Wednesday, 18 April 2012

Г.Батхүү: Автомашинаас агаар бохирдуулсан гэж ганц ч төгрөг авдаггүй

Монголд одоогийн байдлаар 15 аж ахуйн нэгж шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Хийн түлшний барилга байгууламж барьж, нийт хий хадгалах савны багтаамж 800 м.куб-д хүрчээ. Харин хотод хий цэнэглэх станц долоо, улсын хэмжээнд хий түгээх цэг 10, баллоны агуулах 20 гаруй байна. Хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянга, хотод 7000 буюу 2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн аж. Тиймээс УИХ-ын дэд дарга тэргүүтэй нэр бүхий гишүүд дизель болон бензинийг халж автомашинд зөвхөн хийн түлш хэрэглэдэг болох тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг 2000 онд баталж, экологийн хямд, цэвэр түлшийг хэрэглэх зорилго тавьсан. Тиймээс 2006 оны зургадугаар сарын 21-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор хөтөлбөрийг 2010 он хүртэл хэрэгжүүлэхээр сунган батлаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Хийн түлшийг автомашинд хэрэглэснээр жилд тэдэн төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо судалгааг гаргасан уу, та бүхэн?

-Нийслэлд өдөрт дунджаар том, дунд оврын автобус 541, микро-автобус 1170, такси 800, 34 троллейбус үйлчилгээнд гардаг юм билээ. Хуучин "Nissan", “Xino", автобус 100 км-т 34 литр, "Hyundai" 32 литр дизель түлш зарцуулдаг бол сүүлийн үеийн шинэ "Daewoo" 28-30 литрийг зарцуулж байна. Харин троллейбус 100 км-т 12 мянган төгрөгийн тог, өдөрт 200 км буюу 24 мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг гэсэн үг. Автобусны өдөрт явах нормын хэмжээ 200 км бөгөөд дунджаар 60 литр дизель түлш зарцуулдаг.

Дизель түлшний үнийг 1500 төгрөгөөр тооцвол өдөрт нэг автобус 75 мянган төгрөгийн дизель хөдөлгүүр буюу троллейбуснаас гурав дахин их зардал зарцуулдаг байна. Хийн түлшээр ажилладаг автобусыг дизель түлшээр явдаг автобустай харьцуулахад агаарт карбон диоксидыг 90-97, карбон диоксидын хорт хийг 25, нитроген оксидыг 35-60, метан бус гадрокарбоныг 50-75 хувиар тус тус бага ялгаруулдаг нь тогтоогджээ. Эдгээр нь бүгд азоны давхаргыг цоолох мөн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэх үйлчилгээ бүхий бодис юм. Тиймээс автомашинд хийн түлш хэрэглэх асуудлыг 2012 он гэхэд эцэслэн шийднэ.

-Автомашинд хийн түлш хэрэглэх тухай асуудлыг яагаад хэлэлцүүлэх болов. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Манай улсад байгалийн болон нүүрсний давхаргын метан, шахсан болон шингэрүүлсэн хийг ашиглах боломж байна. Дээр нь нефть, нүүрс боловсруулахад гарах шатдаг хий, нефтийн дагалдах хий, хог хаягдал, ялгадасны шатдаг хий, нүүрс болон бусад органик нэгдлүүдийн хийжүүлэлт зэрэг олон төрлийн шатдаг хийг ашиглаж болно. Ингэснээр авто тээврийн хэрэгслээс гарч байгаа агаарын бохирдлыг хэд дахин бууруулах боломж бүрдэх юм. Тодруулбал, автобус болон дизелиэр явдаг хөдөлгүүртэйд 3000 орчим, бензинээр хөдөлдөгт 2000, суудлын авто машинд 150-200 ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд л энэ санааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хувьд ашигтай. Гэхдээ автомашинд хийн түлш хэрэглэхдээ урамшууллын хэлбэр сонгох болно. Өнөөдөр автомашинаас зам ашиглалтын татвар авдаг болохоос агаар бохирдуулсан гэж ганц ч төгрөг авдаггүй. Тиймээс бид дэлхийн банкнаас зээл авч, автомашины оношлогооны төв байгуулсан. Манайд жилд ганц удаа л автомашины үзлэг хийдэг. Энэ нь зарчмын хувьд буруу. Уг нь гаднаас баталгаатай, сайн машин оруулж ирвэл хоёр жилийн хугацаанд үзлэгт оруулахгүйгээр явуулж болно. Харин хуучин, муу машин байвал жилд хоёр ч удаа юм уу үзлэгт оруулах хэрэгтэй. Гадны улсууд ийм л жишгээр ажилладаг юм билээ.

-Хийн түлшний үйлдвэрлэлийн ирээдүй манай улсад ямархуу төвшинд байгаа вэ?
-Хотод нүүрсийг хийжүүлэн шатдаг хий гарган авч, түүгээрээ цахилгаан үйлдвэрлэх 200 квт-ийн станц барьж туршин хөдөө орон нутгийг эрчим хүчээр хангах нэг эх үүсвэр болгон ашиглах ажил амжилттай болж 2010 он гэхэд 27 сумыг цахилгаанаар хангах ийм төрлийн станцыг барихаар "Эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрт тусгаад байна.

Түүнчлэн нүүрсний давхаргын метан хийн нөөцтэй байж болох тойм тооцоог гаргасан. Энэ нь байгалийн хийг эрчим хүчинд ашиглах ирээдүй байгааг харуулж байна гэсэн үг. Хийн түлшийг импортолбол авто тээврийн хэрэгсэлд ашиглахад нефтийн бүтээгдэхүүнээс 20-40 хувь, нүүрснээс нийлэг хийг гарган авбал дизель түлшнээс эрчим хүч гаргах өртгөөс хоёр дахин бага байх болно. Мөн өөрийн орны нөөц баялагт түшиглэн хийн түлшийг байгалиас олборлох замаар эрчим хүч үйлдвэрлэн ашиглавал авто тээврийн түлшний үнэ хоёр дахин, цахилгааны үнэ 10-30, дулааны үнэ 10-50 хувь хямдарна. Тэгээд ч манай улс нүүрсний нөөц ихтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар нүүрсний 200 гаруй орд, 150 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоосон байна. Түүнчлэн газрын тосны багагүй нөөц илрээд байгаа. Тиймээс нүүрсний орд газраас давхаргын метан хийг ашиглах цаг нь болсон.

-Манай улс яаж хийн түлштэй болох вэ. Арга зам юу байна?

-Байгалийн хий, нүүрсний давхаргын метан, газрын тосны дагалдах хийг олборлох маягаар энэ асуудлыг шийдэж болно. Мөн байгалийн нөөц баялгийг боловсруулан гарган авч болно. Тэр ч бүү хэл олборлогч, үйлдвэрлэгч нараас хий дамжуулах хоолойгоор болон чингэлэгт тээврээр зөөвөрлөж болох юм.

-2012 оноос эхлэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэсний учир юунд бол?

-Хийн түлшний хангамжийн асуудал бүрхэг байна л даа. Учир нь одоогийн байдлаар манай улс хийн түлшийг Оросоос авдаг. Гэхдээ Орос улс манайд импортлохдоо квотоор буюу Засгийн газрынхаа зөвшөөрлөөр өгдөг. Тиймээс дотооддоо хийн түлш үйлдвэрлэхээр хөтөлбөр хэрэгжүүлж, төсөл боловсруулаад эхэлчихсэн. Эдгээр төслийн хугацаа 2012 он гэхэд л үр дүнгээ өгч эхлэх болов уу.

2009 оны 6-р сарын 10, Лхагва гариг, Өнөөдрийн монгол

No comments:

Post a Comment