Монгол Улс гадаад оронтой ямар журмаар харилцах чиг хандлагыг тодорхойлсон бодлогын баримт бичиг парламентын хэлэлцүүлэгт ороход бэлэн болжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Гадаад бодлогын үзэл баримтлалын тухай хуулийн төслийг саяхан өргөн мэдүүлжээ. Уг төслийн талаар түүнтэй ярилцлаа.
-Гадаад бодлогын үзэл баримтлалыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлж шинэчлэн боловсруулжээ. Энэ баримт бичгийг гадаад бодлогоо зохицуулах үндсэн хууль ч гэдэг. Ямар учраас уг хуульд шинэчлэл хийхээр болсон юм бэ?
-Хүчин төгөлдөр мөрдөж буй үзэл баримтлалаа тодотгох зайлшгүй шаардлагатай болсон юм. Гадаад дотоод олон шинэ зүйл бий болоод байгаатай холбоотой гэсэн үг. 1994 оноос хойш олон улсын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарлаа. Даяаршил гүнзгийрч, хөгжлийн төвүүд шинээр тодорч, техник технологи, эдийн засгийн өсөлт хөгжлийн эрчим, уур амьсгал ч өөрчлөгдлөө. Байгаль орчны доройтол, олон улсын терроризм, хүний наймаа, хар тамхи зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг, гоц халдварт өвчний тархалт гээд шинэ шинэ сорилт тулгарч байна.Гадаад улс орнуудын гадаад бодлогын үзэл баримтлалд ч өөрчлөлт гарч байна. Харин дотоод хүчин зүйлийн хувьд олон чухал асуудал бий. Өнөөдөр гадаадын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн тоо улам л өссөөр байгаа. Энэ асуудал анхаарлын гадна байх учиргүй. Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газраа ашиглах, дэд бүтцийн сүлжээгээ өргөтгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажил эхлэж байна. Цаашид илүү өндөр хурдтай хөгжих, хөгжил дэвшлийн шинэ үе шатанд тулж ирээд байна. Эдийн засгийн нөлөөний хамаарлыг тэнцвэржүүлэх шаардлага ч гарч байна. Тиймээс Монгол Улсын үндэсний эрх ашгийг дээдэлсэн гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах явдал ихээхэн чухал. Үнэнийг хэлэхэд, зарим тохиолдолд нэг хаалгаар бус их олон цонх, хаалгаар орж гарах боллоо. Ултай сайн бодож боловсруулаагүй, төрийн бодлоготой нийцэхгүй яриа хөөрөө явуулах, гуйлга гуйх, байнд ч үгүй, банзанд ч үгүй хэлцэл тохироо хийх явдал гарч байгаа нь манай улсын эрх ашигт нийцэхгүй байна. Хоёр талын харилцаанд ч бэрхшээл учруулж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Дээрх бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, төсөл боловсруулсан юм. Уг баримт бичиг нь манай улсын гадаад харилцааны олон жилийн чиг хандлагыг тодорхойлох учиртай.
-Үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, иргэдийн ухамсартай оролцоог чухалчлах ёстой гэж хэлж байсан санагдана. Энэ талаар төсөлд хэр тусгасан бэ?
-Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангахад гадаад харилцааны хүчин зүйл маш чухал үүрэгтэй. Аливаа улс үндэстэн өөрийн эрхийг хамгаалж, бусдын эрхийг хүндэтгэж, ухаалаг нэгдмэл байх нь юу юунаас чухал. Бусдыг хүндэлж байж л бусдаар хүндлүүлдэг шүү дээ. Найрсаг харилцаатай орнуудын иргэдтэй ардын дипломат буюу иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь нэгэн чухал зорилт. Иймд улс хоорондын олон нийтийн дипломат харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хэвлэлийн үнэн бодитой мэдээлэл нь иргэд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх төдийгүй төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ид шидтэй юм шиг эерэг нөлөө үзүүлдэг. Харин үндэслэл муутай дэгс мэдээ, мэдээлэл иргэд хоорондын харилцааг муутгах төдийгүй итгэлцэл, найрсаг харилцааг бусниулах хор хөнөөлтэй. Зарим тохиолдолд хэлээгүй үгийг минь интернэтээр ч юм уу хэвлэлээр ярилцлага болгон гаргасан байхыг үзээд гайхахаас илүү гадаад, дотоод түншүүд маань юу гэж ойлгох бол гэж сэтгэл зовниход хүргэдэг гэж зарим хүн надад хэлж байсан.-Улиран одсон жилд Гадаад харилцааны яам үүрэгт ажлаа маш сайн биелүүлсэн гэж олон нийтэд үнэлэгдсэн. Учир нь, голлох түнш орнуудтай тогтоосон харилцаандаа өөрчлөлт, дэвшил гаргасан гэж?
-Өнгөрсөн жил манай улсын гол түнш орнууд болох ОХУ, БНХАУ, Япон, Европын холбооны улсууд болон найрсаг харилцаатай бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа бататган, төвшинг нь шинэ шатанд гаргасан харилцан айлчлал хийсэн. Түнш, хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх чиглэлд зарим ахиц гарсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр судалгааны хамтарсан баг байгуулан ажиллаж байна.-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
-Сайн эхлэл нь ажлын хагас гэж ярьдаг. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 5421.8 сая ам.доллар байна. Энэ нь, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн мөн үеийнхээс 51 хувиар өссөн дүн. Дүгнэж хэлбэл, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах бодит сонирхол эрс нэмэгдсэн жил боллоо. Үүнд бизнес форумууд ч сайн нөлөө үзүүлсэн шүү. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах зорилгоор 33 удаа бизнес форум зохион байгууллаа. Шанхай хотноо болсон “ЭКСПО 2010”-т амжилттай оролцлоо. Ураны салбарт хамтран ажиллах хэд хэдэн санамж бичиг, гэрээ байгуулсан гээд эдийн засагжуулах чиглэлээр хийсэн олон ажлыг уншигчид санаж байгаа байх.-Сүүлийн үед Европ стандарт гэж ярих боллоо. Энэ талаар?
-Европын бүхий л салбарт мөрдөж буй хэм хэмжээг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах гэж ойлгож болно. Шинээр дугуй зохиоё гэвэл цаг хугацаа их алдана шүү дээ. Тиймээс шинээр зохиохгүйгээр бэлэн дугуйг нь ашиглаад урагшаа явъя гэсэн санаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ХБНГУ-д айлчлах үеэрээ энэ талаар яриа хэлэлцээ хийсэн. Европын холбоо энэ ажилд зориулж урьдчилсан байдлаар найман сая еврогийн дэмжлэг үзүүлээд байна. Тус холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг арванхоёрдугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо үзэглэсэн. Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, Европын холбооны хоорондын харилцааг шинэ шатанд гаргах бөгөөд Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох европ стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх юм.-Гадаад харилцааг эрдэмжүүлэх ажлын хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?
-Монгол Улсын гадаад чиг бодлого, алхам, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлан үнэлэлт дүгнэлт хийх, банжиж цэгнэх, үйл ажиллагааны зөв хувилбарыг сонгох, нарийн төлөвлөж хэрэгжүүлэх утгаар эрдэмжүүлэх гэж ярьж байгаа юм. Энэ үүднээс ГХЯ-ны дэргэд Сургалт судалгааны төв байгууллаа. ШУА болон эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Эхлэл төдий байгаа ч цаашдаа улам эрчимжих байх гэж найдаж байна.-НҮБ болон бусад олон улсын байгууллагатай харилцаж буй байдал ямар төвшинд байна вэ?
-Олон улсын байгууллагуудад байр сууриа баттай бэхжүүлж байгаа. Тухайлбал, Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хорооны даргаар сонгогдлоо. Олон улсын тавцанд манай улсыг ардчиллын замаар амжилттай хөгжиж байна гэж үздэг. Үүнийг нотолсон хоёр үйл явдал болсон. Манай улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Стокголм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн болов. 150 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо. Монгол Улс олон улсын энх тайвныг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг боллоо. Олон улсын энхийг сахиулах хэд хэдэн үйл ажиллагаанд манай улсын 800 гаруй хүнтэй баг ажиллаж байгаа.Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн шавыг Улаанбаатарт хотноо тавилаа. Энэ төвийг олон улсын Засгийн газрын байгууллага болгох хэлэлцээрийг тохиролцон бэлэн болгоод байна.
-Гадаадад суугаа дипломатчдын талаар таагүй мэдээлэл үе үе цацагддаг. Түүнчлэн цус ойртсон, сонгон шалгаруулалт муу зэрэг шүүмжлэл дагалдаж байдаг?
-Аливаа асуудал нэгд, зөв сэтгэлтэй, хоёрт, хичээл зүтгэлтэй, гуравт, чадварлаг хүнээс хамаардаг гэж бид үздэг. Ингэж бэлтгэгдсэн ахмад, туршлагатай дипломатчид маань гол ажлыг нугалж байгаа нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж батлуулсан. Энэхүү дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага дээшилж, цаашид дипломат алба удирдлага, зохион байгуулалтын хувьд төдийгүй дипломат ажилтны ажлын хариуцлага ч улам дээшилнэ гэж үзэж байна. 2011 он их ойн төдийгүй сахилга, хариуцлагын жил байх болно. “Гадаад харилцааны яамны хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл”-ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэхүү үндсэн чиглэлийг баталснаар дипломат албыг мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр тасралтгүй бэхжүүлэх, сонгон шалгаруулах, давтан сургах, албан тушаал дэвшүүлэх, цол олгох, урамшуулах, мэргэжлийн албыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.-Япон улсын иргэд манайд визгүй зорчиж эхэлсэн болохоор жуулчдын тоо хоёр дахин нэмэгджээ. Жуулчид олноор ирэх тусам Монгол Улсад орох орлого нэмэгдэх нь гар-цаагүй. Бусад оронтой ийм чиглэлийн яриа хэлцэл хийж байгаа юу?
-Польш, Герман, Латви зэрэг хэд хэдэн оронтой энэ талаар хэлэлцээ эхлээд байна. Наана нь шийдвэрлэвэл зохих асуудал цөөнгүй. Европын холбооны иргэдийг Японтой адил визгүй болгох санал гарсан. Хэтдээ энэ асуудал шийдэгдвэл Европоос орж ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр улс орны хөгжилд нэмэр болох учиртай. Гэхдээ долоо хэмжиж, нэг огтол гэсэн үг бий. Энэ талаар нэлээд ултай судалж байж шийдвэр гаргах ёстой.Иргэдийг гадаад зорчих асуудлыг хөнгөвчлөх үүднээс зарим улстай хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэх шатандаа байна. Саяхан гэхэд л БНСУ-ын зүгээс виз олгох нөхцөлөө хөнгөвчилсөн нь ажил хэрэг урагшилж буйн илрэл. Ер нь нэгэнт визний асуудал ярьсных Монгол хүн АНУ, Канадын өндөр хөгжилтэй орнуудын иргэд шиг аль ч улсын визийг чөлөөтэй авдаг, чөлөөтэй зорчдог болох өдөр тийм ч их хол биш гэж боддог. Монгол хүн гадаадад гарч “харлах” гэж зүтгэх бус, эх орондоо ажилладаг, гадаадаас шинэ техник технологи, шинэ ноу-хау оруулж ирэх, амарч зугаалахын тулд зорчдог болох цаг ирнэ. Уул уурхайн томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэллээ. Эдийн засгийн өсөлт ирэх жилээс эрс нэмэгдэх төлөвтэй. Монгол түмний ирээдүй гэрэлтэй байна.
-Гадаад дахь монголчуудын эрх ашиг зөрчигдөх явдал цөөнгүй гардаг. Энэ талаар ямар ажил хийв, цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Дипломат төлөөлөгчдийн газруудад манай иргэдээс 12 мянга гаруй санал, хүсэлт өнгөрсөн жил ирсэн. Шийдвэрлэлт нь 96 хувьтай. Энэ бол сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Дипломат төлөөлөгчдийн газрууд боломжийн хэрээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байна гэсэн үг. Гэхдээ хүн хүч, санхүүгийн нөөц бололцоо, чадавхиас хамаараад тэр болгонд хүрч ажиллах боломж хязгаарлагдмал хэвээрээ байна.Ер нь, иргэдийн буруугаас болж гэмт хэрэг гарах нь цөөрөхгүй байна. Гэхдээ хувь хүний буруу гээд орхичихдоггүй. “Гадаадад буй иргэдийг дэмжих сан” гэж бий. Энэ сан өнгөрсөн онд 42 тохиолдолд 154 сая төгрөг зарцуулжээ. Ихэвчлэн чандарлах, шарилыг нь авчрах, ар гэрийнхнийг нь аваачих гэх мэт зүйлд энэ мөнгийг зарцуулсан юм.
-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг шийдэгдэхгүй удаж байна. Одоо ямар шатандаа явна вэ?
-Бид иргэнийхээ эрхийн төлөө бид ажилласаар байгаа, ажиллах ч болно. Хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх иргэний нэхэмжлэл гарсан. Үүний дагуу Малайзын шүүхийн шийдвэр 2010 оны гуравдугаар сарын 30-ны өдөр гарсан. Шийдвэрт заасан тэмдэгтийн хураамжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах тухай шийдвэр гаргуулаад байна. Бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Малайзад манай төлөөлөгч цөөнгүй удаа очиж ажилласан.-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудал яаж үүссэн юм бэ. Зарим нь их зөв ажил байсан, зарим нь хууль бус ажиллагаа гэж маргах. Энэ талаар Таны байр суурь?
-Шуудхан хэлэхэд, тухайн үед ямар ажиллагааг ямар зорилготой явуулсан, тэр нь хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг нь манай яамны хариу өгөх асуудал биш. Лондонд энэ асуудал үүсэхэд тэр даруй нь мэдээлэл авч, холбогдох хүмүүст мэдэгдсэн, өмгөөлөгч авах зэрэг шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тухайгаа л мэдэгдэж байсан. Өөр мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал гэж бодож байна. Өнөөдөр Гадаад харилцааны яамны хариуцах чиг үүргийн хүрээнд Монгол Улсын иргэн, төрийн өндөр, дээд албан тушаалтны эрхийг хамгаалах, эх орондоо авчрах асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. 2011 оны нэгдүгээр сарын 5-нд Лондонд болсон шүүх хурлаар Хурцын асуудлыг хэлэлцээд ирэх сарын гурван хүртэл хойшлуулсан байгаа.-Ирэх жил Дипломат албаны 100 жилийн ой болно. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Монгол Улсын шинэ цагийн дипломат алба үүсч бий болсны 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулсан байгаа. Ойн үеэр гадаад харилцааны 100 жилийн түүх, Гадаад харилцааны яамны 100 жилийн түүх, Гадаад харилцааны албаны зүтгэлтнүүдийн намтрын эмхтгэл, гэрэл зургийн цомог, баримтат кино, Монголч эрдэмтдийн их хурал зэрэг олон нэр хүндтэй ажил зохион байгуулна. Монголыг гадаадад сурталчлах Mongolia.mn сайтыг ашиглалтад оруулна. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван Ханддоржийн өргөөг ГХЯ-нд шилжүүлэн өгсөн. Энэхүү өргөө-цогцолборыг Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгохоор ажлын хэсэг гарган ажиллуулж байна.Мэдээж, Гадаад бодлогын үзэл баримтлалыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлэх, гадаад бодлогодоо хөрш, гурав дахь хөрш болон манайхыг дэмжигч бусад улс гүрэн, олон улсын байгууллагатай харилцаагаа цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх зэрэг зорилт хэвээр байгаа.
-2010 оны онцлох хүнээр шалгарч “Алтан сарнай” шагнал авсан. Таныг уугуул нэрээ сэргээх зэрэг МАХН-ын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд залуучуудыг манлайлж чухал үүрэг гүйцэтгэсэн, Социнтернийн гишүүнээр шинэчлэн бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан гэж намын дарга Сү.Батболд шагнал гардуулахдаа хэлж байсан. Намын шинэчлэл болон түүний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдалд ямар дүгнэлт хийж байна вэ. Танай нам хагарч хоёр хуваагдаж байгаа юм биш үү?
-Уучлаарай, Та надад цаасан малгай өмсгөж, зөөлөн боодолтой чулуугаар түншиж байх шиг санагдлаа. Шинэчлэл бол манай намын удирдлага, эрдэмтэд судлаачид, гурван үеийн гишүүд, дэмжигчдийн хамтын бүтээл. Бүтээлийн үр дүн нь ард түмний амьдралд л тусах учиртай. Улс орныг хөгжил дэвшилд хөтлөх улс төрийн тэргүүлэх хүч нь МАН байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Их мөрөн рүү хэчнээн том чулуу шидсэн ч тэрүүхэндээ долгион үүсгэхээс биш, урсгалыг өөрчилдөггүй гэдэг. Олон хүний бодож тунгаасан их ажил, хөгжлийн аяны урсгал цаг зуурын салхинд өөрчлөгдөхгүй биз дээ.Э.Мөнгөнбаяр
2011 оны 1-р сарын 10, Даваа гариг
Ардчилал сонин
No comments:
Post a Comment