Wednesday, 27 March 2013

Ч.Галсан:НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ

Монгол Улсаас Герман улсад амьдарч, өрнийн уран зохиолын ертөнцөд Монгол зохиолч гэж хэн бэ гэдгийг таниулж, шагшиулж яваа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Чинагийн Галсантай хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
- Бид Чингис сэтгэлгээ рүү биш, Энхтайванч сэтгэлгээ рүү явах хэрэгтэй-
-“Холын хүнээс үг сонс” гэдэг. Явсан газрын сонин хийгээд сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү? 
-Би сая Герман, Швейцарь явж герман хэл дээр гарсан 30 дахь номоо танилцуулаад ирлээ. Энэ бол 1988 онд бичсэн роман маань, одоо л гарч байгаа юм. Социализмын үед миний номыг хэвлэдэггүй байлаа. Тиймээс би 100 жилийн дараа хэвлэгдэнэ биз гэж бодоод номоо бичээд л хураадаг байлаа. Энэ номоо 1988 онд бичиж дуусгаад ар талд нь “2088 онд хэвлэгдэх ном” гэж бичээд хадгалсан. Тэгэхээр миний энэ ном 77 жилийн өмнө хэвлэгдчихлээ дээ. Зохиолчид дотроо миний хувь заяа их сонин шүү дээ.
 
-Өнөөдөр манайхан Г.Аюурзана нарын зөөн орчуулж байгаа уран зохиолоор л өрнийн утга зохиолыг төсөөлж байгаа байх. Газар нутагт нь эх хэл дээр нь туурвидаг хүний хувьд харьцуулахад асар их ялгаа байгаа байх?
-Би герман хэл дээр зохиол бичнэ гэж бодоогүй, миний амьдрал өөрөө тийшээ оруулсан хэрэг. 1968 онд Германд сургууль төгсөөд Монголд ирэхдээ эхний өгүүллэг туужаа герман хэлээр биччихсэн байсан. Энд ирээд Монголоор бичиж эхэлсэн ч ерөөсөө миний номыг гаргадаггүй байлаа. Монголын Зохиолчдын эвлэлд элсэнэ гэж 1968 онд өргөдлөө өгөөд 20 жилийн дараа 1988 онд элссэн юм.
-Гадаадад сурч боловсорсон залуу хүн бодоход илүү үг хэлдэг байсан болохоор тэр биз. “Аянгат цагийн тууж”-ийг гэхэд л та анх Монгол хэл дээр хэвлээгүй шиг санаж байна?
-Дандаа л хаалттай сэдэв хөндөөд байж дээ. Тэр үед бидний дотор ч тагнуул их байсан. Жишээ нь “Аянгат цагийн тууж” бичигдээд 20 жил болж байж, эхлээд герман хэлээр, түүнээс зургаан жилийн дараа монгол хэлээр хэвлэгдсэн юм. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Д.Тарва гэж өвгөн байсан. Миний өргөдөл тэр хүний сейфэнд, яс цоожинд гэдэг шиг 20 жил болсон доо.
 
-Манай уран зохиол ерээд оноос олон урсгал чиглэлд хуваагдаж, нэгнээ үгүйсгэхээс эхлээд ихээхэн хэл ам болж байна. Германд бас байна биз?
-Урсгал чиглэл бол зөндөө. Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолчид гэдэг бол олигтой юмнууд байдаггүй, хөнгөн жингийнхэн л байгаа юм. Хийсвэр урлаг гэдгийг бүтээе гээд чадахгүй болохоороо урсгал чиглэл хөөдөг болов уу гэж боддог. Ийм хүмүүсийг өөр урсгал оруулж ирсэн л гэж авч үзнэ үү гэхээс биш яг урлагийн талаасаа бол юу ч байхгүй шүү дээ. Швейцарьт нэг таньдаг хэвлэлийн газраас бүтэн нэг жил хэвлэгдсэн бүх шүлгийг гүйлгэж харсан. Тэнд бол авах юм нэг ч алга байсан. Зарим нь нэг хуудсанд цэг тавиад, дараагийн хуудсанд нэг асуултын тэмдэг, гурав дахь хуудсанд анхааруулах тэмдэг тавиад, хамгийн сүүлийн хуудсанд “Энэ хорвоод хэлэх үг олдохгүй байна. Үг болгон надад гологдож байна” гээд ном хийчихсэн байгаа юм. Ухаандаа үг голсон мундаг зохиолч болж харагдах гэсэн санаа юм даа. Энэ чинь тоглоом шүү дээ. Урлаг уран зохиол гэдэг зарим хүмүүст тоглоом болчихжээ. Манайхан ч ялгаагүй нэг нэгнээ үгүйсгээд л сууж байна.
 
-Таныхаар бол манай уран зохиол хаашаа яваад байна вэ. Германд бол ямар байна?
-Манай уран зохиолыг сайн гэж хэлэхэд үнэндээ хэцүү байна. Шүлэг бол нэг хэсэг гайгүй байсан юм. Одоо бол нэг нэгнээ үгүйсгээд “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болчихлоо. Арай гайгүй гэсэн нь нэг нэгнээ үгүйсгээд үлдсэн хэсэг нь мафи маягийн юм байгуулаад групп бүлгэм гээд явах болжээ. Хэрвээ урагшилъя гэж байгаа бол байгалийнхаа жамаар зугуухан бүгдээрээ эвтэй ургаж урагшлах ёстой. Хоорондоо тулалдана гэдэг хэцүү шүү дээ. Өөрийгөө хохироож бусдыг хорлох гэдэг нэг тийм монгол зан байна. Германд бол ийм юм алга. Гэхдээ бас л яг энэ гээд хэлчих сайн зохиол алга. Ер нь сайн зохиолч дандаа төрөөд байх юм биш л дээ. 10 жилд нэг зохиолч төрнө, 50 жилд гайгүй сайн зохиолч төрдөг бол 100 жилд бол гайхамшигтай сайн зохиолч төрдөг шүү дээ.
-Та Германд очиж эх хэл дээр нь зохиол бичээд зогсохгүй, Германы төрөөс Хас одон авах ч юм уу, энэ жил гэхэд л Аж үйлдвэрийн шагналыг анх удаа гадаадын зохиолч авсан нь Монголын зохиолч Та байлаа шүү дээ. Ингэхээр бас л гадуурхах байдал ажиглагдах юм уу?
-Германд бол тийм юм байхгүй. Яахав, тэмцээн уралдаан дээр бол манайх шиг байдаг нь мэдэгддэг юм. Шүлгийн тэмцээн явуулахад ийм байдал ажиглагдаж байдаг. Би хайр сэтгэл, тал нутгийн гээд хэдэн шүлэг бичиж энэ хэдээс гарцаагүй гэхэд л байдаггүй юм. Тэнд сууж байгаа таван шүүгчийн ар талд бас гурав гурван хүн чирэгдэж байна. Түүнийгээ оруулах гэсэн бодлого бол байдаг юм билээ. Тэр шүлгүүдийг дараа нь үзэхээр юу ч үгүй юм байдаг. Монгол муухайдаа, муудаа ийм байдаг юм биш, хүн төрөлхтний нэг ийм шинж чанар байна. Би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн.
-Ю.Цэдэнбалын өрөөнд бүтэн сар сууж орчуулгыг нь хийж өгч байлаа-
-Таны авч байсан шагналуудыг Нобелийн шагнал авч байсан алдартнууд авдаг гэсэн. Германы төрийн Хас одон гэхээр том л шагнал байж таарна. Тэгэхээр таны үеийнхэн өнөөдөр Монголын төрөөс авч болох бүх шагналыг авч, ард түмний дунд алдаршжээ. Таныг өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийнхэн танина уу гэхээс нийт масс бол мэдэхгүй шүү дээ. Харь орны төр шагнаад байхад Монголынхоо төрөөс нэг шагначихаасай гэж боддог байлгүй?
-Бодож л байдаг. Даанч дэмжээд өгөх хүн нь дээр алга байна шүү дээ. Монгол Улсад байгаа бүх шагналд миний нэрийг дэвшүүлсэн. Заримд нь гурван ч удаа дэвшүүлсэн, дээрээс татах танилгүй болохоор бүтдэггүй юм. Нөгөө талд би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн. Миний хувьд улаан засагтай орь ганцаар үзэлцсэн хүн юм. Намд нь ч элсээгүй, тэглээ гээд миний амьдралд хүнд л тусч байсан. Гэхдээ намайг тэд хэрэглэдэг байсан. Би МАХН-ын таван их хурлын илтгэлийг орчуулжээ. Үүнээс гадна Германаас зочид төлөөлөгчид ирлээ гэвэл байнга дуудна. Өдөр шөнөгүй дуудна. Тэр үед герман үсэгтэй бичгийн машин байхгүй. Би өөрийнхөө машиныг тусгай зөвшөөрлөөр Засгийн газарт оруулаад бичдэг байлаа. 1977 оны тавдугаар сард Ю.Цэдэнбал даргыг Германд айлчлахад бүтэн сар өрөөнийх нь буланд сууж үгийг нь бэлдэж өгч байсан. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбалын өрөөнд бүтэн сар сууж орчуулгыг нь хийж өгч байлаа. Би сар болоод “Би одоо явъя даа, бүх ажил дууссан” гэсэн чинь Бал дарга “Чи наашаа суу” гээд цаг шахам ярилцаж суусан. Нэг харсан чинь олон хүн орж ирээд зогсчихож, Улс төрийн товчоо хуралдах гээд хүлээгээд зогсч байгаа нь тэр байж. Тэгээд тэр миний бэлдэж бичсэн зүйлүүдийг Германд өөр хүн очиж уншина. Яагаад гэхээр би намын гишүүн биш учраас тэр. Намын гишүүн биш бол хоёрдугаар эгнээний хүн байв даа. Ажилд ороход анкет бөглөж, нэгдүгээрт овог нэр хоёрдугаарт, яс үндэс, гуравдугаарт гишүүнчлэл гэдэг байсан. Би яс үндэс гэдэг дээр нь Тува гэж бичнэ. Тэр үед Тува гэдэг үг хориотой байсан. Миний “Аянгат цагийн тууж”-ийн уг нэр нь “Тува тууж” шүү дээ. Миний нэрийг Монголын Сэтгүүлчдийн холбооны шагналд гурван удаа дэвшүүлсэн. Залуу сэтгүүлчдээс хэнийг дуурайж бичих вэ гэсэн асуултад 47 хүн Л.Түдэв гуайг гэсэн байхад намайг хоёрдугаарт 37 гэж бичсэн судалгаа байдаг юм. Намын гишүүн биш учраас энэ мэт олон зүйлээс хоцорсон доо.
-Та өөрөө намын гишүүн болох гэж зүтгээгүй юм байна. Тийм үү?
-Элсэх гэж үзсэн шүү. Ерөөсөө болоогүй. Яахав дээ, өрсөлдөгч нь түрүүлээд явчих учраас айгаад байж дээ. Тэгэхээр намдаа оруулаагүй байхад учиртай гээд байлгаад байсан хэрэг. Юм болохоор л намын гишүүн биш гээд хасч байхад амар байсан байх даа. Нэг удаа бүр зүтгээд болохгүй болохоор нь хаячихсан. Уран зохиолоо ч 100 жилийн дараа гээд хаячихсан. Өнөөдөр бодож байхад аль аль нь оносон л байна.
 
-Германд зохиолчдын амьдрал дажгүй юу. Зах зээл ч том шүү дээ?
-За даа, том зохиолчид л гайгүй сайхан амьдарна шүү дээ. Түүнээс биш утга зохиолын байлдагч нар бол хэцүү. Германд бол маш цөөн хувь хэвлэгдэнэ. Уншигч байхгүй, өрсөлдөөн ихтэй тийм л зах зээл бий. Герман 80 сая хүн амтай гэхэд хэвлэгдэж байгаа номын тоо нь манайхтай адилхан шахуу. Жилд 70 мянган ном л шинээр хэвлэгдэнэ. Ийм олон ном дотор өрсөлдөнө гэхэд маш хүнд шүү. Нэг нэр олж аваад байхад бол хэвлэлийн газар их дэмждэг. Уулзалтуудыг их хийнэ. Миний хувьд жилд намрын, хаврын гээд хоёр уулзалт хийдэг. Үүнээс гадна нэг сарын хугацаанд элдэв хурал цуглаанд оролцох гэж явдаг. Миний Германд байх цаг хугацаа ингэж л өнгөрдөг дөө.
 
-Манай уран зохиолын зах зээл хүнд байна. Уншигч ч алга, төрөөс харж үзэх бодлого ч алга. Тэгээд уран зохиол маш муу, урагшлахгүй байна гэж шүүмжлэх юм?
-Манайхан чинь дандаа өөрсдийгөө магтаж бичих юм чинь, яаж урагшлах юм бэ. Эзэн Чингисийн үр сад бид гээд цээжээ дэлдээд, алга ташуулахыг л бодож байна шүү дээ. Зүгээр л алга ташилтад зориулж бичихээр чинь яаж гадны улс хүлээж авах юм бэ. Та нар бол үндэстэн биш, зохиолч биш гэж хэн нэг хүн хэлээд байгаа юм шиг өөрийгөө өмөөрөөд бичээд байхаар яаж урагшлах вэ. Зохиол гэдэг чинь амьдралын ухаантай хуулбар л байхгүй юу. Мөн чанар нь шал өөр зүйл.
Дэлхий Чингис рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явж байна.
-Би Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон-
-Манай зохиолчид гадагшаа гарах боломж байна уу. Барууны зах зээл дээр шүү дээ?
-Байлгүй дээ, гэхдээ манайхан хүчирхийллийг маш их дэвэргэж бичдэг. Ухаандаа, Чингис хааныг дайн өдөөгөөгүй, нэг ч цус гаргаагүй гээд ярьж байх учиртай улс чинь алж талсан гээд бахархангуй бичдэг. Дэлхий нийт дайн байлдаанаас залхаж, энхтайван руу явж байна шүү дээ. Үүнийг л хүсэх болсон. Чингис сэтгэлгээ рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явах ёстой болжээ. Гэтэл манайхан чинь улам сөрөөд л Хятадыг ч айлгах юм шиг, Оросыг ч айлгах юм шиг л бичээд байх юм. Үнэндээ Орос, Хятад аль нь ч биднээс айхгүй. Ерөөсөө дэлхий дахины хөх инээд нь хүрч байгаа. Манайхан бахархал гэдгээ ийм онгироо маягаар ойлгоод нэгнээ хөөргөөд суух юм. “Миний муусайн найз нар” гэхэд чинь зохиолч хүн онгироо байх ёстой юм шиг бодоод, зохиолч хүн архи ууж, гэр бүлийн хувьд тогтворгүй байх юм шиг бодоод явах юм шиг сэтгэлгээгээр бичсэн манай Төрийн шагналтай мундаг зохиолчид байна шүү дээ. Ийм байхад бол бас хэцүү.
 
-Ер нь зөвхөн утга зохиол ч биш хүнийг хүмүүжүүлэх л хэрэгтэй юм байна даа?
-Зөв. Монгол хүн хүмүүжээгүй. Хүн нь хүн болоогүй, инженер нь инженер шиг болоогүй, улстөрч нь улстөрч шиг, зохиолч нь зохиолч шиг байж чадахгүй халтуур хийгээд байхаар улс орон яах юм. Саяхан миний хайртай дүү Б.Галсансүх зурагтаар ярьж байна.”Би ерөөсөө ажилладаггүй. Санаанд орсноо бичдэг. Энэ бол уран зохиол. Яруу найраг гэдэг чинь ямар ч хөдөлмөр шаарддаггүй зүйл” гэж тамхи татаж, мах идээд, архи тавиулж ханхалзаад байхаар чинь яах юм бэ. Тэгэхэд би Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон. Уг нь тэр үнэхээр байгалийн авьяастай хүн. Б.Галсансүх өөрөө би Монголын уран зохиолд шинэ урсгал оруулж ирсэн гэдэг. Урсгал юу юм бэ. Утга зохиол л бичих хэрэгтэй байхгүй юу. Нэг муу усан урсгал оруулж ирэх бол ядаад байх асуудал биш, түүнийг чинь тэр гурав дахь, дөрөв дэх эгнээний зохиолчид оруулж ирэх ёстой юм.
 
-Манайд төрөөс шагнал өгч л байна. Дагалдах мөнгө маш бага. Тэгэхээр Германы төрөөс Хас одон авахад хэдэн төгрөг дагалдах вэ?
-Хас одон гэдгийг ер нь Азиас урьд өмнө хүн авч байсан юм болов уу. Сайн мэдэхгүй юм. Энэ шагналыг Нобелийн шагналтнууд болон шинжлэх ухааны нээлт хийсэн, утга зохиолд шинэ зүйл авчирсан хүнд өгдөг юм. Нэр хүнд нь асар том учраас мөнгө өгдөггүй. Харин Аж үйлдвэрийнх нь шагналыг боломжийн мөнгө дагадаг. Манайд гавьяат авах гэж гэдэс гэдсэндээ хөлөө хийдэг, тэгтэл юу ч мөнгө байхгүй шүү дээ. Намайг авахад л лав юу ч өгөөгүй. Манайхан нэр алдарт дуртай болохоор баярлаад авдаг. Би ч гэсэн учиргүй их баярлаад л авсан.
 
-Ер нь зөвхөн уран зохиолч биш нийгэм тэр чигтээ нэг л биш ээ. Өөрчлөх цаг болсон байх шүү. Яаж?
-Түүнийг бид л өөрчлөх ёстой. Одоо энэ Сүхбаатарын талбай дээр жагсаад, тэмцээд байгаа улсад Засгийн эрхийг өгчихвөл мөн л ижил, урьдын адил үргэлжилнэ. Тэгэхээр жинхэнэ урлаг, утга зохиолыг л хөгжүүлэх хэрэгтэй. Сая хүрээлэнгүүд академич шалгаруулж, хүрээлэн тус бүрээс дөрөв дөрвөн хүн ороод жинхэнэ хөнгөн жингийнхэн шалгарсан байгаа юм. Жинхэнэ бүтээдгээ бүтээгээд бүр өөрөө инстутит болчихсон хүмүүс нь хамгийн бага оноо авч, хүний хойгуур урдуур гүйдэг нөхөд академич болчихсон байгаа юм. Үүнээс харахад л нийгэм ямар байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр бид мөнгөний төлөө бичиж байна. Ерөөсөө нийгэм толгойгоо алдчихсан, ийм л цаг үед амьдарч байна.
 
Бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз
-Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар-
-Хоёулаа яриагаа өөр тийш хандуулъя. Нийгэм толгойгоо алдсан гэснээс ерөөсөө манай хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
-Энэ тал дээр зөвхөн Монголыг буруутгамааргүй байгаа юм. Ерөөсөө хүн төрөлхтөн ч толгойгоо алдчихаад, хаашаа явж байгаагаа ч мэдэх юм алга. АНУ хүчтэй зэвсэгтэй учраас Америкийн зөв болдог. Орос пуужинтай бензинтэй учраас Оросын зөв болдог. Одоо шинэ эрин эхэлчихсэн байна. Эрин эхэлсэн нь бидэнд олон зүйлээс мэдэгдэж байна. Исландын галт уул тургиж, Фүкишима дэлбэрээд байгаа нь бэлхнээ харуулж байгаа юм. Бүх зүйлийг шинэчлэх хэрэгтэй байгааг харуулж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн шинэчлэгдэх хэрэгтэй болжээ. Гэтэл улс гүрнүүд сурсан зангаараа Германы эдийн засгийг 2.4 хувиар өсгөнө, АНУ-ыг дөрөв, Хятадыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гээд төлөвлөөд байдаг чинь гэмт хэрэг байхгүй юу. Хүн төрөлхтний сууж байгаа хөлөг дээд хурдаараа явж байна. Тоормоз нь ажилгүй, наклад нь элгэдчихсэн зогсч чадахгүй байна. Ухаантай хүмүүс бол хурдасгах биш удаашруул гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө хурдыг сааруулахыг зорьж байна.
 
-Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай явж байна. Ийн хурдалж хурдалж хана мөргөөд эргэхэд эцсийн буудал нь Монгол гэх хүмүүс бий?
-Өнөөдөр манай монголчууд өөрсдийгөө нэг их голоод ч байх хэрэггүй. Бид хүн шиг хүн, ард түмэн шиг ард түмэн. Өөрсдийгөө их дөвийлгөөд бас хэрэггүй. Чингис хаанаараа хэчнээн бахархах юм бэ. Гадныхны доог болж, улиг болж байна ш дээ. Хүн шиг амьдрах, ажиллах, даруухан бөгөөд бат итгэлтэй явбал амьдрал байна. Өнөөдөр бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз. Хэзээ ч бид дийлэхгүй. Мэдээж үйлдвэр үйлчилгээгээр л хөгжиж түрүүлнэ гэсэн үг учраас ямар ч боломжгүй. Тэд дэндүү хол тасарчихсан бөгөөд шинжлэх ухаан эргэлзээтэй үедээ орлоо. Тэгэхээр бидэнд нэг гаргалгаа байна. Тэр нь юу вэ гэхээр нүүдэлчин ахуй амьдралаа эрүүл саруулаар авч үлдээд, газар нутагтаа бүрэн бүтэн эзэн суугаад байж байх юм бол гүйцэх биш хүлээх гаргалгаа юм. Дэлхий нийт чинь нэгэнт хад мөргөөд буцаад ирэх гэж байна. Тиймээс бид эх нутагтаа сууж байтал дэлхий өөрөө гуйгаад ирнэ. Сая Европоор сар яваад ирэхэд “Би нүүдэлчин хүн шүү дээ. Би нүүдэлчин амьдралаар амьдардаг” гээд надтай ирж уулзаж байгаа хүн олон байна. Үнэхээр нүүдэлчин амьдрал Европын төв дундаас тарж эхэллээ. Европт эсгий гэр хэчнээн ч олон болсон юм. Миний сая нэг сарын турш явсан уулзалтын тэн хагасыг эсгий гэрт хийгээд ирлээ. Англид бүр эсгий гэр үйлдвэрлэдэг пүүс байдаг. Австрали, Америк гээд хаа сайгүй гэр байдгийг мэдлээ. Эсгий гэрийн гайхамшиг дугуйдаа байдаг юм байна. Нүүдэлчдийн соёл тэр чигтээ дугуй юм. Бидний өвөг дээдэс агуй дотор байж байхад уран шувууны үүрний загварыг авчээ гэж бодсон. Уран шувууны үүрийг хараад энэ шувуу ийм дулаан зүйл хийжээ гээд өөртөө гэр барьсан хэрэг. Гэр дотор байгаа бүх зүйл дугуй юм. Дугуй юм гэдэг өөрөө хүчирхийлэлгүй. Салхи ирээд тусахад уусаад, тойроод явчихдаг, Хэрвээ өнцөгтэй байсан бол хүчтэй салхинд алгадуулаад ойчих нь л дээ. Гараг ертөнц өөрөө дугуй, од, нар сар бүгд дугуй юм. Үүнийг бодож олсон нүүдэлчдийн ухаан аугаа юм. Энэ манай нүүдэлчдийн олсон ухаанд хүн төрөлхтөн хошуурч ирэх цаг нь тун ойртжээ.
-Ирэхээс нь өмнө хэт суурьшчих ч юм уу, эсвэл араас нь элдээд шал дэмий болчихсон байх магадлал өндөр л харагдаж байна. Газар нутгаа ухахаас эхлээд нүүдэлчдийн соёл өдрөөс өдөрт алга болж байна шүү?
-Бид энэ цаг үеийг хүлээж амар тайван байх юм бол Монгол гэдэг нэрийг хүссэн хүсээгүй ертөнц тэр чигээрээ мэдэх болно. Одоо тэр Оюутолгой, Тавантолгой тэр чигтээ л байж байх байсан юм. Хэнд гай болсон юм бэ. Газар нутаг маань эсэн мэнд байх байсан. 1992 онд Рио Де Жанейрод улс гүрнүүдийн удирдагчид байгаль хамгаалах асуудлаар уулзахад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай явсан юм. Би тэр үеэр түүнд нэг захиа бичсэн. Чухам тэр захиаг авсан эсэхийг мэдэхгүй.
 
-Тэр сонирхолтой захиа байсан байх аа? 
-Тэр захианд бичихдээ “Монгол орныг визгүй болгоё. Бүх дэлхийд нээе. Дэлхийн ядарч зүдэрч, машин моторын дуу, утаа униараас залхсан хүмүүс дуртай цагтаа ирээд амарч байг. Бүтэн жил болно уу, хагас жил болно уу, долоо хононо уу өөрсдийнх нь дурын хэрэг. Тэр хүмүүсийг дагаад мөнгө орж ирнэ. Тэгээд Монгол Улсыг бүх дэлхийн амралтын улс болгож зарлая. Монгол орны газар нутгийг эвдэж сүйтгэхээ больё. Аж үйлдвэржихээ больё. Аж үйлдвэржсэн орнууд газар нутгаа эвдэж дууслаа. Буцах замаа хайж эхэлж байна. Тэгэхээр бид газар нутгаа эвдэхээ болиод ариун хэвээр нь авч үлдээе” гэсэн юм. Одоо бол Монгол орон дэлхийд хамгийн их эвдэрсэн, бохирдсон орнуудын тоонд орчихоод байна шүү. Сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз
-Таны амьдарч байгаа Герман улс нийгмийн халамж, хамгааллаараа дэлхийд тэргүүлэх орон. Энэ тухай?
-Германд бол хүн ямар ч ажил хийхгүй байхад сайхан амьдарч, гэдэс цатгалан яваад байж болно. Ардчилал гэдэг юм жинхэнэ утгаараа хөгжсөн орон юм даа. Жинхэнэ мөн чанараараа хэрэгжсэн орон бол яах аргагүй Герман. Би энэ дээр олон жишээ хэлж болно. Сая ойрхон хоёр муж улсад сонгууль болж, хоёуланд нь Ногоон нам ялчихлаа. Ногоон нам ялчихаар өнөөх Христосын ардчилсан холбоо гараа буулгаад бид ялагдлаа гээд яваад өгч байгаа юм. Тэгэхэд өөр орнуудад яаж байна. АНУ-д гэхэд л Буш яалаа даа. Хэрэг дээрээ ялагдчихаад ичгүүр сонжуургүйгээр зүтгэж байж гараа биз дээ. Африкийн орнуудад яаж байна. Зааны ясан эргийн улсад хоёр Ерөнхийлөгчтэй болчихоод цус урсгаж байна. Манайд бас л яадаг билээ дээ. Тэгэхэд Германд бол өөр. Хуульдаа захирагдана гээд баяр хүргээд явчихаж байгаа юм. Бас нэг жишээ бол Эрүүл мэндийн сайд Филип Послер гэж вьетнам залуу байна. Америкийн дайны үед германчууд Вьетнамын ах дүү хоёр өнчин хүүхдийг өргөж авсан юм. Герман нэр өгөөд Германд боловсрол олгосон. Тэгээд эрдэмтэй шаргуу хөдөлмөрч хүн болж, эхлээд Эрүүл мэндийн сайд болсон. Одоо зүтгээд Чөлөөт ардчилсан намын дарга болж, одоо Аж ахуйн яамны сайд болчихлоо. Хамаг зүйлийг нь гартаа хийчихлээ шүү дээ. Манайд бол Хятадаас ч юм уу, Африкаас өргөж авсан хүнийг сайд болгохгүй биз дээ. Тэр ч бүү хэл Тувагийн бөхчүүд ирж, наадамд зодоглохоор барьж идэх шахдаг. Наад муугаа алаад өг гээд бархирдаг шүү дээ. Цагаан сараар Монголын хэн нэгний ах дүү нар нь Тувагаас ирж барилдах гэхээр оруулдаггүй. Тэгэхээд Германд хаа байсан харь хүнийг төр засагтаа лав оруулж байна гэдэг ардчилал яаж хөгжсөнийг харуулж байгаа хэрэг биз дээ. Хууль нь сайн хуулиа дагана өөр зүйл байхгүй шүү дээ.
 
-НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг-
-Манай улсад ардчилал хөг¬жөөд 20 жил болчихжээ. Хүнээр бол эрийн цээнд хүр¬ч цэргийн алба хаагаад өрх гэр толгойлоод явж байх нас. Гэтэл манайд хөлд орсон үгүй нь мэдэгдэхгүй байна? 
-Манайх ойлгомжтой, юун хөлд орох эргээд буцчихлаа. Хороо хорины дарга бүрт машин унуулж, мөнгө өгөхөд тэд ясаа хугарч, махаа тасартал давхина биз дээ. Манай засаглалын хамгийн аймшигтай зүйл нь гэвэл Засаг төр гэдэг өөрөө хамгийн том авлигач, ард түмэн гэдэг өөрөө том авлига авагч. Ард түмэн өөрөө их хийсвэр бөгөөд хоёр талтай их эргэлзээтэй зүйл. Үүнийг нь мэдсэн засаг төр авлига өгч байгаа юм. Манай УИХ-ын хэдэд анх 10 сая төгрөг өгөхөд ямар их сандарч байлаа. Дараа нь 250 сая, тэгээд нэг тэрбум төгрөг өгсөн. Одоо бол ерөөсөө улаан цайм болсон. Юунаас ч ичихээ больсон.
-Энэ бүгдийг үгүй хийе, зай¬луулъя гэж их л ярьж байна. Ямар ч арга алга байх шиг. Бусад орны жишиг бай¬даг байх, яавал дээр юм бол оо?
-Уг нь жинхэнэ сонгуулиар л зайлуулах байх. Даанч болохгүй биз. Тэгэхээр л тэмцлийн хүчээр, хувьсгалаар л зайлуулж таарна. Хувьсгал хийе гэхээр бид 20 жилийн өмнө хувьсгалаа хйичихсэн гэж Ерөнхийлөгч маань айлдаа биз дээ. Засгийн газрын ордон руу нум сумаар харвадаг нь яавч сайны дохио биш. Өнөөдөр нум сумаар харваж байна, маргааш галт зэвсгээр тавина шүү дээ. Үнэхээр байж чадахгүй болоод л ингэж байна шүү дээ. Монголын хууль доод хүмүүст хатуу үйлчилдэг, хүн хэчнээн ядуу тусмаа хуулийн лантуу чанга тусч байна. Ийм л харгис хуультай юм.
 
-Дээр бид хоёр их гүр¬нүүдийн талаар ярьж байсан. Америк гэж улс өөрийгөө дэл¬хийн хаан гэх ч юм уу, Орос гэхэд л цөмийн зэв¬сэг¬тэй¬гээрээ гайхуулж байна. Ерөөсөө хүн төрөлхтнийг хаанч¬лах гэсэн их гүрнүүдийн бодлого яваад байна. Тэртэй тэргүй баян ч бай, ядуу ч бай хүн төрөлхтөн нэг цэг дээр уулзах юм биш үү. Тэгэхээр НҮБ ч юм уу, ямар нэгэн байгууллагаас уриалга гаргаж болдоггүй юм уу?
-НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ. Ерөөсөө зохицуулагч байгууллага юм. НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг. Тэр татварын нэлээд хэсгийг Америк өгдөг. НҮБ-ын гаргасан шийдвэрийг харахгүй юу. Сая тэр Ливийг бөмбөгдчихлөө. Тэгсэн хэрнээ Сирийг яагаад бөмбөгдөхгүй байгаа юм. Яагаад гэвэл Сири хүчтэй, өмөөрөх улс олон байна. Одоо хэн хүчтэй чадалтай байна тэр гүрнүүд хувааж идэх тийм цаг үед амьдарч байна. Манайх шиг улс оронд бол ойртох нь бүү хэл дөхөж очих ч үгүй. Герман шиг том орнууд үүнд оролцож чадахгүй байна шүү дээ. Үндсэндээ эхний гурван том гүрэн байна. Дараа нь яахав, Франц, Англи гэсэн хэдэн цөмийн зэвсэгтэй орнууд орно. Энэ хэд л хувааж идэж байна даа. Энэ бол цаг зуурын үзэгдэл шүү, их гүрнүүд удахгүй дэлбэрнэ. Ромын Султаныг бод, Их Чингисийн эзэнт гүрэн гээд бод. Яаж устлаа. Одоо бүгд дэлбэрнэ, захаасаа дэлбэрч байна. Төв, Шиньжанд тэсрээд байна. Энэ нь цаг зуурын асуудал гэхээсээ илүү их гүрнүүд өөртөө цагийн бөмбөг хадгалж байдаг. Ер нь их гүрэн хэзээд л зөв байна. Бага гүрэн бол хэзээд л буруутай байна. Нэг Өвөрмонгол нөхөр “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн” гэсэн харууслын үг бий. Энэ чинь арга ядсан хүний үг шүү дээ. Америк ч тэр, Орос ч тэр улам л задарна. ЗХУ гэж нэгдүгээр задрал нь өнгөрчихсөн. Одоо бас л Тува, Дагестан гэх мэт жижиг 16 улс бий. Энэ задрал бидний өмнө бий. Эд бүгд дотроо бодож л байгаа. Дагестан хүн бол тэндээ дарга нь биш. Нэгдүгээр хүн бол орос хүн л байгаа. Бүх байгууллагын дарга нь орос хүн л байгаа. Ингэж хүчээр тулгачихсан юм чинь үндэсний эв нэгдэл гэж их гүрэнд байдаггүй юм. Ахиад задарна. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна
-Өнөөдөр айдасгүй буурай орон гэж хаа ч алга. Тэгэхээр хүн төрөлхтний оюун санааг цэвэр¬лэх, энэ муухай нэг нэг¬нээ боорлосон айдсаас салах ямар гарц байдаг юм бол?
-Энэ бол энхтайваны үзэл. Далай ламын үзэл. Хүн төрөлхтнийг өрсөлдүүлэх биш хамтран ажиллуулах хэрэгтэй. Исландын галт уул дэлбэрэхэд яагаа ч үгүй. Гэтэл Фүкүшима дэлбэрэхэд бүгд хохирч байна. Одоо Японы Засгийн газар атомын цахилгаан станцаа улам хөөцөлдөнө гэж хэлж байна. Тэгэхээр өнөө цунами чинь улам гаарч ирнэ. Өнөө биш гэхэд маргааш, маргааш биш гэхэд 10 жил, 100 жилийн дараа. 100 жил чинь дэлхийн хөгжилд юу юм бэ 10 секунд л биз дээ. Газар дэлхий үүсээд 15 тэрбум жил болж байна гэхэд тэнд 100 жил ямар жин дарах вэ. 100 жилийн дараа арлын Японыг арчаад хаячихаж чадна шүү дээ. Ерөөсөө газар дэлхий өөрөө сануулга өгч байна. Тэгэхээр бид өөрөө энхтайванч байхаас өөр зүйл байхгүй. Ах дүү хоёр эвтэй, айл гэрүүд хоорондоо эвтэй, аймаг сум, улс үндэстэн цаашлаад дэлхий нийтээрээ эвтэй байх хэрэгтэй. Тэр баяд байна уу, халх байна уу, хамаа алга эвтэй байя л даа.
 
-Манай улсад олон шашны урсгал бий болжээ. Ялангуяа христын шашин нэлээд нөмөрчээ. Энэ ямар бодлого яваад байна вэ?
-Христ зонхилоод байна гэдэг мөнгөтэй л холбоотой. Их гүрний л бодлого яваад байгаа хэрэг. Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар. Олон сүм байгуулаад ирэхээрээ л биш болоод байгаа юм. Нөгөө нам, мафи маяг ороод байна гэсэн үг. Гэхдээ шашнаас бол айх юм алга.
 
-Гэхдээ л манай улсад гад¬ны шашин маш олон бол¬жээ. Энэ чинь сайны ёр биш шүү дээ?
-Хохь нь байхгүй юу. Манай энэ буддын л буруу шүү дээ. Юугаа хийж байгаа юм. Юу ч хийхгүй болоод л гадны шашин орж ирээд ард иргэдийг нь татаад байна шүү дээ. Манай шарынхан юу хийж байгаа юм. Ганц яс бариад эдгээх лам байна уу, алга. Толгой нь өвдсөн хүнийг эмчлээд зүгээр болгоод гаргах лам байна уу, алга л байна ш дээ. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна вэ. Энэ шашин дэлгэрлээ гээд аюул байхгүй дээ. Аюул болох зүйл нь ойр бий. “Даяар Монгол”-ынхон гээд залуучууд байна. Энэ мэт аюул л тулгарахгүй бол гайгүй дээ. Ертөнцийн жам юм л гэж бодож суухаас. Би яагаад христийн сүмийг өршөөгөөд байна гэхээр эд чинь өлссөн нэгэнд хоол өгч, даарсан хүнд хувцас өгч байна. Тэгэхэд манай Гандантэгчэнлин хийд бүр тариф гаргачихсан нэг судар уншуулах гэхэд 20 мянган төгрөг нэхэж байна. Би 15 мянган төгрөгтэй бол мөнгө чинь дутуу байна гээд судар уншиж өгөхгүй, ийм л байдалтай байна.
 
-Бид хоёр нэлээд ярилцлаа. Тэгэхээр дээр хэлсэнчлэн монголчууд бид дэлхийг хөөж гүйцэх гэж үйлээ үзэх биш хүлээгээд амар амгалан, эх нутагтаа эзэн болж сууя гэсэн ерөөлөөр өндөрлөх үү дээ.

С.Ууганбаяр
http://www.unen.mn

“Би Үндсэн хууль зөрчиж ажиллах хүн биш”

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн лхагва гаригт салбартаа хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсон билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү буухиаг үргэлжлүүлж, өчигдөр Гадаад харилцааны яаманд сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Ерөнхий сайд уул уурхайн салбараас эхлээд усны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар хэрхэн бодлого дэвшүүлж ажиллаж байгаа, мөн Ерөнхий сайдын зүгээс хийсэн томилгоонууд Үндсэн хуулийн цэц дээр очиж хэлэлцэх болоход нь томилгоогоо яагаад цуцалсан зэрэг шалтгаанаа тайлбарласан. Олон чухал асуудлыг хөндсөн асуулт, хариулт бараг хоёр цаг үргэлжилсэн юм. 

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа нь эдийн засагт хүндрэл учруулж байна. Дүн шинжилгээ хийж үзвэл өнгөрсөн оны өнөө үеэс эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Дээр нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Гурав дахь шалтгаан нь УИХ-аас өнгөрсөн оны таван сарын сүүлээр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай холбоотой юм. Стратегийн салбарт гурван салбар хамаарч байгаагийн нэг нь уул уурхай. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах болсноос зарим гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татах, зогсоох байдал ажиглагдсан. Засгийн газар энэ асуудлыг хэд, хэдэн удаа хэлэлцээд, стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт дээр өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьж байна. Энэ нь гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар гадаадын хувийн компаниудад хязгаарлалт тавьж байгаа үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Хоёр дахь нь 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах юм бол заавал УИХ-руу очдог байхаар хуульд заасан. Тэгвэл энэхүү мөнгөний хэмжээг нь авч байгаа. Ийм өөрчлөлт хийсэн, хуулийг УИХ-аар баталснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодож байна. Гадаадынхан бидэнд “Монголын хууль эрх зүйн орчныг урьдчилан харах боломжгүй юм. Гэнэт л нэг өдөр өөрчлөгдөх. Хууль эрх зүйн орчноо 3-10 жилийн хугацаанд тогтвортой байх тал дээр нь анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн зүйлийг хэлж байна.
-“Тавантолгой”-н асуудал юу болж байна вэ. “Чалко”-той байгуулсан гэрээг цуцалсан уу? 
-“Эрдэнэс тавантолгой” компани өнөөдрийн байдлаар нүүрсээ экспортолж чадахгүй зогссон байгаа. Одоогийн байдлаар нэг сая гаруй тонн нүүрс буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байна. Яагаад гэвэл  өмнөх байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу энэ нүүрсийг гаргавал алдагдалд орно. Нэг кг нүүрснээс бид 6 ам.долларын алдагдал хүлээх болж байгаа. Тийм учраас “Эрдэнэс тавантолгой” компанийнхан “Чалко”-той гэрээ хэлэлцээр хийе, алдагдалтай үнээр нүүрс нийлүүлэх боломжгүй, алдагдалгүй болгож, ашигтай байлгая гэдэг гэрээ хэлэлцээрийг тасралтгүй хийж байгаа. Сонгуулийн өмнө бид 350 сая ам.долларыг “Чалко”-гоос авчихсан урьдчилаад. Үүнийхээ 170 сая ам.долларыг гаргасан нүүрсээрээ тооцвол төлчихсөн байгаа. Одоо дахиад цаана нь 180 сая ам.долларын өртэй үлдсэн. Гэвч нүүрсээ гаргах тусам алдагдалд орж байна. Тиймээс зогсоочихоод байгаа юм.
 
 
 
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгохоо болино гэсэн. Оронд нь ямар зээл олгох вэ? 
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл буруу бодлого байсан гэдгийг бид хэлж байгаа. Яагаад гэвэл харьцангуй цөөхөн барилга баригдсан байхад зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласан. Энэ нь нэг талаасаа эрэлтийг ихэсгэж үнэ хөөрөгдөх шалтгаан үүсгэсэн. Тодорхой жишээ татъя, тэр үед 55 м квадрат хоёр өрөө орон сууц 66 сая төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 99 сая төгрөг болчихоод байна. Энэ зээл зарлагдсанаас хойш иргэдэд ашигтай зүйл болоогүй. Тийм учраас Засгийн газар энэ бодлогыг өөрчлөх нь  зүйтэй гэж үзсэн. Ойрын үед энэ бодлогоо зарлана. Гэхдээ зургаан хувийн хүү биш, магадгүй 8-9 хувь орчмын хүүтэй байж магад. Дээр нь ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй компанийг барилгыг зээлд хамруулна. Ирэх бямба гаригт болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. 
 
-Чингис бондын мөнгийг төслүүдэд хэрхэн хуваарилж байна вэ?
-Бондын мөнгөөр эхний ээлжинд дөрвөн зүйлд зарцуулъя гэж байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотод 33 замын уулзварыг өөрчилнө. Үүн дотроо хурдны зам тавина. Өнөөдөр бид хотынхоо төв хэсэгт бөөгнөрөөд байна. Төвд байгаа газрын үнэ өндөр, дээр нь Улаанбаатарт гишгэх газар байхгүй болсон. Бүгд эзэнтэй, үүнийг засч янзална. Хоёрдугаарт зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно. Гурав дахь төсөл нь шинэ төмөр зам. Сайншандаас урагш Гашуунсухайт руу татах төмөр зам. Дөрөв дэх нь Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцад 50 сая ам.доллар өгнө. “Оюутолгой” үйлдвэр Хятад улсаас цахилгаан авч ашиглаж байна. Ирэх Засгийн газрын хуралдаанаар мөн оёдол, ноос, сүүний салбарыг дэмжихээр бондын мөнгөөс санхүүжилт хийх тухай асуудлыг хэлэлцэнэ. Арьс ширэнд бол “Чингис бонд”-оос мөнгө өгөхгүй. Өнөөдрийн байдлаар есөн чиглэлд “Чингис бонд”-оос мөнгөө гаргахад бэлэн болж байна.
 
-ТЭЦ-V станцыг барих ажил хэзээнээс эхлэх вэ? 
-Өмнөх Засгийн газрын үед ТЭЦ-V ыг Концессын гэрээгээр барьж байгуулахаар шийдвэр гаргасан юм билээ. Гадаад, дотоодынхон хамтарч мөнгөө гаргаад станцаа барина. Тэгээд 20-25 жил ашигласны дараагаар Монгол Улсад хүлээлгэж өгөхөөр тэр дагуу асуудал шийдэгдэнэ. 
 
-Станц барих газрын Техник, эдийн засгийн үндэслэлийг хэрхэн шийдсэн бол?
-ТЭЦ-V-ын асуудлыг манай Засгийн газрын хуралдаанаар долоон удаа хэлэлцсэн. Яагаад гэвэл тал талаас нь нухацтай ярилцах шаардлагатай байсан. Хамгийн сүүлд хотын даргыг байлцуулаад “Станц барихаар товлосон газар чинь боломжийн биз” гэж лавласан. Сайд С.Оюун, М.Сономпил нар уг газрыг байгаль орчны нөлөө багатай, барих гэж байгаа технологи нь орчин үеийнх гэж үзсэн. Гэтэл Улаанбаатарын бүх газар эзэнтэй учраас лавлах шаардлагатай. Улаанбаатар хот баруун талаараа дулаанаар хангагдаад, зүүн тийшээгээ дулаангүй болчихоод байгаа. Тийм учраас станцыг зүүн тийшээ барина гэж байсан. Тэнд бас Амгалан гэдэг дулааны станц барих шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр /уржигдар/ нийслэлийнхэн 10 гаруй тэрбум төгрөг гаргаж өгөөч гэж байна. Учир нь ойр хавьд нь байгаа газрыг худалдаж авах хэрэгтэй болж. Өмнөх Засгийн газар уг нь ТЭЦ-III-ын дэргэд ТЭЦ-V-ыг барих санал гаргаж байсан юм. Гэтэл ТЭЦ-III-ын орчим байгаа айл өрхүүдийг нүүлгэхэд 40 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Байдал бол ийм л байгаа учир ТЭЦ-V-ыг барих асуудлыг Засгийн газар зүүн талдаа байх нь зохимжтой гэж үзээд байгаа.
 

-Газрын тосны үйлдвэрийг Дарханд барихаар шийдвэрлэсэн. Дээрх аймагт барих нь хэр зохимжтой юм бэ? 
-Газрын тосны үйлдвэр барих асуудлыг найман жилийн турш, Дарханд барих асуудлыг таван жил ярьсан. Судалгаатай танилцахад хамгийн боломжтой хувилбар нь Дархан юм гэдгийг тогтоосон. Дорнодоос Монголын хэрэгцээг хангахуйц хэмжээний түүхий тос хараахан гарахгүй учраас тийм шийдвэр гарсан. Гэхдээ “Дорнодод газрын тос  байгаа юм чинь 100 мянган тонн түүхий нефть боловсруулдаг үйлдвэр барих нь зохимжтой” гэсэн санал гарсан ч үр ашиггүй юм билээ. Тийм учраас хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Дарханд барихаар болсон. Хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг Японоос хөнгөлөлттэй, урт хугацааны зээл аваад хийе гэсэн төсөл бий. Энэ төслийг хэрэгжүүлнэ. Хоёр дахь төсөл нь Дорноговийн Зүүнбаянгийн орчим хувийн хэвшлийн компаниуд 300 мянган тонн газрын  тос  боловсруулах үйлдвэр барихыг Засгийн газар зөвшөөрсөн байгаа.
 

-Хятадын Засгийн газрын тусламжаар авсан зээлийг сонгуулийн зардалд зарцуулсан гэдэг юм сонсогдох боллоо. Энэ үнэн үү, авсан зээлийг юу, юунд зарцуулсан байдаг юм бэ? 
-Хятадын зээл хоёр янз. Нэг нь 300 саяын зээл. Энэ зээл ерөнхийдөө дуусч байгаа. Мөн дээрээс нь 500 сая ам.долларын зээл авах тухай өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн. Энэ зээлээс сонгуулийн өмнө трактор оруулж ирсэн. Бусад нь боловсрол, эрүүл мэндийн салбар гээд бусад төсөл нь хэрэгжээгүй байна. Шийдвэрүүд нь бол гарсан. Нэг төсөл эргэлзээ төрүүлээд байгаа. Тэр нь аймгуудад төрийн өмчийн мах комбанит барих тухай юм. Орчин үед хувийн үйлдвэрлэл босгоно уу гэхээс бус улсын махкомбинат гэж юу байх вэ гэж ярьж байна. 
 

-Японы Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна. Энэ айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэх вэ. Дарханы газрын тосны үйлдвэр барихад шаардагдах 600 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргах уу. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үү, яах вэ?  
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг 600 сая орчим ам.доллараар босно гэдэг нь олон зүйлийн харьцуулалтаар боломжийн харьцуангуй хямдавтар үнэ юм. Баталгаа гаргана гэдэг нь Ч.Улаан сайдтай ажлын хэсэг ярьж байгаа. Энэ үйлдвэр босчих юм бол бензин, дизель түлш гаргана. Гарсан бүтээгдэхүүнийг нь барьцаалах замаар хийе гэж байгаа. Түүнээс биш Засгийн газар шууд баталгаа гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр УИХ дээр энэ асуудал очилгүй шийдэхээр ярьж байгаа. Япон улсын Ерөнхий сайд ирэх бямба гаригт Монгол Улсад айлчилна. Саяхан Японд шинэ Засгийн газар байгуулагдсан, Ерөнхий сайд нь Монгол Улсад айлчлах болсон нь их ач холбогдол өгч байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр айлчлалаар Дарханд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн тухай байх болно. Хоёр дахь асуудал нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд барих онгоцны буудал. Дөрөв, таван жил ярьж байгаа. Японтой энэ асуудлыг өмнөх Засгийн газрын үед ярьсан. Гэхдээ өртөг өсөөд байгаа. Анх 300 сая ам.доллараар онгоцны буудал барина гэж ярьж байсан нь одоо 400 гаруй сая ам.доллар болоод байна. Зарим ажлыг дутуу хаясан байна, шинэ юм хийнэ гэсэн. УИХ-аар 300 гаруй сая ам доллар гэж батлуулчихаад одоо 400 сая ам.доллар болчихоор Засгийн газар шийдэж чадахгүй болчихож байгаа юм. УИХ –ын хаврын чуулган эхлэхээр оруулж шийдүүлэх юм.
 
-Дорноговьд Улаанбадрах суманд Норовсүрэн гэж айлын 20 гаруй тугал үхсэн. Мөн үсгүй тугал гарч байна. Газар дээр нь Цөмийн энергийн газрынхан ажиллаад “Хоргүй” гэсэн дүгнэлт гаргасан атал Улсын мал эмнэлгийн газраас өөр дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтүүд өөр өөр гараад байна. Алинд нь итгэх вэ. Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Арева” компанийн охин компанийн үйл ажиллагааг зогсоох уу. Хэрвээ тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор ийм юм болсон бол?
-УИХ-ын сонгуулийн өмнө ийм асуудал гараад Цөмийн энергийн газрынхан очоод “Тийм юм байхгүй” гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Дорноговь аймагт би ажиллахдаа Норовсүрэн гуайтай уулзсан. Ажлын хэсгийнхний дүгнэлт зөрүүтэй гарсан учраас би ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болгоод газар луу нь явуулсан. Дүгнэлтээ нэг л гарга, Засгийн газар нотолгоотой хөдөлгөөнгүй баримтад түшиглэж ажил хийнэ. Та нарын хүч чадал хүрэхгүй бол гадаадын лаборатори руу дээжийг нь явуул. Зардал мөнгийг нь Засгийн газар гаргая гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр юм бий. Нэг нь Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахгүй. Хоёр дахь нь газар доорх ураныг олборлож шар нунтаг болгож болох юм гэж байгаа. Энийг шийдэх асуудал учраас нухацтай хандаж ажлын хэсэг явуулсан. Ямар нэг хөндлөнгийн юманд автахгүйгээр дүгнэлт гаргана гэж бодож байна.
 
-Таны хийсэн томилгоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий хүмүүс гомдол гаргасан. Гэвч та Үндсэн хуулиар асуудлыг хэлэлцэх болоход хийсэн томилгоогоо хүчингүй болгож байсан. Үндсэн хууль зөрчсөн томилгоо хийснээ хүлээн зөвшөөрөөд буцсан гэсэн үг үү. Дээр нь Төрийн албаны шалгаруулалт хэтэрхий удаж байх шиг. Эрүүл мэндийн салбар удирдлагагүйгээр дөрвөн сар болох нь? 
-Хоёр удаа намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Өнөөдөр бүх аймгийн Засаг дарга томилогдсон. Яагаад би тухайн үед Дорнод Хөвсгөл хоёр аймаг дээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон бэ гэхээр тодорхой шалтгаантай. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч нь АТГ-т шалгагдаж байсан учраас энэ хүнийг Засаг даргаар томилж болохгүй байсан. Өөр хүн нэр дэвшүүлээч гэхээр санал болгохгүй байсан учраас хууль зөрчих боломжгүй байсан. Харин дараа нь өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Ардын намын аппаратынх нь дарга намайг энэ асуудлаар Цэцэд өгсөн. Тийм болохоор захирамжаа хүчингүй болгоё гэсэн. Би бол Үндсэн хууль зөрчиж ажиллах хүн биш л дээ. 2004 онд дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон түүхтэй. Азтай нь тэр үед Ардын нам, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан учраас амаа хамхиад өнгөрсөн юм шиг байгаа юм. Тогтсон жишгийн дагуу л хийсэн, гэхдээ Алтанхуяг хийхээр л Үндсэн хууль зөрсөн болоод байгаа юм. Хоёр дахь нь Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсноос үүдсэн.  Хүн томилсноос болж хэрэлдээд байгаа юм байхгүй, хүн халсантай холбоотойгоор үүссэн. Тодорхой хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ч.Чулуунбаатарыг халснаас үүдсэн. Яагаад түүнийг халсан гэхээр Засгийн газраас Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Иргэн хүн хурууныхаа хээгээр мэдээллээ авчихдаг боломжтой болгох зорилгоор. Хоёр дахь нь зарим газрын зургийн нарийвчиллыг нууцаасаа гаргах цаг болсон байна гэж үзээд төсөл өргөн мэдүүлээд УИХ-д оруулангуут байнгын хрооны хуралдаан дээр Ч.Чулуунбаатар эсэргүүцсэн. Засгийн газар нь шийдчихсэн байхад агентлагийн орлогч эсэргүүцэж болохгүй. Тийм учраас халсан. Энэнээс л үүдэлтэй. Түүнээс Б.Ариунсан Н.Алтанхуяг хоёр түрийвч нэгтэй ч гэнэ үү, нэг их хайртай ч гэнэ үү. Тийм юм байхгүй. Хүнийг халсантай холбоотойгоор үүсэн. Одоо гурав дахь тохиолдол дахиад гарах байх. Ер нь дөрөвдүгээр сарын 5-наас өмнө Н.Алтанхуяг гэдэг хүнийг Үндсэн Хууль зөрчүүлчихмээр байгаа юм. Тийм л хүсэл сонирхолтой байгаа. Ерөнхий сайдын хувьд нэг агентлагийн даргыг л томилчихож чадахгүй байна ш дээ. Томилгоогоо яагаад буцаасан бэ гэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын чуулганы өмнө Үндсэн хуулийг зөрчүүлэх цаас л хэрэгтэй байсан учраас би больсон байхгүй юу. Түүнээс буруу зөрүү юм хийсэндээ ч тэгээд буцаад байгаа юм биш. Шинэчлэл өөрчлөлт гэдэг өөрөө амар хялбар хямдаар олддоггүй юм байна. Их өндөр үнээр хамтарч хийх юм байна. Шинэчлэл өөрчлөлт бий болсноос хойш татварын нэг нөхөр 17 тэрбум төгрөгтэй байсан нь илэрч байгаа. Төрийн банкны нөхдүүд 200 гаруй сая төгрөг авдаг байсан нь илэрч байгаа юм. Би ухаж төнхөөд гаргаад ирсэн ч юм биш. Шинэчлэл, ил тод байдал хүмүүсийг идэвхижүүлчихдэг юм байна. МИАТ-аас дайны эрсдэл нэрээр өч төчнөөн тэрбум төгрөг зувчуулчихсан байгаа юм. Ийм их олон юм зарим хүмүүсийн эрх ашгийг хөнддөг юм байна, энэ их эрх ашгийн зөрчил дунд энэ хүнийг зайлуулчихъя гэх юм бас яваад байна. Түүнээс Ерөнхий сайд байж, Үндсэн хууль зөрчөөд нэг хүнийг агентлагийн дэд даргаар томилох гээд зүтгүүлээд үхэлдэн тэмцээд байгаа юм байхгүй. Би 1989 онд улстөрд орсон. МУИС-ийн багшийн ажлыг орхиод гарч байсан. Надад өөрчилчихье, юм хийчихье гэдэг сэтгэл зүрх л байгаа. Өөр бусад зүйл байхгүй, мөнгө ч байхгүй. Намайг зарим хүн загнаж байна лээ, “Арчаагүй юм, Ерөнхий сайд бол хэдэн төгрөг өгдөг л байхгүй юу” гэж байна лээ. Өгье гэсэн ч болохгүй, маш их олон буруу жишиг тогтсон. Энэ бүхнийг өөрчилнө гэдэг их төвөгтэй юм билээ. Эрүүл мэндийн салбарын хувьд орлогч нараа үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон юм байна лээ. Саяхнаас хоёр эмнэлгийн дарга томилогдоод явж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нар үүрэг гүйцэтгэгч байсан, тэднийг жинхэлж байж дараа нь эмнэлгийн хүмүүс рүү орно гэсэн учраас тэр дарааллаар явж байна. 
 

-Дорноговь аймагт аж үйлдвэрийн цогцолбор барина. Аймгийн Засаг даргын орлогч нь Сайншанд ундны усны хомсдолд орох гэж байна гэсэн. Эрдэмтэн судлаачид 20 гаруй жил ашиглаад ундны усны нөөц дуусна гэсэн байна лээ. Гэтэл аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байдаг? 
-Ийм эргэлзээ тээнэгэлзээ их гарч байгаа. Бид Засаг дээр ярихдаа Сайншандын аж үйлдвэрийн ажлаа явуулъя, ус багаар шаарддаг үйлдвэрүүд барих боломжтой юм байна гэж үзсэн. Байршлын хувьд зохимжтой. Нефть боловсруулах үйлдвэрийг Сайншанд дээр баривал яасан юм бэ гэхээр байршлынхаа хувьд Дарханд боломжтой гэж үзсэн. Сайншанд дээр өөрийнхөө нөхцөлд тохирсон ус бага хэрэглэдэг үйлдвэр баригдах ёстой. Сайншандын усны асуудлыг шийдэх тал дээр хөрөнгө гаргачихсан хайгуул хийж байна. Өмнөговь дээр Балгасын улаан нуур орчимд гүний ус нэлээн байгаа. Өмнөговийн Ухаан худгийнхан газар дороос усаа авч байгаа, Оюутолгой газрын гүнээс усаа авч байгаа. Цаашид говийн гүний усыг ингэтэл ашиглах хэрэг байна уу үгүй юу гэдэг асуудал үүсч байгаа. Шинэчлэлийн Засгийн газар Сэлэнгэ мөрөн Орхон мөрөнд хиймэл нуур маягийн юм байгуулна. Ингэж хойд талд үүсч байгаа илүүдэл усыг говьд ашиглах урагшаа ашиглах төсөл хэрэгжинэ. Дэлхийн банкны мөнгөөр судалгаа тооцоо хийгээд явж байгаа.
 
-Шинэчлэлийн Засгийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг бодлогын яам гэж тодорхойлсон. Гэтэл усны бодлогыг аль газар хэрэгжүүлж байна вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Ус төрийн өмчит компани гэдэг юм байгуулагдчихаж?
-Усны бодлого, газрын бодлого хоёр Ерөнхий сайдын хэмжээнд үндэсний хороо байгуулчихсан ажиллаж байгаа. Тэгэхээр бодлогыг хороо ярьж байна. Ус гэдэг корпораци байгуулсан нь илүү аж ахуйн шинжтэй ажлаа тийш нь шилжүүлсэн.
 
-Стратегийн ордод нэмж 12 ордыг оруулахаар болсон. Нэрээр нь нэрлэхгүй юу? 
-УИХ-аар баталсан тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн гэж баталсан, цаана нь стратегийн ордод оруулж магадгүй ордуудын жагсаалт бас баталсан. Судалгаа тооцоог нь хийгээд Хөшөөт, Багануур, Багахангайн хажууд талд нэг нүүрсний орд байгаа юм. Судалгаа тооцоо хийгээд оруулж ирэх ёстой. Энэ ордуудыг хуулийнхаа дагуу стратегийн нөхцлийг хангаж байгаа бол УИХ руу оруулна. Судалгаа хийж байна.
 

-Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчин, монгол ажилчин хоёрын цалингийн ялгаа их байгаа гэх. Цалингийн зөрүүг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааны талаар мэдээлэл өгөхгүй юу? 
-Оюутолгойд цалингийн зөрүү байгаа. Тэгэхдээ ижил мэргэжлийн ажил хийж байгаа хэрнээ.  Түүнээс инженер хийж байгаа, туслах ажилтан хоёрын цалингийн зөрүү яриагүй. Энэ асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцан ярьж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд нэг юм шийдээд эхлүүлж байгаа нь хамтдаа суугаад Оюутолгойгоо ярьж эхэлсэн явдал. Тавантолгой дээр барих гэж байгаа цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-г Оюутолгой компанийнхан гаргачихсан байсан. Түүнийг ярьж хэлэлцээд явж байна. Тэгэхдээ бүх юм эцэслээгүй байна. Санхүүгийн тайлангаа ил болгохыг шаардсан, хөрөнгө оруулагч тал бэлээд явж байгаа.
 

-Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх боллоо. Цалин, тэтгэврийг хэзээ нэмэх боломжтой болох вэ? 
-Эхний ээлжинд худлаа юм хөөрөгдөгөө болъё гэж үзсэн Засгийн газар . Хүмүүст л хэрэгцээтэй баймаар байна шүү дээ. Тийм байвал цалин нэмье. Тэгэхдээ цалин нэмэнгүүт түүнээс өндөр үнээр юмны үнэ өсчихвөл ямар хэрэг байх юм бэ. Тийм учраас яавал өнөөдөр байгаа юмныхаа үнийг огцом өсгөчихгүй байх вэ гэдэг бодлого явуулж байна. Энэ бодлогыг бид нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж чадвал дараачийн ээлжинд тодорхой хэмжээгээр цалингаа өсгөнө. Цалинг өсгөхдөө зарлаж өсгөх биш, салбар бүр дээр хөдөлмөрийн бүтээмжтэй нь уялдуулж өсгөнө гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчихсан байгаа.
 
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаар байшин хашаагаа зарсан 2000 гаруй хохирогч бий. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 
-Зургаан хувийн зээлийн хохирогч гээд тодорхой тооны хүмүүс байгаа. Орон сууцны санхүүжилтийн корпораци, Төрийн банкнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргасан. Баригдсан орон сууц, баригдаагүй орон сууц хэд байна вэ гээд судалгаа тооцоог гаргасан. Зургаан хувийн зээл авъя гэж байгаа хүмүүсийг оролцуулаад ажлын хэсэг байгуулчихъя. Адилхан л зовлонтой байгаа ш дээ. Тэгээд хамтдаа шийдье гэж байна.
 
-Нүүрсээ зарахгүй үнэ нэмэгдүүлэх гэж байх хооронд бид зах зээлээ алдах юм биш байгаа даа?
-Бид өндөр үнээр нүүрсээ зарах гээд гэдийгээд байгаа юм биш. 100 төгрөгөөр авсан зүйлээ 80 төгрөгөөр зарахгүй шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь байгуулсан буруу гэрээн дээр маш их цаг алдаж байна. Хэрвээ энэ гэрээг хийгээгүй бол бид нүүрсээ хил дээр овоолоод сууж байхгүй. Нүүрсээ бид зарах гэхээр алдагдалд орох гээд байна. Тийм учраас байгаа байдал л энэ байна.  Ер нь бид “Чалко”-гоос өөр газар нүүрсээ зарах боломжгүй юм билээ. Учир нь зүүн Цанхийн нүүрсийг Чалко”-д өгнө гээд урт хугацааны гэрээ байгуулчихсан юм билээ. Гэрээ байгуулчихаад буцахаар торгууль төлөх болоод байна. Засагт хохирол учирна гэдэг ард иргэдэд учирна гэсэн үг. Тийм  учраас бид алдагдалтай ажиллахгүй байхаар арга хэмжээ авч байна.
 
-Орон сууцны үнийн ам.метрийг дээд тал нь 1.2 саяд багтаах бодолтой байгаа гэж байсан. Үүнийг ажил хэрэг болгох тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Төр хувийн компани, аж ахуйн нэгжүүд байшин бариад ямар өртгөөр зарах вэ гэдэгт оролцохгүй. Харин төр өөрөө мөнгө гаргаад халуун хүйтэн ус, бохироо тавьж өгч байгаа тохиолдолд оролцоо бий. Тиймээс Засгийн оролцоо байгаа хэсэг дээр гэрээ хэлэлцээрээр үнээ тохирно. Жишээлбэл барилгын 17 компани энэ саналаа хэлж байгаа. Та бүхэн дэд бүтцээ тавиад өгвөл бид 1.2 сая төгрөгт багтаагаад байшин бариад өгье гэж байна. Бүх компанийн тухай бид яриагүй шүү.
 
-“Чингис бонд”-оос бид минут тутам 12 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэж нэг улстөрч хэлсэн. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ийм зүйл ярьсан гэсэн. Үүнийг би яаж мэдэв гэхээр долоо хоног тутам 11:11 төвөөс Ерөнхий сайдад хандсан саналуудтай танилцдаг юм. Тэр саналууд дотор бондын асуудлаар Д.Хаянхярваа гишүүн таныг муулаад яваад байна, арга хэмжээ аваач гэдэг санал ирсэн байсан. Би Д.Хаянхярваа гишүүнд арга хэмжээ авдаг хүн биш. Гэхдээ худлаа мэдээлэл тарааж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн Сангийн сайд байсан хүн. Тэгэхдээ өнөөдөр бондын мөнгөнөөс нэг төгрөг ч гараагүй. Шийдвэрүүд дээр хэлсэнчлэн дөрөв дээр нь гарсан, тав дээр нь хагас сайн өдөр шийдвэр гарна. Түрүүчийн ажил эхэлнэ. Алдагдал хүлээгээгүй.  Монгол банкинд менежмент хийх эрх өгсөн. Арилжааны банкуудад зургаан хувиар өгч байгаа.
 
-Яамдын өгч байгаа мэдээллүүд зөрүүтэй байна. Ил тод байх зүйл Шинэчлэлийн Засгийн газарт хэрэгжихгүй байна. Тухайлбал Баавар түлэгдлээ гэсэн мэдээлэлийг хорих анги нээлттэй өгөхгүй нууж байна? 
-Нуугаад байх зүйл байхгүй. Нотолгоо нь олдохгүй байна гэнэ. Ямар асуудал гарсан бэ гэдэг дээр бичлэгийг нь харуулчих хэрэгтэй. Үүнийг л ил тод мэдээлчих хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол ажлаа хүлээлгээд өгчих хэрэгтэй. Гэтэл ажлаа хүлээлгээд өг гэхээр Төрийн албан хаагчийг халлаа гээд ярьдаг байхгүй юу.
 
-Т.Блэйртэй хийсэн уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бол?
-Хэд хэдэн орны Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт зэргийг бид судалсан. Тони Блэйрийн Засгийн газрын Delivery unit гэдэг систем маш оновчтой юм, Засгийн газраас хийж байгаа ажлаа шат шатан дахь эзэндээ сайн хүргэдэг, хэрэгжүүлдэг болоход энэ систем чухал юм гэж бид өмнө нь ярьж байсан юм. Ерөнхий сайдаар 10 жил ажилласан арвин туршлагатай хүн уулзъя гэсэн, би уулзсан. Танай Засгийн газрын үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ тэр хүн илэрхийлсэн. Хардаад байх нууц асуудал яриагүй.
-Өнөөдөр махны үнэ өндөр байна. Нөөцийн махны үнэ өндөр учир шинэ махны үнэ буурахгүй байна гэж байна. Энэ тал дээр ямар арга авч байна вэ?
-2004 онд би Сангийн сайд болсон. 1.5 тэрбум төгрөг гаргаад Багахангайд өгөөд, Багахангай дүүрэг Улаанбаатар хотын махны нөөцийг хангана гэсэн. Гэтэл дараа жил нь Багахангай махаа бэлтгэж чадаагүй. Тэр үеийн захирал нь хоёр жип авсан. Мах ч үгүй, мөнгө ч үгүй дампуурсан. Тийм учраас би Сангийн сайдын хувьд 2005 оны төсөл дээр 1.5 биш 780 сая төгрөг тавиад махны компаниудыг цуглуулаад зоориндоо махаа бэлдчихвэл та бүхнийг банкнаас зээл авсан гэж үзээд зээлийн хүүгийн 50 хувиар урамшуулъя гэдэг механизмыг хийсэн. Энэ механизмаар саяхныг хүртэл явлаа. Манайх нэлээн удаан явахаараа арга чаргаа олчихдог юм байна. Завхралд орчихсон байна лээ. Мах бэлтгээгүй зарим компани бэлтгэчихсэн гэж худал хэлээд мөнгө авсан байсан. Тиймээс бид өөрчлөлт хийсэн. Зарим нь намайг “Мах маркет” компанитай гэж байсан. Надад энэ компанид нэг ширхэг ч хувьцаа байхгүй.  “Жаст агро” компанийн мэдлийнх. Би 2000 онд УИХ-д өрсөлдөж уначихаад “Мах экспорт” гэдэг жижигхэн компанийг хүргэнтэйгээ хамтарч байгуулсан. Энэ хоёрыг холиод байна уу, зориуд хэлээд байна уу мэдээлэл яваад байгаа. Энэ жилийн хувьд нэг том компанид мах бэлтгүүлэхээр өгчихье. Хариуцлага хүлээж байхад ч амар юм гэсэн. Ингээд “Жаст агро” компани шалгарсан байна лээ. Цул махны үнэ бага зэрэг өндөр. Гэхдээ өмнөх онтой харьцуулахад үнийн өсөлт гайгүй байгаа.
 
-Газар дээр нь яваад үзэхээр “Жаст агро” компани гуя биш цээж зараад байна гэсэн гомдол гарч байна. Гуя нь ченжүүдэд очсон гэсэн. Өнөөдөр гурил, будаа гээд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг байгаа. Гэтэл барааны үнэ өсвөл цалин тэтгэвэр нэмнэ гэсэн хэмээн иргэдийн хүлээлт байна. 
-Үнэ өссөн гэдэг дээр маргалдаад яах вэ.  Шаардлагтай бол ажлын хэсэг гаргаад судалгаа хийлгэе. Бид долоо хоног бүр гол нэрийн барааны үнэ дээр статистик хийлгэдэг. Цул махан дээр үнэ нэмэгдсэн байна лээ. Ерөнхийдөө үнийн өсөлт бага байгаа.
 
-Төсөв алдагдалтай гарах магадлалтай гэсэн. Яагаад алдагдалтай гарах болсон бэ?
-Төсвийн алдагдал өссөн. 2012 он бол сонгуулийн жил байлаа. Сонгуулийн жилд зориулаад их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлчихсэн. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд шав тавьсан газруудын ажлыг үргэлжлүүлж байгаа. Тийм учраас төсвийн алдагдал гарч байгаа. Энэ Шинэчлэлийн Засгийн газар өөрийн хийсэн төсөв, бодлогоор явсан ажил бараг үгүй байгаа. Бид өмнөх төсөв дээр л жижиг засвар оруулсан байгаа. Төр зах зээлд оролцоогүй. Засаг мах, гурил дээр тодорхой хэмжээгээр оролцохгүй бол болохгүй. Сүүлийн үед буруу зүйлүүд илрээд байгааг би сайн зүйл гэж үзэж байгаа. Ерөнхий сайдын зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмалын газар  дээр гадаадад явсан, орон сууц олгосон байдал дээр шалгаж байна. Орон сууцны дэмжлэг дээр энэ таван агентлаг 18 тэрбум төгрөг, аялал зугаалгад 588 сая төгрөг, урамшуулалд 1.1 тэрбум, сургалт томилолтод 6.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ийм зүйлийг л ил тод болгох шаардлагатай. Бид үнэ ханшаа ярьж байх хооронд Татварын газрын нэг нөхөр 17 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байна. Үүнийг засч залруулах хэрэгтэй. Даргын үзэмжээс бүх зүйл хамаарч байна.
 
-Ураныг олборлох шийдвэр гарсан уу?
-Уран олборлох шийдвэр гараагүй. Ашиглалтын зөвшөөрөл авсан компани байхгүй. Хайгуулын зөвшөөрөлтэй компаниуд хайгуулаа аваад дээж авч болно. Шинэчлэлийн Засгийн газар ямар нэг уран зараад ашиг олно гэж бодохгүй байгаа. Эхний ээлжинд уран нь хүмүүст, байгальд, малд хор хөнөөлгүй байгаасай гэдэг дээр л анхаарал тавьж байна. Дараа нь шар нунтаг авчихаад буцаагаад хог хаягдал ав гэдэг гэрээ байхгүй. Олон улсын гэрээнд байдаг ч бид энэ хэмжээнд хүртлээ хол байна.
 
-Монголын талаас “Чалко”-тай байгуулсан гэрээг ямар хүрээнд илүү тодорхой ярья гэсэн санал байгаа бол? Ямар болзол тавьж байна вэ?
-“Чалко”-гоос бид худалдан авах үнээ өсгөчихөөч. Тэгвэл бид алдагдалгүй болгочихъё гэж байгаа. Гэтэл нөгөө талаас зөвшөөрөхгүй байгаа учир бид гацаанд орчихоод байгаа. Баруун цанхи дээр олон улсын гадаад дотоодын хөрөнгө оруулалт оруул гэдэг асуудал өмнөх Засгийн үед гарсан юм. Үндсэндээ таван улсын гурван компани консерциумийг тодорхой хэмжээгээр оруулахаар шийдсэн юм. Гэтэл Орос, Солонгос, Японы нийлсэн консерциум гомдол мэдүүлсэн. Манайд хувь өгөөгүй шүү дээ гэсэн. Ингээд ярьж тохирсон асуудлаа задалсан. Уг нь дунд нь хувь өгсөн юм.
 
-УИХ-ын төвшинд хэд хэдэн хууль дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газар тодорхой саналаа гаргах уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд болохгүй зүйл заалтаа л өөрчилье гэж байгаа юм. Тухайлбал, Засаг даргыг Иргэдийн хурал нь сонгодог. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Засаг даргыг иргэдээсээ сонгодог болмоор байна. Яагаад гэвэл Засаг дарга Иргэдийн хурлаасаа гуйсан харцаар хардаг. Ийм зүйл энэ олон жил буруу хандлага харагдаад байдаг. Үүнийг өөрчилж болно гэж бодож байна. 
 
-Намын гишүүд улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах нь зөв үү? 
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ялангуяа намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох дээр. Хөрөнгө мөнгөний асуудлаа ч ил тод болгоё. Тийм учраас өөрчлөлт оруулах шаардлагатай. Гишүүнчлэл бол хөгжлийн л асуудал. Өнөөдөртөө тодорхой хэмжээгээр итгэл үнэмшилтэй гишүүдтэй байгаа.
 
-“Шинэ төмөр зам” төсөлд ОХУ оролцох боломжгүй гэдэг асуудлаар төмөр замын байгууллагаас нь манай талд захидал ирсэн гэсэн. Ямар агуулгатай захидал вэ?
-Төмөр зам дээр харин сонин зүйл боллоо. Ерөнхий сайдад Оросын төмөр замын даргаас бичиг явуулжээ. Тэр нь надад ирээгүй байтал нэг сонин дээр тэр бичгийг нь орчуулгатай  гарчихсан. Гадаад харилцааны яам, тагнуулынхныг дуудаад энэ ямар зүйл болоод байна вэ. Ерөнхий сайд руу явуулсан бичгийг аваагүй байхад яагаад сонин дээр гараад, орчуулгатай явж байна гэж асуусан. Гэтэл надад хоёр хоногийн дараа ирж байгаа юм. Улсын нүд чих болж байгаа газар ядаж ийм зүйлээ анхаарах ёстой. Хамгийн энгийн ёс зүй зөрчигдөж байна. Хойд, урд хөрштэй муудалцуулах гэсэн зүйл хийгээд байна. Энэ бол тоглоом биш.
 
Г.ДАРЬ

Tuesday, 26 March 2013

“Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг: Надад үр хүүхэд, орон гэрээс минь өөр өөрийн гэсэн юм алга даа

“Дарьгангын хамгийн алдартай дарханы хийцийг алмайран харж байгаа хүүхэд шиг л би түүнийг уншдаг” гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” номын өмнөтгөлд нэгэн нийтлэлч бичжээ. Монголын сэтгүүл зүйд сийлсэн үг бүр нь жинтэй тусдаг энэ хатагтай мэргэжлийнхээ жинхэнэ брэнд. Тиймээс Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн энэ өдрүүдэд түүний үгийг шил дагасан шагнал урамшил, алга ташилтаас илүү  “МНӨ” онцолж байна. Бидний “өрх гэрт” тоос тортог байвал бид л гараараа нямбайлан цэмцийлгэх ёстой. Энэ үүднээс хүнд хүчир талбартаа 20 шахам жил зүтгэхдээ халуун хүйтнээс нь халгаж яваагүй, сэтгүүлч алдраараа даруухан гоёдог түүнтэй ярилцахаар зорьсон юм.  

-Таныг хоргоосон дээрээ асууж авах, хөндөх сэдэв цөөнгүй байна. Та бидэнд зав гаргаж болох уу? 
-Уг нь ярилцлага хийчихмээр сонин, амтлаг хүмүүс цаагуур чинь байгаа шүү дээ. Гэхдээ сонин юм. Би бас ярилцлагын зочноороо хэнийг урихаа мэдэхгүй бодоод л, хайгаад, бараг мухардах тийшээ орчихоод байгаа шүү дээ. Чи бас тэгсэн бололтой. Түүнээс биш би тайз дэлгэцийн юм уу, улс төрийн, эсвэл бизнесийн од биш шүү дээ. Миний яриаг салбарынхан маань, зарим уншигчид маань л сонирхох биз. Гэхдээ би танай сонинд дуртай. Бүр дээр үеийн дугаарууд чинь үнэхээр супер гардаг байсан шүү. Одоогийн зарим сэтгүүлүүдийн суурь фундам танай тэр үеийн стилтэй асар их холбоотой. Өнөөгийн дүр зургаар долоо хоног тутмын сонинуудаас ямар ч өрсөлдөөн харагдахаа байсан. Бүгд нэг түвшинд, бараг ижил мэдээллүүд цацдаг. Ур чадварын тухайд ялгарах ялгаа байхгүй болжээ гэж би хардаг. Харин фото сурвалжлагаар танайх сайн. Улам л сенсаациараа, фото сурвалжлагаараа, байр сууриараа, бичиглэлийн ур чадвар, харуулах өнцгөөрөө, хэвлэн нийтлэлтээрээ ялгарахын төлөө зүтгэх хэрэгтэй. Хориод жил тэсч, туулж ирсэн хугацаа гэдэг бол зүгээр нэг амийг нь тасалчих зүйл биш шүү дээ. Хүний амьдралын 20 жил юу билээ. Энэ утгатай дүйж хайрлах хэрэгтэй. Долоо хоног тутмын сонинуудын алтан үе өнгөрч, зүгээр л урсах болсон нь тэдний лидерүүд үндсэн юмнаасаа холдож одсонтой холбоотой байх. С.Баярмөнх, Р.Даваажав, Р.Хадбаатар, Н.Билгүүн, танай Зоригоо Баяраа хаачив. Энийг би хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонинд амьдралаа өгсөн хүний хувьд хайрлаж харамсахдаа л хэлж байгаа юм.   

-Хааяа та утсаа авдаггүй. Бичдэг, боддог,ярилцдаг хүний ажил завдал өгдөггүй байх л даа. Нийтлэл ярилцлагуудаас чинь харахад заримдаа ч өөртөө амсхийх дур зорго олгож, эрх чөлөөгөө өмчилмөөр санагддаг шиг?
-Би үнэхээр утсаа авах дургүй. Би найз нөхөд дотны хүмүүстэйгээ мессежээр харьцах дуртай. Надад утас шиг ядаргаатай юм алга. Сая Японд шинжилгээ өгч  хагас сар яваад ирлээ. Өвдөхөөс бусад үед яасан амар амгалан, элдэв дарамт, утасны дуу байхгүй гоё байв аа. Бүр ирмээргүй санагдсан. Ганцаараа байгаагүй удсан байна. Хэдэн сайхан ном уншлаа. Г.Мэнд-Оёо гуайн “Гэгээнтэн”-г уншлаа. Дулдуйтын Равжаа, Дорнын говь хоёрын супер реклам болжээ. Ер нь бол Г.Мэнд-Оёо өндөрт зогсч байгаа зохиолч юм байна. Бас би Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”-ыг уншлаа. Урьд нь яагаад ч юм энэ нөхөр ч дээ, уран зохиолд падлий байхгүй хүн юугаа л бичиж шалихав гээд тоомсорлоогүй. Сая уншлаа. Гэтэл уран зохиолын тоосонд насаараа алхаж байгаа мань мэтийн хийгээгүйг л хийж. Дараа дараагийн уран бүтээл нь улам л сайжрана шүү дээ. Манай түүх хэсэг хэсгээрээ өөрөө уран зохиол шиг, манай ард түмэн өөрөө уран зохиолын асар их өгөгдөлтэй ард түмэн юм байна. Тэрийг бид өөрсдөө алхам алхмаар урлагтаа ашиглаж, урлагаар дамжуулж дэлхийн зах зээл рүү шидэх хэрэгтэй. Үнэхээр би Ц.Оюунгэрэлийг өөртөө шинээр нээсэн. Манай сонины нийтлэлч Х.Бүрэнтогтох надад хэлдэг. Ганаа чи өөрөө барьж аваагүй л байна шүү дээ. Тийм байж оролдлого хийж байгаа хүмүүсийг хүндэтгэ гэж.  

-Өглөө босоход өнгө өнгөөр даллах гайхам сайхан хорвоо,үдэш болоход гойд юм юу ч таараагүй бодогдох эгэл жирийн амьдрал...Бид бие биедээ аймшигтай хайргүй болжээ. Бидний амьдрал нэгийгээ дэгээдэж унагах, дэвслэх тал дээр сүрхий дадлагажаад явчих шиг харагддаг” гэж сарын өмнөхөн бичсэнийг тань ухаж ярилцмаар санагдаад?
-Би хааяа яруу найргийн тухай, ганцаардлын тухай эсээнүүд бичдэг. Нэг их сүртэй юм биш л дээ. Гэхдээ миний уншигчид их сайн хүлээж авдаг. Эсээ, дурдатгал, урлаг уран сайхны сэдэвтэй шүүмж бодролууд бичих нь сэтгүүлчийнхээ хувьд өөрийнхөө нэг талыг харуулж, улс төр, нийгмийн сэдвүүдээс түр ч атугай хөндийрөх сайхан боломж болж өгдөг юм. Нөгөө талаас зүгээр нэг хуурай нийтлэлээр элдэв ёс суртахууны тухай гажуудлуудыг хэлэх, иймэрхүү хэлбэрээр хэлэх хоёр ач холбогдлын хувьд ялгаатай. Зөөлөн хэлээр аяархан, наалдуулж хэлэх нь заримдаа давуу санагддаг юм.   

-Таны “Аав бид хоёр” шинэхэн ном уншигчдын гарт очоод удаагүй байна. “Goodbye my love” номоос хойш гарч байгаа энэ уянгын нийтлэлүүдээс  дотроо жинхэнэ уудалж, сэтгэлээ эмхэрч чагнаж бичсэн тань амтагддаг. Тиймээс ч яарч хуйлалгүй өдий хүргэсэн болов уу?
-Би өөртөө хайргүй ч юм шиг амьдарч яваа хүн л дээ. Уг нь хөрөнгө оруулагч олоод номуудаа хийгээд, телевизийн урлагт хийхийг мөрөөддөг, уран зохиолд хийхийг мөрөөддөг зүйлс рүүгээ анхаарал хандуулж болох л байсан. Даан ч надад нэг тийм адгасан, тачаасан, юм руу дайралсан зан байхгүй. Их залуудаа энэ салбарт танигдаж, уншигчдынхаа дунд нэрд гарч, хайрлуулж хүндэтгүүлсэнтэй холбоотой биеэ тоосон зангаасаа ч болдог байх. Би одоо магтаал зэмлэл, хараал ёрөөлийн алинд ч ач холбогдол өгдөггүй. Надад миний мөрөөдөл л чухал байна. Миний номыг Непко компанийнхан хийж өгсөн. Бид тэдэнд үнэхээр баялаж байна. Бас Артаньянд талархаж байна. Дараа үеийнхэн дотроос миний унших дуртай нийтлэлч. Тэр өмнөх үгийг нь бичсэн явдал миний хувьд бөөн стил, бөөн сэтгэл ханамж.   

-Амьдралын хамгийн том кайфуудын нэгийг та сайхан ном уншиж дуусгаад гайхалтай хуудсуудыг нь ахин имрэх. Энэ жаргалыг юутай ч зүйрлэшгүй гэж бичсэн байдаг. Улирал солигдох шиг урин мэдрэмж төрдөг гэл үү? Энэ хавар таньд хэрхэн ирэв ээ?  
-Ном л уншиж байна. Непкогоос гаргасан Мао-г дуусч байна. Бас “Ленин”-ийг уншлаа. Би ийм хэлбэрийн номуудад аягүй дургүй байсан. Гэтэл одоо намтар зохиолууд, баримтат зүйлст илүү татагдаад байдаг болчихсон. Мэргэжилтэй маань холбоотой юм уу, бүү мэд. Үнэндээ би хүмүүстэй уулзахаа больсон. Надад ном унших, цуглуулж ирсэн кинонуудаа үзэхээс өөр аз жаргал алга. Нээрээ шүү. Өөр жаргалтай юм үнэхээр алга. Би сонины шуугиант амьдралд өөрийгөө зориулж яваа хүн. Сүүлдээ бүр дүрдээ итгээд сонины мануухай болох гэж байна. Тийм болохоор би ойрын үед ямар нэгэн шийдвэр гаргана. Би нээрээ өөрийнхөө хэмжээнд дүйсэн гэрээ ч байхгүй “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байгаа. Цэвэр сэтгэл зүрхээрээ. Угаасаа Б.Ганболд эрхлэгч сониноо алдчихаад шинээр эхэлж байхад би ирэхгүй гээд яахийн. Одоо харин ажиллах урам зориг дуудсан, миний чадах, гоё төсөл байвал би ажиллана. Өөрөө сайт нээнэ. Сэтгүүл ч хийж үзмээр байна. Кино, уран зохиол руу би хөл тавихыг хүсч байна. Сониндоо би хайртай л даа. Яг өнөөдөр бол би хамгийн гоё өрөөнд, хамгийн эгэл биш хүмүүстэй хамт сууж, өрсөлдөж, үзэл бодлоо хуваалцаж, хөглөгдөж амьдарч байна. Баасанжавын Ганболд, Баарангийн Пүрэвдаш, Бямбын Ерэнтэй, Хайнжамцын Бүрэнтогтох, О.Содномпил нар бол хамгийн стандарт биш улсууд ш дээ. Хамгийн гоё хүмүүс. Тэр нөхдүүд бол миний хамгийн хайртай хүмүүс. Тэдэнтэй учирснаас хойш би Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат хоёрыгоо ч бараг мартсан. 

-Монголын сэтгүүл зүй хэдхэн хоногийн өмнө 100 жилийнхээ ойтой золголоо.”Армийнхаа” баярын хурал, гавьяа шагнал, алга ташилт зэрэгт та яагаад дуу хоолойгоо гаргаж, огт харагдсангүй вэ?

-Надад сэтгүүл зүйн байгууллагуудаас нэг их урилга ирдэггүй. Би ч тэдний элдэв юманд хутгалддаггүй. Зүгээр хаа нэгтэй нь, нэгэн цагийн үеийн түүхэнд нь миний нэр том үсгээр биш ч бичигдэн үлдэх нь тодорхой. Би ярилцлагын төрөлд юм хийсэн. Үүнийг судлаачид нь баталдаг. Өөр надад дош алга. Би дош болгон дээр туг хатгах гэж өөрийгөө золих хэмжээний тэнэг нь биш. Одоо оролдвол сонины хөрөг нийтлэлд хүчээ соривол сорих юм. 100 жилд 100 топ сэтгүүлч төрсөн гэж үү. Би энэ мэт л гажиг юм л бодож өнгөрөөсөн ш дээ. Надад маш олон мессеж ирсэн. Ерөнхийдөө өвдөөд байгаа болохоор тэр болгонд хариу бичих боломж байсангүй. Манай сэтгүүл зүйд асуудлууд байгаа. Бараг улс төрөөс илүү асуудалтай салбар болчихоод байгаа нь үнэн. Юун түрүүн бид мэргэжлийн идеалаа алдаж эхэлж байгаагаа ярих хэрэгтэй. Сэтгүүл зүй зүгээр л эрээвэр хураавруудын орж ирж тоглодог, тодордог, талдаг салбар болчихоод байна шүү дээ. Та нар сайн хар. Асуулт биш асуулттай, хариулт биш хариулттай нэвтрүүлгүүд дүүрэн. Хэлбэр нь болохоор телевизийн шоу нэвтрүүлгийн хэлбэр, донж стил харагдаад хөгжөөд байдаг. Гэсэн хэрнээ зүгээр л халил, энэ мэргэжлийг үл тоосон хэгжүүрхэл дүүрэн уран сайханчдын ажлууд эфирийг дүүргэж байна.  Болоогүй тэр гадныхан шууд манай ажлуудыг мөнгө болгож байна. Хар л даа. Улс төрийнхнөөс захиалгыг нь аваад л ичих ч үгүй бүлт бүлт, нөгөө хоосон чанар гэдэг шиг алсын, тэнгэрийн гэмээр хийсвэр асуулт маягийн юм хаясан болоод л цаадуул нь ирж сууж зорилгоо хийчихээд л инээгээд гараад явцгааж байгаа нэвтрүүлгүүд дүүрэн байгаа биз дээ.  Гэтэл манайхан намайгаа л интернетийн comment-оор алах дэвслэх гутаах ажилд цагаа зориулж байдаг шүү дээ. Одоо тэд бүр давраад “Энэ сэтгүүлчдийг яах вэ, яаж цэгцлэх вэ” гэчихсэн ярилцлага өгөөд толгойгоо сэгсрээд сууж байна. Энэ юу болж байна вэ. Толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Эрэмбээ, нэр хүндээ олж авах, муусайн зуйвар луйвар юмнуудыг хуу шахаж гаргах хэрэгтэй ш дээ. Хөөе хөөе найзуудаа, та нар одоо даварч байна аа, та наад хийж байгаа юмныхаа онолыг мэдэх үү, наад мэргэжлийг чинь хүн 10-15 жилийн хөдөлмөр зүтгэлээ шингээж байж сая нэг юм эзэмшиж мэргэшдэг юм ш дээ гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Телевизийн эфир бол дурын эмэгтэйн ирж уйлдаг, эсвэл тачигнатлаа инээдэг талбар биш гэж би бодном. Мэдэхгүй юм даа, миний багш нар, ерөнхий эрхлэгч нар, үе үеийн лугууд тэгж л зааж ирсэн.  Одоо эзэд нь юмаа мэддэг харгуй руу жирийгээд орчихсон болохоор мөнгө л олж байвал салбар талбар маань яаж талхлагдах сонин биш болсон байх л даа. Нөгөө талаас бид мэргэжилдээ эрэл хайгуул хийхээ больж. Ажилдаа аймаар хайргүй болсон байна. 
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би уншсан. Надад тэр “Сэтгэлийн байгаль чинь бохирдчихсон юм биш биз дээ. Өөртөө бүтээгдчихсэн байгаа дүрээсээ нэг гарч салж харах хэрэгтэй. Мундаг сэтгүүлч, мундаг хүн гэдэг дүрээсээ. Өөрт байгаа эрхээ дэндүү эдлээд байгаа юм биш биз дээ. “Би л бичдэг, би л үзүүлдэг” гэж түүгээрээ далайлгаж, түүнийгээ зэвсэг болгоод ашиглаад байгаа юм биш биз дээ. Тийм муу ёс зүй, тийм муу соёл таны сэтгэлийн байгаль дотор чинь, таны сэтгэл дотор бий болчихсон юм биш биз. Нийгмийн сэтгэлийн байгалийг бүтээдэг хүмүүс өөрийнхөө сэтгэлийн байгаль руу өнгийчихэд ерөөсөө болохгүй юм байхгүй. 100 жил дээрээ нэг өнгийж  харах хэрэгтэй” гэсэн үг их таалагдсан. Ер нь бүхэлдээ түүний хэлсэн үг сэтгүүлчдэд хандсан аймаар том “урок” болсон л доо. Эрх маань үнэхээр хэн ч биш юмнуудын гарт шилжиж, тэр зэвсгээр юу дуртайгаа хийж байдаг болсонд гол харламаар байгаа нь үнэн. Нөгөө талаар уншигчийн боловсрол, уншигчийн соёл талын асуудлууд бидэнд ямар том дарамт болж байгааг бас шударгаар хэлэх хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны төлөө ганц ширхэг тоосго тавиагүй, өдөржин жиргэхээс өөрийг хийхгүй суудаг нөхдүүд бидэнд дүн тавьж, доромжилж, туулж ирсэн амьдралыг маань гутаахыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Хариу хүндэтгэл илэрхийлж чадахгүй шүү, уучлаарай. Олон жил хараал жатга, дарамт шахалт, доромжлолын дундуур явж ирсэн. Энэ хангалттай. Өөрөө хүйтэнд хөрч, халуунд халж, цагдаа шүүхээр байнга дарамтлуулж, утас шөрмөс юу л байна дайрч байдаг, айлгаж ичээх гэж байдаг энэ амьдралаар хэдэн жил амьдарч үзсэн юм бэ. Хэнээс айхгүй явж тэмцэж, бичиж, тэрсэлж амьдарсан бэ. Энэ асуултад хариулах ч бололцоогүй олон хүн сэтгүүл зүйгээр мандаж, дарга даамал, судлаач юу юу ч гэнэв болцгоож явах юм даа хөөрхий. Ийм юмнуудыг би зүгээр л хөөрхийс гэж боддог.  

-Шинэчлэлийн засгийн хэвлэлүүдэд тавьж байгаа  коммент, кабелийн тв-үүдийг хаах гээд дараалсан цензур шахалтууд ч энэ баяраар давхцан оволзлоо.Ар араасаа гал авалцуулж буй энэ орчны тухайд та юу хэлэхсэн бол?
-Баяраар маань өөрсдийн маань толгойг аваад царан дээр тавиад явуулсантай агаар нэгэн зүйл болсон юм даг уу даа. Би Л.Мөнхбаясгалангийн ярилцлагыг уншлаа. Үнэхээр бид өөрсдөө эдийн засгийн хувьд хүчирхэг болж байж л дарамтаас гарах юм байна. Ялангуяа сонин хэвлэл, телевиз, сайт эрхэлж байгаа хүмүүс. Миний хувьд насаараа л хүнд ажиллаж байх зурагтай бололтой. Надад гэр орон, үр хүүхдээс маань өөр өөрийн гэсэн юм алга даа. Төрийн төв хэвлэлээс ажил амьдралын гараагаа эхэлсэн маань ийм маягийн амьдрал руу хөтөлчихөж . Тэрнээс биш би авъяас чадлаар дутаагүй байлгүй. Нэр хүндээр гологдоогүй биз. Миний зан чанарын тухайд бас баахан зохиол домог явдаг юм шиг байгаа юм. Ааштай, хүнтэй таарамж муутай энэ тэр гэсэн. Би энэ талаар харин ч ханилгаатай, нуруутай хүн. Ганцхан би дарамтлуулах дургүй. Хүн намайг дарамтлах гээд л эхлэвэл би гөжөөд л унадаг. Тэсэрдэг, шатдаг. Хариуд нь үсийг нь бостол хэлчихдэг. Үзэлцэнэ. Намайг байгаагаас минь өөрөөр харах, гүжирдэх зэрэгт би үнэхээр тэсвэргүй хариу барьдаг. Одоо тайван, ардаа юм бодож үлдээд, сэтгэлээ юунд ч өгөхгүй явж сурах хэрэгтэй болж байх шиг байна.   

-Намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний хууль ч бүтэл ололгүй өнгөрсөн нь эрх баригчдын олон хүсэлт шахалтаас үүдсэн. Энэ тохиолдолд бид өөрсдөөсөө шалтгаалсан юуг хийж чадах вэ?
-Бид лобби бүлгүүд болж хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал. Лобби гэдгээ шантааж руу харин чирээд давхичихаж болохгүй л дээ. Би болж буй үйл явдлуудын араас нэг л үг амандаа хэлсэн. Огт оролцоогүй.

-Ямар үг?
-Ийм сул бардаак сэтгүүл зүйгээс хэн айх вэ дээ гэж. 

-Таны энэ засгийн өнгөнд бичсэн улс төрийн нийтлэлүүд сайныг ч, мууг нь ч  эн тэнцүүхэн дүгнэж байгаа. Гэхдээ та “Өдрийн сонин”-д байхын ардчиллыг хөхиүлэн дэмжигчийн хувьд энэ удаагийн Ардчиллынхны “төрх”-ийг бол өөрийнхөөрөө харж сэтгэгдлээсээ яриач?
-Бид төв байж сурмаар байна. Аливаад шударга дүгнэлт хийх, голтой байх, ямар нэгэн савалгаагүй байх нь тоймч хүнийг авч явах үндсэн шинж. Өдрийн сонины анхны дугаар гарахаас эхлэн зүтгэсэн миний он жилүүд ч, тэр үеийн ардчиллын он жилүүд ч одоо тэр үеийнхээр нь хадгалах бололцоогүй болсон. Энэ нь амьдралын өөрийнх нь жам юм даа. Надад улс төрд танилууд олон бий. Тэдэн дотор төрөл арилжтал хувирсан хүмүүс ч бий. Хэв хэвээрээ явж байгаа үнэ цэнтэй хүмүүс ч бий.  Ер нь бол бүх юмны нуруу хувь хүний мөн чанар дээр л тогтож байдаг. Улс төр ч ялгаагүй. Хайр үзээгүй өссөн асрах газрын хүүхдүүд шиг өсч том болоод юм юмнаас хүртэх гэж аргачлал нь ямар ч хүний үнэргүй үйлдэл байсан нүдээ аниад хомхойрон дайрч байгаатай тун төстэй байдал ний нуугүй хэлэхэд харагдаж байна. Гэхдээ энд асрах газрын хүүхдүүдийн нэр төрийг би гутааж байгаа юм биш шүү. Зүгээр яг одоо илүү зүйрлэл санаанд орж ирэхгүй байна. Нөгөө талдаа ийм төрх байдал ардчиллын нэг, хоёрдугаар эгнээнийхнээс биш тэрний доод, доодын доод эгнээнийхнээс илүү харагдах юм. Арга ч үгүй байх даа бүхэл бүтэн нэг үе гудамжинд тэнэсэн улс. Та нар төрийн дунд, доод шатны албан байгууллагуудаар нэг ороод хараарай. Ямар ч хэв шинжгүй сонин нөхдүүд ширээний ард тод тод өнгийн зангианд дүүжлэгдчихсэн сууж байгаа. Гэхдээ урьд нь илүү сайн байсан гэсэн үг бас биш л дээ. Урьд нь лагс лагс торхнууд амьсгаа өндөр л сууцгааж байдаг байлаа. Тэдний зангиа нь хоолонд орохдоо яслын хүүхдүүдийн хүзүүндээ зүүдэг нэг хүзүүвч маягийн юм байдаг даа.  Тиймэрхүү л харагддаг байсан сан. Том том машин унасан, дугарч ядсан хар шилтэй нөхдүүд яруу алдарт намын байрны гадаа хөдөлж ядан буугаад л. МАН-ын залуучууд нь бүр яг араас нь арай багасгачихсан мини нөхдүүд бууж ирдэг байсан. Аймаар хорон пацаанууд. Тэд бол баллана даа. Би ганц нэг хуурай дүүтэй. МАН-д ажилладаг. Ёстой хуруу дарам нэг хоёрхон гайгүй залуу бий. Бусад нь бол зүгээр л хорт шавьжнууд. Би нээрээ өөртөө бодогддог нэг юмыг хэлэх үү.

-Хэл л дээ?
-Надад гудамжаар алхаж яваа улстөрч хүн аягүй гоё харагддаг. Ордноос хойшоо гараад цувныхаа хормойг хийсгэчихсэн алхаж яваа тийм дүр төрхөнд би хайртай. Тэгээд таарсан ганц нэг хүнтэй зогсож буу халсан шигээ явж байгаа. Сүүлийн үед тийм зураг алга болсон. Яагаад вэ. Айх юмтай болсны шинж. Гадаа зүгээр алхах нэр нүүргүй болсны л шинж шүү дээ. Гоё эрдэмтэд, том зохиолчид гудамжинд алхаж явах нь ямар гоё харагддаг гээч.  
  
-Та засагт хамтраад байгаа “ Шударга ёс” эвслийн зарим гишүүдийг төрд шургалсан гудамжныхан гэж бичсэн. Хариуд нь таньд ямар нэгэн шум сонсогдсон уу?
-Гудамжны тэмцэл, гудамжны тэмцэгч гэх тэр нэр томъёог би зохиогоогүй л дээ. Тэрийг өөрсдөө ч мэдэж байгаа. Надад тийм юм мэдэгдээгүй. Ихэнхи нь намайг сайн мэднэ. Хүний маань хувьд ч, сэтгүүлчийн маань хувьд ч. Тэнд нэг их хатуу хорсол юу л байв гэж. Би чинь Ж.Батзандан, О.Магнай эд нарт талбай дээр очиж өдрийн цалингаа хандивлаж явсан хүн шүү дээ. Шүүмжлэхдээ шүүмжилдэг. Хайрлахдаа хайрладаг. Ямар ч байсан эргээд уулзахад та намайг сүнсгүй алсан шүү гэж гомдоллох юм би хийгээгүй.  Тэд ч тэгж хэлж байгаагүй.  

-“Ярилцья” булангийн эрхэм зочдын дотроос МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь хэвлэлд өгч байгаагүй дэлгэрэнгүй яриаг таньд дэлгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дүр зураг, прогнозын талаар таниас асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Харвардаас ирсний нь дараа иймэрхүү хэмжээний ярилцлага би авч байсан л даа. Би Ерөнхийлөгчийн тухай нийтлэлээрээ олонтаа бичдэг. Тоймчийн хувьд хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг нь уншиж судалж тойм бичдэг. Одоогоор нэр дэвших нь тодорхой болсон хамгийн хүчирхэг өрсөлдөгч Ц.Элбэгдорж байна. МАН буюу нөгөө талд буй хамгийн хүчирхэг блокоос одоогоор түүнтэй өрсөлдөөд ялах магадлалтай лидер харамсалтай нь харагдахгүй байна. Бусад хүчнүүдээс ч мөн адил. Зүгээр аймшигтай том өрсөлдөөнийг үзүүлж чадах, түүнийг чардайлгаж чадах хуруу дарам хэдэн лидер улс төрд байгаа. Гэвч тэдний зарим нэг нь хүсэхгүй, зарим нэгэнд нь бололцоо байхгүй байна шүү дээ. Харин бүр жижиг түвшний улстөрчид дотор мөрөөдөлтэй хүмүүс цөөнгүй байх шиг байна. Улс төр сонирхогчид бол янз бүрийн л таамаглал дэвшүүлэх юм. Одоогийн Ерөнхийлөгчийг унана гэх хэсэг байхад тэр зүгээр л нэг их хүч хаяхгүй ялна гэх хэсэг ч байна. Ярилцлагын тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авах нь нэр төрийн хэрэг. Аль ч улс оронд, аль ч сэтгүүл зүйд зүгээр л нэр төрийн хэрэг.  

-Та яагаад Twitter, Fasebook-т нэгдэггүй юм бэ. Уг нь та бол жинхэнэ жиргээчин байхаар хүн биз дээ ? 

-Намайг зүгээр л ажлаа хийж байхад зарим жиргээчин уурлаж ундууцаж хэлэлцүүлж сүйд болдог л юм билээ. Би жаахан зав муутай, бас бие муутай хүн шүү дээ. Гэхдээ тун удахгүй нэгднээ. Би ямар хүн алж хүрээ талсан биш, надаас болж ямар ч засгийн газар огцорч, онгоц осолдож, зуд турхан болж байгаагүй биз дээ. Тийм болохоор нэг их айж эмээгээд байх юм алга. Comment-оор бол намайг их л давшлах юм билээ. Гэхдээ заримдаа яанаа ажил хийдэг хүн ер нь байна уу гэх сэтгэгдэл төрдөг юм.

-Хамгийн сүүлд таныг гуниглуулсан юм юу болов ?
-Миний нэг анд шоронд хоригдож байна. МИАТ-ын Б.Эрдэнэбилэг. Олон жил сайхан нөхөрлөж явсан дурсамж бидий дунд бий. Эрдэнэбилэг бол эргээд шоронд орохоо мэдэхгүй жаалах хэмжээний тэнэг амьтан биш шүү дээ. Маш ухаантай, маш хөдөлмөрч, маш хянамгай хүн. Улс төрд орохоосоо өмнө өөрийн бизнестэй, компанитай, мөнгөтэй төгрөгтэй байсан хүн. Ч.Хоролсүрэн гэдэг нөхрийн л ар хударгаар нь хийсэн юманд чирэгдэх шиг боллоо. Гэхдээ яагаад батлан даалтаар гаргаж байгаад шалгаж болдоггүй юм бэ. Хаашаа ч зутахгүй хүн шүү дээ Зугтах бол ирэхгүй байсан. Ээжийгээ алдлаа, ганц охин дүүгээ алдлаа. Одоо аав нь тааруу байна. Эхнэр нь бас тийм ч сайн эрүүл мэндтэй хүн биш. Хүний амьдралыг ингэж баллаж болохгүй шүү дээ. Хүчээр л хүлээлгэх гэж урт удаан хорьдог аргачлал манай цагдаагийханд байдаг юм байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд уулзаагүй ч залуу цагийн анд минь болохоор сэтгэл өвдөж байна. Түүнийг бодож үнэхээр гунилаа. Надад найзыгаа өмөөрч сонинд бичих эрх байхгүй. Энэ надтай хийж байгаа, миний хувийн байр суурийг тойрсон ярилцлага учраас хэлж байгаа юм. Хүмүүс их муухай болжээ. Шоронд хэн нэгэн оржээ гэхэд, нэгийгээ баригдлаа хоригдлоо, шалгагдлаа гэхэд бөөн баяр хөөр болдог, улам цааш нь түлхдэг болж. Ийм муухай байж болохгүй шүү дээ. Хүн үнэртэй байх ёстой. Хүний үнэртэй байх ёстой. Хайрлах, итгэх сэтгэлээ хэзээ ч хөсөр хаяж болохгүй. Би урваж, суурин дээрээ бусдыг арилжиж байгаа хүмүүсийг үнэхээр жигшдэг. Эрх мэдэлтэй байхад нь долдойтоод л явсан атлаа буухаар нь нүүрээ буруулаад гүйлдэж байгаа хүмүүсийг би жигшинэ. МАН-ын дарга даамал явсан улсууд одоо хөрсөн дээрээ бууж байгаа байх аа. Нүдгүй, чихгүй байсан улсууд гэж би тэднийг боддог. Одоо АН-ынхан ч гэсэн зусардагчдаас зайгаа барих хэрэгтэй. Энэ бол нийгмийнхээ гоо сайхныг хамгаалж үлдэхийн төлөө хийх алхам юм. Шударга ёсны төлөө, авилгал хээл хахуулийг халахын төлөө тэмцлүүд үр дүнгээ өгч эхэлж л байна. Манай орон тодорхой хэмжээнд доошоо орчихсон байсан байраа дээшлүүлж, шат шатаар ахиж байна. Гэхдээ л ужиг юмыг цэвэрлэхэд бартаа ихтэй. Бас ужиг юмыг хөрсөөр нь арчихын төлөө ажиллахын оронд шинээр томилогдсон АН-ын нөхдүүд ил далд залгамжилж, сэмхэнээр, тодорхой өнгөлөн далдалттайгаар үргэлжлүүлж байна. Бүр залуус нь хүртэл шударга бус шийдвэрүүд их гаргаж байна. Надад энэ тухай цээж хорсгосон, үнэхээр дургүй хүргэсэн мэдээллүүд их ирж байгаа. Жишээлбэл, би тэр Харилцаа холбооны сүлжээ компани билүү тэр хавиар ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн юу хийж байгааг анхааралтай ажиглаж байна. Баттай эх сурвалжуудаас ирж байгаа, шударга туулсан баримт фактууд бий. Би О.Магнайгийн хороонд өргөдөл гаргаж, хохирч шахагдаж байгаа төрийн болон бусад албан хаагчдын төлөө тэмцэнэ. Хүн хамгийн ойрын, өөрийн амьдрал дээрээ хэдэн жил дараалан амсч мэдрэхээр арга буюу тэмцэх сэдэл төрдөг юм байна. Төрөөс хууль бусаар, улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан улсуудыг манай сонинд хандаасай гэж би бас хүсч байна. Бид судалж, хууль шүүхэд хандаж, хамтарч тэмцэж тэдний эрхийг хамгаалах болно. Ажлаас халагдагсдын холбоо гэж ТББ байгуулж тэмцвэл ямар хэмжээний асуудал үүсгэж чадахаа тооцож үзсэн. Гэхдээ би улс төржих хүсэл алга. Энгийн хүмүүсийн төлөө зарим үед ингэхээс өөр аргагүй бодол бас төрж байна.  Зүгээр шударгаар гуйж, хүсч, итгэж найдаж, зүтгэж  яваад энэ залуу хүмүүс юунд ч хүрдэггүй юм байна. Зүгээр л сэргэлэн, аргатай зальтай, чадвар муутай, дээрээ татаастай залуус алба ажилд шат ахиж байна. Ийм байдал бүх яамдад байна. Бүх агентлагуудад байна. Томчуудын хүүхдүүд, хамаатнуудад л ахих бололцоо өгч байна. Бусад нь хэлмэгдэж, доромжлогдож, сэтгэл санаандаа гүн шархтай үлдэж, Төрд зүтгэхээс аажим гутаж эхэлж байна.

-Та улстөрчдөөс юм гуйдаг уу?
-Гуйдаггүй. Эмнэлэг энэ тэр дээр очоод тэсвэр алдаад зарим нэгд нь хэлж гуйж үзэж байсан. Надад төрийн нэг том хүн хэлж байсан юм. Ганаа хүн үр хүүхдийнхээ төлөө бол сургууль соёл хөөцөлдөж гүйх хэрэгтэй шүү. Хүүхдийнхээ төлөө явахаас ичдэг хүн гэж байдаггүй юм гэж. Би охиныгоо мөрөөдлийнх нь сургуульд оруулах гэж хэдэн жил гүйгээд за, энэ бол миний чадах юм биш ажээ гэдгийг ойлгосон. Тэгээд охиндоо за та өөрөө оногдсондоо сур даа, та цаашаа өөрөө мац гэж хэлсэн.  Би өөрийн хар толгойнхоо төлөө бол юу ч гуйж үзээгүй. Үнэхээр дарагдаад байгаа, хэлмэгдээд байгаа залуу хүмүүсийн төлөө ганц нэг хүнд хэлж үзсэн. Намайг мэддэг, хүндэлдэг хүмүүс бол судалж үзээд туслаж, энд тэнд үүссэн муухай зүйлсийг засч залруулж, хамтарч тэмцдэг. Ер нь бол юм шударгаар явдаг зам тавигдаж эхэлж байгаа. Гэхдээ монгол хүний хувиа бодсон, мөнгө төгрөг харсан зан хэвээрээ цагт энэ бол урт удаан зам туулах юм билээ.

-Тэгвэл таныг үнэхээр баярлуулж, баясгасан үйл явдал хамгийн сүүлд юу байв?
-Миний хайртай жүжигчин Дагийранз ардын жүжигчин болсон явдал. Би Булганд уулзаж байсан. Гэхдээ ярилцлага авч байгаагүй. Үнэхээр эглээс эгэл, зүгээр л тэр шагналаа гардчихаад л яваад өгч байгаа нь яасан хайр хүрэм байв аа. Бас би Японд нэгэн сайхан эрхэмтэй танилцаж сэтгэлээ онгойтол ярьж хөөрлөө. Үнэхээр өөр хүн байсан. Аймаар гоё кино үзэх шиг, тэгээд дараа нь унтаж чадахгүй хөрвөөх шиг тийм мэдрэмж төрсөн. Бас намайг тэнд үзүүлж, оношлуулах боломжийг олгосон хүнд баярласан. Зүгээр л учраа олохгүй явж байхад гэнэт гарч ирээд илүү дутуу юу ч хэлэлгүйгээр чанга тэвэрсэн тэр хүнд би баярласан. Хүүе, гэхдээ хайр дурлал энэ тэртэй ямар ч хамаагүй хүн шүү. Би бусдын өмнө тийм хэмжээний үнэн амьдарсан, тийм хэмжээнд дотор нь явдагаа мэдэрч  баярласан. Миний ээж, миний гэр бүл баярласан.   
   
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Зүгээр дээ. Та бүхэнд ажлын амжил хүсье. Миний хувийн тухайд ярилцсан болохоор би өөрийнхөө л өнцгөөс, байгаагаараа л ярилаа шүү. Хэнд ч тулгаагүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Нээрээ уншигчдаасаа нэг юм гуйчих уу.

-Тэг л дээ?
-Миний номыг худалдаж аваарай. Нэр нь “Аав бид хоёр” шүү. Номыг маань худалдаж авна гэдэг надад үзүүлж буй хүндэтгэл, маш сайхан дэмжлэг юм шүү ..Ёо аймаар гуйлаа ш дээ. (инээв)

-Та одоо юу бичих гэж байна.
-“Өдрийн сонины” П.Хашчулуун сэтгүүлч хоёр жилийн өмнө “Дарга хүүхэн” ч билүү нэг нийтлэл бичсэн юм. Тэр хүнийх нь нэр байхгүй. Гэхдээ уншсан хүн болгон таньсан байсан. Ёстой шуугиан тарьсан. Тэр үед маш олон газраас энд нэг ийм хүн байна. Тэнд бас гээд бөөн бөөн түүх, бөөн баримт уншигчид ирүүлсэн. Тэгж яваад л бас нэг ийм баатартай учирсан хэрэг. Яам даяараа тэрийг мэддэг ч өндөрлөг гурвыгаа л атгачихдаг. Тэд нь бүгд түүнийхээр ойлголт авдаг. Аймаар байгаа биз дээ. Би тэгээд “Хэлтсийн дарга эмэгтэй” гэж нийтлэл бичих гээд сүүлийн хоёр жил бодоод байгаан. Шударгаар ажиллаж амьдарч яваа хүмүүсийг яаж хувь тавилангаар нь гишгилж, зовоож, тарчлааж байгааг нь судлаад л байгаа юм. Мэргэжилдээ чадварлаг, шударга, янз бүрийн хууль бус юманд хөдөлж өгдөггүй хүн бол ер нь хавчигдах тал руугаа шүү дээ. Гэхдээ зүгээр амар тайван ажлыг нь хийлгэж болноо доо. Байнга явуулгадаж, худлаа гүтгэж, дарга даамлуудад буруу ойлголт өгч, ёс суртахууны хувьд байж болшгүй үйлдлүүд үзүүлж байдаг. Энэ бол зүгээр л далд аллага байхгүй юу. Тэгээд шинээр ирсэн сайд дарга болгонтой ойртож аваад нөгөө хүнийг л буруу ойлгуулах ажлыг хийдэг. Нөгөөх нь хэнд ч тайлбарлаж, тэмцэх эрх байдаггүй. Ийм хүний оронцогууд олон байна. Надад хүмүүсээс захидал их ирдэг. Ийм хүмүүс их байдаг юм байна. Одоо энэ МАН-ын далбаан дор насаараа дургиж амьдарсан юмнуудын үр хүүхдүүд нь хүртэл гадаад дотоодод даварч байгааг болиулах хэрэгтэй ш дээ. Аав нь насаараа зайдлаад, ахиад охин нь эрхэлж явах бол ядаргаа ш дээ. Гадаадын элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрууд, консулын газруудаас ийм арын хаалганы даль даль хийсэн хүүхнүүдийг татах хэрэгтэй. Тэнд шударгаар ээлж дараагаар нь томилж байх ёстой ш дээ. Манай сэтгүүл зүй бол харин даанч ийм салбар биш юм даа. Энд чаддаг нь л ажиллана. Илүү нь л туг байна. Тэрнээс биш ямар нэг эрхийн тэнэг охин орж ирээд би сүүтэй гүүний унага гэж туйлах бололцоо байхгүй. Би жаахан ёс суртахууны сэдвээр, нийгмийн сэдвээр, шударга бус явдлуудын талаар бичих бодолтой байна. Баримтуудыг нь язайтал нь тавьж байгаад...Хүний үнэр ортол нь, үнэн шударгыг тогттол нь судлана, нотлоно. Би эрүүл мэндээсээ болоод иймэрхүү сэдвүүдээс жаахан дөлдөг болчихсон юм. Залуудаа бол айхгүй бичиж, олон хүний сэтгэлийн тайлал болж өгч чаддаг байлаа.  Энэ бол сэтгүүлч бидний нийгэмдээ оруулах ёстой хувь нэмэр юм. Хүн болгон эргээд шүүлгэнэ. Дандаа шударга бусаар, хүмүүсийг хэлмэгдүүлэн зовоож амьдарсан хүмүүс ч, бидэн шиг айж ичихгүй тэмцэж явсан хүмүүс ч бурханы өмнө шүүлгэнэ. Сэтгүүлч хүнд ер нь нэг их бэргээд, бэмбийгээд явах шаадлага байхгүй шүү дээ. Баримтаа нотолж, уудалж, улайлгаж, буруу хүмүүсийг төрийн нэрэн дор сагаж явах замаас нь түлхэн гаргаж чаддаг эр зоригтой, үнэн амьдарч яваад л дуусах хэрэгтэй. Хувийн гэх эрх ашиг бидэнд юу байх юм.  Ийм л байна даа.  
 
Ярилцсан Ш.Отгонцэцэг
Монголын нэг өдөр сонин