Сангийн сайд Д.Хаянхярваа
"Хүний хөгжил сан"-гаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг чухам хэзээ олгох вэ гэдэг асуудал
иргэдийн дунд хүлээлт үүсгэж байсан билээ. Тэгвэл Засгийн газар өчигдрийн
хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны дараа Сангийн сайд
Д.Хаянхярваагаас нэг сая төгрөгийг хэрхэн олгох талаар тодруулсан юм.-"Хүний хөгжил сан"-гийн нэг сая төгрөгийг иргэдэд ямар журмаар олгох вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Хүний хөгжил сан"-гийн нэг сая төгрөгийг ирэх сараас олгож эхэлнэ. Ингэхдээ дөрөв, тав, зургадугаар сард тэнцүү хувааж олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болон бусад хэлбэрээр нэг сая төгрөгөө авсан бол хасаж тооцно.-Нэг сая төгрөгийг бөөнд нь олгох боломж байгаагүй юу. Иргэдийн дунд ийм хүлээлт байгаа бололтой?
-Нэг сая төгрөгийг бөөнөөр нь олгох боломж хэр байгааг судалж үзсэн. Нэгдүгээрт бид эдийн засгийнхаа боломжийг харж байна. Түүнчлэн инфляци өдөр бүр нэмэгдэж, цаашид нэмэгдэх магадлалтай байгаа нь үүнийг нэг шалтгаан. Энэ бүхнийг тооцоолоод нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон.-Иргэдэд сая төгрөгийг яг хэдэнд олгох вэ. Иргэд сая төгрөгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол?
-Яг хэдэнд олгохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч "Хүний хөгжил сан"-гийн хишиг, хувь олгодог ерөнхий зарчмаараа нэг сая төгрөгийг олгоно. "Хүний хөгжил сан"-гийн бичилт хийсэн дэвтэр бий. Иргэдийн мэдээллийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах үеэр цуглуулсан. Гэхдээ нэг сая төгрөгийнхөө оронд хувьцаа авна гэсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангилах ажлыг ч хийх юм.-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юү?
-Төсөвт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгоход зориулж 334 тэрбум төгрөгт тусгасан байгаа. Энэ хөрөнгийг бүрдүүлж байгаа. Санхүүжилт амаргүй байгаа. Санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийсэн. Тиймээс эхний ээлжийн мөнгийг олгоход ямар нэг хүндрэл гарахгүй.-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд сая төгрөгөө хэрхэн авах вэ. Яг хэзээ олгох бол?
-Оюутнуудын 500 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сард олгож дуусна. Нийт 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад дуусч байгаа. Дээрээс нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгосноор Монгол Улсын иргэдийн дөрөвний нэг орчим хувь нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдсэн иргэддээ Тавантолгойн хувьцаа, нэг сая төгрөг олгох журмыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ. Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой сая төгрөгийн асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ.-Нэг сая төгрөгийг банкаар дамжуулж олгох уу. Хэрвээ банк нэг сая төгрөг олговол иргэдээс хураамж авах уу?
-Нэг сая төгрөгийг банкаар дамжуулж олгоно. Ер нь банк аливаа үйлчилгээг үнэгүй явуулдаггүй. Банк өөрөө хүн ажиллуулж байгаа, алслагдсан бүсүүдэд бэлэн мөнгө хүргэж байгаа. Тэгэхээр банк тодорхой хэмжээний хураамж авах байх.-Сангийн сайд асан С.Баярцогт "Сая төгрөгөө бэлнээр нь авах хүсэлтэй иргэдэд зориулж 400 тэрбум төгрөг төлөвлөсөн" гэж мэдээлж байсан. Энэ юу болов. Мэдээж 334 тэрбум төгрөгөөс тусдаа шүү дээ?
-Үгүй л дээ. Улсын төсөвт 334 тэрбум төгрөг л тусгасан. Тэр мөнгийг л өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хувааж олгоно.
Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин

No comments:
Post a Comment