Thursday, 3 May 2012

Д.Одбаяр:Компанийн захирал 50 дахин илүү хувьцаа авах ёсгүй


УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ярилцлаа
Тавантолгойн  ордын 94 хувийн нөөцийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани эзэмшиж буй. Үүний 10 хувийн хувьцааг ард иргэддээ тэгш хуваарилан олгож, 10 хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаална хэмээн УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан. Д.Одбаяр нарын болон Я.Батсуурь нарын гишүүдийн санаачилсан УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Энэхүү хуулийн төслийг санаачлагч Д.Одбаяр гишүүнтэй ярилцлаа.
Хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд олгохгүй байх шалтгаан юу вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд газрын баялаг бол ард иргэдийн өмч гээд заасан байгаа. Бидний санаачилсан хуулийн төсөл үүнд нийцэж байгаа юм. Харин аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдах нь нийгэмд тэгш бус байдал үүсгэнэ. Монгол Улсад 53336 үндэсний аж ахуйн нэгж байгаагийн 88 хувь нь алдагдалтай ажилладаг, жижиг компаниуд байгаа. Үлдсэн 12 хувь нь л хувьцаа худалдан авах боломжтой.
Тэгэхээр 88 хувь аж ахуйн нэгжүүдэд олгох байсан хувьцааг яах вэ гэсэн асуудал гарч ирж байна.
Мөн татвараа төлж, ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон мянган ажилчин ажиллаж байгаа ч Тавантолгойн хувьцааг ажилчид нь бус хөрөнгө нийлүүлэгч цөөхөн хүмүүс, захирлууд л авах юм. Харин эдгээр хүмүүсийн  тоо нийт  иргэний 0.1 хувь буюу 2700 орчим л байгаа юм. Дээрээс нь компаниудын ажилчин, хувьцаа эзэмшигч "эзэмшигч олон мянган хүнийг дэмжье гэвэл аж ахуйн нэгжид бус иргэдэд 10 хувийн хувьцаа нэмж олгоход л болох юм. 10 хувийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд тэнцүү арилжина гэхээр нэгд нь 30 орчим мянган хувьцаа ногдоно. Энэ нь иргэдэд олгох 536 ширхэг хувьцаанаас 50 дахин их тоо. Компанийн захирал биш, энгийн ард иргэдэд 536 ширхэг хувьцаа олгож, компанийн захирлуудад 30 мянган хувьцаа өгөх нь нийгэмд тэгш бус байдал үүсгэнэ. Хамгийн гол нь Монголын бүх аж ахуйн нэгжид уул уурхайн хувьцаа худалдчих юм бол нэг салбараас хамааралтай байдал улам нэмэгдэх болно. Жинхэнэ утгаараа "Голланд өвчин" гэдэг нь болох юм.
-Ард иргэдэд 10 хувийн хувьцаа нэмж олгож, "Голланд өвчин"-өөс сэргийлэх үндэслэл юу вэ?
-Голланд өвчнөөс урдьчилан сэргийлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцаа арилжаалахгүй байх нь зөв. Үсчин, цайны газар гээд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бүх компаниуд л хувьцаа авахыг бодно. Эцэст нь Тавантолгойн хувьцааны ашиг хэзээ ирэх вэ гэсэн хүлээлт үүсгэнэ. Мөн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг уул уурхайн хувьцаанд бүгдийг нь оруулчихаар уул уурхайгаас бүрэн хамааралтай болох юм. Харин үүний оронд ард иргэддээ 10 хувийн хувьцаа нэмж олгосноор иргэд хамтран, жижиг дунд үйлдвэр байгуулж, хоршоо нэгдэл үүсгээд ажил үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм.
-Иргэдэд "Хүний хөгжил сан"-гаас багагүй мөнгө өгснөөс бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Хувьцааны хэмжээг өсгөснөөр энэ хандлага нэмэгдэх юм биш үү?
-Иргэд ноогдол ашиг хүлээгээд л зүгээр сууна гэж ойлгож болохгүй. Гадуур ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, залхуу болсон гэхчлэн ярьж байгаа. Иймэрхүү дорд үзсэн, басамжилсан үзэл буруу юм. Нэгдүгээрт, иргэдэд хувьцаа өглөө гээд шууд ашгаа өгч эхэлнэ гэж байхгүй. Тавантолгойд олборлолт явуулж, хөрөнгийн бирж дээр хувьцаа гарч, үйл ажиллагаа жигдэрсэн хойно л ашиг өгч эхэлнэ. Бидний тооцоолсноор 3-5 жилийн дараа эхний үрдүн гарна. Хоёрдугаарт, цэнхэр, ягаан тасалбар өгч байсан "үешиг тийм алдааг иргэд гаргахгүй гэдэгт итгэж байна. Хувьцаагаа тийм амархан зарчихгүй байх. Төрөөс ч хэсэг хугацааны турш хувьцаа зарахыг хориглоно. Харин хувьцааны ноогдол ашиг гарсны дараа зарах эрхийг олгох юм. Бид цэнхэр, ягаан тасалбараас туршлага суусан шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд арилжаалах 10 хувийн хувьцааг төр өөртөө үлдээж, ашгийг нь үйлдвэрлэлд болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулах саналыг Д.Тэрбишдагва гишүүн гаргасан. Ийм зүйл байж болно.
-"Монгол 999" нэгдэл зэрэг компаниудын зүгээс УИХ-ын гишүүдийг лоббидох гэсэн оролдлого гарсан юм уу?
-Аж ахуйн нэгж, компаниудын зүгээс санал бодлоо илэрхийлж, ярилцсан хүмүүс бий. Гэхдээ санаачилсан хуулийн төслөө татах хэмжээнд хүртэл итгэл үнэмшил төрөхөөр яриа болоогүй байна. Тийм учраас санаачилсан хуулийн төсөлдөө УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авахаар зүтгүүлсэн.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл Я.Батсуурь нарын гишүүдийн санаачилсан төсөлтэй ижил агуулгатай байгаа. Хуулийн төслүүдийг нэгтгэх асуудал гарах байх. Үүн дээр аливаа саад гарах болов уу?
-Би Я.Батсуурь гишүүнтэй ярилцсан. Асуудал гарахгүй байх. Гэхдээ эхлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулагдаж, дараа нь хуулийн төслүүдийг нэгтгэх байх.
Нийтлэлч
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн
2011 оны 11-р сарын 17, Пүрэв гариг

No comments:

Post a Comment