Wednesday, 3 July 2013

Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа



-Бид их хурлаараа намыг  төдийгүй  Монголын нийгмийг шинэчлэх тухай 
хэлэлцэх ёстой-
  
МАН-ын Хяналтын хорооны гишүүн Л.Одончимэдтэй намын шинэчлэл, саяхан болж
өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.   

-Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Таныг Б.Бат-Эрдэнэ аваргын сонгуулийн багт орж ажилласан гэж дуулсан. Энэ жилийн сонгуулийн онцлог гэвэл юу хэлмээр байна?
-Ц.Элбэгдорж өнөөдөр төр барьж байгаа Ерөнхийлөгч шиг байя, Б.Бат-Эрдэнэ аварга болохоор жудагтай байж үнэн чанараа үзье гэсэн бодлоготой өрсөлдлөө гэж харагдсан. Дорно дахины Даогийн сургаалаар бол аливаа хүчдэл өөрөө хүчдэлийг үүсгэнэ гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ аварга өрсөлдөгчийн үнэмлэхээ авахдаа л хэл ам хэрүүл шуугиангүй шударга сайхан өрсөлдье гэж уриалсан. Тэр бол аваргын мөн чанар юм. Нөгөө талаар төр, төрийн хяналтын бүх эрхийг барьж байгаа АН-ын өрсөлдөгчийн эсрэг хар пиар хийх гэдэг “салхины өөдөөс сарихтай” адил гэдгийг тооцсон хэрэг. Ерөнхийдөө сонгууль тун амгалан тайван боллоо. Ц.Элбэгдорж ард түмний тавны нэг, сонгуулийн насныхны гуравны нэгийн саналаар Ерөнхийлөгч болж байна. Цаашид хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард түмнээс сонгогдоно гэдэг утга чанараа алдах юм байна. Аварга бол ард түмний хайр хүндлэлийн хэмжээгээр санал авлаа. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй, өөрийн намын суурь оноо гэж байхгүйтэй адил байхад ялснаас өөрцгүй. Ер нь аварга тулдаа л 40 гарсан хувь авлаа гэж хүн бүхэн хэлж байгаа юм. Сонгуулийн явцад манай намынхан дотроос илэрсэн янз бүрийн хэргүүд аваргын хөлөөс тугалга уясан мэт чангаасан. Н.Удвалын хувьд анх удаа эмэгтэй хүн, тэгээд эмч хүн нэр дэвшлээ. Ер нь эмч нарын мэдлэг боловсрол ямар байдаг юм бэ гэдгийг Н.Удвал харуулж чадсан. Одоогийнхоо ерөнхийлөгчид санаж сэдэж, ярьж хэлж байсан зүйлээ үргэлжлүүлэх боломж олгох нь ашигтай гэсэн үзэл санааг сонгогчид илүү дэмжлээ гэж бодогдсон. Аварга харин өөрийнхөө үнэлэмжийг тогтоож мэдсэн нь улс төрчийн хувьд цаашдын зам мөрөө тодруулсан чухал алхам боллоо.

-Танай намынхан их амархан  ялагдлаа хүлээж, “цагаан туг” өргөчих шиг болсон. Сонгууль шударга болсон гэж үзжээ дээ?
-Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг хувь хүн өрсөлддөг, тэгсэн мөртлөө заавал аль нэг намаас нэр дэвшдэг онцлогтой. Аварга бол яг л бөх шиг тахимаа өгч, Элбэгээд баяр хүргэсэн. Харин сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нь намын асуудал. Манай намын дарга нар “За за яамай, ашгүй хоёр яс хагацлаа” гэсэн шиг л хандсан. Цаана нь хугацаа байсан бол өөр хэн нэгнийг, магадгүй өөрсдийгөө ч баллаж мэдэх нь гэж айж эмээсэн юм шиг л харагдсан.

-Юу гэсэн үг үү.  Өрсөлдөгч намынхантайгаа тохирсон гэх гээд байна уу?
-За харин түүнийг чинь мэдэхгүй юм байна. Би бол Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд хоёртой л ойрхон ажилласан. Тэд харин өөрсдийн чадах бүхнээ л хийж байсан. Хардах эрх гэж бий. Гэвч баримтгүй хардлага аюултай. 

-Гэхдээ хэвлэл мэдээллээр  хар пиар гэмээр зүйл гараад л байсан биш үү?

-Өө сэв хайвал өндөгнөөс ч олж болно. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой зүйлийг нийтлэхээс бэргээд, аваргыг муулах сэдэв олдохгүй болохоор бөх хүнээр төр бариулах нь зөв үү гэсэн асуултыг тойрч эргэлдсээр өнгөрсөн. Харин хөндлөнгийн жижиг сажиг жиргээчид хорлонтой санаа шидэж, байдлыг хурцатгаж олз хайсан хярс шиг гүйлдэж байсан. Чоно борооноор гэдэг шиг сонгуулиар жаахан юм олж сурсан тэд харин орлого муутай өнгөрөв бололтой. Шинэ хууль сайн хэрэгжсэн гэж бодож байна.

-МАН-аас ч бас өрсөлдөгчийнхөө эсрэг хар мэдээ материалууд явуулаад  байсан санагдана....
-Түрүүчийн сонуулиас сургамж авсан биз дээ. Нэлээд ноцтой гэмээр баримт худалдах гэсэн зарим нөхдийг буцааж байгаа ажиглагдсан. Сонгууль л болсон хойно яаж зүгээр байхав дээ. Жаахан чимхэж шоглосон материалууд гарч байгаа харагдсан. Хар машинтай уралдаж байгаа хөөрхөн шторкыг санаж байна. Ноцтой юм байгаагүй шүү дээ. Нэлээд үндэслэлтэй гэмээр материал тавья гэхээр хэн нь ч юм нэг  том дарга нь татагалзаад байсан. Ер нь хурцатгахгүй байх бодлого давамгайлсан шүү. 

-МАН-ын сурталчилгаа  өрсөлдөгчөө харлуулах нь давамгайлах шиг л санагдсан даа. Та дотор нь ажиллаж байсан хүний хувьд тэгэж хэлж байгаа бол юу гэхэв дээ. Ингэхэд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал  энэ сонгуульд хэр өрсөлдөгч байж чадав?
-Энд ойлгож ядаад байх зүйл байхгүй. Төрийн бүх өндөрлөгт ажилласан, одоогоор бидний мэдэх удирдагчдаас хамгийн их зүйл хийж бүтээсэн Н.Энхбаяр гэдэг хүнд МАН-ын удирдлага хэрхэн хандсаныг мэдэхгүй хүн байхгүй.  Тэр хүнийг гомдоосныхоо горыг амсаж 2012 оны УИХ-ын, саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар   МАН ялагдлаа. Саяын сонгуулийн нэг онцлог бол МАН, АН гэдэг хоёр томоохон улс төрийн хүчинд хуваагдан талцаж бүх жижгүүд нь хэн нь хэн бэ гэдгээ харуулсан явдал юм. Улс төр гэдэг үнэхээр учир нь олдохгүй адармаатай эд. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан хоёр гэхэд л Н.Энхбаяр руу гүйж байснаа болиод Элбэгээг дэмжиж харагдсан. Нөгөө их уул уурхай, газар шороо ярьдаг Ногоон намынхан Б.Бат-Эрдэнийн эсрэг зогсож байх жишээтэй. Амьдрах арга байнга өөрчлөгддөг юм хойно доо. Ер нь сонгуулиар л хүмүүс танигддаг. Н.Удвалын тухайд Монголын эрчүүдээс илүү жудагтай улс төрч гэдгээ харуулсан.

-Та энэ санаагаараа чухам юу хэлээд байгаа юм?
-Бяруу бух дагаж бэлчээрт хүрнэ гэдэг шиг Н.Энхбаяр даргыг дагаж хоолондоо хүрсэн “Ху” гаралтай намын эрчүүд яасан билээ. Бүгд түүнээс нүүр буруулсан нь үнэн биз дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Шийлэгдамба нар л үлдсэн. Эмэгтэйгээс Н.Удвал. Тэд намын шинэчлэлийн төлөө явсан нөхдөө үгүйсгэж, Н.Энхбаярыг дэндүү гомдоосон МАН-ын удирдлагаас хариугаа авлаа. Манайхан Н.Энхбаяр даргын үйл явдлаас сургамж авч эв нэгдэлтэй болж чадсан бол сүүлчийн хоёр сонгуульд ялагдахгүй байсан.

-Саяын сонгуульд нам нь олигтой ажиллаагүй, аварга нэр хүндээрээ л 40 гаруй хувийн санал авлаа гэж хүн бүхэн ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би, УИХ-ын гишүүн асан Товуусүрэн, Бөхийн холбооны Нямдорж, Данзан нартай хамт аваргын штабт ажилласан. Бас зохиолч Б.Догмид бид хоёр Дорноговь, Говьсүмбэрт явж ажилласан. Манай намаас АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байсан хүмүүстэй ажилласан. Бөх хүн хаяна гэж барилддаг шиг ялна гэж л өрсөлдсөн. Нам хоёр (гурав, дөрөв гэж хэлж ч болно) хуваагдаагүй, Н.Удвал орж өрсөлдөөгүйсэн бол аварга ялах магадлал байсан. Би сонгуульд ялбал дуугүй өнгөрье, ялагдвал намын удирдлагаас өө сэв хайя гэж бодож тэнд ажилласан юм биш. Харин сонгуулийн эхэнд, энэ удаагийн сонгуульд ялах нь 2016 оны ялалтын эхлэл болно, ялагдвал МАН-ын  Монголын нийгэмд эзлэх байр суурь эрс унана гэдгийг цөмд нь хэлж, сонинд ярилцлага өгсөн. ТV8 телевизээр Ш.Гунгаадорж гуай бид хоёр маш тодорхой ярьсан. Пиарын талаар маш тодорхой саналууд хэлсэн. Дарга нар зөвшөөрөхгүй байна, мөнгө алга байна гэсээр өнгөрөөсөн. 

-МАН-ын лидерүүд нэр дэвшигчээ яагаад дэмжсэнгүй вэ?

-Манай намын удирдлагуудын хувийн нэр хүнд нөлөөлсөнгүй. Ө.Энхтүвшин дарга Хөвсгөлдөө, Занданшатар Баянхонгортоо очоод нэмэр болсонгүй. Мөн манай намаас хоолонд хүрсэн нөхөд хүн чанараа байг гэхэд эр хүний жудаг гэдгийг мартсан мэт харагдлаа. Намын дарга нь нэр дэвшсэн бол яах байсныг бүү мэд. Ердийн нэг гишүүн нэр дэвшсэн болохоор өмнө нь  нь сонгуулийн үед нам дээгүүр бүчээд, мөнгө барьж гүйгээд байдаг нөхөд үзэгдэхгүй болсныг хараад би үүнийг хэлж байна. УИХ-ын гишүүн, намын лидер, сайд дарга, агентлагийн дарга асан хүмүүсээс тоотой хэдхэн хүн л түүгээр харагдсан.  Орчин үеийн хэлээр “но”-той хүмүүс бол сураг ч байхгүй. УИХ-ын гишүүд аймагтаа, дүүрэгтээ очиж ажилладаг байсан. Энэ удаа ихэнх нь ажиллаагүй, зарим нь ажилласан ч үр дүнд хүрээгүй. Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Сүхбаатар нарыг очсон газар нь сайн хүлээн авч байсан.  Юм хийе гэхлээр өөдөөс мөнгө байхгүй гэдэг үг сонсоно. Орон нутагт хүн ам ихтэй хот сууринд хүн томилж явуулъя гэхээр мөнгө байхгүй гэнэ. Сонинууд өөдөөс түрүүчийн сонгуулийн авалгаа нэхнэ. Бас манай намыг дэмждэг компаниудын дансыг хянаад байна гэж хүүхэд хуурах мэт юм ярина. Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг мэдсээр байж яагаад санхүүгээ бэхжүүлэх ажил хийгээгүй юм бэ. Энэ бол манай нам “Тарваганы мангас” хочит Пьерт хамаг мөнгөө алдаад Парижийн коммун ялагдсан түүхтэй төстэй мэт санагдсан.

Манай нам дээд талдаа л нэр хүнд нь унаснаас биш, орон нутагт бол гишүүд, дэмжигчид маань их юм хүлээж байгааг харлаа. Тэгэхлээр суурь нь зөв барилгыг засч болдог шиг тийм ээлжит шинэчлэл хэрэгтэй байна. Монголын нийгэмд намчирхсан талцал хагарал ямар их газар авсныг, бас мөнгө л байвал хэнийг ч худалдахад бэлэн гэдгийг харлаа. Мөөеө, Баянаа хоёр Б.Бат-Эрдэнийн эсрэг пиар хийж байгааг ард түмэн юу гэж ойлгосон бол. Хамгийн их жудагтай хүмүүс бол бөх гэж аварга яриад явдаг, нөгөө хоёр нь өөр юм харуулж суудаг. Бас урлагийнхан, нэртэй төртэй олон уран бүтээлчид мөнгөний төлөө алиагаа алдахыг харлаа. Эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь намуудын мөрийн хөтөлбөрийг сонирхож байгаа хүн ер нь алга. Хүрэн, ягаан, улаан өнгө нэг л туяатай байдаг шиг жижигхэн энэ улсад бүх юм ойлгомжтой болохоор нэг л юмыг өөр өөрөөр амалсаар байгаад улиг болчихож. Үүнийг бүх намууд бодож үзэх хэрэгтэй болжээ.

-Талцал чинь танай нам дотор илүү их байгаа юм биш үү?

-Бүх зүйл өөрчлөгдөж хувьсдаг. Гэхдээ сайн тал руугаа л байх учиртай. Яруу найрагч М.Цэдэндорж асан “Болно, болно, болохгүй юм гэж байхгүй” гэж нэг гоё шүлэг бичсэн. Хуучнаар, МАХН л энэ улс орныг хөгжүүлж чадна гэсэн итгэл жирийн иргэдийн  сэтгэлд бат хоногшсон байсан үе бий. Өнөөдөр манай намд жирийн ард байтугай гишүүд нь энэ итгэл үнэмшлээ алдахад хүрч байна. Эрх тушаал бол эд хөрөнгөтэй болох зам. Эд хөрөнгөтэй болбол эрх тушаалаа эргүүлээд худалдаж авна. Тиймээс эрх мэдэлд хүрэхийн төлөө аль нэг лидерийг дагах хэрэгтэй. Энэ бүхэн бол улс төрчдийн өнгө. Үүнээс болоод улс төрийн намууд, намаа дагаад төр өөрөө авилгачид, олигархийн бүлэглэлүүд болж хуваагдаж ирсэн. Олигархиуд хоёр том намд аль алинд нь бий. Улс төрийн намууд улс орноо хөгжүүлэх арга зам, үзэл бодлоороо зөрж хэрэлдээд хагарч бутарч байгаа бол сайн хэрэг. Тэр бол хөгжилд хөтөлнө. Харамсалтай нь эрх мэдэл, эд мөнгө, газрын баялагаа булаацалдаад яс хэмлэлдэх нохой шиг уралцсаар улс орны хөгжил хоцорч, ард түмэн хохирч байна. Төрөөс төрсөн тэрбумтан гэж нэг нэр томьёо гарч ирсэн. Гүрж улсад тэднийгээ цөмийг шалгаад, өмч хөрөнгийнх нь эх үүсвэрийг тогтоогоод, хураахыг нь хурааж, үлдээхийг нь үлдээсэн гэдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч МАН-ын авилгачдыг илчлээд эхэлсэн шигээ аль алиныг нь уудалбал жинхэнэ баатар болно. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ. Гэхдээ УИХ, Засгийн газраа байгаа авилгачдыг цэвэрлэж чадахгүй бол, өвчний өтгөн шингэнийг зөөгөөд ар гэрийнхнээс таван төгрөг авч байгаа асрагчтай яриад хэрэггүй юм. Ц.Элбэгдоржийн авилгатай тэмцэж эхэлснийг хараад айж сандарсан манай зарим хүмүүс сонгуулийн үед нэр дэвшигчийнхээ эсрэг пиар хийгээд давхиж явааг хараад өрөвдөж суулаа.

-Танай намын хэсэг залуус намаа шинэчилнэ, дарга нараа зайлуулна гэж яваа бололтой. Та ч бас нэг үе намаа шинэчилнэ гэж явсан хүн шүү дээ?

-Шуудхан хэлье. Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын 2000 онд эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа. Н.Багабандийг дэмжигчид эцэстээ Н.Энхбаярыг шоронд хийж, санааг нь гүйцэлдүүлсэн. Энэ хоёрын тэмцэл дундуур гурав дахь, дөрөв дэх талцал үүсгэсэн нөхөд, Нийслэлийн фракц гэгч М.Энхболдтон, Т.Бадамжунайтан энэ намаар тоглоод дууслаа. “Жигүүр”, “Элсний 13” гарч ирээд тэднийг нэг зайлуулсан ч, манай талын лидерүүдийг худалдаж авснаар “Конец фильма” болсон. Бат-Үүл гарч ирж Нийслэлийн фракцыг дарсан ч тэдний балаг хэвээрээ байна.  Т.Бадамжунай сонгуулийн санхүүг хариуцаж байхад хэн түүнд мөнгө өгөх юм бэ. “Чи өөрөө тэр авлигын мөнгөө гаргахгүй юу” гэж түүнд хэлж байгаа юм чинь. Тэгэхлээр манай намд шинэчлэл гэхээсээ илүү их цэвэрлэгээ хэрэгтэй болсон. Хорхойтсон шүдийг ломбодож цаг алдсанаас аваад хаясан нь дээр байдаг.

-Одоо тэгээд танай нам яаж шинэчлэгдэх ёстой гэж та бодож байна?

-Хөрс, үр, чийг, нар байхад ногоо ургана. Хөрс нь гишүүд, үр нь залуучууд, чийг нь нэг үзэл баримтлал, нар нь энэ намыг үүсгэсэн, өдий болтол авч явсан ахмадууд, бүх насаараа шударга явсан эрдэмтэн мэргэд юм. Хогийн ургамлаа байнга цэвэрлэж байгаагүйгээс тариа ногоогоо идүүлдэг биз. Намд гай түйтгэр болсон бүх хүмүүс У.Хүрэлсүх шиг эр зориг гаргаад хурдан зайлах хэрэгтэй. Тэд цөм баяжсан болохоор одоо цэвэрхэн зайлах аргаа хайж байгаа юм. Намыг хагалсан, бутаргасан, нэр хүндгүй болгосон бүх нөхдийг, хот, дүүрэг, аймаг, сумын түвшинд одоо мөрдөж байгаа дүрмийнхээ дагуу зайлуулах хэрэгтэй. Энэ бол ганцхан миний үг биш, шударга гишүүд, дэмжигчид, ерөөсөө шударга ёсыг эрхэмлэдэг ард түмний үг. Намын төв аппарат гэдэг ямарч чадваргүй хүмүүсийн бөөгнөрлийг ч цэвэрлэх хэрэгтэй. Шударга гишүүдийн мөнгөөр олон хүн тэжээх шаардлага байхгүй. Тэнд фракцуудын төлөөллөөс бүрдсэн авилгачдын гар хөлүүд хувалз шиг шигдсэн байна. Залуучууддаа итгэл өгч, зөв залах ухаан хэрэгтэй. Намыг ийм байдалд хүргэсэн хүмүүс зугтаж байхад залуучууд ингэж хөдлөх нь сайн хэрэг. Аваргын хэлдгээр нэр, сэтгэл, гар цэвэр хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Намын ажлыг мөнгөөр биш, сэтгэлээр хийдэг юм. Сэтгэл байхад цөөднө гэж үгүй. Хоосон тоонд хууртаж суухаа болих хэрэгтэй. УИХ-д жагсаалтаар орж ирсэн, нэр хүндээ барсан, парламентыг хоргодох байр болгосон зарим нөхөд ч өөрсдөө зайлбал намын нэр хүнд өснө. Оюун санаа хуучирдаггүйг саяны сонгуулиар Ц.Балхаажав гуай, Ш.Гунгаадорж гуай гээд олон ахмадаас харлаа. Нөгөөх нам дагасан ТББ-ууд хаачсан бэ. АН-ынхны LIKE шиг арга хэмжээ хийсэн үү. Тэдний оюун санаа хаачив. Тэднийг мөнгөөр тэтгэдэг хүмүүс нь хаачив гээд яривал их зүйл бий.

-Танай нам улам л хүч нь сулраад байгааг, иргэдийн итгэл энэ намд алдарсныг сонгуулийн үр дүнгүүд харуулаад байна.  Эрх барьж байх үеийн алдаанууд ч эхнээсээ аваад ил болж байна.  Баахан хүн авлигын хэргээр баригдлаа. Дээр нь Лениний музейг өөрийнх гэж зүтгээд амжилт  ололгүй  алдсан. Одоо цааш нь юу болдог бол?
-Одоо намын төв байр, цаашлаад аймаг, дүүргийн намын байрны асуудлыг ярихыг байг гэхгүй. Тэгээд намыг гишүүнчлэлгүй болгох тухай ярьж байна. Үүний эсрэг хэн дуугарав. Оюу толгой, Таван толгойн гэрээ хийх, хар машинаар санал тоолох, нэг тойрогт хоорондоо өрсөлдөх, болгосон хууль гаргах, төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх хууль батлахад манайхан хаана нь байсан юм бэ. Өөрсдөө тойргоосоо гарч ирэх ухаан сийлж л сууснаас биш, цаад намын хувь заяаг тэд мартсан юм. Өөрсдөө хамт сууж баталсан хуулиа муулаад байдаг, Хамтарсан засгийн газрын үед хийсэн ажлаа хамгаалж чаддаггүй ийм үхээнц байдал яагаад бий болов. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагаад, шоронд хийгээд МАН юу хожив. Манай нам үнэхээр 220 мянган гишүүнтэй юм бол сая нэг хүн 3 дэмжигч дагуулж санал өгүүлэхэд л ялах байсан. Бид тийм уриа гаргасан. Олон аймаг, хотын дүүрэгт нам нь сайн зохион байгуулж чадсангүй. Ер нь гишүүний тоо үнэн юм уу гэж бодож явна. Нүүр нүүрээ харж суугаад үнэнийг ярьж, үгээ олоод явж чадахаа больсон бол юуных нь журмын нөхөд байх билээ. Гишүүдийн 20 хувь нь “Үнэн” сониноо захиалдаг, бүгд хандиваа өгдөг байхад л мөнгөний гачаалгүй ажиллаж болно.

-Одоо тэгээд сонгуулийн дүнгээ ярина, их хурлаа зарлана гэж байгаа юм уу?

-Манай нам сүүлийн гурван сонгуулийн дүнгээ ярьж чадаагүй. Наадам толгойд эргэлдсэн үед сонгуулийн дүн яриад ямарч нэмэргүй. Харин сонгуульд ялагдуулсан лидерүүд хурдхан ярилцсан болоод энэ зун сайхан амаръя гэж бодож байж магадгүй. Ер нь одоогийн бага хурлын бүрэлдэхүүнээр оновчтой шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Их хурлын тухайд тун сайн бэлтгэх хэрэгтэй. Үзэл онол ямар байх вэ, мөрийн хөтөлбөр хаана байна, дүрмээ яаж өөрчлөх вэ гээд олон асуудал шийдэх ёстой. Зохион байгуулалт, боловсон хүчний бодлогоо яаж шинэчлэх гэдэг нь чухал. Үзэл онолгүй нам бол шүншиггүй бурхантай төстэй. Намууд уралдаж амласаар байгаад одоо амлах юмаа дууссан. Намууд бүгд худалч нэртэй. Сонгуульд оролцдог идэвх он дараалан буурч одоо улс даяар 63 зарим аймагт 51 хувь болж байгааг юу гэж үзэх вэ. Үнэн юмыг зоригтой хэлж, түүнийгээ ард түмэнд ойлгуулж, шантралгүй туулж гардаг, ард түмнээ ажил хийж, аж амьдралаа өөд татдаг болгох нам хаана байна.  Их хурлаараа энэ бүхнийг шийдвэрлэх ёстой. Одоогийн их хурлаар зөвхөн МАН-ын төдийгүй Монголын нийгмийн шинэчлэлийн асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ийм түүхэн үүрэг ногдож байгаа юм.

Их хурал хийхээсээ өмнө эрдэмтэд, эдийн засагчдаа сайн сонсох хэрэгтэй. “Хөгжилд хурдан хүрэх монгол зам”-ыг манай нам тодорхойлох хэрэгтэй. Гадны нөлөөнөөс гарах, нэг ёсондоо гадныхныг аажмаар цэвэрлэх замыг хайх хэрэгтэй. Өнөөдрийн Монгол орныг зүйрлэж хэлбэл Үндэсний хувцастай, америк сэтгэлгээтэй, хятад идэштэй, орос унаатай, солонгос хадамтай, япон найзтай нэг их том хоосон түрийвч өвөртөлсөн цээж баян шиг л харагдаж байгаа юм. Бид зөв зүг рүүгээ, буруу замаар явж байгаа юм.

Sunday, 30 June 2013

З.Сүхбаатар: Банкны дотор луу, “ходоод” руу нь өнгийгөөд хараач

“Ярилцъя” өнөөдөр мэргэжлийн хэлээр бол сенсаацийн хойноос мөшгилөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай улсын аварга компаниудын нэг болох “Бодь групп”-ийг тойрсон асуудал анхаарал татаад өнгөрснийг олон нийт сайн санаж байгаа байх. Тэднийг тойрсон чимээгүй яриа хөөрөө газар авч, гайхширсан, элдэв таамаглал дэвшүүлсэн байр сууриуд түгэж, бүр хачирхалтай гэмээр ч бодит явдлуудын тухай мэдээллүүд  чих дэлссээр. Тийм болохоор би нэлээдгүй хүч тавинхөөцөлдөж байж “Бодь”-ийг үүсгэн байгуулагч Лу.Болдын хуулийн зөвлөх З.Сүхбаатарыг  олж уулзсан юм. Тэрбээр нэлээн учирлуулж, араасаа гүйлгэж байж ам нээлээ. Ингээд түүний яриаг уншигчиддаа хүргэе.  

-Таныг олж уулзах амаргүй байлаа. Их нууцлаг хүн юм аа?
-Нууцлаг юу байхав. Ажлаа хийж яваа энгийн нэг хуульч хүн. Бидний ажил угаасаа нэг их олон түмний нүдэн дээр ил харагддаг ажил биш юм даа. 

-Өнгөрсөн 5 сарын 24-нд та Монголбанкны ерөнхийлөгчид хандаж  ил захидал илгээсэн. Таны  захидал багагүй шуугиан дэгдээлээ. Чухам яагаад ийм захидал бичих болов оо?

-Учир шалтгаан нь миний захидалд тодорхой байгаа шүү дээ. Гэхдээ нэгэнт уулзсаных би тодруулж хариулъя. “Голомт” банк нь манай хувийн хэвшлийн анхны банкуудын нэг гэдгийг бараг бүх хүн мэдэх байх. “Голомт” банк нь өнгөрсөн 20-иод жилийн дотор манай улсын банкны системд дээгүүрт орох байр суурьтай болсон. Энийг бас олон түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Миний үйлчлүүлэгч Л.Болд бол энэ банкны үүсгэн байгуулагчдын нэг. Үүнийг ч бас монголчууд сайн мэднэ. “Голомт” банкны хувьцааны 80 гаруй хувийг “Бодь интернэшнл” ХХК эзэмшдэг. Банкны тухай хуульд зааснаар тухайн банкны хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тооцдог. Тэгэхээр “Бодь интернэшнл” компани нь энэ банкны хувь заяаг шийдвэрлэгч хамгийн том хувьцаа эзэмшигч гэдэг нь ойлгомжтой. Миний итгэмжлэн төлөөлж байгаа хүн маань “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг тул хууль зүйн утгаараа “Голомт” банкны хувьцааг дундаа хэсгээр өмчлөгч юм. Ийм болохоор түүний хувьд “Голомт” банкны хувь заяаг зөнд нь орхих  ёс суртахууны болоод хууль зүйн эрхгүй юм.

-Тэр мэдээж ойлгомжтой. Түүний нэрээр л овоглогдож явдаг групп шүү дээ. 
-Тэгэхээр энэ хүн тус банкны амжилт бүтээлээр бахархах, алдаа дутагдал гарвал сэтгэл зовних эрх үүрэгтэй байж таарнаа даа.

-Тийм л дээ. Тэр тусмаа Л.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэнэт ил захидал бичсэн явдал үнэхээр олон асуулт араасаа дагуулж байна. 

-Үнэндээ өнгөрсөн оны намраас эхлэн “Голомт” банкны үйл ажиллагаа доголдож, банкны болоод бусад хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар яриа, хөөрөө гарч эхэлсэн. Ялангуяа, тус банкны гадаадын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нараас ноцтой гэж үзэхээр баримтад тулгуурласан мэдээллүүд гарах болсон байдаг. Эдгээр зөрчлийн заримаас би ил захидалдаа дурдсан байгаа. Харамсалтай нь энэ асуудлыг дотооддоо хууль, журмын дагуу шийдэж, тэрхүү зөрчил дутагдлыг газар авахаас нь өмнө таслан зогсоох арга замыг эрэлхийлсэн боловч тэр нь үр дүнд хүрээгүй байна.

-Ямар арга хэмжээ авсан юм бол. Гадагшаа огт үнэр авахуулахгүй л хийж дээ. Банкны асуудал эмзэг болохоор дотооддоо учраа олох гэж хичээх нь зүйн хэрэг байх л даа?
-Тэр бол мэдээж шүү дээ. Чадах бүхнээ л хийх гэж хичээж таарна. Эхлээд төлөөлөн удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг шинэчилж, гүйцэтгэх захирлаа өөрчилсөн байдаг. Ерөөсөө л банкны үйл ажиллагаа зарим хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдээс ихээхэн хараат, тодруулбал бараг тэдний зааж, зааварласнаар явж байсан юм билээ. Үүнийг өөрчлөх ёстой нь ойлгомжтой. Энэ мэтчилэн банкны өдөр тутмын үйл ажиллагааг хараат бус болгох, хяналт шалгалтын тогтолцоог зөв гольдиролд нь оруулах чиглэлээр нэлээд зүйл санаачлан хийх гэж оролдсон байдаг. Гэвч ТУЗ-ийн зарим гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлж буй газар, хэлтсийн дарга, захирлуудын томоохон эсэргүүцэлтэй тулснаас мухардсан. Одоо ч энэ мухардмал байдал хэвээрээ. Ийм байдалд удаан байж болохгүй. Тийм болохоор нэгэнт дотооддоо шийдэж чадахгүй байгаа учраас л эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар нь шийдүүлье гээд Монголбанкинд хандсан хэрэг . Ийм л учиртай юм. 

- Тийм байж. Гэхдээ “Голомт” банкны зарим албан тушаалтнууд таны ил захидлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Энэ маргаан бол зөвхөн “Бодь” компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал, банкинд огт хамаагүй” гэж мэдэгдсэн.
-Би нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Энэ бол “Бодь интернэшнл” компанийн асуудал биш. Миний ил захидалд “Бодь интернэшнл” ХХК-тай холбоотой ямар ч зүйл байхгүй шүү дээ. Уншаагүй бол дахиад харахыг зөвлөе. 

-Харин тиймээс л энэ бүх асуудал хачирхалтай байна шүү дээ. Таны ил захидалд “Голомт” банкинд үүссэн ноцтой асуудлууд руу Төв банкны удирдлагыг анхаарлаа хандуулаач гэсэн санаа илхэн байхад хариу мэдэгдлүүд “Бодь” компанийн үүсгэн байгуулагчдын дундах үл ойлголцол төдий зүйл шүү дээ. Харин ч энэ дотоод асуудлыг “Голомт” банк руу үсэргэж ч болохгүй гээд байгаа. Энэ бол яав ч анхаарал татахгүй байхын аргагүй зөрүүтэй байр суурь биз дээ? 

-Бид зөвхөн “Голомт” банкны тухай ярьж байгаа. Ярихдаа, тодорхой эзэн, хаягтай зөрчлийн талаар ярьж байгаа. Үүнийг бид санаанаасаа зохиосон юм биш. “Голомт” банкинд ийм ноцтой зөрчил байна гэдгийг олон улсын нэр хүнд бүхий “FSICapital” мөн “Эрнст энд Янг” зэрэг аудитын мэргэжлийн байгууллагууд баримт материалаар нь шалгаад гаргаж ирсэн юм шүү дээ.

-Бүр гадны аудит хүртэл шалгасан юм уу? 

-Тийм ээ, нэг биш бүр хоёрын зэрэг олон улсын нэр хүндтэй аудитын байгууллага шалгаж тогтоосон. Ийм тохиолдолд ч бүх юм зүгээр гэж үзэх гэж үү. Та бод л доо. 

-Үнэхээр дуулаагүй баримт байна. Гэхдээ нэгэнт ийм байдал үүссэн нөхцөлд даруй арга хэмжээ авах нь банкны өөрийнх нь эрх ашиг биз дээ. Гэтэл яагаад...?

-Банкны зөрчил, дутагдлын талаар ярихаар “Бодь” компанийн асуудал гээд байгаа тэр хүмүүс тэгэхээр хэн бэ. Хэн болж таарах вэ. Өөрсдөө эдгээр зөрчлийг үйлдсэн, энэ асуудалд нэр холбогдсон л нөхдүүд шүү дээ. Тийм учраас л асуудлыг нуун дарагдуулах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхаарлыг өөр зүйлд хандуулан төөрөгдүүлэхийг хичээж  байна бус уу. Ийм зүйл яриад байгаа хүмүүс хэрэв өөрсдөө буруугүй юм бол ингэж худлаа булзааруулж, зарчмын дагуу асуудалд хандаж байгаагаа үгсэж буруутгах шаардлага байна уу. Ингэхийн оронд Монголбанк руу очоод “Биднийг шалгаад буруугүй болохыг тогтоогоод өгөөч” гээд хүсэлтээ гаргаад, шалгуулчих хэрэгтэй биш гэж үү. 

-Монголбанк энэ асуудлыг анхааралтай ажиглаж баймаар. Шалгаад өгөөч гэж гуйлгах байтугай гуйгаагүй үед шалгаж хянаж байх үүрэгтэй газар биз дээ. Монголбанкны хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбат гэдэг хүн “Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн ярилцлага өгсөн байсан. Үнэхээр хачирхалтай асуудал болж байгаа юм байна.

-Д.Ганбат дарга өнгөн талыг нь хэлж байх шиг байна л даа. Банкны дотоод тал буюу “ходоод” руу нь өнгийгөөд харахаар нөхцөл байдал өөр байна. Өөрөөр хэлбэл “Хорт хавдрын шинж тэмдэг” илэрчихээд байна шүү дээ. Тийм ч учраас “Яаралтай дахин оношилж эмчлэхгүй бол бүр хүндэрнэ шүү, эмчилгээ авахгүй байдалд орно шүү” гэдгийг энэ салбарын нарийн мэргэжлийн “эмч” нар буюу миний дээр дурдсан олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагын мэргэжилтнүүд хэлээд байна шүү дээ. Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны болон банкны тухай хуульд зааснаар арилжааны банкны үйл ажиллагаанд оршиж буй зөрчил дутагдлыг мэргэжлийн талаас нь хянан шалгах, нарийн оношлох, засч залруулах, хариуцлага тооцох эрх, үүрэг бүхий ганц байгууллага бол Монголбанк юм. Харамсалтай нь Монголбанк үүргээ биелүүлэхгүй байна.

-Та “ходоод” руу нь гүнзгий хараач гэж онцолж байна. Энэ  мэдээж чухал анхааруулга. Гэхдээ нөгөө талаас таны ил захидлын дараа зарим нь “Олгой хагаравч тогоондоо” гэдэг. Л.Болд өөрийнхөө босгосон пирамидыг нураах гэж байна. Банкны дотоод асуудлыг өмгөөлөгчөөрөө дамжуулж  ил гаргаж байгаа нь буруу гэж буруушааж байх юм. 
-Би ил захидалдаа “олгой хагарчихлаа” гэж хэлээгүй шүү дээ. Харин хагарах гээд байна, хагарахаас нь өмнө нарийвчлан оношилж, арга хэмжээ авахгүй бол хагараад зогсохгүй, тогооноосоо хальж, сүйд хийх гээд байна шүү гэж л хэлсэн. Ер нь бол банкны асуудлыг “олгой”-той зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ бид өнөөдөр хуулийн биелэлт, хэрэгжилтийн тухай ярьж байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна. Ялангуяа бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байгаа банкны тухайд хуулийг ягштал мөрдөж ажиллах үүрэгтэй шүү дээ. Бусдын өмчлөх эрхэд зүй бусаар халдаж болохгүй гэдгийг бүгд мэдэх ёстой. Ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байгаа иргэн хүний эрхийг дороос нь тулж байдаг зүйлс юу юм бэ. Тэр тулгуур зарчмуудыг тулгын гурван чулуу гэж үзье л дээ. Тэгвэл тэр тулгын гурван чулуу нь амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхтэй байх л шүү дээ. Банкны эд хөрөнгө бол үүсгэн байгуулагч, хэдэн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл “Голомт” банкны зарим хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, тэдний төлөөлөгчид, мөн тэдний гар хөл болсон гүйцэтгэх удирдлагын албан тушаалтнууд үүнийг ойлгохгүй байна. Тэд банкны хөрөнгийг “өөрийн хөрөнгө” гэж ойлгоод, түүнийг зориуд санаатайгаар үрэн таран хийх гээд байна.  

-Нийгмийн хариуцлагын тухай асуудлыг түр орхиод танд нэг асуултыг тавьмаар байна. Нэг талаас энэ бол маш их мөнгөтэй холбоотой аюултай асуудал. Та айхгүй байна уу?
-Миний тухайд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн өмгөөлөгч. Би үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Үнэхээр  ийм  ёс зүйгүй, хууль бус үйлдэлд гаршсан бүлэглэлтэй тэмцэх амаргүй байна. Түрүүн та “олгой хагаравч тогоон дотроо” гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа тухай хэлж байсан. “Олгой”-ны тухай ярьж байгаа тэр хүмүүс хууль ёс, ёс зүйн тухай ойлголтгүй, хууль бус явдлаа хаацайлахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа зарим хүмүүсийн төлөөлөл болов уу. Гэтэл хууль хийгээд ёс суртахуун маань өөрөө өдрөөс өдөрт тунгалаг оршихуйг л шаардаж байна шүү дээ.  

-Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшх энэ 20 гаруй жилийн дотор цөөнгүй банк, банк бус санхүүгийн байгууллага дампуурч, олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигч хохирсон түүх бас бий. Хамгийн сүүлийн жишээ “Анод”, “Зоос” банкуудын хувь заяа байна. “Голомт”-ыг арай ийм байдалд оруулчих юм биш биз дээ?
-Харамсалтай нь ийм гашуун туршлага, эмгэнэлт сургамж манай түүхэнд нэг бус удаа гарлаа. Хүмүүсийг би нэг зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Дампуурсан банкуудын тухайд, Манай банкинд хууль зөрчигдөөд байна, зөрчил, дутагдал гараад байна, засч залруулахгүй бол дампуурах нь байна шүү” гэж  тэдгээр банкуудын хэн нэгэн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч  урьдчилан сэргийлж анхааруулж дуугарч байсан уу. Монголбанк, Улсын Их Хуралд хандан та бүхэн анхаарлаа хандуулаачээ гэж хэлж байсан уу. Үгүй шүү дээ. Гэтэл бид урьдчилж дээр дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хэллээ. Анхаарууллаа. Үүний буруу гэж юу байна вэ. Бид харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг хамгаалж, тэдний төлөө тэмцэж байна шүү дээ. Хууль зөрчиж, бусдын хөрөнгийг бусниулж байгаа хүмүүст мэдээж  таалагдахгүй байгаа байх. Би хуульч хүний хувьд өөрийн үйлчлүүлэгчээ ёс зүйгээ болон хууль ёсоо баримталж, иргэний зориг гаргалаа гэж үнэлж байгаа. Ийм алхмыг ёс журам, хууль ёсоо дээдэлдэг хүн бүр л хийх учиртай шүү дээ. Чухамхүү тэгж чадахгүй байгаа учраас л зарим хүмүүст бидний энэ үйлдэл “стандарт бус” харагдаад байгаа байх. Өнгөрсөн оныхоо аудитыг ч одоо хүртэл хийлгэж чадаагүй байна шүү дээ. Зөвхөн энэ баримт л гэхэд банкны хувьд ажил нь ямар байгааг тод харуулж байгаа нотолгоо юм.

-Улс төр, бизнесийн хүрээний олон хүмүүс чухам ямар асуудал үүсээд буйг мэдэрч байгаа ч нэг л болгоомжилсон аястай байгаа нь мэдрэгдэж байна лээ. Зарим нь зүгээр л холхон байхыг хүсч байхад зарим  нь ямар нэгэн том нуралтыг хүлээж байгаа ч юм шиг. Тэгэхээр энд Төрийн мэдрэмж, шударга зохицуулалт л хэрэгтэй байх шиг. Ингэхэд таны ил захидлын дагуу Монголбанк ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Харамсалтай нь авахгүй байна. Миний ил захидлаас өмнө “Голомт” банкны  үйл ажиллагаанд хууль тогтоомж зөрчигдөөд байгаа, ноцтой зөрчлүүд илэрлээ, холбогдох арга хэмжээ яаралтай авахгүй бол олон мянган, харилцагч хадгаламж эзэмшигч, цаашлаад улс орон хохирч мэдэх нь байна шүү гэсэн хүсэлт, шаардлага, гомдлыг Монгол банкинд хандаж гадаад, дотоодын холбогдох хүмүүс 10 гаруй удаа өгсөн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байна. 

-Энэ л гайхалтай байгаа юм. Монголбанк үнэхээр та бүхэнд ямар нэгэн хариу өгөөгүй гэж үү?
-Ахин хэлье. Ямар ч хариу өгөөгүй. Бидний тавьж байгаа гомдол, санал, хүсэлтэд хариу өгөөч гэж удаа дараа шаардсан боловч нэг ч хариу өгөөгүй. Тус банкны хяналт,шалгалтын газрын захирал Д.Ганбаттай удаа дараа уулзаж, бидний тавьсан санал, хүсэлтэд хариу өгөөч гэж мөн хүссэн боловч тодорхой зүйл байхгүй л байна.

-Үл үзэгдах аймшигт хар хүч Төв банкийг хүртэл атгандаа байлгаад байна гэж үү. Явсаар ийм л дүгнэлт рүү хөтөлж байна бус уу. Гэвч хуулинд тэдний үүргийг яаж заасан байдаг юм бэ?

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэгд, “Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтын дагуу Монголбанк заавал хариу өгөх ёстой. Монголбанкны хувьд хууль мэдэхгүйдээ бус өөр ямар нэгэн шалтгааны улмаас л бидний тавьсан асуудалд хариу өгөх боломжгүй байх шиг байна. Зүй нь, төрийн байгууллага, төрийн албан хаагчдын хувьд ямар нэг шалтаг, шалтгаан байх ёсгүй л дээ. Хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр иргэдийн санал, хүсэлтэд хариу өгөхгүй байгаа явдал чинь өөрөө авилгын шинжийг агуулж буй үйлдэл. Энэ дүгнэлт рүү л оруулж байна гэсэн үг. 

-Та бүхний тавьж буй асуудлыг ямар ч үндэслэлгүй зүйл гэж тайлбарлаад зувчуулаад байх бололцоо байгаа юм биш үү?

-Бид чинь “Голомт” банкны үйл ажиллагаанд оршиж байсан тэр зөрчлүүдийг санаанаасаа зохиосон юм биш шүү дээ. Миний дээр хэлснээр олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн аудитын байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн, нотлох баримттай, эзэн холбогдогчтой зөрчлүүд юм. Бидний хувьд санаанаасаа зохиосон зүйл нэг ч байхгүй. Ингэж болохгүй гэдгийг эрх биш мэдэх төвшний хүмүүс шүү дээ. 

-Та тэр шалгалтаар илэрсэн баримтуудаас надад хэлж болох уу?

-Би хоёрхон жишээ хэлье. Нэгд, Японы нэгэн корпорацитай гэрээ байгуулсан монголын компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байна гэж олон улсын “FSICapital” аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн.

-Ямар корпорацитай холбоотой асуудлууд болохыг гадарлаж байна. Хоёр дахь нь ямар баримт юм бэ?
-Хоёр дахь жишээ гэвэл, “Эрнст энд Янг” аудитын байгууллагын шалгалтаар тухайн үеийн ТУЗ-ийн дарга нь ТУЗ-ийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн “Монголиан эйрлайнс групптэй  банкны баталгааны  гэрээ байгуулах эрх олгосон” талаарх ноцтой зөрчил илэрсэн. 

-Энэ чинь юу гэсэн үг вэ. Ийм төрлийн гэрээ гэхээр банкийг үндсэнд нь гадаадын компанийн барьцаанд тавьжээ гэсэн ойлголт бус уу?

-Ийм л баримттай зүйлийн талаар бид дуугарч тэмцэж байгаа юм л даа. Монголбанкинд “шалгалт оруулаад, нягтлаад өгөөч, дахин ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваач, гэм буруутай гүйцэтгэх удирдлагын албан тушаалтанд хариуцлага тооцоод өгөөч, харилцагч, хадгаламж эзэмшигч нарын хөрөнгийг хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээ авч өгөөч” гэсэн л хүсэлтийг тавьсан. Хуулиар арилжааны банкны үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт хийх эрх, үүрэг дээр хэлсэнчлэн зөвхөн ганц Монголбанкинд л байдаг юм. Бидний гаргаж тавиад байгаа эдгээр асуудлыг шалгаад,  холбогдох гэм буруутай хүмүүсийг банкнаас холдуулах, хохирол, шалтгаан нөхцлийг нь арилгах арга хэмжээ авах л асуудал юм. Хянаж шалгаад үзэхэд ийм зөрчил дутагдал байхгүй бол мэргэжлийн хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг дээр дурдсан мэргэжлийн аудитын байгууллагад өгөөд л дахин нягтлах явдал шүү дээ.

-Гэхдээ бас та бүхэн эрхээ шүүхээр хамгаалуулж болно биз дээ. Энэ эрхийг тань хаах бололцоо байхгүй гэж бодож байна.
-Бололгүй яахав. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголбанк хэн нэгний явцуу эрх ашгийн төлөө бус харин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эд хөрөнгө, улс эх орныхоо эрх ашгийг дээдлэн үзэх болов уу гээд л тэвчээртэй байсан хэрэг л дээ. Харамсалтай нь, Монголбанкны нүд, чих нээгдэхгүй юм шиг байна. Тиймээс бид Монголбанкийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа л даа. 

-Миний хүсэлтийг хүлээж авч, ярилцлага өгсөнд баярлалаа. Гэхдээ та бүхний аюулгүй байдалд ч ноцтой нөхцөл байдал үүсч байх шиг байна. Энэ бол маш их мөнгөтэй холбоотой, олон мянган харилцагчдын эрх ашигтай холбоотой асуудал шүү дээ. 
-Тийм ээ, санал нэг байна. Үнэнийг хэлэхэд би таныг энэ ярилцлагыг олон нийтэд хүргэж чадна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ ярилцсанд баярлалаа. 

-Наадах үг тань юу гэсэн үг вэ. Яагаад би олон нийтэд хүргэж чадахгүй гэж. Би үнэхээр их гайхаж, нуулгүй хэлэхэд эгдүүцэж байна. Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
-Би таны нэр хүнд, мэргэжлийн чадварт хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ танай салбарт мөн л бусармаг хүмүүс гараа гүн гүнзгий дүрсэн юм шиг санагддаг. Бичиж нийтлэх, шударга үнэний төлөө цуцашгүй тэмцэх хүсэл эрмэлзэл тань байгаа ч эрх чөлөөн дээр чинь том хар чулуу дарж байгаа байж магадгүй юм. За, баяртай. Танд амжилт хүсье. 

Сенсаацийн халуун мөрөөр олон өдөр мөшгишний эцэст гэнэт гарч ирж ил захидал илгээж, түүнийхээ хэрээр шуугиан тарьж чадсан энэ эрхэмтэй уулзаж, яриа авч чадлаа. Гэсэн ч “амжилт”-тай ажиллаа гэсэн мэргэжлийн олзуурхал дээр минь тэр томоос том асуултын тэмдэг тавьж орхиод гарч одов. Тэр яагаад миний ярилцлагыг хэвлэгдэхгүй гэж үзэж байгаа юм бол. Тэр яагаад надад ингэж хэлэв... гэсэн шалаатай бодол одоо ч намайг ээрсээр л байна. 

Friday, 28 June 2013

Д.Гарам-Очир: Шааран дөрөлжөөс нааш алтан утас гялалзаад л...

“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин БНМАУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайдын ал­быг 23 жил хашсан, Монгол Улсын гавьяат холбоочин Д.Гарам-Очир гуай. Жаахан байхдаа би гоё машинтай, гоё хувцастай, ганган хээнцэр Гарам-Очир сайдыг манайд ирээсэй гэж хүсдэг байлаа. Зөндөө гоё чихэр авчирч өгнө. Зөндөө гоё хөөр баяр дагуулж ирнэ. Аав маань сайхан ааш­тай болон хувирч, түүнийг нь дагаад би ч баахан эрх чөлөө­тэй болно. Сумын төвийн айлд хотын хүн ирэх сайхан. Тэр дундаа Төрийн сайд ирдэг айл гэж манайхаас өөр байсан ч юм уу, үгүй ч юм уу. Гэр дүүрэн зочид нир хийтэл инээл­дэж, яриа хөөрөөндөө автацгаана. Байн байн гүйж орж ирэн эргэнэгээс чихэр боов атган гүйж гарах намайг хэн нь ч анзаарахгүй. Ингэж Д.Гарам-Очир гуай миний дурсамжид тэртээх жаргалтай өдрүүдээс хойш үргэлж эрхэм хүн маань болон үлдсэн юм. Аавыгаа санахаар, шонгийн модны уулс даван одсон ур­тын уртын цувааг харахаар, хаана ч очсон байх холбооны навтгар цагаан байшингуудын хаалгыг татахаар тэр хүний тухай бодлууд орж ирдэг. Тэр бол сайхан цаг үеийг цогцлоож явсан сайхан хүмүүсийн нэг юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Таныг анх тав, зургаан настай байхдаа харж бай­сан. Ийм олон жилийн дараа уулзаж ярилцлага авах то­хиол учирна гэж санасангүй. Миний анхны ой тойнд та хотоос ирсэн том сайд дү­рээрээ л үлдсэн байна. Юуны өмнө урилгыг минь хүлээж авсанд баярлалаа?
-Би танд ч бас баярлаж байна.

-Нийгэм үймээн шуу­гиан­тай, сэтгэл дундуур байх шалтгаан ихсээд ирэ­хээр хүмүүсийн сэтгэлд өөрийн эрхгүй урьдын амар амгалан, тайван, сэтгэл зүй нь эвдрээгүй тэртээх өнгөр­сөн цаг хугацаа үнэд ордог юм шиг. Та бол социалист нийгэмд амьдралынхаа ид идэвхитэй үеийг өнгөрөө­сөн, тухайн үед өндөр албан тушаал хашиж явсан хүн. Тэгэхээр яаж яваад харил­цаа холбоо гэдэг юмтай хувь заяагаа холбосон тухай эхлээд сонирхмоор байна?

-Би 1955 онд Хөвсгөл айм­гийн  Мөрөнгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Сур­гуульд гайгүй суралцаж бай­сан юм байлгүй 10 жилээ онц төгссөн. Тэр жил манай сур­гуульд га­даа­дын хоёр хуваарь очлоо. Тэгээд онц төгссөн хоёр хүүх­дээ явуулахаар шийдэж, Зөв­лөлтөд сургуульд явах боллоо. 

-Та малчин айлын хүүхэд үү, албан хаагч, эсвэл сэхээтэн айлын хүүхэд үү?
-Албан хаагч биш юмаа, зүгээр л ажилчин улсууд. Манай аав бол модны дархан, мужаан хүн байсан юм. Ээж маань оёдолчин, сүрхий үйл хийдэг хүн байлаа.  Би Мөрөнгийн тө­вийн энгийн л амьдралтай, олон хүү­хэдтэй айлд төрж өссөн хүн.

-Тийм олуулаа юм уу?
-Эцэг эх маань 11 хүүхэд тө­рүүлс­нээс ес нь амьд мэнд өсч бой­жоод, цөмөөрөө сургууль соёл төгсч мэргэжил эзэмшсэн. Тэдэн дотроос хоёр хүүхэд нь сайдын зэрэгт хүрсэн юм. Нэг нь манай хамгийн том ах, генерал Д.Бавуу гэж хүн. Ба­рилгын Цэргийн удирдах газрын дарга, Батлан хамгаалах яамны ор­логч сайд их олон жил хийсэн дээ.

-Сонин, бас сайхан тохиолдол байна. Төрсөн ах дүү хоёр хоёулаа сайд болно гэдэг бахархал биз дээ?
-Аав ээж маань бахархаж л бай­сан байлгүй дээ гэж бодох юм. 

-Та дээрээсээ хэд дэх нь вэ?
-Би тав дахь нь.

-Таныг орлогч сайд болоход ах тань сайд болчихсон байсан уу?
-Намайг томилогдохоос нэг жи­лийн өмнө манай ах Барилга, барил­гын материалын үйлдвэрийн яамны орлогч сайдаар томилогдоод байсан юм. Тэгээд нэг жилийн дараа би  Холбооны яаманд томилогдож ирсэн.

-Мөрөнгийн 10 жилийг тэр жил хоёр хүүхэд онц төгсч, ЗХУ-д сура­хаар явж байсан юм байна. Нэг нь ямар хүн байв?
-Чимэд гээд хүн байсан юм. Хөвс­гөл аймгийн Бүрэнхаан сумын хүн. Москвагийн Хөдөө аж ахуйн механик­жуу­лалт, цахилгаанжуулалтын дээд сургуульд очоод төгсөж амжилгүй хүрч ирсэн. Тэгээд эндээ Эдийн зас­гийн дээд сургууль төгсөөд, насан турш одоогийн Удирдлагын Академид багшилж байгаад зайлуул ар­ваад жилийн өмнө нас барчихлаа. Эдийн засагч, дэд эрдэмтэн тийм хүн байсан юм. Бид Орост сургуульд явахаар хуваарилагдаад Улаанбаа­тарт орж ирдэг юм. Тэгээд тэр  гадаадад сургуульд явах ул­суудыг Намын Төв хороо шийддэг бай­лаа шүү дээ. Би боддог юм тэр бол маш зөв, их чухал юм байж дээ гэж. Нэгдүгээрт, сургаж бэлтгэж авах хүмүүсээ сонгох сонголт их хариуц­лагатай хийгддэг. Хоёрдугаарт, Төв хорооны төвшинд нийгмийн бүх л салбаруудын шаардлагад зохицуулж боловсон хүчин бэлтгэхийн тулд тус­гай бодлоготойгоор хүмүүсээ явуул­даг. Мэдээж гадаад орнуудад шүү дээ.

-Бараг л сурагч байхаас нь судалдаг байсан юм шиг байдаг?
-Ер нь тийм юм шиг билээ. Тэгээд Намын Төв хороон дээр ирсэн. Ямар сургуульд явахаа ч мэдэхгүй, хөдөө­нөөс орж ирж байгаа юм. Тэгсэн чинь Төв хороон дээр хүлээж аваад л за, Москвагийн Холбооны сургуульд явна даа гэсэн. Анх гэхдээ намайг ин­­же­нер, эдийн засгийн ангид ху­ваарилдаг юм.

-Тэр үед Москвагийн Холбоо­ны Их сургууль гэдэг нь тусдаа байсан юм уу?
-Тусдаа байсан.

-Техникийн их сургуулиасаа тусдаа?
-Тийм. Ер нь Холбооны Их сур­гууль чинь их сонин. Одоо танай со­нины Х.Бүрэнтогтохын төгсдөг МЭИ-тэй нэг үе хамт байсан байгаа юм. Москвагийн холбооны сургууль чинь. Тэгээд сүүлд салсан. Тийм ч учраас байр­шил нь нэг дор байдаг байхгүй юу. Одоо ч гэсэн тэндээ.

-Хэлний бэлтгэлээ хаана хийж байв. Эрхүү хотод уу?
-Ерөөсөө шууд очоод л орчихсон. Бэлтгэл мэлтгэл гэж ч байхгүй.

-Арван жилд орос хэл жаахан үзчихсэн. Тэгээд л эрчээрээ тууж оров уу?
-Үгүй, одоо яахав дээ, үзсэн л нэр­тэй. Манай Хөвсгөлийн дунд сур­гуульд германд суралцаж байсан, гер­манаар овоглодог олон хүмүүсийн нэг герман Бавуу гэж багш байсан юм. Тэр багш маань сонин түүх ярьдаг юм. Би өөрөө ч сайн бүтэн  санадаггүй тийм түүх. Манай сургуу­лийн 60 жилийн ой болж би сургуу­лийнхаа тухай нэг баримтат кино хийх­гүй юу. Би чинь 1992-1994 оныг дуус­тал нэг телевизийн нэвтрүүлэг явуул­даг байж үзлээ шүү дээ.”Тэнхлэг” гэдэг нэртэй телевиз.

-Тийм, санаж байна?
-Тэгж байхдаа сургуулийнхаа ойгоор кино хийхгүй юу. Мөрөнгийнхөө сургуулийн тухай баримтат кино. Тэгээд тэр ажлаар очиход Бавуу багш минь дурсч байсан.

-Танай Мөрөнгийн герман Ба­вуу гэж алдартай багш юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Уг нь бол Сэлэн­гийн хүн юм гэсэн. Германд сурч бай­сан, тэгээд нөгөө Германд сурч бай­сан хүмүүс хэлмэгдэх үеэр зайлуул хэлмэгдээд. Хөөрхий 10 жил шоронд суучихаад гарч ирсэн хүн. Ардын жүжигчин Э.Оюун гуайтай сууж бай­сан юм гэнэ лээ. Тэгээд шоронгоос гараад хүрээд ирэхэд нь Э.Оюун гуай маань хүлээж аваагүй. Тэгээд зай­луул ерөөсөө хөдөө явж амьдаръя гээд л Хөвсгөлд очоод нас эцэслэтлээ Хөвсгөлд байж байгаад өнгөрсөн дөө. Би тэр жил тэгж кино зураг авах гээд очихдоо л Бавуу багштайгаа тухтай уулзсан. Тэгсэн нэг сонин юм ярьдаг юм. Би долдугаар ангийн сурч байж.1952 онд шүү дээ. Тэр намар Бавуу багшийн хичээл дээр самбарын өмнө хариулаад зогсож байсан. Үүд түрх хийгээд онгойгоод явчихсан. Тэгсэн одоо Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Дамба гуай баахан оро­суудтай орж ирдэг юм. Тэгээд яахав Бавуу багш хичээлээ тайлбарлаад л би самбарын урд талд зогсож байсан. Өнөө орос надаас хэдэн юм асуусан юм байлгүй. Би одоо өөрөө юу ха­риулснаа мэддэггүй юм. Бавуу багш надад тэрнийг ярьж байсан. Тэр орос гарахдаа “Ийм л хүүхдүүдийг Зөв­лөл­төд явуулж сургах хэрэгтэй” гээд мөр алгадаад гараад явчихсан гэж. Тэ­гээд тэр нь ч болсон юм билүү, юу ч болсон юм билээ. Ямар ч байсан Моск­вад хуваарь авсан.

-Хоёр хүүхэд онц төгссөн, тэр хоёрыгоо л явуулна шүү дээ?
-Тийм ч юм уу. Тэгсэн тэр бүдүүн орос нь Зөвлөлт Холбоот Улсаас манайд сууж байсан Элчин сайд хүн байсан юм байна лээ л дээ.

-Сонин тохиолдол юм?
-Тийм. Манай Бавуу багш надад тэрийг мартахгүй дурсаж ярьдаг. Би бол өө­рөө таг мартчихсан яваа юм. Бавуу багшийнхаа ой ухааныг их гайхаж байсан. Тийм өндөр настай болчих­сон хойноо ийм юм санаж явдаг.

-За, тэгээд Намын Төв хороон дээр иржээ? 

-Намын Төв хороон дээр очсон чинь Москва хотын Холбооны дээд сургуулийн инженер-эдийн засгийн ангид өөрийг чинь хуваариллаа гэдэг юм байна. Тэгээд юу гэж хэлмээр юм бэ дээ, тухайн үеийн хүүхдүүдэд онцлог байлаа . Мэргэжилтэн болно, улсаа хөгжүүлэхэд жинтэй хувь нэ­мэр оруулна гэсэн тийм нэг сэтгэ­лийн тэмүүлэл. Тэгээд тэр мэргэжил­тэн болно гэдэгт инженерийн мэр­гэжлийг юуны өмнө сонгоод тэгээд “инженер” гэдэг үг нь сайхан санаг­даад, “эдийн засаг” гэдэг үгийг  сонс­чихлоор зэрэг жаахан сэтгэл дун­дуур. Учрыг нь сайн мэдэхгүй юм чинь. Үгүй, тэгээд одоо яахав дээ, На­мын Төв хороо хуваарилж байгаа юм чинь өнөөх томилолтыг нь аваад Холбооны яаман дээр ирдэг юм. Тэгэхэд Холбооны яамны Төлөв­лөгөө санхүүгийн хэлтсийн дарга бас Москвагийн Холбооны их сургуулийг төгссөн Буджав гэж манай Хөвсгөлийн буриад хүн байдаг байхгүй юу. Өнөөх чинь надтай уулзчихаад “Тэр Эдийн засгийн сургуульд ийм жаахан хүүхэд явуулахгүй ээ” гэдэг юм байна. Би бас багаасаа жаахан ярдагдуу зантай. “Та мэдэж хуваарилаагүй, Намын Төв хороо хуваарилсан, би явдгаараа явна” гээд хэлчихсэн. Нэг ийм яриа болоод өнгөрлөө. Тэгэхэд Холбооны яамны сайд Дамдинжав гуай гэж бурхан шиг сайхан хүн байлаа. Тэгээд Дамдинжав гуай хүлээж авч уулзлаа. Их ч сайхан яриа хөөрөөтэй хүн юм. “За тэгээд сайн сурч ирнэ шүү, одоо манайд холбоо маш их хоцрогдож байна, та нар л энэ эх орны холбоог хөгжүүлэх асуудлыг авч явах ёстой улсууд. Сайн сурал­цах хэрэгтэй” гэж захиад л явуулсан. Тэгээд яамны хэлтсийн дарга гэдэг чинь одоо бас тэр үед хүссэнээ хий­чихдэг л улс байсан юм байна лээ. Москвад яваад очсон чинь миний мэргэж­лийг өөрчлөөд, инженер-эдийн засгийг маань болиулаад инженерийн ангид оруулчихсан. Миний оронд ажил хийж байгаад явсан нэг хүнийг өнөө­хөд аваачаад оруулчихаж. Тэгж 1955 онд би Москвагийн Холбооны их сургуулийн оюутан болж байлаа.

-Бүх юм шууд л оросоор явчих­даг. Жаахан сандарсан уу?
-Бүх юм шууд л орос. Эхний ули­ралд жаахан зовсон. Ямар сайн­даа гурван шалгалтанд уначихдаг байгаа. Хэл сайн мэдэхгүй. Наад тал нь л шугам зургийн хичээлийн шалгалтад тээглэж байгаа юм. Нөгөө муу шал­гал­таа өгмөөр болоод байж байсан чинь багш надад нэг асуулт тавьдаг юм “Вот это точка схода?” гэж. Тэр цэ­гээс одоо шугам татаад сүүдэр нь хаана буух вэ зураад өг гэсэн асуулт. Тэгсэн “Точка сход” гэдэг нь юу гэж байгааг нь ойлгодоггүй. Багшаа “Точка сход” гэдэг чинь юу гэсэн үг юм гэсэн чинь чи энийг мэддэггүй юм уу гээд хөөгдөж байх жишээтэй. Нэг юм их аврал болсон юм. Тэр үед миний нөгөө сайд болдог ах маань Москвагийн Барилга инженерийн академид сурдаг байсан юм. Төгсөх ангийн оюутан.

-Том ах тань?

-Том ах . Нэгдүгээр курсын эхний улирлын амралт болчихсон бүх оюутнууд амрах гээд яваад өгчихсөн, би гэдэг амьтан ганцаараа байрандаа хичээлээ хийх санаатай. Сэтгэл санаагаар ч их унаж байна. Нэг том данхтай ус буцалгаад авчихсан. Но­моо дэлгээд унших гээд суутал өө­рийн эрхгүй хоёр нүдний нулимс но­мон дээр зүгээр под, под хийтэл ду­саад эхэлсэн. Тэгээд сууж байтал гэв гэнэт үүд тархийгээд онгойсон чинь ах маань ороод ирдэг юм. Ахыгаа ха­раад байхгүй ээ, бархирчихсан. Би одоо ингээд хөөгдөх нь гэсэн чинь “Юу гэсэн үг вэ, чи. Эр хүн байж хувц­саа өмс явъя” л гэж байна. Тэ­гээд дагуулаад гарлаа. Москвагийн монголчуудын ганц ордог Узбекстан ресторанд орж нэг сайхан хоол авч өгөөд, хоёулаа бас нэг шил юм ху­вааж уудаг юм байна. Орой нь одоо чи яваад орж чадна биз дээ л гэж байна. Чадна аа л гэлээ. Санаа зоволт­гүй ээ, чи одоо наадахыгаа өгчихнө. Битгий тэгж хямраад сэтгэлээр унаад бай, анх би хэл мэдэхгүй бас сандарч л байсан. Одоо бүх юм зүгээр. Чи харж байгаа биз дээ гэчихээд яваад өгсөн.

-Тэр үед ах тань хэдтэй байсан байх вэ?

-Надаас яг 10 ах л даа. 28 настай байсан.

-Хүний газар ахтайгаа хамт сайхан дурсамж юм. Тэгээд л дараагийн улирлаас жигдрээд явчихсан уу?

-Дараачийн улирал эхэллээ. Эхний сард багтаагаад өнөөх унасан гурван шалгалтаа ч  өгчихлөө. Тэгээд л тэрнээс хойш гэв гэнэтхэн хэл ус сайжраад явчихсан. Багш нар, гадаа­дын оюутнуудтайгаа чөлөөтэй ха­рилц­даг боллоо. Хоёрдугаар улир­лаас юу вэ онц сурдаг нэмэгдэл сти­пенди авдаг лут оюутан болоод яв­чихгүй юу.

-Москвад таван жил?
-Таван жил.

-1955 онд анх Москвад очиход тэр хот танд ямар сэтгэгдэл төрүүлж байв даа?
-1955 оны Москва чинь хуучны Москва шүү дээ. Дайны дараахан бай­сан болоод ч тэр үү, шинэ байшин ба­рилга баригдаагүй. Яг л хуучны Москва. Дүрээрээ л байсан. Сайхан намуухан, дандаа хоёр гурав, сайндаа таван давхар байшин­гуудтай. Байшингууд нь нэлэнхүйдээ нэг тийм бор шаргалдуу өнгөтэй. Хуучны тэр түүхэн хэсгүүд нь угаасаа сайхан хот байсан юм чинь. Хүмүүс нь амгалан. Дайн дуусаад дөнгөж арван жил болж байгаа шүү дээ. Өрнөдийнхөн ЗХУ-д дайнаар сүйрсэн аж ахуйгаа сэргээн босгохын тулд наад тал нь 25-30 жил хэрэгтэй гэж тооцож байсан. Тэгэхэд ерөөсөө до­лоон жилийн дотор л бүх аж ахуйгаа сэр­гээн босгож чадсан. Дайн туулсан, зөндөө зовлон зүдгүүрийг давж гар­сан, дараа нь улс орноо сэргээн бос­гох нөр их ажил хийсэн ард түмэн гэ­­хэд хачин тайван. Өдөр, шөнө  хэ­зээ ч ямар ч цагт явж байсан айх эмээх юм байхгүй оросуудын зан аран­­шин, тэр харилцаа хэчнээн сайхан. 

-Дэлхийн улс түмнүүдээс хам­гийн анх бидний нөхөрлөсөн, ойрт­сон, бидэнд гар сунгасан тийм ард түмэн болохоор илүү дот­но санагддаг. Одоо ч гэсэн бид­ний угт тэр сэтгэл хэвээрээ байх шиг анзаарагддаг юм.
-Тийм ээ, гар сунгасан ард түмэн. Бид нар ч дайны хүнд бэрх үед нь чад­лынхаа хэрээр гар сунгаж бай­сан. Тэрийг ч бас Оросын ард түмэн сайн мэддэг. Тийм учраас хандах хандлага, харилцаа нь цаанаасаа л тийм дотно сайхан байлаа даа.

-Харин оросуудын бидэнд хандах тэр хуучин хандлага өөрч­лөгдсөн гэдэг. Монголчуудад шинэ Орос тийм ч таатай биш гэл­цэх нь бий. Та хамгийн сүүлд хэзээ Москвад очив?

-Уржнан жил манай сургуулийн 90 жилийн ой болоод оролцоод ирсэн л дээ.

-Та манайхаас очсон хэд дэх төгсөгч вэ?
-Би тэр сургуулийн дөрөв дэх төгсөгч нь. Би чинь Монголын харил­цаа холбооны эхний арван инжене­рийн нэг шүү дээ. Тэгэхээр би бас эртний хүн болчихож байгаа биз.

-Тэгэлгүй яахав?
-Хамгийн анхны төгсөгч Магсарын Чимэддорж гэж манай яамны сайд байсан сайхан хүн байлаа. М.Чимэддорж гуайн тухай танай аав бас их сонин юм ярьдаг хүн байсан. М.Чимэддорж гуай бас аавын чинь тухай сонирхолтой юм­нууд их ярьдаг. Танай аав чинь ер нь Монголын холбоонд зартай хүн бай­лаа шүү дээ.

-Москвад хуваарь авч, тэр тусмаа холбооны сургуульд су­рал­цах хүртэл танд холбоо гэдэг зүйлийн тухай ямар ойлголт бай­сан бэ. Хамгийн анх харсан хол­боо­ны тухай дурсамжаа санаж бай­гаа биз дээ?
-Манай Мөрөнгийн төвд гурван том антенн байдаг байлаа. Өдөр болгон хоёр удаа яг тодорхой цагт мо­тор асдаг. Тэгээд хүмүүсийн ярих нь тэр антеннаар Улаанбаатар луу ра­диогоор харилцдаг байсан юм гэнэ лээ гэх. (инээв) Тэр нь яаж ч ха­рилцдаг юм бүү мэд. Хамгийн гол нь яг тодорхой цагт эхлээд яг тодорхой цагт дуусдаг. Ахлах ангид ороод уран сайхан, урлагийн үзлэг энэ тэрд оролц­дог боллоо. Тэгээд хажуугаар нь аймгийн холбоон дээр очиж радио нэвтрүүлэгт оролцоно. Хоёр хөөрхөн дүнзэн байшин байдаг байсан юм. Тэрний баруун талын байшинд нь очиж бичлэг хийлгэж нөгөө дуулж, хуурдах юмандаа орно. Тэгж орж га­рах хооронд тэр байшингийн дотор талын тоног төхөөрөмж л ерөнхийдөө нүдэнд бууж байсан болохоос биш  юу нь яаж ажилладаг, яадаг нь бүү мэд. Дараагийнх нь тохиолдол, 1953 оны намар Мөрөнд боронзон шугам гэдэг юм орлоо. Тэр боронзон шугам орж ирж байхад байшингийн­хаа дээвэр дээр зогсчихоод л харж байхад Мөрөнгийн зүүн талын шаа­ран дөрөлжөөс нааш алтан утас л гялалзаад байдагсан. Наранд яг алт шиг гялбалзаж харагддаг байсан. Гоё гоё цагаан лонхтой. Тиймэрхүү л маягтай юмнуудыг анх харж байлаа даа. Тэр үед чинь холбоо ч гэж ярихгүй шүү дээ. Утасны хороо л гэж ярина. Хагас цэргийн зохион байгуулалттай. Тэр үед холбоонд ажилладаг хүмүүс шинель  өмсдөг байлаа шүү дээ. Шовгор оройтой малгай өмсчихдөг. Тэнд манай аав ээжийн танил Цоожоо гуай, Шагдар гуай гээд улсууд байдаг байлаа. Тэднийг цахилгааны бичээч юм гэнэ лээ гэж ярина. Холбооны тухай миний анхны сэтгэгдлүүд энэ. Тэгж байтал дунд сургуулиа төгсч хувь заяа намайг Москвагийн Хол­боо­ны их сургуулийн босгыг алхуул­сан юм даа. Анх очсон намар сэт­гэлээс гардаггүй юм. Хэл ус мэдэх­гүй, хүний газар. Москвагийн намар ямар их бороотой билээ.  Есөн сард чинь тувтан бороо орчихно. Бид нарыг очмогц дотуур байрны долоон давхар байрны хамгийн дээд давхарт оруул­сан. Оюутны байрны замын хойд талд зах байдаг. Тэгээд л тагтан дээрээс тэднийг харж зогсоно. Хамтралын зах дээр бөөдийсөн, бөөдийсөн хөөрхөн хар хөвөнтэй курткатай, улаараа хар резинэн хамгаалалттай эсгий гутал өмсчихсөн орос өвгөн, эмгэнүүд жаал жуул юм тавьчихсан сууцгааж бай­на. Гэрээ санаж, тагтан дээр ги­еүрч зогсоог ч хэлэх үү, нүдэнд хараг­дах тэр байдал чинь их тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ энэ бүхэн эхний л дурсамжууд. Түр зуурын л хямрал байдаг юм байна лээ. Дараа нь хүүхдүүдтэйгээ танилцаад, үерхээд л наана цаанаа ороод ирэ­хээр чинь өнөө хамаг юм мартагд­чихсан. Нэг л мэдэхэд сургуулиа төг­сөх, нутаг буцах бол­чихсон л байсан.

-Яаман дээрээ.
-Тийм, яаман дээрээ хүрээд ир­чих­сэн. Тэгэхэд манай одоо энэ Төв шуудан байгаа холбооны төв барилга баригдаж яг ашиглалтад орох гэж байсан тэр үед орж ирж байгаа юм. Нэг юм тодруулаад хэлчихэд би 30 гаруй жил холбооны салбарт ажиллалаа. Яахав нэгэнт холбооны салбарт ажиллаж байгаа учраас холбооныхоо түүхийг зайлшгүй харах болох юм л даа. Ингээд үзэхэд манай хамгийн анхны инженер тэр Чимэд­дорж гуай 1956 онд төгсч ирсэн бай­даг юм. Чимэддорж гуайг 1956 онд төгсч ирэхээс өмнө дээд мэргэ­жилтэй холбооны тийм хүн байсангүй, дотооддоо техникумаар хүмүүсийг бэлдэж байсан. Тэр бэлтгэгдэж гарч байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд танай аав явж байсан.

-Анхны төгсөгч?
-Тийм, тэгээд л  тэр хүмүүсийн нуруун холбоо гэдэг юм явж байсан. Тэгээд анхны инженер төгсөөд ирэх­тэй зэрэг холбоог хөгжүүлэх асуудал руу инженерийн сэтгэлгээ орж ирж байгаа юм. Чимэддорж гуай Монголын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлө­гөө, ерөнхий схем гэдгийг Зөвлөлтийн нөхдүүдтэй хамтарч боловсруулж гаргасан. Тэгээд түүнээс хойш ма­най үндэсний Харилцаа холбооны сал­барыг аваад үзэх юм бол 1950 он хүртэл нэг үе, 1950-1975 он хүртэл нэг үе, 1975-1990 он хүртэл нэг үе, 1990 оноос хойш нэг үе ингээд дөрвөн үе болчихож байгаа юм. Энэ дөрвөн үе боловсон хүчний солигдлын ч дөрвөн үе, технологийн шинэчлэлийн ч дөрвөн үе, хөгжлийн ч дөрвөн үе, тэр хөгжлийнхөө хэрээр нийгмийн хэрэгцээний хангалтын ч дөрвөн үе. Иймэрхүү л харагддаг юм л даа. Ер нь инженерийн мэргэжилтэн олон боллоо гэдэг улс орны тодорхой сал­барыг хөгжүүлэхэд үнэхээр их тус дэм үзүүлдэг юм байна гэдгийг манай холбооны хөгжил тодорхой хэмжээ­гээр харуулдаг гэж би хэлэх гэж бай­гаа юм. Би хөдөө Баян-Өлгий аймагт ажиллаж байсан. Баян-Өлгий аймагт ажиллаж байхад 1966 оны өвөл Ю.Цэдэнбал дарга очдог юм. Намайг Баян-Өлгийд томилсны учир юу вэ гэхээр манай нам, төрөөс үндэсний цөөнхийн талаар авч явуулсан том арга хэмжээний нэг хэсэг юм л даа. Баян-Өлгий аймагт үндэсний хасаг  хэл дээр радио нэвтрүүлэг явуулдаг станц байгуулаад, Чехийн туслам­жаар орчин үеийн холбооны барилга бариад, тоног төхөөрөмж хийгээд, тэндэхийн хүмүүсийг өнөөх шинэ техник төхөөрөмжид дасгаж сургаж тэрийг хэвийн ашиглалтад оруулахын тулд намайг хол­бооны даргаар нь томилчихсон. Тэ­гээд байж байсан чинь 1966 оны өвөл Ю.Цэдэнбал дарга очиж  анх тэнд нүүр тулж учирч танилцлаа .

-Ю.Цэдэнбал дарга ч залуухан, та ч залуухан?
-Тийм, би ч залуухан ёстой тийм л байсан. Би чинь 28 настай хүүхэд байлаа. Хөөрхий тэр үед чинь Баян-Өлгий аймагт яг эндээ гэж ярихад хүнд үзүүлэх юм маш ховор. Манай холбоог л  үзүүлдэг.  Тэгээд яахав хол­боо­ны дарга хүн чинь бүх юмаа тайлбарлаж таниулна. Ю.Цэдэнбал дарга өөрөө юманд маш их сониуч хүн. 350 метрийн өндөр антенн барьсан. Бүгдийг нь нэг бүрчлэн үзэж байгаа юм. Зүгээр нэг цагаан сонирхдог хүн биш. Бүр юмыг угт нь тултал мэдэх гэж сонирхдог хүн шүү дээ. Одоо жишээ нь “Яагаад энэ заа­вал 350 метр байгаа юм, энэнээс нам байж болоогүй юм уу, өндөр хийж бо­лоогүй юм уу, ямар учиртай энэ чинь ийм байдаг юм” гээд л. Тэгээд л бүр нарийн юм руу яваад орчихно шүү дээ. Тэгээд яахав би хийсэн барьсан бүх юмаа таниулаад л яваад байлаа. Бодвол сэтгэл ханамжтай явсан юм байлгүй. Яг тэрний өмнөхөн 1965 оны арванхоёрдугаар сард Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг гараад Тээвэр холбооны яамыг салгаад Холбооны яамыг байгуулаад, Д.Готов гуайг Холбооны яамны сайдаар томилсон байсан юм.

-Холбооны яам тусдаа салаад анхны сайд нь Д.Готов гуай юм уу?
-Хоёр дахь удаагаа салаад анх­ных нь. Би нэг удаа Д.Готов гуайгаас асуухгүй юу. Улаанбаатар хотод надаас өөр инженер байгаагүй биш, зөндөө л олон инженер байсан.Та на­майг тэр Баян-Өлгийгөөс татаж авч гарсанд баярлаж явдаг шүү гэж. Бүр тэтгэвэрт гарсан хойноо бид хоёр нэг ярьж сууж байгаад би хэлсэн. Тэгсэн чинь “Үгүй ээ, Цэдэнбал дарга өөрөө татаж авчирсан юм шүү дээ, өөрийг чинь” гэж. Бодвол тэр өвөл Баян-Өлгийд уулзахдаа танилцаад энэ хүнийг сайдад тавьж болох хүн байна гэж ойлгосон юм байлгүй.

-Тэгээд Баян-Өлгийн холбоо­ны даргаас шууд сайд болсон юм уу?
-Тийм, Баян-Өлгийгөөс.

-Холбооны яамны нэгдүгээр орлогч.

-Тийм.

-Таны чинь 18 жил сайд хийсэн гэдэг бил үү?
-23 жил. Би чинь Холбооны яаманд 23 жил, Радио телевизэд ба­раг хоёр жил, иймэрхүү л хугацаанд ажиллалаа л даа. Тэгээд яаманд хү­рээд ирлээ. Зөвлөлтөд сургууль төгсч ирж байгаа хүмүүс маань ч нэмэгд­лээ. За тэгээд нөгөө Чимэддорж гуайн анх төлөвлөсөн төлөвлөгөө хэрэг дээ­рээ бүрэн биелэгдлээ. Одоо хол­боогоо цааш нь яаж  хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Мэдээж гол техникийнхээ асуудлыг эрхэлж ажиллаж байгаа хүний хувьд гардаж ажилладаг байлаа. Тэр үед  манайд чинь юм болгонд л Зөвлөл­тийн нөхдүүд сэтгэл харамгүй тусал­даг байлаа. Тэгээд  Монголын харил­цаа холбоог хөгжүүлэх хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг хийх болов.  Бас л ЗХУ-ын тусламжтайгаар. Ингээд Монгол, Зөвлөлтийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад би удир­даж ажиллалаа даа. 1976-1990 он хүртэл 15 жилийн хугацаанд Монго­лын харилцаа холбоог хэрхэн өөрч­лөх вэ гэсэн  төлөвлөгөө хийж, тэгээд тэр төлөвлөгөөгөө зохих шугамаар нь батлуулаад, тэр нь ч Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх үндсэн баримт бичиг болж бүрэн хэрэгжсэн. Энэ 15 жил бол Монголын Харилцаа холбооны салбарын үсрэнгүй  хөгж­лийн үе байсан. Үндсэндээ 1955 он хүртэл  Дамдинжав гуай Холбооны яамны сайд байгаад Чимэддорж гуай орлогчоор нь ажил­лаж байгаад сүүлд нь Холбооны яа­мыг Тээврийн яамтай нэгтгэдэг юм. Ер нь 1955-1965 он хүрэхэд холбоонд гарсан нэг том өөрчлөлт юу байсан бэ гэхээр Улаанбаатар хот бүх айм­гийн­х­аа төвтэй одоо тэр боронзон шу­га­маар холбогдсон. Боронзон шу­гамаар холбогддогийн гол ач хол­богдол нь хү­мүүс тэр холын зайд утсаар ярьж бол­дог, утсаар ярихдаа зүгээр хоёр та­лаас нь хоёр хүн яриад л юу яачих биш, нөгөөдөхийг чинь нягтруулна гэж тусгай төхөөрөмжийн тусламж­тайгаар хоёр талаасаа 3-16 хүн зэрэг өө­­рөөр хэлбэл 32 хүн зэрэг ярих бо­лолцоотой болсон.

-Өмнө нь залгагч нь гарниту­раа үйлчлүүлэгчдээ өгч яриулдаг байсан бол олон кабин суури­луулж зэрэг зэрэг ярьдаг болсон гэсэн үг биз дээ?
-Тийм, их л том үсрэлт хийчихэж байгаа байхгүй юу. Дээрээс нь морз гэж цахилгаан мэдээ гэдэг юм бол хүмүүсийн хоорондын харилцааны их чухал хэсэг байлаа. Одоо тех­никийн хөгжлийн явцад тэр морз гэдэг юм устаж алга болж л дээ. Тэгээд сүүлдээ морз маань өнөө үсгээр бичдэг аппаратаар солигдоод, хуучин цэг зураас цэг зураас цэг зураас гэж харилцаж байсан бол одоо нөгөөдөх явуулж байгаа мэдээг чинь шууд үсгээр бичээд гаргаад ирдэг болчих­сон. Тэгж байтал тэр маань зурагт, цахилгаан болж хөгжсөөр хөгжсөөр сүүлдээ  өнөөх маань компьютерт  шингээд бүгдээрээ алга боллоо л доо. Иймэрхүү маягтай. Гэхдээ бид ийм л урт зам туулж энд хүрсэн. Чи бол сайн мэдэх учиртай. Танай Дашинчи­лэн сум гэдэг чинь баруун чиглэлийн аймгуудын холбооны дамжлагын гол зангилгаа цэг байлаа. Тэрэн дээр танай аав М.Бадамдорж гуай сууж байдаг. М.Бадамдорж гуайн хоёр их гайхалтай зарчим байдаг юм.  Нэгдүгээрт, юмаа мэддэг, хоёрду­гаарт ёс их хатуу сахидаг. Тэрнээс нь болоод М.Бадамдорж гуайгаас ер нь баруун аймгийн бүх холбоочид айдаг. М.Бадамдорж гуай юу гэнэ үү тэр бол хууль шахуу. Намайг сур­гууль төгсөөд хүрээд ирэхэд л Да­шинчилэнгийн Бадамдорж гээд нэг зартай хүнийг л би анх сонсож байсан юм. Тэгээд сүүлд нь танилцаад ойр дотно сайхан харилцаатай болж байлаа. Наанаа хурц ааштай ч цаанаа сайхан цагаахан хүн байсан юм. Холбооныхоо төлөө л амьдралаа зориулсан. Ажлын төлөө бол хэнтэй ч үзнэ. Төрийн өмнө хүлээсэн үүргээ тэгж л ягштал биелүүлдэг тийм л сайхан хүн байсан юм. Ерөөсөө юмаа мэддэг хүн л хүмүүсийг  эрхэндээ оруул­чихдаг. Мэдэхгүй зүгээр шал­дир бульдар хоосон цээжнүүд бол тэгж ажиллаж чадахгүй шүү дээ.

-Хөвсгөлийн боронзон шугам татах ажилд аав явж байсан юм байна лээ. Дараа нь Архангайд ажиллаад, тэгээд Дашинчилэнд суурьшсан. Радио релейний станц гэдэг юм байгуулагдаж аав удир­дах болсон. Таны үечилснээр тэр эхний 10  жил буюу 1955-1965 хүр­тэл Харилцаа холбооны шинэч­лэл, дараагийн шинэчлэлийн гол ажил одоо энэ радио релей гэдэг юм биз дээ?

-Эхний арван жилийн шинэчлэл нэгдүгээрт, бүх аймаг боронзон шу­гам­тай болсон. Хоёрдугаарт нь, тэр үед чинь бараг 150 шахам сум ай­магтайгаа холбоогүй байлаа шүү дээ. Ялангуяа говийн сумд. Тэгээд 1960-1965 оны хооронд бүх сумыг ай­магтай нь холбож радио холбоотой болгосон. 1965 он гэхэд Монгол Улсад холбоогүй сум байхгүй болсон. Энэ бол бас л тухайн үед их дэвшилт бай­сан юм шүү.

-Радио релейний станц бариг­дах болоод л баахан дарга нар, оросууд манайд ирээд бөөн хөл хөдөлгөөн болж байсныг санадаг юм. Орос ах нар нарийхан ган утас­ны гадна талын өнгө өнгийн бү­рүү­лүүдийг жижигхэн шүр шиг хэр­чиж хэлхээд надад зүүлт хийж өгөөд л. Уулан дээр станц гээд санс­рын хөлөг шиг дугуй төмөр байгууламж бариад л. Төд удалгүй зурагт­тай болсон шиг л санагдаж байна. 
-Холбооны яам байгуулагдаад анхны хийсэн зүйл маань саяын зүйлс. 1966 онд зурагт радиогийн суурийг тавиад, 1967 онд ашиглалтад орсон.

-Таныг сургуулиа төгсөөд ирэхэд манай Улаанбаатар хот зурагтгүй байсан уу. Москвад төгсөөд ирчихсэн, мөрөөдөл гэж дүүрэн. Жинхэнэ шатна биз дээ?
-Бүх залуу нас л тийм байдаг байх. Бүгдийг л хиймээр санагдана. Нэг сонирхолтой юм нь би Баян-Өлгий аймгаас өнөөдөр нь орж ирээд, мар­гааш нь зурагт, радиогийн суурь тавих ёслолд оролцож байгаа юм. Холбооны яамны орлогч сайд болчихсон. Одоо тэр өдрийн зураг байдаг юм.

-Хамгийн анх за, одоо зурагт гарахад бэлэн боллоо гээд бүх юм жин тан болно оо доо. Тэгэхэд бол Төв хорооны улс төрийн товчоо­ныхон ч юм уу, Холбооны сайд нар л анх зурагттай болно биз дээ. Та анх хэзээ зурагттай болж байсан бэ?

-Сонин асуулт юм. Эхлээд нөгөөх зурагтыг чинь худалдаж авчирч хүмүүст тараалаа. Тэр үед чинь темп-6, темп-7 гээд Оросын хоёр янзын том жижиг хоёр тийм экрантай телевизор авч ирж тарааж байлаа. Эхний ээлжид 3000 телевизор л оруулж ирж байсан юм даг. Тэгээд тэр 3000-аас чинь өөрөө мэдээж нэгийг нь авалгүй дээ. Тэр чинь бас хөөрхөн үнэтэй. Темп-6 нь 1600 төгрөг, темп-7 нь 1900 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгэхэд би орлогч сайд хүн хэдий ч цалин маань нөгөөхийг чинь авчихаж хүрэхгүй. Тэгээд одоогийнхоор лизинг маягтай зээлээр л авч тавьж байлаа шүү дээ. Мэдээжийн  хэрэг том дарга нар авцгааж таарна.

-Эхлээд Орбитын нэвтрүүл­гүүд л гараад эхлэсэн үү?

-Үгүй ээ, үндэсний нэвтрүүлгүүд гарч эхэлж байгаа юм. Ингээд байж байтал Зөвлөлтийн нэг том төсөл явлаа. Одоо энэ сансрын ууд­мыг энхтайвны зорилгод ашиглах, социалист орнуудын интеркосмос гэж том байгууллага байгуулагдлаа. Энэ байгууллага байгуулагдсаны үнд­сэн дээр нэгдүгээрт, сансрын хол­боо ороод явчихаж байгаа юм. Сансрын хиймэл дагуулаар дам­жуулж холбоо барих ийм технологи. Хоёрт нь, тэр сансрын хиймэл да­гуулаар ус цаг уурын тандалт хийх. Гуравдугаарт нь,  ерөөсөө байгаль орчны тандалт. Дөрөвт нь, сансарт хүн амьтан нисдэгтэй холбогдуулаад анагаахын их том туршилтууд хийх, тав дахь нь ерөөсөө одон орныг суд­лах ийм таван их том эрдэм шин­жилгээний чиглэл гарсан. Тэрний нэг нь сансрын холбоо. Сансрын холбоо­ны хөтөлбөрийн сансрын холбооны хэсгийг нь манай Монголын талаас би хариуцаж 20 гаруй жил ажиллалаа л даа. Тэгээд энэ ажлын хүрээнд ма­найд анхны “Орбит” станц бай­гуулагдаж байгаа юм. Ерөөсөө би Оро­сыг муу хэлсэн хүнд их дургүй. Оростой холбоотой бидний түүхэнд сайн муу юм, алдаа оноо байсан бол ихэнхийг нь бид нар өөрсдөөсөө болж гаргаж байсан болохоос биш Оросоос болж гаргаж байсан юм ерөөсөө байхгүй. Монголын Харилцаа холбоог хөгжүүлэхэд  60 сая рубль шууд бу­цалт­гүй тусламж болгож манайд шилжүүлж өгч байсан өөр ямар орон байсан юм бэ. Тэр 60 сая рублиэр чинь бид 4000 км урт радио релейний шугам, зургаан аймагтаа их, бага хүч­ний радио станцууд бай­гуулж авч байлаа шүү дээ. Үр дүнд нь сансрын холбооныхоо харилцдаг төхөөрөмж юмаа, хүлээн авдаг, нэвт­рүүлдэг төхөөрөмжүүдээ иж бүрэн тоноглож авсан. Ийм юмнууд хийсний үр дүнд хөдөө орон нутагт телевизийн нэвтрүүлэг үзүүлэх  асуудал  аян­даа шийдэгдээд явчихаж байгаа юм л даа. Манай инженер, техникийн ажилт­нуудын нэг сайхан юм нь юу вэ гэхээр оросуудын олгосон боломжин дээр чадлаараа зүтгэж энэ ажлуудаа хийж авсан. Одоо тэд нарын нэг болох сайхан хүн байна, Мятав гуай гээд. Манай хамгийн ахмад зүтгэлтэн, 87-той.

-Мятав гуай манайд их очиж байсан.
-Тэр тэгэлгүй яахав. Улаанбаатар зурагт, радиотой болчихлоо. Мэдээж энэ бол сайхан хэрэг. Гэтэл маргаа­шаас нь хөдөө аймгууд шаардаад эхэлж байгаа юм. Тэгээд хамгийн түрүүнд энийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр нэг олсон арга нь дүрс бич­лэгийн магнитфонд үндэснийхээ нэвт­рүүлгийг бичээд, тэгээд магнит­фоноо хөдөө аваачиж нэвтрүүлдэг юмыг эхлээд Дарханд, дараа нь Хөвс­гөлд, дараа нь Дорнодод гэхмэтчилэн хийлээ. Үгүй, яахав бас зураг­таа үздэг болсон. Ганцхан гэм нь Улаанбаатарт өнөөдөр гарсан юмыг маргааш нь тэнд үздэг. Тэр үеийн нэг сайхан юм нь аймгууд руу өдөр болгон онгоц нисдэг. Тийм учраас тийш нь нэвтрүүлэг хүргэх асуудал ямар ч саад тотгор байдаггүй  бай­лаа л даа. Энийг анх санаачилж хэрэгжүүлж байсан хүний нэг нь бол манай Мятав гуай. Балдандорж гээд зурагт радиогийн ерөнхий инженер сайхан хүн байсан. Хөөрхий минь, бурхан болчихсон.

 -Бид социализмын үед хөдөө сумд өссөн хүүхдүүд. Тэр үед л оросууд ирж радио релейг барьж байсан. Хамгийн хөгжингүй, хам­гийн шинэ салбар холбоо л бай­сан. Тухайн үед социалист орнуу­даасаа жаахан хоцрогдмол явсан л байх. Гэхдээ л та нар улсынхаа ха­рилцаа холбоог хөгжүүлсэн гавьяатай. Харин одоо дэлхийн төвшинтэй харьцуулахад манайд ямар холбоо байна вэ?
-Яг эндээ гэж ярихад нэг сайхан юм нь өнөөдөр манай Монголын холбоо бол дэлхийн төвшинд хүр­чихэж. Дэлхийн төвшинд явж байна. Саяхан л бид уулзаад ярьж байц­гаалаа. Анхны үеүдээ, өнөөдрөө бүг­дийг нь дурсаад л. Манай Д.Готов сайдын санаачилгаар бид 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Мэдээлэл харилцаа холбоо ба холбоочин түүх судлалын төв” гэж ийм төрийн бус байгууллага байгуул­сан юм. Тэгэхээр энэ байгууллага маань хоёр үндсэн зорилготой. Д.Го­тов гуай бид хоёр энэ олон жил холбооны салбарыг удирдаж ажиллаж байхдаа нэг зүйлийг их ойлгосон. Манайхан чинь юм хийчихсэнээ гайхаад байдаг, тэрийг хэн хийсэн юм, яаж хийсэн юм гэдэг дээр юм байдаггүй. Эцсийн эцэст яах вэ гэхээр энэ хийчихсэн юмыг чинь хийх гэж санааг нь гаргахаас эхлээд хийгээд бүтээгээд хэрэглээнд оруу­лан оруултал хүн энэ ажлыг бүтээнэ. Хүнээ бид дандаа мартчихдаг. Тийм учраас бид нар энэ “Харилцаа холбооны түүх судлалын төв” гэд­гээрээ юу хийх гээд байна вэ гэхлээр нэгдүгээрт, холбооныхоо түүхийг бүр эхнээс нь нягтлан судалж бүтээе. Хоёрдугаарт, тэр түүхийг бүтээлцсэн холбоочдынхоо түүхийг холбоочин нэг бүрээр нь хийж гаргая. Тэгээд үүнийгээ электрон цахим санд байр­луулаад, дараагаар нь нөгөөдөхөө аваад “Монголын мэдээлэл харилцаа холбооны нэвтэрхий толь” гэдэг нэртэй ийм номыг хийе. Нэгдүгээрт, холбооны маань техник яаж хөгжиж байж вэ, хоёрдугаарт тэр хөгжлийн явцад хэн гэдэг холбоочин хэдийгээс хэдий хүртэл ямар ажил хийж, ямар бүтээл туурвиж байж вэ гэдгийг нь нөгөө нэвтэрхий тольдоо бичиж гар­га­даг болгоё гэсэн ийм зорилготой нэ­гэн төрийн бус байгууллага байгуул­чихаад өнөөхийгөө хэрэгжүүлэх са­наатай л хоёр хөгшин зүтгээд л байна л даа. Д.Готов гуай бид хоёр Моск­вагийн Холбооны сургуульд хамт су­ралцсан. Тэгэхдээ Д.Готов гуай 1953 онд очсон юм байна лээ. Нэг жил бэлтгэл хийгээд, надаас нэг жилийн өмнө төгссөн. Тэгээд энд хүрч ирээд Д.Готов гуай сайдаар, би орлогчоор нь 13 жил хоёулаа хамт ажилласан. Надаас яг 10 ах. Хүн их сонин юм. Насаа ахиад ирэхээр бие биедээ илүү сайн ч ойлгодог болдог юм уу. Яагаад ч юм би одоо Д.Готов гуайдаа дэм болж, санаж бодож явж байгаа юмаа хийхэд нь туслах юмсан гэж өөрийнхөө зүгээс хичээх юм.

-Хэдэн жилийн өмнө нэг хальт­хан уулзаж байсан, яг л хэвээрээ гялалзаж яваа харагдсан.

-Одоо 85 настай гэхэд тэр яриа хөөрөө, оюун ухаан бол ямар сайхан гэж санана. Одоо үнэндээ Т.Рагчаа гуай, Д.Готов гуай эд нар шиг ийм сай­хан ярьдаг улсууд ховор байна шүү. Ардчилсан хувьсгал гарч байх үед би Радио телевизийн орлогч дар­га байлаа. Манай дарга Х.Цэвлээ гуай. Сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай. Би сэтгүүлчдээс хоёр хүнийг их хүндэтгэдэг юм. Х.Цэвлээ гуай, Ц.Даш­дондов гуай хоёрыг. Өөрөө сэтгүүлч биш ч гэсэн тэд нарын биччихсэн юмыг уншаад хараад ин­гэж бичиж сурах юмсан гэж их боддог байхгүй юу.

-Улс төрийн товчооны хуралд та ордог л байсан л биз дээ?
-Орж байлгүй яахав. Би бол Ю.Цэдэнбал даргад их хүндэтгэлтэй ханддаг хүн. Одоо бодоход зайлуул бие нь муудаж байсан л үе юм байна лээ л дээ. Нэг гайхал төрүүлсэн юм юу вэ гэхээр 1986 он ч юм уу даа. Мон­гол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хурал болох гээд тэр комиссын дарга нь Д.Майдар гуай байсан. Тэгээд Б.Майдар гуай нө­гөө комиссын хурлын асуудлаа Улс төрийн товчоонд оруулж хэлэлцүү­лэх­гүй юү. Тэгэхэд манай сайд байх­гүй байсан юм болов уу даа, би л оч­сон юм. Монгол, Зөвлөлтийн Засгийн  газрын хоорондын комисс гэхээр чинь Монгол Улсын аж ахуйн бүх салбарыг хамарчихдаг юм чинь. Бүх л яамны сайд, орлогч нар, хэлтсийн дарга нар, тэр харилцаа гадаад ха­рилцаа эрхэлдэг бүх хүнсууж байх­гүй юу. Тэгэхэд чинь С.Жалан-Аажав гуайг ажлаас нь чөлөөлчихсөн байсан үе. Ц.Намсрай улс төрийн товчоонд орж ирээгүй, нарийн бичгийн дарга болоогүй байсан.

-Аль Намсрай?
-Ц.Намсрай. Ц.Намсрай чинь манай Хөвсгөлийн 10 жил төгссөн хүн шүү дээ. Надаас гурван жилийн дараа. Ц.Намсрай ерөнхий хэлтсийн дарга. Тэгсэн чинь Ю.Цэдэнбал дарга ерөөсөө гартаа барьсан юм алга. Мань нөхөр орж ирээд ширээний голд суулаа. Д.Майдар гуай яахав дээ босоод л асуудлаа танилцуулсан. Тэгсэн гэнэтхэн Д.Майдар гуайг зог­соо­гоод л Ж.Батмөнх даргад хандаж хэлж байгаа юм. “Үгүй ээ, Ж.Батмөнх өө, чи энэ Д.Майдарыг өөрчлөхөд яадаг юм бэ, энэ чинь одоо нэг муу ма­лын л эмч шүү дээ. Энэ одоо эдийн засагт юугаа мэддэг юм” гэж тэр олон хүний дэргэд хэлдэг байгаа. Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлө­лийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд байгаа тийм хүнийг шүү дээ. Тэрэн дээр би Ю.Цэдэнбал даргыг үнэхээр гайхаж байсан юм. Тэр ху­рал өнгөрөөд л маргааш нь Д.Майдар гуайг ажлаас нь өөрчилсөн.

-Би таны хувийн асуудал руу орж байвал та татгалзаж болно шүү. Та  орос эхнэртэй байсан. Ю.Цэ­дэнбал гуайг зарим улс орос эхнэртэй сэхээтнүүдэд ээлтэй, их талтай байсан гэж ярьдаг. Тантай тийм хувийн харилцаа байсан уу?

-Ю.Цэдэнбал гуайтай би хоёр удаа маш удаан хугацаагаар ярилцаж үз­сэн. Нэг нь, 1976 онд Ю.Цэдэнбал дар­га Москвад Зөвлөлтийн Комму­нист намын 26 дугаар их хуралд оролцчи­хоод буцаж ирээд телевизээр үг хэлэх­гүй юу. Мэдээж тэнд би очих ёстой. Тэнд тэгж уулзаад явахдаа, чи мар­гааш надтай очиж уулзаарай гэж бай­на. Би ч маргааш нь очиж уулзлаа. Өдөр 14 цагт очсон, оройн 19 цаг хүр­тэл хоёулхнаа ярилцсан.

-Ю.Цэдэнбал дарга цаг сайн барих уу?
-Цаг барина, яг тэр хэлсэн цагтаа. Нэг зовлонтой юм байдаг юм байна лээ. Ерөөсөө Ю.Цэдэнбал даргын өрөөнд хүн сууж байхад гаднаас хэн ч орохгүй. Ямар сайндаа яриа дуу­саад гарч ирэхэд өнөө товчооны ги­шүүд, баахан улсууд тэр үүдэнд нь хү­­лээчихсэн. Намайг гараад ирсэн чинь жигтэйхэн их гайхаж том харц­гааж байсан.

-Тэр удаан юу ярих вэ?

-Тэгээд одоо ярьж байгаа юм нь холбооны техникийн юм руу л гүнзгий орж байгаа юм даа. Энэ одоо радио гэдэг чинь яаж ажилладаг юм, энэ телевизор чинь, энэ дүрс мүрс нь яаж ингэж харагдаад байдаг юм. Өөрөөр хэлбэл холбооны техникийн хөгжлийн тухай л ерөөсөө гол яриа явчихаж байгаа юм.

-Ю.Цэдэнбал гуайн түүхэнд манай шинэ үе хэр хүндэтгэлтэй хандсан гэж боддог вэ?
-Их муу хандсан.

-40 жил улс орныг удирдсан хүн  гэхэд ганц музей ч үгүй ?
-Харин тийм, их муухай. Хоёр дахь уулзалт нь 1979 онд охинтойгоо явж байгаад осолд ороод гэр зуур байж байсан чинь Ю.Цэдэнбал дарга утасдаж байна. “Би чамайг аваарт ор­сон гэж сонслоо, бие хаа чинь ямар бай­на, эмчилгээ нь болсон уу, га­даг­шаа явах юм уу” гээд. Үгүй ээ үгүй, зү­гээр гайгүй болсон гэсэн чинь, за чи тэгвэл гайгүй болсон бол би бас хөдөө явж байгаад ирсэн. Хатгуул­чихаад хэд хоног гэртээ байна, чи нэг хүрээд ирээч гээд энэ төвийн бай­рандаа урихгүй юу. Их удаан ярьсан. Тэгэхэд мань нөхөр анх маркны ту­хай юм асуух гэж дуудсан байгаа юм.

-Шуудангийн марк?
-Тийм. Тэгээд нөгөө юмаа яриад дууссаныхаа дараа өөрийнхөө амьд­ралын тухай яриад явчихсан. Бага нас, за тэгээд хөдөө сургуульд орж байсан оргож байсан, оргож яваад ба­ригдаж бай­сан. Тэгээд сүүлд нь Эр­хүүд сур­гуульд явж байсан, зун ам­ралтаараа хүрч ирээд нутаг руугаа явах гэсэн чинь машинаар явж бай­гаад Лүн сумын ойролцоо машин нь онхол­доод. Тэгээд цаашаа явж чадал­гүй буцаж хүрч ирсэн. Тэгээд дараа нь Улаан­баа­тарт хүрч ирээд Аж үйлд­вэрийн комбинатыг баригдаж байхад тэнд ажил хийдэг, өдөрт нэг төгрөгийн цалин авдаг. Тэгээд 50 мөнгөөр нь 10 хуу­шуур авдаг, эсвэл хонины хуйх­лаад чанасан толгой ав­даг. Би одоо хонины толгой шийрэнд их дуртай шүү дээ гээд л хөөрхий хамаг амьдралаа л ярьж билээ. Тэр хүнд алдсан оносон юм байдаг л байх. Гэхдээ л манайхан Ю.Цэдэнбал даргатай муухай, хү­мүүнлэг бус хандсан.

-Та бол МАХН-ын гишүүн бай­сан биз?

-Тэгэлгүй яахав.

-Хэдэн оны гишүүн бэ?
- Би чинь одоо их эртний хүн шүү дээ. 1957 оны гишүүн.

-Одоо ч гэсэн хэвээрээ биз?
-Хэвээрээ.

-Хуваагдчихсан биз дээ?
-МАН-даа байна.

-Одоогийн намынхаа үйл ажил­лагаанд та хэр ханддаг вэ?
-Хэн мэдэх вэ дээ, ерөөсөө ши­нэч­лэгдсэн юм байхгүй л санагддаг. Ерөөсөө намын ажил явахаа больсон. Гишүүдтэйгээ л их ойр дотно нягт ажлууштай юм шиг харагдаад байдаг юм. Тэгэхэд тийм юм байхгүй шүү.

-Та бол өнгөрсөн нийгэмд то­дор­хой өндөр албан тушаал ха­шиж байсан хүн. Манай өнөө­дөр өргөн хэрэглээний бараа­ны үнэ өндөр байна, шатахууны үнэ өн­дөр байна, амьдрал ядуурч байна, мах үнэд орлоо гээд л дотоодын бухимдал их байх юм. Гэхдээ хүний эцэг эхээс авч төрсөн буян заяа гэж нэг  ойлголт бий. Энэ ч байдаг юм уу, өөрийн олж авсан эр­дэм боловсрол, өөрийн туул­сан түү­хээрээ нэг хэсэг нь амьд­ра­лынхаа нурууг гайгүй аваад яв­чихдаг юм шиг байгаа юм. Би бол таныг тэгж л амьдарсан хү­мүүсийн нэг гэж боддог. Одоо яг та хэр амьдарч байна вэ?
-Би тэтгэврийнхээ хэдэн төгрө­гийг авчихна, тэгээд нэг их сүйд бо­лоод зараад байхгүй юм даа. Тийм учраас амьдралын хувьд надад нэг их зүд­рээд байх юм алга. Хоёр­дугаарт, яа­хав хөөрхий гавьяат хол­боочин  бол­сон биш шаардлага гар­вал хоёрдугаар эмнэлэгтээ үзүүлээд эмчлүүлчих юм. Тийм учраас эм­нэлгийн талаар хүнд­рэл бэрхшээл учраад байх юм алга. Иймэрхүү байдалтай. Гуравдугаарт нь, зүгээр суухгүй, юухан хээхэн хий­гээд бас хэд гурван төгрөг олдоод байх юм.

-Хувийн компанитай юу?

-Байхгүй. Тийм учраас амьдра­лын хувьд нэг их цөхөрч байгаа юм бол байхгүй, хувиа борлуулаад. Хү­нээс дутахгүй амьдарч явна.

-Нутаг руугаа их явна биз?
-Явна аа, явна. Ер нь байнга явна. Би нэг юмыг их гайхдаг юм. Монгол хүний  сэтгэлгээг. Сэтгэл зүйн хувьд хуу­­чин социализмын үед монгол хүнд байгаагүй чанар энэ зах зээлийн ний­гэмд шилжсэнээс хойш эрс тод гарч ирсэн. Тэр зүйл юу вэ гэхээр ямар их шу­наг сэтгэлтэй болчихсон юм бэ. Өнөөд­рийн амьдралын эрээн бараан дотроос энэ шунаг сувдаг сэтгэл яасан тод үнэртэх болоо вэ. Эрх чөлөө олгон­гуут шунаг сэтгэл нь сад тавиад гараад ирж байгаа ч юм болов уу. Энэ авил­гын хэргүүдийг хар. Үнэн хэрэгтээ Мон­голын төр энэ юмыг чинь гаргаж ирээгүй юм шүү. Хувийн хэвшлийнхэн хэргээ бүтээх гэж аваа­чиж өгч байгаад ийм муухай үзэгдлийг гаргаад ирсэн. Үндэс нь шунаг сувдаг сэтгэл шүү дээ.
http://ganchimeg.niitlelch.mn