УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын
хорооны дарга Д.Одбаяраас Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал
ирсэн тухай болон бусад асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын
гишүүн Д. Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гурав дахь удаагаа ирээд
байна. Энэ удаа ямар хариулт өгөх вэ?
-УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн
эрхийг түдгэлзүүлэх тухай санал Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-д гурав
дахь удаагаа ирээд байна. Энэ санал өчигдөр долдугаар сарын 18-ны өдөр
Хууль зүйн байнгын хороонд шилжиж ирсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг
хуулийн дагуу өнөөдөр долдугаар сарын 19-ний өдөр Халдашгүй байдлын дэд хороо
руу шилжүүллээ.
-УИХ-ын
гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын байр суурь хэвээрээ байгаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д заасны дагуу тухайн хуульд
томъёолсон бичиглэлийг үндэслэж хариу өгнө. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг гэмт
хэрэг үйлдэх явцад нь, эсвэл хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан
нөхцөлд асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Гэсэн хэдий ч
Ерөнхий прокуророос ирүүлсэн гурав дахь бичгийг Халдашгүй байдлын дэд хороо руу
шилжүүлсэн.
-Энэ
асуудалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болзошгүй
гэсэн шум дэгдэж байна. Ер нь ээлжит бус чуулган зарлах болов уу?
-Ээлжит бус чуулганы талаар одоогоор
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар яригдаагүй байна. Тэгэхээр УИХ-ын
чуулган ээлжит бусаар хуралдах эсэхийг хэлэх боломж алга. Хуулийн дагуу бол
ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга тогтоол гаргаж, зарлан хуралдуулдаг.
-Авилгатай
тэмцэх газар удирдлагагүй удаж байна. Энэ байгууллагын даргын асуудлыг хэрхэн
шийдвэрлэх чиглэлээр танай хороонд санал ирсэн үү?
-Энэ нь Хууль зүйн байнгын хороонд
шууд хамаарах асуудал биш. Гэхдээ Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх газрын даргын
нэрийг УИХ-д өргөн барьсан нөхцөлд хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороогоор
хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хороо орж ирсэн саналыг хэлэлцэхэд бэлэн байна.
-Жолоочийн
даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэг ямар шатандаа байна вэ?
-Жолоочийн даатгалын тухай хуулийн
эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хаврын чуулганы төгсгөлөөр УИХ-ын чуулганы
завсарлага багагүй хугацаанд үргэлжилсэнтэй холбоотойгоор эцсийн хэлэлцүүлгийг
нэгдсэн хуралдаанд оруулж чадаагүй. Намрын чуулганы эхээр Жолоочийн даатгалын
тухай хууль батлагдах байх гэсэн төсөөлөлтэй байна.
-БНХАУ-тай
Ялтан шилжүүлэх гэрээг байгуулах чиглэлээр тохиролцоонд хүрээд байгаа. Гэрээ
хэзээ батлагдах бол?
-Хууль эрх зүйн салбарын хүрээнд эрх
зүйн туслалцаа харилцан үзүүлэх хамтын ажиллагаа байдаг. Энэ чиглэлээр манай
улс БНСУ-тай бүх түвшинд хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн болон
иргэний шугамаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, сэжигтэн болон гэмт этгээдийг
харилцан шилжүүлэх, ялтан солилцох чиглэлээр БНСУ-тай хамтарч ажилладаг гэсэн
үг. БНХАУ-тай нэлээд олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд ялтан шилжүүлэх
гэрээг Засгийн газрын түвшинд байгуулсан. Энэ гэрээг Засгийн газраас УИХ-д
хараахан ирүүлээгүй байна. ирүүлсэн нөхцөлд үүнийг соёрхон батлах боломжтой.
Эх сурвалж: Зууны мэдээ
2011
оны 7-р сарын 20, Лхагва гариг

No comments:
Post a Comment