Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Энэ хуулийн төсөл дээр мэргэжлийн яамыг татан оролцуулах шаардлагатай


Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Энэ талаар Байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодруулахад,
-Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулиудын төслийг төсөл санаачлагчдад буцаах шийдвэрийг гаргалаа. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэхээ болино гэсэн үг биш. Харин ажлын хэсэг гарган ажиллуулж илүү сайжруулах шаардлагатай гэж гишүүд үзлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх эхний асуудлуудад багтаан дээрх хуулийн төслийг буцаах эсэх асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Дараа нь эрдэмтэд, мэргэшсэн хуульч, судлаачид оролцсон ажлын хэсэг байгуулагдан төслийг сайжруулна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг өргөн барих журмын тухай хуульд заасны дагуу салбарын бус харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулах үүрэг ХЗДХЯ-нд байдаг. Тийм учраас мэргэжлийн яамыг татан оролцуулах шаардлагатай гэдэг үүднээс, мөн Засгийн газраас бодож анхаарууштай санал тавьсан учир том ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн дээрх шийдвэрийг гаргалаа.
-Засгийн газраас ямар санал өгсөн бол?
-Хууль тогтоомжийг боловсронгуй болгох 2012 он хүртэлх хөтөлбөрт Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг боловруулж батлуулах талаар тусгаагүй байна гэж Засгийн газар саналдаа дурдсан байсан. Мөн одоо үйлчилж байгаа хуультай зөрчилдсөн зүйл байна гэж үзжээ. Хуулийн төсөл боловсруулалтын шаардлага хангахгүй зүйлүүд байгааг ч дурдсан байсан. Нийт  Засгийн газраас 15 гаруй санал өгсөн юм.  Ерөнхийдөө Засгийн газраас дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байсан. Эрүүгийн хууль өөрөө маш ярвигтай. Хуулийн заалтыг цэг, таслалаар ярьдаг. Тийм учраас өргөн хүрээнд ярилцаж, хэлэлцэж байж шийдэх ёстой. Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх хугацаанд хуульчид, эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонсох бодол байгаа.
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй холбоотой асуудлууд сүүлийн үед анхаарал нэлээн татаж байгаа. Түүнчлэн цэцийн томилгоотой холбоотой асуудлууд ч бий. Энэ удаагийн чуулганаар шийдэж амжих уу?
-Энэ удаагийн чуулганаар шийдэж амжихгүй байдалтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа тасалдан ажил цалгардсан зүйл байхгүй. Хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дараагийн гишүүн томилогдсоноор хугацаа нь дууссан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг санал болгодог гурван субьект байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх. Одоо таван гишүүний орон гараад байгаа. Ерөнхийлөгчөөс гурван хүнийг санал болгох ёстой. УИХ, Улсын дээд шүүх тус бүр нэг хүнийг санал болгоно.Гурван газраас санал болгодог болохоор цаг хугацааны хувьд тийм ч хурдан байх боломжгүй байна. Саналууд ороод ирсэн цагт УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргах боломжтой.
-Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Алтанхуягийг цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа тухай яригдаж байсан?
-Одоогоор ийм хүний нэрийг дэвшүүллээ гэсэн асуудал манай Байнгын хороонд орж ирээгүй байна.
2011 оны 2-р сарын 08, Мягмар гариг
 Vip76

No comments:

Post a Comment