Thursday, 3 May 2012

Д.Одбаяр:Томоохон үүрэг гүйцэтгэсэн МАН-ыг түүхээс арчих бодол яагаад төрөөд байна вэ


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Намрын чуулган удахгүй эхэллээ. Танай байнгын хороо ямар хуулийн төслүүд хэлэлцэх вэ?
-Хууль зүйн байнгын хороо ачаалалтай ажил лах байх. Хэлэлцэхээр хүлээж байгаа олон хууль бий. Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төслүүд байгаа. Эдгээрийг шат дараалалтайгаар хэлэлцэж чуулганы хуралдаанд оруулна даа.
-Ш.Сайхансамбуу, гишүүний болон Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуулийн хоёр төсөл байгаа билүү?
-Ш.Сайхансамбуу гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн   Найруулгыг байнгын хороогоор хэлэлцэн Хууль зүй, дотоод хэргийн яамыг түшиглэж ажлын хэсэг гаргаад хуулиа чамбайруулъя гаж ярьсан.
Хууль санаачлагчдын зүгээс төслийг УИХ-ын чуулганы нэгд сэн хуралдаанд хэлэлцүүлэх санал тавьсан.
Тэгэхээр нэгдсэн хуралдаанаар шийдэх байх гэж бодож байна Мон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой олон улсын симпозиум зохион байгуулсан. Ер нь бол Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулж. шинэчлэх цаг нь болсныг үгүйсгэхгүй.
-Монголын нийгэм шоронжчихоод байгаа юм биш үү?
-Энэ нь ялын бодлоготой холбоотой л доо Үүнтэй уялдаад ийм дүгнэлт хийдэг байх. Тиймээс Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатай болсон байх.
-Цагдаагийн байгууллагын тухай хууль хэлээд яригдсан, Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу юм бэ?
-Хуулийн төсөлд цагдаагийн байгууллагыг илүү боловсронгуй болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах. ажиллах орчныг илүү баталгаатай болгох чиглэлийн өөрчлөлтүүд орж байгаа. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаад Цагдаагийн байгууллагын зохион байгуулалт талаас нь томоохон өөрчлөлтүүд хийх шаардлагатай байна гэдэг зөвлөмжийг өгсөн. Энэ асуудлыг тухайн үед нь хэлэлцэх болно. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг сайн ярьж тооцож бодож хийх хэрэгтэй л дээ.
-Авилгатай тэмцэх газар одоо болтол эзэнгүй байна. Шинэ дарга нарыг томилох ажил юунаас болоод хаанаа гацчихаад байгаа юм бэ?
-Авилгатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнууд буруутайг шүүх тогтоочихсон. Шат шатны шүүхийн шийдвэр тэдний буруутайг тогтоож, ялыг нь хэвээр үлдээсэн учраас хуулийн дагуу албан тушаалаас нь огцорсонд тооцно Тиймээс Авилгатай тэмцэх газрын даргад томилуулах хүнийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилох учиртай. Ерөнхийлөгчийн оруулсан саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байгаа шүү дээ.
-Тэгвэл Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг огцорсныг УИХ албан ёсоор баталгаажуулаагүй, орны хүн одоо болтол томилогдоогүй учир тэд шоронгоос ажлаа хийж, цалинжиж байна гэсэн үг үү?
-УИХ тийм шийдвэр гаргахгүй. Би хэлээд байна шүү дээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас эхлэн тэднийг албан тушаалаасаа огцорсонд шууд тооцно. УИХ заавал баталгаажуулахгүй. Тиймээс Ерөнхийлөгч АТГ-ын даргаар томилох хүний нэрийг санал болгох л үлдээд байна. Шоронгоос ажлаа хийгээд цалинжаад байгаа тухай би мэдэхгүй. Ямар ч байсан тэднийг шүүсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас огцорсонд тооцож байгаа.
-АТГ-ыг эзэнгүйдүүлж байгаад татан "буулгах сонирхол УИХ-ын гишүүдэд байгаа юм биш үү. Тэр дундаа МАН-ынханд...
-Тэр дундаа гээд байх юм байхгүй л дээ. Ардын нам ч, Ардчилсан нам ч аль аль нь Авилгатай тэмцэх газрыг татан буулгах саналыг илэрхийлээгүй. Хувь хүнийхээ үүднээс тийм санаа илэрхийлсэн гишүүд байгаа бол тэднээс өөрсдөөс нь асуу. Харин АТГ-ын даргыг томилохгүй удвал тухайн байгууллагыг татан буулгана гэсэн хуулийн заалт байхгүй.
-Анхнаасаа Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс яагаад айгаад байсан юм?
-Арагшаа харж яримааргүй байна. Нэгэнт шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон учраас энэ байгууллагын дараагийн удирдлагыг томилох үлдээд байна. Гэхдээ нэг зүйл хэлэхэд Монголд нэг ийм жишиг тогтчихоод байна л даа. Төрийн албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй байхад шүүхээр асуудлыг шийдэж, хорьдог болчхоод байна.
-Гэм буруутай хүнийг ажлаас нь чөлөөлж өгөхгүй зууралдаад байхаар өөр аргагүй юм биш үү?
-АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэх үед тэднийг буруутай гэж үзэх хангалттай итгэл үнэмшил төрүүлэхээр нотлох баримт байгаагүй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн. Тиймээс Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм шүү дээ. Гэвч аваачаад хорьчихсон.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлууд хөндөгдөх болж. Д.Дондог, Х.Наранхүү нарын гишүүд гэмт хэрэгт холбогдсон талаар дуулдах боллоо. Энэ тал дээр Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Х.Наранхүү гишүүнтэй холбоотой асуудал Хууль зүйн байнгын хороо, УИХ-д ирээгүй. Харин Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал УИХ-д ирсэн. Үүнийг авч үзээд УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д "...Гэмт хэрэг үйлдэх явцад нь нотлох баримттай баривчилсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ болон түүний Халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцэх ёстой" гэж заасны дагуу асуудлыг шийдсэн. Д.Дондог гишүүнийг гэмт үйлдэл хийж байхад нь үйлдэл дээр нь бариагүй учраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй, хуулийнхаа дагуу шүү дээ. Ийм л хариуг Хууль зүйн байнгын хорооноос прокурорын газарт өгсөн байгаа. Д.Дондог гишүүнийг гэмт хэрэг хийж байгаад үйлдэл дээрээ баригдаагүй байхад УИХ түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцвэл УИХ өөрөө хууль зөрчсөн болно.
-УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалах гэж хуульд  ийм заалт оруулжээ?
-Ер нь аль ч орны парламентын гишүүд халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулсан байдаг. Парламентын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд Их хурал нь дотооддоо хэлэлцээд шийдчихдэг орнууд олон бий. Мөн ихэнх оронд парламентын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол сайн дураараа огцордог л доо.
-Гэхдээ Д. Дондог гишүүний гэмт хэрэг хийснийг цагдаа, прокурорын газар тогтоочихсон юм билээ. Хэрэв жирийн албан тушаалтан гэмт хэрэг хийсэн бол аль хэдийнэ хорьчихсон байгаа биз. УИХ-ын гишүүд яагаад ийм давуу эрх эдлэх ёстой гэж?
-Гэмт хэрэг хийсэн эсэхийг нь та нар мэдэж байгаа байх. Ер нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гараагүй байгаа тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү дээ. Дэлхийн аль ч улсад байдаг л жишиг.
-УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө хамгаалсан энэ хуулийн заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж, хүний эрх зөрчиж байна гэж үзээд нэг иргэн Цэцэд өгчихсөн байна лээ?
-Тийм гэж сонссон. Гэхдээ тэр өргөдөлтэй нь танилцаагүй байна. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцэд өгсөн болгон Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болохгүй шүү дээ. Цэц шийдвэрээ гаргаад үнэхээр тэр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл УИХ-аар хэлэлцэнэ.
-МАХН МАН болж нэрээ өөрчилсөн ч МАХН эргээд бий боллоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Дээд шүүх МАХН-ыг бүртгэснийг хараад Монгол Улсад дахин нэг шинэ нам мэндэллээ гэж ойлгосон. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга ч ингэж хэлсэн шүү дээ.
-Тэгвэл та МАХН-ын батлахаа яасан бэ?
-Тэр батлахыг бидэнд хадгалуулсан шүү дээ.
-Хөдөөгүүр уулзалт хи5йгээд явах үед таныг МАН, МАХН хоёрын алиных нь гишүүн бэ гэж асуувал яах вэ?
-МАН задарч, самуураад алга болоосой гэж бодоод байгаа юм уу. Монгол Улсын түүхэнд тусгаад тогтнол авчирч, томоохон үүрэг гүйцэтгэсэн энэ намыг түүхээс арчих бодол яагаад төрөөд байгаа юм. МАН хэзээ ч мөхөхгүй. Цагийн аясаар үеийн үед гишүүд нь шинэчлэгдэх нь тодор-хой. Гэвч нам нь мөнхөд оршин тогтносоор л байна. Сая тойргоороо явахад хэн ч надаас наад асуултыг чинь асуугаагүй. Манай нам ууган нэрээ сэргээснээс хойш 20 мянган гишүүн шинээр элссэн. МАН-ыг дэмжиж, нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа ард түмэн олон байна. Тиймээс би өөрийгөө МАН-ын гишүүн гэж бодож явдаг.
-Гэхдээ намын даргаа солих тухай яриа дэгдэж, танай намынхан дотроо толхилцоод эхэлсэн юм биш үү?
-Ийм асуудал яригдаагүй. Чуулган эхлэхээр бужигнуулах сонирхол нийгэмд байгаа учраас намын даргаа солино гэдэг цуурхал тарааж байхыг үгүйсгэхгүй. Намын даргаа солих гэж байгаа тухай надад сонсогдоогүй. Намынхны дунд ч тийм зүйл яригдаагүй.
-МАХН-ынхан орон нутгаар явсан чинь МАХН МАН болсныг ч мэдээгүй МАХН-ын гишүүн ахмадууд байна гэсэн...
-Ахмадуудыг тэгж доромжилж болохгүй шүү дээ.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
2011 оны 9-р сарын 22, Пүрэв гариг

No comments:

Post a Comment