Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Зөвхөн хурандаа нарт л бурууг тохчихвол нийгэм сайхан болчих гээд байна уу


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Долдугаар сарын 1-ний шүүх хурал Монголд цагдаагийн вант улс бий болсныг харуулаад авлаа. Энэ арай хэтэрч байгаа юм биш үү?
-Цагдаагийн вант улс гэдэг юм бий болсон юм байхгүй Цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх шаардлагатай зүйл бий юу гэвэл бий. Шүүх хурлын хувьд шүүх өөрөө гоомой хандсан юм болов уу гэж бодож байгаа.
-Яагаад?
-Болсон явдал ойлгомжтой байна илүү дээ. Долдугаар сарын 1-ний асуудлыг үнэн мөнөөр нь шударга шийдэх эрмэлзэл шүүхэд байна уу гэ-дэгт эргэлзэж байна. Үнэндээ долдугаар сарын 1-ний хэргийг хэлэлцэх шатандаа шүүх орж чадаагүй л дээ. Шүүгдэгч болон хохирогч тал шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас зогсонги байдалд орчихсон.
-Цагдаа нар ажил хаяна гэх мэтийн сүрдүүлэг хийж байна. Тэгэхээр Монголын цагдаа хэнд ч захирагдахаа байжээ. Энэ нь Монголд төрт ёс байхгүй болчихсоныг харуулаад байна уу?
-Цагдаагийн  байгууллагын тухайд цаг нь болохоор төр арга хэмжээгээ авч чадна. Гэхдээ цагдааг яллаж л байвал зүгээр байна гэсэн уур амьсгалыг нийгэмд түгээж, цагдаагийн генерал, хурандаа нар долдугаар сарын 1-нд гарцаагүй буруутай гэсэн урьдчилсан таамаглалдаа итгэчихээд дайрдаг байна шүү дээ. Энэ нь нийт хуулийн байгууллагуудын нэр хүндэд их хохиролтой шүү дээ.
-Шүүгдээд байгаа хурандаа нар тухайн үед хэн нэгний тушаалаар үүрэг авсан байж таараа. Үнэхээр ялаас айгаад байгаа юм бол тушаал өгсөн хүнээ зарлачихаж яагаад болохгүй байгаа юм?
-Үүнийг улс төртэй хутгамааргүй байна. Асуудлын үнэн мөнийг олохын тулд хуулийнхаа дагуу ажиллаасай гэж бодож байтаа. Өнөөдрийн байгаа байдлыг харахад асуудлын үнэн мөнийг олох эсэх нь их хол харагдаж байна. Өөрөөр хэлбэл, үймээн самууныг хэн зохион байгуулж, турхирав, тэгээд яагаад зугтав гэдгийг бас шүүх ёстой. Долдугаар сарын 1-ний үймээнээр чухам юу болсныг зохион байгуулалт нь илүү мэдэж байж болно шүү дээ. Миний  авсан мэдээллээр үймээний үеэр буудсан сумны хонгионууд нь цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаа бүх бууны цохилуурт таарахгүй байгаа юм билээ. Зарим нь таарч байгаа гэж ярьдаг л юм. Үүнийгээ шүүх өөрөө хэлэлцэж, холбогдох бүх галын хүмүүсээ оролцуулж, мэтгэлцээнээ явуулж байж асуудлыг шийдэх ёстой. Тэгэхгүй байж муур хулганын үлгэр шиг жүжиг тоглоод дэмий шүү дээ. Холбогдолтой бүх хүнээ дууд л даа.
-Цагдаа нар хүн буудчихаад цохилуурыг нь албаар өөрчилсөн тухай хар дэвтэрт бичсэн байдаг л даа?
-Мэдэхгүй ээ. Х.Тэмүүжин гишүүн хар дэвтэр, хонгио гэж ярьдаг л юм. Түүнийгээ яаж нотлох баримтын түвшинд үнэлүүлэх гээд байгааг нь өөрөөс нь асуу. Эрүүгийн эрх зүйд бол нотлох баримтыг үнэлэх гэсэн ойлголт бий. Тэгэхээр тэр хар дэвтэр үнэхээр нотлох баримт мөн юм уу, үгүй юу гэдгийг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хэдхэн хүнийг хорьё гэж байгаа бол тэдний буруутайг 100 хувь хөдөлшгүй баримтаар нотлох хэрэгтэй. Үгүй бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Хүнийг хэлмэгдүүлж, хилсдүүлж болохгүй биз дээ.
-Долдугаар сарын 1-ний үймээнээс болж цагдаа нар гэм зэмгүй хүмүүсийг хэдэн зуугаар нь баривчилж,  хэлмэгдүүлээгүй гэж үү?
-Тухайн үеийн нөхцөл байдалд түүнээс өөр аргагүй байсан байх. Хуулийн дагуу л тараах арга хэмжээ авсан гэж л ойлгодог.
-Та түрүүнээс хойш холбоотой бүх хүнийг дууд гээд байна. Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүсийг хэлээд байгаа хэрэг үү?
-Тийм шүү дээ. Зөвхөн  хурандаа нарт буруу тохчихвол нийгэм сайхан болчихгүй. Үнэндээ жагсаалыг яаж зохион байгуулсныг бид мэдэхгүй байгаа. Магадгүй "Чи чулуутай ирээрэй. Чи буу авч ирээрэй" гэсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нь сонссон хүн байвал яах юм. Хар машин давхиж орж ирээд буудсан гэдэг. Тэр хар машин хаана байгаа юм. Яагаад одоо болтол олохгүй байгаа юм. Тэр машиныг чинь нэг ховдог нөхөр жижиглээд идчихгүй биз дээ.
-Цагдаа нар хэргээ нууцлахын тулд зориуд тэр хар машины тухай яриаг гаргасан юм биш үү?
-Эмнэлгийн сувилагч хэлдэг гэсэн шүү дээ. Тэр сувилагч хаана байна аа. Энэ мэтийн гол зүйлээ шийдээгүй байж хэдэн хурандааг яллах гээд байгаа нь шударга юм уу.
-Онц байдал зарлачихсан үед цагдаагийн битүү харуул хамгаалалт дундуур жирийн хүн нэвтэрч, хүн буудах боломж бий юу. Ийм утгагүй хүн үнэмшмээргүй зүйл байхгүй байх?
-Шүүх үнэн мөнийг нь тогтоох учиртай. Түүнээс биш нэг сэтгүүлч надаас асуугаад би хариулаад үнэнийг олчихдог юм байхгүй. Нэг генерал, гурван хурандаа "шоронд орчихвол та нар их баярлах гээд байгаа байхгүй юу. МАН-ын хэдэн даргыг  гэрчээр дуудвал бас их баярлах гээд байна.
-Тэгээд тэр хүмүүс хүн буудаад алчихсан нь юу ч биш болж таарч байна уу?
-Таван хүн амиа алдсаныг юу ч биш гэж хэлээгүй. Гагцхүү байдлыг ийм болгоход хүргэсэн, өдөөн хатгасан хүмүүсийг яагаад ярихгүй байгаа юм.
-Тэгвэл Монголын ард түмэн яагаад жагсахад хүрсэн юм. Сонгуулийг Ардын нам луйвардсан учраас бухимдсандаа жагссан. Тэгэхээр үймээн самуун эхлүүлсэн эзэд нь та нар өөрсдөө юм биш үү?
-Сонгууль луйвардсаныг хэн нотолсон юм. Дорнодын гурав гэхэд л саналаа дахин дахин тоолуулж байж, саналын хувь нь анхныхаа гарсан дүнтэй таарч байж тангаргаа өргөсөн. Ер нь дэлхийн аль ч улсад сонгуульд ялагдсан хүн луйвардууллаа гэж ярьдаг юм. Сэтгүүлч та нарыг шилдгээр шалгаруулах гээд нууцаар санал хураавал ялагдсан нь бас ийм гомдол ярина биз дээ. Нууц санал хураалт араасаа заавал ийм гомдол дагуулаад байдаг нь түгээмэл.
-Сонгогчдын боловсрол төвийн Р.Бурмаа нэлээд хэдэн газарт луйвар болсныг шүүхээр. тогтоолгосон байх аа?
-Мэдэхгүй. Тэрийг би яаж мэдэх юм. Үнэхээр луйвар болсон юм бол хуулийн дагуу шийддэг болохоос нэг нэгийнхээ амийг хөнөөж байж шийддэг юм уу. Сонгууль будлиантай болсон бол шүүхэд хандах ёстой. Тэгэхгүй алаад өгье, галдаад өгье гэх нь зөв юм уу.
-Ирэх сонгууль дахиад луйврынх болно гэдгийг үгүйсгэхгүй байна. Тэгвэл долдугаар сарын 1-нээс аймшигтай зүйл болох вий гэхээс айж байна л даа...
-Айхгүй, болгоомжлохгүй хэн байгаа юм. Гэхдээ та нар өөрсдөө үүнийг хүсээд байгаа юм шиг асуугаад байх юм. Ийм зүйл болгохгүй гэвэл шүүх хуралд долдугаар сарын 1-нд холбоотой бүх хүнийг оруулах хэрэгтэй. Гэрчүүдийн тоо цөөн байна. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуул. Нууцын зэрэглэлтэй материалуудаа ил болгох хэрэгтэй. Ер нь цагдаа хүм буудсан гэдэг нь одоо байгаа мэдээллээр үнэмшилтэй санагдахгүй байна. Олон мэдээлэл нууц байгаа байхгүй юу. Цагдаа хуулийн дагуу ажиллах ёстой. Ажилласан ч гэж бодож байгаа.
-Ямар мэдээлэл вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар асуудлууд яригдсан юм гэдэг нь одоо болтол нууц хэвээрээ байна. Хуульд өөрчлөлт оруулаад үүнийг нээлттэй болох асуудлыг УИХ ярих ёстой байх. Энэ талаар иргэдээс УИХ-д хүсэлт ирсэн байгаа. Ийм асуудал байхад юу юуны духанд хүрэхгүй нүдэнд хүйтэн харагдаад байгаа цагдаагийн хэдэн удирдлагыг яллая гэх нь дэндүү хөнгөн гоомой явдал болох төдийгүй, улс төрийн нөлөөлөлд автсан хэрэг болж хувирна. Хэдхэн хүнийг хориод нөгөө хэсэг нь алга ташна гэвэл дэндүү туйлширсан хэрэг болно. Долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэл нийт ард түмэн баярлана. Тэгэхгүй бол нийт хуулийн байгууллагын нэр хүндэд халтай шүү дээ.
-Тэгвэл гэрчээр дуудагдсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар яагаад шүүх хуралд ирэхгүй байгаа юм?
-Гэрч бол ирцээ бүртгүүлээд шүүхээс дуудсан үед очих л ёстой байдаг. Тэгэхээр гэрчүүд гэж сонин хэвлэлээр зарлагдсан хүмүүс шүүх хурлаас дуудвал очиход   бэлэн байсан гэж би ойлгосон. Гэхдээ гэрчээр дуудах хүмүүс зөвхөн энэ хэд мөн үү гэдэг нь өөр асуудал. Жагсаалд оролцож байсан бүх хүнийг гэрчээр татаж болно. Энэ нь олон түмнийг хамарсан том хэрэг шүү дээ. Үймсэн олон бол жолоодлогогүй болдог. Жагсаал цуглааныг зохион байгуулсан этгээдүүд тэр үеэр гарсан хохирлыг хариуцна гэсэн хуулийн заалт ч байгаа шүү дээ. Асуудлыг томоор нь харахгүй зөвхөн нэг хэсгийг нь сугалж авч яллах гээд байгаа нь дэндүү өрөөсгөл байна.
-Гэрчүүдийг шүүхэд дуудахаас өмнө тэднийг ирүүлэхгүй гэсэндээ цагдаагийн хурандаа нар арга саам  хайж,шүүх хурлыг мухардалд оруулсан юм биш үү. Ер нь цагдаа нар МАН-ын дарга нарыг хамгаалаад байгаа юм байна гэж ойлголоо?
-Үгүй байлгүй дээ. Би тэгж харахгүй байна. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах нь шүүх хуралд оролцогч талуудын эрх. Өмгөөлөгч нь ирсэнгүй гээд хариуцлага тооцсон нь шүүгчийн эрх. Харин шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүүгдэгчдэд цагдан хорих шийдвэрийг гаргах эрх шүүгчдэд байхгүй шүү. Зүй нь хурлын процессыг шууд зогсоож асуудлыг дээд шатны шүүгч нь шийдэх учиртай, Шүүгчид  ажлаа  сайн хийж, хуралдаа бэлтгээгүй нь эндээс харагдсан. Түүнээс биш гэрчүүдийг ирүүлэхгүйн тулд зориуд ийм зүйл зохион байгуулсан гэдэг этгээд юм ярихаа болих хэрэгтэй. Тийм зүйл байхгүй. Тэгээд ч гэрчүүдийг дуудах хэмжээнд хүртэл шүүх хурал үргэлжилж чадаагүй шүү дээ.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
2012 оны 3-р сарын 19, Даваа гариг

No comments:

Post a Comment