Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Ерөнхийлөгч хориг тавьж болно оо. Гэхдээ


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Намрын чуулган эхэллээ. Сонгуулийн жилийн өмнөх гэдгээрээ онцлогтой намрын чуулганаар УИХ хэд хэдэн томоохон хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Эдгээрээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг мөн үү?
-Үндсэн хуулийг нийгмийн шаардлага, захиалгаар өөрчлөх нэг чиглэл байдаг. Улс төрийн бодлогоор ч өөрчилж болно. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлж байна. Уул уурхайн салбар эрч хүчээ авч байна. Энэ байдлыг харгалзан нэгдмэл улсын шинж чанараа эдийн засгийн тэлэлтийн үед илүү их бодож ажиллах шаардлага урган гарлаа. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг илүү найдвартай болгох, энэ талын зохицуулалтыг илүү нарийсгах шаардлага байна. Тиймээс Үндсэн хуулийг ч бас тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах журмаар эргэн харах хэрэгтэй юм. Ер нь өнгөрсөн зууны Монгол Улсын Үндсэн хуулийн түүхийг эргээд харахад 20, 20 жилдээ голдуу өөрчлөлт хийсэн байдаг юм билээ.
1924 оны Үндсэн хууль, 1940 оных, 1960 оны Үндсэн хууль гээд л.
Мөн 1980-аад оны эцсээр байх нэлээд том өөрчлөлт хийсэн байдаг. Тэгээд 1990-ээд оны Үндсэн хууль. Ингээд бодохоор цаг хугацаа-ны хувьд ч, улс төр, нийгмийн шаардлагын хувьд ч тэр Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болж байгаа юм бол уу гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн УИХ-ын төвшинд биш, болж өгвөл ард түмний дунд санал асуулга явуулж өөрчлөх нь зөв гэж бодож байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр яригдаж байгаа гол зүйл УИХ-ыг өргөтгөх тухай асуудал юм биш үү. Парламентыг 99 гишүүнтэй болгох санал болон 99 гэсэн энэ тоо хаанаас гараад ирэв ээ?
-Үндсэн хуулийн хувьд гол биш дайвар асуудал гэж байхгүй. Хуульд ийм ойлголт байх ёсгүй. Бүгд л ач холбогдолтой асуудлууд. УИХ-ын гишүүдийн тооны хувьд ажлын хэсэг дээр нэлээд хэдэн янзаар ярьж байгаад 99 дээр тогтсон байх. Миний хувьд 99  гэдгийг хатуу дэмжсэн зүйл бол алга. Ер нь бол монгол УЛСЫН хүн ам цаашдаа өснө, улам олон болно шүү дээ. Энэ ойлгомжтой. 1992 онд нэг гишүүнд оногдож байсан сонгогчийн тоог өнөөдрийн сонгогчдын тоонд харьцуулаад үзэхээр УИХ 104-108 гишүүнтэй байхаар байгаа. Удахгүй манай улсын хүн ам гурван сая давна. Хүн ам, сонгогчийн тоо өсөөд байхад 76 гишүүнтэй байгаад л байх уу гэдэг нь асуудал мөн. Тиймээс миний хувьд гишүүдийн тоог 99 байтугай нэмэгдүүлэх талд нь байгаа. Бүр 108,120 болгож болно шүү дээ.
-Үүнийг одоогийн УИХ-ын гишүүд дахин сонгогдох магадлалаа өсгөх гэсэн арга гэж үзэх хүн байна?
-Одоогийн 76 гишүүн өөрсдийгөө байлгахын тулд ийм тоо хэлээд байгаа юм гэсэн ухуулга, сурталчилгаа яваад байгаа. Нийгэмд ч тийм ойлголт төрүүлэх оролдлого их байна. Гэхдээ үүнийг шийдэхийн хувьд шийдчихье. Одоо шийдэхгүй бол болохгүй. Харин дагаж мөрдөх хугацааг нь 2016 оноос эхэлье л дээ. Бүр хардаад байвал 2020 он болгоё. Дараагийн үе ч гараад ирнэ. Яагаад гэвэл, тухайн цаг үед нь гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэсэн яриа, санал гарахаар тэр үеийн УИХ-ын гишүүдийг хардсаар байгаад энэ ажил бас л явахгүй байдалд орно. Нийгэмд хардлага үнэхээр гүнзгий байгаа бол 2020 оноос УИХ-ын гишүүдийн тоог 108-120-ийн хооронд нэг тоон дээр тогтоод одоо хуулиа баталчихъя. Тэгэхээр асуудал байхгүй шүү дээ. Найман жилийн дараа хэрэгжих асуудлаар өнөөдрийн 76 гишүүнийг хардаад байхгүй биз дээ.
-УИХ-ын бүрэлдэхүүнийг өргөтгөхийн давуу тал нь юу вэ?
-Олон гишүүнтэй байхын давуу тал олон л доо. Сөрөг тал ч бий. Юуны өмнө парламент одоо л төлөвшлийн шатандаа орж байгаатай холбоотой. Мэргэших тал руугаа явж байна гэсэн үг. Дээрээс нь засаглалын хуваарилалттай холбогдуулан УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байдгийг гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээнд байлгах санал явж байгаа. Үүнтэй уялдуулж асуудал ярьж байгаа юм. Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг илүү нухацтай хэлэлцэж, парламент гаднын нөлөөнд автахгүй байх магадлалыг илүү өндөр болгох шаардлага бий. Өнөөдөр 76 гишүүний 39 нь ирэхэд ирц бүрддэг. Үүнээс 20 хүн нь асуудал шийдэх боломжтой байгаа. Гишүүдийн тоог нэлээд нэмэхгүй бол Монголын хууль тогтоох байгууллага дэндүү жижиг харагдаад байна шүү дээ. Энэ ч талаасаа нөлөөлж болмоор бүрэлдэхүүн шиг гадныханд төсөөлөгдөөд байна. Тэдэнд сонирхол ч бий. Монголын ард түмэн парламентын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэхийг тэд талархан хүлээж авахгүй.
-Эрх мэдлийн хувьд бол дэндүү том байгаа биз дээ?
-Парламент дэндүү их эрх мэдэлтэй байгаа. Энэ үнэн шүү. Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын парламентыг эрх мэдлээр нь жагсаасан жагсаалтад манай УИХ зургадугаарт орсон байна лээ. Парламентыг хууль тогтоох байгууллага тал руу нь анхаарч, шаардлагагүй эрх мэдлийг нь авах ёстой. Илүү байгаа эрх мэдлээ ард түмэндээ өг гэж яриад байна шүү дээ цаана чинь. Үнэхээр зөв чиглэлд нь шилжүүлэх хэрэгтэй. Ер нь засаглалын хуваарилалтыг зөв хийх цаг нь болсон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг хооронд нь зөв хуваарилж, хяналт тэнцлийг оновчтой тогтоох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн институц ч үүнд хамаарна.
-УИХ-д олонх болсон нам нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзаж хамтарсан Засгийн газар байгуулсан болохоор өнөөгийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахуунгүй гэж шүүмжилж байна?
-Юу гэсэн үг вэ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам УИХ-д орж  дараа Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл энэ бүтэхгүй. Хоёр нам хамтарч байгаа үед Үндсэн хуулийг өөрчлөх нь өрөөсгөл гэвэл энэ хоёр нам дангаараа шийдчихгүй шүү дээ. Парламентын гадуур өргөн хэлэлцүүлэг явна. Улс төрийн намууд оролцоно. Ард түмний дунд хэсэгчилсэн, хэрэв хөрөнгө санхүүг нь шийдчихвэл бүхэлд нь ард нийтийн санал асуулга явуулж байж шийдсэн ч болно. Түүнээс УИХ дээр юу юугүй хам хум шийдчихгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шийднэ э гэдэг тийм  ч санааны зоргоор амархан асуудал ч биш.. Дураараа шийдчихгүй. Асар өргөн  хэлэлцүүлэг явуулах учиртай.
-Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Дарханд иргэдтэй хийх уулзалтын үеэр "Энэ парламент Үндсэн хуулийг өөрчилбөл хориг тавина" гэж хэлсэн байсан. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх боломж байхгүй юм биш үү?
-УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч үг хэлээгүй. Хэлэх үгээ Дарханд хэлсэн үгээрээ төлөөлүүлчихлээ гэж нийгэм ойлгож байх шиг байна. Тийм байж болно. Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэй л дээ. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавина гэж хэлсэн нь хоёр талтай юм.
Нэг талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, ярилцаж ойлголцох шаардлага байна шүү гэдгийг сануулсан дохио гэж үзэж болох юм.
Нөгөө талаас хориг тавиад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх ажлыг би хийнэ, та нар хийхгүй шүү, болохгүй бол зогсоочихно шүү гэдэг байдлаар хандаж байгаа бол энэ буруу. Өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд явж байсан хүн. гээ ч Дарханд хэлсэн байна лээ. Тэгэхээр гэгээтэй талаас нь харвал хамтарч ажиллах санаа гэж ойлгож болох юм. Магадгүй, би асуудалд дэндүү гэнэн хандаж байж ч болох юм. Ер нь Үндсэн хуулийн ажлын хэсгийг Ерөнхийлөгч өөрөө ахалсан ч болно. Харин хоригийн хувьд Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавина. тавихгүй гэсэн тодорхой заалт  байхгүй. Үндсэн хуулийн хувьд шүү. Ерөнхий жишгийг харахад, ҮНДСЭН хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавьдаг жишиг дэлхий нийтэд түгээмэл биш.
-Ерөнхийлөгч хориг тавьж болохгүй гэсэн үг үү?
-Хориг тавьж болно оо. Харин хоригоор сүрдүүлж болохгүй. Ажил явж байх нь хэрэгтэй. Үндсэн хуульд хуулийг авч үзэхдээ Үндсэн хууль, бусад хууль гэсэн томъёоллоор нэлээд хэрэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг конституц гэдэг талаас нь анхаарч байгаа юм: Үндсэн хууль бол Монгол Улсын конституц юм. Жишээ нь, АНУ-ын Конституцийн дагуу тус улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэй. Гэхдээ тодорхой асуудлууд дээр хориг тавих бүрэн эрх нь хаалттай байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд, хууль тогтоох дээд, доод танхимын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад Ерөнхийлөгч нь хориг тавих эрхгүй. Тиймээс юу, юугүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал би хориг тавина гэж ярьдаг нь зөв дуугарч байгаа явдал биш ээ. Хэрэв УИХ шийдээд, бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл Ерөнхийлөгч ард түмний саналд хориг тавиад сууж байх уу.
Чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ бол хэвлийдээ байхад нь яаран хориг тавих асуудал биш.
Харин хамтран ярилцаж, бодолтой, суурьтай, ажил хэрэгчээр хандах ёстой асуудал юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуулиар батлах учраас тэр хуульд нь хориг тавих боломжтой гэдгийг дахин хэлье. Журмын тухай хуульд.ч тодорхой заасан байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр зам бий. Журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг заалт бүрээр нь санал хурааж 57-гоос дээш гишүүний оролцоотойгоор, дөрөвний гурваас доошгүй гишүүний саналаар батлах нэг зам байна. Үүний дараа хориг орж ирнэ дээ. Гэхдээ Ерөнхийлөгчид таалагдахгүй байна гэдэг үндэслэлээр биш, харин Үндсэн хуультайгаа эсхүл төслийн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр орж ирнэ. Мэтгэлцээн ч нэлээд үргэлжилнэ. Цэцийн ч чимээ гарна. Тэгээд эцэст нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2-т заасны дагуу ард нийтийн санал асуулга явна гэсэн үг. Өөрөө хэлбэл, хориг бол бүх асуудалд цэг тавьж байгаа хэрэг биш юм гэдгийг хэлэх гэсэн юм. Хоёр дахь зохицуулалтын хувьд гэвэл УИХ ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батлах шийдвэрээ шууд гаргаж ч болно. УИХ-ын гишүүдээс ч ийм санал гарч байсан. Америкаас биш ард нийтээсээ асууя, тэгээд баталъя гэж байхад Ерөнхийлөгч хориг тавиад байхгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл ард түмнээсээ асуухгүй ээ хө, би шийднэ гэдэг Ерөнхийлөгч энэ дэлхийд байдаггүй л дээ. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөс ухраад байх хэрэггүй, хамтран ажиллах л хэрэгтэй.
-Яаж ч оролдоод явахгүй бол...
-Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ирэх онд багтаагаад өөрөө оруулж ирэх байх. Шинэ парламент түүнийг нь хэлэлцэнэ. Нэмэлт өөрчлөлтийн санаа  нь одоо бэлэн байгаа төслөөр, эсхүл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэсэн санаа орж ирж магад. Яагаад гэвэл Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга байхдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох нь зөв гэж маш их ярьдаг байсныг нь санаж байна. Гэхдээ Ерөнхийлөгч болоод үзэл бодол нь өөрчлөгдсөн бол Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэсэн санал оруулж ирж мэдэх л юм. Тэр үед ард нийтийн санал асуулга гэдэг нэр томъёо цоо шинэ зүйл шиг л дуулдах байх даа.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр бас Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн байна лээ. Ер нь бүлгүүд зөвшилцөж чадах нь уу?
-Ерөнхийлөгч Дарханд хэлсэн үгэндээ Сонгуулийн хуулиа ойлголцож чадахгүй бол танхимдаа ороод кнопоо дараад л шийдэх хэрэгтэй гэсэн байна лээ. Олонх, цөөнхөөрөө асуудлаа шийд гэсэн санаа ард нь агуулагдаж байгаа болов уу гэж ойлгосон. Гэхдээ дотроо өөр санаатай хэлсэн байх аа гэж бодож байгаа. Гадарлаж ч байна. Бас нэг үнэн юу вэ гэхээр Сонгуулийн хуулийг УИХ-д олонх байгаа учраас гээд хүч түрж, кноп дараад батална гэсэн ойлголт хэрхэвч байж болохгүй. Заавал ярилцаж, зөвшилцөж, нэгдмэл ойлголттой болж байж батлах нь улс орны болоод ард түмний эрх ашигт нийцнэ.
-Хугацааны хувьд шахуу болчихлоо шүү дээ. Амжих болов уу?
-Хугацааны хувьд хэлэлцэх асуудлын гуравдугаарт тавигдсан байгаа. Төсвийн хэлэлцүүлгийн дараа байгаа. Нэлээд эрчимтэй яриа хөөрөө арванхоёрдугаар сарын 1-нээс хойш болох болов уу. Ер нь л арванхоёрдугаар сарын 30, 31-тэй уралдаж баталж таарах байх. Наана нь бол сайн л байна.
-Хоёр намын зөвшилцөлд ахиц гарч байна уу?
-Зуны завсарлагааны хугацаанд ажлын хэсэг ажиллаад тийм үр дүнд хүрлээ гэсэн тодорхой мэдээлэл надад байхгүй байна. Саяхан ажлын хэсэг хуралдсан байх. Ямар байдлаар ажлын хэсэг хуралдсан талаар мэдээлэл алга. Хоёр талаас ярьж байж л асуудлаа шийдэх ёстой. Хамгийн гол нь Сонгуулийн хуулийн үндсэн зарчим Үндсэн хуультай харшилдаж ерөөсөө болохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн зарчим хадгалагдах ёстой. Шууд сонгосны дараа суудлаа хуваарилахад пропорциональ элемент орж болох юм. Жишээ нь 52:24 гэж бодъё. 52 нь жижиг мажоритараар шууд сонгоно. Харин 24-ийгөө нэр дэвшихэд нь цагаан толгойн дарааллаар жагсаагаад, ард түмнээс санал авсан байдлаар нь цувуулж эхний 24-ийг нь оруулна гэсэн ойлголт харагдаж байгаа.
Энэ бол ерөнхий зарчим нь.
Гэхдээ 24-д байгаа аль намын нэр дэвшигчид олон санал авсан байна гэдгээр тухайн намдаа оногдох суудлаа эхлээд пропорцолж тооцно. Босго даваагүй намуудын хувьд суудалгүй болж, гишүүдийн тоог 1-2 нэр дэвшигчээр нааш, цааш хөдөлгөдөг зарчим бас үйлчилнэ. Энэ 24-ийн хувьд улс нэг тойрог болж сонгогчид мөн л шууд сонгоно гэсэн үг. Хүн гэдэг амьтан арьс өнгө, гарал үүсэл, хөрөнгө чинээ, үндэс угсаа гээд юунаас үл хамааран шууд сонгох зарчмыг илүү дэмждэг юм билээ. Ийм байдлаар Сонгуулийн хуулийг би төсөөлж харж байгаа.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
2011 оны 10-р сарын 06

No comments:

Post a Comment