Monday, 3 November 2014

Ч.Ундрам: Нийгэмд баялаг бүтээдэг нь КОМПАНИУД, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУД байдаг

iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын булангийн шинэ зочныг та бүхэндээ уулзуулж байгаад баяртай байна. 
Энэ удаа бид оюуны их далай болсон МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамтай ярилцлаа. 
АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, Англид Бизнесийн удирдлагаар бакалавр, магистрын зэргээ хамгаалж Япон улснаа доктор болсон тэрбээр өнөөгийн шинжлэх ухаан, боловсролын салбарт тодрон гарч ирж буй чадварлаг залуу эрдэмтдийн нэг билээ. 
Ч.Ундрамын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж түүний дисертацийн ажлыг Amazon.com дээр 64 доллараар борлуулж байна. 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилж байна. 

- Уншигчдад маань зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Баярлалаа.

Аав, ээж маань Свердловск  хотод оюутан байх үед би тэнд төрж өссөн. Монголдоо ирээд 23-р сургуульд суралцаж байгаад солилцоогоор АНУ-д ахлах сургуулиа төгссөн.  
Үүний дараа Англид бакалавр, магистрийн зэргээ хамгаалаад Монголдоо ирж нэг жилийн хугацаанд MCS болон Голомт банкинд ажиллаж байгаад Япон улсад докторын зэрэг хамгаалахаар явсан.Нагояагийн их сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан. 

- Таныг их сайн зураач гэж сонссон юм байна. 
- Бага байхад гэрт маань зураач Т.Нурмаажав хамт амьдардаг байлаа. Бид хоёр нэг өрөөнд хамт байсан.  Энэ хүнээс бурхан зурах арга барилыг заалгаад зурдаг болчихсон байсан. 
Ингэхдээ бурхан шашны цаад нарийн утга учрыг нь мэддэггүй л зурдаг байлаа. Энэ үед би өөрийгөө зураач болно гэж боддог болсон байв. Тэгсэн эмээ маань бурханг хамаагүй хүн зурж болдоггүй юм, чи болохгүй байх аа гэсэн. Тэгээд ч удалгүй зах зээл болж надад зургийн хэрэгсэл зэргийг  авч өгөх боломжгүй болсон. Бас дүүтэй ч болсон. Ингээд зургаа хаясан даа. 
Харин Америкт очсон хойно зургийн хичээл сонгоод эргээд зураг зурах сонирхол маань сэргэсэн. Сюрреалист зургуудад сонирхолтой болоод Сальвадор Далиг шүтдэг болсон. Урлагийн талаар арай илүү ойлголт, мэдлэгтэй болж авсан үе байв. Тэндээ уран зургийн үзэсгэлэн гаргаж зургаа зарж олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа. Зураач болохоор тухайн үедээ өөртөө шийдчихсэн байсан.  Савенна арт коллежид орохоор материалаа өгөөд тэнцчихсэн байсан үе. Харин Монгол зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй амьдрал хэцүү байсан. Ялангуяа урлагийнхны амьдрал сайнгүй байсан гэдэг. 
Тиймээс ч аав, ээж маань зураач болох саналыг маань дэмжээгүй. Монголд ирээд чамд ажлын байр олдохгүй, айлын том хүүхэд хариуцлагатай байх ёстой гэж сануулсан. Эцэг, эхийнхээ захиасыг ойлгож ухамсарлаад бизнесийн удирдлагаар суралцсан юм. 
Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Европоос ирсэн найз маань Английн тухай их ярьдаг байсан. Тиймээс ч Англи руу бизнесийн сургуульд элсэхээр болж Их Британид оюутан болсон. 

-  Одоо зургаа зурдаг уу?
-  Хааяа цаг заваараа зурахыг хичээдэг. Гэхдээ залуугийнх шигээ онгод ордог үе өнгөрсөн байна лээ. Одоо дуурайж зурж техникүүдээ сэргээж байгаа. Гэхдээ будаг шунх нэлээн хурц үнэртэй учраас нялх хүүхдэд маань сайнгүй байна. Дээрээс нь үндсэн ажил маань их байгаа учраас төдийлөн зурж чадахгүй л байна. 

- Монголд ирсэн хойноо хамгийн анх “Дэлхийн зөн” байгууллагад ажиллаж байсан гэсэн. Тэнд ямар ажил хийдэг байсан бэ?
- Тийм ээ. 
Эх орондоо ирсний дараа сонин эргүүлж байтал “Дэлхийн зөн”-д ажилтан авна гэсэн зарын дагуу гүйж очоод шалгалт өгөөд тэнцсэн. Энэ байгууллагад ердөө нэг сар ажилласан. Гэхдээ нэг сарын хугацаанд Долоон буудал, Амгалан, Шар хад гэсэн газруудаар явж жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүст хичээл заадаг байсан. Хэрхэн бизнес төлөвлөгөө гаргах, санхүүгээ хянах, нягтлан бодох бүртгэлээ яаж хийх, зээл авах гэх мэт хичээл заадаг байсан. 
Миний хувьд бүх л төлөвшлийн үеэ гадаадын сайхан оронд өнгөрүүлсэн. Тиймээс нэг сарын хугацаанд ч болов Монголынхоо жинхэнэ бодит амьдралтай танилцах боломж байсан болов уу. Хүмүүс үнэхээр хэцүү амьдарч байгаа юм байна. Ийм амьдрал маш их байна гэдгийг сайн ойлгож авсан. Нэг сар болох хугацаанд бүх гутлын өсгий маань байхгүй болж байх жишээтэй. Үнэхээр захын хороололд амьдрал ямар байгааг ойлгож, мэдэрсэн. Тэр үед миний хичээлд ихэвчлэн эмэгтэйчүүд ирдэг байлаа. Тэд ирээд зовлон, жаргалаа их ярина. 
Сургалтад маань маск оёж зардаг нэг эмэгтэй ирдэг байлаа.  Харамсалтай нь нөхөр нь ирээд зодож, дарамталж байгаад эргэлтийн мөнгийг нь авчихдаг байсан. Хаяа хичээлдээ ирж чадахааргүй болтол гэмтчихнэ. Ийм амьдрал маш их. Тухайн үед би өөрөө нас бага байсан учраас энэ бүгдийг сонсоод сэтгэлээр их унадаг байлаа. 
Түүнээсээ болж ядаргаанд ороод өвдөөд ажлаасаа гарахаар шийдсэн. Аав, ээж хоёр маань намайг залуу хүн юм чинь өөр ажил хий, харин жаахан төлөвшсөн хойноо ийм олон нийтийн ажил хийх нь дээр юм байна гэсэн. 
Үүний дараа мөн л сонин эргүүлж суутал “Голомт” банк ажилтан авна гэсэн зар байсан.  Ингээд "Голомт"-ын Нөөцийн удирдлагын газар орсон. Тэндээс банкны үйл ажиллагааны талаар ойлголттой болсон. Ингээд ажиллаж байтал MCS-ээс ажлын санал ирж MCS-т ажиллахаар шийдсэн дээ. 
- Удалгүй Япон явсан байх. Тийм үү?
- Тийм ээ. 
Монголдоо ирээд нэг жил болсон хойно юм. Бас л сонин эргүүлээд сууж байтал Японы Засгийн газрын тэтгэлэгт магистр, докторт сурах шалгалтын зар гарсан байсан. Шалгалт өгөөд шат шатанд нь тэнцээд доктор хамгаалах боломж бүрдсэн юм. 
РИО ТИНТО, "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР", “ЭРДЭНЭС МОНГОЛ”, МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЗЭРЭГ ОЛОН ТӨСӨЛД ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ ӨГЧ БАЙСАН

- Докторын ажлынхаа тухай тайлбарлаж өгөхгүй юу?
- Анх Японд очсон хойно судлаач оюутан статустай болсон. Нэг жил хэл соёлыг нь сурах, докторын шалгалтад бэлтгэх хугацаа өгдөг юм байна лээ.
Мөн удирдагч багш маань миний хандлагыг ажигладаг нэг жил өнгөрсөн. Тэр хооронд мөн докторын сургалтанд тэнцчих юм бол ямар судалгааны ажил хийх вэ гэдгээ бичиж өгдөг. 
Нэг жил бодсоны дүнд докторын ажлаа нийгмийн аливаа  асуудлыг шийдсэн судалгааны ажил хийвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Монгол Улсад хог, утаа гээд олон асуудал байдаг. Гэвч би инженер хүн биш бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан учраас эдийн засгийн ухааны доктор зэрэг горилж байсан. Тиймээс миний хувьд дээрх сэдвүүдийг барьж авахад жаахан хүнд байсан.
Гэхдээ хүндрэлтэй байсан ч тухайн үед агаарын бохирдлыг  хэрхэн бууруулж болох вэ гэсэн санал бичээд докторын сургалтад тэнцэж байлаа. Харин дараагаар нь энэ талаар тоон мэдээлэл, судалгаа Монголоос олдоход хүндрэлтэй тулгарсан. Удирдагч багш маань Тоёота, Сумитомо зэрэг Японы хамгийн том корпорациудад оптимизацийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хүн.
Оптимизаци гэдэг нь аливаа үйл ажиллагааг хамгийн зөв дараалал, урсгалд тооны аргаар оруулахыг хэлнэ. 
Багш нар маань докторант оюутнуудаа судалгааны туслах ажилтнаар ажиллуулдаг. Заримыг нь хичээл заалгаж хичээлийн туслах ажилтнаар ажиллуулдаг. 
Бид нар удирдагч багшийнхаа аль хий гэсэн бүгдийг нь хийж судалгааны арга зүй, хичээл заах арга зүйд суралцаад явдаг байсан. Энэ хугацаанд надад оптимизаци хийж байгаа аргачлал нь маш их таалагдсан. Энэ л Монголд хэрэгтэй юм байна. Аливаа үйл ажиллагааг сайжруулахын тулд нухацтай харж, тооцоолохгүй бол маш их үр ашиггүй зардал гардаг гэдгийг ойлгосон. 
Нэгдүгээрт, аливаа нийгэмд баялаг бүтээдэг нь компаниуд юм байна. Хоёрдугаарт шинжлэх ухааны байгууллагууд юм гэдгийг ойлгосон.  Компаниудыг чадавхжуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн гарц болдог юм байна гэдгийг тэндээс ойлгосон. 
Миний хувьд 22 -26 насандаа Японд амьдарч докторт суралцсан.  Залуу хүний хувьд эд төлөвшлийн үе минь байсан гэж боддог. 
Тухайн үед ч одоо ч манай улсын голлох салбар уул уурхайн салбар байна. Аав маань геологич мэргэжилтэй. Тиймээс ааваараа дамжуулж Монголоос мэдээлэл, туршлага авах боломж байгааг олж харсан.  Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан.  
Бодоод байхад доктор хамгаална гэдэг аргачлалыг нь сураад ууланд авирахтай адил.
Нэг уулын оргил дээр нь гарсан хойноо түүний цаана маш олон өндөр, нам уул байгааг олж хардаг болов уу. 
Тэгэхээр хийх зүйл улам их нэмэгдэж, танин мэдэх хэрэгцээ тэр хэрээр ахиж, мэдэхгүй зүйл тэр хэмжээгээр томорч байдаг. 
- Таныг оптимизацийн чиглэлээр Монголд олон компанид зөвлөгөө өгсөн гэж байсан. Яг ямар байгууллагуудад зөвлөгөө өгч байв?
- Янз бүрийн олон компанид зөвлөгөө өгч байсан. Рио Тинто, "Эрдэнэт үйлдвэр", “Эрдэнэс Монгол”, Мянганы сорилтын сан зэрэг олон төсөлд зөвлөгөө өгч сургалтууд өгч байсан.

Компанид хамгийн гол зүйл нь төлөвлөлт байдаг. Төлөвлөхийн тулд өөрсдийнхөө юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг мэдэх хэрэгтэй. Зөв төлөвлөөд бүтэц, бүрэлдэхүүнээ зохион байгуулаад явах ёстой.

Миний хувьд Харвард Бизнес сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро институтын Монгол дахь координатораар ажиллаж байгаа. Үүний хүрээнд улс орны өрсөлдөх чадварын судалгааг хийдэг. Энэ ажлыг доктор, профессор Х.Цэвэлмаа гэж мундаг хүнтэй хамтарч хийдэг. 

- Тухайлбал "Эрдэнэт үйлдвэр"-т өгсөн зөвлөгөө хэр биеллээ олсон бэ?
- “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр жилийн төсөл байсан. Маш том үйлдвэр. Бүх үйл ажиллагаа нь их нарийн. Орос, Монгол соёл холилдсон олон төрлийн үйл ажиллагаа тэнд явагддаг. Зөвхөн уурхайгаас гадна зочид буудал, зоогийн газар гээд олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Энэ бүгдийг маш сайн мэдэж байж бизнес төлөвлөгөө сайн гардаг. 
Энэ гаргаж өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, авч явах гол хүн нь гүйцэтгэх захирал. Эрдэнэт үйлдвэрийн тухайд бидний гаргаж өгсөн бичиг баримтыг маш их хэрэгтэй гэж хүлээж авсан. Заримыг нь хэрэгжүүлсэн байдаг. Улсын үйлдвэр учир улстөрийн нөлөөлөл ихтэй. Дарга нь солигдохоор өмнөх бодлого нь байхгүй болж зарим нэг зүйлийг өөрсдийнхөөрөө эхлүүлж байгаа зүйлүүд харагдаж байна. 
Хувийн компаниудын тухайд өөрсдөө мөнгөө төлөөд зөвлөгөө авч байгаа учир тэд аль болохоор ихийг мэдэж, илүү сайныг нь хийлгэхийг, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсдэг.  Бидний хувийн компаниудад өгсөн консалтинг илүү үр дүнгээ өгч байгаа харагддаг. 
- Бид нар гэж ярьж байна. МУИС-иас гадна өөр хувийн компанитай гэсэн үг үү?
- Манай багш нар гэсэн үг. Бизнесийн сургуулийн багш нар маань энэ чиглэлийн консалтинг хийдэг. Бизнесийн сургууль маань Бизнес консалтинг төвтэй.  100 гаруй багштай. Зөвлөгөө авах компаниасаа шалтгаалаад багш нар маань баг болоод ажилладаг. Мөн энэ үйл ажиллагаандаа оюутнуудыг дадлагажуулдаг. 

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

- MCS, Голомт зэрэг бизнесийн компаниудад ажиллаж байсан гэсэн. Чухам яагаад боловсролын салбарт ажиллах болов?
- Докторын зэргээ хамгаалахаас өмнө Монголд болсон олон улсын нэгэн хуралд илтгэл тавьсан юм. Тэр хуралд тухайн үеийн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж багштай танилцаж байлаа. Тэр үед МУИС-д багшлах санал тавьж байсан. 
Дараа нь Японд бас нэг олон улсын хуралд Ц.Даваадорж багштай тааралдсан. Хоёр дахь удаагаа тааралдахдаа докторын зэргээ хамгаалчихсан байсан.  Миний хувьд дэлхийн хэмжээний гурван том гүрэнд боловсрол эзэмшсэн учраас мэдсэн, сурсан зүйлээ хүүхэд, залууст хүргэх юмсан гэсэн бодол байсан.  Харин энэ нь хэсэг хүнд илтгэл тавих хэмжээнд хангалттай биш байсан учир багш болох нь хамгийн үр дүнтэй юм байна гэж бодсон.  Доктор хамгаалах явцдаа судалгаанд маш дуртай болсон. Судалгаа гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгосон. 
Ингээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ирж ажиллах болсон юм.
- Монгол Улсын Их сургуулийн шинэчлэл гэж нэлээн дуулиантай үйл явдал өрнөж байна.  Үүний хажуугаар цалин мөнгөө илүү авдаг нэг хэсэг багш, захирал байдаг гэсэн мэдээлэл гарч байв. Энэ дотор таны нэр явж байсан. 
- Энэ бол ямар нэгэн хууль дүрэмтэй харшилдаггүй.  Учир нь МУИС-д багш нар захиргааны ажил хийхийн хажуугаар багшилж байсан. Цалин мөнгөндөө гол нь биш хамгийн гол нь бид нар багш, судлаач хүн учраас оюутнуудтайгаа ойр ажиллаж тэд юу хүсч байгааг мэдрэх хэрэгтэй. Тэднээс тасарч холдохгүй, тэнхимээрээ орж гараад багш нар юу болж, яаж байгааг мэдэж байх ёстой. Бидний хувьд хичээлийг  ажлын бус цагаар буюу оройн ангид хичээл ордог.  Тэр уламжлалаараа явж байсан. Харин тэр хэл амнаас болоод мөн шинэчлэл маань нэлээд ажилтай байсан учир ингэж давхар хичээл заахаа больсон. Миний хувьд өнгөрсөн хичээлийн жил сургалтын албаны ажлыг хийхийн хажуугаар 50 хувийн профессороор МУИС-ийн Бизнесийн сургуульд ажилласан. Шалтгаан нь арванхоёрдугаар сард одоо хийж буй миний ажлын тушаал гарсан. Тухайн үед хичээл зааж байсан. Дараагийн улиралд нь мөн нэг хичээл заах төлөвлөгөө байсан. Үүний дагуу хичээлүүдээ гүйцээсэн. 

- МУИС-ийн шинэчлэл үргэлжилсээр байна уу. Эхнээсээ шинэчлэлийн бодлого хөрсөнд бууж эхэлсэн үү?
- МУИС бол маш том байгууллага. 1000 орчим багш, ажилтантай. 20 мянга орчим оюутан, суралцагчтай олон жилийн түүхтэй Монголын ууган их сургууль.
Энэ том байгууллагыг тийм амархан шинэчлэхгүй л дээ. Ямар ч шинэчлэлд эсэргүүцэл байдаг. Шинэчлэлийн менежмент судлагдахуун байдаг. 
Хүмүүсийн сэтгэлгээг шинэчлэх хамгийн хэцүү. Хүнд дассан сурсан зүйл гэдэг их сайхан. Түүнийг нь өөр хэлбэрт оруулаад дээрээс нь өрсөлдөөн дунд орж өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага гараад ирэхээр хүн өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Ингээд тодорхой хэмжээний эсэргүүцэл гардаг. Иймэрхүү байдлаас болж хүмүүс эсэргүүцэж байгаа байх. 

Шинэчлэл үргэлжилж байгаа. Бид өнгөрсөн жил бакалаврын бүх хөтөлбөрөө шинэчилсэн.Өмнө нь сургалтын хөтөлбөрийг маш цөөхөн хүн буюу сургалтын албаны дарга нь тэнхимийн эрхлэгчтэй сууж байгаад дээд боловсролын хамгийн чухал асуудлыг шийддэг байсан.Сургалтын хөтөлбөр гэдэг бол хамгийн чухал зүйл. Гэтэл энэ нь хоёр, гуравхан хуудас материал. Олон мянган оюутан төгсгөх технологи нь тэр байсан. 
Дээрээс нь яамнаас заавал үзэх ёстой гэж хэрэгтэй, хэрэггүй зарим хичээлийг нэмчихсэн байдаг. Нэг тийм л баримт бичиг байдаг байлаа. Тэгээд бүр болоогүй энэ бичгийг нь яамны нэг мэргэжилтэн баталдаг байсан. Хэн нэгэн яамны мэргэжилтэн ганцаараа яагаад ч мэдэх боломжгүй. Биологийн ухааны доктор бол биологийн ухаанаа л сайн мэднэ. Хими, физикийг гадарладаг байж болно. Гэтэл түүхийн хөтөлбөрийг энэ хүн мэдэхгүй. Тэгэхээр нэг мэргэжилтэн баталдаг байсан энэ зүйлийг БШУЯ-наас өөрсдөө болъё эрдэмтэд нь хөтөлбөрөө батлах санал гаргасан. Бид нарт эрх өгсөн гэсэн үг. Ингэхдээ мэдээж тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлага нь МУИС-ийн шинэчлэлийн бодлого буюу Либерал урлагийн боловсролтой их таарсан. Үүний үндсэн дээр 250 гаруй эрдэмтдээс бүрдэх хөтөлбөрийн хороо байгуулсан. Эдгээр эрдэмтэн өөрсдийн хөтөлбөрийг маш зузаан судалгааны үүднээс боловсруулаад шат шатны хөтөлбөрийн хороодоор шүүгдээд Хөтөлбөрийн төв хороогоор орж батлагддаг системд шилжсэн.  
Энэ жилээс бид магистр, докторын хөтөлбөрөө шинэчилнэ. Бас оюутныг хос болон хавсарга мэргэжлээр сурах боломжийг олгох гэж байгаа.
 Би инженер хүн. Гэхдээ хуулийн мэдлэг хэрэгтэй байна гэвэл хоёр дипломтой төгсөх боломж бүрдэнэ гэсэн үг.  Тэгэхээр шинэчлэл маань үргэлжилж байна.
- Оюутанд очих оюуны өгөөж яг яаж илүү болж байгаа вэ?
- Хамгийн гол ерөнхий суурь хичээлүүд буюу дээд боловсролтой иргэн болоход нь шаардлагатай мэдлэг ур чадварын хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулсан. 
Дээд боловсролтой иргэн гэдэг бол өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний бий болгосон шинжлэх ухааны нээлтүүдийг мэддэг байх ёстой. 
Мөн түүхийн хичээл гэхэд оюутны дунд сургуульдаа үзэж үзэж ирсэн хичээлийг нь арай жаахан дэлгэрэнгүй болгоод заачихдаг байсан. Тиймээс түүхийн хичээлийг дараагийн шатанд заах шаардлага тавьсан байх жишээтэй. Бид шинэчлэл хийгээд анхны элсэлтээ энэ жил авч байна. Шинэчлэлийн хүрээнд хичээл болгоноос оюутан ямар мэдлэг авах юм бэ гэсэн асуултын хариу буюу тодорхойлолтуудыг мөн гаргаж ирсэн. 
- Жишээ нь түүхийн хичээлийн хөтөлбөрийг яаж сайжруулсан бэ?
- Түүхийг хичээлийг бид ангилж өгсөн. Гадаадад дунд сургуулиа төгссөн эсвэл гадаад оюутанд зориулж Ерөнхий Монголын түүх гэж хичээл байгаа.  Мөн Нүүдлэх ёсон, Чингисийн эрин ба Евро –Ази, Эзэнт гүрний дараах Монголчуудын түүх соёл, Монгол ба Улаан хувьсгал, Монголын нийгэм орчин цагийн дүр төрхөд шилжсэн нь зэрэг долоон төрлийн түүхийн хичээл оюутанд санал болгож байгаа. Үүнээс оюутан хичээлээ сонгоод үзнэ. 

- Америкт оюутан нэгдүгээр курсээ төгсөөд хоёрдугаар курстээ мэргэжлээ сонгох боломж олгодог. МУИС-ийн тухайд ийм боломжтой болж байгаа гэсэн үү?
- Бид энэ жилээс яг энэ системийг буюу оюутанг сургуульд элсүүлсэн. Сургуульдаа элсүүлээд ерөнхий суурь хичээлүүдээ заана.  Оюутан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, түүх, судалгааны арга зүй, тоон шинжилгээний хичээл, харилцааны ур чадвар, биеийн тамир, гадаад хэл зэрэг 30 кредит бүхий дор хаяж 10 хичээл үзнэ. Үүний дараа мэргэжлээ сонгоно. Ер нь хүүхэд дунд сургуулийн ширээнээс босонгуутаа мэргэжлээ сонгоход хүнд байдаг. Зарим нэг нь л өөрийнхөө мэргэжлийг өөртөө итгэлтэйгээр сонгосон байдаг. Тэгэхээр энэ бүхний талаар нэг жилийн хугацаанд ойлголт авч мэдээлэлтэй болсон хойноо сонголтоо хийх боломжийг олгож байгаа юм. Дээрээс нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ.  Есдүгээр сард элссэн оюутнууд маань энэ хичээлийн жилд мэргэжлээ сонгоно. Ингэхэд нь бид хөдөлмөрийн зах зээлийн судалгааг танилцуулна.Арванхоёрдугаар сараас эхэлж энэ судалгаагаа танилцуулаад оюутнуудаа эртнээс мэргэжил сонголтоо хийхэд нь тус болохоор зэхэж байна.

- Дээд боловсролтой иргэний товч тодорхойлолтыг та хэлэхгүй юу? 
- Аливаа мэдээлэлд дүгнэлт хийх чадвартай, маш өндөр харилцааны соёлтой, олон ургалч үзэлтэй, логик сэтгэлгээ нь хөгжсөн, нийгмийн идэвхтэй, ёс зүйтэй иргэн байх ёстой. 

- Одоо Монголын их, дээд сургуулиуд ийм иргэнийг бэлтгэж чадахгүй байна. Тийм үү?
- Хүнд ганцхан сургуулиас авсан боловсрол хангалттай биш. Эцэг, эх гэр бүлийн хүмүүжил гээд олон зүйл хамаарч байна. МУИС-ийг төгссөн нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт манлайлаад явж байгаа мундаг сайн төгсөгчид олон. Гэхдээ бас гологдож байгаа хүмүүс ч бий. Бид нар ажил олгогчдоос судалгаа авдаг. Албан бичиг бичиж чадахгүй байна, идэвх, санаачлагатай байж чадахгүй байна гэх мэт гомдол байдаг. Тиймээс манай төгсөгч бүр ажлын байран дээр очоод гологдохгүй байгаасай л гэж бид хүсч байгаа юм. 

- Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн ердөө 50 хувь нь ажлын байртай болдог судалгаа байдаг. МУИС-ийн төгсөгчдийн хувьд энэ хэдэн хувьтай байдаг вэ?
- МУИС-ийн тухайд улсын дунджаас дээгүүр буюу 60-70 хувь нь ажилтай болдог.  Гэхдээ энэ тоо нь сургууль төгссөн тухайн жилийнх нь үзүүлэлт гэдгийг анхаарах хэрэгтэй. Төгсөгчдийн тодорхой хувь үргэлжлүүлэн сурах, гэр бүлтэй болж үр хүүхэд гаргах зэрэг шалтгаанууд байдгийг санах хэрэгтэй.
Төгсөөд амжилттай ажлын байртай болохын тулд бид бас нэгэн шинэчлэлийг хийсэн байгаа.
Тодруулбал, их, дээд сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлийн ажлын байр огт байдаггүй мэргэжлүүд их байсан. Энэ нь өөрөө хэн нэгний биш тогтолцооны буруу байв. Тиймээс БШУЯ-ны мэргэжилтнүүд үүн дээр нухацтай ажилласан. Жишээ нь цэргийн ар талын эдийн засагч гэж мэргэжил Монгол Улсад байсан. Энэ хүнийг төгсөхөөр цэргийн байгууллага авахгүй, компанид эдийн засагч  ч гэж бодож авахгүй байх жишээтэй. Тэгэхээр ийм хэрэгцээгүй бий болсон олон мэргэжлийг цэгцэлсэн. 
- Хэчнээн мэргэжил олгодог байсныг хэд болгосон бэ?
- Монголд 800 орчим индекс байсан. Үүнийгээ 200 болгосон. 

МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЧСЭН НОМЫГ ДЭЛХИЙ ДАЯАРАА УНШИЖ, СОНИРХОЖ БАЙГААД БИ ХУВЬДАА ИХ БАЯРЛАСАН

- Таны бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэг зэргийг олон улсын эрдэмтэд өндрөөр үнэлдэг тухай уншиж байлаа. Хамгийн сүүлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийсэн бэ?
- Бага хүүхэд маань нэг настай. Бие давхар байхдаа Thomson Reuters-ийн индекстэй гурав дахь өгүүллээ хэвлүүлсэн.  Гуравдагч зах зээлд нүүрсийг тээвэрлэхэд Транссибирийн төмөр замаар явах юм бол ямар хэмжээний цаг хугацаа, зардал гарах талаар судалгаа хийсэн. Өнгөрсөн хичээлийн жилд Монгол хэл дээр судалгаагаа үргэлжлүүлж дуусгаад төмөр замын царигийг нарийн, өргөн аль нь ашигтай вэ гэдгийг зөвхөн эдийн засгийн талаас нь харсан.  Энэ тухай өгүүллээ Бизнесийн сургуулийн нэгэн хуралд илтгэсэн.  Судалгаагаа багш нартай хамтарч хийсэн. Төмөр замын тухай улстөржилт их байдаг учраас бид нар үүнийг хэвлүүлээгүй.

- УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг баталсан. Одоо үр дүнг хэлэхэд асуудалгүй юм биш үү?
- Би судалгааны үр дүнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг гэдэг хүн рүү мэйлээр илгээсэн.  Гэхдээ надад ямар ч хариу ирээгүй.

- Судалгааны үр дүн их сонирхолтой байна.
- Олон нийтэд яриад дэмий байх. Бид улс орны аюулгүй байдал болоод бусад өнцгөөр хараагүй зөвхөн эдийн засгийн тооцоолол хийсэн юм.

- Яг одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
- Ажлаа дагаад боловсролын менежмент, системийн талаар их сонирхож байгаа. Монголдоо Англи хэл дээр эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар ажиллаж байна. Манай төгсөлтийн дараах сургуулийн декан Б.Отгонтөгс гэж мундаг эдийн засгийн ухааны доктор эмэгтэй байдаг. Энэ бүсгүйтэй хамтраад Англи хэл дээр сэтгүүл гаргах ажлыг судалж байна. 
Мөн улс орны өрсөлдөх чадварын судалгаагаа хийж байгаа. Түүнчлэн уул уурхай, бизнес менежмент болон төслийн менежментийн чиглэлийн номнуудаа Монгол хэл дээр бичиж байна. 

- Amazon дээр таны нэг ном борлуулагдаж байгаа.  Хэд орчим хувь борлогдсон бэ?
- Миний хувьд таван номонд оролцсон. Amazon дээр борлогдож байгаа номын тухайд яг миний өөрийн бие дааж бичсэн судалгааны бүтээл.Германы компанийн хүсэлтээр миний дисертацийн ажлыг монограф хэлбэрт оруулаад ном болгоод борлуулж байгаа. 
Open access book буюу дуртай хүн нь ороод татаад авдаг Эрсдлийн менежментийн номыг Франц, Герман, Америк, Австрали гээд олон орны эрдэмтэдтэй хамтарч бичсэн. 
Миний хувьд тавдугаар бүлэг буюу уул уурхайн эрсдлийн менежментийн бүлгийг бичсэн. Өнгөрсөн жилийн байдлаар миний бичсэн бүлгийг зургаан мянган хүн татаж авсан байсан.  Богино хугацаанд ийм их хүн татаж авсан нь надад их сайхан санагдсан. Олон улсын судлаачид өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлаж бусдыг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд ийм үнэгүй татаж авах боломжтой ном, судалгааны ажлуудаа туурвидаг. 
Америк, Канад, Австрали, Энэтхэг зэрэг улсын иргэд миний номыг хамгийн их татаж авсан байсан. Монгол хүн байгаагүй. Гэхдээ Монгол хүний бичсэн номыг дэлхий даяараа уншиж, сонирхож байгаад би хувьдаа их баярласан.
Англи хэл дээр бичсэн бүтээлүүдтэй маань холбоотойгоор гадны иргэдээс маш их мэйл, санал, хүсэлт ирдэг. Таны судлаач оюутан болж Монголд сурч болох уу гэх мэт асуултууд ирдэг. 

ДОКТОР БОЛООД ТОМ АЖЛЫН АРД ГАРЛАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. ДОКТОР БОЛСОН ХОЙНО БҮР ИХ АЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙДАГ

-  Залуу хүний хувьд доктор гэдэг цолыг өөрийн нэрний өмнө зүүгээд олон мянган оюутан, багш, эрдэмтдээр хүндлүүлнэ гэдэг  хэр их сэтгэлийн ачаа болдог вэ?
- Сүүлийн үед Монголд ч төдийгүй олон улсад докторын нас их залуужиж байгаа. Мэдээж доктор байна гэдэг өөрөө маш том хариуцлага.МУИС-ийн багш, доктор байна гэдэг нь өөрөө маш том хариуцлага. Ийм цол гуншинтай болохоор хүн улам л илүү ажиллах хэрэгтэй болдог.  Мэдээж ажилдаа анхаараад ирэхээр гэр бүлдээ хандах анхаарал буурдаг. Гэхдээ гэр бүлийн хүн маань үүнийг маш сайн ойлгож дэмжиж тусалдаг.
Доктор болоод их ажлын ард гарлаа гэж ойлгож болохгүй. Харин доктор болсон хойно бүр их ажил хүлээж байдаг гэж ярьдаг. Үүнтэй л санал нэг байдаг. 

- Та өөрийгөө амжилттай яваа эмэгтэй гэдэг тодорхойлолтод оруулж чадах уу?
- Хүн өөртөө сэтгэл хангалуун байх эсэхээс шалтгаална. Миний хувьд сайхан гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй, хариуцлагатай ажилтай, хийсэн юмтай. Цаашид хийх ажил ихтэй хүн гэж боддог.Тиймээс өөрийгөө амжилттай явж байгаа гэж бодож байна. 
- Тэгвэл энэ амжилтын суурь нь, шалтгаан нь юу вэ?
- Миний эцэг, эх хоёр. Аав, ээж хоёр намайг зөв зааж чиглүүлж, миний суурь хүмүүжил, төлөвшлийг бий болгосон хүмүүс юм. 

- Таны төгссөн Нагояагийн их сургууль Нобелийн шагналын тоогоороо Япон улсдаа тэргүүлдэг.  Харин Монгол эрдэмтэн бие дааж хэзээ нобелийн шагналтан болох бол?
- Тийм ээ. Энэ жил физикийн нобелийн шагналыг хоёр хүн авснаар манай сургуулиас нийтдээ зургаан хүн нобелийн шагналын эзэн болж байна. Энэ бүгдийн дараа Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч "Сүүлд нобель авсан эрдэмтэн маш залуу хүн байлаа" гэж байсан. Тэр залуу хүн нь 54 настай.Ихэвчлэн 70, 80 настай эрдэмтэд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртдэг. 
Монголын эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн шилжилтийн үетэй нүүр тулж ар гэрээ авч явах гээд санаа зовох зүйл маш их байсан. Харин Японд профессорууд нь цалин, хөлс, ар гэртээ санаа зовох юмгүй судалгаагаа хийгээд амьдардаг. Гол нь бүх шаардлагатай зүйл нь гарын дор байдаг гайхалтай лабораториуд бий. 
Докторант оюутнуудын тухайд ч ажил хийдэггүй зөвхөн судалгааны ажилдаа анхаарлаа хандуулдаг. Энэ бүх орчин нь байж хүн бүтээлч байж чаддаг. Монгол хүмүүсийн хувьд оюуны өндөр чадвартай, IQ өндөртэй хүмүүс. Тэгэхээр бид хөгжингүй орных шиг ийм орчин бүрдүүлж чадаагүй байна. Багш эрдэмтдийн цалин, нийгмийн халамж хангалттай биш, олон цагаар хичээл зааж маш их ачаалалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэл амар судалгааны ажил хийх боломж хомс байсаар байна.
Гэхдээ ямартай ч энэ бүх бэрхшээлийг үл тоож эхний ээлжинд яамнаас дэмжээд МУИС суурь лабораторитой болохоор төлөвлөж байна. Манай сургуулийн томоохон номын сан баригдаж байгаа. Үүнийхээ доор бид лабораторитой болох тухай ярьж байна. Нэг өдрийн дотор бүгдийг хийх боломжгүй. Тиймээс бид эхнээс нь асуудлыг шийдээд л явж байна гэсэн үг. 

- Судалгаа шинжилгээ, сургуулийн захиргааны ажил, гэр бүл гээд таны нэг өдөр их завгүй өнгөрдөг байх даа.
- Тийм ээ.
Ямар ч байсан гэр бүлдээ зориулж өглөө бүр өглөөний цайг нь өөрийн гараар бэлтгэж өгдөг. 
Ажилдаа ирж хурал, уулзалтад орж үндсэн ажлаа хийсээр орой 18.00 цагтай золгоно. Үүний дараа судалгааны ажлуудаа харна. Ном, эрдэм шинжилгээний өгүүлэл уншина.  Нам гүм орчинд орой 20:00 цаг хүртэл судалгааны ажлуудаа хийдэг.
Ингэж гэртээ харьж хүүхдүүдээ асарна. Тэднийгээ унтсаны дараа мөн өөртөө жаахан цаг гаргаж ном, сонин бас харна. Ингэж завгүй ажилладгийг маань гэр бүлийн хүн маань мэддэг учраас намайг ойлгож их дэмждэгт их баярлаж явдаг даа.

ЯРИЛЦСАН: Ч.БОЛОРТУЯА


Monday, 20 October 2014

Б.Батболд: Улаанбаатар бол хуучин Оросын загвар, сүүлдээ Хятад Солонгосын маш муу copy болж эхэлсэн



“Open door" сонин Гудамж тѳслийн захирал, доктор (PhD) ноён Б.Батболдыг VIPerson зочноороо урьсан  
юм. 

-Би анх удаа хот төлөвлөлтийн мэргэжилтэй зочин урьж ярилцаж байна. Таны мэргэжил их ховор юм шиг ээ. 
-Баярлалаа. Би танд ярилцлага өгч байгаагүй. Ярих талдаа тааруу хүн шүү. (инээв)  Миний мэргэжил ховор биш ч түгээмэл биш гэдэгтэй санал нийлж байна.

-Хамгийн том асуудал бол хотын асуудал. Хотын асуудал гэдэг бол улсын асуудал гэсэн үг.  Манай хотыг хамгийн аймшгийн хот, хамгийн тайван хот, европ ази хэв маяг холилдсон хамгийн ойлгомжгүй хот гэх мэтээр жуулчид бичих юм. Таныхаар бол яг ямар хот юм шиг санагддаг вэ?
-Би хэт мэргэжлийн хүний нүдээр харж байж магадгүй. 2000 он хүртэл үнэндээ Оросын сибирийн нэг жижиг хотоос огт ялгаагүй хот байсан л даа. Үүнийг гадныхан их хэлдэг байсан. Ийм байх нь ч ойлгомжтой. Яагаад гэвэл хот тѳлѳвлѳлтѳѳсѳѳ авахуулаад архитeктур тѳлѳвлѳлт нь хүртэл бугд хуучин ЗХУ-ын норм, дүрэм, тeхник тeхнологи, боловсрол дээр суурилсан байдаг учраас. Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳг дѳрвѳн удаа мѳн л ЗХУ-д хийсэн байдаг. Орон сууц барьдаг бараг л ганц тeхнологи байсан. Энэ нь байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдэхүүн буюу угсармал орон сууцнууд. Энэ тeхнологиор Эрдэнэт, Дарханыг ч босгосон. Энэ тѳрлийн хотжилттой зэрэгцээд үeийн үeд зэрэгцэн оршиж байсан нь манай гэр хороолол. Дэндүү их ялгаатай хэв маяг л даа. Гэр хорооллыг үe үeийн Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳн дээр бараг л байх ёсгүй зүйл мэтээр үл ойшоож ирсэн байдаг. Харин шинэ зуун эхэлснээр ялангуяа хувийн хэвшлийн хѳрѳнгѳ оруулалтаар хотжилтын процeс илүү интeрнационал чиглэлтэй хѳгжиж эхэллээ. Гэхдээ нэг муу тал нь хүн ам шигүү суурьшдаг Хятад болон Солонгосын сайн нь биш муу архитeктурын “copy” ихээхэн баригдаж хотын уламжлал болон философи нь алдагдаж байгаад дандаа бухимдаж явдаг. Би сайныг нь ярьсангүй.

-Нийслэлийг нүүлгэх шийдвэрт хүрч очтол удах юм шиг байна. Бараг бүтэхгүй зүйл ч биз. Тийм болохоор бид байгаа бололцоон дээрээ хотынхоо дутагдлыг нөхөх, засаж сайжруулах гэж ажиллаж байна гэж хардаг. Ялангуяа таны өнөөдрийн удирдаж байгаа “Гудамж төсөл” гэдэг бол манай хотын асуудлуудыг шийдэж эхэлж буй чухал төсөл. Ийм учраас л таныг сонгож зочноороо уръя гэж шийдсэн юм. 
-Баярлалаа. Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэнэ, эсвэл Хархориныг шинэ нийслэл болгох ёстой гэсэн яриа олон жилийн өмнөөс яригдаж байгаа сэдэв л дээ. Энэ талаар сонирхолтой санал санаачилгууд гаргадаг хүмүүс ч олон байдаг. Миний бодлоор энэ бол цэвэр манай эдийн засагтай холбоотой асуудал. Казахстан улс Астана хотыг бий болгохдоо гадаадаас маш том хөрөнгийг босгосон. Бүсчилсэн хѳгжлийн болон хот тѳлѳвлѳлтийн eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгѳѳ гадаадын асар өндөр өртөгтэй багаар хийлгэсэн гэдэг юм билээ. Манай “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил маань эхний ээлжинд Хѳгжлийн банкны 200 сая долларын санхүүжилтээр хурдны зам барьж, гудамж талбайг хамгийн зөв сүлжээтэй болгож, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх гэсэн зорилготой батлагдсан төсөл. Манай Эдийн засгийн хѳгжлийн яам 1.5 тэрбум долларын бонд дэлхийн зах зээлээс босгосны 10 гаруй хувийг эзлэх мѳнгѳ л дѳѳ. Гэхдээ манай улсын хот байгуулалтын салбарт хэрэгтэй мѳнгѳний ѳчүүхэн хувь л даа. Энэ мөнгө чинь өөрөө зээл, гадаадын тусламж. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын бололцооны хувьд ийм хэцүү үед шинэ хотын тухай яриад дэмий биз дээ.

-Шинэ хот мөрөөдөхөө түр азная даа. Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийцгээе гэж үү?
-(инээв) Өөрөөр хэлбэл эдийн засгийн бололцоо нь болоогүй үед мөрөөдөл дээр суурилсан сэтгэл хөдлөлийн бүтээн байгуулалт байхгүй болов уу л гэж бодож байна.

-Одоо байгаа бололцоон дээрээ янзалж өөрчилж явахын давуу болоод сул талууд юу байна. Хэцүү орон зай, хүндхэн бололцоон дээр л ажиллацгааж байна. Ер нь хотын ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ хэр хэрэгждэг вэ?
-Үлдсэн ганц арга бол Улаанбаатараа яах вэ. Одоо бидний өмнө Улаанбаатартаа яаж аятайхан амьдрах орчинг бий болгох вэ гэдэг асуудал л яригдаж эхэлж байна. “Гудамж” төсөл анх ерөөсөө энэ тулгамдсан асуудлаас л үүдсэн. Магадгүй би хөгжингүй оронд сурч байсан болоод тэр үү энэ асуудлууд миний “өвчин” болсон байх. Жишээ нь, Японд гэхэд хот төлөвлөлт, архитектурын шинэ төслүүд хэрэгжүүлэхэд тун хэцүү. Яагаад гэхээр цэмцийсэн зам талбайтай, ногоон байгууламж, олон нийтийн барилга байгууламжийг бүгдийг нь шийдчихсэн, ажиллах амьдрах орчныг нь шийдчихсэн. Өөрөөр хэлбэл төгс шийдэл рүүгээ ойртчихсон байдаг. Тэнд аливаа нэг өөрчлөлт хийхэд хэцүү. Судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, архитектур, хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээний хүмүүс нь бол жоохон жоохон л өөрчлөлтийг санал болгодог. Тэрийгээ л хийдэг. Жишээ нь, барилгын дээврийн өнгийг өөрчлөх, модны хэлбэрийг арай өөрөөр засах гэх мэт. Хараад инээд хүрмээр өөрчлөлт дээр ажилладаг л даа. Гэтэл манай улсад сууриас нь гэж хэлэхээр тийм өөрчлөлтүүд хэрэгтэй. Энэ нь магадгүй манай “Гудамж” төсөл,  хот төлөвлөгчид,  бүтээн байгуулалт хийх хүмүүст тохиож байгаа нэг бодлын томоохон боломж. Нэгэнт бид анхнаасаа хотоо зөв байгуулж чадаагүй.  Хотын замын сүлжээ гэхээр дөрвөн замын уулзвар нь хөрөөний ир шиг зөрчихсөн. Хөдөлгөөнд оролцоод явахаар А цэгээс Б цэг хүрэхдээ олон улсын стандартаар бол 10 минут явах газар цаг шахам явдаг болсон. Энэ нь бид хот төлөвлөлтөө буруу хийсний гор юм. Үүнээс үүдээд байгалийн буюу агаарын бохирдол, хог хаягдлын асуудлууд гээд бүхий л талаар илэрч эхэлж байна. Бид буруу хотод амьдарч байна. Үүнийг засах маш том зорилго бидний өмнө байна л даа.

Нэг жишээ хэльe. 2004 онд нэг анзаарсан зүйл бол eрѳѳсѳѳ манай Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳ зах зээлийн нийгэмд тохирсон хот тѳлѳвлѳлтийн баримт бичиг болж чадаж байна уу гэдэг байлаа. Тэгвэл Японы мэргэжилтнүүдээр eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгѳѳ хийлгьe. SICA-д хандах талаар тухайн үeийн Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаярт хандахад зѳвшѳѳрч, 2005 оны 3 сард Японд сайдын айлчлал хийсэн юм. Японы Дэд бүтцийн яам, Гадаад хэргийн яаманд зочлон Монгол талын хүсэлтийг хүргэхэд Японы тал найрсгаар хүлээн зѳвшѳѳрсѳн нь томоохон явдал болсон юм. Монголд ирээд хагас жил бүх үйл ажиллагаа хэвийн явж байтал Япон дахь SICA-ийн тѳв офисоос танай тѳсѳл унах магадлалтай болоод байна гэдэг мэдээ ирлээ. Дахиад л бид орчин үeийн мэргэжлийн ѳндѳр төвшинд хийгдсэн Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгүйгээр хотоо хѳгжүүлнэ гэж үү. Япон руу явж ѳѳрѳѳ хѳѳцѳлдьe гэхээр яамны гадаад явах зардал гаргахгүй. Жил гаруй хѳѳцѳлдсѳн тѳсѳл маань бүтэхгүй байдалд орсон тул юуг ч хийхэд бэлэн байлаа. Ингээд аргагүйн эрхэнд ажлаасаа чѳлѳѳ аваад ѳѳрийн зардлаар Токио явлаа. Тэнд очоод сайд бид нарыг хүлээж авч байсан нэг парламeнтын гишүүнтэй уулзаж учир байдлаа тайлбарлахад тэр хүн бидэнд туслахаа амласан. Түүнээс хойш гурван сарын дараа Монголд анх удаа Японы тeхникийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳг ѳндѳр ур чадвартай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гүйцэтгэхээр болсон юм. Энэ тѳсѳл нь сүүлдээ судалгааны том баримт бичиг болж үр ашгаа ѳгсѳн. Нэг сонин зүйл болсон нь Токиогоос баяртай мэдээ сонсож ирээд удаагүй байтал Японы элчин сайдын яамнаас утасдаж надтай уулзах хэрэг байна гэдэг юм. Очоод уулзтал элчин зѳвлѳх намайг тосч уулзаад, та яагаад хамаагүй манай парламeнтын гишүүнтэй уулзаад байна гэж уцаарлангуй асуудаг байгаа. Би тэгэхэд тэсэртлээ уурласан. Би тѳрѳлх хотынхоо тѳлѳѳ, монголчуудынхаа сайн сайхны тѳлѳѳ бүгдийг хийхэд бэлэн байна. Би яамны газрын даргын хувьд манай сайдын хусэлтийг уламжилж яагаад болохгүй гэж гээд хэлчихсэн. Манай яамны хамт олон энэ тѳслийн ач холбогдлыг сайн ойлгож байсан учраас бүгд  бүхий л талаар дэмжиж байсан юм шүү.

-Хүн бол урьд нь ямар байсныг эд зүйлс дээр битгий хэл өөрийнхөө хувь тавилан дээр ч  мартчихдаг. Урьд нь хэн явснаа, яаж зовж зүдэрч байснаа мартдаг. Солих оймстой байлуу, байхгүй байл уу. Хонох газартай байлуу, байхгүй байл уу гэдэг талаараа хожим бага л боддог шүү дээ. Үүнтэй адилхан хотын тухайд ч ямар байсныг мартчихдаг. Өөрчлөгдөөд л яваад байгаа ч  өнөөдөр илүү хүндрэлүүд угтаж, илүү шаардлагууд тавигдаж байна. 
-Тийм ээ, одоо л барьж аваад хийж эхлэхгүй бол хожим гэх ойлголт байхгүй болчих гээд байна.

-Манайх 10 хороололд байдаг. 10 дугаар хорооллын уулзварын одоогийн шийдэл бол бидэнд байгаа бололцоон дээр маш сайн болсон гэж хардаг. Осол их гардаг,  учраа олж явахад хэцүү уулзвар байсан. Харин одоо жоохон зайг ч гэсэн тэлж янзлаад сайжруулчихлаа. Иргэд уурладаг л даа. Зун болгон зам засдаг гээд л. Танайх хотын хэдэн тийм хүндрэлтэй уулзваруудыг өөрчилсөн  бэ. Одоо бол бид тэр уулзварууд урьд нь ямар байсныг мартчихсан явж байна л даа. 
-“Streetless”  хот болчихсон байсан л даа, манай хот. Өөрөөр хэлбэл, гудамжгүй хот гэсэн үг. Тийм учраас гудамжуудаа, уулзваруудаа засах хэрэгтэй юм байна гээд хотын план зургийг гаргаж ирээд харсан. Засах ёстой уулзваруудын тоо 30 гаруй байсан.  Тэгээд  33 уулзварыг засъя, бусад шинэ гудамжнууд хийе гэсэн зорилго тавьсан. Энэ ажлыг бид маш амжилттай хийсэн. Зургаахан сарын хугацаанд нийтдээ 18 уулзварыг шинэчилсэн. Энэ 18 уулзвар дандаа хэрэггүй илүү давхилт хийдэг уулзварууд байсан. Өөрөөр хэлбэл тойрох хөдөлгөөн хийлгүйгээр шууд гараад явчих боломжтой байхад зохисгүй төлөвлөгдсөн учраас дандаа илүү хөдөлгөөн хийж хөдөлгөөнд оролцдог байсан. Жишээ нь, өргөө кино театрын уулзвар хойноосоо урагшаа явахад, урдаасаа хойшоо явахад заавал илүү тойрог хөдөлгөөн хийдэг байсан. Та санаж байна уу. Тойрох хөдөлгөөн болгон дээр их осол гардаг байсан. Осол нь ердөө зүгээр л шүргэлцэх. Үүнээс болоод бөөн түгжрэл үүсдэг байсан. Одоо тийм түгжрэл байхгүй болсон. Хуучин Саппорогийн тойрогт өдөрт 20-30 ослын дуудлага ирдэг байсан гэж замын цагдаагийнхан хэлж байсан. Харин одоо бол өдөрт бараг дуудлага ирдэггүй болсон. Гэрлэн дохион зохицуулалттай болсон уулзварын нэвтрэх чадамж маш их сайжирсан гэх мэтээр мэргэжлийн хүмүүс үнэлж байгаа. Энэ жилийнхтэй нийлээд бид 23 уулзварыг хийж дуусгаад байна. Нэг зүйлийг хэлэхэд ѳнгѳрсѳн сард хийгдсэн олон улсын байгууллагын Монголын нийгэм эдийн засаг, улс тѳрийн байдалд хийсэн судалгааны Та энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа тѳсѳл хѳтѳлбѳрүүдийн алийг нь сайн гэж дүгнэж байна гэсэн асуултанд иргэд манай “Гудамж” тѳсѳлд хамгийн сайн үнэлэлт ѳгсѳн байна лээ.

-33 руугаа нэлээн дөхсөн байна.
-33 луугаа дөхөж байна. Дараа жил бид 10 байтугай уулзвар хийнэ гэсэн том төлөвлөгөөтэй явж байгаа.

-Яагаад “Гудамж” төсөл гэж нэрлэсэн юм бэ. Танд гудамжгүй хот гэсэн энэ бодол яагаад төрөв. Гудамж гэдэг өөрөө хот төлөвлөлтийнхөө хувьд, хотын гоо сайхны хувьд ямар ойлголт юм бэ? 
-Миний хувьд гудамжгүй хот гэдэг ойлголт 10 жилийн өмнөх санаа л даа. Энэ нэрийг ѳгѳхѳд хамгийн их дэмжиж санаа зѳвлѳлгѳѳ ѳгсѳн хүн бол манай сайд Н. Батбаяр юм. Угаасаа манай тѳслийн хурдны замаас эхлүүлээд түүний идeй санаа маш их л дээ. Урьд нь энэ санааг яагаад барьж авахгүй байсныг мэдэхгүй юм. Би Америк, Японд 10 жил суралцаж байгаад 2004 онд эх орондоо ирсэн. Хамгийн түрүүнд маш их хүн амын нягтралтай, танигдахын аргагүй хот болсон байхыг хараад гайхсан. Ерөөсөө таньдаг хүн байхгүй, их олон хүн бужигнасан хот л болсон байсан. Урьд нь хот яасан ч жижигхэн байсан юм. Энд ч сайн байна уу, тэнд ч сайн байна уу гэдэг байсан санагдана. Хотод маань маш их хүн шинээр шилжин ирж, гудамжаар машин хүн хоёр багтахгүй шахалддаг болсон байсан. Яаманд ажилд ороод удаагүй байхдаа Германы нэг жижиг хот руу явсан юм. Тэр хот ердөө л 25,000 хүнтэй жижиг хот байсан. Гэтэл манай Улаанбаатарын хүн ам сая гарчихсан байсан. Би тэнд нэг жижигхэн зочид буудалд буусан. Угтаж авсан гeрман найз маань хотоо танилцуулъя, германы архитектурыг үзүүлье гэсэн. Тэгээд намайг өглөө ирж аваад нэг гудамжаар явна. Маргааш нь дахиад ирж авахдаа дахиад өөр нэг гудамжаар явж үзүүлнэ. Манайхаар бол тосгон ш дээ. Үүнээс жил  хүрэхгүй хугацааны дараа мань эрийг би Улаанбаатарт урьсан юм. Кемпинский зочид буудалд буусан. Би хотоо танилцуулах гээд өглөө буудлаас нь авна. Нэг гудамжаар явахдаа энэ ийм түүхтэй гээд ярьж өгнө. Маргааш нь дахиад ирж авахдаа нөгөө л гудамжаараа явна. Дөрөв тав хонохдоо энхтайвны гудамжаар бага тойруу, их тойруу, чингисийн өргөн чөлөө гээд хэдхэн гудамжаар явтал, өөр гудамж үзмээр байна гэсэн. Гэтэл надад үзүүлье гэсэн ч хорооллын мухар гудамжнууд л байсан. Мухар гудамж бол хотын гудамж биш. Энэ нь тухайн хотхоны, хорооллын л жижиг замууд. Яагаад би гудамжийг яриад байна гэхээр хот төлөвлөлтийн буюу хотын өөрийнх нь хамгийн гол элементийн нэг бол гудамж юм. Манай хотод гудамжнаас гадна зам талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, парк, бульвард, явган гудамж гэдэг зүйлс ч асар их хоцрогдож байна. Хотод баригдаж байгаа хувь хүний байшин ч, олон нийтийн барилгууд ч дотроо хичнээн сайхан байсан ч гудамжинд гараад ирэхээр хогтой шороотой, түгжрэлтэй, хүн машин нь сүлжиж явдаг болоод байна. Хувийн секторынхон хичнээн сайхан сүүлийн үеийн технологиор орон сууц, оффисын, олон нийтийн зориулалттай барилга барьж байгаа ч гэсэн төрийн буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа гудамж нь хаягдчихаад байна. Өөрөөр хэлбэл гудамж нь гоё байх ёстойг бид мартчихаад байна. Анзаарахгүй байна гэдэг маань монголчууд өөрсдөө бүрэн хотжиж чадаагүй байна л гэсэн үг. Хотожсон, иргэншсэн гадаадын иргэн ирэх юм бол манай гудамжийг их хэцүү хүлээж авна. Яаж та нар амьдарч байна вэ гэж хэлмээр. Үүнийг тоож байгаа хүмүүс нь харьцангуй цөөхөн, тоохгүй байгаа хүмүүс нь дэндүү их. Угаасаа ийм л байсан шүү дээ гэх жишээний. “Гудамж” төсөл нь Улаанбаатар хот хэтэрхий цөөхөн гудамжтай байна, хэтэрхий цөөхөн гудамжаараа бүх машин хүн ам нь чихцэлдээд байна. Тийм учраас гудамжийг шинэ төвшинд аваачих ёстой. “Street design” буюу гудамжны дизайн гэдэг ойлголтыг мэргэжлийн төвшинд хийх ёстой гэсэн бодлогоос л үүссэн. Энэ бол “Гудамж” төслийн гол зорилго.

-Хуучин байшингуудыг яах вэ. Төмөр замын дан байшингуудыг худалдаж авах аргаар газрыг нь чөлөөлж “Богд ар” хорооллыг барьсан. Зарим нь чөлөөлж өгөөгүйгээс болоод хотхоны  үндсэн төлөвлөлт нь өөрчлөгдсөн гэдэг.  Одоо 40 мянгатын байшингуудын тухай ярьж байна. Хуучин түүх дурсамжаа хадгалж үлдэнэ гэсэн хэсэг ч байх. Нурааж шинээр барих ёстой гэх хэсэг ч байх.  Тэгэхээр энэ хуучин байшингуудыг яах ёстой гэж та боддог вэ. Биологийн нас нь хэцүүдчихлээ. 
-Хотын төвийн 40, 50 мянгатын барилгуудын насжилт гүйцсэн гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа. Миний бодлоор хот гэдэг бол өөрөө “санамж”,“дурсамж” юм. Жишээ нь, хүн бүхний сэтгэлд дотно санагддаг хөшөө ч юм уу, эсвэл хуучнаар танктай хөшөө гэдэг ч юмуу иймэрхүү онцгой зүйлүүд хүмүүсийн ой санаанд тогтож үлддэгээрээ хот их онцлогтой л доо. Тэгэхээр сайн дурсамжтай л хот байх ёстой. Бүгдийг нь нураагаад, бүгдийг нь шинээр хийнэ гэдэг бол хүмүүсийн бүх санамж дурсамжуудыг байхгүй болгоно гэсэн үг л дээ. Тэр хөшөөний хажууд би анхныхаа хайртай уулзаж билээ, тэр хөшөөний хажууд би байрныхаа хүүхдүүдтэй тоглож өссөн, урт цагааны гудамжинд бид нар бага насаа өнгөрөөсөн шүү гэх мэт дурсамжууд нь алга болно шүү дээ. Нураагаад, шинэчлээд барина гэдэг нэг ойлголт, нөгөө талаар хотын дурсамж гэдгийг хадгалж үлдээхийн тулд бодох ёстой. Тодорхой хэмжээний урлагийн буюу архитектурын шийдэл сайтай барилгуудыг үлдээх ёстой, бүр нэг хоёр гэж тоолж байгаад үлдээх ёстой. Урлал муутай барилгууд 40, 50 мянгатад зөндөө бий л дээ. Тэднийг бол буулгаж шинээр барилгажуулах хэрэгтэй. Үүнийг бид шинжилгээ судалгаагаа сайн явуулж, эрдэм шинжилгээний байгууллага ажиллуулж, Улаанбаатар хотод “Landmark” буюу тэмдэгтэй газруудыг яаж үлдээх вэ гэдгийг сайтар бодож шийдэх хэрэгтэй. Хөшөө баримал, урт цагааны гудамж, шар дэлгүүр гэх мэт барилга болон гудамжаар нь ард түмний нэрлэж заншсан тэмдэгт газрууд нь хөдлөшгүй байх ёстой. Хүмүүс тэдгээрээр чиг авдаг. Хэрвээ тэрийг нь үгүй болгочихвол хүмүүсийн зүг чиг, дурсамж нь байхгүй болно.

-Тэгэхээр бид ямар барилгыг үлдээх ёстой юм бэ?
-Хот төлөвлөлт дээрээ тун нямбай ажиллах ёстой. Би нэг юмыг их хэлдэг. Үе үеийн хотын дарга нар их завгүй байсан. Яасан гэхээр хогтой ноцолдсон, гэр хорооллын цахилгаантай ноцолдсон, нийгмийн асуудалтай их ноцолдсон. Тэдэнд хэцүү байсан гэдгийг ойлгож байна. Гэхдээ одооноос нэн түрүүнд авах арга хэмжээ бол ерөөсөө номер нэгт хот төлөвлөлт, дараа нь нийгмийн болон  дэд бүтцийн бусад асуудлыг авч үзэх. Хот маань хот биш болчих гээд байгаа яг ийм үе дээр нь л анхаарах хэрэгтэй юм .

-Манай төв талбай Чингисийн талбай болсон. Тэгсэн хэрнээ Д.Сүхбаатарын хөшөө голд нь байгаад байдаг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол?
-Анх эртний Ромын үед том орон зайтай талбай хэрэгтэй байж л дээ. Тэр нь юунд хэрэгтэй байсан гэхээр цэргийнхээ тоог авах гэж. Дайн тулаанд гарахын өмнө цэргүүдээ жагсаадаг байж. Нарийхан гудажинд цэргээ гүйцэд харж чаддаггүй юм байна лдаа. Аливаа хотын талбай тийм утга учиртай байгуулагдсан зүйл. Манай Улаанбаатар хотын талбай дээр ч социализмын үед жагсдаг байсан. Манай төв талбайн хувьд хоёр утга байх ёсгүй болов уу гэж хувь хүнийхээ хувьд боддог. Аль нэг нь байвал илүү утга учиртай шүү дээ. Би илүү утга талаас нь харж байна. Энэ талбай ямар утгатай юм бэ. Юуг өгүүлж байгаа талбай юм бэ. Түүхийн хувьд, урлагийн хувьд нэг л утга агуулгатай байвал зүгээр. Тэгэхээр хоёрдмол утгатай байж таарахгүй л санагддаг.

-Та яагаад хот төлөвлөлтын мэргэжил сонсгосон юм бэ. Таны мэргэжил бас сонирхолтой мэргэжил байна шүү?
 -Би 1986 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Архитектор гэдэг маань хот төлөвлөлтийн суурь мэргэжил л дээ. Бусад орнуудад архитекторын анги төгсөөд, магистр, доктороо хот төлөвлөлтөөр төгсдөг. Яг энэ жишгээр явах боломж надад олдсон.1995 онд Японы Боловсролын яамны шалгалтанд тэнцэж, Японы ЗГ-ын тэтгэлгээр сурах аз завшаан тохиосон. Тэгээд тэнд магистраа орон сууцны бодлогын чиглэлээр хамгаалаад, доктороо хот төлөвлөлтийн чиглэлээр хамгаалсан. Харин одоо “Гудамж” төсөлд ажиллаж байгаа нь жинхэнэ мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн үг. Үнэндээ хотынхоо бага ч гэсэн гудамж, зам талбай гээд хүмүүст хэрэгтэй орон зайг мэргэжлийн төвшинд өөрчлөх боломж олдож байгаад их олзуурхдаг.

-Жижиг орны зовлон л доо. Мөнгө багатай, бондоор нэлээн том хэмжээний хөрөнгө босголоо. Тэрийгээ юунд зарцуулах вэ гэдэг дээрээ алдаа гаргаж л байна. Хуучин бол байгаа жаахан мөнгөө дандаа л урсгал засвар мэтэд зарцуулдаг байсан. Одоо бид хар яриагаар бол мөнгөө чулуу болгох гэдэг рүүгээ илүү анхаарч эхэллээ.
-Үнэхээр санал нэг байна. Зарим хүмүүс бондын мѳнгийг зам талбайд хэрэггүй зарцуулж байна, наадах чинь ѳр гэх мэтээр ярьдаг. Аливаа улсын эдийн засгийн үр ѳгѳѳж нь шууд ба шууд бус замаар илэрдэг. Үйлдвэрлэл болон бизнесийг дэмжсэн хѳрѳнгѳ оруулалтууд нь шууд эдийн засгийн үр ѳгѳѳжѳѳ ѳгдѳг. Харин дэд бүтэц болон хот байгуулалтын чиглэлийн хѳрѳнгѳ оруулалт нь эдийн засагтаа шууд бус утгаар үр ѳгѳѳжѳѳ ѳгдѳг. Тѳслийн хүрээнд хэрэгжүүлсэн нийт гудамж уулзваруудын нийгэм эдийн засгийн үр ѳгѳѳжийг манай багийнхан нарийн тооцож гаргасан байдаг, энэ нь манай вэб сайт (
www.gudamjtusul.mn) дээр тавигдсан байгаа. Суурь судалгаагаар ѳнгѳрсѳн жил хийсэн 18 уулзвар дээр илүү давхилт хийсэн автомашины зѳвхѳн шатахууны хэмнэлт нь жилдээ 15 тэрбум төгрөг иргэдийн халааснаас хэмнэнэ гэж гарсан байдаг. Үүн дээр байгаль орчин, эрүүл мэнд, цаг хугацааны хэмнэлтүүд бас нэмэгдэнэ. Гэтэл манай “Гудамж” тѳсѳлд зарцуулж байгаа мѳнгѳ маань миний дээр хэлсэн бондын мѳнгѳний зѳвхѳн 13 хувь бѳгѳѳд бид үүний талыг нь ч зарцуулж дуусаагүй байна.

-Хэдийгээр их том мөнгө хаяхгүй байгаа ч гэсэн анх удаа том мөнгө хаяж хотынхоо соёлд хөрөнгө оруулалт хийж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд гол зовлон юу байна вэ. Мэдээж дутахын зовлон байгаа байх, боловсон хүчин, ойлгох ойлгохгүйн зовлон, хамтарч гар нийлэхгүйн зовлон гэх мэт олон юм байгаа биз. Дээр нь манай үндсэн  ажилд  улс төр их саад болох юм. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол.
-“Гудамж” төсөл маань хэрэгжиж эхлээд жил хагас ч болоогүй байна. Маш богинохон хугацаа гэсэн үг. Ерөөсөө бид нар Засгийн газрын тогтоол гараад, 5 сарын 22-нд анхныхаа тамгыг аваад л ажлаа эхэлсэн. Тэгээд шууд хувийн компанитай гэрээ байгуулаад, трактор ажиллуулаад эхэлсэн. Хүндрэлүүд маш их байсан. Шат шатандаа их хүндрэлтэй байсан. Бид мэргэжлийн байгууллагуудаар ажлаа хийлгэж байсан. Мэргэжлийн байгууллагуудыг хянадаг зөвлөдөг байгууллагууд нь эсрэг зогсох үе их байсан. Хамгийн том жишээг ярихад нэгдүгээр хорооллын арын уулзвар маш хүнд байсан. 3-р хороололоос баруун тийш 1-р хорооллын хойгуур явахын тулд заавал Саппорогийн тойргийн наагуур очиж хойшоо эргээд замдаа ордог байсан. Энэ чинь л миний яриад байгаа илүү давхилт, цаг бeнзины гарз болж байгаа юм.  Үүнээс болоод байнга түгжрэл үүсдэг. Тэр уулзварыг хана босгоод налуу зам хийе гэдэг бидний анхны гаргасан санаа.Нөгөө 33 уулзварын нэг л дээ. Тэгээд хийгээд өндөр налуутай болчихсон чинь мэргэжлийн байгууллагууд бүгд эсэргүүцсэн. Машин халтирна, өвөл машин явахаа байна л гэнэ, осол гарна л гэнэ. Бид хийнэ гэдгээрээ л зүтгэсэн. Гэхдээ мэргэжлийн чаддаг хүмүүсээр хийлгэнэ. Бид өөрсдөө биш. Эцэст нь барьж дууссаны дараа зөвшөөрөл өгдөг, гарын үсэг зурдаг дээр нь хэд хэдэн мэргэжлийн хүн гарын үсэг зураагүй. Гэтэл хөдөлгөөн нь сайн, машинууд зүгээр давхиад л байдаг, уулзварын туулан өнгөрөх чадвар хамаагүй дээшилчихсэн байхад л гарын үсэг зурахгүй байгаа юм. Бид Улаанбаатар хотод сансрын тунелийн дараа орох том бүтээн байгуулалт болох 10 метр гаруй өндөр далантай уулзвар хийсэн. Хүндрэл нь 2,5 метрийн өндөртэй шавар гарч ирсэн. Тэр нь овойж хөлддөг муу хөрс. Манай бүх л зөвлөх инженерүүд хариулт хэлж чадаагүй. Наана чинь зам тавих юм бол тэгээд л сүйрээ гэж бүгд эсэргүүцсэн. Аргаа бараад манай Японы зөвлөх багийн инженерүүдээс асуухад, тэд “Бид Японд дандаа ийм асуудалтай тулгардаг. Ингэж хий”  гэж зөвлөсөн. Шон суурийг суулгаад, 200-гаад шон суурь газарт булаад хѳрсний инжeнeрийн асуудлыг шийдсэн. Үүнээс би нэг зүйл ойлгосон. Бидэнд иймэрхүү бүтээн байгуулалт хийж байсан туршлага байхгүй болохоор эсэргүүцдэг юм байна. Шинэ зүйл хийе гэж боддоггүй юм байна. Асуудлыг няцаадаг юм байна. Магадгүй энэ уулзварын зураг төслийг хийсэн компани дараагийн хүндрэлтэй зураг төслийг хийхэд одоо бол асар их  туршлагатай болсон.

-Хотын удирдлагууд дотор хотыг уншдаг хүн ховор, байхгүй шахам байна гэж мэргэжлийн хүмүүс их шүүмжлэх юм. Манайд бол бүх  дарга нар улс төрийг унших гэж хичээдэг, улс төрөөр л хичээллэдэг. Гэхдээ та нүүр тулж ажиллаж байгаа хүний хувьд яаж хардаг вэ?
-Би улстөрч хүн биш л дээ. Гэхдээ миний бодлоор улс төрийн тоглоомын дүрэм ч гэдэг юм уу, түүнээ энэ засаг ардаа хийсэн л гэж үзэж байна. Шинэчлэлийн Засгийн газар гараад ирлээ, хотын захиргаа шинээр бүрдлээ. Улс төрийн төвшинд бүх шийдлүүд гарчихлаа. Ард түмний сонголтоор гараад ирлээ. Одоо юу хийх хэрэгтэй вэ, шинэ гүүр барих, шинэ тунель ухах, шинэ гудамж талбайнуудыг байгуулах гээд цэвэр инженерийн буюу технологийн бүтээн айгуулалтын ажил хийх ёстой. Монголд “Профeсионализм” хэрэгтэй. Мэргэжлийн удирдлага, оролцоогүйгээр бид гадаад руу яваад гайхаад байдаг хот шигээ сайхан хотыг хэзээ ч босгож  чадахгүй. Гоё хот гэдгийг гадагшаа явж үзчихээд муухай хот гэдгийг монголд ирж үзэх тавилантай байх ёсгүй шүү дээ. Энд хамгийн нэгдүгээрт хүн, хүн хүндээ технологийн боловсролтой хүмүүс чухал. Энэ маш их дутагдаж байна. “Гудамж” төслийн захирлаар ажиллахдаа мэдсэн юм бол манай залуучууд ихэнх нь нийгмийн ухааны, эсвэл  эдийн засгийн боловсрол олдог юм байна. Инженер техникийн боловсролтой хүн тун цѳѳн. Бидний дотор уул нүхлэн тунель хийж байсан, татлагатай урт алгасалтай гүүр барьж байсан нэг ч монгол хүн байхгүй. Тэгэхээр бид том бүтээн байгуулалтанд бэлэн биш байгаа биз. Бэлэн биш байгаа юмаа яах вэ гэхээр дахиад нөгөө улс төрлүүгээ харах биш, тeхнологийн боловсролдоо анхааръя. Одоо жинхэнэ техникийн боловсролтой хүмүүсийг гадна дотногүй ажиллуулж бушуухан сургая. Манайх 10 мянган хүнд оногдох зохиолын дуучдын тоо, 10 мянган хүнд оногдох шүлэг бичдэг хүний тоогоор  магадгүй дэлхийд дээгүүр орж магадгүй (инээв). Монголчууд уянгын, сайхан гоё мөрөөдөлтэй хүмүүс. Эдийн засаг нь хичнээн муу байсан ч гэсэн сайхан найр хийгээд дуулаад л тайвширдаг. Гэтэл бидний хүүхдүүд тэр найр наадмын дууг биш маш гоё нийгэм, маш гоё хотыг хүсч, мөрөөдөж байна. Тэд эхнээсээ ѳндѳр хотожсон орнуудад сураад эхэлсэн. Монголд ирэхээрээ энэ чинь хот биш байна шүү дээ гэнэ. Тэгэхээр бид яах вэ гэхээр одоо дуу дуулж болсон, шүлэг зохиож болсон, нэг нэгнийгээ дагаж дуулж боллоо, нэг нэгэндээ түрлэг өгч боллоо. Одоо гудамжиндаа гаръя, хотдоо жинхэнэ иргэн шиг амьдрахын төлөө ажиллая, бүтээe. Манай хотод том бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

-Одоо төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдана. Хотоо бодож юун дээр мөнгө хаях вэ гэдэг дээр гишүүд ч гэсэн маш ухаантай байх хэрэгтэй юм шиг. 
-Мэргэжилтэн хүний хувьд бодоход манай нутагшил суурьшлын бүтэц хэтэрхий таруу байна. Монгол улсын бүх хот суурин газрууд бүгд тэгш нийгэм, эдийн засгийн хуваарилалттай байхаар тѳлѳвлѳгдсѳн байдаг. Гэтэл өнөөгийн зах зээлийн эдийн засаг чинь шал өөр зүйл л дээ. Зах зээлийн механизмд оролцож байгаа оролцооныхоо төвшингөөр тэр сум, тэр хот өөрөө эдийн засгийн чадавхитай байж чаддаг. Хэрвээ зах зээлийн эдийн засагт оролцоо бага байх юм бол тэр хот ядуурна, иргэд нь хотоо хаяад явна. Гэтэл бид заавал төсвөөс амь тариа өгч байдаг. Үнэхээр Монголд 300 гаруй сум хэрэгтэй гэж үү гэж боддог. Бүсчилсэн хѳгжлийн шинэ үзэл баримтлалыг гаргаж хѳгжлийн гол коридорын дагуу, сүүлийн үед манай яамнаас санал болгож байгаа байгаа таван шугам болох автозам, төмөрзам, эрчим хүч, газ, нефть гэдэг нь хѳгжлийн том коридор үүсгэж үүнийг даган хот суурин газрууд хамгийн хүчтэй эдийн засагтай амьдрах чадвартай байна. Бусад газруудад нь мэдээж хүн амьдрах ёстой, гэхдээ эдийн засгийн ѳндѳр чадавхитай байж чадахгүй .

-Давхар зам, давхар гүүр гээд манайхан их мөрөөддөг. Манайх шиг багтаамжтай хотод тэр ямархуу мөрөөдөл вэ? 
-Миний ойлголтоор тэр бол эдийн засаг сайтай хотуудын үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл Шанхайд, Токиод, Хонконгд байж болно. Хятадууд сүүлийн үед олон хотууд барьдаг болсон. Гэтэл тэр хотуудад хүмүүсийн тоо наад зах нь таван сая байдаг. Эдгээр таван сая, 10 саяас дээш мега хотуудын эдийн засаг гэдэг маш том. Магадгүй хичнээн зуугаар нь тэр олон давхар замаа хийчихнэ. Гэтэл манай эдийн засаг юу билээ. Манай жижигхэн эдийн засаг маань уулзвар хийх гэж, замаа засах гэж бондын мѳнгѳ хэрэглэж байна. Ийм эдийн засаг тэр үнэтэй уулзварыг барина гэдэг тун хэцүү. Жишээ нь, үндсэндээ өнгөрсөн жил бид 18 уулзвар, хүй долоон худаг гээд нэлээд бүтээн байгуулалт хийсэн. Нийтдээ 33 сая доллар зарцуулсан. Гэтэл Хятадын ЗГ-ын газрын зээлээр барих ганцхан давхар уулзварын гэрээний дүн 35 сая ам доллар болсон. Тэгэхээр 30 сая доллараар ганц давхар зам тавих уу, маш олон гудамжаа шинээр хийгээд олон уулзвар тавих уу гэдэг л байгаа юм.

-Богд уулыг нүхлээд, Төв аймгийг маш гоё дагавар хот болох мөрөөдлийг архитекторч нар ярьдаг л даа. Энэ талаарх таны бодол.
-Энэ угаасаа хот төлөвлөлтийн асуудал. Төлөвлөсөн хотоо хот байгуулалтаар хэрэгжүүлнэ. Хот байгуулалтыг хэрэгжүүлэхдээ цэвэр эдийн засаг дээр суурилсан байх ёстой. Тэр тунель нь хэдэн төгрөгний үнэтэй байх уу. Тэр тунелиэ хэдэн төгрөгөөр хийчихээд, хэдэн төгрөгийн эдийн засаг дээр очих гэж байгаа юм гэдгээ тооцоолоод, тэр дээрээ дүгнэлт гаргах ёстой. Түүнээс биш энэ эдийн засгийн тооцоог хийлгүйгээр цоолох нь буруу, цоолоогүй нь зөв гээд байхаар бид өөрсдөө мэргэжлийн маргаан хийж чадахгүй. Маш сайн ТЭЗҮ гаргасны дараа л яригдах асуудал. Жишээ нь, саяны давхар уулзварын маргааны талаар ярихад нэг телевизийн сэтгүүлч ерөөсөө “Гудамж” төслийн хүрээнд олон давхар зам хийх ёстой байсан юм. Уулзвар засахын оронд гээд л ярьж байсан. Манайд ерөөсөө мэргэжлийн оролцоог үл тоох асуудал их байна. Мэргэжлийн биш хүн мэргэжлийн биш юм яриад байдаг. Энэ нь манай монголчуудын боловсролын төвшинтэй холбоотой. Жишээ нь, би хот төлөвлөлт, архитектурын талаар л юм хэлж чадна, жоохон хазайхад л би амаа хамхина. Гэтэл манайд өөрийнхөө мэргэжлээс гадна өрөөлийн өчнөөн мэргэжлийг ярьдаг маргадаг хүмүүс их олон. Мэдэхгүй юм байхгүй, бас мэддэг юм байхгүй. Магадгүй ийм боловсрол социализмын үеэс угшилтай байх гэж боддог. Би хөгжингүй оронд академик боловсрол эзэмшсэнийхээ хувьд зѳвхѳн мэддэг юмаа л ган гэж дуугарна.

-Та Токиогийн их сургууль төгссөн үү? 
-Би Хоккайдогийн их сургуулийг төгссөн. Нэр хүндтэй сургууль шүү. Японд сурахаасаа ѳмнѳ Америкийн UCLA гэдэг сургуульд жил гарам суралцсан. Америкт байх хугацаандаа хэл сурсан. Хот төлөвлөлтийн судлаач оюутан байсан.

-Төрийн албанд ер нь нийтдээ хэдэн жил ажилласан бэ?  
-Төрийн албанд анх 2005-2008 оны хооронд гурван жил ажилласан. Яамнаас гарсан шалтгаан нь бид ер нь үр дүн муутай ярина, хэт их хуралдана. Маш  их цагийг үрнэ, гарсан шийдвэр нь их шүүмжлэлд өртѳнө. Тэгээд би бодсон. Би ер нь хувийн секторт гаръя. Яг бодитоор юм хийе гэж л гарсан даа. Энэ хугацаанд 350-аад бага орлоготой хүмүүсийн орон сууц барьсан. Хот төлөвлөлтийн төслүүд хийж байсан. Учиргүй гоё юм хийсэн гэхээсээ илүү бодит жижигхэн хотхоны бүтээн байгуулалт хийлээ. Тэрнийхээ гудамж, талбайг нь хүртэл ингэж хийлээ гэж өөрөө хийж үзүүлэх санаатай л байсан. Ѳнгѳрсѳн жилээс “Гудамж” төсөл рүү орж ажиллаж байна даа.

-Төрд ажиллахад юм хийх эрх чөлөө хэр байна.Төрийнхөнтэй уулзахаар мөрөөдөл зөндөө байна. Боломж олгоё гэчихээд хагас боломж олгоод, хагас эрх чөлөө өгөөд, хэвлэл мэдээлэл нь ч ойлгохгүй юм. Ийм байхаар төрд ажиллах хүсэл төрөхгүй юм гэдэг. 
-Ер нь яг би өөрөө энэ төслийг мастерлаад зохион байгуулаад, менежерээр нь ажиллаад, өөрөө төслийнхөө зарим дизайныг нь хийгээд нэлээн санаачлагатай ажилласан. Саяны хэлдгээр бол нэг гараа бариулчихаад, тэгээд урагшаагаа яв гээд байдаг юм бол бий. Ажил хийж байгаа хүмүүсийг ямарваа нэгэн байдлаар буруугаар хардаж сэрдэх явдал их юм. Тэр ч гудамжийг гоё болгоё, энийг ч бариад авъя гээд урамтай ажиллаж байхад заавал буруу талаас нь харна. Мэдээж шалгалт хяналт бол гарцаагүй. Гэхдээ зөв хандлагатай шалгах соёл манайд бага байна. Заримдаа ажил хийхэд их тээртэй байдаг. Хүнийг бурмаар шагнахаар урмаар шагна гэдэг. Ялангуяа энэ зүйл шинэ бүтээн байгуулалтын ажил дээр их хэрэгтэй. Манай багийнхан ихэнхи нь залуус учир урмаар их ажил хийдэг гэж боддог. Урмаар илүү их эрч хүчтэй болдог юм билээ. Урмыг нь дарахад эрч хүч нь буурдаг юм байна.

-Хувийн хэвшилд ажиллахад Төр болон хяналтын олон байгууллагууд хоорондоо уялдаатай, уялдаагүй нь мэдэгдэхгүй баахан дарамталдаг гэж бас хувийн хэвшлийнхэн хэлдэг. Хөрөнгө оруулалт багасаад, мөнгөний хомсдол үүсээд, амьдрал хүндрээд ирэхээр төрийн барьдаг гол юм нь нөгөө хэдэн үндэсний баялаг бүтээгчид л байдаг. Яг одоогийн байдлаар Монгол мөнгөний хомсдолтой байна. Худалдан авалтууд зогссон. Барилгууд хэцүү байгаа. Хувийн хэвшилд ажиллахад саяны хүндрэлүүд байсан уу? 
-Татвараас авахуулаад мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын тал дээр үнэхээр хувийн секторуудын гар хөлийг нь боосон зүйлүүд бол байдаг. Сүүлийн үед эдийн засаг сайнгүй байгаа нь хүмүүсийн худалдан авалт үнэхээр буурч байгаагаар илэрч байна. Гэхдээ би яг нарийн эдийн засгийн талаас нь хэлж мэдэхгүй байна.

-Татвар төлөгч байсны хувьд зарцуулалтан дээр харамсах хамгийн гол юм юу байдаг вэ?
-Би цэвэр хувийн секторын салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд,бизнесийн үр ашиг их багатай үед татвар төлөхөд үнэхээр гар татганадаг. Хасах руу орчих гээд байдаг. Орлого нь гайгүй үедээ татвар төлөхөд бол зүгээр. Төлөх ёстой юм чинь. Ямар үед ашиг орлого багасдаг  вэ гэхээр худалдан авалт бага байх үед л ашиг багасаад ирдэг. Энэ үед л хэцүү байдаг юм билээ. Барилгын салбарын тухай ярихад бүтээн байгуулалтад зориулсан зээл манай улсад байхгүй байна. Дандаа арилжааны зээл нэртэй маш хурдан ашгаа олдог худалдааны зээлүүд л монголд байна. Жишээ нь, хороолол баръя гэвэл тэр компанид ямар зээл олддог вэ гэхээр маш өндөр хүүтэй зээл л олддог. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтанд чиглэгдсэн зээл манай улсад байхгүй байгаа учраас барилгын салбар маш өндөр үнэтэй зээлүүд авч байна. Хэрвээ барилгынхаа салбарыг дэмжие гэх юм бол бүтээн байгуулалтанд таарсан бага хүүтэй зээл байх хэрэгтэй. Бага хүүтэй зээлийг өчнөөн олон жил ярьсаар байгаад өдий болтол хийж чадсангүй.

-Зээл дээр бас нэг үсрэнгүй зүйл хийлээ гэж мэргэжилтнүүд хэлдэг. Найман хувийн зээлийг. Монгол хүн өрнөөс айдаг сэтгэхүйтэй. Айсаар байгаад амьдралынхаа их олон боломжийг алддаг. Тэр зээл үнэхээр бизнест үр өгөөжөө өгсөн үү?
-Би найман хувийн зээлийг сайн болсон гэж үзэж байгаа. Найман хувийн зээл маань өөрөө орон сууцны худалдан авагч талдаа зээл. Харин нийлүүлэлт буюу үйлдвэрлэгч талдаа тийм зээл байхгүй байна. Аль аль талдаа сайн байх юм бол эрэлт нийлүүлэлт хоёр өсөөд л явчихна. Орон сууцны үнэ нь ч багасна, худалдан авагч ч ихэснэ.

-Хувийн хэвшилд ажиллаж байхдаа сэтгэл санааны нэлээн хүнд дарамт авсан гэж сонссон. Амьдралд санамсаргүй гай түйтгэр тохиодог. Есүгэн гэдэг охины асуудал дээр танай компани захиалагч нь байсан юм билээ. Гүйцэтгэгч компани ажиллаж байхад осол гарч, хүүхдийн амь нас эндсэн. Мэдээж таныг шалгасан байх? 
-Төрийн албаа болиод дөрөв дэх жилдээ ажиллаж байсан. Энэ хугацаанд нэлээн олон барилга барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн. 2012 онд хэд хэдэн барилга эхлүүлээд шахуу ажиллаж байсан. 60 айлын сууц эхлүүлээд, барилгын компанитай гэрээ хийсэн.. Манай компани барилгын компани биш л дээ. Хөрөнгө оруулалтын компани. Барилгын компаниудтай гэрээ хийгээд, ажлаа захиалаад,  санхүүжүүлээд явдаг. Мэдээж барилгын компаниуд хамгийн сайхан барина, аваар осолгүй барина, бид өөрсдөө аюулгүй байдлыг 100 хувь хариуцна гээд  гэрээ хийдэг. Манайхтай ч тэгж л хийсэн. Тэгээд байж байтал тэр айхтар осол гарсан. Тэр бол үнэхээрийн миний амьдралд учирсан хамгийн том цохилт л доо. Тэр жоохон охины амь насанд би дотроо маш их шаналж шатаж явдаг. Хуулийн байгууллагууд биднийг маш их шалгасан. Мэдээж шалгах нь тэдний үүрэг. Тэнд олон компаниуд оролцсон байдаг л даа. Барилгын гүйцэтгэгч компани, бетон нийлүүлдэг компани гээд. Барилгын компанийх нь яг талбай дээр зогсдог инженер нь  байхгүй үед нь нөгөө бетон авчирдаг компани нь помп гэдэг машинаа босгохдоо, жолоодох эрхгүй 16 настай туслах ажилтан нь тэр том краныг унагачихсан осол байдаг. Яг тэнд үүрэг гүйцэтгэх ёстой хүн нь хоолондоо явчихсан байсан юм билээ. Бид нарыг шалгасан, би нэлээн буруудсан. Буруутгах ч ёстой л доо. Гэрээнийхээ хариуцлага, хуулийн хариуцлага гэдгээрээ бол барилга барьж байгаа компани нь манай компани биш байдаг. Мэдээж үнэхээр хэцүү байсан. Анхан шатны шүүхээр буруутай гэж гараад, зургаан сарын дараа хуулийн байгуулагууд шалгаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Энэ захиалагч байгууллага юм байна, энэ цэвэр үйлдвэрийн осол юм байна гэсэн. Ослыг яг үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд гаргасан юм байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр яах вэ. Харин болсон харамсалтай явдал сэтгэл санаанаас мартагдахгүй, салахгүй ийм л байдаг юм байна. Тухайн үед манай компанийн бас нэг буруутай тал бол барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан. Тэгсэн тухайн үед нийслэлээс шалгалт хийхэд яг ийм 100 гаруй барилгын компани бүгдээрээ барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан гэдэг. Манай барилгын салбарын эрх зүйн байдал үнэхээр хэцүү байгаа нь харагдаж байгаа юм. Бид дулааны зөвшөөрлөө авах гэж жил гаруй хөөцөлдсөн. Бусад компани ямар нэгэн байдлаар л авчихдаг юм. Би тэр замаар нь авч чадахгүй явсаар байгаад хөрөнгө оруулалт зогсчих гээд байсан учраас дулааны улирлыг ашиглаад бариад авах юм сан гэж зүтгэсэн.  Бусад компаниуд ч тэгж л хандсан байдаг юм. Янз бүрийн байдлаар зөвшөөрлийг нь авсан байсан бол манай компани 100 хувь буруугүй байх байсан. Би тэрэнд их харамсдаг. Барилгынханд техникийн нөхцөл авна гэж үнэхээр хэцүү юм байдаг.

-Тэр охины гэр бүлтэй нь та ер нь уулзсан уу. Ойлголцож чадсан уу. Үнэхээр хэцүү асуудал л даа. 
-Би хоёр удаа аавтай нь уулзаж байсан. Эмгэнэл илэрхийлж. Бусад компаниуд хараахан уулзаагүй байсан. Мэдээж би  тэр хүний өмнө толгойгоо бөхийлгөх ёстой хүн. Үнэхээр их гэмшиж, харамсаж явдаг, ээжийг нь их ѳрѳвддѳг. Тэр  үеэс хойш хоёр жилийн хугацаанд манай компани зогсолтын байдалтай байна.  Энэ хугацаанд миний эдийн засгийн хохирол тоогоо алдсан. Энэ ч яахав хувийн компани шаталтанд ороо л биз. Харин би бөглөрөөд байгаа сэтгэлээ монголынхоо ард түмэнд зориулсан сайхан хотыг бий болгохын төлөө,  энэ түгжрэлийг багасгахын төлөө, нийгмийн стрессийг багасгахын төлөө  ажиллаж тайлж яваа. Анхны уулзвар, анхны замаа нээгээд, нээлтэнд нь оролцоод, тэр анхны урьд нь явж үзээгүй замаар явж байгаа хүмүүсийн баярлахыг хараад надад үнэхээр сайхан байсан. Тэр бол үнэхээр миний мэргэжлийн бахархал. Би ийм мэргэжилтэй болсны хамгийн дээд бахархал. Ямар их баярлаж байна, тэр хүмүүс. 

-Одоо барилга барихад бас орон зайн хувьд их хэцүү байна. Зам руу тулсан тулсан барилгууд л баригдаж байна. Одоо ч бас ийм ослууд гарч байна. Хотын маань төлөвлөлт нэгэнт ийм байдал руу аваад ирсэн. Хэцүү л санагддаг. 
-Бидний бүтээн байгуулж байгаагүйн л уршиг, үр дүн.  Шинэ бүтээн байгуулалт, шинэ хот байгуулалтын асуудалд бэлэн биш байгаагийн жишээ нь яг энэ дүр зураг. Хонгконгод очоод хар. Манайхаас 10 дахин илүү нягтралтай. Тэгсэн хэрнээ байшин барьж л байдаг. Тэгсэн мөртлөө тэд осол аваар гаргадаггүй. Маш өндөр хариуцлагын дор ажилладаг. Бид тийм нягтралтай газар, нягтралтай орон зайд барилга барьдаг туршлага бага. Үндсэндээ Эрдэнэт, Дарханыг оросууд барьж өгсөн. Бид өөрсдөө юмаа хийж одоо л эхлэх гэж байна шүү дээ.

-Одоо манай хотын нэг том зовлон бол гэр хороолол. Түрээд төв рүү ороод ирснийг нь  чөлөөлөхөөс өөр аргагүй. Энэ таны ажлын нэг хэсэгт хамрагдаж байгаа юу?
-“Гудамж” төсөл гурван дэд төсөлтэй. Нэг нь хурдны зам, нэг нь хотын төвийн дэд төсөл нөгөө нь гэр хорооллыг сайжруулах гэсэн гурван дэд төсөлтэй. Гэр хороолол хамарч байгаа. Бидний хамгийн түрүүнд барьж авсан зүйл маань хот доторх гэр хороолол. Тэр нь Гандан. Ганданд бид орхоны зургадугаар гудамжийг тохижуулсан. Ажил эхлэх эхний тэр гудамжинд бид бүгд очсон. Өнөөдрөөс эхлээд танай гудамжийг янзалж эхэлнэ ээ. Танай гудамж зиг заг хазгай муруй байна. Тэгэхээр та нар хашаагаа хойш нь нэг метр, зарим газар 70 см-ээр хашаагаа  холдуулж өгөөч гэсэн чинь хүмүүс энэ тэндээс гарч ирээд шууд алхаар цохиод цохиод хашаагаа нураагаад өгсөн. Хүмүүс тэр өөрчлөлтийг тэгтлээ их хүлээж хүсэж байж шүү дээ. Их хурдан нураагаад өгсөн, манай эксковатор ч ажилдаа орсон. Тэнд дэд бүтэц эхний ээлжинд оруулаагүй лдээ. Автомашины зам, чулуун явган зам тавьсан, хашааг  нь бүгдийг нь нэг жигд болгож шинэ хашаа барьж өгсөн.

-Сайхан сонсогдож байна, иргэд өөр болжээ.
-Энэ өөрөө нэлээн цогц үйл ажиллагаа болсон л доо. Манай зураг төслийн компани бараг хагас жил  гаруй иргэдтэй ажилласан. Иргэд өөрсдөө гудамж гудамжаараа бүлэг  бий болгоод, нийтдээ 38 бүлэглэл бий болсон. Хамгийн түрүүнд бэлэн болсон бүлэг дээр нь очсон.

-Тантай ярилцах сайхан байлаа. Миний хувьд шинэ сэдэв, шинэ зочин. Цаашдаа олон уулзах байх гэж найднам. Таны ажил бол иргэдтэй эхлээд ойлголцох. Тэдэнд юу хийх гэж байгаагаа мэдрүүлснээр урагшилна. Тэр ажилд тань харин бид хамтран зүтгэхэд бэлэн байна.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд, мөн уншигчдад нь сайн сайхныг хүсье.
http://ganchimeg.niitlelch.mn/