УИХ-ын гишүүн Д.Одбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Цаг
үеийн байдалтай холбогдуулан МАХН-ын шинэчлэлийн асуудлаар ярилцлагаа эхэлье.
Та өмнөх парламентад гишүүн байхдаа “Элсний 13”-ын нэг нь байж, мөн л
шинэчлэлийн талаар ярьж байсан. Одоо ярьж байгаа шинэчлэл тэр үеийнхээс
юугаараа өөр юм бэ?
-Биднийг “Элсний 13” л гэж ярьдаг юм. Гол нь тэр тооноос л болдог байх. Уг нь тэр киног үзэж байгаад 13-уулаа болъё гээд сонгосон эд биш. Тухайн үед санаа бодол нийлсэн хүмүүс нь нэг мэдэхэд 13-уулаа болчихсон байсан. Бид “Намд шинэчлэл хэрэгтэй байна. Ялангуяа сонгууль дөхчихсөн байсан учраас ялалт байгуулахын тулд намынхаа Их хурлыг яаралтай хуралдуулж, болж бүтэхгүй байгаа зүйлээ ярилцах хэрэгтэй” гэсэн санал тавьж байлаа. Мэдээж намын ажил, төрийн бодлогыг ард түмэнд улам ойртуулах, амласнаа хэрэгжүүлэх зэрэг асуудлаа улс төрийн түвшинд ярья л гэсэн. Гол асуудал нь энэ л байсан шүү дээ. Ингээд намын 25 дугаар Их хурал хуралдах болсон.
Бодлого, үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж, Элсний 13 зорилгодоо хүрсэн. Улмаар сонгуульд ялж, бид зөв зүйтэй юм ярьж байсан нь батлагдсан гэж боддог.
-Та
тухайн үед Засгийн газрын гишүүн байсан. Гэтэл намын дарга, Ерөнхий сайдаа
шүүмжилсэн бичигт гарын үсгээ зурсан нь хожим Таны хийж буй улс төрд сөрөг
нөлөө үзүүлсэн үү?
-Гарын үсгийн тухайд МАХН-ын гишүүн, намын Бага хурлын гишүүний хувьд л зурсан шүү дээ. Үүнийгээ ч тухайн үед хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байлаа. Надад ямар нэг дарамт шахалт, заналхийлэл ирээгүй. Улстөрчийн хувьд хохирол амссан явдал байхгүй. Яагаад гэвэл МАХН бол Монголын түүхэнд чухал байр суурьтай нам. Цаашдаа ч чухал байх болно. Тиймээс бидний тавьсан асуудлын үр дүнг тухайн үед намын гишүүд, иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын уур амьсгал, 2008 оны сонгуулийн дүн харуулсан болохоор ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй.
-МАХН-ын
дарга С.Батболд шинэчлэлийн талаар хүчтэй кампанит ажил зохион байгуулж
эхэлснийг бид харж байна. Мөн л намын Их хурлын болон 2012 оны сонгуулийн өмнөх
цаг үе учраас энэ талаар ярьж эхлэв үү. Эсвэл МАХН бүр болохоо байчихаад байгаа
юм уу?
-Болохоо байчихсан юмыг сайжруулах гээд байгаа хэрэг биш. Намын шинэчлэл, намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх, сэргээн хэрэглэх тухай 1990 оноос хойш яриад байгаа. Харин цаг хугацааны хувьд одоо хийх нь оновчтой байж мэднэ. Ер нь улс төрийн нам байнга шинэчлэгдэж байх ёстой. Байнгын хөгжил дэвшил, хөдөлгөөнтэй байх учиртай. Хөдөлгөөнгүй, нэг байрандаа удаан байх нь удалгүй устаж үгүй болохын цондон шүү дээ. Тэгэхээр манай улсын тухайд улс төрийн зохион байгуулалттай хамгийн том нэгдлийн хувьд хөгжил, хөдөлгөөн гэдгийг нь тухайн ард түмний нийтлэг эрх ашиг, нийгмийн шаардлагыг мэдэрч, зохицож өөрчлөгдөж байх ёстой гэдэг талаас нь авч үзэж байх нь зөв байх. Энэ талаар би гадаад орны зарим улстөрчтэй ярилцаж байсан.
-Юу
гэж?
-Манай нам хүнд нөхцөлд аажимдаа орох шинжтэй байна. Сонгогчдын итгэл буурах байдал харагдаад байх юм, яах вэ гэж санал солилцож байсан. Тэд “Харин танай МАХН-д хамгийн том боломж байна. Яагаад гэвэл байнгын хөгжил, хөдөлгөөнд байх боломжтой. Та нарт түүхийн бүх үе шатаа эргэн харахад улс орны өмнө тулгамдсан асуудал бүрийг тухайн цаг үед нь шийдэж чадсан арвин туршлага бий. Энэ туршлагадаа үндэслэн Монголын ард түмний хүсэл, хүлээлтэд нийцсэн хэлбэрээр шинэчлэл хийх боломж зөвхөн танай намд л байна” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл туршлага гэдэг бол түүх. Өнгөрсөн түүхээ өнөөдрийнхтэй хамтад нь авч үзээд ирээдүйгээ тодорхойлох боломжтой. Цаг хугацааны хувьд ч өнөөдөр энэ шинэчлэлийг хийх нь зохистой гэдэг дээр намын гишүүдийн олонх нь санал нэгдэх бололтой дүр зураг харагдаж байна.
-Үзэл
баримтлалын хувьд та ямар бодолтой байдаг юм. Н.Энхбаяр зүүн төвийн хэвээрээ
байх, С.Батболд үндэсний ардчилсан үзэл баримтлалтай байх нь зүйтэй гэж үзэж
байгаа. Ерөнхий сайдын баримталж буй энэ байр суурийг барууны үзэл хэмээн
тайлбарлах боллоо. Алийг нь дэмжиж байна?
-Зүүн төвийн нам байх байр сууриа өөрчлөхгүй байх аа. МАХН байтугай МАН байхдаа ч тийм үзэл баримтлалтай байсан. Зүүний үзэл баримтлалтай байна гэдэг нь нийгмийг бүхэлд нь харж, иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн бодлого явуулна гэсэн үг шүү дээ. Дээр нь үндэсний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, улс төрийн хувьд бие даасан байдал зэрэг чухал асуудал бий. Тиймээс намыг зүүнээс нь баруун тийш, эсхүл буцаад баруунаас зүүн тийш хөдөлгөх асуудал яригдахгүй байх гэж би найдаж байна. Дэлхийн улс төрийн зарим онцлог түүхийг эргэн харахад улс төрийн намуудын гол шалгуур нь сонгууль байдаг. Сонгуулиар ард түмэн намуудад дүн тавьдаг. Шилжих хөдөлгөөний талаас нь авч үзвэл баруунаасаа зүүн, зүүнээс баруун тийш шилжсэн намуудыг харьцуулахад зүүн төвийн намууд илүү өндөр оноо авдаг шүү дээ. Тиймээс манай нам зүүнээсээ баруун тийшээ шилжихгүй болов уу гэж бодож байна.
-Өөрөөр
хэлбэл зүүн төвийн нам хэвээрээ байна гэсэн үг үү?
-Тийм. Монгол хүн ухаалаг, буурь суурьтай, асуудалд голч байр сууринаас ханддаг. Монголчууд хэзээнээсээ айхавтар савлагаатай, туйлширсан бодлого бие даан явуулдаггүй. Харин гадны нөлөөнд автаж байсан явдал бол бий. Үүнийг дэлхий даяар мэднэ. Дээр нь өнөөдөр геополитикийн орчин, нөхцөл байдал ч асуудалд улам нямбай, ул суурьтай хандахыг шаардаж байна. Монгол хүний энэ онцлогт тохирсон нам бол МАХН байгаа юм. Тиймээс МАХН-ын үзэл баримтлал бол монгол хүний үзэл баримтлал гэж хэлж болно. Би хувьдаа энэ байр сууринаасаа хөдлөхгүй байх гэж бодож байна.
-Б.Ельцин
В.Путиныг хөтөлж гаргаж ирсэн шиг танай намын дарга нар бас залгамжлагчаа
танилцуулаад, тэр нь батлагдчихдаг болоод байгаа. Одоо болох МАХН-ын Их
хурлаар намын даргаа албан ёсоор сонгох боломж бий. С.Батболдыг сонгомооргүй
санагдсан хүн ч цөөнгүй байж болох шүү дээ?
-С.Батболд гэдэг хүний асуудлыг ярих гээд байгаа юм биш. Намын дүрэмд зохион байгуулалтын асуудал, намын даргыг сонгох тухай асуудал бий. Ер нь улс төрийн өнгө аяс урьдчилан мэдэгддэг л дээ. Их хурал дөхөөд ирэхээр л нам хөдөлгөөнд ороод эхэлдэг. Одоогоор Их хурлын өмнөх уур амьсгал, бэлтгэл ажлаас харахад тун төлөв түвшиндүү харагдаж байгаа.Тиймээс намын даргыг Их хурлаар баталгаажуулан сонгох тийм л чиг хандлага давамгайлах байх гэж таамаглаж байна.
-Монгол
Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж
“Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шинээр хөдөлгөөн зохион
байгуулсан. Үзэл баримтлалын хувьд зөрүүтэй байр суурь илэрхийлж байна. Үүнийг
та нам дотор байх ёстой зүйл гэж үзэх үү. Эсвэл талцуулан хагаралдуулахын эхлэл
үү?
-Намын үзэл баримтлалыг тунхагт тусгасан байгаа. Яах аргагүй уг тунхагт “Үндэсний ардчилсан үзэл санаа бол МАХН-ын үзэл баримтлал байна” гэсэн үг бий. Тунхгийг ингэж гарган намын гишүүдэд танилцуулж байгаа хэрэг. Тэгэхээр, магадгүй, зүүн төвийн намын байр сууринаас баруун руу шилжилт хийх тийм нөхцөл байдал бүрдчих юм биш биз гэсэн болгоомжлолын үүднээс намын гишүүд тал талд үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ талаас нь болгоомжтой хандаж байгаа манай намын гишүүдийн нэг нь гэж бодож байгаа.Үндэсний ардчилсан үзэл санаа гэдгээ ард түмний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг агуулгын хүрээнд ойлгох хэрэгтэй. МАХН бол Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгож, баталгаажуулан авч яваа нам. Тусгаар тогтнол, ардчилал хоёр бие биеэ үгүйлж байдаг салшгүй зүйл. Тусгаар тогтнолгүй ардчилал гэж байдаггүй. Тиймээс тусгаар тогтнолоо баталгаатай байлгах нь манай намын үзэл баримтлалын нэг хэсэг л дээ. Гэхдээ энэ нь зүүнээсээ баруун тийш чиглэсэн нүүдэл биш байгаасай гэж бодож байна. Эцсийн бүлэгт намын нийт гишүүд шат шатандаа хэлэлцэж шийдэх нь зүйтэй.
-Таныг
өмнөх парламентын үед, тэр тусмаа сайдын албыг хашиж байхад тань Н.Энхбаярын
хүн гэдэг байсан. Одоо та түүнтэй ямар харилцаатай байдаг вэ?
-Намайг хэвлэлд тэгж бичдэг л байсан. Н.Энхбаярын хүн, өрөөгөөр нь олон орж гардаг гэж. Тухайн үед би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсны хувьд Хилийн цэрэг, дотоодын цэргийг хариуцаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Тэгэхээр салбарын сайдын хувьд ажил төрлийн холбоо харилцаа байсан. Дээр нь мэдээж намайг улс төрийн ажилд шилжиж аймгийн Засаг даргаар сонгуулж томилуулахад Н.Энхбаяр дарга, түүний удирдаж байсан МАХН-ын тухайн үеийн удирдлага, намын хамт олон итгэл хүлээлгэж дэмжлэг үзүүлсэн.
Үүнийг би хаана ч хэлэх ёстой. Цаг үеийн асуудлаар санал солилцох, уулзаж ярилцах явдал байдагл юм. Хүн ёсны асуудал юм даа.
-Мэдээж
байлгүй яах вэ. Харин та түүний улс төрийн амбицийг юу гэж үзэж байна. Үнэхээр
Н.Энхбаяр намын дарга болох гээд ингээд байна уу. Намдаа хайртай жирийн
гишүүнийг олон нийт хий хардаад байгаа юм болов уу?
-Би түүний ярьж, бичиж байгааг нь л ажиглаж, уншиж, бодож байна. Дотроо ямар бодолтой байгааг нь мэдэхгүй. Өөрөөс нь өөр хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Таахад хэцүү байна.
-Элдэв
хэлэлцүүлэг, хөдөлгөөн гэхгүй Н.Багабанди гуай шиг хөндлөнгөөс ажигдаад сууж
болоогүй юм болов уу. Тэгэхээр түүнд нэг улс төрийн зорилго, тэмүүлэл байна аа
даа?
-Ингэж харьцуулж бодож байсангүй. Намын гишүүн, нэг лидерийн хувьд санал бодлоо илэрхийлэхэд болохгүй нь юу байх вэ. Н.Багабанди гуайн “Титэм үг”дотор ч улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдэд санаа авмаар зүйл олон байдаг. П.Очирбат гуайн хувьд ч мөн адил. Тэгэхээр тэдний хэн хэн нь өөрийн арга барилаар нийгэмд дуу хоолойгоо хүргээд явж байна л гэж би ойлгодог. Ер нь Ерөнхийлөгч байсан хүн дуугүй суух аргагүй байдаг байх. Дуугүй бай ч гэх аргагүй. АНУ-ын Обамагийн засаг захиргаа гэхэд л Б.Клинтоныг улс төрийн олон үйл ажиллагаанд татан оролцуулаад явж байна.
-Таныг
ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхад жагсаал цуглаан их гардаг байсан. Одоо энэ
байдал намжсан нь хамтарсан Засгийн газар сайн ажиллаад байгаагийнх уу, улс
төрийн шалтгаан байна уу?
-Хамтарсан Засгийн газрыг би дэмжиж байгаа. Онолын хувьд сөрөг хүчин байхгүй бол болохгүй гэж ярьдаг. Өнөөдөр Монголын нийгэмд тулгарсан олон асуудлыг хамтарсан Засгийн газрын үед л шийдэхгүй бол өөр боломж хомс тийм үе. Миний хувьд ХЗДХ-ийн сайдаар ажилласан хоёр жилд нийгмийн анхаарлын төв байсан автомат тоглоомын газруудыг хаах, хадгаламж зээлийн хоршооны асуудлыг шийдэх, салбарын гол хуулиудыг батлуулах гээд тоочвол огт зүгээр суугаагүй л дээ. Гэхдээ цаг хугацааныхаа ихэнхийг жагсаал цуглаантай ноцолдоод л дууссан шүү дээ. Жагсаал цуглаан зохион байгуулах нийгмийн шаардлага ч байсан л байх. Зориудаар зохион байгуулж ажил үймүүлэх нь ч цөөнгүй л байсан. Одоо Ж.Батзандан, О.Магнай нар гудамжинд гараад хашгирахад хэн дэмжих юм бэ. Хэн ч дэмжихгүй. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа учраас. Дэмждэг, санхүүжүүлдэг байсан хүмүүсийн зарим нь УИХ-д сууж л байна. Тэгэхээр нийгэмд тогтвортой, тайван байдал бий болгож, хөгжлийн асуудлаа шийдэхгүй бол болохгүй. Монголчуудын дотооддоо хагаралтай, эв түнжингүй байхыг дэмждэг, гадаадын зохион байгуулалттай бүлэглэлүүд ч байгаа. Нууц албаныхан ч ажиллаж байна.
-Та
хуульч хүн байж яагаад энэ талаар одоо л хэлж байгаа юм бэ. Наанадаж Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэх үүрэгтэй шүү дээ?
-Жишээ нь би манай намын байрыг хэдэн сайн эр шатаачихсан гэж боддоггүй. Цаана нь заавал хатгалга, дэмжлэг, захиалга байсан. Тодорхой хүний нэрийг хэлэх цаг ирнэ гэж л боддог шүү дээ.
-Хэл
л дээ?
-Гадаадын нэг “амьтан” бий.
-Мэдэхгүй
байж хэлэхгүй байх нь хортой юм биш үү?
-Хэллээ гээд мөнгө хөрөнгөө ийш тийш цацаад, Украин, Гүржээр тоглоод санаагаа амраачихсан хүнийг би энд яах юм бэ. Тэртэй тэргүй мэдэх хүмүүс нь мэдэж байгаа.
-Тэр
“гадаад амьтан” чинь долдугаар сарын нэгэнд МАХН-ын байрыг шатаасан захиалагч
гэж та хэлээд байна уу?
-Тийм болохоор л хэлж байна.
-Хуульчийн
хувьд Танаас заавал асуух нэг асуулт бол АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн асуудал.
Яагаад өнөөдрийг хүртэл УИХ, МАХН-ын бүлэг энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй
байна?
-Нэг тийш нь болгоно гэж юу гэсэн үг вэ?
-Алдаа
гаргаагүй бол ажлыг нь хийлгэх, алдсан бол албан тушаалаас нь зайлуулж
дараагийн хүнийг ажиллуулах ёстой биз дээ?
-Түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо гаргажээ гээд хэвлэлд бичсэн байгаа биз. Асуудлыг хэлэлцээд явж байна.
-Хэтэрхий
удаан үргэлжилж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Институци хоорондын үл
ойлголцолтой холбоотой биш гэж үү?
-Асуудлыг хэлэлцэж эхлээд байтал УИХ-ын чуулган завсарласан болохоор тэгж санагдсан байх. Улсын ерөнхий прокурор энэ асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн болохоор нууцаар хэлэлцэж байна. Байнгын хорооны дарга маань хэвлэлд тодорхой мэдээлэл өгч байгаа болохоор надад энэ талаар ярих юм алга. Ер нь Эрүүгийн эрх зүйн онолоор бол асуудлыг хөдөлшгүй 100 хувь нотлох ёстой. Хэрэв буруутай гэж үзэж байгаа этгээдийн гэм бурууг 99 хувь нотолсон ч үлдсэн нэг хувь нь нотлогдохгүй байвал буруутай гэх этгээдэд давуу талыг бий болгодог. Өөрөөр хэлбэл 100 хувь л нотлохгүй бол 99 хувьд нь яаж ч хараар будаад явахгүй. Миний хувьд АТГ-ын удирдлагууд 100 хувь буруутай гэсэн итгэл үнэмшил төрөхгүй байна.
-АТГ-ын
удирдлагууд бидний төсөөлж байсанчлан хиргүй тунгалаг байх боломжгүй гэж үү.
Заавал сэтгэлд сэвтэй мэдээлэл дуулдаад байхаар энэ байгууллагын талаарх
төсөөлөл үгүй болж, итгэл алдарч эхэлж байна?
-Сэтгэлд сэвтэй ямар мэдээлэл байгаа юм бэ.
-АТГ-ын
удирдлага ажилтнуудаа тагнасан, чагнасан, авлига авсан байж болзошгүй гэх мэдээллүүдийг
хэлж байна?
-Тийм мэдээлэл зориуд гаргаж байгаа хүмүүс нь тодорхой шүү дээ. Миний итгэл үнэмшлээр бол АТГ хуулийн дагуу ажиллаж байгаа. Эргэлзээтэй асуудлыг холбогдох хууль хяналт, мэргэжлийн байгууллагаар шалгаад нотолсны дараа дүгнэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тагнаж чагнасан эсэхийг нь ч тодорхой баримтаар нотолгоотой гаргаад ирэх ёстой шүү дээ. Ер нь ийм асуудалд улс төр нь хэтрээд ирэхээр хууль ёсны тал нь бүрхэгдээд ирдэг тал бий.
-Ярилцсанд
баярлалаа. Танд амжилт хүсье.
У.ОРГИЛМАА
У.ОРГИЛМАА
2010 оны 10-р сарын 15, Баасан гариг
Улс төрийн тойм сонин

No comments:
Post a Comment