Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир:УИХ-ын гишүүдийн 1/3 нь хятад шүү дээ


Энэ булангийн анхны зочноор УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг урилаа.
“Танд хамаатай 10 асуулт” гэсэн булан шинээр нээж байна. Хэвлэлээр гарсан материалыг нь шүүж холбоотой арван асуулт бэлтгэв.
1. Х.Тэмүүжин гишүүн галт зэвсэгт оногдон амиа алдсан дөрвөн иргэний өмнөөс төр уучлал гуйх ёстой хэмээн тогтоолын төсөл оруулж ирэхэд З.Зоригт сайд, та хоёр эсэргүүцсэн. Та хэлэлцсэн болоод унагая гэж хэлжээ?
-Энэ тогтоолын төслийг хэлэлцээд олонхи дэмжихгүй гээд кноп дарсан учир унасныг нь та нар харж л байсан шүү дээ. Энэ тогтоолын төслийг санаачлаад батлуулчих гээд явж байсан болохоор Х.Тэмүүжин гишүүн бухимдана биз дээ. Тэгэхээр нь л би “Тэмка битгий бухимдаад бай. Буруутайг нь шалгаж тогтоогдсоны дараа төр нь үү, эсвэл буруу этгээд нь уучлалт гуйх ёстой юу гэдгийг шийдэх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Тэр буудуулсан дөрвөн хүн бүгд л амьдрахын төлөө зүтгэж явсан сайхан залуус. Үүнд би харамсдаг. Төр түрүүлээд уучлалт гуйчихвал “за буруутай нь тодорхой” гээд хэргийг замхруулж сарниулах вий гэж болгоомжилсон юм. Буудах тушаал өгсөн хүн нь хэн юм, түүнийг хэн гүйцэтгэсэн бэ гэдгийг нь илрүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
2. Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байхад та “тэгвэл хэвлэлүүдийг бүгдийг хаачихъя” гэсэн. Сонин, телевизгүй байвал “нүдгүй”, “чихгүй” юм шиг болно биз дээ?
-Би хэвлэлүүдийг бүгдийг нь хаая гэж хэлээгүй. Протокол нь байгаа. Очоод үзэж болно шүү. Өнөөдөр хүнийг гүтгэж доромжлоод буруу зөрүү зүйл бичсэн бол тэр хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Захиалгат сэтгүүл зүй хөгжиж байна. Тиймээс шүүхээр буруу, зөвийг тогтоогоод гүтгэсэн, захиалгаар бичиж нийтэлсэн бол тухайн хэвлэлийн байгууллагад нь өндөр хэмжээний торгууль ногдуулах нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Хэрэв ингэж хариуцлагыг чангатгавал дахиж худлаа бичихээ болино биз дээ. Би ийм утгаар ярьж байсан юм. Гэтэл З.Алтай гишүүн хожигдож орж ирээд миний ярьсныг бүрэн сонсоогүй байж л хэрүүл хийгээд байхаар нь “Та дуугүй байж бай” гэчихсэн. Тэгтэл чи миний амыг хорих эрхгүй, хэвлэлийнхнийг хааж боох гэж байна хараач ээ, дүрсийг нь ав гээд сүржигнэсэн л болохоос ноцтой зүйл болоогүй ш дээ.
3.Таныг хятадын эрлийз гэжээ. Яагаад ийм мэдээлэл гарах болсон юм бэ?
-Миний янз бүрийн гарсан зургийг тавьчихаад энэ яг хятад байгаа биз гээд доромжилсон байна лээ. Цэвэр хятадыг олж хэлэхгүй байж. Энэ төрийн ордноор дүүрэн хятадууд алхаж байна шүү дээ. Улайм цайм “хужаа” алхаж байхад чинь “Түүнийг энэ ёстой сайн хүн” гэдэг. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хятад байх шүү. Хар л даа.
4.Булган нэг мандаттай болсон. МАН-аас нэг л хүн нэр дэвшинэ. Таныг тойроггүй боллоо гэж бичсэн байна. Тийм үү?
- Нам дотроос нэр дэвшинэ гэдэг бяцхан сонгуультай адил үйл явц өрнөдөг юм. Тэнд хэн гарахыг өнөөдөр тааж хэлэхийн аргагүй. Булганы сонгогчдын итгэлийг хүлээгээд УИХ-д сонгогдсон хоёр хүн байгаа биз дээ. Бид хоёр эхлээд энэ дөрвөн жилд юу хийснээ тайлагнана. Ажлаа дүгнүүлнэ. Бид хоёрын нэг нь дэвших үү, дэвшихгүй юу гэдгээ шийднэ. Тэгж байж асуудал өрнөнө шүү.
5.Булганд МАН-аас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нэр дэвших гээд бэлтгэлээ базааж байна, Мөнх-Очир жийгдэж байна гэх юм?
-Тийм ч юм байхгүй ээ. Булганаа гэсэн сэтгэлтэй ямар ч хүн арга хэмжээ зохион байгуулаад тусламж дэмжлэг үзүүлээд явж болно шүү дээ. Булганд юм хийж байвал надад сайн. Яагаад гэвэл би Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Энэ нутгийн зөвлөл дөрвөн дэд даргатай. Боловсрол хариуцсан дэд дарга нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.
Нутгийн зөвлөлийн даалгавраар нутагтаа цэцэрлэг, сургуулийн нээлтэд оролцоод тууз хайчлахаар нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна гэж байхгүй юу даа. Би л нэр дэвшинэ. Өөр хэн дэвших гээд байгаа юм.
6. Таныг олон ч удаа хэвлэлд Туркд сургуулиа төгсөөгүй хөөгдөж ирсэн гэж бичлээ. Энэ үнэн юм уу?
-Миний төгсөөгүйг бүгд мэдэж байгаа. Би Туркт сургууль төгсөөгүй. Тэнд сурч байгаад тавдугаар курст орох жил дээ. Сэргэн мандалтын гэдэг Улаанбаатарын хөрөнгө оруулалтын газрын дарга Төмөр чулуун гээд нэг нөхөр байна аа даа, тэр намайг уран панаалдаад хоёулаа Монголд очиж арьс ширний аймаар үйлдвэр байгуулъя дараа нь чи ирээд сургуулиа төгсөөрэй, би чиний зардлын мөнгийг төлнө гээд намайг аваад ирсэн юм.
Тэгээд хоёр жил бизнес хийгээд пижигнүүлж байтал авгай аваад, хүүхэдтэй болоод юун буцаж сургууль явах. Тэгээд л төгсч чадаагүй, түүнээс хөөгдөөгүй юм шүү.
7. Та ихэр хүүхэдтэй болсон юм уу. Яагаад гэр бүлийнхээ талаар нууцалдаг юм бэ?
-Миний гэр бүлийн талаар хүмүүс мэдээд яах юм. Ихэр хүүхэдтэй болсон нь үнэн.
8. Таныг болохгүй бол нударгаар асуудлыг шийдэх гээд байдгаа больж томоожиж буурь сууж байгаа гэж бичсэн байна лээ.Та дүүргийн засаг дарга байхдаа ажил хийхгүй нөхдүүдийг шаанддаг байсан юм уу?
-Ажил хий гээд явуулж байхад хийхгүй, халъя гэхээр заргалдаад халуулахгүй тийм нөхдүүд зовлонтой ш дээ. Тэгэхээр бухимдана биз дээ. Иргэд, улс орондоо хэрэгтэй зүйл хийхийн төлөө залхуу нөхдүүдийн хамрыг нээсэн ч яадаг юм.Гүйцэтгэх албанд ухамсарын шанаагүй бол ажил явдаггүй юм шиг байна лээ. Би хүнийг шаандаж байгаагүй л дээ. Гэхдээ захиргаадалт хэрэгтэй. Нэг даргын нэрээр ажилд орчихоод өглөө ажилдаа цагтаа ирэхгүй. 10 цаг өнгөрөөж ирчихээд өдөр цайндаа орлоо гээд алга болчино.
Тэгж алга болчихоод гурван цагт орж ирнэ.
Тэгээд таван цаг өнгөрөөд гараад явчихна. Иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байх төрийн албанд ийм алхагар, даргын хүн гэж дархлагдсан хүмүүс олшрохоор ажил явдаггүй. Тэгээд хатуухан шаардаад шахахаар элдвээр хэвлэлээр бичүүлээд дүүргийнхнийг загналаа, зандчлаа, нударгаар шийдэж байна гээд худлаа яриа гаргадаг байхгүй юу даа. Мөн ч их захиалгаар бичүүлсэн хүн дээ би. Ажлаа хийхгүй бол яв гэсэн шаардлага тавьдаг байсан. Ингэж шаардлага тавьж ажиллаж байсны хүчинд Баянзүрх дүүргийн төрийн албыг нэлээд чадваржуулсан гэж боддог. Одоо намайг яагаад томоожив гэж бичээд байна гэхээр би гарын үсэг зурдаг алба хийхгүй байгаа учир тэр. Хэрэв намайг сайдад нэр дэвшсэн бол хүүхэн 24 цаг хүчинддэг гээд бичнэ шүү дээ. Муулах юм олдохгүй болохоор тийм хөгийн юмаар хөөцөлддөг байхгүй юу даа.
9.УИХ-ын чуулганы хуралдаан их тасалдаг гишүүдийн тоонд таны нэр орсон байна. Яагаад хурлаа таслаад байдаг юм бэ?
-Тасалдаг биш ээ. 5, 10 минут хоцроод орохоор л картыг нь сугалаад хаячихдаг. Тэгээд байхгүй байсан гээд биччихнэ. Ороод картаа хийхээр хоцорчихсон гээд бүртгэнэ. УИХ-ын гишүүн боллоо гээд өглөөний 9 цагаас оройн 6 цаг хүртэл танхимд сууж байх шаардлагагүй. Ажлын хэсэгт орж хуралдана. Иргэд уулзах хүсэлт тавихаар уулзана.
10.Та ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хуурай дүү нь юм уу?
-/Инээв/. Би Энхбаяр даргыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Гадаад, дотоодгүй хамт яваад үй зайгүй найз нөхөд, хуурай ах дүүс ч биш. УИХ-ын гишүүн болсны дараа даа. БНСУ-ын парламентын Солонгос-Монголын бүлгийн дарга нь урилга ирүүлэхэд Д.Дэмбэрэл “Монгол –Солонгосын бүлгийн даргын хувьд намайг яв” гээд томилолт өгсөн. Тэр үед бас Н.Энхбаяр дарга явж таараад нам, энэ тэр гээд яриа хөөрөө өрнүүлсэн. Би чинь нээлттэй хүн шүү дээ. Надаас ах хүн байвал ахаа л гэдэг. Тэрүүгээр Энхбаяр ах аа гээд хууч хөөрснийг харсан сэтгүүлч давслаад Мөнх-Очир Энхбаярын хуурай дүү, ах аа гэж саймширлаа энэ тэр гээд бичсэн л байна лээ.
Нийтлэлч
Ц.Баяр
Эх сурвалж
www.times.mn

No comments:

Post a Comment