УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин
төлөөлөгч Роберт Шоэлхаммер нар өчигдөр "Баруун бүсийн Босоо тэнхлэгийн
авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"- ийн Санхүүжилтийн
ерөнхий хэлэлцээрийн эхний үе шат болох 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн
хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сангийн сайд Д.Хаянхярваагаас
хэлэлцээрийн талаар тодрууллаа.-Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хэлэлцээрийн эхний үе шат болох 45 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Монгол Улс 2004 онд "Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т нэгдэж, хөрш орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хоёр авто замын коридорыг байгуулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км авто замын 403.8 км-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Энэ дагуу Ховд аймгийн Алтай сумын нутаг дахь Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км авто замыг тус банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бол үлдсэн 293 км замыг Азийн хөгжлийн банкны 170 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн эхний үе шат болох 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт бид ийнхүү гарын үсэг зурлаа.-Нэгдүгээр төслийн хүрээнд хэдэн км замыг байгуулах вэ?
-"Баруун босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I төсөл"-ийн хүрээнд Ховд аймгийн Бага Улаан даваа- Манхан чиглэлийн 103.3 км авто зам барих ажил, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын нэг нэгж, орон нутагтай холбосон 210 км авто замын ажил, замын салбарын институцийг сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна-Энэхүү төслийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой юу?
-Баруун бүсийг холбож буй энэ зам нь эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. Тухайлбал, баруун бусийн алслагдсан аймгуудыг хооронд нь холбосноор цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг дэд бүтэц хөгжихөд чухал нөлөөтэй. Монголын компаниудыг оролцох боломж олгосноороо бусад замын төслүүдээс онцлогтой. Санхүужилт нь Азийн хөгжлийн сангаас гарч байгаа төдийгүй сард нэг хувийн хүүтэй зээл юм. Түүнчлэн цагт 100 км/ цаг хурдлах хамгийн орчин үеийн авто зам байгуулагдана. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд тендер нь хараахан зарлагдаагүй байна.-ХБНГУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд хийгдэж буй Санхүүгийн хамтын ажиллагааны талаар?
-Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа нь 1992 оноос эхэлсэн бөгөөд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийтдээ 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгоод байна. ХБНГУ-ын Засгийн газраас өгсөн амлалтаа баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулдаг.Энэ удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд нийт хоёр төсөлд хөнгөлөлттэй зээл авах асуудал тусгагдсан юм.
Үүнд шинээр 8.5 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын IV цахилгаан станц дээр хэрэгжих "Эрчим хүчний үр ашиг-2" төсөлд 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөн "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-д нэмж олгохоор болсон.-Зээлийн нөхцөлийн хувьд хэдэн хувийн хүүтэй вэ?
Монгол Улсын Засгийн газарт олгодог зээлүүдийн ерөнхий нөхцөл адил бөгөөд ашигласан зээлд жилийн 0,75 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацаа 40 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байдаг.-Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол тодорхой хувиар буурах боломжтой юу?
-"Эрчим хүчний үр ашиг-2" төслийн хувьд хоёр тал өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг байгаль орчинд ээлтэй, олон улсын шинэ техник технологид нийцсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилготой. Энэ хүрээнд Европ болон ХБНГУ-ын үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг дэвшилтэт шинэ технологи болох турбины конденсатор болон дулаан солилцуурын төхөөрөмжийг тусгай аргаар цэвэрлэх, Химийн арваар ус боловсруулах системийг өөрчлөх, Зуухны тэжээлийн усны дөрвөн мВт-ын насосны хөдөлгүүрийг хувьсах хурдны хөтлүүрээр солих ажлууд хийгдэнэ. Ингэснээр нэгж цахилгаан, дулааны эрчим хуч үйлдвэрлэхэд зарцуулагдах нүүрсний хувийн зарцуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаралт багасч, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хуч буурч, түүхий нүүрсний хэрэглээ жилд 121 мянган тонноор хэмнэгдэж, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах юм. Түүнчлэн "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх" төслийн хувьд сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөгжүүлж, ингэснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангаж, гадаадаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах юм. Өмнө нь энэхүү төсөлд зориулж, долоон сая еврогийн зээл авсан юм. Энэхүү зээлийн хөрөнгөөр Азийн авто замын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сумын чиглэлийн 24.73 км хуучин авто замыг шинэчилнэ. Мөн Сонгино-хайрхан дүүргийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Бат-сүмбэр сум хүртэлх 29.3 км асфальт бетон хучилттай шинэ авто замыг барих ажил хийгдэх юм.
Нийтлэлч
Х.Өнөржаргал
Эх сурвалж
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Эх сурвалж
Монголын мэдээ

No comments:
Post a Comment