Tuesday, 8 May 2012

Н.Батцэцэг: Миний сонголт наддаа зөв





Далаад оны дундуур дэлгэцийн урлагт өвөрмөц өнгө нэмэн орж ирсэн 18-тай оюутан Батцэцэг “Эх бүрдийн домог” ки­­ноны үзэсгэлэнт Нарангарвуугийн дү­рээ­рээ найруулагчдын ан­хаар­лыг татаж “Хүний амь”, “Дэгдээхэй нас”, “Сувраган цэнхэр уулс”, “Тойрох хуудас”, “Газарчин”, “Гэрлэж амжаагүй явна”, “Тэмцлийн оч” зэрэг кинонд тоглон богинохон хугацаанд орон зайгаа бий болгож чадсан юм. Түүний тоглосон уянгын олон сайхан дүрийг үзэгчид андахгүй мэднэ.  Тэрбээр одоо АНУ-д амьдарч байгаа бөгөөд “Жинжиймаа” киногоо Америкийн зах зээлд гаргаад удаагүй байгаа билээ.Батцэцэгийн тухай найз нөхөд нь дайчин, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, бусдаас хамааралгүй амьдрах дуртай гээд тал бүрээс нь  тодорхойлдог. Харин энэ бүхнээс жүжигчин  Ч.Хүрэ­лийн хэлсэн товчхоон хэдэн үгэнд түүний төрх байдал бүхэлдээ багтсан мэт. “Батцэцэг намуухан мяралзан урсах тунгалаг горхи шиг зөөлхөн, дөлгөөн төрхтэй, сайн жүжигчин. Түүнтэй  “Гэрлэж амжаагүй явна” кинонд тоглоход тун таатай байсан. Үзэгчид намайг Батцэцэгтэй кинонд дахин тоглохыг хүсэн  хүлээдэг” гэж ээ.  Тиймээ, байгаль эхийн харамгүй заяасан гоо үзэсгэлэн, ааль ухаанаараа гайхууланхан яваа МУГЖ Н.Батцэцэгийн сонголтыг хамтдаа сонирхоцгооё.
-Та романтик үдшийг хаана өнгөрөөх дуртай вэ?
-Сайхан байгальтай газар. 
-Таны унадаг машин хэдэн оны ямар өнгө маркийнх вэ. Юу нь таалагдав?
-2007 оны  HONDA  ACCORD, мөнгөлөг  өнгөтэй. Бензин бага иддэг, хурд хүч түргэн авдаг. Жирийн л хэрэглээний тэрэг л дээ.
-Машиндаа хэний дууг сонсдог вэ?
-Түвшинтөгс, Сараа, Ариунаа, Жавхлан, “Харанга”-ын Чука, "Салхи", "Камертон", "Ньюанс", “Номин талст”, Энхзул, Болормаа, Чулуунцэцэг, Ану, Маралжингоо гээд л үргэлжилнэ дээ. Дуу, шүлэг хүнд сэтгэлийн эрч хүч бас сайхан дурсамж бэлэглэдэг шидтэй.
-Ямар дурсамж, Та хуваалцахгүй юм уу?
-"Харанга"-ын “Хуучин гитар”, эсвэл “Багын найзууд” дууг сонсоход өөрийн эрхгүй орцонд гитартай дуулдаг бидний үе санагддаг. Бас үг нь сэтгэлд их ойр.   ...Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд Одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд...  гээд л дуулдаг шүү дээ.
-Шүлгийн CD сонсдог биз дээ?
-А.Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр”, “Миний зурсан хорвоо”, П.Бадарч гуайн “Эхийн сэтгэл”, “Гурван үг”, “Ятга”, Б.Лхагвасүрэн найрагчийн “Боржигоны бор толгой”, Мөнхцэцэгийн “Дагуулахдаа л дагуулна”, Чойномын шүлгүүдийг сонсдог. Би шүлэг яруу найрагт дуртай.
-Та Америкт телевизийн ямар нэвтрүүлэг үзэж байна?
-Мэдээллийн суваг, оддын тухай, амьтны суваг, Oprah, Ellen-ий шоу, Big idea, “Ододтой бүжиглэе”, Deal no deal зэрэг нэвтрүүлэг голчлон  үздэг. -Ямар сүрчигт гар татдаггүй вэ? -Ер нь зөөлөн үнэртэй ус хэрэглэдэг. Яг одоо Dolce & Cabbana-гийн Light blue, Burberry-ийн Burberry, Chanel-ийн Chance chanel ус хэрэглэж байна. 
-Таны идэх дуртай амттан?
-Шоколад, самар, жимс, мөхөөлдөс.
-Уудаг ундаа? 
-Цэвэр ус, ногоон цай, жимсний шүүс.
-Та юунд итгэдэг вэ?
-Хорвоод төлбөргүй юм байдаггүй гэдэгт.
-Таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг зүйл? 
- Хайр.
-Дургүйцлийг тань төрүүлдэг зүйл?
-Хүүхэд зодох.
-Ядрахаараа яадаг вэ?
-Голын  урсгал харах дуртай.
-Өдөр бүр хийж заншсан ажил?
-Интернэтээс мэдээлэл авах.
-Хүндэлдэг бизнесмэн?
-С.Болдхэт.
-Таныхаар сайн хүн гэж...
-Бусдад буян үйлдэгч. 
-Очих дуртай газар?
-Кино үйлдвэр. 
-Ганцаараа байх дуртай юу?
-Хааяа өөрийгөө шүүж тунгаахад зүгээр.
-Таны алдаа оноо?
-Тоолж баршгүй дээ.
-Уурлахаараа...
-Аймаар шүү дээ. /инээв/
-Сайхан эр хүн гэвэл...
-П.Очирбат, Н.Жанцанноров.
-Таны муу зуршил?
-Машин барьж явахдаа утсаар ярих, цүнхээ уудлах зэрэг өөр зүйл хийдэг.
-Бусдыг дийлэхийн тулд яах ёстой вэ?
-Өөрөө дийлдэшгүй болох хэрэгтэй.
-Маргаантай байдлаас гарах оновчтой гарц?
-Тухайн асуудлыг түр орхих. 
-Таны бахархал?
-Энэ амьдрал.
-Эмэгтэй хүний эрхэмлэх чанар?
-Тэвчээр, ухаан, гоё сайхан байх. 
-Зарим хүн цаг, үзэг, малгай, бээлийний хоббитой байдаг. Таны хувьд?
-Надад гутал түлхүү бий байх аа.
-Таны  эдэлж хэрэглэдэг зүйлээс юу нь чанартай байх  ёстой вэ?
-Мэдээж машин.
-Таны хэзээ хийсэн, ямар сонголт хамгийн зөв байсан бэ. Яагаад?
-Хорь гаруй жилийн өмнө Машбатыг сонгож суусан маань маш зөв байсан. Хажуудаа хайр халамж дүүрэн хүнтэй байхыг бүсгүй хүн бүр хүсдэг.
-Та ямар брэндийн цаг зүүдэг вэ?
-Rado.
-Таны сонголтыг хэн нэгэн буруутга­вал үзэл бодлоо хамгаалж чаддаг уу?
-Би хэн нэгний өмнөөс сонголт хийхгүй болохоор намайг хүн буруутгах­гүй байх аа.
-Хүнд сонгож болдоггүй  зүйл гэж байдаг болов уу?   
 -Байдаг. Бид ээж, аавыгаа сонгодоггүй шүү дээ.
-Хүн заяа төөргөөрөө амьдардаг уу, хичээл зүтгэлээр аз жаргалаа бий болгодог уу?
-Аль аль нь. Тийм ч учраас эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг гарсан байх аа.
-Таны сонголт ямагт зөв байж чаддаг уу?
-90 хувь наддаа зөв байдаг шүү.  

No comments:

Post a Comment