Wednesday, 17 April 2013

Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний бодитой үндэслэл харагдахгүй байна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-МАН-ынхан Ерөн­хий сайдыг огцруулах асуудал тавьж байна. Энэ тал дээр МАХН-ын дэд даргын хувиар, Засгийн газарт ажил­лаж байгаа Шадар сай­дынхаа зүгээс ямар байр суурьтай хандаж байна вэ?
terbishdagva-МАХН бол ардчил­лын зарчмаар ажилла­даг нам учраас  асуудлыг нухацтай ярилцсаны үнд­сэн дээр олонхийн сана­лаар шийдвэрээ гаргана. Харин Шадар сайдын хувьд өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд орол­­цож, улс орноо хөг­жүүлэх шинэчлэлт, өөрч­лөлтийн төлөө ажиллаж байна. Ялангуяа өөрийн­хөө хариуцсан зургаан агентлагийн үйл ажил­лагааг сайжруулж, бусад салбаруудад үлгэр жи­шээ болохуйц хариуцла­гатай болгохын төлөө зүтгэж байна. Энэ чиглэ­лийн эхний алхмуудыг ч хийсэн. Ард түмэндээ хүнд суртал гаргаж, авли­гын нүдээр ханддаг тэр байдлаас төрийн захир­гаа­ны байгууллага, ал­бан хаагчдыг холдуулж, иргэдээ "Хаан"-д дээдлэн харьцдаг болгох зорил­гын дор өөрийн хариуц­сан салбар бүрт дор­ви­той өөрчлөлтүүдийг хий­хийг хичээж байгаа.
Саяхныг болтол бид стандарт бус Засгийн га­зар гэдэг ярианд бүр дас­чихсан байлаа шүү дээ. Үүнийг өөрчилж, аливаа бүхнийг ёс горимд нь оруу­лахын төлөө ажил­лаж байна.
Засгийн газарт орж ажилласнаар шударга ёсыг тогтоож, үүрэг ха­риуц­лага, сахилга баттай ажиллах чиглэлээр бид­ний хийж байгаа ажил нийгэмд сайн үр дүн авч­рахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Засгийн газар болохгүй бүхнийг өөрчлөн шинэч­лэхийн төлөө шат шатан­даа хичээн зүтгэж байгааг шударгаар хэлэх ёстой. Мэдээж алдаа дутагдал байгаа л байх. Үе, үеийн Засгийн газруудад то­хиол­дож л байсан зов­лон бий. Өргөс авч бай­гаа юм шиг бүхнийг сай­хан болгож амжихгүй шүү дээ. Манай Засгийн газар эрүүл саруул сайхан ний­гэм, сайн эдийн засагтай улс орныг хүлээж аваа­гүй болохоор эмчлэх, эрүүлжүүлэх ажил маш их байна.

-Ерөнхий сайдыг огц­­­­руулах асуудлыг УИХ-аар хэлэлцвэл танай намынхан эсрэг талд кноп дарахгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Манай намын Гүй­цэтгэх зөвлөлөөр асууд­лыг хэлэлцэж эцсийн шийд гаргаагүй учраас тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй. Шадар сай­дын хувьд өнөөдөр энэ Засгийн газраас гарна, ажил нь муу явж байна гэж хэлэх эрт байна. Өнөөд­рийг хүртэл хариуц­лага­тай ажиллахын төлөө л хичээж байна. Энэ Зас­гийн газрын үйл ажилла­гааны алдаа, оноог шу­дар­га үнэний дэнсэн дээр тавиад алдаа нь дийлж байгаа бол тэр асуудлыг ярих л ёстой. Асуудлын гол нь Засгийн газрыг огцруулах, үгүйдээ биш, дэвшүүлсэн зорилтууд, үйл ажиллагаа, ажлын үр дүн нь ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдэгт байх ёстой болов уу. Мэдээж сөрөг хүчний зүгээс элдэв өө сэв хайх сонирхол байж л байгаа. Тэгэх ч ёстой. Хэрэв УИХ, ард түмэн, манай намынхан энэ Зас­гийн газар хангалтгүй ажиллаж байна гэж үзэж, дүгнэж байгаа бол миний хувьд  албан тушаалтай зууралдаад суух сонир­хол байхгүй. Тийм ёс сур­та­хуунаар хүмүүжээгүй. Ажлаа өгөхөд бэлэн бай­на. Ер нь бол Засгийн газрын гишүүд өдөрт дор хаяж 12 цаг ажиллаж бай­гаа. Бямба гаригт ч ажил­лаж байна. Ням гаригт хариуцсан салбарынхаа үйл ажиллагаатай танил­цаж зохих арга хэмжээгээ авдаг. Тиймээс Засгийн газрын гишүүдэд амрах цаг байдаггүй. Энэ байд­лаар бид төр, түмнээ ман­лайлан, төрийн сайн ал­бан хаагчийн үлгэр дуу­райллыг үзүүлэхийг зорьж байна.

-Ерөнхий сайдыг огц­руулах үндэслэ­лүүд нь хэр бодитой санагдаж байгаа вэ?
-Ямар үндэслэлүүд тавьсныг харж амжаагүй байна. Миний сонссо­ноор бол зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуу­дал тавилаа гэж ойлго­сон. Үүнийг манай нам ч өөрсдийн түвшиндээ  су­далж үзээд байр сууриа тодорхой илэрхийлэх байх гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна, эдийн засаг өсөлтгүй  болсон нь Засгийн газ­рын буруу гэж үзээд байх шиг байна л даа?
-Тэр шүүмжлэлийг зөв­хөн МАН-ынхан хэ­лээд байгаа юм биш. Би сая Сонгинохайрхан дүүр­гийн 32 хороогоор явж 6000 гаруй иргэд­тэй уулзаж тэдний санал хү­сэлтийг сонслоо. Мөн "Шу­­дарга ёс" аяны хү­рээнд баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудад зөвлөгөөнүүд хийж ард иргэдийнхээ үгийг сонс­лоо. Үнэхээр ард түмний амьдрал өнөөдөр хүнд хэцүү, сайжрахгүй байна.  Гадаадын хөрөнгө оруу­лалт буурсан нь бодит үнэн шүү дээ. Гэхдээ ин­гэж буурах үндэс шалт­гаан хэзээ, аль Засгийн газрын үед тавигдсан бэ гэдгийг бас тунгааж, ялгаж салгаж авч үзэх  хэрэгтэй.  Мэдээж Оюу толгой, Та­ван толгойн гэрээг засч сайжруулах ажлыг энэ Засгийн газар хийхийг оролдож байгаа нь дээрх нөхцөл байдалд нө­лөөлж байгаа. Гэхдээ анх­наасаа тэр гэрээнүүдийг зөв, шударга хийчихсэн бол ийм байдал үүсэхгүй л байсан. Тэр маапаан буд­лиантай гэрээний асууд­лыг тухайн үед нь бидний хэсэг нөхөд ярьж, засаж залруулахыг шаар­­­­даж, УИХ-ын тог­тоол хүртэл гаргуулж байс­ныг хүмүүс мартаа­гүй байх.

-Бүтээн байгуу­лал­тын ажил эхлэхгүй бай­на гэдэг шүүмжлэл ч бий...
-Өвлийн тэсгим хүйтэн улирал одоо л дуусч урин дулаан цагтай золгох гэж байна шүү дээ. Үнэндээ Монгол Улсад бүтээн бай­­гуулалтын ажил дө­рөв­дүгээр сарын дунд үеэс л эхэлдэг. Тиймээс тавдугаар сараас эхлээд  энэ Засгийн газар юу хийх нь бодитоор харагдаад эхэлнэ дээ.

-Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуу­дал цагаа олоогүй гэж үү?
-Үүнийг асуудал тавь­сан хүмүүсээс нь асуувал дээр байх.

-Үнэхээр МАН-ынх­ны яриад байгаа шиг Ерөнхий сайд огцрох­доо хүртэл муу ажилла­сан гэж та үзэж байгаа юу?
-Аливаа шүүмжлэлийг бид хүлээж авч, сонсох хэрэгтэй л дээ. Гэхдээ Засгийн газрын танхимд сууж байгаа, дотор нь ажиллаж яваа хүний ху­вьд Ерөнхий сайдаа огц­рох ёстой гэж хэлэх нь одоогоор зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний бо­дитой үндэслэл хараг­дахгүй байна. Засгийн газар бол кабинетын зарч­­­маар ажилладаг бай­­­­гууллага. Үнэхээр болохгүй бүтэхгүй, хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол хэнбугай ч огцрох ёстой. Гэхдээ Шинэч­лэ­лийн Засгийн газар мэрийж ажиллаж байгаа. Хэрвээ огцрох ёстой гэдэг үндэслэл би олж харсан бол заавал хүнээр хэлүү­лээд чичлүүлээд  байх шаардлагагүй. Н.Алтан­хуягаа чи огцор, үгүй бол бид огцоръё гээд хэлчих­нэ. Н.Алтанхуяг  бол улс төрд олон жил болсон туршлагатай улстөрч, ажилсаг Ерөнхий сайд гэж би хэлнэ.

-Хаврын чуулганы нээлтийн хуралдааныг МАН, МАХН-ынхан хаяад гарсан.  Тэгэхэд сайдын албан тушаал авсан нөхдүүд суугаад үлдлээ гэдэг шүүмж­лэлийг намаасаа сонсч байгаа гэсэн...
-Бусад сайд нар нь суугаад үлдэж байхад Тэрбишдагва ганцаараа гараад явлаа гэсэн зэм­лэлийг нөгөө талаас авч байгаа. Би бол МАХН-ын дэд дарга. Тиймээс на­мын нөхдийнхөө шийд­вэ­рийг дагах учиртай. Намын даргаа шоронд суулгачихаад надад хамаагүй гээд суувал ёс жудаггүй хэрэг болно.
Тэгээд ч би Засгийн газрыг эсэргүүцэж УИХ-ын чуулганаас  гараагүй. Хэл­мэгдүүлэлтийг жиг­шиж байгаагаа илэр­хийлж гарсан юм.

-МАН-ынхантай хамт гараад явах бай­сан юм бол яах гэж тэр намаас гарсан юм бэ гэдэг асуулт гарч ирэх­гүй юу?
-Миний баримталдаг хамгийн гол зарчим бол шударга үнэний төлөө байх. МАН-ын удирдла­гад гарсан цөөн хэдэн нөхөд хууль журам, ёс суртахууныг улан дороо гишгэж эхлэхээр нь тэд­нээс салсан. Энэ салаа замын эхэнд мөнгө, эрх мэдэлд хэт дулдуйдсан хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэд МАН-ыг хувийн компани шигээ үзэж, өөрс­дийн эрх ашгаа гүй­цэлдүүлэх хэрэгсэл бол­гон ашиглах болсноор бидний дунд үзэл санаа­ны зөрчил үүссэн. Намын хамт олон жирийн гишүү­дэд буруу байхгүй. Чуул­ганыг эхлээд орхиж гар­сан нь манай намын­хан шүү дээ. Ха­рин бидний араас  МАН-ын­хан гарч ирсэн. Хэн нь хэнийгээ дагасан, хэн нь түрүүлж үг хэлснийг бүгд харсан биз дээ.

-Чуулганы хурал­даа­ныг орхиж гараагүй хүмүүсийг Н.Энхбаяр даргын гэргий дарамт­лаад байгаа юм уу?
-Мэдэхгүй. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд энэ на­мыг хамтын хүчээр удир­даж байгаа. Тиймээс Н.Энх­баяр даргын гэр­гийн асуудал тусдаа.

-Ер нь Н.Энхбаяр дар­­гыг суллуулж ча­дах­гүй байна гэдэг ханд­лагатай дарамт намын зүгээс ирдэг үү?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хоригдол мөн гэдгийг гад­на, дотнын хүний эрхийн байгууллагууд хэлчихсэн шүү дээ. Намын дарга нь улс төрийн хэлмэгдүү­лэлтэд өртөж, шоронд  хоригдчихоод байхад намын дэд дарга хүнд байдалд байлгүй яахав.  Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэх ажил өнөө­дөр ч зогсоогүй,  үргэл­жилсэн хэвээр байна. Түүнийг шоронд хорьс­ноосоо хойш нэг ч удаа салхинд гаргасангүй.  Дэл­­хий нийтээрээ шо­рон­гийн хоригдлыг сал­хи­луулдаг журамтай.  Мон­голын шоронд хориг­дож байгаа хүмүүс ч өдөрт ядаж нэг цаг сал­хилдаг биз дээ. Гэтэл энэ журам Н.Энхбаяр даргад үйлчлэхгүй байна.
Тэр бурхны тухай ном орчуулъя гэдэг хүсэлт өөрөө тавиад байгаа юм билээ. Тиймээс өрөөнд нь нэг компьютер оруулах гээд хоёр сар хөөцөл­дөөд дийлэхгүй байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайд,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөв­шөөрсөн.  Ингээд яг өрөө рүү нь оруулах дээрээ тулахаар АТГ зөвшөө­рөхгүй гэдэг шалтгаанаар дахиад хойшилчихож байна. Дэлхий нийтээрээ  өнөөдөр хоригдлууд зу­рагт үзэж байна, сонин хэвлэл уншиж байгаа. Н.Энхбаяр даргын өрөөнд  компьютер оруу­лах нь үүнтэй л адил. Түүний компьютерт гадаг­шаа ертөнц рүү нэвтрэх боломжгүй тусгай прог­рамм суулгана. Зөвхөн интернэт рүү орж юм ун­ших, word дээр юм бичих зориулалттай компьютер өгье гээд байгаа юм. Гэ­тэл зөвшөөрөхгүй байна шүү дээ. Өнөөдөр Энх­баяр гэдэг хүн ялтан бол­сон учраас АТГ-т хамаа­гүй болсон баймаар юм.  Ийм ярвигтай асуудлууд байсаар байхад  "Бид хамтарсан Засгийн га­зарт орчихсон юм чинь та нарыг танихгүй" гэж на­мынхандаа хэлэх эрх байхгүй. Намын нөхдүүд ч хэлэх зүйлээ хэлэх эрх­тэй. Тийм учраас дарамт гэхээсээ илүү улс төрийн амаргүй нөхцөлд ажил­лаж байна.

-Гэхдээ та Н.Энхбая­рын төлөө Засгийн газарт ороогүй биз дээ?
-Би Н.Энхбаярын тө­лөө Шадар сайдын ажил хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Намын нөхөд надад итгэл өгч Шадар сайдын ажилд оч гэсэн. Тэр дагуу л энэ албыг хашиж байн. Нөгөө та­лаар МАХН-аас хэлмэг­дүүлэлтийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг бас зөвөөр ойлговол сайн байна. Бид зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний төлөө яваад байгаа юм биш, ерөөсөө "хэлмэг­дүүлэлт" гэдэг нийгэмд амь бөхтэй оршсоор бай­гаа бусармаг зүйлийн эсрэг л тэмцэж байгаа юм.

-МАХН-ын дарга Н.Энх­баярын анх ба­ривч­лагдсан газар хана босгож байгаа нь ямар учиртай юм бэ?
-Тэр бол хэлмэгдүү­лэлтийг эсэргүүцэж хана босгож байгаа юм.  Мон­голд өнөөдөр болж бай­гаа хэлмэгдүүлэлт энэ хананаас цааш битгий гараасай, дахиад хэлмэг­дүүлэлт битгий болоосой гэдэг үүднээс хана босгож байгаа юм. Хэлмэгдүү­лэлт зогссон тохиолдолд энэ хана нурах ёстой.

-МАН, МАХН хоёр  ний­лэх тухай нэг хэсэг яригдсан. Ерөнхий­лөг­чийн сонгуульд хам­тарч орох асуудал яриг­даж байгаа юу?
-Ерөнхийлөгчийн сон­гуульд хамтарна гэхээсээ илүү нэг угшилтай, үзэл баримтлал ижил төстэй намууд эх орон, ард түм­нийхээ  эрх ашгийн төлөө хамтарч ажиллах хэрэг­тэй. МАН, МАХН хоёр бол нэг угшилтай журмын нөхөд. Өнөөдөр бидэнд үндэсний эв нэгдэл гэдэг юм юу юунаас  чухал байна. Тэр байтугай эсрэг тэсрэг үзэл бодолтой на­мууд үүний төлөө хамтрах ёстой. Гэхдээ энэ хамтрал хуулийн хүрээнд л байх ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнээ танай нам зарласан. Тэр дунд таны нэр бий. Хувь хүнийхээ хувьд танд дэвших бодол бий юу?
-Нам болгон Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвших олон лидертэй гэдгээ зарлаж байна.   Ма­найд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чадвартай боловсон хү­чин олон бий. Монгол­чууд  ноён нуруутай,  ухаантай, эх оронч, шу­дарга, хүний мөс жудаг­тай хүнд хайртай шүү дээ. Ард нь аль нам байна гэхээсээ илүү хувь хүнийх нь мөн чанарыг харж сонгодог. Энэ үүднээс ард тү­мэн сонголтоо хийх биз. Ерөн­хийлөгчид ма­най намаас хэн нэр дэв­ших вэ гэдэг асуудлыг бага чуулганаар шийднэ. На­дад албан тушаалын амбиц байдаггүй. Ажил хий гэж итгэл хүлээлгэвэл ямар ч ажил оногдуулсан  түүнд нь эзэн болохын төлөө л зүтгэдэг.

-ОБЕГ-ын даргад өгөх ёсгүй байсан цол олгосон, хууль бусаар томилсон гэ­дэг асууд­лаар таныг Цэцэд өг­чих­жээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Захиалгатай юм зөн­дөө явж байна. Тодорхой тайл­бар­лавал эхний асуу­­дал нь Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын асуу­дал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагч нь Шадар түрүүчээс тэргүүн ко­мис­сар гэсэн цолны зэрэг­лэлтэй бай­хаар хуульчилж 2012 оныг хүртэл хэрэглэж ир­сэн. Хуульд нэмэлт өөрч­лөлт орж ахлагч нь онцгой байдлын дэд ахлагчаас ху­рандаа гэсэн цол хэ­рэглэхээр заасан. Намайг ОБЕГ-ын даргад цол ол­гох үед "Цол олгох журам батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөг­чийн 2005 оны 51 дүгээр зар­лиг хүчин төгөлдөр бай­сан учраас түүний  хү­рээнд хуульд заасны да­гуу л  цол олгосон. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбог­дох бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй.
Хоёр­дугаар асуудал гэвэл Мон­гол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар аль ч агентлагийн даргыг Засгийн газрын гишүүн томилох эрх­гүй. Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлдөг. Харин Засгийн газрын гишүү­ний хувьд эрхлэх асуудлын­хаа хүрээнд хамаарч байгаа агентлагийн дар­гаар хэнийг томилох тухай санал л гаргах эрхтэй. Миний хувьд хуу­лиар олгосон эрхийнхээ хүрээнд саналаа гаргасан.

-Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн нууц данс ил болж эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрэн сурвалжлах сэт­гүүлч­дийн олон улсын холбоо нууц данстай 130 гаруй мянган хүний нэрийг гаргачихсан юм билээ. Тэр дунд Монголоос  хэдэн хүн байгааг мэдэхгүй.  Ямар ч байсан С.Баяр­цог­тын нэр ил боллоо. Хүн данстай байж болно. Шударга хөдөлмөрөө­рөө мөнгө олоод түүнийгээ аль ч улсын банкинд данс нээлгэн хад­галуулах нь хүний эрх.  Харин тэр мөнгөө луйв­рын аргаар, эсвэл монгол­чуу­дынхаа баялгийг гадны­ханд өгч олж авсан бол байж болохгүй зүйл. Тиймээс УИХ-ын гишүүдийг нууц данстай эсэхийг шалгах хэрэгтэй. Төрийн өндөр алба хашиж байсан, одоо сайд, дарга хийж яваа хүмүүсийн дансыг шалгаж үзэх ёстой. Буруу аргаар олж авсан мөнгөө хадгалуулсан бол тодорхой хувийг нь Монголдоо авъя  л даа.

-Та тийм данстай юу?
-Байгаа, үгүйг нь шалгах л хэрэгтэй. Шударга байя л даа.

-Ерөнхий сайдыг Бурхан халдун ууланд төөрөхөд та газар дээр нь очсон гэл үү?
-Онцгой байдлын ерөн­хий га­зар Шадар сайдын эрхлэх асуу­далд хамаардаг. Энэ салбар бол үнэхээр ха­риуц­лагатай байхыг шаард­сан хүнд хэцүү ажилтай л даа. Яагаад гэвэл хүний амийг аврах ажлыг цаг минуттай уралдаж хийдэг учраас тэр. Энэ салбарыг өөрчилж, ажлыг нь сайжруулахын төлөө зүтгэж л байна.
Ерөнхий сайд төөрч, холбоо тасарлаа гэсэн мэдээг Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Батбаатар ням гаригийн өдөр  над руу утас­даж хэлсэн. Түүнийг сон­соод би тэр даруй Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулсан. Ингээд улсын онцгой комисст хамаардаг хууль, хүчний байгууллагын хол­бог­дох хүмүүсийг орой 22.00 цагт цуглуулж яах вэ гэдгээ шуурхай ярилцаад шийдвэр гаргаж, газар  дээр нь өөрөө биечлэн очихоор явсан. Х.Тэмүү­жин сайд, Д.Бат-Эрдэнэ сайд хоёрт "Өнөө шөнө унтаж болохгүй шүү" гэдэг үүрэг өгөөд шөнө 12.30 цагт хотоос  машинтай гар­сан. Цаг агаар ер нь хүнд байсан л даа. Шөнөжингөө давхиад өглөө үүрээр Бурхан хал­дун уулын өвөрт очсон. Биднийг очсоны дараа араас нисдэг тэрэг ирж, уулан дээгүүр нисэж хайлт хийсэн. Аз болоход төөрсөн 70 хүн хоёр хэсэг болон тасарсан ч бөө­нөөрөө байсан. Тэгээгүй хоёр, гурваараа тасарч төөр­сөн бол цээжээр татсан их цасанд эрсдэх аюул бай­сан.  Ингээд аюул багатай тэр хүндрэлийг амжилттай давж гарсан шүү.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Wednesday, 10 April 2013

Г.Эрдэнэбат: "Манай хэд алж өгч байна аа" гэж бодож болохоо байсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр сургуулийнхаа багш, оюутны төлөөлөлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очиж, цаг агаарын хүндрэлээс болж амьдрал ахуй нь хүндэрсэн айлуудад туслаад ирсэн юм. Энэ талаар нь болон эрхэлж буй ажлынх нь хүрээнд өрнөж буй сонин сайхан үйл явдлаас нь сонирхож асуулаа. 

-Та хөдөө яваад иржээ. Малчин айлд тусалсан байна. Энэ ажлыг хэн санаачилсан юм бэ?
-Манай сургуулийн багш нарын 80, 90 хувь нь хотод төрж өссөн, хөдөөний амьдрал төдийлөн сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Цас зудын аюул, малын хорогдол гэж юу байдгийг гадарлах ч өөрийн бие сэтгэлээр туулсан нь ховор. Гэсэн ч цаг агаарын хүндрэлээс болж мал байтугай хүмүүсийн амьдрал хэцүүдэх бэрхшээл тохиолдоход бүгд чин сэтгэлээсээ туслах ухамсартай хүмүүс. Энэ удаа бидний 214 багш, ажилчин сая гаруй төгрөгийн хандив цуглуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хамгийн наад талын багийн малчин хоёр айлд тусламж үзүүлээд ирлээ. Малчдын нэрийг хэлээд яах вэ. Багш, удирдлагын төлөөлөл, оюутан нийлсэн 12 хүн явсан. Малчдын хашаа хороог цэвэрлэж, өвс татаж өгч тусаллаа. Гурил, будаа зэрэг ойр зуурын хэрэгцээний хүнс, лаа шүдэнз ч хүргэж өгсөн. Илүү гарсан бэлэн мөнгийг ч хэрэгтэй зүйлдээ зараарай гээд өглөө. Малчид их баярлаж байна. Нэг айлынх нь гэрийн эзэн хөлөө хугалаад хэвтчихсэн, нөгөө айлд нь өрх толгойлсон эгч, хэдэн хүүхэд л байдаг юм билээ. Хоол хүнсийг бол аваад очсон. Харин өвсний тухайд Багануураас машин олоод, худалдаж авсан.

-Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалжээ...
-Тэгсэн. Тэр хоёр айлын амьдрал ер нь анхаарал татахаар болоод байж.

-Яагаад заавал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумыг сонгов. Танай нутаг болохоор уу?
-Би Цэнхэрмандалд байсан л даа. Гэхдээ Өмнөдэлгэрт төрж өссөн. Жинхэнэ нутаг гэвэл тэр. Энэ жил зүүн аймгууд цас ихтэй байна. Зарим газар зудтай. Манай сургуулийнхан ярилцаад хол Дорнод аймагт хүрч очих хэцүү, тиймээс хаваржилт хүндэрсэн, хотод ойр нутгийг сонгоё гэж ярилцсан юм. Тэгээд Цэнхэрмандал сум руу ярихад энэ хоёр айлыг зааж өгсөн. Түүнээс биш заавал миний нутаг ус гэж онцлоогүй. Оюутнууд, бүр тавдугаар ангийн жаахан хүүхэд ч явсан болохоор нэг их хол явахгүй байх нь зөв гэж ярилцсан. Тэнд цас харьцангуй гайгүй ч хүйтэн болохоор адилхан зутарсан байлаа. Сумын Засаг дарга нь Баатар гэж хүн байна билээ. Засаг дарга ч, айлынхан ч биднийг тусалсанд баярлаад нүд нь гялалзаад л үлдсэн дээ. Энэ малчдад туслах аяныг ССАЖ-ын сайдын гаргасан уриалгын хүрээнд зохион байгуулсан юм. Төв суурин газрын байгууллага, хамт олон сайн дураараа хүнд хэцүү үед малчдадаа туслах аян өрнүүлэхийг уриалсан. Үүний хүрээнд амжуулсан ажил. Дуулаачийн ангийн оюутнуудаа авч явсных малчдын сэтгэл санааг өргөж ая дуу өргөсөн. Оюутнууд маань чин сэтгэлээсээ тусалъя гэж очсон болохоор машинаас буугаад л хашаа хороог нь цэвэрлэхээр ханцуй шамлаад орсон нь сайхан байлаа. Түүнээс биш албан журмаар, сургууль л явуулсан болохоор ирлээ гээд гараа хумхиад зогсоод байвал хэцүү.

-Цэнхэрмандал сумын талаар танилцуулаач та, юугаараа алдартай вэ?
-Цагаан тугалганы үйлдвэртэй байсан нутаг. Цагтаа 500 ачааны машин холхиж байлаа. Одоо байхгүй л дээ. Хар зүрхний хөх нуур гэж байгалийн үзэсгэлэнт газар бий. “Нууц товчоо”-нд гардаг Сэнгүр буюу өнөөгийн бидний мэдэх Цэнхэрийн гол урсдаг.

-Шар айрагны нэр үүнтэй холбоотой юу?
-Мэдэхгүй. Мал аж ахуйн машинт станц гэж социализмын үеийн нөлөө бүхий аж ахуйн нэгж байлаа. Мянгат малчин алтан Мажиг, өнө алдартай хар азарганы эзэн залуу хэн билээ, улсын начин Батбаяр, циркийн нэрт жүжигчин Мажигсүрэн гээд алдартан олонтой.

-Сайхан ажил өрнүүлжээ. Оюутнууддаа энэ бүхний талаар танилцуулж явсан биз ээ. Танай сургуулиар сонин сайхан юу байна?
-Сургуулийн ажил ундардгаараа ундраад л. Дуусдаггүй, дундардаггүй ажил гэвэл сургалтын байгууллагынх. 75 жилийн түүхтэй сургууль өөрийн гэсэн онцлог, дэгтэй, бичигдээгүй хууль ч олонтой. БШЯ-наас хэрэгжүүл гэж шахаж буй ёсоор багш нараа хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Багш нар сайн байвал оюутан, сурагчид сайн байна. Хавар сургуулийн тайлан тоглолт гэж том юм болдог. Энэ жил анх удаа өөртөө ахадсан ачаа үүрэхээр шийдсэн. Сургуулийнхаа дуучид, найрал хөгжим, балетийнхныхаа хүчээр “Дидона, Эней” дуурь, “Шопениана” бүжгийн жүжиг тавих гэж байна. Үүнд бүгд бэлтгэж байна.

-Та дуучин хүн. Тайзнаа олон жил дуулсан. Дуурийн театрыг ч нэлээд хэдэн жил удирдсан. Сургалтын байгууллагын ажлаас зарим үед залхах юм уу?
-Уран бүтээлийн байгууллага нэг талаар амар л даа. Зорьсноо яг таг хийчихээд, төлөвлөсөн тодорхой ажлынхаа ард гараад гүнзгий амьсгаа авч байх аз жаргал байдаг юм. Гэхдээ энэ том, тусгай сургалттай сургуульд сайхан л байна. Гол нь сэтгэлээсээ ажиллахад бүх юм болдог. Хамт олноо ойлгож, итгэл хүлээлгэж, багш, оюутнуудын зовлон, жаргалыг мэдэрч ажиллах чухал. Шантардаг юм уу, болимоор байна, гарах гэсэн юм гэсэн хүүхдүүд мэр сэр байдаг. Тийм тохиолдолд асуудал юунд байна, бэрхшээл хаанаас гараад байгаа талаар харилцан ярилцаж, сонгосон мэргэжил нь чухал болохыг ойлгуулж, тайлбарлаж санаа бодлыг нь эргүүлсэн удаа нэг биш. Гол нь хэчнээн багшийн үйл тамыг эдэлж байж өнөө хүрчихээд үр дүнг нь үзэхгүй замын дундаас болих гэж байгаа юм гэдэг асуудал тавьж байлаа. Ярьж ухуулсаар өнөө орхино, хаяна гэж байсан мэргэжилд нь дурлуусан амжилт бий. Өөр сургууль руу юу юугүй явах гэж байгаад больсон гурван ч хүүхэд бий.

-Хувийн уран бүтээлээ орхиогүй биз дээ. Ойрд дуулахгүй байна уу даа?
-Ажил их. Гэхдээ дуучин хүн яаж дуулахгүй байж чадах вэ. Гурван ч шинэ дуу аваад ажиллаж байна. Манай онолын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Хангал хүрэн” гэж сайхан дуугаа өглөө. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Чимэддорж агсны шүлэг, гавьяат жүжигчин Т.Тэрбишийн хөгжим “Огторгуйн далай” гэж их гоё дуу өнөө маргаашгүй бичүүлэх гэж байна.

-Яруу найрагч нь “Дэрэнгийн хар азарга” уу?
-Тийм ээ, өөд болчихлоо шүү дээ. Энэ маш гоё шүлэгтэй. Сүүдэр үргэсэн талдаа сүүгээр бичсэн найраг, сүрэг сүргээр малын минь халуун мөртэй нутаг, ай миний огторгуй нөмөрсөн оюу далай, ай миний газар мялаасан ногоон далай гэж байгаа юм. Яасан ч гоё бичдэг юм. Би бүр бишрээд байгаа юм. Үнэхээр л уран үгийн мастер байж дээ.

-Энэ эко дуу юм аа даа...
-Тийм, эко дуу. Байгаль орчноо хамгаалахад ганц мод тарихаас өөрөөр нэмэр болж чадахгүй юм чинь, хүмүүст сэхээрэл болох гайгүй дуу гаргачихвал далайд дусал нэмэр гэж бодоод.

-Их сайхан үгтэй юм. Ая нь гоё бол хүмүүст тэр дороо хүрнэ дээ. Байгалиа хамгаалах уриа, дуудлага болгох дуу болговол яасан юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд тийм ажил өрнүүлж болохгүй юу?
-Угаасаа зохиогчид нь энэ дууг Засгийн газраас зарласан ажлын хүрээнд бичсэн юм билээ. “Эко ногоон хувьсгал дууны уралдаанд” гэсэн малгайтай ирсэн. Ер нь нэлээд нийгмийн ач холбогдолтой бүтээл болох болов уу.

-Тантай уулзсаных Монголын дуурийн урлагийн эргэн тойронд болж буй үйл явдлын тухайд санал солилцохгүй байж болохгүй. ДБЭТ-ын даргаар өөр мэргэжлийн хүн тавилаа гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үр дүнг цаг хугацаа харуулах байх. Одоо болж байна, болохгүй байна гээд байх юу байх вэ. Дуурийн театр гэдэг бол эмзэг газар. Хичээл зүтгэл, ур чадвар, сэтгэлээс гадна мэдрэмжээр удирдах байгууллага.

-Сая тоглосон “Кармен” тааруухан болж гэнэ. Үзэгчид сэтгэл дундуур гарсан байна билээ. “Кармен”-ий тулах хос баганын нэг Хозед дуулах тенор хоолойт дуучин дутагдах нь дээ. Олон жил энэ партийг авч явсан тенор нас барлаа. Танай сургуулиас гэхэд сайхан тенор гарах нь уу?
-Дуурь гэдэг нэг л хоолой дутвал босдоггүйгээр онцлог. Манай оюутнуудаас Содномдорж их дажгүй. Гэхдээ тенор хоолойт дуучдад яагаа ч үгүй байхад эрт том партиуд өгөөд, шахаад баллаад байх юм л даа. Бага багаар дасгаж, системтэй ахиулах ёстой. Би даргаар ажиллаж байх үедээ дуучингүй хэцүү байсан болохоор л Оросоос дуучид урьж дуулуулдаг байлаа. Ингэж ажиллахад хамтарсан сургалт болдог сайн талтай. Мөн гадаадын театрууд вокалын зөвлөх багштай байдаг. Манай театр ардын жүжигчин Г.Хайдав гуайг урьж, мэддэг болгоныг нь авч үлдэх хэрэгтэй байгаа юм. Тэр хүний нас гэдэг тэр чигээрээ туршлага. Монголын дуурийн урлагийн суурийг тавилцсанаас авахуулаад өнөө хүртэл багшилж байна. Хэлж заах юм ихтэй.

-Одоогоос арван жилийн өмнөхтэй харьцуулахад сонгодог урлагийн үзэгчид их хөгжжээ. Тэд маш сайн шүүмжлэгчид болсон байна. Та санал нийлэх үү?
-Нийлнэ. Цаг үеэ дагаад үзэгчид хөгжсөн. Харьцуулах зүйл тэдэнд байна. Гадаад дуурь үзэх болсон. Дурын хүн интернэтээс “Кармен”-ийг татаад харчихаж байна. Мэдэхгүй хэн нэгэн анх удаа үзэх гэж байгаа бол ер нь ямаршуу дуурь байдгийг мэдэх гэж интернэтээр үзэж өөрийгөө бэлдээд театрт ирдэг, гэтэл тоглолт санаанд нь хүрэхгүй, дуучид нь муу дуулаад байвал яах вэ. Дуурь муу боллоо гэнэ шүү дээ. Одоо бол хэдэн жилийн өмнөх шиг “Дуучид сайн байна, манай хэд алж өгч байна аа” гэж бодож болохоо байсан. Дуучин бүрээс ур чадвар, нарийн мэргэшил шаардах боллоо.

-ДБЭТ-т дуучин зарим хоолойн чиглэлээр дуучин хомсдолтой байх нь мэргэжлийн сургуулиудын сургалтын чанартай ч холбоотой болоод ирэх байх. Танайх энэ чиглэлд хэрхэн анхаардаг вэ?
-Сайн дуучин төрүүлэх гэдэг цаг зав, хөлс хүч их шаардсан ажил. Дөрвөн жилийн сургалтаар сайн дуучин болох оюутан төгсгөлөө гэхэд угтаж авсан байгууллага зөв залж, удирдаж хүч, чадварыг нь оновчтой хуваарилах бас чухал. Сайн дуучныг сургаж болох ч, төрмөл сайныг нь олж илрүүлж сургах хамгийн чухал.    
Р.ОЮУНЖАРГАЛ
"ӨДРИЙН ШУУДАН" сони
н

Sunday, 7 April 2013

"Улстөрчид хэт оролцвол инфляци өсдөг"

“Ярилцах танхим” -ынхаа энэ удаагийн зочноор Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдыг урилаа. Түүнтэй олны хүлээлт болсон эдийн засгийн зарим асуудлаар ярилцсан юм.

-Инфляци он гарснаас хойш нэлээд тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Үндэсний статис­тикийн хорооноос бүр хурд нь саарч байгаа талаар мэ­дээлсэн. Гэтэл олны дунд бий болсон үнэн, ху­дал мэдээлэл ялангуяа улс­төрчдийн янз бүрийн байр сууринаас үүдээд ирэх тавдугаар сард инфляци өсчихвий гэсэн айдас байна?

-Нэг зүйл онцолж хэлье.

Улстөрчид, Засгийн газар аж ахуйн асуудалд хэт оролцсоноос болоод инфляци өсөх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын төсвийн хуваа­ри­лалт хэт муу, зарлага их, хувийн салбараар дамжуулдаггүй, мөн төр хамгийн муу менежер байдгаас болоод үр ашиг муутай хөрөнгө их бий болж байна. Түүнчлэн төр засгийн сувгаар хуваарилж байгаа хөрөнгө  эдийн засагтаа эргээд хүнд дарамт авчирч инфляцийг өсгөчихдөг. Үүнийг бууруулъя гэвэл төсвийн зарлагыг багасгах ёстой. Өнөөдөр манай улсын зарлага бараг 50 хувьд хүрээд байна.

-Тэгэхээр төсвийн зарлагыг яг хэдэн хувьд байлгавал эдийн засагт халгаа багатай байдаг юм бол оо. Тухайлбал гадны хөгжингүй орнуудад? 

-Өндөр хөгжилтэй, инфляци бага байгаа орнуудыг ажиглахад төсвийн зарлагын хэмжээ нь ердөө 20-30 хувь л байдаг. Өөрөөр хэлбэл үр ашиггүй зарцуулах мөнгөн хө­рөнгө бага байх тусам инфляци нь доогуур хувьтай байна. Төсвийн мөнгөн хөрөнгө яагаад үр дүнгүй зарцуулагдаад байна вэ гэхээр та бүхэн ч мэдэж байгаа хавтгайрсан халамж буюу иргэддээ хэт өгөөж­гүй, бараажаагүй бэлэн мөнгө та­раах хувилбарыг улстөрчид гол болгодог. Эцсийн дүндээ тэд цөөн хэдэн үйлдвэрлэгчид, тат­вар төлөгчдийн мөнгийг үрэн та­ран хийж, улс төрийн зорилгоор зарцуулж байгаагийн илрэл юм. Мөн инфляцийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг том шалтгаан нь эдийн засгийн бүтцийн гажуудал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийнээр хэлэхэд хатуу, зөөлөн дэд бүтэц манай оронд маш сул дорой хөгжсөнтэй холбоотой. Тодруулбал цахилгаан, авто зам, ложистик муу хөгжсөн мөн бараа үйлчилгээний хангамжийн тогтолцоо буюу төв­лөрсөн, тогтвортой, нэгдсэн бод­лого байхгүйгээс болоод Засгийн газрын хийсэн ажил нь байнга зөрж, бараа, бүтээгдэхүүний догол­долд орж ирсэн. Үнийн хөөрөгдөл гарах байдал яг үүнээс болдог гэхэд болно. Хамгийн гол нь эдийн засагт байх ёстой дээрх эд ангиуд одоо алга учраас бугуйн цагтай харьцуулахад байнга эргэж байдаг хүрд нь ажиллахгүй байна гэсэн үг. Тиймээс инфляци доошоо нэг оронтой тоонд орно гэхэд бэрх л дээ.

-Түүнчлэн Монголбанк бод­логын хүүгээ дахиад нэг хувиар буурууллаа. Ер нь бодлогын хүү гэдэг ойлголт манай оронд сайн хэрэгждэггүй гэх яриа бий?

-Монгол Улсад мөнгөний хомс­дол байхад тодруулбал банкны салбарт буй 100 төгрөг тутмын 25 хувийг нь зээлийн эргэлтээс хасаж төв банкинд юмуу Засгийн газрын үнэт цаасанд барих шаардлага тавьж байгаа нь өнөөгийн эдийн засагт байж болохгүй хувилбар. Манай улсад мөнгө хүрэлцэхгүй байгаагаас болж Засгийн газар га­даадад бондоо зарж мөнгө олж ирээд байгаа биз дээ. Гэтэл дотроо гүйлгээнд буй өчүүхэн хэмжээний мөнгөнөөс 25 хувийг нь эргэлтэд оруулахгүй байна гэдэг нэг талаараа эдийн засгийн гажуудал үүсгэдэг. Ер нь бодлогын хүүгийн нөлөө бага учраас гажуудал бий болдог. Харин түүний оронд улс төсвийн зардлаа танаад ихэнх хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийг хувийн хэвшлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулбал илүү оновчтой, инфляци ч буурна.

-Нөгөөтэйгүүр төр засгаас инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг махны үнийг бууруулах, тогтвортой байлгахын төлөө нөө­цийн махыг бэлдэж олон жилийг ардаа үдлээ. Энэ хувилбар ингээд удаан оршин тогтноод байх нь хэр зүйтэй юм бэ?
-Махны асуудал дээр ингэж толгой гашилгаж байгаа нь үнэхээр Монголын эмгэнэл юм. Дэлхий дээр нэг хүнд хамгийн их мах ногддог орон. Гэсэн атлаа олон улсын зах зээлээс өндөр үнэтэй мах иддэг бас нөөцийн мах бэлддэг нь үндэсний эмгэнэл. Дотооддоо махыг ингэж бэлдэж буй нь эдийн засгийн ойлголтоороо нэг худалдан авагчаасаа нөгөө худалдан авагч нь авчихдаг. Түүнчлэн Засгийн га­зар энэ асуудал дээр оролцоод байх шаардлагагүй. Түүний оронд гадагшаа гаргахад бодлогоо чиг­лүүлж, ариун цэвэр, агуулах, гаа­лийн татвар, хяналтын ситем, тарифын болон тарифын бус аргад ан­хаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл махны гадаад худалдаан дээр чиглэж ажиллах цаг ирлээ. Дотоодын махны зах зээл дээр Засгийн газар хувийн хэвшилтэй шахцалдаж, оролцоод байх хэрэггүй. Үүнээс гадна мах бэлтгэгчдийн монополийг зад­лах, энэ зах зээл дээр илүү их өрсөлдөөнийг өрнүүлэх, мөн бо­ловсруулах үйлдвэрийг хувийн хэвшлийг дэмжих журмаар барих нь зүйтэй. Ингэхдээ тэднийг за­хиргааны болон зээлийн эргэн төлөлтийн байдал дээр нь дэмж­лэг үзүүлж болох юм. Тэгж байж гэмээнэ махны нийлүүлэлт тогтворжино шүү дээ. Бид тагтан дээрх махаа зүсэж идээд байдаг соц нийгмийн үеийг халах нь чухал.

-Түүнээс гадна өнгөрсөн жил төв банк инфляцийг буу­руу­лахын тулд бодлогын хүүгээ нэмээд байсан. Гэвч төдийлөн сайн үр дүнд хүрч чадаагүй. Харин Монголбанк өнгөрсөн гу­равдугаар сард 13,25-12,5 хувьд бууруулахтай зэрэгцээд инфля­цийн хурд саарч байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Чухам энэ сааралт юуны үр нөлөө байж болох вэ?

-Үүнд маш олон хүчин зүйл бий. Гэхдээ төсвийн зарлага буур­сан болохоор инфляцийн хурдад эергээр нөлөөлсөн. Түүнчлэн улир­лын эдийн засагтай манай орны хувьд энэ өвөл орлого харьцангуй буурсан болохоор бэлэн мөнгө хэвийн хэмжээнд байлаа. Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн сал­бараас орж ирсэн бараажаагүй мөнгөн хөрөнгийг халамж хэл­бэрээр зарцуулснаас болоод эр­гээд үнийн өсөлт, инфляцид нөлөөл­чихөж байсан.

-Ер нь инфляцийг бууруулахад үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй гэдэг. Гэхдээ манай орны хувьд жижиг дунд үйлдвэрлэл рүү хэт их мөнгө хаяж байна. Өмнөд Солонгос шиг ч юмуу олон улсад өрсөлдөх хэмжээний томоохон компаниудаа түрүүлж хөгжүүлбэл эдийн засгийг аваад явчих боломжтой талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин таны хувьд?
-Жижиг, том үйлдвэр нэг нэ­гийгээ үгүйсгэнэ гэсэн туйлшрал байж болохгүй. Үр ашигтай л бол аль аль нь ажиллаж байж эдийн засагт илүү тулгуур болно. Гэхдээ төрөөс дэмжинэ гэх хуучирсан нэр томъёог халах цаг ирсэн. Яагаад гэвэл ямар ч ашиггүй, явцгүй байгаа үйлдвэрт бидний татварын хэдэн төгрөгийг зүгээр өгчихдөг. Тэр үйлдвэр нь урт хугацаанд амьдрах чадваргүй байдаг. Харин тэрний оронд хамгийн ирээдүйтэйд нь дэмжлэг үзүүлэх нь зөв хувилбар байх. Мөн манайхан том үйлдвэр, компаниудыг түрүүлж хөгжүүлнэ гээд яриад байдаг. Энэ нь онолын хувьд байж болох ч Монгол Улсын хувьд хий дэмий ярианаас цаашгүй байна. Хамгийн гол нь жишээ, тооцоогоор батлах ёстой биз дээ. Тэгж байж илүү бодитой болно.

-Мөн АНУ ч юм уу, гадны бусад хөгжингүй орнуудад Үнийн комисс, бүр эдийн засагчдын зөвлөл, зарим оронд нь тусгай яам хүртэл байдаг. Манай улсад ийм зөвлөлийг байгуулбал ямар вэ?
-Үнийн хувьд нэн түрүүнд улстөрчид оролцох ёсгүй. Хэрэв үүн дээр төр дуугаараад ирвэл хөндлөнгөөс боомилох асуудал гарч ирдэг. Бид хэт мартамхай улс юм шиг санагддаг. Учир нь бүтэн 70 жилийн турш үнэ зохицуулж хор уршгийг нь мэдэрч ирчихээд одоо дахиад үнийн зохицуулалтад төр оролцоно гэвэл тийм ч сайн зүйл болохгүй.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ онд инфляцийн түвшинг найман хувьд хүргэнэ гэсэн төсөөллийг хэлсэн. Чухам эл амлалт тооны хувьд байж болох ч эдийн засагт хэр бодитой байх юм бол?
-Тооны хувьд боломжтой. Гагцхүү бодитой болгох ажлаа хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дээр дурьдсан эдийн засгийн бүтцийн гажуудлыг арилгаж, засварлах нь нэн түрүүний асуудал. Ингэж байж инфляцийг урт хугацаанд нэг оронтой тоонд барьж чадна.

-Түүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого сүү­лийн үед нэлээд муудаж бай­гаа талаар судалгааны бай­гуул­лагаас онцолсон. Гэхдээ үнээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчид гараа татах байдал ажиглагдаж эхэллээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Монголын төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд залгамж ха­лаагүй байдгаас болж хөрөнгө оруулагчид гараа татахад хүрсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан шийдвэрүүд эрс өөрчлөгдөж тэд­ний итгэлийг эвдэж байгаа нь их нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргагчдын өөр хоорондоо уялдаа­гүй, зөвшилцөлгүй гаргасан шийд­лээс болж өөх ч биш булчирхай ч биш зүйл өнөөдрийн манай нийгэмд бий болчихсон байна. Мэдээж хэрэг энэ бүх хариуцлагагүй байд­лын эцсийн үр дүн нь улсын нэр хүндийг гад­ныханд огцом унагачихлаа. Шинэ Засгийн газар маш яаралтай га­даадын хөрөнгө оруулалтын хууль, тогтоомжиндоо өөрчлөлт оруу­лахгүй бол хөрөнгө оруулалт цааш­даа ч буурах болно. Бүтээн бай­гуулалтын улирал эхлэх гэж буй энэ үед цаг хугацаа их алдаж байна. Тэгэхээр одооноос ярихгүй бол намар, өвөл хөрөнгө оруулат орж ирэхгүй шүү дээ.
-Манай зарим улстөрчид “Бид Хятадад хямдхан ч гэсэн нүүрсээ өгч байх хэрэгтэй. Учир нь тус улс манайхаас им­портын нүүрсний хамааралтай болтол бид бүтээгдэхүүнээ өгөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл 40 жилийн дараа ч юм уу, нүүрсний хэрэглээ бараг байхгүй болох мэдээ бий?

-Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй, алдагдалтай энэ байр суурь муу хариулт байна.

-Монголд зээлийн хүү хэт өндөр байгаа учраас бизнесийн салбарын хүрээ тэ­лэхгүй байна гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хамгийн энгийнээр хэлэхэд эдийн засаг тогтворгүй мөн урт хугацааны хөрөнгө оруулалт, хад­галамж байхгүй байна. Түүнчлэн хадгаламжийн хүү бас өндөр бо­лохоор зээлийн хүү ч гэсэн тийм хэмжээний байдаг. Эдийн засагчид энэ талаар өчнөөн хэлдэг. Даанч шийдвэр гаргагчид нь яаж тусдаг юм бүү мэд. Тиймээс миний хувьд нэг их дэлгэрэнгүй хариулмааргүй байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Л.БААТАРХҮҮ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


П.Цагаан: УИХ-ын гишүүд төлөвшөөгүй хүүхэд шиг байж болохгүй

tsagaanУИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр МАН болон МАХН-ын зарим гишүүд хурал орхиж гарсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан байр сууриа илэрхийллээ.

-УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч үгээ хэлж байхад МАН болон МАХН-ын зарим гишүүд танхимыг орхин гарсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай улсад парламентдаа олонхи нь шийдвэр гаргадаг, цөөнх нь шүүмжилдэг. Гэтэл энэ мөн чанараа ойлгохгүй байгаа мэт сонин үзэгдэл ажиглагдаж байна. Ерөнхийлөгч төр засагт цөөнхийн дуу хоолой сонсогдох ёстойг байнга дэмждэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн дараа МАН хурлаа хаяж бүлэг байгуулах эрхээ алдчихсан байхад нь Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзаж, өөрөө хууль санаачлан цөөнхийн эрх зүйн статусыг баталгаажуулсан шүү дээ. Тэр үед МАН-ын дарга нар байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлж, тааралдахдаа гар барьж байсан санагдаж байна. МАН бүлэгтэй болсон учраас УИХ-ын индэрийг ашиглан үг хэлэх эрхтэй болсон. Гэтэл тэр эрхээ эдлэхгүй, парламентад байхгүй хүмүүс шиг гудамжинд гарч хаврын "синдром" эхлүүлж байгаа мэт байна. Тэд байгаа онохгүй зүйл ярьж, хэлж байгаа нь харамсалтай. Тэр хүмүүс
өөрийнхөө үйлдэл, үгийг бодох хэрэгтэй. Цөөнх үгээ хэлэх газар нь УИХ шүү дээ. Ерөнхийлөгч ийм боломжийг нь бүрдүүлчихээд байхад ашиглахгүй гудамжинд гарч жагсаад байгаа нь хаана, юу хийхээ мэдэхгүй байна гэж ажиглаж болохоор байна.

-МАН-ынхан "Чингис" бондыг багагүй шүүмжилж байна. Засгийн газар ирээдүйгээ өрөнд оруулж байгаа мэт ярьж байгаа нь хэр үндэслэлтэй бол?
-Гайхшрал төрүүлж байна. Хэдхэн сарын өмнө АН, МАН, "Шударга ёс" эвслийн гишүүд хамтдаа сууж байгаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхдээ "Чингис" бондыг гарга гээд шийдвэр гаргасан. Үүний дагуу 1.5 тэрбум төгрөгийн бондыг дэлхийн зах зээл дээр арилжсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь шийдвэрээр мөнгө босгоод, хөрөнгө оруулаад бүтээн байгуулалт хийе гэхээр эсэргүүцээд байх юм. Ой санамж ингэж богиносч болохгүй л дээ.

-Ерөнхийлөгч үгээ хэлж байхад танхимыг орхиж гарсныг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч үнэн үг л хэлсэн шүү дээ. Монголын ард түмний хүсэн хүлээсэн үгийг иргэдийнхээ нэрийн өмнөөс дамжуулж хэлсэн. Гэтэл буурь суурьтай гэгддэг намынхан ард түмний төлөө хэлсэн үнэн үгийг сонсох тэвчээргүй болчихсон юм уу. Монгол Улсад улс төр, бизнесийн тогтвортой байдал, ард түмний энх амгалан амьдрал хэрэгтэй. Гэтэл ард түмнийг төлөөлсөн гишүүдэд ард түмний төлөө хэлсэн үгийг сонсох тэвчээр цутагдаж байна гэдэг нь харамсалтай байна. Эхлээд бие, биенээ сонсч сурах хэрэгтэй. Дараа нь шүүмжлэх эрх нь бий шүү дээ. 20 гаруй жилийн өмнө Монгол бусдаас сурах гэж гүйдэг байсан бол хэдхэн хоногийн дараа 100 гаруй орны төлөөлөгчид Монголын ардчиллаас суралцах гэж байгааг Ерөнхийлөгч хэлсэн. Ийм байхад төлөвшдөггүй хүүхэд шиг байж болохгүй. УИХ-ын гишүүд суух ёстой газраа суухгүй бол оронд нь тариа тарьж байгаа хүмүүс ирээд суудал дээр нь суух хэрэгтэй биз дээ.
Ц.ӨРНӨХ

О.Чулуунбат: Энэ бол зах зээл өөрөө монголчуудад өгч байгаа үнэлгээ


Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тайланг гаргахаар Монголын Засгийн газар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтарч ажилласан анхны тохиолдол байлаа. Хөрөнгө оруулалтын бодлого, орчин нөхцөл ер нь хаашаа явж байна вэ?
-Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна, эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад эрх баригчдын явуулж байгаа бодлого нийцэж байна уу, юун дээр нь монголчууд их сайн бодлого явуулж, юун дээр алдаж байна гэдэгт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас бие даасан хараат бус үнэлгээ дүгнэлт өгч, тайлан гаргаж байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн баг манайхыг судлаад өөрсдийнхөө урьдчилсан үнэлгээ, тайланг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийг нээлттэй хийж, Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн хүмүүс оролцлоо. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын судлаачид ч идэвхитэй оролцсон гэдэг утгаараа нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон.
Манай хөрөнгө оруулалтын орчин бол ерөнхийдөө таатай орчин, Монгол Улс хөгжиж байгаа орон. Татварын хувьд их таатай бодлого явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалт их сайн байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч урамшуулдаг. Үүний үр дүнд манай эдийн засаг 17 хувьд хүрч өссөн, өнгөрсөн жил 13 хувьтай байсан. Энэ жил бас нэлээд сайн өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэвч сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд жаахан муу талдаа гараад ирлээ. Жишээ хэлье. Нэгдүгээрт төсвийн орлого багасаад ирлээ. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр байдаг Монголын бүх төслүүдийн үнэлгээ сүүлийн нэг жилийн дотор 70 хувь хүртэл уначихлаа. “Оюутолгой”-гоос эхлээд “Саусгоби ресурс”, “Сентерра гоулд”, “Инержи ресурс”, “Хүннү Соал” гээд 30-40 том төсөл гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Энэ уналтыг зөвхөн тэдний үнэлгээ унаж байна гэж гэнэнээр бодож болохгүй. Монгол Улсын үнэлгээ уначихаад байна. Жишээ нь, та бид хоёр 1000 долларын цалинтай байлаа гэхэд “300 долларын цалинтай л ажилла, та хоёрын чадвар энэ” гэсэнтэй л адилхан байхгүй юу.

-Тэгвэл дотоодын бирж дээр байдал ямар байна?
-Яах вэ, гадаадынхан Монголыг үзэхээ байг гэж бодьё. Гэтэл Монголын хөрөнгийн бирж дээр оны эхний гурван сар дуусаагүй байхад 11 хувиар уначихаад байна. Эдийн засаг нь өсөөд байхад хөрөнгийн бирж нь унаад байна гэдэг чинь мөнгө зугтаж байгаагийн илрэл. Тэгээд дээр нь Улаанбаатар хот дахь оффисууд их суларч байна. Гадаадын компаниуд, эсвэл мөнгөтэй компаниуд оффисоо түрээслэхээ болиод явж байна. Наад захын жишээ авахад томоохон банкууд маань нийлээд жилдээ 40-50-хан хүнд моргейжийн зээл өгч байна. Цагтаа 400-500-гаар нь өгч байсан шүү дээ. Одоо гэтэл нэг банкин дээр 10-20-иос хэтрэхгүй байна. Энэ сайн үзүүлэлт биш шүү. Ажлын байрыг хамгийн сайн бий болгодог зүйл бол хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулагчид олноороо байвал адгийн наад зах нь тэд чинь орон сууц, машин унаа, хоол хүнс хэрэглэдэг. Уул уурхай дээр нөгөө том том машинууд, өрөмдлөгийн хэрэглээ бий болно, маш олон монгол ажилчдыг араасаа чирнэ. Тэр нь байхгүй болчихоор ажилгүйдэл нэмэгдэж байна. Ажлын байр өсөөгүй цагт моргейжийн зээл явахгүй. Ажилтай орлоготой нэг хэсэг нь моргейжийн зээлээ авчихсан. Одоо шинээр ажилд орж байгаа хүмүүс моргейжийн зээлээ авах ёстой шүү дээ. Тэр нь байхгүй болчихлоо. Гэхдээ энэ бол миний хувийн дүгнэлт шүү.
 
-Тэгвэл Монголоос мөнгө зугтаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь юунаас болсон бэ?
-Өнгөрсөн жил бид Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан, яаруу сандруу ч баталсан. Дараа нь Оюутолгой, Чалкотай хийсэн маргаан энэ тэрээс болоод зах зээл өөрөө Монголын эдийн засгийн бодлогод өгч байгаа дүгнэлт байхгүй юу. Энэ миний дүгнэлт биш. Тэгэхээр бид энэ зэргийн юмыг эргэж харах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын орчноо жаахан өөрчилье, хууль эрх зүйн орчноо жаахан таатай болгоё гэсэн тийм л санаа яригдсан. Либералчилж байна гээд 1997 оных шиг баруун солгойгүй цацаад бай гэсэн үг биш. Нэг их цацаад байсан ч юмгүй, арын хаалгаар л баахан хүмүүс хувааж авсан юм байна лээ л дээ. Улсын баялгийг ашиглах зөвшөөрөл авсан хүн бас нэг улсдаа мөнгө төлдөг байя, мөнгөтэй компаниудад нь өгье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулья. Тэгэхгүй лиценз авч хадгалчихаад дамжуулж наймаалаад байна гэдэг уул уурхайн хөгжил биш. Мэргэжлийн компаниуд нь авбал эхний жилээсээ л хайгуулаа хийгээд эхэлнэ, Монголд өчнөөн ажлын байр бий болно биз дээ. 

-Хөрөнгө оруулалт буурсан дүн гарах нэг шалтгаан нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчид бүх хөрөнгө оруулалтаа татаад дуусчихсантай холбоотой юм биш үү? Гэтэл араас нь орж ирэх өөр том хөрөнгө оруулагч алга?
-Тийм л дээ. Эхлээд тахиа маань өндөглөөтхөг. Тийм биз дээ. Бид тахиагаа өндөглөхөөс нь өмнө цавччих гээд байна шүү дээ. Уг нь тахиагаа өндөглүүлж чадвал араас нь гарч ирж байгаа өчнөөн олон дэгдээхэйнүүд байна. Нөгөө дэгдээхэйнүүд чинь дахиад өндөглөнө, “Оюутолгой” шиг том болно. Гэтэл бүгд зогсчихлоо. Зарим нь хаалгаа хаагаад гараад явчихлаа. “Оюутолгой” шиг өнпдөглөхөд бэлэн болчихсон тахиагаа эд ингэж багалзуурдаж байгаа юм чинь бидэн шиг дэгдээхэйнүүд өөр энкүбаторт байж байя гэж бодно оо доо. Бид ганцаараа баян, баялагтай улс биш шүү дээ. Бид л тэгж өөрсдөө сэтгэлээ хуурч байгаагаас биш Мьянмар, Мазанбек байна. Афганистан одоохондоо дайнтай байна л даа. Мексик, Болив, Африкийн орнуудад баялаг байна. Мөнгө хийе л гэвэл. Тийм учраас бид ганцаараа хамгийн мундаг баялагтай гэж бодож болохгүй. Харин хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинг бүрдүүлсэн орнуудын тоонд бол байсан. Тийм учраас ядахдаа хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлье гэж байгаа юм, таатай биш шүү. Таван сая долларын хөрөнгө оруулсан хүн бол Монголд 20-30 жил ажиллахгүй л байх. Ядаж 4-5 жилдээ тогтвортой ажиллаг. 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүн бол 7-10 жил тогтвортой ажиллая гэж бодох байх. Тэрийг нь л хуулиар хамгаалаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ганц хоёр сайд хэлэлцээр хийж, түүнийгээ цүнхэлж ирээд Засгийн газраар батлуулчихаад  тэр нь ил тод, ард түмэнд нээлттэй биш байхаар сэжиглээд бөөн асуудал үүсээд байна. Тийм учраас хуулиар зохицуулья гэдэг санаа л явж байгаа.

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулья гэдэг дээр ямар ч байсан тогтоод төслөө өргөн барьчихлаа. Гэхдээ энэ хангалттай юу?
-Зөв голдрил руугаа явж байгаа, урагш хийсэн алхам бол мөн. Гэхдээ том алхам биш. Бид өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль дээрээ л жаахан косметик хагалгаа хийж байгаа байхгүй юу. Үсийг нь арай хэтэрхий арзайлгачихаж, хасаад өгье. Нүдийг нь буруу будсан байна, засаад будчихья л гэж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалтын дүн нь хамаагүй том болгоё, чөлөөтэй байлгая. Ганцхан гадаадын төрийн өмчийн компани орж ирвэл тэр нь УИХ, Засгийн газраар орж байж батлагддаг, зөвшөөрөгддөг байя л гэж байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон юм ерөөсөө байхгүй.  Дээр нь манайхны гадныхнаас жааахан шүүмж аваад байгаа зүйл бол нэг гэрээ байгуулдаг. Тэгээд хэлэлцээр хийж хийж гарын үсэг зураад хоёр тийшээ болсоны дараа дандаа нөгөө талаа буруутгадаг. Яг адилхан нөгөөдүүл чинь бас биднээс юм олчихьё л гэж ирж байгаа, бидэнд юм өгчихье гэж ирж байгаа хүн нэг ч байхгүй. Бид ч гэсэн олчихьё л гэж хэлэлцээрт орж байгаа шүү дээ. Монгол Улс чинь бас нэг “совесть”-той улс мөн биз дээ. Хариуцлагатай ард түмэн мөн биз дээ. Хэлэлцээр хийсэн нөгөө тал ч авах юмаа авна, Монгол Улс ч авах юмаа авна. Монгол их хохирчихсон байна гэвэл бид Монголын талаас хэлэлцээр хийсэн хүмүүстэйгээ л хариуцлагаа ярих ёстой. Тэд нар нь чимээгүй байгаад байхаар нийгэмд бухимдал үүсээд байх юм. “Үгүй ээ, бид Монголын эрх ашгийг ингэж хамгаалсан” гээд дуугараад өгөөч. Миний хүсэл бол энэ. Гадаадынхныг араас нь чимхээд байх нь гол нь биш.

-Та Оюутолгойн гэрээг энэ чигээр нь үргэлжлүүлэх ёстой гэж үздэг үү?
-Ажлыг нь эхлүүлэх ёстой. Ядахдаа эхний 2-3 жил харья. Таван жилд ч Оюутолгойн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөөсөө ихийг авч чадахгүй. Тэр болтол харья л даа. Тэгээд үнэхээр манайхаас илүү аваад эхэлбэл бид хөрөнгө оруулагчидтай ямар ч хэлбэрээр ярьж болно. “Оюутолгой”-г удирдаж байгаа хүмүүс чинь бас тэнэг улс биш. Монголын баялгийг авч байгаагийнхаа хувьд бид ард түмэнтэй нь хуваалцах ёстой гэсэн ухамсартай хүмүүс энэ төслийг ажиллуулж байгаа.

-Тэгвэл УИХ-ынхаа түвшинд хүртэл яагаад “Оюутолгой нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэж яриад байна вэ? Явсаар байгаад одоо бүр Засгийн газрынхаа түвшинд хүртэл нэгдмэл биш байр суурьтай болчихлоо шүү дээ. Танай сайд энэ гэрээг засах ёстой гэж ярьдаг байсан, Уул уурхайн сайд бас тийм байсан. УИХ-ын гишүүн байхдаа. Одоо сайд болоод байр сууриа өөрчилчихсөн юм уу?   
-Оюутолгойн төслийг зогсооё гэдэг оролдлого бол Монгол төрийн бодлого биш, монгол хүний зүрхнээс гарч байгаа үг биш гэж би бодож байна. Энэ оролдлого хаанаас хийгдээд байгааг би мэдэхгүй. Нэг чухал зүйлийг хэлье. Оюутолгой Засгийн газартай энэ гэрээг байгуулахаас гадна Монголын ард түмний өмнө их том үүрэг хүлээчихээд байгаа шүү дээ. Оюутолгойн баялгийн 70 хувийг монголчууд, 30 хувийг хөрөнгө оруулагчид авна гээд Монгол орон даяар өөрийнхөө хүлээх хариуцлага, үүргийг сурталчилсан. Тэр хамгийн гоё гэрээ, Монголын ард түмний өмнө тэдний авч байгаа үүрэг биш үү? Түүгээр нь л бид цаашаа явна шүү дээ. Өмчлөл бол чухал биш. Монголын Засгийн газар нэг хувийн өмчлөлгүй байсан ч орж байгаа орлогын ихэнх хувийг аваад үлдэж болно. Гэтэл одоо өмчлөлөөсөө болоод өрөнд орчихоод сууж байна.
“Бороо гоулд”-аар жишээ авья л даа. Засгийн газартай 1999 онд тогтвортой байдлын гэрээ хийсэн. Энэ сайн гэрээ биш, 100 хувь гадаадын мэдэлд байсан төсөл. Нэг хувь ч Монголын өмчлөл байхгүй, байсан хүн нь өөрөө зараад мөнгөө аваад зугтаачихсан. Гэхдээ энэ төсөл 10 жил ажиллахдаа нэг их наяд төгрөгийн алт олборлосон байдаг юм. Түүнээс монголчуудад өгсөн мөнгө нь бараг 60 хувь. Би бүгдийг нь балансаар нь авч үзсэн. Монгол Улс өмчлөгч биш мөртлөө бүх төрлийн төлбөр авч байсан. Нөөц ашигласны татвараас эхлээд ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь эрчим хүч, тээвэр, ус, хоол хүнс гээд дандаа Монголд төлбөр төлж байсан. Дэд бүтэц гэхэд хичнээнийг барив. Үйлдвэрлэлийг явуулахын тулд Зүүнхараа хүртэл зам тавилаа, эрчим хүчний шугам барилаа. Гэтэл бид Засгийн газарт заавал нэг том өмчлөл үлдээх гээд л улайраад байх юм. Төрийн өмчийн үйлдвэрүүд ямаршуу менежмент хийж байгааг бид МИАТ дээр харж л байна шүү дээ. “Эрдэнэт”-ийн шинэ удирдлага ч яриад эхэллээ, өч төчнөөн тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахсан байна гээд. Тэнд МИАТ-ээс хэдэн арав дахин муу менежмент явж байгаа, ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” байна. Төрийнх байвал бүгдээрээ л МИАТ-ын араас явна. Уг нь бид 1991 онд өөрчлөлт хийхдээ эдийн засгаа үр ашигтай болгоё л гэсэн шүү дээ. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд нь хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Гэтэл бид түүнийгээ үргэлжлүүлээд, дээрээс нь уул уурхайн хамгийн гоё төслүүдээ төрийн өмчид үлдээх гээд байна. 

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 4,6 тэрбум ам.доллараар төлөвлөсөн байтал долоон тэрбум ам.доллар давчихлаа гээд л боож үхэх гээд байгаа шүү дээ. Гэвч тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ?
-Мэдээж тоног төхөөрөмжид хамгийн их мөнгө орж байгаа. Дээрээс нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд сар болгон монгол ажилчдад 20-25 сая ам.доллар төлж байгаа. Жилдээ 250-300 сая ам.доллар. “Оюутолгой” ажлаа эхлээгүй байгаа өнгөрсөн хугацаанд өгсөн цалин нь бараг миллиард доллар болчихсон. Энэ мөнгийг хэдхэн тооны гадаад захирлууд аваагүй, тэнд ажиллаж байгаа 10-20 мянган монголчууд бүгд авч байгаа. Тэр мөнгө энд Улаанбаатарт орж ирээд барилга байшин болж байгаа, Монголын банкуудад хадгалагдаж, Монголын мөнгө өсч байна. Дээр нь “Оюутолгой” өнөөдөр Монголын 1000-аад компанид мөнгө төлж байна. Монголчууд бүгдийг үйлдвэрлэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ ус, мах, тээвэр, нүүрс, цахилгаан, үйлчилгээг монголчууд өөрсдөө хийж байгаа. Хийж чадаж байгаа юмаа л бид нийлүүлж, тэр хэрээрээ бид орлогоо авч байгаа. Бүх татвараа төлж байгаа, тэр битгий хэл бид урьдчилаад татвараа авчихаад байгаа. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй биш, орж ирж байна. Гэвч бий болгож байгаа баялгийн хуваарилалт нь буруу байна. Хар л даа. Саяхан л нэг хүнд ноогдох ДНБ 1000 ам.доллар байсан шүү дээ, арваадхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бараг 4000 ам.доллар болж, дөрөв дахин өсчихөөд байна. Гэтэл хүн амын ихэнх нь яг арван жилийн өмнөхөөрөө амьдраад, цөөхөн 5-10 хувь нь хэтэрхий их баялаг дээр суучихлаа. Энэ буруу хуваарилалтаас болоод улс төрийн тогтворгүй байдал бий болж байна. Одоо тэгээд арга хэмжээ авах гээд л оролдоод байна л даа.

-Ямар арга хэмжээ?
-Энэ олон том том төслүүдийг өр тавиад ч гэсэн хэрэгжүүлье гэдэг нь тэнд олон монголчууд ажиллуулж, тэдэнд цалин өгөх болно. Тэгж л мөнгөтэй болгоно уу гэхээс урьдчилж өр тавиад, өнгөрсөн сонгуулийн өмнөх шиг 500-600 сая ам.доллар урьдчилж авч тараагаад ард түмэн баян болохгүй. Ажил хийлгэх хэрэгтэй, ажлаар дамжуулж орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж V цахилгаан станц бол том төсөл. Гэхдээ үүнд Хөгжлийн банкнаас мөнгө бага гаргая гэж байгаа. Яагаад гэвэл цахилгаан станц барихаар 80-90 хувь гадагшаа гараад явчихна. Оношлогооны том төв барья гэвэл мөнгө нь бараг 100 хувь гадагшаа гараад явчихна. Мэдээж монголчуудад хэрэгтэй л дээ, гэхдээ үр дүнгээ удаан өгдөг. Гэтэл замын төсөл санхүүжүүлбэл 80-90 хувь нь монголчууддаа үлдэнэ. Тэр утгаар нь бид монголчуудаа мөнгөжүүлье гэсэн төслүүдээ урагшаа түлхэж байгаа. Тэр нь ч буруу биш гэж би бодож байна.
Б.СЭМҮҮН
"NEWS WEEK" сонин

Thursday, 4 April 2013

“Хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой”


Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевиз, “Фрийлайн” продакшн, “Непко” хэвлэлийн газар хамтран бүтээсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит киноэнэ сарын 15-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү кино нь Монголд анх удаа дэлхий дахинаа мөрдөгддөг олон зохиолчийн хамтын хөдөлмөрөөр бүтдэг конвэйерийн системийг нэвтрүүлснээрээ онцлогтой юм. Киноны ерөнхий зохиолчоор “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, шог зохиолч Б.Цэнддоо, зохиолчоор Д.Батбаяр, н.Билгүүн, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий, Д.Энхболдбаатар нар ажилласан юм. Ингээд “Хувь тавилангийн ээдрээ” киноны ерөнхий зохиолч Б.ЦЭНДДООтой уулзаж ярилцлаа. 
-“Хувь тавилангийн ээдрээ” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та ерөнхий зохиолчоор ажилласны хувьд ямар онцлогтой бүтээл боллоо гэж дүгнэж байна вэ?
-“Хувь тавилангийн ээдрээ” цувралыг Монголд анх удаа орчин үеийн кино зохиол бүтдэг зарчмаар буюу конвэйерийн систем ашиглаж бүтээсэн байгаа. Конвэйерийн систем гэдгийг манайхан сайн мэдэхгүй байж магадгүй юм. Энэ нь олон зохиолч кино зохиолыг хуваан авч, хамтран бичдэг арга. Өөрөөр хэлбэл, киноны олон ялгаатай дүрүүдийг ганц зохиолч биш, олон зохиолч бичдэгээрээ илүү амьд болох давуу талтай. Би энэ кинонд ерөнхий зохиолчоор болон мөн 1990-ээд оноос өмнөх үеийг харуулсан хэдэн ангид зохиолчоор ажилласан байгаа. Манайд гарч байгаа олон ангит кинонууд өөр өөрийн ололттой, онцлогтой. Бид бусдын бүтээлийг ямар нэгэн байдлаар шүүхийг хүсдэггүй. Харин “Хувь тавилангийн ээдрээ” кино шинэ стандартыг оруулж ирснээрээ онцлогтой.

-Тэгэхээр энэ кинонд юун тухай өгүүлэх юм бол?

-Энэ кинонд шинэ үеийн залуучуудын амьдралын талаар голчлон тусгасан байгаа. Студи байгуулж, хамтран ажиллаж байгаа хэсэг залуусыг тойрон киноны үйл явдал өрнөнө. Үнэн сэтгэлээсээ кино сонирхдог нэгэн байхад, реклам, захиалгат нэвтрүүлэг хийж, мөн видео бичлэгээр дамжуулан хүн дарамталж мөнгө ололх бодолтой нэгэн ч байна. Энэ мэт өөр өөр санаа бодолтой хэдэн залуус, нэг студид нэгдснээр киноны үйл явдал өрнөнө. Ингээд хамтран уран бүтээл туурвихаар болсон залуусын ажлаас гадна амьрал нь ямар нэгэн байдлаар холбогддог. Залуусын эцэг, эх, өвөг дээдсийнх нь амьдрал холбогдсон байснаар илүү сонирхолтой болсон. Сайн сайхан, муу муухай гээд бүгд л үр хойчийнх нь амьдралд туссан байгаа. Залуусын амьдрал яагаад холбогдсон шалтгааныг харуулахын тулд эцэг, эхийнх, эмээ, өвөө гээд гурван үеийн түүхийг тусгасан.

-Гурван үеийн намтрыг харуулсан гэхээр дүрүүдийн хувьд нэлээд ялгаатай үед амьдарч байсан гэдэг утгаараа өөр өөрийн онцлогтой байх?
-Киноны дүрүүдийн хувьд манай хуучин үеийн зохиолуудад байсан шиг эхээс төрөхөөсөө л муу хүн болж төрж, үргэлж мууг үйлдэж байдаг, эсвэл эхээс төрөхөөсөө л сайн хүн байдаг тийм туйлширсан байдлыг харуулаагүй. Харин бидний бодит амьдралтай л адилхан хайрлаж, дурлаж, зорилго, хайр дурлалын төлөө тэмцдэг дүрүүдийг харуулсан. Улс орон, нийгэмд тогтож байсан дэглэм, эрх мэдэл хүний олон сайн муу чанарыг ил болгон харуулж байдаг. Тиймээс энэхүү кинонд тэрхүү нийгмийн нөхцөл байдлаас болж сэргэсэн муу чанар, мөн нийгмийн хүнд үе, амьдралын нугачаанд бөхөөгүй хүн чанар гээд олон зан чанарыг хадгалсан дүрүүд байгаа. Үйл явдлын хувьд нэлээд сонирхолтой. Гэхдээ үзэгчид энэ бүгдийг киноноос үзвэл, илүү сонирхолтой байх болов уу.

-Олон зохиолч хамтран ажилласан анхны тохиолдол учраас хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Олон зохиолч хамтарч ажиллах нэлээд олон онцлогтой юм билээ. Анхандаа кино хийе гэсэн оргилуун хүсэлдээ хөтлөгдөөд хоёр сарын дотор бичээд дуусчихна гэж бодож байсан. Гэтэл тийм амар ажил биш юм байна лээ. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд зохиол бий болсон. Дашрамд хэлэхэд, авьяастай зохиолчидтой хамтарч ажилласандаа ерөнхий зохиолчийн хувьд би их бахархаж байна. Олон зохиолчийн бүтээлд мэдээж зөрүүтэй зүйл гарч байсан. Энэ бүгдийг редактор, зохиолч Д.Батбаяр хянаж, нэг киноны зохиол болгосон. Анги ангиар нь хуваан авч зохиолыг бичихийн зэрэгцээ баатруудаа бас хувааж авсан. Нэг зохиолч нь илүү хөгжилтэй зан чанартай нэгнийх нь дүрийг цааснаа амилуулж байхад, нөгөөх нь кино зохиолд гарсан бүх хэлц үгнүүдийг олж зохиосон. Энэ бол Холливудын кино хийх зарчим. Мөн олон ангит кино зохиол роман болж уншигчдын гар дээр очих хандлага сүүлийн үед жишиг болоод тогтсон. Энэ жишгээр “Хувь тавилангийн ээдрээ” кино зохиол роман болж Монголын уншигчдад хүрэх болно. Зохиолч Д.Түмэн-Өлзий энэ ажлыг хариуцан хийж байгаа. Тэгэхээр удахгүй Монголчуудын түүхийн 100 жилийг дамнасан түүхэн роман гарах нь ээ гэж ойлгож болно.

-Ийм сонирхолтой зохиол роман болж гарна гэдэг тун таатай мэдээлэл байна. Та киноны ерөнхий зохиолчоор ажилласан. Тиймээс энэ зохиолынзорилгыг юу гэж дүгнэж байна вэ. Киногоор дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа юу юм бол?
-Аливаа кино зохиол, уран бүтээл туурвих гэдэг тэрхүү уран бүтээлээ бизнес болгох зорилготой байдаг. Бид гайхалтай том зорилго тавиагүй. Одоо яг дутагдаад байгаа жирийн сайн кино хийхийг зорьсон. Зохиолчдод тавьж байсан гол шаардлага нь зохиолын баатруудын яриа амьд болгох явдал байсан. Ярианы амьд, сэтгэл татам шинжийг шингээж өгсөн. Мөн зохиолыг нэг ангиас нөгөө анги руу үзэгчдийн сэтгэлийг татаж чадахаар байлгахыг зорьсон. Ингэхийн тулд зохиолын баатрууд бодит амьдрал дээр байж болохуйц хүмүүс байх хэрэгтэй. Бид амьдралдаа алдаж, жижиг зүйлд хууртах тохиолдол бишгүй л байдаг. Тэр бүгдийг шингээхийг хичээсэн.Энэ киногоор үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа бол хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой. Тэр нь хүнд жинхэнэ аз жаргалыг өгч байдаг. Бид энэ нийгмээс өөрсдөө ойлгож авсан энэ зүйлсээ киноны баатруудаар дамжуулан үзэгчдэд хүргэж, тэдэнтэй хуваалцах гэсэн юм. Киногоороо ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэсэн санаандаа хэт хөтлөгдөх юм бол кино бодит амьдралаас холдчих гээд байдаг. Тиймээс бид энэ байдлаас зайлсхийж, хүн амьдралдаа алддаг, онодог замналыг харуулахын тулд ямар нэгэн сургаальд хөтлөгдөхгүйг хичээсэн. Үзэгчдийг уурлуулаад, уйлуулах байх биш зүгээр л тэдэнд таалагдах кино л хийсэн. Үзэхэд сайхан, сонирхолтой, үзмээр санагддаг тийм л кино хийхийг зорьсон. 
А.ОТГОНЖАРГАЛ

С.Баярцогт: Тэр дансанд ердөө л гурван сая төгрөг байсан

УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Щвейцарийн банкин дахъ нэг сая ам. долларын нууц хадгаламж илэрсэн тухай шуугиан дэгдмэгц уржигдар шөнө АНУ-аас нисч ирсэн тэрээр яаравчлан мэдэгдэл хийв.


Английн Лондон хотод байдаг «Legend Plus Capital Ltd» компанийн данс 2008 оны тавдугаар сараас эхлэн нээгдэхэд Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр дээд тал нъ 1658 еврогийн эрх нээгдэж байсан гэнэ. Энэ нъ монгол мөнгөөр гурван сая орчим төгрөг. Эрхэм УИХ-ын дэд даргын сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Энэ бүхэн юунаас эхэлснийг товчхон тайлбарлахгүй юу?
-Хэвлэл мэдээллээр гарч байгаа сөрөг мэдээлэлд хариу өгөхөөр та бүхнийг урьсан юм. Намайг саяхан АНУ-д ажлаар явж байхад «Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо»-ны дарга Жерард Райл гэдэг хүн уулзах хүсэлт тавьсан. Энэ нь тавхан хоногийн өмнө болсон явдал. Тэр хүн «Олон улсын сэтгүүлчдийн баг нэлээн хэдэн асуудлаар ажиллаж байгаа. Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулж ирдэг компаниудын мэдээллийг шалгах явцад таны нэртэй компани гарч ирлээ. Энэ компанийн данс нь Щвейцарьт байдаг юм байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү» л гэсэн. Тэгээд би мэдээлэл өгсөн. Товчхондоо ийм л юм болсон.

-Таны байр байдлыг анзаарвал өөрийгөө буруугүй гэж бодож байгаа юм аа даа?
-Тодорхой хэмжээний буруу байгаа. Би тэр Жерард Райл гэдэг сэтгүүлчид болсон бүх процессыг үнэн зөвөөр тайлбарлан хэлсэн.

-Таны нэртэй компани яг хэдэн оны хэдэн сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
-«Legend Plus Capital Ltd» гэдэг компани 2008 оны тавдугаар сараас миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Данс нь Швейцарийн банкинд байдаг нь ч үнэн. Өөрөөр хэлбэл оффшор данс» гэсэн үг л дээ. Одоогийн байдлаар энэ дансанд 1658 евро буюу монгол төгрөгөөр гурван сая төгрөг байгаа.

-Англид байдаг энэ компанийхаа ашиг, орлогыг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт ерөөсөө тэмдэглээгүй хэрэг үү?
-Уг нь хөрөнгө орлогынхоо орлого талд нь дотоодод байдаг гурван компани дээрээ нэмээд бүртгүүлчихдэг юм. Энд нууж хаагаад байх юм байхгүй. Би ийм л тайлбар өгсөн. Одоо ч мөн адил.

-Ерөнхийлөгч, шинэчлэлийн Засгийн газрын зүгээс авилга, хээл хахууль, бусармаг бүхэнтэй чадлынхаа хэрээр тэмцэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтны хувьд та энэ ажилд хошуучлан оролцох ёстой бус уу?
-Миний хувьд авилга, хээл хахуультай тэмцэж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн. Ямар нэгэн байдлаар энд саад тотгор хийх өчүүхэн ч хүсэл, эрмэлзлэл байхгүй. Хэрвээ намайг алдаа гаргасан гэж үзвэл албан тушаалтайгаа зууралдаад байх сонирхол алга.

-Таны хувьд 20 гаруй жил төрийн эpx барих, хууль тогтоох дээд бай- гууллагуудад сонгогдон ажилласаар ирлээ. Швейцарийн банкинд данс нээлгэсэн нь цаг хугацааны хувьд ямар нэг хардлага төрүүлэхгүй гэж бодож байна уу?
-2008 оны тавдугаар cap гэдэг бол сонгуулиас өмнө, Сангийн сайд болох эсэх нь тодорхойгүй байсан цаг, үе шүү дээ. Би Сангийн сайдаар 2008 оны аравдугаар сард томилогдсон. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд бол бүр 2009 оны долоодугаар сараас эхлэн оролцсон. Тэгэхээр хүмүүсийн хардаад байгаа энэ бүхэнтэй «Legend plus Capital Ltd» компанийн дансан дахь гурван сая төгрөг бол ямар ч холбоогүй зүйл.

Өөрөөр хэлбэл 2008-2012 онд миний хашиж байсан албан тушаал, ажил төрөлтэй огт холбоогүй зүйл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энд зөвхөн миний хувийн бизнестэй л холбоотой яльгүй үл ойлголцол үүсээд байна.

-Тэгэхээр та төрийн өндөр албан тушаалтны хувьд ямар ч алдаа гар- гаагүй гэсэн үг үү?
-Би түрүүн цухас дурдсан. Миний хувьд алдаа гаргасан уу гэвэл, гаргасан. Энэ компанийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичих ёстой байсан. Хэдийгээр компанийн дансанд гуравхан сая төгрөг байдаг ч зайлшгүй бичих л ёстой байж. Ийм нөхдөлд хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч ухамсарлаж байна. Ямар хариуцлага хүлээлгэхийг УИХ шийднэ. Би өөрөө УИХ-ын даргатай ярьсан. Ер нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Мэдээллийн сайтуудаар «Швейцарийн банкинд УИХ-ын дэд дарга С.Баярцогт нэг сая ам.долларын хадгаламжтай» гэж бичигдэж байгаа нь худлаа болж таарч байна уу?
-Сая ам.долларын хадгаламжтай гэж яриад байгаа нь үндсээрээ худлаа мэдээлэл. 2006, 2007, 2008 оны үед Монгол Улсын эдийн засаг харьцангуй сайн өсөлттэй байсан. Тухайн үед барууны банкууд «та нарт илүүдэл орлого байгаа бол өсгөх боломжтой» гэж санал тавьж байсан. Тийм замаар найзуудтайгаа нийлүүлсэн мөнгийг дан ганц минийх мэтээр ойлгосон юм билээ.

-УИХ-аас таньд ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл ямар шийтгэл ирнэ гэж бодож байна?
-«Авилгатай тэмцэх», «Хувийн болон нийтийн ашиг сонирхол»-ын хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ санамсаргүй болон санаатайгаар тодорхой орлогоо орхигдуулсан, нуун дарагдуулсан бол тухайн байгууллага нь арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр арга хэмжээ авах эрх нь УИХ-д бий. Би энэ бүх учир байдлынхаа дэлгэрэнгүй тайлбарыг АТГ-т өгч байгаа. Мөн УИХ-ын даргад хандан ёс зүйн болон өөр бусад ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн. Энэ нь бусад албан тушаалтан, хүмүүст үлгэр дууриалал болно гэж бодож байна.

-Өөрийн тань нэр дээр байгаа «Legend Plus Capital Ltd» компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Татвар төлдөггүй, аль ч банкинд байдагтай адилхан данс л гэсэн үг.

-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй юм бол яаж мөнгө босгож байсан хэрэг вэ?
-Анх дөрвөн найзтайгаа ярилцаад мөнгө төвлөрүүлж байгаад хувьцааны бизнест оролцъё гэж шийдсэн юм. Энэ нь 2008 оны тавдугаар cap. Тэгээд үйл ажиллагаа жигдрээд ашигтай ажиллаад ирвэл албан ёсоор бүртгүүлээд явна гэж бодож байлаа. Тэгтэл 2008 оны аравдугаар сард Сангийн сайд болоод зав зай ч багатай болсон. Нэгдүгээрт өөрөө тэр бизнест оролцох ямар ч бололцоогүй болсон. Хоёрдугаарт намайг Сангийн сайд болохтой зэрэгцээд хямрал нүүрлэсэн. Манай найзуудын илүү орлого гэж тооцоолж байсан мөнгө нь өөрсдөд нь хэрэгтэй болонгуут буцаагаад татаад авчихсан. Тэрнээс хойш энэ компани зүгээр л харилдах данс шиг цаасан дээр байсан гэсэн үг.

-Та манай дөрвөн найз гэж яриад байна. Тэр хүмүүсийнхээ нэр усыг хэлж болох уу?
-За би тэр хүмүүсийн талаар шалгах, асуух ёстой газар нь мэдээлэл өгнө өө.

-Та хувийнхаа мөнгийг эргэлдүүлж, хувьцаанаас ашиг олох зорилготой байсан гэлээ. Урьд нь энэ талаар яагаад мэдээлдэггүй байсан юм. Мөнгө угаах нь гэмт хэрэг мөн биз дээ?
-Асуудлын гол нь намайг гэмт хэрэгт буруутгасан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Хамгийн гол нь «Та энэ компаниа хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичиж, орлогоо мэдүүлсэн үү» гэдэг асуудал л байгаа юм. Би орлогоо байнга мэдүүлж байсан. Харин компаниа нэрээр нь бүртгүүлээгүй нь л миний гол алдаа.

-Энд бүртгүүчихвэл ямар нэгэн татвар хураамж, бас бус хүндрэл үүсэх байсан юм уу?
-Яг оффшор компанийн хувьд миний нэр дээр байдаггүй юм. Тухайн үед миний мэдлэг, мэдээлэл дутсан ч юм бий. Бас тэр дансанд харьцангуй бага мөнгө байгаа болохоор монгол төгрөгт шилжүүлээд орлогыг нь тавиад байхад болох байх гэж бодож явсан нь өнөөдөр ийм байдал үүсгэлээ. Миний хувьд их том сургамж болж байна.

-Тэр дансанд байсан мөнгийг хууль ёсны мөнгө гэж ойлгож болох уу?
-Болно. Тэр бол ямар ч хууль дүрэм зөрчөөгүй цэвэр мөнгө. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийн нэрийг биччихсэн л бол миний хувьд ямар ч асуудал үүсэхгүй байсан. Би энэ дээр л алдлаа. Яах вэ хүмүүст сургамж болох биз дээ. Гэхдээ миний асуудлыг УИХ шийднэ. Алдаа гаргасан нь үнэн. Одоо хариуцлага хүлээх нь үнэн. Ийм л юм. 
Өглөөний сонин