АН-ын ҮЗХ-ны ээлжит 33 дугаар
хурал маргааш болох билээ. Хурлаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг огцруулах нь гэсэн яриа гараад байгаа гам. Энэ асуудлаар УИХ-ын дэд дарга, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.БАТХҮҮГЭЭС зарим асуултад хариу авлаа.
-ҮЗХ-ны ээлжит хурлыг зарлажээ. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь юу байх вэ?
-Гүйцэтгэх зөвлөл хуралдаад намын дарга ҮЗХ-ны ээлжит хуралдааныг зарласан байгаа. Энэ хурлаар "Монгол хүн-2020" хөтөлбөрийг л хэлэлцэнэ. ҮЗХ-ны хурлаар "Монгол хүн-2020" хөтөлбөрөө хэлэлцэж, Монголын цагаан cap буюу хуучнаар бол шинэ жилийн баярын дараагаас хэрэгжүүлж эхлэх талаар төлөвлөөд байна. Бүх бүс нутагт хөтөлбөрөө сурталчлах ажлаа ҮЗХ-ны хуралдаанаар ярихаар болсон юм.
-Намын удирдлагатай холбоотой ямар нэгэн асуудал хэлэлцэх үү?
-Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд намын удирдлагатай холбоотой ямар ч асуудал ороогүй. Тэгэхээр хөндөхгүй ээ л гэсэн үг. Саяхан бид өмнөх ҮЗХ-ны хурлаар энэ талаар дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Дахин ярилцах шаардлага ч, шалтгаан ч байхгүй. Ер нь бол хүний асуудал ярихаасаа илүү ажил яаж хийх вэ гэдгээ ярих хэрэгтэй. Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ, намаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдгээ ярих нь чухал. Ийм зүйлээ ярилцахаар зарчмын хувьд тохирсон. Тэгэхээр энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол зөвхөн улс орны хөгжлийн асуудал буюу "Монгол хүн-2020" хөтөлбөрийг ярих хурал байх болно.
-Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг солих гэж байгаа гэсэн мэдээлэл байна л даа?
-Миний төвшинд ирсэн мэдээлэлд тийм юм лав алга. Намаас гарсан шийдвэр ч байхгүй. Наадах чинь зүгээр л тааврын шинжтэй хүмүүсийн яриа байх. АН-ын удирдлага, намын хүрээнд генсекээ солих тухай ямар нэгэн асуудал гараагүй.
-ҮЗХ-ын хурлаар намын дүрмийг шинэчлэх талаар хэлэлцэнэ гэсэн. АН дүрэмдээ ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Намын дүрэмд шинэчлэх, шийдэх ёстой асуудал олон бий. Орон нутгийн намуудын бие даасан байдлыг хэрхэн зохицуулах вэ, намын сахилга бат гээд. Дүрмийн асуудлыг ярихад намын бүтэц ч бас хөндөгдөх болно. Нам ямар удирдлагатай,хэдэн дэд даргатай байх вэ гээд шийдэж чадаагүй олон зүйл бий. Намын дүрэм гэдэг ерөөсөө л намын тоглоомын дүрэм шүү дээ. Үүнийгээ сонгуулиас өмнө тодруулах, шинэчлэх зүйл зайлшгүй яригдана. Гэхдээ энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар биш. Гүйцэтгэх зөвлөл дээр дүрмийн шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. ҮЗХ-ны хурлаар тэр ажлын хэсэг ажлын явцаа танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, намын дүрмийг энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар шинэчлэхгүй.
Ч.ГАН
2011 оны 1-р сарын 27, Пүрэв гариг, Үндэсний шуудан
No comments:
Post a Comment