Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Ц.Нямдорж надад саад болж болно л доо, яагаад Ц.Мөнх-Оргилд гэж...


УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ярилцлаа.
-Тойргийн чинь дүн өргөн баригдахгүй, нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн. Тэр үед юу бодогдож байв даа?
-Яах аргагүй маргаан гарсан уу гарсан. Гомдолтой тал байсан уу байсан. Нийт арав гаруй тойрогт иймэрхүү гомдол гарсан юм билээ. Маргаан байсан ч шийдэгдээд эцэст нь Баянгол, Дорнодын тойрогт асуудал шийдэгдэхгүй удаж олны анхаарлын төвд орчихсон. Эхлээд надад дахин тоолуулчих сонирхол байсан. Гэтэл тойргийн хороо руу М.Зоригт тэргүүтэй Иргэний зориг намынхан дайрч орсон. Тэгж дайрч орохдоо сонгуулийн дүнг зориуд будлиантуулах үйлдэл хийсэн байж болзошгүй байна гэж тойргийн хорооныхон ярьсан.

Тэгэхээр нь би дахин тоолуулж болохгүй юм байна даа гэж бодсон. Манай тойргийн хувьд тойргийн хорооны тоолохгүй гэсэн шийдвэр нь хуулийнхаа 14 хоногт багтаж гарсан. Тоолно гэсэн шийдвэр нь 15 хоногтоо гарсан учраас Сонгуулийн ерөнхий хороог асуудлыг шийдэх болов уу гэж хүлээсэн. Сая бол баруун солгойгүй юм боллоо шүү дээ. Нөгөө намынхантайгаа, бие даагчидтайгаа өрсөлдөхөөс гадна нэг намынхан хоорондоо өрсөлдлөө. Тиймээс томсгосон тойргийн сонгууль бол ялалт ялагдал гэдэг харьцангуй ойлголт гэж бодож байна.
-Сонгуулийн дүнтэй холбоотой гомдол гаргагч нь хэн байсан юм бэ?
-Яг үнэндээ бол гомдол гаргагч нь Зоригт байгаагүй юм. Ардчилсан намын нэг нөхөр дээр нь Иргэний зориг намын долоон хүн, нийт найман хүний гомдлоор прокурор эрүү үүсгэж шалгасан. Гэхдээ тойргийн хороог шалгуулахаар гомдол гаргасан байсан л даа. Энэ үед Шинэбаяр, Одбаяр, Алтангэрэл гурав яагаад дуугарахгүй байна гээд л байсан. Яагаад гэвэл тойргийн хороотой холбоотой эрүү үүсгэсэн учраас бид гурав дуугарч болохгүй байлаа. Ер нь Дорнодод хоёр дахиа сонгогдоно гэдэг хэцүү юм билээ. Дорнод хэзээ ч хэнийг ч хоёр дахь удаагаа дараалж сонгож байгаагүй. Базарсад генералыг завсарлагатайгаар сонгож байсан бол С.Оюун гишүүний эхний сонгогдсон хугацаа нь богинохон байсан. Миний хувьд Дорнодод хоёр дараалж бүтэн найман жилээр сонгогдож байгаа анхны гишүүн.
-Дорнод, Баянголын тойргуудын сонгуулийн дүн тодорхой болохгүй удаашраад байсныг улс төрийн зорилготой гэх мэдээлэл тарсан талаар юу хэлэх вэ?
-Арай ч тийм биш байх л гэж найдаж байна. Дорнодын тойрогтой холбоотой маргааныг өөгшүүлж, дэвэргэж, ач холбогдол өгч байсан улс төрийн зарим лидерүүд байхыг үгүйсгэхгүй.
-Та хэнийг хэлээд байгаа юм бэ. Ц.Нямдорж гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр хоёрыг Хууль зүйн сайд болох магадлалтай гол өрсөлдөгч гэж үзээд сонгуулийн дүнг нь шийдүүлэхгүй гар бие оролцож байгаа гээд байсан. Сая хэлсэн үг чинь үүнтэй холбоотой юу?
-Тэгсэн гэж хэлэх баримт алга л даа. Ц.Нямдорж сайд бид хоёрын хооронд бол асуудал байдаг. Намайг тээг болно гээд удаашруулаад байсан гэж бодъё л доо. Гэтэл Ц.Мөнх-Оргилыг яагаад тэгэх гэж. Тийм болохоор би Ц.Нямдоржоос илүү прокурорыг хардаж байсан.
-Яагаад?
-Надад хардах үндэслэл байсан юмаа. Гэхдээ прокурор шалгаад сонгуулийн дүн үнэн гарсан гээд нэг тийш шийдэгдчихлээ шүү дээ.
-Танайхтай адилхан Баянгол дүүргийн маргаан эцэслэгдэхгүй өнөөдрийг хүргэлээ. Чухам яагаад ингэж удаашраад нэг тойргийг үлдээгээд байгаа юм бэ?
-Баянголынх Дорнодынхтой адилхан биш гэвэл өөрийн хэрэг бүтсэн юм чинь хүнийх яахав гэж байгаа юм шиг санагдах байх л даа. Дорнод аймгийн хувьд тойргийн хороо 14 хоногийн хугацаанд асуудлаа шийдээд тоолно, тоолохгүй гэсэн хоёр янзын шийдвэр гарчихсан байсан. Эрүүгийн хэрэг үүсэхийн хувьд 14 хоногоосоо хойш байхгүй юу. Баянголын хувьд бол арван дөрөв хоног дотроо эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм билээ. Тиймээс энэ хоёр тойргийн маргаан нөхцөл байдлын хувьд өөр байгаа юм.
-Экс гишүүн М.Зоригт их сэтгэл дундуур байгаа гэсэн. Та өмнөх парламентад хамт байсан хүний хувьд сонгуулийн үеэр түүнтэй харилцаатай байсан байлгүй. Та хоёр уулзах ч юм уу, утсаар ярьсан уу?
-Зоригт сонгуулийн дараа биднийг хардаад, бид ч бас Зоригтыг хардаж байлаа. Уг нь сонгуулийн кампанит ажлын үеэр манай тойрогт бие бие рүүгээ гүжир гүтгэлэг явуулахгүй тайван их аятайхан байсан. Уулзалтаа хүртэл хийхдээ нэг суманд ээлжилж, зөрж таараад л. Тэр үед Зоригт гишүүнтэй холбоотой байсан юм. Сүүлийн үед бид холбоогүй болчихлоо. Нэг хэсэг бие бие рүүгээ мессэж бичилцсэн. Залгаж ярихаа больчхоод байгаа. Гэхдээ ялагдлыг ард түмэнтэй холбож болохгүй. Дорнодын ард түмэн сонголтоо хийсэн.
-Уучлаарай, нууц биш бол та хоёр ямар мессэж бичиж байсан юм. Ямар нэгэн гомдол тунирхал, уур уцаар тэр мессэжинд байсан уу?
-"Дорнод дахь Иргэний зориг намын ажиглагчдыг цагдаагийнхан баривчиллаа. Чи зохион байгуулсан байна. Би хэвлэлийн хурал хийлгэнэ" гэсэн утгатай мессэж над руу бичсэн байсан.
-Та юу гэж хариулсан бэ?
-Би хариуд нь "За Зоригоо, минь тийм юм байхгүй шүү. Улс төрийн асуудалд цагдаа оролцдог байгууллага биш. Би баривчлах тушаал өгдөг албан тушаалтан ч биш гэж л хариулсан. Сүүлд нь "Буруу мэдээлэл авсан байна. Уучлаарай" гэж бичсэн байна лээ.
-Долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг юу гэж дүгнэж байгаа вэ. Одоо амь үрэгдсэн залуусыг буудаж хороосон эзэн нь тодорхойгүй, тушаал өгсөн хүн ч тодорхойгүй, хариуцлага хүлээх хүн нь ч олдохгүй болоод байна?
-Цагдаагийн байгууллага нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болох хүр¬тэл тэр жагсаал цуглааныг хянаж чадаагүй ээ. Хүнд, хэцүү байсан л байх. Би нэлээд ширүүхэн байх үед нь телевизээр харсан. Тэр үед хяналтаас нэгэнт гарчихсан байдал харагдана лээ. Гэхдээ жагсаал цуглаантай чинь ажилладаг, зохион байгуулагчидтай ойлголцох, тэдний төлөвлөгөө санаа бодол нь юу байгааг мэддэг, харилцан ойлголцдог ийм хэмжээний урьдчилсан яриа хэлэлцээр хийдэг аргууд байдаг байхгүй юу. Ийм яриа хэлэлцээ болоогүй юм уу.

Урьдчилж хэл мэдээ аваагүй юм уу гэж гайхаж байсан. Тодорхой авах ёстой мэдээллүүдээ эрүүгийн чиглэлээр юм уу бусад чиглэлээр авч чадаагүй юм уу гэсэн байдал харагдаж байна лээ. Үүнийг эхнээс нь дутуу хэрэглэж нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг бий болгосон байж болзошгүй юм. Цагдаагийн байгууллагын хувьд хоёр удирдлагатай болчихсон газар. Байгууллага гэдэг талаасаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад харьяалагддаг хэрнээ удирдлагыг нь Ерөнхий сайд томилдог. Ийм хоёрдмол удирдлагатай болохоор шуурхай арга хэмжээ авахад оновчтой биш. Хэнээс тушаал авах вэ гээд л. Хууль зүйн сайдаасаа команд авах уу, Ерөнхий сайдаасаа авах уу. Эрх зүйн орчин нь хоёрдмол болчихсон учраас тухайн хувь хүний өөрийнх нь асуудал болчхож байгаа байхгүй юу.
-Буудах тушаалыг хэн өгдөг юм бэ?
-Тушаалыг ЦЕГ-ын дарга өгөх ёстой. Амарболд генерал хэлсэн шүү дээ. "Буудах тушаал би өгөх ёстой. Гэхдээ би өгөөгүй" гэж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр бол галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн чиглэл өгсөн юм байна лээ. Ер нь Цагдаагийн ерөнхий газрын дарга команд өгсөн байлаа гэхэд хууль болон тухайн цагийн байдалтайгаа хэр нийцсэн байдаг юм, хэр зөв дүгнэсэн байдаг юм гэдэг асуудал гарна. Харин би жирийн цагдааг хорьж, буруутгах гээд байгаагийн эсрэг байгаа шүү. Цагдаагийн хувьд нэгэнт команд авсан бол гох дарж л таараа. Тиймээс цагдааг буруутгаад байгааг бол би эсэргүүцэж байна. Команд авсан цагдаа бол буруугүй. Хэдэн жилийн өмнө Авдрантаас хэдэн хоригдол оргоод баахан юм болоогүй юу. Цагдаа тушаал аваад хоригдлууд руу тэр үед буудаж байсан шүү дээ.
-Тэгээд хэн буруутай юм бэ. Тушаал өгөх ёстой хүн нь өгөөгүй юм байна. Тушаал өгөгчийг томилдог Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь хүртэл үүнд огт хамаагүй мэт байгаад л байна. Энэ талаар ямар бодолтой байна?
-АНУ-д есдүгээр сарын 11-нд хоёр өндрийг онгоц мөргөхөд хоёр дахь онгоцыг мөргүүлэхгүй зогсоох боломж байсан гэдэг. Гэтэл АНУ-ын хуульд өөрийнхөө иргэдийн нисэж яваа онгоцыг сөнөөх заалт байгаагүй нь ойлгомжтой. Тэгээд л хоёр дахь онгоц нөгөө байшинг нь мөргөх боломжийг бүрдүүлсэн. Хэрэв тэр байшинг мөргүүлэхгүй гээд онгоцыг устгасан бол өөрийнхөө иргэдийг сөнөөсөн гээд бөөн асуудал үүсэх байсан байх.

Тэрнээсээ болж хэн команд өгөхөө мэдэхгүй байж байгаад хоёр дахь онгоц нь нөгөө байшинг мөргөх боломж бүрдүүлсэн байдаг. "Тэрийг очоод мөргөх гээд байна. Сөнөө" гээд команд өглөө гэж бодъё л доо. Хэрэв тэр онгоцыг нь сөнөөж устгасан бол дараа нь зарим нь өөрийнхөө иргэдийг хөнөөчихлөө гээд дуусашгүй эцэс төгсгөлгүй маргаан бас үүсэх байсан байх. Тиймээс бид энэ асуудал дээр нэлээд анхааралтай хандах ёстой. Асуудлыг тодорхой болгох ёстой.
-Хэрэв таныг Хууль зүйн сайд байх үед тийм зүйл болсон бол яах байсан бэ?
-Асуудал болоод л өнгөрсний дараа өөрийгөө ярих нь ч хаашаа юм. Намайг сайд байх үед хамгийн их жагсаал цуглаан болж байсан шүү дээ. Долдугаар сарын нэгний байдалд хүрч болзошгүй хэмжээний жагсаал цуглаан болж л байсан. Яагаав нөгөө зарим гишүүдийг мануухай болгож шатаагаад л байсан үе. Цагдаатай жагсагчид тулж хэрүүл маргаан дэгдэн малгайг нь авч шидэж байсныг санаж байгаа байх. Миний сайд байх үед жагсаал цуглааны оргил үе байлаа. Гэхдээ жагсаал цуглаан зохицуулдаг арга хэрэгсэл байдаг юм. Ийм арга хэрэгслийг долдугаар сарын 1-нд эхнээс нь эхлээд дутуу ашигласан. Түүнээс болж эмх замбараагүй хяналтгүй байдалд орох боломжийг бий болгосон байж болзошгүй юм. Урьдчилан сэргийлэх, урьдчилан тооцож, ямар хүч хэрэгслээр яаж зохицууцуулах вэ гэдэг дээр тооцооны хувьд бодохоор юм байсан юм байна даа гэж бодоод байгаа.
-Сүүлийн үеийн улс төрийн байдалд яриагаа хандуулъя. Ялсан нам ялагдсантайгаа хамтарч Засгийн газар байгуулаад явах нь хууль эрх зүйн талаасаа болдог юм уу?
-Хамтарч ажиллах болсон гэдэг талаасаа шинэ зүйл биш. Дөнгөж байгуулагдаад байхад нь "бөөрийг нь гаргах" гээд яриад байх хэцүү. Хуулийн талаасаа ялсан нам нь Ерөнхий сайдаа санал болгож, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлдэг. Тэр зарчмаар л Засгийн газраа байгуулсан нь энэ байх. Ямар ч байсан харъя. Ажлын зуун хоногтоо юу хийхийг, цаашлаад зургаан сар харъя л даа. Ер нь зовж байж дөнгөж гэрээ баримагц нь дахиад буулгана гэж байхгүй биз дээ. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур л болно. Болохгүй бол хариуцлага тооцоход оройтохгүй.
-Нөгөө "Элсний арван гурав" юу болсон бэ. Ма¬най нам болохгүй байна. Удирдлага болохгүй байна гээд л гарч ирсэн. Нам чинь бүрэн шинэчлэгдээгүй л байгаа шүү дээ. Гэтэл чимээгүй болчихсон болохоор М.Энхболыг унагах гэж зохион байгуулагдсан бүлэг байж гэж харагдаад байна л даа?
-Бид үүргээ гүйцэтгэсэн. Бидний тавьсан зургаан шаардлага биеллээ олсон. Манай нам сонгуульд ялсан нь тэрнээс үүдэлтэй гэж би баталгаатай хэлнэ. Тэр үеийн намын байдал удирдлагын үйл ажиллагааг шинэчлэх талаар хэлж байсан. Намын их хурал дээр намын удирдлагаа солино гэдэг чинь намын олон нийт тийм зүйл хүлээж байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Элсний арван гурав, жигүүр хөдөлгөөнүүд дуугараагүй бол өнөөдрийн амжилт ирэхгүй байсан биз. Хэрэв сонгуульд ялагдсан бол Элсний арван гурав нам хагаргасан, бутаргасан, ялагдуулсан гээд л ярих байсан байх. Гэхдээ Дорнодод Элсний арван гурвыг их сайн хүлээж авсан нь сонгуулийн үеэр ажиглагдсан.

Тэгэхээр бид зөв алхам хийж гэж бодогдсон шүү. Намын шинэчлэл гэдэг бол тасралтгүй үргэлжилж байх ёстой. Одоо ч гэсэн нийгэмд шаардлагатай юу байна. Тухайн үед нийгэмд тавигдаж байгаа зорилтууд юу байна, тулгамдсан асуудлууд юу байна. Үүнийг улс төрийн нам яаж авч үзэж, яаж шийдэх юм бэ гэдэг талаасаа намын шинэчлэлийг нийгмийн амьдрал өөрөө нөхцөлдүүлээд, энийг нь нам дотор тодорхой хэсэг бүлэглэлүүд илэрхийлэх юм уу авч явж чадахгүй бол дахин бүлэглэл юм уу фракц үүсэхийг үгүйсгэхгүй. Одоо Засгийн газар дөнгөж бүрэлдээд байгаа болохоор байдал яахыг хэлж мэдэхгүй. Одоогоор "Одбаяраа наашаа ирж бидэнтэй нэг фракц, бүлэг болооч" гэж хэлэх хүн алга л байна.
-Таныг чинь Ерөнхийлөгчийн хүн гэдэг шүү дээ. Тэгээд ч "Элсний арван гурав"-т багтсан нөхдүүд дандаа Ерөнхийлөгчтэй нэр холбогддог хүмүүс байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийг М.Энхболдыг унагах гэж энэ бүхнийг зохион байгуулсан гэдэг...
-Ерөнхийлөгчтэй холбосон хардлага бол нэлээд явсан л даа. Нам дотор шинэчлэл хийгдэх шаардлагатай. Болохгүй зүйл байна гэхээр намын удирдлагатай холбоотой зүйл харагдах нь ойлгомжтой. Тэгэхээр намын удирдлагыг солих асуудал бол байсан. Намайг Ерөнхийлөгчийн хүн гэж сайд байхад маань анх хэвлэлд бичиж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд гурван төрөл цэргийн хоёрыг нь өөрийнхөө эрх үүргийн хувьд хамаарч байдаг. Хилийн цэрэг, цагдаа хоёр. Ерөнхийлөгч болохоор Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.

Тэгэхээр ажил төрлийн холбоо тогтооно биз дээ. Тийм холбоо Ц.Мөнх-Оргилд ч байсан. Одоо Ц.Нямдоржид ч байгаа. Ерөнхийлөгчийн хүн гэдэг нэр хаяг авна гээд ажлаасаа ухралтай нь биш. Цаашид ч хэн нэгэн товарищ Ерөнхийлөгч байж л таараа. Ямар нэгэн товарищ Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж л таараа. Тэр хоёрын хооронд тэгж хэллээ гээд ажлын холбоо тогтоохгүй байх юм уу. Ямар нэгэн байдлаар нэр хаяг зүүх нь зориуд л тийм байлгах гэсэн оролдлого болохоос биш тухайн хүний талаар тодорхойлолт бол биш. Хувь хүний хувьд бол хүн хэнтэй ч холбоотой байж болно шүү дээ. Хүн л юм чинь.
-Орон нутгийн сонгуулийн өнгө ямар байх бол?
-Орон нутгийн сонгуулийн өнгө аймаг орон нутагт янз бүр байх болов уу. Орон нутгийн сонгууль болохоор л нам эвслээр өрсөлдөх тухай яриад байдаг болохоос орон нутагт хатуу хана хэрэм босгочихсон улс төр гэж байдаггүй шүү дээ. Дорнод аймагт орон нутгийн сонгууль манай намын хувьд их хүнд болж магадгүй. Дорнод аймгийн намын дарга нь сая Их хурлын сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Бүтээн байгуулалтын нэлээд ажил зогсонги байдалд байгаа. Нам дотроо бас үл ойлголцох байдлууд бий болсон. Намын гишүүдийн томилгоо энэ тэрд гомдолтой хүмүүс их байдаг юм билээ.Тэгэхээр Дорнодод орон нутгийн сонгууль хүндхэн болж магадгүй ээ. Гэхдээ намаа орон нутгийн сонгуульд ялуулахын тулд ажиллана. Яагаад гэвэл хувийн эрх ашгаараа сольж болдоггүй намын эрх ашиг гэж байдаг.
2008 оны 9-р сарын 29, Даваа гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment