Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Дэлхийн томоохон гүрнүүд манай улсыг сонирхож байна


Сангийн сайд Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Та БНХАУ-ын Сангийн сайдын урилгаар өмнөд хөршид айлчилсан. Айлчлалын зорилго, үр дүн юу байв?

-Энэ сарын 21-23-ны хооронд Хятадын Сангийн сайдын урилгаар БНХАУ-д гурав хоног айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр Хятадын Хөгжлийн банк, Экспорт экзим банк, Үйлдвэр худалдааны яам, Сангийн яамны удирдлагуудтай уулзаж тохиролцсон зүйлүүд бий. Ингэхдээ БНХАУ-аас манай улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгсөн 300 сая ам.доллар, 500 сая ам.доллар буцалтгүй тусламжийн хүрээнд үлдсэн 372.2 сая юанийн хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бид нэлээд ярилцсан.
-Сая Таны дурдсан зээлээр ямар төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх вэ?

-Буцалтгүй тусламжийн хүрээнд 372.2 сая юаниар нисэхээс хот уруу чиглэсэн 13.6 км зам, Гаалийн төв лабораторийн барилгыг барина. Мөн Мэргэжлийн хяналтын лабораторийн дутуу санхүүжилтийг нөхөж, Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар хотын Гаалийн рентген лабораторийн тоног, төхөөрөмжийг суурилуулах юм. Үлдсэн хөрөнгөөр нь Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үндсэндээ 300 сая, 500 сая ам.долларын зээлийн ашиглалтыг хурдасгаж, үр өгөөжийг нэмэг дүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. 300 сая ам.долларын хүрээнд төслүүд хэрэгжиж эхэлсэн. Одоо 500 сая ам.долларын хүрээнд эхний ээлжинд чацарганы үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг нийлүүлэх, мах, сүү, гурилын үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн гэрээ, тендерийн асуудлыг шуурхай зохион байгуулж, санхүүжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Энэ үеэр нийслэлд зургаан гүүрэн гарцыг барих асуудлаар тохиролцсон. Уг гүүрэн гарцуудын зураг төслийг Хятадын компаниуд иж бүрэн гүйцэтгэсний үндсэн дээр түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар ажиллая гэдэг чиглэлийг баримтлах хүсэлтийг Хятадын талд гаргасныг нөгөө тал зөвшөөрсөн.
-Зээлийн хүрээнд ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ?

-Боловсролын “Шинэ зууны боловсрол” төсөл, хөдөө аж ахуйн “8000 трактор”, эмнэлгийн “Цахим эрүүл мэнд” гэсэн төсөл хэрэгжиж байгаа. 8000 тракторын тендер шалгарч, Хятадын “Экзим” банк хүлээн зөвшөөрсөн. Худалдааны яам нь зөвшөөрч гэрээ хийвэл эхний ээлжийн тракторыг ирэх сарын сүүл, тавдугаар сарын эхээр нийлүүлж эхэлнэ. “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд боловсролын яаман дээр төсөл нь шалгарсан. Энэ сард багтааж Хятадын талд хүргүүлэх юм. Монголын Хөгжлийн банк, Хятадын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Хятадын Хөгжлийн банкнаас тодорхой нөхцөлтэй 400 орчим сая ам.долларын зээл авч төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нөхцөл бүрдлээ. Мөн Сангийн яам “Экзим” банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. “Экзим” банкнаас хэрэгжүүлж буй болон хэрэгжих шинэ төслүүд дээр анхаарч ажиллан хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. 400 сая ам.долларын зээлийг босгоход “Экзим” банк, Хятадын Хөгжлийн банк аль алинтай нь хамтарч ажиллах бололцоотой. Хятадын Сангийн сайд Монгол Улстай эдийн засаг, уул уурхай, банк санхүүгийн зэрэг олон чиглэлд хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Хятадын бусад банк санхүүгийн байгууллагынхантай уулзах үед “Монголын тендер шалгаруулах үйл явц удаан, ярвигтай байдаг учраас цаг хугацаа алддаг. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл, арга хэмжээнээсээ буцдаг” зэрэг шүүмжлэлтэй хандсан зүйл бий. Үүнээс болж зээлийн ашиглалтыг сайжруулахад хугацаа алддаг.
-Та сайдаар томилогдсоноос хойш хэд хэдэн оронд айлчлаад ирлээ. Манай улсад хандах гаднынхны хандлага ямаршуу байна?

-Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэх үүнд орж Япон явсан. Сая Сангийн сайдын хувиар БНХАУ-д айлчиллаа. Үүнээс харж байхад дэлхийн томоохон гүрнүүд манай улсын банк санхүү, эдийн засаг, уул уурхайн салбарыг түлхүү сонирхож, томоохон төсөл, хөтөлбөр дээр хамтарч ажиллахаа илэрхийлж байна. Гэхдээ манай улсын хувьд улс орнуудын дээрх хандлагыг тусгаж авахад бэлэн үү гэдэг асуудал сонирхол татаж байна. Өнөөдөр Хятад юм уу, Японы аль нэг банктай тохиролцлоо гэхэд бидэнд бэлэн санхүүжүүлэх ТЭЗҮ байна уу гэвэл гартаа бариад хэлчих зүйл алга. Тиймээс ярих биш үйл ажиллагаандаа анхаарах хэрэгтэй байна. Өөрсдийгөө дэлхий нийтийн манай улсыг чиглэсэн хандлагад бэлтгэх нь чухал. Айлчлалаас ТЭЗҮ, төсөл, арга хэмжээ, томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний ээлжинд хийх зүйлүүдэд бэлэн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
-Монголын тал төсөл арга хэмжээнээсээ буцдаг гэсэн шүүмжлэлийг гаднынхан хэлсэн гэлээ. Энэ нь Таван толгойн асуудалтай холбоотой юу?

-Тавантолгойтой холбоотой асуудал хөндөгдөөгүй. Хятадын талаас манайд олгож байгаа хөнгөлөлттэй зээл болох 300, 500 сая ам.долларын хүрээнд хийгдэж байгаа тендер удаашралтай байгааг “Экзим” банкны Ерөнхийлөгч хэлсэн. “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд” зэрэг төслийн нэг тендер буцсан. Нөгөөд нь тендерийн үнэлгээ нь хийгдээгүй. Ийм удаашралтай зүйлүүд байгаад хандаж хэлсэн байх.
-Хөгжлийн банк Хятадын талаас авч байгаа зээлээ юунд зарцуулах вэ?

-Хөгжлийн банк зээл авах үндсэн нөхцөлөө бүрдүүлсэн. Хятадын тал хүү нь ямар байх, ямар арга хэмжээг санхүүжүүлэх талаар ярилцъя гэсэн. Мөн бидний ТЭЗҮ, төсөл бэлэн байвал уг гэрээ, хэлцлийг хийж санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийн асуудал юу болж байгаа вэ?

-Асуудал яригдаж байгаа. Энэ талаар УИХ-аас гаргасан 57, 53, 39 дүгээр тогтоол бий. Хаврын чуулганаар 53, 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, 57 дугаар тогтоолын үзэл санаанд нийцүүлэх тухай асуудлыг авч хэрэгжүүлнэ. Тогтоолд өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад өгөх сая төгрөгийг дээрх тогтоолын өөрчлөлтөөр шийднэ. Ойролцоогоор 334 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Сангийн яам, Засгийн газар дээр энэ хөрөнгө, санхүүг яаж олгох, ямар хувиараар олгох талаар ярилцаж байна. Мөн хувьцаатай холбоотой асуудлаар ярих зүйлүүд бий. Өнөөдрийн байдлаар хувьцаа Монголын зах зээл, хөрөнгийн бирж дээр гараагүй. Хувьцааг гаргахад цаг хугацаа орно. Ирэх сарын дунд үеэс ажил жигдрэх болов уу гэсэн хандлагатай байна.
Эх сурвалж
unen.mn

No comments:

Post a Comment