Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Засгийн газраас хохирогчдын мөнгөний 50 хувийг барагдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо


ХЗХ-дод мөнгөө алдсан хохирогчид алдсан мөнгөнийхөө тодорхой хувийг нь олж авах бололтой.
Учир нь Засгийн газар өчигдөр болсон хуралдаанаараа Төрийн ордныг тойрон гороолох болсон хохирогчдын асуудлыг авч хэлэлцээд тэдний мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.


Хуулийн төсөл батлагдвал 60 шахам тэрбум төгрөгөө алдаад байгаа есөн мянга шахам хохирогч мөнгөнийхөө хэдэн хувийг олж авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяраас тодруулсан юм. Засгийн газраас хохирогчдын мөнгөний 50 хувийг барагдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-ХЗХ-дын хохирогчдын хохирлын хэдэн хувийг барагдуулахаар ярьж байгаа юм бэ. Хохирогчид мөнгөө 100 хувь авмаар байна гэсэн шаардлага тавьж байгаа?
-Одоогийн байдлаар ХЗХ-дод мөнгөө алдсан нийт 8903 хохирогч байгаа. Хохирлын нийт хэмжээг 57 тэрбум 894 сая 756 мянга 65 төгрөг гэж тогтоосон. Засгийн газраас улс орны эдийн засгийн байдал, чадавх боломжоо хараад 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлж барагдуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Засгийн газраас хохирлыг 100 хувь барагдуулах сонирхол байгаа ч улс орны эдийн засгийг бодон ийн шийдвэрлэсэн.
-Эргэн төлөгдөх нөхцөлийн талаар тодруулахгүй юу?
-Нийт тогтоогдоод байгаа хохирлын хэмжээг дээр дурьдсан. Үүний 43 тэрбумд нь тухайн хоршоонд бүртгэлтэй байсан эд хөрөнгийг битүүмжилж авсан байгаа. Зээлдэгчдийн зээлийн хэмжээ 13 тэрбум байна. Мөн үнэлгээ нь тогтоогдоогүй байгаа нэлээд тооны газрын гэрчилгээ байгаа юм байна. Хохирогчдын амьдралын аргагүй байдал төрөөс оролцохыг шаардаж байгаа учраас Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн хууль
санаачлах замаар энэ асуудлыг шийдэх саналыг ийнхүү оруулж байгаа юм.
-Тэгэхээр хохирогчдын алдсан мөнгөний 50 хувийг төрөөс барагдуулаад барьцаалагдсан эд хөрөнгө, газраар мөнгөө эргүүлэн олж авна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Дээрх барьцаалагдсан хөрөнгө болон ХЗХ-ноос зээлдэгчдийг олж зээлийг эргэн төлүүлэх замаар гаргасан 50 хувийг буцаан төвлөрүүлэх ёстой. Цаашдаа ч төлбөр барагдуулах ажиллагаа дээрх 50 хувийг олгосны дараа үргэлжлэн хийгдэх учиртай. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шугамаар хохирлыг барагдуулах ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ.
2007 оны 4-р сарын 19, Пүрэв гариг
 Монголын мэдээ

No comments:

Post a Comment