Сонгуулийн хууль Үндсэн хууль
зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлт гарсан ч УИХ энэ дүгнэлтийг хүлээж авахаас
татгалзлаа. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ярилцлаа.
- УИХ ямар шалтгаанаар цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй вэ?
-УИХ-ын ХЗБХ хэлэлцээд ҮХЦ-ийн шийдвэрийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Энэ асуудал нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хурал хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Үүнтэй уялдуулаад ҮХЦ их суудлаараа энэ асуудлаа хэлэлцэх байх.- Их суудлаар хэлэлцээд ч дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг хэвээр батлах тохиолдол олон тоо байдаг. Тиймээс УИХ буцаах нь хэтэрхий арга ядсан зүйл биш гэж үү?
-Цэцийн шийдвэр буцсан шалтгааныг янз бүрээр тайлбарлаж болно. Өнөөдрийн байдлаар гишүүдийн хандлага хоёр хэсэгт хуваагдаж байна. Гол үндэслэл нь ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээгээд авах юм бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дөрвөн өөрчлөлт орохоор ийм төсөл явж байгаа. Энэ нь УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль зарлахаас 6 сарын өмнө ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийнхаа заалттай зөрчилдөнө гэж ХЗБХ-ны гишүүд үзсэн. Тийм учраас буцаах нь зүйтэй гэлээ. Хэрвээ Сонгуулийн тухай хууль ҮХЦ-д хэлцэгдсэн байна гэж үзвэл энэ шийдвэрээ эцэслэн Их суудлынхаа хуралдаанаар баталгаажуулах боломжтой. Дээрээс нь хэрвээ УИХ нэмэлт өөрчлөлт оруулчихвал энэ нь эрхзүйн хувьд ойлгомжгүй байдал үүсгэчихэж байгаа юм. Хууль зөрчсөн. Гарах үр дагавар нь ч олон янз харагдаж байгаа юм. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг орж ирж магадгүй. өөрөөр хэлбэл 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна гэвэл хориг орж ирнэ. Монгол улсын хэн нэгэн иргэн цэцэд энэ асуудлыг тавих юм бол ахиад асуудал үүснэ. Тийм учраас буцаах нь зүйтэй. Эцсийн шийдвэрийг ҮХЦ өөрөө гаргах нь зүйтэй гэж үзсэн.-Яагаад тэгж үзэхэд хүрэв?
-Яагаад гэвэл цэцийн дунд суудлын шийдвэр бол хууль зүйл заалтыг түдгэлзүүлсүгэй гэдэг томъёоллоор гардаг. Тэгэхээр одоо түтгэлзээтэй заалт бол хүлээн авах боломжгүй гэдгээр хуулийн заалт нь хүчин төгөлдөр сэргэж байгаа юм. Тэгээд хүчингүй болгосугай гэдэг шийдвэр гарчихдаг. УИХ хүчингүй болгосон шийдвэрийг хэлэлцдэггүй. УИХ ҮХЦ-ийн их суудлын хуралдаан асуудлаа өөрсдөө шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм.-Эцсийн бүлэгтээ аль хуулиараа сонгууль явах вэ гэдэг эргэлзээ их бий болчихлоо. Энэ эргэлзээг тайлах хэрэгтэй болно?
-Орон нутгийн сонгууль УИХ-ын хоёр намын бүлэг зарчмын хоёр өөр байр суурьтай байна. Ер нь бид нэг зүйл дээр анхаарал хандуулах ёстой. УИХ-ын бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох улстөрийн сонгуулиа хийнэ. Орон нутгийн сонгууль гэдэг бол нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг сонгодог сонгууль. Өөрөөр хэлбэл орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагыг улстөрийн бус аргаар нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг сонгоно гэсэн үг.Гэхдээ зарчмын хувьд харахад нутгийн өөрийн удирдлагын байгууллагын иргэдийн байгууллага.
ИТХ гэж нэрлээд байгаа үүнийг улстөрийн том сонгуультай холбох зохисгүй. Ялангуяа өнөө үед орон нутгийн бие даасан төрийн үйл ажиллагаанд иргэдийн үйл ажиллагааг оролцуулъя гэж нэмэгдүүлье гэж ярьж байгаа үед нутгийн иргэдийн хурлын байгууллага орон нутгийнхаа иргэдийн байгууллагын бие даан шийдэж байя гэж ярьж байгаа энэ үед зохистой биш. Тиймээс үүнийг тусад нь явуулъя гэдэг байр суурин дээр МАН байгаа. Ер нь бид хөдөө орон нутгаар явж байхад сумдын иргэд энэ сэдвээр их ярьж байна. Сумын иргэдийн хувьд сум орон нутагтаа өөрсдийн амьдрал ахуйгаа зохицуулаад явж тэр иргэдийн хувьд тэр айхтар туйлширсан улстөр хэрэггүй, үүнийгээ болих хэрэгтэй гэдэг асуудал тавьж байна. Тэгэхээр иргэдийн зүгээс хүсэн хүлээсэн шаардлага бий. Тэнд хэн нэгэн зөрчлөө олъё гэсэн хүсэл эрмэлзэл байна гэдгийг харъя гэсэн эрмэлзэл бий. Тиймээс иргэдийн санал бодол дээр үндэслэн МАН ийм байр суурьтай байгаа. Үүнийгээ баталгаажуулахын тулд УИХ-ын сонгуультай хамтатгаад ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд энэ чиглэлийн өөрчлөлтийг оруулъя гэдэг дээр манай намын бүлэг зогсч байгаа-Гэхдээ АН зарчмын хувьд санал тавьсан гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-АН-ынхан УИХ-ын сонгууль гэдэг бол сумдын иргэдийн хурлыг нь больчихоод аймаг нийслэлийн иргэдийн хурлын сонгуультай хамт явуулъя гээд байгаа. Зарчмын хувьд тэнд ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид ИТХ-ыг иргэдээс нь байгуулъя гэж улстөргүй болгое гэдэг тал дээр яриад байгаа шүү дээ. Намууд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг нь шийдчихье. Дэвшүүлбэл дэвшүүлэг. Дэвшүүлэхгүй бол болиг. Хамгийн гол нь иргэдийн дундаас нэр дэвшдэг байх ёстой. Хэдэн хүн нийлээд дэвшүүлдэг юм уу, сумын орон нутгийн байгууллагууд дэвшүүлдэг юм уу. Тухайн иргэн өөрийгөө дэвшүүлдэг ч юм уу. Ийм олон нэр дэвших субьектуудыг нь олон болгож нутгийн өөрөө удирдах байгууллагыг бий болгох, нутгийн өөрийн удирдлагын байгууллага нутгийн ИТХ гэдэг байгууллагыг улстөрийн тэмцлийн талбар болгочихоод байгаа болъё гэж зүтгээд байна шүү дээ.-АН-ын саналын тухайд?
-АН-ын хувьд УБ, аймгийн төвийн ИХ-ын сонгуулийг хамт явуулъя гэдэг нь зарчмын хувьд мөн л ялгаагүй. Бас адилхан улстөржилт гэдэг зүйлийг бий болгоё гэсэн үг. Тэгэхээр дээрээс нь сумын иргэдийн хурал гэдэгт ач холбогдол өгөхгүйгээр хаячихаж байгаа нь дунд нь ялгаварлаад ч байгаа юм шиг зүйл ажиглагдаад байгаа биз. Тэгэхдээ байгаа юм шиг буруу ойлголтыг хууль тогтоох дээд байгууллага ард иргэдэд өгчихөөд байна. Үүнийг л болъёо. Улсын хэмжээнд явагддаг улстөрийн сонгууль УИХ-ын сонгуулиа явуулъя. Харин энэ нутгийн өөрийн удирдлагын байгууллагаа сонгох асуудлаа ард нийтээрээ өөрсдөө шийдүүлье гэдэг ийм л байр суурьтай байгаа.-Үүнээс гадна хөрөнгө мөнгө хэмнэх гээд асуудлууд байна?
-Хөрөнгө мөнгөний асуудлын хувьд хамтад нь явуулахад айхтар хэмнэгдэхгүй. 130 сая төгрөг нэг айхтар баярлаад байх ч тоо биш. Ер нь нь УИХ-ын сонгуулиа явуулах, ИТХ нутгийн өөрийн удирдлагын байгууллагын сонгуулийг бас цаг тухайд нь явуулах дээрээс нь сонгуулиа шударга иргэддээ чирэгдэлгүй, хөнгөн шуурхай зөв явуулахад монгол улсын төр засаг мөнгө харамлаад байх шаардлага байхгүй. Харин мөнгө бүр их зарах ёстой. Тэгж байж хэл амгүй сонгууль явуулна.-Магадгүй АН хоёр сонгуулийг хамтад нь явуулах гол шалтгаан нь намын бүтцийн тогтолцооноосоо болж ингэж улайраад байгаа юм биш уу. Босоо удирдлагатай бүтэцтэй нам учраас?
-Тэр талыг нь сайн мэдэхгүй байна. Намын өөрийн онцлог байдаг байх. Бид орон нутгийн УИХ сонгуулийг тусдаа явуулах нь манай намын бүтцийн хувьд ийм. Зүйл ярихгүй байгаа. АН тэгж ярьж байгаа нь бол тэр тэр намын өөрийн асуудал тэрийг сайн судалж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.-Ингэхэд сонгууль болох уу. Иргэд тогтсон сайн ойлголт байхгүй маргалдсан улстөрчид л байна шүү дээ?
-Сонгуулийн хууль улстөрийн нам ууд тэр дундаа улстөрийн намуудын удирдлагууд хамт хийнэ. УИХ-ын сонгууль хугацаандаа явагдах ёстой. Иргэд үүнийг хүлээж байгаа. Монголчууд түүхэндээ сонгуулиа явуулж чадахгүй гэдэг харамсалтай асуудал. Тийм учраас би сонгуулийг хугацаанд нь явуулах ёстой. Тийм учраас сонгуулийг хамтад нь явуулна гэдэг байр суурьтай байна. Ирэх долоо хоногт сонгуулийн тов зарлагдана гэж бодож байна.-Хоёр нам зөвшилцөж чадах болов уу?
-Сонгуулийн хуулиндаа баригдаж ямар нэг байдлаар ойлголцолд хүрнэ л дээ. Сонгуулийн хууль батлагдсан байгаа. Сонгуулийн хуулин дээр зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн аль нэг ажлын өдрийг амралтын өдөр болгоод сонгууль явуулна гээд заачихсан. Тэгэхээр сонгууль зарлах хугацаа нь санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зарлагдана гэж ойлгож байгаа. Зөвшилцөлд тэр утгаараа хүрэх байх. Тэгээд ч хариуцлагагүй хууль дээдлэх ёс үндсэн хуулийг уландаа гишгэсэн ийм заалтыг УИХ гаргахгүй гэж би итгэж байна.-Танай нам энэ асуудал дээр ерөнхийдөө буулт хийгээд л байгаа шүү дээ?
-Аль аль тал буулт хийгээд байгаа. Гэхдээ хамгийн гол нь ард түмнээс асууя.Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулъя гэдэг дээр ард түмнээсээ асуучихад буруудахгүй. Үндсэн хуулийн зарим өөрчлөлтүүд бий. Тэр өөрчлөлтүүдийг оруулъя монголын ард түмнээс асууя гэж байгаа юм. УИХ хэдийгээр төрийн эрх барих дээд байгууллага боловч гацаа, мухардалд ордог зүйл байгаа. Амьдрал өөрөө баялаг. УИХ юмаа шийдэж чадахгүй бол ярихаас илүү ард түмнээсээ асууж болно.-2007 оноос хойш ярьсан сонгуулийн тогтолцоон дээр зөвшилцөөгүй өнөөдрийг хүрсэн нь юунаас болсон бэ?
-Сонгууль өмнөх сонгуулиудыг бодоход ил дөлгөөн аядуу болох дүр төрх харагдаж байна. Өмнө нь хэдэн сарын өмнөөс бэлэг сэлтээ тараагаад эхэлдэг байсан шүү дээ. Энэ жил хуулиа дээдлэхийг улстөрчид болон сонгуульд нэр дэвшигчид бодолтой яваа хүмүүс баримталж байгаа талууд нь энд харагдаж байна. Зөрчлийн шинжтэй зүйлүүд байх шиг байна. Тэр бол жичдээ асуудал. Яагаад ийм мухардал хүрсэн бэ гэдэг асуудал магадгүй намуудын улстөрд хандах сонгуулийн дүнг хэтэрхий хөнгөнөөр урьдчилан тооцож байгаа байдал харагдаж магадгүй. Монголын ард түмэн сонгогчид эцсийн дүндээ асуудлыг шийднэ гэдгийг анхаарлынхаа төвд байлгахгүй байгаа нь жаахан гацсан ойлголтыг үүсгэсэн байж магадгүй.-Нэгэнт тантай уулзсаных сүүлийн үед танай намынхан дотроо бүлэг байгуулсан. Намаасаа гарах гэж байна гээд л шуугих боллоо. МАН дотоодоо хурцадмал байдалтай байгаа юм уу?
-Сонин хэвлэлээр зарим нь янз бүрээр л бичиж байна. Монгол улсын түүхэнд монгол улсын тусгаар тогтнолд авчирсан энэ том хагарч задарч бутраасай гэж бодож байгаа хүмүүс их олон биш болов уу гэж бодож байна. Цөөхөн болов уу гэж бодож байна. Ер нь МАН бол МУ-ын түүхэнд чухал том үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид ч энэ үүргээ гүйцэтгэж ажиллана гэж бодож байгаа. Одоогоор манай намын хэн нэг гишүүн намаасаа гарна, тусдаа намын бүлэг байгуулна гэж албан ёсоор мэдэгдсэн юм алга. Нам дотроо жигүүр байгуулъя гэсэн санал илэрхийлсэн гишүүн байхгүй байгаа. Жигүүр, бүлэг байгуулах асуудал яригдаагүй байгаа учраас МАН-ын УЗ, Бага хурлын түвшинд хүрсэн ноцтой асуудал байхгүй. Өмнө нь манай намд жигүүр байсан. Үүнийг намын Бага хурал хуралдаад шийдэгдсэн асуудал. Одоо намын бага хурлаар хуралдуулах хэмжээнд хүрсэн улстөрийн ноцтой асуудал манай намд алга.-Танай нам дотроо бүлгийн хэмжээнд гишүүд байр сууриа илэрхийлээд байгаа юм биш үү?
-Албан ёсоор байгуулж байсан нь Ардчилал шинэчлэл шударга ёс жигүүр байсан шүү дээ. Ер нь намын бага хурал зөвшөөрөөд жигүүр байна гэж үзвэл энэ бол эрүүл үзэгдэл. Тэгэхдээ жигүүрийн асуудал тулгамдаад хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа асуудал энэ нам дотор алга.
Эх
сурвалж
Тэргүүн сонин
Тэргүүн сонин
2012 оны
4-р сарын 23, Даваа гариг

No comments:
Post a Comment