Monday, 24 June 2013

О.БАТСАЙХАН: МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ЭХ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ

Монгол улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн БАТСАЙХАНТАЙ хийсэн ярилцлага.

Та ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилладаг, олон жил Монголын түүхийн талаар судалгаа хийж буй түүхч, эрдэмтэн хүн. Тиймээс таниас эхлээд түүх гэж юу вэ? Энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ? Гэдэг талаар асуумаар байна. Залуучууд түүх ер сонирхдоггүй шүү дээ.
-    Түүх хэрэгтэй юу гэвэл хүн бүр л хэрэгтэй гэнэ л дээ. Товчхоноор хэлбэл түүх гэдэг бол ой санамж юм. Ой санамжаа алдвал хэн ч биш болно. Компютероор ярьвал хард диск нь гэсэн үг. Хард дискэнд байдаг мэдээлэл устчихвал таны хэдэн жилийн мэдээлэл алга болчихно биз дээ. Тэгээд форматлачихаар цэвэрхэн компютер болно доо. Хүн үүнтэй яг адилхан юм. Монгол хүний ой санамжийн өөрийнх нь туулж ирсэн амьдрал, хаанаас ирсэн, хэн болохыг нь  мартуулчихаар гаднаасаа л монгол төрхтэй болохоос дотроо хэн ч биш болно. Үндэстэний авч явдаг үнэт зүйлсийг, тухайлбал түүхийг нь мартуулчихаар тэр үндэстэн мөхөх аюултай болдог.

 Үндэстэний авч явдаг зүйлс гэдэг нь юу юм бэ?
-    Бид нар монгол хүн, монгол үндэстэн гээд өөрсдөөрөө бахархах дуртай шүү дээ. Ялангуяа Чингисийн Монгол дэлхийн талыг эзэлж явлаа гээд бахархдаг. Монгол үндэстэнийг өнөө хүртэл авч ирсэн тэр зүйлс бол бусдаас ялгарах онцлог, оршихуйн амин шалгууруудыг хэлж байгаа. Тухайлбал, өөрийн үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, уламжлал англиар identity гэдэг. Энэ бүхэн бол монгол хүнийн хувьд, монгол үндэстэний хувьд эрхэм зүйлс нь, үүнийгээ бид дээдэлж, өвлөж үеэс үед нандигдан хүргэж байх учиртай.

Монголчууд бид чинь дээр бидний өмнөөс бодох ёстой улсууд нь бодог гэж боддог шүү дээ?
-    Энэ бол бидний том алдаа. Яагаад ийм болов гээд жаахан ч гэсэн бодоод үзээрэй. Бид түүхээсээ холдсон байгаа юм. Түүх гэдэг бол таны, миний өөрийнхээ тухай илүү мэдэхийг л хэлж байгаа хэрэг ш тээ. Бид нар чинь Амьдрал яах вэ, Анжила Дэвис юу болж байна гэсэн үзлээр хүмүүжсэн улсууд шүү дээ. Өнөө ч яг хэвээрээ. ТВ, радио, сонин хэвлэл нь ч энэ л зарчмаар явж, Монголын тухай гэхээсээ илүү гадны мэдээ л илүү урсаж байгаа. Тиймээс бид нар Америкийн Ерөнхийлөгч Обама юу хийж байгаа, Леди Гага хаана ямар хувцас өмсөж явна гэдгийг илүү сонирхож, Ганнам стилийг дуулаад л залуус хүүхдүүд маань өсөж байна. Үнэндээ өөрийнхээ тухай, монголынхоо тухай бодох зай багатай явна.

Яагаад бидний өмнөөс хэн нэгэн дээр засаг төр барьж байгаа улсууд бодох учиртай гэдэг сэтгэлгээ амь бөхтэй байна вэ?
-    Жаахан алсхан бодоод үзье дээ. ХХ зууны эхээр гадаадын зарим хүмүүс монголчуудын талаар бичсэнийг үзвэл энэ ард түмнийг Чингис хаан нь танихааргүй болсон байна гэсэн байдаг. Түүнээс хойш монгол үндэстэнийхээ хувьд бүр л дордсон болохоор бид ийм байдалтай байна. Манжийн эрхшээлд 200 гаруй жил, Оросын нөлөөнд 100 гаад жил оршиход монголчууд бидний асуудлыг Бээжинд, Москвад шийддэг байлаа. Монголчууд бид өөрийн толгойгоор явахаа байгаад нилээд уджээ. Бараг бие даан орших чадвараа алдах дөхсөн байв. Ийм эгзэгтэй мөчид бид 1990 онтой золгов. 1990 оны хувьсгал бидэнд сэрж, монгол үндэстэн өөрөө өөрийгөө таних боломжийг нээсэн юм.

Та яагаад 1911 оны үндэсний сэргэлт чухал гэж үздэг юм бэ? Таны бараг бүх зохиол энэ зүгт чиглэсэн байдаг.
-    Яг тийм. Монгол үндэстэн түүхийн эгзэгтэй мөчид цаашид оршин байх эсэх нь хутганы ирэн дээр байсан мөчид эл үндэстэн тусгаар тогтнол, бие даасан байдлаа 1911 онд сэргээсэн юм. ХХ зууны эхэн болоход ямар ч гэсэн үндэс угсаагаа бодсон өвөг дээдэс одоогоос хавьгүй олон байсан болохоор монгол үндэстэн сэргэж, гал голомтоо сэргээн авсан юм. Энэ бол өнөөгийн монголчуудад дэндүү их хамаатай учраас би дахин дахин хэлээд байгаа юм.

Чухам юу гэж?
-    Энэ 1911 оны үеийн түүх, сүүлийн зуун жилийн түүх онцгой чухал ач холбогдолтой шүү гэж. 1911 онд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулаад Монголчууд өөрийнхээ гэрийг өөрийн толгойгоор барих гэж үзсэн юм. Одоотой харьцуулбал ядуу байсан байх, бүдүүлэг байсан биз. Гэхдээ л монголчууд өөрсдөө монгол гэрээ барихыг чармайж байв. Одоогийнхоос илүү улс үндсээ, монголоо гэсэн үзэл бодолтой хүмүүс байж, монгол үндэстэнийг олон зуун жил дамнуулан авчирсан тэр гайхамшигт үнэт зүйлсээ дээдэлж, түүнийхээ төлөө амьдралаа зориулсан. Үүний хүчинд монголын гал голомт багахан ч гэсэн хэсэгтээ үлдэж, бид эзэн нь хэмээн сууж байгаа. 
-    1911 оны дараах үе бол 1990 оны дараах одоогийн үетэй тун төстэй гэж би хувьдаа бодож байгаа. Одоо монголчууд бас л өөр хоорондоо хэлцэж, шүүмжилж гэрээ босгохыг хичээж байна. Харин нэг хэсэг нь санаатай санамсаргүйгээр босгож буй гэрийнхээ нэг баганыг нураачих гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж л байдаг юм. Гэвч монголчууд өөрийнхөө толгойгоор өөрсдөө л зүтгэж байгаа болохоор гэрээ босгочихно оо гэсэн итгэл сэтгэлээр өөдрөг харж байгаа. Монгол хүн бүр бие биеэ дэмжвэл илүү хурдан босноо, гэр маань. Хурдан хөгжинө.

Та 1911 оны монголын сэргэн босголтод Богдын үүрэг роль их бий гэж үздэг. Энэ хүн чинь түвд хүн биз дээ?
-    Тиймээ, Богд маань, тодруулбал наймдугаар Богд түвд гаралтай юм. Түвдэд 1869 онд төрөөд таван настайдаа Халх монголчуудын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөгдөн ирсэн хүн. Түүний бүхий л амьдрал монголчуудын түүхтэй холбогдсон юм. Монгол, түвд хэлийг өв тэгш эзэмшиж, монголоор түвдээсээ илүү ярьдаг байсан хэмээн өвөг дээдэс дурссан нь бий. Багадаа монгол хүүхдүүдтэй монгол наадмаар тоглож, морин дэл дээгүүр салхи татуулан хурдалж, шадар туслахуудаа нэг бус удаа сандаргаж явсан гэдэг юм. Бие даасан өөрийн бодолтой эрдэм чадалтай өөртөө хүнийг татах увидастай нэгэн байсан хэрэг. Түүний дэргэд монгол, түвд олон багш нар байнга байж, монгол ёс заншил, хэл соёл, уламжлал, түүх, бурханы шашны хийгээд дорнодахины эрдэм ухаан зааж сургаж байсан бөгөөд Богд сэргэлэн ухаантай хүн байсан болохоор маш сайн сурсан хэрэг. Монголд тодорсон Богдуудаас ганцаараа гавжийн дамжаа барьсан хүн шүү дээ. Богдын нэр хүнд нөлөө гэдэг чинь ар, өвөр монгол, барга, халимаг, буриад гээд нийт монгол овогтоны дунд алдаршсан нэгэн байсан юм. Түүний хэлсэн үг монголчуудад зарлиг адил хүрч, бүгд түүнийг дагасан юм. Өөрөөр хэлбэл бурханы шашин тархай бутархай монголчуудыг нэгтгэх нэг хүчин зүйл болсон хэрэг.

Тиймээс Богд Монгол Улсын хаан болсон уу?
-    Монголчууд ХХ зууны эхэн болохд бүгд бурханы шашинтан болсон байв. Дээр нь энэ зөрүүд зантай, Бээжинтэй хэдэрлэдэг Богд бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлдэг, нэр хүнд нөлөө бүхий байсан тул монголчуудынхаа тэмцлийг амжилтад хүргэж чадсан байна. Тэр үеийн гадны хүмүүсийн бичсэнийг үзвэл Монголчуудын ирээдүй ганцхан Богдын гарт байна, Богдын мэргэн ухаан юу гэж шийднэ түүгээр болно гэж бичсэнийг одоо түвэггүй үзэж болно. ХХ зууны эхэн болоход Богд гэгээнтэн даншиг хуруулах нэрийн дор тархай бутархай байсан монголчуудыг нэг бус удаа цуглуулж, үндэсний тэмцэлд уриалан дуудаж, зохион байгуулан амжилтад хүргэсэн юм. Тэрбээр эл цаг мөчид монгол үндэс угсаагаа, газар нутгаа, бие даасан байдлаа нэгдмэл нэг хүчээр олж авах хэрэгтэй гэсэн лүндэн буулгаж, эл цаг мөчийг алдвал гэмшивч барахгүй, миний найман дүрийг шүтсэний хэрэг эс гарна хэмээн нийт монгол овогтонд дамжуулан хүргэсэн байдаг. Тэгээд өөрөө монголчуудын эл үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулж, амжилтанд хүрсэн тул 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнол, бие даасан байдал, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Монголчууд тэр үед маш ухаантай алхам хийсэн. Магадгүй одоогийнхоос илүү ухаалаг байсан ч магад. Яагаад гэвэл гадны дотны нөхцөл байдал, бурханы шашны тэргүүн Богдын нэр хүнд нөлөө гээд олон зүйлийг тунгаан үзээд хэнийг төрийн тэргүүн болгох вэ гэдэг дээр ухаалаг шийдвэр гаргаж, Богдыгоо дэмжиж, хүрээлж Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Үүний хүчинд улсын бие даасан байдлаа авч үлдэж чадсан хэрэг. Манжийн хүрээллээс гарч чадсан орон Монголоос өөр байхгүй шүү дээ. Одоо түвд гаралтай хүн төрийн тэргүүн болно гэвэл монголчууд бид нар чулуу шидэх байх шүү. Тэгэхээр бид хэр зэрэг өөрчлөгдсөн байна вэ гэдгээ нэг бодоход гэмгүй. Үүнд түүхэн сургамж оршино.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-нд баярын өдөр болсон нь ийм учиртай байх нь ээ?
-    Тэгэлгүй яах вэ. 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын өдөр юм. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр тул 2011 оноос үндэсний баярын өдөр болсон шүү дээ. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал болсон өдөр. Энэ өдөр бол эртний монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр. Тиймээс монгол даяар амралтын өдөр, үндэс угсаа, үүх түүхээ дээдлэх өдөр болсон шүү дээ.

Таныг түвдийг магтлаа, монголчууд хаана байсан юм бэ гээд шүүмжилдэг хүмүүс бий?
-    Богд маань түвд гаралтай нь үнэн. Монголчууд бидэнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол өгсөн үндэсний хувьсгалыг удирдаж, амжилтанд хүргэсэн хүн бол Богд юм. Тиймээс эл хүн бол бидэнд гавьяа байгуулсан хүн гарцаагүй. Мэдээжийн хэрэг, монголчууд байсан, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Өвөр Монголын гүн Хайсан, Түшээ гүн Чагдаржав, Сайн ноён хан Намнансүрэн гээд бидний өвөг дээдсийн үүрэг роль үндэсний хувьсгалд их байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч Монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн 1911 оноос хойш Улсын эзэн хаанаар ганцхан хүн байсан тэр бол Богд Жавзандамба хутагт. Хэрэв Улсын эзэн хаанаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол түүний сайд нарын талаарх үнэн хэзээ ч бодитой ил болж чадахгүй. Тэдгээр сайд, төрийн түшээд маань Улсынхаа эзэн хаанаар Богдыг өргөмжилж тавьсан биз дээ. Нөгөө талаас нь үзвэл түүх бол шинжлэх ухаан. Бид түүхээ улс төржүүлж, гуйвуулж, түүхийг коммунист үзэл суртлын зэвсэг болгож, хүмүүс түүхээсээ залхдаг болтол түүхэндээ буруугаар хандаж ирсэн. Энэ хандлагаа өөрчлөх боломжийг 1990 оны дараа монголчууд бид олж авсан. Бид түүхээсээ нилээд холдсон болохоор ч тэр  юм уу зарим маань одоо хүртэл гадны гар хөл болсоор л байгаа, гадны үзэл санааг тээсээр үргэлжлүүлэн хүмүүсийн тархийг угаасаар байна. Богдыг муулсан уран сайханы кино үргэлжлэн гарсаар л байгаа. Энэ бүгдийг цэгцлэхгүй бол хүүхэд залуучууд маань хэн болохыг тааж мэдэхгүй. Түүх шинжлэх ухаан юм бол түүх үнэн байх хэрэгтэй. Эс тэгвээс бид алдаагаа дахин давтах болно.

Алдаагаа дахин давтахгүй тулд яах хэрэгтэй вэ?
-    Юуны өмнө монголынхоо түүхийг үнэн мөнөөр судлах, бичих хэрэгтэй. Ардчилалын буянаар ийм боломж бидэнд нээгдсэн байгаа. Бүх шатны сургуулиуд Монголын түүхийг заавал үзэх хэрэгтэй. Бага сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэл монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг л бол Монголын түүх заавал оруулдаг байх хэрэгтэй байна. Бид чинь алсын америкийн түүх, дэлхийн түүхийг л илүү заадаг тогтолцоотой байна. Үүнийгээ өөрчилж, Монголын түүхийг илүү цагаар сургуулиудад оруулж, хүүхдүүддээ монголынхоо түүх, соёл, уламжлалаа илүү таниулах хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдэд монгол үлгэр ярьдаг эмээ, өвөө нар алга байна, хүүхдээ бүүвэйлдэг ээж ч алга болох нь шиг байна. Энэ байдлыг өөрчилж монгол хөрс суулгах цаг болсон. Монгол хүн өөрийгөө бодох, монгол хүн монгол хүнээ дэмжих хэрэгтэй байна. Нөгөө мөнхийн эрх ашиг гэж байдаг, мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй гэж нэг үг байдаг гээ биз дээ. Бодоод үздээ, хэдхэн жилийн өмнө ган бат найрамдал, ах дүү хоёр гээд л бичиж, ярьж, тархиа угааж байв даа. Одоо ямар байна. Үүнд Оросыг ч гэдэг юмуу өөр хэн нэгнийг буруутгах үндэс байхгүй. Энэ бол эрх ашиг юм бүхнээс түрүүнд байдаг гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Монголчууд бид өөрсдийн эрх ашгаа бодох хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгосон бол хамгийн чухал нь тэр. Түүхээс сургамж авахын учир үүнд байгаа.

Бурханы шашины тухайд мунхруулдаг гээд зарим залуучууд маань хэлэх нь бий?
-    Бурханы шашины мөн чанарыг, бас өөрийн түүхээ мэдэхгүй байгаагаас тэгэж буй гэж бодно. Өнөөдөр Азид хятад ханз хэргэлдэггүй цөөн орон буй. Түүний нэг нь монгол. Энэ их хүн амтай хятад үндэстэний бичиг соёлийг хаяа дэрлэн орших монгол яагаад аваагүй вэ гээд бодвол олон учир бий байх, гэвч бурханы шашин Монголд дэлгэрч, монголчууд түвд хэлээр дамжуулан соёл гэгээрэлд хүрч байсан нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл бурханы шашин хятад бичиг соёл монголд дэлгэрэхэд хаалт болсон гэсэн үг. Ингэж их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн дүгнэж байсан удаатай. Монголчууд бол бурханы шашины олон зуун жилийн уламжлалтай. Одоо сэргэж байгаа. Гэхдээ бид түүх, уламжлал, шашнаасаа нилээд холдсон байсан болохоор өөрийн өнгө төрхөө олтол хугацаа хэрэгтэй шиг байна. Судалгаагаар монголчуудын 80 хувь нь бурханы шашинтай гэж гарсан байгаа. Цагаан сар хийж байгааг нь харвал үүнээс ч илүү байгаа биз. Та бид өөрөө ч мэдэхгүй л бурханы шашны зан үйлийг хийж байдаг юм.

Богдын хойт дүрийн тухай асуудлын талаар асуухгүй байж болохгүй байх?
-    1911 оноос 1924 онд Монголын эзэн хаан байсан Богд Жавзандамба хутагт 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал болсон. Үүний дараахан л монголчууд наймдугаар Богдын хойт дүрийг тодруулахыг бүр 1924 оноос хүсэж байсан. Бүр тодруулахаар оролдсон тохиолдол ч байдаг. Гэвч Богдыг таалал болсоноос хэдхэн хоногийн дараа Монголд бүгд найрамдах засаг тогтоох тухай МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан байдаг. Энэ бол Богдын хойт дүрийг тодруулахгүй гэсэн үг. Улмаар ард олон асар ихээр Богдыг хүсэж, лам нар ихээр шаардах болсон тул Богдын хойт дүрийг Далай ламаас асуулгах нэрийдлээр Гомбоидшин тэргүүтэй хүмүүсийг 1926 онд Түвдэд илгээсэн юм. Энэ бол ард олны санаа бодлыг төөрөгдүүлж, саармагжуулах л арга байсан. Улмаар 1928 онд МАХН-ын 7 дугаар их хурал, 1929 оны Улсын их Хурлын шийдвэрээр Богдын хойт дүрийг тодруулахыг хориглосон юм. Үүний дараахан юу болсоныг бид бүгд мэднэ. Богдын шавь болсон хэдэн мянган лам нар хэлмэгдэлд өртөж, гэм зэмгүй олон шавь нар нь алагдсан юм. Ингэж явсаар бид 1990 онтой золгосон.

Саяхан бид чинь Есдүгээр Богд гээд сүйд болоод байдаг нь юун хүн бэ?
-    Ардчилалын үрээр монголчууд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хүсэлт ёсоор Далай ламын ойрхон байсан, өмнө нь Халхын Богдын хойт дүрээр тодорсон Жамбал Намдол гэдэг хүнийг Монголын Богдын хойт дүр мөн хэмээн Далай лам 1991 оны 9 сарын 20-нд батламжилсан байна. Эл үеэс хойш монголын дарга, пүүс компанийн эзэд, сүсэгтэн олон, лам нар Энэтхэг рүү сэм явж, гэгээнтэнд мөргөсөөр байв. Богд ламтаныг Оросын Халимагт айлчлах үеэр Баасан лам нарын олон хүний зүтгэлээр долоо хоногийн хугацаатай Монголд 1999 онд урин залж чадсан хэдий ч визны хугацааг нь хэтрүүлэн Монголд байлгав хэмээн буцаасан байдаг. Үүнээс хойш Энэтхэг рүү явах монголчуудын тоо өссөөр л байв. 9 дүгээр Богдыгоо залах гэсэн монголчуудын олон удаагийн хүсэл талаар болсоор байжээ. Чухамдаа бол, засаг барьж байсан хуучин МАХН-ынхан саад тотгор тавьсаар байжээ.

Энэ саад тотгор хэзээ арилав?
-    Ингээд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж 9 дүгээр Богдыг Монголд урих зөвшөөрлийг өгсөн бөгөөд удалгүй түүний зарлигаар 9 дүгээр Богд Монгол Улсын иргэн болсон юм. Нас өндөр болсон тэрбээр монголчуудад хамгийн сайхан сайханыг хүсэж, авралдаа авч байгаагаа илэрхийлсээр хоёр жил гаруй болоод таалал болов. Тэрбээр миний дараагийн дүр Монголдоо тодорно хэмээн айлдсан удаатай. Монголчууд ч монгол богд Монголдоо тодорч залрах болно хэмээн итгэл сэтгэл өвөрлөсөөр байгаа. Чингэвэл олон жилийн монголчуудын хүсэл биелэл болж, Энэтхэг, Түвд рүү явдаг урсгал багасах буй за хэмээн бодно.

Манай уншигчдад хандан өөр хэлмээр зүйлс байна уу, Танд?
Монголчууд бидэнд, монгол үндэстэнд өөрийн дархлаа бат суух хэрэгтэй байна. Энэ бол үндэстэн өнө удаан оршихын нэг үндэс байдаг. Тийм чадвар суусан үндэстэн бат бөх байж, өөрийн эх түүх, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг юм. Үүний тул монголын төр бодлоготойгоор ажиллах хэрэгтэй. Монголын төр түүх, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэхэд илүү анхаарал тавих учиртай гэж санана.

Танд их баярлалаа.

Ц.Батаа
Өдрийн шуудан сонин



Д.Содном: Энэ 80 жилийг би гэдэг хүн ер нь юу хийж өнгөрөөв өө?

“Ярилцъя” шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Манай өнөөдрийн зочин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном. Энэ эрхэм хүн нэгэн үе манай улсын төр засгийн хоёрдахь том албан тушаалтан байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд байсан түүнийг монголчууд андахгүй. Өнөөдөр Д.Содном гуай 80 нас хүрч байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүнийг зочноороо урьж, ярилцсан юм.  

-Тантай уулзаж ярилцах завшаан тохиосонд баяртай байна.  Таны зургийг л жаахан байхдаа харж байснаас уулзаж явсангүй. 
-Тийм л байх. Чи жаахан наашаа суу. Миний чих хатуу болчихоод байгаа.  

-Таныг Дорноговийн хүн гэж мэднэ. Харин аль сум билээ ?

-Өөрөө аль аймгийнх вэ.

-Булган.
-Өө, Булганых юм уу. Би чинь говийн хүн шүү дээ. 1933 онд Дорноговь аймагт төрсөн. Өнөө жил чинь 2013 он. Цаг хугацаа явжээ. Би гэдэг хүн 80 хүрсэн байна. 

-Сайхан нас. Яг төрсөн өдрөө та мэдэх үү?
-Төрсөн оноо бол мэднэ, төрсөн өдрөө мэдэхгүй. Яахав, сүүлд л 7 сарын 14 гээд бичүүлчихсэн байдаг юм.

-Тэр өдрөө тэмдэглэдэг үү? 

-Заримдаа томхон ой тохиосон жилд ч юм уу, тэмдэглэнэ. Тэрнээс бусдаар жил болгон сүртэй төрсөн өдөр энэ тэр гэж тэмдэглэж явсангүй. 

-80 насны ойгоо бол тэмдэглэх гэж байгаа биз дээ?  

-Миний амьдралын 23 жил нь Сангийн яамтай холбоотой юм л даа. Тэгээд Сангийн яамны нөхдүүд маань, миний олон жил хамт ажилласан ахмад хүмүүс бүгд нийлээд миний  80 насны ойг тэмдэглэнэ гээд байгаа. Та хүссэн ч бай, хүсээгүй ч бай бид  тэмдэглэнэ гээд болдоггүй. Ингээд зургадугаар сарын 21нд тэмдэглэхээр болсон. Долдугаар сарын 14 нд нь тэмдэглэвэл яасан юм гэсэн чинь баярын дараа улс амьтан тараад явчихна, зав чөлөөгүй болчихно тийм учраас жаахан наашлуулаад тэмдэглэчихье гээд ингээд шийдсэн хэрэг л дээ. Тэгээд би бодож байна. Энэ 80 жилийг би яаж өнгөрөөчихөв дөө гээд. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодохоор их сонин сонин юмнууд бодогдож байна л даа. Юуны түрүүнд бага насаа яаж өнгөрөөлөө. 1933-1946 онд хүртэлх 13 жил бол би Дорноговь аймгийн одоогийн Өргөн сум хуучныхаар Баян-Муг гэж байсан юм. Тэндээ л өнгөрөөж дээ. 

-Баян-Муг гэж  ямар сонин нэр вэ? 

-Тэр үед Баян-мөнх гэдэг нэртэй сум байсан юм. Тэр Баян-Мугтаа л бага насаа өнгөрөөсөн. 

-13 нас хүртлээ?
-13 нас хүртлээ. Тэр чинь яг дэлхийн хоёрдугаар дайны жилүүд л дээ. Маш хүнд хэцүү жилүүд байсан. Манай Баян-Мугийн ард иргэд маш сайхан сэтгэлтэй, хамтач, хамтдаа хүнд хэцүүг туулж чаддаг тийм л сайхан улсууд байждээ. Тэр сайхан сэтгэлийнхээ хүчээр тэр хүнд хэцүү дайны жилүүдийг амьд мэнд туулцгааж, хажуугаар нь үр хүүхдүүдээ бага сургуульд сургацгааж байлаа. Энэ бүхнийг амжуулж чадаж байсны ачаар ерөөсөө цаашдаа амьдрах сууриа тавьж авчээ. Амьдралын минь их суурь энэ үед л тавигдсан гэж би үздэг. 

-Тэр үед чинь хүүхдээ сургууль номонд өгөх тухай ойлголт жаахан марууухан  байсан юм биш үү. Хүүхдээ сургуульд явуулах дургүй байсан гэж л яригддаг шүү дээ. Танайх ер нь хэдэн хүүхэдтэй айл вэ?

-Үгүй. Яг миний өсөх насанд ард иргэд харин ч хүүхдүүдээ сургууль соёлоор явуулах гэж асар их хичээж байсан. Тийм ч учраас дайны тэр хүнд хүчир жилүүдэд хажуугаар нь хүүхдүүдээ бага сургуульд сургаж, бичиг үсэг зааж байсан байна шүү дээ. Манайхан ер нь бол эхээс 12- уулаа юм гэнэ лээ. Тэрнээсээ яг долоо нь бол амьд үлдсэн. Нэлээн сайхан амьдарсан. Манай долоогийн хамгийн ах нь Бихар гэж залуу байсан. Миний хамгийн том ах. Нэг сайхан дулаахан нартай өдөр адуундаа давхиж ирчихээд, дээлээ тайлж хаячихаад үүдний хавьцаа суугаад л салхинд  цохиулчихсан юм. Тэгээд л хөөрхий тэрнээсээ болоод 1946 онд 18 настайдаа нас барчихсан. Бидний том ах. Тэр үед эмнэлэг маань ийм л өвчнөөр хүнээ алдчихдаг байсан байгаа юм шүү дээ. Одоо бол уушигны хатгалга туссан бол хэдэн өдөр тариа тариад л зүгээр болчихно. Ингээд бид зургуулаа үлдсэн. Миний дээр дөрвөн ах байсан, дор нэг эмэгтэй дүү байсан. Тэр 1946 он хүртэл би бага сургуульд суралцсан. Манай тэнд бол тэр үед хүүхдээ сургуульд оруулах оруулахгүй  гэсэн асуудал ерөөсөө байдаггүй байсан. Ямар ч байсан манай ижий бол ерөөсөө хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөнө л гэдэг үзэл бодолтой хүн байсан юм. Намайг сургуульд сургах гэж ижий маань өөрөө сумын төв дээр гэртэйгээ нүүж ирж байсан. Миний дүү надаас гурван насаар дүү. Бас л бага  сургуульд сураад л. 

-Дөрвөн ах тань бас сурсан уу?

-Төгссөн. Нэг нь энэ офицерийн сургуулийг төгссөн байдаг юм. Нэг нь багшийн дээдийг төгссөн. Нөгөө хоёр нь бол 10 дугаар анги төгсөөд л хөдөө мал малласан. Тэд маань бүгдээрээ сайхан амьдарсан. Харамсалтай нь одоо бүгдээрээ бурхан болсон. 

-Тавуулаа юу? 
-Бүгдээрээ. Миний ах нар, ганц эмэгтэй дүү бүгд байхгүй. Би ингээд ганцаараа л үлдсэн. 1946 онд би Баян-Мугийн бага сургуулиа төгссөн. Том ах өнгөрөөд бидний хамгийн том нь Жамсүрэн гэж ах маань болсон. Тэр маань намайг  Улаанбаатарт сургуульд оруулна гээд дагуулаад явлаа. Аймагт давхиад ирлээ. Яаж яваад ч орсон юм. Ямар ч байсан тэр үед дүүгээ дагуулаад аймгийн дарга дээр орж л байсан байгаа юм даа. Дүүгээ аймгийн сургуульд оруулах уу, эсвэл Улаанбаатар руу явж сургах уу гэдгийг л шийдэх гэж явна шүү дээ.  

-Бага сургуулиа бол нэлээн сайн төгсчихөж ээ дээ?
-Нэг их айхтар гялалзсан онц ч юм байхгүй. Гэхдээ л дажгүй сайн төгссөн.  Балдандорж гээд яг манай нутгийн нэг хүү бид хоёр хоёулаа аймгийн дарга дээр орсон. Балдандорж маань аймагтаа сурах хүсэлтэй. Би бол ахтайгаа Улаанбаатар орж сургуульд сурна гэсэн бодолтой. Тэгсэн аймгийн дарга Содном чи аймаг дээр үлд. Тэр Балдандорж хот руу явбал яв гэж ингэж зөрүүлээд болдоггүй. Бид хоёр хоёулаа хүсэлтээ хэлээд уйлаад гуйж байдаг. Хоёр ижий ар талд суучихсан хараад байж байдаг. Тэгтэл аймгийн намын хороон дарга нь гээд  Чойжамц гэж хүн байсан юм. Сүүлд төв хороонд ирж ажиллаж байсан. Тэр хүн орж ирээд энэ хоёр хүүхэд яагаад уйлаад сууж байгаа юм гэсэн. Аймгийн дарга тайлбарлаж байна.  Тэгтэл Чойжамц гуай үгүй тэгээд саналаар нь л явуулчихгүй юу гэсэн. Ингэж нэг юм шийдээд,1946 онд Улаанбаатар луу орж ирж байгаа юм. Тэгээд Сангийн яамны харьяа санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж төгсөөд, 1950 онд Сангийн яаманд албан хаагч болж орж байгаа юм. Одоо болоход 17 той, жаахан л хүүхэд байж л дээ. Эхлээд  байцаагчаар ажиллууллаа. Дараа нь төсвийн орлогын нягтлан бодогчоор ажиллуулсан. Өөрөөр хэлбэл байцаагч буюу нягтлан бодох гэсэн тийм хос  мэргэжлээр Сангийн яаманд 1950-1954 онд дөрвөн жил ажилласан. Ингээд эхлээд харьяа сургуульд нь техникумд дөрвөн жил сурчихаад, дөрвөн жил яаманд нь байцаагч нягтлан бодогчоор ажиллачихаад байж байсан. Тэгтэл 1954 онд Эрхүүгийн тэр үеийн Санхүү Эдийн Засгийн дээд сургууль гэж байсан юм. Сүүлд Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль тэгхэд сүүлд нь улс ард аж ахуйн дээд сургууль гэж болсон. Одоо бол Байгалийн Эдийн Засаг, Хуулийн Их сургууль гэсэн нэртэй болсон байгаа юм. Одоо байгаль нуураараа имиж хийж нэрлэсэн болов уу. Энэ сургуульд 1954-1958 онд суралцсан.1958 онд төгсөөд ирж байгаа юм. Сангийн яам өөрийнхөө нэр дээр явуулж намайг сургасан юм шүү дээ. Төгсөөд иртэл намайг валютын хэлтэсийн даргаар томилсон. Б.Дүгэрсүрэн гэж хүн Сангийн сайд байсан юм. Б.Дүгэрсүрэн сайдаас би асууж байсан. Намайг чинь орлого хариуцуулж л  ажиллуулах юм бодож байсан юм. Тэр чиглэлээрээ ажиллаж  болохгүй юм уу гэж. Учир нь би гуравдугаар курсээ төгсөөд Сангийн яаман дээр нэг сарын дадлага хийсэн байхгүй юм. Тэр үед намайг  Зөвлөлтийн Сангийн яамнаас ирсэн мэргэжилтэнтэй цуг төсвийн реформ  дээр дээр ажиллуулсан. Нөгөө орос мэргэжилтэнтэй цуг бүтэн сар нэг өрөөнд сууж, бүх тооцоон дээр нь ажиллалаа. Үндсэндээ тэр нэг сарын хугацаанд бол ер нь хойно сурсан гурван  жилийн мэдлэгээсээ бараг илүү гэхээр мэдлэг туршлага олж авсан л даа. Тэгээд төгсөөд ирэхдээ төсвийн орлого талын юман дээр л намайг ажиллуулах байхдаа гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь үгүй ээ, валютын асуудал манайд одоо хүнд байна. Энэ дээр мэргэших хэрэгтэй байна. Тийм учраас чамайг хэлтсийн даргаар томилно гээд ингээд валютын хэлтсийн даргаар томилогдоод 1958-1963 он хүртэл таван жил ажилласан. Тэгж байтал 1963 онд гэнэтхэн намайг дуудаад сангийн сайдаар  томилно гэсэн. 

-30 настай. Цэл залуу сайд. 

-30 настай. Ингээд 1963-1969 оны 12 сар хүртэл сангийн сайд хийсэн. 

-Тэгэхээр та чинь Монголын хэд дэх Сангийн сайд гэсэн үг вэ?

-Мэдэхгүй ээ, 10 орчим л болов уу даа. 1911 оноосоо эхлээд тоолбол нэлээн олон, 10-аад сайд байх шиг байгаа юм. Жинхэнэ 1921 оны хувьсгалаас хойш гэвэл хэд байгаа юм бол. Миний урд бол Дүгэрсүрэн гуай байсан. Дүгэрсүрэн гуайн урд Моломжамц гуай байсан  Моломжамц гуайн урд Лувсан гуай,  Лувсан гуайн урд Цэдэнбал гуай байсан юм байгаа юм. Тэрнээс урдахыг нь би сайн санахгүй байна. Ингээд 1969 онд Сангийн яамнаасаа Улсын төлөвлөгөөний комисс руу очсон. Улсын төлөвлөгөөний комисст томилохын өмнө Цэдэнбал дарга намайг дуудаад хоёулханаа уулзсан. Ярьсан юм юу гэхээр за, чи одоо одоо Улсын төлөвлөгөөний комисст оч. Чамайг Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд гэсэн ийм албан тушаалд томилох гэж байна гэж хэлсэн. 

-Шинэ тушаал хүлээж авч. Санал бол асуухгүй биз дээ? 

-Шинэ тушаал. Би уг нь Сангийн яамандаа нэлээн ажилдаа дасаж байгаа юм.  Тэндээ байж болохгүй юм уу гээд бас асуугаад авсан. Тэгсэн Ю.Цэдэнбал дарга надад “Содном оо, нарийн учир байнаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Зөвлөлт Холбоот Улс бусад социалист орнууд дайны хохирлоо сэргээх ажлаа амжилттай хийж дуусч байх шиг байна.  Одоо бол эдийн засгийн хөгжлийн асуудал дээр их анхаарч байна. Үүний дотор эдийн засгийн харилцан туслах зөвлөл гээд бүх социалист орнуудыг  нийлүүлсэн тийм том зөвлөл байгуулсан байсан шүү дээ. Энэ шугамаараа бусад улс орнууд монголын хөгжлийг онцгой  анхаар ч байна. Монгол вьетнам хоёр л гэж ярьж байсан л даа. Манай Монгол улсад зээл тусламжаа өгөх тийм болоцоо нь ч бий болчихож. Ер нь тийм бодлого ч явж байна. Энэ зээл тусламжийг авах завшаан бий болчихоод байхад бидэнд нэг юм дутаад байна. Тэр нь юу вэ гэхээр бидэнд Монгол орноо яаж хөгжлүүлэх юм гэсэн  хэтийн төлөвлөгөө байхгүй байна. Хамгийн гол нь зайлшгүй шаардлагатай төслүүдээр техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хоцорч байна.  Тэгээд зээл тусламж өгөе, харин та нар юунд зориулах юм бэ гэж биднээс асууж байна. Бидэнд хариу үзүүлэх бэлэн төсөл, ТЭЗҮ, тооцоо судалгаа  байхгүй.  Үүнээс болж зээл тусламж авах завшааныг ашиглаж чадахгүй байдалд хүрээд байна. Тийм учраас чамайг  төлөвлөгөөний комисст томилж байна. Гол асуудал улсыг хэтийн төлөвлөгөөтэй болгох, чухал төслүүдээр ТЭЗҮ хийх. Энэ ажлыг чи хариуцаж зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд л Улсын төлөвлөгөөний комисст очсон. Тэнд бол их сонин ажлууд явагдсан л даа. Би чинь төлөвлөгөөний комисст 1969 оны сүүлээс 1984 он хүртэл ажилласан шүү дээ 14 жил ажилласан байгаа юм.

-Их бүтээн байгуулалтын ажлын он жилүүд биз дээ? 

-Шууд барьж аваад бидний хийсэн ажил юу вэ гэхээр ерөөсөө монголыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө. Тэр нь ямар нэртэй төлөвлөгөө байсан бэ гэхээр “Монголын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах ерөнхий төлөвлөгөө” гэсэн.1970 онд эхэлж байсан гэхээр 1990 оныг хүртэл 20 жилийг бодсон тийм хэтийн төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөний комиссын дэргэд Эдийн засгийн хүрээлэн гэж байгууллага бий болгосон. Тэр үед Шинжлэх Ухааны Акдемийн ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв гуай ажиллаж байсан Б.Ширэндэв гуайтай яриад академийн хажууд бас эдийн засгийн хүрээлэн гэж байсан юм. Тэр хоёр хүрээлэнгээ нэгтгээд төлөвлөгөөний комисст академийн хоёрдмол удирдлагатай нэг Эдийн засгийн хүрээлэн бий болгоод ажилласан. Нэлээн олон хүнтэй, 50 гаруй хүнтэй том байгууллага байсан байх шүү. Тэр хүрээлэнгээ улсын төлөвлөгөөний комисс дээр байрлуулсан. Эдийн засгийн байгууллага  яам хоёр тус тусдаа байхаараа хоорондоо мэдээлэл өгөлцөж авалцахдаа ч тааруу, ажил нь ч уялдаггүй тийм байдал байгаад байсан л даа  Ер нь яаж эд нарыг хамтарч ажиллуулах вэ гээд тэгээд төлөвлөгөөний комисс дээр байршуулъя гэж шийдээд л ажилдаа орсон доо. Бидний хамгийн анхны хийсэн ТЭЗҮ  Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ байсан. Нийт зээл тусламж бол 1971-75 онд бол ЗХУ-аас гэхэд 450 сая шилжих рублийн одоогийнхоор бол 450 сая доллар орчим тийм хэмжээний зээл авч байсан. Дараагийн гурван таван жилд тус бүр үндсэндээ гурван тэрбум, таван жил тус бүрт нь шүү дээ. Гурван тэрбум шилжих рублийн одоогийнхоор бол гурван тэрбум долларын хэмжээний зээл аваад ажилласан юм шүү дээ. 

- Гурван тэрбум доллар?

-Тийм. Сүүлд баахан л ярьсан шүү дээ. Ерэн хэдэн оны үед. Оросод 10 тэрбумын өртэй байна гээд л шуугисан шүү дээ. Тэр өр чинь үндсэндээ энэ гурван таван  жилд л  авсан зээл шүү дээ. Маш их юм хийгдсэн. Манай улсад бол маш их завшаантай том бүтээн байгуулалтын арван таван жил болсон. Эхний төсөл Эрдэнэт. Тэгээд л Монросцветмэт, энэ том цахилгаан станцууд араас нь хийгдсэн.  Бүх сангийн аж ахуйнуудаа шинэчлээд бариад авсан. Газар тариалангаа хөгжүүлсэн. Гурилынхаа хэрэгцээг бүрэн хангадаг болчихсон,арьс шир, ноосоо бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргачихдаг байсан. Жилдээ 45 мянга орчим тонн мах, 30-аад мянган тонн мал, 60-70 мянган толгой адуу гээд экспортод гаргачихдаг. Хүнсний ногооноос бол төмснийхөө хэрэгцээг бүрэн хангачихдаг. Зарим жил байцаа илүүдчихээр борлуулах зах зээлгүй сандарч байдаг байлаа. За, тэгээд бүрэн дунд боловсролтой болох асуудлыг бол бүрэн шийдсэн, техник мэрэгжлийн сургуулиудаар мэрэгжилтэй ажилчдаа ер нь бүрэн бэлдчихдэг. Ажилгүйдэл гэж байхгүй, бүх хүмүүс ажилтай, засаг төрөөс нь чи ажил хий гэж шаарддаг байсаан болохоос биш ажлын байр олж өгөөчээ гэж нэхүүлээд суудаггүй байсан. Тийм л болчихсон байсан үе шүү дээ. 

-1984 онд та Сайд нарын зөвлөлийн дарга болсон билүү?
-Тэгсэн. 1984 онд чинь наймдугаар сард Ю.Цэдэнбал даргыг бүх албан тушаалаас нь халаад, 12 сард нь Ю.Цэдэнбал гуайн оронд Сайд нарын зөвлөлийн дарга байсан Ж.Батмөнх гуай маань ерөнхий нарийн бичгийн дарга болсон. 

-Намын ерөнхий нарын бичгийн дарга. Ардын их хуралын тэргүүлэгчдын дарга. 
-Тийм. Тэгээд Сайд нарын зөвлөлийн даргаа томилолгүй байж байгаад 12 дугаар сар болсон. Тэгээд л 1984 оны 12 сард намайг Сайд нарын зөвлөлийн даргаар томилсон.

 -Монгол улсын хоёр дахь хүн гэсэн үг үү?
- За, одоо тийм л байдаг байх даа. Миний төрд ажилласан хугацаа 1950-1990 он гэхээр 40 жил болж байна уу даа. 40 жилээс дөрвөн жил нь хойно сургуульд сурсан байгаа. 36 жилд гуравхан газар ажилласан байдаг. Сангийн яам, Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газар. Тэгээд л 1990 онд огцорлоо. Ерэн оны гуравдугаар сарын 8.  Эмэгтэйчүүдийн баярын өдөр талбай дээр баахан залуучууд маань өлсгөлөн зарлачихсан байж байсан. Би ажил дээрээ байсан юм. Ер нь бол их эмзэг үе шүү дээ. Тэр их олон хүн дотор чинь маш олон болж бүтэхгүй амьтад бас явж байна шүү дээ. Тэрнийг зохицуулахад хүндрэл үүсэх шинж ажиглагдаад байдаг.

-Завсрын сэжигтэй улсууд олноороо талбай дээр бас гараад ирчихсэн байсан байх л даа. 
-Тэр олонлог дотор чинь бол аюултай шүү дээ. Хяналт тавих бололцоогүй болох ч аюул бий. Тэгээд би өлсгөлөн зарлаж байгаа залуучууд руугаа санал хүргүүлсэн. С.Зориг энэ Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж  гээд бүгдээрээ л байсан л даа. Бүгдээрээ уулзацгаая, ярилцъя гэж би хүн явуулаад хэлүүлсэн. Тэгсэн тэд нар маань ч өө, зүйтэй байна уулзья. Гэхдээ ер нь телевиз дээр уулзаж, тэгээд тэр уулзалтаа нийтийн эфирээр гаргасан нь дээр байх гэж санал тавьсан.Тэгье гээд орой нь 16 цагт бид нар телевиз дээр очсон. Би энэ Д.Бямбасүрэнг дагуулаад тэнд очсон.  Д.Бямбасүрэн миний орлогч байсан юм. Тэгээд тэнд бол ярьсан л даа. Нөгөө хэдэн нөхөд маань ч шаардлагаа ярьсан. Монгол ардын хувьсгалт намын үйл ажилгааг хязгаартай болгоё. Засгийн газрыг огцруулья гэж байсан. Улс төрийн товчоог огцруулна гэдэг асуудлыг ч тэр уулзалт дээр гаргаж тавьсан. Би ч яахав уулзалтаа хийчихээд явсан. Ямар хариу өгсөн бэ гэхээр за, та нар тайван бай. Одоо ингээд 2-3 хоногийн дараа манай намын бүгд хурал болно. Тэрүүгээрээ та нарын энэ тавьж байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Тэрний дараа Ардын их хуралын чуулган болох гэж байгаа. Тийм учраас та нар тайван бай. Энэ өлсгөлөнгөө зогсоочих. Тэгээд энэ бүх шаардлагуудыг авч хэлэлцэх, ярилцах бүх бололцоо гарч ирнэ гэж хэлсэн. Буцаж ирээд Ж.Батмөнх даргад ч хэллээ, товчоо ч цуглалаа. Тэгээд ерөөсөө тэр огцрох асуудлыг зөвшөөрье гээд ярилцсан. Хүн болгоноос асуусан л даа. Огцорох уу, яах уу гэж. 

-Улс төрийн товчоо чинь нэлээн олон хүнтэй бүтэц биз дээ?

-Товчооний гишүүд чинь тэр үед цөөрчихсөн байсан л даа. Орлогч гишүүдтэйгээ  нийлээд л найм есөн  хүн л байсан байх. Тэгээд маргааш нь л гуравдугаар сарын 9-нийх  нь орой Ж.Батмөнх гуай телевизээр олон түмэнд хэлсэн шүү дээ. Бид  огцрох шаардлагыг хүлээж авч байнаа гэж. 

-Тэр үед та хэдтэй байлаа. Хамгийн залуу нь л харагддаг байсан ?

 -Нас уу. 57-той байсан. Залуу хархүү л гялалзаж явлаа шүү дээ би чинь. (инээв) Тэгээд л тэрний ачаар тэр оройдоо ч билүү дээ, өнөө өлсгөлөн чинь зогссон шүү дээ. 

-Дэлхийн хоердугаар дайны үеэр таны бага нас төрөлх сумандаа өнгөрсөн байна. Бидний уран зохиолоор дамжуулж авсан мэдээлэл, төсөөллөөр л бол  үнэхээр хэцүү, бүх юм ховор, шохой, самбар ч гэж олдохгүй. Даавуун цүнх үүрсэн хүүхдүүд л байсан гэж ойлгодог. Үнэхээрийн тийм байсан уу?
-Үнэхээр. Хувцас хунар гэх юм ч ховор живэр шүү дээ. Бид чинь ахмад хүмүүсийн хуучин нойтон юмыг л буцааж сэлбэсэн, хассан,тайруулж оёсон юмнууд л өмсөж явна шүү дээ. Зуны цагт бол ерөөсөө л хөл нүцгэн гүйнэ. Тэр нь нэг талаас яахав дээ, говийн бид бол халуун учраас халууцаад гуталгүй явдаг байсан л байх. Гэхдээ л гол шалтгаан нь өвөл зундаа таарсан гутал гэж ерөөсөө байхгүй байсан л байхгүй юу. 

-Монгол гутал ч ховор уу?
-Ховор. Монгол гутал чинь бас зуны халуунд бол өмсөхийн аргагүй эд байсан шүү дээ. Хөл нүцгэн л гүйнэ. Намар оройхон болно, хүйтрэнэ, хөл даарна. Дөнгөж шинэ баасан үхрийн баасанд хөлөө хийж дулаацдаг байсан шүү дээ. Ийм л байсан. Ядуу амьдралын үнэн тийм л байсан. Хоол хүнс бол үнэхээр маш ховор байсан. Тэр дайны дөрвөн жилд иддэг мах адууны мах л байсан.

-Мал хуйгаа яачихсан байх уу? 

-Мал ер нь л ховор л байсан юм даа. Тэрнийгээ идэж уудаг л байсан байх. Бас улсын бэлтгэлд өгнө шүү дээ. Манайх ч цөөхөн малтай айл байсан. Би чинь ядуу айлын хүүхэд шүү дээ. Эцэг маань байхгүй, муу эх маань л биднийг амьдруулах гэж зүтгэж явсан. 

- Думаа гэж танай ээж уу?

- Ижий маань. Гурил олдохгүй. Их л хичээл зүтгэл гаргаж байж хивэг л олж иддэг байсан. Хивгийг тэр чигээр нь ч хэрэглэнэ. Модон идүүрт хийж нунтаглаж байж хоол хийж иднэ. За, будаа гэвэл хааяа шар будаа л олддог. Үнэхээр бид ядуу байсан. Хоол хүнсээр бол ер нь хэцүү л байсан даа.

-Хичээлийн анхны хэрэгсэл гэж танд ер нь юу байв? 
-Нэг дэвтэр бол байсан. 

-Тэр нь ямархуу, хаанаас олсон дэвтэр байх уу?

-Оросын дэвтэр. Нимгэхэн хөөрхөн дэвтрүүд байдаг байсан. Үзэг гэж одоогийх шиг юм байх биш дээ. Нөгөө бэхэнд дүрдэг үзэг байсан. Анги танхим чинь хүйтэн гэж жигтэйхэн. Манай Баян- Мугийн бага  сургууль гээд хагас нь газарт, хагас нь дээр. Түүхий тоосгоор барьсан хоёрхон өрөөтэй юм байсан. Өнөө муу бэхэндээ үзгээ дүрээд бичих гэхээр тэр хооронд л хөлдчихнө. Амьсгаагаараа гэсгээж байгаад л бичнэ. Үнэхээр ядуу байсан шүү дээ, бидний амьдрал.   

-Эхлээд монгол бичиг заалгав уу. Шууд шинэ үсэг заалгав уу?

-Шууд шинэ үсэг. 1942 онд сургуульд намайг ороход яг тэр жил шинэ крилл үсэг зааж эхлэсэн. Гүнсэнноров гэж нэг сайхан багшаар “а” үсэг заалгаж байлаа. Бидний аав шиг л байдагсан. Одоо байхгүй л дээ. Үргэлж л бидэнтэй хамт байдаг байсан. Ном хичээлээ заахаас гадна амьдралын ухаанд биднийг сургах гэж цаг наргүй зүтгэж явсан даа, хөөрхий. Ер нь тэр их гунигтай, хүнд хэцүү үед нутгийн ард иргэдэд гэрэл гэгээ өгөх тал дээр ч их юм хийдэг багш байсан. Тэр нутгийнхны бүгдийнх нь багш байсан. Манай нутгийн тэр үеийн улсууд ямар ч их сэтгэлийн хаттай, гуниг гутралгүй улсууд байсан юм. Манай сумын төв дээр улаан булан гэж нэг байшин байсан юм. Шал байхгүй. Шороон шалтай. Таазаа даавуугаар аятайхан өнгөлчихсөн. Жижигхэн хөөрхөн тайзтай. Тэндээ нутгийн ахмадууд, залуучууд бүгдээрээ нийлээд мандалин дээр тоглоод  “Учиртай гурван толгой” дуурийг тавьж байсан л юм даа. 

-Мандалинтай юу даа?
-Тийм ээ. Манай багш голлон зохион байгуулаад дуурь тавьж байсан. Тэр хүнд амьдрал дунд бие биенээ дэмжээд, гутрахгүйгээр сайхан амьдарч чадаж байсан улсууд шүү манайхан. Би өөрөө хоёр нүдээрээ харж байсан. ер нь сайхан эвдрээгүй ард түмэн гэдэг чинь ямар ч бэрхшээлийг даваад амьдарч чаддаг гэдгийг л тэгж харсан даа. 

-Фронтод тусламж илгээх том аян явж байсан гэдэг. Та тэр үйл явдлын зах зухаас мэдэх үү?

-Мэдэлгүй дээ. Манайхаас, манай хамаатан садан айлуудаас бол нийлээд маш олон адуу тусламжинд өгсөн. Фронтод морь бэлэглэе ээ гэхээр нутгийн иргэд чинь хамаг олигтой сайнаасаа сорчилж авчирч өгнө. Бүгдээрээ ч тийм байгаагүй л байх л даа. Гэхдээ л олонх нь тийм л байсан. Бүгдээрээ л шилж сонгож бариад л хөтлөөд давхиад ирдэг. 

-Тэгээд хойш нь хөлөөр нь л тууна биз дээ?
-Туугаад л фронт руу явна шүү дээ. Тууварчид гаргаад л зохион байгуулаад явуулдаг. Яг фронт дээр монголын маш олон морь ашиглагдсан гэдэг юм шүү дээ. Морин цэрэгт ч очсон байх. Зэвсэг хэрэгсэл зөөх барих тэр олон ажилд ч монгол морьд явсан. Намайг Төлөвлөгөөний комисст ажиллаж байхад ЗХУ-ын төлөвлөгөөий хорооноос манайд Абромов гэж хүн мэргэжилтнээр ирж олон жил ажиллаад буцсан. Долоо найман жил монголд ажилласан. Тэр хүн яг дайнд оролцож явсан хүн. Ленинградын хүн л дээ. Дайны бүх жилүүдэд европт байлдаад хамгийн сүүлд Унгарт дайн дуусгаад тэндээсээ шууд манайд ирсэн. Тэр хүн надад ярьж байсан юм. Монголын морь үнэхээр гайхамшигтай шүү гэж. Жижигхэн биетэй, хүч тэнхээ маш ихтэй. Өвс тэжээлгүй ч байсан зүтгээд л байдаг, ёстой жинхэнэ морьд шүү. Манай фронтод танай монголын морьд маш их тус болсон шүү гэж.

-Та ЗХУ-д очиж сурахыг их мөрөөдөж байв уу?         
  
-Орос руу сургуульд явах миний туйлын хүсэл байсан. Хэл үзээд бэлдээд л байсан. Моломжамц гуай 1953 онд нэг шалгаж үзээд, чиний орос хэл арай дутуу байна гээд. Дахиж нэг жил орос хэлний бэлтгэл хийлээ. Тэгээд 1954 онд Эрхүүд сургуульд явсан даа. 

-Өөр замналаар явсан бол ямар Содном байх байсан бол. Залуудаа мэргэжилдээ эргэлзэж, хувь заяаныхаа талаар элдвийг бодох үе байдаг байв уу?
-Үгүй. Одоо ч тийм бодол төрдөггүй. Урьд нь ч төрж байгаагүй. Бүр анх ах маань харин намайг дагуулж хот руу ирэхдээ урлагийн сургуульд оруулна гэдэг байсан. Би бас зураг жаахан оролдоно. Бас муугүй дуулчихдаг, лимбэ тоглочихдог тийм хүү байсан л даа. Тэгээд л ах маань урлагийн сургуульд оруулъя гэж бодож авчирсан шиг байгаа юм. Хоёулаа Улаанбаатараар баахан тийм төрлийн сургууль хайж явсан. Тэр үед байгаагүй. Төв театр гэж одоо засгийн газрын ордон байгаа газар байсан. 1946 онд билүү дээ, шатчихсан юм шүү дээ. Бид нар санхүүгийн сургуулиас наашаа гүйлдэж ирж харцгааж байсан юм даг. Тэр төв театр дээр хүртэл очиж ах маань урлагийн сургууль асууж сурж байсан. Тэгээд бүтээгүй. Нагац ах маань санхүүгийн сургууль төгссөн хүн байсан. энэ сайхан сургууль байна. Энд ор гээд л оруулчихсан. 

-Орост очиж сурах болсон нь тухайн үед гайхамшигтай сайхан л явдал биз дээ?         
-Тэгэлгүй яахав. Өдрийн бодол шөнийн зүүд байсан. Сангийн яаманд тэр үед ЗХУ-д төгсөөд ирчихсэн сайхан залуучууд байна. Оросоор ч ярина гэж хачин сайхан. Оросын мэргэжилтнүүдтэй хамт ажиллана. Энэ бүх орчин маань өөрөө намайг хөглөөд байсан. Эрхүүд л очиж сурахын мөрөөс. Хэлээ үзээд л байлаа. 

-Эрхүү явахдаа та хэдтэй байв?
-21-тэй байсан. Орос хэл үзэж байхдаа би хоёр чиглэлээр их ажилласан. Нэгд, орос дуу маш ихс сурсан. Орос дуу дуулаад байхаар үгийн нөөц маш их болж байгаа юм. Хоёрт нь, би орос ном маш их хуулж бичдэг байсан. Нэг хуудсыг гурваас дөрвөн  удаа хуулаад биччихээр дараа нь харахгүйгээр цээжээр биччихдэг болчихдог. Тэр бол маш ихийн нөөцтэй болгоно. Тэгээд л үгүүдээ хүмүүсээс энэ юу гэж байгаа юм гээд асууна. Тэгсээр байгаад давгүй болчихсон. Бэлтгэлгүй шууд сургуульдаа сурсан. 

-Ерэн оноос хойш та юу хийв?

-1990 оноос хойш Газрын тосны газар хэсэг ажилласан. Жил гаруй хугацаанд. Нэлээн үр бүтээлтэй ажиллаж чадсан. Дараа нь Д.Бямбасүрэн намайг зөвлөхөөр ажилла гээд тэнд гурван жил Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. 1992-95 он хүртэл. Миний амьдралын бүх түүх дотроос тэр гурван жил л шал дэмий өнгөрсөн. 

-Шинэ үеийн Засгийн газарт ажилласан тэр үе үү?
-Шинэ хуучиндаа гол нь биш. Ерөнхий сайдын зөвлөх гэсэн нэртэй. Тэнд зөвлөх байх надад нэг л онц биш л байсан. Өөрөө шууд толгой дааж ажил хариуцах юм байхгүй. 

-Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд?
-Эхлээд Д.Бямбасүрэн, дараа нь П.Жасрай байсан. Тэгээд би 1995 онд П.Жасрайд хэлж гараад энэ МАК компанид зөвлөхөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл 18 жил МАК-д би зөвлөхөөр ажиллаж байна. Ийм том айлд, энэ хэмжээний том компанид зөвлөх байх гэдэг бол шал өөр олйголт. Энэ чинь амьд ажил. Асуудлуудаа маш шуурхай шийднэ. Хийсэн ажлынх нь үр дүн дороо гарна. Миний амьдралын энэ 18 жил бол маш сайхан үеүд байлаа. Манай улсын жинхэнэ хийж бүтээдэг залуучуудын нэг хэсэг нь энэ компанид байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн дүнгээр үзэхэд дунджаар 120-140 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж өгч байна. Одоо бол нүүрс нүүрс экспортлох олборлох төсөл хэрэгжүүлж байна. Гурван том төсөл хэрэгжүүлж эхлээд явж байна. Тэрний нэг нь Дорноговь аймгийн нутагт байгаа Цагаан суваргын зэсгийн ордыг ашиглах төсөл. Энэ бол их том төсөл. Эрдэнэтийн хүчин чадлын 60-70 хувийг гаргахуйц тийм том төсөл. 1500 орчим хүн ажилтай болно. Улсын төсөвт зөвхөн Цагаан суваргын төслөөс 150 орчим тэрбум төгрөг орж байх юм. Ийм хэмжээний том төсөл хэрэгжүүлж байгаа компани манай Монголд өөр байхгүй. Хоёр дахь том төсөл бол нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг мөн бариад эхлэчихсэн байгаа. Ирэх онд ашиглалтад орно. Цагаан суварга хэрвээ саадгүй явах юм бол 2015 онд ашиглалтад орно. Цементийн үйлдвэр мөн 2014 онд ашиглатад орчих бололцоотой явж байгаа. Одоо энэ Налайхын урдхан талд хөнгөн бетонын хамгийн орчин үеийн үйлдвэр барьж байна. Германы технологиор. Дорнод аймгийн төвд, адуун чулууны нүүрсний уурхай дээр томоохон судалгаа хийгдэж байна. Нүүрс шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн судалгааны ажлууд юм. Ийм том бүтээн байгуулалт хийж байгаа компанид зөвлөхөөр ажиллах нь нэр төрийн хэрэг юм. Ер нь манай монголчуудын дунд нэг том дутагдал ажиглагдах болжээ. Хийж бүтээж байгаа залуучуудаа ойлгож дэмжих тал дээр маруухан юм. Тэгсэн атлаа хутгаж үймүүлэх, үгүйсгэх тал дээр сүрхий дадаж байх шиг л харагдах юм даа. 

-Ер нь өөрөө юу ч хийдэггүй, ямар ч бүтээмжгүй, чадамжгүй хүмүүс л чалчаа, бусниулж үймүүлэх дуртай улсууд байдаг шүү дээ.  
-Тэр яг үнэн. Энэ бол бидэнд ямар ч хэрэггүй зан. Бид чинь одоо өөрийнхөө компаниудыг болохоор энэ муу золиг баяжиж байна гэж загнаад байдаг. Гадны компани ирээд ажиллахаар энэ золигнууд монголыг мөлжиж байна гэж загнаад байдаг. Тэгээд яах юм гэхээр хариулт өгч чаддаггүй. Ийм л улсууд болж хувирах нь уу даа. 

-Орос орон гэдэг бол таны түүхээ холбосон орон. Одоо Эрхүүдээ очдог уу. Таныг бас орос гэргийтэй гэж сонсч байсан. Та хоёр хэдэн жил амьдарч байна вэ?
-Эрхүүд сурч байгаад яг 1958 онд төгсөхдөө би гэр бүлтэй болсон. Нэг сургуулийн хоёр. Сургуулиа төгсчихөөд, дипломоо авчихаад хоёулаа Эрхүүгийн гэр бүлийн товчоонд очиж бүртгүүлж байсан. Маргааш нь би Улаанбаатар луу, тэр маань алтайн хязгаар луу гэр лүүгээ яваад өгсөн. Славгород гэж жижигхэн хөөрхөн хот байдаг юм. Тэгээд хоёулаа захиагаар харилцаж байгаад ирэх жил нь 1959 онд эхнэр маань ирсэн. Тэр үед чинь бас виз зөвшөөрөл энэ тэр гээд нэлээн ажиллагаатай байсан. 

-Одоо ч гэсэн манайхныг гадны хүүхнүүд нэг их тоодоггүй юм шиг санагддаг. Та бол их л гоё залуу байж л дээ?
-За, тэр нь ямар байдаг юм бол доо. Оросын нэг сансрын нисгэгч Леонов эртээдхэн телевизээр ярьж сууна лээ. Нэг үсчин дээр байв уу даа. Тэгээд наргиад хэлж байна. Уг нь би чинь залуу ч байлаа. Гоё ч байлаа. Одоо зөвхөн гоё нь л үлдсэн гээд хөхөрч байна лээ. Би бас тэрнийг дагаад хэлчихмээр санагдаж байна. Нээрээ би чинь урьд нь залуу ч байж. Гоё ч байж. Одоо гоё нь л үлдсэн дээ гээд нэг хэлчихдэг ч юм билүү. (инээв) 

-Социализмын тэр үед манай сэхээтнүүд орос эхнэр их авдаг байсан юм шиг байгаа юм. Гэхдээ зарим нь амьдралын ээдрээнд буцсан, энд идээшиж зохицоогүй тохиолдлууд олон дуулддаг. Таны эхнэрийг их монголжсон, бараг монгол эмэгтэй шиг болсон гэх юм билээ?
-Миний Вера маань 1959 онд монголд ирсэн. Нэг ч монгол үг байхгүй хүн л байсан. Гэхдээ л хоёулаа энд амьдралаа зохионо, насан туршдаа хамт байна гэж шулуудаад л ирсэн. Ирээд л шууд миний ижийтэй хамт гурвуулаа цуг амьдарсан даа. Миний ижийг бол яг л өөрийнхөө ижий шиг, надаас бол хамаагүй илүү л асарсан. Ижий маань 1973 онд өөд болсон. Верагийн маань ижий 1983 онд нас барсан. Верагийн маань ижий монголд гурван ч удаа ирсэн. Хоёр ижий маань аль аль нь хэл мэдэхгүй. Нэг нь монголоор ярихгүй, нөгөө нь оросоор ярихгүй. Тэгсэн хэрнээ ойлголцоод л байдаг байсан даа. Манай хүүхдүүд тэр хоёрт хооронд нь орчуулж өгнө. Заримдаа нөгөөдүүл гүйлдээд алга болчихно. Хоёулханаа үлдчихсэн, тэгсэн мөртөө дохиогоор яриад хөхрөлдөөд л сууж байдаг байсан. Ер нь л болох болохгүй нь гэсэн асуудал бидний амьдралд гараагүй дээ. 

-Таны гэргий  ямар ажил хийж байв?
-Улаанбаатар төмөр замд анх ирээд л ажилд орсон. Тэгээд 1993 он  хүртэл байна уу, даа  тасралтгүй тэндээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай Вера монгол хэлээр сайн ярина. Бүр сүүлийн үеийн ярианд хэрэглэгддэг үгээр ч ярина. Монголыг бол маш сайн мэднэ. Тэр минь миний амьдралын утга учир байсан. Жил гаруйн өмнө Верагаа алдчихлаа. Тэр минь бурханы оронд одож, би гэдэг хүн хэдэн хүүхдүүдтэйгээ л байж байна даа.  

-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Хоёр. За, одоо яриаг дуусгая даа. 

-Ганцхан асуулт. Шинэ төр гарч ирсний дараа тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж та бүхнийг нэлээн удаан шалгасан. Ж.Батмөнх гуай та хоёрыг прокурорын үүдэнд сууж байдаг байсан гэж дуулж байсан. Энэ тухай та юу хэлэх бол?
-Ерэн оны хувьсгалыг чинь одоо ер нь оготны хамраас ч цус гаргалгүй хийж чадсан гэж бид их ярьдаг. Тэр үнээн. Үнэхээр тэгж хийж чадсан. Цус гаргачихгүй байх тийм сэтгэл зүрх нийт монголчуудад өөрт нь байсан гэж би боддог. Яг тэр өлсгөлөн зарлаад л, засаг төрийг эсэргүүцсэн хөдөлгөөн үүсээд эхлэхэд бидний дотор бол хүч хэрэглэх, эсэргүүцэх санаа бодолтой нэг ч хүн байгаагүй. Ерөөсөө тайван замаар төр засгийн бүх эрх мэдлийг залуучууддаа өгье, тэрний төлөө чадах бүхнээ хийе гэсэн л санаа бодолтой байсан. Албан тушаал, эрх мэдлийн төлөө үхтлээ тэмцэлдэх хүмүүжил манай тэр үеийн удирдлагуудад ер нь байгаагүй юм шүү дээ. Нэгэнд нь ч байгаагүй. Бид бол хатуу ойлгож байсан. Хуучин системийнхээ онол номоор цаашаа ер нь явах явцгүй болжээ. Өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг хатуу ойлгосон байсан. Зөрүү бол байсан. залуучууд ч өөрчилнө, шинэчлэнэ гэж байсан. Бид ч дэмжиж байсан. Гагцхүү бид бол аажмаар, алхам алхмаар шилжиж өөрчлөлтийг хийе гэсэн. Залуучууд бол нэг л цохилтоор эргүүлнэ гэсэн. Улс төрийн өөрчлөлтийг ч, эдийг засгийн өөрчлөлтийг ч нэг л дайралтаар хийнэ гэсэн. Зөрүү бол тэнд л байсан. Тэгсэн ч бид төрийн эрхийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр л гаргасан. Тийм ч учраас ямар нэгэн хүч хэрэглэх тийм асуудал гараагүй. Тэгэхээр оготнын хамраас ч цус гаргалгүй хийсэн энэ үйл хэргийн суурь нь хоёр талаасаа тавигдсан зүйл л дээ. Тэр үед энэ залуучуудад “Та нар хуучин удирдлагуудаа шүүхээр шүү” гэсэн шахалт бас их ирж байсан юм шиг билээ. Саяхан ч би нэг хүний ярилцлагыг уншсан. Ер нь буруу эргэвэл хууччуулаа дээр үеийнх шиг буудах ч юм руу оруулах санагалзал явж байсан байж магадгүй. Гэвч манай залуучууд тэгж буруу эргүүлэлгүй гарч явж чадсан. Тэр ятгаж байсан хүмүүсийн үгэнд бол ороогүй. Тэднээсээ бушуухан хөндийрсөн байгаа юм. 

-Прокурорын газар та нарыг байцааж байсан. Танаас жишээ нь юу гэж асуух вэ?
-Огцорсны дараагаас л Улс төрийн товчоонд байсан бүх өвгөцүүлийг чинь хоёр жил хэртээ хугацааны турш байцаасан шүү дээ. Тэр бол манай МАХН-ын л удирдлагад шинээр гарч ирсэн хүмүүсийн санаачлагаар тийм байцаалт явагдсан юм билээ. Биднийг чинь аваачаад л байцаагаад байсан. Тийм л явуулга байсан юм билээ л дээ. Намайг бол хоёр л юмаар буруутгаж байцааж байсан. Нэг нь бол Ю.Цэдэнбал гуайн хувийн хадгаламжийн мөнгийг орос руу шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн гэж. Хоёр дахь нь бол таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон гэж. Ийм хоёр юмаар л намайг байцаагаад байсан. 

-Хүний хувийн хадгаламжийг шилжүүлэх нь зүйн хэрэг биз дээ. Өрөвдмөөр л бага мөнгө байсан гэдэг юм билээ. Ер нь хэд байсан юм бэ?              
-Нэг сая төгрөгний хадгаламж л байсан юм. Тэр үед бол их мөнгө. Би бол намайг байцааж байсан байцаагчид хэлж байсан. За, Ю.Цэдэнбал даргын хувийн хадгаламжний мөнгийг гуйвуулж өгөхийг зөвшөөрсөн гэдэг асуудлаар намайг буруутгавал ийм шийдвэр гаргасан шүүх өөрөө буруутан болно шүү гэж. Яагаад гэвэл хуулиар Төр хүний хувийн өмчид халдах, хураах тийм эрх байхгүй. Наад мөнгө чинь Ю.Цэдэнбал гуайн 40 жил энэ Төрд зүтгэхдээ хуримтлуулсан цалин хангамж нь байгаа юм. Энэ хүн нэгэнт Москвад амьдрах болчихсон учраас одоо энэ мөнгөө авч амьдралаа залгуулъяа гэхэд нь тэрнийг нь зөвшөөрөхгүй байх ёс суртахууны эрх бидэнд байхгүй. Хоёрдугаарт, улсад ямар хохирол гарсан юм бэ. Энэ хүний хадгаламжийг шилжүүлснээрээ улсад ямар ч хохирол байхгүй шүү дээ гэж би мэдүүлж байсан. Намайг буруутгасан нөгөө асуудал нь тусгай тэтгэвэрийн асуудал. Тэр үед үйлчилж байсан тэтгэвэрийн тухай хууль байгаа юм. Тэр хуулийн 61 дүгээр зүйлд тусгай тэтгэвэр байна. Тусгай тэтгэвэрийг хэнд олгох болоод хэмжээ ямар байхыг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг. Энэ хуулийн дагуу л би Ерөнхий сайд байхдаа таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон. Их мөнгө ч биш шүү дээ. Хамгийн дээд талын тэтгэвэр бол 1200 төгрөг байсан. Энэ тусгай тэтгэвэр бол 1400 төгрөгөөр л тогтоосон юм. 

-Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай эд нар л биз дээ?

-Үгүй ээ. Өөр улсууд байсан юм. Ийм хоёр юмаар намайг хоёр жил байцаасан. Энийгээ л асуудаг. Би хэлдгээ л хэлдэг. 

-Гэр орныг тань битүүмжилж, өмч хөрөнгө хураасан юм гарсан уу?
-Гэр оронд баахан сүртэй амьтад орж ирж зураг мураг авч, бүх юмыг бүгдийг нь тоолж данслаад, зарж болохгүй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулж аваад явсан ш дээ. Хөгшин бид хоёр л гэртээ байсан. Хүүхдүүд байгаагүй. Хэдэн муу хуучин  мебель, хөргөгчин дээр юм наагаад битүүмжлээд ч яах юм билээ. Бид бол гэхдээ огт цочирдоогүй. Миний хадгаламжинд 25 мянган төгрөг байсан. Би чинь тэтгэвэртээ гараагүй байсан. Нөгөөхөө авч амьдармаар байдаг. Авах гэтэл прокурор битүүмжилсэн гээд өгдөггүй. Ингээд байж байтал нөгөө 20 дугаар тогтоол нь гараад бүр навс унаад өнгөрсөн. 

-Ю.Цэдэнбал гуайтай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ю.Цэдэнбал дарга бол Монголын Төрд бүх насаараа зүтгэсэн, асар их гавъяатай хүн. Тэрнийг яаж ч үгүйсгэх гээд нэмэр байхгүй. Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэлж баршгүй гавъяа байгуулсан хүн. Би Москвад байхад нь нэг удаа очсон л доо. Ярьж хөөрч сууцгаасан. Ухаан санаа нь ч гайгүй байсан. ер нь бол юмаа их мартдаг болчихсон байсан. Тэр чинь бол бүр 1984 онд л тийм болчихсон байсан юм ш дээ.  

-Анастасия Ивановна бол нэлээн гомдолтой байв уу?

-Маш их. Тэгж л нэг уулзалдсан даа. 

Монгол Төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Думаагийн Содном гэх энэ сүрлэг эрхэмтэй ийн хөөрөлдлөө. Түүний түүх бол монгол орны туулж ирсэн түүх юм. Бидний өсч өндийсөн тэр нийгмийг цогцлоохын төлөө эдгээр буурлууд амьдрал тэмцлээ зориулсан юм. Өнөөдөр 80 насныхаа ойг тэмдэглэж байгаа Д.Содном гуайдаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, урт удаан насалж, эрүүл энх явахын өлзийт ерөөлийг дамжуулъя.

Sunday, 23 June 2013

Авлигын төлбөрийг бид 2.9 саяулаа төлж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн С.Баярцогтод АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлчихлээ. Ардчилсан намын баригддаггүй авилгачдын нэг нь ч гэсэн баригдлаа гэх хүн олон байх шиг байна. Өмнө нь шалгагдаж байсан Г.Дэнзэнгийн хэрэг юу болсон бэ?
-Дэнзэнгийн хувьд албан тушаалаа урвуулан ашигласан байна гэж үзвэл АТГ шалгана. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага тодорхой үйл ажиллагааг нь шалгасан. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх, тэр баримт бичигт өөрчлөлт оруулсан эсэх дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн хараахан эцэслэж гараагүй байна. Нэр солигдсон эсэх, нөгөө олон Уянгаануудыг олж зарим нэг хүнээс мэдүүлэг авах ажил жаахан удаашралтай байгаа. Гэхдээ энэ асуудлыг шалгаж дуусгах ёстой. Хууль зүйн яамны харьяа бүртгэлийн байгуулла дээр ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа байдаг уу гэдгийг мухарлах ёстой. Үүнийг зөвхөн нэг албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой хэрэг гэж үзэхгүй. Цаашид эд хөрөнгөтэй, компаниудтай холбоотой ийм маргаан гарахад бүртгэлийн байгууллагаас болж буруудах, бүртгэлийн байгууллага хууль зөрчсөнөөс болж эд хөрөнгийн маргаан даамжрах асуудал гарч болохгүй. Тэгвэл иргэд бүртгэлийн байгууллагад итгэхгүй болно. Бүртгэлийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нураахгүйн тулд бид хэн нэг албан тушаалтны гар хөлийн үзүүрээр бүртгэлийн баримт бичигт дураараа засвар ордог асуудал байгаа эсэхийг шалгаж нягтална. Шалгалтын үр дүнгээр энэ нь тогтоогдох юм бол холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл хуулийн дагуу, харьяаллын дагуу шалгах эрх бүхий байгууллагууд нь шалгаад явна.

-Г.Дэнзэн бүртгэлийн байгууллагад ажилладаггүй юм чинь албан тушаалаа ашигласан гэж үзэх аргагүй юм биш үү?
-Бүртгэлийн байгууллагын албан тушаалтан биш учраас энэ асуудал дээр ямар оролцоотой байсныг нь тогтоож л асуудал яригдана. Хэрвээ төрийн албан хаагч хуулийн дагуу, зохих ёсоор ажлаа хийж байхад хэн нэгэн албан тушаалтан өөрийнхөө албаны нэр сүрээр нөлөөлсөн, дарамталсан, шахсан байх юм бол энэ нь өөрөө авлигын эсрэг хуулиар хориотой зүйл. Албан тушаалаасаа өөрчлөгдөх хүртэл хариуцлагатай тийм үйлдэл. Энэ үйлдэл нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ одоогоор эцэслэгдэж тогтоогдоогүй байгаа учраас хэн нэг нь буруутай гэж шууд хэлэхгүй. Хэргийн шалгалт явагдаж байгаа. Бүртгэлийн байгууллага өөрөө Хууль зүйн яамны харьяанд байдаг учраас би Хууль зүйн сайдын хувьд энэ асуудал дээр илүү эмзэг хандаж байгаа. Миний хариуцаж байгаа салбарт ийм асуудал гарч байгаа бол гэм буруутай этгээд аль нам байхаас үл шалтгаалаад асуудлыг эцэслэн шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай.

-Дэнзэнгийн хувьд үйлдэл тодорхой юм байна. С.Баярцогт дээр тийм юм байхгүй биз дээ? Тийм байхад өмнө шалгасан хэргээ яагаад дахин шалгах болсон юм бол?
-С.Баярцогт дээр бол тодорхой болсон үйлдэл нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн эзэмшилд байгаа дансаа мэдүүлээгүй гэдэг асуудал байгаа. Энэ нь өөрөө Авлигын эсрэг хууль болон Сонирхлын зөрчлийн хуулийн “хувийн сонирхол, хөрөнгө орлогоо зөв мэдүүлэх” гэдэг үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл. Тодорхой дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдэг бол хуулийн зөрчил. Энэ зөрчилтэй нь холбоотой асуудлыг АТГ шалгаад эцэслэчихсэн. Өөрөө “Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой” гээд УИХ-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгээд өгчихсөн. Гэвч тэр дансанд байсан мөнгө өөрөө ямар мөнгө байсан бэ гэдэг олон нийтийн хардалт байна. Бас зарим иргэдийн гомдол байх шиг байгаа юм. Тийм учраас тэр мөнгө нь ХОМ-т нь мэдүүлэгдсэн хууль ёсны орлого байсан уу, эсвэл хуулиас гадуур орлого байсан уу гэдгийг шалгах шалгалт нь одоо явж байгаа байх. 
Дансаа мэдүүлээгүй зөрчил өмнөх УИХ-ын үед ч гэсэн цөөнгүй гишүүн дээр гарч, тухай бүрд нь тэр зөрчлийг нь арилгуулаад, сануулаад явж байсан практик бий. Тэр дансанд их хэмжээний мөнгө байгаа бол харин асуудал үүснэ. 2012 онд батлагдсан Эрүүгийн хуулийн “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг заалт байгаа. Мэдүүлээгүй дансанд нь их хэмжээний мөнгө байгаад тэр мөнгөний эх үүсвэрийг нь тухайн албан тушаалтан тайлбарлаж чадахгүй бол түүнийг нь “авлигын улмаас олсон байж болзошгүй” гэж үзэж, эрүүгийн хэрэгт татдаг шинэ хуулийн тогтолцоо 2012 оноос бий болсон.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?
-Одоогоор Ё.Отгонбаяр гэдэг хүнтэй холбоотой тодорхой шалгалтууд бол хийгдэж байгаа. Тэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, үгүй юу гэдэг дээр хуулийн байгууллагууд өөрсдөө, тэр дундаа прокурорын байгууллага илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Хэд хэдэн хэрэгт хамааруулан шалгалтууд хийгдэж байгаа.

-Ё.Отгонбаяр гэдэг хүний өөрийгөө, бас эхнэрийгээ “Улс төрийн золиос болчихлоо” гэж телевизээр мэдэгдэл хийж, твиттер хуудсаараа цацаж, нэлээд дуулиан болгосон шүү дээ. Ямар эх сурвалжаар түүнийг анх шалгах болсон юм бэ?
-Хууль зүйн сайд дээр өглөө болгон шинээр гарсан гэмт хэргийн тухай ерөнхий мэдээллүүд орж ирдэг. Энэ оны хавар, гуравдугаар сарын сүүлээр гэгээн цагаан өдрөөр Энхтайвны гүүрэн дээр хэсэг хүн нэг хүний машиныг хүч хэрэглэн зогсоож, өөрийг нь боомилон мөнгө нэхээд, машиныг нь дээрэмдэж авч явсан тухай гомдол ирсэн, тэр хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн. Улаанбаатар хотын гудамж байтугай Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч өнцөгт хэн нэгэн хүн хэн нэгэн хүнийг дээрэмдэх, мөнгө нэхэх үйлдэл байж болохгүй. Гэмт хэргийн ертөнцөд нэр нөлөөтэй, түүгээрээ айлган сүрдүүлж бизнесийнхнийг дарамталдаг, татвар хураадаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг үйлдэл байж болохгүй. Ц.Нямдорж сайдын үед хамгийн их гайхуулж ярьдаг зүйл бол тэр шүү дээ, ийм бүлэглэлүүд үгүй болсон гэдэг. Гэтэл тэр бүлэглэл Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад сэргэж болохгүй. Тийм учраас энэ хэргийг нягталж шалгаад, хариуцлага тооцоод , асуудлыг цэгцэл. Дахиж ийм гэмт хэрэг гарсан тухай би сонсохыг хүсэхгүй байгаа шүү гэдэг байдлаар цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн.
Тодорхой хугацааны дараа цагдаагийн байгууллага үр дүнгээ танилцуулахдаа надад гурван зүйлийг онцолсон. Нэхсэн мөнгө нь авлигатай холбоотой юм байна. Өмнө нь сайд байсан хүнтэй холбоотой тодорхой тендер, байшин сав хүлээж авахтай холбогдуулан хувь нэхсэн гэж ярьж байна. 230 сая төгрөг нэхэж зодсон, машиныг нь дээрэмдсэн хүмүүсийн нэг нь сайд байсан хүний багын найз бөгөөд тэднээр дамжуулан сайдтай хэд хэдэн удаа уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэр мөнгийг хий гэж өгсөн дансны дугаар нь сайд байсан хүний эхнэрийнх байна. Энэ эмэгтэйн нэр дээр одоо тогтоогдоод байгаа нь 26 данс байна. Тэдгээр дансаар маш их хэмжээний мөнгө орж гарсан бүртгэл байна, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд дээрмийн хэрэг маань албан тушаалын болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбоотой болоод явчихсан. Ямар ч тохиолдолд шалгаж нягтал гэдэг үүргийг л би цагдаа нартаа өгсөн. Их олон хэрэг нийлсэн ийм л хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

-Ё.Отгонбаяр гишүүн эхнэрээ баривчлагдсаны дараа энэ хэргийг Ерөнхийлөгийн сонгуультай холбож нэлээд дайралт хийсэн. Одоо тэгээд хуулийн дагуу мэдүүлэг энэ тэрээ өгдөг юм болов уу?
-Мэдэхгүй. Ямар ч байсан хуулийн байгууллага хуулийн дагуу шалгалтуудаа нарийвчилж явуулна. Тэр нь сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, аль нам байхаас үл шалтгаалаад хууль сахиулагчид нотлогдож байгаа баримт, шалгагдах эх үүсвэрүүд рүүгээ л очиж шалгалтаа хийдэг. Баримтаар нотлогдохгүй бол шүүхэд хэн нэгнийг аваачиж, гэм буруугийн асуудал ярихгүй шүү дээ. Хуулийн байгууллага зөвхөн баримтыг л дагана. Түүнээс биш хар таамаг, хувийн үзэл бодлыг дагахгүй. Ямар ч байсан Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа, хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийг өрнүүлж байгаа энэ тохиолдолд хэн нэгнийг хэлмэгдүүлдэг хуулийн тогтолцоо руу явуулахгүй. Улс төрийн шалтгаантай байж магадгүй гэдэг үзлээр хуулийн байгууллагын хэвийн ажиллахад дарамт шахалт үзүүлэх боломж, нөхцөлийг бас олгохгүй.

-Саяхан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар бас гадаадаас ирээд баривчлагдсан. Тэр үед бас л “Улс төрийн шалтгаантай битгий байгаасай” гэдэг үг унагаад амжсан. Сонгууль дөхчихсөн байсан учраас тэр байх. Гэвч сайф алдагдсан үе, хэргийг шалгаж эхэлсэн цаг мөч бас л эртнийх биз дээ?
-Сейф алдагдсан, олсон үйл явдал бол бараг жил хагасын өмнөх явдал шүү дээ. Яагаад шалгахгүй орхисон, нуусан гэдэг нь дараа дэлгэрэнгүй мэдээлэгдэх байх. Ямар ч байсан хэн нэгэн өндөр албан тушаалтны гэрээс сейф алдагдаад, дараа нь хог дээрээс тэр нь олдоод, тэнд нь их хэмжээний мөнгө байхад тэр нь ямар эх үүсвэртэй мөнгө вэ гэдгийг шалгахгүйгээр орхиж байна гэдэг бол хуулийн байгууллагад өөрт нь асуудал байгаагийнх.

-Хохирогч нь гомдол гаргаагүй юм уу?
-Анх сейф алдагдсан асуудлаар цагдаад гомдол гаргаад, дараа нь сейфээ олсон учраас дуугүй өнгөрөөчихье гэдэг байдлаар шалгуулахгүй орхих хүсэлт тавьсан юм билээ. Гэхдээ л хуулийн байгууллага сэжигтэй зүйлүүдийг шалгахаас өөр аргагүй. Тэгээд шалгалтууд явагдаад, асуудал сөхөгдсөн. Ний нуугүй хэлэхэд би өөрөө ч бухимдмаар зүйлүүд гарч л байна. Саяхан хүүхдийн баярын өмнө Баянгол дүүрэгт нөгөө хэл амтай гишүүний нэг тэр бумаар хүүхдийн эмнэлгээ ашиглалтад оруулсан. Тэр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгөх гээд явж байхад эмч нарын зүгээс нэг гомдол маш их ирдэг байсан. Сүүлийн үеийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд үнэхээр чанаргүй байна. 2-3 сар болоод эвдэрч байна, зарим тоног төхөөрөмж хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээг эмч нар нүцгэн гараараа үзүүлж байна шүү гэж. Тэр тендер, бүх юм нь Эрүүл мэндийн яаман дээр л зарлагдаж байгаа шүү дээ. Сая эмнэлгээ нээсэн чинь хүүхдийн эмнэлэгийн эмч нар бас хэлж байна лээ. “Манай эмнэлэгт суурилуулсан тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд нэг, хоёрхон хувийн эмнэлэгт байдаг чанартай тоног төхөөрөмж байна” гэж байна. Би бусад эмнэлэгт төсөвлөдөг, тоног төхөөрөмжөө худалдаж авдаг тэр хэмжээнд нь л мөнгийг нь төсөвлөсөн. Тэгэхэд чанарын зөрүү яагаад ийм хол байгаа юм. Миний дургүй хүрээд байгаа гол шалтгаан тэр байхгүй юу. Эрүүл мэндийн салбарт, иргэдийнхээ эрүүл мэндэд зориулах ёстой мөнгийг хулгайлаад, сейфлээд, хүүхдийнхээ гэрт нуугаад, тэр нь хог дээрээс олддож байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь ганц Тэмүүжингийн асуудал биш, Монгол Улсад амьдарч байгаа 2,9 сая хүний асуудал болж байна. Сумын төвд ч бай, Улаанбаатарт, дүүргийн эмнэлэгт ч бай иргэд чанартай тоног төхөөрөмжөөр эмчилгээ үйлчилгээ авах ёстой. Гэтэл тэрнийх нь тодорхой хэсгийг авлигачид, албан тушаалтнууд тендерийн арав, хорин хувь гэж нэхэж авчихаад үлдсэнээр нь нөгөө компаниуд нь шаардлага хангахгүй хог авчираад хаячихаж байна. Яг үнэндээ энэ авлига гэдэг юмны төлбөрийг бид хоёр сая есөн зуун мянгуулаа эрүүл мэндээрээ төлж байна. Авах ёстой байсан боловсрол, аюулгүй байдлаараа төлж байна. Баянгол дүүрэгт барьсан хүүхдийн эмнэлгийг дахиад арвыг барих байсан мөнгийг нэг татварын байцаагч хулгайлчихаж байна.

-Эмнэлэг 1,5 тэрбумаар боссон гэлүү?
-Тийм. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн үед гишүүний тэрбум гэж байсан. Тэр тэрбум төгрөг, Д.Энхбат гишүүний 500 сая төгрөгөөр л боссон эмнэлэг шүү дээ. Албан тушаал, авлигын хэргийг ингэж хазаарлаж авах нь нэг талаасаа нийтийн өмчийг нийтийн ашиг сонирхол руу очих бололцоог нь олгож байна. Нөгөө талаасаа алдагдсан боломжоо буцааж олж авч байна. Авлигатай тэмцэнэ гэдэг зүгээр   нэг албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээсээ илүү авлигын улмаас алдагдсан мөнгүүдийг буцааж олж ирэх явдал. Жишээ нь Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлын үйлчилгээг сайжруулна гээд цагдаагийн хэсэг барих гэхэд мөнгө олддоггүй. Гэтэл хотыг бүхэлд нь аюулгүй болгох хэмжээний цагдаагийн үйлчилгээг сайжруулах мөнгийг нэг авлигач л идээд уучихсан байгаа байхгүй юу. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян “Манай хошууны бузрыг ухвал дуусахгүй” гэдэг шиг энэ улс орны дампуурсан, авлигачдын ууж идэснийг ухвал барагдах шинж алга байна даа.

-“Эрдэнэт” үйлдвэр лүү нэлээд эртнээс л шалтгалт орох гэж байна, орж байна, аудит хийж байна гэсэн сураг гараад байсан. Үүний үр дүн юу болсон бэ?
-Бас л сонгуультай холбоотой гэж хэлэх байх л даа. Тийм болохоор энэ сонгуулийг нь дуусгаад шалгалтын дүнг танилцуулах хэрэгтэй болох байх. Монгол Улсыг тэжээж явдаг ганц үйлдвэрийн нэрээр нэг хувийн компанид баталгаа гаргаад, маш их хэмжээний долларын зээл аваад явчихсан, тэрийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байгаа дүр зураг байна. Мөнгөн дүнг нь сонсох юм бол Монгол Улсад оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтны үзэгний үзүүр, хувийн сонирхлоор явчихаж байна гэж бодохоор харамсмаар.

-“Эрдэнэт” үйлдвэр хэдэн жил сараар баяжмалаа нийлүүлж байж тэр өрнөөс гарах бол?
-Мэдэхгүй.

-Авлигын улмаас алдагдсан мөнгө одоо тогтоогдоод байгаа нь 57 тэрбум төгрөг. Түгээр 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих хэмжээний мөнгө байна гэдэг тооцоог зарим хүн хийсэн байна лээ. Тэрнээс гадна энэ нийгмийн оюун санааг тэр хэрээр хордуулж, хохирол учруулж байгаа юм биш үү? Сая жишээ нь авлигын хэргээр олон хүмүүс зэрэг зэрэг шалгагдаад ирэхээр “МАН ганцаараа хулгайч юм уу, АН ч гэсэн адилхан хулгайчтай шүү дээ” ч гэх шиг барьцаад л. Хулгайч нартаа дасал болчихоод, баригдлаа гэж баярлах хүн ч ховор болоод байгаа юм биш үү?
-Албан тушаалаараа амьдардаг авлигачдад өөрсдийгөө өмгөөлөх үндэслэл угаасаа байхгүй. Ганц гаргаж ирж байгаа үндэслэл нь барьцаж чадаж л байгаа юм. Тийм болохоор “уучлаарай” гэж хэлэхээс өөр үг алга. Авлигын гэмт хэрэгт намын харьяалал гэж юм байхгүй. Ард түмний хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ууж идэж байгаа нөхдүүдэд гэмт хэрэгтэн үү, гэмт хэрэгтэн биш үү гэдэг л ангилал байхаас биш аль нь аль намын гэмт хэрэгтэн бэ гэдэг ангилал байхгүй. Тийм болохоор одоо илрээд байгаа энэ хэргүүд дотор аль ч нам бус нөхдүүдийн ч ууж идсэн хэргүүд байна. Завсарт нь Ардчилсан намынхан ч бас орж ирэх магадлал байж л байна. Гэхдээ хуулиараа л асуудлыг хэмжинэ. Энэ нь энэ нам, тэр нь тэр нам гэдэг хэмжүүр байхгүй. Тийм учраас би авлигачдад нэг л зөвлөгөө өгч байгаа. “Уучлаарай. Та сайн өмгөөлөгч ав аа, асуудал чинь шүүх дээр шийдэгдэнэ” гэж. Гэмт хэргийг гудамжинд, эсвэл телевизын ярилцлага, интернэтийн орчинд, УИХ-ын танхимд биш, шүүхийн танхимд хэлэлцдэг юм.

-МИАТ-ын удирдлагууд мөнгө угаасан хэргээр 10-аас дээш жилийн ял аваад явчихлаа. Гэтэл тэдний нийгэмд учруулсан хохирол яаж төлөгдөх вэ? Өндөр ял өгсөн юм чинь гээд дуусчих уу?
-Битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс нь хурааж аваад төлүүлээд эхэлнэ. Өмнө нь гэмт хэрэгтнүүдийн хувьд ч, олон нийтийн дунд ч шоронд явчихаар төлбөрөөс чөлөөлөгдчихдөг гэдэг ойлголт байсан юм шиг байна лээ. Үгүй ээ, хуулинд тийм юм байхгүй. Ял шийтгэл гэдэг бол гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хүлээлгэж байгаа хариуцлага. Энэ хариуцлагын хажууд байнга дагалдаж явах ёстой зүйл бол хэрвээ та гэмт хэрэг хийхдээ бусдад хохирол учруулсан бол хохирлоо заавал төлнө гэдэг асуудал. Би шоронд суучихаад гараад ирсэн, одоо надад хохирол хамаагүй гэдэг хууль Монголд байхгүй.

-Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумын хохирол төлөгдөөгүй хэрнээ ялаас чөлөөлөгдчихсөн л явж байгаа биз дээ?
-Хохирлыг нь барагдуулах ажил одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр үргэлжилж байна. Дуусаагүй байгаа. Ц.Чимэдцэрэн гэдэг хүний нэр дээр өмч хөрөнгө олдох л юм бол түүнийг нь хурааж авна. Тийм учраас хохирол барагдуулах гэдэг хохирлоо барагдуулж дуустал нь зогсдоггүй ажил. Би шоронд орчихсон учраас хохирол төлөхгүй гэдэг хуучин буруу ойлголт одоо байхгүй болсон гэсэн үг.

-Нэг талаас АТГ, хуулийн байгууллагууд шударга ажиллаж байна, авлигачидтай тэмцэж байна гэдэг олон нийтийн дэмжлэгийн хажуугаар нөгөө талаас “Зөвхөн нэг намаас бариад байна, нөгөө намынхныг яагаад шалгахгүй байна аа” гэдэг шүүмжлэл бас явдаг. Магадгүй энэ нь Ерөнхий прокурорыг, шүүгчийг, АТГ-ын даргыг ч гэсэн Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдогтой холбоотой байх. Энэ хадлагаас яаж гарах вэ?
-Хардлага бол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэмт хэргийг шалгах явц чинь илэрч байгаа баримт дээрээ л түшиглэнэ үү гэхээс биш “Нэг намаас хэтэрхий олон яваад байна, одоо өөр намаас шалгая” гэдэг субьектив бодлоор явахгүй шүү дээ. Хэрвээ гуравдугаар сарын 20-нд Энхтайвны гүүрэн дээр хүч хэрэглэж, машин дээрэмдсэн хэрэг гараагүй бол Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой энэ хэрэг хэзээ илрэх байсныг би мэдэхгүй. Сонгууль болж байгаа учраас энэ хэргийг шалгаж болохгүй, эсвэл сонгууль болж байгаа учраас илүү хурдан шалгах ёстой гэдэг чиглэл өгч бас болохгүй. Би бол нэг л зарчим барьж байгаа. Хууль зүйн сайд хуулийн байгууллагыг хэвийн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Тэр дэмжлэг нь юу вэ гэвэл нэгдүгээрт хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Хоёрдугаарт, санхүү, эдийн засгийн баталгааг нь сайжруулах ёстой. Гуравдугаарт боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, хэрэг мөрдөөд сууж байгаа хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Хууль зүйн сайд авлигатай тэмцэнэ гэж итгэлтэй хэлэхгүй бол авлигын хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нар яаж зоригтой ажиллах юм бэ.
Ний нуугүй хэлэхэд өмнө нь цагдаагийн байгууллага, хуулийн байгууллага дотор гэмт хэргийн тухай мэдээлэл ороод ирэхээр алба хаагчид нь “Энэ гэмт хэргийг шалгах ёстой юу, үгүй юу?”, “Нийтэд мэдээлэх ёстой юу, үгүй юу” гэдэгт эргэлздэг, болгоомжилдог байсан. Яагаад гэвэл хуулийн дагуу хэргээ шалгаад эхлэхээр нэг дарга нь орж ирээд “Чи хэн болчихоод хэний хэргийг шалгаад байгаа юм” гээд шалгалтыг нь зогсоодог, олон нийтэд мэдээлчихээр “Чи мэдээлэх ёсгүй зүйлийг мэдээлчихлээ” гээд дарамталдаг байсан. Яагаад гэвэл нөгөө цагдаагийн дарга руу нь өөр нэг намын дарга утасдаад “Чи яахаараа манай намын хүнийг шалгадаг юм”, “Чи яахаараа манай найзыг барьдаг юм” гэж дарамталдаг байсан. Одоо бол шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн дарамт хуулийн байгууллага руу очих л юм бол тэрнээс нь хамгаалах хуулийн тогтолцоо, Хууль зүйн яам байна. Түүнийг таслан зогсоох улс төрийн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Тийм учраас хуулийн байгууллага ирсэн мэдээллээ нягтлаад хуулийн дагуу хариуцлага тооцоод л явах ёстой. Тэр нь аль намын хэн байх нь ерөөсөө падлий байхгүй. Хуулиараа л асуудлаа шийдүүлнэ. Бид хуулийн засаглалыг бий болгоно гэсэн болохоос биш хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний засаглалыг бий болгохгүй.

-Мартсанаас нэг юмыг асуухад, сонгууль дөхсөний ч гай юм уу. Өнөөдөр гурван нэр дэвшигч маань гурвуулаа авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох тухай яриад хэн нь шударга, хэн нь авлигач вэ гэдэг нь ч танигдахаа больчихлоо...
-Үгүй, сайн л биз дээ. Авлигатай тэмцэх гэдэг зөвхөн Ардчилсан намын ажил биш, аль ч намын асуудал болж байна гэвэл би бол хувьдаа баяртай байна. Ардын намын нэр дэвшигч, МАХН-ын нэр дэвшигч “авлигатай тэмцэнэ” гэж ярьж байна гэж байгаа бол авлига гэдэг зүйлээс салах ёстой гэдэг иргэдийн дуу хоолой, итгэл үнэмшил улстөрчдийн толгойд хатуу оржээ гэсэн үг. Дөрөвхөн жилийн өмнө ямар байсныг эргээд сана л даа. Авлигатай тэмцэх ёстой, хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ёстой гэж хэлэхэд “Монгол Улсад авлига байхгүй, чи хэнийг авлигач гээд байна” гэж уурлаж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө авлигатай тэмцье гэж дуугарч эхэллээ шүү дээ. Дөрөвхөн жилийн өмнө хууль шүүхийн байгууллагыг шинэчлэе гэхэд “Шинэчлээд болчихсон, чи юуг нь өөрчлөх гээд байгаа юм” гэж байсан хүмүүс өнөөдөр “үнэхээр шүүх, хуулийн байгууллагыг өөрчлөх ёстой юм байна” гэж хэлж байгаа нь дэвшил. Гэхдээ улс төрчдийн ой санамж заримдаа их богинохон байх юм даа. Өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад Д.Одбаяр гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга болсоны дараа л Шүүхийн тухай хуулиуд парламентаар хэлэлцэгдэж батлагдсан шүү дээ. 

-Өмнөх дарга нь Б.Бат-Эрдэнэ гишүүн, одоо МАН-аас нэр дэвшигч байсан. Тэр үед та хоёрын дунд нэлээд ширүүн маргаан болдог байсан...?
-Тэр хүн ямар олон шинэчлэл, ямар олон дэвшилттэй санааг намынхаа даалгавраар улдан эсэргүүцэж, адалж хэвтэж байсан билээ. Би бүр тэвчилгүй хэлж байсан. “Хуульч ухаантай юм бол эхлээд наад хуулиа нэг цэгцлээд харчих. Юуг дэмжих, дэмжихгүйгээ эхлээд хэлчих. Би үнэнэдээ таныг хуульч гэж хэлэхээс ч ичиж байна” гэж хэлж байсан. Миний хажууд Д.Лүндээжанцан гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гишүүн байсан. Тэгэхэд Ө.Энхтүвшин гишүүн хажуунаас “Яах нь вэ. Хүнийг ингэж мэргэжлээр нь дорд үзэж болохгүй шүү дээ” гэж байсан. Хууль зүйн байнгын хорооны дарга юм бол ядаж хуульч хүн шиг хуулиа уншиж чаддаг байх хэрэгтэй шүү дээ.

-“Мэргэжлээр нь дорд үзлээ” гэдэг нь үнэндээ бол “мэргэжилгүй хүн шүү дээ” л гэсэн үг байх нь л дээ?
-Г.Совд багш, Б.Чимэд багш хоёр хамт сууж байгаад бас нэг удаа хэлж байсан юм. С.Нарангэрэл багшийг “Аваргыгаа хууль зүйн доктор болгоно оо” гээд дагуулаад гүйгээд байхад нэг нь Б.Бат-Эрдэнэд “Миний хүү, чиний амьдралаар энэ хүн тоглоод байх шиг байна аа. Бүтээлийг чинь үзлээ. Чи хууль зүйн доктор хийгээд хэрэггүй, спортоороо л доктор хий. Хууль гэдэг чинь өөр байдаг юм, энэ хүн ч гэсэн анзаарахгүй байх шиг байна. Хууль зүйн шинжлэх ухааныг ингэж гутаагаад яах вэ, миний хүү. Энэ шинжлэх ухааныг чинь босгох гэж олон хүн хөлс, хөдөлмөрөө зориулсан юм. Энэ олон хүний хөдөлмөрийг ингэж доромжилж болохгүй” гэж. С.Нарангэрэлд нь хэлээд ойлгохгүй болохоор Б.Бат-Эрдэнэд нь хэлж байгаа юм. Б.Бат-Эрдэнэд хаяглаж хэлсэн боловч С.Нарангэрэл багшид давхар хавсарч хэлсэн л үг байсан л даа. “Аварга, аварга” гээд докторын зэрэг өгөх гээд гүйгээд байдаг академич байж болохгүй биз дээ. Энэ хоёр бол буурал шинжлэх ухааныг өмөөрч хэлсэн байхгүй юу. Тэгэхэд Г.Совд багш амьд байсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүний мэдлэг боловсролыг үнэлж цэгнэхгүй. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа энэ хүн намынхаа хүүхэлдэй л болчихсон явж байсан. Цаана нь байгаа “Авлига Монголд байхгүй, шүүх хуулийн байгууллагыг шинэчлэх шаардлагагүй” гэж хэлдэг хүмүүсийнхээ гар хөл болоод гүйж явсан шүү дээ. Тийм учраас миний тэвчээр барагдаад тэгж хэлсэн юм.

-Тэгж хэлэх хүртэл бас нэлээдгүй хугацаа, тэвчээр орсон байх, тийм үү?
-Мэдээжийн хэрэг шүү дээ.    

-Нам нь үнэхээр муухай юм байж, яах вэ. Гэвч хүн нь гайгүй хүн байгаа юм гэх юм билээ шүү дээ, хүмүүс. Намынхан нь ч гэсэн тэгж тооцож нэр дэвшүүлсэн байлгүй?
-Сонгууль болж байхад хэнийгээ юу гэж сурталчлах нь тэдний л хэрэг шүү дээ. Би ч гэсэн аваргынх нь хувьд бол хүндэлдэг: Гэхдээ би барилддаггүй. Тийм байтлаа ”би бөх байна” гээд хажууд нь очоод дэвж шаваад байвал тэд ч гэсэн уурлана биз дээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг битгий доромжил гэнэ биз дээ. Түүнтэй л адилхан. Эргүүлд гарч үзээгүй цагдаагийн хурандаа, хуулийн шинжлэх ухааны тухай “А” ч үгүй хуульч, докторын тухай би ярих дургүй. Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний тухай би яримааргүй байна. Тэр тусмаа хуульчийнх нь тухай бүр яримааргүй байна. Тэгээд “Авлигын эсрэг зогсоно, хууль зүйн шинэчлэлийг дэмжинэ” гэж байгаа бол “Уучлаарай, тэр өрөөнд болсон яриа, тэр үед миний танд хэлсэн хатуу үг одоо ч хэвээрээ байгаа шүү” л гэж хэлнэ.

-Нөгөө талаас тэр хүн МАН руу чиглэсэн хамаг л муу муухайг аваргын нэр нүүрээр хааж, өөр дээрээ хүлээж авч байх шиг байна л даа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хүн өөрөө хүсээд нэр дэвшсэн ч юм билүү, намынхаа хатгаасаар ч ингэж яваа юм билүү, мэдэхгүй шүү дээ...?
-Ардын намдаа ч асуудал байгаа юм уу даа, би бол сайн мэдэхгүй юм байна. Ардын нам дотор бас зөв, сайн хүмүүс байгаа шүү дээ. Асуудлыг ул суурьтай харчихдаг, үнэн голоор нь дүгнэчихдэг хүмүүс энэ намд байгаа. Зүгээр энэ намын нүүр царай, энэ намын гол шийдвэр гаргалтан дээр авлигачид нь ирээд суучихсан учраас л намаа баллаж байгаа юм.

-Тэдний нэг нь ч энэ сонгуулиар ил гарсангүй. Тэгээд энэ хүн ганцаараа “Миний гар цэвэр ээ” гээд яваад байхаар заримдаа өрөвдмөөр ч юм шиг...
-Би ч гэсэн өрөвдөж байна л даа. Авлигачдынхаа өмнө нүүр болчихоод “Би авлигатай тэмцэнэ” гэж хэлж байгаа хүний дотор итгэл үнэмшил, олон зүйл нь юу бодогддог бол гэж би гайхдаг. Магадгүй энэ хэлж байгаа үгнээсээ эргээд айж байгаа ч болов уу гэж боддог.

-Ичиж ч байгаа болов уу?
-Ичих нүүр бол байхгүй ээ. Авлигачдад ичих нүүр байхгүй шүү дээ. Магадгүй хууль үйлчлээд ирэхээр айдас жаахан мэдрэгдэж байх шиг байна.
Б.СЭМҮҮН