Tuesday, 28 May 2013

Д.Бямбасүрэн: Төрийн тэргүүний үзэл, үйл хэрэг, хүслээр нь шинждэг, уламжлалтай

byambasuren -ҮНДСЭН ХУУЛЬД ТУНХАГЛАСАН ҮЗЭЛ САНААГ НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ Л ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА-
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Тантай өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр бид уулзаж ярилцаж байлаа. Өнгөрсөн хугацаанд та ямар ажил амжуулав даа?
-Тэтгэвэрт байгаа хүн юу амжуулахав. Гэртээ суугаад хэдэн хүүхдийнхээ хоол ундыг зохицуулаад, энд тэндхийн мэдээлэл сонсоод л сууж байна даа.

-Тэгвэл та улс төрийн болоод нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ихтэй суугаа байх нь ээ?
-Аль ч улс орны хувьд Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг улс төрийн удирдлагын маш чухал асуудал. Энэ бол улс орны зам мөрийн жолоог барих хариуцлагын тухай асуудал л даа. Хэн ч гэсэн холын замд гарахдаа сайн жолоочтой, сайн тэргээр аялах юмсан гэж боддог. Түүнтэй ижил улс гүрэн ч гэсэн дөрвөн жилийн амьдралын төрийн хувь заяаг нэг хүний гарт атгуулахдаа жолоочоо шинжинэ, сорино, янз бүрээр харна шүү дээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хараад байхад хэд хэдэн онцлогтой байна. Нэг нь юу гэхээр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогчдын дийлэнх нь ардчиллынхаа сонголтыг бататгаж, АН-ын төр засгийг байгууллаа. Хэдийгээр олонхи болж чадаагүй ч гэсэн хамгийн олон суудал авсан гэдэг утгаараа эвслийн бусад хүчнүүдтэйгээ нийлээд төр барьж байна. Энэ өнгөн дээр Төрийн тэргүүнийг тодруулах сонгууль болж байна.
Хоёрдугаарт, Монгол орон ардчиллын замыг сонгосноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ зам дээр тохиолдож болох бэрхшээл сорилтуудын талаар өөрийн төсөөлөлтэй, түүнээс гарах, туулах арга замаа нэлээд бодож, сонгож олсон байдалтай сонгууль болж байна. Өөрөөр хэлбэл, өндөр түвшний сонгууль болж байна. Энэ талаас нь харвал өнөөгийн улс төрийн амьдрал бол нийгэм эрүүлжих, цаашид ардчиллын сонголтоо улам гүнзгийрүүлэх боломж олгох болов уу гэж бодож байна.
Ер нь нийгмийн хувьсгал гэдэг их сонин үзэгдэл. Манайхан чинь 1921 онд ардын хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тэр үед төрийг дангаар буюу улс төрийн өрсөлдөгчгүй байсан МАХН 1940 он хүрч байхад намынхаа их хурал дээр социализм яллаа гэж тунхаглаад, түүнээс хойш 1961 онд социализм бүрэн яллаа гэж хэлж байсан.
Өөрөөр хэлбэл, 1921 оноос хойш 40 жилийн дараа социализм бүрэн яллаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нийгмийн амьдралд гарч буй том өөрчлөлтийн үр дүн бол их удаан хугацаанд боловсорч, соёолдог гэж хэлж болох юм. Яахав, ардчилсан хувьсгалын эхэн үед бол нийгэмд бужигнаан,тодорхойгүй явдал нэлээд байсан. Энэ бол жам ёсны зүйл. Харии одоо л ардчиллын үр соёолох цаг нь ирж байна даа.

-Тэгвэл эдийн засгийн хувьд ямар байна гэж харж байна вэ?
-Эдийн засгийн амьдрал нэлээд төвөгтэй байгаа. Монголын эдийн засгийн алтан үе 2006-2012 оны хооронд өнгөрч. Өнөөдөр түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөрт хүрлээ. Монгол орныг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа. Харамсалтай нь өнгөрөгч УИХ, Засгийн газар улс үндэстнийхээ эрх ашиг, ирээдүйн даацтай хөгжлийг бодож чадахгүйгээр байгаа баялгаа үрэн таран хийж, сонгуулийн хуурамч амлалтаа биелүүлэхийн төлөө эдийн засгаа туйлдуулаад бүх гол тэнцвэрүүдийг нь буюу төслийн тэнцвэр, гадаад худалдааны тэнцвэр, төлбөрийн тэнцвэр, дотоод зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг эвдчихсэн. Энэ байдлын үр дагавар нь өнөөдөр илэрч гарч байна.
Гэхдээ бүр хүнд нөхцөлд өмнөх эдийн засгийн өсөлт удааширсан, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа, Европын эдийн засаг асуудалтай болсон үед Монголын эдийн засагт хүндрэл бэрхшээл гарч байгаа нь миний бодлоор нэлээд ноцтой зүйл гэж бодож байна. Тухайлбал, 1990 оных шиг социалист систем нурж унасны дараа яах вэ гэж зохицуулалт хэрэглэх бус одоо хямрал тохиолдоход биед яах вэ гэдэг асуудлыг тавих цаг нь болсон. Харин харамсалтай нь энэ бүхнийг сэхүүн хараад, гаднаас авсан 1.5 тэрбум ам.доллараараа жаахам туг эргэлдүүлэх шиг боллоо. Одоо харин бодолтой хандах цаг нь болсон байх аа.

-Тэгвэл таны ярианаас шинэчлэлийн гэж нэрлэгдээд буй. Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүх бэрхшээлийг даван туулах нь эргэлзээтэй гэсэн үг үү?
-Энэ Засгийн газар ажиллаж байгаа а сайдууд, бүрэлдэхүүнийхээ хувьд чадварлаг Засгийн газар. Хамгийн гол нь энэ Засгийн газарт эх орноо гэсэн сэтгэлтэй, ардчыллын төлөө үзэл баримтлалтай улсууд гол нь болж байгаа. Тиймээс эд ямар ч бэрхшээлийг давах боломжтой. Хамгийн гол нь бэрхшээлийг олж харах нүд дутах вий дээ гэж болгоомжилж сууна.
Нөгөө талаас Засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад гол асуудал дээрээ анхаарлаа зангидах чадвар сул байна. Тухайлбал, 1.5тэрбум ам.долларын бондын асуудлаар үйлдвэрлэлийнхээ олон асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл үүнийгээ үр ашиг өгөөж муутай олон салбарт цацаад хаячихлаа. Ерөнхийд нь жишиж хэлэх юм бол манай Засгийн газар их авьяаслаг, сайн дурын уран сайханчдын баг шиг болчихоод байна.
-Уг нь бол АН-ын хувьд өнөө цаг үе бол түүхэн боломж. Тийм үү?
-АН-ын хувьд хоёр дахь удаагаа төр барьж байна. 1996 онд туршлага багатай, төр барих өөрийнхөө хүмүүсийг бэлдэж амжаагүй байсан үе. Сөрөг хүчнийхээ тоглолтод автсаар байгаад, дотроо будилж, 2000 онд үндсэндээ арчигдахаа дөхсөн шүү дээ. Одоо үүнээсээ сургамж аваад нэлээд өөр түвшинд ажиллах боломжтой. Ажиллах ч биз дээ. Гэхдээ сэрэмжтэй байх нь хэзээ ч илүүдэхгүй.

-Таны бодлоор магадгүй АН-аас өөр нам, эвсэл өнөөгийн төрийг толгойлж байсан бол энэ бүх байдал хэрхэн төсөөлөгдөх байсан бол?
-Одоогийн хүндрэлтэй байдлыг үүсгэсэн голлох уран бүтээлч нь МАН юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төр барьж байхдаа хэдийгээр хажуудаа АН-ынхныг Засгийн газарт орууллаа ч гэсэн тэднийг барьцаанд барьж, өөрсдийнхөө хуурамч амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засгийг туйлдуулсан нүгэлтэй. Миний бодоход хэрэв АН МАН-тай нийлж төр барьсан бол байдал бүр хүнд байх байсан. Харин ч "Шударга ёс" эвсэлтэй нийлж, төр барьж байгаа нь түрүүчийн явуулсан бодлогын хүлээсэнд автахгүй, хөл, гар нь чөлөөтэй хөдөлж байна уу даа гэж бодогддог.
Ер нь өнгөрсөн хугацаанд бид бүхэн их олон эвгүй үзэгдэл ажигласан. 2008 онд сонгууль дөнгөж өндөрлөж, МАХН-ын засаглалын үед хүний цус урссан шүү дээ. Таван хүний амь үрэгдсэн. Гэтэл үүнийхээ учрыг одоо хүртэл олоогүй. Цагдаагийн хэдэн хүнийг ялтан болгоод тавьчихлаа. Гэтэл тэр үеийн МАХН-ын байшин дотор хүнийг халаагуураас гавлаж, амийг нь хороосон. Үүнд шүүхээс дүгнэлт өгөөгүй л байна. Улс төрийн гол хүчний төв байран дотор хүн нас барсан тухай асуудал шүү дээ. Үүнээс хойш худал хуурмаг амлалт, Оюутолгой, Таван толгойн асуудал, гадныханд найр тавьж, шударга бусаар хуваарилалт хийснээр зогсохгүй хээл хахууль, авлигын хэрэгч олон гарлаа. Энэ бүхнийг бодохоор хар дарсан зүүд шиг санагддаг.
Харин өнөөдөр Монгол түмний заяа тэнгэрлиг юм болохоор 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг гол болгож сонгосноор байдал засрах төлөвтэй л явж байна.

-Улс төрийн үйл явдлын гүнд олон жил ажилласан хүний хувьд үе, үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ямар байсан талаар ярихгүй юу?
-Өнгөний хувьд би дээр хэлсэн дээ, энэ удаагийн сонгууль өндөр түвшинд болж байна гэж. Ардчиллын үйл явц маань өөрөө эрийн цээнд хүрчихлээ. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээ, үйл явдлын үр нь боловсрох цаг хугацаа нь энэ бүхнийг шинэ болгож байна. Ер нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд өрсөлдөж байгаа гурван хүн гурвуулаа миний сайн анд нөхдүүд. Хэдийгээр надаас насаар дүү ч гэлээ Элбэгээг ардчилсан хувьсгалын үеэс эхлээд мэддэг, хамтарч ажилладаг дэмждэг.
Б.Бат-Эрдэнэ аварга бол манай нутгийн хүн. Монгол даяараа түүхэнд нэрээ үлдээсэн хүчит аварга маань. Ойрын хэдэн жил ийм аварга дахиж төрөхгүй биз дээ гэж боддог. УИХ-д сууж байхдаа эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөж, намынхаа даргыг огцруулах саналыг хүртэл тавьж байсан хүн. Тиймээс монголчууд түүндээ хайртай, хүндэлж явдаг.
Нөгөө талаас Н.Удвал гэж ариун цагаан үйлстэй эмч хүн. Тэр бол улс төрд орж байгаа эмч нарын, эмэгтэй хүний төлөөлөл. Бид сайн танилууд. Тиймээс энэ гурван хүн надад их ойр.
Сонголтын тухай ярихад бид энэ гурваас нэгийг нь л сонгож таарна. Гурвууланг нь сонгож болдог бол тун сайн баг болох юм. Харамсалтай нь нэгийг нь л сонгоно. Ингэж сонгоход шалгуур хэрэгтэй. Монголын эртний судруудад төрийн эрх бариулах хүнээ сонгох шалгуурыг тун тодорхой заасан байдаг. Ингэхдээ гурван зүйлээр шинждэг. Нэгдүгээрт, үзлийг нь, хоёдугаарт, үйл хэргийг нь, эцэст нь хүслийг нь шинж гэж. Тиймээс энэ гурван хүний үйл хэргийг монголчууд бүгд мэднэ. Нэг нь ардчиллын тугаа анхан өргөж боссон, монголчуудаа ардчилсан хувьсгалд уриалан дуудаж, өнөөдрийг хүртэл тугаа өндөрт өргөж яваа, Монголд төдийгүй дэлхийд нэртэй улстөрч.
Нэг нь Монгол түмний хайртай их аварга. Нөгөө нь Эрүүл мэндийн сайд.
Дээрх шалгууруудаас хамгийн гол нь үзлийн шалгуур болж байгаа. Хэн ямар үзэл барьж байна. Үзэл гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш юм. Учир нь энэ гурван хүн гурван улс төрийн хүчнийг төлөөлөн гарч байгаа. Тэдгээр улс төрийн хүчнүүд нь үзлээ энэ гурван хүнд даатгаж, томъёолж, ард талд нь харж суугаа.

-Тэгвэл гурван нэр дэвшигчдийн үзэл нь ямар гэж?
-Үзлийн хувьд зам мөрийн асуудал гэдгийг би түрүүн хэлсэн. Социализмаар 70 жил яваад сүүлд харамссан шигээ тийм замаар явчих вий дээ гэдэг бол маш том асуудал. Хэдийгээр хүмүүс улс төрийн үзлийн тухай өдөр бүр ярьдаггүй ч гэлээ ирээдүйнхээ тухай боддог хүн бүр үүнийг анхаарахгүй байж болохгүй.
1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулна гээд заасан. Энэ бол манай үзлийн гол чиг. Үүнийг хэрсүүхэн шиг аваад үзэх юм бол социализмын эсвэл капитализмын замаар яв гээгүй, хүн төрөлхтний зорьж байгаа иргэд нь хамгийн гол хүчин байж өөрсдийн хувь заяагаа шийддэг нийгэм гэж ойлгох учиртай. Энэхүү хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулна гэдэг бол асар их хүнд зорилт. Үүний гол санаа нь иргэд, хүн ард нь хувь заяаныхаа жолоог барьж, асуудлаа шийднэ гэсэн үг. Тиймээс энэхүү гол үзэл дээр дээрх гурван нэр дэвшигчийн хэн нь баттай зогсож чадаж байна вэ гэдэг нь тун сонин.

-Өмнөх Ерөнхийлөгчдийн үзэл нь ямар байсан юм бэ?
-Өмнөх замаа харах юм бол бид янз бүрээр будилж явсан. 1993 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонголоо. Тэр үед би найздаа хэлж байлаа. Ерөнхийлөгч хүн улс орныхоо үзлийг тээж явдаг, үүгээр байр сууриа илэрхийл гэж. Тэр үед ардчиллын төлөө ардчилсан нам хүчнүүд нөгөө талд социализмаа засаад үлдэх хүсэлтэй хуучин хувьсгалт нам гээд хоорондоо бас л ширүүхэн үздэг байлаа шүү дээ. Манай хүн 1995 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ардын эрх сонинд үзлээ илэрхийлэхдээ эдийн засгийн байдлаас нь хандаж "Монголчууд ариун цагаан атаа жөтөө, шударга шуналаар амьдрах ёстой" гэсэн лоозон тавьчихсан. Түүнээс болж бид хоёр муудаж, сайдаж явсан үе бий.
Дараа нь Н.Багабанди Ерөнхийлөгч сонгогдлоо. Би Н.Багабанди Ерөнхийлөгчид "Улс орны хувьд үзлээ сонгох, тодруулах шаардлага гардаг. Та Монгол орны талаарх үзлээ илэрхийлээч" гэж хэлсэн. Тэгэхэд 1999 онд тэрээр Ардчилсан социалист залуучуудын холбоо байгуулагдахад явуулсан баярын бичигтээ "Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн" гэж бичсэн байсан. Тэр бол Ерөнхийлөгч өөрийнхөө үзлийг илэрхийлэхдээ социалист замналыг сонголоо хэмээн тунхагласан хэрэг.
Дараагийн Ерөнхийлөгчийн уг санаа нь анхнаасаа гуравдагч замын үзэл буюу Амартисены үзлийг барьж гарсан хүн. Амартисен бол Нобелийн шагналт, одоо Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй онолч хүн. Магадгүй энэ үзэл ч буддын шашны үзэл, номлолд ойр байсан байж болох юм. Гэтэл сүүлд нам хуваагдах болоход үндэсний ардчилсан үзэл, ардчилсан социализм гэж хоорондоо маргалдсаар байгаад гурав дахь замын үзэл алга болчихсон.
Өнөөдөр харин тав дахь Ерөнхийлөгчөө сонгох тухай асуудлыг ярьж байна даа.

-Та дээр хэлэхдээ өнөөгийн нэр дэвшигч гурван хүний үзэл тун сонин гэлээ. Энэ талаар нэлээд судалсан юм аа даа?
-Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг интернэтээс компьютертээ татаж аваад, зэрэгцүүлэн хараад сууж байна. Ингэхэд Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлиг, иргэний, ардчилсан нийгмийн сонголтыг бататгах үзэл санааг зөвхөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л илэрхийлсэн байна. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт энэ талаар огт алга. Тэгэхээр би бодож байна, Ерөнхийлөгч хүн үзлийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юм бол өөр юуны тухай ярих ёстой юм гэж. Үзэлтэй нийгэм гэдэг бол нартай, гэгээн өдөр яваа нийгэм. Ийм нийгэмд замаа олоод явчихна. Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна шүү дээ. Тиймээс үүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн хүчнүүд нь ойлгоогүй, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрт суулгаж өгөөгүй нь харамсалтай байна.
Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт өрөөсгөл эдийн засгийг үр ашигтай хослуулна гээд биччихсэн байх юм. Эдийн засгийн шинжлэх ухаанд ийм нэр томъёо байдаггүй. Өрөөсгөл эдийн засгийг хэдий болтол ч авч явах билээ. Баруун хармаандаа өрөөсгөл, зүүндээ үр ашигтай эдийн засагтай явах гэсэн бодол төрөөд байх жишээтэй. Энэ мэт асуудал байна л даа.
Ер нь бол үзлийг томъёолж гаргана гэдэг зөвхөн тунхаглаад өнгөрнө гэсэн үг бус хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Монголын нийгэм ардчилсан замналаар 20 жил явлаа. Үүнийхээ эцэст жинхэнэ ардчилсан нийгэм гэдгийг цогцлоох эхнийхээ том алхмуудыг хийж эхэллээ. Энэ бол нэгдүгээрт, шууд ардчилал. Төр засгийн үйл ажиллагаанд иргэд нь өөрсдөө оролцож, иргэдийнхээ саналаар асуудлаа шийддэг болж эхэлж байна. 2012 оноос хойш, магадгүй АН гарч ирснээс хойш энэ зорилт хэрэгжиж эхэлж байгаа байх. Энэ талаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орохдоо орон нутагт нь боловсон хүчний бодлого, татварын бодлого, газар ашиглалтын бодлогыг нь өгөөд асуудлаа шийд гэж байна. Энэ бол монголчуудын ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцлийн хамгийн бодит үр дүн юм.
Энэ мэтээр бодоод үзэхээр өрсөлдөж байгаа гурван хүн дотроос улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг зангидаж харж чадсан мөрийн хөтөлбөртэй хүн ганцхан байна. Би нөгөө хоёр хүнийг муу гэж байгаа юм биш. Гэхдээ тэдний ард байгаа улс төрийн хүчнүүд нь өөрсдөө ийм байдалд байгаа юм байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан зам мөрөө хэрхэн бататгах, хөгжүүлэх учраа олоогүй юм байна гэсэн бодолтой л сууж байна даа.

-УИХ, Засгийн газар нь нэг намын гарт байхад Төрийн тэргүүн нь өөр намаас байвал улс төр харьцангуй тэнцвэржинэ гэсэн тайлбарт та ямар хариулт хэлэх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдал нэг нам нь УИХ барьж байхад нөгөө нь Засгийн газар, гуравдахь нь Ерөнхийлөгчөө тавьснаар улс төр тогтвортой байна гэдэг нь миний бодлоор цаг цагт өөр өөр утгатай байна. Монгол орон хэрэв хуучин хувьсгалт намын засаглалтай байгаад ардчилсан нийгэмд оръё гээд явж байх үед УИХ, Засгийн газраа МАХН барьж байхад ардчиллын бага ч болов өнгө айзам оруулахын тулд Ерөнхийлөгчийн засаглалыг АН бариасай гэсэн хүсэл байсан юм. Тухайлбал, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бид үүнийг ард түмэндээ хэлдэг байсан юм. Ардчилал устгагдлаа, гишгэгдлээ, соёолж байгаа ногоондоо жаахан ч болов ургах амьсгаа тавьж өгөх юмсан гэж. Гэтэл өнөөдөр байдал өөр АН төр засаг барьж байна гэдэг нь ардчиллын зам дээр урагшаа явах боломж бүрдэж байна. Энэ үед өмнөх нийгмийнхээ улс төрийн хүчнийг өөд нь гатаж гаргах, түүндээ Ерөнхийлөгчөө өгье гэдэг асуудал байж болох уу.
Нөгөө талаас нь аваад үзэхэд бид 22 жилийн зам туулахдаа нэг ч удаа ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон төр, засаг нь тогтвортой ажиллах боломжтой үеийг үзсэнгүй. Дандаа сөрөг хүчнийхээ нөлөөнд орж, унаж босч, шавартай хутгалдаж явсаар өдийг хүрлээ. Харин өнөөдөр тийм боломж бүрдлээ. Энэ үед ардчиллынхаа замыг мөрийг сонгосон сонголт дээрээ хүчээ нэгтгэх нь хэрэгтэй.
Т.ГЭРЭЛМАА

Monday, 27 May 2013

П.Цагаан: Ерөнхийлөгч ажлаа өөрийнхөө суух ёстой өрөөгөө иргэдэд өгснөөр л эхлүүлсэн

Ярилцъя” энэ удаагийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагааныг  урилаа. 

-Энэ Төрийн хатаагдсан түшмэдүүдийн нэг, эртний танил П.Цагаан зөвлөхтэй уулзаж ярилцах боломж олдсон нь таатай байна. 
-Баярлалаа.  

-Та сүүлийн дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллалаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тамгын газар гэх энэ байгууллагын яг сонгодог үүрэг нь юу юм бэ. Хүмүүс чиг үүргүүдийг нь нарийн сайн ялгаж мэддэггүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа эндээс яриагаа эхлэе. Таны өмнө нь хашч байсан албуудаас эрс  ялгаатай байх?

-Урьд өмнө нь салбар хариуцаад, яг өөрөө толгойлоод ажиллаж байсан. Тэгээд 2009 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэсэг ажиллаж эхэлсэн. Зөвлөх гэдэг бол санаа бодлоо хэлэх, энгийн утгаар хэлбэл Ерөнхийлөгчийн нүд чих нь болох үүрэгтэй ийм алба л даа. Харин одоо бол Тамгын газрыг толгойлж ажиллаж байна. Тамгын газар гэдэг бол нэг ёсондоо арын алба юм даа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын гол үүрэг бол Монгол Улсын Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх тийм л гол үүрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөр нэг чухал онцлог нь бусад яам тамгын газрууд шиг доошоо шат дамжлага, өөрөөр хэлбэл хөл байдаггүй. Дээрээ төвтэй. Тэгсэн хэрнээ хууль тогтоох байгууллага хийгээд гүйцэтгэх засаглалтай холбоотой харилцааг зохицуулах үүргийг хүлээдэг.   Ерөнхийлөгчийн институцийн гадаад дотоод харилцаа, шүүх засаглалтай холбоотой өндөр үүрэг хариуцлага бас байдаг. Энэ бүх Төрийн дээд төвшний харилцаануудыг зохицуулах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргын үүргийг бас хүлээдэг. Энэ их өргөн үүрэг хариуцлага нь өөрөө Төрийн бусад бүх байгууллагууд, яам тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллахыг шаарддаг. Тийм учраас Тамгын газар бол энэ бүх үүрэг хариуцлагын өмнө тогтвортой үйл ажиллагаагаар хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах үүргүүдийг хүлээж байдаг газар юм. Хүний нүдэнд нэг их харагдаад байх юм багатай үзэгддэг атлаа чимхлүүр ажил асар ихтэй байдаг. 

-Ерөнхийлөгч бол асар их хурдтай, ажлаа гайхалтай нарийн төлөвлөдөг. Тэрнийхээ дагуу байнга хатуу шаардаж байдаг зантай хүн. Ийм хүний яг дэргэд нь ажиллахад бол асар их хүч шаардагддагюм шиг байгаа юм. 
-Тэр мэдээж.

-Урьд нь та зөвлөх нь байсан. Зөвлөх гэдэг энэ чухал үүрэгтэй ажлыг амьтай, ач холбогдолтой болгосон гэж хардаг юм. Урьд нь бол манай зарим дарга нар зөвлөхийн орон тоог зүгээр л элдэв өртэй хүмүүсээр чигждэг, өөрөөр хэлбэл амьгүй албатуудаар  дүүргэдэг жишиг тогтчихсон байсан шүү дээ. Харин Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зөвлөхүүдээ сонгохдоо их сонин хандлага гаргадаг. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн залууг ч сонгож байх шиг. Тань шиг Төрд насаараа зүтгэсэн хүмүүсийг ч сонгож байх шиг. Ингэхэд тэр   зөвлөхүүдээ хэр сонсдог бол?
-Энэ Ерөнхийлөгчийг бид хорин хэдэн жил хажуугаас нь харж явж байна. Энэ бүх он жилүүдэд тэр хүн асар их өссөн, хат суусан, туршлагажсан, хатуужсан. Хэн юу хэлсэн бэ гэхээс гадна хэн юу хэлэх гэж байна гэдгийг хараад л мэдэрдэг хүн шүү дээ. Мэдрэх чадвар нь асар их хөгжсөн хүн. Зөвлөхүүдээ сонгохдоо цэвэр өөрөө л сонгодог. Нас, туршлага, хүйсийн тэгш байдал, мэдлэг боловсрол, ажил гүйцэтгэх ур чадвар, ачаа даах тэнхээ гээд маш олон талаас нь харж багаа сонгодог. Зөвлөхүүдийнхээ үгийг сонсоно. Сонсолгүй яахав. Гэхдээ хэзээ ч хэн нэгний үгээр шууд шийдвэр гаргадаггүй. Авсан мэдээллүүдээ өөрөө л боловсруулж дүгнэлтээ гаргадаг. Илтгэлүүдээ өөрөө бичнэ. Энэ тал дээр үнэхээр бид нар бүгд гологдож байгаа. Асар их хөдөлмөрч, өөрөө л өдөр шөнөгүй сууна. Маш их уншдаг. Би өмнөх Ерөнхийлөгч нартай байнга л уулзаж, ажил төрлийн харилцаа холбоотой явсан. Тэр дундаа анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн бүр туслахаар нь ажиллаж байсан. Одоогийн байдлаарЕрөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна. Тийм болохоор заримдаа өөрийн таньсан мэдсэн дээр тулгуурлаж,  Ерөнхийлөгч нарыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийж суудаг хүн л дээ. Зүгээр наад зах нь манай зарим дарга нар бэлтгэсэн үгийг л зүгээр уншчихдаг. Тэгэхэд одоогийн Ерөнхийлөгч бол заавал өөрөө бясалгаад, бодоод, гашилгаад бүр тултал шүүсийг нь шахаж өөрөө хэлэх үгээ боловсруулдаг. 

-Үнэхээр зарим дарга нарыг үг хэлж байхад бараг хэн бэлтгэсэн нь, хэний үг болох нь шууд л уншигдаад байдаг л даа?

-Улс төрд олон жил ажилласан сэтгүүлч та нар бол мэднэ л дээ. 

-Өмнөх жишгүүдээс болоод Ерөнхийлөгчийн Тамгын газрыг одон тараадаг, өргөдөл, тодорхойлолт авдаг л газар гэсэн ойлголт яваад байх шиг байдаг юм. Та бүхнийг ирэхэд бөөн тодорхойлолтод дараатай газар байсан байх. Нэг талаасаа бид бүтээмж багатай атлаа шагнал урамшууллын төлөө аян дайнд нийтээрээ мордчихсон шинж харагдаад байдаг л даа?
-Давхардсан тоогоор 40-50 мянган хүний тодорхойлолт байдаг юм билээ. Зөвхөн гавъяат гэхэд 3000 хүрчихсэн байх жишээтэй. Энэ мэтээр хуримтлагдчихсан, тоосонд дарагдсан олон юманд дараатай газар байсан л даа. Энэ дээр бид нэлээд их зүйлийг хийсэн. Харагдахгүй их олон өөрчлөлтүүдийн нэг бол шагналын программ юм. 

-Тэр нь яг яадаг, ямар программ юм бэ?
-Тэр нь яадаг юм бэ гэхээр нэгдүгээрт, давхардах, орхигдох, дарагдаад үлдчихдэг ч юм уу. Тэрийг бүгдийг нь нэгтгэж программд оруулсан. Бүх хүн нэрээрээ, ямар гавъяа шагналтай юм, юу хийсэн юм гээд бүгдийг нь нэгтгээд программд оруулчихаар шүүлтүүр сайтай болсон. Хүнээр дамждаг биш болгосон. Компьютер бол хүнийг бодоход илүү эмх цэгцтэй л дээ. Санамжийн хувьд ч. Ер нь бол ямар ч улс оронд шагнал гэж байдаг юм байна. Эрт дээр үеэс тогтчихсон систем юм байна. Манайд ч гэсэн хуучин тэр уламжлалаасаа болдог юм уу, шагнал авах гэсэн тийм сэтгэхүй бол бас байна. Тэрийг нь одоо зөв гэхэд хэцүү, бас буруу гэхэд ч хэцүү. Амьдрал дээр ямар байгаа юм. Тэрэнд нь тохируулж л ажиллах ёстой. Ерөнхийлөгч бол хэт хавтгайрсан тэр үзэгдэлд тодорхой өөрчлөлт оруулсан. Их тийм тоймтой, улс орны хэмжээнд өргөнөөр тэмдэглэгддэг түүхт баяруудаар ч юм уу шагнал олгодог болсон. Энэ асуудалд  наанатай цаанатай хандах ёстой юм билээ. Бас их тийм бодлого шингэсэн ойлголт байдаг юм байна. Улсынхаа өмнө гавъяа байгуулж байгаа, харагдаж байгаа, харагдахгүй далд зүтгэж яваа, мөн залуу халуун насаа төр улсынхаа төлөө зориулсан ийм иргэдээ  Монгол Улсын Төрийн тэргүүн шагнаж урамшуулах ёстой. Энэ асуудлуудад өөрөө ч асар нямбай ханддаг. Манайх бол өмнө нь жаахан хэмжээ дамжааг нь алдагдуулсан тал бий юм билээ. Тийм болохоор бид бүх салбар салбараар нь, аймгаар нь, мэргэжлийн төрлөөр нь анализ хийж үзэж программчилж байна. Өшөө ч боловсронгуй болгох юмнууд байгаа. 

-Бүр нэгжээс эхэлдэг, хороо хориноос эхэлж баахан тодорхойллт бичиг цаас үйлддэг тэр дамжлагыг өрчлсөн үү?

-Тэр байхгүй. Салбарын яамдаар дамжиж ирж байгаа. Нийслэлээс ирж байгаа. Нэг үеэ бодвол хамаагүй эмх цэгцтэй болсон. Бид нар сургалт хүртэл хийсэн. 

-Ерөнхийлөгчийн хөдөө орон нутгийн томилолтыг сурвалжилж явахад хүмүүс уулзалт дээр босч ирээд л тэр шагналын тодорхойлолт явсан яачихав л гээд байдаг юм билээ?
-Тийм юм гардаг.  Шагнал нүдээ олсон л байх чухал. Энэ үзүүлэлтийг олон түмэн өөрсдөө ч их хардаг юм билээ. Ерөнхийлөгч өөрөө ч гол хэмжүүрээ болгодог. 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жил явуулсан бодлого, хэрэгжүүлсэн төслүүд дотроос нэлээдгүй амжилтад хүрсэн нь “Иргэний танхим”. “Иргэний танхим” монгол орон даяар үйл ажиллагаагаа явууж байна. Энэ төслийн гол үр дүн юу байв?
-Одоогоос хорин хоёр гурван жилийн өмнө бол манайх сонгуулийн ч ардчилалгүй улс байсан. Сонгууль явагддаг. Нэг хүн нэр дэвшээд л сонгогддог ийм л маягаар ерэн он хүртэл явж ирсэн. Өнгөрсөн 20 жилийн явцад л сонгуулийн ардчилал Монгол оронд төлөвшсөн. Нэг мандат дээр хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшүүлээд, саналаа нууцаар хураагаад, олонхийн санал авсан хүн сонгогддог болсон. Тэр сонгогдсон хүн нь ард иргэдийг төлөөлж ажилладаг ийм сонгуулийн ардчиллыг бид  төлөвшүүллээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Монгол оронд сонгуулийн ардчиллыг төлөвшүүлэхд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо ардчиллын дараагийн шат юу вэ гэхээр шийдвэр гаргахдаа яг тэр л сонгогдсон, төлөөлсөн хэдэн хүн биш ард иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэдэг болгох зарчмын цоо шинэ өөрчлөлтийг бий болгох юм. Үүний  төлөө Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жил ажилласан.  Шинэ ардчиллын энэхүү зарчмын цоо шинэ шатыг  “Иргэний танхим” төслөөр эхлүүлсэн. Ерөөсөө сонгогдож гарч ирээд маргаашнаас нь энэ ажлаа эхлүүлсэн. Одоо жишээлбэл, та бид хоёрын суугаад ярилцаж байгаа энэ өрөө гэхэд үе үеийн төрийн тэргүүнүүдийн ажилладаг өрөө байсан. Та мэдэж байгаа байх. Энийг иргэний танхим болго, ард иргэдээ сонсдог газар болго. Нээлтэй болго гэсэн.  Эхлээд бол жаахан сонин сонсогдож байсан. Ерөнхийлөгч энэ үйл хэргээ өөрийнхөө суух ёстой өрөөгөө иргэдэд өгснөөр эхлүүлсэн. Одоо бүх аймгуудад “Иргэний танхим” ажиллаж байна. Үүний цаана гүн гүнзгий утга учир байгаа юм. Монголчууд бол боловсролтой, үнэний торгон мэдрэмжтэй улсууд. Дээрээс нь мэдээллийн технологи хөгжчихсөн үед амьдарч байна. Ийм учраас “Иргэний танхим”-аар дамжиж улс орны болоод орон нутгийн хөгжилтэй, бүр хөрөнгө оруулалттай  холбоотой олон төслүүдээс алинд нь хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тухайн нэгжийн ард иргэд нь өөрсдөө мэдэх, саналаа өгөх, хэлэх ийм боломжтой болж байгаа юм л даа. Мэдээллийн технологийнхоо хувьд  саналаа өгөх, саналаараа дамжиж тухайн шийдвэрт оролцох бүх бололцоо нээгдсэн. Гар утас, интернет гээд бүх бололцоогоороо дамжуулаад л оролцоно. Ерөөсөө иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болъё л гэж байгаа юм шүү дээ. Хотдоо мөрдөгдөх, сум, аймагтаа мөрдөгдөх дүрэм журмуудыг иргэд нь өөрсдөө оролцоод л батлаад мөрддөг болж байгаа гэсэн үг. Энэ жилээс зарим аймагт гэхэд 10-20 тэрбум төгрөг хувиарлагдаж байна. Тэр мөнгийг ямар нэгэн дарга биш иргэдийн санал дээр суурилж  юунд зарцуулагдахыг  шийддэг болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон мөрөөдөлтэй. Тэр мөрөөдлүүдээ ийм үйл хэргүүдээр хэрэгжүүлээд явж байгаа юм.  Дараагийн зорилт нь Монгол Улс ерөөсөө шууд ардчилалтай улс болъё гэсэн зорилт. Ерөөсөө төлөөллийн ардчиллын дараагийн шат бол шууд ардчилал. Жишээлбэл, Швецари улсад гэхэд автобусны билетнийхээ үнийг нэмэх үү, яах уу гэдгээ ч  иргэдээсээ санал асуулгаар асууж, санал бодол дээр нь суурилж шийдвэрээ гаргадаг. 

-Үнэхээр сургуулиа засах уу, гүүр барих уу...гээд бүх зүйлээ иргэдээсээ асууж шийдвэрлэдэг юм билээ. Зарим талаар төвөгтэй санагдсан?
-Монгол Улсад энэ шууд ардчиллыг нутагшуулах нь асар хэрэгтэй зүйл. Урьд нь нэг хүний үзэгний үзүүрээр л Монгол улсын хувь заяа шийдэгдэж байдаг байсан. Газар нутгаа алдаж байсан. Тусгаар тогтнолдоо аюул занал учруулж байсан. Дараа нь хэсэг бүлэг хүмүүс, нэг нам шийдэх ч юм уу, тийм маягаар зөндөө явсан. Одоо бол парламентын төвшинд шийдвэр гаргадаг болсон. Удахгүй бид бүх ард иргэдийнхээ саналаар суудлаа шийддэг тэр зарчим руу орох гэж явна. Ийм шууд ардчилалтай болчих юм бол Монгол улсад хөгжсөн ардчиллын баталгаа, хүний эрхийн хөгжлийн баталгаа, бүр тусгаар тогтнолын баталгаа болно. Зүгээр энгийн жишээ татахад гадны нөхдүүд ирээд танай энэ юмыг чинь авъя аа гэхэд урдаас нь уучлаарай, энийг бид дангаараа шийддэггүй юм аа, манай ард иргэд шийддэг юм, тэднээсээ асууя гэж хэлээд сууж байдаг болно гэсэн үг. Энэ шат бол ардчилсан хөгжлийн дараагийн шинэ шат юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч бол Ардчиллыг авчирсан, тэгээд энэ үйлээ өсгөж бойжуулахад нь оройлон оролцсон,одоо цаашаа юу хийх вэ гэдгээ бүтэн энгээр нь, бүтэн агуулгаар нь, бүтэн орон зайгаар нь харахаас гадна яаж хийх вэ гэдэг тэр арга замаа мэдчихсэн ййм л хүн юм. Дэлхийн хэмжээнд сэтгээд, дэвжээнийхээ хэмжээнд барилдана гэдэг шиг дэлхийг ч мэдэж байна, хөгжил хаашаа явж байна гэдгээ ч харж байна.  

-Давосын форум дээр очоод ч юм уу, дэлхийн төвшний томоохон арга хэмжээнүүд дээрээс нүдээрээ харж сурвалжилж байхад өөрийн орны Ерөнхийлөгчөөр бахархах сэтгэл төрдөг л дөө. Хуучин бол Давосын чуулган мэт аварга арга хэмжээнүүд дээр юун өөрийн гэсэн дуу хоолойтой, тэрийгээ дэмжүүлж чаддаг төвшний тоглогч байх нь битгий хэл цанаар гулгах төдий болоод л эргэдэг байсан түүх ч бий шүү дээ. Өнөөдөр бол бид том том хурлуудыг нь удирддаг, улс орныхоо байр суурийг өсгөдөг, тэр үйл хэргийнхээ төлөө мятрашгүй тэмцдэг Ерөнхийлөгчтэйгөө тэнд хардаг. Монголын Ерөнхийлөгчтэй уулзах гэсэн хүсэлтэй хүмүүсийн жагсаалтад даруулдаг болсон. Дэлхийн бүх л нэр нөлөөтэй нөхдүүд уулзах гэдэг болсон байна лээ. Энэ үнэхээр сайхан үйл хэрэг биш гэж үү?
-Үнэхээр тийм л дээ. Хэл ус, боловсрол бүх төвшнөөрөө эн зэрэгцэж дэлхийтэй харьцана, тэдэнтэй ажиллана гэдэг бол шал өөр ойлголт шүү дээ.   
          
-Ерөнхийлөгч дэлхийгээс хэд хэдэн нэр хүндтэй шагнал авсан. Гэвч өөрөө улс орныхоо иргэдийг шагнадаг ийм эрх үүрэгтэй хүн болохоор өөрийнхөө авсан шагналыг ирээд яриад байх боломжгүй юм шиг байгаа юм. Дэлхийд түүнийг Азийн шинэ тоглогч, шинэ лидер гэж үнэлж дүгнэж байхад бид дотроо нэг их энэ тухайд ярьдаггүй?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг азид, энэ бүс нутагт гарч ирж байгаа ардчиллын том лидер гэж харж байгаа. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Гадны улс төрийн шинжээчид бусад хүмүүсийн өгч байгаа дүгнэлтүүдийг ярьж байна л даа. Тэр хүний явуулж байгаа бодлого, хийсэн ажил, бүтээсэн үйл хэрэг, хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүд гээд олон хүчин зүйлс дээр нь тулгуурлаж тэдгээр үнэлэлтүүдийг өгч байгаа шүү дээ. Эх дэлхийн манлайлагч гээд маш том шагнал авсан. Байгаль дэлхийгээ хамгаалах ногоон бодлого дээр тэр хүний хийсэн зүйлсийг  үнэлж өгсөн. Үнэхээр асар их зүйл хийсэн. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Монголд дөрвөн сая гаруй мод таригдсан байгаа. Уул ус, гол горхио хамгаалах талаар тэр хүн юу хийв. Энэ олон замбараагүй олгогдсон лицензүүдийг таслан зогсоох  шийдвэрийг Ерөнхийлөгч маш зоригтой гаргасан. Амжилтад хүрсэн. Үнэхээр нэг бүрчлэн тоочиход та бидний цаг хүрэхгүй л дээ. За, тэгээд л хүний эрхийн асуудлууд дээр, энх тайвны үйл хэрэг гээд глобалный бусад бүх асуудлууд дээр  энэ Ерөнхийлөгчийн хийсэн алхмууд, зүтгэсэн зүтгэл гээд ярих юм бол барагдашгүй их юм бий. Монгол улсыг бүр Европын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагад элсүүллээ шүү дээ. Монгол Улсын нэрийг дэлхийн төвшинд хадаахад, хүлээн зөвшөөрүүлэх үйлсэд Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг  асар их байгаа байхгүй юу. Хуучин зарим хүн шиг өөрийгөө шагнаж, өөрийгөө баатар болгож ажиллаагүй. Үйл ажиллагааных нь цар хүрээ асар өргөн. Бүгдийг энд багтаах бололцоогүй. Захаас нь нэг жишээ хэлэхэд л энэ хүн монгол цэргийг дэлхийн цэрэг болгосон. Энэ бүх өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг нь бид нэг  их сайн харж чадахгүй байх шиг байна. Бид зүгээр л шүүмжлэгчийн байр сууринаас л харж байгаа. Яаж шүүмжлэх вэ л гэж уралдаж байх шиг. Энэ Ерөнхийлөгч Монголд дандаа сайн юмыг авчирсан хүн. Сайны үрийг таригч. Ардчиллал, хүний эрхийг цогцлоогч хүн. Малыг малчиддаа өгсөн хүн. Орон сууцыг иргэдэд нь өгүүлсэн. Бүх иргэдээ гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нь өгсөн. Энэ бүх юмыг эх орондоо өгсөн хүн. Монголчууд бид ямар нэгэн юм болохоо байхад дандаа Ц.Элбэгдоржид л ханддаг. Ц.Элбэгдорж , Э.Бат-Үүл хоёр руу  ханддаг . Энэ хоёр хүн л дандаа тэрүүн эгнээнд явсан шүү дээ. Бүх жагсаал цуглааныг удирддаг байсан. Нэг хоёр удаа л удирдаагүй байх. Тийм цуглаан давсгүй шөл шиг л болдог байсан юм даг. Олон түмнээ араасаа дагуулаад, оготны хамраас ч цус дусаалгүй тайван замаар нийгмийг ингэж өөрчилнө гэдэг бол агуу үйлс. Ц.Элбэгдорж ардчилалд учирч болох аюул заналын эсрэг зоригтой тэмцэж ирсэн. Ардчиллын гол аюул бол авилгал байхгүй юу. Энэ Ерөнхийлөгч авилгатай тэмцсэн. Авилгатай тэмцэнэ гэдэг бол амь дүйсэн ажил шүү дээ. Гэсэн ч тэр амь дүйж байгаад тэмцэж чаддаг.  Энэ утгаараа нэг талаас амьдрал нь аюул занал, эрсдлээр дүүрэн л яваа хүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол ардчиллыг хамгаалах, түүнд учирч байгаа аюулын эсрэг тэмцэх ховорхон хараатай, ховорхон эр зоригтой байлдагч юм. Тийм учраас монголчууд түүнээс сайн зуурах хэрэгтэй. Модыг үндэс байхаас нь авчирч суулгасан, тарьсан, усалж ургуулсан, хамгаалсан ийм хүнээ тавьж явуулж болохгүй. Тэр бол саарыг зайлуулагч, сайныг таригч.

Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээ

Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээУИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танай намын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт дүүгээ оролцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж АТГ-т хандсан. Харин АТГ энэ асуудлыг  Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэж байна? 
-МАН-ын бүлгээс Хууль зүйн сайд, Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АТГ-т тус тус хандсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна гэдэг хариу өгсөн. АТГ энэ асуудлыг шалгаж үзээд Нийслэлийн прокурорт  өгсөн байна билээ. Цагдаагийн газар үүн дээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Бид одоо хүчний байгууллагуудаас гарах шийдвэр болоод дүгнэлтийг хүлээж байна.

-Та одоо ямар асуудал дээр голчлон ажиллаж байна? 
-Миний хувьд сонгууль дээр ажиллаж байна даа.

-Аль байнгын хороонд харъяалагдан ажиллаж байгаа вэ? 
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороонд байна. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдан ажиллаж байна даа. Голлон ажиллаж байгаа ажил маань хилийн боомтын асуудал. Хилийн боомтын тухай хууль өргөн баригдсан байгаа. Түүн дээр гарсан ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-“Чингис” бондын асуудлыг МАН-ын бүлэг нэлээд шүүмжилж байгаа. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бонд төсвөөс гадна байж болохгүй гэж байсан. Үүн дээр бодолцох л хэрэгтэй юм шиг ээ? 
-Бонд бол өрийн бичиг шүү дээ. Дэлхий дахинд “Чингис хааны өрийн бичиг” нэрээр явж байна. Нэрнээс авахуулаад зохимж муутай байна л даа. Чингис гэдэг агуу хүн дэлхийн хэмжээнд мөнгө санхүүгийн асуудлыг шийдэж явснаас биш өр тавьж яваагүй. Үр хойч нь болсон бид тэр хүний нэрээр “Чингис өр” гээд гаргаад явж байгаа нь хаа хаанаа зохимжгүй байгаа юм. Хоёрдугаарт, УИХ олон нийтийн өмнөөс төсвийн зарцуулалтад хяналт тавих, зүйл заалтаар нэг бүрчлэн хянаж батлах үүрэгтэй шүү дээ.
Гэтэл төсвөөс гадуур гурван ч эх үүсвэр яваад байна. Нэгдүгээрт, Монголбанкнаас гаргаж байгаа Үнэ тогтворжуулалтын сангийн олон зуун тэрбум төгрөгийн асуудал. Хоёрдугаарт, Чингис өрийн 1,5 тэрбум ам.долларын бонд. Гуравдугаарт, Хөгжлийн банкны 600 орчим сая ам.долларын зарцуулалт улсын төсвөөс гадуур, УИХ-д хянагдахгүйгээр бие даасан хөрөнө оруулалтын хэмжээнд дүйцэхүйц хөрөнгө явж байгаа нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт туйлын хортой тусна гэж бодож байна. Эхний илрэлүүд санхүүгийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдэд анзаарагдаад эхэллээ. 2012 оны эдийн засгийн дүнгээр Монгол Улс түүхэнд үзээгүй 3,2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээлээ шүү дээ. Төсвийн алдагдал ДНБ-ний найман хувьд хүрсэн. Хэрэв Чингис бонд, Үнэ тогтворжуулалтын сангаа оруулбал арван хувьд хүрэхээр байна.

-Монгол Улсын эдийн засаг таны хэлж байгаа шиг тийм хүнд байдалд орчихоод байгаа юм уу?
-Сүүлийн 13 жилийн хугацаанд гараагүй төсвийн алдагдалд орсон. Төсвийн нэгдүгээр улирлын мэдээ харахад туйлын хангалтгүй. Төсвийн бүрдэлт тасарч байна. Зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний зардал гаргаад хөрөнгө оруулалтын ажил хөдөө орон нутагт ерөнхийдөө зогссон. Эдийн засгийн болон улс төрийн томоохон бодлогын алдаа хийсэнтэй холбоотойгоор гадаад худалдаа болон  хөрөнгө оруулалтын ажил үндсэндээ зогслоо. Эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж байсан Монголын гайхамшиг гамшиг боллоо. Монголд орж ирж байсан хөрөнгө оруулалт гараад дууслаа. Геологи, уул уурхайн ажил ерөнхийдөө зогссон.
Барилгын салбарыг дагаад томоохон хүндрэл бий болсон. Үүнийг дагаад нийтийн болон худалдаа үйлчилгээний салбар хүндрээд эхэлсэн. Нүүрсний үнэ тасралтгүй унасан. Нөгөө 100 ам.долларыг шүүмжилж байсан бол 70, 50 ам.долларын хэмжээнд унаж байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэний хийх гэж байсан олон томоохон төслүүд, цахилгаан станц, төмөр зам бүгдийг зогсоосон. Тэр болгоныг төр өөрөө хийхээр оролдож байна. Нөгөө “Чингис” бондоос хийх гэж байна. Эдийн засгийн зохистой жам ёсны явж байсан ажлуудад хэт хөндлөнгийн оролцоо бий болсон. “Тогтвортой эдийн засгийн эрсдэлгүй” гэдэг үнэлгээг Монгол Улс авдаг байсан бол сонгуулиас хойш нэг жилийн дотор “Эдийн засгийн хувьд тогтворгүй” гэдэг үнэлгээ авч байна шүү дээ. Бид арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон гадаад болон дотоод орчноо байхгүй болгочихлоо. Ийм л харамсалтай дүр зураг харагдаж байна даа.

-Одоогийн Засгийн газар таны ярьж байгаагаас огт өөр зүйл хэлж байгаа шүү дээ. Бүх зүйлийг өөдрөг сайхан байна гэдэг. Харин ч өмнөх Засгийн газрын алдаатай бодлогыг засах гэж хугацаа алдаж байна гэж хэлж байгаа шүү дээ? 
-Бурууг тохох яахав. Аливаа зүйл бодитой байх ёстой л доо. Бид эдийн засгийн өсөлтийг 2012 оны эхний хагас жилийн байдлаар 17 хувиар өссөн. Гадаад хөрөнгө оруулалтыг арван тэрбум ам.доллар болгоод, Хөгжлийн банк гэж байгуулаад дансанд нь 500 сая ам.доллар үлдээсэн шүү дээ. Тэр амжилтууд жилийн эцэст нурж унасан. Одоо ч үргэлжлээд явж байна. Мөнгөний ханш дээр харахад жилийн өмнө 1200 байсан монгол төгрөг болон америк долларын харьцаа 1400 рүү явлаа шүү дээ. Тэр хэмэээгээр монгол төгрөгийн ханш унаж байна. Монголбанк асар их цаасан мөнгө хэвлэн нийлүүлж байна. Эдийн засгийн томоохон цохилтууд ирэх намар гүнзгийрэх байх гэсэн ерөнхий дүр зураг гарч байна даа.

-Та бүгдийн энэ санал, шүүмлэлийг эрх баригч хүчин хэрхэн хүлээж авч байгаа вэ? 
-Бид үүргээ биелүүлж байгаа. УИХ-д цөөнх гэдэг ардчиллын хамгийн том илэрхийлэл шүү дээ. Олонхи нь эрхээ барьдаг. Цөөнх нь хяналт тавьж шүүмжилдэг. Бид хяналт тавих үүргээ биелүүлж,  “Улс төр болоод гадаад бодлогын том алдаанууд явж байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. төрийн алба хүндэрсэн. Энэ явуулж байгаа бодлогоо эргэж хараач” гэдэг дохио сигналуудыг цаг тухайд нь өгч байгаа шүү дээ.

-Танай бүлгийн зүгээс хэлж байгаа энэ дохио, сигналуудыг эрх баригч хүчин хэтэрхий улстөржиж байна гэж үзэж байгаа шүү дээ? 
-Бодит тоонууд гараад л байна шүү дээ. Хөрөнгө оруулалт унаж байна. Томоохон төсөл бүгд зогсчихсон. Хотын А зэрэглэлд баригдаж байсан барилгууд бүгд зогссон. Захын аймгуудад үнийг хөөрөгдөл  их байна. Зүй зохисгүй, дур зоргоор авирладаг асуудал хэм хэмжээнээс хэтэрлээ шүү дээ. Төрийн албыг үнэхээр завхаруулж дууслаа. Бүхнийг үнэхээр эрх мэдлээр далайлгаж, аймшигтай дарангуйллын үнэр үнэртсэн зүйл хийгээд байна шүү дээ эд нар. Хууль хамаагүй болж байна. Ёс төр, дүрэм журам, уламжлал байхгүй болчихжээ. Бид нэг л хийрхсэн, ардчилал гэж цээжээ дэлдсэн хүмүүс л байна даа. Үнэхээр ардчиллын үнэт зүйлд улстөржилт биш хийрхсэн ардчилал гай тарьж байна. Удахгүй бид хийрхсэн ардчиллаас жинхэнэ ардчиллаа аврах цаг ирэх байх. Монгол Улсад олон улсын томоохон хурлууд боллоо. Хоёр том хөрш маань ирсэнгүй. Энэ бол асар том улс төрийн алдаа шүү дээ. Олон улсын хуралд хоёр хөрш нь ирж чадахгүй хэмжээнд бодлого нь зөрчилтэй болсон. Манай Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Монголын түүхэнд байгаагүй зүйл шүү дээ.

-Тэгэхээр Ерөнхий сайд зөв голчтой, сайн ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү? 
-Аливаа улс төрийн лидер, ялангуяа намын дарга, Ерөнхий сайд хүн  хэлж байгаа үг, хийж байгаа ажлынхаа үр дагаврыг харж, тооцоолж мэдсэн байх ёстой. Эцсийн үр дүнг нь тооцоолж чаддаг байвал тэр  хүн лидер. Харин санаанд орсноо бодлогогүй ярьдаг нь улс төрийн удирдагчийн хэв шинж яав ч биш. 

-Тэгээд яах ёстой юм бэ?
-Бид асуудлаа гаргаж тавина. Ардчилсан нам дотроо дүгнэлтээ хийх байх гэж бодож байна. Бодит байдал дээр эдийн засаг хүндрэх нь гэдгийг хаа хаанаа анхаарч бэлтгэл хангах хэрэгтэй л дээ. Мэдээж ширүүн цохилт ирнэ. Үүнийг даван туулах том ажил бидэнд дахиад л ирнэ. Дор дороо бэлтгэл хангах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй сул байгаа. Төсвийн бодлогын тэлэлт, замбараагүй, дэс дараагүй, фракци дагаж хуваарилсан, бодлогогүй ажлууд төсвийг үнэхээр хайр гамгүй үрж байна даа. Дэндүү үрэлгэн загнаж байна.
 Хар өдөр хүндрэл ирэхэд бид нөөцөлсөн хөрөнгө байхгүй. Гадна талд нөхцөл байдал хүнд байгааг мэдэхгүй байна уу, эсвэл мэдчихээд хамаагүй гэж үзэж байна уу санаа зовмоор зүйлүүд анзаарагдаж байна даа. Энэ Засгийн газрыг үнэхээр хариуцлагагүй, муу ажилласан гэж үзнэ. Монгол залуус маань Солонгос явахаа болчихсон байсан.  Гадаадад сурсан оюутнууд нутгаа зорьдог болчихсон байсан шүү дээ. Эцсийн эцэст улс төр огтхон ч сонин биш. Муур хар байна уу, цагаан байна уу хулгана барих ёстой. Манайд муур хар, цагаан байх нь сонин юм шиг байна. Тэр муур хулгана барих нь огт сонин биш. Муурны л хар цагааныг яриад байдаг. Тэр муур хулганаа л барих хэрэгтэй шүү дээ.  Харамсалтай нь нийгэм маш хүчтэй хагарч байна даа. Үзэл бодлоор хуваагдаж байна. Бие биенээ үзэн ядаад л. Цөөхөн монголчууд шүү дээ. Юу л болоод байна даа гэж бодогдох юм. 
У.САРАНГЭРЭЛ 
Эх сурвалж http://www.info.mn

Sunday, 26 May 2013

Г.Аким: Ухаантай хүнийг хүлээж байна

Улс орны хөгжлийг залах Ерөнхийлөгчийг сонгох өдөр дөхсөөр... Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүр зургийн талаар Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай товч ярилцлага өрнүүллээ. 

-Эх орны хөгжлийг чиглүүлэх Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас та ямар хүнийг хүлээж байна вэ? 
-Миний хувьд улс төрөөс гараад удаж байна. Гэхдээ би монголчууд эх орноо аваад явчих ухаантай хүнийг хүлээж байна. Ер нь дэлхийн цараанд сэтгэж чаддаг, олон улсад Монгол гэдэг нэрийг аль ч улсаас дутахгүй, нэр сүрийг нь өргөөд явчих тийм л хүнийг нийгмээрээ хүлээж байгаа болов уу.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлаа таны төрсөн нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Та үүнийг түүхч хүний хувьд юу гэж бодож байна вэ? 
-Дорнод  нутаг бол Халх голын дайн байлдаан болж байсан гэдгээрээ, уран зохиолын хэлээр ярьвал хамгийн эхэлж наран ургах зүгээр нь ч бодсон их түүхийг агуулсан нутгаас сонгуулийн ажлаа эхлүүлнэ гэдэг нь их бэлгэдэлтэй гэж бодож байна. Ер нь Чингис хаан Монгол нутагтаа хийсэн хамгийн том байлдааныг Наймантай хийсэн байдаг. Наймантай байлдахдаа наран ургах зүгээс буюу Халх голын цаахантай байх Ор нугын хэлтгий хадаас хар тугаа сацаад буюу тахиад эхэлж хөдөлсөн байдаг юм. Нууц товчоонд Чингис хааны байлдан дагуулалтыг бичихдээ Халх голын тухай өгүүлсэн зүйл их бий.  Хэрэйдтэй байлдсаныхаа дараа Халх голдоо цэргээ тоолсон гэх мэтчилэн Монголын эртний түүхийн холбогдолтой газар ус юм. Яагаад ч юм, ер нь Чингис хаан аливаа байлдаан хийхдээ нэг бус удаа Халх гол руу очиж, тэндээс хөдлөсөн байдаг. Тэгэхээр эх орны  минь зүүн хязгаар Халх гол орчим маань нэг тийм сонин эрчимтэй газар юм болов уу даа. За тэгээд 1939 онд Монголчууд өөрсдийгөө хамгаалсан дайн хийж байлаа. Монголын хөвгүүдийн  цус тэнд урсч л байсан. Сөөм ч газар өгөхгүй л гэж үзэж явсан даа.

-Эх орны түүхийн хэсгээс ярьсан болоод ч тэр үү. Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь  залсан үйл явдал эрхгүй  сэтгэлд буулаа. Энэ нь олон жил шийдлээ олоогүй, тарж бутарсан шашныг нэгтгэх хэрэг боллоо гэж сүсэгтэй олон бэлгэшээх юм?
- Миний хувьд шашин судлаач биш учраас төдийлөн хэлж мэдэхгүй байна. Эхний хоёр богд маань монгол хүн байсан. Удаах богдыг Монголоос тодруулахад, есдүгээр ноён хутагтын дүр энд ирж суурьшсан нь нөлөөлөх болов уу гэж бодож байна. Ер нь шашны нэгдэн нягтрал талаасаа сайн нөлөөтэй. Ерөнхийлөгчийн хийж чадсан нэг том зүйл бол хилийн чанадад тарж бутарсан монголчуудаа урин дуудсан нь гэж бодож байна. Энэ нь гадаадад байгаа монголчуудын сэтгэл хүрсэн л дээ. Эх нутагтаа ир, бид сайхан хүлээж байна гэж урин дуудаж байсан Ерөнхийлөгчийг би лав дуулаагүй. Монголчууд гадаад хэдэн мянган жилээр удмаараа суурьшчихсан байдаг. Тэд чинь бас Монголоо гэдэг сэтгэлтэй, эндээ ирэх сонирхолтой улс их, тэднийг урьсан шүү дээ. Мөн гадаадад тарсан соёл, урлаг, түүхийн дурсгалт зүйлийг Монголдоо залахад Ерөнхийлөгч их юм хийж байна.

-Сүүлд эх орондоо авчирсан “Тироннозавр Батаар”-ыг та хэлээд байна уу?
-Тийм. Батаар байна. Зөвхөн Батаараас гадна соёлын ном, зохиолыг дурдаж болно. Монголын түүхийн нэг гол сурвалж бичиг болох  Чингис хааны болон удмынхны түүхийг бичсэн Рашид-ад-диний Судрын чуулганыг электрон хувилбарт хөрвүүлсэн эх хувилбарыг Монголдоо залсан явдал Ерөнхийлөгчийн соёлын өвийн талаар хийсэн том үйл хэрэг байлаа. Үүнийг урьд хожид хийж байгаагүй юм шүү дээ.

-Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар бахархлын өдрийг тэмдэглэж байхаар боллоо. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Түүхийн  талаасаа уг өдрийг тэмдэглэх болсоныг хэрхэн хүлээж авч байна вэ? 
-Энэ бол их чухал явдал. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх саналыг боловсруулж байхад би орж ажиллаж, саналаа хэлсэн л дээ.  Хүмүүс дийлэнх нь эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхыг хүлээж авсан. Зарим нь эсэргүүцсэн. Ер нь хүн бүрийн сэтгэхүйд таарсан зүйл хийнэ гэж байхгүй. Хүн бүхэн өөрийн гэсэн бодолтой учраас хүн хүний бодол, гүзээ гүзээний булан  гэсэн үг бий дээ. Тиймээс заавал бүгдийг зөвшөөрүүлэх шаардлагагүй. Ихэнх нь хүлээж авч байгаа бол тэр зөв. Ер нь сурвалж бичгүүдэд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сар гэж өгүүлдэг. Харин яг тэр өдөр төрсөн гэж хэлж чадахгүй байсаар ирлээ. Тэгэхээр монголчууд өвлийн эхэн сараар их хаандаа хүндэтгэл үзүүлээд ёслол хийхэд яагаад болохгүй гэж.

-Чингис хааныг оршуулсан газар одоог хүртэл маргаантай байсаар. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ? 
-Чингис хааныг оршуулсан газрыг хайгаад олохгүй байна. Олох ч хэрэггүй. Монголд Бурхан Халдун уулын хавьд л байгаа. Харин уулын орой дээр нь байгаа гэдэг нь худлаа. Өөрийнх нь тахьдаг уулын орой дээр шарилыг нь аваачаад тавьчихна  гэж юу байх вэ. Тэр их уулсын хаа нэгтээ газар л байгаа. Ер нь монголчууд шарил ухдаггүй ёстой шүү дээ. Тухайн үедээ үр сад, гэргий  нар нь олуулахгүй гээд нуусан байхад хэдэн зууны дараа эзэн хааныхаа шарилыг яг энд байна гээд ухаж гаргаж ирээд яах юм бэ гэсэн бодолтой явдаг хүн дээ. 
У.БОЛОР

Thursday, 23 May 2013

Ж.Амарсанаа: Магадгүй би түргэний дуудлаганд явсан анхны сайд байх

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг та бүхэнтэй уулзуулж байна. 

-“Ярилцъя” буланд маань уригдаж байгаа анхны дэд сайд та болж байна. Таныг өнөөгийн  дэд сайд нар дотроос хүмүүс хамгийн их сонирхож байгаа.  Хаанаас гараад ирсэн, юун залуу вэ гэцгээгээд л.  “Маарамба гэнээ, отчийн сургууль төгссөн гэнээ. МАХН-ын хүн юм уу, МАН-ын хүн юм уу гээд л. Тэгэхээр хоёулаа яриагаа танилцахаас эхлэх үү ?
-За, тэгье ээ. Улс төрийн угшил гэж ярих юм бол яах аргагүй Ардчилсан нам л даа. Миний намтар гэвэл их товчхон.  Дээр үед 23-р тусгай дунд сургууль гэж байсан даа, тэнд би сурч байсан. Тэгээд тэндээсээ Мамбадацан руу шилжиж суралцсан.    “Оточ Манрамба” гэж сургууль бий, Д.Нацагдорж багшийн. Төгсөөд, нэг жил Гандангийн Мамбадацанд ажилласан. Хоовоо гэж настай өвгөн байсан. Та таних байхаа бараг л. Тэр хөгшин манай багш байгаа юм. Багшийнхаа дацанд нэг жил оточ зурхайчаар ажиллаад дараа нь тэрийгээ төгсчихөөд, “Оточ Манрамба” сургуульдаа нэг жил багшилсан. Тэгж байтал тухайн үед Японы Засгийн газрын тэтгэлгийн шалгалт явагдсан. Жилд нэг удаа тийм шалгалт явагддаг байсан юм.  Одоо ч гэсэн тийм шалгалт авдаг. Тэр шалгалтыг өгөөд Токиогийн их сургуульд тэнцээд явлаа. Тэндээ нийт найман жил сурсан.

-Японд их удаан сурсан юм байна. Бараг л хоёр дахь эх орон тань болоо биз?
-Тийм, Токиод их олон жил болсон. Анх очоод хоёр жил судлаачаар сураад, дараа нь хоёр жил магистрт сураад, тэгээд дараа нь докторын програмд дөрвөн жил, ингээд нийтдээ найман жил сурсан. Уг нь бол очоод судлаачаар 1 жил сурчихаад доктор луу ордог байхгүй юу. Тухайн үед миний нас хүрдэггүй. Японы хууль их чанга. Заавал 24 нас хүрч байж докторт ордог хатуу заалттай учраас тэрийгээ хүлээгээд магистрт хоёр жил, судлаачаар нэг жил нийтдээ гурван жил хүлээсэн байдаг юм. Гэхдээ би бас зүгээр суугаагүй. Тэр жилүүддээ зөндөө судалгаа хийсэн. Миний оюутан цагийн ү бүтээлтэй, сайхан үеүд яах аргагүй Токиод өнгөрсөн.  Найман жил бол урт хугацаа. Тухайн үедээ нэлээн японжсон байсан. Ямартаа л монголдоо ирээд хүмүүстэй уулзахаар “Чи одоо яагаад бөхөлзөөд байгаа юм бэ” гэж шоолуулдаг болчихсон байсан. Тэгээд японд доктороо дуусгаж ирээд залгуулаад хоёр жил Харвардад очиж багшилсан. Ингэж явсаар эх орондоо 2008 онд ирсэн дээ. Ирээд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийнгээ хажуугаар нь хувиараа лаборатори ажиллуулж, судалгаагаа үгэлжлүүлж ажилласан . Ийм л түүхтэй хүн.

-Ерөнхийдөө элэгний чиглэлийн эмч гэж сонсон. Элэгний Амарсанаа гэж зарим нь таныг нэрлэдэг юм билээ?

-Тийм, элэгний төв лаборатори гэдгийг монголд анх байгуулж байсан.

-Яг таны мэргэжил юу юм бэ?
-Миний мэргэжил эмч.

-Эмч нараас асуухаар элэгний л хүн гэдэг юм. Эмч нарыг мэргэшлээр нь нэрлэдэг уламжлал байдаг. Зүрхний Б.Болдсайхан, Дурангийн Н.Даваадорж ч гэдэг юмуу. Энэ бас сайхан бахархал юм шиг санагддаг юм? 

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Миний яг мэргэжил гэвэл эмч, мэргэшил гэх юм бол олон. Жишээ нь, хавдар судлал, вирус судлал, элэг судлал, дотор судлал гээд маш олон чиглэл рүү орж ажилласан. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бас их олон ажлууд хийж байсан. Молекул биологи их хийж байсан. Био технологиор бас асар олон юм хийж байсан. 

-Одоо та хэдтэй вэ, эрэгтэй хүн юм чинь насаа нуухгүй биз дээ?

-Би 37 настай.

-Залуу насандаа их олон юм амжуулж. байгаа юм байна. Хараад байхад манай Анагаах ухааны салбар ихэвчлэн европын анагаах ухаан дээр суурилж хөгжсөн. Бид бол бас өөрсдийн шашинтай, өөрсдийн анагаах ухаантай ард түмэн. Тэрийгээ бид гадны нөлөөн дор алдаж их олон жил явчихсан. Тийм болохоор уламжлалт анагаах ухаан маань хөгжөөгүй. Энэ нөхцөл байдлаас болоод нийтийн ухамсарт анагаах ухааны энэ хоёр урсгал бие биенээ үгүйсгэсэн байдалтай явж ирсэн. Энэ хоёр хоршсон зүй зохистой нийцэл гэж байдаг юм уу. Амьдрал дээр хараад байхад тан уугаад сэдэрчихлээ, хоёр эмчилгээ хоорондоо нийцсэнгүй гэх асуудал их явах юм. 
-Энэ дээр жинхэнэ нөгөө мяндсан ухаан гэдгийг л гаргах ёстой юм даа. Би өөрөө уламжлалтын эмч байсан хүний хувьд уламжлалт анагаах ухааны суурьтай. Тэгээд анх Японд очиж байхад их зөрчил байдаг байсан. Чи ламын сургууль төгссөн, уламжлалтаар сурсан. Нарийн юм мэдэхгүй энэ тэр гэчих гээд л. Янз янзын юм зөндөө гарч ирнэ шүү дээ. Молекул биологийн нарийн судалгаа хийхэд дандаа хулгана зэрэг амьтад дээр туршилт хийх шаардлага гардаг. Гэтэл би чинь бурхны шашны суурьтай хүн. Иймэрхүү ажлууд хийж болохгүй. Тэрнээсээ болж  багшдаа загнуулаад сургуулиасаа хөөгдөх шахаж байсан түүх ч бий. Чи ер нь туршилт хийхгүй бол энд байж яадаг юм гэж загнуулдаг байлаа. Одоо эргээд аль алийг нь үзчихээд, дүгнэлт хийхэд бол архаг өвчиндөө уламжлалт анагаах ухаан сайн юм байна. Хурц янз янзын юманд европ анагаах ухаан нь сайн юм байна. Олон жилийн судалгааны явцад ийм дүгнэлт хийгдэж байна. Гэхдээ энэ бол миний хувь хүний дүгнэлт. Ер нь бол өвчин болгон янз янз л даа. Жишээлбэл, ийм өвчинд уламжлалт анагаах ухаан нь илүү юм байна, ийм өвчинд европ нь илүү юм байна гэдгийг болдог бол хар цагаанаар нь ялгаад тавьчихмаар байгаа юм. Яг ялгахад зовлон ихтэй. Нотолгоон дээр суурилах шаардлагатай. Гэтэл манай уламжлалт анагаах ухаан яг энэ гээд нотлоод тавьчихсан эрдэм шинжилгээний өгүүллэг багатай. Зөвхөн практик дээр нотлогдож явдаг ийм анагаах ухаан юм шүү дээ.

-Саяхан би нэг гайхамшигтай зүйтэй учирлаа. Булганы нэг багш элэгний хорт хавдраар өвчилсөн. Эмнэлэг найдваргүй гэжээ. Ялангуяа хавдрын эмнэлэг зарм өвчтөнд бас нэг тийм хариу өгдөг шүү дээ. Өвчний өмнө анагаах ухаан өөрөө хүчин мөхөсддөг. Ингээд манай тэр багш тийм хариу аваад явсан. Тэр үед Эрдэнэтэд нэг увидастай хүн байна гэж сураг дуулсан байгаа юм. аргаа бараад тийшээ очсон. Эцсийнхээ горьдлогоор л явсан хэрэг шүү дээ. Хоёр жилийн дараа эргэж ирээд шинжилгээ өгтөл бүх хавдар зогсож, хатаж эдгэсэн байж. Энэ бол гайхамшиг биш гэж үү?  
-Батсайхан гэж хүн байх.

-Тийм гэсэн. Та нэрийг нь яаж мэддэг юм бэ. Би тэр хүнийг олж уншичидтайгаа уулзуулдаг юм билүү гээд хайгаад байгаа юм. Ер нь бол элэгний хорт хавдар манайд түгээмэл өвчин болсон. Хавдрын эмнэлэг ч заримыг нь эдгээж байгаа. Үнэхээр манайх элэгний хорт хавдраа аль аль анагаах ухаандаа шийдээд байгаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө элэгний хорт хавдрыг монгол шийдчихлээ гэж хэлэхэд хэцүү. Би өөрөө Эрдэнэт явж тэр Батсайхан гэдэг хүний ажиллуулж байгаа эмнэлэг дээр очиж үзсэн. Тэнд дандаа л хүнд оноштой, хүндэрчихсэн, эцсийн шатандаа орсон гэдэг дээ тийм улсууд байж байх юм. Тэгээд яг өөрсдийнх нь яриаг сонсохоор сонин сонин зүйл гарч ирж байгаа юм. Уг нь бол их хэмжээний өвчин намдаах тариа хийгддэг өвчин шүү дээ. Гэтэл тэр улсуудад бол өвчин намдаах тариа хийхгүй байлгаад байна. Тэгэхлээр тэнд бас нэг увидас байна аа даа. Дандаа хорт хавдартай улсууд байж байгаа юм. Гэтэл морфин хэрэглэхгүй байна гэж байгаа юм. Тэгэхлээр тэр өвчнийг мартуулах ямар нэг увидас тэр хүнд байна. Тэр хүнд өвчтнийг  зовиурлуулахгүй байх чадвар байна. Тодорхой хэмжээгээр энэ нөхцөл байдлууд дээр дүгнэлт хийгээд, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд үнэхээр тийм увидас байдаг юм бол манай хавдрын эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээнийхэн бас сурах юм байна. Хүний сэтгэлд тайлагдашгүй юмнууд бас олон байна. Сэтгэлийн тэнхээ ч гэдэг юмуу, зүрх сэтгэлд нь өвчинтэй тэмцэх тайлагдашгүй нууц чадвар бас байна. Тэр нууцыг энэ хүн тодорхой хэмжээгээр дэмжиж чадаж байна. Тэрийг нь хүлээн зөвшөөрөөд тодорхой юмыг сурах шаардлагатай юм уу гэж би бодсон. Гэхдээ ер нь бол уламжлалт анагаах ухаанд маш олон нууц увидасууд байдаг. Тэр нууц увидсыг бүгдийг нь бас хэрэглэж чадаж байгаа юу гэвэл  үгүй. Бид нар тэр уламжлалт анагаах ухааны нууцаас 10 хувийг нь ч хэрэглэж чаддаг юмуу, үгүй юм уу гэж би дотроо боддог. Яагаад гэвэл ном үзээд л байхаар маш олон төрлийн тарни, нууц увидсууд байгаад байдаг. Гэвч амьдрал дээр хэрэглэх нь цөөхөн. Бараг хэрэглэдэггүй. Судлах л ёстой.

-Ер нь бид өөрийн уламжлалт анагаах ухаанаа цааш нь яаж авч явах юм. Амьдрал дээр гайхамшгууд бас тохиолдоод байна. Цөөхөн ч гэсэн. Гагцхүү үүнд яаж хандах ёстой юм бол. Та Эрүүл мэндийн яамны Дэд Сайд хүн. Тэгэхээр энэ асуудлыг  жаахан болгоомжтой байр суурьнаас ярьж байх шиг байна л даа. Гэхдээ таны үндсэн угшил, өөрийг тань өнөөдөрт хүргэсэн эрдэм боловсролын суурь тэндээс эхтэй. 

-Яг энэ сэдэв бол барагдахгүй сэдэв. Задлаад л яриад байвал бидний цаг хүрэлцэхгүй шүү дээ.

-Нөгөө талаас манай хэрэглэгчид ярьдаг. Манай уламжлалтынхан эмийн  ургамлаа өөрсдөө явж түүгээд, яг тэр эртний жороор нь, жамаар нь хийдэггүй. Урдаас оруулж ирнэ, эвдэх бяцлах, боловсруулах ажлуудаа техникээр хийдэг гэж. Өөрөөр хэлбэл жамын аргачлалуудыг нь алгасаад , хялбарчилчихсан, орчин үежүүлчихсэн гэж.  Ийм шүүмжлэл хэрэглэгчдийн дунд их байдаг юм байна лээ. Та сонсч байсан уу?
-Би тэрийг сонсож байсан. Надад бас бодогдох юм байдаг юм. Яг сүүлийн үед хийж байгаа эмнүүд дандаа үйлдвэрээр ордог болчихсон. Энэ үнэн. Яг нэг хүний нямбай гараар явахаа больчихсон байгаа. Наад зах нь эмийн ургамлын хатаалтан дээрээ ч стандартаа хадгалж чаддаг эсэх нь эргэлзээ төрүүлэх болсон нь үнэн. Тэрэн дээр их сэтгэл эмзэглэдэг юм. Бас уламжлалт анагаах ухааныг бол хамаагүй хайрцаглаж, стандартчилж болохгүй. Яагаад гэвэл дээр үеийн маарамба нар яадаг байсан бэ гэхээр нэг хүний судсыг барьж үзчихээд өвчнийг нь  мэдэнгүүтээ суурь эмийг нь өгөөд, дээр нь бас нэмж ганц хоёр өөр ургамлаар хийсэн эм нэмээд яг тэр хүнд нь тааруулж эм тангаа өгдөг байсан. Тэр бол жинхэнэ уламжлалт анагаах ухаан. Гэтэл одоо юу хийж байна вэ гэхээр нйитээр нь л нэг тогтсон юмыг өгөөд байна. Уламжлалаараа бол тэгдэггүй. Яг тэр хүндээ тааруулж өгдөг байсан. Тэр хүнд тохирсон анагаах ухааныг олж эмээ өгдөг байсан. Технологи нь алдагдсан гэдэгтэй би санал нийлнэ. Одоо бол Европын анагаах ухаан нэг юмыг маш сайн ойлгосон байна. Хүн болгон адилгүй юм байна гэдгийг. Жишээлбэл, амокцилин гэдэг эмийг 100 хүнд өгөхөд 30-д нь үр дүн гарч байна, 30-д нь үр дүн гарахгүй байна. 30-д бол дунд зэрэг үйлчилж байна. Тэгэхээр зэрэг Европын анагаах ухаан за, энэ бол зөвхөн амокцилиндээ биш юм байна. Тэр  хүн болгон тэрийг яаж хүлээж авах нь ялгаатай юм байна гэдгийг ойлгож аваад, одоо тэр хувь хүнд тохирсон анагаах ухаан гэдгийг хөгжүүлэх гээд оролдож байна. Гэхдээ хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлнэ гэдэг бол асар их үнэтэй, зардал өндөртэй ажил. Яагаад гэвэл тэр хүний генетикийг судална. Тэр генетикийг судалсны үр дүнд асар олон эмний судалгааг гаргаж ирээд, за энэ хүнд энэ эм нь илүү тохиромжтой юм байна гэдгийг гаргаж ирдэг байхгүй юу. Тэгэхээр хоёр хүний генетикийг гаргаж ирээд, энэ хоёр хүн чинь үүгээрээ ялгаатай юм байна, тийм учраас энэ хүнд энэ нь илүү тохиромжтой, энэ хүнд тохирохгүй гэдгийг тогтооно гэсэн үг. Европын анагаах ухаан магадгүй ирэх 20 жилийг зөвхөн үүнд зарцуулах гэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухаан 2000 жилийн өмнөөс хэрэгжүүлээд, амьдралдаа дасгаад, хэрэглээд эхэлчихсэн, сурчихсан. Европын анагаах ухаан дөнгөж эхлэх гэж байна, асар их зардалтайгаар энэ ажлыг хийх гэж байна. Манай маарамба нар дээр үед тухайн хүний байдлыг хараад л, шинж тэмдгийг нь хараад  л за, энэ хүнд энэ эмийг ингэж өөрчлөөд, ингэж өгнө өө гээд жорыг нь тааруулчихдаг байсан байна шүү дээ. Гэтэл 2000 жилийн дараа Европын анагаах ухаан уламжлалт анагаах ухааны хийчихсэн юм руу орох гээд асар их зардал гаргаад явж байна.

-Манайд уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд харьцангуй цөөхөн байдаг. Цөөхөн ч гэсэн тэр эмнэлгүүд байнга үйлчлүүлэгчтэй байж чаддаг уу?
-Ер нь бол уламжлалт анагаах ухаан байнга үйлчлүүлэгчидтэй байгаа. Байх ч болно. Байсаар ч ирсэн. Явдгаараа л явна. Төрийн дэмжлэг бол байдаггүй. Гэхдээ энэ дээр нэг юмыг бас ойлгох хэрэгтэй л дээ. Уламжлалт анагаах ухааныг яг юунд хэрэглэх юм гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь, хүний олгой хагарчихсан байхад уламжлалт анагаах ухааны эмч би наадахыг чинь эмчилнэ гэж дайрч болохгүй биз дээ. Би эмчилнэ гэж дайрсаар байгаад үхүүлчих юм бол тэр гэмт хэрэг шүү дээ. Гэтэл эсрэгээрээ уламжлалт анагаах ухаанаар зүгээр нэг төөнөөд эдгэчих юмыг европын анагаах ухаан аймаар хүчтэй эмнүүдийг өгч тэр хүндээ бүр гаж нөлөө үзүүлж, элэг бөөрийг нь гэмтээх юм бол тэр бас л гэмт хэрэг. Тэгэхлээр яг энэ өвчин дээр уламжлалт нь илүү зохимжтой юм гэдгийг ялгаж салгадаг болчих юм бол манай анагаах ухаан жинхэнэ утгаараа хөгжих гээд байна.



-Эмчийн тань хувьд нэг зүйл асууя. Би Хятадад их олон жил эмчлүүлж байгаа, монголдоо ч хааяа хувийн эмнэлгүүдээр хэвтдэг. Манай эмнэлгүүд тариад л байх юм, ерөөсөө учиргүй л тариад байдаг. Эм уулгаад л байдаг. Өдөржин л хатгадаг. Судсыг бол ер нь балладаг. Гэтэл хятадууд өвчтнийг өвдүүлэхгүй эмчилж байна. Энэ олон булчинд хийдэг  тариа, энэ их ходоод балласан эмнүүдээс тэд татгалзаж байна. Эмчлэх арга барил гэдэг зүйл ер нь хэр шинэчлэгдэж байгаа юм бэ?
-Арга барилыг бид аль болох л өөрчлөх гэж оролдож чармайж байна. Энэ асуудлыг чинь  манай Ерөнхий сайд хүртэл босгож тавьсан шүү дээ. Сонссон уу, үгүй юу. Манай монголчууд юм л бол тариа дусал хийлгэх гэж дайрдаг болчихож, энэ сэтгэлгээнээсээ гармаар байна. Зайлшгүй хэрэгтэй нэг л оновчтой эмийг нь өгдөг болъё. Тэрнээс нэг хүнийг олон төрлийн тариа дуслаар бөмбөгдөхөө больмоор байна гэж Ерөнхий сайд хүртэл хэлсэн. Гэхдээ энэ гажиг манай монголчуудын сэтгэлгээнд бүр орчихсон байна. Эмнэлэгт хэвтэж дусал хийлгэж байж л нэг эмчилгээ хийлгэсэн болдог. Тэгэхгүй бол зүгээр нэг эм өгчих юм бол эмчийг нь та эмчилгээ хийсэнгүй гэж бараг л загнаж байна шүү дээ.

-Эмчилгээ нь ерөөсөө дуусдаггүй. Өвчтнийхөө хаалгыг хааж явуулдаггүй, эдгээхгүй юм. Явуулаад л байдаг. Нэг бодлын эцэс төгсгөлгүй хэцүү салбар юм шиг байгаа юм. 
-Хүнд салбар шүү дээ.

-Би таныг ажлаа түргэн тусламжийн салбараас эхэлж байгаа тухай уншсан. Түргэн тусламжийн машин өвчтөн аваад явж байхдаа бензин нь дуусчихаж байна. Ийм юм байж болдог юмуу гэж таниас онцолж асуумаар байна. Бид бол хэвлэл мэдээллийн ажилтнууд. Бид нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа хүмүүс. Бид иргэний хохирсон эрхийн төлөө ямар ч сайд дарга нар гуайтай тэмцэж байдаг ажилтай улс. Та нар бол хүний эрүүл мэндийн төлөө тэмцдэг хүмүүс. 

-Тэгэлгүй яахав. Мэдээж түргэн тусламжийн машины бензин үйлчилгээ үзүүж явах замдаа дуусна гэдэг байж болшгүй асуудал. Тийм юм болсон бол харамсалтай байна.

-Тэгээд арай гэж эмнэлгээ бараадаад ирэхээр өвчтөнөө урдаас нь загнаж гүйгээд байдаг. Одоо эмнэлгүүд бүгд эзэнгүй байна. Тантай уулзахын өмнө ойрхон байгаа Сонгдо эмнэлэгээр орж үзлээ. Нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг гээд явлаа. Хувийн эмнэлэгүүд яахав их л мөнгө үнэртэх юм. Гэхдээ тэдний компьютерийн оношлогоо гэхэд хэдэн сарын дараалалтай байна. Иргэдтэй инээмсэглэж харьцаж байна. Улсын эмнэлгүүд болохоор хүнд суртал ихтэй.  Асрагч, үүдний лавлах, цахилгаан шатны хүн нь хүртэл харилцахад төвөгтэй.  Ерөөсөө бүгдээрээ дарга болсон байна. Эмнэлгүүдийн дарга нар гэж бөөн биеэ тоосон, идэж уудаг, авилга авдаг нөхдүүд болцгоосон. Эмч нар нь өвчтөндөө дарга. Уг нь тэд дарга биш шүү дээ. Хэн тэднийг дарга болгочихов оо?
-Тэр байж болохгүй л дээ. Яаж ч бодсон. Намайг анх ажил авч байх үед манай Нийслэл 30 машинтай байсан юм. Би бас зориуд хоёр удаа дуудлаганд явж үзсэн юм. Магадгүй монголын түүхэнд дуудлаганд явж үзэж байсан сайд надаас өөр байхгүй байх. Нэг нь Дарь-Эхийн тийшээ гэр хороолол руу явсан. Нөгөөдөх нь Толгойт руу явсан дуудлага байсан. Хүүхдийн дуудлага байсан. Нэгэнд нь цаг 30 минутын дараа очсон. Нөгөөдөхөд нь 45 минутын дараа очсон. Ер нь бол 20 минутанд багтаана гэсэн байдаг. Гэхдээ Олон улсын дундаж нь 5-8 минут шүү дээ. Бодит байдал дээр манайд бол иймэрхүү л байдалтай байгаад байдаг. Тэгээд нийслэлийн хэмжээнд 30 машин шинээр өгсөн. Сая өвөл. Тэр 30 машин нэмэгдээд одоо 60 машин үйлчилгээнд явж байгаа. Одоо ахиж дуудлаганд явж үзээд нөгөө нэг цаг 30 минут, нөгөө 45 минут маань хэд болж богиносов гэдгийг бас явж үзнэ гэж бодож байгаа. Өвлийн хүйтэнд явж үзэхэд бас хүнрэлтэй юмнуд их байсан.  Тоноглолгүй пургонд л явдаг юм байна лээ л дээ. Надад тэр дуудлагаар явж үзээд хамгийн гол сэтгэлд үлдсэн юм юу вэ гэхээр үнэхээр манай түргэн тусламжийн салбар бол ерөөсөө хөрөнгө оруулалтын дутагдалд орчихсон юм байна. Дорвитой хөрөнгө оруулалт хийх болчихсон юм байна л гэж бодсон. Нар, сар харагдсан, салхи сийгэсэн пургон л байгаа юм. Тэрэн дотор бензин нь үнэртэнэ. Ямар ч тоноглол байхгүй. Зүгээр л нэг төмөр шал. Донсолгоон дундуур тэр ууланд байгаа Дарь-Эхийн овоо руу мацаад л явж байгаа юм. Тэр дотор өвчтэй хүн битгий хэл эрүүл би хүртэл бараг өвчин тусахаар л байлаа. Ний нуугүй хэлэхэд. Яг тэр түргэн тусламжинд явж байх үед би бас манай салбарынхан байгаа хэмжээндээ л зүтгэж байгаа юм байна, сэтгэлээрээ л зүтгэж байна гэж бодсон. Яагаад гэвэл ганц жолооч, ганц эрэгтэй эмч явж байгаа юм. Гэтэл тэр өвчтнүүдийг чинь машин руу зөөхөөс эхлээд зөндөө ачаалал байгаа шүү дээ. Зам нь хаагдчихсан байхад зөөгөөд л явж байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй. Би Австрийн нөхдүүдэд санал тавьсан. Танайх манай түргэн тусламжид хөрөнгө оруулалт хийгээч гэж. Нөгөөдүүл маань хариу өгөөгүй л байна. Хэрэв амжилттай болох юм бол нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийе гэж бодож байна.

-Түргэн тусламж дуудахад эмч нь аймаар ууртай орж ирдэг. Мэдлэг чадвар нь бас асуудалтай. Ер нь манай эмнэлэг өвчтнийхөө өмнө дандаа уурладаг. Та нар анхаарлаа энэ ёс зүйн асуудал руу хандуулаач. 103, хүүхдийн түргэн утсаа авахгүй. Аваад л урдас загнадаг. Ёс зүйн кодтой болгох хэрэгтэй шүү дээ.
-Энэ дээр манай Азийн хөгжлийн банкныхан их соргогоор ажилласан байдаг юм. Би танд дараа нь үзүүлнэ ээ. Азийн хөгжлийн банкныхан манай өрхийн эмнэлгүүдэд судалгаа хийгээд, төсөл хэрэгжүүлээд эцсийн үр дүнд нь 15 зарчим гэдэг юмыг гаргасан. Телевизээр бас нэлээн гаргасан даа. Та ажигласан байж магадгүй. Тэр 15 зарчим ерөнхийдөө л ёс зүйн асуудал байгаа байхгүй юу. Өвчтнийг ороод ирэнгүүт нь сайхан мэндэлж бай. Өөрийгөө танилцуулж бай. Өвчтөндөө зөв тайлбар хий. Танд ямар онош байна, танд ямар эмчилгээ, шинжилгээ хэрэгтэйг нь ойлгомжтой тайлбарлаж байх. Эмчилгээг нь зааж өгөөд, дараа хэзээ ирэхийг нь зааж өгөөд хамгийн сүүлд нь хурдан эдгээрэй гээд явуулж бай гээд 15 зарчим бэлдээд өгчихсөн байхгүй юу. Би өрхийн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр очиж уулзахаараа нөгөө 15 зарчмаа хэр зэрэг баримталдагийг нь асуудаг. Тэр зүгээр л маш энгийн зүйлс мөртлөө өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэвшүүлчих л юм бол манай салбарын нэр хүндийг маш томоор өсгөх тийм л 15 зарчим байхгүй юу. Их энгийн юм шиг мөртлөө маш том зүйл.

-Одоо 103 дуудах, хүүхдийн түргэн дуудахдаа иргэд өөрөө түгшээд байдаг болчихсон. Урдаас загнадаг болохоор. Эмнэлэгт хэвтэж байхад эмч нар нь  зандарсаар, эсвэл хөмсөг зангидаад л орж ирдэг. Ажилтнууд нь эмч ирлээ, эмч ирлээ гэж  өвчтнүүдээ айлгадаг. Даралтыг нь ихэсгэдэг. Өглөө шал дэмий бөөнөөрөө орж ирдэг. Энэ хуучин стандартуудыг яаж өөрчлөх вэ?
-Энийг бид нар өөрчлөх гээд оролдоод л байна.

-Хуучин дарга нарыг бүгдийг нь сольж шинэ, зөв, залуу хүмүүст боломж олгох хэрэгтэй шүү дээ. Нэгжүүд дээр ч өөрчлөлт хэрэгтэй. Тасгийн дарга нарыг ч, өрхийн эмнэлгийн дарга нарыг ч өөрчлөх хэрэгтэй шүү дээ. 
-Ганцхан дарга нартаа ч асуудал нь байгаа юм биш. Ерөнхийдөө манай нийгмийн л үндсэн зан суртахуун ийм л байгаа шүү дээ. Ганцхан эмч, сувилагч нар гэлтгүй зүгээр гудамжинд явж байхдаа л бид нар чинь өчүүхэн юмнаас болж нэгнийгээ аашилдаг, зандардаг. Үүний нэг тусгал нь тэр эрүүл мэндийн салбарт харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бүх нийгмээрээ л өөрчлөлтүүдээ хиймээр байгаа юм. Манай салбар гэхэд би бүр бодоод байгаа юм. Нэг жишиг эмнэлэг бий болоод, өрсөлдөөн үүсчих юм бол энэ яваандаа засагдана гэж. Та бас ажигласан байна. Хувийн эмнэлгийн үйлчилгээ, улсын эмнэлгийн үйлчилгээ тэнгэр газар шиг байгаа. Хувийн эмнэлэг хичнээн мөнгөний төлөө гэж байгаа ч гэсэн орж ирж байгаа хүнээ аятайхан хүндлээд харьцчихдаг л байна шүү дээ.

-Хэдий тийм ч мөнгийг нь аваад дусал хийж байгаад л худлаа гаргадаг жишиг хувийн эмнэлгүүдээр хавтгай шүү дээ.
-Харилцааны соёл тал дээр бол шал өөр шүү дээ. Энэ чинь яагаад байна вэ гэхээр манай улсын эмнэлэгт өрсөлдөөн байхгүй учраас эд наашаа ирэхгүй яадаг юм гэдэг байр сууринаас хандаад байдаг. Хэрэв тэр нь байхгүй, хувийн эмнэлэгтэй өрсөлдүүлээд тавьчих юм бол сүүлдээ өвчтнөө олж авахын тулд, олж авахгүй бол нөгөө эмнэлэг нь дампуурна гэдэг сэтгэл зүйгээр хандах юм бол нөгөө юм чинь яваандаа арилна. Эсвэл ийм сэтгэл зүйгээр хандаж болж байгаа юм. Миний авч байгаа цалин чинь энэ улсуудын өгсөн татвараар дамжаад орж ирж байгаа, эд нарын өгсөн мөнгө юм шүү гэдэг сэтгэлгээ тогтох ёстой. Одоо бол дээрээс нь зүгээр улс мөнгө өгдөг учраас яагаад ч юм тэр өвчтөн өгч байгаа гэж ерөөсөө ч ойлгохгүй. Дээрээс улс бурхан шиг л мөнгө өгөөд байна гэж ойлгож байна. За, энэ орж ирж байгаа хүний цалингийнх нь арван хэдэн хувь нь Нийгмийн даатгалд шимтгэл болоод тэр мөнгө нь тойроод улсын төсвөөр орж ирээд намайг цалинжуулж байгаа юм шүү. Энэ хүн намайг цалинжуулж байна гэдгийг шууд ойлгохгүй байгаа байхгүй юу. Өвчтөн цахим карттайгаа ород ирэхэд орлого нь, өвчтнийх нь бүх мэдээлэл байж байдаг. Тэр системд шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүний мөнгө тэр эмчийн нүдэнд харагдахгүй байгаа учраас бөхөлзөх сонирхол ч алга, хүндлэх сонирхол ч алга, үйлчлэе гэсэн үйлчилгээний сэтгэл зүй ч алга. Тэгэхээр даатгалынхаа хуулиар энийг бас цэгцлээд явчих болоцоо байгаа.

-Хоёрдугаарт, бас нэг ийм юм байгаа юм биш үү. 15 цагаас хойш өөрсдөө дандаа хувийн эмнэлэгтэй тэр лүүгээ явчихдаг. Эмнэлэггүй нь хувийн цагтай. Төлбөртэй үздэг. Тэр лүүгээ яараад 15 цагаас өмнө өвчтнүүдтэй аягүй хилэнтэй харьцдаг. Энэ бол хүмүүн биш явдал шүү дээ. Хэрэв тийм л юм бол тэр эмч нар өөрийн хувийн эмнэлэг дээрээ ажиллах хэрэгтэй. Саяхан  арьсны эмнэлэгт очиж үзсэн. Хөл толгой алга. Эмч нь шинжилгээ хийхгүйгээр л дураараа эм бэлдмэл бичиж өгөөд л гаргачихаж байна. Японд бол нарийн шинжилгээгээр дүгнэлтээ гаргадаг.  Гэтэл тэр арьсны эмч нар бохь зажлаад л, шүдээ ухаад л. Зан чанар нь гэж авах юм байхгүй. Аймаар ихэмсэг. Ийм юм харахаар тэвчих аргаүй байдалд орж байна шүү дээ. 
-Манай Засгийн газар наадах дээр чинь харин хатуу бодлоготой байгаа. Бид  ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар үнэлгээ хийж байгаа. Эмнэлэг болгоны эмч нар дээр давхар ямар эмнэлэг ажиллуулж байна вэ гэдэг судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүн тун удахгүй гарна. Зарим хэсэг нь гарчихсан байна лээ. Энийг гаргаж ирсний дараа тэр давхар ажиллаж байгаа эмч нарыг бид зогсооно. Энэ асуудал дээр өөрчлөлт гарна. Бүрэн итгэлтэй байж болно.

-Нэг юмыг их гайхдаг юм. Амьдрал дээр илүү авъяастай, илүү чадалтай мэргэжилдээ чин шударга ханддаг, зарчмаараа яваа нь юу ч байгуулж чадахгүй, юу ч үүсгэж чадахгүй үлддэг. Гүйцэтгэгч хэвээрээ,  мөрөөдөлтэйгөө үлдээд л дуусдаг. Аргатай зальтай, чадваргүй атлаа  менежменттэй нөхдүүд дээшээ л яваад байдаг. Жишээ нь, дурангийн Н.Даваадорж гэж алдартай эмч байна. Гуравдугаар эмнэлэгт байж байгаад, дараа нь “Ачтан”-д ажилласан. Одоо Сонгдо-д ирчихсэн байна билээ. Зүрхний Б.Болдсайхан бас Сонгдо-д ирчихсэн. Хавдрын Төмөрбаатар байна. Мэдрэлийн Өлзийбаяр эмч бас л хувьд ажиллаж байдаг. Алдартай Оюун эмч бас л хувийн эмнэлэгтээ ажиллаж байна. Яагаад энэ алдартай чадалтай эмч нараа дуудаж ирээд хүчийг нь ашиглаж, улсад нь зүтгүүлж болдоггүй юм бэ. Би таныг залуу хүн болохоор бүр том том эргэлтүүдийг хийгээсэй гэж хүсч байна. 
-Манайд өрсөлдөөнтэй цалингийн систем нь алга байна л даа. Манай чадалтай эмч нар өөрсдөө хувиараа гарах юм уу, эсвэл өндөр цалинтай газар луу явахаас өөр аргагүй болчихоод байна шүү дээ. Улсын эмнэлэгт яахав дээ. Сайндаа л 500, 600 мянган төгрөгийн цалинтай. Тийм учраас тэр чадалтай эмч нар гараад  хувийн эмнэлэг байгуулж байна. Нэг бол өндөр цалинтай хувийн эмнэлэгт ажилд орж байна. Тэдний төлөөлөл чинь саяны таны нэрлэсэн эмч нар шүү дээ. Н.Даваадорж байна.  Б.Болдсайхан эмч чинь Сонгдогийн захирал болчихсон. Perfect-ийн Оюун эмч гээд бүгд гараад явцгаасан.

-Хууль зүйн яамны мэдрэлийн тасагт аягүй мундаг залуучууд ажиллаж байсан одоо хаашаа бутраад явчихсан юм бүү мэд. Эмч хүн бусдад өс санана гэж байдаг уу. Энэ бол бас л сонин сэдэв. Шүүмжлүүлж байсан гээд таагүй харьцах тохиолдол гарч байсан болохоор асуж байгаа юм?
-Байхгүй байхаа. Арай ч тийм юм байхгүй байлгүй дээ. Байх үндэс ч байхгүй шүү дээ. Жишээлбэл өвчтөн ороод ирэхэд би үзэл суртлаар нь ялгах ч юм уу, нам хүчнээр нь гадурхах тийм юм надад байдаггүй. Би АН-ын хүн, энэ нөхөр чинь Ардын намын хүн ороод ирлээ гэх ч юмуу. Тийм нэг ялгаж салгах юм миний хувьд байдаггүй. Гэхдээ аль аймагт билээ, Увсад билүү дээ. Нэг тохиолдол гарсан гэсэн. Нэг өөр намын нөхрийг эмчлэхгүй байсаар байгаад үхүүлчихсэн. Тийм учраас би эмч нарт яриа хийхдээ эмч хүн бол улс төрөөс ангид явна шүү гэж их хэлдэг. 

-Анагаах ухаан бол үргэлж шинэчлэгдэж байх ёстой салбар. Янз бүрийн дүүргийн эмнэлгүүд. Хот тойрсон хуучин эмнэлэгүүдийн дарга нар нь асар их удчихсан улсууд. Байдаг ачаалалдаа дасчихсан. Байгаа мэдээлэлдээ ханачихсан. Энэ хүмүүстэй яаж ажиллах гэж байна?

-Бид нарын саяын сонгон шалгаруулалт хийсэн нь үүнтэй л холбоотой юм шүү дээ. Илүү чадварлаг, илүү салбараа гэсэн сэтгэлтэй, боовсрол мэдлэг өндөртэй  хүнийг тавья гэж л сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүний үр дүнд үнэхээр чадвартай, зүрх сэтгэлтэй улсууд нь л гараасай гэж би хувьдаа бодож байна. Түүнээс биш хуучин улсууд нь гараад ирвэл утгагүй л санагдаж байна.

-Жаахан улс төрийн юм ороод шалгаруулалт удаад, тэнд жаахан “но” ороод байна гэсэн хардлага сэтгүүлчдийн дунд байна. Шалгаруулах комиссынхон ч бас дарамтад өртсөн сураг байна. 

-Байна, байна.

-Ийм зүйлд та шинэ хүний хувьд хаалт болж чадахгүй байна уу?
-Энэ маш их улс төр ордог эд байна шүү, бас тэгж байгаад. Зовлонтой санагдаж байна яг үнэнийг хэлэхэд.

-Хэдэн эмнэлэг одоо даргагүй байна аа?

-Одоогийн байдлаар дөрвөн тушаал л гарсан байна.

-Гадаадад олон жил амьдарсан, гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн залуу сайдын хувьд манай эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг шинэ шатанд гаргах ямар мөрөөдөл байна вэ. Түрүүчээсээ шавыг нь тавьсан зүйлүүд байна уу?

-Би боддог юм. Энэ салбарыг өөрчлөхийн тулд эмчийнхээ сургалтаасаа эхлэх ёстой гэж. Ерөнхийдөө манай эмч нар шүүмжлэл авах дургүй л дээ. Жаахан мэдлэг, чадвараа нэмэгдүүлмээр байна аа гэхээр ерөнхийдөө их дургүй хүлээж авдаг. Эмч бид нар өөрчлөгдөхийн тулд өнөөгийнхөө байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо энэ яриаг маань манай эмч нар шүүмжилнэ үү, хамаа алга. Би өөрийнхөө бодлыг хэлнэ гэж бодож байна. Тийм учраас зарим юмыг хүлээн зөвшөөрөөд бид нар яг ийм төвшинд байгаа юм байна гэж мэдчихээд, цаашаа яаж явах вэ гэдгээ тодорхойлохгүй бол өөрсдөө бид нар хөөсөн дотор байгаад байна. Бид нар болж байна, чадаж байна, бүгдийг болгоод байна гэж бодоод байна. Гэтэл жинхэнэ амьдрал бол өөр байна. Бид нар болоод бүтээд байсан бол өвчтнүүд гадагшаа явах уу, явахгүй шүү дээ. Тэгэхээр бид болохгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Тийм учраас би хаанаас эхлэх вэ гэдгийг бодож байна.  Юуны өмнө энэ эмч болох статус, эмч болох тэр босгыг өөрчилье. Яагаад гэвэл сүүлийн үед хувийнх ч бай, улсын ч бай бүх анагаах ухааны сургуулиуд элсэлтээ нэмэгдүүлсэн. Манайхны найман хүүхэдтэй ч юмуу, долоон хүүхэдтэй айл байлаа гэхэд нэг хүүхдээ эмч болгочихъё гэсэн автомат хүсэл сонирхолтой байдаг. Тэрэн дээр нь тоглолт хийгээд байгаа байхгүй юу. Тэр хүсэл дээр нь тоглолт хийгээд элсэлт аваад байна. Монгол улс энэ 2 сая 700 зуун мянган хүндээ тохирсон л эмчтэй байя. Тэр нь чадварлаг байя. Түүнээс эмч болъё гэсэн болгонд нь тэр боломжийг нь олгоод байх хэрэггүй. Шаардлагагүй. Хүчээр шахуу, одоо нөгөө дарж байж сахил хүртээнэ гэгчээр гэр бүлдээ ганц эмчтэй болох гэж байгаа нь гээд тэр улсуудыг заавал аваад байх шаардлагагүй. Эмчид тохирох хүн байна, тохирохгүй хүн байна. Тохирохгүй хүнийг заавал эмч болгож яах гээд байгаа юм. Жишээлбэл, өдөр тутмынхаа амьдралд дандаа алдаа гаргадаг хүн байдаг шүү дээ. Жаахан юм хийхээрээ бүтэлгүйтдэг, жаахан юм хийхээрээ алдаа гаргаад байдаг. Нэг талх зүсэхээрээ гараа зүсчихдэг ч юм уу тийм  хүн  байдаг. Тийм улсуудыг бид нар мэс заслын эмч болгож яах юм бэ. Яг л адилхан тэр алдаа чинь амьдрал дээр эргээд гараад л ирнэ ш дээ. Тийм учраас би одоо юунаас эхлэх гээд байгаа вэ гэхээр энэ эмчийн шалгалтыг өөрчилье гэж бодож байгаа юм. Энэ Анагаахын сургуулиудад яаж ч хүсэлт тавиад нэмэргүй юм байна.  Тэд нар бол элсэлтээ авсаар л байна. Тийм учраас манай яамны хийж чадах цорын ганц зүйл бол эмчийнхээ лицензийн шалгалтыг чангатгах.

-Найман жилийн дараа эмчийн эрхийг нь өгөхдөө яам өгдөг юм уу?
-Зургаан жилийн дараа юу.

-Зургаан жилийн дараа дипломоо авахгүй гардаг биз дээ?

-Дипломоо авна шүү дээ. Аваад эмчийн лицензийн шалгалт ахиж өгдөг байхгүй юу. Тэр шалгалтыг бид нар өөрчилнө гэж бодож байгаа юм. Өнөөг хүртэл эмч болохдоо манайхан иймэрхүү нимгэн цагаан номыг уншиж цээжлээд л орчиход болчихдог байсан. Та үзэх үү, энэ байж байна л даа. (үзүүлэв) Энэ ном мянга хэдэн зуун асуулттай тестийн л ном. Ердөө л энэ. Энүүгээр л монгол эмч нар эмч болчихоод байна.

-Ерөнхий мэргэжил, өрхийн анагаах ухааны чиглэлийн шалгалтын тестүүд гэж байна шүү дээ. Арай ч биш юм аа? 

-Би танд сонирхолтой юм үзүүлье. Энэ жишээлбэл Америкийн эмчийн лицензийн шалгалтууд байж байна. Америкийн эмчийн лицензийн шалгалт гурван үе шаттай. Энэ нэгдүгээр үе шат. Энэ хоёр, энэ гуравдугаар үе шат. Хоёрдугаар үе шат нь бас давхар гардангийн шалгалттай. ( арван боть ном байв) Нийттээ бараг дөрвөн үе шатанд орж байж эмч болдог. Эмчийн лиценз авдаг. Гэтэл бид нар энэ нимгэн цагаан номоор л эмч болгоод байна. Энэ зөв үү. Энэ дотор мянгахан асуулт байна. Үүнийг цээжилчихэд л хүн эмч болчихоод байна шүү дээ. Ийм эмч нар гараад чанартай эмч нар болно гэж бодож болж байна уу. Мэдлэггүй эмч яаж хүнийг зөв эмчлэх юм бэ. Тийм учраас би энэ мянган асуулттай номыг нь энэ жил шинэчлээд 5000 мянган тесттэй болгож байгаа юм. Дээрээс нь гардангийн шалгалттай болгож байгаа юм. Гардан үнэхээр хийж чадаж байна уу, хүнтэй зөв мэндэлж чадаж байна уу, зөв тэмтэрч чадаж байна уу, зөв тогшиж чадаж байна уу. Хамгийн сүүлд нь зөв үдэж гаргаж чадаж байна уу, ёс зүй байна уу, үгүй юу гэдгээр нь шалгалт аваад хоёр үе шаттай болгож байгаа юм. Эмчийн шалгалтыг. Яваандаа гурван үе шаттай болгоно. Яваандаа олон улсын жишиг рүү очно. Гэхдээ энэ жилдээ шалгалтын асуултын тоог нэмэгдүүлээд, хоёр үе шаттай болгоод, гардантай болгоод дараа нь эмчийн лицензээ сунгахад нь бид нар бас ёс зүйн шалгалт авна. Ёс зүйн алдаа гаргасных нь лицензийг нь хаадаг, зогсоодог болно. Ийм байж байж бид нар цаашаа явна шүү дээ. Тийм учраас бид нар энэ жилээс нэлээн хатуу болгож байгаа. Манай оюутнууд дургүй байгаа, гэхдээ яая гэхэв. Одоо энэ гэхэд японы эмчийн шалгат авдаг номууд байж байна. Зүгээ л харьцуулах ч утгагүй байгаа биз дээ.

-Яаманд эмч нартай холбоотой ёс зүйн мэдээлэл авдаг утас гэж байна уу?
-Байгаа.

-Тийм утас бол үнэндээ хэрэггүй зүйл шүү дээ. Хүн хувийн өс хонзон санаад худлаа мэдээлэл өгдөг. Яг нөгөө социализмын үеийн матаас, дарамт, гүтгэлэг, гүжирдлэг цэцэглэх юмыг энэ утсаар хийчихээд байгаа байхгүй юу. Үнэхээр хатуу гомдолтой хүн бол яваад л тэмцэх ёстой шүү дээ. Энэ утас бол аюултай. Хүний хувь заяанд хортойгоор яаж ч ашиглаж болно. Гааль, мэргэжлийн хяалтын салбарын ажилтнуудыг бол өшөө авах гээд утсаар худлаа мэдээлэл өгдөг, гүтгэдэг үзэгдэл газар авсан. Түрүү та дурьдсан. Эмч хүнд улс төр хэрэггүй гэж. Манайд улс төр дагаж явж байгаад л гавъяат эмч болчихдог. Улс төр дагаж явж байгаад л гавъяат дуучин болдог. Ийм гажиг үзэгдлүүд зөндөө байна. Эмч нарыг энэ аймаар юм руу алдчихгүй байхын тулд юу хийж байна. Хамгийн гол нь л цалингийн хөшүүрэг биз дээ ? 
-Тэгэлгүй яахав. Цалингийн хөшүүрэг.

-Одоо манай эмч нар хэд авдаг юм бэ?
-Ерөнхийдөө 500 хавьцаа л авч байгаа шүү дээ, дунджаар. Тэгээд жижүүрийн  нэмэгдэл гээд жаахан юм нэмэгдэнэ.

-Та бурхны шашинтай хүн болохоор их зөөлөн хүн юм шиг байна. Эмч нартайгаа ер нь уулзалт хийсэн үү?
-Зөндөө уулзсан. Бүх эмнэлгээр явсан.

-Тэд нар өөрсдөд нь байдаг зовлонгоо ярих уу. Цалингаа ярих уу?
-Уулзахаар цалин ярина, тогтолцоо ярина.

 -Сургууль төгсөхөөр нь залуу эмч нарыг хөдөө томилолтоор ажиллуулдаг байсан.  Одоо бол хүний эрх талаасаа бэрхшээлүүд гардаг байх. Хөдөө ажил амьдралд нухлагдаж явсан түүх бүх том эмч нарын намтарт байдаг. Тийм намтартай эмч нарын үе ер нь дуусч байгаа юу?
-Байгаа, байгаа. Харин ч бид нар сүүлийн үед хөдөө явуулаад, төгсөнгүүт нь хоёр жил сумын юм уу, өрхийн эмнэлэг рүү явуулж ажиллуулж байгаа.

-Гэхдээ ер нь л дургүй биз дээ. Бүгдээрээ л хотод үлдчих тэмүүлэлтэй байдаг шиг?
-Гэхдээ яг үнэнийг хэлэхэд дөнгөж төгссөн хүн зөндөө сурах эрмэлзэлтэй байдаг.  Энэ үедээ ямар ч сурах орчингүй газар очоод хохирдог. Уг нь бол төгсөөд мэргэжлээ бататгаад улам чадваржаад дээшээ явах ёстой байтал суман дээр очоод, заах сурах багш муутай байвал тэр бас хэцүү. Үнэхээр тэр суман дээр нь заах чадвар өндөртэй багшлах чадвартай эмч нар байх юм бол тэр улсууд чадваржаад л явна. Сайхан юм сурчихаад, бие даах чадвар нь нэмэгдчихээд хүрээд ирнэ шүү дээ. Тэгж чадвал тэд нарын хувьд баяртай байх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол суманд хаягдмал, хөөрхий амьтан ганцааранг нь хаячихсан, бүх юм толгой дээр нь ямар ч зааж сургасан юм байхгүй, нөгөө л нэг хэдэн жил сурсан мэдлэгээ толгой дотроо эргэлдүүлж байгаад ирнэ. Ийм байдлаар тэр хүн нэг жил явлаа, хоёр жил явлаа. Зэврээд сүүлдээ бүр сонирхолгүй болоод сонин болчихно. Тэгэхээр тэр хүмүүсийг байнгын мэргэжлийг нь дээшлүүлж байдаг тэр тогтолцоог нь маш сайн боловсруулах хэрэгтэй. Хичнээн сум дээр очсон ч гэсэн жилдээ хоёр сар ч юм уу,нарийн мэгэжлийн газар жаахан боловсролоо дээшлүүлчихээд тэгээд эргээд суман дээрээ ирж очдог. Тиймэрхүү байнгийн давтан сургалттай л байхгүй бол залуу улсуудын хүсэл мөрөөдөл бас өөр шүү дээ.

-Дэлхийн зах зээл дээр эмийн бизнес, анагаах ухааны бизнес гэж аягүй том бизнес байдаг. Аймшигтай бохир, тэр хэмжээгээрээ том бизнес. Монголд ч гэсэн энэ бизнес ороод ирлээ. Сая тамхины хууль гарлаа. Парламент доторх нөхдүүд тамхины бизнестэйгээ унагах гэж л хийсэн юм шиг байгаа юм. Гэхдээ бид нарт хэрэгтэй хориг.  Нөгөө талдаа “Монос”-ын реклам сурталчилгаа хэт бүх юмаар дүүрч, эзэн бүсгүй нь кабелийн ч хамаагүй суваг л байвал ярьж, “Монос”-ын оруулж ирсэн ямар нэгэн бэлдмэл, зүгээр нэг амин дэмүүдийн сурталчилгаа ихэссэн. Өвчнөө сайн таньж чадаагүй байгаа, мэдээлэл дутуу масс дээр эд нар амжилттай тоглож байна. Ийм асуудлуудад яам хатуу чанга байж чаддаг уу. Эмийн бизнест та нар сайн хяналт тавьж чадах уу?
-Өөрийн чинь ярьж байгаа яг зөв. Хоёрдугаарт, бид нар нэг том хуулийн цоорхойтой юм. Манай эмийн сурталчилгааны хуулин дээр жорын эмийг сурталчлахыг хориод, жорын бус эм буюу био бэлдмэлийг сурталчлахыг чөлөөтэй тавьчихсан. Тэгсэн юу болсон бэ гэхээр жинхэнэ өвчнийг эдгээдэг сайн эм маань хаа хамаагүй био бэлдмэлийн сүрэнд дарагдаад ямар ч нэр хүндгүй болчихсон. Гэтэл нөгөө үйлчилдэг ч юмуу, үгүй ч юм уу био бэлдмэлүүд нь бүгдийг эдгээдэг юм шиг сурталчлагдаад, бүр зарим нь сүлжээнд ороод, сүлжээ нь бүр эмч нартайгаа холилдоод мафи болчихсон байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би яах гэж байгаа вэ гэхээр энэ био бэлдмэлийн сурталчилгааны хуулийг хаая, энэ хуулийн цоорхойг нөхөе. Энийг УИХ руу оруулъя. Эмийг ч гэсэн рекламдахаа болъё гэдгийг л оруулах гэж байна. Тэгэхгүй бол жишээ нь, зүрхний маш сайн эм байлаа гэхэд ямар ч рекламгүй. Яагаад гэвэл жорын эм учраас хуулиараа хориотой. Хэн ч рекламдахгүй байгаа. Элэгний нарийн вирусны эм байлаа гэхэд энийг хэн ч рекламдаж чадахгүй. Яагаад гэвэл хуулиараа хориотой. Гэтэл хаа байсан юу ч хамаагүй бэлдмэл маягийн юмнууд л бүгдийг эмчилдэг, элгийг ч эмчилнэ, зүрхийг ч эмчилнэ, бүгдийг эмчилнэ гээд явж байна. Энэ бүхэн манай анагаах ухаан, эмч нарын маань нэрийг давхар уначихаад байгаа байхгүй юу. Бүр хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Дэлхийн анагаах ухаанд хамгийн сүүлд гарсан супер ололт, баяртай мэдээ юу байна. 10 жилийн өмнө Германчууд чихрийн шижинг эмчилнэ л гэж байсан. Одоо болтол ДОХ-ын эсрэг эм нээгдээгүй байна. Хүн төрөлхтөн байнга мөрөөдөлдөө хөтлөгдөж явдаг юм байна. Нэг л юм гаргаад ирэх байх гээд л хүлээсээр байдаг. Тийм болохоор залуу сайдтай уузаж байгаа юм чинь шинэ гоё мэдээгээр яриагаа өндөлөмөөр байна?
-Хамгийн гайхалтай мэдээг дуулгая. Миний хувьд элэгний С вирусын шинэ эмнүүд гарч ирж байгаа мэдээ үнэхээр гайхалтай мэдээ байлаа.

-Хаанах хийв ээ?
-Судалгааны үр дүн маш сайн байгаа. Тун удахгүй зах зээл рүү орно. Урьд өмнө нь бид нар элэгний С вирусыг устгах гэж яадаг байв. Нэг хүчтэй тариагаар л бөмбөгдөөд байлаа. Тэр нь 40-50 хувийн л үр дүн үзүүлдэг. Тийм байлаа шүү дээ.

-Интерферон гэдэг тариа биз дээ?
- Тийм. Тэгвэл удахгүй уудаг эмээр л 90 хэдэн хувьтай устгадаг болох гэж байна.

-Хаанахын эрдэмтэд хийв?
-Америкийн эрдэмтэд л дээ.

-Их гоё мэдээ байна. 
-Энэ бол миний хувьд маш том, маш сайхан мэдээ байгаа. Ард иргэд маань үүнийг тэсэн ядан хүлээж байгаа. Яагаад гэвэл манай монголын хүн амын 15-17 хувь нь С вирусын халдвартай байдаг.

-Таны аав Ч.Жазаг гэж түүхийн ухааны эрдэмтэн хүн байдаг юм билээ. Танай гэр бүлд танаас өөр эмч хүн бий юу. Таны анагаах ухааныг сонгосон тань хэн нэгэнтэй холбоотой юу?
-Манай өвөө лам хүн байсан юм. Тэгээд намайг эхлээд лам болгоно, тэр дундаа  маарамба болгоно гэдэг. Тэгээд л өвөөгийнхөө сураалиар явсаар маарамба болоод цаашаагаа бүр дурлаад нарийвчлаад явчихсан.

 -Нэг асуулт байна. Энэ яаманд улс төржилт байна уу. Яагаад гэвэл МАХН-ын сайдтай, АН-ын дэд сайдтай, Төрийн нарийн нь МАХН-ынх. Дотроо эвээ олх гэж хэцүү байдаг гэнэ лээ гэсэн яриа сонсодож байсан?
-Ний нуугүй хэлэхэд эхлээд жаахан улс төржилт байсан. Сүүлдээ ойлголцсон. Одоо бол сайд бид хоёрын зорилго нэг, түүнийхээ төлөө л зүтгээд явж байна. Явж явж  ард түмний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л сайжруулчихъя л гэсэн сэтгэл биднийг нэгтгэнэ шүү дээ. Тийм учраас бид хоёрын зорилго нэг, энэ жижигхэн улс төрөөс болж хагаралдах шаардлагагүй гэж бодож байна. Том зорилгоо бариад тэр жижиг юмнуудыг хаяад энэ дөрвөн жил зүтгэх ёстой л гэж бодож байгаа. 

Залуу сайдын илэн далангуй, эрүүл саруул байр суурь, хийхээр тэмүүлж зүтгэж яваа зорилго чиглэлийн талаар ушигч та тодорхой хэмжээний ойлолттой болсон байх хэмээн найдаж байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тухай асуудлууд бол зөвхөн эдний асуудал биш. Иргэн та бидний хамтын асуудал учраас энэ удаагийн зочноороо Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанааг урьсан юм. 

Ж.Амарсанаа нь 1991-1996 онд “Оточ Манрамба” дээд сургуульд анагаах ухааны бакалавр.
1998-2000 онд Токиогийн Их Сургуулийн дотрын тэнхимд судлаач.
2000-2002 онд Токиогийн Их Сургуульд магистр.
2002-2006 онд Токиогийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах Ухааны доктор,PhD.
2006-2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн докторын дараах программд ажиллаж, багшилсан. Англи,япон, орос, төвд хэлтэй. Манай Анагаах Ухааны салбарын чадварлаг залуусын нэг юм.