Thursday, 19 April 2012

Г.Батхүү: Аль нэг бүлгийн шийдвэрийг хатуу баримтлах ёсгүй


УИХ-ын гишүүн Г.Батхүү

Тавантолгойн зарим асуудал, Сонгуулийн тухай хуулиас үүдэж ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулах нь зүйтэй хэмээн зарим гишүүн үзэж буй. Хаврын чуулганыг өндөрлүүлэхэд спикер гишүүдийг ажил, амралтаа зохицуулж, ээлжит бус чуулганд бэлэн байхыг үүрэгдсэн ч энэ талаар тодорхой шийдвэр алга. Ирэх сарын 15-нд бух гишүүнийг ажилдаа орсон байх үүргийг мессежээр явуулсан гэх ч албан ёсны мэдээлэл мөн л байхгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж болзошгүй талаар гишүүдэд мессеж ирсэн гэсэн. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах асуудлыг одоогоор ярьж, шийдээгүй. Ер нь ээлжит бус чуулган зарлахгүй болов уу. Одоогоор намрын чуулганы хуралдааны бэлтгэлээ базааж байна. Тамгын газрын ажилтнуудын ээлжийн амралт дуусаж, ажилдаа орсон. Улмаар ажлын хэсгүүд ч хуралдаж эхэлж байна. Намрын чуулганаар ажлын хэсгүүдийн хэлэлцсэн суудлууд,Сонгуулийн тухай хууль, Тавантолгой,мөн Төсвийн тодотголыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ дагуу Тамгын газар ч төлөвлөгөөгөө боловсруулж байна.

-Хаврын чуулганыг хаахын өмнө гишүүд ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй бол дэд бүтцийн ажлууд хөрөнгөгүйгээс зогсох нь гэж байсан шүү дээ. Энэ асуудлыг хэрхэх бол?

-Төсвийн тодотголтой холбоотойгоор хэлэлцэх асуудлууд бий. 2011 оны төсвийн орлого тал, гүйцэд хангагдахгүй байгаа учир төсөвт зохицуулалт хэрэгтэй байгаа. Гэхдээ төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн барих ёстой. Өргөн барьсны дараа асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү, ээлжит чуулганаар хэлэлцэх үү гэдгийг шийдэх юм.

-Ганц төсвийн тодотгол ч биш Тавантолгойн гэрээг хэлэлцэх, зайлшгүй шаардлага бас бий шүү дээ?

-Тавантолгой нь төсвийн орлоготой холбоотой нэлээн хүлээлттэй байгаа чухал асуудал. УИХ-ын дарга одоогоор орон нутагт ажиллаж байна. Орон нутгаас ирээд шийдэх байх. Одоогоор энэ асуудлыг төдийд ярина гэсэн тов гаргаагүй.

Би хувьдаа Тавантолгойн асуудал болон төсвийн тодотголыг нэлээн сайн бүрэлдэхүүнтэй байж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Мэдээж хэлэлцэх асуудал бүхэн чухал. Гэхдээ энэ хоёр асуудал дээр гишүүдийн бүгдийнх нь саналыг нь авч байж зөв шийдэл гаргах ёстой. Тэр дундаа Тавантолгой нь Монгол Улсын жилийн төсвийн тодотголтой дүйцэх асуудал биш, улс орны цаашдын ирээдүй, хувь заяа, үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Тийм учраас энэ асуудал дээр нэлээн нухацтай хандах ёстой. Иймээс намрын чуулганы хуралдаанаар ирц бүрдэхээр хэлэлцсэн нь дээр гэсэн хувийн байр суурьтай байгаа. Мөн Сонгуулийн хууль ч ялгаагүй.

-Хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр тохиролцож чадахгүй байсаар хаврын чуулган завсарласан. Энэ хугацаанд ажлын хэсгүүд хуралдсан болов уу. Тодорхой ахиц гарсан уу?

-Хаврын чуулган завсарлахад ямар шийдэлтэй байсан тэр хэвээрээ байгаа. Түүнээс хойш ажлын хэсгүүд хуралдаагүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү гэсэн асуултыг их тавьдаг. УИХ-ын хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал Сонгуулийн хууль байх ёстой гэж хэлсэн.

Сонгуулийн хуулийг хоёр жил гаруй ярьж байна.

Ажлын хэсэг ч гарсан, мөн намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч ажиллаж байна. МАН-ын бүлэг энэ асуудлыг шуурхайлахын тулд бүлгийн удирдлагын бүрэлдэхүүнээ хүртэл сольсон. Энэ нь намрын чуулганы эхний асуудал мөн. Сонгуулийг ойлгомжтой цэгтэй болгох ёстой. Улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалдаа тохирсон сайн хувилбарыг олж шийдэх ёстой. Аль нэг намын эрх ашиг, хэн нэг нь сонгогдох боломж гэхээсээ илүү, Монгол Улсыг дэлхий даяар сонирхон, анхаарлын төвд байгаа энэ үед төр баттай, найдвартай, тогтвортой байх нөхцөлийг хангах ёстой.

-Тэгвэл намрын чуулганаар хэлэлцэж, баталж амжих болов уу. Магадгүй ирэх сонгууль хуучин тогтолцоогоор явагдаж мэдэх юм?

-Хугацаандаа амжих ёстой гээд түргэн, хуумгай шийдэж болохгүй. Мөн л Тавантолгойн адил гишүүдийн ирц хангалттай үед олонхын шийдвэрээр эцсийн хариуг гаргах ёстой. Аль нэг намаас ажлын хэсэгт орж буй хүмүүсийн байр сууриас илүү УИХ-ын гишүүдийн олонхын шийдвэр чухал.

-АН-ын тухайд буулт хийсэн ч МАН зөрүүдэлсээр хаврын чуулганыг завсарлуулсан. Магадгүй энэ байдал дахин үргэлжлэх юм биш үү?

-Аль нэг намын бүлгийн шийдвэр дээр хатуу зогсоод байж болохгүй. Намын гэхээсээ илүүтэй улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж, асуудалд ухаалгаар хандана гэдэгт итгэж байна. Хоёр бүлгийн ажлын хэсэг хуралдаад, асуудлыг түргэвчлэх боломж бий. Ямартай ч намрын чуулганд багтааж, Сонгуулийн тухай хуулийг батална.

-Хэрэв МАН байр сууринаасаа ухрахгүй гэвэл АН-ын тухайд дахин завсарлага авах уу. Ийм байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудал дээр завсарлага авсан. Энэ нь бүлгийн гэхээсээ илүү УИХ-ын олонхын шийдвэр. Сонгуулийн нөхцөл байдал, бидний авч явсан олон хуулийг аваад үзэхэд можаритар, пропорционалийн аль алинд нь сайн тал ч, дутагдал ч бий. Ер нь гишүүдийн олонхын байр суурь аль алинаас нь Монголын нөхцөлд тохирсон холимог тогтолцоог хангасан хуультай болох юм.

Сонгуулийн хуулиас гадна сонгуулийн процессыг боловсронгуй болгох ёстой.


Сонгуульд ямар эрх зүйн баримтаар оролцох вэ, яаж сурталчлах вэ, яаж хяналт тавих вэ, үр дүнг нь хэдий хугацаанд хэрхэн гаргах вэ, сонгогчдыг оролцуулах ямар хөшүүрэг хэрэглэх вэ гэх мэт. Сонгуульд сонгогчдын ирцийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ирц өндөр байх тусам сонгууль үнэн зөв байх магадлал өндөр. Олон хүн хамрагдах боломжийг процессын хуулиар зохицуулах ёстой. Идэвхгүй хүмүүсийг идэвхжүүлэх, ямар нэг хөшүүрэг хэрэглэх ёстой. Намрын чуулганаар сонгуулийн хууль шийдэгдэнэ. Ингэхээр үүний хажуугаар Процессын хуулийг батлах ёстой болж байгаа юм.

-МАН-аас тавиад байгаа бүх ард түмний санал асуулга явуулах тухай бүлгийн хурлаар дахин хэлэлцэх болов уу. АН 38:38 руу буулт хийсэн юм чинь дээрх саналыг мөн л хүлээж авах байх гэсэн таамаг олны дунд бий?

-Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ, 50:26 юу гэх мэт асуудлаар санал асуулга явуулах нь утгагүй. Нэгдүгээрт, зардал их гарна. Хоёрдугаарт, хөдөөгийн иргэдийн хувьд нутаг орны онцлогоос хамаарч, сонгуульд ирж санал өгөхөд төвөгтэй байдаг. Гэтэл энэ тоон дээр ирж санал өгөхөөр ирнэ гэдэг бодитой биш, бүр утгагүй болж, олонхоороо санал өгч чадахгүй болчих байх гэж бодож байна.

УИХ-ын 76 гишүүн 26 тойргийн ард түмний төлөөлөл.

Та нар бидний өмнөөс энэ асуудлыг шийд гээд томилоод явуулсан байхад тооны харьцааны асуудлыг шийдэж чадахгүйгээр санал асуулга явуулбал УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй юм гэж ард түмэн дүгнэхэд хүрнэ. УИХ нэгэнт тэр төлөөллийг хангаж байгаа учир өөрөө шийдвэр гаргах бололцоотой. Гэхдээ сайн хэлэлцэж, олонхын шийдвэрээр. Харин сонгуулийн явцад Үндсэн хуулийн асуудлаар санал асуулгыг хамт явуулж болно. Үндсэн хуультай холбоотой асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх, тэдний санал бодлыг сонсох тухай заалт Үндсэн хуульд байдаг учир түүнийг 2012 оны сонгуулийн үйл явцтай нэг зэрэг явуулбал илүү зардал гарахгүй, бас олон хүний санал авах бололцоо ч бүрдэх юм гэсэн хувийн байр суурьтай байгаа.

Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь

2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг

No comments:

Post a Comment