Thursday, 19 April 2012

Г.Батхүү : Бид монголын улс төрд сайн жишиг тогтоох ёстой

УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Ийгл” телевизийн “Зочны цаг”-т уригдан оролцлоо. Ярилцлагыг тоймлон хүргэе.

-УИХ Засгийн газрыг бүрдүүлэх шийдэлд хүрлээ. Энэ талаар тодруулна уу?

-Засгийн газрыг бүрдүүлэхээр УИХ ачаалалтай ажиллалаа. Ерөнхий сайд өнгөрөгч мягмар гаригт УИХ-д Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Гэхдээ энэ асуудалд АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн хэд хэдэн зөвлөмж өгч, шаардлага тавьсан. Харин асуудлаа шийдвэрлэж, богино хугацаанд Засгийн газрыг бүрдүүллээ. Нэлээд хэдэн төвөгтэй асуудлыг хамтдаа шийдвэрлэлээ.

-АН Засгийн газар бүрдэх асуудлыг гацаалаа гэсэн шүүмжлэл их байлаа. Таны байр суурь ямар байна вэ?

-АН төрийн ажлыг гацаалаа гэх захиалгат нэвтрүүлгүүд телевизээр их цацагдсан. МАН асуудалд хүлээцгүй хандсан. Гацаа бол гараагүй. Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлсний дараа сайдууд тэдний ажил үүргийг хавсарч хийж байсан. Төрийн ажил хэвийн явж байсан. Тэгээд ч Ерөнхий сайд сайдуудын нэрийг өргөн барьснаас хойш дөрвөн хоногийн дотор асуудлыг шийдвэрлэлээ. Мэдээж ярилцах ёстой асуудлууд байсан. Тухайлбал, Засгийн газрын бүтцийг өмнө нь хамтарсан засгийн үеийнхээр өргөн барьсан нь буруу. Яагаад гэвэл хамтарсан засагт асуудлаа хамтдаа шийдвэрлэх бололцоог бүрдүүлэхийн тулд Ерөнхий сайдтай ойролцоо эрх мэдэлтэй Тэргүүн шадар сайдын алба байсан. Харин МАН дангаараа Засгийн газар бүрдүүлэхэд ийм алба шаардлагагүй. Иймээс Тэргүүн шадар сайд байх шаардлагагүй гэж үзээд бүтцийн асуудлыг зөвшилцөж шийдвэрлэлээ. Шинээр томилогдож байгаа сайдуудын талаар нэг бүрчлэн ярилцлаа. Асуудлыг улстөржүүлэх, шүүмжлэх байр сууринаас биш. Гол нь богино хугацаанд алба хаших сайдууд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа, салбараа хэр мэдэж байна вэ гэдгийг тодруулах зорилготой. Ер нь бол ойрын хугацаанд сайд нарыг юу хийж бүтээж байгаа талаархи мэдээллийг УИХ сонсох шаардлагатай. Тэгэхээр АН асуудлыг гацаах биш харин ч богино хугацаанд засаг бүрдүүлэх бололцоог хангалаа.

-Таван сайдыг шинээр томилсон. Нэр дэвшигч бүр дээр санал шүүмжлэл гарч байсан. Ер нь сайдууд нэр дэвшихээс эхлээд л шүүмжлэл дагалдсан шүү дээ. Тэр дундаа төрийн нарийн бичгийн дарга, намын генсекийг сайдаар томилох нь гэдэг шүүмжлэл их байлаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Бид улстөржихөөс илүү Монголын улстөрд сайн жишиг, жаягийг тогтоох ёстой. Тухайлбал, Ерөнхий сайд хамтарсан засагт байсан Тэргүүн шадар сайдын албанд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг дэвшүүлж орж ирсэн. Энэ бол өөрөө жаягийг эвдэж байгаа асуудал. 2008 онд МАХН-аас С.Баяр Ерөнхий сайдад нэр дэвшихдээ Бага хурлаараа ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа чөлөөлөгдөөд орж ирж байсан. Эндээс л харагдана. Намын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хийж байгаа мөртлөө сайд болох гээд орж ирсэн нь буруу. Гэхдээ Тэргүүн шадар сайдын албыг шаардлагагүй гэж үзсэн нь нэр дэвшигчээс болоогүйг хэлэх учиртай.

Хэн нэр дэвших нь хамаагүй, гагцхүү хамтарсан засагт байсан Тэргүүн шадар сайдын алба дангаараа бүрдэх засагт байх шаардлагагүй гэдэг байр сууринаас ийм шийдэлд хүрсэн.

Үүний зэрэгцээ төрийн нарийн бичгийн дарга сайдад нэр дэвшиж орж ирж байгаа нь нэг талаас тухайн хүн сонголтоо хийсэн юм шиг боловч нөгөө талаас Монголын улстөрд бидний хамтдаа бий болгох гээд байгаа тэр хандлагыг эвдсэн жишиг юм. Юу гэхээр төрийн алба гэдэг улстөрөөс хамааралгүй, аливаа намд бус ард түмэнд үйлчилдэг байх ёстой. Тиймээс ч төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлээд тангараг өргүүлсэн. Тэгсэн хэрнээ төрийн нарийн бичгийн даргыг сайдаар томилуулах гээд оруулж ирж байгаа нь агуулгаараа буруу юм. Цаашид бодох ёстой. Улстөрд орно гэдэг сонголтоо хийсэн төрийн албан хаагч Сонгуулийн хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга хүн шууд улстөрийн албан тушаалд орж ирэх нь жишиг эвдсэн зүйл юм. АН энэ асуудлыг нэлээн сайн хэлэлцсэн. Гэхдээ Ерөнхий сайд нэгэнт бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг оруулж ирсэн учраас бид ирцээ бүрдүүлж, хэлэлцсэн. Харин дэмжиж санал өгөөгүй. Олонхиороо дэмжээд сайдуудаа томилсон. Хэрэв томилогдсон сайдууд сайн ажиллавал дэмжинэ, муу ажиллавал хариуцлага тооцно гэдгээ АН-ын бүлгийн гишүүд илэрхийлсэн.

-Сайд нарын томилгоог шийдвэрлэлээ. Одоо дэд сайд, УИХ дахь байнгын хорооны дарга нарын асуудал үлдэж байна. Ямар гарц байгаа бол?

-Монгол Улс өмнө нь есөн яамтай, тэргүүн шадар сайдгүй байхдаа асуудлыг шийдэж, сайн ажиллаж байсан. Өнөөдөр арав гаруй яамтай. Зарим яам бүр хоёр дэд сайдтай болчихсон. Төрийн ажлыг зангидаж хийдэг хүн мэдээж төрийн сайд, төрийн нарийн бичгийн дарга. Гэхдээ цөөн яам байхад илүү сайн ажиллаж байсан жишгийг бид бодох ёстой. Тиймээс энэ удаад дэд сайдуудын албан тушаал хэрэггүй гэж үзэж байгаа. Цаашид агентлагуудыг ч цөөрүүлэх шаардлагатай. Монгол Улс 1655 багтай. Энд ард түмэн амьдарч байгаа. Гэтэл ард түмэнд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа анхан шатны нэгж багийн Засаг дарга, эмч, багийн ИНХ гэж орон тооны бус нэг хүнтэй. Ийм л бүрэлдэхүүнээр төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэж байна. Харин төрийн бүтэц дээшээгээ данхайж, яам, агентлагууд томорч, жилээс жилд орон тоо нь нэмэгдэж байна. Тэдний зардал төсөв тэлэх хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ бол буруу. Ард түмэнтэй ажиллаж байгаа анхан шатны нэгж дээр чадварлаг мэргэжилтнүүд аваачиж, сайн бүтцээр үйлчилгээ үзүүлэх ёстой. Тиймээс төрийн албыг чадваржуулах, цөөрүүлэх, улстөрөөс ангид байлгах нь зөв.

-Таван сайд өөрчлөгдлөө. Халаа сэлгээ хийж эхлэх байх гэсэн болгоомжлол байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ийм зүй бус асуудлыг гаргахгүйн төлөө төрийн албаны дархлааг бий болгох, төрийн албыг улстөрөөс ангид байлгах ёстой. Өнөөдөр Монголын төрд ажиллаж байгаа бүх хүн төрийн албан хаагчид. Хуулиар эрх нь баталгаажсан. Тиймээс ажлаа хэвийн хийж байгаа хүмүүсийг үзэл бодлоор нь юм уу, улстөрийн харъяаллаар нь халах ёсгүй. Хэрэв тийм зүйл гарвал бид хатуу хариуцлага тооцож ажиллана.

-Үнийн хөөрөгдөл иргэдийг дарамталж эхэллээ. Нөгөө талд үнийн өсөлтийг өлгөж аваад шоу хийх хүмүүс ч байна. Энэ тухайд...?

-Үнэ өсөх гэж байна, өслөө гэсэн мэдээллийг урьдчилж цацаад дараа нь үнэ өсгөдөг явдал харагдаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн намар бэлтгэсэн махыг зоориноос дэлгүүр хүртэл тээвэрлэхэд кг махны үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэтэл яагаад хоёр, гурван мянгаар нэмэгдээд байгааг ойлгохгүй юм. Ноднин ургацын үеэр будаагаа авчихсан гурилын үйлдвэрүүд яагаад үнэ нэмээд байна. Энэ бол хөөрөгдөл. Тиймээс үүнийг зохицуулдаг, хянадаг тогтолцоог бүрдүүлж, төр оролцох ёстой. Төр оролцоно гэдэг нь улс шатахуун, гурил, мах нийлүүлдэг цаг үеийг санагалзана гэсэн үг биш. Өнөөдөр төр зах зээл дэх үнэ, эрэлт нийлүүлэлтийн эдийн засаг, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд өгчихсөн. ШӨХТГ, МХЕГ, төрийн бодлогын яам, бодлого хэрэгжүүлдэг агентлагууд байна. Гэвч төрийн энэ нүсэр аппарат ажлаа хийхгүй байна. Хийгээгүй хэрнээ “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр улстөр хийж, хэн нэгнийг зөвтгөж буруутгах нь зохисгүй. Ажиллаж чадахгүй байгаа бол чаддаг хүн нь тэр ажлыг хийгээд явах ёстой.
Үнийн өсөлт иргэдэд дарамт болж, амьдрал нь хүндэрч, нуруун дээрээ үүрэх ачаа нь нэмэгдэж байна. Үүнийг засч залруулах боломж Монголын Засгийн газарт бий. Наад зах нь Монголбанк яагаад интервэнц хийж валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээ аваагүй вэ. Хариуцлага тооцох шаардлагатай. АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсэг зураад Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. АН улстөр хийгээд байна гэж хэлэх хэрэггүй. Ер нь хэн ямар зорилгоор ямар үг хэлж байна, ямар арга хэмжээ авч байна, тэр нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг бид харах ёстой.

Дүгнэлттэй хандах нь зохистой.

Засаг бүрдэхэд асуудал гацаагүй гэдгийг энд дахиад хэлье. Хамтарснаар бүх асуудлыг дэмжээд явах ёстой гэдэг хандлага Засгийн газарт бий болж, айлын эрх хүүхэд шиг болчихсон дүр төрх харагдлаа. Бид хамтарсан үедээ ч болохгүй асуудлыг эсэргүүцээд шүүмжилдэг, буцаадаг байсан. Хамтраагүй үедээ ч энэ байр сууриндаа байна. Тиймээс цаашид УИХ-аас дэмжиж баталсан хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн, хийхээр төлөвлөсөн олон ажлыг бид дэмжинэ. Харин хууль зөрчсөн үйлдэл хийхийг хатуу эсэргүүцэж, сөрөг хүчний байр суурин дээрээ байна.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр үргэлжилж байна. Үнийн өсөлтийг яаж зохицуулах бол, цалин, тэтгэврийг хэзээ нэмэх бол гэсэн хүлээлт байна. Мөн сонгуулийн шоу болоод өнгөрөх вий гэсэн болгоомжлол ч байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ер нь бол ард түмэнд шаардлагагүй зүйл амладаг, мөнгө тараадаг асуудлаас татгалзъя гэж гишүүд шийдсэн. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Сонгуулийн хуулиар мөн олон зохицуулалт хийсэн. Халамжийн чиглэлийн амлалтууд өгөх эрхийг хаасан. Харин энэ онд цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг шийдвэрлэж, төсөвт хөрөнгийг нь суулгасан байгаа. Яагаад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмж болдоггүй юм бэ гэсэн хандлага иргэдэд бий. Гэхдээ төсвийн орлого, бололцоог тооцож үзээд нэмэх хугацааг тогтоодог. АН-ын хувьд нийгмийн чанартай тэтгэвэр, халамж, цалин нэмэх гэхчилэн олон асуудлыг дэмжиж, хуулиа баталж ирсэн. Одоо ч дэмжиж ажиллаж байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн шиг АН асуудлыг гацаагаад байгаа юм биш. Тэр мэдэгдэл буруу ташаа. УИХ Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль баталсан. Төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл ард түмэнд ил тод байхыг энэ хуулиар үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сайдуудтай уулзаж саналаа хэлсэн. Үүнийг камерын өмнөх шоу гэж хэлж болохгүй.

-УИХ томоохон хуулиуд баталсан. Олон нийтэд сурталчлах талаар юу хийж байна вэ?

-Хамтарсан засаг их зүйл хийлээ гэж байгаа. Их зүйл хийх эрх зүйн боломжийг УИХ бүрдүүлж өгсөн. Түүхэндээ Монгол Улсын Их Хурал шийдэж, хийж байгаагүй зарчмын асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, томоохон хуулиудыг батлан гаргасан. Мэдээж шүүмжлэл бий. Аливаа ажил хийхэд шүүмжлэл гарах нь зүй ёсных. Ер нь ч 100 хувь бүх хүнд таалагдах шийдвэр гарна гэж үгүй. Амьдрал баян болохоор цаг хугацааны эрхээр сайжруулах, шинэчлэх зүйл гарах л байх. Ямар ч гэсэн УИХ олон сайн хууль баталсан.

Маргааш шууд амьдрал дээр биш урт хугацаанд үр дүн нь гарах хууль ч цөөнгүй бий.

Жишээ нь, өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ийн 22 хувийг үйлдвэрлэж байгаа хэрнээ ажлын байрны 3.5 хувийг л бий болгож байна. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа тэр их баялгийг яаж эдийн засгийн бусад салбартаа шингээх вэ. Ажлын байр бий болгох, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, шинэ технологи нутагшуулах, уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж, үнэд хүргэх, дотоодын хэрэгцээгээ хангах, бэлчээрээ зохистой ашиглах гээд олон асуудлыг УИХ үндсэндээ шийдвэрлэж чадлаа.

Эх сурвалж
www.batkhuu.mn

2012 оны 1-р сарын 30, Даваа гариг

No comments:

Post a Comment