Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Чуулган завсарласан ч байнгын хороо ажиллана


УИХ-ын ээлжит чуулган завсарлангуут Байнгын хороод хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнадаг. ХЗБХ-ны ажил байдлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөж, гишүүд амрахаар одсон. Хамгийн түрүүнд ХЗБХ ажлаа дүгнэжээ. Энэ чуулганаар ямар ажлууд амжуулав?
-Чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж 45 асуудал хэлэлцсэнээс долоо нь хууль, гурав нь УИХ-ын бусад шийдвэрийн төсөл байлаа. Гол чухал хуулиудаас дурдвал Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, 2007 оноос хойш яригдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль зэргийг манай Байнгын хороо хариуцан батлуулсан. Мөн Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого, Жолоочийн даатгалын тухай, Шүүхийн. шинэтгэлийн багц хуулийн төслүүд болон Цагдаагийн байгууллага, Цахим гарын үсэг, Өмгөөллийн тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Чуулган удаан хугацаагаар завсарласнаас шалтгаалж эдгээр хуулийн хэлэлцүүлэг хойшилсон. Хийх ажил их байгаа тул хэдийгээр чуулган завсарласан ч Байнгын хороо байнга ажиллана.
-Эрүүгийн хууль таг чиг боллоо. Энэ тухай тодруулахгүй юу?
-Эрүүгийн хуулийн том төсөл манай Байнгын хороонд ирсэн. Ерөнхийлөгчөөс болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн нийт долоон төслийг хэлэлцээд нэгтгэж нэг болгосон. Иймээс ажлын хэсэг байгуулахаар шийдвэр гарч, Авилгатай тэмцэх тухай НҮБ-ын конвенцтой Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг нийцүүлэх асуудлыг боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
-Чуулганаар нэлээд хэд хэдэн томилгоо хийсэн. Энэ талаар?
-Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Н.Жанцан, Д.Наранчимэг, Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Амарсанаа нарыг улираан томилсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс Д.Дүгэржавыг чөлөөлж Б.Хэрлэнг томилсон. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Уранцэцэгийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулсан.
-Хянан шалгах чиглэлээр хэрхэн ажиллав. Хууль зүйн салбарт хамгийн их хяналт  шалгалт хэрэгтэй байдаг?
-ШШГЕГ, түүний харьяа зарим байгууллагад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, Архидан согтуурахтай тэмцэх хууль болон Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт, үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан томилсон. Чуулганы хугацаанд Замын-Үүдийн Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын алба, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, чөлөөт бүс, Хилийн цэргийн анги, Замын-Үүд өртөө, Өмнөговийн Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаатай танилцаж холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан.
-БНХАУ-тай ялтан харилцан шилжүүлэх гэрээг Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлалаар байгуулсан. УИХ-аар үүнийг хэзээ батлах вэ?
-Олон улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал байдаг. Манай улс БНСУ-тай энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллаж байгаа, Иргэний болон эрх зүйн чиглэл сэжигтэн, ялтан солилцох асуудлаар БНСУ-тай цогцоор нь ажиллаж байгаа боловч, БНХАУ-тай ялтан харилцан шилжүүлэх тухай гэрээг саяхан байгууллаа. Одоогоор Засгийн газраас УИХ-д хараахан мэдүүлээгүй байна.
-Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УЕПГ-аас гурав дахь удаагаа УИХ-д ирүүллээ. Чуулган завсарласан энэ үеэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УЕПГ-аас УИХ-д удаа дараа ирүүлээд байна. Энэ бичиг Хууль зүйн байнгын хороонд дөнгөж шилжиж ирсэн.Тиймээс саналыг Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлнэ.
-Прокурорын саналд танай Байнгын хороо ямар хариу өгөх вэ?
-Өмнөх байр суурь хэвээрээ. УИХ-ын тухай хуулийн 6.9-д заасны дагуу тэр томьёололд үндэслэж хариу өгнө. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэх явцад, эсвэл хэргийн газар нотлох баримттай  баригдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Тиймээс гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн байр суурь хэвээрээ.
-АТГ-ын дарга, дэд дарга нар ял эдэлж, чухал байгууллага удирдлагагүй болсон. УИХ үүнийг хэзээ шийдвэрлэх боломжтой вэ?
-Ерөнхийлөгч  АТГ-ын даргын асуудлыг өргөн барьсан тохиолдолд Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана гэдгийг Д.Дэмбэрэл дарга чуулганы хаалтын өдөр сануулж байсан. Хэдийгээр болох бол?
-Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Шаардлагатай бол УИХ-ын даргын тогтоолоор зарлаж хуралдуулна байх.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Н.Анир
2011 оны 7-р сарын 20, Лхагва гариг

No comments:

Post a Comment