Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Хүн бүр сая төгрөгөө авъя гэвэл би ч авмаар байна


Сангийн сайд Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар ахмадуудад олгох нэг сая төгрөгийн хуваарийг хэлэлцсэн, ирэх сараас гурав хувааж өгөх нь тодорхой болсон уу?
-Тэгсэн. Иргэдийн 1.5 сая төгрөгийн олголтод их анхаарал хандуулж байгаа. Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 53 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгох асуудал юм. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хугацаанд хувааж олгохоор журмын зохицуулалт хийсэн.
-Ахмадуудын сэтгэлийг чилээгээд байсан нэг сая төгрөгөө гурав хувааж өгнө гэсэн үг үү. Иргэд ингэж авах сонирхолгүй л байгаа байх даа?
-Үндсэндээ хоёрдугаар улиралд багтаан, тэнцүү хувааж олгоно. Эхний ээлжинд эдийн засгийн боломж, нөхцөлийг л харсан. Нэг сая төгрөгийг шууд бэлнээр олгох боломж болон өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа инфляцийг барихад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс гурав хувааж олгохоос аргагүй. Түүнээс биш хүн бүр сая төгрөгөө авъя гэрэл би ч авмаар л байна.
-Уг нь аль cap шинийн өмнө олгоно гэсэн шүү дээ?
-Төсөвт мөнгө суулгачихаар л мөнгө орчихдог юм шиг боддог. Төсвийг чинь бүрдүүлэх хэрэгтэй биз дээ. Одоо ч байхгүй л дээ. Гэсэн ч бид зохицуулалтаа хийж л байна.
-Тэгвэл 334 тэрбумыг гаргахаар төсөвт хүндрэл гарах юм биш үү?
-Санхүүжилтийн хувьд амаргүй, хүнд байгаа. Гэхдээ энэ эх үүсвэрийг төвлөрүүлэх ёстой хүмүүс тодорхой хэмжээнд гэрээ, хэлцлээ хийгээд дөрөвдүгээр сарын эхээр тодорхой хэмжээний санхүүжилтийг өгөх боломжтой. Үүний үндсэнд бид журмандаа өөрчлөлт оруулсан юм. Мөнгөө цаг хугацаанд нь амжиж олгоно гэдэгт итгэж болно.
-Урьдын адил банкуудаар тараалт хийгдэх үү. Бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд ямар нэг өөрчлөлт оруулах уу?
-Тэгнэ, банкаар л олгоно. Манай нөхцөл байдал тийм болохоор өөр арга байхгүй. Бичиг баримтын хувьд сайн мэдэхгүй байна. Хүний хөгжил сангийн мөнгө авч байсантай ойролцоо байх. Чирэгдэл үүсэхгүй байлгүй дээ.
-Мөнгөө бэлэн бусаар авах сонирхолтой хүмүүс нь яах вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг, 1.5 сая төгрөг олгох хүрээнд хийгдэж байгаа л ажил үргэлжилж байна. Монгол Улсын иргэд зургаадугаар сараар тасалбар болгон 500 мянган төгрөгөө үндсэндээ авч дуусч байгаа. Давхардсан тоогоор 160 гаруй мянган оюутан 1.5 сая төгрөгөө авсан гэсэн үг. Харин ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирэх сараас нэг сая төгрөгөө авчихаар үндсэндээ дуусч байгаа юм. Ингэхээр бид нийт иргэдийнхээ 4/1 хувьд амласан хувь хишгээ өгсөн байна. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу орон сууц, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт зарцуулах боломж, нөхцөлүүд хэвээрээ байгаа.
-Тухайлбал, одоогийн 100 мянган айлын орон сууц руу хандуулж болох нь ээ?
-100 мянган айлын орон сууц, зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлаар хотын захиргаа, ЗТБХБЯ, Сангийн яам хоорондоо гэрээ байгуулсан. Тооцоо судалгаа хийгдэж байгаа. Үлдсэн сая төгрөгийг холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэнд орон сууцны санхүүжилт рүү шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй.
-Хүн амын үлдсэн хэсэг хэзээ хувь хишгээ авч дуусах юм бол?
-УИХ-аас гаргасан 53, 57, 39 дүгээр тогтоолууд хууль эрх зүйн хувьд хоорондоо зөрчилтэй байгаа. Уг нь өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч зарим баримт, бичиг дутуу учраас Сангийн яам руу буцаасан. Тиймээс дахин тооцоо судалгаа хийж, Засгийн газрын дараагийн хуралдаанд дээрх гурван тогтоолын эрх зүйн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэнэ. Ингэсний дараа УИХ-д өргөн барьж, тэндээс шийдвэрлүүлэх нь эхний алхам. Харин дараагийн шатанд хувьцаа эзэмшүүлнэ.
-Хэзээ хувьцаа эзэмшүүлэх вэ. Иргэдийн дунд маш их эргэлзээ төрүүлсэн асуудал болчихоод байгаа шүү дээ?
-Хувьцаа гаргах асуудалд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ ирэх тавдугаар cap гэхэд шийдвэрлэчих байх. Мэдээж хувьцааны асуудал шийдэгдэхээр түүнийгээ борлуулна. Тэгэхээр иргэд хувьцаа авахгүй мөнгө болгомоор байна гэвэл урьд нь хувьцаа зарж олсон орлогоосоо буцааж мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэдийгээр иргэдэд мөнгөний хэрэгцээ байгаа боловч энэ ажил 2012 оны туршид явагдах үйл ажиллагаа гэж ойлгоорой.
-Та сангийн сайд, улсын төсвийг барьж байгаа хүн. 2008 онд ялалт байгуулахын тулд амласан мөнгөний амлалт ямар үр дүнд хүргэж байгаад дүгнэлт хийсэн л байх?
-Үүнийг ганц би ч биш, монголчууд бүгдээрээ мэдэж, хөдөө, орон нутаг, дээр доргүй ярьж байна. Ард түмэн «Халамжийн хавтгайрсан бодлого чинь хэрээс хэтэрчихлээ. Хүнийг залхуу, архичин, ажил хийх сонирхолгүй болгож байна» гэх зэргээр шүүмжилж байна. Тэдний ингэж байгаа нь оргүй юм биш.
Улстөрийн бүх хүрээнийхэн том алдаа хийснээ ойлголоо, мэдэрлээ. Дахиж ингэж хэрээс хэтэрсэн, боломжгүй амлалт өгч гарч ирэхгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлж чадлаа. Ямар ч тохиолдолд аливаа алдаанаасаа авсан сургамж нь үр дүнтэй болбол алдаагаа залрууллаа гэсэн үг. Хэрвээ сургамжаа хэрэгжүүлж чадахгүй бол алдаагаа ойлгоогүйн илрэл.

Тиймээс улстөрийн олон хүчин олон амлалтаасаа алдсан алдааныхаа талаар сайн ойлгосон болов уу гэж бодож байна.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин

No comments:

Post a Comment