Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Ямар нэг айдастай хүн төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж чаддаггүй юм байна


“Өнөөдөр” сонины редакцид УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр зочиллоо. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг толилуулж байна.
-Манай сонины урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай редакцид Хууль зүй, дотоод хэргийн үе үеийн сайдууд зочилж, дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан. Таныг ч бас тэдний адил илэн далангүй, сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Танай сонины редакцийн зочноор уригдсандаа баяртай байна. Надад өндөр хүндэтгэл үзүүлсэнд талархсанаа юуны өмнө илэрхийлье.
-Танаас сонирхмоор маш олон асуудал байна л даа. Гэвч бид тодорхой хэдэн сэдэв дээр тогтож ярилцъя гэж төлөвлөсөн юм. Тэгэхээр ярилцлагаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нэг чухал асуудлаас эхэлье. Энэ асуудал сэтгүүлчдийн ажиллах орчинтой маш их холбоотой. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл заалтыг хасах саналыг сэтгүүлчдийн олон байгууллага хамтран тавьсан. Үүнд Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг зөвхөн хэвлэлийнхэнд зориулаад хийчихсэн юм биш шүү дээ. Хоёр иргэн бие биенээ гүтгэж доромжилсон нөхцөлд ч хамаатай. Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан гэдэг нь хүндрүүлэх нөхцөл болчихдог. Тиймээс ерөөсөө болохгүй байгаа хүмүүс нь сэтгүүлчид юм шиг харагддаг нь үнэн. Тэгэхээр тодорхой бүлэг буюу хэвлэлийнхний эсрэг энэ заалтыг хэрэглээд байж болохгүй гэдэгтэй би санал нийлдэг.
Уг нь энэ асуудал Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуультай холбогдож нэлээн яригдсан. Энэ зүйл заалтын талаар яг одоо хэлэлцэх гэж байгаа болохоор тэгнэ ингэнэ гэж хэлэхэд эрт байна.
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яриад эхэллээ. Ц.Нямдорж сайдын үед баталсан энэ хуулийг их хатуу болсон гэж олон нийт үздэг. Үүнтэй та санал хэр нийлдэг вэ? 1000 төгрөг хулгай хийсэн хүнийг давтан үйлдсэн гээд л бараг 10 жил хорихоор болчихоод байгаа шүү дээ.
-Онолын хувьд хатуу, зөөлөн хууль гэж байхгүй. Харин ялын бодлогын хувьд чанга, зөөлөн гэж харагдаж болно. Ялын бодлого талаас нь харж өөрчлөлт хийх, зөөллөх санал нэмэлт, өөрчлөлт дотор байгаа.
-Эрүүгийн шинэ хуулиар шүүх тухайн хэрэгтэнд оноосон ялыг багасгах, ихэсгэх боломж байхгүй болсон. Хуучин бол ямар нэг хэрэгт гурваас таван жил онооно гэх маягаар нааш цааш нь хөдөлгөх боломжтой байв. Одоо бол тэгсэн бол тав, ингэсэн бол 10 жил гээд хатуу заачихсан.
-Тэр үнэн. Эрүүгийн хуулийг шүүх өөрийн үзэмжээр хэрэглэх боломжгүй болгосон нь шүүх дээр үндэслэлгүйгээр ялыг бууруулж байна гэсэн элдэв гомдол, саналыг харгалзаж үзсэнээс үүдэлтэй юм. Одоо ч энэ байр сууринаасаа ухрахгүй. Харин ямар хэргийг аль ангилалд хамааруулах вэ гэдгийг илүү нарийвчлах шаардлагатай гэж бид үзсэн.
-Ялын бодлогыг чангалсны үр дүн танд харагдаж байна уу?
-Мэргэжлийн хүний нүдээр харахад хуулийг чангатгаснаар эерэг үр дүн гарч байгаа шүү. Эрж хайж байгаа 20 гаруй хvн бий.
-Цаг үеийн асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид МАХН-ын байрны өмнө суулт зарласан. Бас нэг хохирогч амиа хорлолоо гээд сонинд мэдээлчихэж. Энэ асуудлыг даруй нэг тийш болгомоор байна шүү дээ. Зээлдэгчдийн нэрийг зарласан ч бүр том “акул”-уудыг нь нууцлаад үлдлээ гээд байгаа. Яагаад нуугаад байгаа юм бэ?
-50-иас дээш сая төгрөг оруулаад хүүтэй нь буцааж авсан 80 шахам хүний нэрийг бид зарласан. Томууд нь тэр шүү дээ.
-Цаана нь бүр их зээл авсан, та нарын зарлаагүй, бас олдохгүй байгаа 80 гаруй хүн байгаа юм биш үү?
-Эрж хайж байгаа 20 гаруй хүн бий. Цагдаа болон Интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаа.
-Том зээл авсан хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа юм биш үү. 800 сая төгрөг зээлсэн Л.Дамдинсүрэнгээс өөр хүний нэр дуулдахгүй байна л даа. УИХ-ын гишүүдээс ч зээл авсан хүн байгаа гээд буй шүү дээ.
-Бидэнд тийм мэдээлэл ирдэг юм. Тэр гишүүн төчнөөн төгрөг зээлж аваад эргүүлж төлөөгүй гэдэг ч юм уу. Хоршоодын зээлдэгчдийн нэрс дотор хайхаар зээл авсан УИХ-ын гишүүн байдаггүй юм. Бид баримт түшиж л асуудалд хандана шүү дээ. Тийм нэр алга аа гэхээр цаадах чинь дүүгийнхээ, ахынхаа нэр дээр авсан гэдэг. За тэгвэл тийм хүний нэр дээр авсан гээд баримт гаргаад ир, бид шалгая гэхээр алга болчихдог. Том зээлдэгчдийн нэрийг нууцалсан, дарсан асуудал ерөөсөө байхгүй. Тэгэх ямар шаардлага байгаа юм.
-Дээр хэлсэн 20 хүн чинь том зээлдэгчид биш үү?
-Хардлага их байгаа нь үнэн. Харин тэр 20 гаруй хүн том зээлдэгчид биш. Бага хэмжээний зээл авчихаад гадагшаа гарчихсан, хаяг нь тодорхой биш л хүмүүс. Одоо байгаа баримтаар хамгийн том зээлдэгч нь Л.Дамдинсүрэн.
-Мөрдөн байцаалтын шатанд ер нь хохирол барагдуулсан уу?
-Хохирол барагдуулсан асуудал байхгүй. Харин цөөнгүй хүн зээлээ төлсөн. 1024 зээлдэгчийн 300 гаруй нь зээлээ төлсөн.
-Хохирлын 50 хувийг төрөөс барагдуулах хууль гацаанд орлоо. Өөр гарц байна уу?
-Хадгаламж зээлийн хоршооны хэргийн хамгийн хэцүү үе өнгөрчихсөн. Энэ хэргийг мөрдөөд, буруутныг нь тогтоогоод шүүхэд шилжүүлсэн. Энэ бол том ажил. Харин одоо хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал үлдэж байна. Ний нуугүй хэлэхэд улс төрийн шийдэл ч шаардаж байгаа. Иргэд маш олон захидал ирүүлж байна. Тэдний олонх нь татвар төлөгчдийн мөнгөөр ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах нь буруу гэж үзэж байна.
Үнэндээ бол Засгийн газар судалгаа, тооцоогүйгээр асуудалд хандаад байгаа юм биш. Засгийн газар иргэддээ тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Хийж болох нэг алхам нь энэ. Хохирогчдын хүсч байгаагаар шийдье гэхээр Засгийн газарт тийм эрх, боломж байхгүй. Тиймээс хууль гаргаж байж л шийдэх болоод байгаа юм. Гэвч хуулийн төсөл маань Байнгын хороон дээр уначихлаа. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд нэлээд хүндрэлтэй болох нь. Ямар ч байсан Засгийн газар хуулийн төсөл боловсруулж парламентаар хэлэлцүүллээ, ард иргэдийнхээ санаа бодлыг мэдэж авлаа. Одоо УИХ дараагийн алхмыг хийх ёстой.
УИХ-аар энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ард нийтийн санал асуулга зарлах хэрэгтэй. Манайхан ард нийтийн санал асуулгыг улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул занал учрахаар л зарлах ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл ХЗХ-ны хэрэг улс орны хэмжээний томоохон асуудал болоод байна шүү дээ. Энэ асуудлыг Засгийн газар дангаараа шийдэх боломж алга. Хууль тогтоогчид шийдэж чадахгүй байна. Тэгэхээр дараагийн алхам нь ард нийтийн санал асуулга зарлах явдал.
-Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө бусад намтай зөвшилцөл, тохироо хийсэн үү?
-Хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө АН-ын зөвлөл, МАХН-ын бүлэгт танилцуулсан.
-ХЗХ-ны хохирлын 50 хувийг барагдуулах хуулийн төсөл батлагдлаа гэж бодъё. Тэгвэл энэ хууль хэрэгжих магадлал хэр их вэ?
-Хугацаа маш их шаардана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжиж таарна. Хуулийн орчин бүрдсэн цагт энэ байгууллага тасралтгүй ажилладаг онцлогтой. Татвар заавал төлөх ёстой гэдэг шиг шүүхийн шийдвэр заавал биелэх ёстой. Тиймээс тодорхой цаг хугацааны дараа төр гаргасан мөнгөө эргүүлээд олж авах бүрэн боломжтой. Нэг баримт хэлье. 2000 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэх хуудасны дүнгийн нийт хэмжээ 80 тэрбум төгрөг байсан юм.
Үүнээс хойш долоон жил өнгөрөхөд 30 тэрбум төгрөгийн асуудал үлдсэн. Тэгэхээр боломж байгаа биз. Үүнийг тооцож үзээд Засгийн газар 50 хувь гэсэн байхгүй юу. 60, 70 хувь гэсэн бол асуудал эргэлзээтэй болж магадгүй гэж тооцсон юм. Түүнээс биш зүгээр сууж байгаад “За таллаад 50 хувь гэчихье” гэсэн юм биш.
-Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээг яаж хийсэн бэ? Зарим обьект нь яагаад ч үнээ барихгүй гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл, хийсвэр үнэлгээтэй гээд байгаа.
-Үнэлгээг Нийслэлийн ЗДТГ-аас комисс гаргаж хийсэн. Хадгалалт хамгаалалтын байдлаас, цаг хугацаа удааширч байгаагаас үнэлгээ нь буурах зүйл бий. Зах зээлийн зарчмаар үнэлгээ нь нэмэгдэх хөрөнгө ч бас байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эдгээр хөрөнгийг дуудлагаар худалдана. Тэнд л жинхэнэ үнэлгээ нь харагдана. Ер нь бол үнэлгээ байнга хувирч л таарна.
-Тэгэхээр таны яриад байгаа 30 тэрбум гэдэг барьцтай тоо биш болж таарах нь ээ.
-Дүнгээрээ бол барьцтай тоо. Газар, байрлал сайтай обьект гээд үнэлгээ нь өсөх хөрөнгө нэлээд бий. Яаж өсөхийг одоо таамаглах боломжгүй. Бас үнэлгээ буурах зүйл ч зөндөө. Ухаан нь хэдэн мал тоолуулчихсан хүн байна. Тэр нь өвөл үхчихсэн байх тохиолдол ч гарсан.
-”Гэр хорооллын барилгажилт” хоршоо бусдыгаа бодоход харьцангуй өндөр үнэ хүрэх нэлээд олон обьекттой байсан юм билээ. Тэдний хохирогчид хоршооныхоо нэр дээр байгаа үйлчилгээний газруудыг ажиллуулж, олсон орлогоороо гишүүдийнхээ хохирлыг барагдуулах саналтай байдаг гэсэн. Энэ саналыг нь харгалзаж үзэж болохгүй юу. Заавал бүх ачааг төр үүрэх гээд байх хэрэгтэй гэж үү?
-Тэдгээр хүмүүс тооцоо, судалгаагаа бидэнд танилцуулсан. Бид нарийн сайн судалж үзсэн. Азийн хөгжлийн банкны зөвлөхийг хүртэл түр авч ажиллуулсан. Гэвч нэгэнт хэрэг үүсгээд бүх хөрөнгийг битүүмжилсэн болохоор түүнийг хөдөлгөөнд оруулах ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа бид энэ рестораныг ажиллуулна энэ тэр гэвэл боломж гарах байх.
Ер нь бол энэ асуудал их бэрхшээлтэй юм билээ. “Гэр хорооллын барилгажилт” хоршооны гишүүд гээд байгаа хүмүүс маань яг үнэндээ гишүүн биш байсан. Харин одоо болохоор бид хурал хийгээд гишүүн болсон гэж бидэнд мэдэгдэж байгаа. Тэр хоршооны 2000 шахам хохирогч энэ асуудал дээр хоорондоо санал нийлдэггүй. Нэг хэсэг нь идэвх гаргаад бидэнд дээрх маягаар ч юм уу элдэв асуудал тавьдаг. Гэтэл нөгөө хэсэг нь ирээд “Тийм шийдвэр гаргаж болохгүй шүү. Наад хэдэн хүн чинь л хуваагаад авчихна. Бид хохирдгоороо хохироод л үлдэнэ” гэдэг.
-ХЗХ-ны хохирогчдод өөрсдийнх нь хүлээх эрсдэл гэж байх ёстой биз дээ. Тэдний мөнгийг хүчээр булаагаад авчихаагүй шүү дээ. Та юу гэж бодож байна?
-Мэдээж байх ёстой.
-Хэдэн хувийг нь хохирогчдын өөрсдийнх буруу гэж үзэх ёстой вэ?
-Үүнийг хувиар тооцох боломж үнэхээр байхгүй. Шүүхийн шийдвэр яаж гарахаас л хамаарна. Шүүхийн одоо гаргачихаад буй шийдвэрээр бол ХЗХ-ны эзэд л хохирлыг 100 хувь хариуцах болоод байгаа.
-Хурааж авсан баахан обьектын тухай л яриад байгаа. Гэтэл дампуурсан хоршооны эзэд гадаад, дотоодын банкинд өөр хүний нэр дээр мөнгөө хадгалуулчихсан гэсэн хардлага их байна. Энэ асуудлыг шалгасан уу?
-Макао болон Арабын зарим улсад мөнгө байршуулсан гэсэн яриа, хардлага байдаг юм. Энэ асуудлыг хөөцөлдөж үзсэн. Гэвч зарим нэг улсаас манай цагдаагийн ажилтнуудыг хүлээж авахгүй гэсэн хариу ирээд байгаа.
-Шалтгаан нь юу юм бол?
-Шалтгааныг бид хэлж мэдэхгүй байна. “Манайх Интерполын гишүүн улс. Танайх ямар шалтгаанаар хамтарч ажиллахаас татгалзаж байгаа юм бэ” гэсэн утгатай бичиг явуулчихаад хариуг нь хүлээж байна.
-Ийм асуудал үүссэнээс бага биш хугацаа өнгөрлөө. Тиймээс хүмүүс тодорхой үр дүн хүлээгээд байна, сайд аа?
-Бид ч энэ асуудлыг түргэн шийдэх юмсан гэж хүсч байна. Хатуухан хэлэхэд, нэг хэсэг манайхан өөр ямар ч ажилгүй юм шиг ХЗХ-ны асуудалд анхаарал тавилаа шүү дээ. Бид ажиллаж байна. Асуудал ярвигтай болохоор шийдэх процесс удааширч байна.
-ХЗХ-ны хэрэгт УИХ-ын нэг ч гишүүн холбоогүй гэдгийг та баттай хэлэх үү?
-Одоогийн байгаа баримтаар бол УИХ-ын нэг ч гишүүн энэ хэрэгтэй холбоогүй гэдгийг би баттай хэлнэ. Хэн нэг хүнийг хамгаалаад, хайцаалаад буй юм бидэнд ерөөсөө байхгүй.
Тэднийг илрүүлэхийн тулд далд тоглоомын газарт алдсан мөнгийг тань олж өгнө шvv гэдэг мессеж хvртэл явуулж байгаа
-Олон чухал хууль УИХ-аар яригдаж байна. Үүний нэг нь Хязгаарлагдмал казиногийн тухай хууль. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Одоогоор манайд казино байгуулах хуулийн бага ч гэсэн орчин байгаа. Зарим чөлөөт бүсэд казино байгуулж болно гэсэн хуулийн заалт бий. Энэ хүрээнд Казиногийн хуулийг хэлэлцэх бүрэн боломжтой.
-Танай яам Казиногийн хуулийн төсөл боловсруулж байсан байх аа?
-Тэгсэн. Удалгүй больсон.
-Яагаад?
-Засгийн газар ийм хууль санаачилж оруулах нь зохисгүй юм гэж үзээд больчихсон.
-Л.Гүндалай гишүүн казиногийн тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Та тэр төсөлтэй танилцсан уу?
-Үгүй.
-Мөрийтэй тоглоомын газруудыг хаачихсан гэж буй ч тэд аргаа өөрчлөн РС, интернэт нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж буйг та мэднэ биз дээ. Манай сонинд хотын хэд хэдэн дүүрэгт ажиллаж байгаа тоглоомын газруудаас хийсэн сурвалжлага нийтлэгдсэн.
-Интернэт тоглоом, РС зэргийн хувьд хотын захиргаатай хамтраад ажиллаж л байна. Ер нь тодорхой шийдвэр гарах байх. Иргэдийн ирүүлсэн мэдээлэл, сонин хэвлэлд гарсан зүйлийн дагуу бид шалгаж үздэг. Үр дүн гарч байгаа. Далд хэлбэртэй тоглоомын газрууд байгаа гэдгийг би үгүйсгэхгүй. Тэднийг илрүүлэхийн тулд далд тоглоомын газарт алдсан мөнгийг тань олж өгнө шүү гэсэн мессеж хүртэл явуулдаг. Ямартай ч бид зүгээр хараад суугаагүй. Зохих ажлуудыг хийж л байна.
-Казиногийн хуулийн төсөл араасаа нэлээд хэл ам дагууллаа. Магадгүй үүнийг батлуулах сонирхолтой бүлэг байгааг үгүйсгэхгүй. УИХ-аар орж байгаа хуулийг зайлшгүй батлуулахын тулд лообий бүлэг ажилладаг нь нууц биш шүү дээ. Энэ хуулийг дэмжих талаар лообий бүлгийнхэн тантай уулзаж байсан уу?
-Лообий бүлэг гээд нэг их айхавтар уулзаад байгаа юм алга. Хуулийн талаар ийм бодолтой байна, Засгийн газар ямар саналтай байна гэх зэргээр ярьж байсан хүн бол бий. Жишээ нь, Шаравдорж гишүүн хуулийнхаа тухай ярьж л байсан. Түүнээс яг тийм ийм лообий бүлэг гэж байхгүй байх.  30 хоногийн дотор визгvй зорчуулна гэдгийг ч даруй болих хэрэгтэй
-30 хоногийн визтэй орж ирээд энд үлдэж байгаа гадаадын иргэд олон байна. Ер нь манайд иргэний бүртгэлийн ажил их хоцрогджээ. Хятадууд зодоон хийлээ гэж хожим нь сүржигнэдэг. Эхнээсээ хянах ёстой биш үү?
-Жижиг орнуудын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын нэг баталгаа нь иргэдийн бүртгэлийн маш нарийн систем. Манай бүртгэл, тооцоо ийм хэмжээнд байхгүй байна. Иргэнээ хаана явж буйг улс нь мэдэхгүй, өмч нь хаана байгааг өмчийн байгууллагууд мэдэхгүй байна шүү дээ. Бүртгэлгүй иргэд бас цөөнгүй байна.
Гадаадын иргэн, харьяаттай холбоотой асуудал маш их анхаарал татаж байгаа нь үнэн. Бүртгэлийн асуудлыг үнэхээр сайжруулах ёстой. 30 хоногийн дотор визгүй орж гарч хүмүүст сайн хяналт тавьж чадахгүй байна. Ойролцоогоор 10-аад мянган хүн байнга орж гарч байна гэсэн тооцоо гарсан.
-10-хан мянга уу. Бага тоо юм биш үү?
-30 хоногийн дотор ороод гарч байгаа хүмүүсийг хил дээр бүртгэж байгаа шүү дээ. Хилээр орж гарсан тэмдэг дарж л таарна. Харин тэдний хэд нь Монголд үлдэж байгааг сайн мэдэхгүй. “Паспортын хяналтын нэгдсэн сүлжээ” гэсэн төслийг бид хэрэгжүүлж эхлээд байгаа. 19 боомтыг энэ нэгдсэн сүлжээнд холбохоор орж гарч буй иргэдийн бүртгэл цэгцэрнэ гэж бид үзэж байгаа.
-Боомтыг цөөлөх ёстой гэж та боддог уу? Олон боомттой болохоор гадаадын иргэд, нэн ялангуяа хятадууд олноор орж ирж хууль бусаар Монголд амьдраад байгаа юм биш үү?
-Би боомтыг цөөлөх ёстой гэж бодохгүй байна. Одоо бидний хийж байгаа тооцооны аргачлалаар бол тийм олон гадаадын иргэн Монголд байхгүй. Бид иргэдээс мэдээлэл авч, ажилчин авахаар урьсан байгууллагуудтай харилцаж байна. Янз бүрийн аргаар хяналт тавьдаг. Хилээр орж гарч байгаа бүх хүнийг нарийн бүртгэх ёстой. Хэзээ орж ирээд хэдийд гарав, Монголд байхдаа хаана байрлав, хаагуур явав гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй л дээ. 30 хоногийн дотор визгүй зорчуулна гэдгийг ч даруй болих хэрэгтэй. Гэхдээ энэ нь гадаадын иргэдийг зорчиход хязгаар тавина гэсэн үг биш шүү дээ. Хяналтаа сайжруулах нэг хэлбэр.
-Энэ талаар хуулийн төсөл орж ирсэн үү?
-Орж ирээгүй. Гэхдээ бид хуулийн төсөл бэлтгэж байгаа.
-Хил дээр хийж байгаа бүртгэлд та хэр итгэлтэй байдаг вэ? Тэнд бүртгэл хийж байгаа хийлийн цэргийн боловсрол нимгэн байлдагчийн бичиг үсгийн чадварт итгэж болох юм уу?
-Итгэнэ ээ. Хүмүүсээ бид сургалт, семинарт хамруулж байна. Техник, технологийн шинэчлэл хийж байна. Найдвартай сүлжээ ажиллаж байна. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд, Сүхбаатар гэсэн дөрвөн боомт нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа. Одоо бид нэлээн сайн хяналт тавьж чадаж байгаа шүү. Цаашид ч энэ тал дээр шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх ёстой.
-Хүмүүсийн хамгийн их хүлээж байгаа, амьдралд хэрэгтэй хуулийн төслүүд Байнгын хороон дээр унаад байдгийн шалтгаан юунд байна вэ?
-Би наадахыг чинь бодож үзсэн юм аа. Малын хулгайтай тэмцэх тухай хууль унахад маш их харамссан. Нарийндаа тэр хууль бусаар унасан юм. Энэ парламент их сонирхолтой бүтэцтэй. Хууль ёсны олонх гэж байхгүй. Янз бүрийн ажил хийж байсан, янз бүрийн давхаргын хүмүүс орж ирсэн зэргээс үүдээд ил далд сонирхлын олон зөрчил явж байгаа. Түүнээс шалтгаалдаг. Мөн хуулийн төсөл унагаж байгаа хэсгийн рейтинг өсдөг болсон. Манайд хууль боловсруулж, батлах явдал дэндүү амархан болчихож.
Одоо 360-аад хууль байна. Хуульчилсан акт, Их хурлаас гаргасан шийдвэр энэ тэр гэхээр 1000-аад юм байна. Тэгэхээр хууль боловсруулж батлах процедурыг нэлээд хүнд сурталтай болгох хэрэгтэй юм. Суурь хуулиудаа баталчихсан, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үед хуулиудынхаа давхардлыг арилгах хэрэгтэй байна.
Бас хуулийг нэг гишүүн санаачилдаг нь зөв юм уу гэдэг дээр ч бодох хэрэгтэй. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг дүгнэхдээ ч тоог хэтэрхий баримтлахаас чанарт төдийлөн анхаарахгүй байна. Уг нь нэг чуулганы хугацаанд шинэчилсэн найруулгаар, эсвэл шинээр 6-8 хууль гараас гаргачихад хангалттай. Их хурлын гишүүдийг Байнгын хороонд давхардуулж оруулдгийг ч болих хэрэгтэй санагддаг. Яг үнэндээ хууль санаачилсан хүмүүс нь л батлуулах гэж гүйж байгаа болохоос нэлээд нь бүтэн уншиж үзээгүй л байдаг юм.
-Төсөл унагаж байгаа бүлгийн рейтинг өсдөг гэж та ярилаа. Ер нь улс төрийн намын дарамт шахалт ажил хэрэгч байдлаар асуудалд хандахад хэр нөлөөлдөг вэ?
-Манай яамны хувьд харьцангуй гайгүй. Яагаад гэвэл манайх олон улсын жишгээр шударга ёсны яам шүү дээ. Дээрээс нь хуульчдын мэргэжлийн “өвчин” нь шударга байх. Тэр талаасаа манай салбарын ажил бусдаас илүү “хайрцагтай”. Тиймээс шахалт дарамт гарлаа гэхэд тэр “хайрцгандаа” л ярина.
Дээрээс нь ХЗДХЯ нэг их эдийн засгийн сонирхол төрүүлээд байх газар биш. Нарийндаа төсвийн үлдэгдлээр санхүүждэг яам. Тиймээс дарамт шахалт гэх юм байхгүй. Бидний өгдөг хариулт товчхон. “Хууль ийм байна” л гэдэг. Хуулиа барьсны төлөө дарамтлуулаад, шахуулаад байгаа юм бол алга. Хууль гэж баталгаатай хамгаалалт байна. Ирэх сонгуульд нэр дэвшиж таарна
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшиж л таарна.
-Яагаад таарна гэж?
-Яагаад гэвэл нэгдүгээрт, сонгогч олон түмэнтэйгээ байнгын холбоотой байгаа. Хоёрдугаарт, энэ бол миний сонгосон зам. Залуу хүний хувьд замынхаа дөнгөж дунд хавьд л явж байгаа шүү дээ. Тиймээс замын дундаас буцна гэсэн ойлголт байхгүй. Гуравдугаарт, би хүмүүсийн төлөө явдаг хүн. Энэ маань гэр бүлийн дотор ч мэдэгддэг. Гэрийнхэн маань чи дандаа хамт олон, найз нөхөд гэх юм гэж шүүмжилдэг.
-Тойргоо солихгүй биз дээ?
-Солихгүй ээ.
-Та яагаад ийм итгэлтэй байгаа хэрэг вэ. Дорнодод нэрийг тань дэвшүүлнэ гэсэн визийг намаасаа авчихсан юм уу. Хаа сайгүй тойргийн өрсөлдөөн одооноос ширүүн өрнөчихсөн байна шүү дээ?
-Би энэ аймагт төрж, өссөн. Бас зориглож очоод аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллахад минь намайг их сайхан дэмжсэн. Миний сайн яваа нь тэр ард түмэн боломж олгосны ач. Түүнээс биш би мундагтаа төрийн өндөр алба хашаад байгаа юм биш. Тиймээс 2008 оны сонгуульд Дорнодынхоо сонгогчидтой дараагийн дөрвөн жилд хэдүүлээ ямархуу байдлаар ажиллах вэ гэдгээ ярих боломж бий гэж бодоод байгаа шүү.
-Дорнодтой холбоотой хэд хэдэн асуудал сүүлийн үед үүссэн. Тухайлбал, “Хэрлэн говь” төсөл, Мянганы замын чиглэл гэх зэргээр. Эдгээр асуудал дээр таныг байр сууриа илэрхийлэхгүй байна хэмээн шүүмжилж байсан.
-Мянганы замын зүүн чиглэлийг Чойбалсангаар дайруулж олон улсын автозамын сүлжээнд оруулах асуудлыг ярьж байгаа. Би үүнийг дэмждэг. Сүхбаатар, Дорнод аймгийнхны хооронд ялимгүй үл ойлголцол гарсан юм уу даа. Түмэнцогтоос Баруун-Урт руу зам тавьчихад л Сүхбаатар аймгийн замын асуудал шийдэгдчихнэ. Тэндээс Хөлөнбуйр-Булган, Чойбалсан-Бага хүрээ-Мэнэн гэсэн маршрутаар тавихад замын нийт урт 15 км-ээр нэмэгдээд шийдэгдчих юм билээ. Энэ асуудлыг С.Ламбаа, Л.Гансүх гишүүн нар санаачилсан.
Тэдэнтэй хамтраад асуудлыг шийдэх боломжтой гэж би үзэж байгаа. Ерөнхий сайдад танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлнэ гэсэн. Гэхдээ дэмжлэг авч олигтойхон шийдүүлэхийн тулд намын бүлэгтэй бас ярих хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Одоо ч замын ажил явж байгаа. Эхний 100 км замыг тавьж байхад Чойбалсан хотоор дайрах эсэхэд нөлөөлөхгүй юм билээ. Манайхан энэ асуудлыг ярихгүй байсаар замын ажлыг эхлүүлчихлээ гэж адгаад байгаа юм.
“Хэрлэн говь”-ийн хувьд манай хоёр гишүүн л хэрэгтэй гэж үзээд гаргасан юм байгаа биз дээ. Гэхдээ одоо энэ асуудлыг больсон нь дээр ээ. Аль социализмын үед хийсэн судалгаа ч боломжгүйг нь нотолдог юм. Усны чиглэлийн олон эрдэмтэн эсэргүүцэж байна. Тэр үеэс хойш усны ай сав нь яаж өөрчлөгдсөн, ус нь яаж багассан, цөлжилт яаж нэмэгдсэн гээд маш олон хүчин зүйлийг харгалзах ёстой. Тийм болохоор энэ санал нэг их явахгүй байх аа. Ирэх жилийн сонгууль өнгөрвөл тэгсгээд намжих яриа хөөрөө байлгүй дээ. Байгаль дэлхийгээр дураараа тоглоод сайхан үр дүнд хүрч байсан жишээ байхгүй. Эрх зүйн орчин нь ч нарийндаа тийм ч ойлгомжтой биш юм билээ.
-Таныг Дорнодод сайн ажилласан, нэр хүнд сайтайг тань мэднэ. Гэхдээ сонгуульд хувь хүний нэр хүндээс гадна намын рейтинг нэлээд нөлөөтэй шүү дээ. Гэтэл танай намын рейтинг сүүлийн үед урьд байгаагүйгээр унаж байна. Ийм нөхцөлд та тийм итгэлтэй байж чадна гэж үү?
-Намын рейтинг унаж байгаа тухай янз бүрийн судалгаа бий. Үнэндээ намын шинэчлэл дээр бодмоор зүйлүүд байна. Энэ намын шинэчлэл ганц МАХН-д хамаатай биш, нийгэмд хэрэгтэй гэдэг утгаар үүнийг хийх хэрэгтэй. Өнөөдрийн УИХ, Засгийн газар яаж ажиллахаас ихээхэн хамаарах ч сонгуульд намын нэрээр оролцоно гэдгийг мэдээж сайн бодох хэрэгтэй.
-Танай нам дотор байгаа олон бүлэглэл, фракц хэр бодитой үзэгдэл вэ?
-Нам доторх төрийн бус байгууллагын зохион байгуулалтууд бол байна аа. Яг хуулиар фракц болчихсон юм харагдахгүй байна. Ашиг сонирхлын юм уу, үзэл бодлын түр зуурын бүлэглэлүүд бол бий.
-Рейтинг унаж байгааг намын даргын идэвхгүй байдалтай холбож болох уу?
-Нам гэдэг үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрсөн олон мянган гишүүдийн нэгдэл. Тэгэхээр намынхаа рейтингийг дээшлүүлэхэд гишүүн бүрийн оролцоо хэрэгтэй. Лидерийн үүрэг гэж байлгүй яах вэ. Бас намын бодлогыг хүнд хүргэж ойлгуулахад жирийн гишүүний үүрэг асар их шүү дээ.
-МАХН 2008 оны сонгуульд ҮШН, Эх орон намтай эвсэл болж орно гэсэн таамаг байдаг. Энэ хэр ортой вэ?
-Би намын хэмжээнд асуудлыг ярих эрх мэдэлтэй хүн биш шүү дээ. Тэгээд ч би наад тухай чинь огт сонсоогүй юм байна.
-Эдгээр намынхантай нэг кабинетад ажиллаж байгаагийн тань хувьд ийм хувилбар байвал боломжтой юу гэдгийг сонирхсон юм?
-Юм их хурдан өөрчлөгдөж байна. Тийм зүйл болно, үгүй гэж урьдчилж хэлэх боломж алга. Цаг хугацаа л харуулна даа.
-МАХН шинэчлэгдэж байгаа гэж олон хүн ярьдаг. Яг үнэндээ шинэчлэл явагдаж байгааг та мэдэрдэг үү?
-Намд шинэчлэл хийгдэж байгаа. Нам сүүлийн үед гишүүдээ сонсож байна, гишүүдийн оролцоог намын анхан шатны байгууллагууд дээр идэвхжүүлж, тэдний санал дээд байгууллагадаа түргэн шуурхай ирдэг механизм бий болсон. Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, намын бодлогыг нийгэмд хүргэх тал дээр ажиллаж байна. Намын шинэчлэл гэдгийг нам доторх ардчилал, гишүүн бүр намынхаа ажилд оролцох боломжийг дүрмийн болоод үйл ажиллагааны хүрээнд хэр хангаж байна вэ гэдгээр хэмжинэ шүү дээ.
-Танай намыг лидер олонтой гэдэг. Орон зайгаа булаалдсан тийм олон лидер үнэхээр байна уу?
-Орон зайгаа булаалдаж буйг нь би мэдэхгүй. Элдэв судалгааны дүн, олон түмний үзэж байгаагаар лидерүүд байна ш дээ.
-Тэд хоорондоо хэр эв нэгдэлтэй харагдах юм?
-Тэрийг нь би тодорхойлдог хүн биш.
-Таныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хооронд хар муур гүйлгэдэг гэж хэвлэлд бичсэн байсан?
-Бусад сайдтай харьцуулбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ерөнхийлөгчтэй нэлээд олон асуудлаар холбогддог. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Монголд үүрэг гүйцэтгэж байгаа гурван төрлийн цэргийн хоёр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад хамаардаг учраас Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дуудна. Элдэв асуудал гарвал танилцуулах хэрэг гарна.
Бас би Ерөнхий сайдын шууд удирдлага дор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажилладаг. Энэ л зарчмаа баримтлаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай харилцдаг. Түүнээс энэ хоёрын хооронд гүйгээд хов зөөгөөд байгаа юм биш. Төрийн өндөрлөгүүд миний үгэнд ороод, надаар харилцаагаа тодорхойлуулаад байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Сайд болоод хийсэн хэд хэдэн томилгоо тань хүмүүст иймэрхүү хардах сэтгэл төрүүлсэн байх магадлалтай. ЦЕГ-ын даргаар Ерөнхийлөгчийн багын найзыг томилсон. Замын цагдаа, Хил хамгаалах байгууллагад Дорнодод хамт ажиллаж байсан нөхдөө авчирсан гэх мэт. Эдгээр томилгоог хийхэд ямар нэг дарамт шахалт байсан уу?
-Сайд бие дааж асуудлаа шийдэж чадсан уу гэдэг асуулт гэж ойлголоо. Үүнд би чадсан гэж баттай хэлнэ. Монголын цагдаагийн байгууллагад танигдсан, үнэлэгдсэн кадруудыг байршуулж ажиллуулж байна. Өмнө нь яаманд хүчний байгууллагыг хариуцан ажиллаж байсны хувьд хэн нь хэн бэ гэсэн багцаа надад бий. Ганболд хурандаа эрүүгийн ертөнцөд танигдчихсан сайн цагдаа. Цагдаагийн байгууллагыг аваад явчих чадвартай.
Замын цагдаагийн дарга Ядамдорж Дорнодод надтай хамт ажиллаж байсан нь үнэн. Сайн ажиллаж байсан. Дорнодын цагдаагийн газар 2000-2004 онд жил дараалан системдээ тэргүүлж байсан. Дараа нь сургуульд явсан. Одоо ЗЦГ-т сайн ажиллаж байгаа. Ажлынх нь үр дүн гарч эхэлсэн. Хилийн цэргийн удирдлагыг яг хил дээр, отрядын даргаар ажиллаж байсан боловсон хүчнээр бэхжүүлэх бодлого барьж байна. Өмнө нь Хилийн цэргийн удирдлагад отрядын дарга байсан дөрөвхөн хүн байсан юм шүү. Үүнийг нэмэгдүүлсэн. Яагаад гэвэл энэ алба өөрөө их онцлог. Тиймээс застав, хилийн харуулын амьдрал мэддэг хүмүүс зөв шийдвэр гаргана гэж үзсэнээс зарим хүмүүсийг дэвшүүлж байна. Цаашид ч энэ бодлогоосоо ухрахгүй.
-Сүүлийн үед онц ноцтой гэмт хэргийн гаралт их байна, үйлдэл нь улам харгис хэрцгий боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Ийм яриа эрүүгийн хэргийн тоо бүртгэлттэй холбоотойгоор гарч байгаа байх. Энэ тал дээр бид шинэчлэл хийж байгаа. Урд нь Улаанбаатарт шөнөдөө 20-25 гэмт хэрэг гардаг гэж бүртгэдэг байж. Бид гэмт хэргийг том, жижиг гэлтгүй бүгдийг бүртгэх бодлого барьж байна. Ингэж байж л хэр олон хэрэг бодитойгоор гарч байгааг мэдэх боломжтой. Хоёр нөхөр зодолдлоо гэхэд цагдаа очиж салгана.
Үүний тулд тодорхой зардал гарах ч түүнийгээ хэрэг гэж бүртгэдэггүй. Одоо тэр болгоныг бүртгээд ирэхээр гэмт хэрэг өссөн дүн харагдаад байгаа юм. Өмнө нь гэмт хэргийг цаасан дээр бууруулдаг тогтолцоо ч байлаа. Одоо бол Улаанбаатарт шөнөдөө 50-60 хэрэг гарч байна. Үүнийг 40 болгож чадвал бодитойгоор бууруулсан гэж үзэж болно биз дээ. Онц ноцтой хэрэг өмнөхөөсөө илүү гарч онцгой өссөн юм байхгүй.
-Бид их цөөхүүлээ. Гэсэн атлаа дотроо их зөрчилдөх юм. Энэ нь улс төр, бизнесийн салбарт бүр ч илүүтэй ажиглагдаж байна. Энэ лав сайны ёр биш байх.
-Аливаа зүйлийн үнэ цэнэ ямар хүн эзэмшиж байгаагаас болж тодорхойлогддог явдал бий. Түүн шиг улс орны нэр хүнд ард түмэн нь ямар байгаагаар тодорхойлогддог. Монголчууд бид эв найртай, нэгэн цул болж байх ёстой юм. Хэрэв эв нэгдэлгүй байвал задрал явагдана, сул орон зай их гарна. Хамгийн аюултай нь тэр сул орон зайг эзлэх гэсэн сонирхол гадаад ертөнцөд бий болно.
Сүүлийн үед гадаад улс орны эдийн засгийн янз бүрийн бүлэглэлүүд, тусгай албадын манайх руу хандах сонирхол илтэд нэмэгдэж мэдэхээр нөхцөл байдал ажиглагдаж байна. Аливаа асуудлыг хүчээр шийдэх, мөнгөний нөлөөг нэмэгдүүлэх, хууль бус санхүүжилт орж ирэх аюул их ойрхон байна. Орж ирж ч байна. Үүнд би маш их санаа зовж явдаг. Үүнийг дор бүрнээ сайн бодож, эв нэгдэлтэй байх ёстой.
-Таны санааг зовоож байгаа өөр асуудал байна уу гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Монголын төрийн тогтолцоог улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн хүрээнд хийх ёстой. Төрд ажиллаж байгаа зарим хүн урд өмнө хийсэн хууль бус үйл ажиллагаагаа халхлахад төрийн нэрийг ашиглаж байгаад би маш их эмзэглэдэг. Ямар нэг айдастай хүн төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж чаддаггүй нь харагдаж байна.
2006 оны 9-р сарын 23, Бямба гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment