УИХ-ын гишүүн, Хууль
зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Таны ахалдаг байнгын хорооны шийдвэр одоо ч давтагдахаар байна уу?
-Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцсэн. Түүнээс хойш долоо хоногийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг оруулах ёстой. Энэ л зарчмын дагуу чуулганаар асуудлыг хэлэлцэж байна.-Чуулган дээр асуудлыг нэлээд хурцаар хэлэлцэж байна. Танай намын бүлгийн хувьд сайдаа огцруулахгүй гэдэгт санал нэгдчихсэн, олонхоороо аваад гарах нь гэж ойлгож болох уу?
-Чуулганаар хэлэлцэж буй асуудлыг олонхын шийдвэрээр баталдаг. Харин намын бүлгийн хурлаар Удирдах зөвлөлийн саналын дагуу санал хурааж, хүлээж аваад Ц.Нямдорж сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. Ер нь бол холбогдох хүмүүсийг дуудаж ирүүлсэн, шаардлагатай асуулт байгаа бол асууж болно. Ямар нэг асуудал байгаа бол хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн дагуу гишүүдийн саналаар ХЗДХ-ийн сайдыг огцруулах эсэхийг шийднэ. Үдээс хойш хуралдааны явц хэрхэхийг мэдэхгүй байна.-Нууцаар санал хураавал Ц.Нямдорж сайд огцорно. Ил санал хураахаар ХЗДХ-ийн сайдын шантаажаас эмээсэн гишүүн олон бий гэсэн болгоомжлол зарим хүнд байгаа бололтой?
-Үндсэн хуулинд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хэрвээ хуульд өөрөөр заагаагүй бол ил байдлаар санал хураана гэсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нууцаар санал хураах тухай өөр ямар нэгэн заалт байхгүй. Тиймээс санал хураалт ил явж байгаа.-Ер нь сүүлийн үед МАН-ыг тойрсон асуудал олон гарсан. Тухайлбал, нэр бүхий гурван гишүүн гарч МАХН-д элслээ. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Намаас гарна гэдэг нь намын дүрэмд заачихсан үйл явц. Тухайн харьяалагдаж буй намын үүртээ өргөдлөө өгөөд гардаг журамтай. Энэ журмаар дээрх гишүүд намаас гарсан. Тэд хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан юм байлгүй дээ. Тэдний өмнөөс ямар нэг тайлбар хийж, дүгнэлт гаргах нь илүүц.-Гэхдээ намаас гарах саналтай гишүүд нэлээд хэд байснаа яг цаг нь тулахад зарим нь яагаад нэрээ татчихсан юм бол ?
-Намаас гарах шийдвэрийг гаргаагүй гишүүд олон талаас нь бодож үзсэн байх. Тухайлбал, Р.Раш, Д.Балдан-Очир нарын гишүүдийн хувьд манай намын туршлагатай, ирээдүйтэй кадрууд. Аль аль нь асуудалд буурь, суурьтай ханддаг, үндсээр нь авч үзэхийг хичээдэг онцлогтой улстөрчид. Р.Раш гишүүн л гэхэд аливааг маш гүнзгий боддог, уламжлал, ёс суртахууныг дээдэлдэг хүн. Магадгүй «Хөгшин банхраа цааш нь харуулчихвал гөлгөн чоно ирээд хот үймүүлээд байж магадгүй» гэж бодсон байх. Д.Балдан-Очир гишүүн энэ намд олон жил явсан, намын төлөө гэсэн олон сайхан санал бодол илэрхийлдэг хүн. Түүнийг би Монгол Улсын Бага хурлын суудалд намаа төлөөлж Үндсэн хууль батлалцсан, төрийн ажил тогтвортой байх, дүрэм, журамтай байх тал дээр байнга санаа тавьдаг гишүүдийн нэг гэж үнэлдэг. Тиймээс тэд цаг үеийн хувьд ч арай болохгүй юм байна гэж бодоцгоосон юм болов уу даа.-Анх хамтдаа МАН-аас гарна гэж байсан гишүүдийнхээ ятгалгад ороогүй гэж ойлгож болох уу?
-Аливаа жигүүр, хөдөлгөөн тодорхой шаардлагын хүрээнд байгуулагдаад зорилгодоо хүрэх үйл явцыг дотроо нэлээд зөвлөж, ярьдаг болохоор хүрэх зорилго, арга замын хувьд өөр өөр бодол, санаа хүмүүст байдаг. Тиймээс хоорондоо ярилцаад зохих шийдлүүд нь гарсан байх.-Ирэх сонгуулийг МАН, МАХН-ын дунд өрнөх нь гэсэн яриа нийгэмд их гарах болсон байна лээ. Ингэж олны сэтгэл санааг хоёрдуулж байхаар таная хоёр намыг нэгдэж болохгүй юм байх даа гэх бодолтой гишүүд танай намд мэр сэр бий шүү дээ?
-Магадгүй л юм, нэгдэж болдоггүй юм уу гэх бодолтой гишүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай нам УИХ-ын ирэх сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрийг аль хэдийнэ гаргаад, мөрийн хөтөлбөрөө ч боловсруулчихсан. Тэгэхээр одоо нийлж, нэгдэх гэсэн ойлголт байхгүй ээ.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
2012
оны 5-р сарын 04, Баасан гариг

No comments:
Post a Comment