Wednesday, 2 May 2012

Н.Сувд: Амьдрал бол чиний их сургууль


"Миний багш" булангийн энэ удаагийн зочноор Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг урилаа.

Зэмлүүлнэ гэдэг миний хувьд том шагнал

-"Багшийнхаа тухай яриач" гэхээр зарим хүн “А" үсэг заасан бүхэн миний багш гэдэг. Зарим нь эрдэм, номд хөтөлсөн бага ангийн багшаа ярьдаг. Эсвэл гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж,ажил мэргэжлийн суурийг тавьж өгсөн багшаа эрхэмлэдэг. Таны хайрлаж, хүндэлж явдаг эрхэм багш?

-М.Горький "Би сургууль төгсөөгүй. Миний төгссөн сургууль бол амьдрал" гэж хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал хүний багш нь гэж би боддог. Надад хичээл зааж, сурган хүмүүжүүлсэн олон багш "А" үсгийн ацаг, анх цаас, үзэг нийлүүлж сургасан багш гэвэл Шагдармаа гэж багш байна. Идэрсүрэн гэж бага анги төгсгөсөн багш бий. Мөн дунд анги төгсгөсөн Дамдинжав, аравдугаар анги төгсгөсөн багш маань байна.

Энэ хүн биднийг энэ улсын иргэн болох суурийг тавьж өгсөн. Манай сургуулийг төгссөн, манай ангид сурч байсан хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар амьдралд гундуу яваа хүн байхгүй. Бүгд өөр өөрийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж байна. Хамт сурч төгссөн ангийнхнаараа бахархдаг. Тиймээс эхний "А" үсгийг заасан, хүн болох суурийг тавьж өгсөн багш нартаа баярлаж хайрлаж, хүндэлж явдаг.

-Хүн ажил, амьдралд суралцаж явахдаа олон багшийн гар дамждаг. Таны хувьд тэр олон багшийн дундаас урлагийн замд хөтөлсөн, тайз, дэлгэцийн урлагт хүч сорих тэр арга техникийг зааж өгсөн багш л хамгийн эрхэм байх
?
-Тэгэлгүй яахав. Би хойно жүжигчний мэргэжил эзэмшсэн учраас Оросын кино урлагийн академийн багш нар маань байна. Ялангуяа, манай үзэгчдийн үзэх дуртай "Чапаев" гэдэг дэлхийн шилдэг киноны нэгд зүй ёсоор багтдаг, энэ киноны гол дүрийг бүтээсэн Б.А.Бабочкин гэж багш бий.

Б.А.Бабочкин багш маань жүжигчний мэргэжлийг эзэмшүүлэхээс гадна мэргэжилд хандах хандлагын суурийг тавьж өгсөн гэж боддог. Мэргэжилдээ үнэнч, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг энэ бүх хандлагыг би багшаасаа авч чадсан.

Олон сайхан багш нар надад орос хэлийг сайн эзэмшүүлсэн. Орос хэлний дуудлага сайхан, орос хэлээр зөв сайхан ярьж байна гэж магтах тоолонд би өөртөө тэр л орос хэлний дуудлага зүйг зааж байсан багшаа хайрлаж хүндэтгэж явдаг. Жаахан хүүхэд байхад минь цэцэрлэгт анх оросоор ээжийг "Мама" гэдэг гээд зааж байсан багш нарыгаа хүндэтгэж талархаж тэднийхээ буян хишигт залбирдаг.

Мэдээж амьдралын явцад олон багш бий болдог. Хамгийн анхны багш нар гэвэл миний орчин тойронд байсан буурай ээж, аав, ах, дүүс, манайхаар байсан тэр хүмүүс надад амьдралын утга учрыг, ажил хөдөлмөр эрхлэх арга барилыг шингээж өгсөн. Хүн ажиллаж, амьдарч байх хугацаандаа амьдралд суралцаж байдаг. Театрт, кинонд ажиллах хугацаанд манай ахмад уран бүтээлчид миний багш байж чадсан.

Анх театрт орж ирэхэд алган дээрээ бүүвэйлж намайг тосч авсан ахмад үеийнхэн маань надад багш байсан гэж болно. Кино урлагт ахмад үеийнхэн маань надад багш байж дэлгэ-цэнд ажиллах ур чадварыг зааж өгсөн. Тэр бүү хэл уулзаж, учраагүй ч зарим уран бүтээлчдийг багшаа гэж боддог. Тухайлбал, Италийн Жулет Афиний, Оросын Алиса Фрейндлих гэж жүжигчин байдаг. Энэ хүмүүсийн тоглосон кино, тоглолтуудыг харж, дэлгэцнээс тэдний уран бүтээлийг үзэж, суралцдаг. Амьдрал бол чиний их сургууль. Багш нарынхаа буян хишигт залбирч явдаг.

-Багш нартаа зэмлүүлэх үе гарна биз. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Зэмлүүлнэ гэдэг миний хувьд том шагналтай адил. Хүүхэд байхад аав, ээж нар зэмлэж зодно. Тэр үед тэд миний амьдралын чиг шугамыг залж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Миний доголдож байгаа зүйлд сургаж, хүмүүжүүлж байсан хүмүүсийг багшаа гэж хүндэлдэг.

Хүн сайн санаж, ерөөж байсан хүндээ хамгийн хатуу үгээ хэлдэг гэж би боддог. Сайн, сайхан яваасай гэж бодсон хүндээ, хүүхдэдээ хэлж сургадаг шүү дээ. Би хойно сурч байхдаа гуравдугаар курс хүртлээ багш нартаа загнуулж, зэмлүүлж үзээгүй. Сургуулийн программын дагуу сурах гэж их хичээдэг байсан. Дандаа магтуулдаг байлаа. Харин нэг удаа Олег Видовтой телевизийн жүжигт хамтарч ажиллахдаа бэлтгэл муу хийлээ гэж Б.А.Бабочкин багшид загнуулахдаа баярласан. Багш минь надад хайртай юм байна гэдгийг мэдсэн. Түүнийгээ одоо ч гэсэн санаж явдаг. Олег Видов одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа.

Багш хүн дарангуйлагч байх ёсгүй

-"Эрхийг сурахаар бэрхийг сур" гэж үг бий. Зарим багш "Хүүхдийг хатуу, чанга гараар хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгвэл юм сурна" гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү. Ер нь таны бодлоор багш хүн ямар байх ёстой вэ?
-Багш хүн дарангуйлагч байх ёсгүй. Ялангуяа манай мэргэжлийн хувьд хүнд өөрийгөө нээх боломж олгох, оюун ухаанаараа сэтгэх сэдлийг, хувь хүн болгох чадвартай болгох ёстой гэж боддог. Өөрийн гэсэн үзэл бодол, баримтлах чиг шугам, онцлогтой хүн болгоход багш нарын ажиллагаа чиглэгдэх ёстой.

-Та ч гэсэн багш. Урлагийн ертөнцөд бас л нэгэн үеийн уран бүтээлчдийг бэлтгэж байгаа хүн. Таныг сайн жүжигчин, сайн багш гэж ярьдаг олон хүн бий. Харин та өөрийгөө хэр сайн багш гэж дүгнэдэг вэ?
-Би өөрийгөө сайн багш гэж хэлж чадахгүй. Миний ямар багш вэ гэдгийг манай оюутнууд дүгнэнэ. Багш бүр би төчнөөн шавьтай гэдэг. Миний хувьд тоо чухал биш. Мэргэжлийн үүднээс авч үзэхэд мэргэшсэн багш биш. Авьяас хэрэгтэй, мэргэжлийн боловсролыг эзэмшсэн байх ёстой. Орчин үеийн ойлголтоор "Би багш" гэж хэлж болох байх.

-Таны үеийн багш одоогийн багш хоёрын хооронд ялгаа байна уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр орчин нь өөр болсон байна. Багш нарт тавьдаг шаардлага, арга зүй нь хүртэл өөрчлөгдсөн. Өөр цаг үе, ертөнцөд амьдарч байна. Багшийн зорилго,үүрэг нь хэвээрээ ч орчноо дагаад өөрчлөгджээ. Сурагчид ч гэсэн өөрчлөгдөж байгаа болохоор багш нь хүртэл өөрчлөгддөг.

 Р.Оюун
Зууны мэдээ
2012 оны 5 сарын 1

No comments:

Post a Comment