Sunday, 6 October 2013

А.Галтбаяр: Масс руу чиглэсэн хямдхан боловсрол олгодог тогтолцооноос татгалзана



galtbayar -Бидний урилгыг хүлээж авсан таньд баярлалаа.Энэ удаагийн  дугаарын “Чухал хүн” булангийн зочин маань хаана төрж өссөн бэ? 
 -Ээж аав маань Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Галт сумынх учраас    Галтбаяр гэж нэрлэсэн гэдэг. Би Хөвсгөлд төрсөн ч багаасаа аавынхаа ажлын  шаардлагаар нутгаасаа гарсан. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дарханд өссөн дөө.  Хөвсгөлд төрсөн гэдгээс өөр зүйл бараг л байхгүй дээ.
 -Аав тань ямар ажил хийдэг байсан юм бэ. Нутгаа орхиод явах чухал л ажил байж дээ? 
-Манай аав Д.Артбазар Дархан-Уул аймагт байдаг Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг, газар тарилангийн эрдэмтэн хүн байсан. Ээжийг П.Нина гэдэг, цаг уурч мэргэжилтэй. Аав маань намайг их бага байхад нас барсан. 10 гаруйхан настай байхдаа л ааваасаа хагацсан. Би айлын том хүүхэд.
 -Төрсөн, өссөн нутаг усандаа хэр очих юм. Хүмүүс зав зай гарвал төрсөн нутаг руугаа л их явдаг шүү дээ? 
-Хөвсгөл рүү багадаа л их очдог байсан. Сүүлийн үед явж чадахгүй л байна. Таван жилд нэг удаа л очдог болж. Галт сум их гоё байгальтай. Тиймээс амралтын журмаар л очдог юм. Өссөн нутаг болох Сэлэнгээр их очно шүү. Сургуульд сурч байгаад явчихсан болохоор таньдаг хүн бага болсон байна лээ. Гэхдээ л ээж аавынхаа нутаг, бас өөрийнхөө хүн болсон, өссөн нутгаараа явах гэж зорих л юм.
 -Багадаа ямар хүүхэд байсан бэ. Мэдээж багаасаа ааваасаа хагацсан, тэгээд таны эзэмшсэн мэргэжлийг харахаар их даруухан хүүхэд байсан болов уу гэж бодогдох юм? 
-Нэлээд хөдөлгөөнтэй байсан ч хичээлээ сайн хийдэг байлаа. Наймдугаар ангид орсноос хойш математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Дарханы сургуульд ороод тэрнээс хойш их завгүй болсон доо. Янз бүрийн олимпиадад их орно. Тоо, физик, орос хэлний олимпиадад оролцоно. Төгсөх жил дөхөөд ирэхээр хичээл их болоод ч тэр юм уу их даруухан болчихсон юм даг. Тэгээд ч үймүүлээд явах зав гарахгүй болсон юм уу даа.
 -Яагаад математикийн шинжлэх ухааныг сонирхох болов. Багаасаа л тоочин болох сонирхол байв уу?  
-Анх сонирхож байсан чиглэл гэвэл байгалийн шинжлэх ухаан байсан. Тэр дундаа физикийг их сонирхоно. Тооны сонгонд явдаг мөртлөө л физик сонирхож, физикч болно гэж боддог байлаа. Төгсөх үед хуваарь янз бүр ирдэг шүү дээ. Тэр үед гадаадад физикээр суралцах хуваарь ирээгүй юм. Ирсэн хуваарь нь математикийн чиглэлийнх. Тэгээд л математикийг сонгоод явсан ч суралцах явцдаа математик-физик гэдэг чиглэлийг сонгож суралцсан юм. Сүүлд магистр, докторын зэрэг хамгаалсан чиглэлүүд ч математик-физикийн чиглэлээр байсан. Бас хэлний чиглэлээр их сонирхолтой. Хэл сурах дуртай. Нэг ёсондоо хобби гэх юм уу даа.
 -Ёстой сонин хобби байна. Хэчнээн хэл сурсан бэ? 
-Орос, Англи, Япон гэсэн гурван хэлтэй. Герман хэлийг бас гадарлана.
-Хобби болтлоо судлана гэдэг бас л авьяас шүү. Арга нь юу байв. Зарим нь нэг хэлийг ч сурч чадахгүй явж байна? 
-Ер нь хэлийг ажлын шаардлагаар сурсан. Нөгөө талаар, нэг шинэ хэл сурах болгонд нэг шинэ ертөнцийг нээж байгаа юм шиг санагддаг юм. Тэр сурсан хэлээрээ дамжуулаад тухайн улс үндэстний хэл соёл, шинжлэх ухаан, түүх гээд олон салбарыг нь мэдэж авдаг, хүмүүсийг нь ойлгож сурна. Нэг шинэ цонх нээж байна гэж ойлгодог. Тэр утгаараа хэл сурах арга барилаа ч гэсэн их өвөрмөц байлгадаг. Хэзээ ч дүрэм барьж аваад сурдаггүй. Эхлээд уран зохиолын амархан хэцүү үгтэй ном уншихаар дүрэмгүйгээр хэлнийх нь бүтцийг ойлгочихдог. Сүүлдээ үгийн баялаг ихсээд ирэхээр дүрмийг нь судлах нь амархан байдаг юм. Аль болох олон үг өгүүлбэр уншиж байж хэл сурдаг болов уу гэж боддог.
-А.Галтбаярыг салбарынхан нь бол сайн мэднэ. Харин Их сургуульд хүүгээ явуулсан ээж аавууд ямар хүн хүүгийнх нь сургуулийн удирдаж байгааг сайн мэдэхгүй байгаа. Тиймээс төгссөн сургууль, бас өмнө нь хаана ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
-Аравдугаар ангиа төгсөөд л Москвагийн Их сургуульд суралцах боломж гарсан. Тэнд бакалаврын төвшинд суралцаж байсан учраас ерөнхий мэдлэг авсан. Гэхдээ дэлхийн хэмжээний тэр том сургууль ямар ч асуудлыг томоор харах, илүү нухацтай судлах, биднээс мундаг хүмүүс дэлхийгээр дүүрэн байдаг гэдгийг илүү тод мэдрүүлдэг байсан. Төгсөөд МУИС-д ирж зургаан жил багшлаад дараа нь Токиогийн Их Сургуульд магистр, докторын зэрэг хамгааллаа. Тэнд мэдээж арай өөр төвшний сургалт явагдана. Судалгаа хийнэ, асуудлыг шийддэг болж сурахад суралцсан. Миний хувьд их том туршлага болсон. Японд сураад олж авсан гол зарчим бол онолын мэдлэг гэж байдаг ч тэрний цаана  түүнийг судлах болсон шалтгаан байдаг, утга учиртай зүйлийг судлах ёстой гэдэг зарчим. Тэрнээс биш математикийн олон онол мэддэг боллоо гээд мундаг болчихгүй
-Багш хийж байх үеийн жирийн ажлын өдөр, Их сургуулийн захирлын ажлын нэг өдөрт ямар ялгаа ажиглагдах юм. Нэг өдрийн ажил ямар байдлаар өрнөдөг вэ?
-Багш хүн үндсэн хоёр төрлийн л ажил хийнэ. Нэгдүгээрт, хичээлээ заана. Хоёрдугаарт, судалгаа, шинжилгээний ажилдаа анхаарлаа хандуулна. Тогтсон ажилтай, бас өөрөө чөлөөтэй ажиллах цагаа гаргачихна. Харин их сургуулийн захирал байна гэдэг нь их өргөн хүрээтэй, өөр түвшинд сэтгэж, манлайлах ёстой ажил юм.  Манай сургууулийн нэг ахмад багш их сургуулийг удирдана гэдэг нь том хөлөг онгоцыг салхи, шуурган дундуур залахтай адил гэж зүйрлэж байсан нь санаанд орж ирж байна.
-Та МУИС-ийг шинэчлэх “Реформ” багийн гишүүн байсан. Шинэчлэх талаар ярьж байсан хүн маань одоо захирал нь болчихлоо. Шинэчлэлээ хаанаас нь эхлэх гэж байна вэ?
- МУИС-ийн тэргүүлэх зорилго бол судалгааны их сургууль болох явдал.  Судалгааны их сургууль болно гэдэг нь хамгийн шилдэг судлаач-багш нар, хамгийн шилдэг оюутнууд, хамгийн шилдэг орчныг бүрдүүлж байж, шинэ мэдлэг бүтээж, чанартай боловсрол, мэргэжил олгоно гэсэн үг.  Тэгэхлээр бидний баримтлах зарчим бол шигшилт, өрсөлдөөн, чанар гурав байх болно.  Тухайлбал олон улсын мэргэжлийн сэтгүүл болон нэр хүндтэй хэвлэлийн газруудад эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлдэг болон өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтэн судлаачдаа дэмжинэ,  мөн ийм хүмүүсийг сургуульдаа татан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана.  Ер нь МУИС нь манай хамгийн шилдэг, хамгийн бүтээлч эрдэмтэд, хамгийн шилдэг орчинд ажилладаг эрдмийн уурхай байх ёстой.   
-Монгол Улсын өмнөө барьдаг Их сургууль бол МУИС. Гэтэл дэлхийн том, том сургуулиуд шиг МУИС-ийг тэр болгон мэддэггүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын салбарт суралцагчдаа таниулах, бас өөрсдөө танигдах талаар учир дутагдалтай ажиллаж ирсэн гэдэгтэй санал нийлэх үү?
- МУИС-ийг дэлхийн том сургуулиудтай харьцуулсанд баярлалаа.  Өнөөдөр Монгол улс өөрөө дэлхийн хамтын нийгэмлэгт танигдаж, өөрийн гэсэн орон зай, байр суурьтай болох үйл явц явагдаж байна.  Түүний нэгэн адил МУИС ч гэсэн олон улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт байр сууриа эзэлж эхэлж байна.  Тухайлбал, өнөөдөр МУИС-д АНУ, Англи, Япон, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан 100 шахам эрдэмтэд ажиллаж байна.  Манай эрдэмтэд олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж байна.  Зөвхөн 2013 онд гэхэд МУИС-ийн эрдэмтэд 40 гаруй бүтээлээ хэвлүүлсэн байна. Тэр ч байтугай манай зарим эрдэмтэд Харвард, Стэнфорд, Принстон, Кэмбрижийн их сургууль, Макс Планкийн институт зэрэг олон газруудад ажиллаж байна.  Манай шилдэг эрдэмтэд олон улсын нэр хүндтэй сангийн төслүүд дээр гадны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.  Тухайлбал Биологийн сургуулийн профессор Болдгив, Баатарбилэг нар АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний сангийн санхүүжилттэй судалгааны төслийг Америкийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тэгэхлээр МУИС маш богино хугацаанд олон улсад өөрийн байр суурьтай болж эхэлж байна.  Харамсалтай энэ нь эхлэлийн төдий байна.  Тиймээс бид энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой.
-Хэчнээн улстай хамтран ажилладаг юм бол. Азийн улс орнуудтай хамтын ажиллагаа илүү эрчимтэй байдаг гэж дуулсан?
- 120 гадаадын их сургуулиудтай гэрээтэй ажилладаг, Тухайлбал,  манай Физикийн сургууль дээр Даваасамбуу багшийн санаачлагаар Германы Зийгений их сургуультай магистрын төвшинд “1+1” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энд нэг жил сураад, Германд нэг жил сурдаг. Энэ мэт жишээ дурьдвал олон бий. Энэ бүх ажлууд нь манай сургуулийн чадварлаг профессоруудын санаачлагаар бий болсон зүйл юм. Бид сүүлийн жилүүдэд дотоод хамтын ажиллагаанд маш анхаарлаа ихээхэн хандуулж байгаа. Судалгаатай юм хийхгүй бол болохгүй нь ээ гэдгийг улстөрчид, шийдвэр гаргах түвшний хүмүүс ойлгодог болж. Тэр судалгааг хэн хийх вэ гэхээр манай эрдэмтэд л хийнэ. Бид юу хийж чаддаг вэ гэдгээ харуулах ёстой. Асуудлыг шийдэж явахдаа гадны туршлагыг судлах нь маш чухал.
-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж байх үед багш нартайгаа үл ойлголцсон асуудал гарсан байна лээ. Ойлголцож чадсан уу, тэдний зүгээс ямар байдлаар хамтарч ажиллах санал хүсэлт гаргаж байна вэ?
-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын үйл явц их удаан, төвөгтэй үйл явц байсныг та сайн мэдэж байгаа байх.  Тиймээс зарим нэг хүмүүс үйл ойлголцол бий болсон гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй.  Миний хувьд багш нартайгаа үйл ойлголцсон асуудал байгаагүй гэж бодож байна. 
-Их сургуулийн багш нарын ур чадварын асуудал их хөндөгдөж байна. Цалин бага учраас цагаар өөр сургуульд багшилдаг, хэдэн лекцээ ном болгож оюутнууддаа шахаж мөнгөтэй болдог гэх мэтээр. Энэ асуудлыг ч та шүүмжилж л явсан байлгүй. Энэ бүхнийг өөрчлөх, эсвэл арай дөнгүүр болгож сайжруулах гарц байна уу?
- Тиймээ, МУИС-д ийм асуудал бий.  Ялангуа МУИС судлагааны их сургууль болон хөгжихөд багш нарын эрдэм, шинжилгээ судалгааны чадварыг ихээхэн нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бид судалгаанд суурилсан сургалт явуулах ёстой.   Чадварлаг судлаач багш гэдэг бол Их дээд сургуулийн хамгийн гол хөдөлгөгч хүч. Тиймээс өөрийнхөө бүх мэдлэг, чадварыг оюутнуудынхаа төлөө, судалгаандаа зарцуулаад явж байгаа багш нарыг үнэлдэг болно. Хуучин явж байсан цалин нэмэгдвэл бүгдээрээ нэмэгддэг, ажил хийдэг хийдэггүй нь мэдэгдэхгүй цалин авдаг системээс татгалзана. Цалин хөлс, урамшууллаар нь хангалттай үнэлсэн эрдэмтэн, судлаач шиг болох юмсан гэсэн хүсэл бусдад нь төрөхөөр сайн ажиллах орчин, цалин хангамжтай болгоно. Багш нарын шатлал, эрэмбийг шинээр хийнэ. Цалинг нь ч гэсэн өөрсдийнх нь хийсэн бүтээснээр чөлөөтэй олгох болно.
-Гадаадад ажиллаж байгаа мундаг залуучууд олон байна шүү дээ. Тэд энд ирээд багшлах сурсан мэдсэнээ заах гэхээр цалингаа голдог. Энэ талаар МУИС-ийн зүгээс ямар бодлого барих бол?
-Үнэн. Харамсалтай нь МУИС-ийн өнөөгийн санал болгож буй цалин хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байгаа.  Гэхдээ манай эрдэмтэд сургуульдаа ирж ажиллаж байна.  Тэгэхээр бид цалингийн системээ өөрчилж, эдгээр эрдэмтдийг татахуйц нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана. Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа манай эрдэмтэд Монголдоо буцаж ирж, бидэнтэй хамт улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдэгт найдлага тавьж байгаа.   
-Төр Их сургуулийг дэмжихгүй хаячихсан, цалингаа нэмэх гэхээр мөнгө байхгүй гэдэг шалтгааныг Их сургуулийн захирлууд их хэлдэг. Тэгээд л сургалтын төлбөр нэмдэг, өнөөх нь эсэргүүцэлтэй тулгарч, иддэг уудаг нэр зүүдэг байдал их гарах боллоо. Тиймээс сургалтын төлбөрөө нэмсэн шиг нэмээд чадалтай, мундаг хүмүүсийг хангалттай урамшуулал, цалин өгөөд чанартай боловсон хүчин төгсгөж гаргах боломж байна уу. Үнэндээ хувийн дунд сургуулийн жилийн төлбөрөөр улсын Их сургуульд дөрвөн жил сураад “тахир дутуу” боловсрол эзэмшиж байгаа нь нууц биш?
-Нэг жилд аравдугаар ангиа төгсч байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дээд сургуульд орж байна. Тэдний 60 гаруй хувь нь улсын сургуульд ордог. Бараг л дунд сургууль шиг болсон. Тэдний дунд боломжтой, боломжгүй маш олон давхарга байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгддөг учраас төлбөрийн асуудал мэдээж шүүмжлэл дагуулдаг. Бид чанартай боловсрол өгөхийн тулд багш нартай гайгүй цалин өгөх ёстой. Масс руу чиглэсэн хямдхан боловсрол олгодог тогтолцооноос аль болох татгалзана. Гэхдээ сайн сурлагатай мөртлөө төлбөрийн боломжгүй амьдралтай хүүхдүүд олон байдаг учраас тэдэнд чиглэсэн бодлого зайлшгүй хэрэг болно. Боломжгүй амьдралтай сайн сурлагатай хүүхдүүдээ бид төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх, эсвэл бусад оюутнуудынхаа төлбөрөөс урамшуулал өгөх зэргээр дэмжиж явна. Энэ жил МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг бий болгосон. Улсын чанартай олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдэд 100-50 хувь хүртэл сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.
-Хувийн их дээд сургуультай дарга сайдын нөлөөгөөр МУИС дарагдаж ирсэн гэдэг шүүмжлэл байдаг. Нөгөө талаар төр тэр дундаа улс төрийн намууд боловсролын бодлогод нөлөөлөх, захирал, багшийн томилгоог хийх, боловсролоор амлалт өгөх нь хэр зөв асуудал юм бэ. Энэ нь Их сургууль хөгжихгүй байгаа нэг гол шалтгаан болдог?
- Тиймэрхүү тал байдаг байх.  Харин Монгол улсын Засгийн газраас дээд боловсролд чанарын шинэчлэл хийх бодлого явуулж байгаа.  Энэ бодлогын нэг чухал асуудал нь их сургуулиудын бие даасан байдлыг хангах явдал.  Энэ бодлогын хүрээнд таны яриад байгаа асуудлууд шийдэгдэх байх гэж бодож байна.  
-Их дээд сургуулийн тоог цөөлөх талаар ярьж байна. Гэтэл үнэндээ бол МУИС-ийн харьяа гэх малгай өмсгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг. Тоог цөөлөх нь зөв үү?
-Цөөлөх багасгах нь бодлого биш. Асуудлын мөн чанар нь бидний бэлтгэж гаргаж байгаа хүмүүс ажлын байртай болсон уу, мэдлэг авч чадсан уу гэдэг асуудал. Тоо чухал биш. Улсын сургуулиудын хувьд ямар бодлого барих ёстой вэ гэхээр давхардсан бүтцээ өөрчлөх ёстой. Ус дулааны мөнгөнөөс эхлээд улсаас авах татаас их байдаг. тэгээд тэрнийг нэмэгдүүлэх гэхээр олон давхардсан бүтцэд өгөх утгагүй байхгүй юу. Энд тэнд баахан эдийн засагч бэлтгээд л байдаг. Тэр нь тэгээд чанаргүй байвал бүр утгагүй. Энэ утгаараа цөөлөх сонирхол байгаа. Механикаар цөөлөхөөс илүүтэй бодлогоо зөв тодорхойлмоор байгаа юм. ХААИС, ЭМШУИС, МУИС, МУБИС гээд үйл ажиллагаа, төгсөх боловсон хүчин нь өөр өөр гэж улс харж байгаа бол давхардал гаргаж болохгүй. ХААИС дээр жишээ аваад үзье. Тэнд малын эмч, агрономич бэлтгэж байлаа гэхэд, хажуудаа бас эдийн засагч бэлтгэх жишээний. Тэнд эдийн засгийн сургууль байх уу, үгүй юу гэдгийг харахаар байх хэрэггүй юм шиг. Гэтэл малын эмч нь бас менежмент мэддэг байх хэрэгтэй болно. Тиймээс малын эмч бэлтгэхдээ менежментийг нь заадаг цомхон бүтэц л тэр сургуульд хэрэгтэй. Тусдаа эдийн засагч бэлтгээд байх хэрэггүй гэсэн үг. Би ингэж л боддог. Тэрнээс биш сургуулийг нь тэр чигээр нь ийш тийш болгож, нэг малгайнд чихээд, наалдуулаад байх нь бодлого биш. Орон зай ч алга.
-Их дээд сургуулийн хөгжил, тогтолцооны талаар төрөөс явуулж байгаа бодлого зөв явж байна гэж боддог уу. Л.Гантөмөр сайд их л өөр болгоно гэж яриад байгаа?
-Сайдын хувьд дан ганц дээд боловсрол гэхгүй дунд сургуулийн төвшинд хүүхдийг хөгжүүлэх талаар анхаарч байгаа нь зөв гэж боддог. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дунд сургуульд нь илрүүлнэ гэдэг бол тухайн хүүхэд цаашдаа ямар Их сургуульд, аль чиглэлээр сурах вэ гэдэг замаа олоод авчихна гэсэн үг. Тэгснээр баахан эдийн засагч, багш, гадаад хэлний орчуулагч төгсдөг байдал алга болно. Би өөрөө гурван хүүхэдтэй. Өөрийнхөө амьдралд ойрхон жишээгээр ярих гээд байна. Хүүхдүүд маань би юу хийж чаддаг вэ гэдгээ дунд сургуульдаа олж авах ёстой. Нэг зүйлээр итгэл өгөх хэрэгтэй. Дуу, тоо, уран зураг, гадаад хэлэндээ сайн гэдгээ мэдээд, түүнийг нь сургууль, багш нар нь дэмжээд өгөх юм бол хүүхэд өөрөө итгэлтэй болоод тэр арга барилаараа цаашаа сураад, бусдыг нь сураад явчихдаг. Сайдын энэ арга барил их таалагдаж байгаа. Дээд боловсролд сургалтын чанарыг сайжруулах бодлого барьж байгаа нь зөв. Яамны зүгээс Их дээд сургуулийн захирлуудын саналыг сонсох, ажлын хэсэг байгуулах зэргээр оролцоог нэмэгдүүлсэн нь ололт юм гэж дүгнэсэн. Олуулаа ярихад заавал зөв шийдэл гардаг.
-Таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье
Б.Өнөртогтох  2013.10.03
Монголын мэдээ сонин

Сү.Батболд: Эдийн засгийн төдийгүй бодлогын том асуудлуудын суурийг ч бид тавьсан



УИХ-ын гишүүн, Мон­гол Улсын Ерөнхий сайд асан Сү.Бат­болд­той ярилцлаа.

-Та Ерөнхий сайд бай­сан хүний хувьд эдийн засгийн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд ямар тайлбар өгөх вэ?  

-Ер нь өнгөрсөн дөр­вөн жилд,  2008-2012 онд бид улс орны хөгж­лийн магадгүй, ойрын 10-20 жилийн эрчимтэй хөгж­лийн үндэс суурийг тавь­сан гэж боддог. Олон жил гацсан томоохон төс­лүү­дийг эдийн засгийн эргэл­тэд оруулах төрийн шийд­вэрүүд өнгөрсөн хугацаанд гарсан л даа. Хамтарсан Засгийн газар байгуулж, УИХ-аар дээрх асуудлуудыг оруулсан. Ингээд  Оюу толгой, Та­ван толгой, төмөр замын асуудал мөн эдийн зас­гийн гол гол салбаруудын хувьд томоохон шийдвэ­рүү­дийг гаргасан ийм дөр­вөн жил болж өнгөр­сөн.

Мөн бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, компанийн засаглалыг сайжруулж шинэчилье, Европын стандартыг авч нутагшуулах асуудлыг дэвшүүлсэн. Ингэж эдийн засгийн тө­дийгүй, бодло­гын томоо­хон асуудлуу­дыг ч гэсэн бид хөдөлгөж, суурийг нь тавьсан бай­сан.

Цаг хугацааны хувьд эхлэх үндэс суурийг нь тавиад энэ ажлууд эрч хүчээ 2012-2016 оны хоо­ронд авч, Оюу толгойн төслүүдийн өмнөтгөл нь эхэлж,  жигд­рэх ийм боломж нөхцөл бүрдсэн байх ёстой юм. УИХ-ын шийдвэрийн да­гуу Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асууд­лыг эхлүүлсэн. Зүүн цан­хи дээр үйл ажил­ла­гаа нь эхэлсэн байгаа. Баруун цанхийн үйл ажил­лагааг олон улсын консерциум явуулах асуу­дал дээр яр­вигтай олон талт яриа хэлэлцээнүүд нь эцэс­лэг­дэж шийдэг­дээ­гүй. Ингээд сонгууль дамжиж орж ир­сэн. Ба­руун цанхийн үйл ажил­лагааг Засгийн газ­раас эхлүүлж байгаа нь энэ ажлыг улам эрчим­жүүлж буй ажил гэж бод­дог. Харин ямар зарч­маар, ямар шалгуур үн­дэс­лэ­лээр оператор ком­панийг оруулж ажил­луулж бай­гаа нь бидэнд ил тод, нээлттэй биш бай­гаа юм. Гэхдээ энэ үндэс суу­риа тавьж, эхлүүлсэн төслүүд маань авах ёстой эрч хүчээ өнгөрсөн жил хагасын хугацаанд авч чадсангүй. Зарим төслүүд саатах, удаашрах бай­дал­тай байна.

-Тухайн үед хийгд­сэн гэрээ хэлэлцээ­рүүд муу, үр дүн бага­тай­гаас Монголын эдийн засагт савлагаа үүсээд байгаа талаар зарим төрийн түшээд, эдийн засагчид мэдэгд­сэн. Эдийн засгийн док­тор хүний хувьд танаас тодорхой хариулт авмаар байна?

-Манай Засгийн газ­рын үед ч гэсэн ярьдаг байсан. Мэдээж төгс тө­гөл­дөр болсон гэрээ гэж хэлэхгүй. Эхлэлийг нь бол тавьсан, сайжруулах л ёстой. Энэ утгаар нь  бид хэд хэдэн удаа яриа, хэлэлцээр хөрөнгө оруу­лагч талтай хийж, зээлийн хүүг бууруулах, гуравдагч талд Монгол Улсын Зас­гийн газрын зөвшөөрөл­гүйгээр зарахгүй байх. Манай оролцоо доошоо буухгүй байх гэх мэтийн өөрчлөлтүүдийг хувь ний­лүүлэгчдийн гэрээнд нь оруулж, хийж, өөрчилж ирсэн. Цаашдаа Мон­голын талын хувь орол­цоог нэмэгдүүлэх шаард­ла­гатай яриа хэлэлцээр хийх ёстой гэж Их хурлаас бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу яриа, хэлэлцээр хийж хугацааны хувьд тодорхой 30 жил биш, хөрөнгө оруулалтаа нө­хөж дуусмагц хувь хэм­жээг нэмэгдүүлэх ийм яриа хэлэлцээр хийх бо­ломжтой.

-Тэгэхээр Монголын эдийн засгийн гол зүт­гүү­рүүд маань яавал асч, зөв гольдролд орно гэж та харж байгаа вэ?

-Гол гэсэн төслүүдийг өнгөр­сөн дөрвөн жилд асаа­гаад тавьчихсан. Ха­рин одоо миний түрүү­чийн хэлдэгээр эрч хүчийг нь зөв авахуулж ажиллуу­лах хэрэг­тэй. Энэ ажил маань бидний төлөвлөж байс­наас удаж байна. Үүнийг эрчимжүүлэх ёстой.

-Та бүхэн 2013 оны эхний найман сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийг сайн мэ­дэж байгаа. Эдийн за­сагт үүсээд байгаа хүнд­­рэ­лийг монголчууд хэр­хэн давж гарах бол?

-Эдийн засаг хүндэр­лээ гэдэг асуудал харь­цан­гуй ойлголт л доо. 2008-2009 онд эдийн за­саг хүндэрсэн, хямралын жилүүд байсан шүү дээ. Дэлхийн эдийн засагт өнөөд­рөөс ч илүү хүчтэй хямралтай жилүүд байсан. Хамгийн гол нь бид­ний өөрсдийн хүчин чар­майлт, хүч хөдөлмөр, зөв бодлого, бодлогын зал­гамж чанар, тогт­вор­той бизнес орчин, хөгж­лийн нөхцөлийг хангах ёстой. Сүүлийн жил га­ран­гийн хугацаанаас хара­хад, эдийн засгийн өсөлт буур­­сан. Үүнийг ма­най­хан дэлхийн зах зээл, үндсэн түүхий эдийн үнэ ханштай холбож байна. Өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажилла­гаатай хол­бодог. Евро­пын эдийн засаг хям­ра­лаас гарах хандлагатай байна. АНУ-ын эдийн засаг үзүүлэлтүүдээ сүү­лийн 2-3 жил нэлээн өөд­рөгөөр төсөөлж байгаа. Хятадын эдийн засгийг тэгж үзэж байна. Өмнөх Засгийн үйл ажиллагаа бол нэг­дү­гээрт хамтар­сан Засгийн газрын үйл ажиллагаа байсан. Хоёр­дугаарт УИХ-ын шийдвэр тогтоо­лыг хэрэгжүүлэх байлаа. Жишээ нь, өмнөх Засгийн газар өр тавьсан гэж яриад байдаг юм.

-Ингэхэд тэр өрийн асуудал хаанаас үүс­сэн юм бэ?

-Үнэнийг хэлэхэд Ард­чил­сан нам анх сон­гуу­лийн амлалтыг гарга­сан. Бэлэн мөнгө нэг сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд Ардын нам бас хувь хувь­цаа, бэлэн мөнгө амлана гэж нэмсэн. Ингээд 2008 оны сонгуулиар 1.5 сая төгрөг амласан. Тэгэхээр хоёр нам хоёулаа сонгуу­лийн амлалтыг амлаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл бэлэн мөнгөний амлалт, бэлэнчлэх сэт­гэлгээг гаргах зүйлийг улс төрийн намууд өөрсдөө сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр, уриа, лоозон­доо оруулсан зүйл. Тэрийг нь УИХ хамтарсан Засгийн газар байгуулаг­дахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөр оруулж баталж, Хүний хөгж­лийн сангийн хуулийг баталж өгсөн. Энэ хуу­лийг хэрэг­жүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Хуулийг хэрэгжүүлэх хү­рээнд Зас­гийн газар ажил­ласан. Хүний хөгж­лийн сангийн хуулийн дагуу иргэн бүрт 21 мян­ган төгрөг олгоно гэсэн. Таван толгойгоос ав­сан урьдчилгаа төлбө­рийг авахдаа бид нар ямар нэгэн Засгийн газ­рын баталгаа, бонд гар­гаа­гүй. Засгийн газарт ачаалал үүрүүлээгүй. Ту­хайн компани нь нүүрс­ний­хээ урьдчилгаа төлбө­рийг аваад, тэр төлбөр нь Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу ард иргэ­дэд хүртээгдсэн зүйл. Эр­дэнэтийн ноогдол аш­гийн урьдчилгаа, мөн Оюу­толгойн урьдчилгаа төлбөрүүдийг авч хүний хөгжлийн сангийн хуу­лийг хэрэгжүүлэх ажлууд явагдсан. Энэ өр маань Засгийн газар аваад, Засгийн га­зар дээр тавь­сан өр биш. Тухайн аж ахуйн нэгжүү­дийн ноог­дол ашгийн эс­вэл бүтээг­дэхүүнээр төлөх төлбөр, урьдчилгаа байсан. 2011 онд бид 4,9 тэр­бумын зарлагатай бай­сан. 2012 онд зургаан тэрбумд хүр­сэн. Одоо бол 7.4 тэрбум болж байгаа. Өмнөх жи­лүү­дээс өндөр, төсвийн зарлагыг бат­луул­сан. Хэдий өрийн тухай ярьж байгаа ч гэсэн боди­той­гоор үлдээсэн илүү зүйл нь болбол бид Хөгж­лийн банкинд 580 сая ам.дол­ларын зээлийг сон­гуу­лийн өмнөх нь тав­дугаар сард аваад, тэр чигээр нь ашиглахгүйгээр дараа­гийн Засгийн газарт шил­жүүлж өгсөн. 1.5 тэр­бум ам.долларын дүнтэй “Чингэс” бондыг Засгийн газар гаргасан. Энэ бол өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны зал­гамж чанар, бий бол­го­сон хөрс нөхцөлийг л олон улсын банк санхүү­гийн зах зээл дэмжиж өгч бай­гаа зүйл. Ийм мөнгө гарч ирсэн. Монгол банк­наас үнэ тогтвор­жуулах хөтөл­бөрийн хү­рээнд гур­ван их наяд төг­рөгийг эдийн за­саг руу оруулсан байгаа. Дээр нь Засгийн газарт нэг тэрбум төгрөг­тэй тэн­цэх бондыг дотоод­доо гаргасан. Тэгэ­хээр өмнөх Засгийн га­зарт ийм бо­ломж, тансаг­лал бай­гаагүй.

-Таны хэлсэнчлэн ийм дэмжлэг байгаа мөрт­лөө яагаад эдийн засаг маань бууралт­тай, валютын ханш нь савлагаатай, үндсэн нэр төрлийн ба­раа бү­тээгдэхүүний үнэ ханш өсөлттэй байна вэ?

-Эдийн засгийг бид улам төлөв­шүүлж явуу­лах ёстой. Энэ дээр хэд хэдэн зүйл бай­гаа­гийн нэг нь төрийн бодлого маань өөрөө зал­гамж чанараа хадгал­даг байх ёстой. Өмнө нь олсон ололтоо үгүйсгэх биш, улам батал­гаа­жуулж яв­даг зарчим байх ёстой гэж үздэг. Үгүйсгээд бодло­гыг өөр­чилсөн юм олон зүйл дээр байхгүй ч гэсэн эргэж харах, цаг хугацаа алдах, хөрөнгө оруулалтын ор­чинд нь үл итгэх байдал үүсгэж байгаа нь өөрөө болгоомжлол өгөөд бай­гаа дохио юм. Хөрөнгө оруулалт тэрнээс болж зогсонги байдалд орж, буурч байгаа. Жишээ нь 2012 оны эхний улир­лаар хөрөнгө оруулалтыг 68 хувиар өсч байна гэж үзсэн. Гэтэл энэ оны эх­ний хагас жи­лийн дүн­гээр гарсан тоо барим­таар шууд хөрөнгө оруу­лалт 46 хувиар буурч байна. Бодлогоор оруулж мөнгө байлаа гэхэд, шууд хөрөнгө оруу­лалт багасч байгаа нь зах зээлийн онолоор явах мөнгөний урсгалд сөр­гөөр нөлөөлж байгаа. Тийм учраас тогтвор­той бизнесийн орчин, тогт­вор­той хөгжлийн бод­логыг хангах асуудал хам­гийн чухал зүйл юм. Ма­най хөгжилд сонгуулиас сонгуульд ярьдаг бодло­го гэхээс илүү үндэсний хөгжлийн тогтвортой цогц бодлого,  өмнөх ололтоо улам баталгаажуулсан бодлого хэрэгтэй байна гэдгийг дүгнэх ёстой болов уу.

-Хөрөнгө оруулал­тын талаарх таны байр суурь?

-Хөрөнгө оруулалтын хууль өөрчлөгдсөний мар­­­гаашаас хөрөнгө оруу­­­лагчид гүйгээд ирэх­гүй л байх. Хөрөнгө оруу­лагчдын итгэлийг бэхжүү­лэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах ёстой. Бидний чад­вар ямар түвшинд байна вэ. Хөрш, төс­тэй орнууд­тай харьцуу­ла­хад бид юун дээрээ ухраад, юун дээ­рээ урагшлаад байна вэ гэдгийг үзэх ёстой. Өрсөл­дөх чадварын индекс до­тор төрийн оролцоо огцом нэмэгдээд байна. Төрийн оролцоо эдийн засаг, бизнесийн сал­барт хүчтэй орж бай­гаа нь өөрөө дахиад болгоомж­лол төрүүлээд байна. Төр өөр рүүгээ “хөнж­лөө” татаад байвал биз­несийн орчин нь ху­миг­дана. Үүнийг буцааж либе­рал эдийн засгийн бодлого, тэр зах зээлийн үндсэн горим зохицуу­лал­тан дээр байлгах ёс­той юм байна. Энэ нь бол тогтвортой, хуулиараа хамгаалагдсан байх ёс­той юм байна. Энэ нь өрсөлдөх чадварыг хан­гаж чадах ёстой юм байна. Таатай бизнесийн орчин гэхээр манайхан, эсвэл гадна, дотны хэн нэгэнд тусгай хөнгөлөлт чөлөөлөлт өгөх гээд бай­на гэдэг ойлголтыг авч хаях ёстой байгаа юм.

-Чалкотой хийсэн гэ­рээний хувьд ямар тайл­бар өгөх вэ?

-Энэ чинь нүүрсний урьдчилгаа төлбөрийг авсан асуудал. Нэг ёсон­доо мөнгөөр өр төлнө гэсэн үг биш. Газар дор байгаа бүтээгдэхүүнээ зарна. Тэгээд урьдчилаад мөнгийг нь авахдаа УИХ-ын шийдвэртэй, хоёр на­мын сонгуулийн амлалт­тай, Хүний хөгжлийн сан­гийн хуулийг хэрэгжүүлэх, 21 мянган төгрөгийн ам­лалтыг хэрэгжүүлэх аж­лыг л бид хийсэн. Энэ бол ард түмэнд өгсөн мөнгө. Гэхдээ үүнийг хамтарсан Засгийн газрын үед хий­сэн зүйл шүү дээ. Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд бүгд  АН-аас байсан. Ямар ч байсан энэ гэрээ Монгол, Хятадын төрийн өмчит, аж ахуйн нэгж хоё­рын хооронд нээлттэй хийгдсэн олон улсын зах зээлийн жишиг, нүүрсний үнэ, томъёоллоор хийгд­сэн гэрээ гэж ойлгож бай­гаа. Гэрээний хувьд зах зээлийн үнэ дээр тулгуур­ласан томъёогоор хийгд­сэн гэрээ учраас энэ бол зөв зүйтэй зүйл. Бид мөн Оросоос авдаг бензин, нефтийг томъёогоор ав­даг.

-Ээлжит бус чуул­га­наар өргөн барьсан нэр бүхий таван хууль Мон­голын эдийн засагт ямар үр дүн өгөх бол?

-Хөрөнгө оруулалтын хуулийн хувьд хөрөнгө оруу­лалтын орчинд дүг­нэлт хийлгэх түүнийг тогт­вор­той болгоход чиг­лэгд­сэн хууль гэж ойлгож байна. Тогт­воржуулах­даа зөвхөн том эсвэл гадны компа­ниу­дад зо­риул­сан биш, гадаад, до­тоодын хөрөнгө оруу­лагчдыг бүгдийг хам­руулах, тодорхой шат­лал, ангилалтай байлгаж жижиг дунд бизнесийг хамруулах улмаар хууль тэгш үйлчилдэг зарчим­тай байх ёстой гэдэг зүй­лийг бид ярьж байгаа л даа.

-Тогтвортой эдийн засгийг хөгжлийг хан­гахын тулд юу хйих хэрэгтэй вэ?
-Бидний сурах ёстой хоёр зүйлийг дурдмаар байна. Ерөнхийдөө сэтгэ­лийн хөдлөлөөр популиз­маар асуудалд хандах, ялангуяа хуулиудыг са­наач­лах асуудал дээр нэлээд гардаг. Сайн тал бий. Зарим нэг цаг үеэ олсон шуурхай байх ёс­той зүйл бий. Ихэнх то­хиолдолд судалгаа, тоо­цоо, үндэслэл муутай. Тэрнээс болоод эргэж өөрчлөгдөх нөхцөл рүү ордог. Бид цаашид зах зээлийн нийгмийг улам төлөвшүүлж, хөгжүүлэх­дээ, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхдээ, тогтвортой эдийн засгийг хөгжлийг хангахын тулд юу хэрэг­тэй байна гэхээр шинж­лэх ухааны үндэстэй, судал­гаа тооцоон дээр үндэслэсэн, ийм шийд­вэ­рүүдийг гаргаж байх ёс­той. Тэдгээр судалгаа тооцоог мэргэжлийн хү­мүүс гаргасан байх хэрэг­тэй. Улс төрчид бол мэр­гэжлийн хүмүүсийн маш нарийн хийсэн судалгааг, тооцоог нухацтай авч үзэж, Их хурлаар хэлэл­цүүл­дэг тогтолцоог бэх­жүү­лэх шаардлагатай. Энэ бол цаашдын тогт­вор­­той хөгжлийн, итгэ­лийг даах хөгжлийн ал­хам юм.

Мөн эдийн засгийн, бизнесийнхний санал бод­лыг тусгасан бодлого улам хэрэгтэй болж бай­на. Ерөнхийлөгч хэлж бай­сан шүү дээ. Нээрээ л төрийн оролцоогоо эргэж харах цаг болж байна гэдэгтэй санал нэг байгаа юм. Төр орж ирээд бүх бизнес, эдийн засгийг зохицуулна, ханшийг бари­на гэдэг нь гажуудал руу оруулаад байна л даа. Тийм учраас төрийн оролцоо өөрийнхөө зо­хис­той механизмаар хяз­гаарлагдаж байх ёстой. Төр хувийн хэвшлийн хил хязгаар маш тодорхой байх ёстой гэж бид ярьдаг.

Тэгэхээр энэ бүгд зүй­лүүд дээр бид зөв дүгнэлт хийгээд, бодлогын асууд­луу­даа сонсоод хамтарч улс орноо хөгжүүлэх асуудлыг тавих ёстой юм.

-Ардын намын залуу гишүүд намаа шинэч­лэх гэж тэмц­сээр л бай­гаа. Та энэ шинэчлэлийг хэр хүлээж авч байгаа вэ?

-Шинэчлэл гэдэг үг их моодонд орсон юм шиг байна. Бид уг нь хамт­раад бүтээн байгуу­лал­тын сууриудыг та­вилц­сан. 2012-2016 оны үйл ажиллагаа маань бол­бол улам эрч хүчээ аваад өргөжөөд явах ёстой гэж би үздэг. Гэтэл Шинэч­лэлийн Засгийн газар болно гэдэг нэр томъёо руу орсон шүү дээ. Нэр томъёо харьцан­гуй ойл­голт юм байна гэж ойлгож байгаа. Түүнтэй адил ма­най намын хэсэг залуус шинэчлэл хийнэ гэж бай­гаа. Шинэчлэл гэ­дэг зүй­лийн нэг эерэг хандаж байгаа зүйл нь урагшлуу­лах процесс гэж ойлгож байгаа. Намын үйл ажил­ла­гаа, амьдрал өөрөө амьд процесс. Засч залруулъя гэж байгаа нөхдүүд өөрийн санал бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Намын үйл ажил­лагааг идэвхжүүлэх процесс явагдаж байгааг би зөв зүйтэй гэж үздэг.

-Ардын намынхан олонх байхдаа гаргасан хамгийн том алдаа гэвэл таныхаар юу  вэ?
-Яахав төгс төгөлдөр юм гэж байдаггүй. Бид на­рын нэг алдаа гэвэл тал талыг ойлголцуулаад, зөвшилцөлд хүрч байж шийдвэр гаргая гэдэг зүй­лийг түлхүү барьсан бай­на. Зарим асуудал дээр олонхийн зарчмаар явах ёстой зүйлийг бид нар илүү зөвшилцөл гэж явуул­сан. Үүнээс болж зарим шийдвэрүүд цаг хугацаандаа гарч чадаа­гүй. Гол нь хугацаа алд­сан. Тэрнээс болоод ач холбогдол нь буурсан зүйлүүд байгаа.
А.АНА

"ӨДРИЙН СОНИН"

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчид зарим сайдаас айгаад дүрвэсэн



УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед та нэ­лээд бухимдалтай байх шиг. Сав л хийвэл эрх баригчидтай үг сөргөөд л...?
-Иргэдийн амьдрал хүнд байна.  Цалин хөлс нь  идэж уух юмныхаа үнийг дийлэхээ болилоо шүү дээ. Гэтэл эрхбаригчид амьдрал сай­хан байна гэж худлаа яриад байгаад шүүмжлэлтэй хан­дахаас өөр арга алга. Ардын намынхан л эрх барьж байгаа Ардчилсан намын хийж бай­­­гааг харлуулаад, тэдэнд ха­туу үг хаяад байгаа юм биш. Гадаадынхан Монголын амьд­рал хэцүүдлээ, сан­хүүгийн хям­рал нь эдийн зас­гийн гүн хямрал болох нь ээ гэсэн дүгнэлтийг хийж байна шүү дээ.  Монгол Улсын эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан.  Бондын үнэлгээ доошилсон, зээлжих зэрэглэл буурч байна. Монголд хөрөнгө оруу­­­лалт­тай гадаадын ком­паниудын хувьцаа байнга уналт­тай байна.  Эдийн зас­гийн тогтвортой байдал ал­дагдаж жил хүрэхгүй хуга­цаанд төгрөгийн ханш навс уналаа. Дэлхий дээр гур­ван орны мөнгөн тэмдэгт уналт­тай байгаагийн нэг нь Монгол. Нөгөө хоёр нь Иран, Сири. Ардын намыг засаг барьж байх үед 2011 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан үндэсний валют нь монгол төгрөг байлаа шүү дээ. Үндэсний валют нь тогт­вортой, төр засгийн бод­лого нь оновчтой, тодорхой байж эдийн засаг хөгжих юм. Хэт намчирхсан, төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халснаас болоод Монгол Улсын өрсөлдөх чад­вар муудсан. Авлига, хээл хахуул ихэссэн. Авлига хээл хахуультай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулбагар, өрсөлдөх чадвар муутай Мон­­гол Улсад хэн хөрөнгө оруу­лалт хийх билээ. Бид өөрс­дөөсөө үнэнийг нууж бо­лох­гүй. Тэртээ тэргүй бид­ний байдал ямар байгааг дэлхий ертөнц мэдчихээд бай­­хад байдал сайхан байна гэж худлаа ярьж байгаа нь харамсалтай байна. Биз­несийн салбар өөрөө асар их мэдрэмтгий, тэр утгаараа Мон­­­голын дотоод байдал ямар байгааг эдийн засаг нь тайлбаргүйгээр л илэрхийлж байгаа биз дээ.

-Эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шийд­вэр­­­лэхийн тулд ээлжит бус чуул­ганыг зарлан хурал­дуул­сан. Гэтэл энэ чуулган гол зорилгодоо хүрч чад­сангүй?
-Уг нь Монголын эдийн засагт задлан шинжилгээ хийж,төгрөгийн ханш яагаад унасан бэ гэдэг оношоо зөв тодорхойлох ёстой байлаа.  Тавдугаар сард ярих ёстой асууд­лыг есдүгээр сард ярина гэдэг байж боломгүй ал­­­­­­­даа биз дээ. Эдийн засаг нь хүндэрчихээд байхад Зас­гийн газрын бүх сайд нь нэгэн зэрэг амраад гадаад, дотоодоор зугаалаад явчихсан шүү дээ. Харамсалтай нь, тэр хойгуур нь ам.долларын ханш яаж өсөв. Үнэндээ Зас­­­­гийн газрын алдаанаас болж эдийн засаг хүндэрсэн. Үүнийг нь Н.Алтанхуягийн хэдэн сайд л мэдэхгүй байгаа бо­лохоос бүх хүн хүлээн зөв­шөөрчихлөө. Ардын намын­хан гэлтгүй Ардчилсан на­мын­­хан нь хүртэл хүлээн зөвшөөрөөд Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш байна гэдэг дүгнэлтээ хийчих­лээ. УИХ-ын ээлжит бус чуул­­ганаар Засгийн газар хариуцлагагүй хуулиуд оруулж ирсэн. Монгол орны нийт талбайн  найман хувийг эзэлж байгаа ойн модоо, гол усаа алтныханд ахиад ухуулья гэ­­сэн хууль бариад орж ирж байгаа Засгийн газрыг эрүүл гэх үү.  Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг хар. Хэнд зориулж ийм хууль гаргаж байгаа нь тов тодорхой байна шүү дээ.

-Хэнд гэж. Монгол­банкны алтны нөөцийг л сайжруулахын тулд гэж тайлбарлаж байгаа биз дээ?
-“Оюутолгой”-д. Энэ хууль батлагдах юм бол “Оюутолгой” компани л хам­гийн их хөнгөлөлт эдэлнэ. Хө­­­рөнгө оруулалтын тухай хуулиар ч “Оюутолгой”  бус­даас илүү хөнгөлөлт эдлэх бол­чихоод байна. Дээрх хуулиудын халхавчин дор  Оюу­толгойн 180 тонн алтнаас “Рио-Тинто” хоёр тэрбум ам.долларын  хөнгөлөлт эд­лэхээр болж байна. Миний хувьд ээлжит бус чуул­­ган ямар ч үр дүнгүй өнгөр­лөө гэж дүгнэж байгаа.  Мэр­­гэжлийн нэр томьёо муутай, зарчмын алдаатай, өөр хоорондоо уял­даа муу­тай, боловсруулалт нойл  хуулиудыг УИХ-ын ээл­­­жит бус чуулганд өргөн барьсан Засгийн газрын чад­вар ямар вэ гэдэг нь хараг­даж байна.

-Энэ бүхэн өмнөх парламентаар баталсан урт, урт нэртэй хуулиу­даас болсон юм биш үү. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг тэгж яривал та­най намыг генсек санаа­чилсан биз дээ?
-Би тэгж бодохгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хямар­­­сан гэж эрхбаригчид ярьж байгаа. Гэхдээ тэр гад­ныхан чинь Монгол Улсыг хөг­жүүлэх гэж орж ирдэг юм биш. Өөрсдийнх нь түрүүв­чинд хэрэгтэй бизнес хаана байна, тэнд хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөж авахыг л хүсдэг юм. Манай эрх­баригчид “Чингис” бонд, “Самурай” бонд гаргалаа гээд л хөөрөөд байна. Тэр чинь өр шүү дээ.   Гэтэл өр тавьж олсон мөнгөө үр дүнгүй зарцуулж байна. Яагаад бондын мөн­гөөр орон сууцны салбарт хөрөнгө оруулах ёстой юм бэ.  Тэрэнд дорвол монголчууд ганц хадаас ч болтугай үйлд­вэрлэж, дотоодынхоо хэ­­рэг­­­­­­цээг хангамаар байна.   Эдийн засгийн энэ хямрал  монг­­олчуудад цаашдаа өөрс­­дөө гутлаа оёж, хүнсээ үйлд­вэрлэж, шатахуун гаргаж ав гэсэн нэг сануулга бол­лоо. Монголчууд зээлээр бүх хэрэглээгээ хангахыг чухал­чилдаг болж.  Энэ бол алдаа юм.  Айл гэрийн эзэн юу ч хийхгүй мөртлөө зээлээр хоол, ундаа аваад байвал үр хүү­­хэд нь өрөнд унадаг юм байгаа биз дээ. Түүн шиг улс орны тэргүүн ард түмнээ өрөнд унагаад мөнгө зээлээр олж ирснээ зүгээр аваад ир­чих­­сэн юм шиг хөөрцөглөх хэрэггүй. Эрхбаригчдын бай­гаа байдлыг харахад 1990-ээд онд гаднаас зээл авч цалингаа тавьдаг байсан тэр үе шиг харагдаж байна.

-Засгийн газрыг огц­­­руулах байр суурь­тай бай­гаа гишүүдийн нэг та. Эдийн засгийн бай­дал сайнгүй байгаа үед засгаар оролдох  хэрэггүй юм биш үү. Магадгүй улстөрчдөд л чухал бо­лохоос ард түмэн үүнийг хүсэхгүй байгаа ч юм билүү?
-Улс орныхоо хөгжил тушаа болсон, толгой тархи нь ажилладаггүй, худлаа ярьдаг, чадвар муу­тай багийг яаралтай солих шаард­лагатай.  Энэ нь хүндэрч байгаа эдийн засгаа аврах нэг алхам болно .  Эрхбаригчдад улс орон удирдаж явах, залж явах чадвар, мэдлэг, мэргэшил алга. Гаднаас их хэмжээний зээл авч байна. Тэр мөнгөө эргүүлээд яаж төлөх юм бэ. Төсвийн алдагдал нэг их наяд 500 тэрбум төгрөгт хүрлээ. Төсвийн мөнгөөр хийх ёстой ажлууд таг зогслоо шүү дээ. Тэр нь бизнесийн сал­­барт муугаар нөлөөлж байна. Гэтэл Монгол­банк нь гурван их наяд төгрөг үйлд­­вэрлээд тараачихсан. Үнэ тогтворжуулах нэрээр та­раа­­­­сан гурван их наяд төг­рөгийн үр дүн нь хаана байна. Өнгөрсөн жилээс мах, гурил, орон сууцны үнэ,  ам.долларын ханш өссөн. Өнгөрсөн жил хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 2.5 сая төгрөг байсан бол өнөөдөр хамгийн хямд нь гурван сая төгрөгт хүрчихлээ шүү дээ.  Бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа л гэсэн. Гэтэл тэр  төслөөрөө “мөнгө угааж” байна. Ардын намыг засаг барьж байх үед нэг км замыг 800 сая төг­­рөгөөр барьдаг байсан бол  өдгөө таван тэрбум төг­рөгөөр барьж байна. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах санал зөв гэж бодож байна. Сайн захиралтай компанийн хувь­цааны үнэ өсдөг шиг сайн удирдлага Монголд хэрэгтэй байна. Ажлаа хийдэггүй, худ­­лаа ярьдаг сайдуудыг уна­гаж мэдлэгтэй, чадвартай, турш­лагатай шинэ баг гаргаж ирэх ёстой. Засгийн газрыг огц­руулья гэж байгаа олон гишүүний нэг нь би.  Харин ч чадваргүй баг огцорлоо гэхэд Монголыг зорин ирэх хөрөнгө оруулагчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байна. Засгийн газарт байгаа зарим сайдаас нь айгаад хөрөнгө оруулагчид дүр­­вэчихсэн ш тээ.  Хөрөнгө оруулагчдыг чөтгөр, шулмас харсан аятай загнадаг бай­сан хүмүүс төрийн сайд бол­чихоор гад­ны­­хан айхаас яах юм.

-Ирэх сард болох танай намын их хурал их халуухан болох шинж­­­тэй. Одооноос л дотроо өрсөлдөж, элдэв хор яваад эхэлчихсэн юм биш үү?
-Их хурлаараа бид алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жи­лүүдэд хэрхэн ажиллах вэ гэдэг хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлно. Миний хувьд намын хөгжлийн хөтөл­бөрийг тодорхойлж чадах, ирэх сон­гуульд намаа ялуулж чадах хэмжээний шинэ баг гарч ирээсэй гэж хүсч байна.

-Хэрвээ намын дар­гад У.Хүрэлсүх өрсөлд­вөл та дэмжих үү?
-Энд хэн нэгэн хүний тухай яримааргүй байна. Хам­­­гийн гол нь нийгэмд нам­ынхаа хийж бүтээснийг ойл­гуулж чадах, цаашдаа юу хийх вэ гэдгээ таниулж чадах, нийгмийн дэмжлэг хүлээж чадах багийг л бид сонгох ёстой.
Ж.НЯМСҮРЭН
"NEWS WEEK" сонин №031