Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Хүнийх нь хувьд харамсаж байгаа ч, сонголтыг хүндэтгэнэ ээ


УИХ-ын гишүүн Д.Одбаяр бол гишүүн Ц.Шинэбаяртай нэг аймгаас сонгогдсон, нэгэн үе дарга цэрэг явсан хоёр. Түүнчлэн тэрээр Энэтхэгт эрхзүйн их сургууль төгссөн МАН-ын залуу хуульчдын нэг. Иймд түүнтэй гишүүн Ц.Шинэбаярын сонголт, МАХН-ыг дахин байгуулах боломж бий эсэх талаар ярилцлаа.
-Та МАХН-ыг дахин байгуулна гэж мэдэгдээд байгаа Ц.Шинэбаяр гишүүнийг зөв буруу сонголтын алийг хийлээ гэж үзэж байна вэ?
-Хүний өмнөес ярих нь хэнд ч утгагүй асуудал. Тэр тусмаа улстөрд яваа хүмүүс хэн нэгнийхээ хувийн сонголтод хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх нь бүр ч зохимжгүй.
-Тэгвэл үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нэг аймгаас сонгогдсон, олон жил хамт яваа нөхрийн хувьд хариулж болох уу. Жишээ нь, ийм сонголт хийх гэж байгаагаа Шинээ гишүүн тантай зөвлөсөн үү?
-Бид Эвлэлийн байгууллагаас эхлээд яривал бараг хорь гаруй жил хамт яваа хоёр. Тэр үед Шинээ дарга Дорнодын ДЦС-ын даргаар, би аймгийн ХЗЭ-ийн хороонд байсан. Сүүлд намайг Дорнодын Засаг дарга байхад манай хүн "Адуунчулуун" ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Дараа нь аймгийн ИТХ-ын дарга, тэгээд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мэдэгдлийн хувьд бол ярьж зөвлөлдсөн зүйл бидэнд байхгүй. Өөрөө л гаргасан шийдвэр. Хувь хүн талаас нь би харамсаж л байгаа. Улс төрийн талаас гэвэл хүсэл зоригийг нь хүндэтгэж байгаа. Өөр юу хэлэх вэ, дээ тиймээ. Гэхдээ хүмүүс эхлээд над руу их ярьсан, та хоёр ярьж зөвлөлдсөн үү гээд л. Ойр дотно байдаг, нэг тойргийн, нэг нутгийн хоёр учраас тэр байх л даа.
-Танаас илүү хол хөндий харилцаатай хүмүүс Ц.Шинэбаяр гишүүнийг их зориг гаргалаа, бас дэмий зүйл хийж байна гэх зэргээр үнэлж дүгнэж байна шүү дээ?
-Хувь хүний сонголтыг хүндэтгэхэд харилцааны хол, ойр хамаагүй ээ. Улс төрийн хүн хийх гэж буй үйлдлээ дотроо сайн тунгаан бодож байж шийдвэрээ гаргах учиртай. Тэр талаасаа Шинээ дарга ийм сонголт хийхдээ тодорхой хэмжээний зориг гаргасан. Тэр үнэн. Гэхдээ асуудлын гол нь хэдий хэмжээний зориг, зүрх гаргасан бэ гэхээсээ илүү ямар үр дүнд хүрэх вэ, тэр үр дүнд хүрэх боломж бололцоо хэр байна вэ гэдгээ л сайтар тооцсон байх учиртай л даа.
-Түүний ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байгаа учраас л их зориг гаргалаа, бас үр дүнд хүрнэ гэж ийм сонголт хийлээ гэх юм?
-Тэр тухай би мэдэхгүй ээ. Одоогоор Шинээ гишүүн маань л харагдаж байгаа. Шинээ гишүүнд би нэг л зүйлийг хэлсэн. Бие дааж ажиллаж болно оо. Сонголтыг чинь хүндэтгэж байна. Харин яаран хэн нэгэнтэй, өөр намтай наалдах болчихвол хэр зохимжтой бол гэж. Өөрөөр хэлбэл, МАН Шинээ гишүүний хүсэн хүлээсэн үйл ажиллагааг явуулбал шийдвэрээ эргэж харах боломж түүнд нээлттэй байх нь зөв болов уу гэж хэлсэн хэрэг. Манай намаас МАХН байхад нь гараад явсан хүмүүс энэ шинэчлэлийг дэмжин эргэн элсэж байна. Энэ бүхэн бол улс төрийн намд бол тохиолдож л байдаг эрүүл процесс, улстөрчийн хувьд хаа нэгтээ үүрч л байдаг хувь заяа юм аа.
-Энэ бол таны л үг. Харин намын удирдлагуудын зүгээс ийм боломж бий эсэхийг хэлсэн, түүнтэй уулзсан тохиолдол бий юү?
-Лав л С.Батболд дарга уулзаж ярилцах хэрэгтэй гэж ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд хэлсэн. У.Хүрэлсүх дарга тэр дор нь намайг Шинээ гишүүнд дамжуулж хэлнэ үү гэсний дагуу би хүсэлтийг нь дамжуулсан. Хоёр ч удаа хэлсэн. Уулзсан эсэхийг мэдээгүй. Ажил ихтэй байж болох ч ийм асуудал дээр бол цаг хугацааг харамлаж болохгүй байх. Ер манай намын удирдлагын зүгээс санаачилга гарган зөвхөн Шинээ гишүүн гэлтгүй Н.Энхбаяр дарга, өөр санаа бодолтой бусад хүмүүстэй ч уулзаж ярилцах хэрэгтэй гэж би боддог. Нэг намынхан дотооддоо битгий хэл, тусдаа явсан хоёр нам хоорондоо ойлголцоод засагт хамтраад явж болоод байна шүү ээ. Одоо Монгол Улсын хөгжлийн төлөө гэсэн нэг эрх ашиг биднийг эвдрэлцэхээсээ эвлэхээ илүүд эрхэмлэхийг шаардаж байна.
-Та түрүүн зориг зүрх гаргахаасаа илүү ямар үр дүнд хүрэхээ тооцох хэрэгтэй гэсэн дээ. Тэр үр дүнг Ц.Шинэбаяр гишүүнтэй холбохгүй асууя. Ер нь МАХН-ыг дахин байгуулах боломж бий юү?
-Цаагуураа Шинэбаяр гишүүнтэй холбож байгааг чинь ойлгож байна аа. Би энэ талаар ярих эвтэйхэн биш ээ. Нэг нөхөр нь өмнөө зорилго тавьчихсан зүтгэж явахад өчигдөрхөн нэг аймаг, тойргоо хамт дуудуулаад л сонгуульд хамт явж байсан нөгөөдөх нь ярих зохимжгүй. Цэвэр хууль эрх зүйн талаасаа гэвэл болж байна.
-Харин тийм, гол наадах чинь л шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд эрх зүйн талаасаа МАХН-ыг дахин байгуулах боломж байхгүй ээ. Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр зэргийг сайн харж байхад МАХН-ыг дахин байгуулах боломж байхгүй л харагдаад байгаа юм. Намын Их хуралд бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж байхдаа энэ бүгдийг бид гайгүй сайн судалж харсан. Улс төрийн нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаа нь эхлэх хуулийн заалттай. Тухайн үед нь бид бүгдээрээ гишүүний харъяалалтай байсан МАХН-ын их хурлаараа тогтоол гаргаж нэрээ МАН болгож өөрчилсөн. Төлөөлөгчдийн 99,3 хувийн саналаар шийдвэр гаргасан. Ингэхдээ намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэхэд бараг 80 гаруй хувь нь дэмжсэн байдаг. Хууль эрх зүйн талаасаа гэвэл Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэж заасан юм. Мөн дээрх хуульд намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглосон заалт ч бас бий.
-Гэхдээ энэ маргаан сунжирч Дээд шүүхээр яваад, мөн Цэцэд очих магадлал бий юү?
-Яах гэж Дээд шүүхээр явах юм. Монгол Ардын нам болон нэрээ өөрчилсөн үйл явцыг хуулийн дагуу боллоо гээд улсын бүртгэлд бүртгээд авна гэдэг нь дээрх хуулийн заалтыг цаашид мөрдүүлнэ л гэсэн үг. Би Дээд шүүхийг төлөөлж ярьдаг хүн биш. Шүүхийг бие даан, хараат бус байдлаар ажилладаг л газар гэж ойлгодог. Цэцэд мөн аль асуудал нь очно гэж. Харин үйл ажиллагаагаа зогсоосон болон нэрээ өөрчилсөн намын нэр, товчлолыг 24 жил ашиглахгүй байх тухай заалтыг Цэц 2005 онд хүчингүй болгосон юм. Гэхдээ Цэцийн тогтоолыг анхааралтай уншвал хязгаарлалт байх нь зөв юм, харин 24 жил гэдэг арай л урт байна гэдэг талаас нь хандсан байдал байсан нь тодорхой байгаа. Хорин дөрвөн жилээс бага хугацаагаар хязгаарлах нь зөв гэсэн байр суурийг Цэц баримталсан байдаг. Үүнээс гадна сая миний хэлсэн Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт нь намын хуучин нэрийг харин ч бүр огт цаг хугацааны хязгаарлалтгүйгээр дахин ашиглах боломжийг хааж байгаа юм.
Г.Отгонбаяр
2010 оны 12-р сарын 02, Пүрэв гариг
 Үндэсний шуудан

No comments:

Post a Comment