Thursday, 12 June 2014

Лу.Гантөмөр: АН-ын цорын ганц лидер бол Ц.Элбэгдорж

Боловсролын сайдтай ярих сэдэв зөндөө байна. Гэхдээ би энэ удаа улс төрийн сэдвээр түүнтэй хөөрөлдөх хүсэлт тавьсан юм.Үргэлжлэл нь мэдээж салбарын сэдэв.Өнөөдөр улс төр хийгээд улстөрчдийг магадгүй бид өөр нүдээр харж, тэнд болж буй олон өөрчлөлтийг шинжиж, харах өнцөг, хийх дүгнэлтээ ч шинэчлэх цаг ирсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөө цагийн Засгийн газрын нэгэн гишүүн, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр жишээ нь олон юмыг биднийхээс өөрөөр харж, өөрөөр тайлбарлаж байгаа юм. Ингээд бидний ярианд анхаарлаа хандуулна уу.

-Хавар бол ажил хэргийн талаасаа боловсролын улирал ч юм шиг санагддаг юм.Хүүхдүүд хувь заяагаа шийддэг. Айл гэр  болгон дагаад хөдөлгөөнд ордог ийм үе л дээ. Нөгөө талаас улс төрийн синдром эхэлдэг улирал ч гэдэг.Аль ч талаасаа цагаа олж уулзаж байна гэж бодож байна.Давхар дээлний сэдэв бужигнаж байгаад хаагдлаа.Эргээд харахад сайд нар бүгд давхар дээлээ тайлах хүсэлгүй байсан нь тодорхой болчихлоо.Та ч ийм бодолтой байв уу?
-Бидэн дотор давхар дээлийг тайлахгүй гэж байгаа хүн алга.Тайлах цаг хугацаа чинь хэзээ юм бэ.Тайлахын тулд тэр нэмэлт харилцааны дүрмүүдийг чинь хэзээ хийх юм бэ.Ийм л хоёр асуудал байгаа юм.Тэгээд энэ хоёр асуудлыг яриад явахаар нэг хэсэг хүмүүс нь өнөөдрийн Засгийн газрыг хөдөлгөхийн тулд одоо тайлах ёстой гэж үзсэн.Харамсалтай нь Үндсэн хуулиар яаж Засгийн газрыг огцруулах талаар нэг бүрчлэн хэлээд өгчихсөн учраас дахиад л хууль зөрчинө.Тийм учраас хуулиар хорьчихсон юмыг одоо хийж болохгүй болчихоод байгаа юм.Хоёрдугаарт, яг энэ цаг үед засаг хөдөлснөөр байдал улам муудна гэдэг нь эрх баригчдад ирж байгаа сигнал.Энэ сигналыг л аваад санал хураалтад орж байгаа юм.Тийм учраас өөрийгөө хамгаалж байгаа ч юм шиг нэг тийм дүр зураг харагдаад байгаа юм.Энэ мэдээж бидэнд таагүй.Нөгөө талдаа бид ард түмэнд сайхан муухай харагдахаас илүүтэйгээр ард түмний төлөө төлөвлөсөн ажлаа нугалах нь илүү ач холбогдолтой биш гэж үү.Ийм л нөхцөлд бид сонголт хийж санал хураалтад орсон.

-Нөгөө талаас тоглоомын дүрмийн эзэн буюу гол дүр дугараагүй байсан шүү дээ.Тийм тохиолдолд танай нам дотор бодитой бужигнаан болохгүй биз дээ.Бүлгийн бодлого сөрсөн дөрвөн кноп тойрсон баахан яриа явсан.Засгийн газраас хэвлэл рүү мөнгө оруулж тэднийг авлуулж байна гэх мэт.Ийм юм үнэхээр байх уу?
-Сая бол ийм сонголтон дээр ирлээ шүү дээ.Ард түмэнд таалагдах сонголт хийх юм уу.Ард түмнийхээ төлөө сонголт хийх юм уу гэсэн.Улстөрчид ард түмэнд таалагдахын төлөө л дуугарч ирсэн.Гэхдээ ард түмэнд таалагдахын төлөөх тэр их давтагдсан үйлдлүүд нь Монголыг ямар байдалд хүргэснийг та сайн мэдэж байгаа шүү дээ.Хүн болгонд сая төгрөг өгч бид юу боллоо.Сая жишээ нь, бүлгээрээ давхар дээлээ тайлъя гэдэг санал хураалтад ормоор л байгаа байхгүй юу.Яг үнэнийг хэлэхэд. Гэхдээ бид ард түмэнд таалагдах гэхээсээ илүүтэйгээр ард түмний төлөөх сонголт хийе гэж  шийдвэр гаргасан. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсныхаа дараа ард түмэнд маш тодорхой байр суурь хэлсэн.Энэ хууль 2016 оны сонгуулийн дараа хэрэгжинэ.Тийм учраас наана нь энэ хуулиар далимдуулж засаг оролдох оролдлого гарах юм бол би хориг тавина гэж.Өөрийнх нь байр суурь бол маш тодорхой байсан.Нөгөө талаас бид дотроо муудалцаад л, Х.Баттулгыгаа ч юм уу хараагаад байх ерөөсөө шаардлага байхгүй.Энэ хуулийг хэлэлцэх гээд ороод ирэхэд бүгдээрээ л саналаа өгөөд хэлэлцье гэсэн.Яагаад гэвэл энэ бол зөв зарчим.Хамгийн гол нь энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд наана нь зөв механизм бүрдүүлэх хэрэгтэй.Их хурал, Засгийн газрын харилцааг зөв болгох хэрэгтэй.Ерөнхий сайдад тэр зохих ёсных нь эрх мэдэл очих ёстой.Ингэж байж энэ Ерөнхий сайд гэдэг хүн, намын дарга гэдэг хүн хариуцлагаа хүлээдэг болох юм.Тэгэхээр одоо нам дотор айхтар бужигнаад, нэгнийгээ шоглоод байх тийм шаардлага алга байна.Тийм нөхцөл байдалд ч бид хүрээгүй. Тэртээ тэргүй  Ардчилсан нам өнөөдөр урьд хожид байгаагүйгээрээ өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой байна. Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга нь, дээр нь Ерөнхийлөгч нь байж байгаа.Ийм цаг үед бид зүгээр нэг санал хураалтад ороод хоёр гурван хүн эсрэг кноп дарсны төлөө тэр хүмүүсээ баалах тоглолтыг хийхгүй шүү дээ.

-Улс төрийг гаднаас нь давалгаалуулах давалгаа дотроо байгаа улс төрөөсөө илүү том болоод явчих юм.Гэхдээ Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчөөс ямар нэг “мессеж”-гүйгээр хөдлөх үү.Ийм асуулт гарч ирж байгаа юм л даа.Ер нь бол эрх баригчидтай Ерөнхийлөгч тусгайлан уулздаг биз дээ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол Ардчилсан намын лидер.Улс төрийн нам бол нэг л лидертэй байдаг юм байна.Тэрийг би сүүлийн үед маш их анзаарч байна.Тэгэхээр энэ лидерээ нам бус болгодог нь л буруу юм байна.Жишээлбэл, цаашдаа яах вэ гэхээр Монгол улсын Ерөнхийлөгч улс төрийн намаас нэр дэвшиж байгаа бол тэр улс төрийнхөө намын гишүүнчлэлийг хадгалах л хэрэгтэй.Тэр намынхаа хуралд суудаг байх хэрэгтэй.Намаа шийдвэр гаргахад нь оролцдог байх хэрэгтэй.Ингэхгүй бол лидер нь нам бус болчихоор наана нь дур дураараа тоглолтууд гарч ирдэг.Нэг хэсэг нь тэр хүнээс ямар мессеж ирэх нь үү гээд л хараад байдаг.Нэг хэсэг нь “мессеж” авлаа ч гэдэг юм уу, тийм нэг дам янз бүрийн байдлаар асуудал үүсгэх юм ажиглагддаг.Урьд нь ч гэсэн Н.Энхбаяр, Б.Багабанди хоёрын харилцаа ямар байлаа.Дараа нь С.Баяр, М.Энхболд нар Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байлаа.Энэ байдал юу харуулаад байна вэ гэхээр үнэхээр улс төрийн намын идеалыг тээж явж байгаа хүн нь ерөөсөө л тэр намын лидер нь.Өнөөдөр харахад манай намын лидер гарцаа байхгүй л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
Тэгэхээр лидер нь бусдыгаа удирдаж, чиглүүлж явах нь өөрөө энэ ардчилсан ертөнцийн чинь зарчим юм байна шүү дээ.Улс төрийн намын чинь зарчим нь юм байна.Нэг үгээр хэлбэл лидер нь сүүдэрт ороод удирдана гэдэг бол байж болохгүй л байгаа байхгүй юу.Энэ бол зүгээр л тогтворгүй байдлыг бий болгодог.

-Хамтарч яваа МҮАН байсхийгээд л салангид мэдэгдэл хийдэг.МАН мэдээж тоглогчийн хувьд өгөөш л гарвал шүүрч авах нь ойлгомжтой.Гэрийн дотоод уур амьсгалд төвөгтэй юм ер нь байна уу?
-Ер нь бол “Шударга ёс эвсэл” өөрөө цул байх эсэхээс олон юм шалтгаална л даа.Мэдээж үүнээс илүү чухал нь Ардчилсан нам өөрөө цул байх хэрэгтэй.“Шударга ёс эвсэл”-ийн хувьд удирдлагын хомсдол бас байх шиг байна.Хүмүүс нь цул биш байр суурь их зарладаг. Ер нь энэ пропорцианаль систем дээр  намын жагсаалтаар орж байгаа хүмүүс нэг зүйлийг их хатуу ойлгох хэрэгтэй л дээ. Намын хөтөлбөрийн төлөө намын шийдвэрийг ягштал дагана гэдгээ л тангараглаж байж ийм юманд оролцож байгаа юм шүү дээ.Тэрнээс дур зоргоороо байна гэж байгаа бол бие даагаад нэр дэвших хэрэгтэй.Тойрог дээр очоод гарах хэрэгтэй.Ер нь улс төрийн намын сонголт хийнэ гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө өөрийнхөө зарим нэг чөлөөт байдлыг хумиулахыг л хэлж байгаа юм шүү дээ.Өнөөдрийн байгаа дүр зураг тэр зарчим нь, өөрөө өөрийгөө захирах тэр тал нь үнэхээр сул байна.Ийм сул байдлаа ардчиллын буруу гэж сүүлдээ ярьцгаадаг.Энэ бол зүгээр хувь хүмүүсийн улстөрчийнх нь хувьд төлөвшсөн төлөвшлийнх л хэмжээ.

-Өнгөрсөн сонгуулиар манай улс төрийн амьдралд хүчтэй, нөлөөтэй явж ирсэн МАН хүнд цохилт амслаа.Одоо ч гэсэн бүтэлгүйтэл нь үргэлжлээд л байгаа харагдах.2016 онд энэ нам томоохон сэргэлт авч чадах болов уу.Та жишээ нь, юу гэж харж байна?
-Сэргэлтийнх нь тухай ярихад бол эрт байна л даа.Сүүлд гарсан нэг судалгааны дүнг харахад МАН-ын уналт зогсоогүй байна л гэж харагдаж байна лээ.Дахиад цаашаагаа унах байх.Зүгээр хаана очиж зогсоод, тэндээсээ яаж сэргэх юм гэдэг нь МАН-ын удирдлагуудын бодох ёстой зүйл байх.Ер нь улс төрийн намууд нэг зүйлийг л сайн ойлгомоор юм шиг харагддаг.Юу вэ гэхээр ард түмэн биднийг юугаар илүү дэмждэг юм бэ гэдгийг.Жишээлбэл, Ардчилсан намыг илүү нээлттэй байж чаддаг гэж ард түмэн хардаг.Илүү шударга байдаг гэж хардаг. Тийм учраас  бид ард түмэнд юугаараа ойрхон гэдгээ л мартаж болохгүй. Манай намынхан нэг л их том дарга царайлаад эхлэх юм бол ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин ч жаргал зовлонгоо хуваалцдаг, жаргал зовлонгоо ярилцдаг, нээлттэй, хоорондоо хэрэлдэж байгаа нь ч гэсэн нээлттэй явж байдаг болохоор энэ намыг олон түмэн дэмждэг.Бид нэг нэгнийгээ хэвлэлээр муулдаг ч юм уу, нэг нэгнийгээ тойруу замаар мэрээд эхлэх юм бол ард түмэн ойлгохгүй.Биднийг хоорондоо нийтийн эрх ашгийн төлөө хэрэлдээд, маргалдаж байхад бол ард түмэн ойлгоно.Тийм учраас Монголын нийгмийг илүү нээлттэй болгохыг ард түмэн биднээс хүсдэг.Тэгэхээр би юу ярьж байна вэ гэхээр бид өөрсдийн давуу талыг мэдэрдэг.Давуу талаа улам л гоё болгох гэж ажилладаг.Ер нь хорвоо дээр цоо шинэ зүйлийг гаргаж ирнэ гэж байдаггүй.Тэгэхээр МАН өөрийнхөө сэргэлтийг хүсч байгаа бол өөрийг нь ард түмэн юу гэж харж байсан тэр байр суурин дээрээ л очих хэрэгтэй.Өнөөдөр бид л сөрөг хүчин гээд хий дэмий шүүмжлээд суугаад байвал улам л унана. Харин зарчмын санал, санаачилга гаргаад тэрийгээ Ерөнхий сайдад, УИХ-д, Ерөнхийлөгчид санал болгоод  ажил хэрэг болгох юм бол зөвшөөрч эхлэх байхгүй юу. Зүгээр нэг шүүмжлэгч, хохирогч, гомдогчийн байр суурийг МАН-аас ард түмэн хүлээхгүй байх аа.Жагсаал хийсэн ч гишүүд нь, дэмжигчид нь гарч ирэхгүй байна шүү дээ.Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр “Та нар зүгээр нэг юм шүүмжилдэг, гомддог тийм улс төрийн хүчин биш ээ” л гэж ард түмэн хэлээд байгаа байхгүй юу даа.Бид юугаараа хүрсэн бэ, юугаараа бид хүний дэмжлэг авсан бэ гэдгээ улс төрийн хүчин, улстөрчид бол мартмааргүй л юм шиг байгаа юм л даа.Тэрийгээ мартаад л эхлэх юм бол бурууддаг.Жишээлбэл сөрөг хүчин болчихоороо би сөрөг хүчин учраас гээд эргэхээрээ л буруутдаг.Эрх баригч болчихоороо би эх баригч гээд эрдэхээрээ л буруутдаг.

-Өмнө нь гишүүн байхдаа хэлж байгаад хийсэн хэд хэдэн оновчтой реформ бий.Тэр ажлуудыг тань сонгогчид их үнэлсэн.Төрийн энэ зузаан хангамжийг нимгэлэхээр ганц дайчин ганцаардахгүй л тэмцсэн.Хүмүүст хайрлагдсан.Одоо өөрөө сайд боллоо.Нам тань эрх барьж байна.Нөгөө халсан гээд байсан том том хар машинууд улам ихэслээ.Нөгөө бид нарын хайрлаж байсан, бидний үзэл санааг тээж явсан залуу маань хаана нь яваа юм бэ.Таны хийж байсан шинэчлэлүүдийг араас нь сураглаж асуухыг өөрийнхөө үүрэг гэж би үзэж байна.
-Ганц хар машинаар хязгаарлагдахгүй зөндөө санал санаачилга УИХ дээр гаргаж байсан л даа.УИХ дээр Байнгын хорооны даргын ажил хийхдээ ч гэсэн энэ эдийн засгийг эрүүлжүүлье.Аль болох чөлөөт зах зээлийг буй болгоё.Тэгээд уул уурхайгаа хурдан түргэн эргэлтэнд оруулъя гээд төрөл бүрийн санаачилга гаргаж ажилласан.Би гурван удаа УИХ-д сонгогдсон.Энэ хугацаанд нэг л юмыг ойлголоо.Бид нэг зүйлийг дутуу бодож байжээ.Үнэндээ хуучин үетэй ноцолдоод үр дүн багатай юм байна гэж би хувьдаа харсан.Бид Монголын ирээдүйтэй ноцолдох ёстой юм байна.Монголын ирээдүйг л зөв болгохын төлөө өөрт оногдож байгаа энэ боломжийг ашиглая л гэж шийдсэн. Тэрийгээ хийхийн төлөө Боловсролын сайдаар ирсэн.Энэ салбар том. Хийх ажил ч их. Үнэхээр өөр сэдвээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх тийм боломжууд хомс байна.Ний нуугүй хэлэхэд би “хүүхэд бүрийн хөгжлийн төлөө” хийж байгаа шинэчлэлээ үр дүнтэй явуулахын төлөө хэнтэй ч ямар ч тохироо хийхэд бэлэн болж байна шүү дээ.

-Хоёулаа салбарын тухай дараа нь ярья?
-Би салбарынхаа тухай  ярихаас илүүтэй яагаад төрийн цамаан байдалтай тулалдахгүй байгаа тухай л таны асуултад хариулж байна. Би одоо Засгийн газар дээр цамаан байна та нар гээд тулалдлаа гэхэд ямар үр дүнд хүрэх вэ.Их хурал дээр ийм асуудал тавиад ямар үр дүнд хүрэх вэ.Харин ч өөрийнхөө боловсролын шинэчлэл, шинжлэх ухааны шинэчлэл, хүүхдийн төлөө хийж байгаа ажилд дайсан л бэлдэж байгаа байхгүй юу. Зүгээр л гомдогсдыг  бэлдэж байгаа байхгүй юу. Тийм учраас яг үнэхээр тэр үүргийн тухай ч гэдэг юм уу, эдийн засгийн эрх чөлөөний тухай ч гэдэг юм уу.
Эсвэл өөрийнхөө ярьж байсан төр илүү хэмнэлттэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу.Энэ зарчмуудыг илэрхийлэхгүй байгаа үнэнийг л би өөрт чинь тайлбарлах гээд оролдоод байна л даа.Сайд болчихоод дуугүй боллоо гэж хүмүүс шүүмжилж байсан.Яагаад гэвэл өөрийнхөө ажлыг явуулахын төлөө бусдыг шүүмжлэхээсээ илүү ажилдаа төвлөрөх аргагүй байдалд очдог юм байна.Миний итгэл үнэмшил хаанаа байна вэ гэвэл Монголын ирээдүйн төлөө байна.Монголын хүүхэд бүр шийдвэр гаргах чадвартай, илүү ухаалаг, илүү өндөр төвшинд амьдрах чадвартай болж чадаж байж л Монгол Улс хөгжих юм байна гэж би хувьдаа харж байгаа.Мэдээж өнөөдрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс сайн зүйл хийхийг бүгд л хүсч байгаа.Гэхдээ яг өөрсдөд нь байгаа тэр тогтчихсон араншинг өөрчилнө гэдэг бол хүнд юм байна.Ер нь 50 хүрсэн хүнд үг хэлээд нэмэргүй гэдэг шиг л яг тогтчихсон хүмүүс бол яг тогтчихсон амьдралаараа л амьдардаг байх.Тийм учраас би энэ тал дээр битгий та нар жийп унаад бай, танай яам төсвөө хяна.Танай яам ингэ гээд хэлээд байх боломж надад алга. Би энэ сэдэв дээр сонгогчдоосоо ч бас уучлал  гуймаар байна. Та бүхэн ойлгоорой.Маргаашийн Монголыг сайхан болгохын төлөө л өнөөдөр надад олдсон цаг, боломжийг 100 хувь зориулах ёстой юм байна.Надад ийм нэг зөвтгөл байна.

-Баярлалаа. Харьцангуй бөөрөнхий биш хариулт авлаа.Ер нь сэтгүүлч хүн ханасан хариулт авна гэж бараг байдаггүй юм л даа.
-Би чин үнэнээсээ л хариуллаа.Улс төрийн талаасаа бол хүндхэн л хариулт шүү дээ.

-Таныг ойлгож байна.Эдийн засгийн эрх чөлөө гэх ойлголт, энэ мөрөөдлийн тухай та бас зөндөө олон зүйлийг ярьдаг.Энгийн нэг таараад байр сууриа солилцож байхад ч дандаа л тэр үнэр хадгалагдаж байдаг нь анзаарагддаг.Өнөөдөр гадаа гудамжинд, яг хөрсөн дээр байгаа хүмүүстэй би их уулзаж байна.Тэдний амнаас “Энэ нөхдүүд чинь нөгөө аймаар хадны мангаа гэгддэг МАН-аасаа аюултай нөхдүүд юм биш үү.Эдийн засгийн эрх чөлөө ч улам хумигдлаа.Бизнесийнхнийг жижиг сажиг зүйлээр л барьж хорьж эхэллээ” гэх үгс л унаж байна.Гэхдээ эдийн засгийн хямралаасаа илүү ёс зүйн талаасаа илүү их дарамтад ороод байна гэлцэх юм.
-Бид ч засаг дээр энэ тухай ярьж байгаа.Байнга л ярьж байгаа.Энд Улаанбаатар хотод гол төлөв анзаарагдсан зүйл болов уу гэж би хувьдаа харж байна.Газар хурааж авсанд хүмүүс их гомдсон.Тодорхой барилгын ажлуудыг зогсоосонд хүмүүс их гомдсон.Тодорхой барилгыг бүр нураана, буулгана гэж хэлсэнд гомдсон.Асуудал хаана байсан бэ гэхээр үнэхээр дураараа дургиж байсан хэсэг бий.Тэр нь энгийн ард түмэн биш байхгүй юу.Газрыг дуртай үедээ дуртай хэмжээгээрээ гартаа оруулдаг, дуртай үедээ дуртай үнээрээ наймаалдаг энэ нь өөрөө улс төрийг их айхтар эвддэг.Бэлэн мөнгөтэй хүмүүс их олноороо буй болдог байлаа шүү дээ.Лицензийг дуртайгаараа тараадаг.Жишээ нь, 106 лиценз хурааж авсан гээд л шуугисан.Энэ 106 лицензийн ард зөндөө олон хүн гомдчихсон явж байгаа.Харамсалтай нь энэ бүх дур зоргоороо авирлаж байсан хэсгийг хөхиүлэн дэмжээд явах юм бол нөгөө талдаа яг бизнес хийхийг хүсч байгаа, эрүүл саруулаар амьдрахыг хүсч байгаа хүмүүсийг, энэ дур зоргоороо аашилж байгаа хүмүүсийн гараар нядлан дарах, нухчих ийм л процесс цаашаагаа үргэлжлэх байхгүй юу.Тийм учраас дураараа дургидаг процесс байхгүй шүү гэдгийг Төр хэлж байна.
Өнөөдөр Ардчилсан намынхан тэнэг биш шүү дээ.Байнга өөрийгөө мөнх гэж бодохгүй.Тэр дураараа дургидаг юмыг зогсоочихоод өөрсдөө дураараа дургих гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй.Яагаад гэвэл дараа нь дахиад л сонгууль болдог.Тийм учраас энэ өөрөө сайн орчин бүрдүүлэхийн төлөө саар зүйлсийг зайлуулсан алхам.Энэ алхам бол ингээд л зогсоно.Ер нь нэг удаагийн их цэвэрлэгээ гэж би хувьдаа хараад байгаа юм.Энэ ажил жаахан ширүүн хийгдсэн.Төрөл бүрийн зөвшөөрөл өгөхийг маш удаан хугацаанд барилаа шүү дээ.Энэ нөхцөл байдлууд нь эдийн засгийн энэ хэцүү үед маш хүндээр тусч байгаа нь харагдаж байна.Одоо ямар алхам хийж байна вэ гэхээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэж Засгийн газар зарлаж байна.Энэ 100 хоногийн хугацаанд олгох ёстой зөвшөөрлийг богинохон хугацаанд өгье.Иргэд хүсэлт гаргах юм бол тэрийг нь ажлын 5 хоногийн дотор ч байна уу, шийдье.Янз бүрийн шалгалтууд хийхээ больё.Татварын болоод мэргэжлийн хяналтын шалгалт гэж ойлгож болно.Тэгээд ямар нэгэн байдлаар бизнес нь хохирч байгаа хүмүүсийн дуу хоолойг 11-11 төв дээр шууд сонсъё.Энэ нь шууд Ерөнхий сайдын чихэнд хүрдэг байя.Үүний дагуу Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа дунд тушаалын дарга нарыг шууд огцруулна, чөлөөлнө, ажлаас нь хална.Тэр зүй бусаар харилцаж байгаа, төрийн нэрийг барьсан байцаагчдыг шууд ажлаас нь чөлөөлнө.Ийм эхний эрчимт ажиллагаа одоо явагдана.Энэ 4, 5, 6, 7 дугаар сар гээд энэ хугацаанд ерөнхийдөө Монголын эдийн засаг эрх чөлөөтэй байх, бизнесийн эрх чөлөөг хангах тэр суурь энэ үйл ажиллагааны явцад бүрэлдэж тогтоно.Нэг үгээр хэлбэл хоёр компанит ажил явчихлаа гэж ойлгож болно.Нэгдүгээрт, арын хаалгаар амьдарч ирсэн хэсгийг зогсоох, арын хаалгагүй байх зарчмыг нэвтрүүлэхийн төлөөх ажлууд хийгдлээ. Хоёрдугаарт, араас нь залгаад одоо шударгаар бизнес эрхлэх тэр хөрсийг бүрдүүлэх  ажлыг бид 100 хоногт хийнэ.

-100 хоногт л уу?
-Энэ бол Ардчилсан нам дарангуйлагчийн байр сууринаас асуудалд хандаж байгаа хэрэг биш.Дутагдал бол байна.Харагдаж байна.Уул уурхайн тоглолтыг бид яаж дараагийн шатны эдийн засгийн өнгө оруулж ирэхэд ашиглах юм бэ.Дээр нь бид хэнийгээ ямар бодлогоор дэмжих юм бэ.Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ батлаад л бүгдийг нь хөөгөөд гаргачихсан.Нөгөө талдаа Монголчуудын хөөлтөөс илүүтэйгээр Хятадын эдийн засгийн уналтыг анзаарсан хөрөнгө оруулагчид буцаад Америк, Европ руу хөрөнгө оруулалтаа эргүүлчихсэн.Хятад руу харсан хөрөнгө оруулалт шүү дээ.Хятад руу харуулсан хөрөнгө оруулалт нь Хятадын зах зээл дээр борлуулах бараа бүтээгдэхүүний төлөө Монголд хөрөнгө оруулсан.Түүнээс Монголд хөрөнгө оруулаад Монголоос ашиг олъё гэсэн хөрөнгө оруулагчид бараг байхгүй шүү дээ.Тэр хөрөнгө оруулагчид юу харсан бэ гэвэл Монголд хөрөнгө оруулаад Монголд оруулсан хөрөнгийнхөө үр дүнд Хятад руу тодорхой борлуулалт хийх юм байна.Хятадын зах зээл дээрээс ашгаа олж авна гэсэн л тооцоотой.Гэтэл Хятадын зах зээл уначихлаа.Хятадын зах зээл унаад Хятадад эрүүл бус байдал үүсэхээр зөвхөн Монгол гэлтгүйгээр хөгжих оролдлого хийж байгаа бүх орон руу хийсэн хөрөнгө оруулалтууд татагдсан.Өөрөөр хэлбэл Хятад руу хандсан Хятадаас ашиг олохыг хүссэн хөрөнгө оруулалтууд татагдсан гэсэн үг.Татагдаад хаашаа явсан бэ гэвэл АНУ, Европ, Япон руугаа явсан.Хятад нь дарга нараа барьж хориод хээл хахуультай тэмцээд тэгээд тодорхой хэмжээгээр асуудалтай болчихлоо.АНУ өөрийнхөө эдийн засгийг цэгцлээд авлаа.Европын холбоо өөрийнхөө эдийн засгийг цэгцлээд авлаа.Тэгээд цэгцэрсэн эдийн засаг руугаа хөрөнгө оруулагчид буцаад явчихсан.Одоо бид нар олон талаас юмыг хармаар байгаа юм л даа.Хөгжих гэж байгаа орнуудад яг манайх шиг огцом өсөлт, огцом уналт ирж байгаа.Энэ үед Н.Батбаяр сайдаас юу хүсэх вэ. Би жишээ нь, тэр эхний уналтыг зөөллөж өгсөн  бондыг бол зөвтгөж байгаа. Буруутгах зүйл бондоо ашиглаад дараагийн шатны юм хийчих боломж байсан уу, гэсэн асуулт л байгаа юм л даа.Тэр нь юу байх байсан бэ.Энд их том ангал гарсан л даа.Монголын хямрал яг юу болчихов оо гэдгийг өнөөдөр хамгийн сайн тайлбарлаж байгаа хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал байхгүй юу.Н.Золжаргал бол яг тоогоор нь хэлнэ.Тэдэн тэрбум долларын нүх гарсан шүү гэдгийг.Одоо бид жишээ нь төсвийн тухай хуулийг уналт руу явж байх үедээ хийсэн.Дандаа л хожимдоод байгаа байхгүй юу.Өсөлт ирэхээс өмнө хийчих юмыг л өсөлт ирэх үед ямар ч дүрэм журамгүй тарааж хаячихаад дараа нь уналт ирэх үед хийчихэж байгаа юм.Тэгэхээр одоо дахиад зөөллөх зээл авъя гэхээр өрийн хэмжээ 40 хувь байна гээд гацчихаж байгаа байхгүй юу.

http://ganchimeg.niitlelch.mn/

Wednesday, 11 June 2014

“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж

-Хонхоо дуугаргахаас өөр сонголт үлдсэнгүй-

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

-Тантай би УИХ-ын гишүүний чинь хувьд ярилцаж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ удаа нүүрс, төмөр, Сайншандын тухай бараг асуухгүй, мал аж ахуй, ноос ноолуурын тухай огт ярихгүй. Харин Михайлд нэг бодол бий гэдэг шиг таны дотор явдаг бодлоос ярилцлагаа эхлэх гэсэн юм. Жишээ нь, сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр таны энэ парламентын үеийн улстөрийн карьер дуусч байна гэж зарим хүн хэлж байхад харин ч эхэлж байна, одоо бужигнуулж өгнө дөө гэж харах хүн ч байна.
- Нэгд, би улстөрд олон жил явж, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдохдоо бужигнуулдаг, эсвэл хүн хоорондын харилцааны улстөр ерөөсөө хийж явсан удаагүй. Тэгэхээр сайдаас чөлөөлөгдлөө гээд миний улстөрд баримталдаг зарчимд өөрчлөлт орохгүй. Харин байр суурийн ялгаа бол гарч таарна. Тэдгээрийн нэг нь чиний асуудгаар “одоо л өөрчлөгдөх болов уу” гэж олон жил найдаж хүлээгээд, эхнээсээ хад мөргөж буй дотор бодлуудаа ил гаргаж ярина. Ганц би ч биш, олон хүн дотор бодлоо ил гаргаж, эргэцүүлж, алдаа оноогоо ил гаргаж ярилцаасай. Ярихаас ч аргагүй боллоо гэдгээ ойлгоосой.

- Жишээ нь таны бодол хаанаас эхэлж байх юм
- Миний бодол хаанаас эхэлж байгааг ярихын тулд Монгол  Улс өнөөдөр хаана яваа, хөгжил маань хэр урагшаа явсныг эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж ярихын тулд улсынхаа түүхийг дөрвөн үеэр эргэн харж, харьцуулан үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний л бодлоор шүү.

- Цаг хугацааны хувьд уу
- Цаг хугацаа, алдаа оноо, хийж бүтээснээ харьцуулж гэх юм уу даа. Хамгийн нэгдүгээрт 13 дугаар зуун. Монголын түүх дэлхийн түүх болж сайн сайхан цаг. Энэ түүх, алдар гавъяа өнөөдөр ч биднийг тэтгэж яваа. Хөрөнгө оруулалт татах, хүнээс юм гуйх, өр тавьж бонд босгохдоо хүртэл Их хааныхаа нэрийг ашиглаж, амьдарч явна. Хаа газар яваа монгол залуус “би Чингисийн удам” гэж нэрийн хуудсаа хийдэг. Хаа газрынхан биднийг “Чингисийн Монгол уу” гэж таньдаг. Өнөөдөр бид Чингис гэдэг ганц брэндээр амьдарч, халамцахаараа их өвгийн нэрээр цээжээ дэлдэн, омогшдог. Үүнд буруу юм байхгүй. Үнэн түүх, үнэн омогшил. Харин энэ түүх цаашид биднийг хэр олон жил тэжээхийг хэн ч мэдэхгүй.

- Дараагийн үе нь….
- 1911 он. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Тусгаар тогтнолоо олж эхэлсэн үе. Эдийн засгийн агуулга, хөгжлийн бодлого, хийж бүтээсэн зэрэг дээр онц өөрчлөлт гаргаж чадаагүй. Ямархуу улс байсныг хар цагаанаар нь харуулсан фото, түүхийн баримтууд байдаг шүү дээ. Миний чухалчилж байгаа түүхийн үечлэлээр бол гурав дахь нь Ардын хувьсгалын дараахь үе. 1921 оноос урагш 13 дугаар зууны мандаж явсан үеийн төгсгөл хүртэл тооцвол бараг 700 жил болно. Энэ хугацаанд бид гэрэл гэгээтэй зүйл бараг хийсэнгүй. Харин 1921 оны дараа 1937 оноос бага сага зүйл хийж эхэлж. 1949 онд төмөр зам тавив. 1960-аад оноос 1985 он хүртэл НҮБ-д элсч, үйлдвэржилт, технологи эрчимтэй хөгжсөн. Муйхардуу ч гэсэн тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж, нэгдэл сумын төв, сангийн аж ахуйнуудаа байгуулж, ямар ч байсан ноосоо боловсруулдаг, арьсаа элддэг, гутлаа хийгээд өмсчихдөг, барилгаа барьдаг болчихож. Сансарт ч хүнээ нисгэв. “Эрдэнэт”, Дархан,  Багануурын үйлдвэржилтийн төвүүдийг байгуулсан. Энэ 25 жилийн хугацаанд л Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр үйлдвэржиж, үр дүнд нь Их Монгол улсаас хойшхи 700 жилтэйгээ харьцуулшгүй сайхнаар хөгжсөн. Иргэд нь эрүүл, боловсролтой, баталгаатай ажлын байртай байлаа. Энэ бол олон хүний мартаж амжаагүй түүх. Ингэээд 1990 онтой залгав. Би энд хүний эрх, эрх чөлөө, улстөр дэх ардчилал энэ тэрийг яриагүй шүү. Цэвэр хөгжлийн асуудал, улс орон яавал хөгждөг, үйлдвэржилт ямар чухлыг л тодруулах гээд байна.

- 1990 оноос өнөөдрийг хүртэлх нь дараагийн үе үү?
- 2014 оноос урагш тоолбол бас 25 жил өнгөрчээ. Хөгжиж, үйлдвэржиж байсантай минь тэнцэх хугацаа. 1990 онд хойд хөршийн “эцэг нийгэм” задран унасан. Тэр үеэс Монголын ардчилсан холбоо хөгжлийг үргэлжлүүлэх, залгамжлах гэж, байгуулагдсан юм. МоАХ-ноос ардчиллын төлөөх бүх нам төрөн гарсан. Олон нам төрүүлж явахдаа бидэнд алдсан зүйл олон бий. Гол нь нэг л зүйл дээр их том алдаж гэж боддог. Юу гэхээр МАХН-д гишүүнээр элсэхэд гурван үеийн намтраа батлан даагчтайгаар мэдүүлдэг байсан. Тэр нь гишүүн болгох гол шалгуур байж л дээ. Энэ их чухал шүүлтүүр байж. Ардчиллагчид тэгээгүй. Тэгэх бололцоо ч гараагүй байх. Гурван үеийн түүхээс нь хүнийг яг хэн бэ гэдгийг тодорхой харж болно. Ургийн түүх, намтраа бардам бичиж чадахгүй хүмүүс тухайн үеийн шалгуурт нийцэхгүй ямар нэгэн асуудалтай байсан шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө эхний шүүлтүүрээ хийгээд намд элсэхээс татгалзана. Гэтэл МоАХ, тэндээс төрсөн намууд олон түмний  дэмжлэг авахаа гол болгоод хэнийг ч ялгалгүй гишүүнчилсэн. Ямарч шалгуур, босго тавиагүй. Дүрмийг зөвшөөрсөн бол боллоо гэх маягтай. Хэсэг хугацааны дараа харсан тодорхой зорилго, үзэл бодол дээрээ нэгдэх учиртай улс төрийн нэгдэл маань хувийн сонирхолдоо хөтлөгдсөн, түүндээ улс төрийн байгууллагыг ашиглахыг илүүд үзсэн хувь хүмүүсийн цуглуулга болон өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь улстөрийн нам гэдэг институц бүрэлдэх явцад өнөөдрийг хүртэл хүндрэл үүсгээд байгаа юм. Нам гэдэг муу ч сайн ч төрийг удирдахад ард түмнээр дэмжүүлж оролцдог, шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой онол, баримтлалтай улстөрийн байгууллага байх ёстой. Ийм байгууллага гишүүддээ шалгуур, шүүлтүүр тавьж, гишүүн дэмжигчдээ зөв танихаас ажлаа эхэлдэг юм байна. Ардчиллын төлөөх намуудад тийм болоцоо олдоогүй, тэгж хүсээгүй нь улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулах боломжгүй болгосон. Гэтэл нөгөө талд МАХН бол институцийн шинж чанараа саяхан болтол хадгалаад явсан учраас үе үеийн сонгуульд ялж ирсэн. Тод баталгаа нь 1992, 2000 оны сонгуулийн дүн. Ард түмэн сонгууль бүрт өвгөн настай болчихсон, өмнөх нийгмийн хуучин дээлтэй МАХН-аа дэмжээд л явсан. Энэ нь ард түмэн шинэчлэлд, ардчилалд дургүйдээ биш, ардчиллын намууд институци болж төлөвшөөгүй, нэгдмэл үзэл баримтлалтай болж чадаагүй гэдгийг мэдрээд өөрийнхөөрөө дүгнээд л байж. Бид болохоор “гадаад паспорттой болголоо, мал, орон сууцыг чинь үнэгүй өглөө, одоо бидний сонгооч” гээд л дайраад байсан. Мал, орон сууцаа өмчлөх эрхийг нь нээж өгсөн гавъяа байлаа ч, түүнээс цааш гарах улс төрийн төлөвшил, үзэл бодлын нягтралыг бий болгож чадахгүй яваад байгааг ард түмэн тэнэг биш учраас мэдэрч байжээ. Сонгуулийн ялагдал бүр “Та нар улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулж, хөгжүүлж чадаагүй байна шүү” гэж л хэлээд байсных нь илрэл байж. Ийм том алдааны горыг монголчууд бид өнөөдөр улсаараа амсч үүрч явна.

-Хэт их улстөржөөд хийж бүтээсэнгүй, хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй гэж үү.
- Мэдээж, хийж бүтээсэн, урагшилсан юм жаахан ч гэсэн байлгүй л яахав. Хөлсөө урсгаж цуглуулснаараа, төсвөөс хулгайлж олсноороо сайхан амьдарч байгаа хэсэг ч байна. Улсын хөгжил, үйлдвэржсэн бүтээснээ өмнөх 25 жилтэйгээ харьцуулбал үнэхээр чамлалтай. Бүр дэндүү харамсалтай. Хүний эрх эрх чөлөө,  хувийн өмч, улстөрийн ардчиллаар амжилтад хүрсэн ч, эдийн засаг, улсын хөгжил, бүтээн байгуулснаа харвал 1960-1985 оны хэмжээнд хүрсэнгүй. Гэтэл боломж, өөрсдийн санаснаар улсаа хөгжүүлэх эрх чөлөө нь бидэнд илүү байлаа. Биднийг мунгинаж байх хооронд хол ярихаа болъё хоёр хөрш маань хөгжөөд, тасраад явчихлаа.

- Зах зээл гэж яривал хөршүүд маань бидэнтэй бараг ижил гараанаас эхэлсэн байх шүү
- Ижил, зарим талаар бүр биднээс  ч муу нөхцөл, хүнд байдлаас эхэлсэн. 1990 онд хоёр хөршид ч системийн задрал эхэлсэн. Нэг нь дэглэмтэйгээ, нөгөө нь дэглэмээ нураагаад зах зээл рүү оржээ. Бид бас дэглэмээ нурааж орхиод, эрх чөлөө, зах зээл рүү алхсан. 1990 оноос өмнө бид Хятадад очиж Оросын машинаас эхлээд дуран, цаг, монгол пальто гээд маш олон юмыг Хятадад зардаг байсан. Буцахдаа Хятадын бараа ачаад Орост аваачиж зардаг. Улаан талбайн дэргэд Украйн зочид буудлыг жилээр нь түрээслээд, хятад бараа зардаг байлаа. Монгол наймаачдыг таксигаар Улаан талбайд буухад орос жолооч нар биднээс бараа тоолж, хүлээж аваад зарчихаад мөнгийг авчирч тушаадаг үе байлаа. Орос, Хятадын харилцаа сайнгүй байсан үүлэн чөлөөний нар шиг  энэ үеийг цөөн монголчууд ашиглаж анхны хуримтлалаа босгосон.   Энэ түүхийг сайн мэдэх, биеэрээ туулсан амьд жишээний нэг нь би. Гэтэл улс маань ийм боломжийг ашиглаж чадаагүй. Одоо эсрэгээрээ бүгд Хятадын барааг худалдаж авдаг, улсынх нь эдийн засаг Эрээний барааг зөөдөг Нарантуулаас хамааралтай байна. Өнгөрсөн 25 жилд бидэнтэй ижил гараанаас, бүр биднээс ч муу нөхцлөөс эхэлсэн Орос улс саяхан олимп хийчихлээ. Украины асуудлаар өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, үйлдэл үзүүлж АНУ, Европын холбооны эсрэг зоригтой зогсож, том гүрэн гэдгээ сануулж явна. Хамгийн сүүлд Орос Казакстан, Беларусь гурав нийлээд Евро-Азийн шинэ холбоо байгуулчихлаа. Одоо бид Украин зочид буудлыг жилээр нь түрээслэх гэвэл амбаардаад гаргах хэмжээнд улсынх нь эдийн засаг томорч, нөлөөлөөл нь ихэслээ.  Хятад дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсын нэг боллоо. Харин бид хаана явна вэ. Хувийн хэвшлийнхний барьсан хэдэн офиссын байшин, хүнсний хэрэглээний хэдхэн үйлдвэрийг шинэчилснийг эс тооцвол  Монголын төрөөс, тэнд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа улстөрчид буюу төрийнхөн юу бүтээв ээ, хөгжлийн ямар бодлого гаргав аа. Үйлдвэржилтээр улсаа хөгжүүлэх, баялаг бүтээхэд хөлс хүчээ зориулж, цалингаараа амьдралаа тэтгэх ёстой залуус яагаад одоо болтол гудамжинд, олонхи нь зах дээр зогссоор, наймаагаар урд хөршийн эдийн засгийг тэтгэхэд хүчин зүтгэсээр явна вэ. Монгол маань яагаад улсаараа хэрэглээний эдийн засагтай болчихов оо. Үүх түүх, байгалийн баялаг, газар нутгийн байрлал, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ зэргээ харвал Монгол том улс. Эдийн засгийн хувьд бол 50 сая малтай, газрын дор бөөн баялагтай, гуравхан сая хүнтэй хирнээ жижиг улс. Том улсын цөөхөн ард түмнийг өнгөрсөн 25 жилд ямар амьдруулав аа, мэдэхгүй.

- Хэнээс, юунаас болов
- Мэдээж, буруутан нь бид өөрсдөө. Бүр тодруулбал 1990 оноос хойшхи бүх улстөрийн нам, тэндээс сонгогдсон бүх цаг үеийн улстөрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд нар энд буруутай. Би ч багтана. Өнөөдөр Монгол маань Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” шиг, эзэнгүй айл шиг л байна. Гэрийн бүрээс нь урагдчихсан, хашааны хаалганых нь нугас салчихсан, жорлонгийн дээвэр нь цөмөрчихсөн, гэр нь бохир, өлөн зэлмүүн, ороход нэг л зэврүүн. Хөршүүдийнхээ хараа хяналтад орчихсон. Хөдөө, хотгүй адилхан. Ноолуурын цаг болчихоод байхад ямаагаа самнаагүй, малаа алдчихсан, гаднаа зоосон хоёр хятад мотоциколдоо сэтгэл нь ханачихсан, гэрийн эзэн нь согтуу. Ийм л байна. Хоёр хөрш удирдагчтай, хөгжилтэй болчихсон. Туулсан зам хугацаа ав адилхан 25 жил байдаг. 25 настай гурван залуугийн л эрс тэс дүр төрх юм даа.

- Хоёр хөрш маань их гүрнүүд учраас гэж өөрсдийгөө тайвшруулж бас болох юм даа.
- Тэр тусмаа тэдэнд хэцүү. Том гүрэнд том л асуудал байдаг. Өнгөрсөн 25 жилд Орос ямар хүнд сорилттой тулгарч байсныг бид бүгд мэднэ. Монголын асуудал хоёр хөршийнхөөс илүү том, илүү хэцүү байгаагүй л байхгүй юу.

- Ер нь манайхан, ялангуяа  улстөрийнхөн асуудалтай нүүр тулахаасаа, тойрч, зайлсхийх PR-аар л аргалах гээд байдаг л даа.  
- Яг л наадахь чинь. Төрийнхний, улстөрчдийн өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан, хамгийн их хийсэн юм нь хэрүүл, PR хоёртой найзалж, проблемоосоо зугтаж ирсэн түүх. Өмнөх 25 жилд бид чадаж байсан, үйлдвэржүүлж чадсан. Хэрвээ хариуцах, чиглүүлэх эзэн байвал монголчууд үйлдвэржүүлж, бүтээж босгож чаддагийг Эрдэнэт, Дархан, Багануур, хотын орон сууцны хорооллууд гээд олон жишээ харуулсан. Өнөөдөр үйлдвэржилт байхгүй, ярихыг ч хүсэхгүй, тэрний оронд нүүрс түүхийгээр нь зөөх, ноолуур самнаад зарах, бүх баялгаа ухаж, зөөх тухай л ам булаалдан ярих юм. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч. Тэдэнд улсаа үйлдвэржүүлж, хөгжүүлэх сэтгэл байсангүй,  хөгжлийн бодлогыг бодохыг ч хүссэнгүй. Дангаараа засаг барьсан ч, хамтарч засагласан ч адил хуваах, идэхийг л эрхэмлэж ирлээ. Гэтэл улсын хөгжил гэдэг ялсан намын мөрийн хөтөлбөр гэх хэдэн хуудас цаас, дөвчин сайд ламаас асуух, эсвэл тэнгэртэй харьцах зэргээс хамаарахгүй шүү дээ.

- Манайхыг хөгжүүлэхгүй байх их гүрнүүдийн сонирхол гэж байна уу?
- Байлгүй яах вэ. Энэ тусгаар улс бүрт байх төрийн бодлого. Хөрш хүчирхэгжих нь сайнаас гадна аюултай гэж бүгд бодддог. Бүр нарийн яривал энэ нь биднээс эхтэй, 13 дугаар зууны үед хэрэгжүүлж байсан бодлого. Хөрш гэлтгүй нөөц, баялагтай орныг эрхшээлдээ оруулахыг хүсэхгүй хэн байх билээ. “Мөнх тэнгэрийн хүчээр” гээд л дайтаад, эзэлдэг явлаа. Одоо том гүрнүүд дайн гэхээсээ эдийн засгаар нь эрхшээлдээ оруулдаг болсон. АНУ гэхэд ардчилал, хүний эрх яриад араас нь цэрэг оруулаад л байна. Орос гэхэд үндэс нэгт орос иргэдээ хамгаалах нэрээр Крымийг салгаад авчихлаа. Хятад бол хилийн гадна байгаа хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэсэн батлан хамгаалах номлолтой улс. Бидний өвгөд, дээдсийн үүсгэсэн бусдыг эрхшээлдээ авах энэ бэлэн гарын авлагыг ашиглаж байгаа нь их гүрнүүдийн буруу  биш. Харин өөрсдийнхөө гарын авлаганы золиос болж, хариу бодлого бодох чадваргүйгээр улсаа, ард түмнээ золиослож байгаа манай үеийнхэн л буруутай. Тусгаар улс л юм бол өөрийн язгуур эрх ашгийн төлөө том бодлогоо гаргаж, түүнийгээ биелүүлэхийн төлөө явган нүцгэн ч болов зүтгэж, босгож, бүтээх ёстойг бусад үндэстэн харуулаад байна. Бусад үндэстний ярьж байгаа наймаа нь хүртэл том байхад бид энд нам, бүлэглэл, хамаатан садангаа албан тушаалаараа хамгаалах, тэтгэх талынхаа хэрүүлийг л яриад сууж байдаг. Баялгаа төдөн тонноор нь зөөнө гээд, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр нь үржүүлээд баахан мөнгө тавьчихсан. Ядаж тэр ярьсан хэмжээндээ олж байгаа ч юм алга. Олж гэдэгт ард түмэнд оногдож байгаа гэдэг утгыг хэлж байгаа юм шүү. Зөөж байгаа нь олж байгаа нв тодорхой. Нүүрсийг гэхэд л Ховдоос, Говь-Алтайн Цээлээс, Баянхонгорын Шинэжинстээс, наашлаад Өмнөговийн Нарийнсухайт, Тавантолгойгоос зөөж байгаа. Замын-Үүдээр төмрийн хүдэр зөөж байгаа, Зүүнбаянгаас, Дорнодын Матадаас нефть зөөж байгаа, юу л байна зөөж л байгаа. Харин зарсан тэр их мөнгө нь хаана байнаа. Хэний хаалсанд орчихов оо. Жирийн иргэдэд юу оногдов оо. Олон түмний цөөнх нь зөөж байгаа хэсгийнхнээ бараадаж, тэдэнд хов жив зөөснийхөө хүчинд арай дөнгүүр амьдарч байхад, үлдсэн олонхи нь хоосон хэрүүл, хүйтэн итгэл найдвараар зогоон тарчиг амьдарч байна. Энэ хувь хүний амьдралд ч гэсэн эмгэнэл биш гэж үү.

- Одоо энэ алдаагаа яаж засах уу
- Өнгөрсөн 25 жил бидний хувьд дэндүү хөөрхийлөлтэйгөөр, хамаг боломжоо алдсан харамсалтай үе. Дэндүү их хэрэлдлээ, дэндүү ихийг хувьдаа цусалж, дэндүү их хов живээр амьдарсан алдагдсан цаг хугацаа байлаа. Одоо сэрэх сэргэх, эмгэнэлт түүхээс сугарах цаг болжээ. Энэ нь алдснаа ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс л эхэлнэ. Тэгэхгүйгээр “дараагийн сайд нь манай Түвдэндорж”  гээд л үргэлжлүүлбэл зурагдсан пянзаа тоглуулсаар, баясан сонссоор хоцрох болно. Геополитикийн болоод хөгжлийн стратеги, хэзээ ч үл мартах “хар хайрцагны бодлого” бидэнд алга. Ард түмний төлөөлж, төрийн нэрээр шийдвэр гаргаж байгаа хүмүүст нь улсаа гэх, ард түмнээ гэх сэтгэл алга, өөрсдөд нь ч улстөрөөс өөрөөр амьдралаа авч явах арга алга.  Гурван үеийн намтраа мэдүүлэлгүй, хэн дуртай нь улстөрд орж ирэн, дараа нь хагалж, өөрийн намаа, фракциа төрүүлэх замаар бойжиж ирсэн намууд улстөрийн чадварлаг институц болж чадаагүйгээс, төр засгийг хэдхэн хүний хувийн компани мэт болгосон. Биднийг ингэж замбараагүйтэх нөхцөлд хөршүүдийн бодлого ч түлхэж оруулсан байж магад. Тодорхой болсон зүйл нь Монгол Улс элгээрээ хэвчихжээ. Элгээрээ хэвтчихсэн улс яах вэ гэхээр нэг юмнаас зуурч, чангааж өндийх гэж оролдно. Тэр нь мөнгө, мөнгө дотроо юань. Хятадуудад буруу байхгүй. Бид өөрсдөө л урхинд нь орсон. Хятад өнөөдөр ганц Монгол биш, Африкийн эзэнгүй улс орнуудыг урхидаад л, зээлжүүлээд л, өрөнд унагаад л явж байгаа. Үүний хор хохирлыг ойлгох, өөрчлөх гэх улстөрчид бараг  алга. Засгийн газар, намын бүлэг дээр юу ч яриад нэмэр алга. Батлагдсан том бодлого явахгүй байна. Насаараа УИХ-д сууж, юм болгон дээр бөөсөө ярьдаг, телевизийн камер бараадаж амьдардаг хүмүүс л дүүрэн байна. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол бидний ирээдүйн 25 жилийн дүр зураглал тодорхой. Өнгөрсөн 25 жил шигээ өнгөрнө. Жишээ нь, би Монголдоо ганц сайхан олимп хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй. 25 жилийн өмнө бидэнтэй гарааны шугам дээр хамт зогсч байсан хоёр хөрш маань, биднийг үйлдвэржиж эхэлж байхад үгээгүй ядуу явсан Солонгос улс хүртэл олимп зохион байгууллаа. Бид бараадахааргүй хол үлдлээ. Яагаад гэхээр энэ улсууд эзэнтэй хөгжсан, бид эзэнгүй сулдаа ганхсан.

- Та түрүүнээс хойш л эзэн гээд байх юм. Хэнийг хэлээд байна вэ, Засаглалын өөр хэлбэр хүсээд байгаа юм уу
- Магадгүй, зарим нь энэ нөхөр өөрөө эзэн болох гээд байна гэх байх, тийм үү. (инээв) Улсын эзэн гэдэг бол хувь хүн биш, ард түмэн. Та бид бултаараа улсынхаа эзэн байж чадсангүй л гээд байгаа юм. Бидэнд улсаа хөгжүүлэх том бодлого байсангүй, тийм хөтөлбөр гаргаж ирэх, гаргаж ирснээ ажил болгох эзний сэтгэл манай улстөрчдөд байсангүй. Муу нэртэй Н.Энхбаярын үед их өрийг тэглэн, Мянганы замыг барих том бодлого гаргасан. Үүнээс өөр бодитой, үйлдвэржилт, бүтээн байгуулалтгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Ард түмэн улстөрчдийг  энэ улсын эзэн шиг сэтгэлээр ажиллаасай гэж хүсч, сонгодог. Гэтэл өнөөдүүл нь сонгогдсоныхоо дараа өөртөө л эзэн болж, бүлгээ байгуулан түүндээ л эзэн байхыг төлөө төсвөөс хулгайлсаар өдий хүрлээ. Үүнийг “худлаа” гээд намайг шүүхэд өгөх хүн байвал би дуртайяа очно, заргалдна.

- Таныхаар бид ер нь л  мухардалд орчихжээ. Яаж гарах вэ.
- Мухар зам, гарцгүй байдалд орчихсон. Гаръя гэвэл эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар эхлээд мухар зам руу орсноо ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү. Тэдэнд ойлгуулж, нийгмийн санаа бодлыг гаргаж ирэхэд сэтгүүлчид та бүхний үүрэг маш их. Энэ одоо бүр хэцүү. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл мөнгөнд барьцаалагдчихсан. Тэгэхээр бүх зүйл мухар гудманд байна. Үүнээс гаръя гэж ярих, улстөрчдийг, нийгмийг уриалах нь дуугүй сууснаас дээр. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нэг л гарц байгаа. Тэр нь хүн болгон ажилтай байх. Амьдралд нь хүрэлцдэг хангалттай цалинтай байх. Үүний тулд өнөөх л үйлдвэржилт чухал. Үндэсний үйлдвэрлэл гээд байна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн шиг бусдыгаа чирээд явах хэмжээний капиталтай үндэсний үйлдвэр хөгжөөгүй байна. Ийм хэд хэдэн үйлдвэртэй  болохсон. Тэднийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Томуудынхаа хаялга дор, томоо тойрч жижгүүд хөгждөг нь хууль.

- УИХ-аас, улстөрчдөөс эхэлж өөрчлөгдөх ёстой гэж байна. тухайлбал, та яаж өөрчлөгдөх вэ
- Би одооноос шүүмжлэгчийн байр сууринаас сөрөг хүчний байр суурьт шилжинэ. Өөр сонголт надад алга.

- Сөрөг хүчин гэдэг нь…, нам дотроо юу.
- Тэнд энд гэхгүй. Ерөнхийдөө  зарчмаа  барина. Мэдээж ганцаараа биш. Ардчиллын төлөөх олон намын эцэг байгууллага болсон МоАХ энэ цаг үед шударга бус зүйлтэй эвлэрдэг, өөгшүүлэгч байх ёсгүй, дарга нь идсэн уусан хуйвалдсан юманд орооцолдсон байх ёсгүй гэж үзэж байгаа. Одоо анх 1990 онд эхлүүлсэн зорилгоо гүйцээхийн төлөө илүү тууштай, илүү зоримог, илүү шийдэмгий тэмцлийн хэлбэрүүдийг ашиглахаас өөр аргагүй болж байна. Бидэнд хэвлэл мэдээллийн дэмжлэг алга, бүгд хаалтын гэрээгээр  барьцаалагдчихсан. Намаас дэмжлэг алга, бүх фракцаа албан тушаалаар хүлчихсэн. Тэглээ гээд яахав, бид хонхоо дуугаргаж, хийх ёстойгоо хийнэ.

- Танд хэвлэл бол байгаа шүү дээ
- Хөрөнгө оруулсан сонин, ТВ бий. Би өнөөдрийг хүртэл тэдний ажилд огт оролцдоггүй, сонгуулиар ганц нэг ярилцлага өгч байсныг эс тооцвол утсаар ярьдаггүй явж ирсэн. Одоо харин нийгмийг соён гэгээрүүлэхэд, олон түмнийг сэрээхэд, эргэцүүлж бодоход тэднийгээ ашиглахаас өөр аргагүй боллоо.  

- Бас МоАХ-г нам болгох уу?
- Үгүй, Монголын ардчиллын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, цаашид ч гүйцэтгэх энэ байгууллага төрийн бус байгууллага хэвээрээ явна.

- Тэгвэл бүрэн эрхийн үлдэж байгаа хоёр жилд эхлээд намаа өөрчлөх гэж үзэх үү?
- Уг нь өнөөдөр засгийн эрх барьж, шинэчлэл ярьж байгаа гэдэг утгаараа АН эхлэж өөрчлөгдөх, шинэчлэгдэх, эрүүл саруул юм ярьдаг болох нь хамгийн зөв эхлэл. Гэхдээ ингэхээр дахиад л нөгөө хэрүүлээ ярьж, Баттулга намын дарга болох гэж байна гээ хэн нэг нь ховоо зөөж нөгөө том зорилгыг үнэ цэнгүй болгоод хаячихна. Ганц чаддаг мэх нь энэ шүү дээ. Тийм учраас эхний ээлжинд нийгэм рүүгээ л хандна. Нийгэм л энэ намуудыг эрүүлжүүлэх байх. Болно, бүтнэ гэдэгт хууртагдаж 25 жил явлаа. Одоо хөршүүдтэй харьцуулаад харахад болж бүтэхгүй байгаагаа ойлгох байх гэж найдаж байна.

- Ганц намын дарга гэлтгүй, дараагийн Ерөнхий сайд нь таныг болох гээд л ингээд байна гэх хардлага ч явна. Угаасаа сөрөг ярьж, эсвэл фракц байгуулж шантаажлах замаар санасандаа хүрдэг нь улстөрд бараг технологи болчихсон юм биш үү ?
- Үнэн гэвэл би Ерөнхий сайд болохгүй. Би харин Ерөнхий сайд болсон хүнд асар сайн менемжентийн дэмжлэг үзүүлэх, туршлагатай боловсон хүчин. Ганзагын наймаанаас эхлээд бизнес хийж, үйлдвэр удирдаж явсан, хоёр ч яам удирдан, хоёр ч Засгийн газарт хөгжлийн бодлого гаргахад гар бие оролцож явлаа. Боломжийн мөнгө, хөрөнгөтэй учраас, зарим нэг өлөн хүн шиг хамаатан саднуудтайгаа хавсайдаад, төрийн мөнгө, албан тушаал руу рүү дайраад байх сэтгэл байхгүй. Тийм л хүн.

-Тийм менежер байх бололцоо Н.Алтанхуягийн засагт танд олдсонгүй юу
- Олдоогүй.

- Та гурван Ерөнхий сайдтай ажилласан. Аль нь арай дээр байсан бэ
-Арай гайгүй нь С.Баяр байсан. Баяр чинь юм ойлгодог, хориг саад тавилаа гэхэд болгоомжлолоо ил шууд хэлдэг байсан. Нөгөө хоёр нь ашиг сонирхлын зөрчилдөө нэвт баригдсан хүмүүс. Би хоёр яам удирдлаа. Салбарынхаа хөгжлийн бодлогыг мэргэжлийн багтай хамтраад гаргачихсан. Гэтэл тэрнийг маань цаасан дээрээс цааш бүтээн байгуулалт болгож явуулах сонирхолгүй. Хамтарсан засагт байхдаа ярьсан, мөнгө өгөөгүй. Айлын халаасны өрөөнд байгаа юм аргагүй юм болов уу гээд өнгөрөөсөн. Дараа нь өөрийнхөө намын засагт орж ирээд өнөөхөө ярилаа. Гэтэл жаахан мөнгө дусаагаад л орхисон. Тэгээд л томоор сэтгэх, том бодлого хэрэгжүүлэх чадвар, сонирхол Монголын төрд байхгүй юм байна гэж бодох болсон доо.

- Та сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө давхар дээлээ тайлахыг үнэхээр хүссэн учраас уу, эсвэл төмөр замын цариг дээр танхимтайгаа санал зөрсөн учраас уу?
- Ерөнхийлөгч Элбэгдорж өөрөө МоАХ-ны дарга байсан хүн. Хоёр удаа Ерөнхий сайд байж бас хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдож явахдаа засаглалын хямралын горыг өөрөө амсч явсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн авторуудын нэг. Харин тэр өөрчлөлт нь өнөөдөр засаглалыг илүү хямрааж байна, болохгүй нь гэдгийг хөндлөнгөөс хараад засах гэж оролдсон. УИХ нь засгаа шахдаг, хянадаг болооч ээ, намуудын бүлэг нь ажлаа хийгээч, парламент нь хурлаа хийгээч гэж энэ УИХ, Засгийн газрыг нэг малгайнаас салгах  хуулийн төсөл санаачилсан. Тэр сайдаа соль, энийгээ өөрчил гэхээр дандаа өөрийнх нь намын нөхөд учраас хувь хүн талаасаа хэцүү байсан болохоор давхар дээлийг тайлах хуулийн төсөл өргөн барьсан байх. Үүнийг нь УИХ, эрх баригч манай АН овжиноор ашиглах байсан юм. Гэвч тэгж чадсангүй. Зарчим, ёс зүй биш, нэг фракцын эрх ашиг, нэг хэсэг хүмүүсийн албан тушаалтайгаа зууралдах хувийн сонирхол ялсан л даа, харамсалтай нь. Тийм учраас би давхар дээл тайлахыг эхнээс нь дэмжиж, танхимынхаа эсрэг кноп дарчихаад дараа нь кабинетдаа суугаад байх нь ёс зүйн хувьд онцгүй л дээ.  Тийм учраас өргөдлөө өгсөн.

- Өргөдөл өгсөн нь тэмцлийн, өөр улстөрийн эхлэл үү?
- Болж бүтэхгүй байна, буруу яваад байна гэдгээ намын бүлэг, засаг дотроо ярьдаг байснаа одоо нийгэм рүүгээ гарч ярих, яриад зогсохгүй шаардлагатай бол улстөрийн ямар нэг акц хийх тийм үүргийг өөртөө авч байгаа юм. Өнөөдөр төрд ёс зүй гээч юм байхгүй боллоо, худлаа ярих, хов жив, хэрүүл төдийнхөөр амьдарч байгаа бидний нас богино, хязгаартай шүү дээ. Зохих хязгаар, ёс зүйг төрд, УИХ-д, Засгийн газарт тогтоохын төлөө МоАХ ажиллана.

- Тэгвэл та Түвэндоржийг сайдад дэмжих үү. Тэр МоАХ-ных ч, та давхар дээлийг эсэргүүцсэн шүү дээ
- Би Түвдэндоржийг сайдад дэмжихгүй. Яагаад гэвэл нэгд тэр МоАХ-ныхонтойгоо зөвлөлдөөгүй.Хоёрт, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Гуравт, Түвдэндорждоо ч биш, би өөрөө давхар дээлийг эсэргүүцэж кноп дарчихаад, өргөдлөө өгч засгаас гарчихаад  өрөөлийг давхар дээлтэй байхыг дэмжих нь зарчимд таарахгүй. 

- Шинээр тавих төмөр замыг царигаар бол засагтайгаа зөрчилдөөгүй хэрэг үү.
- Төмөр замын бодлогыг батлуулахдаа маш их зүйл судалсан. Хөршүүдээ судалсан, мэргэжилтэн судлаачдын үгийг сонссон. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол хамгийн гол дэд бүтэц. Хэрвээ төмөр замаа буруу тавьбал энэ нь төмөр зам биш, төмөр могой болж буцаагаад биднийгээ бооно. Тийм учраас маш их судалж говийн бүст байгаа баялгаа нэг газар буюу Сайншандад төвлөрүүлээд тэндээ боловсруулж төмөр замаараа тээвэрлэх бодлого гаргасан. Одоо энийгээ буцааж задлаад хилээ долоон газраар сэтлээд бүх баялгаа нэг улс руу, нэг улсын  төмөр замын сүлжээ рүү цутгая гэж байгаа. Зөв, бурууг одоо УИХ шийднэ. Харин энэ УИХ зөв, буруу шийдсэний алин болохыг хожим түүх, ард түмэн хатуу шүүнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд төмөр замын бодлогыг мэргэжилтэн, судлаачдын баг гаргаж, УИХ баталсан шүү дээ. Би салбарын сайд байсны хувьд л ил гарч ярьж, батлуулсан бодлогоо хамгаалаад байгаа болохоос энэ чинь Монгол Улсын бодлого. Түүнээс бус Баттулга гэж ганц хүний үзэл бодол, байр суурь биш. Бид хичнээн буруу явж, будилж байгаа ч улстөрийн ардчилал, шийдвэр гаргах тал дээрээ ганц хүнийн байр сууриар бүхэл бүтэн улсын бодлогыг төлөөлүүлэх, орлуулах хэмжээнд арай ч очоогүй яваа шүү.    

- Та ер нь төмөр замаа буруу царигаар, буруу чиглэлд, буруу дарааллаар тавьбал хамаг баялагаа алдана гэж үзээд байгаа юм уу, эсвэл тусгаар тогтнолоо алдана гэж болгоомжлоод байгаа юм уу
- Бүх юмаа алдана. Бэлэн жишээ, түүх байна шүү дээ. Одоо чинь улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. Эдийн засгаар, эдээр засаглана.Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой. 

- Одоо дэлхий глобалчлагдсан, биднийг АНУ өмөөрнө, америкууд хоёр хөршийг даваад ороод ирж чадахгүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, бид том гүрнүүдийн хамгаалалтад байдаг учраас санаа зоволтгүй гэж зарим хүн хэлдэг.
- Үнэн гэвэл биднийг хэн ч өмөөрөхгүй. Крым, Сири, Ливийг сана. Одоо Тайландыг өмөөрч байгаа их гүрэн хаана байгаа юм, байхгүй. Тусгаар тогтнол алдагдлаа гэхэд бидний энэ газар нутгаас хөөж гаргахгүй шүү дээ. Зүгээр л улсын эдийн засаг, эрх мэдэл л бусдын гарт орж, тэдний заавраар явчихна. Ийм эрсдлийг бууруулахад манай улсын хувьд төмөр зам маш чухал.

- Эцэст нь ойрхны юм асууя. Эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн үр дүн, ирээдүйг та ямараар харж байна вэ?
- Юм үйлдвэрлэдэггүй, өөрсдөө баялаг бүтээдэггүй улс орны эдийн засаг хямрахгүй яах юм бэ. Мөнхөд ийм бэрхшээлтэй явна.  Яг үнэндээ бол манай эдийн засаг Нарантуул зах, ямааны ноолуур хоёр дээр л тогтож байгаа. Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай. Түүнээс бус долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улстөрд удаан амьдардаг, улстөрд гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй. Зуу хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно.  

-Бас урд хөршөөс мөнгө авна, манайхны саналаар Орос-Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дайруулахаар болж байгаа, тэгээд транзит тээврээс их орлого олж эдийн засаг удахгүй сэргэнэ гэж байгаа. Энэ хэр бодитой вэ
-Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг хэцүү. Транзит тээврийн орлогоор мөнгө олох нь аж ахуйн нэгжүүдийн л асуудал. Төмөр зам, автозамын тээврийнхэн л олно. Гэхдээ төсөвт овойж оцойсон мөнгө орохгүй. Хийн хоолой гэснээс нэгэн түүх ярихад 1998 онд одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бид хоёр Илюмжиновтой уулзаж байсан юм. Тэгэхэд л Орос Хятадыг холбосон хийн хоолой татах тухай яриа эхлээд явж байсан. Илюмжинов чинь Ельцинтэй их дотно, ойрын хүн нь байлаа. Бас Отгонбаяртай нэг сургуульд сурч, дотуур байранд хамт амьдарч байсан юм билээ.   Бид хоёр хийн хоолойн асуудлаар зорьж очсноо хэлээд гуйж байгаа юм. Хийн хоолойгоо Монголоор дайруулаач гэж. Тэгэхэд, Илюмжинов, энэ хоёр улс үнэ тарифаа тохироход бараг 10 жил зарцуулна. Энэ том тохироон дундуур гуравдагчаар танайхыг оруулна гэвэл дахиад хугацаа алдана. Тэгээд ч танайх шиг хариуцлагагүй улсын нутгаар ийм хариуцлагатай төслөө дамжуулахгүй, ер нь бүтэхгүй талдаа шүү гэж билээ Одоо бодоход үнэн байж. Хоёр хөрш маань 10 гаруй жил ярьж сая л тохирч гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо бидний гуйлтаар Монголоор дайруулна гэвэл үнэ тарифын асуудал ахиад хөндөгдөж, гэрээний хугацаа дахиад хойшилно. Тэд тэгэхгүй. Бид л тэгээсэй гэж эндээ хүсээд, бараг болчихсон мэт аргацаасан PR-аар тархи угаагаад байгаа юм. Ер нь манайхныг эзэнгүй мэт, хэн дуртай нь хүссэнээ ярьдаг хариуцлагагүй улс гэдгийг хөршүүд хэлдэг. Дээрээ бодлогогүй мэт дуртай нь давхиж очоод нэг юм ярьдаг, дараагийнх нь очихоороо өөрийг ярьдаг нь хөршүүдийг залхаачихсан юм билээ. Тийм учраас танайхаас хэнтэй нь юу ярих, ярьсан нь баталгаатай эсэхэд итгэхэд маш хэцүү гэж гаднынхан хэлдэг.

http://otgonbayar.niitlelch.mn/

Tuesday, 10 June 2014

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй. Харин энэ их айлыг найман жил удир­дах хугацаанд нийг­мийн шинжтэй олон үйл явдлын дунд Олон ний­тийн статустай энэхүү мэдээллийн аварга хэрэг­сэл ямар байр суурьтай байсан, ямар зарчмаар ажил­лаж ирсэн зэрэг хүмүүс мэдэ­хийг хүсч байдаг асуудлуудын талаар ярилцлаа.

-Монголын үндэсний телевиз гэсэн их айлын хаалгаар анх хэрхэн хөл тавьж байв?
-Анх телевизэд ирээд юугаа ч мэдэхгүй нөхөр эхлээд хүүхдийн нэвтрүүлэг бэлддэг юм байна. Ер нь хүүхдийн нэвтрүүлэг их хэцүү, нарийн, чимхлүүр. Телевизэд анх ажилд орж байгаа уран бүтээлч бол эхлээд хүүхдийн нэвтрүүлэг хиймээр байгаа юм. Хүүхдэд, эцэг эхэд нь, цэцэрлэгийн багшид нь гээд бүгдэд нь тааруулж нэвтрүүлгээ бодно. Хүүхдийн нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн сэтгүүлч их мэдрэмтгий болдог, тэгээд цааш явчихдаг. Улс төрийн нэвтрүүлэг бол сүүлд шүү дээ. Миний хувьд бурханы авралаар зөв редакцидаа эхлээд хөл тавьсан юм шиг байна лээ. 

-Гэхдээ та анх нэвтрүү­лэг­чээр орж байсан санаг­дах юм?
-Анх бол нэвтрүүлэгчийн шалгаруулалтад 67 хүн өрсөлдөхөд нэгдүгээрт орж байсан юм. 

-Тэгээд нэвтрүүлэгчээр ажилласан уу?

-Гурван сар дагалдан нэвтрүүлэгч хийсэн. Б.Цэенханд гуай багшилна. Б.Цэенханд гуай телевиздээ хэдэн аятайхан нэвтрүүлэгч бэлдээд өгчихье гэж үнэхээр хичээсэн. Өглөө 8.00 цагт шуурхай хийнэ. Тэр шуурхайд нь дадлага хийж байгаа бид нарын хэрэг байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ идэвхтэй ирнэ. Ирээд тэдний юу ярихыг сонсоно. Цэенханд гуай чинь, Нарантуяагаа, Бямбаагаа дуусгана даа. Өнөө аашлуулж суугаа хэд нь мань мэтдээ бол аймаар амьтад шүү дээ. Чи ингэж уншдаг хэн бэ гээд загнахыг нь харахаар за бид хэд бол бүтэхгүй юм байна гэж бодно. 

-Бид хэд гэдэг нь хэн хэн байв?
-Одоо Эхо (нэвтрүүлэгч Ичинхорлоо), Чимгээ, Чоглоо, Адъяа... гэсэн хэдэн залуу. Та нарын гоё сайхан хамаагүй шүү, чиний тэр мисс падлийгүй шүү гээд Ичинхорлоо эд нарыг чинь будаа болгоно. Тийм өндөр шахалт шаардлага дундаас хөтлөлт ингэдэг юм байна, уншилт ингэх ёстой юм байна гэсэн төсөөлөл авна. Гэхдээ тэр үеийн чиг хандлага арай өөр л дөө. “Монгол ардын хувьсгалт намын бүгд хурлын шийдвэрээр”... гэдгийн чинь үлдэгдэл нь байсан юм. Цэенханд гуай, Хишигээ гуай эд нар тэгж заадаг. Залуучууд нь үүнд жаахан дургүй, зөрчилдөх маягтай. Одоо манай энэ Цоодол эд нар чинь хаалганы ард томорно. Эдний мэддэг гэж юу байсан юм. Онолын юм юу ч байхгүй байж... гэсэн юм ярина (инээв). Өөрсдөө сүрхий онолтой, шинэ үеийн хүмүүс. Ийм л бужигнаан дундаас юм олж авч байгаа юм даа.

-Телевизийн хүн болох хугацаа хэр удаан байв?

-Хөтлөгч хэдэн сар хийс­­ний дараа хүүхдийн нэвтрүүлэг рүү орсон юм. Өглөөний шуурхай дээр хатуу үг сонсоно. Томчуудад алуулах шахан байж нэг юм дөрөө олсон. Залгаад би спортын нэвтрүүлэг рүү орлоо. Спортыг гайгүй ч хийж байсан. 1997 оны үед манай телевиз дотроо тендер маягийн юмтай байлаа. Гадаад явна гэсэн ойлголт залуучуудад байхгүй. Бараг улсын Ерөнхийлөгч маань жилд ганц хоёр удаа гадаадад явдаг байсан ч юм уу. Тийм томилолтод явдаг хүмүүс нь онцгой хүмүүс. Сарангэрэл, Мөнхтөр... гэхчлэн... 1997 онд энүүхэн Красноярскт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хэн явах вэ? боллоо. Би ялав аа. Тамирыг “будаа” болгоод явах боллоо. Тамир чинь тэр үед базарваань спортдоо ганц нь байсан юм. Тамир шартай, зардлаа даагаад явдаг юм. Нэг тэмцээнд явсан хүмүүс чинь ирээд адилхан л нэвтрүүлгүүд хийнэ биз дээ. Бид хоёр тус бүрдээ 11 нэвтрүүлэг бэлдэж хэнийхийг нь оруулах вэ гэж уран сайхны зөвлөл дээр бас тендер болж миний 10 нэвтрүүлэг тэнцсэн юм. Мундаг том тулаан болж 11 нэвтрүүлгийн 10 нь минийх болж сүрхий юм болов (инээв). Уран бүтээлчдийн сайхан өрсөлдөөн юм даа. 

-Сэтгүүл зүйн хөдөлмөр адармаатай. Үүнийг ер нь л гайгүй хийлээ дээ гэж бодсон уран бүтээлийг өглөөний шуурхай дээр томчууд арчаад өнгөрдөг. “Үүнийг ч би халтуурдсан даа” гэж бодсоныг тэнгэрт тултал магтдаг. Бас л амаргүй шүү?
-Яг л тэгдэг. Анх хүүхдийн нэвтрүүлэг бэлдэж байхад мөн ч их хичээдэгсэн. Өглөөний шуурхай дээр магтуулах байх гэж бодоод ордог, юун магтах намайг чинь байхгүй болгож болгож төгсгөлд нь манай Ганбат гуай “Гэхдээ энэ хүүхдэд авах юм байна...” гэхэд нь арайхийн нэг юм толгой өндийнө. Сэтгүүл зүйн тогоонд насаараа чанагдсан хүмүүсийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Тэгж байж л бид нарт жаахан дөр суулгадаг байх. Танай сонины Ш.Цэрэнпил ах бид хоёр их ойр дотно байлаа. Нас барахаасаа гурав хоногийн өмнө өрөөнд маань ороод ирлээ. Хэдэн номоо барьчихсан. Бие нь тааруу, мөнгө төгрөгний ч хэрэгтэй байсан байх. Байгаа 100 номыг нь авч мөнгийг нь шилжүүллээ. Сүүлд нь аудит орж над дээр номны мөнгөний асуудал босоход нь би нүүр бардам хэлж билээ. Наад ном чинь сэтгүүл зүйн сурах бичиг. Наад номын зохиогч Ш.Цэрэнпил гэдэг чинь Монголын хөрөг бичлэгийн мастер байсан хүн, хөргийг ингэж бүтээдэг юм байна гэж уран бүтээлчид маань хардаг юм гэж. Цээпээ ах шиг угийн намуун дөлгөөн хүмүүс л харин ширүүн дориун байж чаддаггүй байсан байх. Тэрнээс дийлэнх нь ширүүн шүү дээ.  

-Өнөөдөр та Монголын хамгийн том мэдээллийн сувгийг удирдаж байна. Нэг нэвтрүүлгийг брэнд болгох нь таны сэтгүүлчийн хөдөлмөр байсан бол одоо энэ байгууллагыг брэнд болгох нь таны зорилго. “MNB” гэсэн брэнд бий болж чадсан уу?
-Нэг үе хэцүү байсныг нуух­гүй. Одоо бол би хэ­ний ч өмнө “Уучлаарай, ма­найх сайн байгаа” гэж хэл­нэ. Одоо мэдээллийн хэрэгс­лүүд олон болчихсон. Бид юугаараа ялгарах ёстой вэ. Мэдээж шуурхай чанар, олон талаас нь нягталсан, бодитой мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт телевизийг бид урлаг талаас нь олон нийтэд сайн хүргэх ёстой. Ийм зарчмууд манайд үйлчилж байна. 

-Та бол ажлаа дүгнэх хэмжээний хугацаанд ажилласан байна?

-Сая он гарснаас хойш би юу хийж амжуулснаа дахин бодож үзсэн. Хийх ажил, дутуу юм их байгаа. Гэхдээ басчиг хийсэн юмтай, дотроо урамтай байгаа. Өөрийнхөө хийснийг өөрөө ярих нь монголчуудад таалагддаггүй юм шиг санагд­даг. Үзэгч сонсогч олон түмэн, хамт олон минь хэлнэ биз дээ. Манайх Олон нийтийн статустай болоод есөн жил болж байна. Найман жилд нь ажилласан гэхээр би бараг чацуу юм. 

-Энэ хугацаанд та олон ч төрийн нүүрийг үзэж дээ?
-Гурван төрд нүүртэй хүн гэж үү, тийм өнгөөр сонсогдож байх чинь.

-Бараг л тийм дээ, яаж үлдэж байв?
-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд... гээд олон хүмүүс намайг “томилоод” явжээ. Хүн өөрийгөө өмгөөлөх дуртай юм чинь би ч ялгаагүй өөрийгөө л өмгөөлнө. Дээрх бүх л хүмүүст на­майг аваачиж наагаад наагаад болсонгүй. Улс төрийн хүрээнд одоо намайг Ерөнхийлөгчид аваачиж нааж байх шиг байна. Би зарим нэг хүний ярьсныг яг үгээр нь хэлэх үү, “Зальтай муу новш, яаж яваад бүгдээрэнд нь очоод наалдчихдаг байнаа” гэж. Яг үнэндээ наалдаад байсан юм байхгүй. Бүх зүйл зарчмаараа л явсан.

-Гэхдээ Ерөнхийлөгчтэй бол уулздаг биз дээ?

-Нэг бус удаа уулзсан. Ажил төрлийн шаардлагаар цаашид ч уулзана. 

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай их ойр байсан гэж ярьдаг?

-Энд би Энхбаяр даргаас зугтаж зуларсан санаа оноогоор хэлж байгаа юм биш. Тэр хүнтэй ойр дотно байсан бол түүнийгээ нууж хөгийн зан гаргах хүн нь би лав биш. Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр тэнд та хоёр... гээд ярих үйл явдал лав  байхгүй. Ажил төрлийн шугамаар уулзаж таарч байсан зүйл байлгүй яахав дээ. 

-Улстөрчдийн зүгээс дарамт бол их биз?
-Мэдээж дарамт ирэл­гүй яахав. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар ярвиг­тай байсан. Айхавтар үндэс угсаагаар нь дуудсан нэвтрүүлэг орж ирэх гээд байдаг. Түүнд би зарчмын ямар хориг тавьсан гэхээр “Бусад телевизээр гарчихсан нэвтрүүлгийг манайх гаргахгүй л” гэсэн. Ер нь та намайг нэг их амар амгалан сууж байдаг гэж бодож байна уу. Тиймгүй шүү дээ.

-Гэхдээ одоо бол арай өөр болсон биз дээ?

-Бүх зүйл зарчмаараа, хууль дүрмийн хүрээнд явж байгаа. Би ажил дээрээ нэг их малилзтал инээгээд, хүний арга эвээр, нялцагнаад суудаггүй. Эхлээд бол зохицох гэж үзнэ. Зохицохгүй бол шууд хаяад цааш явна. Миний, бас манай хамт олон, байгууллагын маань, мөн үзэгч олон түмний аврал нь ОНРТ-ийн хууль байхгүй юу. Энэ бол сайн хууль. Гэхдээ засах юм маш их бий. Санхүүжилт, төрийн оролцооноос эхлээд. Гэхдээ ямар ч байсан бид хуультай. Уучлаарай, Ерөнхий сайд аа, хуулинд ингэж заасан гэж өмнөөс нь тайлбар хэлэх үгтэй байдаг. 2010 онд юм байна. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гээд Батцогт, Уянга эд нар босчихсон үе. Би хэсэг хүмүүсийн бодлоор бол тэр үед аймаар ухаантай зан гаргасан байгаа юм. Бүх юмыг зохион байгуулалцчихаад Өмнөговь руу бултчихсан. Манайхаар тэр хөдөлгөөний тухай мэдээллүүд гарсан юм. Нийгмийн шинжтэй тийм тодорхой үйл явдлыг ард түмэнд мэдээлэлгүй яах юм бэ. Бүтэн сайн өдөр нь Уянга “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орсон. Манай Гүрээ ч гэж Гүрээ “Ээ, Ард түмэн минь ийм жаахан охин ард олон та нарынхаа төлөө...” гээд туучихдаг, тэр нь илүүдчихгүй юу. 

Зүгээр л “За таны бодол ийм байгаа юм байна” гээд сэтгүүл зүйн зарчмаараа дуусгачих нэвтрүүлгийг. 

-Бослого маягийн зүйлд бараг уриалчихсан юм байна.
-Тэгж ойлгогдсон бо­лол­той, орой нь Ерөнхий сайдын утас ороод ирлээ. -Танайхыг би хариуцаж авсан гэж бай­на. Би чинь хүн шүү дээ, тийм шулуухан яриа на­дад таалагдалгүй яахав. -Асуудалгүй болох байхаа, Ерөнхий сайд аа гэсэн. Тэгсэн залгуулаад -“Маргааш танайх жагсаал цуглааныг талбайгаас шууд дамжуулах гэнэ, тэр тухай мэдээлэл огт гармааргүй байна” гэлээ. Би хэллээ “Яг шууд дамжуулах тухай яриа бол байхгүй, гэхдээ болж байгаа үйл явдлаас мэдээлэл хийхгүй бол болохгүй” гэсэн юм. -Иймхэн юман дээр та одоо... гэсэн зүйлийг надад хэлэхэд нь “Иймхэн юм бол та юу гэж ярьж байгаа юм” гэж хэлснээр бид хоёрын яриа биш боллоо. Сүүлдээ ч би “Танай сайд нарын зарим нь манай хэдэн муу бор сэтгүүлчийн утсыг авахгүй болтлоо томорсон байна лээ” гээд хэлчихлээ. Залгуулаад Ц.Нямдорж сайд утасдаад “Би энэ ард түмний чинь амгалан тайван байдлыг хариуцдаг юм, танайх яагаад ард түмнийг бослого тэмцэлд уриалаад байгаа юм” болов. Та Батцогт, Уянга нартайгаа уулзаад учраа олчихож болдоггүй юм уу гэчихсэн биш “Чи миний ажлыг заадаг хэн бэ” гэж байтал нь миний утасны цэнэг дуусаад тасарчихсан. Иймэрхүү асуудлууд эрх баригчид, бидний дунд болдог юмаа. Хаа хаанаа л хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүс.

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг цочроосон олон үйл явдал боллоо. Долоон сарын 1-нээс эхлээд. Энэ бүх өрнөлийн үед наад зах нь саяынх шиг улс төрийн үзүүр танай байгууллага руу их ирнэ биз?
-Долоон сарын 1-ний үйл явдлын үеэр байгууллага хамт олны аюулгүй байдал, машин техник, тоног төхөөрөмж гээд санаа зовох зүйл их гардаг юм билээ. Манай жижиг явуулын станц МАН-ын байрны урдаас шууд дамжуулалт хийж байсан. Би яг энэ ширээний ард телевизээ хараад сууж байлаа. Тэгсэн юу юугүй өнөө олон хүн чинь чулуу мод болоод манай станц руу шидлээ. Тэгэхээр нь станц сүйд хийх нь гэж сандарсан хүн өнөө газар руу чинь жирийгээд очно биз дээ. Түгжрэл гэсээр дөчөөд минут болж очсон. Ёстой нэг юу ч бодолгүй, өнөө олон үймж дайрсан хүмүүс рүү чинь алхаад арваад метр ойртож явтал биш болсон. Яг дотор нь байсан хүмүүс мэднэ дээ, хүмүүс ямар аймаар болчихсон байсныг. Зарим нь ам хамраа таглаад боочихсон, хар нүдний шил зүүчихсэн... тэгсэн тийм нэг эрүүл биш нүдтэй эмэгтэй... одоо ч миний нүдэнд харагдаад байдаг юм. Тэр эмэгтэй “Хүүе энд телевизийн дарга Наранбаатар явж байна, бариад аваарай” гэж хашгирсан. Өнөө олон сэтгэл нь хөөрсөн хүмүүс чинь юу ч бодолгүй пар гээд дайрлаа. Яахаас ч буцахгүй хүмүүс чинь аймаар юм билээ, намайг одоо юу гэж бодсон юм, шууд дайрсан шүү дээ. Би шууд л эргээд зугтсан. Баригдсан бол би алуулах байсан байх. Манай фондод миний хар эрчээрээ зугтааж байгаа бичлэг одоо байдаг юм... Онц байдал зарлалаа. Тэр үед манай сэтгүүлчид ёстой ямар ч командгүйгээр өмнөх ажлаа хийж байсан. Манайхан одоо хэлэх байх даа, тэр өдрүүдэд Наранбаатарын зүгээс тэрийг дамжуул, тэрийг боль гэсэн юм огт байгаагүйг. Гэхдээ өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж ажиллахаа сэтгүүлчид маань мэднэ л дээ. Яг л голоор нь, зарчмаа мэдэж дамжуулалгүй яахав. Тэгээд ч манай маш туршлагатай хүмүүс тэр өдрүүдийн гаралтыг бүрэн хариуцаж байсан болохоор надад санаа зовох зүйл бага байсан. Ерөөсөө л баланс барих, дээр нь ямар нэг даалгаваргүйгээр мэдээлэл дамжуулах. Онц байдал зарлаж онцгой байдлын штаб байгуулагдсаны нэг гишүүн нь би юм. Дарга нь Ц.Мөнх-Оргил сайд. Хэд хэдэн хуралд нь суусан. Янз бүрийн юм болсон. Зарим нь ч төрийн нууц, аюулгүй байдалтай холбоотой байх. Тэнд юу болж байсан талаар би нэг ч хүнд ярьдаггүй. 

-Удирдлагын түвшинд чухам юу болсныг та гадарлах л юм байна?

-Ч.Амарболд генералтай цагдаагийнхан ямар байр суурьтай байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн ямар хандлагатай байсан, хэн нь юу хэлж байсан зэргийг ганц би биш олон хүн мэднэ. Онц байдал зарласан үед бүх телевизийг тодорхой хугацаагаар хаах ёстой юм байна. Гэхдээ зөвхөн төрийн мэдээллийг дамжуулж байх Үндэсний Олон нийтийн телевизийг нээлттэй байлгая, зөвхөн төрийн мэдээллийг дамжуулахын тулд шүү гэсэн шийдвэр гарсан. Онц байдал зарласан үед Наранбаатарын захирал байтугай хэвлэлийн эрх чөлөөний хууль ч огт хамаагүй. Хүмүүс болохоор манайхыг нээлттэй байсан болохоор бүх мэдээллийг ил тодоор бүгдийг нь дамжуулах ёстой байсан гэж одоо ч ойлгодог. 

-Үүнээс болж танайх хатуу үг нэлээн сонссон доо?

-Сонссон, хатуу үг их сонссон. Төр мэдээлэл өгөх үүргээ л манайхаар дамжуулсан. Манайд онц байдал зарласан үед яах тухай хууль тодорхой бус. Манай хуульд бол онц байдал зарласан үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг дамжуулах үүрэгтэй. Бусад үед энэ гурвын үгийг дамжуулах эрхтэй л гэсэн ганц өгүүлбэр бий. Энэ үед би Онцгой байдлынхаа штабын даргатай нэлээн зөрөлдсөн. “Магнай, Батзандан нар намайг тэг, ингэ гэсэн” гээд нэг мэдрэл муутай нөхөр ярьдаг, түүнийг нь дамжуул гэнэ. Би үгүй л гэдэг. 

-Мэдээж ийм хүмүүсийн үг бол цаанаас зорилготой гэж та үзэж байж?

-Угаасаа миний өрөөнд миний хажууд хүн сууж байсан юм чинь. Штабын дарга болохоор “Монгол улс онц байдал зарласан байна, ойлгож байна уу” гэхэд хэлэх үггүй болдог байсан. Онц байдал зарлана гэдэг хуулийн үйлчилгээ хязгаарлагддаг, онцгой орчин нөхцөл үүсдэг юм билээ. Тэгээд би хаширласан нь тэр юм уу, өөрийгөө хамгаалах гэсэн санаатай байсан юм уу, тэр үедээ сэтгүүлч явуулж Мөнх-Оргил сайдыг наад үгээ хэл гэж байгаад хэлүүлж архивтаа авсан байдаг юм. “Онц байдал зарласан үед ямар ч хууль үйлчлэхгүй, ямар ч хэвлэлийн эрх чөлөөний хууль энд хамаагүй” гэсэн утгатай. Одоо манай фондод бий. 

-Тэр үгийг нь нийгэмд хүргэсэн үү? 
-Хүргэсэн. Хоёр гурав ч дамжуулсан. Штабын даргын зүгээс штабын гишүүндээ хэлсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс үзэгчдээсээ уучлалт гуйх ёстой.

-Юунд уучлалт гуйна гэж?
-Үзэгчдийнхээ хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахгүй байсандаа. Тэгэхдээ манайх үүргээ боломжит бүх хувилбараар гүйцэтгэж байсныг үзэгчид маань мартаж болохгүй. Маргааш өглөө нь манайхан штабаас команд ирээгүй байх үеийг ашиглан, амжиж нэгдүгээр эмнэлэг дээрээс хүмүүсээс яриа авч, тэдэн хүн буудуулж амь насаа алдлаа гэдгийг хамгийн анх дамжуулсан. Ингэх нь үнэхээр хүнд байсан. Боломжгүй шахуу байсан ч бид ард түмэндээ амжиж ямар аймшигтай үйл явдлууд өрнөж байгааг, өрнөснийг хамгийн эхэлж мэдээлсэн. Энд миний оролцоо бараг байгаагүй, манайхан гудамжинд танк, буутай цэргүүд гараад зогсчихсон тэр үед аймшигтай хэрэг явдлуудын дундуур гүйлдээд, гэрчүүдийн яриаг нийгэмд хүргэсэн юм. 

-Тэр мэдээлэл цацагдсаны дараа юу болсон бэ?
-Манайхан дамжуулж дууссан, дууссантай зэрэгцээд шахуу “Юу явуулаад байна” гээд хүмүүс ороод ирсэн. Манайхан бүрэн хяналтад орсон, миний хажууд салалгүй хүн суусан. Ер нь онц байдлын тухай хууль манайд их тодорхой байх ёстой юм билээ. Ядаж л хэвлэл мэдээлэл нь энэ үед ямар эрх үүрэгтэй байхаас эхлээд. Бүгдээрээ л ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй хэдэн өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ би “Энд миний хэрэг алга явъя даа” гэхээр явуулахгүй байсан. 

-Та бол үндэсний радио телевизийг хоёр өөр статустай байх үед нь ажиллалаа. Ялгаа их бий биз?

-МҮОНРТ-ийн хууль ганц манай байгууллагад бус Монголын ард түмэнд их том гавьяа байгуулж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс олон болсон. Бат-Үүл баатрыг, трактортой байсан үед би телевизийн бага шиг дарга өглөөний хуралд суудаг байлаа. Трактортой Бат-Үүлийн жагсаал манай телевизээр сураг ч үгүй шүү дээ. Тэр дээрээс “Мэдэж байгаа биз” гээд нэг хуруу гозойно. Би энэ бүхнийг мэдэх учраас ярьж байна л даа. Өнөөдөр бол мэдээлнэ, мэдээлж ч байгаа. Наад захын ийм жишээнээс ялгааг харж болно. Гэхдээ ганц хууль гарснаар ч сайн болоод байгаа юм биш. Хуулиа ойлгохгүй хүмүүс бий. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн нь Монголын нийгмийн голлох 15 салбарын төлөөлөл байхаар заасан. Гэтэл 15 мундаг сэтгүүлч Удирдах зөвлөлд орж ирээд гялалзуулна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Гэтэл хуулийн амин сүнс нь өөр өөр салбарын 15 толгой ирж суугаад, тал талаас бодлогоо боловсруулж түүнийг нь Ерөнхий захирал гүйцэтгэнэ гэсэн хуультай. 

-Танай байгууллагыг гаднаас очсон хүмүүсийг тогтоодоггүй, тэсгээдэггүй, тийм нэг адайр газар гэж хардаг хүмүүс бий.
-Хэнийг тэсгээхгүй явуулсан гэж. 

-Удирдлагад нь очсон хүмүүс нэг их удалгүй явчихдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд...
-Даваабаяр уу?

-Тийм.
-Хамт олноороо дээшээ их цоройж булгидаг, дээр нь удирдаж байгаа хүн нь хавь ойрдоо халгаатай гэсэн ойлголтыг ганц нэг хүн ярьдаг байх. Энэ том байгууллага үеийн үед гадна дотноос дарга нь томилогдож байсан. Хамт олон болохоор нүүдлийн шувуу шиг удирдлагад жаахан таагүй. Гэхдээ манайх даргад халгаатай газар бол биш. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Манай хамт олон уран бүтээлч зантай, маш их элгэмсэг, дулаан уур амьсгалтай, ажлыг нь ойлговол улам л урам ороод, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж чаддаг хүмүүс. За зөвхөн телевиз дээр нэрлэе. Оюундарь, Мөнхбаатар, Ариунбат, Куланда, Энхбат... эд нар хөөгдсөн юм уу. Бүгд л хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажлаа өгөөд дараагийн ажил руугаа явсан. Харин Даваабаярын тухайд бол өөр л дөө. 

-Даваабаяр бол тайлбарыг хангалттай өгсөн. Та харин дуугараагүй. Тухайн үед ажлаас нь чөлөөлөх тушаалыг их л хурдан гаргах шиг болсон.
-Одоо бол Шүүхээр эцэслээд дуусчихсан үйл явдал. Наранбаатар буруу шийдвэр гаргаагүй юм байна гээд шүүх эцэслэчихсэн. Би Даваабаяраас их ажил хүлээсэн. Хамт олон нь ч түүнээс их зүйл хүлээгээд байсан нь тийм байдалд хүргэсэн. Би хамт олонд нь хэлсэн, “Энэ байгууллага чинь гурван сар болохгүй даргаа солиод байвал хэн тогтох юм бэ. Хоорондоо ойлголц” гээд Даваабаярын сайн талуудыг тэдэнд хэлсэн. Даваабаярт ч хамт олонтойгоо ойлголцож ажиллахыг зөвлөсөн. Ийм үйл явдлын ард заавал толгойлогч хайдаг. Зарим хүн намайг зохион байгуулсан юм боддог байх. Хамт олны дунд бүрдсэн олон зүйл чинь хуралдсаар нэг нөхөр гарч ирээд зохион байгуулахаар хуй салхи шиг босдог юм билээ. Тийм л зүйл болох шиг болсон. Уг нь Даваабаяр гайгүй ойлгосон л юм шиг байсан даа. Тэгсэн ч болоогүй. Толгойлж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэд юу гэсэн гэхээр “Бид энэ хүний асуудлаар танд удаа дараа хандсан. Та хөдлөөгүй. Энэ удаа бид Удирдах зөвлөлд хандаж байгаа” гэсэн. 200 уран бүтээлчийн 180 нь гарын үсэг зурчихаар яаж ч болдоггүй юм билээ. Даваабаярт одоо гарц алга гэдгийг хэлсэн. Манай хүн ч шүүхдээд л явж өгсөн. Таван удаа шүүх хурал хойшилсон. Дөрвийг нь Даваабаярын саналаар хойшлуулсан. Гэвч дөрвүүлэнг нь би хойшлуулсан нэр зүүсэн. Болсон процесс гэвэл товчхондоо ийм. 

-Ийм үйл явдал байгууллагын нэр хүндэд сөргөөр тусдаг байх?
-Банк, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын үйл ажиллагаа олон түмний итгэл дээр тогтдог. “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай байгаа нь танай байгууллагад, танай хамт олонд итгэдэг болоод л тэр. Түүн шиг манай байгууллагад итгэдэг олон мянган хүн байгаа болоод манайх олон үзэгчтэй байгаа. Хамгийн уршигтай нь Даваабаяр, Наранбаатартаа байгаа юм биш. Энд чинь баахан иддэг, уудаг нөхөд байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрч байгаад юм. Үзэгчид юу гэж ойлгодог гэхээр “Бидний төлдөг мөнгөөр хэдэн хүн наргичихдаг юм байна” гэж ойлгоно. Саяын бужигнаанаас болж хамгийн их хорлогдсон газар бол манай байгууллага юм...

Ер нь энэ асуудлыг ингээд орхиё, хэнд ч хэрэгтэй юм. Үүнээс өөр олон ажил манай байгууллага дээр өрнөдөг юм шүү дээ.

-Тэр тухай чинь товч ярилцъя?
-Манай телевиз шинэ бүтэц, шинэ стратегиар ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байна. НD технологид шилжих техникийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Олон улсын зах зээлээс контент худалдаж авах ажлууд амжилттай боллоо. Бид Америк, Оросын зах зээлээс кино худалдаж авахаар гэрээгээ хийж байгаа. 

Нийгмийн асуудал талаас нь ярья гэвэл жишээ нь, өнөөдөр манай байгууллагын 66 айлын орон сууц ашиглалтад орох гээд, хэн тэр байрнаас авах вэ гэсэн марафон цаана чинь болж байна. МҮОНРТ-ийн нийт орон тоо 720 шүү дээ. Хаа байсан Хөвсгөлийн Цагаан-Үүрт хураамжаа авах гээд айлын нохой шуугиулж яваа хүн манай орон тооны ажилтан юм. Өмнө нь 124 айлын орон сууц барьж өнгөрсөн онд ажилтнуудаа оруулсан. Одоо 66 айлын орон сууц дээр үзэж байна. Би энэ байгууллагыг удирдсанаасаа хойш нийтдээ 200 гаруй ажилтнаа орон сууцтай болгохоор зорьж байна. 140-өөд нь байртай болсон. Нэмээд 100 хүнийхээ байрыг шийднэ. Ажилтнуудын маань нийгмийн асуудал чухал. Хэдийгээр миний хийх үндсэн ажил биш ч гэсэн ийм том хамт олныг удирдаж, хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд хийх ёстой ажил гэж ойлгодог. Ер нь бол нервний ажил, гэхдээ нэгэнт л хариуцаж байгаа болохоор нэг айлынх нь шал хүртэл яаж хийгдэж байгаад санаа тавих хэрэгтэй болох юм байна шүү дээ (инээв). 

-Үндэсний олон нийтийн радио телевиз бие даах боломжтой юу?
-Ер нь олон нийтийн статустай радио, телевизийг бусад оронд бие даалгадаггүй юм. Улсаас өгдөг мөнгөтэй. Реклам явуулдаг эрхтэй. Ийм л зарчмаар явдаг юм билээ. Хамгийн анхны олон нийтийн статустай болсон телевизүүд бол BBC, NHK хоёр. 1940-өөд оны үед NHK анх удаа дайнд ялагдсан тухай эзэн хааныхаа үгийг дамжуулах гэж байгаад улс төрийн шалтгаанаар гэнэт больжээ. Гэтэл нэгэн нөхөр бичлэгийг нь авч зугтаагаад цацсанаар анх удаа олон нийтийнх болох статус нь нээгдсэн түүхтэй. Ер нь бол төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. Гэхдээ гол зарчим нь олон нийтээс санхүүжиж, олон нийтийн хяналт дор, олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулна. Манай байгуулагын хуулийн үзэл баримтлал ч энэ. Тухайн улсын нүүр царай Үндэсний олон нийтийн телевизээс харагддаг. Англи яагаад хүчтэй байна гэхээр BBC хүчтэй байгаа учраас тэр. Англи улс бол агуу юмаа гэдгийг BBC байнга үзүүлээд байхаар Англи нь Англи улс шиг харагдана биз дээ. Орос ч мөн адил. Оросууд ОРТ, РТР-ээрээ хаячихсан бол бусад улс орнууд Оросыг мэдэхгүй. Бид ингэж харах ёстой. Миний суудал дээр хэрэвзээ орос юм уу, хятад хүн ирээд суучихгүй бол би телевизээр, радиогоороо аль болох Мон­голынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ. Сая тэр Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад ороход бид ямар их баярлав. Ийм юмыг бид том болгож л үзүүлнэ биз дээ. Ийм амин сүнс уран бүтээлч бидний хэний ч сэтгэлд бий. Ер нь Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн салбартаа “MNB” гэсэн лого эхний тавд орно шүү. 

http://khashchuluun.niitlelch.mn/

Monday, 9 June 2014

С.НАРАНГЭРЭЛ: ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ГЭМТ ХЭРЭГ ХЭД ДАХИН ӨСНӨ

Академич С.Нарангэрэлтэй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Түүнээс МАН-ынхан энэ төслийн алдаа дутагдал, дагуулах эрсдэлийг нь асууж сонирхжээ.
УИХ дахь МАНын бүлгийнхэн таныг хуралдаандаа урьж Гэмт хэргийн тухай хуулийн төслийнталаар үзэл баримтлалыг сонссон байна лээ. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Сэтгүүлчид бас их соргог юм байна л даа. Үнэхээр намайг цөөнхийн бүлэг албан ёсныхоо хуралдаанд урьж Гэмт хэргийн хуулийн төслийн талаар номын дуу сонссон. Би энэ үзэгдлийг ихэд бэлэгшээж байгаа. Яагаад гэвэл эрдэмтэд, ялангуяа тодорхой салбар шинжлэх ухааны талаар мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсдог байх ёстой.
С.Нарангэрэл: Энэ хууль батлагдвал гэмт хэрэг хэд дахин өснө Манай улс хөгжил дэвшлийн замд шууд орж чадахгүй байгаагийн нэг шалтгаан бол эрдэмтэн мэргэдийг сонсдоггүй, тэднийг үл тоомсорлодог, заримдаа тэднээс зугтдагтай холбоотой. Тэр утгаар нь энэ үйл явдалд олзуурхаж байна. МАН-ын бүлэг С.Нарангэрэл гэдэг хүний хувийн үзэл бодлыг сонсоогүй. Хууль зүйн шинжлэх ухаан тэр дундаа Эрүүгийн хууль тогтоомжийн талаарх шинжлэх ухааны мэдээллийг надаас авахыг зорьсон гэж ойлгосон. Ер нь МАН-ын бүлэг дотор туршлагатай хуульчид цөөнгүй бий. Туршлагатай парламентын гишүүд ч цөөнгүй бий. Тэд маань асуудалд ингэж хандаж байгаа нь цаашдаа УИХ аливаа асуудлыг хэлэлцэхдээ шинжлэх ухааны үүднээс хандах хандлага бий болоход чухал алхам боллоо гэж ойлгож байгаа.  Бүлгийн хуралдаанд ярьсан зүйлийг товчхон илэрхийлэх юм бол одоогийн өргөн барьсан энэ төслийг УИХ-ын нэгд­сэн чуулганаар хэр­хэвч хэлэлцэж болохгүй. Хэлэлцэх хэмжээний шаардлагыг хангаагүй гэдгийг нь хэлсэн.
Та ямар үндэслэлээр тэгж дүгнэв. Хууль санаачлагч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсад гэмтхэргийн тоо 40 хувиар бууруулах сайн төсөл гэж онцолсон шүү дээ?
-Монгол Улсад жилдээ 20 гаруй мянга гэмт хэрэг бүртгэгддэг. Миний гаргасан прогнозоор төсөл батлагдвал энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. Яагаад гэхээр зөвхөн гэмт хэргийн субьектийн насны доод хязгаар одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар 14-16 настай хүүхдүүдэд хүн амины санаатай хэргээс эхлээд ноцтой найман хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэтэл төсөлд  доод насыг 14  гэж заачихаж. Энэ нь 14-15 настай хүүхэд бүх хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна. Ийм л учраас хуулиар гэмт хэргийг нэмэгдүүлэх болчихож байгаа юм шүү дээ.  Үүнээс гадна энэ төсөлд гэмт хэрэг, захиргааны эрх зүйн зөрчил хоёрыг нэгтгэж. Нэгтгэснээс болж захиргааны эрх зүйн зөрчил нь гэмт хэрэг гэж шийтгүүлэх байдалд орж болзошгүй. Би нэг зүйлд их гайхах юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яагаад ийм хуулийг батлуулах гээд хүчин чармайлт тавиад улайраад байгааг ойлгохгүй байна. Үүнийг Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь ёс суртахуунтай холбож үзэхээс өөр арга алга.
-Яагаад ёс суртахуунтай холбоно гэж. Хууль санаачлахад ёс суртахуун тийм их хамаатай гэж үү?
-Эрүүгийн хуулийн гол зорилго нь хэв журмыг бүх талаас нь хангуулах, олон нийтийг нийгмийн аюулаас хамгаалах юм.  Ганцхан жишээ хэлэхэд, Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх гэсэн заалт бий. Энэ заалтыг Эрүүгийн хуулиар хамгаалдаг. Гэр бүлийн хуулийн үндсэн зориулалт нь эх, эцэггүй эсвэл эцэг, эх байх эрхээ хасуулсан хүмүүсийг хууль ёсны эцэг, эхтэй болгох хууль зүйн хэрэглүүр байгаа юм. Хэрэв үүнээс өөрөөр хүүхдийг хууль бусаар үрчлүүлэх үйлдэл хийвэл өнөөгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, 2-5 жилийн хорих ялтай. Гэтэл Х.Тэмүүжин сайд өөрийнхөө 15 нас хүрсэн хүүхдийг гадаадад суугаа өөрийн орны Элчингийн зөвлөхөд үрчлүүлсэн байгаа юм. Х.Тэмүүжин хүүхдээ үрчлүүлснээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болж байгаа юм. Харин өнөөх Гэмт хэргийн хуулийн төслөөр үүнийг гэмт хэрэг биш болгохоор зааж байх жишээтэй. Ийм хүн яаж Монголын эрүүгийн хуулийг шинэчлэх юм бэ. Зөвхөн хувийн эрх ашгаа хамгаалах гээд яваад байгаа юм биш үү.  Уг нь Эрүүгийн хуулийг шинэчлэхэд гол үүрэг гүйцэтгэх газар, албан тушаалтан нь Хууль зүйн яам болоод түүний сайд нь ердөө биш байхгүй юу.  Монгол Улсын дээд шүүх, түүний Ерөнхий шүүгч нь байх ёстой.
-Эрүүгийн бодлогыг тодорхойлох ёстой хүн гээд үү?
-Монгол Улсын Дээд шүүх  Эрүүгийн хууль хэр зэрэг хэрэгжиж байна, гэмт хэрэгт эрх зүйн зөв үнэлэлт хэр зэрэг өгч байна, ялын бодлого зөв байгаа эсэхийг шүүдэг газар. Эрүүгийн хуулийн согогыг засах, шинэчлэх асуудлыг Улсын дээд шүүх л мэддэг. Ийм байхад хуулийн төсөл боловсруулахдаа яагаад Улсын дээд шүүхийг татан оролцуулаагүй юм бол доо гэж гайхаж байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Монголын эрүүгийн хэргийн бодлогыг тодорхойлогч  нь байх ёстой. Үүнээс гадна Эрүүгийн хууль өөрөө эцэг хууль. Энэ бол суурь хууль. Энэ хууль хэн нэгний популизм хийдэг хууль огтхон ч биш. Мэр­гэжлийн нарийн ур чадвар, шинжлэх ухааны үндэслэгээ, дээр нь практикийг нэгтгэн дүгнэсний дараа энэ хуулийг шинэчлэх шаардлагатай. Гэтэл төсөлд энэ шаардлагыг хангасан зүйл харагдсангүй.
-Баримт жишээтэй нь хэлээч?
-Эрүүгийн хуулийн суурь нь гэмт хэргийн үндсэн шинж, гэмт хэргийн бүрэлдэхүүн гэсэн шинжлэх ухааны ойлголт байдаг. Харин одоогийн төслөөр энэ хоёрыг нэгтгэчихсэн. Гэмт хэрэг гэдэг Эрүүгийн хуулиар хориглосон, нийгэмд аюултай, хор уршиг бий болгосон гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байдаг. Гэтэл төсөлд Эрүүгийн хуульд заасан  гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ. Ямар ч хор уршигийг нь заагаагүй. Эрх зүйн бусад зөрчлөөс ялгагдах шинжийг тодорхойлоогүй. Манай улсад эрх зүйн маш олон зөрчил бий. Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил, иргэний эрх зүйн зөрчил, сахилгын эрх зүйн зөрчил, захиргааны эрх зүйн зөрчил гээд. Үүнийг ч ялгаагүй. Энэ нь Монголын нийгмийг гэмт хэрэгшүүлэх үйл явц хүчтэй болгох нь. Гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох нь гэмт хэргийг эрх зүйн бусад зөрчлөөс зааглан ялгах хуульчдад хэрэгтэй.
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тусгах шаардлагатай гэдгээ  тайлбарлахгүй юу?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ухагдахуун бол тодорхой гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлдог. Хоорондоо төсөөтэй гэмт хэргийг ялгадаг. Өнөөдөр Гэмт хэргийн хуулийн төслөөс гэмт бүрэлдэхүүн гэдэг шинжийг хасчихаар ойролцоо төрлийн хэргийг ялгахын аргагүй болно. Үүнээс болоод л  төсөл маш ноцтой алдааг агуулсан байна. Жишээлбэл, одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд булаах гэж хэрэг бий. Бусдын эд хөрөнгийг амь насанд аюулгүй хүч хэрэглэж хууль бусаар авахыг булаах гэмт хэрэг гэнэ. Дээрэмдэх хэрэг бас бий. Дээрэмдэх нь булаахаас юугаараа ялгаатай вэ гэхээр бусдын эд хөрөнгийг авахын тулд хохирогч этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюултай довтолгоо хийх юм.  Гэтэл энэ онцлог ялгааг хасчихаар булаах, дээрэмдэх хоёр нэг хэрэг болчихож байна. Төслөөр хасаад хаячихсан байна. Ингэснээр нэг бол дээрэмдэх хэргийг булаах хэрэг гэж үзнэ. Эсвэл булаах хэргийг дээрэмдэх гэж үзэх болж байна. Үүнд ял завшуулах асуудал гарна. Нөгөө талаас хүнийг дэндүү хатуу ял шийтгэх байдалд хүргэж байгаа юм. Танхайрах хэрэг гэж бий. Төсөлд энэ хэргийг бас л  хасчихаж. Монгол Улсын сүүлийн 40 гаруй жилд гарч байгаа гэмт хэргийн 20 гаруй хэргийг танхайрах хэрэг эзэлдэг. Танхайн хэргийн хувьд хүний эрүүл мэнд, амь насанд хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Ер нь төсөлд Эрүүгийн хуулийн шинжлэх ухааны нарийн онцлогийг томъёолж чадаагүй. Томъёолж чадаагүйгээс болж бусад бүх зүйл  нь алдаатай болно. Гэмт хэргийн үйлдлийнх нь үндсэн шинж, түүний хор уршгийг нарийвчлан тодорхойлсоны дараа ийм ял тогтооно гэж зааж өгөх ёстой.
-Хууль санаачлагчид зөрчил, гэмт хэрэг хоёрыг зааглаж ялгасан гээд байгаа шүү дээ?
-Эрүүгийн хариуцлага нь Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиас бүрдэнэ гээд заачихсан. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль гэмт хэргийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болчих­жээ гэдгийг харуулж байгаа юм. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг бол гэмт хэргийн үндсэн шинж нарийвчлагдаж тодорхой заах ёстой. Гэвч төслүүдийг уншаад үзэхээр эдгээр хуулиудын эх сурвалжууд бусад бүх хууль, түүнээс гадна захиргааны хэм хэмжээний акт болно гээд заачихсан. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь гэмт хэрэг болох юм биш үү. Жишээлбэл, сумын Засаг дарга нутаг дэвсгэртээ захирамж гаргаж. Үүнийг нь зөрчвөл гэмт хэрэг болж таарч байна л даа. Өнөөдөр Монголд 400 гаруй хууль үйлчилж байна.  Үүнийг зөрчих юм бол гэмт хэрэг болох нь. Ингээд үзэхээр Х.Тэмүүжингийн хэлснээр 40 хувиар гэмт хэрэг буурах биш харин хэдэн зуу дахинаар нэмэгдүүлэх эрх зүйн орчин бий болох гээд байна. Х.Тэмүүжин сайд маньтай адилхан практик, амьдралд ажиллаж тодорхой хүний хувь заяа, асуудлыг шийдвэрлэж үзээгүй. Дээрээс нь эрүүгийн эрх зүйгээр мэргэжсэн хүн ч бас биш. Их сургуульд харьцуулсан эрх зүй гэсэн хичээл заадаг л хүн. Ийм хүнээр УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн шинэчлэл хийлгэх гээд царайчилж харахыг нь эрдэмтэн судлаачийн хувьд үнэхээр гайхаж сууна даа. УИХ дахь цөөнх Гэмт хэргийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаанаар хатуу байр суурь илэрхийлэх байх, үнэнийг үнэнээр нь хэлэх байх гэж бодсон чинь хүлцэнгүй байдалтай хандаж байна лээ. Тэгж болохгүй.  Энэ хуулийн цаана маш олон хүний хувь заяа, нэр хүнд байгаа. Тэр битгий хэл, энэ хуулийн цаана Монголын эдийн засаг дампуурах эсэх асуудал бий гэдгийг хэлмээр байна.
-Эдийн засагт ямар хор хохирол авчирна гэж үзэв?
-Төсөлд хуулийн этгээдийг гэмт хэргийн субьект байх заалтыг оруулсан байна. Нийтдээ 50 гаруй гэмт хэргийн субьект хуулийн этгээд байна гэж. Тэгэхээр ийм олон гэмт хэргийн субьект, хуулийн этгээд байвал хувийн аж ахуйн нэгж компаниудыг маш амархан дампууруулах болно. Чанар муутай, шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эсвэл брэндийн загварыг хууль бусаар хэрэглэсэн зэрэг аж ахуйн нэгжийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болоод өнөөх аж ахуйн нэгжийг тэр чигт нь зогсоох эрсдэл харагдаж байна. Миний тооцоолсноор  хуулийн этгээд зөвхөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг зэрэгт л байх ёстой. Нийтэд ингэж хамруулах юм бол аюултай байдал руу хүргэнэ. Нэг л зүйл хэлье. Х.Тэмүүжин сайд аа, Эрүүгийн хуулиар битгий шоудаач ээ.
Та Х.Тэмүүжин сайдыг хуулийн төслөө татаж авч сайжруул гэж мэдэгдэж байсан. Таны мэдэгдлээрболсон уу ямар ч атугай УИХ-аас эргүүлэн татан авч ажиллах шиг болсон. Таны хэлсэнчлэн энэтөсөл нь Үндсэн хууль болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн гэх зөрчлөөарилгасан байна уу?
-Үндсэн хуульд Эрүүгийн хууль бас эрүүгийн хэрэг гэсэн нэр томъёо бий. Хэрэв Гэмт хэргийн тухай хууль гэж нэрлэвэл Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарна. Ер нь 1942 оноос эхлээд Эрүүгийн хууль гэж нэрлэсэн. Эрүүгийн гэдэг нэр томъёо өөртөө гэмт хэрэг, ял хоёроо агуулдаг. Эрүүгийн хуулийн амин сүнс нь гэмт хэргийн болоод ялын тухай асуудал байдаг юм. Гэмт хэргийн тухай хууль гэчихээр ялын байдал орхигдчих байдал руу орж болзошгүй.  Төсөл энэ хэлбэрээр батлагдах юм бол Монголын нийгмийг шоронжуулах учраас Үндсэн хуульд харшлах болж  байна.
Төсөлд шинэ төрлийн ял бий болгосон, торгуулийн ялыг тооцох нэгж гэдгээр шийднэ гэж заасан.Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тодорхой гэмт хэргүүдийн үндсэн шинж буюу нийгмийн хор аюул, хор уршгийг тодорхойлсны дараа ялын талаар ярих ёстой. Нэгэнт энэ талаар төсөлд сайтар тусгагдаагүй учраас ялын тухай асуудлыг ярих шаардлагагүй. Энэ дашрамд хэлэхэд, төсөлд ялын үндсэн зорилгын нэг болох хүмүүжүүлэх зорилгыг хасахаар тусгажээ. Энэ зорилгыг яагаад ч хасч болохгүй. Юуны тулд гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон жилээр нийгмээс тусгаарлаж хорьдог гэж.  Тухайн этгээд харгис хэрцгий, нинжин нигүүлсэнгүй сэтгэлгүй болчихсон бол түүнийг нь засах гэж л хорих ял хэрэглэдэг. Хэрэв тэр хүн шунахай сувдаг байвал тэр хомхой сэтгэлийг нь засах гэж цээрлүүлдэг.  Ийм байхад ялын зорилгоос хүмүүжүүлэх зорилгыг нь  авч хаяж яасан ч болохгүй.  Үгүй бол ял зөвхөн цээрлүүлэх, залхаах хэрэгсэл болж хувирна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Та төсөлд тодорхой гэмт хэргийн нийгэмд аюултай хор уршгийг тодорхойлоогүй байна гэлээ. Төсөлдхуульчид, шүүгчийн үзэмжээр тодорхойлохоор заасан юм шиг байна лээ. Энэ нь зөв биш юм уу?
-Гэмт хэргийн хор уршгийг хуульчдын үзэмжээр тодорхойлж огт болохгүй. Тэгэх юм бол Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ. Монголын нийгэмд нийтийг хамруулсан хэлмэгдэлт бий болно. 1930-аад оны үеийн улс төрийн аймшигт хэлмэгдэлт үүсэхэд нөлөөлсөн хууль зүйн гол шалтгаан нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэг­лэж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн хэлмэгдсэн хүн албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, улсын эд хөрөнгийг идэж шамшигдуулсан байдаг. Гэтэл тэр үйлдлийг хорлон сүйтгэх, эх орноосоо урвах, гадаадын тагнуулд элссэн болгож зүйлчлээд 20 гаруй мянган хүнийг цаазалсан байдаг шүү дээ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн бас нэг том алдаа бол гэмт хэргийн хор уршгийг нарийвчилж зааж өгөөгүй. Энэ алдааг энэ төслөөр улам лавшруулах байдалд хүргэх нь ээ.
Х.Тэмүүжин сайд одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг Монголын нийгмийгшоронжуулсан гэж мэдэгдсэн. Төсөлд  энэ байдлыг арилгах боломж харагдахгүй байна уу?
-2002 оны Эрүүгийн хуулийг төсөл байхад нь би удаа дараа УИХ-д хандаж “Энэ хууль Монголын нийгмийг шоронжуулах нь. Ийм байдалд хүргэж болохгүй” гэж бичгээр,  амаар олон удаа санал хүргүүлж байсан. Харамсалтай нь, тэр үед огтхон ч хайхарч үзээгүй. 10 гаруй жилийн үйл явдлаас харахад миний тухайн үед тавьж байсан прогноз батлагдлаа.  Уг нь Эрүүгийн хуулийг бүхэлд нь ингэж оролдмооргүй байгаа юм. Х.Тэмүүжингийн батлуулах гэж зүтгээд байгаа энэ төсөл бол Монголын Эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, тогтвортой байдлыг үгүйсгэсэн төсөл.
-Таныг төсөл боловсруулахад оролцуулав уу. Эрдэмтэн, судлаачийн хувиар асууж тодруулсан зүйлбайна уу?
-Оролцуулаагүй. Надаас шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж ч аваагүй. Би энэ төслийг нийтийн хүртээл болсны дараа л уншиж судаллаа. Дээр хэлсэнчлэн ноцтой алдааг Монголын нийгэмд үүсэхээс сэрэмжлүүлэх гэж эрдэмтний хувиар санал дүгнэлтээ чамд хэлж байна. Ажлын хэсгийг УПЕГ-ын орлогч Г.Эрдэнэбат ахалсан юм билээ. Миний шавь нарын нэг. Шавьтайгаа таарах бүртээ төсөлд тусгах зарчмын талаар маш хатуу анхааруулга өгсөн. Харамсалтай нь, хүлээж авсангүй. Ер нь Эрүүгийн хуулийг шинжлэх ажлын хэсэг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга болон хууль сахиулах бусад байгууллагын удирдлагууд байх ёстой. Тэд л Монголын эрүүгийн бодлого ямар байх вэ гэдгээ эхлээд ярилцаж, эр­дэмтэн судлаачийн санал дүгнэлтийг нь сонсох ёстой. Гэтэл Хууль зүйн сайд  өөрийн брошур гаргах гэж байгаа юм шиг хандаж байгаа нь Монголын нийгэмд гай тарьж магадгүй юм.

Д.БОЛОРМАА
ЗУУНЫ МЭДЭЭ