Friday, 22 February 2013

Л.Дашдорж: Төсвийн хуулиар иргэд асар их эрх дархтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцооны жил болгон зарлаад байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржтой ярилцлаа. 


-Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны анхны зарлигаараа 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласан. Зарлигийн гол агуулга юу байсан бэ.Яагаад бүхэл бүтэн жилийг энэ үйл ажиллагаанд зориулахаар болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны хамгийн анхны зарлигаа нэгдүгээр сарын 2-нд гаргахдаа нэгдүгээрт, энэ оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгож зарласан. Хоёрдугаарт Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын зөвлөл байгуулж, бодлогын зөвлөлийн дүрмийг анхны зарлигаараа баталж гаргалаа. Яагаад энэ оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгов гэдэг дээр тайлбар хэрэгтэй байх.
Юуны өмнө Монгол Улсын Төсвийн тухай хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд шинэчлэнбаталж энэ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хуулийг зохицуулж байгаа хэд хэдэн хуулийг нэгтгэж нэг хууль болгох, ингэхдээ орон нутагт эрх мэдэл өгч, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Ингэж төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоог мөн нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.  Тэр дагуу шинээр батлагдсан Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийг үндсэнд нь шинэтгэж өөрчилсөн бүлэг оруулж шинэтгэлийн хууль болгож чадсан.

-Төсвийн хуулийн шинэчилсэн гол агуулга юу байсан бэ?
-Хуулиар юуны өмнө орон нутгийн харилцаанд олон шинэтгэл хийхээр болсны нэг нь сум, дүүрэг, нийслэл, аймаг бүр өөрийн орон нутгийн хөгжлийн сантай байхаар зааж өгсөн. Хөгжлийн сангийн эх үүсвэр ньдотоодын НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны таван хувиас бүрдэнэ гэх зэргээр улсын төсөвт нэгдсэн сан байгуулаад, түүнд орох эх үүсвэрийг хуульд хатуу зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, НӨАТ улсын төсвийн орлогын дансанд ороход дотоодын  НӨАТ-ын 25 хувь,  ашигт малтмалын татвар ороод ирлээ гэхэд орлогын данснаас нь таван хувь нь автоматаар шууд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орж байхаар зохицуулж өгсөн.
Төсвийн хуульд орсон нэг шинэ зүйл гэвэл улсын төсөвт байгаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас сум, дүүрэг, аймаг, нийслэл рүү хөрөнгө хуваарилж шилжүүлэхдээ загварчилсан байдлаар, хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн оролцож шийдэхгүйгээр, шууд томъёо, загварт тулгуурласан байдлаар шилжүүлэхээр хуульчилж өгөөд байгаа юм.

-Томъёо, загварт тулгуурлаж шилжүүлнэ гэж юу гэсэн үг вэ?
-Гол үзүүлэлт нь тухайн орон нутгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, татварын идэвх, санаачилга гэсэн тооцоход амар гурав дөрвөн үзүүлэлтээс хамаарсан байдлаар загварыг хийсэн. Нэгдсэн санд2013 онд батлагдсан төсвөөр нийт 150 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгаа. Энэ бол маш их мөнгө л дөө. Энэ нь дээр хэлсэн үзүүлэлт, томъёогоор задрахаас гадна 60-аас доошгүй хувийг нь сум, дүүргийн хөгжлийн санд оруулахаар заагаад байна.
Архангай аймгийн Цахир сумынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард над руу ярьж байсан. “Түүхэндээ анх удаа Цахир сум орон нутгийн хөрөнгө оруулалтдаа 350 сая төгрөг хүлээж авлаа. Иргэдээ оролцуулж төсвийн хуваарилалтаа ярих гэж байна” гэж байсан. Энэ мэтээр аймгуудад хуваарилах төсөв яригдаж байна.

-Төсөв хуваарилахад жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээ. Иргэд урьд өмнө ингэж төсөв хуваарилахад биечлэн оролцож байгаагүй учраас энэ талын мэдлэг дутмаг байгаа. Иргэд хэрхэн яаж орон нутгийн төсвийн хуваарилалтад оролцож, тухайн газартаа хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах талаар саналаа гаргах учиртай вэ?

-Орон нутгийн хөгжлийн санд загварчилсан байдлаар хөрөнгө шилжүүлэх асуудлыг хуульд тусгаснаас гадна урьд нь хуульд байгаагүй нэг зүйл оруулж өгсөн. Иргэдийн оролцоог тусгай зүйл болгож хуульд оруулсан нь цоо шинэ зүйл болж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг хаана, юунд,хэрхэн зарцуулах талаар эхлээд заавал иргэдээсээ санал авдаг болж байна. Иргэдээс авсан саналаа баг, хорооны Иргэдийн нийтийн хурал /ИНХ/-аар хэлэлцэж эрэмблээд, хамгийн чухал гэсэн саналуудаас нь эхлэн ИНХ-аас санал болгож сум, дүүргийнхээ ИТХ-д оруулна. Эндээс хаана, ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гэсэн жагсаалтаа батална. Төсвийн тухай хуульд оруулсан бас нэг шинэ зүйл гэвэл Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гаргасан. Жагсаалтын бараг хамгийн эхэнд нь иргэдээс санал аваагүй, иргэдийн дэмжлэггүй ямарваа нэг арга хэмжээ, төслийг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхгүй. Ингэхийг хориглоно гэж заасан.

-Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Тэгвэл иргэдийнтөсөв хуваарилахад оролцох эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бусад хуулийн хүрээнд хэр нээлттэй байдаг бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, удирдамжийн дагуу сүүлийн хоёр жил иргэдийн оролцооны стандарт, дүрэм журмуудыг боловсруулах чиглэлээр ажилласан. Шууд ардчиллын хүрээлэнтэй хамтраад юуны өмнө “Сумын дүрэм” гэдэг ойлголт гаргаж ирж байгаа. Хараад байхад сум, хороо, багууд өөрийн гэсэн дүрэмгүй явж ирсэн. УИХ-аас орон нутагтай холбоотой бүх асуудлыг зохицуулсан хууль гаргаад хэрэгжүүлээд явах бололцоо, боломж байхгүй. Тийм учраас орон нутагтай холбоотой, иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудаар орон нутаг өөрөө дүрэм, журмаа гаргаж иргэдээрээ батлуулаад явах нь зөв хэлбэр юм байна гэж үзсэн. Тэр дагуу юуны өмнө Сумын дүрмийн төслийг боловсрууллаа. Дүрэмдээ хэд хэдэн заалт оруулж өгөөд байна. Монгол Улсын иргэн хүн бусдаар төлөөлүүлж бусдад эрхээ шилжүүлэхгүйгээр өөрөө эдлэх дархан эрх гэж байх ёстой. Өөрөө асуудлыг шийдэхэд заавал биечлэн оролцож байх эрхтэй. Энэ талаар Сумын дүрэмд оруулж батална. Сумын дүрэм яагаад чухал ач холбогдолтой вэ гэхээр тэр дүрмээр тухайн сумын иргэд хоорондоо, мөн сумын иргэдээс төрийн захиргаа, Хурлын байгууллагуудтайгаа яаж харилцах вэ гэсэн харилцааг зохицуулж өгсөн.Үүгээрээ иргэн хүний хэнд ч шилжүүлэхгүйгээр шууд өөрөө хэрэгжүүлэх эрх баталгаажиж байгаа юм. Сумын дүрэм бол сумынхаа хэмжээнд Үндсэн хууль гэсэн үг шүү дээ.
Бас Нийтийн зар мэдээний журмын төсөл гэж гаргасан. Нийтийн эрх ашигтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нийтэд мэдээлдэг тогтолцоо гэж манайд байдаггүй. Түүнээсээ болоод иргэдтэй холбооотой асуудлуудыг хэлэлцэх хуралд иргэд нь мэдээлэлгүй учраас оролцож чаддаггүй. Шийдвэр гараад өнгөрсний дараа л мэддэг. Ихэнх тохиолдолд бүр мэдэхгүй хоцордог. Нийтийн зар мэдээний журмын гол зорилго юу вэ гэхээр орон нутаг асар их мөнгөний асуудал шийдэх гэж байгаа тохиолдолд энэ нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ талаарх мэдээ, хэлэлцэх асуудлын сэдэв зэргийг иргэдэд дор хаяж хоёр долоо хоногийн өмнөөс урьдчилж хүргэсэн байх ёстой. Шаардлагатай бол сум, хорооныхоо дүрэмд оруулж байгаад ямар ямар материалыг иргэдэд урьдчилж хүргүүлсэн байх ёстой вэ гэдгийг гаргасан байх ёстой.
Баг, хорооны ИНХ-ын дүрмийг мөн төслийн хэмжээнд хийгээд байна. Манайд одоог хүртэл ИНХ-ын дүрэм, журмыг тогтоосон стандарт байдаггүй. Энд тэнд алаг цоог дүрэм, журамтай явдаг. Нийтлэг нэг төөрөгдөл гардаг. Ерөөсөө ИНХ гэхээр хэдэн хүн цугласан уулзалт гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ чинь өөрөө том институц. Өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Зөвхөн хуралдаан гэсэн ойлголтоор огт хязгаарлаж болохгүй. ИНХ гэдэг институцынх нь хувьд ямар дүрэм журамтай байх ёстой юм. Хуралдаан ямар дэг журмаар явах ёстой юм гэдгийг бид зохицуулж шийдэж өгсөн байдлаар дүрмийн төсөл хийгээд байна.
Мөн Орон нутгийн санал асуулгын журмын төслийг хийсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд “Орон нутгийн тодорхой асуудлаар орон нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулж болно. Санал асуулгын дүн ньэцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг. Гэтэл үүнийг Монгол Улсад хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид багш бидний хийж байгаа дүрмүүдийн төслийн нэг танилцуулга дээр хүрч ирээд “Үндсэн хуульд төлөөллийн ардчилал, шууд ардчиллын хэлбэрийг хооронд нь холбоод оруулчихсан байгаа. Төлөөллийн ардчилал нь орон нутгийн хэмжээнд болохоор ИТХ, шууд ардчиллын хэлбэр нь ИНХ байгаа юм. Манайхан яах ч аргагүй ИНХ-аа орхигдуулаад хаяад ирсэн нь үнэн. Үүнийг залруулах ажлыг та нар хийх ёстой шүү” гэж хэлж байсан. Энэ дагуу баг, хорооны ИНХ-ын дүрмийн төслийг хийгээд явж байна.
Ингээд харахаар Монгол Улс шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр төрийн бодлого байхгүйгээр өнөөдрийг хүртэл явж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны есдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын хороодын иргэдэд зориулж, дараа нь 15-нд бүх аймгийн сумдын иргэдэд зориулж Иргэдийн оролцооны сургалтыг Төрийн ордонд хийсэн. Сургалт, зөвлөгөөн тус бүрт нь 1100 гаруй хүн оролцсон. Дараа нь иргэдээс гаргасан саналд үндэслэж есдүгээр сарын 19-нд “Дунд ба урт хугацааны стратегийн баримт бичиг” гэдэг баримт бичиг гаргаж баталсан. Дотроо стратегийн есөн том зорилттой, 2022 он хүртэл хэрэгжүүлэх баримт бичиг гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гурван жилийн хугацаатай үндэсний хөтөлбөр маягаар боловсруулаад эцсийн хувилбар руугаа ороод явж байна.

-Энэ сарын 25-нд энэ чиглэлээр томоохон арга хэмжээ хийх гэж байна уу?
-Үндэсний хөтөлбөрийнхөө төслийг энэ хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод, Төрийн ордонд зохион байгуулах Шууд ардчилал-иргэдийн оролцооны сургалт, зөвлөгөөн дээр танилцуулна. Энэ арга хэмжээнд Орон нутгийн сонгуулиар шинээр сонгогдож томилогдсон бүх сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг урьсан. Аймгуудын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нарыг мөн уриад байна. 
Сургалт, зөвлөгөөнийг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Үдээс хойших сургалт, арга хэмжээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээнэ. Уг арга хэмжээг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газраас иргэдийн оролцоог нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах чиглэлээр ямар бодлого баримтлах, ойрын хугацаанд юу хийж гүйцэтгэх талаар орон нутгийн удирдлагуудтай хамтдаа ярилцаж, тэдэнд зохих хэмжээний мэдээлэл өгнө. Хийх ажлын чиглэлээр нь удирдамж өгнө. Шууд ардчилал, иргэдийн оролцоог орон нутагт өрнүүлэхэд их түлхэц өгөхажил болно гэж бодож байна.
Төгсгөлд нь хэлэхэд төрийн гурван өндөрлөг, төрийн институциудаас зохион байгуулж байгаа энэ чухал арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг дахин урьж байна. МҮОНТ, UBS телевизээр шууд дамжуулах энэ арга хэмжээг иргэд идэвхтэй үзэж сонирхож, иргэд ямар эрх дархтай болсон юм. Юу шийдэх эрхтэй болов. Засаг дарга, ИТХ-аасаа юуг нэхэж шаардах ёстой вэ гэдгээ сайтар мэдэж ойлгож аваарай гэж хэлье. 
Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцооны жил болгосны утга учир,Төсвийн хуулиар иргэд ямар их эрх дархтай болов гэдгээ ойлгож авах ёстой. Мөн Орон нутаг хөгжүүлэх санг иргэд өөрсдөө саналаа гаргаж мэдэж зарцуулдаг болж байгаа гэдгээ ойлгож, чухал ажилдаа идэвхтэй оролцоорой гэж хүсье.
Д.ОЮУНЦЭЦЭГ

"Манайхан сэлэм эргүүлж, ура хашгираад дайраад байна"

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. 
УИХ-ЫН ГИШҮҮД ЯРИХ ЗҮЙЛЭЭ БУСДААР ЗААЛГАДАГ БОЛЖ

-УИХ-ын дарга намрын чуулганд  гишүүд хэрхэн оролцсон  мэдээллийг  танилцуулахад.  та нэлээн  ажил  тасалдаг  гишүүн гэж харагдсан?
-Би түүнийг тоохгүй байгаа. Хэн, ямар журмаар, яаж бүртгэсэн юм, бүү мэд. Уг нь УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлдэг. Гэвч яг энэ хугацаандаа орж ирээд суудаг гишүүн УИХ-д байхгүй. Харин Р.Амаржаргал гэдэг хүн 10:00 цаг болохоос  3-5 минутын өмнө орж суудаг. Миний дараа л зарим нэг том дарга нар нь залардаг. Чуулган эхлэхийг хүлээж 15-20 минут суугаад гардаг юм. Энэ хугацаанд чуулганыхаа хуралдааныг эхлүүлж чадахгүй байгаа нь УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний үүрэг. Ингэж чадаагүйнхээ төлөө тэд хариуцлагаа хүлээх ёстой. Би ямар өөрийгөө шийтгэж байгаа биш. Бусдыг хүлээгээд суух ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Намайг гарсны дараа 10:30 цагаас хойш чуулган эхэлдэг шиг байгаа юм. Тэгээд л бүртгэдэг юм байлгүй.

-Тэр нь таны хувьд УИХ-ын дарга, гишүүдээс хариуцлага нэхэж хэлбэр байх нь ээ?
-УИХ-д ажил тасалдаг, унтчихдаг ганц, хоёр гишүүн байсан ч хүмүүжээд гайгүй болж байгаа. Миний хувьд хариуцлага нэхэхээс гадна хэлэлцэж байгаа асуудал болон УИХ-ын хурлаа зохион байгуулж байгаа дэгтэй санал нийлдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгэл дундуур болохоороо эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Р.Амаржаргал хэчнээн удаа хуралдаанд оролцоогүй байна, төдий хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлжээ гэж ойлгож болно.

-Ер нь та эрх  баригчдыг  шүүмжилдэг,  олонхийн ганц гишүүн.  Яагаад УИХ,  Засгийн газрын  үйл  ажиллагаанд  нөхдөөсөө өөр  өнцгөөс  ханддаг  юм бэ?  
-Үүний цаана төрийн тогтолцооны тухай асуудал сөхөгдөж байгаа юм. Төрийн тогтолцооны дотор УИХ гэдэг байгууллагын эзэлж байгаа байр суурь, гишүүдийнх нь статусын тухай асуудал яригдана. УИХ-ын гишүүн гэдэг сонгогдсон цаг мөчөөсөө ард түмний төлөөлөл болоод явдаг субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгийлэлд өртөх учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тийм байж гэмээнэ ард түмний төлөөлөгчийн үүргээ биелүүлэх учиртай юм. Үндсэн хуульдаа ч тэгээд заачихсан байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь захиргааны аргаар дарамт үзүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ярих зүйлээ бусдаар заалгадаг болж.

-Энэ нь шинээр  бүрэлдсэн  пар­ламентат  ажиглагдаад  байна уу,  эсвэл УИХ энэ алдаанаасаа салж чадахгүй байсаар  өдийг  хүрэв үү? 
-Ганцхан намрын чуулганыг  дүгнэж хэлж байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхийг харж байхад анзаарагдаж байгаа юм.
1990-ээд онд УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулахад УИХ-ын гишүүн санал нийлэхгүй асуудал байвал хурал хаядаг байсан. Явсаар эрх баригч нам ямар нэгэн аргаар гишүүдийг барьж байх хэрэг гарсан. Үүний тулд л захиргааны арга хэрэглээд эхэлсэн байхгүй юу. Нэг ёсондоо хялбар арга хайж олсон гэсэн үг. Уг нь УИХ-ын гишүүнийг түрэмгийлэх биш “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой юм. Гэтэл өнөөдөр гишүүнийг кноп дарагч болгож байна. Хэлэлцэж байгаа хуульд саналаа илэрхийлэх, нөлөөлөх бололцоо олгохгүй байгаа юм. Олонхиороо асуудлыг шийдэж, хайрцаглачихаад гишүүдийг зүгээр нэг хүүхэлдэй болгож байна. Тухайн гишүүн ямар байр суурьтай байх нь огт хамаагүй болж байгаа юм. Одоогийн парламент ийм л механизмд орчихсон байна. Тиймээс л би эсэргүүцэж байгаа хэрэг.

-Та Байнгын хорооны хуралдаанд сууж огт харагддаггүй. Бас л механизм нь буруу байна уу? 
-Байнгын хорооны хуралдаанаар нэн чухал, ач холбогдолтой хуулийг дөрөвхөн хүн баталж байна. Хуулийг дөрөвхөн хүн шийдэх тогтолцоо руу орчихсон нь Монгол төрийг сулруулж байна гэсэн үг. Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Гаргасан хуульдаа хяналт тавина. Хэрэгжилт гишүүдээр дамжин хэрэгжинэ” гээд заачихсан байгаа юм. Ажил тасалсан, таслаагүйн тухай асуудал гол биш. Хамгийн чухал нь улс төрийн ямар бодлого, ямар шийдвэр гарч байна, түүнийг нь ард түмэн хүлээн зөвшөөрч байна уу гэдэг л чухал байх ёстой. Гэтэл тэнд бас л УИХ-ын гишүүнийг робот, кнопчин болгож байгаа. Яг нарийн ярих юм бол ирц хэзээ тийм сүрхий болчихсон юм бэ. Шинэ их хурал эмхлэн байгуулагдахад ирцийн асуудал хэнд ч хамаагүй байсан шүү дээ. Анхдугаар чуулган дээр Л.Цогоор удирдуулаад л даргаа сонгосон. Ерөнхий сайд дарга нараа томилоход МАН шиг хэрэггүй юм байхгүй л байсан шүү дээ. Олонхиороо л шийдээд яваа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа цөөнхгүйгээр л баталсан. Бүлгийг нь байгуулж өгөхгүй, шахаж шаардаж байгаад л баталсан. Ирц огт хэрэггүй байсан нөхөд өнөөдөр гэнэт “МАН-ынхан хааччихав, хуралдаа суугаач” гээд уналаа. Энэ бол хоёр нүүр гэдгийн тод илрэл байхгүй юу. Ирц бол зүгээр л өнгөн талын юм байна. Үүний цаана Монгол төрийн тогтолцоо асуудал байгаа. Хэр зэрэг төгөлдөржиж байгаа юм бэ, үр дагавар нь юунд байна, цаашдын чиг хандлага юу юм бэ гэдэг л чухал. УИХ-ын гишүүдийг робот шиг байлгаж нам доторхи фракцуудын эрх ашиг, эсвэл нийт ард түмний төлөөлөгч гэдгээрээ том харах уу гэдэг асуудал байгаа юм. 
Ч.БАТМАА
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

П.Цагаан: “Рио Тинто”-гийн удирдлага Монголын хөрсөн дээр буусан цагт зовлон багасна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн П.Цагаантай Оюутолгойн эргэн тойрны асуудлаар ярилцлаа.

-Оюутолгой тойрсон асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцсэнээс хойш Оюутолгойн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийнгишүүдийг халах солих, хариуцлага тооцох талаар яриа хөөрөө гарах боллоо. Та болТУЗ-ийн гурван гишүүний нэг. Гэтэл УИХ дээр товчхон хариулт өгчихөөд дуугүй л яваад байх юм. Чимээгүй яваад байгаагийн учир юу вэ?
-Яривал их урт түүх болно.  Аль ч компанийн ТУЗ-ийн гишүүд УИХ-д ажлаа тайлагнадаг хууль байдаггүй. Шаардлагатай бол хувь нийлүүлэгчдээрээ дамжуулж УИХ-д мэдээлэл хийж, тайлбар өгч болдог.  УИХ дээр яригдсан  болоод хөндөгдөөгүй олон асуудлыгхолбогдох байгууллага, албан тушаалтнуудтай байнга л ярилцаж байсан. Одоо яриад байгаа энэ асуудал тухайн өдөр л олон нийтэд  ил тод болсноос биш, цоо шинээр үүссэн юм биш л дээ.Тодорхой төвшинд өмнө нь маш олон удаа ярьж, ТУЗ-ын хурал болгоны өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтантай бодлого, үйл ажиллагаагаа зохицуулж, удирдамжтай ажиллаж ирсэн.

-“ТУЗ-ийн гишүүдийг чөлөөл” гэсэн яриа сүрхий идэвхжээд эхэллээ. Үүнийг та гурав яаж хүлээж авч байна?
-ТУЗ-ын гишүүдийг чөлөөлж болно. Гэхдээ чөлөөлнө гэж хэлж, бичсэнээр чөлөөлдөг ч юм биш, хууль дүрмийн дагуу томилж, чөлөөлдөг журамтай. Ямарч байсан Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж, үйлдвэрийнхнь эхний ээлжийг хөдөлгөчихлөө. Талархдаггүй юм аа гэхэд ажиллаагүй гэж гөрдөж болохгүй л байх.
ТУЗ-ийн  гурван гишүүн бол Монголын засаг, төрийн шийдвэрээр томилогдсон хүмүүс. Монголынхоо эрх ашгийн төлөө л зүтгэж, тэмцэж ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Дэлхийн том компанитай ана мана хэлэлцэх, мэтгэлцэх, нэг биш удаа муудалцахад бид гурав нэг баг болж ажиллаж ирсэн. ТУЗ дээр аль нэг нам, эвслийн тухай биш, Монголын тухай асуудал л яригддаг. ТУЗ дээр гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хатуухан байр суурьтай эх орончидл гэжхардаг. Харин нутаг нэгтнүүд нь муучлаад байхаар хөрөнгө оруулагчидгайхдаг байх.
Миний хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа улсаа төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон шүү дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар Оюутолгойн ТУЗ-д ороогүйг санаж байгаа байх.
Н.Багабанди гуай гэхэдМонгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байсан, төр толгойлж найман жил ажилласан хүн. Тэр хүний мэдлэг туршлагыг ашиглаад компанийн ТУЗ-д ажиллуулсан нь юу нь буруудсан юм. Цээжээ балбасан эх орончдоос илүү л жинтэй үг хэлдэг хүн шүү дээ.
Ч.Ганболдыг дуучин л гэдэг. Байгалиасаа дуулах авьяастай төрсөн нь тэр хүний буруу биш байх. Тэр бол  арилжааны том банкны ТУЗ-ийн даргаар ажилладаг, өндөр мэдлэг боловсролтой хүн. Гадаадынхны төрөлх хэлнийх нь алдааг хүртэл засдаг, тийм л хэмжээний хүн.Бид бие биеэ нөхөөд л өдийг хүртэл ажиллаж ирлээ шүү дээ.

-ТУЗ-ын Монголын талын гишүүдийн санал, санаачилгаар хийсэн нүдэнд харагдаж, гарт баригдах ажлаас  нэрлэж болох уу?
-Бид 2010 оны зургадугаар сард томилогдож, анхны хуралдаа суусан. Хэлэлцсэн бүх асуудлаар Монголын эрх ашгийг тууштай хамгаалж ирсэн. ТУЗ-ийн гол зорилго бол  төслийн нэгдүгээр ээлж буюу ил уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилго байсан. Энэ зорилго хугацаанаасаа хагас жилийн өмнө бүрэн биелсэн. Үүнийг хийхэд олон бэрхшээл, хүндрэл гарч байсан ч Монгол Улсын Засгийн газар, ТӨХ, “Эрдэнэс-Оюутолгой” компани, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлага, ард иргэдийн  дэмжлэг тусалцаатайгаар, нөгөө талаас хөрөнгө оруулагчид төслийг санхүүжүүлэх болон менежментийн үүргээ сайн биелүүлсний үр дүнд энэ аварга том төслийн эхний ээлжийг барьж дууссан. Ээрэм талд боссон эгнэшгүй том бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна.
Бид үндэснийхээ эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж байсныг түүх, бас хуралдааны бүх протокол, шийдвэрүүд гэрчилнэ.Өнгөрсөн хугацаанд  ТУЗ-ийн гишүүдтөр, засаг, хувь нийлүүлэгчид  болон хөрөнгө оруулагчдын хооронд гүүр болж, хэл амаа ололцон ажиллаж чадаагүй бол Оюутолгойн үйлдвэр хугацаанаасаа өмнө ашиглалтад орохгүй байх байсан.  Баяжуулах үйлдвэрийн хүрд шинэ оны босгон дээр эргээд эхэлчихсэн. Одоо хүчээр зогсоохгүй л бол зогсохгүй биз.
Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд манай талын онцлогтой хүнд суртал, чирэгдлээс гадна хөрөнгө оруулагчдын ааш авир, цаашилбал гадаад харилцаатай холбоотой асуудал, хүндрэл ч гарч байсан. Ганцхан жишээ хэлэхэд, дотоодоосоо эрчим хүчээр хангах хүртлээ Хятадаас эрчим хүч түр импортлох хэлэлцээрийн ажилгэхэд л 22 сар үргэлжилсэн шүү дээ.
Бид ТУЗ-д ороод жил гаруйхны дараа нэгэнт тохирчихоод байсан санхүүжилтийн зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулах асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Хэлэхэд амар ч, хийхэд тийм хялбар байгаагүй шүү. Зөвхөн зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулахад манай талын төлөх зээлийн хүүгийн дарамт нэг тэрбум ам.доллараар багассан. Нэг тэрбум ам.доллар шүү дээ. Ийм их хэмнэлт хаана ч гарч байгаагүй. Мөн давуу эрхтэй хувьцааг, энгийн хувьцаагаар солиход ч амар байгаагүй. ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд бид үүнийг өмнөх засагтай хамтранхийж чадсан нь үнэн.
Одоо бид гадаадын хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн хугацааныхаа туршлага дээр дулдуйдаад хэл амаа ололцож үйлдвэрээ өргөтгөх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гэрээ байгуулах үед илт алдаж оносон зүйлээ ярилцаад, шийдвэрлээд  явах л үлдээд байна.

-УИХ-д дээр яригдсан асуудлаас хамгийн ноцтой нь аль нь вэ?
-“Гоулдман сакс”-ын ёс зүйгүй үйлдэл. Сайн дураараа ирж, уучлал гуйж, учруулсан хохирлоо барагдуулахгүй бол манай улс нэхэмжлэл гаргах ёстой гэж бодож байна.

-Одоо яригдаад, шуугиад байгаа энэ бүх зүйлийг Монголын төр, засаг мэдэж байсан уу?
-Мэдэлгүй яахав дээ.  Ямар асуудлыг хэзээ, хаана, хэнтэй яаж ярих вэ гэдэгт л  төрийн бодлогын утга учир оршино шүү дээ. Энэ төсөл бол Монгол Улсын хувьд анхны том төсөл. Олон талтай, олон өнгөтэй төсөл.  Оюутолгойн төсөл цэвэр бизнесийн гэхээс илүү Монгол Улсын хөгжлийн хурдасгуурын үүрэг гүйцэтгэхүйц, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотойгеополитикийн онцгой ач холбогдолтой төсөл. Тийм учраас асуудалд олон өнцгөөс, алсын бодлоготой хандах ёстой. Монголчууд  асар уудам нутаг дэвсгэртэй, баялаг ихтэй хэрнээ олон арван жил өргөн хэрэглээний бүхий л зүйлээр гачигдаж, дутагдаж амьдарч ирсэн. Үүнийг бүгдээрээ надаар хэлүүлэлгүй мэднэ. Үүнээс ангижрах сайн цагийн эхлэлийг тавих гол арга зам бол гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай, хамтран ажиллах явдал гэдэгт би итгэдэг.

-Гаднын хөрөнгө оруулагчид гэж товчоор хэлбэл яг ямар хүмүүс вэ?
-Хөрөнгө оруулагчид бол бурхад биш, ашиг сонирхсон овсгоотой хүмүүс. Тэдний сонирхлыг үндэснийхээ язгуурэрх ашигтай нийцүүлж чадвал Монгол Улс сэргэн мандах бүрэн боломжтой.  Энэ хүмүүстэй ажиллахад үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдэлдэг, асуудалд төрийн хүний ноён нуруутай, голч  байдлаар ханддаг, ухаантай хүмүүс хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудлаар хатуухан үг хэлсэн. Өмнө нь яагаад ингэж дуугарч болоогүй юм бэ гэсэн асуулт мэдээж гарч байгаа?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улс орныхообүх асуудлыг, түүний дотор стратегийн ач холбогдолтой Оюутолгойн төслийн нарийн ширийнийг сайн мэдэж байгаа. Байнга анхаарлынхаа төвд байлгадаг. УИХ-ын чуулган дээр Төрийн тэргүүний хувьд  хэлэх ёстой  зүйлээ л хэлсэн шүү дээ. Хуулийн хүрээнд хэзээ, хаана, юу хэлэхээ Төрийн тэргүүн өөрөө мэднэ.

-Нэг талаас Монголчууд, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хооронд үүсдэг амаргүй, хэцүү асуудлуудаас хэзээ салах бол?
-Хоёр талаасаа  л шалтгаална. Хэвшмэл, хуучин  сэтгэлгээнээсээ Рио Тинтогийн удирдлага хэдий чинээ хурдан салж, Монголын хөрсөн дээр буунав, тэр хэмжээгээр тэдний ч бидний ч зовлон багасна.Манайхан ч гэсэн уймраа, уулгамч эмгэн аятай аашлахгүй байх хэрэгтэй.

-ТУЗ эхний зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн гэлээ. ТУЗ-ийн дараагийн алхам юу байх вэ?
-Дараагийн шат нь хөрөнгө оруулагчидтайгаа сайтар ярилцах цаг, боломжирж байна. “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Дэлхий даяар зарлуулаад, Монголын нэр хүндийг унагалгүй,хэл үгээ олоод, цаашаа явах хэрэгтэй болж байна. Хөрөнгө оруулагчид ч гэсэн тийм сонирхолтой байгаа байх. Явах зүг, сонирхол нь нэгдэж нийлж байгаа болохоор үг хэлээ олох  байх аа.

-Оюутолгой төслийн өртөг зардал өссөн гэсэн яриа их дуулдаж байна. Ингэх ямар шалтгаан байв?
-Шалтгаан нь удахгүй тодорно биз ээ. Төсөв хэтэрсэн тухайд биднийг буруутгах өнгө аяс байна лээ. Асуудалд бодитой л хандах хэрэгтэй дээ, аль аль талаасаа. Хэрэв бид 2012оны төсвийг баталж өгөөгүй бол үйлдвэр ашиглалтад орохгүй байх байсан. Үр дагавар нь ямар байхыг төсөөлөхөд ч бэрх. Наад зах нь гэхэд л төслийн барилга дээр ажиллаж байсангадаадын арван мянган барилгачныг нутаг буцаах болно. Оюутолгойн төсөл дээр ажиллаж байгаа  Монголын1000 шахам компанийн  гэрээ контракт зогсоно. Олон мянган хүн ажилгүй, орлогогүй болно. Тэдний цаана ар гэр нь бий. Нийгэм эдийн засгийн багагүй бэрхшээл учрах байсан даа.
Нөгөө талаас үйлдвэрийн зарим барилга, байгууламжийн төмөр бетон цутгалтыг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Тасалбал барилгын чанарт нөлөөлж, дахин хийхээр болдог. Гэтэл нэг км 300 м гүн цооногийг дээрээс нь өрөмдөж цутгаж байгаа ажлыг зогсоовол юу болох вэ. 500 давхар барилгын өндөртэй тэнцэх байгууламж шүү дээ. Нураах уу. Нурааж болно, дахин барьж ч болно. Эцсийн дүндээ түүний 34 хувийг монголчууд үүрээд хоцорно.
Энэ мэтээр үнэндээ ацан шалаанд байсан. Бид Монголынхоо хувь нийлүүлэгчидтэй удаан зөвлөлдсөний эцэст үйлдвэр барих ажлыг нь явуулъя. Зардал мөнгөнийх нь асуудлыг жич ярья гээд төсвийг нь баталж өгөөд, үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан. Энэ нь зөв байсан гэдэгт одоо ч итгэдэг.
Бид төсвөө батлаад зүгээр орхиогүй, төсвийн зардал нэмэгдсэн талаар  асуудал тавьж байгаад, бие даасан аудит томилуулаад төсөв нь нэг тэрбум ам.доллараар хэтэрсэн байна гэдгийг хууль зүйн хувьд нь баталжуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди ТУЗ-ийн гадаадын хөрөнгө оруулагчдад “Хөрөнгө оруулалтын гэрээ бол та нарын хэлдгээр Библи судар. Түүнд тусгагдсанаас илүү нэг ч төгрөг, нэг ч ам.доллар батлахгүй. Түүнээс илүү гарсан мөнгөнд хариуцлага хүлээхгүй” гэж хүртэл хэлж байсан.

-Монголын талын гурван гишүүний эрх мэдэл ТУЗ дээр хэр байдаг юм бэ?
-ТУЗ-ийн нэг хуралдаан дээр асуудал  шийдэгдэхгүй, дуусахгүйбайсан чинь гадаадын хөрөнгө оруулагчид “Олонхиороо саналаа хураагаад,  шийдээд явъя” гэсэн. ТУЗ-ийн Монголын талын гишүүд“Та нар асуудлыг олонхийн саналаар хүч түрэн шийдвэл,  бид гурав хуралдаанаас  гараад,гурван телевизэд шууд ярилцлага өгнө. Үүнээс гарах үр дагаварынхаа асуудлыг өөрсдөө шийдээрэй” гэсэн. Түүнээс хойшөнгөрсөн хугацаанд бүх асуудлыг Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн саналыг заавал авч байж шийддэг болсон. Хэдийгээр асуудлыг олонхиороо шийддэг ч гэсэн бидний саналыг авахгүйгээр ямар ч асуудал шийдэгддэггүй тийм л болсон.

-Гол асуудал төсвийн өртөг нэмэгдсэнд, бас нэмэгдэх гээд байгаад байгаа юм биш үү?
-Энэ бол бидний санаа зовоож, яриа хэлэлцээ хийж байгаа гол асуудал мөн. Ер нь бол төсөв зардал нэмэгдэж болно. Гол нь түүний шалтгаан нь үнэмшилтэй, бодитой байх ёстой. Үндэслэлийг нь хөрөнгө оруулагч тал тайлбарлах үүрэгтэй. Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй тэдний үүрэг. Учир нь  Монголын тал гүйцэтгэх удирдлагад нь оролцдоггүй. Бид холбогдох эрх бүхий байгууллагатай зөвлөлдөж байгаад төслөө зогсоохгүй байх эрх ашгийн үүднээс 2012 оны төсвийг болзолт нөхцөлтэйгээр хоёр тасалж баталж өгсөн. Биелүүлэх хугацаа нь 2012 оны есдүгээр сарын 1 байсан. Энэ үүргээ  биелүүлээгүй учраас арванхоёрдугаар сард хуралдсан ТУЗ-ийн хурлаар 2013 оны төсвийг батлаагүй. Дахин хуралдаж ажлаа зогсоохгүйн үүднээс хоёр сарын зардлын төсөв баталж өгсөн.

-УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар нэлээд  идэвхжих болсон нь ямар  шалтгаантай гэж харж байгаа вэ?
Олон шалтгаантай биз ээ. Уг нь УИХ-д ярих өөр зүйл хангалттай байгаал даа. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой хоёр хамт эхэлсэн. Оюутолгой цахилгаанаа аваад, үйлдвэрлэлээ эхэлж байна. Тавантолгой бараг л дампуурчихсан байна. Бас нөгөө алдартай Тавдугаарцахилгаан станц хаана байна.

-Та нарын ажлыг үгүйсгээд, шүүмжлээд байгаа хүмүүст та яаж ханддаг вэ?
-Ажилд хэрэг болох талаас шүүмжилж болно, тэр нь бодитой байх ёстой. Шүүмжилж байна гээд асуудлыг буруутгахад гол нь биш, энэ төслийн хувь заяа, эцсийн үр дүн нь Монголд  ашигтай байна уу гэдэг талаас харах нь чухал.
Дэлхийн хэмжээнээс харвал Монголд засгийн эрхийгхэн барьжбайгаа нь хамаагүй. Зөвхөн Монгол Улс, Монголын Засгийн газар л гэж ярина. Тийм болохоор Монголын төр, засагөмнөх Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэх бус  өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь харж ажиллах чадвартай байх ёстой.
Гэхдээ асуудал гээндээ ч, гоондооч байдаг гэгчээргадаадынхөрөнгө оруулагчид монголчуудын гурав дахь хөрштэй байх гэсэн хүсэл тэмүүллийг урвуугаар ашиглаж, төрт ёсны их түүхтэй ард түмнийг цөөхүүлээ, эсвэл зах зээлийн эдийн засгийн мэдлэг нимгэн байгаагаар далимдуулж болохгүй. Монголын ард түмэн бол торгон мэдрэмжтэй хүмүүс.Би ТУЗ-ын гишүүн болчихоод  хөрөнгө оруулагчдад “Та нар ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнтэй хэл амаа олохгүй бол Монголын гурван сая хүнтэй хэл амаа олох болно шүү” гэжхэлж байсан.

-ТУЗ-ийн гишүүний сарын цалин 40 мянган ам.доллар гэдэг бил үү. Их том тоо сонсогддог?
-Анх  2010 онд  ТУЗ-ийн гишүүний цалинг  Арилжааны банкны орон тооны бус гишүүний цалингаар баримжаалаад сарын дөрвөн мянган ам.доллараар тогтоосон юм. Тэр хэвээрээ байгаа. Хэвлэлд андуурч, нэг тэг нэмж гаргаснаас болоод л сарын дөчин мянган ам.доллар  гэдэг тоо түгж,олон хүний арааны шүлс гоожоод байх шиг. Ер нь  хийжбайгаа ажил нь тийм хэрийн цалин авахаар хэмжээний ачаалалтай л даа. Гэхдээ мөнгөндөө биш, бид Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө гэж ажиллаж байгаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ

Х.Тэмүүжин: Олон газар зэрэг гал асаах нь эрсдэлтэй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын гишүүд АНУ-ын Вашингтон , Нью-Йорк хотуудад ажлын айлчлал хийж, тус улсын шүүх тогтолцоо болон Холбооны мөрдөх товчоо, Шүүхийн Маршалын албаны үйл ажиллагаатай танилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэчлэлийн бодлогын талаар санал солисох уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүд Вашингтон хотын монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Уулзалтад  УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, нар оролцож, Вашингтон хотод ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй иргэдтэйгээ ярилцан, сонирхсон асуултад нь хариулжээ. 

Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тавьсан зарим асуулт, түүний өгсөн хариултыг www.dayarmongol.com сайтад тоймлон нийтэлснийг дамжуулж байна.    

-Шинэчлэлийн Засгийн газар бүрдсэнээр Монгол Улсад эрх зүйн томоохон шинэтгэл хийх нөхцөл бүрдсэн гэж үздэг. Энэ боломжийг хэрхэн ашиглаж байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын хийх ёстой нийт шинэтгэлийн бараг 40-50 хувь нь хууль зүйн салбарын шинэчлэл гэж болно. Хууль зүйн шинэчлэлийн гол зорилго нь бид хууль дүрэмтэй нийгэмд амьдрах ёстой. Хууль зүйн бодлогоо шударга ёсонд нийцсэн, хүн бүрт тэгш үйлчлэх байдлаар засч сайжруулахгүй бол өнөөдөр Монголын нийгэмд шударга ёсны үнэлэмж алдагдаж, зөв, буруугийн тухай ойлголт тодорхой бус болоод явчихлаа. Хэн нэр нөлөөтэй, хөрөнөг мөнгөтэй, олон нийтийн санаа бодлыг өөртөө таацуулан эргүүлж чадаж байна түүнийх нь зөв болчих гээд байна.
Гэхдээ эрх зүйн шинэчлэлийн тухай яриа өнөөдөр эхэлж гарч байгаа юм биш. Анх 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу багш нар нийлээд “Хуулийн салбарт ямар шинэчлэл хийх нь зөв бэ” гэдэг судалгааг хийж байсан. Гэвч тэр үед улс төрийн нөхцөл байдал үүнийг дэмжихгүй байсан. Харин 2012 онд Ардчилсан нам олонхи болж, шинэчлэл хийх нөхцөл бүрдлээ. Бид одоо л энэ шинэчлэлийг хийх хэрэгтэй, үгүй бол үүлэн чөлөө нар шиг энэ боломж 2016 он гэхэд үгүй ч болж мэднэ. Энэ дөрвөн жилд л парламентад ч, Засгийн газарт ч бидний ажлыг дэмжих бүлэг байгаа дээр хууль эрх зүйн орчноо сайжруулаад авах, боловсон хүчнээ чанаржуулах, дээр нь авлига, албан тушаалын том том хэргүүдийг илрүүлээд, зохих хариуцлагыг нь тооцоод явах хэрэгтэй байна. Ийм цогц шинэчлэлд улс төрийн, олон нийтийн, бас шинжлэх ухааны ч дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

-Цагдаа тушаал биелүүлдэг, цэрэгжсэн байгууллага мөн үү?
-Долдугаар сарын 1-ний хэрэг маш олон юмыг бидэнд ойлгуулж өгсөн. Түүнээс өмнө манай цагдаа “хууль сахиулах байгууллага” гэдэг үүргээ ойлгодоггүй байж. Бид тушаалаар л ажилладаг, хагас цэрэгжсэн байгууллага л гэж боддог байсан. Долдугаар сарын 1-ний хэргийн дараа ч гэсэн “цагдаа бол тушаал биелүүлдэг цэргийн байгууллага учраас хүний амь эрсэдсэн хэрэгт цагдаа буруугүй” гэж хэлсээр л байсан. Тэгээд тушаал биелүүлдэг цэргийн байгууллага юм бол таван хүний амь хөнөөсөн хэрэг чинь цэргийн гэмт хэрэг байна гээд, тэр хуулийнх нь дагуу яллаад эхлэхээр гэнэт үүнээсээ буцаад, “бид цэргийн бус, хууль сахиулах байгууллага шүү дээ” гэцгээж байгаа. Ингэж долдугаар сарын 1-ний хэрэг маш олон хүмүүсийн толгойд ойлголтын өөрчлөлтийг хийлээ. Цагдаагийн олон дарга одоо л өөрсдөөсөө “бид хэн бэ, юу хийдэг байгууллага билээ” гэдгээ асууж эхэлж байна. Цэргийн бус, хууль сахиулах байгууллага, тэр дундаа иргэнд үйлчилдэг байгууллага юм шүү гэдгээ одоо л ойлгож байна. Ямар сайндаа Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг барьж байхад би “Нэгдүгээр давхрыгнь тэр чигээр нь иргэдэд үйлчлэх “00”-ын өрөө болго” гэхэд маш олон хүн гайхаж, эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэмт хэрэгтэнд зориулж жорлон хийх хэрэгтэй юм бэ гэж. Иргэдээ бүгдийг нь гэмт хэрэгтэн гэж хараад байхаас бид чинь иргэдэд үйлчлэх байгууллага шүү гэдгээ ойлголгүй л явж ирсэн байна.  

-Маршалын албатай яагаад танилцаж байна вэ?
-Цагдаа нарын хэргийг шүүх үеэр бас нэг ойлгомжгүй зүйл ил болсон. Шүүхийн гадаа цагдаа нар дарга нараа хамгаалаад бүсэлчихсэн, шүүж байгаа шүүгчийг бүр зодсон ч хэрэг гарсан. Гэтэл шүүхийн танхим дотор хамгаалагч гээд ганцхан цагдаа, үүдэнд нь жижүүр гээд нэг хөгшин, өөр ямар ч хамгаалалт байхгүй. Тэр хэрэг дээр ажиллаж байсан шүүгч маш их дарамттай байсан, аюулгүй байдлаа хангуулах хүсэлт тавьсан. Гэтэл аюулгүй байдлыг нь хангах байгууллага нь эргээд нөгөө цагдаа байдаг. Шүүх хуралдаанд гэрчээр орсон цагдаа нар ч шүүхийг эсэргүүцэж жагссан олон цагдаа нарынхаа дундуур явж орж ирээд мэдүүлгээ өгнө гэдэг бүтэхгүй хэрэг байсан. Ийм тохиолдолд шүүхийн аюулгүй байдлыг хэн хангах юм бэ? Шүүх айдас дунд ажиллавал хэрхэн зөв шийдвэр гарах билээ, шударга ёс тогтох уу? АНУ-д шүүхийг хамгаалдаг, шийдвэрийг нь биелүүлдэг Маршалын алба бий. Тиймээс түүний үйл ажиллагаатай бид танилцаж байна. Гол нь шүүх үйл ажиллагааг тасалдалгүй явуулдаг эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой юм.

-Н.Энхбаярыг баривчилсан явцын тухайд?
-Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг та бүхэн үзсэн байх. Тэр хүнийг баривчилна л гэж шийдсэн болохоос чухам хэрхэн баривчлах тухай аргачлалыг нь заасан, зохицуулсан хууль манайд огт гараагүй юм байна. Тиймээс баривчилгааны явцад алдаа эндэл гарсан. Тэгэхээр цагдаа болон хуулийн байгууллагууд баривчлах үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай хууль гаргах ёстойг тэр үйл явц харуулсан. Тэр нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль юм л даа. Жишээ нь сая тэр баривчилгааны үеэр болсон хэргээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нэг жилийн тэнсэн авлаа. Өөрөө ч, хүмүүс ч ойлгохдоо салаавч гаргасны төлөө л тэнсэн авчихлаа л гээд байгаа юм. Үнэн хэрэгтээ тэнд чинь баривчлах, хууль сахиулах үйл ажиллагаа явагдаж байсан шүү дээ. Тэр үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй. Тэгтэл хууль сахиулагчид нь ороод ирэхэд өөдөөс нь эсэргүүцээд, салаавч үзүүлээд сууж байдаг УИХ-цын гишүүн, хууль тогтоогч байж болох уу? Салаавчны төлөө шийтгэсэн юм биш, хууль сахиулагчдын үйл ажиллагаанд саад учруулсных нь төлөө шийтгэж юм. Тусгайгийнхны шаардлага бол тодорхой байсан, гараа ардаа аваад доош хараад хэвтэх ёстой, тэр нь үнэндээ хууль сахиулах явцад өөрийг нь хамгаалах, хөдөлгөөнийг хязгаарлах л зорилготой юм. Хэрвээ энд, АНУ-д тэгж эсэргүүцэл үзүүлбэл шууд л буудна биз дээ.

-Том том хэрэгтэй тэмцэх, шүүх чадвар манайд бий юү?
-Цагдааг шахаад эхлэхээр том том хэргүүд манайд эхнээсээ илэрч байна. МИАТ, Татварын ерөнхий газрын дарга нарын хэргүүдийг та бүхэн сонссон байх. Энэ бол зөвхөн эхлэл. Гэвч ийм том, олон хэргийг нэгэн зэрэг илрүүлэх, тэмцэх чадвар манайд хомс байна. Цагдаагийн дөрвөн даргыг шүүх гэхэд л яаж зовлоо. Гэтэл цагдаагийн дарга нар гэдэг бол ямар ч улсын дунд зэргийн л албан тушаалтнууд шүү дээ. Ийм хэрэг шүүж чадахгүй байж яаж тэднээс том, дээд хэмжээний нөхөдтэй, бас улс дамнасан хүн хулгайлах, мөнгө угаах, мансууруулах бодис, соёлын үнэт зүйл, экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх, мөрдөх билээ. Тиймээс бидний шинэчлэлийн нэг гол чиглэл нь шүүх, цагдаагийн боловсон хүчнийг чанаржуулах явдал. Одоо бол тэр том хэргүүдтэй халаасны хулгай илрүүлдэг аргаараа л үзэх болоод байна. 

-Шинэчлэлийн гол бэрхшээл юу байна вэ?
-Томоохон хэргүүдтэй тэмцэхэд асуудал маш олон бий. Хүн худалдаалах хэрэг л гэхэд харьяаллаараа Тагнуулын ерөнхий газарт байгаа. Гэтэл ТЕГ энэ хорин жилд ердөө хоёрхон хэрэг л шүүхэд өгсөн байдаг юм. Үнэн хэрэгтээ манай иргэд хүн худалдаалах, хар тамхи зөөвөрлөх олон улсын бүлэглэлийн гар хурууны үзүүрт зарагддаг нь тодорхой болчихсон. Эхнээсээ цаазаар авах ял аваад сууж байна. Дотоод дахь томоохон хэргүүд дээр нь заналхийлэл, дарамт маш их. Цагдаагийн байгууллагад байгаа хөрөнгөжсөн хурандаа нарыг зайлуулаад эхлэхэд л дарамт, занал ил ирж байгаа. Учир нь тэдний нөлөө, хөрөнгө маш их байгаа юм. Тиймээс энэ бүх шинэчлэлд хөрөнгө мөнгө, боловсон хүчний бэрхшээлээс илүү саад болж буй зүйл бол эсэргүүцэл л байна даа. Гэхдээ хуулийн байгууллагынхан энэ их эсэргүүцэл, дарамтыг зовлон гэж биш, сорилт гэж харж ажиллах ёстой юм билээ.

-МИАТ-ын хэргийг илрүүлэхийн тулд гурван сар ажиллаж, сайд өөрөө Хонг Конг орсон гэсэн?
 -МИАТ-ын хэргийг бид зарлахаас өөр арга байгаагүй. Яагаад гэвэл тэр хэрэг дээр ажиллаж байсан хүмүүст маш их дарамт ирж эхэлсэн. Тиймээс тэд энэ хэргийг задлаач ээ гэдэг хүсэлт тавьсан. Бид энэ хэрэг дээр гурван сар ажиллаж, одоогоор зургаан сая долларыг нь илрүүлээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард би өөрөө Хонг Конг явлаа. Танайд манай маш их хэмжээний мөнгө бэлнээрээ ороод байна, чухам хаашаа ороод байгааг нь хэлж өгөөч ээ гээд л. Хонг Конг манайтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл “Авилгатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэлээ. Ингээд одоо илэрчихсэн байгаа нь л зургаан сая ам.доллар. Цаана нь хэд байгааг мэдэхгүй. Татварын хэрэг гэхэд л 17 тэрбум төгрөгийг найман хүний данс руу хуваагаад шилжүүлчихсэн байсан.

-Цагдаагийн хуучин дарга нар хурлаа АНУ-д хийж байна  гэж та яриандаа дурьдсан. Энэ юу гэсэн үг вэ?
 -МИАТ-ын болон бусад том хэрэгт үзлэг шалгалт хийхэд цагдаад байгаа бүх мэдээлэл гэрээс нь гарч ирж байна. Манай цагдаа тэгэхээр гэмт хэргийг мөрдөн шалгах биш, харин ч гэмт хэрэгтнүүдэд мэдээлэл өгсөөр ирж. Бас нийслэлийн газар, өмчтэй холбоотой том хэргүүдийг илрүүлээд зарлах биш, нөгөө хүнтэйгээ тохирон дарах байдлаар мөнгө олдог байсан байгаа юм. Тэгээд л цагдаагийн дарга нар хөрөнгөжөөд байдаг. Тэднийг зайлуулаад эхэлсэн, зарим нь бүр Америкт ирчихсэн, Х.Тэмүүжингээс яаж Хууль зүйн яамаа салгаж авах вэ гээд хурал хийгээд явж байна гэнэ. Америкт ирж хуралдталаа тийм чинээлэг болсон байна шүү дээ.

-Гэхдээ таны хувьд ийм олон хэргүүдийг нэгэн зэрэг нээж, олон газар зэрэг гал асаах нь аюултай биш үү?
-Томоохон хэргүүд олон байна гэдэг нь тодорхой. Олон хүн бидэнд “Одоо “Эрдэнэт”-ийг шалгаач ээ, их юм гарна шүү” гэж хэлдэг. Гэвч нэг болгоомжлол байна. Хэт олон газар зэрэг гал асаавал тэр их эсэргүүцлийг даахгүй, шинэчлэл маань нурж мэднэ. Боловсон хүчний хувьд ч ийм олон том хэргийг нэг дор шалгах чадавх манайд байхгүй байна. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн хэрэгтэй тэмцэх жархан хүн байгаа шүү дээ. 1938 онд барьсан муу байшин дотор. Тиймээс бид үе шаттай явах юм.  

-Төрийн зардлаар Хууль зүйн яамнаас гадагшаа сургуульд явсан хүмүүсээс гуравхан хүн эргэж ирсэн гэсэн? Бусад нь хаачсан бэ? /Вашингтон хотод хувийнхаа зардлаар сурч байгаа, цагдаагийн байгуулагад 16 жил ажилласан н.Гантулга/
-Би өмнө нь манай нэрээр гадаадад явж бэлтгэгдсэн бүх хүний материалтай танилцсан. Ихэнх нь Орост, цол зэрэг хамгаалахад амархан сэдвээр сураад зэрэг цолоо авчихсан юм билээ. Яг хэрэгтэй хүнээ бэлтгээгүй. Манай зардлаар явсан нийт хүмүүсээс гуравхан нь л эргэж ирсэн. Ер нь хэн хаашаа явж вэ гэдгийг би сайд болуутаа нийтэд ил болгосон. Одоо бид бодлоготойгоор хүнээ явуулж бэлтгэнэ. Айлчлалынхаа хүрээнд бид Холбооны мөрдөх товчооны сургалтын баазаар орох юм. Тэнд хүн худалдаалах, мансууруулах бодис зэрэг хил дамнасан хэрэгтэй тэмцэхэд хүмүүсээ сургах талаар ярилцана.

-Хуульч, хууль сахиулагч хоёрын, мөн Маршалын алба, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба хоёрын ялгаа юу бэ?
-Шинэ хууль ёсоор хуульч, хууль сахиулагч хоёрыг тодорхой ялгаж өгөх юм байна. Лицензгүй, хуульч бэлтгэх сургуулийг төгсөөгүй хүн хуулийн үйлчилгээ явуулж болохгүй болсон. Хууль сахиулагчид нь бас тусдаа, тэр чиглэлийнхээ сургуулийг төгссөн байх ёстой. Хууль сахиулагчдад цагдаа, хил гааль, онцгой байдлын аврах албаныхан, цагаачлалын албаныхан, шүүхийн шийдвэр биелүүлэгчид, маршалынхан зэрэг ажилтнууд хамаарна. Маршалынхан нь шүүхийн шийдвэр биелүүлэгчдээсээ бас ялгаатай, тэд шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, шүүхэд ирэхгүй хүнийг албадан авчрах, аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хорих, таслах үйл ажиллагааг хариуцна. Ингэж үүрэг нь тодорхой, заагтай болж байгаа. Харин Маршалын албаа хэрхэн нэрлэх талаар бид ярилцаж байгаа, Үндсэн үүрэг нь бол “Тунгалаг тамир” кинон дээр гардаг Бадарч тахарын л ажил байхгүй юу. Тэгэхээр сонгол үгээр бол “тахар” гэдэг үг нэлээд дөхөж очих юм байна лээ.        

-“Хан ресурс” манай улсыг Арбитрын шүүхэд өгч, 350 гаруй сая доллар нэхэмжилсэн хэргийн талаар асуумаар байна. Арбитрын шүүхэд Монгол Улс ялагдаж мэдэх байдалтай байгаа гэсэн? /Калифорни мужаас ирсэн н.Индра/

-Өнгөрсөн жил сонгуулийн үеэр хуучин Хууль зүй, дотоод хэргийн яам цаг их алдаж, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс Арбитрын шүүх дээр манайх ялагдаж мэдэх байдал үүссэн юм байна. Анх 50 саяыг нэхэмжилж байсан бол өдгөө харин 350 болон өссөн. Төмөртэйн уурхайн бас нэг хэрэг Арбитрын шүүх дээр яваа, тэр нь харин манайд нааштай байдалтай байгаа. 
 Нийтэлсэн: М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: dayarmongol.com

Wednesday, 20 February 2013

З.Баянсэлэнгэ: Хэрэг нь илэрвэл МАНАН хамтдаа унана

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Д.Тэрбишдагва сайдад МАН-ын ахмадууд нэгдье нийлье гэдэг уриалга хүргүүллээ. Мөн МАН-ыг шинэчлэх “Эв нэгдэл”-ийн хорооноос дээрхтэй утга адил уриалгыг Н.Энхбаяр даргад хүргэж өгсөн. МАХН-ынхан МАН дээр очиж шинэллээ л гэх. Гэтэл үүнээс өмнөхөн МАН-ын нэр бүхий улстөрчдийн зүгээс “МАХН-ынхан бол тэр чигээрээ урвагчид, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг хар. Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй улс” хэмээн мэдэгдэж байсан. Хоёр намын дунд одоо юу болоод байна вэ? 

-Нийгэм маань бодит зүйлийг харах хэрэгтэй. МАХН нэрийг сэргээхийн тулд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид ямар их бэрхшээлийг даван туулсан билээ. Тэр үед МАН-ын хөгшин улстөрчид биднийг юу гэж доромжилж, яаж хандаж байсан билээ гээд бодохоор их зүйлийг эргэцүүлэх болдог. Товчдоо бол туулсан зам мөр маань богино ч манай намынхан энэ хугацаанд нэлээд том бэрхшээл даван туулж өнөөдөрт ирсэн байна. Түүнтэйгээ адилхан өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг тийм амархан мартаад нэгдэх нь юу л бол... МАН-ын ахмад гишүүдийн хувьд хоёр намын угшил нэг гэдгээрээ нэгдэж нийлэхэд ойрхон санагдаж байх шиг байгаа юм. Гэхдээ тийм амар нэгдэж нийлчихгүй болов уу. Тодорхой цаг хугацаа шаардаж таарна.

-Хоёр нам нэгдэхийг та эсэргүүцэж байгаа юу. Танай намын гишүүд дэмжигчид ямар байр суурьтай байгаа вэ. Мөн нэгдэх асуудлыг тавьсан МАН-д МАХН-аас тодорхой шаардлага тавьж байгаа зүйл бий юу? 
-МАХН-МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвслийг байгуулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэхдээ Монгол Улсад шударга ёс тогтоохоо амласан. Хоёр улстөрийн хүчин нэгдэж орсноор УИХ-д 11 суудал авсан ч намын даргаа улстөрийн хэлмэгдүүлэлтэд оруулсан. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай зогссон ч бүтэл муутай байна, намын даргын эрүүл мэнд эрсдэлтэй байдалд байна. Дээр нь Засгийн газрыг хамтран байгуулсан Ардчилсан намынхан аливаа зүйлийг дангаараа хүч түрэмгийлж шийдвэр гаргаж байгаа нь хоёр намд эцэст нь “Нэгдэх нь зөв юм байна” гэдэг ойлголт руу явуулж байх шиг. Гэхдээ МАХН-ынхан МАН-ынхнаас нэг л зүйлийг хүсч байгаа. Тэр нь улстөрийн хэлмэгдүүлтийг зогсооход өөрсдийн дуу хоолойгоо өргөөч гэж... Хоёрт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашиггүй байгуулснаа хүлээн зөвшөөрөх. МАХН-ын гишүүд бид энэ асуудлыг маш их ярьж байсан, “Ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг Монгол Улсын Засгийн газар гадны хөрөнгө оруулагчтай байгуулах гэж байна” гэдгийг иргэний нийгмийнхэнтэй хамтраад идэвхитэй эсэргүүцдэг байсан. Тэр үед бидний талд зогссон нь хэд билээ. Одоо харин гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндсөн гэрээ болжээ гэдгийг улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Энэ бол МАХН-ын гишүүд дэмжигчид, иргэний нийгмийнхэн зөв зүйлийн төлөө явж байжээ гэдгийг нотолж байгаа хэрэг. Гуравт, намын нэрийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж сольсон МАН-ын тухайн үеийн удирдлага намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйх ёстой. Намын нэр сольсон нь алдаа боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөх. Дөрөвт, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө тодорхой ажил хийж, ард түмнээс уучлал гуйвал энэ намыг шинэчлэгдсэн байна, сэргээгдсэн байна гэж үзнэ. Түүнээс цөөнхийн үүргээ гүйцэтгэж чадахгүйдээ туйлдан эцсийн найдвар болгож зөвхөн Ардчилсан намыг ялахын төлөө гэдэг сэтгэлийн хөөрлөөр МАХН-тай нэгдэж хүч авна гэж байгаа бол би хувьдаа эсэргүүцнэ. Ер нь энэ МАН-ынхан 1996 он, 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныг эс тооцвол өнгөрсөн хугацаанд олонхийг бүрдүүлж эрх барьж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр өмнө хэлсэн шаардлагуудын хүрээнд ард түмнээсээ уучлал гуйсан нөхцөлд л дэмжинэ гэсэн байр суурьтай байна.

-Гэхдээ Ц.Нямдорж гишүүн “МАХН бол өнөө маргаашгүй ширгэх гэж байгаа шалбааг. МАН бол том урсгал. Том урсгал шалбаагт очиж нийлдэггүй юм” гэж танай намынхныг доромжилсон шүү дээ. Таныг ч элдвээр л хэлдэг. Энэ бүхнийг та, танай намынхан уучилна гэж үү? 
-Хөгшин настай хүмүүс аливаа зүйлд амархан баярлаж, гомддог шүү дээ. Бид ч бас энэ замыг нь туулахгүй гэх баталгаагүй. Тэр хүмүүсийн хэлсэн болгоныг мартлаа гэж мушгин гуйвуулахдаа гол нь биш монголчууд өр нимгэн ард түмэн байхгүй юу. Намынхаа гишүүд, дэмжигчдийг тэр үгийг мартсан үгүйг нь би хэлж мэдэхгүй, ямар асуусан биш. Ц.Нямдорж гишүүний тухайд би угаасаа зан характерыг нь мэддэг. МАХН-ыг сэргээн босгохоос эхэлж олон удаа доромжлуулж янз бүрээр л хэлүүлсэн. Сүүлийн жишээ гэхэд л УИХ-ын чуулган дээр дайрч доромжлоод л байсан. Монголчуудын дунд “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гэдэг үг байдаг байх аа. Хувь хүнийхээ хувьд хүний дор орохгүй юмсан л гэж боддог, намаа бас хэлтэй амтай хүнд доромжлуулахгүй явах юмсан гэж боддог л юм.

-Ц.Оюунбаатар гишүүн хоёр нам нэгдэх цаг болоогүй, эвсэж бол болох юм. Гол нь Ардын намынхан авлигачдаасаа салсан нөхцөлд эвсэж болох юм гэж ярьсан байсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ? 

-МАХН-аас 2012 оны УИХ, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид нь хувьдаа компанитай, авлигач, хөрөнгөтэй мөнгөтэй олигархи байгаагүй.  Жирийн ард иргэдийн хүүхэд 21 аймаг есөн дүүрэгтээ нэр дэвшсэн. Түүн шиг МАН тийм болох ёстой. Тэр цагт ард түмнээс уучлал гуйгаад байх шаардлага ч үгүй болох болов уу.

-Гэхдээ МИАТ компанийн мөнгө угаасан хэргээс эхлээд татварынхны тэрбум тэрбумаар яригдах хэргүүд, дээр нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө идсэн гэх зэргээр олон жилийн хэрэг илэрч байна. Энэ бүхний ард МАН-ын нөлөө бүхий хүмүүс байж болзошгүй учраас хэргээ хав дарахын тулд МАХН-ынхны хүчийг авах гээд байгаа юм биш биз гэж үзэх хүмүүс бий. Танай намын дарга авлигын хэргээр ял сонсчихсон байгаа нь нэг талдаа эрх ашгийг нь нэгтгээд байгаа биш үү?  
-Миний хувьд хэрэг илрээд байна гэж үзэхгүй байна. Харин О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн хэрэг угаагдаад байна уу л гэж бодоод байгаа шүү дээ.

-Ямар үндэслэлээр тэр вэ? 
-Тодорхой жишээ татъя л даа. Долдугаар сарын 1-ний хэргийн гол гэм буруутан нь хэн юм МАНАН шүү дээ.  Анх үйл явдал юунаас эхэлснийг харахаар өдөөн турхирч үймээн дэгдээсэн нь хэн байсан юм, үймээн самууныг даруулахаар цагдаа хүчний байгууллагад тушаал өгсөн нь хэн байсан юм. Үймээн самууныг дараад учир зүйгээ олчих хүн нь хэн байсан юм гэдэг тов тодорхой л байдаг, гэтэл энэ бүхнийг тогтоохгүйгээр шууд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн хэдэн хүнээр хариуцлага хүлээлгээд долддугаар сарын 1-ний хэргийг хаалгаж байгаа байхгүй юу. Чи бод л доо, одоо долдугаар сарын 1-ний хэргийг хэн яриад байгаа юм, таван хүний амь насыг хэн ярьж байгаа юм. Үймээнээс болж хэдэн зуун цагдаа шархдаж бэртсэнийг хэн ярьж байгаа юм, соёлын зүйлс шатсаны хариуцлагыг хэн үүрээд байгаа юм бэ. Эндээс л хэрэг угаагдаад байгаа нь илэрхий байна шүү дээ. Тэгэхээр МАН-ынхан идсэн уусан хэрэг илэрнэ гэдгээсээ айгаад байгаа юм байхгүй дээ, гол нь УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн сонгогчдын 20 хувийн санал авсан, МАН-ынхан 40 гаруй хувийн саналыг сонгогчдоос авсан гэдэг  судалгаа бий. Хоёр намын санал нийлэхээр 60 хувь болох учраас намын нэр сольсноор 20 хувийн санал алга болсон тул энэхүү алдаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нөхөхийн тулд МАХН-тай нэгдэхийг хүсээд байгаа болов уу. Хэрвээ хэрэг илрэх юм бол МАН ч гэлтгүй МАНАН бүлэглэлд байсан цөөн олигархи хүмүүс ч хамтдаа унаад чирэгдээд явах юм билээ ш дээ. Өөрсдөө ч мэддэг, ярьдаг ч юм билээ. Миний хувьд “Үхэх хүн ханьсаг гэгчээр айгаад байгаа юм байхгүй байх аа” л гэж бодож байна, МАН-ынхан.

-МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих лидер байгаа юу, таны харж байгаагаар? 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчих лидер МАН-д харагдахгүй байгаа. Олон хүний нэр яригдаж байгаа боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөхүйц том лидер үнэндээ алга. Одоогийн Ерөнхийлөгч тийм гоц гойд лидертээ ч биш нам нь өөрийг нь сайхан аваад явж байна, өөрөө ч боломжийг ашиглаад сурталчилгаа эхлүүлчихлээ. Харин МАН-ын хувьд маш хүнд нөхцөлд л байна даа.

-МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох вэ. Орон нутгийн сонгуульд орж байсан шигээ МҮАН, Ардчилсан намаас тусдаа оролцох уу. Ямар хувилбар яригдаж байна? 

-Сонгуулийн өмнө Бага чуулганаа зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулийн арга тактикаа боловсруулна. Тэр үед л илүү тодорхой болох болов уу. Ер нь бол хамтарч Засаг барьж байгаа намынхаа бодлогоо дэмжинэ гэж хоёр талаас гэрээ байгуулахдаа заасан ч Шинэчлэлийн Засгийн газар алдаа багагүй гаргаж байна. “Шударга ёс” эвслийн хувьд эе эвийг хичээж нэлээд явсан, хоёр талдаа ойлголцоод Н.Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлэлтээс гаргах болов уу гэж нэлээд харлаа, үргэлжилсээр л байна. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо аль нэг улстөрийн хүчинтэй эвсэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

-Ирэх долоо хоногоос Бага чуулган хуралдах юм шиг. Түүний өмнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах сураг гарсан. Тэр хурлуудаар хэлэлцэгдэх асуудлын тэргүүнд Н.Энхбаяр гэдэг хүн байх нь дээ?
-Бага чуулганаар хэлэлцэх асуудлын талаар танилцаагүй байна. Гүйцэтгэх зөвлөлөөр бол 2013 оныг намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх талаар ярилцана гэж байсан. Энэ асуудал хэлэлцэгдэх болов уу. Гэхдээ Бага чуулганы гишүүд Н.Энхбаяр даргын талаар ярьж таарна.

-Н.Энхбаяр даргын эрүүл мэнд ямар байгаа вэ. Даралт нь унасан гэх мэдээлэл цацагдсаны дараа  Ганжуур Данжуурыг орчуулж байна гэж дуулдсан. Тэгэхээр гайгүй ч юм шиг? 
-Эмчилгээ хийгдэхгүй байна шүү дээ. Нэгэнтээ шаардлагатай эмчилгээг хийхгүй болохоор Н.Энхбаяр дарга маань өөрөө их оюунлаг учраас өөрийнхөө өвчнийг ялан дийлэхийн тулд сэтгэлийн хувьд тийм зүйл хийхийг үгүйсгэх аргагүй. Сэтгэлийн их хаттай хүн тулдаа өдий хүртэл тэсч байна. Монгол Улсад 11 хоног хуурай өлсгөлөн зарласан хэн байгаа юм бэ, Н.Энхбаяр даргаас өөр.  Ийм байдалд орсон хүнийг эмчилсэн түүх ч манайд алга байна. Уг нь Эрүүл мэндийн яамнаас комиссын шийдвэр гараад Хоёрдугаар эмнэлэгт эмчлэх шаардлагатай гээд байхад эмчлүүлэх эрх өгөхгүй байна.

-Хорих 401 дүгээр анги эмнэлэгтэй шүү дээ? 

-Яах вэ дээ бие эрхтний үйл ажиллагааг нь дэмжих эмчилгээ хийж байгаа болохоос биш өөр ямар ч арга хэмжээ авахгүй байгаа шүү дээ.

-Н.Энхбаяр дарга хоёр нам нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа бол? 

-Шинийн гурванд очиж золгосноос хойш уулзаж чадсангүй. Тийм болохоор энэ асуудлаар Н.Энхбаяр даргатай санал бодол солилцоогүй. Өчигдөр Төв аймагт ажилласан, өнөөдөр Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвөөр орлоо. УИХ-ын даргын зөвлөлийн хурал боллоо. Ар араас ажил товлогдоод даргыгаа ч эргэх завгүй л явна. Биеийн байдал нь ямар байгаа бол гэж бодохоор сэтгэл л өвдөж байна. Санаа зовохоос цаашгүй л байна даа. 
Г.ДАРЬ
http://politics.news.mn

Tuesday, 19 February 2013

Оросын нүүрс манай өрсөлдөгч гэдгийг санах хэрэгтэй

Шинээр тавих төмөр зам өнөөгийн уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуунтай ярилцлаа.Тэрбээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан юм. 

Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Уул уурхайн салбар сайнгүй байна. Өнгөрсөн жил батлагдсан Стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд уул уурхай хамрагдчихсан. Өдийг хүртэл Монгол улсын хөгжлийн томоохон түлхүүр байсан салбар бол уул уурхай. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь хэнд ч нууц биш. Гадны хөрөнгө оруулалтаар боссон салбар. Дотоодын хөрөнгө оруулалтаар боссон уул уурхайн төсөл цөөн байгаа. 
Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд их хэцүү болсон. Шинэ хууль батлагдсанаас хойш журам нь гараагүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт яаж хийх нь ойлгомжгүй байгаа. Мөн зах зээлийн талаас нь харвал 2012 онд өмнөд хөршийн байдал төдийлөн сайн биш байлаа. 
Хятад бол нүүрсний том үйлдвэрлэгч орон. Манайхаас гаргаж байгаа нүүрсний хэмжээ их биш учир хятадууд манайхаас нүүрс авахгүй байх боломжтой. Тэгэхээр манайх нүүрсээ Хятад руу экспортлохдоо зах зээлийн үнээр экспортолж чадаж байна уу. Мөн Хятадыг дамжаад гуравдагч орнууд руу бараа бүтээгдэхүүнээ хүргэж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Манай уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг Оросоор дамжуулах туршилтыг өнгөрсөн жил хийсэн. Гэхдээ түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Жишээ нь, Оросын төмөр замын тариф нэмэгдсэн. Нөгөө талаас Хятадаар дамжихад ч бас түвэгтэй асуудлууд үүссэн хэвээр байна. Сүүлийн хэдэн сар эдийн засаг, улс төрийн хувьд жаахан тодорхой бус байна л даа.

Уул уурхайн өсөлтийг төмөр зам боомилж байна гэж Та ярьсан. УБТЗ дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Асуудлыг яаж шийдвэл оновчтой вэ?
Уул уурхайн бүтээгдэхүүн асар хүнд. Ноос ноолуур шиг биш. Үүнийг зайлшгүй их хэмжээгээр гаргаж байж эдийн засгийн үр ашиг гардаг. Төмөр зам бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чухал нөхцөл болж байгаа юм. Одоогоор УБТЗ-аар төмрийн хүдэр голдуу тээвэрлэж байх шиг байна. Мөн зэсийн баяжмал, бага хэмжээний нүүрс зөөж байна. Манай дийлэнх нүүрсний ордууд төмөр замаас нэлээд хол ч урд зах зээлдээ ойрхон. Яаж энэ зах зээлд хүргэж өгөх вэ гэдэг нь өнөөдрийн гол асуудал. 1940-өөд онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын гэрээгээр УБТЗ байгуулагдсан. Өнөөгийн орчин үеийн засаглалтай компаниудаас тэс өөр. Манай нутаг дээгүүр явдаг ч 50 хувийг нь л бид эзэмшдэг. Түүнчлэн бүх юм нь хуучин Зөвлөлт холбоот улсын стандарт байгаа.Тиймээс шинэ төмөр замын дэд бүтцийг байгуулах асуудал зайлшгүй хурцаар тавигдаж байна. 
Тээвэрлэлтийг бид юуны өмнө урд хөрш бөгөөд урд хөршийн боомтоор дамжуулан гуравдагч орнуудад тээвэрлэх шаардлага гарч ирж байгаа юм. Урд хөршийн төмөр зам нарийн царигтай. Нарийн цариг ганцхан Хятадын стандарт биш шүү дээ. Европоос гаралтай олон улсын стандарт. Тэгэхээр бид Оросын төмөр зам шиг өргөн зам бариад дараа нь нарийн төмөр зам руу шилжүүлэн ачих уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Төрөөс баталсан Төмөр замын бодлогын дагуу Монгол улс дотор явж буй зам, тухайлбал Тавантолгойгоос Сайншанд чиглэлийн зам өргөн байх ёстой. Экспортын буюу шууд экспортын зах зээлтэй холбогдсон замуудын царигийг тухайн үед шийдэж болно гэж заасан байдаг. Шаардлагатай бол нарийн царигаар ч тавьж болно гэсэн үг. 
Эдийн засгийн хувьд маш их хэмжээний бараа тээвэрлэх нөхцөл үүсч байгаа. Бидний тооцож байгаагаар 30 сая тонн нүүрс. Зарим нь 60 сая тонн гэх мэтээр ярьдаг. Ер нь 2020 он гэхэд 200 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн гаргана гэсэн тооцоо байна. Ийм их хэмжээний бүтээгдэхүүнийг Тавантолгойгоос дөнгөж 200-гаад километр яваад буулгаж, дахиад ачина гэвэл асар их хэмжээний зардал үүснэ. Шилжүүлэн ачих тээврийн шаардлага нь зардал үүсгэнэ. Нэг ёсондоо манай хэрэглэгчид болон бидний хувьд нэмэлт ачаа болж байгаа юм. 
Сүүлийн үед Киргиз, Казахстан гэх мэт Төв Азийн орнууд шууд нарийн царигтай зам барьж, голдуу Хятадтай холбогдож байна. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай болоод тийм сонголт хийсэн хэрэг. 

Европын улс орнууд Төв Азиар дамжуулж Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргах гэж оролдож байна. Гэтэл бид урд хөршөөсөө зугтаад байгаа юм биш биз?

Нэн тэргүүнд зах зээлд ойрхон замаа төвхнүүлэх хэрэгтэй. Бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн зах зээлийн жам ёсоор урд зах зээл рүү нэн тэргүүнд манай бараа бүтээгдэхүүн гарна. Тийшээ очих замаа янзлахгүй бол ачааны тэргээр багахан хэмжээгээр зөөж, замдаа хүмүүсийг дайрч гэмтээгээд, ан амьтан үргээгээд замбараагүй, арчаагүй байдал үүсч байна. Хоёрдугаарт, том Тавантолгойн уурхай ашиглалтад ороогүй байна. Одоохондоо Ухаахудаг, жижиг Тавантолгой  ордоос гарч байгаа нүүрсийг ачааны машинаар зөөгөөд их хэмжээний хохирол гарч байна. Үүнийг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд урагшаа явсан төмөр зам нэн тэргүүнд хэрэгтэй. 
Гуравдугаарт, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г хийх гэж бэлдэж байгаа. Энэ онд багтахгүй ч хэзээ нэгэн цагт хийх болно. IPO хийж буй компани бараа бүтээгдэхүүнээ хэнд, яаж хүргэх вэ гэдэг чухал. Улсын хилээс 200 километр зайд ямар ч тээврийн дэд бүтэцгүй үед төслийн үнэлгээ шууд унана. Нүүрсээ яаж борлуулах нь ойлгомжгүй ийм компанид бид яаж хөрөнгө оруулах юм бэ гэж хөрөнгө оруулагчид бодно. Бүх ашиг тээврийн зардал руу явах болж байна. Энэ зардлыг бууруулах шаардлагатай.
Тиймээс бидэнд Тавантолгойоос урагшаа явах төмөр зам яаралтай хэрэгтэй. Эдийн засгийн хувьд зайлшгүй нарийн байх нь зөв. Өөр сонголт манайд байхгүй. Хэрэв бид өргөнийг баривал хэдхэн километр яваад дахиад ачаа шилжүүлэх газар асар өндөр үнээр байгуулах болно. Ийм байгууламж барих нь ажлыг гацаах, тодорхой хугацаагаар удаашруулах, зардлыг нэмэгдүүлэх шинэ нөхцөл болж байгаа юм. Нэгэнт л Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн төмөр зам тавихаар төлөвлөж байгаа учраас Тавантолгой дээр ачаа шилжүүлэх төвийг байгуулж болно. Тяньжинээс ирж байгаа чингэлгүүдийг Тавантолгойд буулгаад Улаанбаатар руу өргөн замаараа явуулж болно шүү дээ. Яаж ч судалсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих нь хамгийн үр ашигтай, оновчтой, төрөөс баталсан төмөр замын бодлоготой нийцсэн хувилбар байгаа юм. 
Одоогоор Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын судалгаа дуусаагүй байгаа. Эцсийн зураглалууд хийгдээгүй учир зүүн тийшээ эхэлж төмөр зам тавина гэж яривал Монголын төмөр замд энэ 10 жилд юу ч нэмэгдэхгүй. Хэрэв зам тавихгүй бол экспортын хүчин чадал нэмэгдэхгүй. Бидний хүсч байгаа 100 сая тоннын экспорт биелэхийн аргагүй мөрөөдөл болно. Хэрэв дэлхийн зах зээл дээр нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүнээ экспортолъё гэвэл урагшаа явсан нарийн царигтай төмөр замыг нэн тэргүүнд барих хэрэгтэй. 

Монгол, Хятадын хил дээр 400-500 сая ам.долларын өртөгтэй шилжүүлэн ачих байгууламжийг битүү бункер дотор байгуулах боломжтой гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэлсэн. Шилжүүлэн ачихад тонн тутамд гурван ам.долларын зөрүү гарч байгаа нь их зардал биш гэсэн. Та үүнийг юү гэж бодож байна вэ?

3 ам.долларын зөрүү гэж ярьж байгаа ч 500 сая ам.долларын зөрүү үүсэх гээд байна шүү дээ. 500 сая ам.доллар гэдэг манай төсвийн гуравны нэг гэсэн үг. Яагаад заавал энэ 267 километр төмөр зам өргөн царигтай байх ёстой гэж. Өргөн байх ёстой гээд 500 сая ам.долларын зардал үүсгэж, дахиад шилжүүлэн ачих төв байгуулна гэдэг нь асар их хэмжээний зардлыг бий болгоно. Монгол улсын татвар төлөгчид Тавантолгойгоос олох байсан ашгаасаа алдаж байна гэсэн үг. Ийм үр өгөөжгүй юм ярьж болохгүй. 
Тавантолгойгоос урагшаа явсан зам заавал өргөн царигтай байх ёстой гэдгийг цэрэг дайны зориулалтаар тайлбарладаг. Орчин үед ийм зүйл ярих нь утгагүй. Харин Тавантолгойгоос хойшоо УБТЗ-тай холбосон замууд өргөн байхад асуудал байхгүй. 
Тавантолгойгоос Улаанбаатар руу тээвэрлэж байгаа бараа таваар өчнөөн сая тонноор үүсэхгүй. Өргөн, нарийн царигийн ялгаа том асуудал биш. Харин гол бараа бүтээгдэхүүн урсаж байгаа замаа зориуд тээвэрлэхийн аргагүй нөхцөлд оруулж байгаа нь тооцооны хувьд, стратеги бодлогын хувьд нэлээд том алдаанууд гаргаж байна гэсэн үг. 

Төмөр замын бодлого хөрш орнуудынхаа бодлоготой зохицож байх ёстой. Манай бодлого хоёр хөршийн бодлоготойгоо хэр нийцэж байна вэ?

Хятадууд Өвөр Монгол, Шинжааны нутагт төмөр замын сүлжээгээ өргөжүүлж байна. Үүний зорилго нь Шинжаанаар дамжаад Төв Азийн орнуудад нэвтэрч, цаашлаад Турктэй холбогдох орчин үеийн торгоны замыг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ бол ганц Хятадын ашиг сонирхол биш л дээ. Төв Азийн орнууд, Европ адилхан л хүсч байгаа сүлжээ. Хуучин ЗХУ-аар дамжин явж байсан замаас богино хугацаанд тээвэрлэх хүчин чадалтай шинэ гарц үүсэх гээд байна. 
Манай төмөр замын бодлого хоёр хөршийн төмөр замын бодлоготой хамаатай. Оросын хувьд хоёр талын байр суурь байна. Нэгдүгээрт, оросууд манай дотоодод тавих төмөр замыг зайлшгүй өргөн байх ёстой гэж үзэж байна. Өргөн гэдэг нь тус улсын стандарт. Түүнчлэн өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд УБТЗ шиг 50 хувийг нь атгана гэж үзэж байгаа. Үндсэндээ Монголын нутаг дээр Монголын мэдлийн төмөр зам хэзээ ч баригдахгүй байж магадгүй гэсэн үг. Заавал Оростой холбогдсон, Оросын стандарттай, Оросын техниктэй ийм төмөр замыг барих гээд байгаа юм. Монгол улс бие даасан тусгаар улсын хувьд өөрийн ашиг сонирхлын үүднээс ямар төмөр зам барих вэ гэдгээ шийдэхэд Оросоос зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Өөртөө аль нь ашигтайг харах нь зөв. 
Орос асар их хэмжээний ашигт малтмалтай гэдгийг бодох хэрэгтэй. Нүүрс, төмрийн хүдэр бусад бүх ашигт малтмалаараа дэлхийд тэргүүлж буй улсуудын нэг. 1990-ээд оны эхэн хүртэл Орос газрын тос, хийгээ голдуу экспортолж, бусдыг нөөцөлдөг байсан. Сүүлийн үед ашигт малтмалаа Хятад руу борлуулъя гэсэн бодлогын том өөрчлөлт хийж байна. Үүний дагуу Оросын Сибирь,  зүүн хойд хэсгээ хариуцсан тусгай улсын корпорацитай болохоор ярьж байгаа юм билээ. Уг корпорацид том ордуудаа өгье, Хятад руу явсан төмөр замуудыг бариулъя гэсэн саналтай байгаа. Үүний тулд Хятад руу гарч байгаа дэд бүтцээ бүгдийг өргөтгөх сонирхолтой байгаа. Оросын нүүрс манай нүүрстэй шууд өрсөлдөгч бүтээгдэхүүн болно. Манай хилийн ойролцоо Тувад ба­раг 15 тэрбум тонн нөөцтэй нүүрсний орд бий. Энэ ордоос олборлосон нүүрсээ бүг­дийг нь Хятад руу гаргах сонирхолтой байгаа. 
Оросууд өнгөрсөн жилээс өөрсдийн төмөр замаа барьж эхэлсэн. Москвагаас тусгай том компаниудыг авчирч төмөр замын ажлыг хийж байна. Тэдний хувьд Хятадын зах зээлийн төлөө Монголтой өрсөлдөх байдалд орж байгаа юм. Оросуудын эхний сонирхол цөөн өрсөлдөгч байгаасай л гэж хүснэ. Тийм учраас Монголын нүүрсийг урагшаа тээвэрлэхэд асуудал үүсгэх сонирхол байна л даа. Манай нүүрсний чанар арай сайн, хилд ойр гэх мэт давуу байдал байгаа учраас ийм сонирхолтой байгаа юм. Өөрсдөдөө “хугацаа хожоод” төмөр замаа барьж байна. 
Бид өргөн, нарийн, хувийн, төрийн гэж маргасаар нэлээд хугацаа алдлаа. Биднийг маргалдаж байтал Оросын төмөр зам түрүүлж ашиглалтад орж магадгүй. Тэр үед Хятадын зах зээлд оръё гэхэд Оросын нүүрс маш хямдхан үнээр Хятад руу урсахад бэлэн болсон байх нөхцөл бүрдэж байна. Тийм учраас Оросын төмөр замын талаарх сонирхол Монголынхоос нэлээд өөр гэж би бодож байна. Монголын хувьд нэн яаралтай өөрийн экспортын төмөр замын бүтцээ бий болгохгүй бол зах зээлээс шахагдаад хожим манай нүүрсийг авах хүн олдохгүй ч тохиолдол гарна байх. 

Оросоор транзит хийх нөхцөл ямар байдаг вэ? 
Оросоор транзит хийх нэн хэцүү. Зарчмын хувьд туршилт хийсэн тохиолдол бий. Гэхдээ Оросоор дамжих замын урт нь Хятадаар явахаас бараг тав дахин илүү. Зардлын хувьд хямд биш. Боомтод нь очиход Оросын өөрийнх нь нүүрсээр дүүрсэн байгаа. Хүчин чадал нь төдийлөн нэмэгдээгүй. Нэмэгдсэн ч үүнийгээ Уралын цаана байдаг нүүрсний ордууддаа зориулж бэлдэж байгаа. Оросын боомтууд томоохон нүүрсний компаниудын мэдэлд орсон байгаа л даа. 
Оросоор дамжуулж нүүрсээ экспортолж болно. Гэхдээ хугацаа, үнэ, өртгийн хувьд Хятадаар дамжуулахаас хэд дахин илүү зардалтай байх нь гарцаагүй. Оросын өөрийнх нь байр суурь өөрчлөгдөөд түүхий эд нүүрсийг их хэмжээгээр экспортлох сонирхолтой болсон байна. Үүнийгээ нуухаа больсон. 2012 онд зохион байгуулагдсан Байгалийн эдийн засгийн форум дээр Оросууд ийм стратегитай байна гэдгээ илэрхийлсэн. Оросын хувьд Сибир, Уралын хэсгээ хөгжүүлэх сонирхол нь урагшаа Хятад руу ашигт малтмалаа зөөх үндэс болж байгаа юм. 
Солонгос, Япон руу ч мөн адил тээвэрлэнэ гэсэн шийдвэр гараад зохион байгуулалтын ажлаа хийгээд явж байна. Энэ тал дээр манайх асар хоцорсон. Бид дотооддоо янз бүрийн байдлаар маргасаар сүүлийн таван жил төмөр замд ямар ч ахиц дэвшил гарсангүй. Дараагийн таван жилд ч гарахгүй байж мэдэхээр болж байна. Хятадын зах зээл манай хувьд байх ёстой зах зээлүүдийн нэг. Нэгдүгээрт ойрхон, хоёрдугаарт маш их нүүрс хэрэглэдэг. Цаашилбал Солонгос, Японд хүрэхийн тулд Хятадаар дамжуулж тээвэрлэхгүй бол агаараар тээвэрлэх бололцоо байхгүй шүү дээ. 
Дараагийн асуудал Хятадтай экспортын нөхцөлөө сайтар ярилцах хэрэгтэй. Хэ­дэн тонн нүүрс Хятадад нийлүүлэхэд бэлэн байгаа болон хэчнээн тонн нүүрсээ цааш нь экспортлох сонирхолтой байгаа гэдгээ өөрсдөө тооцож гаргах нь зөв. Үүний дараа Хятадад төдий хэмжээг өдий үнээр нийлүүлнэ, бид экспортоор тран­зит хийхэд танай талаас тодорхой дэмжлэг хөнгөлөлттэй нөхцөл хэрэгтэй гэсэн хэлэлцээр хийх нь зөв гэж бодож байна. Учир нь Хятадын боомтоор гарч буй бараа таваарт тэдний экспортын тат­вар нэмэгдээд зардал өсдөг. Экспортын татварыг авахгүй байх, манай нүүрсийг тээвэрлэхэд замын ачааллыг хөнгөлж өгөх, Хятадын боомтуудыг ашиглахад дэмжих гэх мэт чухал асуудлыг хэлэлцэж тохирох хэрэгтэй. 
Э.Хулан
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Н.ОРГИЛ: ИРЭХ ЖИЛ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ӨРСӨЛДӨНӨ

Хэдхэн хоногийн өмнө Герман улсын нийслэлд болсон дэлхийд алдартай “Берлинале” кино наадамд Монголын төлөөлөгчид оролцоод иржээ. ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилоос Берлинд дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгчид Монгол киноны тухай хэрхэн ярилцсан аян замын сониныг сонслоо.

-Герман улсад болсон “Бер­линале” олон улсын ки­но наадмын талаар товч танилцуулаач. Манай тө­лөөлөгчдийн хувьд ямар зорилготой явсан бэ?
-Манай яам Монголын кино урлагийг хөгжүүлэх зо­рил­гуудыг тодорхойлон хэд хэдэн асуудалд анхаарч ажил­лаж байна. Юун түрүүнд кино­ны тухай хуультай боло­хоор анхны хувилбараа гаргалaa. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Олон улсын төвшний кино үйлдвэртэй болнo, сум бүрт кино үзвэрийн танхим байгуулна. Урьд нь манай улс 500 гаруй кино үзвэрийн танхимтай байсан. Харин одоо 500 биш юм гэхэд сум бүрт нэг, нийтдээ 350 орчим үзвэрийн газар бий болгох юм. Гурав дахь том зорилго нь монгол киногоор Монгол Улсаа сурталчлах. Ер нь кино монгол ахуй, түүх, соёл, аж амьдрал гээд бүх зүйлийг сурталчилж, таниулж болдог агуу урлаг шүү дээ. Тийм учраас монгол киног дэлхийн кино урлагийн эргэл­тэд оруулах, олон улсын зах зээлд таниулах гэсэн зорилгоо биелүүлэх үүднээс “Берлинале” наадамд оролцоод ирлээ.
“Берлинале” кино наа­дам олон улсын төвшинд нэр хүндтэй, том наадам. Холли­вудын уран бүтээлчид, баруун, зүүн Европын кино бүтээгчид, Африк, Ази, өмнөд Америк тивийн орнын уран бүтээлчид ч ирсэн байлaa. Бид тэр олон уран бүтээлчидтэй уулзаж, Монголын кино өдөрлөг зохион байгуулж “Фильм Ток” гэдэг уулзалт хийсэн юм. Кино урлаг, соёлоо, түүхээ одоо хийж байгаа ажил, цаашдын төлөвлөгөөгөө ч танилцууллаа. Олон улсад монгол киног сурталчлах анхны алхам хийлээ гэж бодож байна.

-Танилцуулга, уулзалтад оролцсон уран бүтээлчдийн талаар сонирхмоор байна. Ер нь Монголын кино урлагийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Бид Герман дахь Монголын ЭСЯ, Унгар улсын соёлын төвтэй хамтарч монгол киноны “Фильм Ток” уулзалт зохион байгуулсан. Уулзалтад Герман, Орос, Унгар, Америк, Швед, Польш гээд олон улсын кино продюсерууд, захирлууд, нэрт төлөөлөгч оролцсон юм. Тэр хүмүүст Монголын тухай ярихад хүндэтгэлтэйгээр хүлээж авч байсан. Урьд нь олон орны кино өдөрлөг хийж байсан ч Монголынх хамгийн сонирхолтой, шилдэг уулзалт боллоо гэж өөрсдөө хэлсэн. Тэгэхээр хүмүүсийн сэтгэлд хүрсэн, сонирхолтой хэлэлцүүлэг болсон гэж дүгнэж байгаа. Уулзалтаа нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулж, найруулагч Батмөнх бид хоёр өөрсдийн бэлдсэн материалаа танилцуулахаас гадна Монголын ба бусад орны бүтээлийн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

-“Берлинале” наадамд өрсөлдөх хэмжээнд хүрсэн бүтээл өнөөдрийн Монголын уран бүтээлчдэд байна уу?
-Үгүй. Учир нь яг одоо олон улсын кино наадамд өрсөлдөхүйц бэлэн монгол кино алга. Ерөнхийдөө монгол киноны хөгжил, дэвшил, одоо байгаа байдaл болон ирээдүйн зорилгоо танилцуулсан. Mанай яам гурван кино төсөлд хөрөнгө оруулалт хийсэн, бү­тээл нь арай дуусаагүй. Тийм учраас төслийнхөө ту­хай товч ярьж, Монгол түүх, соёл, язгуур урлагаа та­нил­цууллаа. “Эгшиглэн” хамт­лагийн язгуур урлагийн тог­лол­тоос ч сонирхуулсан. Зоч­дын сонирхлыг татсан зүйл нь бидний өмнөө тавьсан том зорилго байсан болов уу. Дэлхийн кино урлагт байр сууриа эзэлсэн том гүрнээс дутахааргүй зорилго тавиад орж ирэхээр монгол хүний чөлөөтэй сэтгэдэг, юмыг далайцтай хардаг, хийдэг нь анхаарал татсан байх. Бид Монголын тухай юу ярьсан, яаж танилцуулсан нь тэдний сонирхлыг татах шиг болсон.

-Уулзалтад оролцогчдод та бүхний зүгээс өгсөн гол мэдээлэл юу байв?
-Бид судалгаа хийж, тэр хүмүүст өмнө нь мэдээлэл өг­сөн. Монголын киноны түүх бусад социалист орнуу­дын түүхтэй ойролцоо. Гер­ман улстай хамтарч хоёр ки­но хийж байсан тухай ч дурд­сан. Тэгээд уулзалт дээр орчин үеийн киноны нөхцөл байдлыг ярьж, ирээдүйд хий­хээр төлөвлөж буй зүйлээ танил­цуулсан юм. “Берлинале” наадмын нээлт нь Хонгконгийн найруулагч Вон Кар Вайгийн киногоор эхэлсэн. Урлагийн маш сайн бүтээл болсон тухай би өөрт төрсөн бодлоо хэлэхийн хажуугаар давхар Монголын киног сурталчилж ярилаа. Энэ кинонд Хятадын гүн ухаан, тулааны урлагийн түүх, үндэсний хувцас, хятад хүний үнэт зүйлс, хайр дурлал гэх мэт зүйлсийг найруулагч гайхамшигтайгаар, маш тод, чадварлаг гаргажээ. Агуу түүхтэй улс агуу соёлтой байх хэрэгтэй. Цагтаа бид монгол хүний ухаан, монгол морь, эрэлхэг баатруудын хүчээр Ев­­разийг эзэлсэн гэхээсээ илүү хамтран хөгжиж, соён гэ­гээ­рүүлж, шинийг эрэлхийлж явс­­ныг дурьдаад харин одоо мон­гол кино урлагаар Евразид дов­­толмоор байна гэдгээ хэлсэн.

-Берлин хотод болсон уулзалтын зорилго биелсэн болов уу? Төлөвлөсөн үр дүн­дээ хүрсэн гэж үзэж байна уу?
-Монгол кино урлагийг таниулах гол зорилгодоо хүр­сэн. Олон улсын томоохон кино­чид манай киноны ту­хай мэдээлэлтэй болж, сэтгэг­дэлтэй хоцорсон. Урьд нь харилцаатай байсан уран бү­тээл­чидтэй ч хамтын ажил­лагаа­гаа улам бататгаж, өр­гөжүүлэхээр боллоо. Харин одоо цаашид дэлхийн кино зах зээлд өрсөлдөхийн тулд бид дэлхийн хэмжээний мон­гол киногоо хийх хэрэгтэй. Ирэх жилийн наадамд ямар ч байсан удахгүй дуусах хоёр бүтээлээ аваад очих ёстой юм. Сая “Берлинале” наадмаас олон улсын кино фестиваль яаж болдог, ямар бүтээл шал­гард­гийг харлаа, мэдлээ. Тэгэ­хээр ирэх жилээс олон улсын ки­но наадамд монгол кино орол­цоно гэсэн бодолтой байна.

-Монголын уран бүтээл­чид сүүлийн үед кино ур­лагт их хүч үзэж байгаа. Өрсөлдөөн ч их болчихлоо. Гэхдээ та бодлогын яаманд энэ салбарг хариуцаж ажил­лаж байгаа хүний хувьд энэ талаархи бодлоосоо би­дэнтэй хуваалцвал?
-Кино урлагийг нэг хэсэг төр анхаарахгүй хаячихсан нь маш том алдаа. Харин одоо энэ салбарт анхаарах яам байгуулагдаж, яамны нэр нь Соёл гэдэг үгээр эхэлдэг боллоо. Монголын кино урлаг хөгжлийн гараан дээрээ ирээд байна гэж ойлгож байгаа.

Сүүлийн үед олон кино гарч, өрсөлдөөн ширүүсч байгаа нь маш зөв. Энэ эр­чим дээр нь бид эрх зүй, дэд бүтцийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэр ч утгаараа киноны хууль, үзвэрийн цэгийг сэр­гээх, олон улсын төвшний ки­но үйлдвэр байгуулах ажлууд хийгдэж дуусах ёстой. Гер­маны кино үйлдвэрт орж үзлээ, маш том газар, техник, павилонуудтай сайхан байна. Тэнд гуравдугаар сард Холли­вудаас Жорж Клүүний ирж зураг авалт хийж, маш их хөрөн­гө оруулалт хийчихээд буцах гэнэ. Тэр үйлдвэрт монгол залуус ажиллаад, туршлагажчихсан байна. Хэрэв манай улсад үндэсний том кино үйлдвэр байгуулагдвал ирээд ажиллахад бэлэн гэдгээ хэллээ. Энэ бүх ажлыг хийх л үлдлээ дээ. Эх сурвалж: 
www.assa.mn