Tuesday, 23 September 2014

Д.Болдбаатар: Монголын түүхийг гүнзгий судалж чадвал дэлхий дахины түүх бичлэг орвонгоороо эргэнэ

-Монголд бүх улсын сургууль байна. Ганцхан монгол сургууль л алга-

Нэрт орчуулагч Д.Болдбаатартай ярилцлаа. Түүнийг “Хуанжу гэг”, “Чингис хаан” зэрэг кино, “Гурван улсын үлгэр”, “Мөрөн голын шулам бүсгүй”, “Сюөкэ бүсгүй”, “Чонон” сүлд, “Төвд банхар” тэргүүтэн романуудыг хятад хэнээс дуун хөрвүүлсэн гэдгээр нь уншигчид, үзэгчид андахгүй. Харин энэ удаа сүүлийн үед олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан тариад буй түүний өвөрмөц нийтлэл, бичвэрүүдийн талаар ярилцлаа.
-Таны фэйсбүүкийн нийтлэлүүд олны сонирхлыг их татаж байна. Би зөвхөн сэтгүүлч гэдэг утгаар биш жирийн уншигчийн хувиар ажлын чөлөө заваараа унших дуртай болчихоод байгаа. Бусад уншигчдын хувьд ч гэсэн бичсэн сэтгэгдлүүдээс нь харахад мөн тийм байгаа нь ойлгогддог. Нөгөө талаар та маш хурдан сэтгэж бичих юм. Уншигчдын тавьсан асуултыг өлгөж аваад хариуд нь нэлээд том бичлэг оруулж байгаа харагдана лээ. Сүүлийн үед үндэсний монгол бичгээ сурцгаая гэж уриалаад, босоо бичгээрээ өгүүлбэрүүд оруулаад эхэллээ. Уншигчдын сэтгэгдэл хэр байна вэ?
-Би сүүлийн хагас сарын турш залуусын яриагаар бол жинхэнэ “Улаан фэйсбүүкчин” болоод нэлээд завгүй байлаа. Энэ хугацаанд хувь хүний хөгжил, боловсрол, гүн ухаан, амьдрах ухаан, шашин, хот байгуулалт, сонгууль, сэтгэлийн мөн чанар, гадаад хэл сурах арга, Монголын түүх гээд маш өргөн асуудлыг хөндөж бичсэний зэрэгцээ уншигч олонтойгоо санаа бодлоо солилцож, илэн далангүй шүүн хэлэлцэх боломжтой болсон нь эргээд бодоход сайхан байна. Дээрх асуудлуудын тайлал нь явж явж “Монгол ухаан” гэсэн тулгуур асуудал дээр зангидагдаад байгааг өөрөө анзаарсан байх аа.

-Яг энэ өнцгөөс таны  нийтлэлүүдийг уншигчид их сайн хүлээж авч байх шиг санагдсан.
-Бид хорин жилийн турш нэг л хөлөө олж, зүгээ барин таньж чадахгүй байгааг дээр доргүй ойлгож байгаа шүү дээ. Би ч иргэн хүний хувьд энэ байдал дахиад хорин жил даамжран үргэлжлэх вий гэж зовнисондоо нийгмийн сэтгэлзүйг сэрээхүйц нийгмийн сэтгэлгээний томоохон бүтээл гараасай гэж хүсдэг. Тэр утгаар урьд нь “Улсыг засах жараахай шарахаас өөрцгүй”, “Багад багын давуу тал бий” гэх мэт гарчигтай ярилцлагууд өгч байсан. Сонины ярилцлага гэдэг өөрийн онцлогтой, бас цаг хугацаа, цаасны талбай зэрэгт баригдсан хязгаарлагдмал дутагдал байдгийг өөрөө юу эс андахав. Харин фэйсбүүк гэдэг бол нийгэмдээ өөрийн санаа бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай байдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ.

-Олон нийтийн сүлжээгээр хар бараан мэдээлэл их түгээгддэг. Хэрэггүй аар саархан зугаа цэнгэлийн шинжтэй мэдээлэл ч асар их. Таны  хувьд арай өөр нийтлэлүүд оруулж эхэлсэн. Сүүлдээ бараг л маш цэгцтэй хичээл заагаад явчихсан шүү?
-Би анх бичлэгээ оруулж байхдаа өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн байдлыг өдөр тутмын сонины нийтлэлийн дор сэтгэгдэл бичигч нарын түвшинд ойлгож байснаа нуух юун. Гэтэл манай нийгмийн сэтгэл зүй харин ч эсрэгээрээ сайн сайхан, зөв зүйтэй санаа бодлыг эергээр тусгаж авах чадвараа алдчихаагүй гэдэг нь миний бичлэгүүддээ дэвшүүлсэн “Монгол ухаан”, “Номт төр”, “Эрдэмт засаг”, “Монгол сургууль” зэрэг ухагдахуун, санал санаачилгыг тун нааштай хүлээн авч байгаагаас харагдаж байна.     

-Би таны фэйсбүүк хуудаснаас бичлэгүүдийг чинь эхнээс нь авахуулаад идэвхтэй уншиж байсан. Хэрвээ би андуураагүй бол “Залуу хүний гурван эрдэнэ” нэртэй нэлээд шашинлаг атлаа гүн ухааны өнгө аястай, тэгсэн мөртлөө хүүхэд залууст амьдралын мөн чанар, цаг хугацааны үнэ цэнийг ухааруулахад чиглэгдсэн бичлэгээр эхлээд “Би Монгол сургууль байгуулахыг мөрөөддөг” бичлэгээ оруултал уншигчдын санаа бодол дэврээд таны фэйсбүүк хуудсанд уягдчих шиг болсон. Долоо хоногтоо л мянган найз, дагагч нэмэгдээд байна гэдэг бол чамгүй үзүүлэлт юм шүү.
-Дээр дурдсан хоёр нийтлэлээс гадна эрдэм ухаан сурах зам мөр нь болдог “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ” гэсэн бичлэг маань үргэлжлээд тавигдсан. “Оюуны фитнес” нэртэй нийтлэлийг маань уншигчид нийтээрээ шахам маш сайхан бичлэг боллоо гэж байгаа нь ажиглагдсан. Би хувьдаа “Сэтгэлийн мөн чанар угаас атгаггүй” нийтлэлийг бага, дунд, их дээд сургуулийн багш нар бүгдээрээ уншиж ойлгоод ажил төрөл, заах аргадаа бүтээлчээр хэрэгжүүлээсэй гэж боддог. Та ажигласан бол би шашин, гүн ухаан ч бай аливаа сэдвээр уншигчдад ойлгохуйяа хөнгөн хялбар бичлэгийн өнгө аяс, арга барилыг сонгож олохыг хичээгээд байгаа юм. Тийм болохоор уншигчдын маань сэтгэл зүрхэнд миний бичлэгүүд ойр дөхөм буугаад байж мэднэ. Уншигчдын тоо богино хугацаанд нэмэгдээд байгааг тэмдэглэж “Мянган найз”, “Хоёр мянгат” бичлэгүүдээ оруулсан.            

-Буддын шашны нарийн утга учир, гүн ухаан, шашны зүтгэлтнүүдийн талаар, хүний төлөвшил, гэгээрэл бясалгалын тухай нийтлэлүүд их оруулж байна. Шашны түүх, шашны гүн ухаан, ёс суртахууныг судлах таны нэг хобби юу эсвэл бүр ажил мэргэжил тань уу?
-Манай иргэдийн шашин шүтлэгийн байдал эрээвэр хураавар янзтай байгааг өөрөө юу эс андахав. Энэ тохиолдолд шашин хийгээд гүн ухааны сэдвээр бичих амаргүй хэрэг байж таарна. Миний хувьд “Очир огтлогч” судрын гол үзэл санаа, агуулгыг эш болгоод хүмүүсийн ажил амьдрал, хичээл сурлагад тохиолддог бэрхшээлийг давж туулахад тустай зүйлсийг яриад байгаа болохоор уншигчдад их сонин байх шиг байна лээ л дээ. Ер нь шашны жинхэнэ мөн чанарыг мухар сүсгээс хатуу зааглан ойлгох учиртай юм шүү. Миний бие бага залуу наснаасаа Мила Богдын их нэрийг дуулж байсан боловч нэлээд хожим Бурханы шажны мөн чанарыг ухааран ойлгож сэтгэлийн хойморт шүншиглэн залах болсон. Тэр дундаа Мила Богдыгоо ядамлан шүтдэг болохыг манай уншигчид ойлгосон байх аа. Гол нь шашин гүн ухаан гэдэг талаас нь төдийгүй Мила Богдын гүр дууллын иргэний уянгалаг хэв шинж нь илт ялгардаг л даа.

-Олон нийтийн сүлжээнийхэн маш эх оронч хүмүүс байдаг. Монголын түүх, тусгаар тогтнолын сэдвээр бол асар өргөн хэлэлцүүлгүүд өрнүүлдэг группүүд ч олон бий. Таны бичлэгийн нэг сэдэв түүх, тэр тусмаа түүхийн гүн ухааны талаар байгаа нь олны анхаарлыг татаж байх шиг?
-Монголын түүхийг шинэ дээд өндөрлөгөөс, өргөн цар хүрээтэй, маш гүн гүнзгий судлан бичиж чадвал дэлхий дахины түүх бичлэг бараг орвонгоороо эргэж мэдэх юм гэсэн гол санааг уншигчид нааштай хүлээн авч байна. Түүхтэй холбогдуулан “Цусан өнгөт үүрийн туяа” номын агуулгын тухай хоёр ч удаа  бичлэг оруулсан. Хятадын сул түүхийн урсгалын томоохон төлөөлөгч болохоо дээрх бүтээлээрээ тунхаглан зарлаж чадсан Сюй Зян Вэй эрхмийн үзэж байгаагаар Хань улсаас өмнөх таван том ханлиг улс бол бүгд нүүдэлчин угсааны улс байсан. Тэр утгаар авч үзвэл ханз үсэг ч Алтай нуруу орчмын нүүдэлчдийн сүг зурагнаас үүсэлтэй хэмээн баталсан нь Хүннү зэрэг нүүдэлчдийг хятадаас гаралтай хэмээн үзэж, бичсээр ирсэн Нангиадын албан ёсны түүх бичлэгт томоохон цохилт өгч байгаа хэрэг юм л даа.

-Өнөө цагт мэдээллийн асар их шуурган дунд бид амьдарч байна. Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ хар бараан мэдээллээр дүүрэн байдаг. Харин та хүнийг гэгээрэлд дуудсан, эрдэм боловсролд уриалсан бичвэрүүд нийтлэж байгаа нь хүмүүст таалагдаж байна. Энэ бол бид сайн сайхан мэдээллээр цангаж ангаж байгаагийн нэг илрэл байх. Үүнийг та олж харав уу?
-Олж харахаар барах уу. “Оюуны цангааг минь тайлж өглөө”, “Ангаж явахад аяга дүүрэн ус уусан мэт ямар сайхан юм бэ” гэх зэргээр бичиж байгааг харж байлаа.   Өчигдөр л гэхэд Америкаас Төмөрийн Сэргэлэн гэдэг номын садан “Сүүлийн үед Facebook дээр оюуны хур бууж байна. Өвөг дээдсийн минь аугаа гүн ухаанд гүн нэвтэрсэн Д.Болдбаатар багш цаг зав гарган сургаал, сургамж, зөвлөмжүүд хэлбэрээр тайлбар хийн оруулж, мэдлэгийн сангийнхаа үүдээ нээж буйд байгаад талархаж байна” гэж бичсэн нь миний фэйсбүүкийн үйл ажиллагаанд өгсөн уншигчдын маань голч үнэлэлт дүгнэлт утгаар хүлээн аваад их баяртай байгаа.

Гол нь гадаадад байгаа монголчуудад маань ухаарал бэлэглэсэн, сэтгэлийн дэм өгсөн нийтлэл, бичлэгүүд ус агаар шиг хэрэгтэй байдаг юм байна шүү. Манай нийгэмд бугшсан муу муухай зүйлсийг хайр найргүй уудлан бичихийн зэрэгцээ чамгүй олон байгаа гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийг тэдэндээ хүргэж байцгаая хэмээн би сэтгүүлч нөхдөдөө уриалмаар байна. 

-Нийгмийн асуудлыг хөндсөн шүүмжлэлт нийтлэлүүд цөөнгүй бичсэн байсан. Ер нь миний санахад та саяын бичсэн бичлэг, нийтлэлүүдээ эмхэтгээд нэг ном болгон гаргавал манай нийт иргэд, тэр дундаа төрийн түшээдэд маань хэрэгтэй байж мэдмээр санагдсан шүү?
-Наад саналыг чинь манай зарим уншигч надад тавьсан л даа. Зөвхөн өөрөө төдийгүй, үр хүүхдэдээ уншиж өгч байна. Дахин дахин уншиж судламаар зүйл ч чамгүй олон байна шүү. Тийм болохоор та бичсэн зүйлсээ эмхэтгээд ном болгон гаргаач гэдэг саналыг тавьсан. Гадаадад байгаа цөөнгүй залуус миний бичлэгийг хэвлэж аваад сэтгэлээ засаж, амьдралыг өөдрөг гэрэл гэгээтэйгээр хардаг боллоо гэж байгаа нь их сайн хэрэг. Тийм болохоор би бичсэн зүйлсээ эмхэтгээд “Монгол ухааны жимээр бэдрэхүй” нэрт ном болгон гаргахаар төлөвлөөд ажилдаа шуурхайлан ороод байна. Хэвлэх үйлдвэрийн ажлын ачаалал гайгүй болсон болохоор ирэх сарын дундуур бараг гарчих болов уу гэдгийг танай уншигчдад дуулгахад таатай байна.

Гадаадад байгаа анд нөхөд маань намайг хүрэлцэн ирж лекц унших урилгыг түрүүчээсээ ирүүлж эхлээд байна л даа. Юуны өмнө номоо хурдан хэвлүүлээд тэдэндээ хүргэчих шуурхай арга замыг олчих юм бол бүх нийтэд хүртээмжтэй сайн лекц уншилт тэр болох юм.

Яахав “Би монгол сургууль байгуулахыг мөрөөддөг”, “Айдастай нийгэм”, “Төрийн хэл”, “Шилэн сонгуулийн хууль” зэрэг шүүмжлэлтэй бичлэгүүд цөөнгүй байгаа. Гол нь дөрвөн сайхан улирал, үзэсгэлэнт байгаль, гурван сая хүрэхгүй санаа цайлган ард түмэнтэй Монгол Улсаа бусдын жишгээс дээгүүр авч яваад байж болмоорсон доо гэдэг санаа сэдлийн үүднээс дээрхи шүүмжлэлт нийтлэлийг бичсэн дээ

-Та хятад хэлний коллежтой. Гэтэл монгол сургууль байгуулахыг мөрөөддөг гэсэн байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Би энд нэг их олон зүйл тойруулж нуршаад яахав. Төдийлөн урт биш болохоор “Би монгол сургууль байгуулахыг мөрөөддөг” гэсэн бичлэгээ энд оруулчихвал уншигчдад маань наад асуултын чинь хариулт ойлгомжтой болно гэж бодож байна.

БИ МОНГОЛ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ

Монгол Улсад Америк, Япон, Герман, Орос, Хятад, Турк, Энэтхэг, Франц, Солонгос гээд худалчхан хүнд бараг бүх улсын сургууль байна. Монгол улсад ганцхан л сургууль л алга. Жинхэнэ монгол хүнээ бэлддэг монгол сургууль алга.

Гэхдээ би жинхэнэ монгол сургууль гэдэг ухагдахуунд хүн болгон мэддэг, хүүхэд залуус болгон түүний төлөө тэмүүлдэг тийм л сургууль байх ёстой гэж боддог. Хамгийн гол нь тэр сургуулийн тогтоосон жишгийг нийт боловсролын салбар үлгэрлэн дагадаг. Тэндээс төрөн гарсан монгол сурвалжтангууд төрөө бариад ардаа жаргаадаг байгаасай гэж мунхагланам. Сурвалжтан гэдэг нь элит гэсэн үгийн үндсэн монгол нэрийдэл юм шүү.

Тэдний байгуулсан төр нь номт төр байгаасай. Номт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг засгийн газар нь эрдэмт засаг байгаасай гэж мөрөөднөм. Номт төр, эрдэмт засагт хүчээ өгсөн төрийн түшээд эрдэмт мэргэд нь нэг л хуулийг дээдлэн сахиасай.

Тэр нь "ҮЙЛИЙН ҮР" хэмээх орчлон хорвоогийн хувирашгүй хууль байгаасай. Ирэх сонгууулиар иргэд маань ийм л бодлогыг дэвшүүлээд хэрэгжүүлж чадах тулхтай сайн намыг дэмжээсэй билээ хэмээн ханцуй дотроо сүслэн залбирнам.

Г.Сонинбаяр


К.НОМИНЖИН: САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР

К. Номинжин
...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхолыг ихэд татсан.

Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа.

Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.
 
                                                     Нэг. Гүн Балданцэрэнгийн удам
 
-Г.Галбадрах: Бага насны дурсамжийг тань хөндвөл?
 -K.Номинжин: Би өөрийгөө их азтай хүн гэж боддог л доо. Миний эмээ, ээж нар намайг багаас минь л зөв хүмүүжил, зөв үзэл бодолтой болгох гэж хичээсэн. Эмээ маань  намайг төрөхөөс гарч ирсэн өдрөөс л надтай ярьж, харьцдаг байсан гэдэг. Би нэг нас хагастайдаа бараг чөлөөтэй ярьдаг болсон гэсэн. 2 настайдаа монгол хэлээрээ чөлөөтэй ярьж, бас орос хэлээр ярьж эхэлсэн.
  
-Г.Галбадрах: Яагаад орос хэлээр ярьж эхэлсэн гэж? Орост байсан хэрэг үү?
 -K.Номинжин: Ээж минь тэр үед Орост Казаний Их Сургуульд сурч байсан юм. Миний ээж бол нэлээд хатуу, зарчимч хүн, гэхдээ сөрөг талаасаа биш л дээ. Зодож занчаад юм уу, үгээр доромжилж биш, багаас минь "зарчим" гэдэг зүйлийг ойлгуулсан. "Бусад хүмүүст муухай ааш гаргаж болохгүй, бусдад тусалж, бусдыг хүндэлж бай, бусадтай сайхан харьцаж бай" гэхчилэн. Намайг 10, 11 нас хүртэл эмээ, ээж хоёр минь тэгж л өсгөж хүмүүжүүлсэн.
 
-Г.Галбадрах: Уучлаарай, чи эмээ, ээж хоёр гэж их ярилаа. Аав тань байсан уу?
 -K.Номинжин: Миний төрсөн аав монгол хүн байдаг. Намайг өсгөхөд нэг нас хагастайгаас минь хойш оролцоогүй.
 
-Г.Галбадрах: Гэр бүлийн зөв хандлага хүүхдийг сайнаар төлөвшихөд  нөлөөлдөг гэсэн санаатай тань санал нэг байна. Магадгүй энэ нь "удам сайт" гэж монголчуудын нэрлэдэг хүндэтгэлийн илрэл байж болох?
 -K.Номинжин: Манай буурай эмээ болохоор Балданцэрэн гүнгийн ганц ач охин. Гүн Балданцэрэнгийн ганц ач хүү нь миний буурай  эмээгийн үеэл дүү түүхч, академич Ш.Нацагдорж ах байсан юм. Балданцэрэн гүн гэдэг хүн маань язгууртан угсааны, олон хэлээр ярьдаг, бичгийн өндөр чадвартай, дуу хөгжим урлагт авьяастай, бас дуртай хүн байсан юм билээ. Түүхч, академич Ш. Нацагдорж ах ээжид маань бидний өвөг дээдэс гүн Балданцэрэн гуай “Эрүү цагаан болжмор” гэдэг дууг бичсэн гэж хэлсэн юм билээ. Тийм хүмүүсийн удам угсаа нь гэрийн хүмүүжлээр дамжин үе уламжилж, үргэлжилж байсан хэрэг. Нэг ёсны гени нь удамшиж байгаа хэрэг гэх үү дээ.  
Монголд маань болсон хэлмэгдүүлэлтийн үеэр буурай эмээ минь маш их зовсон гэдэг. Хэлмэгдэл эхэлсэн бараг эхний шөнө аав Доржсүрэнг нь баривчилж авч яваад тэр чигтээ сураггүй. Гэтэл шүүх хуралгүйгээр маргааш өдөр нь цаазалсан байсан нь цагаатгалын үеэр мэдэгдсэн.  Тэгээд л бүх хөрөнгийг нь 2-3 дахин хураагаад, язгууртан гарлаасаа болоод нийгэмд маш ихээр гадуурхагдаж их ч зовж зүдэрсэн юм билээ. Уг нь буурай эмээ маань 15-хан настайдаа төрийн яаманд бийрийн бичээч хийж байсан, 1-р дунд сургуулийн 1926 оны анхны төгсөгч байсан.
 
-Г.Галбадрах: Монголын түүхэнд "хар мөр" болж үлдсэн тэр цөвүүн цаг, олон ч сэхээтэн хүмүүсийн амьдрал, итгэл найдварыг нь үгүй болгосон гэдэг юм билээ?
 -K.Номинжин: Тийм шүү. Удалгүй ээж нь нас барж, эмээ минь ганцаараа өнчин хоцорсон гэдэг. Их ч баян чинээлэг өссөн хэрнээ хожим нь ядуурч их зовсон болохоор маш ухаалаг, их ч хатуу болж төлөвшсөн байх. Өөрийнхөө тухай хааяа ярихдаа "Би баян айлын ганц охин байсан ч гэсэн хэзээ ч буруу эрхэлж байгаагүй. "Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Өглөөний нарын наранд бүү бод" гэж сургадаг байсан. Монгол хэл бичгийг төгс эзэмшсэн, их ч уран, бүх л төрлийн хөгжмийн зэмсгийг эзэмшсэн, маш сайхан дуулдаг хүн байсан. Их ч зарчимч, зөв бодолтой хүн байсан гэсэн. Тэр буурай эмээгийн маань бага охин нь миний эмээ юм.
 
-Г.Галбадрах: Амьдралд "хат суусан" бүсгүй хүн, хэзээ ч өөрийн үнэт чанараа алддаггүй гэдэг. Тэр тусмаа өөрийн үр хүүхдүүдээ хүртэл тэгж өсгөдөг.
 -K.Номинжин: Эмээ маань яг л ээжийнхээ зарчмаар хүмүүжиж өссөн. Эмээ маань болохоор  "бусдын буянд даган баясах ёстой" гэж ярьдаг, угаасаа ч тийм л хүн байлаа. Манай эмээ Саранчимэг гэдэг нэртэй. Хилийн комисст бичиг хэрэг, бичээчийн ажил хийдэг болохоор их ч аялдаг хүн байж.  Хаалгаар ороод очиход л эмээгээс минь гэрэл цацарч байгаа юм шиг нүүр дүүрэн сайхнаар инээгээд л сууж байдаг тийм их эерэг энергитэй хүн байсан. Бусад хүмүүсийн сайн сайхан яваад  баярлаж инээгээд л "үгүй, тэр найзад минь тийм сайхан зүйл тохиолджээ", "тэр тэгж сайн явна гэнээ" гээд л өөрт нь тийм их сайхан зүйл тохиолдсон юм шиг л чин сэтгэлээсээ л баярладаг. Маш их хөдөлмөрч. Хоёр охин төрүүлсний том охин нь  миний ээж. Хоёр охиноо л сайн хүн болгох гэж, сайн ээж байх гэж их ч хичээж зүтгэсэн. Миний ээж бас сайн ээж байхыг өөрийн карьер, нэр алдраас илүү чухалчилж ухамсартай сонголт хийсэн юм.

-Г.Галбадрах: Танай удам судар их гэгээлэг, сэхээтэн хүмүүс байжээ. Ээж тань ч бас тэдний сайн үргэлжлэл байсан байхаа?
 -K.Номинжин: Ээжийг минь Алтанзаяа гэдэг. Багаасаа л бас мундаг хүүхэд байж. 1986 онд тухайн үед Монголдоо хамгийн шилдэгт тооцогдох Нийслэлийн 1-р 10 жилийн дунд сургуулийг "алтан медаль"- тай төгссөн. Ээж минь 5,6 настайгаасаа л биеэ дааж бүх зүйлийг өөрөө хийдэг байсан гэдэг. Дүүгээ харна, гэрийн бүх ажлаа хийнэ, өдөр бүр хоолоо хийнэ,  хичээлээ давтана, тэгээд зогсохгүй орой болгон эмээгийнхээ нурууг барьж өгдөг байж. Эмээ минь ядарч байгаа байх гэж бодсондоо шүү дээ. 1-р ангид орохдоо л энэ сургуулийг "алтан медальтай төгсөнө" гэж өөртөө зорилго тавиад, 40 улирал тасралтгүй "онц" сурсан юм билээ. Хөгжимд бас авьяастай, бас сайхан дуулна шүү дээ. Тухайн үеийн нийгэмд "урлаг хөөнө" гэдгийг бол дорд үздэг байжээ.
 
-Г.Галбадрах: Тэр үед ч тиймэрхүү хандлага байсан байх шүү. Харин "онц" сурдаг хүүхдүүдийг төрийн бодлогоор хэрэгтэй мэргэжлээр  гадаадад болоод дотоодод сургадаг байсан.
 -K.Номинжин: Ээж минь ер нь "номын хүн" л дээ. 10-р ангиа төгсөхөд нь Болгарын консерваторт сургах тэтгэлэг ирэхэд татгалзаад,  ОХУ-д Казаний Их Сургуульд "социологч"-ийн мэргэжлээр суралцаж бас "онц" дүнтэй төгссөн гэдэг. Ээжийгээ Казаньд сурч байх үеэр би төржээ. Сонин тохиолдол шүү. 1989 онд эмээ минь бурхан болж, эмээгээ бие барснаас хойш яг 9 сарын дараа би төрсөн юм. Монголчууд маань их бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Хүмүүсийн үхэж төрөх хүрдэнд "эргэж төрдөг" гэж үздэг хүмүүс олон бий. Ээж минь болохоор намайг мэндлэхэд, "эмээгээ эргэж төрлөө" гэж бодсон гэдэг.
-Г.Галбадрах: Сонин тохиол байна шүү.
-K.Номинжин: Одоо би 24 настай. Гэтэл ээж минь яг миний одоогийн насан дээр Казаний ИС-иа төгсөөд МУИС-д багшаар ажиллаж эхэлсэн байдаг юм. Тэгэхээр миний насан дээр ээж минь өөрийгөө болон гэр бүлээ бүрэн авч явах чадвартай, бас нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болж байжээ.  МУИС-д багшилж байгаад Энэтхэг рүү аспирантурт суралцахаар явсан юм. Тэр үед би 5 настай л байсан юм уу даа.
                                           
                                Хоёр. Энэтхэг орон миний төлөвшилд сайнаар нөлөөлсөн
 
-Г.Галбадрах: Яагаад заавал Энэтхэг рүү суралцахаар сонгож явсан юм бол?
 -K.Номинжин: Ээж минь Энэтхэг улс руу аспирантурт шалгалт өгөөд тэнцэж, Энэтхэг Улсын тэтгэлгээр суралцахаар явсан юм билээ. Ээж минь энэ сонголтыг хийхдээ өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ намайг бас зөв сайнаар өсгөж хүмүүжүүлэх талаар бодсон байх. Би заримдаа боддог юм, "юм болгон цаанаасаа учиртай гэж". Ээжид минь Энэтхэгээс гадна зөндөө л сонголтууд байсан. Европ, Австрали эсвэл Америк руу явахаар хөөцөлдсөн бол хэзээ нэгэн цагт болох л байсан юм шиг байгаа юм. Гэтэл ээж минь шууд л Энэтхэг орныг сонгосон. Хүмүүс," Ажил хийж болдоггүй, тийм бага тэтгэлэгтэй газарлуу яах гэж явах гээд байгаа юм бэ?" гэж асуухад нь ээж "Сурах гэж явж байгаа, тэр тэтгэлэг нь хичээлээ хийгээд суухад хангалттай бол явна" гэсээр явсан гэсэн. Бид Энэтхэгт очсон нь миний нүдийг нээсэн.
 
-Г.Галбадрах: Магадгүй төсөөлж байгаагүй нийгэм, төсөөлөх ч аргагүй ертөнц байсан байх л даа?
 -K.Номинжин: Энэтхэгт 5 жил сурч амьдрахдаа туйлын ядуу болоод хязгааргүй баян хүмүүсийг бүгдийг нь харж байлаа. Туйлын ядуу хүмүүсийг харах маш хэцүү. Туйлын ядуу гэдгийг монголчууд маань  төсөөлөх  ч аргагүй. Яг үнэндээ өдийг хүртэл монголчууд маань "туйлын ядуу" гэдгийг үзээгүй хүмүүс шүү дээ. Тэр туйлын ядуу, хязгааргүй баян хүмүүсийн амьдралыг харьцуулахаас л амьдралын утга учрыг ухаарах эхлэл минь тавигдсан биз.  Хэрэв би тэр үед Америкт ирсэн бол энэ бүхнийг тэгж мэдэрч, ухаарах боломж олдохгүй байсан байхаа. Материаллаг хэрэглээг шүтсэн Америк оронд өссөн хүн болгоны нүд тэгж нээгдэх болов уу даа?
 
-Г.Галбадрах: Магадгүй юм, гэхдээ сонин харьцуулалт байна шүү? Энэтхэгийн хаана нь амьдарч байсан юм бэ?
 -K.Номинжин: Өмнөд Энэтхэгийн Керала мужид. Тэр нутаг бол "Бурханы суугуул нутаг" гэж алдаршсан маш сайхан газар. Хүмүүс нь их энгийн, найрсаг, бүх л шашин зэрэгцэн оршдог газар. Би тэнд очоод католик шашны хувийн сургуульд сурч байлаа. Надад хамгийн анх англи хэлээр "А" үсэг заасан багш маань гэлэнмаа байв. Библийг сонирхож судлах боломж гарсан. Христийн сүмд ороод залбирна. Хичээлийн өмнө, дараа Христийн залбирал, Хинду залбирал хийдэг байв. Би бас 7-10 насандаа алдарт Сера, Гоманг, Жүдмэд хийд рүү Далай Багшийн айлтгалд суухаар байнга аялж, Далай багшид 2 ч удаа бараалхаж байсан. Тэр үеэс л буддын шашны утга учрыг илүү гүнзгий ойлгох болсон. "Хамаг амьтны тусын тулд" гэдэг бараг л хүн бүхний амны уншлага болсон тэр үгийн жинхэнэ утгыг ойлгож, амьдралаа тийм зорилгод нийцүүлэхийг хичээж эхэлсэн.

-Г.Галбадрах: Олон шашны сургаалиуд болон ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл нь чиний сэтгэлд өөр өөрөөр туссан байж болох.
 -K.Номинжин: Намайг багадаа уйлахдаа "ээж ээ" гэж дуудахын оронд "Бурхан минь ээ, намайг өршөө" гэж дууддаг байсан тухай ээж минь надад хожим нь хуучилж байсан. Энэтхэгт 5 жил католик сургуульд сурч байхдаа, өдөр болгон 30 минут эрхи эргүүлж Буддын маани уншиж, өглөө орой бүр сунаж мөргөдөг байв. Манай хажуу хөршүүд хинду шашинтай хүмүүс байлаа. Тэднийг мөргөлөө хийхэд нь бас дагаж сууна. Мусульман шашинтай эмэгтэйчүүдийг дагаад дал модны мөчрөөс самар унагахыг нь харж гүйнэ. Энэ бүхэн маань намайг бүх шашны талаар номноос биш, амьдралаас гаралтай өөрийн гэсэн ойлголттой болоход тусалсан юм даг.

Манай байшин дандаа лалын шашинтан ихтэй газар байж таардаг, өглөө яг сайхан унтаж байхад цагаан хоолойгоор “Аллах!.....” гээд л уншиж өгнө дөө. Өдөрт өчнөөн удаа давтан мөргөл үйлдэнэ. Хүмүүсийн оюун санаагаа цэгцлэхэд гаргаж буй цаг, сахилга батыг бишрэмээр. Буддын лам нар бас хийддээ хар үүрээр номоо хурна, харанхуй болтол анги ангиараа чойр буюу ном хаялцана, дэлгүүр гуанз, зочид буудал тэр бүхнээ өөрсдөө ажиллуулж, арчилна. Гол нь сүсэгтэн олондоо бие сэтгэлээрээ үйлчиж, өглөг барьц горилох биш, харин биднийг номондоо сайн шамдаг гэж их зүйлийг өгдөг байсан. Энэ бүхэн миний нүдийг нээсэн дээ. Их ч зүйлийг харьцуулж өөрийнхөөрөө ойлгоход тус болсон.
 
-Г.Галбадрах: Тэгэхээр чиний хувьд шашин гэж юу вэ?
 -K.Номинжин: Миний хувьд шашин бол нэг л зүйлийг олон талаас тайлбарлах гэж оролдсон сургааль, дадлагын цогц юм л даа. Байгаль орчин, ахуй соёлоос шалтгаалаад өөр өөр хэлбэр, бас түвшинд хүрсэн гэх үү дээ.  Би Кералад амьдарч байхдаа шашны хагарлыг мэдэрч байгаагүй. Биднийг өөрсдийгөө буддист гэж хэлэхээр илт биширч, хүндэлсэн харцаар хараад байдаг байсан. Тэгэхнээ харин, амьтны амь хөнөөдөггүй, амьтан идэх нь битгий хэл хорхой шавьж ч алдаггүй, тэр бүгдийг эхтэйгээ зүйрлэдэг нигүүлсэнгүй шашинтнууд, хамгийн эвлэрэнгүй энэрэнгүй гэж хүндэлсэн юм билээ. Уг нь хүн болгон шүтдэг шашныхаа номлолыг жинхэнэ утгаар нь ойлгож дагах юм бол, ав адилхан "Хайр, нинж"-ийн тухай бүгдээрээ л мэдрэх болно. Гэхдээ дийлэнх шашны сургааль, ялангуяа дэг жаяг дотор хүмүүс өөрсдийн  ухвар мөчид үзэл бодлоо шингээж амжсан байдаг учраас хоорондоо зөрчилддөг. Хүн болгон шашныхаа мөн чанарыг гүйцэд ойлгоогүй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Хүн болгон бурханд итгэдэггүй байж болноо, гэхдээ хүн болгон аз жаргалд, амар амгаланд итгэдэг. Хүн болгон сайн сайхан руу тэмүүлж амьдардаг.
 
-Г.Галбадрах: Би ч бас чиний энэ үзэлтэй санал нэг байна. Хүн болгон амар амгалан байхыг хүсдэг, гэхдээ тэр нь өөрийнх нь дотоод сэтгэлд оршиж байдаг байх.
 -K.Номинжин: Би 14 настай байхдаа Зопа ринбүүчи багшийн бичсан номонд "Энэ номыг уншсан хүн хамаг амьтны тусын тулд үтэр түргэн гэтэлгэх номын багштайгаа учрах болтугай" гэсэн ерөөл  тавьсныг харж, өдөр бүр залбирч эхлээд удалгүй Төгс Гэгээрсэн  Их Багштайгаа учирсан. Чин Хай багш надад Аръяабалын (тарнийн) бясалгалын аргаа уламжилж энэ олон шашин суртахууны чанад дахь үнэнийг ойлгуулсан хүн. 5 сахил сахиж, өдөрт дор хаяж 2 цаг хагас бясалгаж, чанагуух ертөнцийн тухай мэдлэгт суралцаж эхлээд 10 жил болж байна. Эмэгтэй хүн "Их Багш" байх амаргүй. Хүн бүр гэгээнтнийг нэг бол сахалтай өвгөн, эсвэл лам багшийн дүрээр төсөөлдөг. "21 Дарь Эх", "Янжилхам бурхан"-ыг үлгэр гэж боддогоо л болих хэрэгтэй. 
Миний багш бол мундаг дайчин эмэгтэй. Бусдаас өргөл барьц авдаггүй. Амьдрал нь бусдын төлөө 100 хувь золиос болсон хүн. Биднийг сэрээж ухааруулахын тулд өөрөө "алиа салбадай" болохоос ч буцахгүй. Би үг, сургаалийг нь сонсдог, заасан аргаар нь бясалгадаг, түүнийхээ төлөө би сохор зоос ч өгч байгаагүй. Жинхэнэ багшийн нэг шинж энэ гэдгийг "Ламрид" бичсэн байдаг.  Чин Хай багш бүх шашныг нэгтгэсэн. Би 17 настайдаа Тайланд улс дахь олон улсын арга хэмжээний Азийн хамгийн том төвд  70 гаруй орноос 50 000 орчим авшигтан шавь нар нь Чин хай багштай цуг энх тайвны төлөө бясалгал хийхээр цуглаж байхад очиж байв. Хаашаа л харна олон янзын шашин шүтлэгтэй хүмүүс. 6 настай балчираас 60-70 настай хөгшид, Ази, Африк, Европ хүмүүс цугласан байхыг харахад дэлхий тэр чигээрээ цугласан юм шиг л сэтгэгдэл төрж байлаа. Түүнийг харж байхдаа надад "Хэрвээ хүмүүс бүгдээрээ зөв эерэг бодолтой байхыг хичээгээд эхлэх юм бол, дэлхий диваажин болох юм байна" гэж бодогдсон шүү.
 
-Г.Галбадрах: Сайхан дурсамж байна. Би тэр хүний тухай сонсож байснаас бус, тийм ч сайн мэдэхгүй л дээ.
 -K.Номинжин: Тэр арга хэмжээнд Монголоос 280 орчим хүмүүс очсон. Бясалгалын завсар чөлөөгөөрөө байлгах гэж "Таван од"-той зочид буудалд биднийг 7 хоног байрлуулсан юм. Гэхдээ тийм ч үнэтэй байгаагүй л дээ, хоолтойгоо нийлээд нэг хүн  300 гаруй доллар л төлсөн. Гэтэл биднийг Монголдоо буцаж ирсний дараа Чин Хай Багш маань тэр бясалгалд оролцсон хүн бүрд 57 доллар илгээсэн байсан. Түүнийгээ "Хүмүүсийн төлбөрөөс хоол, байранд зарцуулаад, үлдсэн мөнгийг оролцсон бүх хүмүүстээ тэгш хуваагаад илгээлээ" гэж тайлбарласан байсан. Тийм үнэнч, шавь нартаа асар их үлгэр дуурайлтай Багш л даа. Ээж бид 2 хариулт мөнгөө авсан чинь, манай Багшийн шавь биш аавын маань гайхах, хүндлэх 2 зэрэгцээд, Багшийг улам хүндэлдэг болсон.
 
-Г.Галбадрах: Заавал бусдаас ашиг горилохгүйгээр чин сэтгэлээсээ бусдад тус болж буян үйлдэнэ гэдэг сайхан хэрэг.
 -K.Номинжин: Манай Чин Хай Багш Нобелийн шагнал горилж сайн үйлс бүтээдэггүй, ерөөсөө л уг хамаг амьтан, хүмүүст туслах чин сэтгэлтэй хүн. Багш маань бидэнд сургахдаа "Хэн нэгэнд туслах гэж байгаа бол чимээгүй л тусал, заавал хэнгэрэг дэлдэж бусдын анхаарлыг татах хэрэггүй" гэдэг. Тийм болохоор би Багшийгаа төгс гэгээрсэн хүн гэж л үнэлдэг. " Бусдын төлөө" гэсэн чин сэтгэл ямар байх ёстойг би Багшаасаа л харж үлгэр дуурайл авдаг. Хэрэв би сайн сайхан яваа, магадгүй зөв сайн бодолтой, бусдад сайн үлгэр дуурайлтай явж байгаа гэж үнэлэгдэх юм бол энэ бүхэн Багшийн минь л ач тус.
 
                                                      Гурав. Номинжин  гэж "хэн бэ?"
 
-Г.Галбадрах: Багшийн ач тус гэж ямагт бодож, хайрлаж, хүндэлж байгаа тань их сайхан санагдлаа. Багш тань чиний амьдралд бас ирээдүйд их сайнаар нөлөөлжээ гэж би ойлгож байна.
 -K.Номинжин: Би 14 настай байхдаа Чин Хай Багшаасаа авшиг хүртсэн.  "Амьтны амь хөнөөхгүй". Амьтны амь хөнөөхгүй гэдэг чинь угтаа бол шууд болон шууд бус утгаар, бүх талаар амьтанд хор хөнөөл учруулахгүй гэсэн үг. "Хулгай хийхгүй", "худлаа ярихгүй" гэдэг бол бүх л шашинд байдаг нийтлэг зарчим. "Садар самуун байж болохгүй". Хэрвээ би найз залуу юм уу нөхөртэй болох юм бол өөр хүн сонирхоод, түүнийгээ "араар нь тавиад" зовоохгүй гэсэн утгатай.  "Архи тамхи, мансууруулах зүйл хэрэглэхгүй".
Би өдийг хүртэл архи тамхи, мансууруулах зүйл ерөөсөө хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй. Ийм зүйл хэрэглэнэ гэдэг чинь нийгмийн болоод амьдралын элдэв дарамтнаас богино хугацаанд өөрийн сэтгэлээ хуурч, бодит амьдралаас зугтааж байгаа муу арга. Гэхдээ энэ архи, мансууруулах бодис чинь эргээд хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг сөнөөж байна шүү дээ. Энгийн хүний ийм таван сахил хүртэж, өдий болтол түүнийгээ л мөрдөж явна.
 
-Г.Галбадрах: Яагаад тийм бага насандаа сахил хүртсэн юм бол? Шалтгаан байсан уу?
 -K.Номинжин: Эмээ мааань 56 настайдаа гэнэтхэн ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэр үед би нилээд гүн цочролд орсон л доо. Тэр үед "амьдрал ямар ч утгагүй" юм шиг л надад санагдсан. Миний ээжийн үеэл, биологийн ухааны доктор Болд ах, эмээг бурхан болсон өдөр ирэхдээ Чин  Хай Багшийн тухай ярьж өгсөн юм. Тэгэхэд л би энэ зам бол нэгэнт бурхан болсон эмээдээ, бас өөртөө болон бусдад туслах боломж юм гэж ойлгосон хэрэг. Хүн болгон өөрийн дотоодод оршиж байгаа бурхан чанараа нээж, ухаарч бусдад тус болох учиртай гэж ойлгосон. Хүмүүс бурхныг хаа нэгтэйгээс хайгаад л байдаг, хайгаад л байдаг. Гэтэл тэр нь хүний дотоодод байж байдаг. Хэрэв үүнийг энергитэй холбож ойлгох юм бол, бурхан чанар гэдэг чинь хүний дотоодод оршиж байгаа хязгааргүй их эерэг энерги. Үүнтэйгээ холбогдож, зөв үйлсэд энэ энергийг чиглүүлж чадвал хэчнээн их ач холбогдолтой гэдгийг тайлбарлалтгүй. Ихэнхдээ хүмүүс "Айлаас эрэхээр авдраа уудал" гэдгийг мартаад бусдаас зээлдэж, эсвэл худалдаж авах, эсвэл хүнээс гуйж, залбирч авдаг. Тэр нь удаж төдөлгүй шавхагдчихна, дахиад л нэг хүн дээр очиж, нэг газар руу явж эрчим гуйна.
 
-Г.Галбадрах: Чиний өсч, төлөвшсөн орчин бусдынхаас шал өөр юм байна, миний бодож байгаагаар. Магадгүй энэ нь чиний хувьд өөрийгөө нээсэн боломж ч юм билүү?

 -K.Номинжин: Мэдээж хүүхдэд гэр бүлийн хүмүүжил чухал л даа. Гэхдээ өсч буй орчин нь  төлөвшилд нь багагүй нөлөөлдөг юм болов уу даа гэж боддог юм. Өнөөдөр "Би хэн бэ?" гэж өөрөөсөө асуух үе гардаг. Гол зүйл нь: Би хэзээ ч өөрийгөө болон бусад хүмүүсийг мөнгө төгрөг болон нийгэмд эзэлж байгаа байр сууриар нь хэмждэггүй. Би сайн гэр бүлд өсч хүмүүжиж, сайн хүмүүстэй найзалж нөхөрлөж, сайн хүмүүсийн үг сургаалийг сонсож өссөндөө хэзээ ч харамсдаггүй. Хэрвээ би яг одоо маш их мөнгөтэй, магадгүй саятан боллоо гэж бодоход, тэр их мөнгө намайг өөрчлөхгүй.  Өөрөөр хэлбэл миний мораль өөрчлөгдөхгүй гэсэн үг. Ямар ч нөхцөлд би өөрийгөө болон бусдыг тэр их мөнгө, нэр алдрын дээр тавихгүй. Энэ чинь тийм ч чухал, бас эрхэм зүйл биш шүү дээ. Хүний мөн чанарын дэргэд.
 
-Г.Галбадрах: Ингэж ойлгож, өөрийн амьдралдаа ингэж хандаж байгаа хүмүүс цөөхөн дөө. Гэхдээ энэ бол маш үнэтэй эрхэм чанар юм даа.
 -K.Номинжин: Миний хувьд өөртөө ойлгосон нэг зүйл нь, "хүн шуналгүй байх тусмаа мөнгөтэй болдог юм болов уу даа?" гэж бодогдох болсон. Бас "шунахгүй байх тусмаа нэр алдартай болдог" байх. Хүн гэдэг чинь угаасаа төгс төгөлдөр амьтан биш шүү дээ. Тийм болохоор багаасаа л өөрийгөө "хэн бэ?" гэдгийг таних гэж, ухаарах гэж хичээдэг байв. Хүн "гэгээрнэ" гэдэг чинь өөрийнхөө сул дорой чанарыг ил тодоор ойлгож мэдрэх, түүнийгээ давж гарах явдал юм. Үүнийгээ маш сайн анзаарч мэдэрч, тэр хэмжээгээрээ даруу төлөв байх ёстой. Үүний нөгөө талд өөрийн сайн чанаруудаа мэдэж, хүлээн зөвшөөрч, тэр хэрээрээ өөртөө итгэлтэй байх ёстой. Хүмүүс энэ ертөнцөд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таниагүйгээсээ болж өөрийгөө материаллаг ертөнцийн нэр алдар, мөнгө хөрөнгөөрөө хэмжиж, түүнийгээ "би" хэмээн нэрлэн онгирч, маш их сөрөг, заримдаа хэрцгий догшин, хэтэрхий хувиа бодох хандлагатай болдог юм шиг надад санагддаг юм.
 
-Г.Галбадрах: Тийм шүү, энэ амьдралд хүн өөрийгөө "таних", өөрийгөө "хэн бэ? " гэдгийг мэдрэх хүртлээ зөндөө хугацааг туулдаг. Бас бусдыг ойлгохыг ч тэгтлээ хүсдэггүй юм шиг. Бүгдийг л өөрийнхөөрөө байлгаж, өөрийн оюун санаагаараа хэмжих гэж оролддог бололтой.
 -K.Номинжин: Намайг зарим хүмүүс анзаараад "Үгүй энэ яасан хэцүү амьдралтай хүн бэ? Идье идэх юм нь олдохгүй, уухгүй. Уухгүйгээр яаж аз жаргалтай байх юм бэ?" гэдэг. \инээв\ Зарим найзуудаасаа "амьдрал үзээч, архи уугаач" гэдэг үг сонсож л байсан. Хүн яахаараа  оюун санаагаа самууруулаад, өөрийгөө удирдах чадваргүй болчихоод "амьдрал үзэж байна" гэж бодох ёстой гэж? Өөрсдийнх нь хэмжүүр, бодлынх нь цар хүрээнд багтахгүй бол дургүйлхэнэ.
Би мэдээж нийгмээс хүнд тулгадаг утга учиртай хууль журам, хэм хэмжээг дагана л даа. Гэхдээ би гэрээсээ нүүрээ будахгүй гараад явж чадна, заавал гангалахгүйгээр хямд төсөр энгийн хувцас өмсөөд гудамжаар алхаж явж чадна. Хүмүүс заримдаа намайг ийм байдалтай байхыг хараад шоолж л байдаг, би тоохгүй.  “Хүүе ээ, тэр гутлыг нь хараачээ, пальтог нь хараач, юу өмсчихсөн юм бэ?” гээд хашгирч байсан удаа бий. Би зүгээр л энгийн байдалтай байлаа, нүүрэндээ энгэсэг тавилгүйгээр явлаа гээд  өөрийнхөөрөө л үлдэнэ. Энэ бол бусдаас дор орж байгаа хэрэг огт биш. Яагаад бид нийгэмд ийм их шахалт дарамт дор амьдрах ёстой гэж? Залуучууд байтугай ээж, аавын үеийнхэн хүртэл ийм дарамтанд байдаг гэхээр “Хэний амьдрал илүү хэцүү байна?” гэж асуумаар санагддаг.
 
-Г.Галбадрах: Нийгэм ийм шахалт, дарамт үзүүлж байна гэж чи бодож байгаа хэрэг үү?
-K.Номинжин: Тийм ээ. Тэр тусмаа ийм дарамт шахалт эмэгтэй хүмүүс дээр их ирж байгаа. Тэднийг үнэтэй бренд хэрэглэхийг сурталчилж шахаад байгаа чинь эцсийн дүндээ үйлдвэрлэгч корпорацуудын бодлого юм шүү дээ. Тэдний бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахаа больчихвол тэд дампуураад "хаалгаа барих" болно. Тийм болохоор л тэд байнга, залхтал реклам цацаж байгаа хэрэг. Одоо үед хүмүүс бизнес их хийж байна. Залуу хүний хувьд миний бодол бол, хүмүүс өнөө цагт зөв бизнес эрхлэх хэрэгтэй. Зөв бизнес гэдэг бол байгаль орчинд ээлтэй, хүмүүст тустай, ажилчдаа "шулдаггүй" бизнес . Хамгийн гол нь зарчим нь, бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй байх учиртай. Байгальд ээлтэй зүйл л хүнд ээлтэй байна.
 
-Г.Галбадрах:
 Гэтэл бид?
 -K.Номинжин: Одоо бол хүмүүс бизнес хийхдээ дэлхий ээжийгээ тарчлаан зовоож байна. Дэлхий ээж минь уйлж байна. Дэлхий ээж минь бидэнд өгөх юмгүй болж байна. Ганц байгаа дэлхий ээжийгээ сүйтгэчихээд хүн төрөлхтөн бид хаана амьдрах вэ? Бид ухаад л байна, ухаад л байна. Энэ хэвээрээ үргэлжлээд байвал хүн төрөлхтөн устаж мөхөхөөс нааш энэ дэлхий ээж минь сэргэхгүй болох вий. Бид өөрсдөө энэ дэлхий гаригийг хайрлахгүй, өөрсдийн минь үр хүүхдүүд энэ дэлхий гариг дээр амьдрахгүй юм шиг л авирлаж байна. Хүмүүс бид дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл, өөрийгөө л эхлээд өөрчлөхөөс өөр аргагүй. Ухаан муутай хүүхэдтэй ээж хүн үр хүүхдэдээ хамгаа зориулж золиослоод, өгсөөр байгаад, үхэн үхтлээ үрээ гэсээр байгаад өнгөрдөг шиг хүн төрөлхтний мунхаглал идэх, өмсөх, унтах, тоглох гээд амьдралын бүх хэрэгцээт зүйлээр хангаж байгаа ээжийгээ тартагт нь тулгаж байна.
 
-Г.Галбадрах: Тийм ээ, хүмүүс байгаль дэлхийгээ хайрлахын тул өөрсдийгөө өөрчилж, бас байгаль дэлхийдээ хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ тань маш сайхан үг байна шүү.
 -K.Номинжин: Энэ олон жил би өөрийгөө таньж, өөрийн сул талаа л өөрчлөхийг оролдож байна.  Ер нь хүн эрдэмтэн мэргэдээс сурч, өөртөө зөв бодлуудыг шингээх гэдэг нь маш хэцүү юм шиг байгаа юм. Би өөрөө өөрийнхөө дайсан нь.  Би "усан нүдтэй, цусан зүрхтэй" хүн учраас төгс төгөлдөр биш гэдгээ ямагт санаж явдаг.
 
                                             Дөрөв. Хүн дандаа сонголттой учирч байдаг
 
-Г.Галбадрах: Хүн болгон төгс төгөлдөр биш л дээ? Гэхдээ үргэлж сайн сайхан зүйлийг бодож, сайн сайхан зүйл рүү тэмүүлж байх ёстой мэт?
 -K.Номинжин: Хүмүүс бид өөрийн дотоод сэтгэлдээ хайрыг үүсгэх үү? сөрөг муу муухай энергийг үүсгэх үү? гэдэг сонголттой өдөр болгон учирч байдаг. Хүн өглөө сэрээд нүдээ нээх болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Бид амьсгалах болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Бид юм бодох болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл бүх сонголт миний гарт байгаа гэсэн үг.
 
-Г.Галбадрах: Тэгэхээр хүн дотоод сэтгэлдээ ямагт сайн сонголтыг хийж байх ёстой гэсэн үг үү?
 -K.Номинжин: Эцсийн дүндээ бид өөрсдийн гадна тал дахь  байдалдаа тэр болгон сонголт хийж чадахгүй. Жишээ нь , мөнгө байна. Нийгэм яаж хувьсч өөрчлөгдөж байгаагаас хамаараад бидний мөнгөний байдал ч дагаж өөрчлөгддөг.  Мөнгө бол цаас. Мөнгийг сайн зүйлд ашиглаж байна уу? муу зүйлд ашиглаж байна уу? гэдгээр нь үнэ цэнэ нь ялгардаг. Зарим хүмүүс "мөнгө бол муухай зүйл, их мөнгөтэй хүмүүс бол муу хүмүүс" гэхчилэн мөнгийг дорд үздэг л дээ. Тийм биш. Хэрэв өөрөө зөв сэтгэлтэй биш бол, тийм хүмүүсийг мөнгө өөрчилдөг.
 
-Г.Галбадрах: Гэтэл өнөөдөр маш олон хүмүүс мөнгөнөөс хамааралтай амьдарч байгаа мэт?
-K.Номинжин: Хүмүүсийн амьдралд тийм ч их зүйл хэрэггүй л дээ. Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын "бренд" цүнх үүрээд, хичнээн олон брендээр "тамгалуулаад" явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай. Би жишээ нь, маш олон мэргэд, орчин цагийн алдартай амжилттай хүмүүсийн ертөнцийг болоод амьдралыг үзэх үзлийг сонирхож үзэхэд энэ бүхний эцэст монгол философи л байж байдаг. Бид заавал гаднаас сураад байх биш, бидний өвөг дээдсийн замнал хийгээд сургаалийг дагах юм бол манай улс орон цэцэглэн хөгжинө.
 
-Г.Галбадрах: Тийм шүү, санал нэг байна. Би ч бас Монголын ард түмний дунд үеэс үед ам дамжин яригдаж, хадгалагдаж ирсэн "зүйр сэцэн үг" -сийг монголчуудын философи гэж боддог юм.
 -K.Номинжин: "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг сургааль чинь л одоогийн дэлхий даяар яриад байгаа "секрет" чинь юм шүү дээ. Гэтэл үүнийг манай залуус маань хэт материаллаг талаас нь  өнгөцхөн ойлгоод авдаг юм шиг байгаа юм. "За би 5000 $-ын үнэтэй тасарчихсан цүнхтэй болох юм шүү" гээд мөрөөдөөд суугаад байхад л тийм цүнхтэй болчих юм шиг бодоод байдаг. Үгүй юм шүү дээ. "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг үгийг, "өөрийн толгойдоо байгаа сөрөг бодлоо толгойноосоо авч хая" гэсэн үг гэж л ойлгох хэрэгтэй юм шиг надад санагддаг юм. "Дайсандаа уурлаж хорсоод, дайснаа үзэн ядах нь өөрөө дайсныхаа өмнөөс хор уугаад дайсныхаа өмнө үхэхтэй адил" гэдэг сургааль бас бий. Тэгээд бодохоор чинь бид өөртөө сэтгэлийн амар амгаланг бий болгохын төлөө бүхнээ зориулах хэрэгтэй болж байгаа биз дээ.
 
-Г.Галбадрах: Гэтэл бид нэг талаасаа хэтэрхий материаллаг сонирхолд автаад байна  л даа?
 -K.Номинжин: Бид хэтэрхий их материаллаг сонирхолд автаад, заримдаа гадна талын байдлаасаа хэт хараат болчихдог. Гэтэл тэр нь нэг өдөр байхгүй болчихвол яах юм бэ? Амиа хорлох уу? Хэрэв хайртай хүн нь хаяад явчихвал бас л амиа хорлох уу? Таны гадна талын байдал байнга өөрчлөгдөж байхад тэр болгоноос шалтгаалж амьдарвал, бид өөрсдийгөө зүгээр л хорлож байгаа гэсэн үг. Хэрэв хэн нэгэн өөрт чинь дайсагнасны төлөө,  эргээд тэр хүндээ дайсагнах юм бол "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буунаа" гэсэн л үг.
 
-Г.Галбадрах: "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна" гэдэг зүйр үгийг ингэж өөр өнцгөөс тайлбарлаж байгааг би л лав анх удаа сонсож байна. Жишээ нь, би хэзээ ч ийм өнцгөөс  нь бодож байгаагүй.
 -K.Номинжин: Хэрэв танд хэн нэгэн дайсагнасны төлөө тэр хүнд дайсагнах бус эерэг сайнаар хандвал, тэр хүнийг хайрлаж байгаадаа,  би өөрөө өөрийгөө хайрлаж байгаа хэрэг. Далай багш нэг удаа хэлсэн шүү дээ, "Хүн хувиа бодож болноо. Гэхдээ ухамсартайгаар хувиа бод" гэж. Ухамсартайгаар хувиа бодно гэдэг чинь, бусдад муу юм бодохгүйгээр өөрийн эрүүл мэнд болоод оюун санаагаа хайрлах гэсэн үг биз дээ. Өөрийн дотоод сэтгэлийн амар амгалангаа бодно гэсэн үг. Энэ чинь эргээд өөрт тань хэрэг болно.
 
-Г.Галбадрах: Өөрийгөө хайрлана гэдэг чинь "дотоод сэтгэлийн амар амгаланг хичээ" гэсэн үг гэж ойлгож байна.
-K.Номинжин: Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ч санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөж байдаг. Маш олон гэгээрсэн хүмүүс болоод ухаантнуудаас сонсоод "бид өөрсдийн дотоод сэтгэлээ л удирдаж чадах юм байна" гэдэг дүгнэлтэд хүрсэн. Бид ямар нэгэн асуудалд уурлаж бухимдаад хамаг "эд эсээ үхүүлэх үү?" эсвэл тайван байж өөрийн "эд эсээ хамгаалж авч үлдэх үү?" гэдгээ өөрсдөө л шийднэ.

-Г.Галбадрах: Тийм юм байна.
 -K.Номинжин: Өнөөгийн Ш\У бүх зүйлд эерэг болоод сөрөг энерги байдаг гэдгийг нэгэнт нотоллоо. Зарим газар орохоор нэг л сайхан санагдаад, зарим хүмүүстэй уулзахад "яриад л суугаад баймаар" мэдрэмж төрдөг. Энэ чинь эерэг энергийн мэдрэмж юм шүү дээ. Тэгэхээр бид эерэг энергийг сонгож байх нь хамгийн чухал байна. Эерэг энерги бол хүний дотоод сэтгэлээс ундарч буй хайр юм. Энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл бол хайр.
 
-Г.Галбадрах: Гэхдээ өнөө цагт хүмүүс энэ талаар их хичээдэг болж байнаа.
 -K.Номинжин: Би бусдыг шүүмжилдэггүй, бусдад өөрийн үзэл бодлоо тулгадаггүй. Харин "бүх зүйл бол сонголт юм шүү" гэдгийг л хүмүүст ойлгуулж хэлэхийг хүсдэг. Олон суут ухаантнууд, гэгээнтнүүд, эрдэмтэд бидэнд хэлж зөвлөөд байна шүү дээ? Яагаад бид тэдний үгийг сонсохгүй байна вэ?
 
                                                      Тав. Бид цогцос иддэг үү?
 
-Г.Галбадрах: Олон суут ухаантнууд, гэгээрсэн хүмүүс болоод эрдэмтдийн үг сургаалыг сонсохгүй, тоохгүй байна гэдэг гашуун боловч үнэн л дээ. Чамайг хүмүүс "цагаан хоолтон" гэдгээр тань сайн мэддэг.
 -K.Номинжин: Намайг" яагаад цагаан хоол иддэг вэ?" гэж хүмүүс сонирхож асуудаг л даа. Энэ бол хайр болоод зөв энергийн сонголт юм. Би танд сая хэллээ дээ. Бид аугаа суутнуудынхаа үгийг сонсохгүй байна гэж? Аугаа эрдэмтэн Альберт Эйнштэйн цагаан хоолтон, алдарт зураач, эрдэмтэн Леонардо Да Винчи цагаан хоолтон, Оросын аугаа зохиолч Лев Толстой цагаан хоолтон, Исаак Ньютон, Никола Тесла, Томас Эдисон нар цагаан хоолтон. Өөр өөр цаг үед амьдарч байсан, хоорондоо хамаагүй хол орон зайд амьдарч байсан ийм хүмүүс, яагаад "амьтны амь таслахгүй" гээд цагаан хоолтон болж байв аа. Энэ аугаа хүмүүс бидэнд хэлж зөвлөөд байхад бид өдгөө ч яагаад тэднийг сонсохгүй, сонсохыг ч хүсэхгүй байна вэ? Яагаад ийм бардам, өөрсдийнхөө зөв гэдэгт итгэлтэй байна вэ?
 
-Г.Галбадрах: Сонирхолтой л юм байна.
-K.Номинжин: Хүн төрөлхтөн амьтдад сайн сайхнаар ханддаг болсон цагт энэ дэлхий амар амгалан болно. Хүн төрөлхтөн бид хэтэрхий бардам байна. Энэ дэлхийд амар амгаланг бий болгохын тулд хүмүүс бид эхлээд "биеэ засах хэрэгтэй, дараа нь гэрээ засах хэрэгтэй, тэгээд төрөө засах хэрэгтэй". Миний анзаарч байгаагаар биеэ ч, гэрээ ч засахгүйгээр төрөө засах гээд байгаа хүмүүс олон байна. Нийгэмд өндөр байр суурь эзэлж байгаа хүмүүсийн гэр бүл нь ямар байдалтай байгааг бид мэдэхгүй. Тэр хүний хувийн эрүүл мэнд, үзэл бодол ямар байгааг бид мэдэхгүй байна.
 
-Г.Галбадрах: Бид энэ үгийг ч бас өөрөөр ойлгож хүлээж авдаг.
 -K.Номинжин: Тэр хүн маань өөрийн биеийн эрүүл мэнд, оюун санааны эрүүл мэндээ нилээд сайн түвшинд хүргэж байж, хажуудаа байгаа гэр бүлийн хүмүүсээ хайрлаж, хүндэлж чаддаг байж л дараа нь төрөө засах хэрэгтэй болов уу? Тийм хүн л жинхэнэ лидер байж чадах болов уу? гэж надад бодогддог юм шүү дээ.
 
-Г.Галбадрах: Санал нэг байна.
 -K.Номинжин: Өнөөгийн Ш\У нд амьтны махнаас гаралтай уураг нь хорт хавдрыг бий болгодог нь нотлогдсон. Хорт хавдрын эд эс бол амьтны гаралтай уургаар хооллодог. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс эхний шатандаа мал амьтны махнаас гаралтай уургийг хэрэглэхээ зогсоовол, ядаж л өвчлөлийн ахиц нь зогсонги байдалд орох боломжтой.
 
-Г.Галбадрах: Тэгэхээр цагаан хоол хэрэглэх хэрэгтэй гэсэн үг үү?
-K.Номинжин: Цагаан хоол гэдгийг "сүүтэй будаа" гэж нийтлэг ойлгодог байсан тэртээх он жилүүдээс, би өөрөө жаахан олны танил болж байх тэр үеэсээ л цагаан хоолыг сурталчилж, бусдад үлгэр жишээ үзүүлэхийг хичээж байлаа. Хүмүүсийн зарим нь "энэ ер нь сүрхий хүүхэд шүү" гэж магтаад, зарим нь шоолдог л байсан байх.\инээв\ Нэрээ бодож, хүмүүсийн сонсох гэж хүссэнийг нь ярьж, дуугаа худалдах миний хувьд тийм ч чухал байгаагүй. Харин энэ бүхнийг хүмүүстэй хууваалцаж, тэдэнд бодож үзэх боломж өгөх нь л миний хувьд чухал байлаа. “Үнэн үг хэлсэн хүнд хүн ....”  гэдэг үг байдаг билээ.
 
-Г.Галбадрах: Гэтэл одоо цагаан бас ногоон хоол хүнсний тухай хүмүүс их ярьж сурталчлах боллоо.
 -K.Номинжин: Ногоон хоол гэдэг бол хамгийн эерэг энергийг агуулсан хүнс. Ургамал ногоо гэдэг бол байнга ургаж төлжиж байдаг зүй тогтолтой. Хонины нэг мөчийг нь тасаллаа гэхэд, тэр мөч эргэж ургахгүй. Харин ургамал ногоог тасдах тусам улам сайхнаар ургана. Нөгөө талаасаа ногоон хүнс бол байгалаасаа шууд уургийг авч байна гэсэн үг. Бид одоо бол уургийг хоёрдогч хэлбрээр нь авч байна шүү дээ. Үхэр өвс ногоог идэж, тэр идсэн өвс ногооны уураг шим тэжээлийг бид үхрийн махаар нь дамжуулан авч байна. Гэтэл бид энэ уургийг шууд л авч хэрэглэж болно шүү дээ. Энэтхэг, Хятадад хэдэн мянган жилийн туршид цагаан, ногоон хоол идэж байсан хүмүүс хамгийн эрүүл саруул, урт настай, дээр нь гайхамшигт ухаантай, ур чадвартай байсаар ирснийг түүх гэрчилдэг.
 
-Г.Галбадрах: Ургамлын гаралтай хүнснээс уургийг шууд хүртдэг гэсэн санаа чинь сонирхолтой юм.
 -K.Номинжин: Билл Гейтс ногоон хоолтон болсон. Тэрээр "Хүн төрөлхтний ирээдүйн хоол бол ургамлын гаралтай уураг байх болно" гэж хэллээ. Тэгж уриалаад зогсохгүй, тийм компаниудад хөрөнгө оруулж байгаа. Одоо эндхийн дэлгүүрүүдэд “Beyond meat”  гэдэг Билл Гейтсийн хөрөнгө оруулсан үйлдвэрийн ургамлын гаралтай төрөл бүрийн мах байгааг харж болно. Холливуудын олон одод ч ногоон хоолтон байсан бас шинээр болцгоож байгаа. Холливуудын алдарт кино найруулагч, бидний сайн мэдэх "Титаник", "Аватар" киног хийсэн Жеймс Камерон саяхнаас ногоон хоолтон болж, саяхан нэгэн шагнал хүлээж авах ёслол дээрээ бусдад хандан "Би саяхан сэрлээ. Би ногоон хоолыг идэж эхлээд миний бие, хэл, сэтгэл хөнгөрснөөс гадна байгаль дэлхийн сайн сайханд маш их хувь нэмэр оруулж байна" гэж хэлсэн байдаг. Ийм мундаг хүмүүс сэрж, ийм замыг сонгож байгаад би л лав хувьдаа их баярлаж байгаа.
 
-Г.Галбадрах: Монголчууд бид болохоор уургийг малынхаа махаар дамжуулан авдаг. Би л хувьдаа тэгж ойлгодог юм.
 -K.Номинжин: Юмыг эерэг болоод сөрөг талаас нь адилхан харж байх хэрэгтэй. Монголчууд бид оршуулгын газраас их цээрлэж, "бузартана" гэж үздэг. Хэрэв тэгж үзэх юм бол хүний цогцос, амьтны цогцос юугаараа өөр гэж? Жам ёсоороо бурхан болоод явж байгаа хүн ямар сөрөг энерги үүсгэх билээ.
Гэтэл амьтныг зовоож тарчилгаж байж амийг нь хөнөөх юм бол, тэр их зовлон шаналал, уур хилэн, өшөө хорсол нь улаан маханд нь шингэж үлдэнэ шүү дээ. Тэр чинь ялгаагүй үхсэн амьтны цогцос  биз дээ? Манайхан "улаан махны бузар" гэж ярьдаг биз дээ. Гэтэл бид тийм асар их сөрөг энерги шингэсэн махыг "хоол" гэж идээд, эерэг энергитэй хүний цогцосноос сэжиглээд байдаг нь зөв гэж үү? Заримдаа хүмүүст ингэж яриад "Та тэгээд төсөөлөөд бод доо" гэхээр, "Яанаа, ямар муухай юм ярьдаг юм бэ?" гэж дуу алддаг. Хүмүүс ингэж бодох дургүй. Амьтны болоод малын махыг дэлгүүрт савлаад тавьчихсан байхад бид юу ч бодолгүйгээр худалдаж авна. Түүнийг хэзээ ч "цогцос" гэж бодохгүй.
 
-Г.Галбадрах: Би ч тэгж бодож үзээгүй.
 -K.Номинжин: Тэгэхээр амийг нь таслахдаа тэгж зовоож тарчилгасан мал амьтны махыг идээд бид бузартахгүй яах юм бэ? Бид хүний цогцос хадгалдаг морг руу орохдоо "бузартчих вий" гэж айдаг мөртлөө, ходоодоо "морг" болгож байхдаа юу ч бодохгүй. Бид муу энерги агуулж байгаа махаар хооллож байхдаа өөрсдөө ч төдийлэн сайн мэдэхгүйгээр зовлон шаналал, уур уцаар, зэрлэг балмад, үзэн ядалтыг өөртөө шингээж байж болох. Энэ болгоныг сонсоод хүмүүс нэгийг ухаараасай гэж би боддог юм. Тэгээд л хүмүүст "идэж буй хоолоо эергээр сонгож байгаач ээ" гэж уриалаад байгаа юм. Ургамлын гаралтай хоолонд эерэг энерги байхаас бус сөрөг энерги байхгүй. 

Ургамлаас нэгдүгээр зэргийн уургийг шууд авч, өөрийгөө нарны энергээр цэнэглээч. Нар гэдэг чинь хамгийн сайхан энергийг бусдад түгээж байдаг. Өглөө сэрэхдээ л яагаад ч юм нэг дотор палхийгээд л, "яах билээ, яасан билээ" гээд байх шиг мэдрэмж төрдөг хүн бол яагаа ч үгүй биш, нөгөө үхсэн амтьны чинь айдас түгшүүр л гэж ойлгох хэрэгтэй. Цагаан ногоон хоолтон болсон хүмүүс энэ бүхнийг туулаад, ийм гэмтэй мэдрэмжээс салж болдог юм байна гэдгийг мэддэг болчихсон.
 
-Г.Галбадрах: Чи бараг мах идэх дургүй болтол ярилаа шүү, хэхэхэ.

-K.Номинжин: Ингээд ярихаар зарим хүмүүс "угаасаа л хүмүүс бид чинь махчин амьтад" гэж маргадаг юм. Мах их идсэнээрээ хүмүүс бид өвдөж байна, богино насалж байна. Ходоодны бүтцээ судлаад үз дээ? Жишээ нь мах иддэг махчин амьтдын шулуун гэдэс нь богинохон байдаг болохоор мах идээд бараг шууд гаргадаг. Гэтэл хүний шулуун гэдэс нь өвсөн тэжээлтэй амьтных шиг урт байдаг. Нарийн гэдэс нь бүр өчнөөн нугалаатай. Гэтэл ходоодонд боловсруулсан мах тэр нугаларсан урт гэдсээр  чинь дамжсаар яваад ялзарч орхидог. Тэндээсээ гарч чадалгүй үлддэг. Тэр их ялзмагууд чинь л элдэв өвчин, тэр дотроо "хорт хавдрыг" үүсгэж байгаа юм шүү дээ. "Энх амгалан тавган дээрээс эхэлнэ" гэдэг үг бий.
 
-Г.Галбадрах: Бид хоёрын ярилцлагыг уншиж байгаа хүмүүс энэ яриаг өөр өөрийнхөөрөө л хүлээж авах  байх.
 -K.Номинжин: Та өөртөө нинжин сэтгэлийг бий болгоод, дээрээс нь ухамсартайгаар хувиа бодоод, зовж тарчилж үхсэн амьтны цогцос идэхгүй байж болноо доо. Өөрийгөө ч, амьтныг ч сэтгэлдээ хайрлаад тавган дээр дээр байгаа махны тухай бодоод үз дээ? Тэгээд эерэг энергитэй хоолыг сонгох гэж зориглоод нэг сар тэвчиж, мах идэхгүй байж чадвал, та хэзээ ч мах идэх тухай бодохгүй байж чадна. Хүмүүс энэ тухай мэдэхгүйгээсээ болоод мах иддэг. Хэрэв мэдэж байгаа бол мах идэхээсээ өмнө бодож үз. Бурханы шашинд  "Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд" гэж залбирдаг. Бурханы шашны мөн чанар бол миний ойлгосноор "нинж сэтгэл". Тэгээд эргэцүүлж бодож үз дээ?
 
                                              Тав. Шалтгаангүйгээр аз жаргалтай байцгаая
 
-Г.Галбадрах: Хүн болгон тэгж бодож чадахгүй ч байж болно. Гэхдээ энэ тухай эргэцүүлж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэр тусмаа хүүхэд залуучуудад энэ тухай ойлгуулбал?
 -K.Номинжин: Бид хүүхэд байхдаа ямар цагаахан, ямар гэнэн байсан бэ? Хүүхдүүд бол ямар ч шалтгаангүйгээр аз жаргалтай байдаг. Би хүмүүст "шалтгаангүйгээр аз жаргалтай байцгаая" гэж уриалж байгаа юм. Аз жаргалтай байхад яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм бэ?
 
-Г.Галбадрах: Нээрээ л бодоход, хүүхдүүд шиг аз жаргалтай байхад шалтгаан хэрэггүй мэт?
 -K.Номинжин: Тэгэхээр бид хүүхдийг бүр бага байхаас нь сайн зүйлд сургаж, эерэг энергид дасгаж байх хэрэгтэй байна. Ирээдүйн эцэг эхчүүд бид, ирээдүйн үр хүүхдүүдээ хайрын эерэг энергээр цэнэглэхийн тулд одооноос бид өөрсдөө тийм байх хэрэгтэй юм байна. Хүний генийг зөв мэдээллээр хангах юм бол мэдээж сайн хүүхэд төрж, өсч таарна. Хүмүүс бид өөрсдийгөө буруу программчилсан роботууд. Тэгэхээр ядаж өөрсдийгөө зөв программчлах хэрэгтэй байна шүү дээ.
 
                                                  Зургаа. Сайн уран бүтээлийн төлөө
-Г.Галбадрах: Ер нь хүн амжилтад хүрэхэд юу нөлөөлдөг юм бол? чиний бодлоор.
 -K.Номинжин: Амжилтад хүрсэн хүн болгон амжилтад хүрсэн шалтгаанаа хөдөлмөр гэж нэрлэдэг. Өөртөө итгэлтэй бай, маш их хөдөлмөрлө, сахилга баттай бай, уйгагүй тууштай бай гэж зөвлөдөг. Тэр болгон үнэн. Дээр нь миний бодлоор үүн дээр эерэг бодол санааг нэммээр санагддаг юм.
 
-Г.Галбадрах: Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийнхээ талаар танилцуулаач?
 -K.Номинжин: 2014 оны 4 -р сард  Нью-Йоркийн  Карнеги Холлын их танхимд 300 хүнтэй оркестртой, 600 хүний хоортой хамтран 5 хэл дээр дууллаа. 2 удаагийн "Грэмм"-ийн шагнал хүртсэн сонгодог хөгжмийн зохиолчийн тоглолтод уригдаж дуулсан юм. Мөн тэр хүний 2 дахь альбомд нь уригдаж оролцлоо. Уг альбомд нь орохдоо тэр хүний зохиосон аялгуунд нь монгол үг зохиож дуулсан юм. Тэр альбом маань сонгодог төрлөөр биллбордын 1-р байранд гарсан. Холливудын алдартай Хаус оф Блюз, Сикада Клуб зэрэг жаз, амьд хөгжмийн мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчид тоглодог газар уригддаг. Дуучин, уран бүтээлчийн хувьд АНУ-ын мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, уран бүтээлээ үргэлжлүүлэх гараагаа амжилттай эхэлсэн гэж хэлж болно.
 
-Г.Галбадрах: Карнеги Холлд дуулна гэдэг дуучин хүний хувьд том мөрөөдөл, бас том шалгуур байдаг байх. Нэр төр, үнэлэмжийн хэмжүүр юм уу даа?
 -K.Номинжин: Карнеги Холлын их танхимд дуулна гэдэг бол хэн болгонд олдох завшаан биш. Хэдхэн зуун хүнтэй бага танхимд нь тоглох гэж зарим хамтлаг дуучид 6-7 жил хүлээсэн байдаг. Карнеги Холлд дуулсан дуучин гэдэг энэ дэлхийн хаана ч очсон үнэлэгдэж, хүндлэгддэг юм билээ. Энэ бол нэг ёсондоо дуучин хүний хувьд том шалгуур, хүлээн зөвшөөрөгдөх том хэмжүүр. Жишээ нь би Карнеги Холлд дуулсан гэдэг ганц өгүүлбэрээр өөрийн нэрийн хуудсаа хийж болно.
 
-Г.Галбадрах: Таван хэл дээр дуулсан гэлээ. Ямар ямар хэл дээр дуулсан юм бэ?
-K.Номинжин: Монгол , перси , япон, хятад, санскрит хэл дээр дуулсан. Хөгжмийн зохиолч маань олон хэл дээр бүтээлээ бичдэг хүн. 2011 онд гаргасан альбом нь "Грэмми" шагналыг 2 удаа хүртсэн юм. Энэ жил гаргаж байгаа 2 дахь альбом дээрээ намайг урьж оролцуулсан. Одоо нилээд сайнаар үнэлэгдээд байгаа 2 дахь альбомд  нь монгол дуучин, монгол дуу орсон байгаа нь хамгийн сайн сурталчилгаа.
 
-Г.Галбадрах: Өмнө нь ийм албомуудад оролцож байсан уу?
 -K.Номинжин: Би 16 настайдаа олон улсын хэмжээний альбомд орж байсан л даа. Тэр альбомд оролцсон надаас бусад дуучид нь дэлхийн алдартангууд байсан л даа. Кристина Агулера, Тони Бракстон, Нора Жонс, Рикки Мартин гэх мэт дуучид. Тэр үед надад "Take me to your heart" гэдэг дууг дуулах санал тавьсан л даа. Харин би хариуд нь Монгол Улсын "Морин хуурын чуулга"тай хамт дуулахыг санал болгов. Тэгж тэр СД -д "Морин хуурын чуулга" орсон. Түүний өмнө Жон Ленноны дурсамж альбомд оролцсон. Ёоко Оно-гийн төслөөр хийгдсэн энэ альбомд Азийн одод дуучдыг оролцуулахдаа намайг сонгож оролцуулсан. Тэр альбомд  Жон Ленноны дуулсан "Give peace a chance" дууны ремиксийг хийж, олон орны дуучид дуулахад монгол ардын дууны хөг аялгууг оруулж монголоороо  дуулсан. Олон улсын ийм том төслүүдэд боломж л олдвол монголоороо дуулахыг хичээдэг юм.
 
-Г.Галбадрах: Энэ тухай хүмүүс сайн мэддэггүй байхаа. Би л лав анх удаа л сонсож байна?
 -K.Номинжин: Мэдэх хүмүүс нь мэднэ л дээ. Гэхдээ би хийж байгаа уран бүтээлүүдээ бусдад зарлаад явахыг тэгтлээ хүсдэггүй. Энэ бүхэн миний хувьд олон жилийн хүсэл мөрөөдөл, олон жилийн хүч хөдөлмөр, зүтгэлийн минь үр дүн.
 
-Г.Галбадрах: Монголдоо хийж байсан зарим уран бүтээлүүдийг тань би мэдэх юм байна. Энэ талаар дурсвал?
 -K.Номинжин: Би Энэтхэгээс 13 настайдаа Монголдоо буцаж ирж байсан. Тэр үедээ Монголдоо хамгийн анх Америкийн хөгжмийн зохиолчийн оригинал англи дуу гаргаж байв. 14 настайдаа анхны монгол уран бүтээл болох "Үлэмжийн чанар"-ыг поп хэлбэрт оруулж дуулсан. 15 настайдаа анхны цомгоо гаргахын хажуугаар дуучин Мягмарсүрэн Ариунаа , Болд болоод S&I хамтлаг зэрэг олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч нилээд уран бүтээлүүд хийсэн. Тэр үед олны танил болж "олон долоон юм чалчиж" байсан шигээ "олон долоон юм" зөндөө хийсэн дээ. \инээв\ "Чамайгаа алдмааргүй байна" жүжгийн дууг 15 настайдаа дуулж байсан.
 
-Г.Галбадрах: Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?
 -K.Номинжин: Би 17 настайдаа АНУ-ын Лос-Анжелест нүүж ирсэн дээ. Үндсэндээ өөрийн карьераа хөөх гэж. Миний зорилго бол олон улсын түвшинд уран бүтээлээ хийж, гарч ирэх явдал байв. Монголдоо бол уран бүтээл дээрээ их хөдөлмөрлөж байсан боловч мэргэжлээсээ гадна хэвлэл мэдээлэл энэ тэр гээд өөр зүйлүүд дээр маш их цаг зарцуулж байлаа. Өөрийгөө сурч боловсруулж, хөгжүүлэх цаг зав ч хомс байсан. Тэгээд л ирээдүйнхээ тухай бодож, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад АНУ-руу ирэх шийдвэр гаргасан юм.
 
-Г.Галбадрах: Одоо АНУ-д уран бүтээлээ яаж хийж байна? Ямар нэгэн байгууллага болоод хамтлагийн нэр дээр оролцож байна уу?
 -K.Номинжин: Одоо бол би энд хувиараа уран бүтээлээ хийдэг. Ирээд Лос-Анжелес, Англи болоод Энэтхэгийн уран бүтээлчидтэй хөгжмийн төслүүд дээр 2 жил орчим ажилласан. Гэхдээ энэ уран бүтээлүүдээ монголчууддаа хүргэж чадаагүй байгаа. Түүнийгээ  ойрын үед хүргэх гэж байгаа.  Энд дуу хөгжим бол бизнес болж хөгжсөн байдаг. Дээрх уран бүтээлүүд маань эхлээд зохиогчийн эрхээ автал саатсан, одоо хойшдын санхүүжилтээсээ болоод жаахан саатаж байгаа. Гэхдээ заавал хүмүүст хүргэх ёстой. Яагаад гэвэл энэ уран бүтээл маань нилээд гүн ухааны хандлагатай, оюунлаг чиглэлийн бүтээлүүд. Одоо ч би дууны үг аяа өөрөө зохиож байгаа.
 
-Г.Галбадрах: Мэдээж АНУ-д  дуу хөгжим болоод бүх урлагийн зах зээл асар их өрсөлдөөн дээр оршдог. Хэцүү юу?
 -K.Номинжин: Ер нь бол их өрсөлдөөнтэй. Намайг 15 настай байхад Солонгосын дээрээсээ эхний хоёрт орох нэг компани 1,5 сая долларын гэрээ санал болгоод би хүлээж аваагүй юм. Энэ тухайгаа нэг хэвлэл дээр ярилцлага өгөхдөө дурдсан чинь хүмүүс намайг "Худлаа ярьж байгаа юм, ямар ч тэнэг хүн ийм мөнгөнөөс татгалзаж чадахгүй" гээд л шуугиж билээ. \инээв\ Яг үнэндээ бол тэр рекорд компаны эзнийх нь энерги таалагдаагүй л дээ. Хожим сонсоход мөрийтэй тоглоом тоглодог хүн гэсэн. Америкт бол өөр хандлагатай. Намайг тэд тодорхой хэмжээнд үнэлж, хүлээн зөвшөөрч байсан. Энд бол санал байнга л ирнэ л дээ. Тэр санал болгоныг хуульч маань судалж шийдвэр гаргадаг. Одоо надтай ажиллаж байгаа хуульч маань Жастин Бибер, Кристина Агулера зэрэг одуудтай ажилладаг, “Ред хот чилли пепперз” хамтлагийг 30 гаруй жил төлөөлж ирсэн хуульч. Аав маань утсаар ярьж туслахтай нь холбогдоод, бид 2 хамт очиж уулзсан юм. Бараг сохор азаар ч юм уу ийм хуульчтай болсон. Тэр хүнд би одоо тийм ч их мөнгө хийж өгч чадахгүй байгаа. Хуульчид дуучдынхаа орлогоос 5 хувийг нь авдаг. Тэр хүний хувьд би одоогоор "ашиггүй". Гэхдээ тэр хүн миний ирээдүйг өөдрөгөөр харж байгаа учраас л надтай ажиллаж байгаа байх.  Тийм ч учраас одоогоор миний өмнөөс тэр хуульч гэрээнүүдийг  судалж шийддэг юм. Хэрэв буруу сонголт хийвэл "Боолын гэрээ" л болно шүү дээ.
 
 -Г.Галбадрах:Тэгэхээр хуульчийн зөв шийдвэр л хамгийн чухал юм аа даа?
 -K.Номинжин: Олон жил энэ чиглэлээр ажилласан хуульчид гэрээ санал болгож байгаа компаниудын талаар маш их мэдээлэл судалгаатай байдаг. Энэ жил "Universial  records" гоос ирсэн гэрээний саналыг хуульч маань зөвшөөрөөгүй. Тэр хүн надад энэ бүхнийг тайлбарлаад "Ийм нөхцөлд чи ч мөнгө хийж чадахгүй, чи мөнгө хийж чадахгүй бол би ч мөнгө олохгүй" гэж хэлнэ. Энд бол зарчим нь ийм. Тэгэхээр би одоо төслөөс төслийн хооронд л ажиллаж байгаа.

Хэрэв зөв газартайгаа зөв гэрээ хийгээд, зөв багтайгаа ажиллаад, зөв маркетинг хийх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт энэ зах зээл дээр хүчтэй гарч ирнэ. Тэгээд ч би өөрийнхөө амьдрал, уран бүтээлдээ зөв сонголтыг хийхийг хичээж явна. Боолын гэрээнд гарын үсэг зурснаас интернет эрин үед сонсогчдодоо уран бүтээлээ мөрөөрөө хүргээд явбал ч сайхан. "Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов" гэдэг. Энд  нэрт жүжигчин Жаред Летогийн 3 сая гаруй цомог зарсан нэлээд алдартай рок хамтлаг нь компанидаа өртэй хэвээрээ байдаг байвал яах вэ? Гэрээгээ цуцалмаар байна гэсэн чинь 30 гаруй сая долларын өрөнд орсон, тэгээд яалт ч үгүй 3 дахь цомгоо тэр компанитайгаа хийх болсон.
.
-Г.Галбадрах: Цаашдаа хийхээр зорьж байгаа уран бүтээлийнхээ талаар ярьж болох уу?
 -K.Номинжин: Би ямарваа уран бүтээлийнхээ талаар урьдчилж ярих дургүй. Монголчууд маань ч тийм л заншилтай байсан. Ямар нэгэн хэл ам, саад тотгор гэхээсээ илүүтэй, болж бүтээгүй зүйлээ болох гэж байгаа юм шиг ярихад дургүй зантай холбоотой байх. "Зангууны үлгэр" гэдэг дээ. Харин хийж бүтээсэн зүйлээ бүтээснийхээ дараа ярихад бол урамтай. Мэдээж олон олон сайн төслүүдийг бүтээхээр ажиллаж байгаа. Өөрийн карьераа өндөр түвшинд хүргэх зорилготой.
 
-Г.Галбадрах: Бас хажуугаар нь "эерэг сонголт"-ын талаар хүмүүст сурталчилж байгаа?
 -K.Номинжин: Би өөрийн олсон орлогынхоо 90 хувийг буяны зүйлд зарцуулдаг. 17 настайдаа ногоон хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ресторанд хөрөнгө оруулсан. Энэ бол ашгийн бус ресторан. Үүнийг аль болох олон монголчууддаа хүргэж, аль болох олон монголчуудаа хамруулах зорилготой байгаа. Мэдээж би алс нь алдартай, их мөнгөтэй болох юм бол тэр бүхнийгээ нийгэмд ээлтэй, байгаль орчин болон хүн амьтанд ээлтэй, ажлын байр үүсгэхэд зарцуулахыг мөрөөддөг. Зөв, эерэг бизнесийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно.
 
Би Монгол руугаа маш их ирж очдог. Одоо бол Монголдоо Сити Коллежид давхар суралцаж, дипломоо хамгаалах гэж байгаа. Алсдаа Монголдоо энэ чиглэлээр хийх гэж бодож санаж байгаа ажлууд зөндөө бий. Гэхдээ л миний амьдралын гол утга учир, зорилго бол хүмүүст эерэг сонголтыг сурталчилж, уриалах явдал юм.
 
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад маш сайхан байлаа. Чиний энэ яриа бусад хүмүүст сонирхолтой, бас хэрэгтэй мэдээлэл болно байх гэж итгэж байна. Өөрийн амьдралд хандах хандлагаараа бусдад үлгэр жишээ болж, уран бүтээлээрээ дэлхийн тавцанд үнэлэгдэн гарч ирэхийг ерөөе. Чамд амжилт хүсье.
 -K.Номинжин: Танд ч бас их баярлалаа, намайг зорьж ирж уулзаж ярилцсанд. Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст "Өөрийн амьдралдаа ямагт зөв сонголтыг хийж байя" гэж уриалья. Эцсийн эцэст бидний сайн явах, муу явах бүх шалтгаан бидний өөрсдийн сонголтод байгаа. Хүн өөрийн дотоод сэтгэлээ л зөв удирдаж, ямагт зөв сонголтыг өөрийнхөө төлөө хийж чадах юм бол аз жаргалтай, уцаар бухимдалгүй сэтгэл амар амгалан амьдарч чадна.
 
...24 настай залуу бүсгүй гэхэд түүний биеэ авч яваа байдал, өөрийн ухаарлаа зүгээр л бусдад ярьж зөвлөж биш, өөрийн биеэр үлгэрлэн харуулж чадаж байгаа нь надад маш сайхан санагдсан. Бас өөрийн үнэ цэнэ, зөв төлөвшил нь түүний урлагийн ертөнцөд амжилтыг авчирч байгаа би мэдэрч байв. Энэ бүхэн эхлэл. Түүний өмнө маш их ирээдүй байгаа. Тэрээр Монголын олон олон залууст үлгэр дуурайл болж, олон залуусыг араасаа дагуулж, амжилтад хөтөлнө гэдэгт итгэж байна. Энэ ярилцлага хүн болгонд таалагдах албагүй л дээ. Гэхдээ эргэцүүлж олон зүйлийг бодоход дэм болно байх.  "Цагаан хоол", "бясалгал", "гэгээрэл" гэж ялгахаас илүүтэй түүний дотоод сэтгэлийн зөв төлөвшил, итгэл үнэмшил, амьдралыг үзэх үзэл, өөртөө итгэх итгэл нь хамгаас үнэтэй юм. Надад ингэж бодогдсон. Их мөнгө, эрх мэдэл, нэр алдраас өөрийн мөн чанараа илүүд үзэж, бусдад ойлгуулж, бусдад туслах гэсэн зүтгэл нь K.Номинжинг бүр ч илүү амжилтад хүргэх байхаа. Амжилт ерөөе, Номинжин.


Tuesday, 16 September 2014

С.Батзаяа: Гал гарч байгааг арилжааны телевизүүд үзүүлдэг. Харин яагаад гарсан, гарахгүй байж болох байсан уу гэдгийг бид үзүүлдэг

Би түүний сэргэлэн, сортоотой асуултуудтай ток шоу, инээж байгаад зальтайхан ивэж асуудаг стилд дуртай байсан. Бас ямар нэг намын тугны өмнө уруулаа жомбойтол будаж сууж байгаад гунигтай жижүүрийн нэвтрүүлгүүд хийж шившгээ дэлгэдэггүй зан чанарт нь хүндэтгэлтэй ханддаг. Манай салбарт түүн шиг чамбай сэтгүүлчид цөөн боловч байгаа. Тэднийг бид та бүхэнтэй нэг нэгээр нь уулзуулах болно. Энэ удаагийн зочин маань МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал хатагтай С.Батзаяа байлаа. Бидний яриаг сонирхон уншина гэдэгт итгэж байна. 

-Эхлээд хоёулаа танай телевизтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн асуудлаас яриагаа эхлэе. Чухам юу болоод хэвлэлийн хурал энэ тэр болоод явчихав аа. Байж байгаад л МҮОНРТ рүү дайрдаг л даа. Чиг үүрэг хийгээд өвөрмөц статусыг нь сайн ойлгохгүй байна уу, эсвэл үнэхээр гадна яваа улсууд ч тэсэхийн аргагүй санаа зовмоор хүнд нөхцөл байдал үүсчихээд байгаа юм уу?
-Дотор нь ажиллаж байгаа бидэнд иймэрхүү арга ядсан өрсөлдөөн, эсвэл арчаагүй өс  саналт ядаргаатай л юм.  Энэ байгууллагын тухай худлаа мэдээллийг санаатайгаар тараах бүрт гайхсан, урам хугарсан тухай хоорондоо яриад л өнгөрдөг. Гэтэл ингээд  юу ч болоогүй мэт, тэр гүтгэлгүүд нь үнэн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг дуугуй   ажиллаад байвал  бэртэгчин ч болчихоор. Яагаад гэвэл  хариуцлага гэж нэг юм байна.  Олон нийтийн телевизийн талаар яриа гараад байхад хариуцлагатай хүмүүс дуугуй байгаад байвал жинхэнэ хариуцлагагүй хэрэг болох байх. Хүмүүст эргэлзээ байгаа бол тэрийгээ тайлах ёстой, асуулт байгаа бол хариултаа авах эрхтэй. Хүмүүс гэдэг нь  манай үзэгчид, олон нийт шүү дээ. Сая хэд хоногийн өм нө болсон хэвлэлийн бага хурлын тухай та асууж байх шиг байна. Яахав өмнө нь ажиллаж байсан хүн хувийн студийнхээ тохироог өнөөгийн удирдлагатай хийж чадаагүйгээс болоод "гомдож тунирхсан" явдал байгаа юм шиг. Гэхдээ түүний гомдол хуулийн хүрээнд хаалганы цаана үлдсэн бол бид яалтайв. Хувийн ашиг сонирхлыг нь хангаагүйн төлөө энэ гомдол нь  доромжлол, гүтгэлэг болоод явчихлаа шүү дээ. Байж байгаад л дайрдаг  хэдхэн хүн байдаг юм. Энэ хүн яагаад ингээд байдгийн гэхээр л нэг тийм өчүүхэн юм л ардаа хадгалчихсан байдаг. Хийморь сэргэтэл сайхан шүүмжилчихдэг хүн бол өөр шүү дээ. Гарч ирээд л хэвлэлийн хурал хийгээд байдаггүй юм. Мэргэжлийн шүүмжийг хүмүүсээс, үзэгчдээс  авах бол хэвийн зүйл, заримдаа үгүйлэгддэг зүйл. Жишээлбэл, та бол асуултаараа шүүмжлэх гээд л сууж байгаа, би мэдэж байна. Таныг манай статусын тухай  хөндсөнд баярлалаа. Манай үзэгчид байтугай өрсөлдөгчид энэ байгууллагын статусыг ойлгохгүй байдагт зарим талаар бид өөрсдөө буруутай. Хангалттай ярьж сурталчилж, мэдээлэл өгдөггүй. Энэ бол бидний үнэхээр буруу. Яагаад улс оронд олон нийтийн статустай мэдээллийн хэрэгсэл байх ёстой юм, түүгээр дамжиж хэний арх ашиг хамгаалагдах ёстой юм, үндэсний дархлааг бий болгоход энэ олон нийтийн статустай хэвлэлийн байгууллага яагаад оролцох ёстой юм, бусад улс орнууд яагаад үндэсний аюулгүй байдлын талаарх ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй уядаг юм. Гэх мэт олон асуултын хариуг иргэд сайн ойлгоогүй байх шиг. Том том юмаа болъё гэхэд, зүгээр л татвар төлөгч таны мөнгөөр бид ийм ийм юм ингэж ингэж хийсэн шүү хар даа гэдэг таниулгыг л хангалтгүй хийдэг юм билээ. Нууж хаах юу ч байхгүй шүү дээ, тэгэх ч боломжгүй юм. Жилд ганц хийдэг нээлттэй өдөрлөг төдийгөөр биш бүхэл бүтэн жилийн турш зорилготой,хариуцах эзэнтэй ажил хийхээр бид төлөвлөсөн. Ажилдаа орж байгаа. Та жишээлбэл тэсэхийн аргагүй санаа зовмоор гэж тодорхойлж байна. Ийм байдалд үзэгчдийг оруулж болохгүй шүү дээ. Дандаа худлаа мэдээлэл байна билээ, тэр хэвлэлийн хурлын үеэр яригдсан асуудлууд.

-МҮОНРТ-ын захирал М.Наранбаатар луу чиглэсэн довтолгоо нь ил байна л даа. Түүнийг захирлаар ахин сонгосон явдлыг буруушааж байгаа бололтой. Энэ эрх үндэсний зөвлөлийн гишүүдэд хадгалагддаг биз дээ. Хууль зөрчсөн томилгоо гэж ямар өнцгөөс үзэж байгаа юм бол?
-Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгддэг асуудал шүү дээ. Энэ үндэсний зөвлөл маань хэвлэлд нээлттэй ажилладаг бүтэц гэж би боддог ш дээ. Аливаа шийдвэр тохироогоор, дур зоргоор, гэнэтийн байдлаар гарах боломжгүй юм. Үндэсний зөвлөлийн гишүүд биднээс хамаарахгүйгээр шийдвэрээ гаргадаг, ямар шийдвэр гаргаснаа эргээд хэвлэлээр тайлагнадаг. Ингэж ажилла гэдгээ хуулиар заалгачихсан байгууллага шүү дээ.

-Түүнийг олон жил улсын хөрөнгөөр тоглож байна гэж шүүмжилжээ. Танайд ойрд санхүүгийн болон энэ чиглэлийн бусад байгууллагуудаас шалгалт хийсэн үү?
-Хардах эрх бүгдэд бий. Тэр үүднээс энэ шүүмжлэл бол хэвийн юм. 2012 оны 10 сард, 12 сард 2 удаа ойрхон  Үндэсний Аудитын Газраас ажлын хэсэг ирж шалгалт хийсэн. Тэрнээс  нэг сарын өмнө  жил бүр ордог ээлжит аудитын шалгалт ороод үндэсний зөвлөлд дүгнэлтээ өгчихөөд явчихсан байсан. Гурван  шалгалтын дүн зөрөөгүй дээ. Тэр дүн интернэтээр ч зөндөө байгаа. Хэн ч олоод харах боломжтой. Саяхан дахиад л хурлын зааланд хэдэн хүн сууж байна лээ. Юун хүмүүс вэ гэсэн санхүүгийн шалгалтын хүмүүсээ л гэж байсан. Шалгалт бол байнга шүү дээ. Санхүүгийн асуудал ярьсных. Өнгөрсөн жил Ерөнхий захирлын ажлын тайланг Үндэсний зөвлөлөөр сонсч хэлэлцээд, "А" үнэлгээ өгч, мөнгөн шагналаар шагнах шийдвэр гаргасан юм. 2013 онд менежментийн баг хоёр тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа шүү дээ. Ашигтай гэдэг нь ашиг олсон гэсэн үг биш, хэмнэлт хийсэн л гэсэн үг. Үйл ажиллагаагаа үр ашигтай хэлбэр рүү шилжүүлсэн гэсэн үг. Тэгсэн өөрөө өөрийгөө шагнасан гээд л саяын хүмүүс ярьж байх шиг байна лээ. Үндэсний зөвлөлөөс асуух хэрэгтэй шүү дээ.  Нэг сая төгрөгийн ч бай худалдан авалт юм уу гэрээ заавал захирлын зөвлөлөөр шийдэгдэнэ. Тэнд байгаа есөн хүн гар өргөн зөвшөөрөх ёстой гэсэн үг. Мөнгөн дүн 20 саяаас дээшээ л бол Үндэсний зөвлөл хэлэлцэж батлах зөвшөөрөл өгөх ёстой, тийм дүрэмтэй юм. Ажлын процедур яриад байх нь танд ядаргаатай байж магадгүй, гэхдээ санхүүгийн хувьд дураараа дургих боломжгүй юм аа гэдгийг тайлбарлаж байгаа хэрэг. 

-Ойлгож байна. Ер нь танай эрх барих дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж болох уу. Мөн тэр зөвлөлд ямар ямар эрх үүрэг хадгалагддагийг мэдмээр байна.
-Ганаа эгч ээ тэр том дарга нарын тухай би ярих нь жаахан зохисгүй байна аа. Энэ асуултыг алгасъя болох уу. 

-Та тэгж бодож байгаа бол таныхаар болъё. М.Наранбаатарыг гурав дахь удаагаа улируулан сонгоно гэдэг бол нэг талын том үнэлэмж. Та түүний удирдах арга барилын талаар ямар нэг дүгнэлт өгөхүйц хэмжээнд хамтран ажиллах шиг боллоо. Энэ талаарх таны сэтгэгдлийг харин сонсмоор байх юм?
- Ямар дүн тавьж байгааг сонголт л харуулдаг. Тиймээс сонгосон хүмүүсийн дүнг бид шүүн хэлэлцэх нь утга учиргүй юм. Ер нь телевиз гэдэг чинь "зовлонтой" газар шүү дээ. Нэг тийм билэг танхай. Энд ямар нэвтрүүлэг хийгдэж, ямар төсөл хэрэгжиж байгаагаас хамаарч найруулагч нар дарга байдаг. Юу үзсэн, юу үзмээр байгаагаасаа хамаарч үзэгчид дарга байдаг. Захирал бол зохицуулах төдий ажил шүү дээ. Замын хөдөлгөөн зохицуулдаг шиг л. Заримдаа харахад өмнөөс нь тээртэй санагддаг юм. Ямар их утасны дуудлага, ямар их "тэгмээр байна, тэгмээргүй байна"...Овоохон зохицуулагч л үүрч явах ажил даа.    

-Тэр ажилчиддаа жилийн ажлаа тайлагнадаггүй юм уу. Бас тайлагнах хатуу үүрэгтэй юу?
-Жилийн эцсийн тайлан гээд тавьдаг. Бүх салбаруудын захирлууд эхлээд салбар бүртээ тайлангаа тавина. Дараа нь захирлын зөвлөл дээр захирал бүрийн тайланг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Хамгийн сүүлд нь Ерөнхий захирал Үндэсний зөвлөлд болон хамт олны хуралд тайлан тавина. Хэвшил болсон энэ бүх үйл ажиллагаа хийгдэж байгаа. 

-Зохиолч З.Дорж гуай түүнийг “Өөртөө таалагдахгүй хүмүүсээ үгүй хийсээр л байгаа” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг юм бэ. Тийм их халаа сэлгээ хийгддэг юм уу?
-З.Дорж гуай л хариулах байх. Халагдаж солигдоод хаалга үүд онголзуулаад байсан асуудал байхгүй ээ.  Хамт  олон нь  шаардсаны  үндсэн дээр хийгдсэн нэг л халаа солио байгаа. 

-Техник, технологийн ямар шинэчлэл хийгдэж байна вэ. Үнэндээ орчин цагийн шинэ телевизүүд зарим талаар илт давамгайлж эхэллээ. Дамжуулалт, контентын шинэлэг хэв маягийн хувьд ч. 
-Юу үнэн тэр үнэн. Өрсөлдөөн ширүүсч байгаа. Тэр өрсөлдөөн нь хүчтэй техникээр, сайн гадаад харилцаагаар, сайн менежментээр илэрч байна. Би энэ талбарын тоглогч нарыг, ялангуяа шинүүдийг үнэхээр мундаг гэж боддог. Тэд сайн техниктэй байна, оролдлогууд хийж байна, зоригтой байна. Гэхдээ үгүйсгэж болохгүй бас нэг үнэн бол манай телевиз үндэсний гэх контентоор, мөн туршлага, мэргэжлийн чадвараараа бусдаас давуу. Бид нар дутагдалтай байгаа зүйлдээ үнэлэлт дүгнэлт өгч, шинээр зохион байгуулалт хийж эхэлсэн. Та телевизийн, эсвэл агентлагийн жирийн ажилтнуудаас асуугаад үзээрэй. Гадаад харилцааг шинээр зохион байгуулж байна, олон улсын зах зээлээс контентууд, кино худалдаж авч байна. Орчуулга хийгдэж байна. Маркетингийн, мэдээлийн технологийн өрсөлдөөнд ялагдмааргүй байна. Товчхондоо энэ чиглэлийн ажлууд руугаа ханцуй шамлан орцгоосон. Манай нэг сул тал төсвөөс хараат байдал л юм даа. Хоёр жилийн өмнөөс л техникийн шинэчлэлийн ажил цаасан дээр хар зурагтайгаа, жагсаалт юутайгаа гарчихсан байгаа. Явц нь удаан байгаа нь үнэн. Нэг их олон тэрбумын тоо тавьчихаад "Танайд ийм их мөнгө төсөвлөгддөг юм байна. Идэж уучаад байгаа юм биш үү" гээд байх шиг байна билээ. Үгүй шүү дээ. Техникээ шинэчлэхэд ийм мөнгө хэрэгтэй юм байна. За зөвшөөрлөө, одоо энийгээ хийгээрэй гээд Их хурлаас баталж өгсөн л тоо шүү дээ. Бид техникийн шинэчлэл хийх, шинэ техник худалдаж авах, бүрэн HD болох мөрөөдлийн жагсаалтаа барьчихаад л сайд нарын үүдийг сахисаар удлаа шүү дээ. Их хурал батлаад өгчихсөн манай мөнгийг одоо та гаргаад өгчих л дөө тэгэх үү гэж л бид царайчилдаг. Бага багаар ажлууд хийгдэж л байна. Мэдээний студи, эфирийн тоног төхөөрөмж бүрэн HD болсон. Зөөврийн техникийг шинэчлэх ажил 70 хувьтай явж байна.Одоо шууд дамжуулалтын техникийг солих  гэх мэтчилэн дутуу ажлууд байгаа. Төсвөө царайчлаад л явж байна даа. 

-МҮОНРТ бол монголын ард түмний цорын ганц телевиз байлаа. Мэдээж энэ их айлд өөрийн зовлон бий. Гаднаас нь живж буй хөлөг онгоцтой зүйрлэх амархан л даа.
-Живэхгүй биз дээ.  Сэтгэл зүрх нь цохилдог, чадвартай, халуун, тулхтай уран бүтээлчид , сэтгүүлчид, найруулагч нар энэ хөлөг онгоцыг удирдаж байна. Зовлон бий бий. Хүний нөөцийн асуудалд санаа их зовдог. Энүүгээр байгаа бөөн туршлагуудаа мөлжөөд дуусахын цагт хэн залгамжлах вэ гэж боддог. Дараагийн Амбасэлмаа хэн бэ. Хөдөөгийн Алтааг хэн дуурайж чадаж байна. ММ-ийн Цэрмааг яаж дахиж бий болгох уу. Үнэхээр ган болд шиг хатуу чанга хүмүүс шүү дээ. Гэтэл одоогийн хүүхдүүд нэг л тийм нялцгар. Миний хувьд энэ л зовлон байна даа. Бусад нь бол ажил хийх явцад гардаг л саад зөрчлүүд. Байдаг л зүйл. 

-Танай хамгийн залуу эмэгтэй диктор “Алтан сарнай” наадам дээр надаас яриа авсан. Эхний надад хандаж хэлсэн үг нь та чинь юун хүн билээ. Аль салбарынх вэ гэж байсан нь гэнэт санаанд орлоо. Хөгжилтэй санагдсан шүү?
-Тэр хүний өмнөөс уучлалт гуйя. Миний хажууд манай нэг арилжааны сувгийн хөөрхөн охин Н.Жанцанноров гуайн хэвлэлийн хуралд суусныхаа дараа “Та өөрийгөө танилцуулаач. Юу хийдэг билээ. Саяны ярьснаа бас дахиад ярьчих” гэсэн л юм даа. (инээв) 

-Ш.Ёлка, Г. Золжаргал нарыг үгүйлж байна шүү. Тэд ингэхэд хаана явна вэ?
-Золоо ах гал тогоондоо байгаа. Манай чухал ажлыг хийдэг юм шүү дээ, уран сайхны зөвлөлийн гишүүн гээд. Үе үе нэг сайхан нийтлэл хийдэг. Ёлка ах маань ч байгаа. Наадмаар Ёлка ахаараа “гоёлоо” шүү дээ. 

-Танай өөр нэг шүүмжлүүлдэг өнцөг нь улс төр. Хэн эрх барьж байна түүний хараа хяналтад байсаар байдаг. Засгийн газрын үйл ажиллагаа яг одоо бол олон нийтийг хагартал нь уурлуулж байна. Гэвч хэвлэл мэдээлэл таг. Ялангуяа олон нийтийн гэх статустай танай телевиз. Төрийн хараа барианаас хол байх бололцоо үнэхээр байхгүй юу?
-Дөнгөж сая манай сэтгүүлч бэлтгэж ирсэн сурвалжлагынхаа талаар редактортойгоо ярилцаж байгаа харагдсан. Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шүүмжилцгээж байгаа гэсэн. Цагийн Хүрдэд орно л доо, энэ сурвалжлага. Бид шүүмжилдэг. Сайн шүүмжилдэг.  Бонд, утаа, эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэнд, төрийн албан хаагчийн ёсзүй, хуулийн шинэчлэлийн хэрэгжилт гээд. Зөндөө л орж байдаг шүү дээ, ийм материал. Одоо санаж байгаагаар "Надад сургууль барьж өгөөч", "Орохыг хориглоно" зэрэг хэд хэдэн нэвтрүүлгүүд, цуврал сурвалжлагуудад маань олон нийтийн зүгээс реакц сайтай байсан шүү. Шар ногоон өнгө орохгүй, гудамжны үг яриа хэрэглэдэггүй болохоор шүүмжлэл биш гэж харагдаад байдаг юм болов уу. Арай үгүй биз дээ. Нөгөө талаар гарч байгаа шийдвэрийг, болж бүтэж байгаа зүйлийг, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бид заавал мэдээлэх үүрэгтэй. Засаг юу хийж, ямар шийдвэр гаргаж байгааг иргэд мэдэх эрхтэй. Олон нийтийн телевиз л иргэдэд Засгийн газрын юу хийж, юугаар занималдаж байгааг хүргэхгүй бол хэн хүргэж, иргэд яаж мэдээлэлтэй байх вэ. Сонгоод дээрээ тавьсан дарга нараа юу хийж байгааг мэдэх эрхийг нь бид хангаж байгаа л хэрэг. Харьцангүй энэ засаг, энэ төрд байгаа эрхмүүд намайг, манайхныг зовоогоод байхгүй юм.  Хэцүү үе байсан шүү. 10-аад жилийн өмнө би энд сурвалжлагчаар ажиллаж байсан. Гишүүн тойрогтоо амрах гээд байгаа ч юм шиг, аялаад байгаа ч юм шиг 20 хоног явахаараа заавал хажуудаа нэг сэтгүүлч камертай дагуулж сүртэй явдаг. " Яв” гэдэг, бид “За". Ийм л байсан. Харин одоо намайг тэгж үзүүлсэнгүй, би тэгж гармаар байна гэдэг хүн харьцангүй цөөхөн болсон. 

-Сэтгүүлч хүнийхээ хувьд ч энэ засагт алга л ташмаар байна гэж үү. Харамсаж байна шүү, танд. Гэхдээ энэ ч бас асуулт.
-“ММ” агентлагийг засгийн гар хөл байсаар байгаа  гэж андуурдаг ойлголтонд хариулт өгч байгаа юм. Бид шүүмжлэхээ ч шүүмжилнэ, ялангуяа хариуцлага тооцох асуудлыг хөнддөг. Бондын зарцуулалтын тайлан, эрүүл мэндийн салбарын хариуцлагатай байдал байнга л нэхэж байгаа. 

-Уучлаарай, танай телевизийн программ үнэхээр гунигтай гэвэл та эгдүүцэх үү. Одоо алтан фондоор л амь зогоож байх шиг. Тэр битгий хэл ММ-ын мэдээллийн хөтөлбөр ч нэг мэдээг олон дахин давтахаас өгсүүлээд, яг чухлыг онцлох тал дээр рейтинг нь унаж байна. Эсвэл би буруу  хараад байна уу?
- Саяхан АНУ-ын Төрийн департментаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд манайхан америкийн олон нийтийн тв-д хэд хоног ажилласан юм. Тэгэхэд " Хүмүүс манай телевизийг уйтгартай гэж дүгнэдэг" гэж ажилтнууд нь ярьж байсан. Олон нийт гэдэг бол хөгшид, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнх. Олон нийтэд зориулсан нэвтрүүлэг гэдэг бол тэр бүх насныханд, тэр бүх бүлэгт зориулсан нэвтрүүлгийг хэлж байгаа хэрэг. Хуулинд заавал эдгээр нэвтрүүлгийг бэлтгэж цац гээд заачихсан байгаа. Олон нийтийн телевиз л хийхгүй бол арилжааны телевиз хийх албагүй. Харин бусад асуудлын тухайд шүүмжлэлийг анхааръя аа. Хүртээмжийн гол суурь нь давтамж гэдэг зарчмаар мэдээллийн сувгууд ажиллаж байгаа, бид ч нэг их холуур яваагүй. Гэхдээ “Цагийн Хүрд” маань 45-хан минут. Аль болох голыг нь олохыг хичээн чармайж ажиллаж байдаг даа. "Гал гарч байгааг арилжааны телевизүүд үзүүлдэг. Гал яагаад гарсан, гарахгүй байж болох байсан уу гэдгийг бид үзүүлдэг" гэж америкийн PBS-ийхэн хэлсэн. Энд ч зарчим адилхан.

-Телевизийн салбарт шинэ од төрөлгүй их удлаа. Танд тэгж анзаарагддаг уу ?
-Энэ салбар онцлогтой. Од нь огцом харваад гараад ирэх боломжгүй л болов уу. "30 жилийн дараа сая нэг анзаарагдаж эхэллээ" гэдэг алдартай тв хөтлөгчийн үг байдаг. Чанагдаад, бойжоод, бэлтгэгдээд, инкубатор дотор өсөөд, тодорхой цаг хугацааны дараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой болдог байх. Харамсалтай нь  даацтай, далайцтай, ёс зүйтэй, хүнлэг персонууд цөөхөн л байх юм. Хүнлэг гэдэг үгийг би заавал хэлж байгаам шүү. Та бид хоёр Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд явж байсан. Си Эн Эн-ийн  Ричард Күэст  ороод ирэхэд тэр дэлхийн том бизнесменүүд, шийдвэр гаргагчид яаж хүлээж авч, хурлын уур амьсгал ямар болж байна. Ирэх жилийн эдийн засгийн төлвийг та юу гэж тодорхойлох нь бидэнд чухал байна гээд шууд хэлдэг. Кристина Аманпур хаана очиж ямар сурвалжлага хийх бол. Михаиль Гусман  хэн гэдэг лидертэй ярилцах бол, яагаад тэрийг сонгосон юм бол. Андрей Малаховын дараагийн сэдэв юу байх вэ. Ийм хүлээлт үүсгэх томьёо нь  олон жилийн хөдөлмөр нэмэх нь +мэргэжлийн чадвар+ нэмэх нь ёс зүй энэ л болов уу.  Бавуугийн Лхагвасүрэн гуай өнөөдөр яахын аргагүй хүлээдэг манай салбарын хүн болчихлоо. Хажуудаа ямар гоё кадрыг "бойжуулж" байна. Жишээ нь, манай Чимгээ, Ичинхорлоо, Ганбаатарыг гүйцэх мэдээний хөтлөгч ойрын таван жилдээ гарахгүй. З.Алтай, А.Авирмэд агсан шиг сэтгүүлчид бойжигдож байгаа гэж хүлээсээр л байна. Нөгөө талаар телевизүүд олон болоод хүний нөөцийн хомсдолтой байх шиг байна. Нас нь итгэл үнэмшил төрүүлэхгүй юм, үйлдэл нь итгэл үнэмшил төрүүлэхгүй юм.

-Гялбаад л гарч ирдэг шүү дээ. Бараг анхны нэвтрүүлгээсээ, анхны дамжуулалтаасаа, анхны текстээсээ л “юм” мэдрэгдээд эхэлдэг шүү дээ. Яагаад од болохын тулд заавал 30 жил хэрэгтэй гэж ?
-Гялбаа төдий байдгийг үгүйсгэхгүй. Энэ гялбааг  туршлага нь, мэдлэг нь, үзэж харсан нь зүлгээд од болгоно. Од болоход 30 жил хэрэгтэй гэдэгтэй би санал нийлдэг. Гялбаад гараад ирсэн од маань хүний зүтгэл сэтгэл дээр өшигчиж байгаад нэр төрийг нь унагаахыг , ямар ч баримтгүй ажиллахыг юман чинээ бодохгүй байхыг би харж л байна.

-Хөтлөгчийн хэлсэн үг болохоор хөтлөгчийн тухайд та ярьж байх шиг байна. За, энэ ч яахав. Телевиз рүү гадны багууд орж ирж их тоглоцгоох боллоо. Мэргэжлийн гэх бардамнал, амбийц хөдлөхгүй юу. Би бол залхуу байна л гэж хардаг юм?
-Гадныхан ирэх нь байх ёстой зүйл. Дэлхий даяараа холилдчихсон байна шүү дээ. Тэд ирж байж бидний өрсөлдөөн илүү бодитой, үнэн, зөв болно. Тогоон дотроо өрсөлдөхийг ямар өрсөлдөөн гэх вэ дээ. СNN манай хөрсөн дээр ирээсэй гэдэг бол бидний мөрөөдөл байх ёстой. Энэ утгаараа мэргэжлийхэнтэй өрсөлдөх амбийц хөдлөлгүй яахав. Тэгж байж тулаан болно, тулалдаанд зөвхөн шонхорууд ордог.

-Танайд Ёлка, Золжаргал нараас өөр шонхор байдаг гэж үү. Хэдэн сайн диктор бол байгаа нь үнэн. Найруулагч нараа та нар сурталчилдаггүй?
-“Бурхан” гэдэг ангилал найруулагч нарын тухайд л дурдагддаг юм шиг ээ. Бурхан найруулагч гэхээс бурхан хөтлөгч, бурхан захирал гэдэггүй. Манай телевиз яах аргагүй бурхан найруулагч нарынхаа гараар боссон телевиз. Р.Аля гээд ахмад найруулагч, мэдээний Т.Цэрмаа, одоо залуучуудаас Л.Ариунжаргал, Н.Байгал, О.Энхболд гээд олон бий дээ. Эд нарынхаа тухай дурдах боломж олгосон танд баярлалаа. 

-Та жишээ нь NTV-д өөрийн нэрд гарсан ток шоутай байсан. Энд яагаад тийм шинэ сэргэг юм алга байна вэ. Хөгжмийн брэнд хөтөлбөр танайд л байсан шүү дээ. Одоо харин байхгүй. 
-Манай "Ярилцья" ярилцлагын сайн нэвтрүүлэг гэж би боддог. Манай залуучуудын хийдэг "4 урилга" шинэлэг, гэгээн, өөдрөг сайхан нэвтрүүлэг гэж би хувьдаа дүгнэдэг. "Монголын нэг өдөр"-ийг үзэхээр бидний дэргэд ямар сайхан амьдрал өрнөж, ямар сайхан хүмүүс амьдарч байна вэ гэж хардаг. "120-80" Эрүүл мэндийн боловсролын нэвтрүүлэг-Энэ л бидэнд хэрэгтэй байсан. Дурдаад байвал шинэлэг сэргэг юмс байгаа. Бид харин нөгөө л дээр дурдсан давтах, хүртээх, сурталчлах тал дээр ажиллахгүй бол тань шиг завгүй хүмүүс оноож харж үзэхгүй байх шиг байна. Залуучууд мэргэжлийн алдаа хийх юм анзаарагддаг. Гэхдээ л таны асуусан шинэ сэргэг гэдэгт энэ бүхэн багтана. 

-Зарим үед сэтгүүлчээрээ ажилламаар санагддаг уу?
-Би одоо ч сэтгүүлчээрээ ажиллаж байгаа гэж боддог. Ил гарах, нэвтрүүлэгтэй байх тухайд бодож байгаа. Би ажлын гараагаа Дарханы телевизээс эхэлсэн. Мэдээ хийдэг байлаа. Дараа нь  Ийглийн мэдээнд ажилласан. Миний хамгийн их чадах жанр бол мэдээ юм байна гэсэн бат итгэл үнэмшил одоо ч надад байдаг. Ярилцлагын нэвтрүүлгийг би анх эхлүүлж байхдаа өөртөө маш итгэлгүй байсан. Хэдэн өдрийн өмнөөс шаналаад л , уншаад л , судлаад суучихдаг байсан. Хүчээр гэдэг шиг л юм болсон доо. Ярилцлага хийчихээд монтажан дээр суух дургуй байсан. Одоо ч хүнтэй ярилцана гэвэл сандарна.

-Та энд ирэхээсээ өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Үнэндээ хамгийн сайн ажилдаг баг байсан шүү. Түүнтэй ажиллахын хэцүү бөгөөд сайхан тал юу вэ?
-Баярлалаа. Миний ЕТГ-т ажилд орсон эхний өдрийн тэмдэглэлд "Хамгийн зөв газраа ажиллах боллоо. Итгэл үнэмшлээ хэзээ ч гээхгүй гэдэгтээ би итгэлтэй байна" гэж бичсэн маань бий. Яагаад гэвэл зорилго нь зөв юм. Зөв юмны төлөө ажиллаж байгаа гэсэн итгэл үнэмшил биднийг нэгтгэдэг.  Үнэхээр сайн баг мөн. Тамгын дарга, зөвлөхүүд, шадар туслахууд гээд тийм хүмүүстэй хамт ажилласан нь миний амьдралын хамгийн том, хамгийн сайхан "их сургууль"  байсан.  Нэгэнт та асуусных хүн бүрт яриад байдаггүй зүйлийг энд хэлэхэд, би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын тавцанд яаж тоглож байгааг хараад биширдэг байсан. Манай улсыг, бидний зорьж байгуулж байгаа нийгмийг, манай ард түмний сэтгэлгээний цар хүрээг энэ улсыг удирдаж байгаа хүнтэй уулзаад л гадны лидерүүд  тодорхойлж мэддэг . Энэ тал дээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч үнэхээр нэрийн хуудас болж чаддаг лидер гэж би боддог. Ерөнхийлөгч хэзээ ч хэлэх үгээ хүнээр бэлдүүлдэггүй. Гэхдээ л биднээс бичиг цаас, санал маягийн юм орно. Ерөнхийлөгчийн үг гарсны дараа өөрсдиийнхөө оруулсан цаасыг хараад ичнэ. Хүн ингэж сэтгэж, ингэж харж, ингэж найруулж байхад бид мөн ч болоогүй байна даа гээд л. За, тэр бусад хувь хүнийхээ хувьд бидэнд өгдөг зүйлс зөндөө дөө. Ээжийгээ сонс, хүүхэддээ цаг гарга, хүнийг битгий гомдоож бай гээд л. Гол нь үйлдлээрээ өөрөө үлгэрлэдэг.  Байнга спортоор хичээллэнэ, хөлдөө чирнэ шүү дээ. (инээв) 

-Хэвлэл мэдээллийн алба бол дайсан татдаг алба биш сайн харилцаа үүсгэж чаддаг, ойлголцох замаар бусдын хүчийг ашиглах урлаг шаарддаг онцлогтой юм шиг санагддаг. Одоо ч зарим албадыг харахад бараг хүнээ хорлоод байна уу гэмээр үйл ажиллагаа явуулж байх нь элбэг болж. Та бол гярхай анзаардаг байх?
-Та бараг өөрөө дүгнээд хэлчихлээ дээ. Хэвлэлийн алба, олон нийттэй харилцах алба бол сайн харилцаа үүсгэх нь хийх ёстой ажлынх нь тал хувь нь юм шиг санагддаг. Мэдээ бичээд онлайнаар тараах бол хэн ч чадах ажил шүү дээ. Харин онцгой мэдрэмжтэй байх, сонсдог байх, маш хурдан зохицуулдаг байх нь чухал. 

-Чи ажлаа явуулах гээд хандахад цаад харьцаж байгаа сонины сонгож ярьж байгаа кадрт чамайг мэргэжлийн хүний тань хувьд хүндэтгэдэг харилцаа байх ёстой. Хэн ч танихгүй нэг шал шал хийсэн хүүхэд залгаад олон юм ярихад би л лав утсаа тасалдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дарга нар салбартаа зөвшөөрөгдөөгүй, “танихгүй” хүмүүсийг олон нийтийн харилцааны албандаа авах юм. Намд гүйсэн, сонгуульд нүдэнд нь хэд харагдсан гэх хэмжүүр л бүх олон нийттэй харилцах албадыг унагаж байх шиг. 
-Шинэ хүн, шинэ ажил авахаар заавал л нэг дүгнэлтээр угтдаг. Тэр дүгнэлт хамгийн муу байх нь хамаагүй. Гагцхүү тодорхой хугацааны дараа тэр  дүгнэлт бол андуурч эндүүрсэн байжээ гэж хэлэгдэхээр л сайн ажиллаж, үйлчлэх ёстой субьектдээ зөв үйлчилж ажилласан байх ёстой. Төрийн бүх шатны албан хаагчдаас бид ганц л юм хүсдэг шүү дээ. Даргадаа үйлчлэх тань яахав ээ, тэртэй тэргүй таны үүрэг биз, бидэнд яаж үйлчлээд байгаагаа мэдрүүлээд өгөөч ээ л гэдэг. Дарга нар та бид хоёрын шүүмжийг тусгах биз ээ. 

-Хамгийн сүүлд телевизээр үзсэн “сайн” нэвтрүүлэг юу байв. Өөрийнхөөсөө бусдаас ч нэрлэж болно. 
-Өөрийнхийгөө түрүүн нэрлэчихсэн. Нэг таксины жолооч залуугийн тухай “Хэн нэгэн” гэдэг нэвтрүүлэг аль суваг хийчихсэн байв даа.  Сайхан энгийн яриагаар гэр бүлийн хайр, амьдралын төлөөх тэмцлийг өгүүлж байсан. Нулимс гармаар өөдрөг сэтгэл байсан шүү. Манай орны байгал, ан амьтны тухай "Хүрээлэн" ямар гоё нэвтрүүлэг гээч. Манай Буяаг жаахан дэмжмээр л байгаа юм. Засаг , боловсролын яам, аялал жуулчлал, байгал орчны бодлого боловсруулагчид оролцож дэмжих ёстой нэвтрүүлэг. “100 эрхэм”-ийг бол байнга үздэг ээ. 

-Одоо МҮОНРТ-эд нэн чухал шаардлагатай дэмжлэг юу байна вэ. 
-Хүмүүс минь итгэдэг, дэмждэг байх нь л чухал дэмжлэг. Сонголт олон байгааг ойлгож байна. Гэхдээ таны хүүхдэд хэрэгтэй боловсролын нэвтрүүлэг хийдэг учраас, солонгос сериал үзүүлдэггүй учраас, эрүүл мэндээ яаж хамгаалах ёстойг заадаг учраас, ерөөсөө монголчууд бид хэрхэн амьдарч байгааг үзүүлдэг учраас та өөрийнхөө телевизийг үзээд сарын мянгахан төгрөгөө хэл амгүй төлчиж байгаарай гэж гуйн хүсч байна даа. Мөн техник технологийн шинэчлэл хийгдэхээр энэ жилийн төсөвт төсөвлөсөн 4,5 тэрбумаа яаралтай шийдүүлмээр л байна. Бусдаас хоцормооргүй байна шүү дээ.  

-Хаалтын гэрээ гэдэг зүйл хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндийг шаварт хутгаж байна. Энэ талаарх таны бодол?
- Амьдрах арга янз бүр байсан бол одоо амьдрах арга бол зөвхөн мэргэжлийн ёс зүйтэй өрсөлдөөн гэдгийг ойлгож эхэлцгээж байх шиг байна. Би тэр “хаалтын гэрээ” гээчийг нь харж барьж үзээгүй. Байсан гэдгийг мэднэ. Байснаасаа ичээд одоо хэвлэлүүд тийм гэрээ хийхээ больж байгааг ч мэднэ. Та бид хоёр жаахан увайгүй ёс зүйгүй мэргэжлийн биш тийм өрсөлдөөнийг харах ёстой байсан юм байлгүй. Дээр үед байгаагүй. Цаашдаа байхгүй болно. Цаг хугацааны тийм үе таарсан. Аливаа шилжилт амаргүй, заавал нөгөө тал гээч зүйлтэй хамт хийгдэж байдаг шүү дээ. 

С.Батзаяа бид ийн хөөрөлдлөө. Би түүнийг дэмжиж байна. Хүн ажиллаж байгаа байгууллагадаа сэтгэл зүрхээ өгөх ёстой. Тэр ч гэсэн өгсөн учраас зарим зүйл дээр санал зөрөлдсөн ч гэсэн хүндэтгэл дагуулж байна. 

МҮОНРТ бол бидний хайр найргүй чулуу шидсээр байгаад живүүлэх ёстой онгоц биш. Хайрлаж түших, хамгаалж дэмнэх ёстой ууган телевиз маань шүү дээ. 

http://ganchimeg.niitlelch.mn/