Sunday, 19 October 2014

Унгар дахь Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж Унгар оронд бага нас, оюутан цагаа өнгөрөөсөн А. Булгантай ярилцлаа

Энэ оны 10-р сарын 17-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар улсад Монгол улсын Ерөнхийлөгч айлчлах гэж байгаатай холбогдуулж БНУУ-д оюутан ахуй цагтаа суралцаж энэ орны амьдрал ахуйг багагүй мэдэх болсон А. Булгантай Цахим өртөө холбооны гишүүд ярилцлаа.  

Цахим өртөө: Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө, бидэнтэй ярилцах цаг зав гаргасан танд талархал илэрхийлье. Бидний мэдэхээр Та Унгар улсад суралцаж дээд боловсролтой болсон манай сэхээтнүүдийн нэг. Яг хэзээ, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцаж төгсөв гэх зэргээс эхлээд энэ оронтой хэрхэн холбогддог тухай түүхээсээ хуваалцаж ярилцлагаа эхэлвэл ямар вэ?   
 А. Булган: Миний хувьд аав маань дипломат албанд ажилладаг байсан тул Унгар улсад төрсөнөөс эхлэн Монгол Унгар хоёр орны дунд амьдарч, өсч хүмүүжиж, боловсрол эзэмшсэн түүхтэй. Нийтдээ 14 жил Унгарт амьдарснаас сүүлийн 7 жил нь Засгийн газрын тэтгэлгээр Унгарын Өтвөш Лорандын Их Сургуульд Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, үргэлжлүүлэн Байгууллагын сэтгэл зүйн чиглэлээр Магистр зэрэг горилсон. Унгар бол миний хувьд хоёр дахь эх орон гэж ойлгож болно. Төгсөөд Монголдоо ирснээс хойш 8 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүний нөөц, байгууллагийн хөгжлийн чиглэлээр дагнан ажиллаж ирсэн.

Цахим өртөө: Таныг саяхан Будапешт яваад ирсэн гэж сонссон. Ямар ажлаар, хэр удаан, ямар сонинтой, сэтгэгдэлтэй явав. Таны оюутан байсан үеэс Унгар улс өөрчлөгдөж үү? 
 А. Булган: Би өнгөрсөн жил амралтаараа Унгарт очиж найз нөхөдтэйгээ уулзангаа, ажил хэргийн холбоос үүсгэсэн ба өнөөг хүртэл тодорхой төсөл дээр хамтран ажиллаж байна. Хэдэн жилийн дараа Унгарт очиход олон зүйлийг өөр нүдээр хардаг юм байна. Тухайлбал, Будапешт хотын үзэсгэлэн гоог тэнд амьдарч байхдаа анзаардаггүй, жуулчид их ирдэгийг мэддэг ч чухам юугаараа тэгж их татдагыг анхаардаггүй байж. Харин дахиж очиход, Бупапешт хотын дундуур урсдаг Дунай мөрөн, хоёр талыг холбосон гайхамшигт уран хийц бүхий гүүрүүд, барилга байгууламжийн чимхлүүр гоёмсог дизайны шийдлүүд, дундад зууны үеийн түүхийг хадгалж үлдсэн, нарийхан чулуун гудамжууд, унгар хүмүүсийн энгийн бөгөөд нээлттэй цайлган зан гайхалтай сайхан санагдаж, хүндлэл төрүүлж байсан.

Дунай мөрний уулархаг бүс нутаг бүхий нэг талыг Буда, тал нутаг болох нөгөө талыг Пешт гэж нэрлэдэг. Өмнө нь 3 тусдаа хот байсан ч Австри-Унгарын Хаант засаглалын үед нэгдэж улсын нийслэл болгосон гэдэг. Би Буда талд амьдарч байсан ч сургууль Пештэд байсан болохоор өдөр бүр автобус эсвэл траймвайгаар гүүр давдаг байсан. Сүүлд очихдоо харин хэд хэдэн удаа гүүрэн дээр алхаж энэ бүгдийг сайн нүдэлж билээ. Маш үзэсгэлэнтэй хот шүү.

 Цахим өртөө: Унгаруудыг монгол угсаатай, хөх тамгатай төрдөг г.м. яриа байдаг энэ үнэн үү?
А. Булган: Унгарчууд нь Хүннү гарал үүсэлтэй нүүдэлчин ард түмэн байсан ба Төв азиас нүүдэллэн явсаар 9-р зуунд одоогийн Карпатын тал нутгийг эзлэн авч суурьшсан гэдэг. Нүүдэлчин ард түмэн учраас эрэмгий зоригтой, дайн байлдаанд гаргуун байсан юм шиг байгаа юм. Ямартай ч хөрш зэргэлдээх улс үндэстэнүүдтэй байнга дайтан тулалдаж түүхэндээ олон дайныг үзсэн байдаг. Харин энэ хугацаанд Зүүн европт амьдарч байсан олон ард түмэн, тухайлбал слав, болгар, турк, герман, украйнууд унгаруудтай нэгдэн холилдсон учраас унгарууд Европтоо их царайлаг, ген сайтай, IQ өндөртэйд ордог. Тиймдээ ч юм уу хүн амтайгаа харьцуулахад Унгар улсаас харьцангуй олон Нобелийн шагналтан төрсөн. Жишээ нь С витаминыг нээж, компьютер бий болох суурийг тавьсан хүмүүс унгар байх жишээтэй. Бидний хэрэглээнд хурдацтай нэвтэрч буй “prezi” технологи нь мөн унгар мэргэжилтнүүдийн нээлт юм.
Хөх тамгатай төрдөг гэж ярьдаг ч энэ нь ховор тохиолддог болов уу. Яг нүдээрээ харсан хүнтэй тааралдаж байгаагүй л юмдаг.

Цахим өртөө: Унгар улс бол Европын социалист гэгдэж байсан орнуудын нэг. Гэвч Социалист систем задарч Унгар улс социалист байхаа больсоныг хүмүүс мэднэ. Гэхдээ суралцаж амьдралынхаа тодорхой үеийг энэ оронд өнгөрөөсөн хүний хувьд тэр оронд өрнөж байгаа үйл явдалын талаар чих тавьж байдаг байх л даа. Үүнийг бодолцоод асуухад Унгар улс Социалист байхаа больсноос хойш өнөөг хүртэл чухам ямар замыг туулж одоо ямар орон болоод байгаагийн онцлогуудыг товойлгонгоо базаж хэлье гэвэл юу хэлж болох бол? 
 А. Булган: Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дорвитой өөрчлөлт эдийн засагт нь гараагүй гэдэг, харин баян ядуугийн ялгаа нэлээд нэмэгдсэн байх. Унгар улс 2004 онд Европын холбоонд элссэн, түүнээс хойш гадагшаа чиглэсэн урсгал ихэсч, боловсролтой мэдлэгтэй залуус нь аль болох өндөр цалинтай газар очиж ажиллах сонирхолтой болсон. Маш олон хүмүүс, таньдаг хүмүүсээс ч мөн Канадруу цагаачилсан. Мөн Европын Холбоонд элссэнээс хойш олон улсын томоохон компаниуд түрэн орж, унгарын дотоодын үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг дампууруулсан нь томоохон цохилт болж эдийн засаг нь унахад нөлөөлсөн гэдэг. Гэхдээ янз бүрээр тайлбарладаг л даа.
Намайг өнгөрсөн жил очиход үнэхээр энд тэнд бүтээн байгуулалт зогссон байдалтай, хаа сайгүй зарна, түрээслэнэ гэсэн хоосон оффисийн байрууд, бас ард түмэн нь их бухимдалтай байх шиг ажиглагдсан. Харин юмны үнэ бусад барууны орнуудтай харьцуулахад хямд байдаг нь жуулчдыг ихээр татдаг байх. Тэнд амьдарч байсан олон ч монголчууд 2004 оноос хойш баруун зүгрүү нүүцгээсэн. Энэ жилээс байдал дээрдэх байх аа. Европын Холбооноос томоохон дэмжлэг авч байгаа гэж дуулсан.

 Цахим өртөө: Төрийн тогтолцооны хувьд манайхаас ялгаатай юм бий юү? 
 А. Булган: Сайн мэдэхгүй байна. Тун ойролцоо байх. 2 том өрсөлдөгч намтай, парламентад суудлаа хуваадаг, Засгийн газар нь яамдуудаа толгойлдог, парламент нь хуулиа баталдаг, 4 жил тутам сонгууль явагддаг г.м.

Цахим өртөө: Унгарын Оюутнуудтай хамт сурч байхад тэдний, бодвол утсан, хиам хэдэн сар хадгалсан ч амт чанараа алддаггүй, мууддаггүй байсныг санаж байна. Ер нь эднийх бренд гэмээр ямар сонин содон үйлдвэрлэл, үйлчилгээний, ер нь үйл ажиллагааны салбартай орон бэ? 
А. Булган: Унгарын алдарт салямиг хэлж байх шиг байна. Дэлхийд нэрд гарсан брэнд нь Pick salami гэж байдаг. Монголд хаяа нэг дэлгүүрт харагддаг л юм. Мөн унгар амтаас гэвэл улаан чинжүүг хэлж болно. Манайхны “унгар гуляш” гэж нэрлэдэг хоол нь унгартаа бол “гуяаш шөл” гэдэг улаан чинжүүгээр амталсан, гэхдээ халуун биш боловч хурц, мах ногоогоор баялаг, чухам амттай тийм шөл байдаг. Ёстой л нэг ядаргаа тайлдаг шөл дөө..

Өөр идэж уух юмнаас гэвэл унгарын Tokaj гэж вино байна. Tokaj гэдэг нь унгарын зүүн хойд талд орших уулархаг газар нутгийн нэр бөгөөд тэндхийн газар зүй, хөрсний бүтэц нь их онцлогтой, амттай усан үзэм ургах, виног хадгалах таатай орчныг бүрдүүлсэн байдаг. Энэ нутгийн оршин суугчдийн ихэнх нь хувиараа виноны аж ахуй эрхэлж, өөрийн нэрээр Tokaj төрлийн дарс нийлүүлдэг. Tokaj нь дотроо бас их олон янзаа.

Ер нь хөдөө орон нутагт нь жимс, ногоо тарьж, хувиараа аж ахуй эрхэлдэг айлууд зөндөө байдаг. Жижгэвтэр тосгонд айл бүр л хэдэн тахиа, гахай, галуу, нугас, эдлэн газартай. Тэндээ өөрсдөө хиамаа боловсруулж, ногоо жимсээ хурааж, амьжиргаагаа залгуулахаас гадна илүү гарсныг зарж борлуулна. Би лав нэг удаа галуунд нь хазуулж хамаагүй ойртохоос хаширч байсан.
Өөр бусад салбарын алдартай брэндээс гэвэл Herend хотын шаазан эдлэлийн үйлдвэрлэл байна. Тэнд гар аргаар маш нарийн чимхлүүр хийцтэй ваар, шаазанг захиалгаар хийдэг. Дэлхийн олон улс орнуудаас өндөр зэрэглэлийн аяга шаазангаа энд захиалж хийлгэдэг гэсэн.
Унгарууд мөн усан спортоор дэлхийд дээгүүр ордог.

Цахим өртөө: Үндэстний хувьд бусдаас ялгардаг зан авирын сонин содон онцлог чанарууд байдаг л байх даа. 
А. Булган: Унгарууд өөрсдийгөө гутранги улс гэж хэлдэг. Үүнийг өөрсдөдөө хэт шүүмжлэлтэй ханддаг гэж ойлгох хэрэгтэй л дээ. Энэ нь миний бодлоор тийм ч муу зан биш. Өөртөө болон бусдад тавих шаардлага өндөр байснаар одоогийн нөхцөлөө байнга сайжруулах, хөгжих боломжтой. Магадгүй илэн далангүй байдагтай нь ч холбоотой байх. Манайхны “нэрэлхүү” зангийн эсрэг юм уу даа.
Мэдээж найрсаг, зочломтгой ард түмэн. Үндэсний олон хоол нь монголтой төстэй, мах, төмс, гурил их ордог.
Гол нь нийтлэг зан гэвэл маш нээлттэй, бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлдэг, хүнийг ялгаварлаж харьцдаггүй хүмүүс дээ. Монголчуудад бас их сайн.
Өөр нэг ялгаатай соёл бол танихгүй хүмүүс лифтэд таарахдаа хоорондоо заавал мэндэлдэг. Буухдаа ч заавал баяртай гэнэ. Гудамжинд, оффист, сургууль дээр, хаа ч бай нэг хүнтэйгээ өдөрт олон тааралдах бол төдий олон удаа хоорондоо мэндэлдэг. Ер нь мэндлэх нь их том соёлын нэг хэсэг. Мэндчилгээний үгс ч янз янзаараа байдаг. Жишээ нь өөрөөсөө эгчмэд эмэгтэй хүнтэй “Гарыг тань үнсье” гэсэн утгатай үгээр мэндчилдэг бол ахмад эрэгтэй хүнтэй “Таныг хүндэлье” гэсэн утгатай үгээр мэнд мэддэг. “Сайн уу” гэдэг үгийг мөн ч олон янзаар хэлдэг дээ...

Цахим өртөө: Мажар хэл сурах хэцүү байсан уу?
А. Булган: Би багадаа сурсан болохоор одоо хэцүү байсан эсэхийг санахгүй байна. Гэхдээ Унгар хэл нь европын бусад хэлний аймгуудад хамаардаггүй, маш эртнээс, зарим латин гаралтай хэлнээс ч өмнө үүсч хэрэглэгдэж байсан гэж үздэг. Ийм учраас үгсийн сангаар их баялаг, үйл үгний олон дүрэмтэй, их л цээжилж сурдаг хэл дээ. Итали хэлтэй хүн Испаниар сурахад амархан, Чех хэлтэй хүн Польш, Хорват хэл сурахад амархан байдаг бол Унгар хэл тэс ондоо, ямар ч хэлтэй хүн сурсан цоо шинэ л байдаг. Харин монголтой язгуур нэгтэй үгс олон байдаг нь хүннү гаралтай нь холбоотой байх.

Цахим өртөө: Жишээлбэл ямар үгс байх уу?
А.Булган: Жишээ нь ихэр гэдэг үгийг унгарааг `икээр` гэдэг. Шар гэдэг үгийг `шаарго` гэж дууддаг. 

Цахим өртөө: Таны бодлоор манайхаас Унгараас суралцмаар юу бна, нутагшуулмаар ямар технологи бна, хамтарч ажилламаар ямар салбар бна вэ?
А. Булган: Мэдээж сурах зүйл зөндөө. Унгарууд монголчуудтай адил боловсролыг их дээдэлдэг. Хүн бүр моод хөөж биш үнэхээр сонирхсон хүссэн мэргэжлээрээ сурахыг эрмэлздэг. Жишээ нь манай сургуулийн сэтгэл зүйн тэнхимд элсэхийн тулд 2-3 жил дараалан бэлдэж шалгалт өгч байж тэнцсэн оюутнууд нэлээн байдаг. Сэхээтнүүд нь мөнгийг чухалчилдаггүй, харин дуртай сонирхолтой мэргэжлээрээ л гүнзгийрэн суралцах, ажиллахыг илүүд үздэг.
Тиймээс ч унгарт нарийн мэргэжлийн боловсон хүчин сайн бэлтгэгдсэн байдаг. Би өмнө нь хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа гэж байсан. Энэ нь болохоор унгарын архитекторын багтай хамтран монголд зарлагдаж буй зураг төслийн уралдаан, тендерүүдэд орж багагүй амжилт олоод байгаа. Цаашид олон салбараас, ялангуяа инженерчлэл, эм зүй, биотехнологи, барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг монголд оруулж ирэх, тэднээс суралцах, хамтран ажиллах хэрэгцээ, боломж монголд их байна. Унгар мэргэжилтнүүд барууны, ялангуяа герман, франц, канадуудаас харьцангуй бага зардлаар ирэх боломжтой боловч мэдлэг туршлагын хувьд дутахааргүй байдгыг хэлмээр байна.
Мөн Унгарт Монгол судлалын 150 жилийн түүхтэй тэнхим байдаг. Тэндээс олон сайн эрдэмтэн доктор төрөн гарсан ба дэлхийд алдартай монгол судлаачид нэлээдгүй байдаг. Тэнхимээс жил бүр сургуулийнхаа тэтгэлгээр унгар оюутнууд монголд ирж дадлага хийдэг бол монгол багш нар ч очиж багшилдаг уламжлалтай. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол судлалын тэнхим дээр очиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлэлцээр хийж байгаа гэж сонссон. Унгарууд монголчуудад үнэхээр элэгтэй ард түмэн.

Цахим өртөө: Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажил, үйлсэд амжилт хүсье. 
А. Булган: Баярлалаа. Будапештийг заавал очиж үзэх хотуудын жагсаалтдаа оруулаарай. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Цахим өртөө холбоог төлөөлж Б. Жамц, И. Цэрэнхүү, Н. Номун-Эрдэнэ, Б. Найдалаа, Д. Цэрэнбат нарярилцлагыг хөтөлж, Унгар дахь монголчуудын холбооноос онлайнаар хөгжөөн дэмжив.
2014 оны 10-р сарын 17-ны өдөр



"Түшиг" группийн Ерөнхийлөгч Г.Сүхээ: Би улсаас амбаар ч аваагүй

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай БНМАУ ардчиллын замыг сонгож, зах зээлийн нийгэмд шилжих түүхэн үйл явц манай улсад 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр өрнөсөн.

Нийгэм, цаг үеийн энэ өөрчлөлтийг дагаж Монгол Улсад хувийн хэвшлийн байгууллагууд үүд хаалгаа нээж эхлэв. Хувийн хэвшлийнхний анхдагчдын нэг болж, компаниа байгуулан бизнесийн гараагаа “тэг”-ээс эхэлсэн “Түшиг” группийн ерөнхийлөгч Гаваагийн Сүхээг “GoGo cafe” буландаа урилаа.


Хоёр нийгмийн алинд ч зохицон худалдаа, үйлчилгээний салбарт манлайлан ажиллаж буй Г.Сүхээ захирлын амьдрал, тэмцлийн түүх, шударга агаад шантаршгүй дайчин чанар нь уншигч Таныг эрч хүчээр цэнэглэнэ хэмээн найдмуй.

-Таны бизнесийн замнал Ардчиллын түүхтэй нас чацуу. Ардчилал хөгжөөд 25 жил болж байна. Бизнесийн орчин Монголд өргөжин тэлснийг бид харж байна. Харин нас чацуу ардчиллыг хэрхэн дүгнэдэг вэ? 
-Хүн чөлөөтэй сэтгэж, өөрийнхөө хүч чадлыг бүрэн гаргах бололцоог ардчилал өгсөн. Энэ бол маш том давуу тал. Гэхдээ ардчиллын замыг сонгоод 25 жил шахам болоход Монголын ард түмний ажил амьдрал дээшлэх, өсөж өндийж байгаа үр хүүхдэдээ анхаарал тавих тал дээр их дутмаг ажилласан санагддаг. Жишээлбэл, цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй хүүхэд маш олон байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой.

Монгол Улсын ирээдүй болсон 80 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй байна гэж сонсоод харамссан. 1996-2000 онд нэлээд хэдэн цэцэрлэг хувьчлагдаж, цэцэрлэг төрхөө алдсан. Энэ бол байж болохгүй асуудал. Би боддог юм. Нөөц нь батлагдсан уул уурхайн ордуудтай компаниудад төчнөөн сургууль, цэцэрлэг барих нөхцөлтэйгээр лицензийг нь олгож болдоггүй юм болов уу. Тэр ажлыг хийж байгаа хүмүүст зовлон байдаг л байх. Гэхдээ байгалийн баялаг гэдэг ард түмний өмч учир хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхэд ажил үйлс нь ч өөдрөг явах ч юм бил үү.

“Улаанбаатар” их дэлгүүрт 400 гаруй хүн ажилладаг. Тэдний 95 хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд. Би ч гэсэн ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхийг байгуулъя гэж бодож байгаа. Хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах нь чухал. Нэг ангид 50-60 хүүхэд байхад яаж ном сурах вэ. Сурах орчин нөхцөл сайн байх ёстой. Хүүхдэдээ хүрч ажиллах ёстой. Ардчиллын замаар явахдаа хуучин цагт байсан олон сайн ажлыг алдагдуулсанд би маш их харамсдаг. Энэ нийгмийг байгуулалцсан ахмад үеийнхэн хаягдсанд сэтгэл өвддөг. Ахмадуудад анхаарал тавих хэрэгтэй байна.

ИХ ӨРИЙГ ТЭГЛЭСНЭЭС ХОЙШ УЛСЫН ӨР НЭМЭГДСЭН Ч БҮТЭЭСЭН АЖИЛ ОГТ ХАРАГДАХГҮЙ БАЙНА

-Бизнесийг улс төрөөс ангид явуулах аргагүй болсон юм уу? 
-Яалаа гэж дээ. Улс төр, бизнес хоёр тусдаа байх ёстой. Аль ч намд нь үлгэр дууриал, чадвар, боловсрол, ёсзүйтэй сайн улстөрчид байна. Мөн нам нам хэсээд явдаг, өөрийн ашиг хонжоог нэгдүгээрт тавьдаг, тухайн үеийн хэн эрх мэдэлтэй байна, түүнд саймширч үйл ажиллагааг нь эвддэг ёс бус улсууд ч байна гэж боддог. Ийм улсууд улс төрийн бодлогыг их завхруулна. Миний бодлоор намаар талцахаа зогсоож, бүх намуудын сайн улстөрчдийг нь шигшээд улс орноо хөгжүүлэх баг үүсгэж болдоггүй юм болов уу. 
1975-1990 оны хооронд 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын бүх байр, 11, 10, 13 дугаар хорооллууд бүрэн баригдсан. Дээр нь Эрдэнэт хот, Говь комбинат, Гутлын үйлдвэрийн өргөтгөл, савхин эдлэлийн үйлдвэрийн өргөтгөл зэрэг маш олон үйлдвэр байгуулагдсан. Эх, нялхсын эмнэлэг, халдварт, хавдар, гэмтлийн эмнэлэг гэх мэт маш олон эмнэлэг ашиглалтад орсон. Мэргэжилтэй боловсон хүчнийг маш олноор бэлдэж байсан. Ийм их бүтээн байгуулалтыг 15-хан жилийн хугацаанд хийсэн.  Үнэхээр мартагдашгүй 15  жил байжээ.

Хуучин гурван төрөх эмнэлэг байсан, одоо ч хэвээрээ. Дөрөвдүгээр төрөх барьж байгаа гэнэ лээ. Тэр нь 3-4 жил болж байхад баригдаж дуусаагүй л байна. Цөөхөн монголчууд хүн амаа өсгөх хэрэгтэй. Ардчиллын замыг сонгосон 25 жилийн хугацаанд юу ч хийсэнгүй, улс төрийн хэрүүл л хийлээ. Эд нар хөдөлмөрлөж л байгаа байх, ахиц ер гарсангүй. Харин хувийн компаниуд бүтээн байгуулалт хийж байна.

Социализмын үед төр баригчдын хийсэн ажил их ч улсын өр шир өнөөгийнхөөс хамаагүй бага байлаа. Их өрийг тэглээд авснаас хойш өр нэмэгдээд, хийсэн  юм огт харагдахгүй байгаа нь хэцүү байна. Хотын удирдлагууд бол арай өөр, зам талбайгаа тавихаас эхлээд санаснаас илүү ажил хийж байна аа.

Төр хүн рүүгээ хандсан юм хийхгүй байна. Өвдөж зовохоороо байдгаа хамаад гадаад руу яваад, зарим нь эмчлүүлж чадахгүй ирж байна шүү дээ. Гэтэл улс зориуд мөнгө гаргаж маш том, орчин үеийн лаборатори байгуулж болно. Нийгмийн даатгалаа төлсөн бол эмнэлэгтээ үнэгүй үзүүлдэг, эрүүл мэнд нь баталгаатай хүн хөдөлмөрлөдөг баймаар байна л даа.
Харж байхад жилээс жилд улсын төсөв өсөж байна. Мөнгө байна, түүнийгээ хүнийхээ төлөө л зарцуулаасай. Гуравхан сая хүнийг аваад явна гэдэг бодоход их гайгүй санагддаг юм даа.

Сонгуулиар нам намаараа тал болдог л юм байгаа биз. Сонгууль дуусахад намууд нэгдээд л ажлаа хийх хэрэгтэй ш дээ. Германд сонгуулийн дараа ялсан нам нь өөр намыг сонгож аваад тэндээсээ чадвартай боловсон хүчнийг ажиллуулдаг. Улс төр маань ингэж эрүүлжээсэй. Улстөрчид дундаас ашиг хонжоо хайгч нарыг цэвэрлээсэй.

-Бизнесийнхэн улстөрчдийг буруу зам руу уруу татсан гэж боддог?
-Ийм зүйл байгаа. Энэ бол маш буруу. Юмыг аргалах гэдэг, ажлаа болохоос нь болохгүй хүртэл явахын оронд улстөрчдийн эрх мэдлийг ашиглах гэдэг. Тэгж ч харагддаг. Одоо улс эх орныхоо төлөө бүхий л амьдралаа зориулдаг улстөрчид гарч ирээсэй.

Путиныг хараад үнэхээр бахархах юм. Оросын ард түмний зан заншлыг хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө Оросын ард түмний төлөө үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байна. Монголчууд оюуны чадавхитай, юм сурахдаа амархан, авьяастай, толгой сийрэг ард түмэн шүү дээ. Эднийгээ нэгтгээд ажиллавал дийлдэшгүй хүч. Манайхан тархай бутархай, амь амиа бодож, мөр мөрөө хараад л явцгааж байна. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулсан нь маш зөв болсон.

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхэд хамгийн муугаар цоллуулж, татан буулгах жагсаалтад оруулж байсан яам шүү дээ? 
-Бидэнд хийх ажил их байна. Хөдөлмөрийн яамны дэргэд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиудыг бий болгомоор байна. Сайн мужаан, өрлөгчин, оёдолчин, засварчин, тогооч гаргамаар байна. Жил бүр олон зуун хүүхэд сургууль төгсөж байгаа. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд чиглүүлдэг яам байж, ямар ямар салбарт ажлын байр байна вэ. Судалгаагаа гаргаад, сургадаг дадлагажуулдаг баймаар байна.

“Чингис бондоос 1.5 тэрбум долларын зээл авлаа. Түүний нэг тэрбум доллараар нь нефтийн үйлдвэр барьж болоогүй юм байх даа. Бид чинь цахилгаан, нефтиэр бусдын хараат. Нэг засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа нэг хараат байдлаасаа салаад байвал талархмаар байна. Харж байхад улстөрчид их зовж, ажил амьдралтай хутгалдаж байх шиг байна. Одоо 25 жил өнгөрлөө, хангалттай. Дандаа суралцаад явдаг гэж хаа байдаг юм.

-Та хэвлэл мэдээллийн салбарт их шүүмжлэлтэй ханддаг юм байна. Яагаад тэр вэ? 
-Хэвлэл мэдээллийн байгууллагад зэрэглэл тогтоож, чанаржуулж өгөөч ээ гэж би Ерөнхийлөгчдөө захидал бичнэ гэж бодож байгаа. Ерөнхийлөгч сэтгүүлч мэргэжилтэй биз дээ. Хэвлэл мэдээлэл бол нийгмийн сэтгэлзүйг удирддаг маш чухал, хүчтэй салбар. Гэтэл энэ хүчирхэг зэвсгийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, нийгмийн сэтгэл зүйг буруу тийш залж байгаа нь маш хор хөнөөлтэй. Гурван сая хүрэхгүй хүн амтай улсад 5000 вэб сайт ямар хэрэгтэй юм бэ.

Архи үнэртүүлсэн сэтгүүлч орж ирээд л “Таныг тэгж муугаар бичнэ шүү, бичүүлэхгүй гэвэл мөнгө төл” гэж байна. Намайг мянга муулсан ч би мөнгө өгөхгүй. Би хүний шантаажид орохыг хүсэхгүй, орохоор юм хийгээч үгүй. Манай компани жилд 2.8 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Бид улсаас юу ч аваагүй, улсдаа л өгдөг. Ашгийн татвар, ХАОАТ, нийгмийн даатгал өгөх ёстой юу л байна, бүгдийг л өгч байгаа.

Олон зуун хүнийг ажлын байраар хангасныхаа төлөө би айх ёстой юу. Хэвлэл мэдээллийнхэн ямар нэг байдлаар гүтгэж гүжирдвэл би зад шүүхдэнэ гэж бодож байгаа. Энэ зэвсгийг буруугаар ашиглаж байгаатай тэмцэхгүй бол хэвлэл мэдээллийн салбар эрүүлжихгүй. Их дэлгүүрийг  хувьчлах үеэр сэтгүүлчид шавдаг л байсан, гэхдээ өнөөдрийнх шиг ийм ёс зүйгүй байгаагүй.

БИ ХҮҮГЭЭ УЛС ТӨРД БИТГИЙ ОРООРОЙ ГЭЖ ЗАХИДАГ

-Монголчууд өөрөө хийдэг юм багатай хэрэглэгч улс. Та импортын зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа хүн. Экспорт, импортыг юуны өмнө ижил түвшинд хүргэхийн тулд бид юу хийх хэрэгтэй байна вэ? 
-Малаа эрүүлжүүлж, өсгөж махаа экспортлох боломж байна. Хонь, ямаагаа бүрэн саалинд хамруулахгүй байна. Олон малтай айл бол үнээгээ ч бүрэн саахаа больсон гэж дуулсан. Энэ бол асар их баялаг хаягдаж л байгаа байхгүй юү. Гаднаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж байна. Үүнийг болиулж болно. Бүх малаа сүү, саальд бүрэн хамруулж, сүү, цагаан идээгээ боловсруулах өндөр технологийг нэвтрүүлмээр байна.
Италиас ирсэн хүн ямааны сүүгээр бяслаг хийгээд зарж байна шүү дээ. Гадаадын хүн орж ирээд хийгээд, түүнийг нь Монголд амьдардаг гадаадынхан, монголчууд ч их авч байна. Үүнээс гадна гадаадынхан Монголд орж ирээд худалдаа хийгээд эхэллээ. Солонгосын и-март гурвыг барих гэж байна.
Гаднын маш олон гуанз, ресторан нээгдсэн. Улаанбаатарт Солонгосын хоолны газар 100 гаруй байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Түүнээс би очоод “Чи боль” гэж хэлэх эрх байхгүй. И-март гэдэг нь Самсунг-ийн сүлжээ, хямд үнийн барааны дэлгүүр л дээ. Манайд бол хямд үнэтэй байж чадахгүй ээ, доллар ийм үнэтэй байхад.

Тэр хэмжээгээр манай импортлогчдын бараа эргэлт хумигдана гэсэн үг. Байсгээд д Солонгосын үйлдвэрлэгчдийн холбооноос ирээд “Танайд ямар бараа борлуулалт сайтай байна” гэх мэтээр судалгаа явуулдаг боллоо. Италиас 12 хүн ирж надтай уулзсан. “Танай дэлгүүрийн 2-3 давхрыг авъя. Үйлдвэрлэгч бид нар ирж бараагаа худалдаалъя” гэж байна.

Манай түрээслэгчид, үүгээр амьдарч байгаа хүмүүсээ яах вэ. Одоо Хятадын маш том худалдааны төв баригдана, тэнд нь Хятадын үйлдвэрлэгчид орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Гэх мэтчилэнгээр гаднынхан Монголд түрээд ороод ирлээ.  Ингээд байвал Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, худалдааныхан ч байхгүй болно. Гадныханд мөнгөө өгдөг, гаднынханд зарагддаг улс орон болох нь ээ. Миний ганц санаа зовж явдаг зүйл энэ.

-Улс орны эдийн засгийн байдал таагүй болсон тухай бид байнга л ярьдаг боллоо.  Энэ байдал бизнес эрхэлж буй Танд нөлөөлж байна уу? 
-Нөлөөлөлгүй яах вэ. Доллар 40-50 хувь өсөж байна. Долларын зээлтэй мань мэт нь маш хүнд байдалд орж байгаа юм. Дандаа нисэж яваа онгоц шиг хөөрөөд байдаг бизнес ч гэж хаа байхав. Дээшээ, доошоо явах үе гаралгүй гарна.

Бид нар тэр эрсдэлийг тооцоод л, аль болох зохицуулаад ажлаа явуулахыг хичээдэг. Долларын ханш ингэж өснө гэдэг бараагаа импортоор оруулдаг манай улсын хувьд ямар байх билээ. Уул уурхай, барилгын ажил зогсчихсон цалин, орлого багассан ийм үед өндөр үнэтэй валютаар бараагаа оруулаад ирсэн хүний барааг хэн авах вэ. Бараагаа больё, манайх дэлхийд хамгийн өндөр үнэтэй хүнстэй орон боллоо.

-Мөнгө гэдэг Таны хувьд ямар ойлголт вэ? 
-Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй л дээ. Ганцхан мөнгөөр баян биш сэтгэл санаа тайван, найз нөхдөөр баян байж сайхан амьдарна. Мөнгийг зөв олох хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөж байгаа цагт мөнгө олдоно. Хүн өөрөө мөнгөнөөсөө илүү үнэтэй атал мөнгөний боол болж болохгүй.

Ёс бусаар мөнгө олдог хүмүүс их харагдаж байна. Ийм байдал нийгэмд өөрийн эрхгүй мэдрэгдээд байгаа. Ёс бусаар мөнгө олсон хүмүүс яасан айдаггүй юм. Би бол сэжиглэнэ. Буруу замаар мөнгө олбол миний нойр хүрэхгүй, галзуурч мэднэ. Сүүлд нь үр хүүхдэд минь гай болно. Үр хүүхэд цаашид яаж амьдрах вэ гэдэг нь эцэг, эхийн үйлээс хамааралтай гэж боддог. Би шүтлэгтэй хүн.

-Та нөхөртэйгээ хоёулаа ажиллаж байна уу?
-Тийм ээ. Манай нөхөр компанийнхаа дэд захирлаар ажилладаг Д.Ганзориг гэж маш оюунлаг хүн бий. Бид хоёр арван жилийн нэг сургуулийнх. Манай дээд ангийн хүүхэд, бид хоёр 1967 оноос үерхээд гэр бүл болсон. Ирэх 2017 онд хамтын амьдралаа эхэлснээс хойш 50 жил болох юм билээ. Манай нөхөр Батлан хамгаалах яамны тусгай хэлтэст ажиллаж байсан.

Хоёулаа хүүдээ туслаад, аж ахуйн ажлыг нь нугалаад явж байна. Манай хүү орой гэрлэсэн, хүүхдүүд нь бага байна. Бэр маань хүүхдүүдээ асарна, гэхдээ бас ажиллана аа. Би хүүдээ эрт гэрлэж, олон хүүхэдтэй болоорой. Чи ганцаараа хүн шүү гэж захидаг байсан. Өвгөн бид хоёр хар багаасаа л ханилсан. Манай нөхөр арван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Хоёулаа өнөр өтгөн гэр бүлээс гаралтай.  

-Улстөрчдийг харахад бизнесийн салбарт ажиллаж байсан хүн олон байдаг. Та хүүгээ улстөрд оръё гэвэл дэмжих үү? 
-Би хүүгээ улстөрд битгий ороорой гэж хэлдэг. Одоо улстөрийн байдал ороо бусгаа, эрүүл биш санагддаг. Миний хүү Америкт Жорж Вашингтоны их сургуулийн банк санхүүгийн ангийг төгссөн. Төгсөж ирээд Монголбанкинд ажиллаж байсан. Дараа нь хар бор ажил үз гээд компанидаа ажиллуулсан.  Тухайн үед Монголбанкныхан дургүй л гаргаж байсан даа. Миний хүү бол сайн хүү. Зүтгээд явбал мөнгө гэдгийг олж болно. Зөв яваарай, бизнесийн амжилт, бүх зүйл өөрөөс чинь хамаарна гэж хүүхдүүддээ хэлдэг.

-Та насаараа л идэвхтэй ажиллажээ. Одоо хүүдээ ажлаа даатгаад амаръя гэж бодохгүй байна уу? 
-Хүүхдүүд “Та хагас, бүтэн сайн өдөр заавал амарч бай” гэдэг. Заримдаа ч хагас сайнд амарч чадахгүй ээ. Гэхдээ “Бага ажилла, ажлын өдөр 15-16.00 цаг гээд харьчихаж бай” гэдэг. Би хэзээ ч тэгж чадахгүй. Ер нь хүн ажиллаж л байх ёстой юм билээ.

Тэтгэвэрт гараад гэртээ суучихвал хүн амархан доройтох юм байна гэж боддог. Хүний тархи ажиллаж байх ёстой. Би 75 нас хүртлээ ажиллачих юмсан гэж бодоод байгаа. Цаашилбал 80 хүртлээ ажилласан ч яадаг юм, зөнөчихгүй л бол./инээв/ Бурхан ямар нас хайрлахыг мэдэхгүй.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРЭЭС ГАРАХДАА ӨӨРӨӨ ИХ ДЭЛГҮҮР БАРИНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН

-Ингэхэд Та ямар мэргэжилтэй вэ? 
-Би Их сургуулийг худалдааны мэргэжлээр төгссөн. Худалдааны салбарт касс, худалдагчаас нь эхлээд л ажилласан. Ажлын туршлага ихтэй удирдлага, дарга нараасаа их зүйлийг сурч авсан. Хотын томоохон худалдааны төвүүдэд ажиллаж байлаа. Улсын их дэлгүүрийн орлогч дарга, даргаар 10 жил ажилласан. Би боддог юм, хүн эрхэлж байгаа ажилдаа сэтгэлээ шингээж, хажууд нь туршлагатай ахмад үеэсээ суралцаад явахад ажил амьдрал баяждаг, туршлага суудаг. Тэр нь цаашдын ажил амьдралд маш их нөлөөтэй.

-Улсын их дэлгүүрийг хувьчилж авахад Танд хэн нэгэн хүн тусалсан уу. Авсан хэр нь яагаад ажиллуулаагүй юм бэ? 
-Үгүй ээ, би өөртөө найдсан. Намайг Улсын их дэлгүүрт ажиллаж байхад хувьчлах тендер зарлагдсан. Тендерт оролцож шалгараад, Их дэлгүүрийг хувьчилж авсан юм. Би дарга нь байсны хувьд тэр обьектыг сайн мэддэг. Бараа, худалдаа зохион байгуулалтын мэргэжилтэй учир энэ дэлгүүрийг бүрэн шинэчилж, өөрчлөх төсөл боловсруулсан. Миний төслийг хамгийн сайн болсон гэж шалгаруулсан. Харин 1996 онд энэ хувьчлалыг улстөржүүлээд, бөөн бужигнаан болж улс буцааж авсан л даа. Тэр үед би маш их хэмжээний алдагдал хүлээж хүнд байдалд орсон.

-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялсан жил биз дээ? 
-Тийм ээ. Тэр үед МАХН-аас “Манай нам унах гээд байна, наад дэлгүүрээ буцааж өг. Наадхаа зогсоо” гэж шахаад, улс буцаагаад авсан. Би асар их хохирол амссан. Их дэлгүүрийг хувьчилж авсны дараа би БНСУ-ын “Korea exchange” банкны баталгаа гаргуулж 2.4 сая долларын зээл авч, их хэмжээний бараа татсан байсан. Өрөө төлмөөр байдаг, асар их алдагдал хүлээсэн байсан. Гэхдээ би зээлээ үе шаттайгаар нэг ч төгрөгийн алдагдалгүй, яг хугацаанд төлж барагдуулсан даа.

-Тийм их барааг яаж борлуулсан хэрэг вэ.  Их дэлгүүрт өөрийн лангуутай байв уу? 
-Яаж лангуу байх вэ, бүгдийг улс хураагаад авчихсан. Би чинь хөөгдөөд гарсан хүн шүү дээ. Бараагаа хуучин Дэнжийн мянгын зах дээр зарсан. Өглөө 4-5 цагаас эхлэн машинуудаа зогсоодог. Орой тэр хавийн айлын хашаанд хөлс төлж машинаа тавина. Тэгээд орой гэртээ ирээд шөнөжин тооцоо хийнэ.

Шөнийн 01.00 цагт унтаад, үүрээр 04.00 цагт гараад л явна. Байдаг чадлаараа зүтгэж ажилласан, хүн зовлон даадаг юм билээ. Тэр үед би ядарч байгаагаа ч мэдээгүй. Хүү маань Америкт сургуульд сурч байлаа. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч зах дээр зогссон. Миний нүүр царай тас хар болчихсон. Намайг зарим хүн таньдаггүй байлаа. Гар тэр чигтээ саарь. Хэчнээн тос түрхээд ч ихэнхдээ гадаа байдаг болохоор нэмэргүй.

Их дэлгүүрийг би улсад үнэнч шударгаар хүлээлгэж өгсөн. За яах вэ, би үнэнч шударгаараа яваад тендерт ялсан. Би тендер зарлаад өг гээгүй. Зарласан тендерт нь ороод миний төсөл үнэхээр сайн байсан учир хүн бүхэн хүлээн зөвшөөрч шалгарсан. Ямарч байсан би мэргэжлийн хүн, надад олон жилийн ажлын туршлага байна. Дэлгүүрээ алдсаны дараа “Улсаас би амбаар ч авахгүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажиллаж, амьдарна. Би их дэлгүүр барина” гэж бодож гарсан. Тэр хүслээ биелүүлэх гэж зүтгээд л, нэлээд хэдэн жилийн дараа “Улаанбаатар” их дэлгүүрийг барьсан даа.

-Та маш их өртэй, тэгсэн хэр нь заавал их дэлгүүр барина гэж бодож байдаг. Гол нь ажлын мэдлэг, туршлагадаа найдсан уу? 
-Үнэндээ надад юу ч байгаагүй, бүгдийг шинээр эхэлсэн. Мөнгө төгрөг муутай хүн зохих хэмжээний бааз суурьтай болохын төлөө ажилласан. Дэлгүүр бол үүний дараа эхэлсэн ажил л даа. Үнэнээр явна гэдэг барж идэхгүй хоол гэж манай аав, ээж минь сургадаг сан. Үнэн л юм билээ.

-Эмэгтэй хүнд бол ахадсан л ачаа юм. Тухайн үед Таныг хөдөлгөгч хүч нь юу байв? 
-Зорьсондоо хүрье гэсэн бодол минь. Нөхөртэйгээ хоёулаа зүтгэсэн. Ямар ч бэрхшээл байсан би л давж туулна, зорилгоо биелүүлнэ. Хүн ямарч тохиолдолд өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлийг л хийх ёстой гэж боддог. Би мэргэжилдээ түшиглээд л ажилласан. “Манайхан ийм ажил их ашигтай байна гэнэ ээ” гээд л хошуурах дуртай. Тэрийг би буруу гэж боддог. Өөрийн дуртай эсвэл хийж чадах мэргэжлийн ажлаа уйгагүй, шантрахгүй хийсэн хүн амжилтад хүрдэг жамтай. Гэхдээ нэг зарчим бий, ямагт үнэнч шударга байх хэрэгтэй. Ёс бус юм хийж болохгүй.

-Ажлын гараагаа худалдагчаас эхэлсэн тухайгаа? 
-Намайг их сургууль төгсөж байх үед ажилд ороход амаргүй, танил тал хардаг байж. Хамт төгссөн сурлага муутай хүүхдүүд томоохон худалдааны төвүүдэд ажил нь бэлэн байв. Надад тийм зүйл алга. Содов гэж барааны мэргэжлийн их мундаг хүн байсан. Тэр хүн намайг ажилд авна гэхэд нь баярлаад л очтол “Касс хий” гэсэн. Ёжтой, гэхдээ ажлаа маш гайхалтай мэддэг хүн.
Дээд мэргэжилтэй хүнээр касс хийлгэнэ гэж тоглож байгаа байлгүй дээ гэж бодлоо. Үгүй шүү, яг хийлгэсэн. Кассчин болчихоод гэртээ дурамжхан харилаа. Аав, ээж хоёр “Юу ярьж байгаа юм, хийлгүй яадаг юм. Чи ажил мэдэхгүй байж ажил голох болоогүй ээ. Төмөр замын инженер эхлээд засварчин хийдэг. Тэгж байж инженер болдог” гэж байна. Кассаас эхлээд худалдагч, бригадын ахлагч, зохион байгуулагч хийсэн. Тэр хүнсний их дэлгүүр нээгдээд удаагүй хэр нь өр ширэнд орсон, асуудал үүссэн газар байлаа. Хамт олонтойгоо гар нийлж сайхан ажилласан.

Манай дэлгүүр ч социалист уралдаанд үргэлж нэгдүгээр байр эзэлдэг байгууллага болсон доо. Ер нь хотын худалдааны газраас намайг дандаа ажил нь болохгүй газарт “Ажил сайжруул” гэж тавина. Удирдах дээд байгууллагын даалгавар шүү дээ. Тэгж томилчихоод долоо хонолгүй “Хэзээ төлөвлөгөөгөө биелүүлэх гэж байна, алдагдлаа нөх” гээд л шахна. Худалдааны гуравдугаар конторын орлогч даргаар томилогдож очиход, тэр байгууллага  12 сая төгрөгийн алдагдалтай байсан. Тэр үеийн 12 сая төгрөг бол барахын аргагүй өр. Талх 1 төгрөг 20 мөнгө байлаа шүү дээ. Гэхдээ хоёр сарын дотор барагдуулж чадсан.

-Яаж нөхсөн хэрэг вэ? 
-Бодлоо. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бараа таваарыг хот, хөдөөд ижил тэнцүү хуваарилдаг. Хотод хэрэглэх барааг ч 18 аймаг, сумдад, хөдөө илүү хэрэгцээтэй эсгий гутал зэргийг ч хотод хуваачихна. Судалгаа тооцоогүй л байж дээ. Тэгээд л 18 аймагт ажиллаж буй хамт сургууль төгссөн ангийн болон дээд, доод ангийн хүүхдүүд рүүгээ холбоогоор дамжуулан утсаар ярьж, хөдөө хэрэгтэй барааны захиалга авч эхэллээ.

Эсгий гутал, бүркэн гутал, орны ноосон бүтээлэг, эмэгтэйчүүд зүүх толгойн саатай алчуур, бүсний дурдан, дээлийн өнгө хөдөө рүү явуулна. Эдгээр барааг би хотын бусад худалдааны байгууллагуудаас цуглуулаад баримт бичиж авдаг. Үүнийгээ бариад холбоонд очиж бүх аймаг, сум руу яриад “Манайд ийм бараа байна” гээд бичүүлнэ. Тэгээд бараагаа солилцох болоход хот руу хөдөөний тэрэг оруулахгүй. Тусгай зөвшөөрөл шаардана. Тэгэхээр нь өөрийн бараагаа ачиж аваад Баянзүрх, 22-ын товчоон дээр тосож, машинаас машин руугаа тоолж ачдаг. Хөдөөнөөс том том ванны болон нүүр гарын алчуур, биеийн тамирын хувцас, хүүхдийн тоглоомууд их ирнэ.

Би бараагаа ачаад орж ирнэ дээ. Хэдийгээр хоёр ажил болж байгаа ч гэсэн хаа хаанаа хэрэгцээтэй бараагаа солилцоод гүйлгээнд оруулчихаж байгаа юм. Ингэж ажиллаад хоёр сарын дотор бүх өрийг нь дарлаа. Түүнээс хойш манайх дандаа нэгдүгээрт ордог болов оо. Би Сүхбаатар дүүргийн бүх барааны дэлгүүр хариуцдаг. Манай дүүрэг 38 барааны дэлгүүртэй. Бүх дэлгүүртээ засвар хийж, тохижуулаад өөртөө үйлчлэх дэлгүүр болгосон.

1990 ОНД МОНГОЛД АНХ "ЭКСЕЛ" МАШИН ОРУУЛЖ БАЙЛАА

-Та мэргэжлийн хүний хувьд бараа шинжих, сонгох тал дээр сайн биз? 
-Худалдааны байгууллагад насаараа ажилласны хувьд бараа сонгох тал дээр гайгүй гэж боддог. Миний авчирсан бараа зарагдахгүй байна гэж байдаггүй. Их дэлгүүрийн дарга байхдаа гуравдагч орнуудын барааг хамгийн анх оруулж ирсэн. Яагаад гэвэл тэр үед улсын байгууллага импортын барааг авчирдаг. Нэг ижил барааг олон тоогоор, нэр төрөл багатайгаар оруулдаг байсан учир хүмүүс ижилхэн хувцас өмсдөг. Жилийн жилд л дунайский салат, огурцы зэрэг тодорхой хэдхэн нэр төрөлд эргэлддэг.
Хөгшин, залуугүй бүгд л ижилхэн хувцас өмсөж байна. Хүний хэрэглээг ингэж хязгаарлаж болохгүй. Размерийн судалгаа бас муу байна. Бараа сонгох ажилдаа биднийг оролцуулаач ээ гэх мэт саналаа бичиж, “Монгол импекс”-т хандсаныг хүлээж авсан. Тэгээд гуравдагч орны анхны гадаад худалдааг Солонгос улсаас эхэлсэн. 1990 онд 6.8 сая долларын бараа оруулж ирлээ. Нүүр гарын савангаас эхлээд хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, автомашин хүртэл оруулж ирж байлаа. Тэр үед анх Эксел, жийп машин ч оруулж ирсэн.

-Монголчуудад Орос машинуудын дараа хамгийн сайн танил болсон нь "Эксел" болов уу. 1990 онд анхны Экселийг Монголд оруулж ирсэн байх нь ээ? 
-100 ширхэг "Эксел" оруулж ирээд, дорхноо зарагдсан. Гадаад харилцааны яамнаас гадна улсын хэд хэдэн байгууллага авч байсан юм аа. Бусдыг нь хувь хүмүүс авсан. Ямар үнэтэй байсныг санахгүй байна. Тэр үеийн "Эксел"-ийг хөдөө унаж байгаатай би саяхан таарлаа. Машинаа хэдэн онд авсан бэ? гэсэн чинь “1990 онд Монголд орж ирсэн, би хүнээс дамжуулж авсан” гэж байна лээ. Би их гайхаж байлаа. Ер нь тухайн үед захиалж авчирсан хөргөгч, угаалгын машинууд одоо ч айлуудад ажиллаж байгаа.
Бид нар үйлдвэрүүдэд нь “Төмөр деталь ахиухан оролцуулж бат бөх хийж өгөөрэй” гэж захиалга өгч байлаа. Машиныг ч ялгаагүй, “Манай орон хүйтэн учир халаалт, дулаалгыг нь нэмээрэй гэж нэмүүлсэн. Бас зам муутай гээд өндөрлүүлээд үйлдвэрээс нь авч байлаа. Солонгосын нэртэй компаниудад Монголынхоо нөхцөлд тохируулж бараа захиалж авчирсан. Тэр бараа маш сайн ч зарагдсан. Зөв сонголт хийж ирсэн гэж үнэлэгдэж байлаа. Би ганцаараа явсан юм биш ээ, гадаад худалдаа хийдэг туршлагатай хүмүүстэй хамт би хэрэглэгчдээ төлөөлж явсан.

-Тэгвэл Та орчин үеийн залуусын хувцас сонголтын талаар хэр мэдрэмжтэй вэ? 
-Би залуусын хувцас сонгож худалдаа арилжаа хийж үзээгүй. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс яваад хийчихэж байна. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд явсан газартаа, киноноос ч тэр залуусын өмсөж байгаа хувцас, үс гэзгээ яаж янзалдгийг нь хардаг. “Улаанбаатар” их дэлгүүрт анх удаа лангуу түрээсэлж буй хүмүүс зөвлөгөө өгнө. Хүүхдүүдийн биеийн өсөлт ямар байна. Ямар өнгө моодонд орж байна, ямар размер түлхүү хэрэгтэй гэх мэтээр заавал судалгаанд үндэслэж сонголтоо хийхийг  зөвлөдөг. Үүний үр дүнд бараа бүтээгдэхүүний сонголтод их ахиц гарсан.

-Худалдааны мэргэжил Таны хүссэн мэргэжил байв уу?
-Сонин түүхтэй. Элсэлтийн шалгалтад гайгүй оноо аваад Их сургуульд орох гэж байтал намайг эрэгтэй хүүхэд байна. Цэргийн дээд сургуульд оруулна гээд бичиг баримтыг минь авчихлаа. Миний нэрийг сонсоод л тэгсэн шиг байна лээ. Учир зүй нь олдоод буцаад их сургуульдаа орлоо. Дараа нь их сургуульдаа явж байтал цэргийн зарлан дуудах хуудас ирдэг байгаа. Нэрнээс болоод хоёр удаа цэрэгт явах шахаж билээ.

-Та айлын том охин уу?
-Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Ээж, аав маань хожуухан хүүхдүүдтэй болсон. Намайг их сургуульд орж байхад аав минь цус харваж, хүндээр өвчилсөн. Ээж аавыг сахих боллоо. Намайг Төмөр замын 20 дугаар сургууль төгсөж, Их сургуульд элсэх хуваарь авсан жил л дээ.

Сургуульд байхын л идэвхтэй, ангийн дарга, олимпиадад түрүүлдэг, гадаадын зусланд амрах эрхээр шагнуулдаг хүүхэд байлаа. Аав өвдөж, ах бид хоёр ажил хийх болоод тэр жил би сургуулиасаа чөлөө авсан. Нэг жил ажилласны дараа миний дараагийн дүү дунд сургуулиа төгсөөд ажил хийх болоход нь би Их сургуульдаа орсон. Би ер нь долдугаар ангиасаа ажил хийсэн.

-Хөдөлмөрийн амтыг хүүхэд байхаасаа мэдэрсэн байх нь ээ. Ямар ажил хийдэг байв, тэр үед? 
-Долдугаар ангид байхдаа сав угаагчаар ажиллаад, сард 260 төгрөгийн цалин авдаг байсан. Их мөнгө байлаа, цалингаараа хичээлийнхээ бэлтгэлийг хангачихна. Дүү нартаа юм аваад өгнө. Түүнээс хойш жил болгон ажил хийдэг болсон. Төмөр замын гуанзанд цэвэрлэгээ хийж ч үзсэн. Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Боловсон хүчний газарт хувийн хэрэг бүртгэгчээр ажилласан. Аав, ээж минь зургаан хүүхдээ ажилд сургасанд нь баярлаж явдаг. Манай ах, дүү нар бүгд ажилсаг, өөр өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон ажлаа хийгээд хэндээ ч дараа болохгүй ажиллаж, амьдарч явдаг. Аав минь Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн, ном их уншдаг хүн байсан.

-1990-ээд онд хувийн салбарын тухай ойлголт хүмүүст байгаагүй. Та анх яагаад хувийн хэвшлийг сонирхсон бэ? 
-Өмнө нь ярьсан Худалдааны гуравдугаар конторын даргаас Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн орлогч даргаар очлоо. Тэнд ажиллаж байтал нэг өдөр Хотын намын хорооноос дуудав. Яваад очтол Хотын гүйцэтгэх захиргааны Худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн хэлтсийн даргаар ажилла гэж байна. Тэнд Мөнхжаргал дарга гэж мундаг хүн байлаа. Сайхан туршлагатай хүмүүстэй зургаан жил ажиллалаа. Дараа нь зургаан хэлтэс татан буугдахад манай хэлтэс ч үгүй болж, би Улсын их дэлгүүрийн орлогч даргаар очсон. Их дэлгүүр бас л төлөвлөгөө нь биелэгдээгүй, тасалдалтай газар байсан. Тэнд очсон цагаас хойш төлөвлөгөөгөө нэг ч удаа таслаагүй. 

ЕР НЬ БИ КАЗИНО ТОГЛОСОН Ч ЯАДАГ ЮМ 

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөр тийш чиглүүлье. Таныг байнга л Солонгост казино тоглодог гэж шар хэвлэлүүд харсан юм шиг бичсэн байсан. Энэ үнэн үү?
-Солонгост Улаанбаатарын өдрүүд болж, манайхаас нэлээд олон хүн явсан юм аа. Зочид буудалд буусан хүмүүс “Казино хаана байдгийг заагаад өгөөч” гэхэд нь би хүргэж өгсөн. Нэлээд олуулаа ч явсан, манайхан казино руу ороод тараад алга болцгоосон. Хэдэн эмэгтэйчүүд нь тэднийгээ хүлээх зуураа сонирхоод тоглож үзлээ.

Бид нар автомат машин гэдэг юман дээр нь мөнгө хийж үзэж байгаа юм. Түүнээс хойш л тийм яриа гарчихсан байна лээ. Ер нь казинодсон ч яадаг юм, миний эрх биз дээ. Гэхдээ би сонирхож үзсэнээс биш улайраад мөнгө төгрөгөө алдталаа тоглож үзээгүй ээ. Эмэгтэй хүн мөнгө төгрөгөө хамжааргатай зарцуулахыг л бодно шүү дээ. Ер нь тэгээд хэн хүнгүй л казино байгаа орнуудад явбал орж сонирхож үздэг л байх. Тэгж л байгаа харагддаг юм билээ.

-Казиногийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл бий. Монголд казино байгуулах талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Байх ёстой гэж боддог. Өөрийнхөө иргэдийг оруулахгүй, гадаадын хүмүүсийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл, Солонгост улсын казино байгуулаад, тэндээ дан гаднынхныг оруулдаг. Дотоодын иргэдээ оруулдаггүй. Казиногоос олсон мөнгөө тэр улс нийгмийн халамждаа зарцуулж байна. Манай улс ч ялгаагүй хуулиа гаргаад, ном ёсоор нь байгуулах нь зөв. Хөрөнгийн урсгал нэмэгдэнэ.

Урд нь гарч байсан Казиногийн хуулийг юу ч мэдэхгүй хүмүүс буруутгаад л болиулсан. Манайхан буруу дутуу ойлголттойгоос асар их сенсаац үүсгэдэг. Казино чинь аялал жуулчлалыг дэмждэг, тэнд хүн өөр өөрийнхөө хэр хэмжээгээр тоглодог, хөгжилддөг юм билээ. Харин дотоодын иргэдээ оруулбал донтож болно, амьдралгүй болж мэднэ. Сөрөг муу талаа бодолцоод байж болох хэмжээнд нь энэ хуулийг гаргахыг дэмжиж байна. Солонгосчууд илүү том казино шинээр байгуулж байна гэж саяхан Солонгосын телевизээр гарна лээ, ашигтай л болоод тэр байлгүй дээ.



М.Ууганбаяр: Монголчууд нүүдэлчин биш

Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч, доктор М.Ууганбаяртай ярилцлаа.

-Таны “Нүүдэлчид, малчид, иргэншил” судалгааны өгүүлэл сонирхол татлаа. Монголчууд бол нүүдэлчин биш гэсэн санааг та дэвшүүлсэн байна лээ. Санаа анх төрсөн цэгээс яриагаа эхэлье?

-Би Монгол, Түрэгийн соёлын чиглэлийн ном зохиол нэлээдгүй уншсан. Унших явцад нүүдэлчин гэдэг ойлголтыг бүдүүлэг, соёлгүй гэдэгтэй адилтгах үзэл онол олон байдаг юм билээ. Эдгээр онол номд нүүдэлчдийг мал аж ахуйтай холбож үзсэн байдаг. Ингэхээр соёлын хүрээнд мал аж ахуй нь нүүдэлчдэд хамаарах уу, үгүй юү гэдгийг судлах сонирхол төрсөн. Улмаар лавшруулаад үзэхэд нүүдэлчин, малчин гэдэг хоёр ойлголт соёлын онолын үүднээс хоорондоо холбоотой биш гэдэг нь илэрхий болж ирсэн. Бид нүүдэлчид биш болох нь ойлгомжтой байв. Иргэншлийн асуудал, ялангуяа нүүдэлчид, малчид гэдэг ойлголтыг цоо шинээр томъёолохгүй бол онолын алдаа, төөрөгдөл бий болж байгааг анзаарсан. Ийм шалтгаанаар дээрх судалгааны өгүүллийг бичсэн.

-Гэтэл бид нүүдэлчид гэдгээрээ бахархах аястай байдаг. Дуу, шүлэг, уран зохиолоос үүний жишээг харж болно. Тэгэхээр бид нүүдэлчид биш юм бол хэн байсан болж таарах нь вэ?
-Нүүдэл гэдэг ойлголтыг соёлын антропологичид дасан зохицох чадвар гэдэгтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, ижил төстэй эдийн засгийн нөхцөл шалтгаан бол нийгэм, соёлын үр дүнгийн хувьд адилхан байдаг гэх онолын үзлээртүүгчид, тариаланчид, малчид, аж үйлдвэр гэхчлэн таван янзын соёлын үе шатыг антропологичид тодорхойлдог. Таван янзаар үзэхэд хүнс тэжээлийн үйлдвэрлэл бий болохоос өмнөх дасан зохицох цорын ганц чадвар бол түүн цуглуулах байжээ. Аж үйлдвэрийн бус нийгэм буюу үржүүлгийн нийгмийг цэцэрлэгчид, тариачид, малчид гэж хуваадаг. Ингээд харах юм бол хүнс тэжээл буюу өсгөн үржүүлэхүй гэдэг зүйл үүсэхээс өмнө зөвхөн хоол хүнсний анхдагч хэрэгцээгээ хангахын тулд хэрэн тэнэж явдаг, эдийн засгийн хувьд байгалиас бүрэн хамааралтай, суурин бус анчид, түүгчид л нүүдэлчид болж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, түүгчид, малчид нь дасан зохицохуйн өөр өөр хэв маягт хамаарна. Цаашлаад малчид нь нүүдэлчид буюу бүдүүлгүүд, байгалиас шууд хамааралтай хүмүүс биш гэдэг нь тодорхой болж байгаа юм. 

Монголын эрдэмтэн, философич Б.Батчулуун энэ талаар судалгаа хийсэн. Харамсалтай нь иргэншлийг цэвэр хоттой холбож тайлбарласан байсан. Иргэн гэдэг бол хоттой холбоотой. Б.Батчулуун доктор газар тариалан гэдэг нь тогтмол олдох хүнс тэжээл бөгөөд хүн хүнс тэжээлтэй байхын тулд хэрэн тэнүүчлэх шаардлагагүй болсон гэх буюу газар тариалан иргэншлийг бий болгосон, хүн гэдэг амьтан газар тариалантай болоод хэрэн тэнэх шаардлагагүй болсон гэж үзсэн. 

Мөн энэ судлаач суурьшилтай холбоотойгоор хүн бүдүүлэг байдлаасаа соёлтой байдал руу шилжсэн, байгалийн хүн, зэрлэг хүн гэдэг нь тариа тарьж мэддэггүй байдаг гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хүнс тэжээлтэй байхын тулд байгалийн эрхшээлд байх нь эртний бүдүүлэг хэв маяг гэсэн маягаар тайлбарлаад, нүүдэлчид гэдэг нь тодорхой цаг хугацаанд байгалиас хараат байдагтай холбоотой гээд, монголчуудын бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдэл бол түүн цуглуулах агнуурын ая дан харсан нүүдлээс эрс өөр хэдий ч нэгэнт нүүдэл болсон хойно хоцрогдмол шинж байна гээд Монголын хөдөөд нүүдлийн мал аж ахуй хэдэн зуун мянганы тэртээх байдлаар оршиж байгаа тул малчдыг энэ хүн нүүдэлчид гэж нэрлэсэн. Энэ дүгнэлтнээсээ улбаалаад малчдыг бүдүүлэг, байгалийн хүмүүс гэж үзсэн. Улмаар иргэншил, суурьшил, хотжилтыг зөвхөн газар тариалантай холбосон. Антропологийн онолын дасан зохицох чадвар гэдэг ойлголттой холбон үзвэл энэ нь эргэлзээтэй дүгнэлт болох нь харагдаж байгаа юм. Харин минийхээр бол газар тариалан нь дангаар суурьшил, иргэншлийг төлөөлөхгүй. Эрдэмтэд Монголын мал аж ахуйг дотор нь нүүдлийн, хагас суурьшлын, суурьшлын аж ахуй гэж хувааж судалсан байдаг. 

Ер нь бол байнгын гэр сууц, өвөлжөө бүхий газартаа түүхийн турш тогтсон уламжлалт маршрутаараа давтамжтайгаар нүүдэллэх мал аж ахуйн хэлбэр Монголд зонхилж байсан. Энэ утгаар үзвэл малчид бол нүүдэлчин гэдэг нь худлаа төдийгүй, суурьшлыг зөвхөн газар тариалантай холбох нь өрөөс гөл болж байгаа юм. Би Түрэгийн соёлын онолчдын судалгааны дүгнэлтийг хэлье. Жишээ нь түрэгүүдийг нүүдэлчид болохоор бүдүүлгүүд гэх онол түгээмэл байдаг. Гэтэл түрэгийн нэртэй соёл судлаачид түрэгүүдийн морь адгуулдаг, төмөрлөгийг эзэмшдэг хоёр шинжээрээ ямар ч байсан нүүдэлчид биш гээд түрэгийн соёл бол талын соёл гэж тодорхойлсон. Эдгээр эрдэмтэд зөвхөн мал малладаг амьдралынх нь хэв маягаас болоод түрэгүүдийг нүүдэлчид гэж тодорхойлох нь буруу болоод юуны өмнө түүхийн хөгжлийн төлөв нь тодроогүй, барууны эрдэмтэд өөрсдийнх нь соёлын ойлголтын гадна нь байдаг учраас судалж чадаагүй, нүүдэлчин соёлын сэтгэлгээг одоогоор сайн мэдэгдэхгүй байна гэж үзсэн байгаа юм л даа.

-Түрэгүүд адилхан дүгнэлт хийгээд өөрсдийгөө талын соёлтой хүмүүс гэжээ. Тэгвэл бид нүүдэлчид биш юм бол ямар соёлтой хүмүүс байсан гэж үзэх вэ?
-Монголын соёлыг түрэгийн соёлын түүхчдийн томъёоллын дагуу талынх гэж нэрлэх нь зөв гэж бодож байгаа юм. Малчны соёл ч гэж хэлж болно. Эсвэл талын иргэншилтэй ч гэсэн болохоор. Яадаг ч байсан нүүдэлчин гэдэг нэр томъёо буруу гэж үзэж байна.

-Монголын талын соёл гэж нэрлээд байгаа нь бусад соёлоос ямар ялгаатай
 вэ?
-Мал маллагаатай холбоотой малыг гэршүүлсэн, өсгөн үржүүлсэн, мал аж ахуйд тулгуурласан эдийн засаг, үйлдвэрлэл бий болсон гэдгээрээ онцлог болж таарна. Байгальтай эвтэй найртай байдаг, байгальд дайсагнаж ханддаггүй гэдэг утгаараа экологийн соёл болдог. Магадгүй суурин иргэншлийн, тухайлбал хотжилтын үр дагавар гэж тооцогддог олон сөрөг шинж мал аж ахуйн иргэншилд байхгүй байх нь ойлгомжтой. Үүнийг талын соёлын давуу тал гэж үзэх боломжтой.

-Хот айл гэдэг ойлголт бий. Энэ бас их сонирхолтой хэв маяг шүү дээ.
-Энэ нэр томъёо сонирхолтой. Хот гэдэг нь суурьшмал, айл гэдэг нь малчин өрх гэсэн санааг гаргана. Тэгэхээр энэ нь “суурьшмал малчин” гэсэн хоёр янзын утгыг нэгтгэсэн сонирхолтой ойлголт байгаа юм. Хот айл гэдэг бол малчин иргэншилд л байх үзэгдэл. Энэ нь Европт байдаг, тэдний мэддэг суурьшил гэдгээс өөр ойлголт байх.

-Соёл цаашаа хөгжөөд явж байна. Хөдөөгийн айлууд тавган антентэй болж, хот маягийн хүмүүсийн хэрэглэдгийг хэрэглэж, уламжлалт мал ахуйгаа эрхэлж байна. Хөдөөний малчид хотод ирж байгаа нь соёлын шинэ хэлбэр үүсгэх үү, эсвэл соёл хөгжиж, шинэчлэгдэж байна гэж үзэх үү?
-Хөдөөний малчид орчин үеийн технологийн ололт болох зурагт, радио, гар утас, машин техник сэлтийг хэрэглэж байгаа нь зөв зүйл. Малчин соёл гэдэг нь орчин үеийн технологийн ололт амжилтыг ашиглахгүй байх гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр Монгол дан ганц малчин иргэншилтэй биш болжээ. ХХ зууны эхэнд Монгол нь тусгаар улс болсноос хойш дан ганц мал аж ахуйн иргэншилтэй биш, Өрнийн иргэншилтэй болж эхэлсэн. Хоёр иргэншил хослож байна гэж хэлж болно. Монгол бол нэг талаас малчин иргэншилтэй, нөгөө талаас суурин иргэншилтэй болж. Энэ утгаараа малчид олноороо хотод орж ирж суурьшиж байгаа, хотын хүн болж байгаа асуудлыг буруу гэж бодохгүй байгаа. Нэгэнт малчид суурин соёлыг өөрийн уламжлалт соёлоосоо илүүд үзэж байгаа бол бид яаж ч хорих боломжгүй юм. Энэ нь цэвэр хувь хүний эрх чөлөөний л асуудал.

-Орон зайн шилжилт юуг ч илчлэхгүй. Соёлт хүн бий болоход хэр их хугацаа шаардах вэ?
-Монголын өнөөгийн хотууд нь сонгодог утгаараа буюу Европ дахины хөгжилтэй орнуудынхтай адил аж үйлдвэржилтийн үр дүнд үүсээгүй. 1990-ээд оноос хойш хотжилт нь хөдөөнөө малчдын амьдрах бололцоо хязгаарлагдмал болж хот руу зах зээл байгааг дагаж орж ирсэн, соёлын бөөгнөрөл хүчтэй бий болсон цорын ганц хот гэдэг утгаараа олон зуу мянган хөдөөний хүн Улаанбаатарт төвлөрч байна. Энэ бол механик хотжилт. Хот аяндаа бий болсон биш, хүчээр шилжиж замбараагүй бөөгнөрөл бий болгож байна. Хөдөөгийн хүн хотод ирж байгаа нь хотын иргэн боллоо гэсэн үг биш юм. Улаанбаатар өдгөө том тосгон болчихсон. Том хөдөө болчихсон. Энэ их шилжилтийн харгайгаар Улаанбаатар хотын соёлоо алдаад, хөдөөгийн соёлд автах үзэгдэл бий болж байна.

-Энэ соёлыг та юу гэж нэрлэх вэ?
-Энэ нүүдлийг яг зогсооно гэхээсээ илүү ардчилсан буюу иргэний аргаар яаж хотын соёлыг бий болгох вэ, хөдөөгийнхнийг яаж хотын хүн болгох хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй боллоо. Юуны өмнө орон сууцтай тохь тухтай амьдрах бололцоог хангаж, хүүхдүүдийнх нь сурах сургууль, өвдвөл очих эмнэлгийг барьж өгөх зэргээр дэм болж болно. Монголтой яг адилхан нөхцөлд байсан олон газар хөдөөжилтийг дээрх аргаар шийдсэн байна.

-Нөгөө талаас нь харвал уугуул соёл хотод орж ирээд замхрах юм биш үү. Хамгийн тоогүй нь мартагдах, өмнөхөөсөө дордож магадгүй юм.
-Бидний орчин үежилт, иргэншлийг үзэх үзэл, хөгжлийн ойлголт ямар байгаа вэ гэдэгтэй холбоотой. Бүх малчин хотод ирж амьдарна гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Мал аж ахуй Монголын эдийн засагт өнөө хэр нөлөөтэй байгаа учраас хүмүүс малаа малласаар л байх болно. Явах нэг нь явна, үлдэх нэг нь үлдэнэ. Нөгөө талаасаа малчин иргэншлийг цэвэр соёлын үүднээс хамгаалах гэдэг зүйлийг бодох ёстой. Хөдөөний монгол малчдын иргэншил маань үнэхээр соёлтой байна уу, соёлын шинжээ хадгалж байгаа юу гэдэг нь маш сонирхолтой. Монголчууд хотын ч биш, хөдөөний ч биш буюу соёлын хоёрдмол байдал бий болсноос люмпенжилт буюу соёлгүйдэл бий болж байна. Тэднийг жинхэнэ уугуул соёлд нь буцааж оруулахын тулд ардын соёлыг дахин дэмжих, сурталчилах шаардлага гарлаа. Ардын соёл байгаа газар малчин соёл байсаар л байх болно. Мал аж ахуй иргэншлийн утгаа алдаад хотын соёлд ууссан гэдгээсээ илүү малчид маань соёлын хувьд эрлийзжээд ардын соёлоо алдсан байна.

Ж.Тэгшжаргал

Tuesday, 14 October 2014

Г.Гантулга: Хүн амын тал хувь нь нэг хотод төвлөрнө гэдэг үндэсний аюулгүй байдлын хувьд маш ноцтой

Өглөө сэрэхэд орцны хаалгатай тулгаад шахам байшин барьчихдаг, өдөр зам дээр хэдэн цагийг түгжирч өнгөрөөдөг, үр хүүхдээ өгөх цэцэрлэг сургууль хангалтгүй гээд хотжилтын сөрөг нөлөө өдөр бүр бидэнд стресс нэмж байна.
Тэгвэл бид GoGo.Cafe буландаа МУИС-ийн багш, доктор Г.Гантулгыг урьж хот төлөвлөлтийн талаар ярилцлаа. Тэрээр газрын харилцаа, хот ба бүс нутаг төлөвлөлтийн чиглэлээр 10 гаруй жил эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн ажээ.
Доктор Г.Гантулга Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2025 оныг хүртэлх тодотголыг хийлцэж, аймаг сумдын хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулах, шинжлэх ухааны судалгааны 10 гаруй төслүүдэд оролцож, мэргэжлийн чиглэлээр 5 ном бичиж, 20 гаруй ажлыг үйлдвэрлэлд шилжүүлж өгсөн байна.

УЛААНБААТАР ХОТЫГ АНХ 125 МЯНГАН ХҮНД ЗОРИУЛАН ТӨЛӨВЛӨСӨН

-Өнөөдрийг хүртэл явж ирсэн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар яриач?
-Монголын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөө гэж хоёр төлөвлөлтийн баримт бичиг бий. Нэг нь газар олголт, зохион байгуулалт, кадастртай холбоотой асуудалд илүү түлхүү чиглэсэн байхад нөгөөдөх нь хотын барилгажилт, хот байгуулалтын  асуудлаа хамаардаг. Сүүлийн үед харьцангуй уялдаатай ажиллах болсон энэ хоёр үйл ажиллагаа нь эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, мэдээллийн сантай холбоотойгоор хоорондоо зарим талаараа нийцдэггүй, зөрчилдөөнтэй байх нь ч бий. Мэдээж хотын оршин суугчид, олон нийтийн хувьд аль ч төлөвлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн чухал нь ойлгомжтой. Хүмүүс Улаанбаатарын хот төлөвлөлт муу гэж ярьдаг. Үнэндээ бол аль ч төлөвлөлт мэргэжлийн түвшинд боломжийн сайн хийгддэг. Харин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, төсөв, улс төрийн нөлөө зэргээс хамаарч төлөвлөсөн нь хэрэгжиж чаддаггүй.
Харин түүх гэж ярьвал өөр.
Нийслэлд хамгийн анхны шинжлэх ухаанч ерөнхий төлөвлөгөөг 1954 онд хийсэн байдаг. Энэ ерөнхий төлөвлөгөө 1954-1974 онд хэрэгжих байсан боловч эхний зургаан жилдээ л цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болох нь тодорхой болсон. Төлөвлөлтөнд зааснаар 1974 онд 125 мянган хүнтэй хот болно гэж тооцоолсон боловч 1960 он гэхэд хэдийнээ 180 мянган хүнтэй хот болчихсон. Эхний зургаан жилдээ л 20 жилийн төлөвлөлтөөс давсан хүн ам хотод шилжин ирсэн байгаа юм. Ингэж олон хүн шилжиж ирснээр төлөвлөлтийг дахин хийх шаардлагатай болсон. Энэ мэтээр социализмын үед л гэхэд дөрвөн удаа хийсэн байдаг. Ийнхүү дахин дахин төлөвлөлт хийх болсон гол шалтгаан нь хүн амын шилжилт хөдөлгөөнийг дандаа буруу тооцоолсон. Хотод төлөвлөгөөнд тооцсоноос давсан олон хүн шилжин ирснээр хотын урсгал зардлыг нэмэгдүүлж, нийгмийн үйлчилгээ, ачаалал, зардал гээд төлөвлөгдөөгүй бүхнийг үүсгэж эхэлсэн.

-Яагаад хүн амын шилжилт хөдөлгөөнийг дутуу тооцоолоод байсан юм бол?
-Тухайн үед ЗСБНХУ-ын “Гипрагор” гээд институтэд энэ ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийсэн юм билээ. Тэгэхдээ манай улсын хөгжлийг бүхэлд нь хөдөө аж ахуйтай холбон үзсэн учраас хүмүүсийг суурин хэлбэрт шилжих үзэгдэл багатай гэж тооцоолсон. Гэвч хүн төрөлхтөний “төрөлх араншингийн” нэг нь хөгжил, соёл руу тэмүүлэх шүү дээ. Энэ шинж өмнө нь ч байсан, одоо, ирээдүйд ч оршсоор л байна.  Ийм учраас төлөвлөлт хийхдээ иймэрхүү хүний төрөлх хэрэгцээ, шаардлагыг харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгж байж төлөвлөлт урт настай, хэрэгжилт сайтай болно. Улаанбаатар хотын хувьд бүх цаг үед шилжилт хөдөлгөөний хурдыг дэд бүтэц, барилгажилт, нийгмийн үйлчилгээний хурд хэзээ ч гүйцэж байгаагүй. Ийм учраас зам, орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хомсдол ар араасаа үүссээр л байна. Бас хүрээлэн буй орчны бохирдол ч үүнтэй холбоотой.
График: Нийслэлд хийгдэж байсан ерөнхий төлөвлөгөөнүүдэд тооцогдсон хүн амын өсөлт
 
Эх сурвалж: Г.Гантулга, Б.Чинбат “Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал ба функциональ бүсчлэл” судалгааны бүтээл, 2011

-Улаанбаатарыг анх 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн гэдэг яриа худлаа байх нээ?
-500 мянга ч биш бүр 125 мянган хүнд зориулагдсан төлөвлөлт байсан. Гэтэл одоо 1,3 сая гаруй хүнтэй гэхээр анхны төлөвлөлтөд тооцогдсоноос даруй 10 дахин их хүнтэй болсон гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд бид арав дахин бага хүнд зориулагдсан талбар газар, замын сүлжээн дээр шахцалдан, стресстэж амьдарч байна даа.

-Социализмын үед дөрвөн удаа төлөвлөлт хийсэн юм байж. Тэгвэл 1990 оноос хойш хэдэн удаа төлөвлөлт хийсэн бол?
-1990 оноос хойш хийсэн төлөвлөлтөнд нэг авууштай зүйл нь юу байсан бэ гэвэл анх удаа дотоодын мэргэжлийн боловсон хүчиндээ тулгуурлан 2000-2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Гэвч 2002 онд Газар өмчлөлийн хууль батлагдаж, 2003 оноос хэрэгжиж  эхэлсэн. Ингээд газар хувийн өмч болсон, хүн амын нийслэл рүү чиглэсэн эрчимтэй шилжилт хөдөлгөөн, засгийн газрын орон сууцны хөтөлбөрүүд гэх мэт олон нөхцөл байдлаас хамаарч энэ ерөнхий төлөвлөгөө цаашид хэрэгжих боломжгүй болсон юм.
Тийм болохоор хэдэн жилийн өмнөөс ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажил эхэлж 2012 онд УИХ-ын тогтоол болж батлагдаж гарсан. Энэ тодотголын хүрээнд төлөвлөлтийн хугацааг 2030 он болгож өөрчилсөн. Тодотгол хийхэд монголчууд өөрсдөө ч ажилласан,  олон улсын байгууллагаас ч ажилласан. Нэлээн олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, гадны туршлагуудыг судалж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлага” гэх баримт бичиг боловсруулсан.

-Энэ төлөвлөгөөндөө түрүүнд нь байнга давтагдаж байсан хүн амын шилжилт хөдөлгөөнөө яаж тооцсон бэ?
-Төлөвлөгөөнд тусгаснаар 2030 он гэхэд нийслэлийн хүн ам Монгол Улсын хүн амын 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон. Тухайн 2030 онд Монгол Улсын хүн ам 3,5 сая болно гэдэг тооцоо байдаг юм. Тэгэхээр үүний 40 хувь нь гэхээр 1,7 сая /сурв: 1 сая 763 мянга/ хавьцаа байхаар тусгагдсан гэж ойлгож болно.

-Өнөөдрийн Улаанбаатар хот гэж ямар ч төлөвлөлтгүй, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа барилга барьсан замбараагүй хот болжээ. Үүний буруутнаар үе үеийн хотын дарга нарыг нэрлэдэг. Харин судлаачдын хувьд юу гэж үздэг вэ?
-Мэдээж хотын даргын гарын үсгээр олон асуудал шийдэгддэг болохоор их бага оролцоо байдаг л байх. Тэгээд ч хотын дарга нарын үйл ажиллагаатай тухайн хотын уналт, амжилт шууд хамааралтай. Хотын асуудал гэдэг хотын оршин суугч хэн бүрийн анхааралд байдаг зүйл. Тийм учраас бараг бүх улстөрийн нам хүчин хотын асуудлыг сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр болгон ашигладаг. Хүмүүсийг газартай, өмчтэй болгоно, газрын дахин төлөвлөлт хийнэ, утааг багасгана, нийтийн тээврийг шинэчлэнэ гэх мэтээр ярьдаг, амладаг.  Гэр хороолол, утаа ч зэрэг хотын иргэдийн амьдралд нэн тулгамдсан асуудлууд улс төрчдийн тоглолтын талбар болсон гэхэд болно.  Гэвч энэ нь тийм ч амархан шийдэгдчих асуудал биш учраас амласандаа хүрэхгүй байна гэж олон нийтийн шүүмжлэлд өртөх нь бараг жам ёсны шахуу дүр зураг болчихоод байна. Хотын ихэнх томоохон асуудлуудыг нэг намын эрх барих дөрвөн жилийн хугацаанд шийдчих боломжгүй л дээ. Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 20 жилийн хугацаанд хийгддэг байтал энэ хугацаанд Монголд доод тал нь таван засгийн газар солигдоно. Тэр бүрт нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй намын мөрийн хөтөлбөрүүд орж ирээд ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжоо алдах бас нэг үндэслэл болдог.

ОЛОН УЛСАД НЭГ ХҮНД 18-25 МЕТР КВАДРАТ НОГООН БАЙГУУЛАМЖ НООГДДОГ БОЛ УЛААНБААТАРТ 1,6 МЕТР КВАДРАТ НООГДДОГ

-Хот төлөвлөлтийг хийхдээ ногоон байгууламжаа хэрхэн тусгадаг юм бэ?
-Сүүлийн үеийн дэлхийн хотууд “ногоон өсөлтийг” дэмжих тал дээр их анхаардаг болсон. Төлөвлөлтийн чиг хандлага нь  ч ийм болсон. Харин Монголын хот суурингуудын хувьд ногоон байгууламж маш муутай. Тэр битгий хэл ногоон байгууламж  гэдэг ойлголт нь хүртэл эргэлзээтэй. Хэдхэн цэцгийн сав зэрэгцүүлж тавьчихаад ногоон байгууламж гэсэн нь ч бий. Улаанбаатар хотын хувьд  ойр орчимдоо модтой тулдаа л болдог байх. Улаанбаатар хотод нэг хүнд 1,6 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ноогддог. Гэтэл олон улсын жишгээр бол нэг хүнд 18-25 метр квадрат ногоон байгууламж ноогдох ёстой.
Ногоон байгууламжаа тоолж, бүртгэж, хянаж, хамгаалдаг, бүр ногоон байгууламжиндаа  кадастр хийлгэх ёстой. Энэ бүхнийг хариуцдаг эзэнтэй байх ёстой. Яагаад болохгүй гэж? Уг нь бол  хариуцдаг байгууллага  байдаг л байх, гэхдээ юу хийдгийг нь ёстой бүү мэд.  Нийслэлийн оршин суугч иргэн хүний хувьд битгий хэл энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний нүдэнд ч харагдаж үзэгдсэн зүйл маш бага байна шүү дээ. Угаасаа энгийн логикоор бодоход хот дотроо барилга байгууламж хооронд сул зай гаргаж, барилга хоорондын зохистой зайг бий болгож байж ногоон байгууламжийг дэмжих боломжтой. Яагаад гэвэл өнөөгийн Улаанбаатарын бүх барилга инженерийн шугамаа дагаад баригдчихсан. Дулаан, цэвэр бохирын шугам орсон талбар газар зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй. Газар эзэмшигч, ашиглагчдад ийм өндөр үнэтэй газрын метр квадрат тутмыг бүгдийг л ашиглаж барилга барих сонирхол үүснэ үү гэхээс түүн дээр мод тарих сонирхол лав үүсэхгүй. Арай гэж өндөр үнэ, зардлаар олж авсан газрынхаа улаан шугамны хилэнд тулгаад л байшин барихаа бодно. Бодлогоор дэмжлэг, зохицуулалтын систем гаргалгүй “газраа яах нь тэр хүний дур” гэж орхисны сөрөг үр дагавар. Бас барилга хооронд газар олголт хийсний үр дагавар. Энэ талаар ярьвал тусдаа бүр маш том сэдэв болно. Газар ашиглалтын бүсчлэл үүсгэж, газар ашиглалтын горим тогтоогоод түүгээрээ дамжуулж ногоон байгууламжийг дэмжиж болдог туршлага олон улсад байна.  

-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн талаар тусгагдсан юм байдаг юм болов уу?
-Тусгагдсан. Гэхдээ би тэр ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан хүн биш л дээ. Тэр ерөнхий төлөвлөгөөнд мэдээж хот төлөвлөгч, архитектор, эдийн засагч, инженер, газарзүй  гээд маш олон чиглэлийн хүмүүс оролцсон. Төлөвлөлтөд ногоон байгууламжийн өсөлтийг дэмжиж одоогийнхоос хамаагүй илүү ногоон байгууламжтай болж, эко хот болох талаар тусгасан байсан. Хот доторх болон орчмын голуудын сав газрууд буюу одоогийн ширгэсэн, урсац муу голууд, цэвдэгтэй газруудыг тэр чигээр нь ногоон байгууламж болгохоор төлөвлөгдсөн.
Гэхдээ...
Жишээлбэл ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчны шийдэлтэй хийгдсэн зураг төсөл нь маш гоё. Харамсалтай нь, газар дээр нь очоод харах юм бол тэс өөр дүр зураг харагдана. Аль хэдийн хэн нэгний том том хашаа баригдсан, эсвэл өөр зориулалтаар ашиглагдаад эхэлчихсэн. Төлөвлөлт амьдрал дээр ийм л байна. Хэрвээ Улаанбаатар хотын төлөвлөлтийн  зураг, олгогдсон газрын кадастрын зураг, бодит байдал гурвыг зэрэгцүүлж харвал ямар ч хүнд энэ төлөвлөлт хэрэгжихгүй гэдэг нь тодорхой харагдана. Гэх мэтчилэн төлөвлөлтийн итгэл үнэмшил манай хотод байхгүй болсон. Төлөвлөлтийг хэн ч зөрчиж болоод байгаагийн шалтгаан нь төлөвлөлт өөрөө хууль биш учраас эрх зүйн чадамжгүй болчихоод байгаа юм. Хот байгуулалтын тухай хуулинд ерөнхий төлөвлөгөөг “хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлнэ” гээд л заачихсан байдаг. Тэгээд зөрчих юм бол шалихгүй хариуцлагатай. Ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийгдсэнтэй холбоотойгоор үндсэн зохиогчид нь болон мэргэжлийн байгууллагуудаас Нийслэлийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг УИХ-д өргөн барьж хууль болгон батлуулах талаар хөөцөлдөж байгаа юм билээ. Одоогоор батлагдсан юм алга. 2012 онд харин УИХ-ын тогтоол болгож баталсан. Гэхдээ УИХ юм уу, НИТХ-ын тогтоол болгоод батлаад өнгөрчихөөр эрх зүйн чадамжийн хувьд зарим талаараа хүчин мөхөстөж байгаа юм. Дэлхийн зарим оронд ерөнхий төлөвлөгөөгөө хууль болгон батлуулж хэрэгжүүлдэг юм билээ.

ХАРХОРИН РУУ НҮҮЛГЭЕ ГЭЭД БАЙГАА НЬ ХАМГИЙН ШИЛДЭГ САНАА Ч БАЙЖ БОЛОХ...

-Бусад том хотын хувьд хотын төвдөө амьдрахад болон хөдөө орон нутагт шилжин суурьшихад татвар төлдөг жишээ бий. Улаанбаатар хотод энэ татварын тогтолцоог бий болгох талаар ажиллаж байгаа. Ийм боломж бий юу?
-Татварын тухай хуульд шинэчлэлт оруулах замаар хотыг татвартай болгох талаар яриад байгаа. Татвараар хотын асуудлыг шийднэ гэдэг бүр аргаа ядсан л хэрэг. Маш олон хүн амтай улсад л энэ арга хэрэг болно уу гэхээс гуравхан сая хүнтэй монголчуудын хувьд ямар ч хэрэггүй, бас л иргэдийн нуруун дээрх ачааг нэмж байгаа асуудал. Тэгээд ч үндсэн хуулинд заасан оршин суух, амьдрах газраа сонгох эрхээ эдлэхийн төлөө бусдаас илүү мөнгө төлөх, эсвэл хөдөө төрснөөрөө хотод амьдрах гэж мөнгө төлөх шударга бус нөхцөл байдалд орох ёсгүй юм. Судлаач хүний хувьд энэ бол буруу арга үүнээс дээр маш олон арга байгаа.

-Тэгвэл төвлөрлийг сааруулах өөр ямар арга байгаа байж болох вэ?
-Хөдөөнөөс ирж байгаа хүмүүсийг багасгая, төвлөрлийг сааруулъя гээд байгаа юм. Угаасаа төвлөрдөгөө төвлөрчихсөн. Дээд боловсрол эзэмших, өргөн сонголттой зах зээл, соёл, эмнэлгийн үйлчилгээ, өндөр цалинтай ажлын байр зэргийн төвлөрөл нь өөрөө дараа дараагийн төвлөрлийг үүсгэх нөхцөл болчихоод байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0,3 хувь болох Улаанбаатар хотод их дээд сургуулийн 75 хувь нь, банк санхүүгийн байгууллагын олгосон зээлийн 84 гаруй хувь, аж ахуйн нэгжүүдийн 71 хувь, худалдаа үйлчилгээний 80 хувь, их эмчийн 60 гаруй хувь нь төвлөрч байх жишээний. Нийслэлийн хувьд төвлөрлийг сааруулах биш, задлах, сарниулах гэж томьёолж ярих хэрэгтэй цаг үе нь иржээ. Миний бодлоор гурван түвшинд төвлөрлийг сарниулах шаардлага байна. Нэгдүгээрт, хотын дотоод төвлөрлийг сарниулах. Хот өөрөө дахиад төвдөө төвлөрчихсөн нь нийслэлийн иргэдийн дийлэнх нь ажилдаа ирэхдээ төвийг зорьдог болсноос харагдана. Хүн соёлын үйлчилгээ авъя гэхэд л хотын захад бол боломжгүй. Сайн эмнэлэгээр үйлчлүүлэхийн тулд, гайгүй бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд бас л хотын төвийг зорино. Хамгийн энгийн жишээ гэхэд л хотын захад номын дэлгүүр ч байхгүй. Баруун тийш гурав, дөрөвдүгээр хороолол, зүүн тийш кино үйлдвэрээс дотогш орон зайд л арай гайгүй гэсэн бүх худалдаа,  үйлчилгээ байршиж байна. Энэ бол хот доторх давхар төвлөрөл. Таван шард  эсвэл Нисэхэд амьдардаг хүн байлаа гэж бодъё л доо. Тэр хүний хүүхэд нь тэр хавьдаа цэцэрлэг сургуульдаа хамрагдаад, өөрөө тэндээ ажиллаад, соёл нийгмийн үйлчилгээгээ тэр хавиасаа авчихдаг  боломж нь нээлттэй байсан бол заавал хотын төв рүү өдөр бүр орж ирээд байх шаардлагагүй. Хотын захаар гэртэй хүмүүс хоногийн 24 цагийнхаа бараг 3-4 цагийг нь хотын төвийн замын түгжрэлд зарцуулж байна. Хүний богинохон амьдралын маш үнэтэй, хайран цаг хугацаа хий дэмий урсан өнгөрч байгаа биз. Тэгэхээр хот доторх дэд төвүүдээ эхлээд хангах ёстой. Энэ асуудлыг олон судлаач ярьдаг, хотын ерөнхий төлөвлөгөөнд ч зургаан дэд төв, хоёр үндсэн төв байгуулах талаар тусгагдчихсан. Одоо үүнийгээ байгуулах л хэрэгтэй. Хоёрдугаарт, бүс нутгийн хэмжээнд төвлөрлийг задлах. Хотын эргэн тойронд байгаа дагуул хот, жижиг суурингуудад ажлын байр, амьдрах таатай орчин бий болгох хэрэгтэй. Хотын хүмүүст хэрэгтэй туслах аж ахуй, бөөний худалдаа, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрүүд гэх мэтээр тодорхой чиг үүргийн хүрээнд төлөвлөж дагуул хот, суурингуудыг хөгжүүлэх замаар төвлөрлийг бүс нутгийн хэмжээнд задлах гэсэн үг. Татваргүй бүс болгох, тээвэр ложистикийн хөгжлөөр дэмжих гэх мэт аргуудыг хослуулж болно. 2030 оны ерөнхий төлөвлөгөөний тодотголд бас  ийм хандлага тодорхой хэмжээгээр тусгагдсан байгаа. Гуравдугаарт, төвлөрлийг улсын хэмжээнд задлах шалгарсан арга бол ерөөсөө л нийслэлийг нүүлгэн шилжүүлэх. Тухайн хоттой эн зэрэгцэхүйц засаг захиргааны үүрэг бүхий шинэ хот байгуулах нь төвлөрлийг задлах шалгарсан арга. Эхний хоёр арга бол томоохон хэмжээний өөрчлөлтийг богино хугацаанд үзүүлж чадахгүй. Ер нь суурин газарт татагдах, хот руу тэмүүлэх нь хүний нийгмийн жам ёсны үзэгдэл юм бол заавал нэг хотод төвлөрөх биш өөр өөр хотод төвлөрч яагаад болохгүй гэж. Магадгүй, тэр Хархорин руу нүүлгэе гээд байгаа нь хамгийн шилдэг санаа ч юм бил үү. Надад лав тэнд байгуулахад болохгүй гэх зүйлгүй харагддаг.  

-Асар их мөнгө төлөвлөгдөнө гээд байгаа. Монгол шиг хөгжиж байгаа оронд ахадсан зүйл биш үү?
-Хүмүүс хот байгуулна гэхээр бүх зүйлийг нь төр байгуулж өгнө гэж бодоод байдаг. Үнэндээ бол төрөөс төлөвлөлт, дэд бүтэц, зохион байгуулалт, зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчинг нь бүрдүүлээд өгөхөөр зах зээлийнхээ жамаар хот өөрөө хөгждөг. Шинэ хот байгуулах гэж ярьсан дээрээ Хархоринд нийслэлийг нүүлгэх талаар хувийн үзэл бодлоо яръя л даа. Ер нь бол говьд ч хот байгуулж болно. Хархоринд гэдгийн шалтгаан нь усны нөөц болон геоморфологи, инженер геологийн хувьд  харьцангуй тохиромжтой газар. Мөн Монголын эзэнт гүрний гал голомт, Монгол Улсын төв цэг хажууханд нь буюу Бүрд суманд бий. Энэ нь геополитик, орон зай, эдийн засгийн үр ашиг талаасаа ашигтай.
Баруун аймгийн хүн 2000-3000 км замыг туулж Улаанбаатарт ирдэг бол Хархорин нийслэл болсноор Монгол улсын хаанаас ч ижил зай туулж нийслэлдээ очих боломжтой. Улсынхаа төвд байгуулагдсанаар алслагдсан аймгуудынхаа хөгжлийг дэмжих, орон зайн хувьд жинхэнэ утгаараа нийслэлийн үүргээ гүйцэтгэх боломжтой болно.  Шинэ хот байгуулагдсан газар шинэ ажлын байр, шинэ хөрөнгө оруулалт, шинэ боломж бололцоо, цус сэлбэлт, урам зориг үүсдэг нь бусад орнуудын жишээ туршлагаар батлагдчихсан зүйл.
Хүмүүс Улаанбаатар хот эзгүйрчих юм шиг яриад байгаа. Тийм зүйл бараг болохгүй л болов уу. Дэлхийн улсуудын багагүй хувь нь нийслэлээ нүүлгэж байсан. Тэгээд буруудсан жишээ бол алга. Улаанбаатар хотын оршин суугчдаас тодорхой хэсэг нь ажил амьдралын шаардлагаар нүүнэ, зарим нь хүсэл зоригоороо нүүнэ. Үүний үр дүнд  Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хэмжээгээр задарна. Энэ мэт олон талын ашиг бий. Тэгэхээр үүнийг зоригтой л хийх хэрэгтэй. Мэдээж нэг улс төрийн хүчин, нэг засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд шийдэгдэх асуудал биш. Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажлын хүрээнд шийдэгдэх урт хугацааны стратеги бүхий ажил юм. 

-Улаанбаатараас их дээд сургуулиудыг гаргачихвал төвлөрлийн асуудлыг шийдчихнэ гээд байгаа. Энэ тал дээр юу гэж бодож байна?
-Энийг би хувьдаа дэмждэггүй. Төлөвлөлт, зураг төсөлтэй нь танилцаж байсан. Дэлхийн хаана ч бүх их дээд сургуулиудаа нийлүүлээд нэг хотхон болгосон тохиолдол байхгүй. Тэгээд тэр хот нь зөвхөн сурах зорилготой 150 мянган хүнтэй гээд байгаа юм. Дархан хот 150 мянган хүн амтай шүү дээ. Тийм хэмжээний дан залуучуудын хот байгуулна гэж хэзээ ч бүтэшгүй асуудал. Ингэж хот байгуулна гэж байхгүй, хотын асуудал ингэж шийдэгддэг ч юм биш. Тэгээд тэр хотхон, хот байгуулах асуудлыг Боловсролын чиглэлийн яам хариуцаж байгаа нь бүр ч буруу.
Бүх их сургуулийг биш ч  зарим их дээд сургуулийг гаргаж болох юм. Гэхдээ учиртай гаргах хэрэгтэй. Сургуулийн онцлог, сургалт, дадлагын баазын шаардлага, нөхцөл зэргээс хамаарч тухайн орон нутгийн нөхцөл байдалтай зохицох байдлыг хотоос гаргаж болох юм. Ер нь аль ч улсад хотын нэг элемент нь оюутан, их дээд сургууль  байдаг. Хотын бүтцэд заавал оюутан, залуусын орон зай байх ёстой. Тэгж байж хотын эдийн засаг, бизнесийн зарим хэсэг нь урагшлах учиртай.
Хамгийн гол нь нэг ойлгомжгүй зүйл байна.  Их, дээд сургуулийн хотхоны төлөвлөлтөд зөвхөн оюутнуудын асуудлыг л яриад байгаа юм. Тэнд ажиллах багш ажилчдын талаар огт ярихгүй байна. Багш нар өдөр бүр 140 км газар явж ажиллах уу, эсвэл тэндээ амьдрах уу? Тэндээ амьдарлаа гэхэд гэр бүл, үр хүүхэд нь хотод байх юм уу? Цуг байх юм уу? Цуг байвал гэр бүлийнхэн нь хаана сурч, хаана  ажиллах юм зэрэг олон асуудал бий. Нийгмийн чухал нэгж болох гэр бүлтэй байх төрөлх эрхийг нь хааж боосон ийм төлөвлөлт хэзээ ч хэрэгжихгүй.

-Багш нарынх нь талаар огт тусгаагүй гэж үү?
-Би төлөвлөлт хийсэн хүмүүсээс нь олон удаа асуухад “багш нар өөрсдийгөө бодоод байх юм, оюутнуудаа бод л доо” гэсэн хариултаар ам таглаж байсан. Оюутнууд дөрвөн жил сураад явчихна, харин багш нарын ихэнх нь нэг насаараа шахуу тэнд ажиллана гэдгийг бодох хэрэгтэй баймаар.

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТУХАЙН ОРШИН СУУГЧИЙН СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД  ХОХИРООХГҮЙГЭЭР НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ӨГДӨГ БАЙХ ЁСТОЙ

-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэлээн маргаан дэгдээж байна. Энэ талаар?
-Гэр хорооллын дахин төлөвлөлт бол 2012 оны Нийслэлийн сонгуулийн гол цөм байсан. Мэдээж энэ зөв үйл ажиллагаа. Хотыг улам тэлээд байх биш байгаа орон зай дотроо хэрхэн зөв төлөвлөлт хийх вэ гэдэг асуудал. Дахин төлөвлөлтийг хүмүүс янз бүрээр хүлээж авна. Барилгын компаниудын хөрөнгө мөнгөний дутагдал, иргэдийн хүлээж авах байдал, газрын нөхөн олговрын үнэн дээрээ тохиролцохгүй байгаагаас шалтгаалж удааширч байх шиг байна. Гэхдээ хүний оршин суух, өмчлөх зэрэг жам ёсны эрхүүдийг хөндөж байгаа учир иргэдийг буруутгах аргагүй юм. Механизмын хувьд төрөөс хүчээр үнэ тогтоож шийднэ гэвэл утгагүй л дээ. Төрөөс газрын нөхөн олговрын үнэлгээ боловсруулах гээд ажлын хэсэг гэж байгуулагдахад нь би “үнийг төрөөс хүчээр тогтоож болохгүй, энэ ажлын хэсгийг тараая” гэж хэлээд болиулж байсан. Энэ бол хүмүүсийн тохиролцоо, зах зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал. Төр иргэдэд үнэ тулгаж болохгүй тэгвэл энэ зах зээл, шударга ёс биш зүгээр л боловсон луйвар болж хувирна. Гэхдээ төлөвлөлт хийгдэж байгаа байршил бүрт  иргэд гэсэн нэрийн дор хэт шуналтаж байгаа ганц хоёр хүн бий л дээ. Хоёр өрөө байр өгье гэхээр гурвыг  авна гээд, гурвыг өгье гэхээр дөрвөн өрөө авна гээд байдаг “алтан загасны эмгэнүүд” ч мэр сэр бий.

-Гэхдээ ганцхан монголчууд тийм шуналтай хүмүүс биш байх. Олон улсад ч ийм жишээ гарч байсан, шийдэж байсан л болов уу. Жишээ нь японд онгоцны буудал барих гэхэд ганцаараа эсэргүүцэж үлдчихээд, жил бүр Засгийн газраасаа “амгалан тайван байдал алдагдуулсан” гэж мөнгө авдаг хүн бий. Тэгэхээр олон улсын жишээ авбал?
-Өөрийнх нь өмчилдөг, эзэмшдэг газрыг нь зөв шударга үнэлж нөхөн төлбөр өгөхгүй байгаа тохиолдол хаа сайгүй. Ийм тохиолдолд эсэргүүцэж байгаа иргэдийн зан төлвийг шунал гэж хэлж болохгүй л дээ. Бусдаас зөрсөн ганц нэг сондгой тохиолдлууд байна.  Жишээлбэл өөрийн тань ярьж байгаа Японы онгоцны буудлын жишээ. Энэ жишээ бол Япон улс хүний эрхийг дээдэлдэг гэх имиж нь болсон байх. Япон хангалттай нөхцөлийг нь өгч хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн биз ээ. Магадгүй, тэр хүнд мөнгөөр үнэлэгдэшгүй зүйл тэр газарт нь байсан байж болох юм. Би энэ талаарх асуудлыг оюутнуудад хичээл дээр үзүүлдэг. Тэр зургаасаа таньд үзүүлж болно шүү.
Хятадад бол харин эсрэгээрээ буюу хүч хэрэглэсэн маягаар шийддэг. Цахилгааныг нь таслаад, тойруулж газар ухах гэх мэтээр шийдчихдэг. Энэ бол мэдээж зөв, сайн арга биш л дээ.
Ингээд улс орнуудын дахин төлөвлөлтийн арга зүйг харьцуулж харах юм бол улс төрийн тогтолцоо, эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад энэ мэтчилэн өөр өөр байна. Газрыг дахин хуваарилах, дахин төлөвлөх гээд олон арга бий л дээ. Гэхдээ л ямар ч тохиолдолд тухайн оршин суугчийн өмнө амьдарч байсан орчноос бууруулахгүй, сэтгэл санааны хувьд  хохироохгүйгээр нөхөн төлбөрийг өгдөг л байх ёстой.

УЛААНБААТАР ХОТ НЭГ Л ӨДӨР ТЭСЭРЧ МАГАДГҮЙ БӨМБӨГ ШИГ Л БОЛЧИХСОН БАЙНА

-Хот төлөвлөлтөнд аюулгүй байдлыг хэр тусгасан байдаг бол. Яг үнэндээ би Улаанбаатарт амьдрахаас айдаг. Улаанбаатарт аюулгүй байдлыг хангасан байдал үнэхээр байхгүй болов уу. Энэ талаар хот төлөвлөлтөнд яаж тусгадаг юм бэ?
-Мэдээж хот төлөвлөлт тодорхой баримтлах норм дүрэм стандартуудын хүрээнд явагдана. Гэхдээ бодит байдал, норм дүрэмд тусгагдсан байдал хоёр маш зөрүүтэй харагддаг. Мөн аюулгүй байдалд чиглэсэн төлөвлөлт маш багатай, төлөвлөсөн байсан ч хэрэгжихгүй байх нь түгээмэл. Суваг, шуудуу далангууд бөглөрсөн, эвдэрсэн, галын аюулын үед ашиглах усны цоргууд байдаггүй, хороолол гудамжууд орц гарцаа хаасан, өндөр хүчдэлийн доор, үерийн зам газар айлууд зөвшөөрөлгүй буусан байдаг гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдал хаа сайгүй. Тэр битгий хэл халдвартын эмнэлэг нь орон сууц, задгай захын хажууд байрладаг, оршуулгын газрууд гэр хороололтой хаяа нийлсэн, ундны усны хяналтын талбай дээр орон сууцны хороолол баригдсан гэх мэтээр  эрүүл ахуй, ариун цэврийн наад захын стандартыг зөрчсөн байдал нь  энэ хотын сөрөг дүр зураг. 
Хараагүй хүмүүст зориулсан хавтангууд дээр хүртэл замд нь шон зоочихсон, сандал тавьчихсан ч байх шиг. Ер нь хот төлөвлөлтийн цаад утга нь бол хүнийг тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангана гэдэг л зорилготой байдаг юм шүү дээ. Гэтэл одоо бол цаад агуулгаа орхигдуулж ашиг хонжооны нүдээр газрыг, хот төлөвлөлтийг харж байгаа учраас аюулгүй байдлын асуудал үнэхээр орхигдсон. Цаашдаа анхаарах л байх.

-Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын аюулгүй байдлыг хангасан норм дүрэм, стандарт байхгүй гэж үү?
-Байгаа байгаа. Галын аюулгүй байдал, ус суваг гээд бүгд тус тусдаа норм дүрэм, стандарттай. Гагцхүү хэрэгжүүлэлт нь л тааруу байгаа юм. Хэрэгжүүлэлтийн шатан дээр ирэхээрээ мөнгө байхгүй, хэрэгжүүлэх субьект байхгүй гэх мэт. Одоо бол улстөрч бизнесменүүд бүгдээрээ л ашигтай мөнгө олж болох, богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг хандуулж болох асуудалд л анхаарлаа хандуулж байна.

-Улаанбаатар хот өнөөдөр ачааллаа даахгүй хүндхэн л байх шиг байна. Цаашид “үүнээс цааш тэсэх боломжгүй” гэх тэр мөч байх болов уу. Эрсдэлт хүчин зүйл хэр бий вэ?
-Байгаа. Улсын хүн амын тал орчим хувь нь нэг хотод төвлөрнө гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хувьд маш аюултай нөхцөл байдал. Газар хөдлөлт, халдварт өвчин, байгалийн гамшиг, дайн дажин боллоо гэхэд хүн амын тал хувь нь нэг дор байгаа тохиолдолд илүү аюултай. Ийм аюултай нөхцөл байдал хэдийнээ үүсчихсэн. Улаанбаатар хот нэг л өдөр тэсэрч магадгүй бөмбөг шиг л болчихсон байна. Төдийд өдийд гэж хэлэх боломжгүй. Маргааш ч тийм нөхцөл байдал үүсч магадгүй.

ХОТТОЙ ХОЛБООТОЙ ГАДНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭС ЗЭЭЛИЙН ӨР ТӨЛБӨР НЬ Л ҮЛДДЭГ

-Судлаачдынхаа үгийг сонсдоггүй юм болов уу, яагаад судалгаа шинжилгээн дээр тулгуурласан дорвитой ажлууд нийслэлд хийгддэггүй юм бол оо?
-Судлаачид ажлаа хийгээд л байдаг. Тэр нь даанч баахан цаас болж энд тэндэхийн төслийн архивуудад үлдээд, тэрийг нь хэн ч эргэж хардаггүй. Тийм болохоор давхардсан судалгаа их хийгддэг. Дээрээс нь хот байгуулалттай холбоотой япон, америк, солонгосын гээд гадны төсөл хөтөлбөрүүд маш их хэрэгждэг. Эдгээрийн ажил нь хоорондоо уялдаагүй. Бүгдээрээ монголын хот суурингуудад ашиглах боломжтой  гэгддэг ч түүнийг нь холбогдох албан тушаалтнууд авч ашиглах нь бага. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд  олон сая долларын санхүүжилттэй боловч гадны мэргэжилтнүүдийн цалин, томилолт, сургалт гэх мэт биет бус байдлаар зарцуулагдаад дуусдаг. Эцсийн үр дүн нь шийдвэр гаргах хүмүүстээ хүрч чаддаггүй.  Ажил хэрэг болдоггүй шахуу. Харин Монгол Улсад  төслийн зээлийн өр төлбөр нь л  үлддэг.
Сүүлийн үед авууштай нь судлаачдын дуу хоолойг сонсьё гэх санал ирэх болж.

-Удахгүй утаа эхэлнэ. Ер нь Улаанбаатар хэдэн жил утаатай байчихав аа. Хэдэн жил утаатай байгаагаа ч мартчихаж. Бусад улс орон томоохон хотуудынхаа утааны асуудлыг хэдэн жилд шийддэг юм бол оо?
-Лондон, Токио гээд олон жишээ бий л дээ. Энэ бол тухайн улс орных нь байгаль цаг уурын онцлог, эдийн засгийн байдал, техник технологийн  хөгжлөөсөө хамаардаг зүйл.  Агаар цэвэршихээ хүрвэл нэг өдөр хүчтэй салхи гарахад л цэвэршинэ. Гол нь эх үүсвэртэй нь тэмцэх асуудал юм.  Улаанбаатарт байгаа 620 мянган авто машинуудын 70-аас дээш хувь  нь арваас дээш жил ашиглагдсан байдаг, мөн  гэр хорооллын 180 мянган орчим өрх айлын зуух түүхий нүүрс хэрэглэдэг гээд  сөрөг тоо баримт дурьдаж болно.   Дээрээс нь ногоон байгууламж муутайгаас болоод тоосжилт өндөртэй. Тэгэхээр гэр хорооллын барилгажилт, дахин төлөвлөлт бол яалт ч үгүй нэг гарц мөн. Гэхдээ яг цагаа тулахаараа иргэдийн ухамсар, эдийн засгийн нөхцөл байдал хоёр л чухал юм билээ. Жишээ нь, айлууд байшин саваа янзалж, дулаалаад маш бага хэмжээний нүүрс түлж амьдрах боломжтой. Дулаан хэмжигчээр хэмжээд үзэхээр зарим айл шүүрэн шанага шиг л дулаан алдалттай байдаг. Тэгж дулаан алдах бүртээ гал түлж, түлэх бүрт нь утаа ялгарна. Тэгээд дулаалга хийчих гэхээр мөнгө төгрөг байхгүй гэх мэтээр дургүйцдэг.

-Америкт явж байхдаа харахад Улаанбаатарт метро барина гэж үнэхээр үлгэр юм байна даа л гэж бодож байлаа. Газар доогуурх тэр том байгууламжийг энэ замбараагүй баригдсан барилгуудын дор яаж хийх вэ. Манайхан чинь шугам сүлжээгээ засварлах гээд л шинэхэн замаа хуу татчихдаг улс шүү дээ.
-Улаанбаатар хотод метро байгуулвал уг нь сайн. Саяас дээш хүн амтай хотод зайлшгүй байх ёстой зүйл. Гэхдээ метроны хувьд инженер геологийн хувьд нөхцөл хэцүү. Ялангуяа улирлын хөлдөлт гэсэлт ихтэй, цэвдэгт үзэгдэл халиа тошингоос үүдсэн хөрсөнд суулт, овойлт үүсдэг нь эргээд гэмтэл эрсдэлд оруулах гэх мэт асуудал ихтэй. Дээрээс нь газар доогуурх байгууламжийг бий болгохын тулд дээр байгаа газрыг хөндөхгүйгээр шууд доошоо орж барина гэдэг бол технологийн хувьд асар хэцүү. Зардал ихтэй. Гол нь эргээд зардлаа нөхөх үү гэдэг л том асуудал байна. Толгойтоос Амгалангийн хооронд явдаг нөгөө рейлбус шиг алдагдалтай ажиллаад эхэлвэл яах вэ? Сайн судлах, тооцоолох л хэрэгтэй.

БҮХ ХҮНД ХАШААГАА ЗҮЛЭГЖҮҮЛЖ, МОД БУТААР ДҮҮРГЭХ ЭРХ БАЙГАА Ч ТӨР ЗАСАГ, ХОТЫН УДИРДЛАГУУДЫГ Л ШҮҮМЖЛЭХЭЭС ӨӨРИЙГ ХИЙДЭГГҮЙ
-Би өөртэй чинь ярилцаж эхлэхдээ 2030 он хүртэл төлөвлөлт хийгдчихсэн юм байна, болох юм байна гэж бодтол сүүлдээ бүр хөгжил гэдэг зүйл ярих тусам улам алсраад байх юм. Яагаад тэр вэ?
-Ер нь их хэцүү асуудал шүү дээ. Хүн ирээдүйг тааж зөгнөж ярьж байгаа ч юм шиг. Харамсалтай нь ерөнхий төлөвлөлт хэрэгжихгүй байх магадлал өндөр байна. Тийм гэх шинж нь олон талаасаа бүрдчихсэн. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, төсөв нь хаа байгаа юм. Эхнээсээ зөрчигдчихсөн байгаа газрууд нь хүмүүст зөрчөөд байж болдог юм байна гэдэг бодлыг төрүүлж байна. Ямар ч ерөнхий төлөвлөгөөн дээр дархан цаазат Богдхан уулыг ийм их барилгажилттай хаус хороолол болгоно гэж төлөвлөөгүй. Зүгээр ч нэг байгалийн тусгай хамгаалалттай газар биш, тусгай хамгаалалттай газрууд дотроо хамгийн өндөр хяналт, горимтой дархан цаазат газар. Гэтэл  нүдэн дээр ийм их барилга баригдчихсан байхад бид ерөнхий төлөвлөгөө яриад утгагүй шахуу болчихоод байгаа нь үнэн л дээ. Гэхдээ миний хувьд  шантарч суухыг хүсэхгүй байна. Өөрийнхөө зүгээс хийж чадах бүхнээ хийж, сурсан мэдсэн зүйлээ ч зориулах болно. “Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болов лаа асаа” гэж үг байдаг даа.
Улаанбаатарчууддаа ч уриалмаар байна. Муу муухай болж бүтэхгүй зүйлд битгий бууж өг. Өөр өөрсдийнхөө зүгээс болгож бүтээх чадах зүйлсээ хийцгээе. Энэ хотод бидний л үр хүүхэд амьдарч, ажиллана.

-Нийслэлийн хөгжилд иргэдийн оруулах хувь нэмэр гэвэл юу байх вэ?
-Үнэндээ хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд саад болж байгаа нэг зүйл бол иргэдийн ухамсар. Иргэд хэчнээн баян мөнгөтэй болсон ч, энэ хотыг бүрэн барилгажуулсан ч өөрсдөө ухамсаргүй байвал энэ хот “хот” болж чадахгүй. Өнөөгийн нийгэмд Монголчууд бүх зүйлийг шүүмжилдэг болсон байна. Оршин суугчид  СӨХ-ны даргаасаа эхлээд хотын даргыг хүртэл бүгдийг л шүүмжилж байна. Шударга зөв шүүмжлэл байлгүй яахав. Гэхдээ аливааг  шүүмжилдэг шигээ асуудалд  ухамсартай хандах хэрэгтэй.  Өрөөл бусдыг шүүмжилж байгаад яг тэр асуудал нь өөр дээр нь буухаар л шал өөр болчихдог. Шог зураач С.Цогтбаяр хэчнээн сайхан шог зургуудтай, зөв зүйл ярьж бичдэг хүн билээ. Гэтэл тэр хүний гараашийг нүүлгэх болоход олон нийтийн сүлжээгээр дүүрэн асуудал болгосон.  Эсэргүүцсэн. Би гараашаа нүүлгэж чадахгүй гэсэн. Үнэндээ тэр гараашийг нүүлгэх нь зөв байхгүй юу. Эргэн тойронд нь хүмүүс шээнэ, хог тарина, хотын өнгө үзэмжийг дарж байгаа нэг төмөр гараашийг нүүлгэж жигдрүүлэх гэсний төлөө тэр хүн урьд нь ярьж байсан үзэл баримтлалаасаа өөрөө ухарч байгаа биз дээ. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг л дүр зураг. Бүх хүн хашаагаа битүү зүлэгжүүлж, мод бутаар дүүргэх эрх байгаа. Гэвч хэн ч хийдэггүй, төр засаг, хотын удирдлагууд гээд л шүүмжлээд суугаад байдаг.

-Өөрийг чинь хотын дарга болгоод, энэ хотын цаашдын хөгжлийг ядаж зөв голдиролд оруулах алхам хийгээч гэвэл өөрөө юу хийх вэ?
-Би метро барина, утаанаас салгана гэх мэтчилэн юу ч ярьж болно л доо. Гэхдээ Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бүх ажлыг тогтвортой урт хугацаагаар хэрэгжүүлэх залгамж бодлого гэж зүйлийг л гаргаж ирнэ. Дараа нь өөр хотын дарга гарч ирсэн ч тэр ажлыг нь тогтвортой үргэлжлүүлэх тогтолцоо байх ёстой. Тийм урт хугацааны менежмент монгол улсад хамгийн их дутагдаж байна. Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөлтүүд  удаан хугацаагаар хийгддэг байх ёстой.  
-Ярилцлага өгсөнд баярлалаа