нь  шилжүүлэн ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш. 

-Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?

-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэ­дэх­гүй зүйл маш их бий. Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр  зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг ха­риуц­лага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бо­доод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа са­наа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм.  Одоогийн  ерөнхий прокурор Дорлигжав надаас  “Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөл­лөө хийгээд байна” гэхэд “Чи сай­хан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л...” гэсэн.   Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон.   Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьд­ралыг дээшлүүлэх ямар ч бодол­гүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д  шалгуулсан. Одоо ч шалгуулсан чадна. 

-Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ…
-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүний­хээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүү­сийн зөв гээд алга ташиж  байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна.  Нөгөө талаараа монгол­чуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна.  Намайг найман цагт хари­вал  гайхна. 

-Та яамандаа ирээд хүн халсан уу?
-Долоон хүн халсан.

-Яагаад?

-Өөрсдөө саналаараа халагд­сан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан. 

-Үнэхээр үү?
- Тэр долоог олоод асуу л даа.

-Та аль нутгийн хүн юм. 

-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан. 

-Та өвөөгөө мэддэг байсан юм уу?

-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөө­гийнхөө нэр хүндийг бодоод Мон­гол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн. 

-Та хаана сургууль төгссөн юм бэ?
-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дар­га, тэгээд дэд  сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажил­лаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр.

-Эхнэр чинь юу хийдэг юм бэ?

-Хувиараа. 

-Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.
-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн  стакан шидсэн чинь манай хүний толгой дээр оночихсон. Нөхөр нь хараад суух уу? Би эхнэ­рээ өмөөрсөн, хамгаалсан. 

-Тэгээд эхнэр чинь гайгүй юу?
-Гайгүй. Дараа нь нөгөө хүнтэй­гээ ойлголцоод өнгөрсөн. 

-Тухайн үед та тэр хүнтэй  зодолд­сон уу?
-Тэгсэн. Хариуг нь барьсан гээд л бодчих. 

-Энхсайханы оронд хүн то­мил­сон уу?

-Томилсон. Бат-Эрдэнэ гээд дотроо ажиллаж байсан залуу бий. Өнөөдөр зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Цаг хуга­цаа угаасаа харуулна. Эхнээсээ харуулж байна ш дээ. 2011 онд бид МИАТ-ийг  мөнгө угаасан хэргээр цагдаад өгч байсан. 2 жилийн дараа илэрлээ. Цаг хугацаа ха­руулж байгаа биз дээ. Бидний зөв байсныг цаг хугацаа харуулна. 

-Ардын намынхан улсын мөн­гийг иджээ. Ардчилсан намын­хан тэгээд тийм цэвэр ариун гэж үү? 
-Цаг хугацаа харуулна.  

-Тэгж ярьдаг л даа. Жишээ нь, Баттулга сайд нэг юманд орооцолдоод л явчихвал яах юм. Та хамгаалж өмгөөлөөд нуухыг бодно биз дээ…

-Надад тэр хүнийг тийм юм хийхгүй гэсэн том итгэл байна. 

- За ярилцлага өгсөн танд баярлалаа.
http://mungundalai.niitlelch.mn