УИХ-ын гишүүн Д.Одбаяр
Цагдаагийн ерөнхий газрын дарга
асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг долоодугаар сарын 1-ний хэрэгтэй
холбогдуулж шүүх хурал энэ сарын 14-нд болсон. Энэ үеэр өрнөсөн үйл явцаас болж
шүүх, прокурорын байгууллагууд цагдаагийнхантай үл ойлголцох байдал үүсгэж,
олон нийтийг гайхшруулаад байгаа билээ. Үүссэн нөхцөл байдлын талаар УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярыг "Ярилцах танхим "-даа
урьж ярилцлаа.
-Цагдаагийн
хурандаа нарыг шүүх хурлын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн шүүхийн байрны гадаа
олноороо цугласан. Үүнийг "Цагдаагийнхан шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж
оролдлоо" гэсэн яриа гарсан. Та үүнтэй санал нийлж байна уу?
-"Цагдаа нар жагслаа,
эсэргүүцэл илэрхийллээ гэсэн мэдээлэл надад байгаа. Зарчмын талаас үүнийг
харвал нэг их оновчтой зүйл биш л дээ. Гэхдээ "Шүүн таслах үйл ажиллагаанд
ямар нэг нөлөөлөл орчих гээд байна. Шударга биш байдал ажиглагдаад байна.
Монголын цагдааг цагдаа гэдэг талаас нь ямар нэгэн аргаар яллаж л байвал
боллоо" гэсэн хандлага ажиглагдаад байгаа нь цагдаагийн бие бүрэлдэхүүнд
эмзэг туссан байх гэдэг талаас нь би харж байгаа.
-Гэтэл
цагдаагийн байгууллагаас "Тэнд очсон цагдаа вар хэв журмыг сахиулах үүргээ
биелүүлж байсан" гэж байгаа. Харин шүүгчдийн холбооноос цагдаа хэв журмыг
биелүүлэх чиг үүргээ биелүүлээгүй гэсэн мэдэгдэл хүртэл гаргасан. Үүнийг та юу
гэх вэ?
-Цагдаа нар нийгмийн хэв журмыг
хамгаалах үүрэг хүлээдэг л дээ. Тухайн үед болсон үйл явдал нийгмийн хэв журам
алдагдах хэмжээнд хүрсэн үү, үгүй юү гэдгийг тухайн үед байсан цагдаа нар ямар
түвшинд үнэлж тооцсон бэ гэдэг асуудлыг л нягталж үзэх хэрэгтэй болов уу.
-Аливаа
шүүх хурлын үеэр цагдаа нар тийм олноороо цуглаж байсан тохиолдол байхгүй.
Гэтэл цагдаагийн дарга асан хүмүүсийг шүүх хурал болоход цагдаа нар шүүхийг
"бүсэлсэн". Үүнээс харахад цагдаа бүхнээс хүчтэй гэсэн ойлголт төрж
байсан. Бүр шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүртэл шүү. Зарим хүн
"Цагдаа нар төрийн эргэлт хийхэд бэлэн болчихож" гэж байна билээ.
Харин та юу гэж бодож байна?
-Долоодугаар сарын 1-нтэй холбоотой
хэргийг анхнаасаа цогцоор нь авч үзэх хэрэгтэй байсан. Цагдаад л бурууг тохох
гээд, цагдаатай холбоотой болгож орхихвий. гэж айж байна. Одоо болж байгаа
процессыг харахад ямар ч хамаагүй аргаар хэдэн хүнийг яллачих гээд байгаа юм
биш байгаа гэсэн сэтгэгдэл нийгэмд үүсчихээд байгаа. Тэр ч утгаараа шүүхийн
хараат бус бие даасан үйл ажиллагаанд гадны нөлөөлөл байгаа юм болов уу гэсэн
хардлага төрж байгаа юм л даа. Цагдаа төрийн эргэлт хийнэ гэдэг бол худлаа байх
аа. Асуудлыг энэ хэмжээнд хүртэл хурцатгах хэрэггүй болов уу.
-Гэтэл
прокурорын байгууллагаас "Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа хүн
буудсан гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолсон" гэсэн утга бүхий мэдэгдэл
гаргасан шүү дээ. Ер нь шүүх шийдвэрээ эцэслэн гаргаагүй байхад ийм мэдэгдэл
хийж болох уу?
-Асуудлыг шүүх хуралдааны явцад л
өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр шийдэх ёстой л доо. Түүнээс биш нэг талаас
нь хэргийг хөдлөшгүй баримтаар нотолсон гэж хэлэх, нөгөө талаас нь үүнийг
үгүйсгэх нь шүүхийн үйл ажиллагаанд байдаг мэтгэлцээний зарчмын асуудал юм.
Гэхдээ энэ сарын 14-нд болсон шүүх хурал ийм, хэмжээнд өрнөж чадаагүй.
Шүүгдэгчдийн зүгээс татгалзах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн таслан
сэргийлэх арга хэмжээг нь цагдан хорих болгоод л асуудлыг дийлчихсэн шүү
дээ. Өөрөөр хэлбэл асуудлыг хөдлөшгүй баримтаар 100 хувь нотлох хэмжээнд хүртэл
шүүх хурал үргэлжлээгүй.
-Шүүгдэгч
талынхан шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байхад шүүгч нар хүсэлтийг нь хүлээж
авчихаад ямар нэгэн шийдвэр гаргах эрхтэй байдаг юм уу?
-Шүүх хуралд оролцож бай-гаа
талуудын аль нэг нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шүүх бүрэлдэхүүн
дараагийн шатны шийдвэр гаргах боломжгүй юм л даа. Миний ойлгосноор шүүгч нар
нэг шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар хэргийг тусгаарлах гэхэд нь
шүүгдэгч тал шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм билээ. Үүнийг нь улсын яллагч
прокурор хүртэл дэмжсэн гэсэн. Гэтэл шүүгдэгч талын татгалзсан шүүх бүрэлдэхүүн
нь авч байсан арга хэмжээгээ шат ахиулах шийдвэр гаргадаг нь одоогийн хуулиар
буруу. Харин таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээгээд шүүх хуралдааныг
хойшлуулсан бол хуульд нийцсэн үйл ажиллагаа болох байлаа.
-Дээрх
үйл явдлыг ажиглаж байхад өнгөн дээрээ цагдаагийнхан болон шүүх, прокурорын
байгууллагууд маргалдаад байгаа мэт харагдаж байгаа юм л даа. Харин цаагуураа
Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын
тэмцэл яваад байна гэж харах хүн олон байна. Энэ хардлага цагдаагийн хурандаа
нарт холбогдох хэргийг дахин сэргээн шалгаж эхэлснээс л бий болсон. Та үүнд
ямар хариулт өгөх вэ?
-Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөлд
хамрагдсан хэргийг шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд дахин сэргээн шалгаж
болдог л доо. Гэхдээ энэ хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж цэргийн гэмт хэргийн
зүйлчлэлд шилжүүлснийг буруу гэж үзэж байгаа. Цагдаа бол цэргийн байгууллага
биш. Цагдаагийн бие бүрэлдэхүүн, удирдлага цэргийн гэмт хэргийн субьект биш.
Тиймээс хэргийн зүйлчлэлийг өөрчилдөг нь хуульд нийцсэн зүйл биш л гэж үзэж
байгаа. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхий прокурор
Д.Дорлигжав нар тэмцэлдээд байна гэдэг бол тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн бодож
ярьж байгаа зүйл л байх. Зарчмын хувьд бол цагдаагийн байгууллагын мөрдөн
шалгаж байгаа үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналтаа тавьж хуулийн
хүрээнд хамтарч ажилладаг байгууллага шүү дээ. Түүнээс биш удирдлагуудынхаа
заавраар хуулийн хоёр байгууллага хоорондоо тэмцэлдээд байгаа асуудал байхгүй
болов уу гэж бодож байна.
-Авилгатай
тэмцэх газрынхан сүүлийн үед эрчимтэй ажиллаж эхэллээ. Ингэх тоолонд нь Ардын
намын гишүүнчлэл бүхий засаг дарга нар илүүтэй “чихдүүлж” байна. Харин
Ардчилсан намын гишүүнчлэл бүхий засаг дарга нар ямар ч асуудалд
орооцолддоггүй. Үүнийг мөн л хоёр намын хоорондын тэмцэл маягаар ойлгох хүн
олон байна. Эсвэл Авилгатай тэмцэх газрынхан ажлаа тэгтлээ сайн хийгээд байгаа
юм уу. Та юу гэж бодож байна вэ?
-Аливаа ажлыг хийхэд алдаа .
дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг иргэдийн гомдол мэдээлэл дээр
үндэслээд хуулийн дагуу шалгаж үзэх нь Авилгатай тэмцэх газрын үүрэг юм л даа.
Харин сонгуулийн цаг үетэй холбогдуулаад асуудалд туйлширч хандах уур амьсгал
оруулж байгаа бол энэ үнэхээр харамсалтай юм болж байна. Харин хуулийн дагуу
асуудлуудыг түргэн шалгаад эцэслээд гэм буруутай эсэхийг нь тогтоогоод явбал
энэ бол энгийн л нэг үйл ажиллагаа юм. Иргэдээс Авилгатай тэмцэх газрынхны
асуудлыг сунжруулж байна гэх маягийн гомдол гарч байгаа бол энэ асуудалд
анхаарлаа хандуулах цаг болсныг л сануулж байна гэж ойлгож байна.
-Авилгатай
тэмцэх газар удирдлагагүйгээр нэлээд олон сар ажилласаны эцэст Ерөнхийлөгчийн
санал болгосноор одоогийн удирдлагуудыг УИХ-аас томилсон. Тухайн үед энэхүү
томилгооноос болж олон шүүмжлэл ар араасаа гарч байсан. Харин та энэхүү
томилгооны асуудлыг юу гэж дүгнэдэг вэ?
-Авилгатай тэмцэх газрын
удирдлагуудыг хуульд заасан шалгуурыг бүрэн хангасан учир УИХ-аас
томилсон. Тухайлбал,хуульч мэргэжилтэй хүн байх ёстой. Сүүлийн таван жил улс
төрийн аливаа үйл ажиллагааг эрхлээгүй байх ёстой гэдгээс гадна насны хязгаарын
шаардлагыг ч хангасан гэдэг гэдэг үүднээс тохирох хүмүүсийг томилсон л гэж
үздэг юм.
-Гэтэл
тэр хүмүүс ажлаа хүлээж авсныхаа дараагаас л орон тооны цомхотгол хийж, Ардын
намынхныг намнах үйл ажиллагааг хийж эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
Тэр үеэс л "Ерөнхийлөгч болон Ардын намынхны хооронд тохироо явагдсан
байхыг үгүйсгэхгүй" гэсэн таамаглал газар авч байсан. Таны
хэлснээр томилгоог хуулийн хүрээнд хийсэн байх л даа. Гэхдээ танд ямар нэгэн
хар төрөхгүй байна гэж үү?
-Ерөнхийлөгч дээрх хүмүүсийг 11
Авилгатай тэмцэх газрын даргаар э, томилох саналыг хуулийн дагуу УИХ-д тавьсан.
Санал болгосон ,, хүмүүсийг нь хуулийн дагуу УИХ-э аас томилсон.
Харин Ардчилсан . нам болон Ардын намын удирдлагын түвшинд ямар нэгэн
тохироо, хэлэлцээр хийсэн гэдэг нь УИХ дээр хэлэлцэгдэх боломжгүй зүйл л дээ.
-Орон
нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл хоёр намын байр сууринаас болоод гацаанд орчихоод байгаа. Танай намын
зүгээс "Хоёр сонгуулийг тусад нь хийгээд УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн санал асуулгыг явуулъя"
гэсэн санал гаргасан ч Ардчилсан намынхан хүлээж аваагүй. Танай нам
"зөрүүдлээд" байвал одоо үйлчилж буй орон нутгийн хурлын сонгуулийн
дагуу хоёр сонгууль зэрэг болж таарах юм биш үү. Зөвшилцөх ажлын хэсэгт орсон
хүний хувьд та юу гэж хэлэх вэ?
-Хоёр сонгуулийг зэрэг явуулах тал
дээр зарчмын том асуудал тулгарч байгаа юм. Хууль тогтоох дээд байгууллагын
сонгуулийг нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультай зэрэг явуулах нь
оновчгүй. Орон нутгийн бие даасан байдалд халдаж байгаагаас өөрцгүй.
Харин Ардчилсан намынхан зарчмын асуудлыг гол болгохгүйгээр хоёр
сонгуулийг зэрэг явуулаад бүх сонгуульд ялалт байгуулна гэсэн мөрөөдөлтэй байх
шиг байгаа юм. Энэ бол нэг нам мөрөөдөөд шийдчихдэг асуудал биш л дээ. Мөн
нутгийн өөрөө удирдлагын байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа Үндсэн
хуульд зааснаар дөрвөн жил байдаг. Гэтэл хугацаанаас нь өмнө сонгууль хийх гээд
байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүссэн байгаа. Тэгэхээр
бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг л хүлээж таарах байх.
-Бүх
ард түмний дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар санал асуулга
явуулъя гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Биднийг орон нутгаар явж байхад
"Улс төрийн намуудын улс төрийн үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ" гэж
иргэд ярьж байна. Тиймээс нутгийн өөрөө удирдах байгууллагыг нутгийн иргэд
өөрсдөө байгуулдаг зарчмыг л Үндсэн хуульд нэмж тусгаж өгөх гэсэн юм. Өөрөөр
хэлбэл, сум, дүүргийн ИТХ-д нам бус иргэд нэр дэвшүүлнэ гэсэн үг. Засаг дарга
нарыг сумын иргэдээсээ сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд
томилдог болъё гэж байгаа юм л даа. Засаг дарга бол тухайн шатандаа Засгийн
газрын төлөөлөгч мөн гэж хуульд заасан байдаг юм. Ийм өөрчлөлтүүдийг Үндсэн
хуульд оруулахаар ярьж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намын олон гишүүн
бидэнтэй хамтарч санаачилж, дэмжиж байгаа. Тэгэхээр Ардчилсан намын тодорхой
гишүүн хоёр сонгуулийг тусад нь хийх сонирхолтой байгаа гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт
хүсье.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
2012 оны 3-р сарын 19, Даваа гариг

No comments:
Post a Comment