УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр Канадын Төрийн албаны зөвлөлийн
ерөнхийлөгч Мариа Баррадосыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хууль зүйн
байнгын хорооны дарга Д.Одбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Төрийн
албыг улс төрөөс хараат бус байлгах нөхцлийг ярьж, бүрдүүлж байгаа хэдий ч
бодит байдал дээр хараат байна. Тиймээс Төрийн албаны хуулийг шинэчлэх хүрээнд
үүнийг хэрхэн тусгаж өгөх хэрэгтэй юм бол?
-Зөвхөн хараат бусаас гадна өөр олон
зарчмыг хуулийн төсөлд оруулж байна. Одоогоор хуулийн төсөл Засгийн газарт
байгаа. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах нь хамгийн гол зарчим юм. Мөн
төрийн албан хаагчдыг ажил мэргэжлийн туршлага, мэргэжлийн чадварыг нь
харгалзаад тодорхой түвшинд сонгон шалгаруулдаг "Мерит" системийн
чиглэлээр зарчмын өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын удирдлагын
түвшинд хүлээж байгаа үүрэг, хариуцлагыг ялгаж зааглахдаа тодорхой болгох
өөрчлөлт орно.
-Төрийн
албанд цалингийн тухай яригддаг. Учир нь цалингаас болж улс төрөөс хараат болох
ч хандлага бий?
-Мэргэшсэн төрийн албан хаагчдын авч
байгаа цалин улс төрийн юм уу өөр ямар нэгэн замаар тухайн байгууллагад орж
ирсэн удирдлагаас илүү өндөр байх зарчим хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл төрийн
албанд ажиллаж байгаа хүн заавал ямар нэг улс төрийн нам, улстөрчтэй холбоотой
байж аль нэг байгууллагын удирдлагад очих сонирхол харагддаг юм шиг. Харин энэ
төсөөллийг арилгах үүднээс төрийн албанд тогтвортой, үнэнч, шударга ажиллаж
байгаа хүний амьдралын баталгаатай байх шинэчлэлт өөрчлөлтийг л хийх ёстой юм.
-Тавантолгой
болон зарим асуудалтай холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдуулах сураг бий.
Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Намрын чуулган хугацаандаа эхлэх
болов уу гэж бодож байна. Одоогоор ээлжит бус чуулган зарласан зүйл алга.
Ээлжит бус чуулган зарлах нь миний эрхийн асуудал биш. Шаардлагатай гэж үзвэл
УИХ-ын дарга зарладаг.
-УИХ-ын
зарим гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал юу болж байгаа вэ. Мөн намрын
чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ямар асуудал анхаарал татаж байна вэ?
-УИХ-ын
гишүүн байнгын хорооны даргын хувьд намрын чуулганы бэлтгэл ажлаа ханган ажлын
хэсгээ хуралдуулж байгаа.
Нийтлэлч
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улстөрийн тойм
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улстөрийн тойм
2011 оны 8-р сарын 24

No comments:
Post a Comment