УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
Д.Одбаяртай ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төсөлтэй холбогдуулан Хууль зүйн сайд Ц.Нямдорж бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, улмаар МАН ирэх сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулахын тулд бэлтгэж байгаа үйлдэл гэсэн хардлага байна. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд энэ хуулийн төслийн талаарх зөв ойлголтыг өгөхгүй юу?
-Энэ хуулийн төслийг хамтарсан Засгийн газраас оруулж ирсэн. Түүнээс биш ганц сайд тухайлбал Ц.Нямдорж сайд оруулаад ирсэн юм биш. Тэгээд ч Засгийн газрын гишүүн хууль санаачлах эрхгүй. Хууль санаачлах эрхтэй субьект нь УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгч. Дээрээс нь Засгийн газар орно.Хамтарсан Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзээд оруулж ирсэн гэж ойлгож байна. Тиймээс Засгийн газрын нэг гишүүнтэй холбон ярих боломжгүй. Хэлэлцүүлгийн шатанд яваа хууль.Өөрөөр хэлбэл, батлагдчихаагүй. Р.Гончигдорж гишүүний ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсэг боллоо гэж үзвэл Байнгын хороогоор хэлэлцэж эхлэх байх. Энэ бол сонгуулийн будлиантай холбоотой хууль биш л дээ. Нийтийн эмх замбараагүй байдал үүсвэл зохицуулах Засгийн газраас оруулсан хуулийн төсөл. Харин сонгууль дөхөж байгаа учраас хүмүүс сонгуультай холбож байгаа байдал бий. Манай Байнгын хороон дээр хүртэл "Сонгуулийн дараа болох жагсаал, цуглаан нийтийн эмх замбараагүй байдалтай холбогдуулан гэсэн бичиг ирж байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлэглэл одооноос бэлтгээд байгаа ч юм шиг, гарцаагүй тийм зүйл болно гээд ойлгочихсон, түүнийг нь улс төрчид өдөөнө гэсэн хүлээлт ч гэмээр байдал нийгэмд бий болчихоод байгаа юм.-Хуулийн төсөлд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь иргэд рүү гал нээх тухай заалт. Яг ийм заалт Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд бий юу?
-Төсөл дээр буудна, буудахгүй гэсэн томьёолол байхгүй. Харин шаардлагатай бол цагдаа болон цагдаа болон дотоодын цэрэгт буу, сум олгоно гэж байгаа.Гэхдээ олгох зааврыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөж, ХЗДХ-ийн сайд батална. Жагсаал цуглаан, олон нийтийн эмх замбараагүй байдалд шилжсэн үед ямар арга хэмжээ авахыг Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргана гэсэн заалт бий.-Мөн иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийг хураах тухай яригдаад байсан?
-Энэ бол Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөлтэй холбоотой биш. Галт зэвсгийн тухай хууль гэж тусдаа явж байгаа. Үүн дээр иргэдийн гар дээр байгаа байлдааны зэвсгийг хураах тухай санал гишүүдийн зүгээс гарсан. Энэ хууль дээр Х. Жекей гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Жагсаал цуглаантай холбогдуулаад, буу сум хэрэглэх гэдэг харьцангуй ойлголт. Ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг гишүүд хэлэлцэх байх. Ер нь жагсаал, цуглаан нь эмх замбараагүй байдалд шилжсэн үед иргэдийнхээ аюулгүй байдлыг төр нь хамгаалах үүрэгтэй. Хэрвээ тэр жагсаал, цуглаан эмх замбараагүй байдалд шилжихдээ гадны нөлөөтэйгөөр, гадны мөнгөөр, гадны зэвсэглэсэн бүлэг этгээд орж ирэх, цаашлаад дотоодод нь хагарал үүсгэх, иргэдийн дайны оч хаях үйл явдал болох юм бол Монголын төр зүгээр л хараад суугаад байх уу гэсэн асуудал л байгаа юм. Тэр хүмүүстэй тооцоо хийж таарна шүү дээ. Ийм байдал гарвал яах вэ гэсэн санаа цаана нь байгаа болов уу гэж бодож байна. Хэрэв зэвсэглэсэн балмад этгээд автомат буу гаргаж ирээд жагсагчдын тодорхой хэсгийг барьцаалах юм уу, буудаад эхэлбэл цагдаа зүгээр хараад зогсож байх уу. Энэ мэтийн асуудлууд ч бий. Гэхдээ үүнийг ганцхан хүн шийдчихгүй. Тайвнаар жагсаж, цуглах эрхээ ард түмэн эдлээд тодорхой зохион байгуулалтад ороод эхлэнгүүт л хамтарсан Засгийн газар шийдвэр гаргаад юу юугүй гал нээх нь гэдэг талаас нь харах хэрэггүй болов уу. Тийм байдал үүсэхгүй байх. Харин гэнэтийн болзошгүй тохиолдолд юмыг яаж мэдэх билээ. Ер нь Монголын газрын баялаг, эдийн засгийн өсөлт гадныхны хорхойг хүргэж байгаа. Яавал Монголын ард түмнийг хооронд нь эвдрэлцүүлээд, дундаас нь Оюутолгой, Таван толгой болон бусад баялгийг нь цохичих вэ гэсэн далд санаа том гүрнүүдэд байгаа. Түүний эсрэг л Монголын ард түмэн эвтэй, зөв ардчилалтай байх хэрэгтэй байгаа юм.-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж Таван толгойн хувьцааны арван хувийг ард иргэдэд нэмж олгох тухай парламентын түвшинд яригдаж байна. Энэ талаар тогтоолын төсөл санаачлагчийн хувьд илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Х. Жекей, Б.Хаянхярваа бид. Гурав санаачилсан. Мөн адил хувилбарыг Я.Батсуурь, Батж.Батбаяр, Д. Балдан-Очир нарын гишүүд санаачилсан. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд явж байна.-Гэхдээ эсрэг байр суурьтай гишүүн олон байгаа?
-Өнгөрсөн хугацаанд татвараа төлж, ажлын байр бий болгон, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан компаниудад "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаанаас яагаад өгч болдоггүй юм бэ гэсэн зүйл ярьж байгаа л даа: Бидний хувьд "Газрын гүнд байгаа баялаг бол Монголын ард түмний өмч. Түүнээс биш хэдэн компанийнх ойлгож байна.Төрийн мэдэлд байгаа Таван толгойн орд дээр л өнөөдрийн байдлаар иргэддээ хувьцаа олгох боломж байгаа юм. Тийм учраас Үндсэн хуулийн заалтын дагуу иргэддээ өгч байгаа арван хувийн хувьцаатай тэнцэх хэмжээний 1,5 тэрбум ширхэг хувьцааг нэмэгдүүлж, гурван тэрбум болгох санал гаргасан. Аж ахуйн нэгжүүд бэлэглэлийн маягаар хувьцаа авна гэдэг зах зээлийн талаасаа эрүүл үзэгдэл биш. Тэртээ тэргүй тэдэнд хувьцаа авах хөрөнгийн бирж гэж байна, чөлөөт өрсөлдөөнөөр худалдаад авна биз. Мөн Таван толгойн хувьцааны 29 хувьд дотоод, гадаадын компаниуд оролцох боломжтой. Иргэдийн зарим нь хувьцаагаа зарна гэвэл тэндээс авах боломжтой. Бид гарааны нөхцөлийг ижил байлгаж ягаан, цэнхэр тасалбарын түүхийг давтахгүй байхад анхаарч байгаа юм.-"Таван толгойн 51 хувийг төр эзэмшинэ. Арван хувийг нь ард түмэнд үнэгүй өгнө. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь өгөх гэж байсан арван хувийг болиод ард түмэнд нэмээд өгчхөөр нийт хувьцааны 71 хувьд бодит орлого орж ирэхгүй нь. Үлдэж байгаа 30 хүрэхгүй хувиар Таван толгойн төслийг босгоно гэдэг эргэлзээтэй" гэж буй гишүүдэд та ямар тайлбар өгч байгаа вэ?
-Хөрөнгө босгоход хэцүү болчихно гэж ярьж байгаа хүмүүс бий. Гэхдээ тэр хэмжээний шаардлагатай хөрөнгийг босгочих боломж Монголын төр, ард түмэнд олдоно. Заавал компаниудад хувьцаа өгч байж хөрөнгө босгоно гэдэг өрөөсгөл. Нөгөө талаасаа иргэдэд 20 хувиа өгсний дараа төр 51 хувь дээрээ ярих асуудал нээлттэй. Бид санаачилсан хуулийнхаа хүрээнд л ярьж байна.-Иргэд ч гэсэн Тавантолгойн хувьцааны арван хувийг нэмээд авчих хүсэлтэй байна л даа. Учир нь энэ компаниуд хэдхэн цөөн тооны хүний эзэмшилд байдаг юм билээ. Энэ талаар та судалж үзсэн үү?
-Маш үнэн бөгөөд болгоомжтой хандахгүй бол болохгүй тоонууд бидэнд байна. Татварын Ерөнхий газрын өгсөн мэдээллээр Монголд 53336 үндэсний аж ахуйн нэгж байна. Эдгээрийн 88 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, алдагдалтай, эсвэл 10-аас доош сая төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Гэтэл. УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэг айхтар заалт бий. Тогтоолын 1.2.6 заалт дээр хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдах гээд заачихсан. Гэтэл 88 хувийнх нь үзүүлэлт ийм байхад аж ахуйн нэгжүүд зуун хувь хамрагдах боломж өнөөдөр хүчин төгөлдөр байгаа энэхүү тогтоолоор байхгүй. Хэрэв УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлбэл аж ахуйн нэгжүүдийн дунд ч тэгш бус байдал бнй болно, Бас л тэгш эрхийн зарчим тэнд хөндөгдөнө. Дэлхий дээр л хувьцаа өгч байснаас биш компаниудад өгөөд байсан тухай судлаад олж харж чадаагүй л байна. Мөн нэг аж ахуйн нэгжид 28123 ширхэг хувьцаа хуваарилна гэж байгаа. Энэ нь иргэдэд өгөх 536 ширхэг хувьцаанаас 53 дахин их. Гэтэл энэ компанийн эзэнд л хамаатай. Аж ахуйн нэгжид өгвөл олон хүн ажлын байртай болно гэсэн тайлбар явж байна. Түүнийг зөвшөөрнө. Гэхдээ энэ хувьцаанаас олох ашиг тухайн аж ахуйн нэгжийн эзэнд л очно. Ажилчдад нь ямар ч хүртээлгүй, тэд иргэн бүрт өгч байгаа 536 ширхэг хувьцаатайгаа л үлдэнэ шүү дээ. Өнөөдөр манайд их олон аж ахуйн нэгжтэй хүн байна. Зарим аж ахуйн нэгжүүд бас өөр олон газарт хөрөнгө оруулчихсан тооцоо байна. Монгол Улсад хамгийн дээд тал нь 35 компанитай нэг хүн, 53 салбар нэгж байгуулчихсан нэг компани байна. Ингээд бодохоор хамгийн олон компанитай эзэнд оногдож байгаа хувьцаа нэг хүнд оногдох 536 ширхэг хувьцаанаас 1836 дахин илүү, хамгийн олон компанид хөрөнгө оруулсан нэг компанийн эзэн жирийн иргэнээс 2780 дахин олон хувьцаа авах нь.Өөрөөр хэлбэл, хамгийн олон компани байгуулсан иргэн 984305 ширхэг хувьдаа, хамгийн олон буюу 53 салбар нэгжид хөрөнгө оруулсан нэг компанийн эзэн 1,490519 ширхэг хувьцаа авч таарч байна.
Энэ шударга явдал мөн үү. Иргэд үүнийг хүсэхгүй байгаа. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Тэгээд л харъя. Ер нь найдвартай, тогтвортой, зузаан дунд давхаргыг үүсгэхэд төрийн бодлого чиглэсэн байх ёстой. Түүнээс биш хэдэн том компанийг улам баяжуулах бодлого байж болохгүй. Байгалийн баялгаас иргэн бүр ойролцоогоор тэнцүү хүртэх зарчим байх ёстой. 39 дүгээр тогтоолын бас нэгэн сул тал нь авах ёстой аж ахуйн нэгжүүд хувьцаагаа аваад үлдсэнийг нь яах вэ гэдгээ ч зааж өгөөгүй. Дээрээс нь зээл авч татвараа төлөөд хувьцаа авлаа гэхэд тэр аж ахуйн нэгжүүд хоёр дахь зах зээл дээр хувьцаа олноор нь зарах магадлал байна. Тэгэхээр иргэдийн гар дээрх хувьцааны үнэ уначихна. Жижиг компаниудыг ажилчидтай нь хамт худалдаж авах явдал ч их байна. Энэ мэт бодох асуудал олон.-Энэ асуудал хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж иргэд төрийн бодлогод үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Гэвч зарим төрийн түшээ том компаниудын лоббид автсан байдал ажиглагддаг?
-Асуудлыг ярьж байгаад шийдэх ёстой. Компаниудад өгөх ёстой гэж үзэж байгаа гишүүдийг лоббид автсан гэж ярьж байгаа нь хардлага байх. Иргэдэд өгье гэсэн саналтай гишүүдийг ч бас хардаж байгаа. Асуудлыг шийдэх гээд мухардвал УИХ, Засгийн газрыг буруутгаад ч хэрэггүй. Ард түмнээсээ асуугаад л шийдэх ёстой.-Өнгөрсөн долоо хоногт Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг томилчихлоо. Гэтэл тус газрын дэд даргаар томилогдсон Б.Хурцын асуудал хөндөгдөөд байна. Хүн хулгайлсан, хүн амины хэрэгт холбогдох шахсан, гадаадад багагүй хугацаагаар хоригдож байгаад ирсэн хүн яагаад энэ том газрыг удирдах болчихов гэж?
-Гэмт хэрэгтэн гэдэг бол гэм буруу нь шүүхээр тогтоогдоод, хариуцлагаа хүлээж байгаа хүнийг хэлнэ л дээ. Одоогоор Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой ямар нэгэн шийдэгдсэн хэрэг байхгүй учраас, би хуульч хүний зүгээс харахад гэмт хэрэгтэн гэж үзэхгүй байгаа. Энэ хүнийг гэмт хэрэгтэн гэж Монгол болон Англи, Германы шүүхийн аль нь ч үзээгүй. Хэрвээ гэмт хэрэгтэн гэвэл тодорхой хариуцлага хүлээсэн байх ёстой. Тийм зүйлээр бидэнд ирсэн мэдээлэл одоогоор алга байна. Ард түмний дунд Б.Хурцтай холбоотой яриа байгааг ойлгож байна. Гэхдээ УИХ яагаад шийдсэн бэ гэвэл хуулийн дагуу л явсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын нэрийг УИХ-д санал болгох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу л оруулж ирсэн. Түүнийг нь УИХ-ын гишүүд хэлэлцээд баталсан. Ийм зүйл явдал болсон.-Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Авилгатай тэмцэх газрын даргаар томилогдсон Н.Ганболдыг танилцуулахдаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүйг хэлсэн мөртлөө Б.Хурцын тухайд энэ асуудлаар "А" ч дуугараагүй. Энэ нь цаанаа нэг юм хэлээд байгаа юм биш үү?
-Танилцуулахдаа яагаад тэгж хэлснийг Д. Баттулга дарга л хариулна. Сэтгүүлч та бүхэн гярхай харсан байна. Хэрвээ тэгж тагнуулсан бол Д.Баттулга дарга учрыг нь тайлбарлана.-Гэхдээ Б.Хурц хүн хулгайлж авчирсан нь яах аргагүй үнэн биз дээ?
-Сэтгүүлчид хүн хулгайлж авчирсан гэж үзэж байгаа юм байна. Төрийн даалгавар байсан ч байж болно. Тэрийг нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн тогтоол алга. Тийм учраас бид өөрөөр ярих боломж байхгүй шүү дээ.-Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг УИХ хэлэлцээд, хүлээж авахгүй байх боломж бий юу?
-Тийм боломж байгаа. Бодвол УИХ-ын гишүүд зарчмын дагуу хандсан байх. Шүүхээр гэм буруутай нь нотлогдоод, хуулийн дагуу арга хэмжээ авагдаагүй юм байна гэдэг талаас нь гишүүд хандсан юм болов уу гэж бодож байна.-Б.Хурцын тухайд тамхины наймааны хэргээр шалгагдаж байсан гэдэг?
-Хуулийн дагуу яваад өнгөрсөн процессыг батлахад нь оролцсон хүний хувьд зарчмын дагуу л хариулна. Үнэхээр тамхины наймаачин гэдэг юм уу гэмт хэрэг үйлдсэн гэдэг шүүхийн тогтоол байвал түүнийг нь УИХ дээр ярьж болно. Гартаа барьчхаад, тэгж ярих зүйл УИХ-ын хэн нэгэн гишүүнд байхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас л бүгдээрээ Б.Хурцыг дэд даргаар баталлаа гэж ойлгосон.-Тэгэхээр Авилгын тухай хуульд өөрчлөлт оруулмаар зүйл байгаа юм биш үү. Авлигатай тэмцэх газрын удирдлагад хэрэгт шалгагдаж байгаагүй хүнийг томилдог хуультай байж болдоггүй юм уу. Монголд хэрэгт шалгагдсан ч нотлогддог нь ховор шүү дээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд?
-Хэрэгт шалгагдаж байгаагүй хүнийг Авилгатай тэмцэх газрын удирдлагаар томилно гэсэн заалт ороод батлагджээ гэж бодоход Монголын бүх хүн шалгагдана. Шууд л гүтгэчихнэ. Хэн нэгэн хүн ямарваа гэмт хэргийн үйлдлийг таныг харж байсан гээд худал хэлчихнэ. Гэтэл та хараагүй, тэр хүнийг таних ч үгүй байсан. Тэгсэн ч гэсэн танаас асууж л таарна. Тэр хавтаст хэрэгт таны нэр орно. Ингээд л та гэмт хэрэгт шалгагдаж байсан болно. Энэ мэтээр Монголын бүх хүн шалгагдах боломжтой. Тэгэхээр гэм буруутай гэж зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу гэм буруу нь нотлогдож ямар нэгэн хариуцлага хүлээсэн хүнийг л хэлнэ.-АТГ-ын удирдлагуудтай холбоотой бас нэгэн асуулт байна. Тэд томилогдож очингуутаа халаа сэлгээ хийж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллах ёстой гэж бий. Тэгэхээр тус газрын дарга нар томилогдож очингуутаа хууль зөрчсөн үйлдэл хийгээд байгаа юм биш үү?
-Тийм мэдээллийг сонин хэвлэлээс л авч байна. АТГ-ын удирдлагуудтай уулзсан зүйл алга. Гаргаж байгаа шийдвэрүүд нь ямар байдлаар хэлбэржиж, хуульд яаж нийцэж байгааг мэдэхгүй байна. Мөн халагдсан хүмүүс гомдол гаргаагүй байхад юу юугүй очоод шалгаад байх шаардлагагүй л дээ. Хэрэв халагдаж, солигдсон хүмүүс гомдолтой гэвэл шүүх юм уу, Төрийн албаны зөвлөлд хандана шүү дээ. Түүний дараа л асуудлууд яригдана. Түүнээс биш бие даасан хараат бус байх ёстой байгууллагын дотоод хэрэгт хэн бугай нь ч оролцох эрх байхгүй л дээ.-Танай намын Бага хурал удахгүй болох гэж байна. Энэ хурлаар сонгуульд хэрхэн оролцох тактикаа боловсруулна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Намын бага хурал ирэх 28-ны өдөр болно. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярих болов уу. ирэх сонгуульд хэрхэн бэлтгэх, яаж орох асуудал хөндөгдөхгүй байх. Хууль нь ч гараагүй байна.-Хууль зүйн байнгын хорооны дарга биш, МАН-ын гишүүний хувьд тань нэг асуулт асууя. Танай намын гишүүн байсан болон байгаа хүмүүс бие биенээ идэж уусан талаарх мэдээллийг хэвлэлээр цацлаа. Нэг үе мөр зэрэгцэн зүтгэж явсан хоёр лидерийн дээрх үйлдлийг та юу гэж харж байна?
-Тэр
талаар би ерөөсөө ойлголт, мэдээлэлгүй байна. Харин энэ намын гишүүний болон
Монголын төрд зүтгэж яваа хүний хувьд зөрчилдөөн, үл ойлголцол түр зуурынх
байгаасай л гэж бодож байна даа.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
2011 оны 11-р сарын 24, Пүрэв
гариг

No comments:
Post a Comment