Монгол Улсын баруун
бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км автозамын 403.8 км-ыг Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд “Баруун бүсийн босоо
тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”- ийн санхүүжилтийн
ерөнхий хэлэлцээрийг ч байгуулж байсан. Эл хөтөлбөрийн эхний үе шат болох 45
сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа,
Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммэр нар
өчигдөр гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Сангийн сайд ХБНГУын Засгийн газартай
байгуулдаг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Эдгээр
хэлэлцээрийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар Сангийн сайд
Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Азийн хөгжлийн банктай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Үүний хүрээнд ямар ажил хийх бол гэдгийг иргэд ихээр сонирхож буй биз ээ?
-Манай улс Азийн автозамын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт
2004 онд нэгдэн орж хөрш орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хоёр
автозамын коридорыг байгуулах зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Монгол
Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км автозамын 403.8 км-ыг тус банкны
санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Тэр тусмаа Ховд аймгийн Алтай сумын нутаг
дахь Тэмээн хүзүү- Бага улаан даваа чиглэлийн 110.8 км автозамыг буцалтгүй
тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. Харин үлдэх 293 км автозамыг уг банкны
170 сая ам.долларын холимог санхүүжилт Монгол Улсын Засгийн газрын 92 сая
ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хэлэлцээр
байгуулсан юм. Эхний үе шат болох 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн
хэлэлцээрт өнөөдөр хоёр тал гарын үсэг зурлаа. Дээрх мөнгөөр Ховд аймгийн Бага
Улаан даваа–Манхан чиглэлийн 103.3 км автозам болон бүрэн тоноглосон засвар
арчлалтын нэг нэгж, орон нутагтай холбосон 20 км автозамыг барихаар тусгасан.
Мөн замын салбарын институцийг сайжруулах чиглэлд нэлээд зүйлийг хийхээр
төлөвлөлөө.
-Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсад бодит ямар боломж бий болох вэ?
-Баруун
бүс нутгийн нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжих төдийгүй өөрийн нутаг
дэвсгэрээрээ дамжуулан ОХУ, БНХАУ-ыг автозамаар холбох боломж бүрдэнэ. Хөрш
зэргэлдээ улсуудын дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг хамгийн дөт
замаар хийх боломж ч бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжихийн
сацуу аюулгүй автозамын сүлжээ бий болох юм.
-ХБНГУ-ын Засгийн газартай байгуулдаг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд юу хийх вэ?
-Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын санхүү, техникийн
хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн. Тус улсын Засгийн газраас хамтын
ажиллагааны хүрээнд манай улсад нийтдээ 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй
зээл, буцалтгүй тусламжийг олгоод байгаа. Энэ удаагийн санхүүгийн хамтын
ажиллагааны хэлэлцээрт хоёр төсөлд хөнгөлөлттэй зээл авах тухай тусгасан.
Эхнийх нь буюу 8.5 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын
IV дулааны цахилгаан станц дээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II” төсөлд
олгоно. Харин 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг
“Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн
дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор өөрчилсөн. “Эрчим хүчний үр ашиг
II” төслийн хувьд жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг
байгаль орчинд ээлтэй, олон улсын шинэ техник технологид нийцсэн, эрчим хүчний
үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Европ болон ХБНГУ-ын үйлдвэрлэлд өргөн
хэрэглэгддэг дэвшилтэт шинэ технологиор солих ажлыг хийнэ. Ингэснээр нэгж
цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдах нүүрсний хувийн
зарцуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаралт багасч, дотоод хэрэгцээний цахилгаан
эрчим хүч ч буурна. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилд 121.870.6 тн-оор
хэмнэгдэж, хорт утааны бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгах юм.
-Тэгвэл хоёр дахь төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Сумдын автозамын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөгжүүлж, ингэснээр
сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ. Цаашилбал, нийслэлийн хүн амыг
дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангаж, гадаадаас оруулж ирэх
хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах зорилготой. Энэхүү төсөлд
зориулж долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээл авсан. Энэ хөрөнгөөр Азийн
автозамын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-ДарханАлтанбулаг, чиг лэ лийн замаас
салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73
км хуучин асфальтобетон хучилттай авто замыг шинэчлэх, Улаанбаатар хотын
Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 17 км асфальтобетон хучилттай
шинэ автозам барина. Мөн нэмэлт 4.5 сая еврогийн зээлийн хөрөнгөөр
Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртэлх
29.4 км асфальтобетон хучилттай шинэ автозам барихаар тусгасан. Монгол Улсын
Засгийн газарт олгодог эдгээр зээлийн ерөнхий нөхцөл адил ба ашигласан зээлд
жилийн 0.75 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацаа 40, үүнээс үндсэн өрөөс
чөлөөлөх хугацаа 10 жил байдаг.
Эх
сурвалж
unen.mn
unen.mn

No comments:
Post a Comment