Thursday, 3 May 2012

Д.Одбаяр:Засгийн газар хуралдах боломжгүй болсныг Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа


  УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-АН-ын сайд нарыг чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцлээ. Анх АН-ынхан хамтарсан Засгийн газарт орохдоо ийм байр суурьтай байгаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газраас гарсан юм чинь гэдэг байдлаар асуудалд хандах дүр зураг харагдаж байна. Энэ тал дээр таны бодлыг сонирхмоор байна. Хамгийн наад захын жишээ гэхэд АН ч гэсэн ядуурал өссөн тал дээр хамтдаа хариуцлага хүлээх ёстой биз дээ?
-Хамтдаа хариуцлага хүлээх ёстой гэдгийг гишүүд хэлээд байгаа нь зөвхөн АН-д ч хэлээд байгаа юм биш. Ер нь нийгэм энэ асуудалд яаж хандах вэ гэдгийг л хэлээд, сануулаад байгаа хэрэг. Өнөөдөр Засгийн газраас АН гарсныг зөв, буруу гэж үзэж байгаа хүмүүс аль аль нь бий. Гэхдээ стандарт бус гэнэ үү, үгүй юу тэр хамаагүй харин Монголын түүхийн гурван жил гаруй хугацаанд яахын аргагүй энэ хоёр нам ямар ч байсан хамтраад ажилласан нь үнэн. Тийм учраас хамтарч ажилласны алдаа нь ч, амжилт нь ч хамтарсан Засгийн газарт орж ажилласан бүгдэд хамааралтай.
-2012 он хүртэл хамтраад ажиллана, үр дүнгээ үзнэ гэж АН-ын сайд нарын хэлж байсан нь худлаа болж хувирлаа. Хэтэрхий улстөржилтөөр хандсан хандлага эргээд «Маргааш нар манддагаараа мандана гэдэг үгийг нэг л сайн ойлгохгүй байгаа бололтой. Тэгэхээр цаашдаа хоёр нам хамтарч Засгийн газар байгуулаад дэмий юм биш үү?
-Нийгэмд сөргөлдөөд, олонхынхоо хийх гэж байгааг үймүүлээд ажил нь явж өгөхгүй, түүнээсээ болоод улс орны өмнө тавигдсан том зорилтууд хэрэгжихгүй байвал сайхан гэж хардаг тодорхой хэсэг нийгэмд байдаг гэж бодъё. Гэхдээ Монголын улстөр чамлахааргүй хагаралдаж, олонх цөөнх гэж явлаа. Ингэснээрээ улс орны хөгжлийн том асуудлуудыг шийддэг байсан уу. Санасныг бодоход бага л даа.
Чамлалттай. Үүний ар талд нь бие биенээ хэт үгүйсгэсэн улс төр их явсан   байдаг юм.
Ардчиллыг эдэн шиг юмнууд тогтоодоггүй юм зайлах хэрэгтэй ч гэдэг юм уу, Ардын нам Монголын түүхэнд хамгийн их гай тарьсан түүхтэй нам учраас газрын хөрснөөс арчих нь хамгийн чухал ч гэдэг юм уу. Тиймэрхүү бие биеэ хэт үгүйсгэсэн үзэгдлүүд олон л болж байсан. Одоо бол Монголын нийгмийн амьдралаас, бүр жижигхэн ч асуудлаас энэ хоёр намын алийг нь ч хэн ч салгаж чадахгүй ийм байдал нэгэнт бий болсоон. Аль аль нь цаашдаа энэ улсдаа өөрийн эзлэх, жин байр сууриа эзлээд явна. Түүх ч үргэлжилнэ. Тэгэхээр харин ч хамтарч ажиллах асуудал дахин хөндөгдөхийг үгүйсгэхгүй.
-АН-ын зарим гишүүд хамтарсан Засгийн газарт орсон сайд нараа таван хүний амиар сольсон таван сайдын суудал гэж хатуухан ч хэлдэг шүү дээ?
-Яах вэ.олны анхаарлыг татахын тулд гоё ганган бас эмзэг, хүнд үг, хэллэг хааяа хэрэглэж болно л доо. Таван хүний амь нас үрэгдсэн нь харамсалтай зүйл болсон. Тэр үнэн. Нийтийг хамарсан эмх замбараагүй үйл явдал бий болж, Монголын улстөрийн амьдрал тогтворгүй байдалд орсон. Энэ ч бас үнэн. Харин үүнийг дэвэргэж цааш нь бүр улс орны хэмжээний замбараагүй байдалд хүргэчихсэн бол яах байсан юм бэ. Тэрийг хүсээд, алгаа ташаад ингэвэл ёстой гоё гээд хүсэж, бодож байгаа хүн Монголд байхгүй гэдэгт би итгэж явдаг. Магадгүй, ер нь шууд хэлэхэд улстөрийн хүчний дундах түр зуурын аливаа үл ойлголцлыг дэвэргэж өдөөн хатгадаг, дунд нь яс хаяхыг зорьдог байдал гадны. орнуудаас байнга явдаг л байхгүй юу даа. " Тэгэхээр энэ бол Монголын улстөрд сүүлийн 20 жилд нилээн тохиолдсон зүйл. Долоодугаар сарын нэгэн дээр сургамж авч нийгмээрээ хамтарч ажиллах, улс орныхоо эрх ашиг, эв түнжингээ бодох ёстой биз дээ.
Яг үнэндээ хамтарсан Засгийн газарт орсон АН-ын сайд нар улс орныхоо эрх ашгийг бодох нь зүйтэй юм байна гэж бодож орсон л хэрэг шүү дээ.
Монголын ардчиллын хувь заяаны төлөө нэг нь санал тавьж, мөн Монголын ардчиллын хувь заяаны төлөө нөгөө нь хүлээн авч улс орондоо тогтвортой байдал бий болгосон л хэрэг шүү дээ. Тийм ч уур амьсгал АН дотор бүхэлд нь байсан л гэж ойлгодог шүү дээ. Тиймээс Засгийн газраас гарч буй энэ хэдэн сайдыг нэр, зүсээр нь адлаад хэрэггүй. Энэ хэд ажиллаагүй юм аа гэж бодоход АН-аас өөр бусад нь ирээд ажиллах л байсан юм. Улс орны эрх ашиг гэж нэг юм ард нь байсан учраас тэр.
-Улс орныхоо эрх ашгийг бодсон гэж таны өмгөөлөөд байгаа сайд нар улстөрийн өнцгөөс асуудалд хандлаа. Хамгийн наад зах нь АН-ын экс дарга Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ сайд нарын томилгоон дээр улстөрийн өнцгөөс харлаа. Ерөнхий сайдтай зөвшилцөх асуудалд улстөрийн өнцгөөс хандсаныг юу гэж бодож байна вэ?
-Үнэхээр ямар байр суурь баримталсан бэ гэдэг нь одоо л шалгагдана даа. Хуулийн дагуу л яриад байх шиг байсан гэж бодъё.
-Хэрхэн яаж шалгагдана гэж?
-Нэр бүхий зургаан сайд чөлөөлөгдсөнөөр Засгийн газрын хуралдааны ирц бүрэлдэхээ больчихож байгаа юм. Ер нь үнэн хэрэгтээ Засгийн газар хуралдах боломжгүй болж байна л даа. Кабинетын зарчим зогсонги байдалд орж байна гэсэн үг.
-Тэгэхээр Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсныг Ерөнхийлөгч мэдээгүй хэрэг үү?
-Мэдээж хэрэг Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихоор Ерөнхий сайд салбарын сайдтайгаа ганцаарчлан ажиллах түвшинд л ойрын өдрүүдийг өнгөрөөх байх. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд маш сайн мэдэж байгаа. Тийм учраас зургаан сайдгүйгээр Засгийн газар.хуралдах ирцгүй болчихлоо. Энэ нь цаашдаа хуралдуулахгүй байх уу, аль эсвэл байдлыг даамжруулж, улам хүнд байдал руу явуулах уу гэдэг нь Ерөнхийлөгчийн улстөрийн хүсэл зоригийн хэрэг. Өөрөөр хэлбэл зургаан сайд чөлөөлөгдсөнөөр нь улс орны цаашдын амьдрал, төр засгийн үйл ажиллагааг зогсоох уу, үргэлжлүүлэх үү гэдэг Ерөнхийлөгчөөс шалтгаалах боллоо. Энэ нь л шалгалт юм. Ард түмэн зүгээр хараад суухгүй л дээ.
-Үүнээс гадна Ерөнхийлөгч дээрх уулзалт дээр Үндсэн хууль ямар хамаатай юм бэ гэсэн утгатай үг хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Ерөнхийлөгч гэж байж болох уу?
-Би тэр үгийг сонсоогүй л дээ. Хэвлэлээр тэгж гарсан байна лээ. Бүх асуудал Үндсэн хуульд захирагдах ёстой.
-Ингэж хэлж болохгүй биз дээ?
-Чихээрээ сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хэлсэн бол харамсалтай л байна.
-Удахгүй МАН-ын Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ томилгооны асуудал яригдана. Ер нь МАН Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг бодлогоор дэвшүүлэн зайлуулчихав уу?
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар нэр дэвшиж байгааг нийгэм хоёр янзаар хүлээн авч байна. МАН Засгийн газрыг нөхөж байгуулахдаа байгуулсан шиг байгуулж, ажиллуулсан шиг ажиллуулъя. Намын бодлого, Засгийн газрын зорилтыг биелүүлэх ажлаа илүү эрчтэй, үр дүнтэй явуулахын тулд Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдаар орж ирж байна гэж харж байгаа ч хэсэг бий. Ойлгомжтой нь, энэ бол АН-ын даргын хашиж байсан ийм албан тушаал. Тийм учраас МАН бол сонгуулийн мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны зорилтод тулгуурласан хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн тулд хүчээ нэгтгэж байна гэдэг талаас нь харж болно. Нөгөө хэсэг нь дэвшүүлэн зайлуулах маягаар явж байна гэж харцгааж байгаа. Яг нарийндаа энгийн талаас нь харахад дэвшиж байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэдгийг хэлэхэд бэрх. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг чинь улс төрийн,талаасаа Тэргүүн шадар сайдын хажууд хамаагүй том албан тушаал. Тэгэхээр улс орныхоо эрх ашгийг бодсон гэдэг талаас нь илүү ач холбогдол өгч харах хэрэгтэй.
-Хувь хүнийхээ хувьд Тэргүүн шадар сайдын ажлыг хийж чадах хүн У.Хүрэлсүх мөн үү?
-Урьд нь хэн нэгэн аавын хүү хийж л байсан ажил. У.Хүрэлсүхийн хувьд манай намын том кадр. Төрийн ажлын ч туршлагатай. Хийж чадна гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг цаг хугацаа л харуулна. Чадахгүй бол чадсангүй гэдгийг нь хэлнэ. Чадвал ард түмэн дэмжинэ.
-Танай нам дотроо хагаралдаантай учраас намын ерөнхий нарийн бичгийн даргыгаа Засгийн газар руу оруулж байгаа юм биш үү?
-Намын доторх хагаралдаан гэдэг талаасаа илүү аливаа намд эв нэгдэл хэрэгтэй гэдэг талаас нь та бүхэн харж сурах хэрэгтэй. Аль ч намд хагаралдаан байдаг. Сайхан хагаралдчихлаа. Бүр цаашаа цуурч, үйрмэг, будаа болоосой гэдэг талаас нь ханддаг хүмүүс бий л дээ. Хагаралдаан байна гэдэг онош тавихаасаа илүү энэ нам эв нэгдэлтэй байхыг эрмэлзэж байна гэдгийг олоод харчихвал зүгээр юм. Тэгээд ч хагаралдаан гэдэг зүйл нь тухай тухайн үеийн ойлголцлын л зөрүү. Бүх юм сайхан нэг хэвэнд цутгачих-сан байдлаар явахгүй л дээ. Ер нь бол ойлголтын зөрүү байдаг, түүнийг олонх цөөнхөөр шийддэг ийм зүйл хаана ч гарна. Хагаралдаантай байна гэдэг онош тавихаас илүү. манай намыг эв нэгдлийг илүү үзэж, сонгуулийн өмнө хүчээ нэгтгэж байгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, бүлгийн дарга Ө.Энхтүвшин, намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэрс яригдаж байгаа. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол сонгуулийн ерөнхий менежер байдаг. Тэдний хэн нь энэ албыг хашиж чадах вэ?
-Намын дүрмээр бол Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны байна гэдэг заалт байгаа. Зарим нөхөд нэг юм дуулахаараа тэр яаж чаддаг юм бэ. Тэр ийм шүү дээ гэдэг байдлаар ханддаг явдал гардаг л даа. Хэвлэл мэдээллийнхэн монголын түүхэнд энэ том нам бол улс орны эрх ашгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан нам. Цаашдаа ч энэ нам ингэж ажиллана. МАН-ын хөгжих дэвших, шинэчлэгдэх зүйл гэдэг талаас нь их бодож хандах нь хэрэгтэй юм. Ц.Мөнх-Оргил, Я.Содбаатар, Ө.Энхтүвшин нар хоорондоо үзэлцээд будаа болоод өгөөсэй гэдэг байдлаас хандвал онц биш. Тэртэй тэргүй намын хамт олон шийдэх асуудал. Аль аль нь уг албыг хашиж чадах хүмүүс. Цаана нь ч бас өөр хүмүүсийн нэрс яригдаж байгаа.
-Танхимаас нэр дэвших хүмүүс байгаа гэж үү. Танай намын Бага хурал урьднаас бэлдсэн сценарийн дагуу явагддаг болохоор ардчилалтай болно гэдэг эргэлзээтэй санагдаж байна?
-Манай намын хуралд сууж үзсэн биз дээ. Дотоод  ардчилал байдаг гэдгийг харсан биз дээ. Бага хурлаар хэн ч гэсэн өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлж болно. Сая Удирдах зөвлөлөөр сайд нарын нэрс яригдахад өөрсдийнхөө нэрийг дэвшүүлсэн бүлгийн гишүүд байж л байсан. Зарим нь бусдынхаа нэрийг дэвшүүлж л байсан. Ерөнхий сайд С.Батболдыг намын даргаар нэр дэвшүүлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар одоо ажиллаж байгаа Ө.Энхтүвшиний нэрийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат танхимаас дэвшүүлсэн. Хэвлэл мэдээллээр гарсан зүйл шүү дээ. Тэр зэргийн дотоод ардчилал манай нам дотор бий.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Нийгмийн толь
2012 оны 1-р сарын 23, Даваа гариг

No comments:

Post a Comment