Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: УИХ шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээнэ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.
-АТГ-ын дарга Ч.Санга­раг­чаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт шүүх 2-2,4 жил ял оноолоо. АТГ-ын даргыг УИХ-аас томил­дог. АТГ одоо удирдлагагүй байна. УИХ энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар УИХ-д ирээгүй байна. Тэгэхээр одоогоор УИХ-аас ямар нэг байр суурь илэрхийлэх болоогүй гэсэн үг.
-УИХ-ын дарга өнөөдөр /өчигдөр/ АТГ-ынхныг хүлээж авч уулзсан шүү дээ. Тэр үед энэ асуудал яригдаагүй юу?
-УИХ-ын дарга АТГ-ын дөр­вөн хэлтсийн даргыг хүлээж авч уулзсан. Уулзахдаа тус газ­рын дарга нар шүүхээр эрхээ хасуулснаас шалтгаалан ажил цалгардуулахгүй байх, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, авли­гатай хийх тэмцлээ цалгар­дуулахгүй байх талаар зөв­лөмж өгсөн. Өөр зүйл яриагүй.

-АТГ-ын дарга, дэд дарга нар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон юм чинь оронд нь үүрэг гүйцэтгэгч томилох ч юм уу, ямар нэг байдлаар шуурхай арга хэмжээ авах ёстой биш үү?

-УИХ-ын даргад тийм эрх үүрэг байхгүй шүү дээ. Энэ асууд­лыг УИХ шийдвэрлэх ёстой.
-Шүүхийн шийдвэр гарсан юм чинь АТГ-ын дараагийн дарга, дэд дарга нарыг томи­лох ажлыг УИХ яаралтай шийд­вэрлэх ёстой биш үү?
-Өмгөө­лөгч­дийнх нь ярьж байгаагаар бол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар давж заалдах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээх ёстой байх.
-Хэрвээ анхан шатны шүү­хийн шийдвэр давж заалдах шатанд хэвээр батлагдвал УИХ тэр хүмүүсийн ажлыг шууд авах уу? Хуулийн ямар процедураар явах ёстой вэ?
-Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан таах боломжгүй шүү дээ. Тиймээс эцсийн шийдвэр гарсны дараа л энэ асуудлыг ярина.
-Өмнө нь Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг проку­ророос тавихад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаард­­­ла­­­­­­­­­­гагүй” гэдэг шийдвэр гар­гаж байсан. Гэтэл шүүхийн шийд­вэр энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн нь үнэн байна гэж үзээд ял оноочихлоо. Хууль зүйн байнгын хорооны өмнөх шийдвэр зөв байсан гэж та үзэж байна уу? Эсвэл танай намын бүл­­­­­­­­­­­­­­­­­­­­гийн шийдвэрээс үүдсэн “улс төрийн хамгаалалт” байв уу?
-Би тэр үед Хууль зүйн байн­гын хорооны дарга байгаагүй, байнгын хорооны гишүүний хувиар хуралдаанд оролцсон. Байн­гын хорооны шийдвэрийг олонхиороо гаргасан учраас зөв, буруу гэдэг дээр би тайлбар хийхгүй.
2011 оны 3-р сарын 24, Пүрэв гариг
 Ардын эрх

No comments:

Post a Comment