Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: ХЗХДЯ-тай хамтарч ажиллана


-МАН байнгын хороодоо залуучуудаар цус сэлбэлээ-
Ардын намын бүлгийнхэн байнгын хорооны дарга нарынхаа нэрийг баасан гаригийн чуулганы хуралдаанд оруулж батлууллаа. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвины оронд УИХ-ын гишүүн Д.Очирбатыг нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.9 хувийн саналаар баталлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн оронд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжив. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн Д.Одбаярыг 97.9 хувийн саналаар баталж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн оронд УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг 97.8 хувийн саналаар батлав.АН-ын бүлгийнхэн энэ долоо хоног т байнгын хорооны дарга нараа шинэчлэх саналаа УИХ-д оруулж шийдүүлэх аж. МАН-ын бүлгийнхний хувьд энэ удаагийн байнгын хорооны даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөж, хэд хэдэн хүн нэр дэвшжээ. Өмнөх дарга нар нь ч улиран ажиллахыг хүссэн тохиолдол гарсан байна.

Гэхдээ санал хураалтаар асуудлыг шийдвэрлээд, олонхын санал авсан нь эдгээр дөрвөн гишүүн юм. Ямартай ч энэ удаа тус бүлгийнхний хийсэн сонголт нь парламентын ангийн залуучууд төдийгүй мэргэжлийн хүмүүс байгаа нь анхаарал татаж байна. Байнгын хорооны даргаар томилогдсоных нь дараа тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Доржийн ОДБАЯР Хууль зүйн байнгын хорооны дарга
1967 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.Дорнод аймгийн Чойбалсан хотын арван жилийн нэгдүгээр сургууль, Москва хотын Залуучуудын дээд сургууль, МУИС, Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, Голландын олон улсын харилцааны сургуулийг тус тус төгссөн. Орос, англи, хинди хэлтэй. 1987-1989 онд Дорнод аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, 1990-1992 онд Монголын залуучуудын гүйцэтгэх хороонд тэргүүлэгч гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, 1997-2000 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга, 2004-2006 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. 2008 онд Дорнод аймгийн долдугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
-Хууль зүйн байнгын хороог та даргалахаар боллоо. Эхний ажил тань юу байх вэ?
-Өмнө нь хоёр удаа энэ албыг хашиж байсан. Энэ бол дарга боллоо гээд сүр бадруулаад байх зүйл биш, хариуцлага л илүү нэмэгдэж байгаа хэрэг. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах, салбаруудын хууль тогтоомжийн зөрчилтэй харилцааг арилгаж, уялдаа холбоог сайжруулах нь чухал. Хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлага их бий.Өнөөдөр эрх зүйн шинэтгэлийн ажил хийгдээд явж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамтайгаа нягт хамтран ажиллана гэж бодож байгаа. Хуулийг энд хэлэлцэхээс илүү боловсруулалтын шатанд нь. сайн байлгах чиглэлээр түлхүү анхаарна.
2010 оны 12-р сарын 27, Даваа гариг
 Vip76

No comments:

Post a Comment