Ардын жүжигчин Б.Жавзандуламтай уул захаар Хөгжим бүжгийн
коллежийн дуулаачийн тэнхимийг зорилоо. Дуу, хуураар байнга бялхаж байдаг
жижигхэн шар байшингийн онгорхой цонхоор төгөлдөр хуурын аялгуу, оюутнуудын дуу
сонсогдоно. Ажлын цаг дууссан ч Б.Жавзандулам багш харих болоогүй бололтой.
Тэрбээр Д.Дашиймаа багшийн нэрэмжит уралдаанд оролцох оюутнуудаа бэлтгэж байгаа
аж.
-Таныг
их урлагт орохоосоо өмнө модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан гэдэг. Их
урлагт орох зам тань хэр дардан байв?
-Би
Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн. Сургуульд орохоосоо өмнө эмээгийнхээ гар
дээр байсан. Эмээ минь гахай, тахиа тэжээдэг, үхэр малаа сааж, сааль сүүг нь
боловсруулж, тариа ногоо тарьдаг маш аж ахуйч хүн байлаа. Бас их сайхан дуулна.
Долоон настай байхад минь эмээ бурхан болж, би төрсөн гэртээ ирсэн. Аав маань
Цулхарын артелл (модны үйлдвэр)-ын даргаар томилогдож очоод тэр үйлдвэрийг
өнгөтэй өөдтэй байлгахын төлөө нойр хоолгүй зүтгэсэн дээ. Тэр жижиг хэн тосгонд
үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж бага сургууль хүртэл байгуулсан. Би 1966
онд нэгдүгээр ангид орж, аавынхаа байгуулсан сургуулийн анхны сурагч болж
байлаа. Тэнд бага сургуульд сураад Сэлэнгэ суманд дунд сур гуулиа дүүргэсэн.
Тэгээд илгээлт авч, Хялганатын модны үйлдвэрт нормч ноор ажилласан. Модны
үйлдвэрт үртэс үүрч, мод зөөж нэг жил болоод байтал том ах маань амралтаараа
очоод намайг хот руу дагуулж ирсэн. Ах Хязгаарын цэргийн ансамбльд ажилладаг
байсан юм. Модны үйлдвэрт ажиллаж байхыг минь хараад өрөвдсөн юм байлгүй, аваад
явна л гэсэн. Манай нутгийнхан, багш нар намайг сайхан дуулдаг, сайн дуучин
болно гэж магтдаг байсан болохоор ах урлагийн сургуульд оруулахаар шийджээ. Тэр
үед Багшийн дээд сургуульд дуулаачийн анги нээгдээд удаагүй байсан юм. Бид
намар ирсэн юм чинь, хавар элсэлтээ аваад, анги нь дүүрчихсэн байлгүй яах вэ.
Хөдөө ч үгүй, хот ч үгүй боллоо, яадаг юм билээ гэтэл ах минь “Хүлээж бай,
аргыг нь олно” гээд намайг Цэргийн дуу бүжгийн чуулга гэх зэрэг хэд хэдэн
газарт шалгуулж байж АДБЭЧ-д дагалдан дуучнаар орууллаа. 1974 оны намар шүү
дээ. Тэнд нэг их удаагүй байтал намайг шалгаж авсан хүн өөд болоод чуулгын
дуучин болох нь өнгөрөв өө. Тэгээд 1975 оны Цагаан сарын үеэр дахин шалгуулж,
тэнцсэн. Тэгж байтал манайхан бригадаар яваад чуулгад над мэтийн хийх ажилгүй
шахам хэдхэн хүн үлдэв. Ар гэрийн гачигдлаар бригадаар яваагүй дуучин эгч нэг
өдөр “Гадаадад сургах хүүхдүүдийг шалгаж авч байна гэнэ. Чи оч” гэлээ.
-Свердловскийн
хөгжмийн дунд сургуульд уу?
-Тийм.
1975 онд Свердловск хотын хөгжмийн дунд сургуульд элсэж, 1979 онд төгсөөд
Москвагийн консерваторт хуваарилагдсан. Намайг төгсөхөд Свердловскийн хөгжмийн
сургуулийн захирал “Монголоос ийм сайн охин төгсөж байгаа. Энэ хүүхдийг энд биш
Москвагийн консерваторт сургамаар байна” гэж Москва руу утсаар ярьж, намайг
тийш нь явуулсан.
-Таныг
Свердловскийн хөгжмийн сургуульд ямар хүмүүс шалгаж явуулсан бэ?
-Алтан
үеийнхэн ид ажиллаж байсан. Тэд л шалгалт авсан байж таарна. Би гэж хөдөөнөөс
ирсэн “түүхий” амьтан. Хэн шалгалт авч байгааг ч мэдээгүй. Хэдүүлээ байсныг нь
ч анзаараагүй. Ороод дуул гэхээр нь дуулчихаад л гарсан. Шар, улаан, цагаан
өнгө бүрийн үс тэй хүмүүс байсан санагддаг. Гадаадын мэргэжилтнүүд, манай
ахмадууд байсан байх. Манайхан ч хэн нь намайг сургуульд явуулснаа мэддэггүй
юм. Тэр үед шалгалт гэдэг шалгалт л байдаг байж. Хүүхд үүдийг маш нарийн
шалгуураар сонгож, яг хэрэгтэй мэргэжилтнээ бэлддэг байлаа. Шалгаж авч байгаа
хүмүүс нь билгийн нүдтэй, сонсгол, мэдрэмж сайтай, хүнээ зөв сонгож чаддаг
байж. Дуулдаггүй монгол хүн гэж байх биш. Бараг бүх хүүхэд л нэртэй дуучин
болохыг мөрөөддөг биз дээ. Тэднээс сонгоно гэдэг том хариуцлага байсан байж
таараа. Тэр хамаатан минь, энэ найз минь гэсэн сэтгэлгээгээр ханддаг байсан бол
юу ч болоо билээ.
-Ханьтайгаа
оюутан ахуй даа танилцсан уу?
-Намайг Москвад очиход манай өвгөн тэнд
контрбассын ангид сурч байсан. Тэнд танилцаж, зан зангаа мэдэлцээд ханилж
суухаар шийдэж, ууган хүүгээ төрүүлсэн. Тэр үед оюутан хүн жирэмсэн болохоор
эвэртэй туулай харсан мэт ханддаг байлаа. Хэдий оюутан ч гэсэн 25 нас хүрчихсэн
байсан болохоор амьдрал ахуйгаа бодолгүй яах вэ. Бид хоёр хүүтэй. Хоёр хүү
маань дөрвөн ачтай болгосон. Ингээд бодохоод би чинь өтөлчихөөд байна шүү дээ.
-Ач
нараа хараад нялхарч байна уу?
-Би
ч хүүхэд шуухад асарч, халамжилж суух заяа дутуу амьтан шиг байна. Өдий олон
жил зүтгэлээ одоо боллоо гээд ач нараа хараад гэртээ хэвтвэл хэвтмээр. Гэтэл
ямар юмаа хийгээд зууралдаад явдаг юм, бүү мэд. Энэ ажлаас илүү үнэтэй, цэнэтэй
зүйл байхгүй юм шиг л өөртөө ачаа үүрүүлээд л зүтгээд явдаг хүн. Би хэдэн
жилийн өмнө “Хоёр хүүгээ асарч халамжилж, дагаж сахиж явж чадаагүй юм. Ач нараа
бол алган дээрээ бөмбөрүүлж, жигтэйхэн асарна. Хүүхдүүддээ хийж өгч чадаагүй
бүхнээ хийж өгнө” гэж өөртөө ам андгай өргөөд л мөрөөдөөд байсан. Бас л
байдаггүй. Ийм л халамж муутай ээж байсан, одоо тэр хэвээрээ л эмээ болж байна.
Заримдаа “Өөрийнхөө хүүхдийг олигтой харж халамжилж, ирээдүйнх нь төлөө хамаг
нервиэ зарцуу лаагүй хэрнээ энд ингээд сууж байх гэж” гэж бодох үе байдаг. Бага
ач маань над дээр байгаа ухаантай. Түүнийгээ өдөр жин орхиж яваад шөнө л гэртээ
очиж байгаа юм. Хүүхэд хажууд байхаар амархан дасчих юм. Ой гарантай жаахан юм
намайг дагаж, чаргууцалдаад сүйд болно. Сая хэд хоног тоглолт, гоцлол дууны
ангийн 60 жилийн ой энэ тэр гээд зав тун муутай байлаа. Гэтэл ач маань
жигтэйхэн саначихсан байсан. Орой хариад ачаа харахад хамаг ядаргаа арилж, тархи
амрах юм даа.
-Хоёр
хүүдээ анхаарал хандуулж чадаагүй гэж боддог юм аа даа?
-Том
хүүгээ оюутан байхдаа, багыгаа төгсөж ирээд төрүүлсэн. Тэр үед хүүхдээ өсгөөд
гэртээ хоёр жил суух боломж байсангүй. Хар нялхаар нь эмээ, өвөөд нь юм уу,
ясли цэцэглэгт өгөөд л ажилдаа ордог байлаа. Тэр үеийн хүүхдүүд ёстой зөнг
өөрөө өсдөг байсан. Цаг ч сайхан байж дээ.
-Та
нэлээд олон жил багшилж байгаа байх аа. Хэдэн жил багшийн ажил хийж байна вэ?
-Би
1986 онд сургуулиа төгсөж, ДБЭТ-т ирснээсээ хойш л багшилж, хүүхдүүдтэй ажил
лаж байгаа. Хүмүүс ажлаа тараад гэр орон, үр хүүхэд гээд явж байхад би зав
чөлөө л гарвал Хөгжим бүжгийн сургууль руу ирдэг байлаа. Намайг ингэж яв л гэж
бурхан зурсан шиг байгаа юм. Анх төгөлдөр хуурын ангийн оюутнуудад дуучинтай
нийлэх дадлага хийхэд нь тусалдаг байлаа. 1998 оноос Хөгжим бүжгийн сургууль
маань дуулаачийн тэнхимтэй болсон. Тэр үеэс ажлынхаа хажуугаар дуулаачийн багш
хийж эхэлсэн.
-Таныг
хувийн дуулаачийн тэнхимтэй гэж сонссон. Шавь нар чинь хэр амжилттай яваа вэ?
-Би
ханьтайгаа хамтарч 2004 оноос Их Монгол дээд сургуу лийн дэргэд дуулаачийн
тэнхим нээсэн. Одоо тэндээ голлож ажиллаж байна. Хоёр төгсөлт хийсэн. Хүүхдүүд
маань бүгд ажил төрөлтэй, сайн сайхан явна. Шавь нь сайн явахад баярладаг нь
багш хүн бүрийн зан байх. М.Глинкийн нэрэмжит тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн,
ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр, шагналт байрт орсон Ж.Бямбажав нар миний шавь
шүү дээ. Манай “Их Монгол”-ын дуулаачийн тэнхимийг төгссөн юм .Энэ хоёр маань
олон тэмцээнд амжилттай оролцож, хүмүүст үнэлэгдэж явна.
-ДБЭТ-ын
урын сангаас таны дуулж амжаагүй, дуулах юмсан гэж боддог бүтээл бий юу?
-Сүүлийн
үед тавьсан “Аида”, “Богема”, “Сарьсан баг ваахай” дууриас бусдад нь би
дуулчихсан шиг санагдаж байна. Ажиллаж байх хугацаандаа ДБЭТ-т тавьсан үндэсний
болон дэлхийн сонгодог дуурь, ДБЭТ-ын уран бүтээлчдийн гадаад, дотоодод хийсэн
тоглолтуудад бүгдэд нь оролцсон.
-Тэр
үед дуучдыг найрал дууны ангиар дамжуулдаг байсан уу?
-Дотоодод
төгссөн хүмүү- сийг найрал дууны ангиар дамжуулдаг байсан. Арваад жил гадаадад
сурч, дунд, дээд сургуулийг нь дүүргэсэн болохоор ч юм уу, намайг шууд гоцлол
дууны ангид авсан. Бидний үед сургуулиа төгсөөд хаана очиж, юу хийх билээ гэж
санаа зовох зүйл байгаагүй нь сайхан даа. Сургуулиа төгсөөд, мэргэжлээ
эзэмшчихвэл ажлын байр бэлэн байдаг байлаа.
Х.УЯНГА

No comments:
Post a Comment